Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун генералаа АНУ-руу илгээжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар ирэх сарын 12-нд Сингапурт уулзахаар тохиролцоод буй юм.

Энэхүү түүхэн уулзалтаас урьтаж, хоёр улсын төлөөлөгчид Сингапурт маргааш уулзахаар болжээ.

Тэгвэл Хойд Солонгосын нөлөө бүхий эрхмүүдийн нэг Тагнуулын Ерөнхий хорооны дарга, генерал Ким Ён Чо өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжингээс АНУ-руу хөөрсөн талаар албаны эх сурвалж мэдээлэв.

Энэхүү мэдээлэл баттай бол тэрбээр АНУ-д айлчилсан Хойд Солонгосын хамгийн өндөр албан тушаалтан болох юм.

Тэрбээр Цагаан ордонд зочилж, Ерөнхийлөгч Трамптай түүхэн уулзалтын талаар хэлэлцэх гэнэ.

Ким Ён Чо өнгөрсөн хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдсан өвлийн олимпт баг тамирчдаа ахалж, ирсэн билээ.

Тэрбээр хаалтын ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн ууган охин Иванка Трамптай биечлэн уулзсан юм.

Categories
мэдээ нийгэм

Шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оны 08 дугаар сараас эхлэн 1.6 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийн байгууламж байгуулж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна сургагч багш нарыг бэлтгэх юм.

Төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, явц, төлөвлөгөөтэй танилцах зорилгоор Швейцарийн Холбооны Улсын аврах ажиллагааны шинжээчдийн баг болон БНХАУ-ын Үндэсний газар хөдлөлтийн эрэн хайх, аврах төвийн ахлах инженер нар Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж байна. Төслийн багт барилга, байгууламж, сургалт, техник тоног төхөөрөмж болон удирдлагын баг гэсэн дөрвөн дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн багтсан бөгөөд 05 дугаар сарын 28-ны өдрөөс ирэх сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газарас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл хийлээ

үүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2018.05.29/ боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул оролцож, 4 дэх удаагаа шинэчлэгдэн батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах” журмын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар зарласан УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн хоёр сул орон тоонд мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн болон шүүгчийн гурван сул орон тоонд зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн, Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт шинэ журмын дагуу явагдаж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад 140 орчим нэр дэвшигчид бүртгэгдэн хамрагдлаа. Сонгон шалгаруулалтын суурь шалгалтын хүрээнд бичгийн болон ярилцлагын шалгалт явагдаж дууссан. Одоо нэр дэвшигчийн намтар судлах ажиллагаа үргэлжилж байна. Суурь шалгалтын үнэлгээ гарсны дараа 60 ба түүнээс дээш үнэлгээ авсан нэр дэвшигчид тусгай шалгалтад хамрагдана” гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар зарлигаар баталсан 4 дэх удаагийн шинэчилсэн найруулга бүхий “Шүүгчийг сонгон шалгаруулах” журамд орсон гол өөрчлөлтүүдийг танилцууллаа.

“Шүүгчийг сонгон шалгаруулах” журамд дараах гол өөрчлөлтүүд орсон байна. Тухайлбал анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт жилд 2 удаа зохион байгуулагдахаар болсон. Ингэснээр сул орон тоо гарсны дараа биш сул орон тоо гарахаас өмнө шалгалтын ажиллагаа урьдчилан явагдаж, тухайн орон тоонд томилогдох хуульд заасан болзол, шаардлага хангасан нэр дэвшигч бэлэн болсон байх бөгөөд сул орон тоо гарсан тохиолдолд богино хугацаанд нэр дэвшигч томилогдох боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн нэр дэвшигч шүүгчээр ажиллах ёс зүй, зан чанарын болон мэдлэг, ур чадварын шалгалтын хүрээнд хоёр багц шалгалтад буюу “суурь” болон “тусгай” шалгалтад оролцох бөгөөд “шүүгчээр ажиллах ёс зүй, зан төлөв”-ийн шалгалтад тогтоосон босго оноо буюу “60” онооноос бага оноо авсан нэр дэвшигч “шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадвар”-ыг шалгах шалгалтад оролцох эрхгүй болно. Нэр дэвшигчийн ёс зүй, зан төлөвийг шалгах шалгалтын төрөлд “намтар судлах” шалгалт шинээр нэмэгдэж орсон. Энэ шалгалтын хүрээнд Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн хуульд заасан чиг үүргийн дагуу нэр дэвшигчийн өнгөрсөн хугацааны намтар, түүх ёс зүйн төлөвшил, харилцаа хандлагыг судалж, дүгнэлт гаргах хэлбэрээр хэрэгжихээр тусгагдсан.

