Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 16-нд эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургаадугаар сарын 16-нд эхэлнэ. Энэ жил ЭЕШ өгөх шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ тус хуваарийн дагуу бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирэх аж.

Харин ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлах юм. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэх боломжтой юм байна. Мөн энэ жилээс Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд тушаал гарган дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Элсэлтийн Ерөнхий Шалгалтын босго оноог 480 болгон нэмэгдүүлсэн.

Өөрөөр хэлбэл элсэлтийн оноо доод тал нь 480 байх бөгөөд түүнээс дээш хэд байхыг их, дээд сургуулиуд өөрсдөө тогтоох юм. БСШУСЯ, БҮТ, холбогдох байгууллагууд хамтран судалгаа хийсний үндсэн дээр ийнхүү босго оноог нэмэгдүүлж өгснөөр дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш цэцэг солилцох өдөрлөг болно

Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, JCI Их хүрээ салбар байгууллага хамтран “Нэг цэцэг нэг дэлхий” төслийн хүрээнд “Цэцгийн баяр” өдөрлөгийг маргааш зохион байгуулах гэж байна. Өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд 1000 хүүхэд өөрсдийн гараар тарьж ургуулсан цэцгээ сонгогдсон сургуулиудын сурагчдад гардуулна. Улаанбаатар хотын утаа ихтэй дүүргийн 14 сургуульд эко орчин бүрдүүлэх, анги танхимын агаарын чанарыг сайжруулах, хүүхдүүдийг байгальд хайртай, хариуцлагатай, эерэг хандлагатай, иргэн болгон төлөвшүүлэх үндсэн зорилготой аж. Дашрамд дуулгахад JCI Монгол байгууллагуудын салбаруудын төслийн танилцуулга, урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Image result for Таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарийг танилцуулж байна.

Баянзүрх дүүрэг

-10:30-17:30 цагт: УСУГ-ын худгууд,

Сүхбаатар дүүрэг

-13:30-14:30 цагт: 15-р хороо Дамбадаржаагийн 15-17, 20-р гудамж, Тэнүүн далай БНН болон эдгээрийн ойр орчмоор
-14:30-15:30 цагт: 11-р хороо Зүүнсалааны 7-р гудамж, Сутай тэргүүн, Мандалын түрүү, Өгөөмөр Адимон, Халзан нуга ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, иргэн Наранцэцэг, Хандаа, Эрдэнэбаяр,

Хан-Уул дүүрэг

-11:30-17:00 цагт: 2, 3-р хороо 43, Эрчим хүчний 19, 21, 49, 50, 19-р хорооллын 3, 4, Мансард 4, Нэхмэлийн 1-20, 5-11, 12А, В, Говийн 16, 35-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

Сонгинохайрхан дүүрэг

-11:30-13:00 цагт: 23-р хороо, Хорооны байр болон ойр орчмоор
-11:30-18:00 цагт: 6, 7, 14-19, 23, 29-31-р хороо Алтайн 2, 3, 5, 6, 7, 14, 15, 19, 20, Хамбын 1-5, 8, Хангайн 54, 58, 64, 66, 67, 68, 69, Чулуутын 1-3, 6-8, Тоосгоны 24, Хилчний 5-8-р гудамжууд, Хилчин хотхон болон эдгээрийн ойр орчмоор,

Налайх дүүрэг

-10.00-18.00 цагт: 3-р хороо Уурхайнууд, 314-р ЦА, Бласт ХХК болон эдгээрийн ойр орчмоор

Categories
мэдээ улс-төр

Баяжуулсан хүнсний тухай хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараагаар хуулийн төслийг гишүүдийн 77 хувийн саналаар батлав.

Баяжуулсан хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг тогтоолын төслөөр зарим хүнсний үйлдвэрлэлд өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Categories
мэдээ цаг-үе

Цахим сэтгүүлчид сэтгүүл зүйн IV хувьсгал, хариуцлага, ёс зүйд анхаарал хандууллаа

Цахим сэтгүүлзүйн II форум МУИС-ийн номын сангийн их танхимд боллоо. Ахмад, залуу сэтгүүлчид, дунд үеийнхэн, орон нутгийн сэтгүүлчид оролцсон уг форум илэн далангүй, өөртөө шүүмжлэлтэй, ирээдүйдээ анхаарал хандуулсан уур амьсгалд өрнөв. Албаны хүмүүс мөн оролцож, сонирхолтой статистик хэлцгээлээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат ярихдаа:

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Цахим бодлогын түр хороо байгуулахыг дэмжсэн. Дэлхий дахинд интернэтэд суурилсан цахим сэтгүүл зүй асар хурдтай хөгжиж байна. Манай Улс 1992 оноос цахилгаан холбооны салбарт технологийн шинэчлэл хийж, 1996 оноос 24 цагийн интернэтэд холбогдох болсноор цахим сэтгүүл зүй хөгжих үндэс тавигдсан. Өнөөдөр Монгол Улсад 350 хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдгаас 89 нь сонин, 80 гаруй нь сэтгүүл, эмхэтгэл, 100 орчим нь мэдээллийн сайт юм. Түүнчлэн Монгол Улс 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар нийгмийн мэдээллийн сүлжээнд бүртгэлтэй 2.1 сая хэрэглэгчтэй, идэвхтэй хэрэглэгч ойролцоогоор нэг саяд хүрч, тэд нь сард дунджаар зургаан коммент бичиж, 18 пост хийн, 11 сурталчилгааны мэдээлэлд хандалт хийдэг судалгаа бий гэв.

Харин Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адьяасүрэн мэдээлэхдээ:

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах газраас гаргадаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 2017 оны статистик мэдээллээс харахад 2011-2017 оны хооронд гар утас хэрэглэгчийн тоо 285 000- 2 сая 500 мянга орчим болж, 877 хувиар өссөн байна. Нийт интернэт хэрэглэгчийн тоо 2.9 саяд хүрч, 586 хувиар өссөн ба нийт дата хэрэглээ 26.5 терабайтад хүрчээ.

Интернэтэд суурилсан аливаа үйлчилгээг иргэдэд хүргэх үндэс суурь хангалттай бүрдсэн. Өнөөдрийн байдлаар нийт сум суурин газруудад өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулагдсан. Одоогоор 26 сум л үлдсэн. Орчин үед цахим орчин нь хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөг баталгаажуулах, ардчиллын ил тод тунгалаг байдлыг хангах, хүмүүс хоорондын холбоо харилцааг сайжруулах зэрэг давуу талуудыг агуулж байна. Гэвч сүүлийн үед цахим орчин дахь хүүхэд хамгаалал, цахим орчны гүтгэлэг доромжлол, нийгмийн сүлжээний худал мэдээлэл, хуурмаг хэрэглэгчийн талаар дэлхий нийтээр хэлэлцүүлэг өрнөж байна. Дэлхийн бусад улс орнуудын хувьд ч энэ асуудал зохицуулалтад байх ёстой талаар хэлэлцэж, тодорхой санал санаачилгууд гарсаар байна. Харилцаа холбооны зохицуулах хороонд дээрх асуудалтай холбоотой хувь хүн, албан байгууллагаас ихээхэн санал гомдол ирдэг. Энэ зохицуулалтын талаар холбогдох байгууллагуудтай хамтарч, судалгаа хийж байгаа гэлээ.

О.Ариунбилэг: Төлбөртэй мэдээлэл хүлээж авдаг уншигчдад бид илүү өндөр түвшинд бэлтгэсэн мэдээлэл хүргэнэ

Цахим сэтгүүлчдийг төлөөлж, Gogo сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг ярьсан юм.

-Манай сайт өдөрт 250 мянга хүртэл хандалт авдаг. Ёс зүйн код бидний бамбай. Барих зэвсэг маань баримт байх учиртай. Редакцитай, редакцигүй сайтууд гэж хувааж байна. Редакцитай сайтуудад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

Сэтгүүлчид маань туршлагагүй байна. Дандаа залуу сэтгүүлчид, охид ажиллаж байна. Мэргэжлээрээ ахиж дэвших боломжийг бид сэтгүүлчдэдээ өгөхгүй байна. Сэтгүүлчдээ бид цаг наргүй ажлаар дардаг. Жаахан цаг гарахаар сэтгүүлчид маань ном уншихгүй байна. Сэтгүүлчдийн суурь мэдлэг хангалтгүй. Сэтгүүлчээсээ ичих нөхцөл байдалд заримдаа ордог.

