Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Оюу толгой болохгүй байна гэсэн популизмаар асуудалд хандаж болохгүй

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тогтоолын төслийг Засгийн газрын төсөлтэй нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй гэж Их хурал үзсэн. Тиймээс хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг 100 хувь, 80 хувь олгох хуулийн төслүүдийг нэгтгэж, ажлын хэсэг байгуулахаар боллоо. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж байна уу?

-2016 оны УИХ-ын сонгуульд манай нам нийгмийн халамжийн чиглэлээр болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасны нэг нь бол хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудал байсан. Иймдээ ч сонгуулийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулан батлахдаа хөтөлбөрийн “3.3.12-т Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоно” гэж тусгасан. Гэсэн хэдий ч биднийг Засгийн газраа байгуулан ажиллах үед эдийн засгийн нөхцөл байдал хүн байсны улмаас ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй болсон юм. Энэ хүрээнд зарим тусламж үйлчилгээг танахаас өөр аргагүй байсан. Иймээс хүүхдийн мөнгөнд тодорхой хязгаарлалт тогтоосон. Харин 2018 оноос эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувь буюу нийт 684 мянган мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум төгрөг тусгасан. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газраас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох, Ерөнхийлөгчийн зүгээс бүх хүүхдэд олгох гэсэн тогтоолын төслүүд УИХ-д өргөн мэдүүлсэн. Бид энэ асуудлыг хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь бол хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох нь зөв. Энэ халамж гэхээсээ илүү хүн ам зүйн бодлого агуулсан чухал асуудал байгаа юм. Төсвийн орлого нэмэгдсэн, эдийн засгийн байдал сайжирсан үед энэ мөнгийг олгох ёстой. Өнөөдрөөс эхлэн бүх хүүхдэд мөнгө олгохоор болоход төсөвт суулгасан байгаа мөнгөн дээрээ 17 орчим тэрбум төгрөг нэмэхэд бүрэн олгох боломжтой. Харин энэ мөнгийг олгоход төсөвт тодотгол хийх шаардлагатай юу, тодотгол хийлгүйгээр нөөц бололцоогоо ашиглан олгох боломж юу байна вэ гэдгийг Засгийн газар судлан үзэж хэрхэн шийдвэрлэх саналаа яаралтай танилцуулах шаардлагатай байгаа юм.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахаар Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Өмнө нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг нэг, хоёроор нь огцруулах албан бичгийг Их хуралд оруулж, түүнийг нь хэлэлцдэг байсан. Харин Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас энэ нь Засгийн газар кабинетаар ажиллах боломжгүй болгож байна гэж үзээд хуулийн заалтыг хүчингүй болгосон. Ардчилсан намын бүлэг өнөөдөр сөрөг хүчний байр сууринаас асуудалд хандаж байгаа. Тэд өнөөдөр нийгэмд чөдөр тушаа болж буй зүйлсийг хэлж, засч залруулах үүрэгтэй байдаг. Гэхдээ үүнийгээ хууль зүйн хүрээнд хийж байна уу. Эсвэл хууль зүйн хүрээнээс давсан зүйл хийж байна уу гэдэг нь тусдаа асуудал. Хуулиараа сайд нарыг нэг нэгээр нь огцруулж болохгүй гэчихсэн болохоор огцруулахдаа тулбал Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярина.

Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар сайд нарыг огцруулах эсэх асуудал нь Засгийн газрын кабинетийн өөрийнх нь бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх ёстой. Хууль зөрчсөн гээд үзэх юм бол Ерөнхий сайдад хоёр сайдаа огцруулах эрх нь бий. Хэрэв хууль зөрчөөгүй байна гэх юм бол хоёр сайдыг огцруулах шаардлага байхгүй.

-Оюу толгойн гэрээг шалгах Ажлын хэсгийг Их хурлаас байгуулсан. Оюу толгойн гэрээг тойрсон баривчилгаа явагдсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Бид Оюу толгойн гэрээнд болгоомжтой хандах ёстой. Өнөөдрийг хүртэл монголчууд Оюу толгойн гэрээ шиг ийм том олон улсын хэмжээний гэрээ байгуулаагүй байна. Оюу толгой болохгүй байна гэсэн популизмаар асуудалд хандаж болохгүй.

Оюу толгой төсөл олон улсын гэрээний дагуу бүх зүйл нь хийгдсэн. Олон улсын гэрээний хууль тогтоомжийн хүрээнд бид тухайн үедээ гэрээ байгуулаад цаашаа явна. Энэ гэрээндээ тодорхой нэмэлт, өөрчлөлт хийж болно. Хоёр тал хэлэлцээний ширээний ард суугаад тухайлбал, татвараа нэмье, ажиллах хүчээ нэмэгдүүлье, рояалтигаа нэмье ч гэдэг юм уу хоёр талаас харилцан ярилцаад гэрээнд өөрчлөлт оруулж болдог. Түүнээс биш Монгол Улс, Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчийг хөөж болохгүй. Яагаад гэхээр Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн 34 хувийг эзэмшиж байна. Оюу толгойн гэрээ анх байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл таван гэрээ эрх зүйн баримт бичиг байгуулсан байдаг юм билээ. Эдгээрээс олны анхаарлыг татаж байгаа нь 2009 онд байгуулсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байдаг. Нөгөөх нь бидний хэлж заншсанаар Дубайн гэрээ л дээ.

-Дубайн гэрээ чинь нэмэлт, өөрчлөлт орсон гэрээ мөн биз дээ. Сүүлийн үед эргэлзэхээр янз бүрийн тайлбарууд гарах боллоо…

-Дубайн гэрээ чинь анхны гэрээний салшгүй нэг хэсэг нь. Анхны гэрээн дээр нэмэлт, өөрчлөлт ороод явсан зүйл. Түүнээс дангаараа биеэ даасан хууль эрх зүйн баримт бичиг биш. Эхний гэрээгээрээ Монгол Улс 30 жилийн дараа өөрийн хувь хэмжээгээ нэмэгдүүлж 51 хувь болгоно. Хөрөнгө оруулагч эхний ээлжинд оруулсан хөрөнгөө нөхөх хэмжээний зүйл хийнэ.

Наана нь ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулагчдыг хөөх юм бол бид тухайн үед гэрээ байгуулж байснаасаа илүү алдагдал хүлээнэ. Учир нь Монгол Улс өөрөө нөхөн төлбөрөө төлж таарна.

Олон улсын гэрээ эрх зүйн хүрээнд нөхөн төлбөрийг яаж төлдөг вэ гэхээр зах зээл дээр байгаа тухайн компанийн үнэлгээгээр нөхөн төлбөрөө төлдөг. Тухайн үед тэр долоон тэрбум ам.доллар Монголд оруулж ирсэн бол бид долоон тэрбум ам.долларыг төлөхгүй. Харин эсрэгээрээ энэ олон улсын компани нь олон улсын хөрөнгийн бирж дээр ямар үнэлгээтэй байна вэ гэдгийг тооцно. 70 тэрбум ам.доллар байвал манай улс долоо биш 70 тэрбум ам.долларын нөхөн төлбөрийг төлнө гэсэн үг.

-Хэрэв тийм зүйл болбол эдийн засагт нэлээд хүнд цохилт болох юм байна даа…

-Бид 34 хувьдаа ногдох хөрөнгө оруулалт оруулах нь бүү хэл, түүнийгээ зээлээр өгч үндсэндээ зээлийн хүүдээ идэгдээд явж байгаа. Ийм нөхцөлд 70 тэрбум ам.доллар бүү хэл долоон тэрбум ам.долларынхаа асуудлыг шийдэж чадахгүй. Тиймээс манай орны эдийн засагт ашигтай хувилбар лав биш.

-Оюу толгойн гэрээг зогсоох хүсэл сонирхол бүхий хүмүүс байна уу. Хэтэрхий их улс төртэй холбоод зах замбараагүй байдал руу яваад байгаа юм биш үү. Улс төрийн өс хонзон авах байдлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг баривчилсан байж болох уу?

-Анх гэрээ байгуулагдаж байхад парламентад байсан гишүүд одоо ч сууж л байна. Нэг хэсэг нь 34 хувь нь болж байна гэж байхад нөгөө талд нь рояалтигаа нэмэхэд болно гэж ярьж байсан хүмүүс нь ч байна. Оюу толгойг бид улс төрийн өс хонзон авах байдлаар биш эдийн засгийн үр өгөөж талаас нь харах хэрэгтэй. Одоо бол олон улсын гэрээ эрх зүйн байдлын шаардлагыг хангасан байгаа. Харин эдийн засаг талаасаа хоёр тал бие биедээ харилцан буулт хийж байж цаашаа явна. Ингэхгүйгээр Оюу толгойг бүр зогсооё гэх юм бол Монгол Улс энэ их өр төлбөрийг яаж барах юм. Үүний цаана ямар аймшигтай эрсдэл байгааг хэн ч тааварлашгүй нөхцөл байдал үүснэ. Өмнөх өр төлбөрөө төлж чадахгүй хэцүүхэн байдалд байгаа манай улсын хувьд дахин нэмж өр төлбөр төлнө гэвэл энэ улс чинь хаашаа харж унах юм бэ. Дампуурахаас наашгүй болно биз дээ.

-Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг та ахалж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт гарч байна уу?

-Ажлын хэсэг саяхан байгуулагдсан болохоор одооноос ажлаа эхэлж байна. Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв, ЦЕГ-аас эхлээд Архидан согтуурахтай тэмцэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор албан байгууллагуудтай танилцаж байгаа. Ажлын хэсэг 21 аймаг, есөн дүүрэгт мэдээж очиж ажиллаж чадахгүй. Тиймээс бүсчилээд ажиллах юм. Баруун, зүүн бүс, төвийн бүс гэх мэтчилэн бүсчилж ажиллаад хуулийн хэрэгжилттэй холбоотой санал дүгнэлт гаргана.

Ажлын хэсэг дэргэдээ дэд ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа юм. Тус ажлын хэсэг нь орон нутагт архинд хэт хамааралтай болсны улмаас амьдралаа, гэр бүлээ, найз нөхөд өөрт байгаа бүхнээ алдсан тэр хүмүүсийг хамруулан сургалт явуулж, архи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх хор хөнөөлийг ойлгуулах тал дээр анхаарал тавьж ажиллана. Нэг үгээр хэлбэл соён гэгээрлийн чигийн дэмжлэг тусламж үзүүлэхэд анхаарна.

Хуучин АА гэж нийгэмлэг байдаг байлаа. Өмнө нь өөрсдөө архинаас хамааралтай байсан хүмүүс учраас бусад хүмүүсийг архинаас гарахад илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг юм билээ. Тиймээс эхний ээлжинд хэд хэдэн аймаг, дүүрэгт тодорхой ажлууд явуулах хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа.


Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 2-нд болох үйл явдал

08.30 цагт Үндэсний номын санд “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний хүрээнд “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт болно.

08.30 цагт Нийслэлийн иргэний танхимд “Төсөл хөтөлбөр, маркетинг, бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүй” сургалт болно.

09.00 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн байранд ТӨБЗГ-аас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нягтлан бодогч нарт зориулсан сургалт, семинар зохион байгуулна. Утас: 91918297

11.00 цагт “Хүннү Молл”-д “JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR’’ олон улсын бизнес үзэсгэлэнгийн нээлт болно.

