Categories
мэдээ нийгэм

“Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэн, зөвөлгөөн боллоо

Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн хүн амын тогтвортой хөгжилд сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягыг өөрчилж байгальд илүү ээлтэй “Ногоон” хэв загварт шилжиж байна. Тиймээс Монгол эрдэмтдийн судалгаа, туршилтын үр дүнд бий болсон инноваци, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэх, энэ чиглэлээр ажиллаж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжих шаардлагатай байгаа. Иймээс Монгол орны нөхцөлд тохирсон байгальд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа шийдлийг нэвтрүүлэх, олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэхэд бизнесс эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, шинийг санаачлагчид, гарааны бизнесс эрхлэгчдийг хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллага оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэн, зөвөлгөөнийг зохион байгууллаа.

Үзэсгэлэн, зөвөлгөөнийг БОАЖЯ, МҮХАҮТ-аас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн 6 дахь арга хэмжээг Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэнд 60 гаруй аж ахуй нэгж байгууллага техник, технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.


“ИКОН” ХХК-ийн төслийн инженер М.Энхжин
-Манай ИКОН компани нь 2002 оноос Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Ерөнхийдөө дулааны тоолууран дээр голлож үйл ажиллагаа явуулдаг. Бид Европ стандартын шинэ тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэн ажиллаж байгаа. Ингэснээр айл өрх хэрэглээгээ задгайгаар биш хэрэглээн дээрээ суурилан төлбөрөө төлөх боломжтой болох юм.
“Дархан Сэлэнгийн ЦТС” ХК-ийн Мэдээлэл технологи, автоматикийн албаны парга О.Сэр-Од
– “Дархан Сэлэнгийн ЦТС” ХК нь 2012 оноос цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага арилжааны автоматжуулалтын системийг нэвтрүүлж эхэлсэн. Энэ үзэсгэлэнгийн хүрээнд бид ухаалаг тоолуурын системээ танилцуулж байна. Энэхүү тоолуурыг нэвтрүүлснээр алдагдал буурч байгаа. Ингэснээр 14 тонн хүлэмжийн хийг хэмнэх боломжтой учраас ухаалаг тоолуурын системээ танилцуулж оролцож байгаа юм.


Мөн өнгөрсөн жилүүдийн үзэсгэлэнгийн үед дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэх зорилгоор БОАЖЯ-ы зүгээс анхаарч, байгаль орчинд ээлтэй 41 төрлийн тоног төхөөрөмжийг Аж ахуй нэгжийн орлогын албан татвараас чөлөөлсөн нь ногоон технологийг дэмжиж татварын орчинг бүрдүүлсэн шинэлэг ажил болсон. Уг тогтоолын дагуу 2017 оны жилийн эцсийн байдлаар 15 аж ахуй нэгж 33 тэрбум төгрөгийн орлогод ногдох хөнгөлөлтийг эдэлсэн нь аж ахуй нэгжүүдэд бодит дэмжлэг туслалцаа болж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Момо төслийн судалгааны үр дүн, инноваци, ноу-хауг нутагшуулахаар санал солилцов

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яамны нөөц, тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга Кристиан Алеке тэргүүтэй албаны хүмүүсийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, салбарын сайд ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яамны Нөөц, тогтвортой хөгжлийн хэлтэс, Зүүн европ, Орос, төв Азийн хамтын ажиллагааны хэлтэс, Усны нөөцийн нэгдсэн менежмент МоМо төслийн хамт олонтой хамтран ажиллаж, харилцан санал солилцож буйдаа баяртай байгаа илэрхийлэв. Улмаар Монгол-Герман улсын хооронд боловсрол, шинжлэх ухааны олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюуны хөрөнгө оруулалтыг бий болгох, шинжлэх ухаан, бизнесийн салбарт харилцан байр сууриа хадгалах, олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх, усны нөөц, уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэх, инженер бэлтгэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мөн илэрхийллээ.

Харин ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яамны нөөц, тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга Кристиан Алеке “Монгол Улсад усны нөөцийн менежментийн чиглэлээр цаашид хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрийг тодорхойлох, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, МоМо төслийн судалгааны үр дүнг нутагшуулахаар шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд БСШУСЯ-тай хамтран ажиллаж, энэ талаар санал солилцож байгаадаа баяртай байна” гэв.

Улмаар Германы талын төлөөлөгчид 2006 оноос Монголд хэрэгжүүлж буй төслийнхөө талаар товч танилцуулав. ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яамны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Монгол-Германы хамтарсан “Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент: Загвар бүс нутаг Монгол (УННМ-MoMo)” эрдэм шинжилгээ, судалгааны төсөл нь Төв Азийн хэмжээнд усны өнөөгийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, бүс нутгийн усны нөөцийг хамгаалах, нэгдсэн-тогтвортой менежментийг боловсруулах чиглэлд ажилласан байна. Төслийн үр дүнд олон талт судалгаа, сорилт туршилтын үр дүнг гараад байгаа аж. Цаашид Монгол Улсын усны салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, менежментийг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой байгааг төлөөлөгчид уулзалтын үеэр хөндсөн юм.