Удахгүй гал тогооны вэб сайтын үе дуусна. Яагаад гэвэл уншигчид хамгийн хатуу шүүгч. Үнэхээр даацтай чанартай мэдээлэл анализ хүргэдэг бол цаашдаа уншигчдаа хоёр хуваах болов уу. Төлбөртэй мэдээлэл хүлээж авдаг уншигчдад бид илүү өндөр түвшинд бэлтгэсэн мэдээлэл хүргэнэ. Төлбөргүй мэдээлэл хүлээн авагчдад төлбөртэй бэлтгэсэн мэдээллээсээ үнэртэх төдий өгдөг хэлбэрт гадны томоохон сайтууд орчихсон яваа. Ийшээ бид хүссэн хүсээгүй орох ёстой болно.Үүнд шилжихийн тулд биг дата ашигладаг систем рүү нэвтрэх байх л даа.

Бид яагаад олон эх сурвалжаас маш их судалгаа хийж бичсэн контентоо шар мэдээ хүсдэг уншигчдад яг адилхан түвшинд өгөх ёстой юм бэ. Бид ч бас ажлаа үнэлүүлэх ёстой. Сэтгүүл зүйн ирээдүй хамтын ажиллагаа. Цөөн боловсон хүчнээр том контент бүтээхийн тулд бид хамтарч ажиллах ёстой. Өнөөдөр, тав, арван сэтгүүлчтэй редакци сэтгүүлчдээ мэргэшүүлэх боломж гардаггүй юм бол мэргэшсэн хүмүүстэй хамтарч ажиллавал хүн хүчээ хэмнэх боломжтой гэв.

Ц.Чулуунзагд: Блокчейнд суурилсан сэтгүүлчдийн платформууд хийгдэж эхэлсэн

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Чулуунзагд “Дижитал шилжилт”-ийн тухай илтгэлээ. Цахим сэтгүүл зүйн хөгжилд дижитал шилжилт ямар нөлөө үзүүлж байгаа талаар ярья. Дэлхий өөрчлөгдөж байна. Дэлхийн топ таван компани бүгд мэдээлэл технологийнх байна. 2030 он гэхэд цахим шилжилтийн нөлөөгөөр 800 сая хүн ажилгүй болно гэсэн тооцоо бий. Энэ өөрчлөлтүүдэд юу нөлөөлж байна вэ?

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ид өрнөж байна. Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал механикжуулалт, уурын эрчим хүч, хоёрдугаар хувьсгалын үед масс үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч орж ирсэн. Гуравдугаар хувьсгалд электроник, мэдээллийн технологи, автоматжуулалт, дөрөвдүгээр хувьсгалын үед зүйлсийн интернэт, кибер физик систем байгаа юм.

Хэвлэл мэдээллийн салбар маань энэ дөрвөн том хувьсгалын хаагуур явсан бэ?

Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалын үед сонин гарчээ. Харин хоёрдугаар хувьсгалын үеэр телевиз нэвтэрсэн. Аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалын үеэр интернэт, вэб сайт газар авсан байна. Тэгэхээр аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед хэвлэл мэдээллийн салбарт ямар өөрчлөлт гарах вэ?

Cloud, IOT буюу зүйлсийн интернэт, блокчейн, хиймэл оюун ухаан, биг дата гээд маш олон зүйлс аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг бий болгож байна. ХХ зуунд эдийн засгийг хөдөлгөдөг гол хүч газрын тос байсан. XXI зуунд хамгийн үнэтэй баялаг өгөгдөл дата болсон. Энэ өгөгдөл, датаг сэтгүүл зүйн салбарынхан маань хамгийн их үйлдвэрлэдэг. Цахим шилжилт сэтгүүл зүйд эрсдэл бас боломж бий болгож байна. Уламжлалт хэвлэл сошиал медиад байр сууриа алдаж байна. Fake news буюу маш их хуурамч мэдээлэл бий боллоо. Сошиал медиад байр сууриа алдах, уншигчийн итгэлийг алдах тусам ашиг орлого нь багасах болсон. Эрсдлийг тойрох аргууд бий. Now this гээд мэдээллийн агентлаг нэг ч сайт, сонин, телевиз байхгүй. Зөвхөн сошиал медиа дээр үйл ажиллагаа явуулдаг. Эд “Бид хэдхэн секунд хэрэглэгчийн анхаарлыг татахын төлөө дээрээс доош гүйлгэсэн эдийн засгийн өрсөлдөөн дунд оршиж байна” гэж өөрсдийгөө тодорхойлсон. Гэсэн ч тэд уламжлалт медиагаас илүү орлого олдог. Эдний контентыг уламжлалт хэвлэлээс илүү олон хүн үздэг уншдаг болчихсон. Сошиал медиатай дайн зарлахаасаа илүү сайн ашиглах хэрэгтэй.

2020 онд хүмүүс мэдээллийг яаж авдаг болох вэ? Боломж байгаа тухай би түрүүн хэлсэн. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай зэрэгцээд сэтгүүл зүйн дөрөвдүгээр хувьсгалын тухай яригдаж эхэлсэн. Та бүхэн биткойн, криптовалют, блокчейний тухай сонссон. Дэлхийг өөрчилж байгаа энэ технологид суурилаад сэтгүүл зүй хөгжих ёстой. Сэтгүүлчдийн хариуцлагын асуудал яригддаг. Цөөхөн хэдэн сэтгүүлчийн хариуцлагагүй үйлдлээс болоод салбарын нэр хүнд унаж байна. Тэгвэл дэлхийд анх удаа блокчейнд суурилсан сэтгүүл зүйн бүртгэлийг хийж болж байна. Сэтгүүлчдээ хариуцлагын онооны системд оруулж, асуудал гарвал оноог нь хасч, ажиллах эрхийг нь түдгэлзүүлж болно. Төвлөрсөн бус мэдээллийн сүлжээ дэлхийд байгуулагдаж эхэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжил арван жилээр ухарсан гэж үздэг. Засгийн газрын цензур, гэмт бүлэглэлийн хяналт, редакцийн эздийн хараа хяналт нь шударга бус мэдээ мэдээллийг дамжуулахад хамгийн том нөлөө үзүүлж байна гэж үзэх болсон.

Үүнд тулгуурлаад хараат бус санхүүгийн тогтолцоо бүрдэж эхэллээ. Блокчейнд суурилсан сэтгүүлчдийн платформууд хийгдэж эхэлсэн байна. joincivil.com гэж бий. Publicism.nl гэж бас байна. Pub­licism нь стартап компани. Аль хэдийнэ таван сая долларын хөрөнгө оруулалт босгочихсон. Энэ хавар үйл ажиллагаа эхлэх ажээ. Ингэж төвлөрсөн бус мэдээллийн сүлжээ бий болж байгаа юм. Энд зөвхөн сэтгүүлч нар мэдээллээ түгээж, буцааж орлого олж чаддаг. Блокчейний нэг давуу тал нь хэн ч устгаж, өөрчилж чаддаггүй. Сэтгүүл зүйн дөрөв дэх хувьсгал блокчейнд суурилж хөгжих юм. Энэ нь итгэл алдраад байгаа сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээнэ гэж үзэж байна хэмээв.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батбаатар: Сэлэмчийн ах буруугүй

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Ж.Батбаатартай уулзаж “Нийгмийн сүлжээ”-ний мэдээллийн их урсгалын энэ цаг үе дэх хэвлэл мэдээллийн болон сэтгүүлчдийн мэргэжлийн үүрэг, хариуцлагын талаар ярилцлаа.


-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болох гэж байна. Монголын хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдал ер нь ямархуу түвшинд байна?

-Жил бүр улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг тодорхойлон гаргадаг “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын судалгаагаар манайх хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орсон хэвээрээ, харин ч хоёр байраар ухарч 71 дүгээрт жагсжээ. Зарим үзүүлэлтээр хэвлэлийн эрх чөлөө тодорхой түвшинд хүрсэн ч улс төрөөс хараат байдал бүр ч лавшрах байдалтай байна. Төрийн байгууллага, албан тушаалтнууд нь татварын мөнгөөр хэвлэлийг аргалдаг, эрхшээл, нөлөөндөө байлгадаг иймэрхүү арга барил, хандлагыг халж өөрчлөхгүйгээр чөлөөт хэвлэл төдийгүй ардчилсан, шударга нийгмийн тухай ярих боломжгүйд хүрнэ. Хэдий цөөн хэвлэл ийм хандлага, барилтай байлаа ч гэсэн бусдыгаа хөөдөж нийгэмд чөлөөт хэвлэлийн нэр хүндийг нь унагаж байгаа нь их хор хөнөөлтэй юм. Хэвлэл хаана хараат бус байдлаа алдана тэнд хэвлэлийн нэр хүнд унаж, чөлөөт хэвлэлийн оршихуйд аюул учирч байдаг. Угаасаа манайх багтаамж тааруутай, жижиг зах зээлтэй, дээр нь олон зүйл шалтгаанаар сэтгүүл зүйн мэдээллийн хэрэглээ дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй их уналттай байгаа нөхцөлд хэвлэлийн хөгжлийн цаашдын ганц боломж нь мэргэжлийн түвшний бодит, чанартай мэдээлэл л байх юм.