10.00 цагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 88027947

10.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Хэвлэл мэдээлэл ба Тав дахь засаглал” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Пума зочид буудалд Монголын үндэсний бөхийн холбоонд үүсээд буй нөхцөл байдлын талаар улсын заан Мягмар нарын бөхчүүд мэдээлэл хийнэ.

11.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Төрийн түүхийн музейд “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний хүрээнд судлаач Н.Отгонбаатарын “Монгол ном бичгийн эрдэнэс” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хүний төлөө намаас жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд “Уурхайчдын спортын их наадам-2018”-ын нээлт болно.

15.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакторуудын зөвлөгөөн болно.

15.00 цагт Багш хөгжлийн ордонд “Тогтвортой хөгжлийн анхдугаар олимпиад-2018″-д тэргүүлсэн шилдэг сурагч, сургуулиудад шагнал гардуулах ёслол болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “В” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

09.30 цагт “Их жанжин Сүхбаатар” танхимд “УИХ-ын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага” хэлэлцүүлэг болно.

12.00 цагт “Их жанжин Сүхбаатар” танхимд УИХ-ын эмэгтэй гишүүд Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Сувилагчдаа сонсоё” хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11.30 цагт Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Цэцгийн баяр 2018” өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Гэгээн Муза-14” уралдаан болон “Өндөр Гэгээн” дуулалт жүжгийн талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Дөнгөтийн Цоодол:“Горькийн сургуульд Дашзэвэгийн Сэнгээгээс би хуулж явлаа” гэж Гамзатов хэлж билээ

Түрүүч нь №081(5924) дугаарт

Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолтой ярилцлаа.


-Та бид хоёр өмнөх яриандаа Удвал гуайгаа, Оюун гуайгаа дурссан. Одоо танаас Ламзавын Ванган гуайн тухай асуумаар байна?

-Ванган бол Явуу, Чимид, Гайтав гээд алтан үеийнхний жинхэнэ алтнуудтай холбоод тавьчихсан юм шиг сүжирч явсан суутан байлаа. Хэрвээ Ванган төрөөгүйсэн, Монголд тийм зохиолч байгаагүйсэн бол гэж бодоход аймаар санагддаг. “Түмний нэг”, “Тэмцэл”, “Өглөө” “Сэрэлт” кинонууд дэлгэцнээ гараагүй, “Эмч нар”, “Арвайн талд”, “Ач хүүгийн зүүд” жүжгүүд тайзнаа тоглогдохгүй нь лавтай. Тэр Монголын кино урлагт олны хайртай Бумаа буюу Цэвээнжав, ээдрээтэй цагийн ээдрээтэй эр “өгөр толгой” Гүрсэд гээд олон жүжигчнийг төрүүлсэн юм. “Энэ жаахан Ванган хэр баргийн зуун зохиолчтой тэнцэнэ” гэж Явуу үнэлдэг байсан. Ванган гуайг тэртээ жаран долоон онд анх харж билээ. Одоогийн хуучин төв эмийн сангаас зүүн хойхно гурван давхар байрны нэгдүгээр давхарт тэднийх суудаг байв. Мухрын өрөөндөө их том цагаан царсан ширээтэй. Түүний ард агуу их Ванган заларна даа. “Үер”-ийн Болд өвгөн буюу Сангижавын Гэндэн гуайтай хамт очсон юм. Гээнээ “Үхлээ, Вангүн гуай минь” гэж тоглоомоор ч юм шиг, үнэнээсээ ч юм шиг хэлж байсан. Өвгөн шартчихаад уулын бүлцгэр нүд нь улам бүлцийж нулимс нь цийлэгнэн хэцүүхэн байгаа нь илт. Ванган “Гээнээ минь тогт тогт” гээд л. Архинд явах боллоо, би гараад ирье гэтэл “Чи гарч яаж болохов. Манай зочин, дээр нь миний Явуугийн шавь” гэснээ гэрийн эзэн өөрөө могжгос гээд гарч билээ. Гээнээ надад сүүлд Ар жанчивлангийн амралтад байхдаа “Би чамд үүнийг өгье” гээд сарвайсан нь орос хэл дээрх Чеховын ном байсан. Ингэж би чинь Ванганы ачаар, бас Гэндэн гуайн ачаар Чеховтой золгосон хүн юм.

-“Цэцэн ханы их Лууяа” Дагвын Лувсаншарав гуайтай та ойр явсан. Лувсаншарав гуай Явуугийн хамгийн дотны нөхөр. Түүнээс мэдээж та багшийнхаа тухай олон л асуусан байж таарна?

-Лууяа тавин дөрвөн оны намар оройхон Москвад очжээ. Чайковскийн хөгжмийн дээдэд очиж байгаа нь тэр. Гэтэл сургууль нь авахгүй. “Манайд дөрөвдүгээр анги төгссөн хүн орно гэж байдаггүй юм” гээд маргаан дэгдсэн гэдэг. Зарим нь шоолж инээж, зарим нь бүр уурлах ч маягтай байжээ. Бүтэн сарын хугацаанд гуйсны эцэст ерөөсөө харья гэж шийдэн хувцас хунараа базаана биз дээ. Тэгтэл манай элчингийн Вандан гэдэг хүн “Чи яасан шантрамхай хүү вэ” гэж загнаад удахгүй нотны мэдлэг, удирдаачийн дадлага, төгөлдөр хуурын чадвар шалгана гэж хэлж л дээ. Гэвч Лууяа тэр бүхэнд бэлтгэхийн оронд гэргийдээ зориулан дуу бичихээр шийдсэн байгаа юм.

“Атар хээрийг чимэглэсэн

Алаг цэцгэнд би дуртай

Ариун хайрыг минь булаасан

Амраг чамдаа би хайртай…” гэх дөрвөн мөр бичээд ая хийчихэж. Яг тэр жил нь Горькийн сургуульд Явуу багш очиж таарахгүй юу. Лууяа Явуугаа Хулан гэж дууддаг байлаа. Өнөө дөрвөн мөрөө гүйцээгээд өгөөч гэж Хуландаа өгөхөд

“Холоос гүйдэлтэй борлог минь

Сулдаа ганхам жороо доо

Голоос хайртай амраг минь

Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа…” хэмээх бадгуудыг бичиж өгснөөр “Би чамд хайртай” дуу төрсөн түүхтэй. “Лувсаншарав, Авирын Чойжилжав бид нар бүтэн сайнд цуглаж өрөөндөө үдэшлэг хийдэг байлаа” гэж Явуу дурсдаг сан. Тэр хэд дээр Сайд нарын зөвлөлийн орлогч болсон Сүрэн, мөн ардын жүжигчин Дугарсанжаа нар нэмэгдэж ирдэг байж. Энэ тухай Лууяа “Хулангийн шүлгүүд Орост их орчуулагдана. Шагнал их авна. Бидэнд ирсэн тарваган малгай, савхин дээл энэ тэрийг Сүрэн дорхон нь зарна. Дугарсанжаа Москвагийн радиод нэвтрүүлэг уншиж мөнгө олно. Бид мөнгөтэй балхалзаж байлаа. Явуу архийг шилээр нь авахгүй, арав арваар нь, саваар нь авна. Монгол орос охид өрөөгөөр нь холхино. Тэд Явууд л хандарна. Даанч манай хүн урамгүй л дээ. Төгсөхдөө Хулан маань Бээжин ресторанд аварга дайллага хийсэн. Евгений Долматовский, Лев Ошанин гээд олон зохиолчид оролцсон” хэмээн нөхрийнхөө тухай ярьж байв. “Хулан минь, сайн анд нөхөр минь наян хоёр оны дөрөвдүгээр сарын тэр өглөө манайхаар сүүлчийн удаа орсон юм даа” гээд Лууяа хоолой нь зангирч, гоё мөнгөн гаансаа гаргаад тамхи нэрэн сууж билээ. Явуу багш Лууяа хоёр дөч гаруй дуу хийсэн гэдэг шүү. Явуу багш шүлгийг удаан бичдэг хүн. Харин хамгийн хурдан бичсэн шүлгийн нэг нь Лууяагийн “Эх орон бат оршиг” магтуугийн шүлэг юм билээ.

-“Хүн болгонд өөр өөрийн Цэдэндорж байдаг биз ээ” гэж та хэлж, бичиж ч байсан. Таны Цэдэндоржийн тухай асууя?

-Тийм ээ, надад бас өөрийн гэсэн Цэдэндорж байдаг. Нэрт яруу найрагч, орчуулагч, соён гэгээрүүлэгч хэмээх эл эрхмийн европ зүгийн ногоон цэнхэр нүд, шар царай, сайхан хүрэн хөмсөг, хууз сахал, дөлгөөн яриа түүний тухай санах бүрийд эргэн дурсагддаг юм. Жаран гурван оны зун билүү дээ. Нэг их бороотой өдөр Төв аймагт дэлгүүрийн өмнө, онгойхыг нь хүлээн шалба норчихсон зогсож байсан залуухан Цэдэндоржийг би мартдаггүй. Хажуу тийш самнасан богинохон үснээс нь ус гойжиж, нүдний зузаан шилээ олонтаа арчиж байв. Хажууд нь зогсоо шөвгөр хамартай, нүүр нь ер бусын олон үрчлээстэй бор хүнийг Донровын Намдаг гуай, дугуй хар малгайтай, ганган ширвээ сахалтай, данхар цагаан эрийг Зон-Пай-Жингийн Баттулга гэдгийг олны ярианаас ойлгож авсан. Шүлэглэх өвчин ид гаарч, зохиолчидтой танилцаж байна гэж зүүдлэх нь холгүй явсан хөдөөгийн шалчгар банди тэр гурван аваргатай ганц үг ч сольж чадаагүй нь үнэн. Орос Есенин, Горький, америк Уолт Уитмен, шотланд Бернс, хятад Лу Синь, куба Николас Гильен гээд дэлхийн үгийн сайчуудаас шилж орчуулсан Цэдэндорж “Амьд голтой мөртлөө үхсэн хатсан юм шиг хүн байх юм. Үхсэн хатсан мөртлөө амьд юм шиг хүн байх юм” хэмээн хүмүүст сануулж, “Хүйтэн хүйтэн л гэнэ. Хүний сэтгэлээс илүү хүйтэн нь хаана байна” хэмээн цөхрөн гайхаж байсан юм. Үүгээрээ тэр Раавиндраанат Таагүүрийн хэлсэнчлэн “Ертөнцийн агуу их сониуч хүүхэд” байжээ гэж бодогддог. Энэ нийгэм, хүмүүс нэг л болохгүй байна гэдгийг хэлж, өөрийг нь ад үзсэн нөхдийн өөдөөс “Хүнийг алж болно, хүний ялж чадахгүй” гэх Эрнест Хэмингуэйн үгийг иш татах дуртай байсан. Тэртээ далан оны тавдугаар сарын нэгэн. Майн баярын өдөр. Анхны ном “Нутгийн зургаан өнгө”-өө угааж явсан надад бүр чиг давхар баяр байхаас яахав. Уг номын эхийг яруу найргийн зөвлөлөөр хэлэлцэхэд Цэдэндорж “Нутгийн зургаан өнгө” гэж нэрийг өгсөн байдаг. Анхны бүтээлийн нэр хайрласан түүнд хүндэтгэлтэй очлоо. Дөчин мянгатын байранд нь хүрч очиход цонхоор хаврын нар ээн, номоор дүүрэн дулаахан өрөөнд сууж Цэдэндоржийн яриаг сонсохдоо би өөрийгөө юу ч мэдэхгүй, яруу найрагч болох гэсэн омголон хүслээс өөр зүйлгүй хийсч яваагаа айхтар мэдэрч билээ. Ийм аз тавиланг надад хайрласан. Дараахан нь тэрээр манайхыг Төв аймагт байхад зочилж “Би чамд бурхан авчирлаа” хэмээн хүрэн ширэн цүнхнээсээ хагалбар халимагтай Сергей Есениний хөргийг гаргаж ирсэн. Бурхнаас авсан бурхан тэр хөрөг одоо миний шүтээний нэг гэж хэлж болно. Ингээд бодох нь ээ, энэ утга зохиол, Монголын яруу найраг надад бүх юмыг өгсөн. Хариуд нь би юу өгөв гэхээр тэр нь харин чамлагддаг. Олон сайхан юмны нэг нь тэнгэрлиг найрагч ах нар маань юм. Тэдний нэг нь Мишигийн Цэдэндорж гарцаагүй. Бас нөгөө нь овог ижил Мишигийн Ширчинсүрэнг би хэлнэ.