Шинэчлэгдсэн журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар шалгалтад тэнцсэн нэр дэвшигч шүүгчээр томилогдохоос өмнө бэлтгэл сургалтад хамрагдаж, шүүгчээр ажиллахад шаардлагатай ур чадвар эзэмших давуу тал болохыг Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул хэллээ. Мөн шүүгчид нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахад олон нийтийн оролцоо чухал гэдгийг тэрбээр мэдээллийн төгсгөлд онцлов. Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа нэр дэвшигчдийн мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил зарлаж байгаа бөгөөд тухайн нэр дэвшигчтэй холбоотой, шаардлага хангасан мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хороо хүлээн авч байгаа гэв.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлаар  шүүгчийн сонгон шалгаруулалтын талаар мэдээллээ

Энэ удаагийн “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар, Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар, Бор-Өндөр дэх сум дундын шүүхийн тамгын газар онлайнаар холбогдож оролцов. Харин нийслэл дэх дүүргийн шүүхүүдийн Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд биечлэн оролцож, сүүлийн үед шүүхээр шийдэгдсэн олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Categories
мэдээ нийгэм

Олны танил хоёр эрхэм хар тамхитай холбогдон баривчлагджээ

Цагдаагийн Ерөнхий газраас мэдэгдэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарлаж “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг төрийн байгууллагын бүх шатанд бүрэн хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэжлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалт зохиох үүрэг бүхий ажлын хэсгүүд хөдөө орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд ажиллаж байна. Ажиллагааны гол зорилго нь цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын үйл ажиллагаа, алба хаагч, ажилтнуудын тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангасан байдал, үйл ажиллагааны үр дүн, мэргэжил ажлын ур чадварын түвшинг тогтоох, сургалт хийх, олон нийтийн бодлыг сонсох, үйл ажиллагаандаа тусгах юм. Арга хэмжээ 2018 оны зургаадугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү ярихдаа “Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан мэдээлэл хийж байна. Хөдөө орон нутгаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас ард иргэд рүү зар тавих байх. Иргэд олон нийт цагдаагийн газраас ажиллаж байгаа удирдлагын багийн бүрэлдэхүүнтэй уулзах эрх нээлттэй. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар сайшаалтай, дутагдалтай санал хүсэлтэй чөлөөтэй илэрхийлж болно. Таны өгсөн санал цагдаагийн төв байгууллагын удирдлагад хүрч, тодорхой үе шаттай арга хэмжээг авах юм. Энэ ажилд та бүхэн өргөнөөр оролцоорой.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээлэл гарсан. Албаны эх сурвалжаас мэдээлэл өгөхийг зорилоо. Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч дэслэгч М нь өөрийн шалгаж байсан хэргийн холбогдогчоос хээл хахууль авсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаар илрүүлэн харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шилжүүлэн шалгаж байна. Он гарсаар сахилга хариуцлагын жил зарлаж цагдаагийн алба хаагчид дотооддоо дэг журмыг сайжруулах хууль тогтоомж зөрчдөг асуудалтай тэмцэх ажлыг эрчимжүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдээс замын цагдаа шан харамж авч асуудлыг өнгөрүүлснийг дотоодын хяналт шалгалтаар илрүүлэн холбогдох хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар шилжүүлсэн. Цагдаагийн байгууллага дотоод хууль тогтоомж зөрчдөг, албаны нэр хүнд унагадаг ийм асуудалтай эвлэрэхгүй. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтын 126 тусгай дугаарын утас 24 цагийн турш нээлттэй ажилладаг. Иргэд цагдаагийн алба хаагчтай холбоотой хүнд суртал, хээл хахуультай холбоотой мэдээллийг 24 цагийн турш өгөх боломжтой. ЦЕГ-ын фэйсбүүк хуудас, твиттер, утсанд мэдээлэл өгч болно. Үүнийг бид хүлээж аваад хуулийн дагуу шийднэ. Эргээд хариу мэдэгдэх ажиллагааг тогтмол явуулдаг.

