Categories
мэдээ нийгэм

ЕБС-иудад хяналт, шалгалт хийж байна

Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай 02-01/135 тоот удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад боловсрол, эрүүл ахуй, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Зүүн болон говийн бүсийн сургалт үргэлжилж байна

Зүүн болон говийн бүсийн Цагдаагийн газар, хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт бүсчилсэн сургалт Дорноговь аймгийн Сайншанд хотод эхэллээ.

Сургалтад Хэнтий, Дундговь, Өмнөговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн цагдаагийн газар, хэлтэс, Замын-Үүд дэх цагдаагийн хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагчид оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмээр өрсөлдөв

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд ‘’Замын хөдөлгөөний цагаан толгой-2018’’ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат болон албаны бусад хүмүүс оролцов.

Тус тэмцээний зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох түүнчлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадал хэвшил эзэмшүүлэх зорилготой билээ. Тэгвэл‘’Замын хөдөлгөөний цагаан толгой-2018’’ тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 22 цэцэрлэгийн 264 хүүхэд оролцож авхаалж, самбаа, мэдлэг чадвараа сорьсон юм. Тэмцээний нэгдүгээр байрт 147 дугаар цэцэрлэг орсон бол 22 дугаар цэцэрлэг удаалжээ. Харин гутгаар байранд 45 дугаар цэцэрлэг орсон бол 201, 82 дугаар цэцэрлэгүүд шагналт байранд шалгарчээ.

Энэхүү тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороо болон Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулсан байгуулсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянхошуу дэд төвийн үерийн далангийн ажил 20 хувьтай явж байна

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах үүднээс нийслэлд дэд төвүүд байгуулж байгаа билээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

Үүний хүрээнд дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 2.4 км далан сувгийн ажлыг “Хангилцаг” ХХК гүйцэтгэж байна.

Уг далангийн байгууламжийн үйл ажиллагаанд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар үерийн далан сувгийн ажил 20 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа мэдээлэлтэй байна.

Түүнчлэн тус хэлтсийн хамт олон газар шорооны ажил гүйцэтгэж байгаа ажилчид, инженерийн техникийн ажилтнуудад далан сувгийн хавтан угсрах, машин механизм техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ажилтнуудыг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр өмсөж аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Categories
мэдээ улс-төр

Хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө” олгох асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ы өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайлан, /УИХ-ын даргын 2018 оны 60 дугаар захирамжаар байгуулагдсан шалгалтын ажлын хэсгийн мэдээллийг сонсоно/;
  • Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай асуудал;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зарим зорилтууд болон заалтуудын хэрэгжилттэй танилцах, “Ажилсаг монгол” хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий/.

2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох.

3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүд /Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Бусад.

4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2018.04.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

5. Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Холбогдох байгууллагын санал /Хаалттай/.
Categories
мэдээ нийгэм

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 2-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

10.30-15.00 цагт: 8-р хороо Улаанбаатар хэвлэл ХХК, түүний ойр орчмоор

11:00-17:00 цагт, 10:30-17:30 цагт: 18-р хороо Шарга морьт, эцсийн буудал орчмоор, Оросын пионерийн зуслан /хуучнаар/, Модон завод, Зуунмодны зуслан болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

10.30-15.00 цагт: 2-р хороо Гутал ХХК, Номин юнайтед болон эдгээрийн ойр орчмоор, иргэн Алтангэрэл

11:30-17:00 цагт: 2, 3-р хороо ЗДТГ, Орчлон констракшн, Орхон дээд сургууль, 25, 26, 27, Шаравын 20, 42А, 51, 52-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

11:30-18:00 цагт: 12, 13-р хороо 013, 120, 326-р цэргийн ангиуд болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

14:30-15:30 цагт: 20-р хороо Авто импекс, Экстудр менежмент ХХК-ууд

13:30-14:30 цагт: 29-р хороо Иргэн Заяабаатар, Цэцэгмаа, граж эзэмшигчдийн холбоо, Кремл СӨХ болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10.00-13.00 цагт: 7-р хороо Өвөр шандын 7-14-р гудамж

10.00-18.00 цагт: 1, 4, 7-р хороо Уурхайчдын гудамж, Өвөршанд, 7-р хорооны арын хэсгээр, Петровис, Содмонгол ШТС-ууд, Шалган нэвтрүүлэх пост болон эдгээрийн ойр орчмоор

14.00-17.00 цагт: 7-р хороо Өвөр шандын 1-7-р гудамж.

Categories
мэдээ спорт

Улсын аваргын шөвгийн дөрөвт үлдсэн багууд нэгдүгээр лигт өрсөлдөнө

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг талбайн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) өнөөдөр холбооны ногоон талбайд эхэллээ.