-Дэндүү тунгалаг хүн байсан гэж Ширчинсүрэн найрагчийг та хэлдэг?

-Үнэхээр тунгалаг гоё хүн. Тоос шороотой орчлон дээр чинь насан туршаа тунгалаг явна гэдэг амаргүй л дээ.1966 оны зургадугаар сарын 17-нд Явуу багш, Сүрэнжав хоёр галлагаатай ганц өрөөнд минь ирээд, би тэр өдөр тэнгэрийн дор багтахгүй л амьтан болж хоцорсон. Явуу багш “Бид Сэргэлэн сумын клубт шүлэг унших гэж байна. Чи очиж манай нөхөдтэй танилцахгүй юу” гэлээ. Надад тэр том зохиолч, найрагчидтай танилцах зүрх хүрэхгүй. Намайг тэд мэдэхгүй юм чинь. Сая л гэртээ Явуу багштай уулзсан хүн. Очлоо. Лхамсүрэн гуай нэлээн хождоод хятад далбагар сийрсэн малгайгаар даллаад, сансрын нисгэгч бууж ирж байгаа юм шиг мундаг орж ирсэн. Цэдэндорж, Дашдооров гээд бузгай бүгдийг харлаа. Ширчинсүрэн гэж цав цагаан костьюм, цагаан ботинк, тас хар үс, цагаан чулуун шилтэй, царай нь цав цагаан тэр миний харцыг булаалгүй хаачихав. “Өрөлт миний төрсөн нутаг” гээд тунгалаг гоё хоолойгоор уншлаа. Яруу найрагч гэдэг чинь ийм гоё хүн байдаг юм байна гэж эрхгүй бодсон. Гаднах өнгө нь тийм байтал удаа ч түүний сэтгэл нь цагаан, тунгалаг болохыг нь мэдэрсэн. Би ахаа гэж хүндэтгэж, намайг дүүгээ гэж хайрласан юм. Москвад байхад нь Долгорын Нямаа, Пүрэвсүрэн бид очиж хоолыг нь хороож л байлаа. “Гангар шаазан”, “Хайр”, “Ган” гээд жигтэйхэн сайхан дуулиуд бичсэн. Дуулийн тухай яриа хөөрөө болоход Ширчинсүрэнгийн нэр байхгүйд би харамсдаг юм. Дашзэвэгийн Сэнгээгийн гаргасан хэдэн хүний нэг. Явуу, Эрдэнэ, Мягмар, Ширчинсүрэн, Пүрэвдорж гээд бодохоор Сэнгээ хүн танихдаа хосгүй хүн байж шүү.

-Төрийн шагналт найрагч Цэгмидийн Гайтавын тухай “Монголын найргийн улаан алмааз эрдэнэ” гэж та нэгэнтээ бичсэн санагдана. Гайтав гуайн тухай бас л асуулгүй өнгөрч боломгүй…?

-“Улаан алмааз эрдэнэ”-ийн тухайд бол би хэлээгүй юм аа. Дэндэвийн Пүрэвдорж хэлсэн юм. Мань аварга “Гайтавыг намын дуучин байсан мэтээр ойлговол худлаа л даа. Тэгж ярих юм бол чиний дууч байсан гэж залууст хэлмээр байна. Улаан хамарт, ер нь улаан л гээд байдаг. Яг жинхэнэдээ улаан алмааз эрдэнэ юм шүү дээ” гэж хэлж билээ. Айхтар онож хэлж байгаа юм шүү. Үнэндээ Гайтав бол монголчуудын дунд хувь заяагаар төрсөн эрдэнэ байсан. Түүн шиг шударга, бэлэн цэцэн хүн ховор. Би гэдэг жулдрай Төв аймгийн залуучуудын эвлэлийн хороонд байхдаа Гайтав гуайг нутагтаа урилаа. Хотоос машинаар ирж авч байлаа. Уулзалтын төгсгөлд “Залуучуудын марш” дууг нь дуулсан юм. “Уул харагдвал давж гарна, үүл харагдвал ярж гарна…” гээд гоё дуу. Гайтав гуай өөрөө босч зогсоод амаа том ангайгаад дуулж байхыг нь дэргэдээс нь харж зогссон. Би дотроо их настай хүн юм байна гэж бодож байлаа. Хожим бодох нь ээ, 36-тай л байж. Тэгж л нүүр нүүрээ харалцсанаас хойш гэрээр нь олон ч орж гарсан. Шатар нүүгээд л сууж байна. Манай Банхар (Пүрэвжавын Пүрэвсүрэн) тэр хоёр шатар нүүнэ. Пүрэвсүрэн ууж идээд ажлаасаа донго их хүртэнэ. Гайтав өнөөхөө Донгоосүрэн гээд нэрлэчихсэн, бушуу нүүгээч, хожигдохын хооронд бодохын хэрэг байна уу гэж хорыг нь хусна.

-Базарын Цэдэндамбаа гэж хүнгэнэсэн хоолойтой, олонтой гэж жигтэйхэн, яасан ч гоё хүн байгаа вэ. Та бол Дамбаадаа их хайртай даа?

-Дамбааг мориндоо дөрөөлчихлөө гэж дуулаад Зохиолчдын хороо, радио телевизийн хороо яана даа гэж бодож байлаа. Гэхдээ хорвоо болдог л хойно. Миний тухай ямар нэгэн яриа болоход заавал ч үгүй Дамбаагийн тухай дурсагдаж байгаасай гэж би боддог. Ингэхэд би чинь Цэдэндамбааг гэрлүүлчихсэн хүн. Б.Шаравнямбуу гэж найруулал сайхан бичдэг зохиолч байсан юм. Би зохиолчдын хорооны Залуу зохиолчдын зөвлөлийн дарга байхдаа түүнийг хариуцаж эвлэлд элсүүлсэн ухаантай. Тэрхүү ерөөлийг бодсон уу, мань нөхөр нэг өдөр Эрдэнэ баавай, Ц.Хасбаатар, Ж.Бямбаа, Цэдэндамбаа бид хэдийг гэртээ урилаа, мундаг ч дайллаа. Оройхон явах болоход Цэдэндамбаа “Би ч явъяа” гээд 30-ийн хүрэн цуваа шүүрлээ. Тэр үед манай хүн ганц бие, аав нь бурхан болчихсон нэг л базаахгүй байсан. Дамбаад “Чи юундаа яардаг юм. Аажуу уужуу харина биз. Шаравнямбуугийн авгайн эгч, тэр намбатай шар авгай чамд мөн сайн байнаа” гэчихэв. Дамбаа өөдөөс “Яаж байна” гэлээ. “Үгүй ээ, чи энэ том зохиолч байж хүүхэн хүний нүдтэй ярьдаггүй юм уу” гэхэд “юм л ажигласангүй” гэнэ. Хариуд нь “Чи ч хэрэггүй болж байгаа юм байна, өтөлж байгаа юм байна” гэж хэлээд үлдээчихсэн. Түүнээ дараа нь би мартчихаж. Өнөөхтэй чинь нэг таартал “За хө учир ч ургасан даа” гэж билээ. Ингэж Дамбаа минь сайхан ханьтай болсон. Манай хүн бол аварга том зохиолч шүү дээ. “Алтан-Өлгий”, “Арван хоёр өнгө”, “Хадуур давтдаг шувуу” гээд дандаа л төрөлх Онон, Балж, Хулжийн голын нь ус аршаан үнэртэж, долгилох чимээ сонсогдмоор, тайгын нь өвс ногоо агаар салхи ханхалж, дүнжгэр дүнжгэр хөх дүнзэн байшин, хөглөгөр хөглөгөр өвс нурууд бадаг мөрүүдийнх нь хоорондуур харагдмаар сайхан номууд. “Гашилсан сүү” гэж алдартай найрууллыг нь би муухан туужаас дээр гэж боддог.

“Будан татаад униартсан

Буурал хангайн сайхныг ээ хө

Буурь нь хүртэл арилаагүй

Буянтай аавын минь нутаг даа

Цэцгийн гурван сардаа

Эцгийн нутгаар дайраарай…”. Ингэж л уянга ухаанаар эвлэн ундардаг сан. “Халхын зохиолчдоос Цоодол надад их сайн байдаг юм. Түүнтэй ойр яваарай” гэж Дашболхойн Дамбадаржаадаа уйлж байгаад хэлсэн гэдэг. Үнэндээ Дамбаа минь надад баярлалгүй яахав дээ. Хоёулаа баахан л ярилаа. Үеийнхнийхээ тухай бага ярих шиг боллоо. Дараа нэг үргэлжлүүлэх боломж гарна биз ээ. Ламжавын Лувсандорж, Бавуугийн Лхагвасүрэн, Бямбажавын Хүрэлбаатар, Довчингийн Отгонсүрэн, Дамбын Цэмбэл, Зундуйн Дорж, Тоомойн Очирхүү… ямар галтай амьтад гэж санана. Ихэнх нь өнөөдөр алга даа.

-Манай үеийнхэн гэснээс тэр жил Урианхай ах, Очирхүү гуай та гурав галт тэргээр Москва орсон дурсамж хөвөрдөг?