Энэ сарын 19-ний өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарсан. Цагдаагийн алба хаагч хурандаа ийм асуудал гаргалаа гэсэн ташаа мэдээлэл гарсан. 2007 онд цагдаагийн албанаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан цагдаагийн дэд хурандаа цолтой хүн байсан. Зам тээврийн осолтой холбоотой хэргийг хуулийн дагуу СХД дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Үүн дээр ямар нэгэн байдлаар давуу эрх олгохгүй. Хууль тогтоомжид заасан үүрэг журмын дагуу шуурхай шалгаж шийдвэрлэнэ. Шүүхийн шийдвэр хэрхэн гарсан талаар эргээд мэдээллэх болно.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт он гарсаар олон арга хэмжээг явуулсан. Тухай бүрд нь иргэд олон нийтэд мэдээллэж байгаа. Гол нь яагаад энэ талаар мэдээллүүдийг хүргэж байгаа вэ гэвэл хар тамхитай тэмцэх асуудлыг бүх нийтийн анхаарлын төвд оруулах, залуучуудад ийм төрлийн бодисын хор нөлөөг таниулах, хэрэглээг таслах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг хамтран хийх үүднээс мэдээлдэг. Зөвхөн энэ сарын байдлаар гэхэд хар тамхитай тэмцэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж 21 холбогдогчтой найман хэргийг илрүүлсэн. Одоо хэргүүд шалгагдаж байгаа. Зарим хэргүүдийг дурьдвал 2018 оны тавдугаар сарын 4-5 шилжих шөнө урьд нь хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шүүхээс хорих ял шийтгүүлж байсан 38 настай Ч гэгч нь 29 настай Б-тэй хамтран хар тамхи мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар олж авч тээвэрлэж байхад нь БГД-ийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Ч гэгч нь 2018 оны хоёрдугаар сард ялын хугацаа дуусаж, суллагдсан этгээд байгаа. Дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдлоо.

2018 оны тавдугаар сарын 22-ны хар тамхи мансууруулах төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарьж, ургуулсан Монгол Улсын иргэн 23 настай Б, 28 настай Т нарыг ХУД-ийн нутаг дэвсгэрт байх гэрээс нь дайчлан баривчилсан. Гэртээ их хэмжээний мансууруулах төрлийн ургамал тарьж ургуулж байсан асуудлыг таслан зогсоож, эд мөрийн баримтыг хураан авч шалгах ажиллагаа үргэлжилж байна.

2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын иргэн 41 настай О, 36 настай А, 36 настай Т нарыг БЗД-ийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Т, А нар нь урьд нь хуулийн хяналтын байгууллагад ажиллаж байгаад хар тамхитай холбоотой хэрэгт холбогдсоныг шалгаж байгаа.Энэ хэрэгт хамтран оролцсон О гэгч нь уг гэмт хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн. Эдгээр хүмүүс хар тамхины төрлийн бодис тээвэрлэсэн, хэрэглэсэн байж болзошгүй” хэмээн мэдэгдэв. Эдгээр гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дотор олны танил хоёр эрхэм байгаа аж.

Дашрамд дурьдхад олны танил хоёр эрхэм нь албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр Ice Top хамтлагийн дуучин Коби, Эгшиглэн нар аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулсан ч хэрэг шалгагдаж байгаа учир нэрийг зарлах боломжгүй гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөх хуулийн төсөл өргөн баригдлаа

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон үүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоол, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэх, татвар төлөгч болон татварын албаны хооронд үүсдэг маргааныг хянан шийдвэрлэх журмыг хуульчлах, одоо үйлчилж байгаа хуулийн хоёрдмол утга санаатай зохицуулалтыг ойлгомжтой болгох, бизнесийн өрсөлдөхүйц, таатай орчин бүрдүүлэх, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, сүүлийн үед гарч байгаа татвараас зайлсхийх явдлаас дотоодын татварын бааз суурийг хамгаалах, татварын бааз суурийг цаашид өргөжүүлэх зэрэг зорилгоор багц хуулиудын төслийг боловсруулжээ.

Хуулийн төслүүд батлагдсанаар:

1.Татварын өр төлөх хугацааны хөнгөлөлтийг сунгах боломж бүрдэнэ.

Өнөөгийн хуулиар татварын өрийг хамгийн ихдээ 2 сараар сунгуулах боломжтой байдаг. Энэ хугацаа дуусмагц татварын албанаас татвар төлөгчийн дансыг хаах арга хэмжээг шууд авахаар зохицуулагдсан нь татвар төлөгчид өр барагдуулах хангалттай хэмжээний хугацаа олгохгүйгээр, татвар төлөгчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, дарамт нэмэгдүүлдэг талаар ихээхэн шүүмжлэл гардаг. Иймээс татвар төлөх энэхүү хугацааг тухайн татвар төлөгчид үүссэн нөхцөл байдалтай уялдуулан 2 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг хуульд тусгажээ.

