Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын засгийн газар Камбожийн Вант улсын засгийн газартай агаарын харилцааны хэлэлцээрийг баталлаа

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Камбожийн Вант Улсын Засгийн газар хооронд байгуулах Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг баталлаа.

Хэлэлцээрийн төслийг хоёр тал 2015 оны 10 дугаар сард Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын 2015 оны Агаарын харилцааны хэлэлцээний олон улсын хурал /ICAN/-ын үеэр солилцож, улмаар Иргэний нисэхийн ерөнхий газар, Камбожийн Вант Улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагын төлөөлөгчидтэй 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд уулзалт, хэлэлцээ хийж, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн бичвэрийг тохирон үзэглэж, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Үүний дагуу Индонез Улсын Бали хотноо зохион байгуулсан АСЕМ-ын Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат болон Камбожийн Вант Улсын Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Мао Хаваннал нар 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”- т гарын үсэг зурсан.

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Камбожийн Вант Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр нь Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцид нийцүүлэн, хоёр орны нутаг дэвсгэрийн хооронд болон хилийн чанадад агаарын харилцаа тогтоох зохицуулалтыг тохирсон, олон улсын нийтлэг жишгээр байгуулсан, хоёр талын харилцааг зохицуулсан хэлэлцээр юм.

Энэхүү хэлэлцээрт тал бүрээс томилогдсон агаарын тээврийн байгууллагуудын томилгоо, үйл ажиллагаа эрхлэх эрх, зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, тээвэрлэлтийн багтаамж, тариф, гаалийн татвар, бусад хураамж,ашиглагчдад ногдуулах хураамж, шууд дамжих нислэгийн зохицуулалт, валют шилжүүлэх, орлого гуйвуулах зэрэг зохицуулалтыг тусгасан. Мөн нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналт, зохицуулалт, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, нисэхийн мэргэжлийн ажилтнуудын үнэмлэх, гэрчилгээг харилцан зөвшөөрөх, статистик мэдээллээр хангах, агаарын хөлгийн түрээс зэрэг агаарын тээвэрлэлт гүйцэтгэх зохицуулалтаас гадна хэлэлцээрийг хэрэглэх, хүчин төгөлдөр болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтуудыг тусгасан. Хэлэлцээр нь нийт 24 зүйлтэй.

Хэлэлцээрийн дагуу нислэг гүйцэтгэх цэгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Улаанбаатар, Камбожийн Вант Улс дахь Фном Пен, Сием Рип, Сиханоук цэгүүд байхаар, дундын болон чанад орших нислэг гүйцэтгэх цэгийг хоёр талын иргэний нисэхийн удирдах байгууллагууд тохиролцон тогтоохоор заасан.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд 25 сая төгрөгөөр эмээл хийлгэжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ Тожил хийцийн эмээл захиалан, урлуулжээ. Ерөнхий сайд нутгийн урчуудад захиалсан эмээлээ 25 сая төгрөгөөр худалдан авсан байна. Батноров буюу Тожил хийцийн эмээлийн үнэ 7 сая төгрөгнөөс эхлэдэг аж. Хэнтий аймгийн Батноров сум нь Тожил, Шонхойн Чойнбол зэрэг хийц ураараа гайхуулж, ард түмний дунд нэр алдар нь түгсэн уран дархчуудтай нутаг билээ.

Сонирхуулахад, Батноров сумын харьяат Уран дархан Тожилийн эцгээс хайрласан нэриг Ишжамц гэдэг. Тэрээр нутгийнхаа Бошоогийн шаврыг муутуу цаасны үйрмэг нунтагтай хольж хэв үйлдэн шатааж, тэр хэвэндээ хайлшаа цутган хээлдэг үндэсний шинэ технологийг үүсгэжээ.

Дархан Тожилын хийц 1930-аад оноос Дарьганга, Далайчойнхорын гэж эртнээс нэршсэн урлалтай өрсөлдөж ялангуяа эмээлийн мөнгөн чимгийг ур хийцээрээ давж Батноров хийцийг алдаршуулжээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ерөнхий сайдуудын ердийн биш хувь тавилан

Монгол Улсын түүхэнд одоогоор 30 Ерөнхий сайд тодроод байгаа. Тэдний хувь тавилан үнэндээ ээдрээтэй, эмгэнэлтэй. Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, ард түмний сайн сайхан амьдрал, эрх чөлөөний төлөө зүтгэснийхээ шанд зарим нь цаазлуулсан юм. Сүүл үеийн Ерөнхий сайдуудын хувь тавилан бас л ердийн биш. Нам нь, журмын нөхөд нь огцруулсан, намаасаа хөөгдсөн, тэгээд шоронгийн хаалга татсан ийм л ижил дүр зураг харагдана. “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэж Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан Агданбуугийн Амар Орост цаазын ял сонсож, буудуулахынхаа өмнө хэлсэн юм гэдэг. Өнөөдөр ч гэсэн Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр эрхэм шоронд тарчилж сууна.

Тэд эдийн засгийн амаргүй хүнд нөхцөлд том төслүүдээ зориг гарган хөдөлгөж, ард иргэдийн ахуй амьдрал, улс орны хөгжил дэвшлийг өөд татсаныхаа хүчинд хоригдол болчихоод тамаа эдэлж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарын Оюу толгойн гэрээний үр шимээр хоолтойгоо залгасан ард иргэд тэр хоёрыг хамгийн муу муухайгаар хэлж, шавар шавхайтайгаа хутган бах таваа хангаж сууна. Ч.Сайханбилэг Орос, Хятад хоёр хөршөөсөө давж Америктай, барууны орнуудтай найзархан сүжирсэнийхээ горыг ийнхүү амсаж, хатуу цээрлэл хүлээсэн. Ер нь Монголын төрийг удирдсан хүмүүс Орос, Хятадын үгнээс зөрөх л юм бол толгойгоо тасдуулдаг бичигдээгүй хуультайг Ерөнхий сайдуудын хувь тавилан гэрчилнэ. Ингээд Монгол төрийг удирдаж ирсэн үе үеийн Ерөнхий сайдын үүх түүхээс эргэн сөхье.

Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн. 1912 оны долдугаар сард Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар томилогдож 1919 он хүртэл долоон жил ажилласан. 1913 онд Санкт-Петербургт айлчлах үеэрээ нэгдсэн Монгол Улсыг байгуулах саналаа оросуудаар дэмжүүлэхийг оролдож Орос, Хятадын хэлцээрээр Ар Монголыг Хятадын нэг хэсэг гэснийг хүлээж авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Уг асуудалд дэмжлэг олохоор АНУ, Япон, Франц, Английн элчин рүү бичиг илгээж байв. Тэрээр Дундад иргэн улсын Засгийн газраас Автономит Монголын эрх хэмжээ, байр суурийг улам хумих гэсэн аливаа алхамд саад хориг тавихыг хатуу эсэргүүцсэн нэгэн. Хятадаас салан тусгаарлах гэж оролдсоныхоо хүчинд огцорсон байдаг. Хятадын цэрэг нийслэл хүрээг эзэлсний дараахан буюу 1919 оны дөрөвдүгээр сард Намнансүрэн хорлогдон 41 насандаа нас барсан юм. Намнансүрэнгийн дараа Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайдын албыг Эрдэнэ шанзудба Да лам Гончигжалцангийн Бадамдорж хашсан. Монголын тусгаар тогтнолд гарамгай гавьяа байгуулсан ч Автономит Монгол Улсыг устгах гэрээнд гамингийн генерал Сюй Шүжаны сүрдүүлгээс болж гарын үсэг зурснаараа гавьяагаа харлуулсан нэгэн гэгддэг. Ерөнхий сайдын албыг ганцхан жил хашаад 1920 онд чихрийн шижин оноштойгоор учир битүүлгээр нас баржээ.

Жалханз хутагт Содномын Дамдинбазар. Барон Унгерний морин дивиз нийслэл хүрээг гамингаас чөлөөлөн Богд хаант Монгол Улсыг дахин сэргээн мандуулахад буюу 1921 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд Богдын зарлигаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Хорин гурван онд учир битүүлгээр нас барсан. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дамбын Чагдаржав 1921 оны гуравдугаар сард Ардын түр Засгийн газар байгуулагдахад Ерөнхий сайдаар ажилласан. Түүнээс нэг сарын дараа буюу хорин нэгэн оны дөрөвдүгээр сараас Ерөнхий сайдын албанаас чөлөөлөгдөж, Тагнын урианхайн хязгаарт ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр томилогдсон байна. Чагдаржавын оронд Ерөнхий сайд болсон хүн нь мөн анхны долоон хувьсгалчийн нэг гэгдэх Догсомын Бодоо. Монголын улс төрийн нэртэй зүтгэлтэн зохиолч, нийтлэлч тэрээр 1922 оны наймдугаар сарын 31-нд Чагдаржавынхаа хамт эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулгагдан буудуулсан юм. Д.Сүхбаатар гэдэг цэргийн жанжин, Монгол ардын нам хоёр Ардын намын түр засгийн Ерөнхий сайд Чагдаржав, Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоо нарыг цаазалсан. Тэднийг Д.Сүхбаатар цаазлахдаа Бароны засгийн газрын Ерөнхий сайд Манзушир хутагт Цэрэндоржийн цэргийн яамны сайд Цэвээн, гүн Тогтох, тайж Дэндэв нарын 15 хүний хамт Шар хаданд аваачиж буудсан байдаг.

Монголын Автономитыг устгах гэрээнд шанзудба Бадамдоржийн хамт идэвхийлэн оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан хүний нэг гэгддэг Хичээнгүй сайд Балингийн Цэрэндорж 1923 оноос Ерөнхий сайдаар ажилласан. 1928 онд өвчний улмаас гэх тодотголтой нас барсан. 1930 онд Ерөнхий сайдаар томилогдсон Цэнгэлтийн Жигжиджав 1933 онд гэртээ учир битүүлгээр нас барсан. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын төлөө эрслэн тэмцээд эцэст нь Орост буудуулж цаазлуулсан хоёр Ерөнхий сайд бол мэдээж Агданбуугийн Амар, Пэлжидийн Гэндэн нар. Гэндэн 1932 оноос Ерөнхий сайдаар ажилласан. Тэрээр Моксвад Сталинтай уулзах үедээ улс орныхоо эрх ашгийг тэргүүн тавьж, улс төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулж хэлсэн байдаг. Зөвлөлтийн дээрэнгүй үзлийг “улаан имперлиазм”-тэй зүйрлэж хэлсэн ч гэдэг. Ингэж өөрийнхөө хар толгойг авхуулах ажлаа хийжээ. Сталин “Гэндэн Чингис хаан болохыг хүсч байна” гэхэд “Гүрж Сталин Оросын хаан байхад монгол Гэндэн яагаад Монголын хаан байж болдоггүй юм” гэж хэдэрлэсэн ч гэдэг. Ийн хэлснээрээ тэр Сталинд “Чингисийн гөлөг” хэмээн дуудуулж 1936 онд бүх албан тушаалаасаа огцорч 1937 оны долдугаар сарын 10-нд эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулгагджээ. Хамгийн зэвүүн нь Гэндэнг 1937 оны арваннэгдүгээр сарын 26-нд буюу Монголын тусгаар тогтнолын ойн өдрөөр буудаж хөнөөсөн байна.

Тэгвэл Амар сайдыг 1941 оны долдугаар сарын 10-ны өдөр цаазаар авах ял тулгажээ. Оросын дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр Амар “Би бол хэрэгтэн биш. Бүгд найрамдах Монгол ард улс тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм. Би Монголын ард түмэндээ хайртай, Оросын ард түмэнд элэгтэй. Харин улаантан тэдний засагт дургүй” гэж хэлсэн байдаг. Ардын хувьсгалын 20 жилийн баяр наадмаар цаазын ял сонссон Амарыг долдугаар сарын 27-нд Москвагийн “коммунарка” хэмээх хороох газар буудан хороожээ.

Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээнэ гэж үздэг. Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. Тувагийн тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан алгадсан гэдэг дам яриа ч бий. Монголын төр засгийн нэр нөлөө болсон хүмүүс улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал гаргахад тэрээр илт дургүйцсэн гэдэг. “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо та нарт үлдээв” гэсэн түүний гэрээс бий. Хорин хоёр мянган иргэнийхээ алтан амиар энэхүү тусгаар тогтнолыг авч үлдсэн. Тэрээр 1952 оны нэгдүгээр сарын 26-нд Москвад нас барсан. Чойбалсан нас барсны дараагаас Монголын төрийг дөч гаруй жил удирдсан хүн бол Юмжаагийн Цэдэнбал. 1952 оноос 1974 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашсан. Наян дөрвөн онд түүнийг хөгшрөлт, оюуны доройтол гэх шалтгаанаар тэтгэвэрт нь гаргасан. Цэдэнбалыг Зөвлөлтийн КГБ Монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Насан эцэслэх хүртлээ Москвад гэрийн хорионд амьдарч байсан. Эх орондоо ирэхээр ЗХУКН-ын төв хороо, Монголын элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй байдаг. Цэдэнбал 1991 онд Москвад нас барсан.

1974 оны зургадугаар сараас 1984 он хүртэл Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар Жамбын Батмөнх томилогдон ажилласан. Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг бодлого явуулсан бөгөөд үүнийг ардчиллын анхдагчид үнэлж дурсдаг. Тэрээр эгэл жирийн сэхээтний амьдралаар аж төрж байгаад 1997 онд нас барсан.

1984-1990 оны хугацаанд Думаагийн Содном Ерөнхий сайд байсан бол түүний албыг Шаравын Гунгаадорж авч хэдхэн сарын хугацаанд Засгийн газрын тэргүүнээр ажилласан юм. Харин Бүгд найрамдах Монгол ард улсын сүүлчийн Ерөнхий сайд нь Дашийн Бямбасүрэн. Ерэн оны есдүгээр сард уг албанд томилогдсон. Тэрээр 1992 онд “ху” намаасаа гарч ерэн дөрвөн онд Монголын ардчилсан сэргэн мандлын намыг байгуулсан. Бямбасүрэнгээс хойших буюу ерэн оноос хойших Ерөнхий сайдууд намаасаа гарсан, хөөгдсөн, нам нь огцруулсан, шоронгийн хаалга татсан гэх ээдрээтэй хувь тавилангийн эзэд болцгоосон юм. Нийгэм цаг үеийн шилжилтийн хамгийн ээдрээтэй үед засаг толгойлж байсан Бямбасүрэнгийн зам мөрийг манайхан сайн мэднэ. Харин Бямбасүрэн өдгөө төрийн дээд алба хашиж буй эрхмүүдийг элдвээр хэлсэн, улс орны эдийн засгийн гол хөшүүрэг том төслүүдийг жигтэйхэн шүүмжилсэн, ийм өвгөн болсон.

Бямбасүрэнгийн дараа Ерөнхий сайдын албыг Жасрай хийсэн. Засаг толгойлж байх хугацаанд улс орны хөгжилд түлхэц болохоор гавьтай зүйл хийгээгүй. Тиймдээ ч хэл аманд бага орж дөрвөн жилийн хугацаагаа дуусгасан. Харин сүүлд намынхаа хурлын үеэр нас барсан. “Намынхаа залууст сүрхий шүүмжлүүлснээсээ болоод өнгөрчихлөө, хөөрхий минь” гэх яриа гарч байсан.

Ерэн зургаан онд ардчилсан холбоо эвсэл анх удаа засгийн эрх барьж Ерөнхий сайд нь Мэндсайханы Энхсайхан болсон. Гэвч түүний Засгийн газрыг хоёр жил болгоод намынх нь нөхөд бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан. Энхсайхан дараа нь намаасаа гарч Үндэсний ардчилсан нам хэмээх шинэ намыг байгуулсан. Одоо Баабарын хэлдгээр Жамух болчихоод явж байна. Сайханбилэгийн Засгийн газарт Таван толгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюу толгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцсан сайд байсныхаа хүчинд “ганц худаг”-т суухад бэлэн байгаа. М.Энхсайханы дараа Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болоод ердөө таван сарын дараа огцорсон. Банк санхүүгийн реформ хэмээх шинэтгэлийг хийснээрээ буруудаж Ардчилсан нам дахь “Элсний 13” бүлэг сөрөг хүчин МАХН-тай эвсэн түүний засгийг унагасан юм.

Элбэгдорж Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан нэгэн. 2004 онд их эвслийн Засгийн газар байгуулагдахад Элбэгдорж тэргүүлсэн.

Гэвч Энхсайхан, Наранцацралт тэргүүтэй нөхөд намаасаа урваж түүнийг огцруулсан. Мөн Элбэгдоржийн авлигатай тэмцсэн нь алдаа болсон гэдэг. МАХН-ын булхай луйвар, авлигалыг илчлэх гэж тэмцсэнийхээ хүчинд тэр огцорсон юм.

1996-2000 оны хоорондох Ардчилсан намын засаг барих жилүүдэд Засгийн газар гурван удаа огцорч дөрвөн Ерөнхий сайдын нүүр үзсэн. Тэдний хоёр нь Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар. Наранцацралтыг намынх нь нөхөд сөрөг хүчинтэйгээ нийлээд Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар огцруулсан. Ерөнхий сайд болонгуутаа Казиногийн хэргийг хөндсөн, өөрийн намын гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлага тавьсан зэрэг нь Ерөнхий сайдын албанаас буух үндэслэл болсон гэдэг. Наранцацралт намаасаа гарч өөр нам байгуулан М.Энхболдын засагт сайдын алба хашиж байгаад 2007 онд автын ослоор нас барсан.