-1976 оны намар юм. Тэгж явахдаа Армений нутаг Казахын талд Гамзатовыг анх харж билээ.Цав цагаан толгойтой, ув улаан нүүртэй, мантгар улаан хүн “мусалманичууд аа” гэж хашгираад нэг гартаа коняк барьчихсан явсан нь Гамзатов байсан. Мэнд хүргээд “Та манай өрөөгөөр орохгүй юу” гэхэд дуртай яа зөвшөөрсөн юм. Тийнхүү алдарт дорнын Казахын талд Монголынхоо цагаан архийг задалж, “энэ их сайхан архи байна” гэж Гамзатов хэлээд гурван хундага тогтоосон шүү. “Монголчууд их сайхан хүмүүс. Би танай Удвалыг сайн танина. Дашзэвэгийн Сэнгээ манай ангийн хамгийн авьяастай хүн байсан. Би Горькийн сургуульд байхдаа Сэнгээгийн ард сууна. Зохион бичлэг элдэв шидийн юм ороход хуулдаг байсан. Заримдаа буруу ч хуулдаг байсан. Сэнгээ орос хэлэнд гаргуун. Хааяа Москвагийн радио руу явж мөнгөтэй болж ирээд биднийг даадаг байсан” гэж инээвхийлж билээ. “Монголчууд их сайн хүмүүс” гэж Гамзатов хоёр удаа хэлэхийг нь би сонссон. Очирхүү, Урианхай бид гуравт хэлсэн нь тэр. Сүүлд 1989 онд Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн 50 жилийн ойгоор очихдоо сонссон юм. “Москва” зочид буудалд очиход Гамзатов хаалгыг нь онгойлгож чадахгүй, их согтуу байж билээ. Монголоос Дожоогийн Цэдэв, Дооров, Дашдоржийн Наваансүрэн гуай бид явсан. Хаалгыг нь онгойлгоод өгтөл “Та нар хаанахын хүмүүс вэ” гэж байна, бид монголчуудаа гэхэд “Их сайн хүмүүс, их баярлалаа” гэж билээ.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Өлзий-Орших: “Үүлэн цэнхэр хангай”-д дургүй хүн Ар, Өвөр Монголын хаана ч алга

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Өлзий-Оршихтой ярилцлаа.


-Та “Өдрийн сонин”-ыг анх байгуулагдахад баруун аймгуудаар манай сониныхонтой хамт явж сурталчилгаа хийж байсан гэсэн. Энэ тухай хуучилбал?

-1999 он юм. Гавьяат авсан жил минь юм байна шүү дээ. Би тэр жил Цагаан сарын баяраар гавьяат цолоо авч байлаа. Намар нь танай сониныхонтой хамт баруун аймгуудаар явж билээ. Их сайхан залуучуудтай хамт явж байснаа санаж байна. Тэр үед тутмын сонин олон байгаагүй юм. Төр улсдаа болоод ард иргэддээ хэрэгтэй юмыг хэн ярьдаг вэ, хэн чухал зүйл хэлдэг вэ гэдгийг ихэвчлэн сониноос л хардаг байлаа. Сүүлийн үед телевиз, мэдээллийн хэрэгсэл олон болчихсон болохоор сонин тэр болгон уншигдчихгүй болчихсон ч юм уу. Гэхдээ бидний залуу зандан, бага насанд мэдээлэл гэдэг юмыг сониноос л авч байсан учраас Монголын ард түмэн сонин хэвлэлийг үнэлэхгүй гэсэн ойлголт огт байдаггүй шүү дээ. Тэгэхээр сонин гэдэг хэрэгтэй. Телевиз харахад доогуур нь бичсэн тайлбар, өгүүлбэрийг уншиж амжихгүй, гүйгээд л өнгөрчихдөг. Тийм үед сониноо л уншиж байвал ямар ч үйл явдлыг төгс ойлгож, мэдээлэл авч чаддаг. Сонин гээч хүн төрөлхтөнд үнэхээрийн хэрэгтэй юм. Миний үе, бидний дээд үеийнхэн сониныг маш сайн мэддэг. Сүүлийн үеийн залуус өөр ямар нэгэн хэрэгслээр мэдээллийг авдаг учраас юм мэдэж байгаа. Гэхдээ өөрийн эх орон, өссөн төрсөн газартаа юу болж байгааг сонин уншиж байж л гүйцэт ойлголт авах ёстой гэж боддог.

-Олонд анх танигдаж байх үедээ ямар сонин хэвлэл дээр гарч байв. Өөрийнхөө тухай нийтлэл, мэдээ, ярилцлагыг сониноос олж уншина гэдэг бас сайхан байх шүү?

-Бидний голчлон уншдаг байсан сонинууд гэвэл “Хөдөлмөр”, “Намын үнэн”, “Улаан од” л байжээ. Бодож санаж яваагаа сониноор дамжуулж ард түмэндээ дуулгах нь зүгээр гэж боддог. Дараа нь харамсдаг нэг юм бий л дээ. Энд тэнд бохирын газар миний зурагтай сонин хэвтэж байхыг харахад сэтгэл өвддөг байж билээ. Одоо харин гайгүй юм биш үү, сонин газар хэвтээд байхгүй болж. Тэгэхээр хүмүүсийн ухамсар өөр болжээ гэж бодож явдаг юм.

-“Эр хүн ятгатай дуулах Монголын их амар амгалан…” энэ сайхан мөрт?

-Төрийн соёрхолт Ц.Бавуудоржийн шүлэг.

-Тэгэхээр та одоо ч ятгатай дуулж Монголын их амар амгаланг түгээсээр явна уу даа?

-Тэгж ойлгож болно шүү. Ятгатай дуулдаг минь миний хувь заяа, аз жаргал. Ятга хөгжмийн түүх чинь өөрөө их гоё. Ятгын эгшгийг сонссон хүн уярахгүй, сэтгэл хөдлөхгүй байна гэж үгүй. Ятга эмэгтэй хүн байсан гэдэг. Эр нөхөр нь дайнд мордох болоход хань ижлээ дайнд мордуулахгүй гэж хичнээн хичээсэн ч эх орон нь дуудаж байгаа учир аргагүй буюу явуулдаг. Ингээд өнөөх бүсгүй нөхрийнхөө өвөр дээр ятга хөгжим болсон гэдэг домогтой л доо. Сэтгэл шаналсан үе юм уу, эсвэл сэтгэл дундуур байгаа нийгмийн зарим ээдрээтэй үед ятгынхаа дууг сонсоод, ятгатайгаа дуулахад стресс тайлагдаж, нэг хэсэгтээ толгой амардаг. Яагаад гэхээр, ялангуяа урлагт олон жил болсон уран бүтээлч хүнд хөдөө очоод үнээ, мал адууны янцгаах дуунаар сэрэх адил тийм сайхан мэдрэмжийг ятгын аялгуу өгдөг. Ятгатай дуулж гарч ирсэн дуучин цөөхөн шүү дээ. Миний багш, ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэл, Н.Гэрэлт-Од гэж сайхан дуучин байсан, П.Адарсүрэн гэж бас гайхамшигтай сайхан дуучин байлаа. Сүүлийн үед Г.Мөнхбаяр гэж сайхан дуучин гарч ирсэн ч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Ганбат гэж бас нэг сайхан дуучин хүү гарч ирэх нь гэж байтал бас л бурхан болчихсон. Юмны хувь заяа гэж хэцүү юм. Заримдаа ятга гэж энэ гайхамшигтай хөгжим домгоосоо эхлүүлээд л яагаад ийм зовлонтой амьдраад байдаг юм бэ дээ гэж боддог юм. Би ятга хөгжмийн төлөө үргэлж санаа зовж явдаг. Ятгын мэргэжлийн хэдэн хүүхдүүдийг цуглуулаад Ятгын чуулга гэж жижиг юм байгуулсан. Гэтэл тэр чуулга маань төвхнөж, хөл дээрээ босоход хүндрэлтэй байна. Гэхдээ миний хувьд ямар ч байсан ятга хөгжим, ятгатай дуулдаг дуучдыг үгүй болгож болохгүй гэдэг юмны төлөө зүтгэж явна. Надад сайхан шавь нар бий. Эд нарын дундаас ятгатай дуулаад гарч ирэх хүүхдүүд байгаа. Тэрэнд би итгэж, гэрэлтэй сайхан ирээдүйг харж байна. Монголын ард түмэндээ үеийн үед ятга хөгжимтэй дуулдаг тэр гайхамшгийг л байнга сонсгож үзүүлж байгаасай гэж хүсдэг. Бэлэн хөгжим дагахгүйгээр, микрофон барихгүйгээр ард түмнийхээ өмнө ятгачдаа дэргэдээ суулгаад дуулж байх нь дуучин хүний ганц бахархал гэж боддог. Сүүлийн үеийн уран бүтээлчид ятгатай дуулдаггүй ч ятга гэдэг хөгжмийг үнэлдэггүй, дурладаггүй нэг ч хүн байхгүйд нь би маш их баярлаж явдаг юм.

-1970, 1980-аад оны тоглолтын бичлэгүүдийг харахад үзэгчид алга ташиж чаддаг, дуучид ч алга ташуулж чаддаг байжээ гэж харагддаг. Үзэгчдийн нижигнэсэн алга ташилт, дахиулах гэсэн тэр их хүсэлт одоо ч танд сонсогдох шиг болдог байх даа?

-Тэгэлгүй яахав. Маш их. Цэргийн “Соёмбо” чуулгаас Ардын дуу, бүжгийн чуулгад ирж байлаа. 1981 оны нэгдүгээр сарын 10-нд Ардын дуу, бүжгийн чуулгын дуучнаар ажиллаж эхэлсэн. Тус чуулгад ирээд бригадаар зүүн аймгууд руу явлаа. Тэр үед ард түмэн “Алгаа ташаарай” гэж гуйлгадаггүй байсан юм. Өөрсдийнхөө сэтгэл санаа, сэтгэл хөөрөл, баярласан бахархсанаа алган дуугаараа бидэнд мэдэгдэж, урам хайрладаг байсан. Тийм сайхан соёлтой ард түмэн. Гэхдээ нийгмийн зарим нэг урсгалыг дагаад энэ заншил өөрчлөгдөж дуучид нь үзэгчдээсээ алгаа ташаарай гэж гуйгаад байдаг болчихож. Би одоо ч тайзан дээрээ дуулж л байна. Тоглолтууд дээр очоод дуулахад надад үзэгчдээс “Алгаа ташаарай” гэж гуйх шаардлага байхгүй. Тэртээ тэргүй миний үзэгчид нижигнэтэл алга ташдаг, намайг баярлатал алга ташдаг. Өлзий-Орших дуулж байгаа учраас үзэгчид алга ташаад байгаа юм биш. Миний дуулдаг дуунууд мөнхийн сэдэвтэй байдаг. Надад дууныхаа уран бүтээлийг өгсөн мундаг уран бүтээлчид байна. Яруу найрагчдаасаа нэрлэвэл, хүүхдийн зохиолч Д.Содномдорж гуай, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ж.Шагдар гээд олон хүнийг хэлнэ. Мөн надад дуугаа өгсөн Загдын Түмэнжаргал гэж мундаг хүн байсан. Эднийгээ бодохгүй, санахгүй байхын аргагүй. Тэр сайхан шүлгүүдэд хүний ой тойнд, зүрх сэтгэл, бүр оюун ухаанд мөнхрөөд үлдэх тийм гайхалтай сайхан ая хийсэн Ц.Чинзориг, Х.Сэргэлэн, Н.Жанцанноров, Б.Шарав гэсэн олон гайхамшигтай хөгжмийн зохиолч бий. Ирээдүй хэтийг харж чаддаг, зөгнөж чаддаг, тэрийгээ төсөөлөн бодож амилуулж чаддаг ийм уран бүтээлчид намайг өдий хүртэл тэжээж байгаад маш их баярлаж талархдаг.

-Г.Түмэндэмбэрэл, П.Адарсүрэн, Н.Гэрэлт-Од гээд та сая дурдлаа. Энэ эрхмүүд бол Монголын дууны урлагийн жинхэнэ алдартнууд байсан шүү. Тэр хүмүүстэй нэгэн цаг үед нөхөрлөж, хамт ажиллаж, дуулах эрдмээс нь заалгаж байсан тань бас сайхан хувь ерөөл болов уу?