Чөлөөт хэвлэл саяны хэлдэг шиг ямар нэг зохисгүй орлого, санхүүжилтээр амьдрах нь сайн юм огтхон ч биш, хэвлэл яг л банк, санхүүгийн салбар шиг уншигч хэрэглэгчдийнхээ итгэл дээр суурилж тогтдог. Мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс хэвлэлийг хөлслөн өөрсдөдөө үйлчлүүлэх замаар ашиг сонирхлын үйл ажиллагаа зохион байгуулах, нийгэмд нөлөөлөх, суртал ухуулгын хэрэгсэл болгох явдал их байгаа нь чөлөөт хэвлэлийн хөгжилд сөрөг нөлөө учруулж, нийгэм, олон түмэнд хэвлэл мэдээллийн үнэлэмжийг ихээхэн бууруулахад хүргэж байна.

-Үүний шалтгаан нь юунд байна?

-Чөлөөт хэвлэлийн үүрэг, хариуцлагыг ухамсарлаагүйтэй холбоотой. Хариуцлагаас ангид эрх чөлөө гэж үгүй. Хэвлэлийн хариуцлага нь аливаа явцуу эрх ашгийн нөлөөнд автахгүй хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахаас эхэлнэ. Гэтэл бид энэ зарчмаасаа ухарчихаад байгаа нь чөлөөт хэвлэлийн өөрийнх нь мөн чанарт харшлах төдийгүй нийгмийн олон болох бүтэхгүй асуудлын эх үндэс болж байна шүү дээ. Хариуцлагатай сэтгүүл зүй нийгэм дэх аливаа асуудлыг хөндөж, олон нийтийн анхааралд гарган тавьж, шударга бус зүйлтэй тэмцэн илчлэгч, шүгэл үлээгч байх ёстой юм.

Жинхэнэ чөлөөт хэвлэл чинь ардчилсан нийгмийн бүтцийн нэг бүрэлдэхүүн хэсэг, бүр гол эд анги нь юм. Түүнгүйгээр ардчилсан, шударга сайхан нийгмийн тухай ярих боломжгүй.

Зарим хүний хэлдгээр сэтгүүл зүй нийгмийн оюун санааг хөтлөх нь ч хаашаа юм, гэхдээ нийгмийн үзэл санаа, хандлагад чухал нөлөөтэй хэрэгсэл учраас хэвлэл тэр хэрээр хариуцлагаа ухамсарлаж байх хэрэгтэй болдог. Энэ нь зөвхөн буруу ташаа, бодит бус мэдээлэл эсвэл олонтаа яригддаг нэр төр гутаах, гүтгэх, доромжлохтой холбоотой хариуцлага, ёс зүйгээс гадна үнэт зүйл, зарчим, хандлагатай холбоотой хариуцлагыг ч бас хамарна. Гэхдээ энд бид хариуцлагатай хэвлэл, чөлөөт хэвлэлийн өөрийн хариуцлагын тухай ярьж байгаагаас бус социализмын үеийн үзэл суртлын хэвлэлд тавьдаг хяналт цензурын тухай яриагүй шүү.

-Та үнэт зүйл, зарчим, хандлагатай холбоотой хэвлэлийн хариуцлага гэлээ?

-Тийм ээ, зарим баримтад тулгуурлаж ярья. Түрүүхэн дээ, нэг залуу баар цэнгээний газар танхайрч, тоглоомон ч гэл үү сэлэм эргүүлж бусдыг айлгаж ичээсэн явдал болж хэвлэлээр мэдээлэгдсэн. Гэтэл нийгмийн сүлжээнийхэн мань сэлэм эргүүлэгчийн ахыг хотын байх аа, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэн даруй хөөж зайлуулах хэрэгтэй гэж олноороо давалгаалж, зарим цахим хэвлэл тийм “муу дүүтэй ах”-ыг хөөхийг дэмжин хөөрөгдөж байх жишээтэй. Хэдэн он, ямар нийгэм билээ энэ чинь. Өнөөгийн бидний сонгосон ардчилал ч, чөлөөт хэвлэл ч өөрийн үнэт зүйл, тодорхой зарчим дээр оршин тогтнодог “урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах”-ыг зөвшөөрдөггүй нийгэм. Энэ зарчимд үнэнч байх нь, ардчилсан нийгмийн үнэт зүйл бүрийг тууштай хамгаалах нь чухамдаа чөлөөт хэвлэлийн цаг ямагт сахин хүлээх үүрэг, хариуцлага юм. Энд бид “гэр бүл, ойр дотнынхон, хамаатан садан, хамт ажиллагсад, найз нөхөд нь буруугүй” гэдэг дэлхийн аль ч улсын чөлөөт хэвлэлийн эрхэмлэн баримталдаг алтан дүрмээ ч мартчихаж байна шүү дээ. Ямар ч тохиолдолд сэлэмчийн ах буруугүй. Хэвлэл мэдээлэл энэ мэтээр нийгэмд цөөнгүй гардаг ч сүүлийн үед давтамж нь улам бүр ойрхон болоод байгаа нийгмийн үнэт зүйлс, ардчиллын эсрэг буруу үзэл,хандлагыг дэвэргэн сурталчилах нь ерөөсөө л хариуцлагагүй байгаагийнх нь илрэл юм.

-Өөр ямар хариуцлагын тухай бид ярих ёстой вэ?

-Нийгмийн аливаа сайн жишиг, үнэт зүйлийг төлөвшүүлэхэд хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухлын адил бид чанартай, сайн чөлөөт хэвлэлтэй болоход хэвлэл мэдээллийн индрийг ашиглагчдын хариуцлагын тухай ч мөн ярих хэрэгтэй болж байна.

Ялангуяа манай олон улстөрчид, эх орончид хэвлэлийг буруу бусармаг зорилгынхоо төлөө шударга бусаар их ашигладаг нь нутагшиж ядан буй чөлөөт хэвлэл, нийтийн соёлын төлөвшилд учруулж байгаа хор хөнөөл, хариуцлагагүй явдал юм. Одоо ямар бүлэглэл, хэн юу хийж, яах гээд байгааг тэдний өрнүүлж, зохион байгуулж байгаа хэвлэлийн кампанит ажлаас нь л олон түмэн урьдчилан хардаг, сайхан юм яриад муухай юм хийдгийг нь мэддэг болчихсон шүү дээ. Тэдэнд ёс зүйгээ сахиж, иргэний хариуцлагаа биелүүлэхийн чухлыг сануулах, шаардах нь зөв ч, тийм амархан засарч чөлөөт хэвлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулчихна гэж найдалтгүй л болов уу.

Нэг зүйлийг хэлэхэд энэ бүхний гол нь сэтгүүл зүйн салбараас өөрөөс нь шалтгаалж байна. Бид бурууг бусдад тохох биш өөрсдөө л хичээж, мэргэжлийн түвшинд хараат бусаар, хариуцлагатай ажиллаж байж үүргээ биелүүлж, амжилтад хүрнэ, болохгүй, бүтэхгүйгээ засаж залруулна.

-Сүүлийн үед нийгмийн сүлжээн дэх хуурамч мэдээ, мэдээллийн тухай их яригдаж байна?

-Юуны түрүүнд сошиал орчин дахь элдэв худал, хуурмаг мэдээлэл бол сэтгүүл зүйд огтын хамааралгүй асуудал юм. Тэр орчны мэдээлэл нь сонин хэвлэлийнх шиг тухайн мэргэжлийн редакци мэдээллийнхээ хариуцлагыг хүлээдэггүй, үнэн бодитой эсэхийг нь шалгаж баталгаажуулаагүй мэдээлэл байдаг учраас их түвэгтэй. Хэн ч мэдээлэл түгээж болох хязгааргүй том орон зай, тэр байтугай нэр, зүсээ нууж далдлах нь их байдаг учраас мэдээлэл, баримтыг үнэн бодитой байхыг шаардах, шалгуур тавих боломж нь угаасаа хомс л доо. Тийм болохоор л иргэдэд мэргэжлийн түвшинд боловсруулагдаж шалгагдсан баталгаатай, хэрэгтэй, тустай сэтгүүл зүйн мэдээлэл хэрэгтэй, олон нийт ч тийм бодит мэдээллийн үйлчилгээг хүртэх эрхтэй гэдэг утгаар нь олон нийтийн мэдээлэлд хаана хаанаа анхаарал хандуулах шаардлагатай болсон.

-Нийгмийн сүлжээний мэдээллийн орчныг сайжруулах ямар боломж, арга зам байдаг бол?