Энэ жилийн УАШТ-нд 17 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас шөвгийн дөрөвт шалгарсан багууд Нэгдүгээр лигт өрсөлдөх эрхтэй болно. Өнөөдөр А, В хэсгийн тоглолтуудаар эхэлсэн УАШТ тавдугаар сарын 13-нд хаалтаа хийх юм.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо УАШТ-ийг хасагдах шатнаас эхлэн та бүхэндээ mycujoo-оор шууд дамжуулан хүргэнэ. Дашрамд дуулгахад УАШТ-ий 17 баг МХБХ-ны цомын тэмцээний нэгдүгээр шатанд тавдугаар сарын 23-аас эхлэн өрсөлдөх билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Давайте жить дружно!

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


(Аюулгүй байдал хамтын ажиллагааны талаарх Орос Монголын дугуй ширээний Москвагийн уулзалтад хэлсэн үг)

Манай хоёр орны хооронд үл ойлголцол эрх барих дээд хэмжээнд ч учрах болсон нь аль аль тал нарийвчилсан судалгаагүйгээр цуу яриа, хов живд автан хий хардлагаар биендээ хандах болсонтой холбоотой гэж бодож байна. Аль аль талын холбогдох байгууллагууд буурь суурьтай судалгаагүйгээр сонссон яриандаа итгэж, тэндээсээ дүгнэлт гарган шийдвэр гаргах дээд зиндаанд түүнийг үнэмшүүлдгээс ихээхэн бэрхшээл гарах боллоо. Дээд байгууллага шийдвэр гаргахдаа хариуцсан доод байгууллагуудын хов живд тулгуурласан хардлагад үндэслэснээс болж хоёр орны харилцаанд үл итгэлцэл, хардлага үүсэх нь маш хортой зүйл юм.

Миний харж байгаагаар иймэрхүү ор үндэсгүй хардлага нь зарим хувь хүний амбицитай ихээхэн холбоотой. Энгийн жишээ хэлье л дээ. Монгол, Оросын харилцаа сүүлийн 400 жилд анх удаа хамгийн муу түвшиндээ очлоо хэмээн Монголд суугаа Оросын Бүрэн эрхт элчин сайд нээлттэйгээр зарлах боллоо. Зөөлөн хэлэхэд энэ нотолгоо үнэнтэй дүйхгүй байна. Хариуцсан холбогдох хүмүүсийн иймэрхүү хөнгөн хуумгай хувийн дүгнэлт нь хоёр орны хамтын ажиллагаанд маш том хохирол учруулж үл ойлголцлын галыг хөөрөгдөж байгаа юм. Явсаар хоёр тал биенийхээ юу хийх гэж байгаа, хэрхэн хандах талаар оньсого таалцаж, хардлагаа улам нэмж байна. Энд би хэдэн жишээ хэлье.

Монголын дорнод хэсэгт байдаг ураны ордыг хамтарч ашиглах талаар Оросын талаас санал тавилаа. Тэнд Канадын компани хөрөнгө оруулалт хийж нэлээд хэдэн жил ажилласан байсан юм. Оросын дээд удирдлагаас Монголын талыг эл канадчуудыг хөөж гаргах санал тавин, асуудал хэрэвзээ Олон улсын арбитражийн шүүхэд очих юм бол өөрийн талаас сайн өмгөөлөгч олж өгөхөө амласан. Ийм шахалтад орсон Монголын тал Канадын компанийг ямар ч пардонгүйгээр үнэхээр хөөж гаргасан билээ. Эл компани өдгөө Арбитрийн шүүхэд хандан нөхөн олговрын 400 сая доллар нэхэж байна. Харин Оросын тал өмгөөлөгч олж өгөх нь байтугай эл ураны ордод хамтран ажиллах талаар өмнөх амлалтаа таг мартсан.

Бас нэг жишээ: Монголд байгаа цорын ганц төмөр замыг Орос, Монгол хоёр тавь тавин хувиар хувааж эзэмшдэг. Зургаан жилийн өмнө Оросын тал уг төмөр замыг хос болгож орчин үеийн хурдны магистрал болгох гурван тэрбум долларын төлөвлөгөө Монголын талд танилцуулсан. Санхүүжилтийг Оросын тал бүрэн даах ба, төмөр замын хагасыг эзэмшигч Монголын тал өөрт ногдох хувийг Таван толгойн коксжих нүүрсний ордын хувьцааг Оросын талд эзэмшүүлэхээр тохирсон юм. Уг орд нь дэлхийд хамгийн том коксжих ордын нэг бөгөөд тухайн үед коксжих нүүрсний үнэ 130 доллар хүрч байлаа. Оросын тал төмөр замын шинэчлэлийн асуудлыг хойш тавин мартаж, хамаг анхаарлаа тухайн ордын хэдэн хувийг эзэмших талаар бусад хамтрагч ба Монголын талтай эцэс төгсгөлгүй маргаан дэгдээж зургаан жилийг ардаа орхисон билээ. Өнөөдөр коксжих нүүрсний үнэ 40 доллароос доош унаж ирлээ. Харин Оросын тал энэ ордын талаар цаашид ямар ч сонирхолгүй байгаагаа албан ёсоор илэрхийлэв.