-Тэр үеийнхээ найзуудын тухай яривал, Цэргийн ансамблийн дуучин, гавьяат жүжигчин Д.Дашням маш гоё хүн байлаа. Д.Дашням надаас хэд ах л даа. Гайхмаар сайхан дуучин байсан. Уран бүтээлийг ард түмний тархинд шингэтэл дуулдаг байсан юм. Маш их бодож дуулдаг байсан тийм уран бүтээлч байлаа. Н.Гэрэлт-Од, П.Адарсүрэн нар гайхамшигтай дуучин байсан. Харин миний багш тэртээ тэргүй гайхамшиг. Ус нутаг, Өндөрхангай сумын ард түмэн миний багшийг Дэмбээхүү гэж багынх нь нэрээр дууддаг байсан. Одоо би яадаг вэ гэхээр тэр үед хамт амьдарч байсан, найзалж нөхөрлөж байсан уран бүтээлчдээ санахгүй, дурсахгүй үе гэж байхгүй. Яруу найрагч, хөгжмийн зохиолчдоо ч дурсахгүй байхын аргагүй. Яруу найрагч Ж.Шагдар байна. Ц.Бавуудорж гэж яруу найрагчийг ч энд магтах хэрэгтэй. Би энэ найрагчийн олон дууг дуулаагүй ч зүрх сэтгэл, бичдэг, боддог тэр сэтгэлгээг маш их үнэлж явдаг. Хэлээд байвал дуусахгүй. З.Түмэнжаргалын шүлэг, Б.Шаравын хөгжим “Сургууль минь баяртай” дуу намайг өдий хүртэл, дөч гаруй жил тэжээж байна. Ц.Өлзий-Орших эртэй, сайндаа биш. Би энэ эрчтэй уран бүтээлийн хүчээр өдий зэрэгтэй явж байна. “Учран золгохын ерөөл” дуу байна.

-Д.Содномдоржийн шүлэг, Ц.Чинзоригийн хөгжим?

-Тийм тийм. “Сургууль минь баяртай”, “Учран золгохын ерөөл” гэдэг энэ хоёр сайхан дуу сургууль гэж энэ сайхан байгууллага байгаад, бидний үр хүүхэд сургуульд сурч амьдарч байсан тохиолдолд өдөр бүр шинээрээ байдаг мөнхийн сэдэв. Түүнээс гадна эх орон, хайр, хань ижлээ хайрласан сэдэвтэй олон дуу надад бий. Г.Явгаан амьдралдаа ганцхан дуу хийсэн хүн. Тэр дуу нь “Ханьдаа өргөх дуу”. Тэр дууны шүлгийг Л.Агваанжамбал гэж хоёр нүд нь хараагүй хүн бичсэн юм. Тэр хүн уг дууны шүлгийг бичихдээ ертөнцийг харж байгаа биднээс ч илүү мэдэрч бичсэн байдаг.

…Оюу номин эрдэнийн өнгөөр туяарсан

Оргил сарьдаг уулсын сүрлэг нутаг минь

Онцгой бахдал гүнзгий баясал үүсгэсэн

Орчлонд золтой нэгэн насны учрал аа...гэж харж байгаа юм шиг бичсэн. Энэ мэтчилэн олон мундаг хүмүүс байсан. Тэднийхээ авьяас билгийг гайхаад бардаггүй юм. Миний үеийн хүмүүсээс одоо байгаа нь “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан байна. Миний Жагаа (Д.Жаргалсайханыг хэлэв.сурв) надад “Нандүүмээ”, “Гэгээн наранд ойрхон” гэсэн сайхан хоёр дуугаа өгсөн. Энэ дуунуудыг би одоо ч хүртэл дуулж байна. “Нандүүмээ” бол Базарын Цэдэндамба гуайн шүлэг, харин “Гэгээн наранд ойрхон” дуу бол Очирбатын Дашбалбарын шүлэг юм. Тийм болохоор би Жагаадаа баярлаж, үргэлж санаж дурсч явдаг.

Бид үе үе ярьж хуучилдаг юм. Ийм л цаг үед, ийм л сайхан нөхдийн дунд би өсч өндийсөндөө талархдаг. Би гавьяат болохын тулд дуучин болоогүй ээ. Энэ гайхамшигтай яруу найрагчид, гайхамшигтай хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг олон жил үнэн зөвөөр нь, хүн ойлголтол нь дуулж, бүтээлийг нь мөнхөд амьдруулах юмсандаа гэж бодож явсанаас биш ерөөсөө л алдар цол хүртэхсэн гэж санаж яваагүй. Гэтэл юм аяндаа өөрөө мэдээгүй байхад ирдэг юм билээ. Намайг гавьяат авахад хэн дэмжсэн гээч.

-Хэн?

-Намайг гавьяат болохын урд жил сонинуудаар миний талаар бичээд байсан. Ард түмэн бичээд байсан. Ард түмэн сониноор дамжуулж бодол санаагаа төр засагтаа илэрхийлсэн. Тэрийг төрийг маань анхаарч би 1999 онд Цагаан сараар Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг 30 жил дуулсныхаа дараа авч байлаа. Тэгэхэд надтай хамт хөгжмийн зохиолч Ж.Шараа, А.Загдсүрэн гуай хоёр бас шагнал авсан юм. Ж.Шараа багш Урлагийн гавьяат зүтгэлтэн, А.Загдсүрэн гуай Ардын жүжигчин болж байсан. Тэгэхэд надад “Өө, энэ хоёр гайхамшигтай хүмүүс ийм том цолоо одоо л авч байхад би уг нь болоогүй байжээ” гэж бодогдсон шүү.

-“Үүлэн цэнхэр хангай” дууг сонсоход яагаад ч юм тэр уул ус, хайрхад, хангай тэр чигээрээ л сэтгэлд бууж, нүдэнд харагдах шиг болдог шүү.

…Үүл гижигдэн найгах

Арын номин шугуй

Үрэл бурам жимс нь

Атганд унадаг хангай… ?

-1980-аад оны эхээр Б.Лхагвасүрэн, Ц.Чинзориг хоёр маань надад нэг дуу өглөө. Шүлгийг нь уншсан чинь үнэхээр гайхмаар. Би ч өөрөө байгаль эх, нутаг хангайгаа шүтэж явдаг хүн. Дууны шүлгийг уншихад бараг л хажууд хүн дуулж байх шиг санагдаж байсан шүү. Тэр дуунд гардаг бүх л юм нүдэнд харагдсан. Дуугаа авчихаад баруун аймгуудаар, Хөвсгөлөөр бригадаар явлаа. Тэр үед жилдээ гурван удаа бригадаар явна. Нэг явахдаа 45 хоног явна. Ингээд Булганы бензин колонк дээр ирлээ. Автобус ч зогслоо. Би тэр үед жаахан уучихдаг байлаа шүү дээ. Миний сайхан найзууд болох гавьяат жүжигчин М.Бадам гэж авьяаслаг лимбэчин байлаа. Миний сайхан нөхөр байсан юм. Далхаагийн Ганбат гэж “Газрын жигүүр” киноны Чулуунд тоглосон, миний сайхан найз байсан. Мэнд-Амар гэж Монголын гайхамшиг байлаа. Бензин колонк дээр ирэнгүүт хүмүүс буугаад явчихлаа. Гэтэл бид дөрөв автобуснаас буулгүй хойно нь очиж нуугдаад ганц шил архи уудаг юм байна. Тэр үед би өнөө шүлгээ гаргаж ирээд аялсан. Тэгэхэд миний нөхөд “Оршихоо, болоогүй. Энэ дуугаа дуулах газарт чинь хэдхэн хоногийн дараа очно” гэж хэлэхдээ аль аймгийн, аль суманд очихоо хэлээгүй. Ингээд бид хэдхэн хоногийн дараа Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд очсон. Тэнд жинхэнэ Монголын Швейцарь гэдэг чинь харагддаг. Улаан-Уулаас Ренчинлхүмбэ сум руу явах замд Шишгэд гол бий. Тэр голын мөс цөмрөөд автобус маань 20, 30-гаад минут түр саатав. Энэ хооронд би эргэн тойрноо ажихад миний баруун гар талд асар их сүртэй, сүрдмээр ч юм шиг, аймаар ч юм шиг, бахадмаар гайхамшигтай сайхан хайрхан харагдсан. Биднийг Баярсайхан гэж Ренчинлхүмбэ сумын клубийн эрхлэгч дархад залуу авч явлаа. Түүнээс “Энэ ямар нэртэй хангай вэ” гэхэд “Энэ бол Хөвсгөлийн домогт, шилийн сайн эрс Дүүжин, Төмөр нарын бүгж байсан Дэлгэрхаан оргил, Хорьдол сарьдагийн нуруу шүү дээ” гэж хэлсэн. Тэр уулын оройны талаар нь үүл бүсэлчихсэн, орой нь цухуйчихаж. Д.Ганбат “Оршихоо одоо нөгөө дуугаа дуул” гэсэн. Би ч яахав үгээ хэдийнэ цээжилсэн, хэзээ дуулахаа л хүлээж байсан. Тэгтэл миний нөхөд “Чи энэ уулыг харж байгаад, сөгдөж байгаад дуул” гэсэн. Тэгж би тэр уулыг харж байгаад “Үүлэн цэнхэр хангай” дуугаа дуулж байлаа. Тэгэхэд манай бригадыг “Жаахан шарга”-ын Б.Лхамжав гавьяат ахалж явсан. Тэгж дуулахад хамт явсан бүх хүн нүдэндээ нулимстай зогссон. Тэр хүмүүсийг Өлзий-Орших гоё дуулаад уйлуулчихаж байгаа юм биш байхгүй юу. Бавуугийн Лхагвасүрэнгийн бичсэн шүлэг, тэрнийг амьдралтай дүйцүүлж бодох бодол, тэр хангайн сүрлэг уулс хүмүүсийг өөрийн эрхгүй уяраасан. Тэгээд тэр орой нь Ренчинлхүмбэ сумын клубт энэ дуугаа анх удаа үзэгчдийн өмнө дуулсан. Хөвсгөлийн ард түмэн одоо ч “Үүлэн цэнхэр хангай”-г нутгийнхаа сүлд дуу гэж ярьдаг шүү. Энэ дуунд дургүй хүн, Ар, Өвөр Монголын хаана ч алга. Би энд нэг юм ярья л даа.

-Бололгүй яахав.

-1980 хэдэн онд Бээжинд явж байлаа. Цаашаа тоглолтоор явах гээд таксинд суулаа. Би Хятад хэл мэдэхгүй. “Сайн байна уу. Монголын Элчин сайдын яам” гэж л хятадаар ганц хоёр өгүүлбэр цээжилсэн. Тэрийгээ таксины жолоочид хэллээ. Биднийг Монголын Элчин сайдын яамны гадаа буулгачихлаа. Тэгтэл тэр жолооч таксиндаа “Үүлэн цэнхэр хангай”-г сонсчихсон явж байсан. Элчингийнхэн гарч ирэхээр нь “Жолоочоос “Үүлэн цэнхэр хангай”-г мэддэг юм уу. Монгол хэлийг мэдэж байгаа юм уу” гэж асуугаад өгөөч гэлээ. Тэгтэл тэр жолооч “Хэлийг нь мэдэхгүй. Гэхдээ би дууг нь ойлгодог юм аа” гэсэн. Тэгэхээр гайхамшигтай бичсэн аялгуу, гайхамшигтай бичсэн шүлэг хэлийг нь мэдэхгүй хүнд ч ойлгогддог байх нь. Ийм учраас би яруу найрагч, хөгжмийн зохиолчдыг бурхан гэж бодож шүтэж, хайрлаж, тэднийгээ хүндэлдэг ийм л уран бүтээлч дээ.