-Нэлээд түвэгтэй, зохицуулалт хийхэд бэрхшээлтэй асуудал. Энэ чинь иргэний суурь эрх болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой зүйл болохоор хамаагүй хориг, хаалт тавих нь хүний эрхийг зөрчих, хаан боогдуулахад хүргэх талтай. Олон улс оронд шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлж цахим орон зайд хуулийг хэрэгжүүлэх ажлыг хийж тусгайлсан хууль батлах зэргээр зохицуулалт хийж байна. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд ч зохисгүй зүйлст тавих хяналтаа сайжруулах замаар цахим орчныг эрүүлжүүлэх, чанаржуулах шийдлүүд их хийх боллоо. Ер нь тэгээд нийгмийн ухамсар, иргэдийн хэрэглээний соёлоос л ихээхэн хамаарч байна даа.

-За одоо хоёулаа хариуцлагын тухай яриандаа эргээд орох уу?

-Миний хэлээд байгаа гол санаа бол ардчилсан нийгэмд хэрэгтэй, бас ихээхэн нөлөөтэй хэрэгслэл чөлөөт хэвлэлийн үүрэг өнөө үед чухал учраас сэтгүүл зүйн үйл ажиллагаа зөвхөн мэргэжлийн дүрэм, зарчим дээр тулгуурласан байх, тийм соёлыг төлөвшүүлэх тухай юм. Үүнд хүний хүчин зүйл их үүрэгтэй болохоор сэтгүүлчдийн хандлага, хариуцлагын тухай яригдана.

Өнөөдрийн практикаас харахад сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдалд зайлшгүй анхаарах ёстой болсон байна. Зарим маань аль нэг улс төрийн хүчин, тодорхой бүлэглэл эсвэл хувь хүний нөлөөнд хэт автаж суртал ухуулагч шиг нь ажилладаг. Хэн нэгнээс хараат бус, чухамхүү бие даасан байж ажил үүргээ жинхэнэ утгаар нь гүйцэтгэх учиртай сэтгүүлчдийн ийм хариуцлагагүй байдлыг юугаар ч зөвтгөх аргагүй. Мэргэжлийн үүрэг, ёс зүйгээ умартан улс төрийн нам, хувь улс төрчийн сонгуулийн сурталчилгаа, PR-ийг хээв нэг хийж байгаа сэтгүүлч орчин үеийн соёлтой, мэдээлэлтэй уншигч, үзэгчдийн хувьд бол шударга ёс, үнэний дуу хоолой сэтгүүлч биш тухайн нам, тухайн улстөрчийн төлөөлөгч, хэвлэлийн ажилтан нь л юм, тэгж л харагдана. Тодорхой хүрээнийхэнд тийм биш гэж бодогдож байвч тэдний бодол, хүслээс өөр зүйл л дээ. Сонгууль дуусаад л нам, улс төр, эсвэл төлөө нь ажилласан хүнээсээ хараат бус болж сэтгүүлчээ хийнэ гэхээр чинь огтхон ч үнэмшил төрүүлэхгүй, би түрүүнд чөлөөт хэвлэл иргэдийн итгэл үнэмшил дээр оршин тогтдог гэдгийг хэлсэн.

Хэрвээ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж, сэтгүүлч хийж л байгаа бол мэргэжлийнхээс бусад эрх ашгийг, ашиг сонирхлыг хойш тавих нь чөлөөт хэвлэлийн төдийгүй нийгмийн шударга ёс, сайн сайхны тусын тулд сэтгүүлчийн үүрэг нь байх ёстой. Манайд PR, хэвлэлийн алба, сэтгүүл зүй гэсэн хоорондоо ихээхэн ялгаатай, өөр өөрийн чиг үүрэгтэй, тэр ч байтугай эрс тэс салбаруудын зарчим, горим алдагдан нэг зүйл мэт холилдон байдгаас болж элдэв нөлөөллөөс ангид бодит, цэвэр мэдээлэл л байх ёстой сэтгүүл зүй багагүй хохирч байгаа нь бодит байдал юм.

-Одоо хувь сэтгүүлчийн хариуцлагын тухай ярианд шилжсэн болохоор “нийгмийн сүлжээ”-ний орчинд сэтгүүлчид ихээр оролцож байна. Үүний сөрөг талын тухайд онцолж юу хэлмээр байна вэ?

-Зарим сэтгүүлч “нийгмийн сүлжээ”-нд өөд, уруугүй “ажиллаж” байгаа нь олон зүйл шалтгаанаас үүддэг байх. Сэтгүүлч бичсэн бичвэрээ аль болох олон хүнд хүргэхийг бодох, мөн фэйсбүүк хэмээх том орон зайд нэвтэрч уншигч фэнүүдээ нэмэгдүүлэх гэсэн зорилго ч байдаг биз. Мэдээж бусад хүмүүсийн л адил тэр ертөнцөд үзэл бодлоо хуваалцах, дуу хоолойгоо өргөх сонирхол ч байгаа. Тухайн хувь хүний л асуудал мэт боловч сэтгүүлчийн ийм “сошиал ажиллагаа”-г мэргэжлийн талаас авч үзвэл огтын тохиромжгүй юм. Орчин үеийн нийгэмд иргэдийн мэдээллийн боловсрол юу юунаас чухал асуудал болж, дэлхий нийтээр тусгайлсан хөтөлбөр дэвшүүлж, анхаарлаа хандуулж байхад бид сэтгүүл зүйн буюу мэргэжлийн түвшний мэдээллийн тогтолцоо, төлөвшин тогтсон соёлыг аль нь үнэн, аль нь худлаа нь мэдэгдэхгүй, ялган тогтоох боломжгүй “нийгмийн сүлжээ”-ний мэдээллийн урсгалтай хээв нэг адилтган хольж хутгаад сууж байж таарахгүй л дээ. Зарим маань тэнд л “би сэтгүүлч, ажлаа хийж байна” бололтой юм яриад л “уралцаад” байна. Үнэндээ бол нөгөө юу гэдэг билээ, гариг андуурч байгаа хэрэг юм, олон нийтийн мэдээллийн хэрэгслэл, “нийгмийн сүлжээ” эрс ялгаатай, тус тусын чиг үүрэгтэй, хоёр огт өөр талбар шүү дээ. Тиймээс сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр л явуулах нь салбарын эрх ашигт тустай юм.

Олон улсын практикт сэтгүүлч ажлаа сошиал орчинд явуулах, “нийгмийн сүлжээний тоглогч” байхыг цээрлэж, бүр тодорхой дүрэм баримталж байна.Сэтгүүлчдийн энэ байдал нь сэтгүүл зүй, нийгмийн сүлжээний зааг ялгааг бүдгэрүүлж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн улмаар чөлөөт хэвлэлийн үүрэг, үнэ цэнийг бууруулахад хүргэдгийг судлаачид анхааруулдаг. Харин бид тэр бүхнийг ойлгож, тоож байгаа ч юм алга, тоглолтоо үргэлжлүүлсээр л байна.

Чөлөөт хэвлэл, сэтгүүл зүй хэмээх ардчилсан нийгэмд чухал үүрэгтэй энэ өвөрмөц институциэр дамжуулж иргэд “төр гэдэг машин”-д хяналтаа тогтоож, эрх мэдлийг хянаж байх учиртай. Өнөөгийн “нийгмийн сүлжээ”-нд чөлөөт хэвлэлийн энэхүү өвөрмөц хяналтын үүргийг шилжүүлэх, мэргэжлийн түвшний мэдээллийн тогтолцоо сэтгүүл зүйг “нийгмийн сүлжээ”-гээр сольж орлуулах хараахан боломжгүй, үүний нэг гол шалтгаан бол нөгөө л хариуцлагын тухай юм.

Учир нь хэвлэл мэдээллийн редакци, сэтгүүлчдийн үүрдэг, үүрч байх ёстой мэдээллийн хариуцлагаас нийгмийн сүлжээнийхэн үндсэндээ ангид оршдог гэж хэлж болно. Худал хуурмаг мэдээлэл, элдэв хууль бус, ёс зүйгүй байдлаас нь хэрэглэгчид, иргэдээ хамгаалах, цахим орчинд шударга ёс, хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлага тооцох зэрэг чинь үнэндээ бол энэ цаг үеийн зохицуулахад хамгийн бэрхшээлтэй асуудал болчихоод байна.


Categories
мэдээ нийгэм

ТАВДУГААР САРЫН 03-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт СТӨ-нд “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум болно.

09.00 цагт ХСҮТ-ийн Эрдмийн өргөөнд “Хорт хавдрыг бичил долгионоор түлэх эмчилгээ” сургалт болно.

09.00 цагт Соёл, урлагийн газарт “Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага ба хөгжлийн стратеги” сургалт болно.

09.00 цагт Монгол-Солонгосын Политехник Коллежийн байранд “Автомашины засварчин” мэргэжлийн улсын уралдааны нээлт болно.

