Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаврын цэрэг татлага энэ сарын 4-6-ны өдрүүдэд болно

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагыг нийслэлийн долоон дүүрэгт энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдаж, цэрэг татлагатай холбоотой цаг үеийн асуудал, бэлтгэл ажил зэргийг хэлэлцлээ.

Хурлын эхэнд НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч дарга, Хурандаа Ц.Анхбаяр нийслэлийн цэрэг татлагын товчооны гишүүдээс дүүргүүдийн цэрэг татлагын товчоонд ажиллах хуваарь болон цэрэг халалт, татлагын бэлтгэл ажилтай танилцсан тайланг танилцуулав. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажилд бэлтгэл ажил бүрэн хангагдсан, цэргийн зарлан дуудах мэдэгдэл 94.6 хувьтай тараагдсан байгаа талаар танилцуулгандаа дурьдлаа. Үүний дараа НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, Дэд хурандаа Т.Мөнхбаяр Нийслэлийн хэмжээнд цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн “Эрүүл мэнд- Цахим бүртгэл” хөтөлбөр зохион байгуулж байгаа тухай танилцуулга хийлээ. “Тус мэдээллийн сангаар дамжуулан цэргийн насны иргэдийн өвчний бүртгэл, эмчийн бүртгэл, цэрэг татлагын бүртгэл, Хувийн мэдээлэл өөрлөх зэрэг өөрчлөн засварлаж, нэгдсэн бүртгэлтэй болох юм.
Бүртгэсэн мэдээлэл архивлах, архивласан үед засагдах боломжгүй болно. Хэрэглэгч хоорондын эрхийн хязгаарлалт хийх юм. Штабын эрхээр орход эмчийн мэдээлэлд завсар хийх боломжгүй. Зөвхөн өөрийн мэдээллийг архивлахаас өмнө засах устгах боломжтой аж. Цэргийн насны иргэдийн өвчлөлийн түвшинг тодорхойлсоноор цэргийн насны иргэдийн эрүүл мэндэд тавих хяналт дээшилж, цэргийн насны иргэдийн эрүүл мэнд сайжирна. Цэргийн насны иргэдийн өвчлөлийн түүх /мэдээлэл/-тэй болж, назологи, өвчлөл, эрүүлжилтийг нэг дор он, оноор харж болно. Эмч нарын хариуцлага дээшилж, бүртгэл, мэдээллийн хурд нэмэгдэнэ” хэмээн Т.Мөнхбаяр танилцуулгандаа дурдлаа.

Хурлын төгсгөлд НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр дүүргүүдийн цэрэг татлагын товчоодын удирдлагуудад

  1. Цэрэг татлагын ажлыг энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахдаа хууль, дүрэм, журмын хүрээнд тэгш, шударгаар, цаг, хугацааг тооцож, сахилга зохион байгуулалтын өндөр түвшинд явуулах
  2. МУ-ын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоол “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх заавар”-ыг баримтлан эрүүл мэндийн үзлэгийн сайтар зохион байгуулж цэрэгт татагдагчдын эрүүл мэндэд анхаарах, Нийслэлийн хэмжээнд цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн “Эрүүл мэнд-Цахим бүртгэл” төслийг хэрэгжүүлж мэдээллийн санг баяжуулж үүрэг хороодтой уялдуулж ажиллах
  3. Цэрэг татлагын товчооны томилгоот бүрэлдэхүүн 2018 онд техникийн үзлэгт орсон, дүүргийн замын цагдаагийн тасгаас зөвшөөрөл авсан автомашинуудыг сонгон авч батлагдсан маршрутын дагуу цэрэг хүргэх, тээвэрлэх
  4. Цэргийн албанд татагдаж байгаа иргэдийг улсын баталгаатай бүртгэл бүхий даатгалд хамруулах ар гэрийнхэн болон нийслэлийн иргэдэд цэрэг татлагын үед төрийн нэг цэгийн үйлчилгээг цэрэг татлагын байрын орчимд зохион байгуулах
  5. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах ажлын хэрэгжилтэнд анхаарах
  6. Цэргийн жинхэнэ албаны талаар иргэдээс ирж байгаа өргөдөл, санал , хүсэлт, гомдлыг бүртгэн хүлээн авч шийдвэрлэхэд анхааран ажиллах
  7. Цэрэг татлагаар баримт бичгийн бүрдүүлэлт, зурагжуулалт, нөхөн бичилт, шилжүүлгийг бүрэн хийх бэлтгэлийг хангах
  8. Ерөнхий зориулалтын цэргийн дамжинд хурандаа Ц.Анхбаяр, Хилийн цэргийн дамжинд хошууч Б.Чимэд нар ажиллана.
  9. Нийслэлийн Цэрэг татлагын товчооноос томилогдсон албан тушаалтнууд дүүргүүдийн цэрэг татлагын байруудыг энэ сарын 3-ны өдрийн 15.00 цагт өөрсдийн биеээр үзэж хүлээж авах болно.
  10. Цэрэг татлагын үеэр өгдөг мэдээг өдөр бүр Нийслэлийн цэрэг татлагын товчоонд 20.00 цагт утсаар өгнө. /322401/ Шаардлагатай бол Цэргийн штабын дарга нарыг дуудаж уулзана. /Гар утасуудыг нээлттэй байлгах/ зэрэг үүрэг чиглэлүүд өгөв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Жил бүр агаарын бохирдлоос болж долоон сая хүн амиа алдаж байна