2.Татварын хялбаршуулсан тогтолцоо шинээр нэвтэрнэ.

Одоогийн татварын хуулиар бүх төрлийн аж ахуйн нэгж, хувь хүн нэгэн ижил тайлангийн маягтаар, ижил хугацаанд тайлагнаж татвар төлдөг тул жижиг, дунд хэмжээний аж ахуйн нэгжүүд, иргэдэд татвар төлөх, тайлагнахтай холбогдсон зардлууд хүндрэл учруулдаг. Жижиг, дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагналын ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг хуулийн төсөлд тусгасан байна. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, хувь хүн өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд 1 удаа тайлагнана. Мөн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

3.Зарим төрлийн татварын хувь хэмжээ буурна.

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн гадаад эх үүсвэрээс татах хөрөнгийн зардлыг бууруулах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг, хувьцаа гаргасан тохиолдолд ногдол ашгийн болон хүүгийн орлогод ногдох албан татварыг 5 хувиар ногдуулахаар төсөлд тусгасан байна.

4.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх харилцаа боловсронгуй болно.

Одоогийн үзүүлж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь зарим тохиолдолд үр ашиггүй, зорилтот бүлэгтээ хүрэхгүй байх эрсдэлтэй байдаг тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгч татварын тайлангаа гаргаж, төлсний дараа буцаан олгодог байх харилцааг нэвтрүүлэхээр тооцжээ. Ингэснээр татвар төлөгч илүү хариуцлагатай болох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой юм.

5.Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний татварын харилцаа энгийн ойлгомжтой болно.

Бичил худалдаа, ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгчид татварын тайлан гаргах, орлого, хасагдах зардлаа тооцох, татвар ногдуулах орлогоо тодорхойлоход хүндрэлтэй байдаг тул тэдгээрийн татварын харилцааг энгийн ойлгомжтой болгож, тогтмол дүнгээр татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

6.Татвар ногдох орлогын ангилал, тодорхойлолтууд боловсронгуй болно.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогын нэр төрөл, ангилал тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгосноор хуулийн хэрэгжилтийг нэг мөр, аливаа хийдэлгүй хангах боломж бүрдэх зэрэг олон шинэ зохицуулалтууд хэрэгжиж эхлэх юм.

Хуулийн төслүүд батлагдсанаар татвар төлөгч, татварын албаны эрх, үүргийн тэнцвэр хангагдаж, Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөх байдал сайжирч, татвар төлөхтэй холбоотой гарах бизнес эрхлэгчдийн зардал буурч, татварын тэгш шударга байдал дээшлэн, татварын бааз суурь өргөжиж, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр шинээр бий болоход тодорхой түлхэц болно. Нөгөөтэйгүүр, татвараас зайлсхийх, зугтаах явдал багасч, хуулийн дагуу шударгаар татвараа тайлагнах, төлөх явдал нэмэгдэх тул дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй байх болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.05.29) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 10 цаг 14 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколд Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 онд баталсан. Уг хуульд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенци, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгохоор хуульчилсан байна. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.


Шинээр байгуулагдах агентлагийн хүний нөөцийг одоо ажиллаж байгаа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн 31 ажилтныг төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд шилжүүлж, ажлын чиг үүргийг өөрчлөх замаар бүрдүүлэх бөгөөд 2018 онд нэмэлт орон тоо шаардахгүй. Харин уг төвийн дэргэдэх улсын төсөвт үйлдвэрийн гурван газрыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу шинээр байгуулагдах ерөнхий газрын дэргэд ажиллахаар зохион байгуулах аж. Харин аймаг, дүүрэгт тус газрын чиг үүргийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар/хэлтэст ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх юм байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан шинээр байгуулагдах агентлагийн үйл ажиллагааны чиглэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх тоо баримтыг лавлаж тодруулсан юм. Салбарын сайд энэ талаарх хариултдаа, шинээр байгуулагдах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, салбар дундын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжих, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, төрийн бусад үйлчилгээнд хамрагдахад нь туслахад чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар энэ агентлагийг байгуулах юм. Одоо тус төв нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлээр цалинждаг 31 ажилтантай. Төвийн дэргэд Протез, ортопедийн үйлдвэр, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, Сэргээн засах төв гэсэн улсын төсөвт үйлдвэрийн газартай, эдгээрт 90 хүн ажилладаг.


Төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж өөрчлөн зохион байгуулагдсанаар алслагдсан баг, хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалт, хөгжил, хөдөлмөр, нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээг хүргэх боломж бүрдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн олон нийт, хамт олны хүрээнд хөгжих, тэдгээрт үзүүлэх нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй болж салбар дундын үйл ажиллагаа өргөжин, чанар нь дээшилж дотоод, гадаадын хамтын ажиллагаа сайжирна гэж үзэж байгааг хэллээ. Сайдын хариултаас үзэхэд Үндэсний статистикийн газрын мэдээгээр 2017 оны байдлаар манай улсын нийт хүн амын 3.3 хувь буюу 130600 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхийн 42 хувь нь ядуу, 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвхөн 28 хувь нь хөдөлмөр эрхэлдэг, мөн 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй гэсэн мэдээлэл байдаг аж.

Тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн юм.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтов

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус Байнгын хорооны энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сард баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөхтэй холбогдуулан энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Ингэхдээ, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцах, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь дээрх хуульд заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд чиг үүргээрээ шилжиж, мал үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалтыг хариуцан ажиллах зохион байгуулалтын өөрчлөлт хийх юм байна.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат мал эмнэлгийн анхан шатны байгууллага нь орон нутагт ямар бүтэцтэй байх, хувийн мал эмнэлгийн нэгжүүдтэй хэрхэн уялдаж ажиллах талаар асуулт асууж тодруулсан юм. Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг гишүүний асуултад өгсөн хариултдаа, 2017 оны сүүлчээр батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиуд энэ оны 6 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Иймээс хуульд заасны дагуу малын эрүүл мэндийн асуудлыг төр мэдэлдээ авч, энэ үндсэн дээр босоо тогтолцоотой Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулахаар болж байгаа юм. Мөн малаа эрүүлжүүлэх, элдэв халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах үүднээс саяхан Засгийн газраас тогтоол гаргаж, жил бүрийн 5 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 20-ны хооронд малаа вакцинжуулах, уулга туулгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ бүгд нь мал сүргээ эрүүлжүүлэх, элдэв халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, малынхаа үүлдэр угсаа, таваарлаг чанарыг сайжруулж ашиг шимийг нь нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн бодлогын чухал зохицуулалт гэдгийг хэллээ.

Мөн Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг одоогоор улсын хэмжээнд хувийн мал эмнэлгийн 998 нэгжид 1493 малын эмч ажиллаж байгаа. Ирэх сарын 1-ээс хууль хэрэгжиж эхэлснээр бүх суманд гурван орон тоотой мал эмнэлгийн тасаг байгуулагдаж, малын өвчлөл, эрүүл мэндийн асуудлыг олон жилийн тандалт судалгаанд үндэслэн хэтийн зорилт, чиглэлтэй хэрэгжүүлэх ажлыг хариуцаж, хяналт тавьж ажиллах юм. Мөн хувийн мал эмнэлгийн нэгжүүд хэвээр ажиллах бөгөөд орон нутгийн мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдтэй гэрээний үндсэн дээр хамтарч ажиллана гэлээ.

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. Гишүүний горимын санал дэмжигдсэн учраас “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Ёс суртахуунаа эрхэмлэе” ёслол боллоо

Зуны эхэн сарын шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр (2018.05.29) Бурхан багшийн Их дүйчэн буюу эхээс мэндэлсэн, бурхны хутгийг олж төгс гэгээрсэн, жанч халсан гурван их үйл давхацсан өдөр тохиож,Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд “Ёс суртахуунаа эрхэмлэе” хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа боллоо.

Бурхан багшийн үйлс, зохионгуйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас тунхагласны дагуу 2000 оноос олон улсын баяр болгон тэмдэглэж ирсэн Их дүйчэн өдрийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож үг хэлэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын Үндсэн хуульд төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ, төр, шашны үйл хэргийг төрийн хуулиар тогтоон зохицуулна гэж заасныг онцлоод, олон зуун жилийн туршид тахин шүтэж ирсэн бурхны шашны түүх, соёл нь Монгол төрийн түүх, соёлтой олон талаараа холбоотой. Тиймээс үндэстэн оршин тогтнох явдал бол шашныхаа түүх, соёлыг дээдэлж, үйл хэргийг нь дэмжих явдал гэлээ.