2000-2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар Намбарын Энхбаяр ажилласан. Ху намаа удирдаж сонгуульд ороод 76 суудлаас 72-ийг нь авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Энхбаярын хаанчлалын он жилүүд байлаа. Гэвч тэрээр төрийн тэргүүний албанаас буусныхаа дараа буюу 2012 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр цагдан хоригдсон. Шүүхээс түүнд албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хоёр жил зургаан сарын ял оноосон. Төрийн бүхий л өндөр албыг хашсаныхаа хүчинд Энхбаяр ад шоо үзэгдэж, шоронд байхдаа муу муухай, бузар булай бүхний илэрхийлэл болсон. Өлсгөлөн зарлахад бөгс рүү нь албан шаардлагаар хүнсний тэжээл чихсэнээс аваад олон гутамшигт зүйл бий.

2006 онд Элбэгдоржийн их эвслийн Засгийн газрыг огцруулж Ерөнхий сайд болсон хүн нь одоогийн Их хурлын дарга Миеэгомбын Энхболд. Гэвч тэрээр жилийн дараа буюу 2007 онд огцорсон. МАХН-ын 25 дугаар их хурлаар түүнийг С.Баяр мөргөчихсөн. Тус хурлаар С.Баяр намын дарга ч болсон, Ерөнхий сайд ч болсон. С.Баярын хувьд 2008 оны “долоон сарын нэг”-ний аймшигт хар толботой сонгуулиар дахин Ерөнхий сайд болж хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэвч удалгүй эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн кабинетад Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Сү.Батболдод ажлаа өгсөн. Нэгэн цагт даргыг нь хийж, засгийг нь удирдаж байсан Ардын нам засгийн эрхэнд байгаа энэ цагт С.Баяр шоронгийн хоригдол болчхоод сууж байна. 2012 оны Их хурлын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж Норовын Алтанхуяг Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд болсон. Түүнийг хоёр жил шахам ажиллуулаад журмынх нь нөхөд огцруулсан. Н.Алтанхуяг одоо Ерөнхийлөгчийн нөмөрт зөвлөх нэртэй дэн дун амь хоргодож байгаа. Түүнийг Ерөнхий сайд байхад ойр тойрных нь олон хүн шоронгийн хаалга татсан. Алтанхуягийн дараа Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг Дубайн гэрээг хийж Оюу толгой төслийг явуулсныхаа шанд торны цаана сууж байгаа бол 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийг нэг жил ажиллуулаад л намынх нь журмын нөхөд огцруулсан. Ингээд 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдсон. Монголын төрийг удирдаж ирсэн Ерөнхий сайд нарын хувь тавиланг өнгөцхөн харахад ийм байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хошууч генерал Б.Баярмагнай: Дэлхийн халуун цэгүүдэд Монголын хамгийн анхны багийг удирдаж явснаараа бахархдаг

“Энхийн цэргүүд” ТББ-ын хүндэт ерөнхийлөгч, Монголын артиллерийн цэргийн холбооны тэргүүн, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнайтай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн дараа Монгол улсад генерал цол бий болсон өдөр тохиох гэж байна. Яриагаа эндээс эхлэх үү?

-1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг бий болгон, хэрэглэж эхэлснээс хойш өдгөө 74 дэх жилтэйгээ золгож байна. Анх хоёр хүнд дэслэгч генерал, есөн хүнд хошууч генерал цол олгож, анхны 11 генерал цолтон төрснөөс хойшх 74 жилийн хугацаанд нийтдээ 181 генерал цолтон төрсөн бөгөөд одоо амьд сэрүүн 90-ээд хүн байна. Эдгээрээс 30-аад генерал нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байгаа бол 60 гаруй генерал нь бэлтгэл болон чөлөөнд байна. Өнөөдөр генералуудаас хамгийн өндөр настай нь чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл гуай 100 насыг шүргэж бол хамгийн залуу нь бригадын генерал Ж.Бямбасүрэн 43 настай байна.

-Генерал хүн гэхээр жирийн иргэдэд цэргийн том цол зүүсэн, бараа сүр ихтэй хүн төсөөлөгддөг. Бодит амьдрал дээр генерал гэж ямар хүн бэ?

-Генерал цол бол албан тушаалын илэрхийлэл гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Учир нь тухайн хүн өөрийн хашиж буй албан тушаалын зэрэглэлд тохирсон цол хэргэмийг хэрэглэх учиртай юм. Генерал бол цэргийн дээд офицерын цол бөгөөд дээд офицерын цолны зэрэглэл, ангиллыг Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг. Тухайн дээд офицерын цолны зэрэглэл, ангиллыг үндэслэн түүнд тохирох албан тушаалд томилогдсон хүнд ерөнхийлөгч тохирох генералын цолыг хүртээдэг журамтай юм. Генералуудын дунд улсын маршал гурав, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 19, хошууч генерал 111, бригадын генерал цолтон 39 төрсөн байдаг. 2006 оноос дэлхийн ихэнх орны жишгийг даган цэргийн дээд офицерын цол буюу генерал цолны ангилалд өөрчлөлт оруулан бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал гэсэн дээд офицерын цолыг хэрэглэх болсон. Генерал хүнийг товчоор тодорхойлбол жирийн байлдагчаас жанжин болох хүртлээ эх орондоо өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэн, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, амьдрал нь тэр чигээрээ амьд түүх болсон хүмүүс гэж ойлгож болно.

-Ингэхэд та өөрөө хэрхэн генерал болсон бэ?