Агаарын бохирдлын улмаас жил бүр долоон сая хүн амиа алдаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ энэ тухай мэдээлжээ.

“Агаарын бохирдлын түвшин дэлхийн олон газарт маш аюултай хэмжээнд хүрсэн хэвээр байна. ДЭМБ-ын мэдээллээс үзэхэд 10 хүн тутмын 9 нь бохирдол ихтэй агаараар амьсгалж байгаа бөгөөд агаарын бохирдлын улмаас жил бүр 7 сая хүн цаг бусаар хорвоог орхиж байна” хэмээн тус байгууллагын тараасан мэдэгдэлд дурджээ.

Агаарын бохирдлын улмаас нас барсан хүмүүсийн 90 хувь нь нэг хүнд ноогдох орлого нь бага болон дундаж голдуу Ази, Африкийн улсуудын иргэд байна. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус хэлэхдээ “Агаарын бохирдлын улмаас бид бүгд аюулд ороод байгаа хэдий ч хамгийн түрүүнд ядуу буурай орны ард иргэд зовж шаналж байна” гэжээ.

“Агаарын бохирдолд хил хязгаар гэж үгүй. Агаарын чанарыг сайжруулахын тулд засгийн газрууд бүхий л түвшинд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ болон хог хаягдлыг устгах зэрэг хүрээнд шийдвэр гаргахын тулд улс орнууд хамтран ажиллах ёстой” хэмээн ДЭМБ онцлон тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

“ЦЭЦГИЙН БАЯР 2018” цэцэг солилцох өдөрлөг болно

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, JCI Их хүрээ салбар байгууллага хамтран “Нэг цэцэг нэг дэлхий” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын утаа ихтэй дүүргийн 14 сургуульд эко орчин бүрдүүлэх, анги танхимын агаарын чанарыг сайжруулах, хүүхдүүдийг байгальд хайртай, хариуцлагатай, эерэг хандлагатай, иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Цэцгийн баяр” өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг энэ сарын 4-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд 1000 хүүхэд өөрсдийн гараар тарьж ургуулсан цэцгээ сонгогдсон сургуулиудын сурагчдад гардуулах, JCI Монгол байгууллагуудын салбаруудын төслийн танилцуулга, урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдана гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Автотээврийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдлээ

Автотээврийн үндэсний төв, ТӨҮГ тавдугаар сарын гуравны өдөр Сүхбаатарын талбайд авто тээвэртэй холбоотой бүхий л төрлийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй иргэдэд хүргэнэ.