Соёоны нурууны өмнөд хэсэгт асар их нөөцтэй коксжих нүүрсний ордыг оросууд нээлээ. Мөнх цаст өндөр уулсыг нүхлэн Сибирийн төмөр замтай холбох эдийн засгийн бололцоо байхгүй учир энэ ордын нүүрсийг Монголоор дамжуулан Хятад руу экспортлох санал Оросын талаас тавилаа. Монголын нутагт дэд бүтэц барих энэ санал нь ашигтай хувилбар учир Монголын Засгийн газар саналыг баяртай хүлээн авав. Санал тавигч нь Оросын төрийн мэдлийн Орос төмөр зам компани юм. Гэтэл уг ордыг хувьчилсан юмсанж. Иймээс хөрөнгө оруулагч хувийн компаниудын зүгээс төмөр зам тавих асуудал нь улсын мэдлийн аж ахуйн нэгжид хамаагүй, тэд өөрсдөө өөрийн хөрөнгөөр төмөр зам тавих болно гэж мэдэгдэв. Өнөөдөр Монголын тал хэнтэй гэрээ хийхээ мэдэхээ больсон.

Монголын ирээдүйд баригдах төмөр замын цариг нь олон улсын стандартад нийцдэггүй зөвлөлтийн стандартаар баригдах ёстой гэж Оросын тал, тэр дундаа төрийн өмчит Орос төмөр замын удирдлага үзэж, энэ чиглэлээр Монголын талыг хүчтэй шахсан. Монгол бол далайгаас мянган км алслагдсан ланд лок орон. Монголын нүүрсийг гадагш тээвэрлэх цорын ганц бололцоо нь Хятадын Өвөр Монголд орших дэлхийн хамгийн том металлургийн төв болох Бугат хот юм. Нүүрсээ зөвлөлт стандартын царигаар төмөр замаар гадагш гаргадаг юм гэхэд хил дээр ачаа шилжүүлэлтийн өртөг тонн тутамд гурван доллар болно. Харьцуулаад үзэхэд Өмнөд Австралиас Япон хүртэлх тээвэрлэлтийн үнэ ердөө 10 хүрэхгүй доллар шүү дээ. Орос төмөр зам бидэнд Зүүн Сибириэр дамжин Номхон далайн өвөл хөлддөг таван мянган км хол боомтоо санал болгосон. Ийм урт замаар бид нүүрс биш, алт тээвэрлэх болчихоод байна. Төрийн өмчит Орос төмөр замын энэ ширүүн шахалтаас болж Монгол ямар царигтай байх талаар манайд улс төрийн маргаан үүсэн зургаан жилийг ардаа орхилоо. Үр дүнд нь ганц метр ч төмөр замын шугам нэмж баригдсангүй. Оросын шахалт дарамт нь Монголд үнэхээр бодит аюул мөн. Монгол нь эрчим хүчний хувьд 30 хувь, төмөр замын дэд бүтцийн хувьд 50 хувь, уул уурхайн хувьд 50 хувь, геологи хайгуулын хувьд 50 хувь, шатахууны хувьд 100 хувь Оросоос бүрэн хамааралтай.

Монголд Зөвлөлтийн “Леопольд муур” хэмээх хүүхэлдэйн кино их алдартай. Давайте ребята, жить дружно!

2013.09.04

Categories
мэдээ нийгэм

“Нарны зам” сургалтын төв хангалттай үнэлгээ авлаа

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагаанд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төв, Авто сургуулиудын нэгдсэн холбоо хамтран аттестатчиллын шалгалт хийлээ. Түвшин тогтоох шалгалтанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн D ангиллын жолооч бэлтгэдэг “Нарны зам” сургалтын төв бүрэн хангалттай үнэлгээ авлаа. Шалгалтаар тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын жолоодлогын дадлагын талбай, техник хэрэгсэл, сургалтын төвийн танхим, бичиг хэргийн стандартыг шалгасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Жолоодох эрхийн шалгалтын төвийн журам, Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагад тавигдах стандартыг шалган гэрчилгээг шинэчлэн олгохоор болсон юм гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелийн Монгол Улсад хийсэн албан айлчлал амжилттай өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийлээ.

Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелийг их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчилсэний дараа хоёр орны парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээнд УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Г.Тэмүүлэн, БНИУ-аас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Оуэн О’Лири нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Ойрэактас (парламент)-ын Дайл Эйрэанн (Төлөөлөгчдийн танхим буюу Доод танхим) хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичигт гарын үсэг зурснаар талууд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх болон холбогдох бүхий л салбарын харилцааг тогтвортой хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах замаар хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.Ноён Шон О’Фарел айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдтэй уулзсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр аялал жуулчлал, хөдөө аж ахуй, техник технологи, боловсрол гээд бүхий л салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломжтой хэмээн Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел цохон тэмдэглэв. Мөн улсынхаа эдийн засгийн бүтэц, экспорт, импортын талаар дэлгэрэнгүй танилцуулж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелтaй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол, Ирландын харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, боловсрол, мэдээллийн технологи, аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж, чиглэлийн талаар хөндөн ярилцсан юм.Ийнхүү Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн албан айлчлал амжилттай өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.