Түүнчлэн хоёр орны шинжлэх ухааны технологи инноваци, усны салбарын хөгжлийн цаашдын чиг хандлага, хоёр байгууллагын хамтын ажиллагаа, цаашид өөр олон чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар талууд харилцан санал солилцов. Мөн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, боловсон хүчний чадавхийг хөгжүүлэх, усны нөөцийн нэгдсэн менежмент МоМо төслийн судалгааны үр дүн, инноваци, ноу-хауг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Алтан хальс” индепендент кино наадам болно

Монголд арт киног таниулах, монгол болон гадаадын уран бүтээлчдийн сэтгэлгээ, шинэлэг тал, авьяасыг нээн харуулж, кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давалгааг бий болгох зорилготойгоор “Алтан хальс” холбооноос зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа “Алтан хальс” индепендент кино наадам (AltanKhalis Independent Film Festival – AKIFF) болох гэж байна. Энэ удаагийн AKIFF кино наадам Хүүрнэлт кино, Хүүхэлдэйн кино, Баримтат кино, Эксперименталь кино гэсэн төрлөөр зохиогдох юм.

Энэ жил гадаадын 55 орны 487, Монголын 27 бүтээл ирсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад хамаагүй өндөр тоо юм. Өнгөрсөн жил 52 орны 268 бүтээл ирж, уралдаант хэсэгт 25 бүтээл хэн нь шилдэг болохоо мэдэхээр өрсөлдөж байсан билээ. Энэ жил уралдаант хэсэгт өрсөлдөхөөр шалгарсан 31 бүтээл тодорсон бөгөөд эндээс 17 нь монгол кино байгаа юм.

Кино наадам ирэх зургаадугаар сарын 2-8-ны хооронд “iCinema” кино театрт зохиогдох бөгөөд кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах ёслол болох бөгөөд “AltanKhalis Award” цом, мөнгөн шагнал олгох юм. Энэ шагналыг Монгол болон гадаадын ямар ч кино хүртэх боломжтой. Мөн дараахь шагналыг олгоно.

Шилдэг монгол хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг монгол хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг монгол баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг монгол эскпериментал кино (өргөмжлөл, шагнал)

Шилдэг гадаад хүүрнэлт кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг гадаад хүүхэлдэйн кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг гадаад баримтат кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Шилдэг гадаад эскпериментал кино (өргөмжлөл, мөнгөн шагнал)

Энэ жилийн “Алтан хальс” индепендент кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн доктор (PhD) Д.Цэнгэл, Бусаны олон улсын кино наадмын ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү, Брисбэний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, “Алтан хальс” холбооны тэргүүн, найруулагч С.Бямба, Кэмбрижийн олон улсын оюутны Уотерспрайт кино наадмын продюсер, IEFTA холбооны “Global Film Expression” кино хөтөлбөрийн захирал Бернадетт Шрамм нар багтжээ.

“Алтан хальс" индепендент кино наадам болно

“Алтан хальс" индепендент кино наадам болно

“Алтан хальс" индепендент кино наадам болно

“Алтан хальс" индепендент кино наадам болно

Categories
мэдээ нийгэм

Цагдаатай холбоотой санал гомдлыг хүлээн авна

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалт зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд хөдөө орон нутгийн цагдаагийн газар хэлтсүүдэд ажиллаж байна.

Энэ үйл ажиллагааны гол зорилго нь цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагч, ажилтнуудын тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангасан байдал, үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, ажлын ур чадварын түвшинг тогтоох, сургалт зохион байгуулах юм.

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий, Ховд, Увс аймаг дахь цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажаваар ахлуулсан ажлын хэсэг Дундговь, Дорноговь, Төв, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар хэлтэст ажиллах юм.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймаг дахь цагдаагийн газар, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Булган, Дархан –Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын бүрэлдэхүүн хөдөө орон нутагт ажиллах үеэрээ орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх санаа бодлыг сонсон, үйл ажиллагаандаа тусгах тул иргэд та бүхэн өргөнөөр оролцож, санал хүсэлтээ өгч болох аж.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг ирэх сарын 15-ныг хүртэл ажиллаж, үр дүнг тооцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг байна. Их Дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Мөн энэ өдрийг НҮБ-аас “Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг байна.

Бурханы шашинт Азийн бүх улс орнууд болон Европын холбооны зарим улс орнууд, Австрали тивд “Будда Весак”, “Сакадава”, “Будда Пурнима” гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ.

Монгол оронд бурхны шашин гурван удаа дэлгэрсэн. Монголын түүх соёл, уламжлал, хэл, заншилтай нягт холбоотой энэ баярыг бид ч мөн тэмдэглэх нь зүйн хэрэг билээ.

Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж.

“Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор ерөнхий зохион байгуулагчаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд болон нийгмийн сайн сайхны төлөө Бурханы шашны сургаал номлол, ёс суртахуун, зөв амьдрах ухааныг олон нийтэд таниулах чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран зохион байгуулж байна.


Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Гурван улсын гадаад хэргийн дэд сайдын уулзалт болов

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн дэд сайдын түвшний ээлжит уулзалт 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв.

Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулав, БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Жан Ханьхуй нар төлөөлөгчдөө ахлан оролцов. Энэ удаагийн уулзалтад гурван улсын ГХЯ болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.
Уулзалтаар энэ оны 6 дугаар сард БНХАУ-ын Циндао хотноо болох ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр зохион байгуулахаар төлөвлөж буй гурван улсын Төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалтын бэлтгэлийг хангах болон Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Байнгын хороо хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэх тогтоолыг хэлэлцэнэ

УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Төсвийн байнгын хороо 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Харин Төрийн байгуулалтын байнгын хороо 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хоёр Тогтоолын хасвралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Categories
мэдээ улс-төр

“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн талаар ХБНГУ-ын парламентын төлөөлөгчидтэй санал солилцов

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва ХБНГУ-ын Парламент дахь Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит зургадугаар хуралдааны хүрээнд яригдах зарим асуудал болон Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг бэхжүүлэх, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар талууд санал солилцов. Тухайлбал, монгол хүний хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай ажиллах хүчин бэлтгэх зорилготой “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд монгол залуусыг Герман болон өндөр хөгжилтэй бусад улсуудад дадлага хийлгэх, мэргэжил дээшлүүлэх зорилготой байгаа талаараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулав.
Ноён Оливер Виттке найрсаг дотноор угтан авч буй УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд асар том хоёр хөршийн дунд байгаа танай улсад хөгжих боломж ихээхэн байна. Бид тэрхүү боломж, бололцоог бүтээмж болгон ашиглаж чадах мэдлэг, чадвартай монгол залуусыг сурган бэлтгэхэд анхаарч дэмжье гэв.
Уулзалтад УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан, Б.Ундармаа болон албаны бусад хүмүүс байлцав.
Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 29-нд болох үйл явдал

04.00 цагт Гандантэгчлэн хийдийн Жанрайсэгийн талбайд Бурхан багшийн Их дүйчэн өдрийн баярын өдөрлөг эхэлнэ.

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь” төслийн үр дүнгийн семинар болно.

10.00 цагт “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан ГХЯ-нд болно.

10.00 цагт Спортын төв ордонд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам”-ын нээлт болно.

10.00 цагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Хавдар судлалын үндэсний төвд ажиллана.

10.00 цагт Эрдмийн ордонд “XXI зууны шинэ даяаршил ба Хөгжил” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт ХНХЯ-нд Монголоос Япон улсад дадлагажигч илгээх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт АТГ-т тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ШЕЗ-д Шүүгчийн сонгон шалгаруулалтыг шинэчилсэн журмын дагуу явуулж эхэлсэн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд гавьяат эмч Л.Жамбалжав Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах мэс заслын үеэр хүний амь хохирсон талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Монголын Үндэсний музейд “Вагиндра” нийгэмлэгээс нийтэд танилцуулж буй “Түвд, Монгол, Оросын найрамдалт харилцааны нэрт зүтгэлтэн Ценшав Хамбо Ринбүүчи Агваан Доржиев” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хан-уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана. Утас:99179899 86885060

15.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МУИС-ийн Оюутны холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д Нийгмийн солиорол галзуурлын шатандаа орж байна“ хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ымягмаргарагийн дугаар 16нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс“Нийгмийн солиорол галзуурлын шатандаа орж байна“хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Төмөр замын зөвлөх инженер Л.Пүрэвбаатар: Таван толгойн төмөр зам дээр Засгийн газар тээвэр логистикийн стратегийг гүйцэт харж чадахгүй байна хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.

“Нийгэм” нүүрт Монголын Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч, өмгөөлөгчД.Батсүх: Хоёр Ерөнхий сайдыг хорьсон асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн ярьсан байна.

УИХ-ын гишүүнЖ.Ганбаатар: Бичил бизнес эрхлэгчдэд 500 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломж бүрдэнэ хэмээн “Улст төр” нүүрт өгүүлжээ.

Хүүхдийн баярыг дэлхийн улс орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ? хэмээн “Танин мэдэхүй” нүүрт өгүүлсэн байна.

Улсын хоёрдугаар эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч Ц.Ганзориг: С.Баярын эрүүл мэндийн талаар ирэх пүрэв гаригт албан ёсны мэдээлэл өгнө хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Өдрийн сонин”-ы “Гоёл,Соёл” нүүрт “Эрчүүд өнгөлөг, өвөрмөц хувцсаар гангарна” хэмээснийг тольдоорой.

Хулгай нь зан үйлийн шалтгаант донтолт хэмээн “Нийгэм” нүүрт өгүүлжээ.

Д.Бат-Өлзий: Манай орны дээгүүр өнгөрч буй үүлний усархаг чанар бага, шилжилтийн хурд их байна хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлсэн байна.

“Эмч”нүүрт Монгол Улсын хүний гавьяат эмч“П.Батчулуун: Манай алба эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зангидаж зохицуулах үүрэгтэй”хэмээн ярьсан байна.

Сингапурын уулзалт гурван талт болох уу? хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараа суншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