09.00 цагт Засгийн газрын XI байранд “Эрүүл, аюулгүй ажлын байр-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Багшийн хөгжлийн ордонд Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газраас бага ангийн багш нарт зориулан “Амны хөндийн эрүүл мэнд” сургалт зохион байгуулна.

09.30 цагт “Holiday inn” зочид буудалд “Хөрс хамгаалал” хэлэлцүүлэг болно:

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Сүхбаатарын талбайд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг болно.

10.00 цагт Үндэсний номын санд “Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгааны тайланг танилцуулна.

11.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд Архангай аймгийн сурагчдын “Арын сайхан Архангай-3” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт “Цусны төв”-ийн нээлт болно.

12.00 цагт “Live conference centre”-т сэтгүүлчид “Биднийг яллахаас өөр эрх зүйн орчин алга!” сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын уран зургийн галерейд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Дугаржавын Цэрэннадмидын “ГЭРЭЛ ЗУРАГ ГЭГЭЭН ДУРСАМЖ” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуульд Үндэсний бичгийн соёл, ёс заншлаа таниулах өдөрлөг болно. Утас: 90094232

13.00 цагт “Peace tower”-т “Сэтгүүлч М.Батдорж” сангийн эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол болно.

14.00 цагт МУИС-ийн Номын санд “Сэтгүүлч, админуудын уулзалт-зөвлөгөөн” болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Монголын ногоон намын урилгаар Монгол Улсад айлчилж буй Австралийн ногоон намын лидер Скотт Лудлам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна

Холбоотой Зураг

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг билээ. Дэлхийн 100 орчим улс орон энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг жил бүр өөр сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс”сэдвийн дор тэмдэглэж байна. Өнөөдөр энэ өдрийг тохиолдуулан МСНЭ, хотын захиргаатай хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгуулах юм. “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэд хөгжил ба ойрын 10 жилийн зорилт” , “Үндэсний сэтгүүл зүйн түүхэн замнал ба 105 жил”, “Сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдал, хандлага”, “Хараат бус сэтгүүлзүй” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд болно.

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Том бүлэглэлүүд хэн нэгнийг золиосолж, ард түмнийг бухимдуулж, дотроо хэмлэлдэж байна

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яригдаж буй зарчмын асуудлуудад та ямар байр сууртай байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг харахад бөөн будлиан байна лээ. Наанаа том, том асуудлууд ярьж байгаа ч цаанаа өөр зорилготой. Анх оруулж ирсэн төсөл аажим аажмаар байр сууриа тавьж өгөөд байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлана гэж байснаа болиод ухралт хийсэн. Үүнийхээ цаана сонгуулийн пропорциональ тогтолцоог авч үлдэж байгаа юм шиг байна л даа. Намын жагсаалтаар сонгогдох тогтолцоо руугаа явж байна. Ингэснээр үндсэн шатан дээр томилгоог босоо удирдлагатай болгох гэж байна. Яаж ч бодсон Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулбал иргэд хохирно. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоо байхгүй болчихно. Нэг ёсондоо коммунист хувьсгал болж байна гэсэн үг. Нам улсыг барьчихдаг байлаа. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөх малгайн дор ардчилсан хувьсгалаа буцаах гэсэн далд санаархал байна гэж харж байгаа.

-МАН төрд гарч ирсэн дээрээ үндсэн хуулийг өөрчилж, ноёрхлоо тогтоох гэж байна гэж үү?

-Ер нь бол тийм. 65-ын бүлэг айлгаж байгаад дахиж 50, 60 жил ноёрхож, бүх өмчөө хувааж аваад баталгаажуулах гэсэн л улс байна шүү дээ.

Тэгвэл үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой гэдгийг та дэмжиж байна уу?

-Үндсэн хуулиа анх яаж баталлаа даа. Бүх ард түмнээсээ санал авч байгаад баталсан. 1990 оноос хойш Үндсэн хуульд гурван удаа өөрчлөлт оруулсан. Дордуулсан долоон өөрчлөлт буруу, хууль бус байсныг бүх талаасаа хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн түрүүнд дордуулсан долоон өөрчлөлтөө засах юм бол тулгамдсан олон асуудал цэгцэрч, хариуцлагатай болно. Гэтэл өнөөдөр хуйвалдааны улс төрөө авч үлдэхийн тулд Үндсэн хуулиа гуйвуулсан, мөрддөггүй, зөрчдөг, Үндсэн хуулийн эсрэг хуулиуд олон байгаа. Тэр гажуудлаа засахын оронд Үндсэн хууль хэмээх нийгмийнхээ том тогтолцоог олон түмний зодуурын бай болгож байгаад цаана нь тодорхой бүлэглэл төр, эдийн засгийн эрх мэдлийг мөнхөд гартаа авахаар хуйвалдаж байна шүү дээ.

-Судалгаанаас харахад “Ард түмний асуудлыг намууд шийдэж чадахгүй байна. Тиймээс тэдэнд итгэхгүй байна” гэж иргэд үзсэн байна лээ?

-Яагаад эрх баригчид пропорциональ тогтолцоо руу орох гээд байна вэ гэхээр намууд хог дээр үсэрчих гээд байгаа болохоор. Ард түмний 80 хувь нь намуудын эсрэг байдаг. Тэгэнгүүт Үндсэн хуулийн аргаар намууд энэ том бүлэглэлээ авч үлдэх гэж найр тавиад л цаашаа явж байх юм байна л даа. Хэрэв Үндсэн хуулийг ингэж өөрчилчихвөл ард түмэн бослого гаргана. Долдугаар сарын 1-ний үйл явдлаас дутуугүй эмх замбараагүй байдал болох аюултай.

-Тийм зүйл болбол сайн зүйл авчрахгүй шүү дээ?

-Манай хөгжил улам л хойшилно. Тиймээс залуу-чууддаа илүү боломж олгоод, дэлхий дахин даяаршиж байгаа шударга ёсны тогтолцоог оруулж ирэх хэрэгтэй байна.

-Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх шаардлагатай гэж танай намын бүлэг үзсэн. Энэ дэд хороо хэзээ хуралдах вэ?

-Маргааш (өнөөдөр) Тусгай хяналтын дэд хороо хуралдана. Тэр хурлаар сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлыг хэлэлцэж, шийдэх ёстой. Цаанаа ямар нэгэн эрх мэдлийн төлөөх тэмцэл, өшөө авалт биш байгаасай гэж хүсч байна. Ардчилсан, ил тод нийгэмд сэтгүүлчдийг тагнаж, чагнах асуудал яав ч байх ёсгүй. Энэ асуудлыг шалгаад үнэн мөнийг нь тогтоох ёстой.

-УИХ-ын чуулганаар “Цахим түр хороо” байгуулах тухай яригдаж эхэллээ. Таны хувьд цахим эрх чөлөөний асуудлаар нэлээд ажиллаж байсан байх аа?

-Өнгөрсөн парламентад Цахим эрх чөлөөний тухай хуулийг өргөн барих гээд олон талаас нь зүтгэсэн. Одоо Цахим түр хороо байгуулна гэхээсээ илүү Цахим эрх чөлөөтэй тухай хуулийг гаргах ёстой. Энэ бол Монголын тусгаар тогтнолын баталгаа. Үүнийгээ хуулиараа баталгаажуулж авах хэрэгтэй. Бид дэлхийн онлайн эрх чөлөөний эвслийг зарлаад, сайд нарын хурлыг нь Монголд зохион байгуулж энэ чиглэл рүү нэлээд ажил хийж байсан. Нэгэнт энэ хуулийг гаргах асуудал хойшилж байгаа бол түр хороог байгуулах нь зөв. Улмаар түр хорооны үүрэг нь хуулиа бодитой гаргахад орших ёстой. Тэрнээс түр хороо байгуулаад цахим эрх чөлөөг хязгаарлаж, Монгол Улсын хөгжлийг ухраах гэж байгаа бол зөвшөөрөхгүй. Үүнийг зөв тийш нь ажиллуулах тал дээр анхаарч ажиллана.

Манайхан үе, үехэн коментууд, блогуудыг хааж, хяналтад оруулна гээд онлайн эрх чөлөөнд халддаг. Үүнд ямар нэг хуулийн хязгаарлалт, төрийн оролцоо байж болохгүй. Энэ бол үнэхээр осолтой. Мэдээж гүтгэлэг зэрэг байх юм бол шүүдэг асуудал тусдаа, гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамаарна. Нөгөөтэйгүүр манай улсын хүн амын хэдэн хувь нь цахим эрх чөлөөгөө эдэлж чадаж байна вэ гэвэл тэгш бус байна. Хүүхэд болгон цахим ертөнцөд холбогдох үндсэн эрхтэй болох ёстой. Гол нь цахим эрх чөлөө бол сайн, сайхан ирээдүйг авчрах гээд байгаа юм. Одоо үүнийг хумьчихвал бугласан эдийн засгийн том бүлэглэл Монгол Улсыг залгичих нь шүү дээ.

-Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох ёстой гэсэн Ерөнхийлөгчийн санаачилгыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй нэгтгэн хэлэлцэхээр боллоо. У.Хүрэлсүхийн танхим нийт хүүхдүүдийн 80 хувьд нь энэ мөнгийг олгоно гэж байгаа. Тэгэхээр хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломжтой юу?

-Үнэхээр энэ Их хурал үнэнд гүйцэгдлээ. Зөв шийдвэр гаргалаа. Ерөнхийлөгчийн хувьд том ялалт байгуулсан. Юу гэж ОУВС хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олго гэсэн шаардлага тавих вэ дээ. Тэгээд олон улсын байгууллагын ард нуугдаад хүүхдийн мөнгийг танасан Засгийн газрын хувьд энэ бол ёс суртахуунгүй асуудал. Ардчилсан намын бүлэг хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож байгаа асуудлыг буруу гэж үзэж байгаа. Хүүхдийн мөнгө гэдэг бол баян, хоосны ялгааг харуулсан асуудал биш. Энэ бол Монголын бахархал. Хаана, ямар гэр бүлд төрсөн нь огт хамаарахгүйгээр монгол хүүхэд болсныхоо төлөө сар бүр 20 мянган төгрөг авч байна гэдэг бол эрх чөлөөний асуудал. Гэтэл Засгийн газар үүнийг гуйвуулаад “Чи ядуу айлын хүүхэд учраас мөнгө өгч байна” гээд нийт хүн амынхаа 80 хувийг ядуу гэж зарлаж байна. Хүүхдийн мөнгө авдгийг гутамшиг болгож байна. ОУВС-гийнхан Засгийн газрыг зардлаа тана гэсэн болохоос хүүхдийн мөнгийг хасч, ялгавартайгаар олго гээгүй. Үнэндээ Засгийн газрын зардал дэндүү их байна. Сайд нарынх нь бизнес хэрээс хэтэрлээ. Ганцхан “Эрдэнэт” дээр гэхэд улсаа тойрсон юу болж байна гээч. Хэдэн жилийн хүүхдийн мөнгийг тушаах гэж байна шүү дээ. Түрүүнд нь “Хан ресурс”-ийн асуудлаас болж хүүхдийн хэдэн жилийн мөнгийг Арбитрт өгөөд туучихсан. Гэтэл монгол хүүхдийнхээ арав, хорин хувийг хүүхэд биш болгож ялгаварлах нь туйлын буруу. Гол ач холбогдлыг нь ойлгоод, шийдвэрээ зөв гаргачихвал төсөвт ямар ч хүндрэл дарамт байхгүй.

-УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхээр хэлэлцэж буй уг төслийн талаар та юу хэлэх вэ?

-Төрийн хамгаалалт, УИХ-ын гишүүний хамгаалалт гэдэг бол ард түмний хамгаалалт юм. Ард түмэн гишүүндээ итгэлтэй байх хэрэгтэй. Гэтэл тэрийг нь бөлдөгдөнө гэж ярьдаг. Түрүүчийн Их хуралд барьцаалагдаж байгаад Засгийн газраа унагаалгаж байгаа нь ард түмний эрхэнд халдаж буй асуудал. Янз бүрийн хуурамч хэрэг нээгээд л, ойр дотны хүмүүсийг нь мөрдөж мөшгөөд л. Ямар нэг асуудалгүй хүн ч гэсэн айдаг. Тэрийг хамгаалахын тулд халдашгүй эрх үйлчилж байгаа. Энэ хүртлээ Их хурлын гишүүн хүн хэрэгт холбогдох юм бол тухайн холбогдсон хэргээ очоод шалгуулж, байцаалтаа өгнө. Тэгээд тэр хүн буруутай нь шүүхээр тогтоогдвол дуусаа. Тэр хүн гишүүн биш. Тэрнээс шууд тухайн хүнийг байцааж байхад шоронд сар гаран хорьчихоод нэг удаа байцаалт авна гэдэг бол Монголын ард түмэн шоронд орчихож байна гэсэн үг. Үнэн хэрэгтээ шүүхийн шийдвэр гарч байж тэр гишүүн Монголын ард түмний төлөөлөл биш болох учиртай. Хэрвээ дуудахад очихгүй “Энэ хүн гишүүн байх нөхцөлөө хангахгүй байна” гээд автоматаар хуулийн шийдвэр гарна. Аль хэдийнээ гишүүн биш болчихож байгаа юм. Тэгээд тэр хүнээ аваад явах нь хуулийн байгууллагын асуудал. Энэ хоёрыг зөв ялгах ёстой. Ингэж байж Монголын парламентын дархлаа хамгаалалт сайн байна. Их хурлын гишүүн дөрвөн жилд нэг удаа ард түмнээсээ сонгогдоно. Үнэхээр хэл, амтай, асуудалтай, эргэлзээтэй нөхөр бол ард түмэн өөрөө шийдвэр гаргана. Энэ бол ард түмний хэнтэй ч хуваалцдаггүй эрх шүү дээ.

Гэтэл үүнийг одоо өөрийнхөө эрхшээлд оруулах гээд байна. Гишүүдийг нээлттэй болгож, хэнийг, хэзээ ч яаж ч болно гэж байх шиг. Ингэх юм бол Монголын төр өөрийнхөө эрх мэдлийг гадагшаа алдчихаж байгаа юм. Ард түмэн сонгоогүй тогтолцоонд эрх мэдлээ алдчихаж байгаа байхгүй юу. Өнөөдөр манай ардчиллын гол амин судас нь ард түмэн эрх мэдлээ 76 гишүүнд шилжүүлчихдэг. Хэнтэй ч хуваалцаж болохгүй энэ эрхийг өөр хүн мэддэг болчихоод байна шүү дээ.

-Оюу толгойн гэрээтэй холбоотой хоригдож буй хүмүүсийг эргэж очиход ерөөсөө байцаалт аваагүй гэж байсан байх аа. Тэднийг үргэлжлүүлэн хорихоор болсон байна лээ?

-УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүний хувьд бүгдийнх нь нөхцөл байдлыг очиж харсан. Маш харамсалтай зүйл болж байна. Мөрдөн байцаалтад ямар нэг байдлаар саад учруулахгүй, гараад зугтаачихгүй хүмүүсийг аваачиж хорьчихоод бүтэн сар байцаасан, байцаагаагүй гээд маргалдаад сууж байна.Энэ бол залхаан цээрлүүлэлт. Хүний эрхийн ноцтой зөрчил рүү явж байна гэсэн үг. Монголын төр улс төрийн шийдвэрийн төлөө тодорхой хүмүүс дээр хариуцлага ярих гэж байна гэсэн ойлголтыг олон нийт авчихлаа. Мэдээж мөрдөн байцаалтын нууцыг би ямар мэдэх биш. Барьж, хорьж байснаа хэрэг нь тогтоогдсонгүй гээд гаргах юм уу. Улс төрийн ороо бусгаа цагт бас л хоорондоо зөрчилдөж байгаа том бүлэглэлүүд хэн нэгнийг золиосолж, ард түмнийг бухимдуулж, дотроо хэмлэлдэж байгаа юм уу. Үнэхээр юу болоод байгааг мэддэг хүн ч байхгүй боллоо. Бямбасайханы хувьд 40 нас ч хүрээгүй сайхан мундаг мэдлэг боловсролтой залуу байна. Зургаа дахь хүүхэд нь төрөх гэж байхад түүнийг хорих шийдвэрийг зориуд гараад байгаа юм. Энэ залуу ямар боловсролтой, Монголд ямар их сайн, сайхан зүйл хийсэн билээ дээ. Шалгахад ямар нэг асуудал байхгүй. С.Баяртай бол уулзаагүй. Эмнэлэгт байгаа гэж сонссон. Эрүүл мэндийн тухайд асуудал байгаа гэнэ лээ. Харин Ариунсантай уулзсан. Эрүүл мэнд нь хүнд байсан. Монгол Улс бол үнэхээр Үндсэн хуулиа мөрдөж, хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах ёстой. Мэдээжийн хэрэг асуудалд хариулт авах нээлттэй. Гэхдээ хүний эрхийн зөрчил гаргахгүй байх. Хүнлэг бус харьцааг төр гаргахгүй байх хатуу шийдвэр байх ёстой.

-Улстөрчид нэгнийгээ намнаж, хариугаа авдаг тогтолцооны гажуудлыг яавал засч чадах вэ?