-Генерал болохын тулд юуны түрүүнд боловсролын хувьд цэргийн гурван шатны сургууль төгссөн байх шаардлагатай. Дээр нь зэвсэгт хүчинд 20-иос доошгүй жил алба хаасан, генерал цолны зэрэглэлийн албан тушаал хүртэлх бүх шатны албан тушаалыг хашсан туршлагатай байх гээд шаардлагууд бий. Сүүлд насны хувьд 45 хүрсэн байх шаардлага нэмэгдсэн юм. Миний хувьд 1994 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 2001 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллеж, 2005 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллежийг төгсөж цэргийн гурван шатны сургуулийг дүүргэсэн. Цэргийн сургуульд курсын захирагчаас гараагаа эхлэж зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч хүртэл зэвсэгт хүчний анги байгууллага болон ЗХЖШ-т албан тушаалуудад шат дараалан алба хаасан бөгөөд 2006 онд хурандаа цолоо хүртсэн.

Батлан хамгаалахын сайд Лу.Болд дөнгөж томилогдон ирээд өөрийн ажлын аппарат болох Батлан хамгаалах яамыг төвхнүүлэхийн хамт зэвсэгт хүчний удирдлагын түвшинд ажиллах өсөх ирээдүйтэй, энхийг сахиулах ажиллагааг биеэр удирдсан, гадаадад цэргийн дээд боловсрол эзэмшсэн залуучуудыг судлан танилцуулах үүргийг өөрийн зөвлөх Ц.Ганболд, ажлын албаныхаа Б.Мөнхжаргал нарт өгсөн байдаг. Улмаар 30 гаруй хүний судалгаа гарган түүнээс шилж гурван хүний нэрийг үлдээн биечлэн уулзахаар болсоны нэг нь миний бие байв. 2008 оны сүүлээр нэг өдөр БХЯ-наас Батлан хамгаалахын сайд дуудуулсаныг надад дуулгаж ахлах дарга нартаа мэдэгдэн Дарханаас хотод ирж Ц.Ганболд, Б.Мөнхжаргал нартай уулзахад тэрээр дээрх судалгааны талаар хэлж миний үзэл бодол, батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх талаарх бодол гээд баахан зүйл асууж шалгааж байцаасны дараа “Чи ажлаа хийгээд явж бай, хэрэг гарвал дахиад дуудна” гэж хэлсэн юм. Тун удалгүй хотоос дахин дуудагдаж ирээд Батлан хамгаалахын сайд Лу.Болдтой анх удаа уулзахад сайд “бид чамайг сайтар судалж үзсэн. Би чамайг өөрийн эрх мэдлийн хүрээнд миний хуулиар олгосон эрхийн дагуу Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагчаар томилж байна” гэхэд айх, гайхах хоёр зэрэгцэн байж билээ.

Хэдийгээр би 2008 оны аравдугаар сард Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагчаар томилогдсон ч 2009 онд ЗХЖШ шинэ бүтцэд шилжих үед миний албан тушаалын зэрэглэлийг хурандаа болгож бууруулсан юм. 2009 оны гуравдугаар сарын 18-нд Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга А.Лхагвасүрэн, ХХЕГ-ын Ар тал, хангалт хариуцсан дэд дарга М.Заяабаатар, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн удирдлагын газрын дарга З.Болдбаатар, ЗХЖШ-ын Холбоо, удирдлагын газрын дарга П.Пүрэвбазар нарт бригадын генерал цол хүртээлээ. Энэ үед л би үнэн сэтгэлээсээ генерал болох хүсэл илүү төрж байсан юм. Удалгүй Ерөнхийлөгчийн сонгуульд тулаад ирсэн болохоор би Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед генерал болохгүй юм байна гэдгээ ухаарч байсан. Бас манай Дундговийн хурандаа нарын гашуун дурсамж бодогддог байв.

-Тэр нь ямар дурсамж юм бэ?

-Нэгэн цагт манай Дундговь нутгийн харьяат олон чадварлаг хурандаа нар армид ажил үйлсээрээ манлайлан тодорч ЗХЖШ-ын бүх газрын орлогч нь бүгдээрээ шахуу Дундговь нутгийнхан байсныг цэргийнхэн мэднээ. Тэднээс нэгэн ч генерал болж чадаагүй юм. Нэг удаа боломж гарсан нь 1998 онд Дундговь нутгаас Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд Ж.Наранцацралт тодорч дундговьчуудын хувьд итгэлийн оч гялалзсан бөгөөд нутгийнхаа есөн хурандаагаас нэгд нь боломж олгохоор шийдэж ЗХЕШ-ын Холбооны цэргийн дарга хурандаа Д.Рэнцэнхандыг өөрийн эрх мэдлийн хүрээнд Улсын Иргэний Хамгаалалтын Ерөнхий Газрын даргаар генерал цолны албан тушаалд томилсон юм. Гэсэн ч улс төрийн шалтгаанаар ерөнхийлөгчийн зарлиг зурагдаагүй юм даа. Удалгүй Ерөнхий сайд Ж.Наранцацралт ажлаа өгснөөр хурандаа Д.Рэнцэнханд мөн ажлаасаа чөлөөлөгдөн ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч даргаар буцаж ирсэн юм.

-Таны хувьд саад бэрхшээл дахин гарсан уу?

-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр анх удаа ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарч ирлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн эрх мэдлийн хүрээнд ЗХЖШ-ын шинэ даргаар хошууч генерал Ц.Бямбажавыг томилсон бөгөөд энэ үед бас нэгэн өөрчлөлт орсон нь Батлан хамгаалахын сайд ЗХЖШ-ын дэд даргыг томилдог болсон юм. Лу.Болд сайд намайг дахин генерал месттэй албан тушаал буюу ЗХЖШ-ын дэд дарга, штабын даргын албан тушаалд томилов. 2009 оны наймдугаар сарын эхээр нэг өдөр хүний нөөцөөс миний анкет, ажил байдлын тодорхойлолтыг нэхлээ. Нэг л итгэж өгөхгүй л байв.Тэгтэл наймдугаар сарын 12-ны орой ажил тарах үед ЗХЖШ-ын дарга дуудаж байна гэхээр нь орвол чи бид хоёрын генерал цолны тушаал гарч байна гэнэ.