-Уран бүтээлч болгон өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойтой. Таны хувьд зөөлөн намуухан, аядуу өнгөтэй. Заримдаа эмзэг ч гэмээр өнгө гардаг. Ийм өнгө гаргахад тань төрсөн өссөн орчин, ижий аав, нутаг ус нөлөөлсөн нь дамжиггүй байх?

-Миний нутаг бол Дундговь аймаг. Маш их журамтай, дэгтэй найрладаг. Найран дээрээ ах эгч, аав ээж, эмээ өвөө нар өдөр шөнөгүй сайхан дуулдаг нутаг. Тэр сайхан дууч ард түмэн, гайхамшигтай сайхан нутагт төрж өссөн. Хавар төрсөн хүн уяруу байдаг юм болов уу гэж боддог юм. Би хавар тавдугаар сарын 7-нд төрсөн. Манай нутгийнхны шүтдэг Тойн уул бий. Тэр уулын хормойд Өвөр Зүлэгтий гэдэг газарт би 1952 онд мэндэлсэн юм. Хажуудаа булагтай тийм газарт төрсөн. Тэр үед миний аав Сайнцагаан сумын дарга байж. Миний ээж намайг гэртээ байж байгаад өөрөө эх барьж авч төрүүлсэн гэдэг. Тийм сайхан нутагт, ирж байгаа хавар цагт төрсөн болоод ч тэр үү, эсвэл нас ахиад ч тэр юм уу уйлах минь ч амар, нулимс их ойрхон болж амархан уйлдаг болжээ. Дуунд их уярна. Тийм сэтгэлээсээ болоод би их айхавтар хүчтэй, бяртай дуулахыг боддоггүй. Аливаа юмыг аргадах бөгөөд хүмүүст хүртэл дуулахсан гэж боддог. Намайг дуучин болоход нөлөөлсөн хүмүүс бол ээж, аав хоёр минь. Аав минь их сайхан дуулдаг, хөгжим тоглоно. Миний ээж урт, богинын дууг сайхан дуулна. Аав минь бурхан болсон, ээж минь одоо энх тунх амьдарч байгаа. Нөгөө талаар надад бас их нөлөөлсөн хүн бол миний төрсөн дүү Ц.Буян-Орших гэж хөгжмийн зохиолч бий. Одоо “City” дээд сургуульд багшилж байгаа. Дүү минь баян хуур их гоё тоглоно, би дагаж дуулна. Бид хоёр хүмүүсээсээ ичээд олны дунд дуулж чадахгүй. Гэртээ л дуулдаг хүүхдүүд байлаа. Надад ангийн минь багш Бадарч их нөлөөлсөн. Одоо Архангай аймгийн Булган суманд амьдарч байгаа. Би дуулахаас их ичнэ. Багш маань физикийн багш. Нэг удаа гартаа халив барьчихсан явж таарч. Түүгээрээ миний толгой руу тоншоод “Чи дуулах ёстой” гэж билээ. Багш минь тэгж ширүүлснээр би дуулж эхэлсэн. Ингээд “Ангийн аварга дуучин”, “Сургуулийн аварга дуучин” болоход багш минь намайг их дэмждэг байлаа. Энэ мэтээр намайг дуучин болоход маш олон хүн тусалж дэмжиж нөлөөлсөн юм.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “ Давайте жить дружно”хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы ард түмний дуу хоолой болдог “Баримт үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Давайте жить дружно! ” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт Л.Болд: Том бүлэглэлүүд хэн нэгнийг золиосолж, ард түмнийг бухимдуулж, дотроо хэмлэлдэж байна хэмээн ярьсан байна.

300 хүүхдийн аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байна, Б.Чойжилсүрэн гишүүн ээ? хэмээн “Цонхоо нээе” буланд өгүүлжээ.

И.Батчулуун: Насанд хүрээгүй хүүхдүүд ихэвчлэн хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэж байна хэмээн ярьсныг “Баримт үйл явдал” нүүрээс хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы “Уран бүтээлч” нүүрт Л.Балхжав: Яруу эгшиглэнт морин хуур Монголоос эхтэйг тамгалж үлдээх нь бидний зорилго байлаа хэмээн ярьжээ.

Ж.Батбаатар: Сэлэмчийн ах буруугүй хэмээн “Өөрөөс нь” нүүрт өгүүлсэн байна.

“Өд бэх” буланд “Тайгын зул цэцэг” хэмээcнийг хүлээн авч уншаарай.

“Дэлхийн мэдээ” нүүрт Д.Трамп, Ким Жөн Ун нар Панмунжомд уулзах уу? хэмээн өгүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Автотээврийн салбарын үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг энэ сарын 3-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү өдөрлөгөөр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагыг олон нийтэд таниулах, мэдээлэл өгөх юм байна.

Автотээрийн үндэсний төв ТӨҮГ нь Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулж, зохион байгуулах үндсэн чиг үүргийн дагуу Автотээврийн тухай хууль, Засгийн газрын тогтоол болон дүрмэнд заасны дагуу үйл ажиллагаа, үйлчилгээгээ олон нийтэд хүргэх юм.

Тухайлбал, Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаараас автотээврийн салбарын бүхий л мэдээллийг авах, хууль бус тээвэрлэлтийн талаар хяналтын байцаагч сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх, хөдөлгөөний удирдлагын төв буюу 24 цагийн GPS-ын хяналтын талаар танилцуулах, баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн бэлдэцийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, явуулын техникийн үзлэгийн талаар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх, сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй бүртгэлээс хасах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг танилцуулах, мэргэшсэн жолоочийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх, шалгалт авах, авто үйлчилгээний ангилал тогтоолгох талаар нэгдсэн мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээ болох аж.

Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд тус өдөрлөгт оролцож, автотээврийн бүхий л үйлчилгээг нэг дор авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн нутгаар аялахад үзэх газрууд

1.Говь гурван сайхан

Говь гурван сайхан зурган илэрцүүд

Даланзадгад сумын нутаг, говь цөлийн бүсийн нутагт орших Зүүн сайхан уулын Ёлын-Амны өвөрмөц сайхан тогтоц, үзэсгэлэнт сайхан байгалийг хамгаалахаар анх 1965 онд улсын хамгаалалтанд авсан. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулахаар 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор баталжээ. Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна.

Гурвансайхны нуруу нь цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох бөгөөд Хамгийн өндөр нь Зүүнсайхан уул юм. Хамгийн өндөр оргил нь дайлайн төвшнөөс дээш 2846 метр юм. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын нилээд хэсгийг хамрах Хонгорын элс нь Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд баруун хойноос зүүн урагш чиглэн 180 километр урт үргэлжилсэн их элсэн тарамцаг юм. Нийтдээ 965 ам километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойшоо 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Байнгын устай гол байхгүй бөгөөд Ёл, Зулганай, Хонгор, Хавцгайт, Гэгээт гэсэн 5 булаг бий. Уулын хүрэн, говийн бор хөрс зонхилно.

Монголын Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай. Ёлын-Ам, Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Хэрмэн цав, Улаан хонгил, Бүгийн цав зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газрууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр газруудад аялал жуулчлал амжилттай хөгжиж байна.

2.Баянзаг

Баянзаг зурган илэрцүүд

Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг гэж нэрлэгдсэн. Урдаас хойшоо чиглэлтэй сунаж тогтсон, өргөн нь 5 км, урт нь 8 км орчим.

Монголчууд улаан элсэрхэг шаварлаг хөрс хатуурч тогтсон газрыг “цав” гэдэг. Арай өндөрлөг газрыг нь “цонж” гэдэг. Баянзагийн цонжнуудын өндөр нь 20-50 м хүртэл байдаг. Мөн тогтоцын хэлбэр дүрсийн байдлаараа нутгийнханд “ширээ шавар”, “тэмээ шавар” гэх мэтээр нэрлэдэг газрууд бий. Баянзагийн улаан шаварлаг хөрс нь оройн наранд асаж буй улаан гал шиг харагддаг учраас “асаж буй толгод” буюу “flaming cliffs” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү нэрийг 1920-илд онд Баянзагт ирж судалгаа хийсэн Америкийн эрдэмтэд өгсөн гэдэг. Тэрхүү судалгааны үеэр 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан олдворын шинэ шинэ нээлтүүдийг хийсэн учраас палеонтологийн салбарт дэлхийд алдартай газар болж хувирсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийд Монголын говийг алдаршуулсан газар юм. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой. Тэрхүү ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ.

3.Нэмэгт, Хэрмэн цав- Зуун мод, Зулганай, Наран даац

Нэмэгт, Хэрмэн цав- Зуун мод, Зулганай, Наран даац зурган илэрцүүд

Хэрмэн цав: Гурван тэс сумаас баруун хойш Тостын уулын ар хоолойд сумаас 150 км-т орших маш үзэсгэлэнтэй хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй мөн палендлогын ховор олдворт дээд цэрдийн хурдасаас тогтсон газар нутаг юм. Энэ газар нутгаас Теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт үлэг гүрвэлийн яс олдсон.Зулагнайн гол: Алтан уулын баруун суганд орших Талын хайрганы адгаас эх авсан үзэсгэлэнт баянбүрд юм. Голын голдиролд зэгс, сухай, чихэр өвс элбэг ургана. Заг товцог, жигд, тоорой, хайлаас зэрэг элсэн манхануудаар хүрээлэдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм.

4.Галбын говь

Галбын говь зурган илэрцүүд

Ханбогд сумын нутгийг хамрах бөгөөд Монгол орны алдарт 33 говийн дотор хамгийн том нь юм. Галбын улаан хүрэн тэмээдээрээ алдартай нутаг билээ. Нутгийнхан “ганган улаан тэмээ” хэмээн нэрлэдэг. Галбын говийн унаган төрх аль хэдийнэ алдагдаж, Оюутолгойн ордыг түшиглэн суурин газрын шинжтэй болж өөрлчлөгдөн Галбын говийн алтарсан сайхан улаан шаргал өнгө нь аль хэдийнэ гундаж эхэлжээ. Галбын говийн нийт талбай нь 70 мянган хавтгай дөрвөлжин километр, урт нь 200 километр, өргөн нь 50 гаруй километр газрыг хамарна.

5.Ноён богд, Толь хад

Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байх сумынхаа нэрээр нэрлэгдсэн уул. Нутгийнхны гол шүтээн бөгөөд Ноён богд, Гурван түшмэл уул, Хүү, Хатан сэврээ, Толь хад гээд энэ нутаг баян билээ. Ханын хэцийн үзэсгэлэнт газруудын нэг нь Саран хөндий юм.