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийг зорьж ирсэн олон нийтэд Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 дугаараас автотээврийн салбарын бүх мэдээллийг авах, хууль бус тээвэрлэлтийн талаар хяналтын байцаагч сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх, хөдөлгөөний удирдлагын төв буюу 24 цагийн GPS-ын хяналтын талаар танилцуулах, баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн бэлдцийн талаар зөвлөгөө өгөхөөс гадна тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх, сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй бүртгэлээс хасах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг танилцуулах, мэргэшсэн жолоочийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх, шалгалт авах, авто үйлчилгээний ангилал тогтоолгох зэрэг нэг дороос бүхий л үйлчилгээг авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Г.Баасан: Би АТГ-ын даргад нэрээ дэвшүүлээгүй

Авилгатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Г.Баасан “АТГ-ын дарга сайн ч ажилласан бай, муу ч ажилласан бай хуулийн хугацаа нь дууссан. Нэгэнт хуулийн хугацаа дууссан учраас албан тушаалаасаа бууна. Х.Энхжаргалын оронд хэн ч очсон хуулийн дагуу ажиллаад явна. Авлигачидтайгаа тэмцэж чаддаггүй АТГ-ынхан Монголын авлигачдад гишгэх боломж олгосон байсан. Гадаад дотоодын авлигад идэгдсэн бүлэглэлүүд одоо айхтар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдаж байна. Транспэрэнси интернэшнл 2015 онд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг авлигад идэгдсэн гэж гүтгэж гүжирдэж байсан. УБТЗ-ын дарга Жигжиднямаа, ЗТН-ын дарга Г.Төмөрбаатар нарыг яллаглагчдаар татах санал прокурорт гаргасан ч одоо хүртэл татаагүй. Энэ хүмүүс ажилаа хийгээд явж байгаа. АТГ авилгачдыг өөхшүүлж байна. Монгол улсын прокуророос УИХ-ын дарга М.Энхболдод хэрэг бүртгэлийн дэвтэр нээн шалгаж эхэлсэн. Тодорхой ямар нэгэн мэдээлэл хараахан гараагүй. АТГ ард түмэнд ХОМ /хөрөнгө оруулгын мэдүүлэг/-ээ одоо хүртэл нууж байгаа. АТГ-аас ХОМ-ээ гаргадаггүй, бусад хүмүүсийн ХОМ-ыг ч дэлгэдэггүй. Авилгатай тэмцэх газрын дарга шинэчлэгдэх ёстой. АТГ-ын нэг мөрдөн байцаагч бүхэл бүтэн нэг хотхонтой байгаа талаар мэдээлэл ирсэн. Үүнийг шалгана.
Тэрбээр АТГ-ын даргад өөрийнх нь нэр дэвшиж байгаа талаарх асуултанд “Сонирхолтой хүн дарга болдог зарчим хаана байна. Би өөрийнхөө нэрийг дэвшүүлээгүй. Энэ хүн ажил хийх боломжтой гэж үзсэн ард түмэн миний нэрийг дэвшүүлсэн. Үүрэг өгвөл үүргээ биелүүлнэ, үүрэг өгөхгүй бол би дарга болъя гэж сайн дураараа явахгүй”. Мөн олон нийтээс ирж байгаа гомдлын шинжтэй мэдээллийг цаашид шалгаж, цаг тухайд нь мэдээлж байх болно” гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан 21 асуудлыг хэлэлцэх товтой байна

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 21 асуудлыг хэлэлцэх товтой байна. Тухайлбал, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааны дүнгийн тухай болон Монгол Улс, Уругвай Улс хоорондын хэлэлцээр батлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол, Швейцарийн Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай, Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Газрын тосны боловсруулах үйлдвэр барих төслийн тухай зэрэг асуудал багтжээ. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайдын гадаад томилолт, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгийн тайланг сонсохоор төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

10 настай хүү тагтнаас унаж амиа алджээ

Чингэлтэй дүүргийн зургаадугаар хороонд өчигдөр 07:00 цагийн орчимд 10 настай хүү орон сууцны долоон давхрын тагтнаас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

ЦЕГ-ын ээлжит “Сэрэмжлүүлэх мэдээ”-гээр эцэг, эхчүүдийг болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхилгүй, мөн цонх, тагтнаас хол байлгахыг анхааруулав.

Categories
мэдээ спорт

Сурагчдын ДАШТ-ээс хос алтан медаль хүртлээ

Албани улсын Дуррис хотноо дөрөвдүгээр сарын 20-29-нд болсон шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай шатарчид хос алт, мөнгө, хүрэл медаль хүртэв.