Бушуухан Бөртэ цэргийн дүрэмт хувцасны үйлдвэр орж хувцсаа захиал, маргааш 11.00 цагт төрийн ордонд бэлэн байх ёстой гэлээ. Би ч сандарч эхлэв. Бөртэ рүү залгавал тэд аль хэдийнэ команд авсан байлаа. Бөртэ рүү явах замдаа эхнэр рүүгээ залгаж хэлээд дараа нь аав, ээж рүүгээ залгасан боловч холбогддогүй. Аав, ээж хоёр маань малаа Дундговийн Эрдэнэдалай сумаас туугаад Төв аймгийн Сэргэлэн суманд аваад ирчихсэн хөдөө отрын гэртээ байгаа болохоор холбогдох арга байсангүй.Төв аймаг дахь зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч өмнө нь миний штабын даргаар ажиллаж байсан хурандаа С.Дарьзав руу залгасан ашгүй холбогдож байнаа. Би С.Дарьзав хурандаад аав, ээж хоёрыг эрж олоод, дараа нь Төв аймгийн төв дээр байгаа эмээг маань дагуулаад ирэхийг хүслээ.Мань эр намайг генерал болж байгааг мэдээд өөрөө генерал цол хүртсэн юм шиг баярлаж байна гэж жигтэйхэн, даргаа та санаа зоволтгүй гээд утсаа таслав. Өглөө 8.00 цаг гэхэд хувцас биед яв цав таарч хамгийн сүүлд шөнөжин гараар оёсон генералын алтан мөрдөс, угалзтай малгай бэлэн болсноор хүлээн авч баяр талархлаа илэрхийлээд гэртээ яаран ирж цагаа харвал 9.00 цаг болж байна.

Аав, ээж болон С.Дарьзав хурандаатай холбоо байдаггүй. Найз нөхөд, хамт олон, дүү нартаа хэлээд 10.30 гэхэд төрийн ордонд ирж төрийн есөн хөлт цагаан сүлдийн хажуугийн өрөөнд орж хувцасаа бэлтгэж тавиад 11.00 цагт цол гардуулах өрөөнд орж ЗХЖШ-ын дарга, бид хоёр байраа эзэллээ. Эхлээд дэслэгч генерал цол олгох тухай Ерөнхийлөгчийн зарлиг уншиж хошууч генерал Ц.Бямбажавт дэслэгч генерал цол хүртээлээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2009 оны наймдугаар сарын 13-ны өдөр, дугаар 83, төрийн ордон, бригадын генерал цол хүртээх тухай гээд миний цолыг уншиж эхэллээ. Сэтгэл хөдлөж байна гэж жигтэйхэн. Нэг л мэдэхэд цолны зарлиг, бригадын генералын мөрдөсөө барьчихсан зогсож байв.Тэндээсээ бид гарч хувцас солих өрөөнд орж генерал хувцасаа өмсөн мөрдөсөө зүүгээд эргэн орж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид генерал цол хүртсэн талаар илтгэлээ. Биднийг суухыг уриад хэвлэл мэдээллийнхний дунд манай салбарын асуудлаар нээлттэй ярилцлаа.Тэгээд гараад иртэл ашгүй миний эмээ, аав, ээж, эхнэр хүүхэд маань хүрээд ирчихсэн хадаг сүүгээ дэлгээд угтав. Хурандаа С.Дарьзав шөнөжин Сэргэлэн сумын нутгаар аав, ээжийг хайж үүрээр олоод хэл дуулган ирсэн нь энэ байжээ. Бас болоогүй, эмээ маань төрийн ордонд яарч яваад бүдэрч унаад босохдоо “Хамгийн том ачынхаа буянаар төрийн ордонд нэг орохдоо бүдэрч уналаа. Дахиад орох юм байлгүй дээ” гэсэн нь хоёрхон жилийн дараа ерөөлөөр болсон доо. Эмээгээ амьд сэрүүнд нь баярлуулж чадсандаа баяртай байдагаа.

Ингэж би Монгол Улсын 147 дахь, Дундговь аймгийнхаа гурав дахь, Ардчилсан Ерөнхийлөгчийн анхны зарлигаар генерал болсон юм. Дундговь нутгаас маань анх 1944 онд Эрдэндалай сумын харъяат, Өөрийгөө хамгаалах Сайн дурын морьт отрядуудын жанжин Чимидийн Мижид эх орны дайны үед зүүн аймгуудад ЗХУ-д хүргэх фронтын бэлгийг бэлтгэх, хүргэх том үүргийг сайн биелүүлснээс гадна морьт отрядуудаа сайн удирдсаны төлөө маршал Хорлоогийн Чойбалсанд үнэлэгдэн хошууч генерал цол хүртсэн юм. Гурвансайхан сумын харъяат Жамцын Содном гуай 1981 онд Засан хүмүүжүүлэх байгууллагыг шинэ шатанд гарган, нөхцөл байдлыг нь сайжруулсаны төлөө маршал Юмжаагийн Цэдэнбалд үнэлэгдэн хошууч генерал цол хүртэж байв. Миний бие энхийг сахиулах ажиллагааны ач буянаар Иракийн эрх чөлөө болон Сьерра Леон улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны анхны ээлжийн цэргийн багуудыг удирдсан гавъяагаа Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид үнэлүүлэн бригадын генерал цолоо хүртсэн. Намайг энэ цолонд хүрэхэд Батлан хамгаалахын сайд Л.Болд, сайдын зөвлөх Ц.Ганболд, Б.Мөнхжаргал, намайг сонгогдоход миний нэрийг санал болгож байсан журмын анд хурандаа Д.Мөнх-очир (би хожим зөвлөх Ц.Ганболдоос мэдсэн юм) нарт талархаж явдаг. Дэлхийн халуун цэгүүдэд Монголын хамгийн анхны багийг удирдаж явснаараа бахархдаг.