Энд задгай сутай учраас аргаль, янгир, ирвэс гэх мэт ховор зэрлэг амьтад тохиолдоно. Саран хөндийн эхэн хавьд хүний алга хэлбэртэй нэг сонин хад байх бөгөөд ёроолоос нь рашаан ундардаг. Ханан хэцийн хад чулуунууд нь олон нүх сүв, хонхор гүдгэр ихтэй. Эдгээр хонхорт нь зуны аагим халуунаас хоргодохоор элдэв амьтад ороод нуугдчихдаг байна. Толь хад: Өмнөговь аймгийн нутагт Ноён богд уулын хойно, Дүгнэн уулын арын хананд 10 метр гаруй урт, 3 метр орчим өндөр Толь хад хэмээх том хадан цохио байдаг. Хүн амьтны дүрс тод харагддаг гялгар гадаргуутай. Эрт цагт уулын тектоник хөдөлгөөнөөр том цохио чулуу өнхөрч гулсан бусад чулуулагтай хавиралдан үрэлдсэнээс үүсэж тогтсон хэмээн судлаачид үздэг. Энэ хад маш гөлгөр байсан боловч харамсалтай нь орос цэргүүд буугаар шүршсэнээс болж гөлгөр нь эвдэгдсэн ажээ.

6.Алгуй улаан цав

Алгуй улаан цав зурган илэрцүүд

Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд Ахар, Хоромсого, Ханын хэц, Алгуй улаан цав зэрэг 40-60км урт үргэлжилсэн уул, хярууд нь 1375-1695м өндөр юм.

7.Хонгорын элс

Хонгорын элс зурган илэрцүүд

Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны араар 180 орчим километр үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн, нийтдээ 965 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд, элсний хойд захад Сэрүүн булаг, Арганга булаг хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй километр урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээнэ.

8.Сангийн далайн хийд

Сангийн далайн хийд зурган илэрцүүд

Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт 1707 онд Тал хүйтний хөндий хэмээх газарт байгуулагджээ. Түвдээс ирсэн бадарчин лам Үйзэн Саарав нэгэн булгийн дэргэд буудаллаж сан тавьж, ардхан талд нь жижиг шавар байшин бариулснаар эхлэл нь тавигджээ. 1708 оноос лам хувраг сууж эхлэн 1772 онд цогчин дуган барьж, Энх-Амгалангийн хаалга хийлгэж “Рашчойнхор дамбадаржаалин” хийд хэмээн нэрийдэх болжээ. 1835 оноос үйл ажиллагаа нь улам өргөжин Дүйнхорын дуган, Хайлан дуган, Жүдийн дуган, Сахиусны дуган, Гүүргийн дуган зэргийг барьж, ном судар барлаж хэвлэх, мамба жүд зэрэг төрөлжсөн сургалтын дацангууд байгуулжээ.

Сангийн далай хийд нь хааш хаашаа 98 метр орчим хэрмэн хашаатай, 500 гаруй лам хуврагтай, 11 дуган сүмтэй, 8 дацан, 10 жастай, 11 мянган малтай, 1500 гаруй сүсэгтэн шавьтай болтлоо өргөжсөн байжээ. Тус хийдийн байрласан Тал хүйтний хөндий нь эр хүний хэрэглэл болох “хэт”-ний хэлбэртэй бөгөөд хийдийн барилга байгууламжинд Хилийн цэргийн 8 дугаар отряд байрлаж өмнөд хилийг хамгаалж байжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурганы үеэр тус хийдийн барилга байгууламжийг төдийлөн хөндөлгүйгээр авч үлдсэн нь өнөө хүртэл өвлөгдөж иржээ. 2003 оноос хойш зарим барилгын эвдрэл гэмтэлийг сэргээж 2007 онд дуусгажээ.

9.Галбын гурван хийд

Галбын гурван хийд зурган илэрцүүд

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 11 км-ийн зайд Дэмчогийн хийд оршдог. Уг хийдэд улааны шашны тэргүүн шүтээн Ловон Бадамжунай бурхныг залан байрлуулсан байдаг билээ. Дэмчогийн хийдийг говийн догшин ноён хутагт Данзанравжаа байгуулж, номын өргөөгөө байгуулж байсан түүхтэй аж.

Ноён хутагт 1830 онд 27 насандаа эл нутагт морилон очиж, “Энэ нутаг миний хувьд бууж мордоод өнгөрөх төдий бус амьдралынхаа тодорхой хэсгийг өнгөрөөх ёстой нутаг орон байна” хэмээн айлдсан гэнэ. Учир нь эл нутагт хүний шиднээс илүү газрын шид нь ноёлсон, хүн шүтэж биширч чадвал сайн сайхан бүхнийг хүнд өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт цөөн хэдэн хүний амийг аваад үлдэх ер бусын газар орон байна хэмээн хутагт айлдаж байсан түүхтэй ажээ. Тиймээс ноён хутагт амьдралынхаа 20 гаруй жилийг эл нутагт өнгөрөөж, Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд гэсэн гурван холбоо хийд байгуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДЭМЖЛЭЭ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хуулийн төслийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. Энэ хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Дараа нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрыг татан буулгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгож өөрчлөн байгуулсан. Тэгвэл оюуны өмчийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг бүртгэлийн байгууллагад шилжүүлж нэгтгэснээр Монгол Улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын тогтолцоог алдагдуулж, сулруулах нөхцөл болж байна гэж Засгийн газар үзсэний үндсэн дээр оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг хангах, олон улсын гэрээ, конвенциар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх зорилтын үүднээс оюуны өмчийн байгууллагыг бие даалгаж байгуулахаар Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулж өргөн барьсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Мөн урьд нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 10 гишүүнээс энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, хоёр төслийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгсөн юм.

Энэ үндсэн дээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг хууль, тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг суурь болгож хэлэлцэх зарчмын зөрүүтэй санал гаргав. Уг саналтай холбогдуулан Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн төсөл санаачилсан Н.Учрал гишүүнтэй төслийг өргөн барихаас өмнө болон дараа нь ч санал солилцсон. Засгийн газрын зүгээс Оюуны өмчийн газрыг урьд нь байсны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгах нь зөв гэж үзсэн. Засгийн газрын энэ санал дэмжигдвэл инновацийн асуудлыг шинэ агентлагийн нэрэнд биш эрхлэх асуудлын чиг үүрэгт зааж өгөх боломжтой гэж үзэж буйгаа хэллээ. Харин санал санаачлагч гишүүн Н.Учрал Оюуны өмчийн газрыг бие даалгаж байгуулах талаар Засгийн газраас оруулсан тогтоолын төслийг дэмжээд явах боломжтой гэж үзэж байгаа, тиймээс Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татаж авч буйгаа мэдэгдсэн юм. Ингээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ ХОЛБОГДОХ БАЙНГЫН ХОРООНД ХҮРГҮҮЛЭХЭЭР ТОГТОВ

Байнгын хорооны хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын санаачилсан уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Ж.Батзандан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, мэдээллийн технологийн дэвшлийг төрийн албаны үйл ажиллагааг сайжруулж олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай, үр өгөөжтэй болгох, улс орны эдийн засгийн бүх салбарын хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх, хувь хүний нууцаас эхлээд төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг бүх салбарт хангах, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улмаар улс орны хөгжлийн асуудлыг тодорхойлох замаар мэдээллийн технологийн салбарын концепцийг шинээр боловсруулахад Түр хорооны үйл ажиллагаа чиглэгдэнэ. Цаг хугацааны хувьд 1 жилийн дотор багтаан бодлого, чиглэлээ тодорхойлж оруулж ирэх боломжтой, цаашдаа Улсын Их Хурал, Засгийн газарт энэ асуудлыг хариуцсан бүтэц бий болгох шаардлага гарч ч магадгүй юм гэдгийг хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг Улсын Их Хурлын бүтцэд цахим бодлогын Түр хорооо байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж байгаа, гэхдээ хийх ажлын хүрээг нь маш тодорхой болгохгүй бол хэт ерөнхий байгааг анхаарах шаадлагатайг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд Түр хорооны ажиллах хугацааг заахгүй нээлттэй үлдээх нь зөв, харин хэрэгжүүлэх тодорхой зорилтыг нь зааж өгөх нь чухал. Гол нь төрийн үйлчилгээг цахимжуулах, шуурхай, олон нийтэд хүртээмжтэй болгох хүрээнд цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж аюулгүй байдлыг цогцоор нь авч үзэх, цахим хэрэглээний аюулгүй байдлын хууль эрх зүйн орчны талаарх төслийг боловсруулах, цахим банк, цахим төлбөрийн системийн аюулгүй байдлыг төрөөс яаж анхаарч зохицуулах, мэргэшсэн боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх, нөөцийг татах, давтан сургах зэрэг асуудлыг хэрхэн шийдэхэд анхаарах шаардлагатай байгааг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хуралдааны тэмдэглэлийн хамт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Зарим дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг, Д.Оюунхорол нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармааг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнг Ёс зүйн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг Нутгийн удирдлагын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяаг Нутгийн удирдлагын болон Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд тус тус оруулахыг дэмжсэн юм.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ СОНСЛОО

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлангхэлэлцэж, тайланг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон төрийн үйл ажиллагааны зарчим,Төрийн албаны тухай хуульд заасан бүрэн эрх, Улсын Их Хурлаас баталсан зөвлөлийн чиг үүргийн хүрээнд тухайн жилийн дэвшүүлсэн зорилт, Төсвийн тухай хуулиар баталсан хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төрийн албаны зөвлөл үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа. Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийг мэдээллээр хангаж, төрийн байгууллагуудад хууль тогтоомж, төрийн албаны стандартыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах, төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулж дүгнэлт гаргах, сургаж хөгжүүлэх, гомдол маргааныг хянан шийдвэрлэх зэрэг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажилласныг тус зөвлөлийн дарга танилцуулгадаа онцоллоо.

Төрийн албаны 2017 оны үйл ажиллагааны тайланд дурдсанаар 2017 онд тус зөвлөл 27 удаа хуралдаж, 161 багц асуудал хэлэлцэн 180 асуудлаар тогтоол шийдвэр гаргажээ. Зөвлөл нь харьяаллын дагуу 30 байгууллагын 33 ажлын байрны захиалгаар нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулсны зэрэгцээ давхардсан тоогоор нутгийн захиргааны 744 сул ажлын байрыг нийтэд нээлттэй зарласнаас 8455 иргэн бүртгүүлж 2846 иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, 496 иргэн Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэр дэвшин өрсөлдсөн албан тушаалдаа томилогдсон байна. Харин нийт зарлагдсан ажлын байрнаас хүн бүртгүүлээгүй сул үлдсэн 65 орог тоо байгаа бол шалгалтаар хүн тэнцээгүйгээс сул үлдсэн 171 орон тоо байгаа аж. Түүнчлэн төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад бүртгүүлж оролцогсдын 66 хувь нь шалгалтад тэнцээгүй байна. Мөн тус зөвлөл нь өнгөрсөн онд харьяаллын дагуу 276 иргэнийг нөөцөд бүртгэгдсэн иргэдээс нэр дэвшүүлж төрийн жинхэнэ албан тушаалд томилуулсан нь урьд өмнөхөөс илүү үр дүнтэй ажил болсон, түүнчлэн хууль бусаар ажлаас халагдсан гэсэн гомдлын тоо өмнөх оныхоос 116 хүнээр буурсан гэдгийг Б.Цогоо дарга танилцуулгадаа онцлов.