Хүндэтгэл ёслолын энэхүү үйл ажиллагаанд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Шашны дээд сургуулийн захирал, да лам Х.Бямбажав, гавж Ё.Амгалан тэргүүтэй лам хуврагууд оролцож, Бурхан багшийн рэнсэл буюу лагшин шүтээн залах, Соёмбот туг өргөх ёслолыг зохион байгуулав.

Төр, засгийг төлөөлж оролцсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нар лам хувраг, сүсэгтэн олонд баяр хүргэж үг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Траян Лауренцю Христеа Ерөнхийлөгч Х.Баттулгад ИЖБ-ээ өргөн барив

Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны наймдугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтож, Европын Холбооны Төлөөлөгчийн газар манай улсыг Бээжингээс хавсран ажиллаж байгаад 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байсан юм.

Харин ноён Траян Лауренцю Христеа өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар Европын Холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайд болж байна.

Ноён Траян Лауренцю Христеа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Итгэмжлэх жуух бичгийг богино хугацаанд хүлээн авсанд талархаад оюутан ахуй цагаа өнгөрөөж байсан улсдаа эргэн ирж байгаадаа талархаж байгаагаа хэллээ. Мөн Европын Холбоог төлөөлөн Элчин сайдаар суух хугацаандаа худалдааны харилцааг хөгжүүлэх асуудалд нэн тэргүүнд анхаарч, хоёр талын хамтын ажиллагаанаас гадна бүс нутгийн хэмжээнд хамтрах, нийтлэг үнэт зүйлс болох сайн засаглал, хууль эрх зүй, хүний эрхийг хамгаалах тал дээр хичээл зүтгэл гарган ажиллахаа хэллээ.

Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Траян Лауренцю Христеа ажлын амжилт хүсээд ирэх жил тохиох Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд бодитой ажил хийж, үр дүнтэй угтахыг хүсэв. Мөн Монгол Улсад суралцаж байсан эдийн засаг, нийгмийг сайн мэддэг хүн Элчин сайдаар томилогдсон тул хамтын ажиллагаанд богино хугацаанд дэвшил гарна гэж найдаж буйгаа хэллээ. Түүнчлэн хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, дулаарал буюу цөлжилт зэрэг Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлж, Европын Холбооноос Монгол Улсад явуулж байгаа төсөл, хөтөлбөрт анхаарч ажиллахаа хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулах тухай

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар нь нийслэлийн хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарыг сургах, хөгжүүлэх, тэдний мэргэжил арга зүй, туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлж, мэдээлэл солилцох харилцааг нэмэгдүүлэх замаар ажлын ур чадвар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хороо, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ өгөх ажлыг хариуцан хэрэгжүүлэх Сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд/ТББ/-ийг сонгон шалгаруулна.

Сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага нь 3 доошгүй мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн багтай байна. Багийн гишүүдэд тавигдах шаардлага:

1.1 Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, зөвлөх– 1

1.2 Хууль зүйн үндсэн мэдлэг, зөвлөх-1

1.3 Судалгаа хийх, судалгааны арга зүй, зөвлөх -1

Үргэлжлэх хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

  1. Нийслэлийн хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарын харилцан туршлага солилцох үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой хасгийн ахлагч нарын дунд үе шаттайгаар хэлэлцүүлэг семнар зохион байгуулах
  2. Нийслэлийн хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ажлын байран дахь сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
  3. Нийслэлийн хороодын ажилтан, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагаанд гарсан шинэлэг ололт, мэдээ мэдээлэл, тэргүүн туршлагуудыг харилцан солилцож, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх.
  4. Холбогдох нутгийн захиргааны байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр сургалт, семинар, зөвлөгөөн зохион байгуулах

5.Сургалтын гарын авлага, сургалтын материал болон холбогдох материал, слайд, дасгал, жишээ, арга зүйн зөвлөмж, ажил хэргийн лавлагаа материалыг вэб сайт болон бусад хэлбэрээр тасралтгүй хүргэх.