-Та хошууч генерал цолоо хэзээ хүртсэн бэ?

-2006 онд бригадын генерал цол бий болсноор өмнө нь шууд хошууч генерал цолыг олгодог байсан жишгийг халсан юм. Миний бие 2009 онд бригадын генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэнээс хойш ЗХЖШ-ын дэд даргын албан тушаалд тасралтгүй зургаан жил гаруй хугацаанд ажиллахдаа зэвсэгт хүчнийхээ гадаад, дотоод бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцон нэг ёсондоо батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийхээ талаар гүн гүнзгий мэдлэг, ойлголт авч, удирдах албан тушаалын туршлага суусан юм.

2009 онд шинэ Ерөнхийлөгчтэй болсон, 2010 оноос зэвсэгт хүчний удирдлагад шинэ дарга нараар хүч сэлбэж, нилээд олон хүн дээд офицерын албан тушаалд томилогдсон зэрэг нь генерал цолтон нэмэгдэх хандлагыг бий болгосон юм. Улмаар 2011 оны тавдугаар сард жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн энхийг сахиулагчдын өдрийн өмнөхөн буюу тавдугаар сарын 25-ны өдөр миний бие өөрийн албан тушаалын зэрэглэлийн хошууч генерал цолыг хүртсэн юм. Ийнхүү миний бие 2006 оноос хойш бригадын генерал цолтоноос хошууч генерал цол хүртсэн анхны генерал болсон бөгөөд миний дараа бригадын генерал Ц.Сэргэлэн, З.Болдбаатар, Ш.Лхачинжав, Д.Даваа, Р.Сүхбат, Ж.Бадамбазар нар бригадын генералаас хошууч генерал цолыг хүртсэн билээ.

-Генералуудын өдрийг хэдэн оноос тэмдэглэдэг болсон юм бэ?

-1999 онд Монгол улсад генерал цол бий болсны 55 жилийн ойгоор генералуудын өдрийг тэмдэглэснээс хойш энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Анх Их засаг Их сургуулийн захирал Н.Ням-осор, ардын уран зохиолч П.Бадарч, Монголын Саран ээж нийгэмлэгийн ерөнхийлөгч хүний гавъяат эмч Должинсүрэн, гүйцэтгэх захирал Лхамсүрэн, саран ээж ардын жүжигчин Долгорсүрэн, Цогзолмаа, гуай нар санаачлан генералуудын өдрийн тэмдэглэжээ. Улмаар “Монгол генерал төв” гэж ТББ бий болж генералуудын өдрийг Монгол Улсын генералууд бүхий үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэдэг болсон.

-Энэ жил ямар байгууллага зохион байгуулах вэ?

-Энэ жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулна. Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө залуу халуун нас, ухамсарт амьдралаа бүрэн зориулж, эх орондоо өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж ирсэн Монгол улсынхаа алтан мөрдөст генералууддаа удахгүй болох генералуудын өдрийн мэндийг дэвшүүлье.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр доорх гурван дүүрэгт цахилгаан түр хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ

Цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүр хийдэг урсгал засварын хийдэг билээ. Уг ажлын хүрээнд өнөөдөр доорх гурван дүүрэгт цахилгаан түр хязгаарлаж, засвар үйлчилгээ хийнэ.

Баянзүрх дүүрэг

11:00-17:00 цагт: 4, 7-р хороо 15-р хороолол 23, 24, 46А, 47, 48, 48Б, Ээрмэлийн 2, 6, 11, 13, 14, 31, 33, 44-1, 50-р байрууд, Билгийн үүдэн сургууль, Ангариятрейд УБ ХХК, 7-р цэцэрлэг, Цэргийн музей, Нийгмийн даатгалын хэлтэс, ХЦ-ийн 0253-р анги, Монгол угсаа, Энхүүд ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
11:00-17:30 цагт: 13, 14-р хороо Консулын 1-20, Дүүргийн 1-10, Районы 1-6 гудамжууд, ойр орчмоор
11:00-18:00 цагт: 1, 4, 11-р хороо Скай резорт, Одон орон, Хүрэл тогоот, Монгол Хабитат, Хүрхрээ тур, Монгол тур ХХК-ууд, 2-р хороолол 013-016, 7, 9-16, 21, 6А, 7А, 15А, 16А, 20А, 14, 21А, 22А, 34-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол дүүрэг

10:30-18:00 цагт: 1, 2, 4-р хороо 3-12, ТЗ-60, 19-р байрууд, 1А, 2А, 3А, 4А, 5А, 8А, 10А, 11А, 21А байрууд, ойр орчмоор

Налайх дүүрэг

10.00-13.00 цагт: 2-р хороо 48-57, 59, 61-р байр, Цэцэрлэг, Баялаг Налайх, Эрдмийн оргил 4-р байр, 119-р сургууль
14.00-17.00 цагт: 2-р хороо 35А, 58, 60, 62-67-р байр, 10 шарын ЦРП, Цагаан байр.

Categories
мэдээ нийгэм

Хулгайн антай холбоотой 50 гаруй хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна

Сүүлийн үед хууль бусаар нэн ховор ан амьтдыг агнах, тэдгээрийн эд эрхтэнийг бусдад дамлан зарж борлуулах, тээвэрлэх, дамжуулах зэрэг хэрэг их гарч байгаа талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаныхан мэдээлж байна. Өнгөрсөн онд гэхэд хулгайн антай холбоотой 50 гаруй хэрэг шүүхээр шийдэгджээ.

