“Гэгээн Муза-14” ОУ-ын театрын шилдгийг шалгаруулах уралдаанд зургаан төрлөөр өрсөлдөж буй “Өндөр Гэгээн” дуулалт жүжгийн талаар уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Өндөр гэгээн” төслийн Гүйцэтгэх продюсер Хөгжимт жүжгийн театрын дарга СТА Г.Солонго, зохиолч, Төрийн соёрхолт Ц.Бавуудорж, ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураач, СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолч, УГЗ Т.Сэр-Од нар оролцов.
Завхан аймагт нийт 15 удаа тавигдсан “Өндөр Гэгээн” дуулалт жүжиг Гэгээн Муза наадмын хоёрдугаар шатад тэнцэж, зургаан төрөлд нэр дэвшээд байгаа талаар ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар энэ үеэр онцолж байв. Тэрбээр “2018 оны гуравдугаар сард үзэгчдэд хүрсэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл болох “Өндөр Гэгээн” дуулалт жүжгийг бүтээх явц жил гаруй үргэлжилсэн. Өндөр Гэгээн бол Монголыг маань дэлхийд таниулж буй суут соён гэгээрүүлэгч гэдэг утгаараа танин мэдэхүйн ач холбогдолтой. Цаг үедээ хүн өөрийнхөө нэрийг үлдээх, нэр төртэй амьдарна гэдэг Өндөр Гэгээний амьдралаас тод харагдана. Бид түүхийг шүүж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс түүхийг дүгнээд, хүнийг буруутгаад байдаг ухвар мөчид зангаа больчихмоор байгаа юм. Өнгөрсөн юм бүхнээс бид хэрэгтэй, хойч үед минь сургамж болох, тархи оюунд нэмэр болох зүйлүүдийг бүтээл болгож өнөө цагийн үзэгчдэдээ хүргэхийг зорьдог. Тэгэхээр Өндөр Гэгээн гэдэг хүн Монголд ямар хувь нэмэр оруулсан, шашин талаасаа ямар мэдлэг боловсролыг түгээж байсан, урлаач, уран бүтээлч хүний хувьд ямар гайхамшигтай хийцүүдийг бидэнд өв болгож үлдээв гэдгийг л харах хэрэгтэй” хэмээлээ.
МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр Гэгээн” дуулалт жүжиг энэ сарын 5, 8-нд 19:00 цагааас Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.