  1. Нийслэлийн хороодын ажилтан хэсгийн ахлагч нарт иргэдийн амьдрах орчин, шинэ санал санаачилгыг дэмжих, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулах зэрэг чиглэлээр ажлын аргабарил эзэмшүүлэх.
  2. Нийслэлийн хороод, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг үнэлэх үнэлгээний арга аргачлал боловсруулах
  3. Нийслэлийн хороод, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагаатай ажлын байранд нь очиж танилцах замаар хөндлөнгийн үнэлгээ өгөх

Мэдүүлгээ ирүүлж буй этгээд нь уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доор дурдсан материалуудыг дугтуйд хийж битүүмжлэн дараах хаягаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ.

Үүнд:

  • Байгууллагын товч танилцуулга
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт
  • Багт ажиллах гишүүдийн анкет, холбоо барих утас
  • Хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөгөө
  • Үйлчилгээ үзүүлэх үнийн санал

Мэдээлэл авах

Утас: +976 11 322172

И-мэйл: battulga.ts@ulaanbaatar.mn

Хаяг: Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Categories
мэдээ улс-төр

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2018.05.29/ хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн боловсруулсан бөгөөд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгохоор тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамын харгалзах оноог шинэчилж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрах хүрээг тогтоох, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөн, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах, цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттай нэмэгдүүлэх, цаашид хүүхэд бүрт олгох асуудлыг судалж, саналаа холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Хуулийн төслүүдэд нийслэлийн дагуул хот, дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн дагуул хот, дэд төвүүдэд шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас тодорхой хугацаагаа чөлөөлөх, жуулчны худалдан авсан бараанд ногдох НӨАТ-ыг буцаан олгох, дүүргийн төсвийг батлахдаа хүн амын тоо, нягтрал, эдийн засаг, нийгмийн цогцолборын онцлогийг харгалзан үзэх асуудлуудыг тусган боловсруулсан байна.

Түүнчлэн НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагын бүс нутаг хариуцсан салбар, төлөөлөгчийн газар, олон улсын бусад байгууллагын байрлаж байгаа байрыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр төсөлд тусгажээ.

Ингэснээр нийслэлийн хэт төвлөрлийг сааруулж, олон төвт, суурьшлын оновчтой тогтолцоонд суурилсан хот байгуулах, дэд төв, дагуул хотуудыг хөгжүүлнэ хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэнгадаадын жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг тодорхой тохиолдолд буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлснээр Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёлын төв болгох арга хэмжээг хэрэгжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна.

Нийслэлийн дагуул хотоор Багануур, Налайх дүүргийг зарлаж, нийслэлд Сэлбэ, Баянхошуу, Дамба, Яармаг гэх мэт найман дэд төвийг байгуулах юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хотын төвлөрлийг сааруулж, үйлдвэрүүдийг хотоос гаргахыг дэмжиж байгаа ч дагуул хот, дэд төвүүд рүү нүүн үйл ажиллагаа явуулах болсон аж ахуйн нэгжүүдийг 10-20 жилээр татвараас чөлөөлснөөс улсын төсвийн орлогод нөлөөлөх сөрөг зүйл гарч болзошгүй хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, нийслэлдээ арьс шир боловсруулж, барилгын материалаа үйлдвэрлээд байж байгаа улс Монголоос өөр байхгүй. Тиймээс боловсруулах үйлдвэрүүдээ хотын төвөөс гаргах, нийслэл хотынхоо хэт төвлөрлийг сааруулахын тулд татварын бодлогоор зохицуулахаас аргагүй. Ингэж байж дагуул хот, дэд төв, хөдөө орон нутагт ажлын байр бий болж, хөгжих учиртай хэмээсэн.

Анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд татварын хөнгөлөлттэй холбоотой хуулиудын дагаж мөрдөх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоох тухай саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болсон юм.

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Мөн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хороны 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот тогтоолоор дээрх хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулан байгуулсан юм.

Тус ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.

Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар дараахь зарчмын саналуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд тусгагдсан “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэнэ” гэж өөрчлөх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ.

Түүнчлэн хуулийн 24.1 дэх хэсгийг “Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөхтөлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ” гэж өөрчлөх саналыг ажлын хэсэг дэмжсэн байна.

Тогтоолын төсөлд Монгол Улсын хэмжээнд батлагдсан бүх салбарын зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх болон 2019 оны төсвийн тухай хуулийг боловсруулахдаа Төсвийн тухай хуульд нийцүүлэн батлагдсан зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгахгүй байх зэрэг асуудлыг тусгасан байна.

Хуульд оруулах нэмэлтийг 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ хэрэгжүүлж амжих эсэхийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн лавласан бөгөөд Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд хэрэгжүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хариулсан юм.

Ингээд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.