Энэ он гарснаас хойш эхний таван сарын байдлаар 50 гаруй хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн хулгайн антай холбоотой хэрэг огцом өсч байгаа тухай албаныхан хэлж буй юм. Дархан цаазат газар буюу Хан хэнтийн нуруу, хөвч тайгаас хүрэн баавгай, халиун буга агнах зэрэг хууль бус хэрэг гарсаар байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ойн хөнөөлт, хортон шавжийн устгал явагдах тул ойд зорчихгүй байхыг анхаарууллаа

Ногоон бүсийн ойн санд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сибирийн хүр эрвээхий, өрөөсгөл хүр эрвээхийн устгал, тэмцлийн ажил 5 дугаар сараас эхлэн явагдаж байна. Одоогоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачууртын Хуандай, Дээндийн амны 1500 га, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруунсалаа, Зүүн салаа, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайт, Хандгайтын богино, Шарга морьт, Хуурай мухарын амны 3200 га талбайгаас өрөөсгөл хүр эрвээхийн өндгийг механик аргаар хусаж, цэвэрлэх ажлыг гүйцэтгээд байна.

6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийслэлийн Багануур дүүргийн зарим хэсэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг хамарсан зуслангийн бүсийн 2500 га ойд авиахимийн (онгоцоор хор цацах) аргаар болон микробиологийн (үүргийн шүршигч багаж ашиглах) аргаар тэмцлийн ажлыг хийж байгаа тул иргэдийг 6 дугаар сарын 16-ныг хүртэл заагдсан бүсийн ойд зорчихгүй, хор цацсан ойгоос байгалийн дагалт баялаг самар, мөөг, жимс зэргийг түүж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн ногоон бүсийн ойн санд газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр устгал, тэмцлийн ажил явуулахыг мэдэгдье. Эрвээхий нь модны иш холтос, хад асганы ангал завсарт, олширсон үедээ барилга байшингийн дээврийн хөндий, хана туурганд ч өндөглөдөг. Түүнийг хусаж, цэвэрлэхдээ амны хаалт, бээлий, битүү хувцас өмсөж цуглуулсан өндгийг газарт булах нь зүйтэй гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөг зохион байгуулагдлаа

Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг 6 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн 6 дүүргээс Сүхбаатарын талбайд ирж иргэдэд нэгэн зэрэг зөвлөгөө, тусламж үзүүлдгээрээ онцлогтой. Өдөрлөгийн арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Батзоригт, ХЭҮКомиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва, Монголын Нотариатчдын Танхим, Хууль зүйн туслалцааны төвийн төлөөлөл оролцлоо.

Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалах үүргээ биелүүлж, “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгт амжилттай оролцсон нийт хуульч, өмгөөлөгчид, хамтран зохион байгуулсан хуулийн салбарыханд талархал дэвшүүлье гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын гамшигт тэсвэртэй байдлын талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Дэлхийн Банкны Хот хөдөөгийн хөгжил, уур амьсгалын глобал хөтөлбөр хариуцсан захирал Анна Уэлинштэйнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэл хот болон Дэлхийн банк цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, Улаанбаатар хотын гамшигт тэсвэртэй байдлын талаар санал солилцлоо. Мөн уулзалтын төгсгөлд 2018 оны долоодугаар сарын 9-13-ны хооронд Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдах уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот болоход чиглэгдсэн төслүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар арга зүй практикийн сургалт, уулзалтад нийслэлийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулахаар тохиров.

Дэлхийн банкны Хот хөдөөгийн хөгжил, уур амьсгалын глобал хөтөлбөр хариуцсан захирал Анна Уэлинштэйн нь өмнө нь Латин Америк болон Карибын улсуудын Гамшгийн Эрсдэлийн Удирдлага болоод Хотын хөгжил хариуцсан менежерээр ажиллаж Дэлхийн банкны багуудыг удирдан засгийн газруудад төсөл бэлтгэн хэрэгжүүлэхэд нь тусалж өндөр хүртээмжтэй судалгаа болон техникийн туслалцаа үзүүлж байсан. 2009-2012 онуудад Вашингтон ДС-гээс Энэтхэг, Шри-Ланка, Малдив дахь Дэлхийн Банкны Хөтөлбөр хариуцсан менежерийн албыг мөн хашиж байсан. 2008-2009 онуудад тэрбээр Дэлхийн банкны гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллаж Латин Америк болон Карибын Тэнгисийн, Зүүн Ази Номхон далай, Ойрх дорнод болон Хойд Америкийн орнуудын төслийн хэрэгжилтийг хариуцаж ажиллаж байсан. Түүнчлэн 20 жилийн турш хотын хөгжил, дэд бүтэц болон барилгын төслүүдийг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцон ажиллаж байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ спорт

Ч.Дамдиншаравын олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөлөө

“Мехико-1968” олимпийн хүрэл медальт, Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншаравын олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойд зориулсан түүний нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээн Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын Спортын ордонд боллоо. Тэмцээнд 30- аад байгууллагын 270 гаруй тамирчин өсвөр үе, залуучуудын тус бүр найман жинд өрсөлдөв. ОХУ-ын Буриадаас манайхны эчнээ танил буриадын шилдэг бөх Баяр Цыреновын удирдлага дор ес, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос зургаан тамирчин ирж Арвайхээрийн дэвжээнд хүч үзсэн. “Асашёорюү” сан, “Шинэ Өвөрхангай” төсөл, Өвөрхангай аймгийн ЗДТГ, нутгийн зөвлөл, БТСГ, МЧБХ хамтран зохион байгуулсан тэмцээний аварга 300, мөнгө 150, хүрэл медальтан 50 ам.долларын эзэн болсон юм.

Нээлтийн ёслолын ажиллагаанд ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, түүний дүү хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, “Шинэ Өвөрхангай” төслийн санаачилагч, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Асашёорюү Д.Дагвадорж, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, гавьяат тамирчин Н.Бүргэдаа, гавьяат эзийн засагч Н.Дүгэрсүрэн, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, Б.Ганбаатар, А.Цэдэнсодном тэргүүтэй албаны хүмүүс оролцсон.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 50 оноогоор тэргүүлж, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб тус бүр 43 оноогоор хоёр, гуравдугаар байрт оров.