-Энэ бол Үндсэн хуулиа гуйвуулсны үр дагавар шүү дээ. Дордуулсан долоон өөрчлөлт бол Монголын парламентыг хүнд байдалд оруулсан. Ямар ч дотоод хариуцлагагүй болгочихлоо.

-Б.Хурцтай холбоотой иргэдийн санал гомдлоор Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн Ж.Батзандан гишүүн та хоёрт эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал юу болсон бэ?

-Хуулийн дагуу хамгийн анхны нийтийн сонсгол хийе гэхэд УИХ-ын удирдлагууд янз бүрийн шалтаг тоочиж байгаад хийлгээгүй л дээ. Б.Хурцыг маргааш нь хүчээр томилох гэж оролдсон. Тэр томилгооны өмнө ямартаа ч Их хурлын зургаан гишүүн иргэдийг сонсч нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Энэ бол хууль зөрчсөн асуудал биш. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэхэд нь бид “Иргэдийн ярьсанд асуудал байсан юм болов уу” гэж бодож байв. Харин ч иргэдийн ярьсан зүйлд асуудал байхгүй. “Иргэдийн яриаг сонссон та нарт асуудал байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, Их хурлын гишүүний бүрэн эрхэд “иргэдийг сонсоно” гэдэг үг алга. Гэхдээ ийм үг бичих ямар ч үндэс байхгүй шүү дээ. Их хурлын гишүүн ард түмнээсээ сонгогддог. Тиймээс ард түмнээ сонсох нь тэр хүний үндсэн ажил. Өдөр болгон иргэдийг сонсч, өргөдөл, гомдлыг нь хүлээж авч хэлэлцүүлэг хийж байна. Харамсалтай нь “Их хурлын гишүүн иргэдээ сонссон нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг” гэж эрүүгийн хавтаст хэрэг нээж байна. Тэгэхээр энэ бол цаанаа нэг зохион байгуулалттай. Дарамт шахалт үзүүлж, үгэндээ оруулдаг болгох гэсэн оролдлого. Жишээлбэл, Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй гэж байдаг. Амьд явах эрхтэй гэдгийн төлөө агаараар амьсгалах, хоол идэх эрхтэй гэж бичээгүй байгаа биз дээ. Тэгсэн хэрнээ “Та Монгол Улсын агаараар амьсгалж, монгол малын мах идэж байгаа нь гэмт хэрэгтэн” гэж эрүүгийн хэрэг үүсгэж байгаагаас өөрцгүй юм.

-УИХ-ын гишүүн ард түмнийг төрд төлөөлж байгаа биз дээ?

-Тэр хүний үндсэн ажил бол энэ. Тэрэндээ үүргүүд бол байна. чуулган суу, байнгын хороонд суу. Төрийн байгууллагуудад ажилла,саадгүй нэвтэр гэсэн бүрэн эрх ч байна. Тэгсэн хэрнээ “Ард түмнийг сонс” гэж бичээгүй байна л даа.

-Үндсэн хуулийн цэцэд хандахгүй юм уу?

-Ямартаа ч эхний байцаалтуудаа авчихсан. Тэндээ ярьж байгаад цааш нь шийдэх байх л даа. Дээрээс нь ямар даалгавар өгнө, түүнийгээ хүлээж байгаа биз.

-Иргэдийн өргөдлийг Их хурлын зургаан гишүүн сонссон байхад Ж.Батзандан гишүүн та хоёрт эрүүгийн хэрэг үүсгэснийг юу гэж харж байна вэ?

-Бусад гишүүнийг гадна үлдээсэн нь олон асуулт үлдээгээд байна л даа.


Categories
мэдээ цаг-үе

У.Доёд: Зах зээлийн нийгэмд юм бүтээдэг математик сэтгэлгээтэй хүн л хэрэгтэй байна

-У.ДОЁД БАГШИЙН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН УЛСЫН ОЛИМПИАД ДОРНОГОВЬ АЙМАГТ БОЛНО-

Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор, математикч Увшийн Доёд багштай ярилцлаа. Математикийн 54 дүгээр улсын олимпиад ирэх тавдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод профессор У.Доёдын нэрэмжит болон зохион байгуулагдана. Тэрбээр Дорноговь аймгийн уугуул бөгөөд МУИС-ийн физик математикийн факультет дүүргэж, Москвагийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн Монголын тэргүүний математикчдын нэг. МУИС-ийн математикийн факультетьд 50 жил математикийн багшаар ажилласан тэрээр 1983 оноос Дидактикийн төвийн суурийг тавьж, 1990 оноос мэргэжлийн дидактикийн сургалт судалгааны төвийг байгуулалцаж, 2008 он хүртэл уг төвийг удирдаж байсан билээ.


-Та бага дунд сургуулиа хаана төгссөн бэ. Их сургуулиа төгсөөд анх хаана томилогдон ажиллаж байв?

-Би Дорноговь аймгийн Хатанбулаг сумынх. Сумынхаа бага сургуулийг төгсөөд дараагаар нь Хөвсгөл сумын долоон жилийн дунд сургууль, дараа нь Сайншандын 10 жилийн сургуулийг дүүргэсэн. Ингээд МУИС-ийн физик математикийн салбарт элсэн суралцсан. 1951 онд их сургуульд ороод 1955 онд сургуулиа төгссөн юм. Тухайн үед төгсөгчдийг төв хорооноос аймгууд руу ажиллуулахаар хувиарладаг байлаа. Би Өвөрхангай аймгийн төвийн 10 жилийн сургуульд багшаар ангийнхаа Баатартай хамт хуваарилагдан очиж ажлын гараагаа эхэлж байлаа. Өвөрхангай бол говь, хангай хосолсон сайхан нутаг. Анх багшаар ажиллахад миний дааж авсан 10 дугаар анги есөн хүүхэдтэй байлаа. Тиймээс тухайн үеийн Өвөрхангай аймгийн дарга дуудаад, намайг аймгийн цөөн хэдэн хүүхдэд багшилж байхаар Ардын боловсролын эрх ашгийн үүднээс ажиллаж, боловсролын хэлтсийн байцаагч бол гэсэн. Тэндээ байцаагчаар ажиллаж байтал тухайн үеийн Гэгээрлийн яамнаас дуудаад, 1956 онд багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийг байгуулна, чамайг томилж байгаа гэсэн бичиг явуулсан байлаа.

Тиймээс тушаалын дагуу Улаанбаатар хот руу шилжин ирж, Гэгээрлийн яаманд ажиллаж байгаад, бусад долоон хүний хамт наймуулаа багшийн мэргэжил олгох Институтад ажиллаж эхэлсэн түүхтэй. Дараагаар нь Багшийн дээд сургуульд долоон жил багшлаад, тэндээсээ МУИС-ын математикийн багшаар томилогдон очоод 50 гаруй жил багшилсан юм. Би 1989 онд тэтгэвэртэй гарсан ч 2010-аад оныг хүртэл МУИС-ын Дидактикийн төвийн үйл ажиллагааг удирдаж, боловсролын шинэчлэлийн асуудлаар нэлээд ажилласан хүн.

-Боловсролын салбарыг хэрхэн шинэчилж, хөгжүүлэх шаардлагатай байна вэ?

-Аливаа нийгмийг өөрчлөхийн тулд боловсролын шинэчлэлийг хийх хэрэгтэй. Маргааш юм бүтээж чадах чадвартай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх нь боловсролын үүрэг. Өнөөгийн хүүхдүүдийг бодит чадвартай бүтээлч иргэн болгож төлөвшүүлэх хэрэгтэй байна. Ер нь хүнд дөрвөн зүйлийн эрч хүч байдаг юм. Тухайлбал, бие мах бодийн эрч хүч, сэтгэл санааны эрч хүч, оюун ухааны эрч хүч, амин орны эрч хүч гэж бий. Хүн арддаа энэ дөрвөн зүйлийн эрч хүчийг л бий болгочихвол ямар ч улс орон бие даан хөгжих боломжтой юм. Сүүлийн жилүүдэд гадаадын улс орнууд хүн төвт бодлого гэдгийг баримталж байна. Өөрөөр хэлбэл, энэ дөрвөн зүйлийн эрч хүчийг хүмүүст төвлөрүүлж чадсан аль ч улс хөгжөөд явчихдаг. Хүн төвт хөгжлийн бодлого барьдаг нь ийм учиртай. Нийт ард түмний шавхагдашгүй баялаг нь гэсэн үг. Энэ байдлыг харгалзан үзээд, нийгмийн шинэчлэл боловсролын салбар дээр төвлөрөх ёстой.

-Тэгвэл энэ бодлого, чадварыг хэн хэрэгжүүлэх ёстой вэ?