Тэмцээнд 40 орны 387 шатарчин сурагчид оюун ухаанаа сорьсоноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцсон юм. Сурагчдын ДАШТ-нд Манай улсын баг тамирчдаас Стандарт төрлийн 13 хүртэлх насанд Төрийн банк, Төв клубын тамирчин тус тэмцээний хошой аварга, ДШХ-ны дэд мастер /эмэгтэй/ Д.Мөнхзул түрүүлж алтан медаль, Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастерын болзол хангажээ.
Харин 11 хүртэлх насны хөвгүүдийн тэмцээнд Чингэлтэй дүүрэг, “Цэцэн Нүүдэл” клубын тамирчин ДШХ-ны дэд мастер Л.Очирбат түрүүлж алтан медалийн эзэн болов. Мөн 9 хүртэлх насны охидын ангилалд “Төгс нүүдэл” клубын тамирчин ДШХ-ны дэд мастер Х.Есүгэн мөнгөн медаль хүртсэн бол ес хүртэлх хөвгүүдийн ангилалд “Гоби чесс” клубын тамирчин ДШХ-ны дэд мастер Б.Тэнүүнболд хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртэв.
Охидын долоо хүртэлх насны ангилалд “Занданшатар” клубын тамирчин Н.Содгэрэлт, хүрэл медаль хүртэж ДШХ-ны дэд мастер цолны болзол хангасан бол охидын ес хүртэлх насны ангилалд “Гоби чесс клубын тамирчин ДШХ-ны дэд мастер Г.Лхагважэд хүрэл медаль хүртжээ.
Өнгөрсөн жил Румын улсад болсон Сурагчдын ДАШТ-ээс манай шатарчид тус бүр гурван алт, нэг мөнгө, хүрэл медальтай ирж байв.

Categories
мэдээ нийгэм

“НОМОО СОЛИЛЦЪЁ” өдөрлөг төв номын санд болно

Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг энэ сарын 4, 5-нд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Эрхэм уншигч та бүхнийг 2018 оны тавдугаар сарын 4, 5-ны өдөр Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцож уншихыг уриалж байна гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монголын хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлуудын хуулбарыг дэлгэн үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудыг дэлгэн үзүүллээ.

Тэдгээр захидлын эх хувиуд Ромын Ватиканы нууц архив, Германы Үндэсний номын сан зэрэг дэлхийн улс, орнуудад хадгалагдаж байдаг бөгөөд захидлын хуулбарыг калиграфаар, бичиг үсгийн сонгодог дэгээр бичиг үзүүлж байгаа юм.

Энэ үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энболд нээж:

“Эрхэм хүндэт зочид оо.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярт зориулан бидний өвөг дээдэс, алтан ургийн Их хаадаас Европын хаадад илгээж байсан захидлуудын хуулбарыг дэлгэн үзүүлж байна. Захидлуудыг уран бичлэг-дүрслэх урлагийн хэлбэрт оруулан, уран бүтээл болгосон хүн нь уран бичигч, урлаг судлаач, докторант Э.Ариунболд юм. Эзэн Чингис хааныг залгамжлагч их хаадын энэ захидлууд нь дэлхийд гайхагдсан бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв төдийгүй Монголын төрт ёсны аугаа уламжлалыг илтгэн харуулсан түүхэн баримт юм. Энэ үзэсгэлэн нь захидлуудыг хуулбарлан цогцоор нь гаргаж байгаагаараа онцлогтой бөгөөд эх хэл, бичиг соёлоо олон нийтэд хүүхэд залууст бахархуулан таниулахад тустай юм. Хүрэлцэн ирсэн Та бүхнийг үзэсгэлэнг тогтон үзэхийг хүсэхийн зэрэгцээ урлаг судлаач Э.Ариунболдын судалгааны ажил, уран бүтээлд амжилт хүсье” гэсэн юм.

Үзэсгэлэнд тавигдсан Их хаадын захидлуудыг яг хэлбэр, хэмжээгээр нь хуулсан бөгөөд Аргун хааны захидал гэхэд 3 метр 2 см урттай байсныг хэмжээгээр нь хуулбарласан байна.