Төрийн албаны зөвлөлд хандаж төрийн албан хаагчдаас 514 өргөдөл, гомдол ирсэн нь өмнөх оныхоос 100 гаруйгаар буурсан, мөн төрийн захиргааны байгууллагуудын ёс зүйн хороод нийтдээ 334 ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэсэн, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн асуудал дунд шатны албан хаагчдын дунд хангалтгүй байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга дурдлаа. Төрийн албаны тухай шинэ хууль 2019 оны эхнээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан 47 дүрэм журмыг яаралтай боловсруулж батлуулахаар тус зөвлөл бэлтгэл ажлыг хангаж байгааг тэрбээр дурдаад төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга, ёс зүйтэй холбоотой гомдол санал, зөрчил дутагдал буурахгүй байгаа учраас ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн зохицуулах, мөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа хангалтгүй байгаад төрөөс анхаарч тодорхой зохицуулалт хийх шаардлагатай байгааг хэллээ.

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнбат, Н.Амарзаяа, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Н.Амарзаа, Ц.Цэрэнбат, Д.Лүндээжанцан нар үг хэлж, төрийн албаны нэр хүндийг сэргээх, төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сонгон шалгаруулалт, сургалтын аргыг боловсронгуй болгох, Төрийн албаны тухай шинэ хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг сайтар хангах талаар байр сууриа илэрхийлэв. Ингээд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлд хуралдааны тэмдэлэлээр чиглэл өгөхөөр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийг 2022 он хүртэл сунгалаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд салбарын сайд Ц.Цогзолмаа бага, дунд боловсролын багц хуулинд эрх зүйн өөрчлөлт оруулж, шинэчлэл хийхийн тулд олон талт зөвлөгөөнийг зохион байгуулж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр ажиллаж байгаагаа тодотгосон. Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын төслийн шинэчлэлийн хүрээнд бага, дунд боловсролыг дэмжих, сайжруулах, шинэчлэх чиглэлд хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал солилцлоо.

Энэ үеэр Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон өнгөрсөн өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаад ирснээ тодотгоод, тэнд боловсролын түвшин улсын хэмжээнд хамгийн доогуурт бичигдэж, монгол хэлээр ярих хүүхдүүд цөөн байгаад санаа зовниж буйгаа илэрхийлэв. Үндэстний цөөнх болсон Баян-Өлгий аймгийн хүүхдүүдийн боловсролд салбар яамны зүгээс ямар бодлого баримталж, цогц арга хэмжээ авахаар ажиллаж байгаагаа Ц.Цогзолмаа сайд цухас дурдав. Тэрбээр “Баян-Өлгий аймагт ажиллах тусгай удирдамж гарган, энэ сарын 15-нд ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллана. Ингэснээр хүүхдүүдийн сурлага жил ирэх тусам муудаж байгаа асуудал хаанаа байгааг олж судлаад, цаашид авч хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлно. Тухайлбал, бид сурах бичгийг нь сайжруулах уу, багш нарын чадавхыг нэмэгдүүлэх үү гэхчлэн олон талт арга замыг эрэлхийлнэ” гэв.

Дэлхийн банкны хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэлийн төслийн хүрээнд бага, дунд боловсролын чанарыг сайжруулах чиглэлд голлон анхаарч байгаа тул БСШУСЯтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Маш үр дүнтэй хэрэгжиж байгаа уг төслийг хэрэгжүүлэхэд дахин хоёр жилээр сунгах шаардлагатай байгаа аж. Тодруулбал, төсөл 2020 онд дуусах боловч чанартай болгохын тулд 2022 он хүртэл сунгах хүсэлтийг салбарын сайдад тавьж, хүсэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа дэмжихээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ дахь Ардчилсан намын бүлэг залуусаа хүлээн авч уулзлаа

“Ардчилсан Залуучуудын Холбоо”-ны гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан хүсэлтийн дагуу УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр тус холбооны Бодлогын зөвлөлийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат , УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын Дэд дарга Санжмятав, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Л.Болд, Б.Пүрэвдорж, М.Мурат болон АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй бодлогын хорооны дарга нар оролцов.

Уулзалтын эхэнд “Ардчилсан Залуучуудын Холбоо”-ны удирдлагын зүгээс эхний гурван сарын ажлын тайлангаа танилцуулж, УИХ дахь АН-ын бүлэгтэй хамтран ажиллах талаар тодорхой саналууд дэвшүүллээ.

С.Эрдэнэ: Залуучуудын манлайлал, оролцоо чухал байна

/УИХ-ын гишүүн, АН-ын дарга/

-Намын шинэчлэлд залуучуудын оролцоо маш өндөр байгаа. Тухайлбал, АН-ын бодлогын салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг залуус гүйцэтгэж байна. Энэ бол маш том итгэл, хариуцлага. Залуус зөвхөн зар түгээдэг, уулзалт хурал зарладаг биш, бодлогын баримт бичгүүд рүү гүнзгий орж, УИХ дахь бүлэгтэйгээ илүү нягт хамтран ажиллах ёстой. АН-ын шинэчлэлийн нэг зорилт бол бодлого суурьтай нам болох. Энэ талбарт ҮБХ-ны бодлогын зөвлөлүүдийн идэвхтэй ажиллагаа маш чухал. Залуучууд маань санаачлагатай, хурдтай ажиллахын зэрэгцээ нийгэмд тулгараад буй шийдэл нэхсэн бодит ажлууд дээр төвлөрөх шаардлагатай байна. Бодлогын судалгаа, статистикт суурилсан ажлууд дээр төвлөрч ажиллах их орон зай байгааг анхаарах хэрэгтэй. Мөн эрх баригчдын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт бас ажил хэрэгч шүүмж өгөх шаардлагатай байгаа. Тиймээс ч залуусын манлайлал, оролцоо маш чухал байна.

Д.Эрдэнэбат: Улс төр бол санаачлага

/УИХ дахь АН-ын бүлгийн дарга/

-Өнөөдөр нэг зүйлийг тодорхой болгох зайлшгүй шаардлага үүссэн байна. Залуус маань яах гэж улс төрд хөл тавьж байна вэ. Зөвхөн сонгууль бодож уу, эсвэл үнэт зүйлийнхээ төлөө, чин шударгаар иргэд олон нийтийн төлөө ажиллах гэж үү. Үүнийг тодорхой болгохын тулд залуучуудын байгууллага маань манлайлж ажиллах хэрэгтэй байна. Бид үзэл баримтлал дээрээ л нэгдэх ёстой. Залуусын өмнө тулгамдсан асуудлыг өөрсдийнх нь оролцоотойгоор шийдвэрлэхийн тулд орон нутагт хүрч ажиллах ёстой. Өдийг хүртэл юуны төлөө, ямар итгэл үнэмшлийн төлөө явсан бэ гэдэг дээр анализ хийх учиртай. Та бүхэн маань өөрийн дуу хоолойгоо итгэл үнэмшилтэйгээр нийгэмд гаргахыг хичээгээрэй. Тодорхой санал, санаачлагуудаа нээлттэй бидэнд ирүүлж, хамтран ажиллаарай. Улстөр бол санаачлага.

Я.Санжмятав: Санаачлагатай ажиллаж байгаад талархаж байна

/УИХ-ын Дэд дарга/

– “Ардчилсан Залуучуудын Холбоо”-ны чадварлаг, эрч хүчтэй залуус маань анхан шатандаа илүү гүнзгий хүрч, эргэх холбоо сайтай ажиллаасай гэж хүсч байна. Намчирхахаас илүү нам бус олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхижүүлэх нь маш чухал.

Ж.Батзандан: Монгол бол залуусын орон

/УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга/

-АН-ын шинэчлэлийн хүрээнд нэг үеэ бодвол залуучуудын оролцоо намын шинэ өнгө төрх болсон байна. Монгол Улс бол нээлттэй орон. Залуучуудын орон. Тиймээс та бүхэн эрч хүчтэй, тэмүүлэлтэй ажиллаарай.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Залуус маань эрч хүчтэй байна

-Залуус маань ажлаа эрч хүчтэй өрнүүлж байгаад баяртай байна. Саяхан Залуучуудыг дэмжих хууль батлагдсан. Тус хуульд тодорхойгүй маш олон асуудлууд бий. Тэр чиглэлээр та бүхэн бодлогын судалгаа хийж, хэрэгжилтийг нь хангуулах тал дээр идэвхтэй ажиллах хэрэгтэй. Мөн 2012-2016 онд Ардчилсан намын тэргүүлсэн Засгийн бүтээн байгуулалтын ажлуудыг эрх баригчид маш ихээр үгүйсгэж байна. Тооцоо судалгаа, үндэслэлийг нь харахаар үр өгөөжтэй маш олон зүйл бий. Энэ тал дээр залуучууд маань анхаарлаа хандуулж, судалгаатай ажиллана гэж бодож байна. Эдийн засгийн өсөлт, статистик баримтууд дээр үндэслэж, ажиллаж байгаад баяртай байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Бид үнэт зүйл дээрээ анхаарах цаг болсон

-Залуусын төлөөлөл УИХ дахь бүлэгтэйгээ уулзаж байгаад баяртай байна. Цаашид бодлого, шийдлийн асуудлууд дээр албан бусаар ярилцаж, санал солилцож байхыг дэмжинэ. Та бүхний үйл ажиллагаа, олон нийт залуучуудад хүрч байна. Одоо АН-ын залуучууд бизнес эрхлэгч, баялаг бүтээгч залуусаа дэмжсэн ажлууд дээр төвлөрөх болов уу гэж бодож байна. Энэ чиглэлээр санаачлагууд явж байгааг харж байгаа. Гол асуудал бол үнэт зүйлийн ялгаатай байдал. Нийгэм маань үнэт зүйлгүй бол урагш алхахгүй. Тиймээс залуус маань үнэт зүйл дээрээ илүү анхаарах цаг болсон, үүнд та бүхэн манлайлан ажиллаарай.

Б.Пүрэвдорж: “Бодлого-зарчим” форум сайн зохион байгуулагдсан”

/УИХ-ын гишүүн/

-Залуучууд маань маш идэвхтэй байгаа. Саяхан зохион байгуулагдсан “Бодлого-Зарчим” форумын эхний хэлэлцүүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар амжилттай болсон бөгөөд миний бие оролцсон. ҮБХ-ны салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд та бүхэн маань сайн холбогч болж ажиллана гэдэгт итгэл төгс байна. Та бүхнийхээ үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллах болно.

УИХ-ын гишүүн Д.Мурат: Баялаг бүтээгчдээ дэмжээрэй

-Ардчилсан нам шинэ түүхийг бичилцэж ирсэн улс төрийн хат суусан хүчин. Гэхдээ МАН-ын дэргэд идэр залуу, нөөц бололцоо ихтэй. Одоо гоё ярихаас илүү бодит ажил дээр төвлөрсөн бодлого чухал. Нийгэмд тулгамдаж буй асуудлууддаа илүү анхаарч, ялангуяа баялаг бүтээгчид, эгэл жирийн иргэдээ дэмжсэн ажил дээр анхаараарай залуус аа.