-Энэ зорилгыг өнөөгийн багш нар л хэрэгжүүлэх ёстой. Багш нар хүүхдүүдэд яаж ийм дөрвөн зүйлийн эрч хүчийг олгох вэ, хэрхэн яаж бодит чадвартай бүтээлч иргэд болгон хүмүүжүүлэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулах ёстой. Багш нар бодит чадвартай, бүтээлч иргэдийг бэлтгэж чадвал улс хөгжинө.

-Манай боловсролын салбар ингэхийн тулд хэрхэн яаж өөрчлөгдөх хэрэгтэй байна вэ?

-Манай орны боловсролын систем мэргэжил, мэдлэг олгох талаар хангалттай ажиллаж байгаа. Гэхдээ бодит чадвартай иргэн бэлтгэхэд учир дутагдалтай байна. Үүнээс болоод л манай улс хөгжлөөрөө хоцрогдоод байгаа юм. Иргэдээ бодит чадвартай бүтээлч иргэн болгосон улс орнууд л хөгжлөөрөө дээгүүрт ордог. Тиймээс багш нарын өмнө шинэ зорилго тавих хэрэгтэй. Зүгээр нэг мэдлэг дамжуулснаараа бүтээлч иргэдийг бэлтгэж чадахгүй. Бүтээлч иргэн болгох асуудал их хурцаар тавигдах шаардлагатай байна. Үүнд багш бэлдэж байгаа сургууль маш их үүрэгтэй. Тухайлбал, МУБИС хамгийн том үүрэгтэй гэсэн үг. Мөн боловсролын системдээ уламжлалт онцлогоо барих хэрэгтэй. Манай нийгэм суурин соёлгүй. Угаас нүүдлийн соёлтой ард түмэн. Монголчууд эрт дээр үеэс нүүдэлчин байсан. Нүүдлийн соёлын гол чанар нь хөдөлгөөн ихтэй, хоорондоо харилцаа ихтэйгээрээ онцлог. Ертөнцийн жам ёсны дагуу байгальд дасан зохицож хойч үеэ сургадаг онцлогтой. Өвөл өвөлжөөндөө бууна, хавар хаваржаа руугаа нүүнэ, зун зусландаа гарна. Сэрүү ороод ирэхээр намаржаандаа бууна гэх мэтээр байгаль цаг ууртайгаа зохицон амьдардаг. Нүүдлийн соёл гэдэг бол ихэд онцгой.

Гэтэл сүүлийн үед бид нүүдэлчин ч биш, суурин ч биш болчихлоо. Хот суурин юм уу гэхээр нүүдэлчин соёлтой, нүүдэлчин соёл иргэншилтэй юм уу гэхээр суурин байдалд орчихсон ч юм шиг байгаад байна. Ийм нөхцөлд байгаа үед багш бэлдэж буй сургуулиуд хамгийн их анхаарах шаардлагатай. Боловсролын системээр л нийгмийг шинэчилнэ.

-Багш хүн наад зах нь ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ. Сүүлийн үеийн багш нар юун дээр анхаарах шаардлагатай байна вэ?

-Багш гэдэг чинь монголын уламжлалаар бол хүнээр хүн хийх мэргэжилтэн гэсэн үг. Хүн хийхдээ зүгээр нэг адгуусаар амьтан хийж байгаагаас өөр зүйл. Хүнээр хүн хийх урлаг бол хамгийн дээд урлаг. Бодит чадвартай иргэдийг бүтээж байж нийгмийн шинэчлэл хийгдэж, зөв голдрилдоо орно. Тэгэхээр хүнээр хүн хийх чадвартай байх ёстой юм. Багш нарын ажил бол мэдлэг дамлах биш, мэдлэгийг олдог, олсноо хэргэлдэг, хэрэглэснээрээ юм бүтээдэг иргэдийг төлөвшүүлэхэд анхаарах шаардлагатай. Үүнийг хүнээр хүн хийх гэж ярьдаг. Багшлах гэдэг бол мэдлэг дамжуулах мэргэжил биш. Багшлах урлагийг эзэмших ёстой юм. Ийм онцгой зорилго багш нарт тулгарч байна. Мөн сонирхуулж ярихад ажлаар Японд очоод гайхаж байлаа. Хирошимагийн их сургуулийн захиралтай ярьж байхад Токиод байгаа гэртээ харилгүй 11 жил болж байна гэж байсан. Харих зав байхгүй, нэг л удаа гэртээ очиж гурав хоносон гэж байлаа.

Их сургуулийн чанарыг сайжруулах, сайн мэргэжилтэн бэлтгэхийн тулд тэгж ажиллаж байна. Ажлыг ингэж тэргүүнд тавьдаг. Боловсролын салбарыг тийм өндрөөр үнэлдэг юм байна гэсэн үг. Японд бага сургуулийн хүүхдийн бүх зардлыг эцэг эх нь гаргана. Дунд сургуульд сурахдаа тодорхой зардлаа өөрсдөө олж чаддаг болсон байна, их дээд сургуульд суралцахдаа сургалтын төлбөр, хоол байр хувцас гээд бүх зардлаа зуун хувь өөрсдөө олох ёстой. Олох боломж зохицуулалтыг нь төрөөс нь шийдээд өгчихсөн. Ингээд их сургууль төгссөнөөсөө хойш 40 хүртлээ их ажиллаж баяжих ёстой. 40 хүрсэн хүн найман өрөөтэй том хаустай болсон, хадгаламждаа хангалттай мөнгө хуримтлуулсан байна. Ингээд 40-өөс дээш насныхны дэлгүүр байдаг. Тэр нь өндөр үнэтэй. Тиймээс 40-өөс дээш настай бол тэр дэлгүүрээр үйлчлүүлэх ёстой. Төр нь бүх зохицуулалтыг хийсэн байдаг юм билээ.

-Математикийн шинжлэх ухааны ач холбогдлын талаар хэлж өгөөч. Олон математикчид төрвөл улсын хөгжилд илүү нэмэртэй юу?

-Мэдээж нэмэртэй байлгүй яахав. Гэхдээ XX зуунд мэдээллээр хөгжиж байлаа. Харин XI зуунд мэдлэг олдог, олсноо хэрэглэдэг, хэрэглэснээрээ юм бүтээдэг байх шаардлага хурцаар тавигдаж эхэлсэн. Математикийн мэдлэгийг ихээр тогтоосноороо онцгой сайн хүн болчихно гэсэн зүйл байхгүй. Математикаар ч зогсохгүй аливаа мэдлэгийг өөрөө бүтээдэг аргад л хүнийг сургах нь чухал байна. Мэдлэг мэдээллийг дамжуулах биш бүтээх асуудал чухал болж байна. Ялангуяа зах зээлийн нийгэмд юм бүтээдэг математик сэтгэлгээтэй хүн л хэрэгтэй байна.

-Таныг оюутан байхад ямар багш нар байсан бэ. Боловсролын систем тухайн үед хэр байв?

-1942 онд их сургууль байгуулагдсан. Түүнээс өмнө нээгдсэн Багшийн сургууль монгол хүмүүсийг мэдлэг боловсролтой болгоход асар их үүрэг гүйцэтгэсэн. Мөн МУИС- төгссөн дээд мэргэжилтнүүд аймгуудад хувиарлагдан ажиллаж, мэдлэгийг түгээж байлаа. Тухайн үед математикийн салбарт Дашиймаа, Содном, Жигжиддорж, Цэрэн, Санжмятав гээд бидэнд багшилж байсан математикийн салбарын мундаг багш нар байлаа. Тэд жинхэнэ дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан хүмүүс.

-Нэг л багшаар заалгасан, адилхан онц сурч байсан хүмүүс амьдрал дээр гараад, их өөр өөр замаар явах нь элбэг. Энэ нь юунаас үүдэлтэй вэ. Хүний суурь хүмүүжил чухал уу?

-Ямар хүн болох вэ гэдэг нь төрсөн өссөн нутаг байгаль, тэр байгальдаа ямар уламжлалын үр сад байна вэ гэх мэт олон зүйлээс шалтгаалж байна. Ер нь хүнийг хөгжүүлье гэвэл ямар уламжлалын ямар үндэстний ямар ахуй нөхцөлд ямар уламжлалаар өсч хүмүүжсэн гэдгийг нь харж онцлогт нь тохируулан хөгжүүлэх асуудал хурцаар тавигдаж байна. Манай одоогийн боловсрол мэдлэг мэргэжил олгох талаар хангалттай ажилаж байгаа боловч бодит чадвартай, бүтээлч иргэн төлөвшүүлэхэд төдийлөн сайн ажиллахгүй байна. Тиймээс дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг орны тоонд орж чадахгүй байна.

-Та маш олон шавьтай байх. Онцгой сайн бүтээлч, амжилттай яваа шавь нараасаа нэрлээч?

-Тоймгүй олон шавь бий. Ихэнх оюутнууд хичээлийг сурч, тэмдэглэж явдаг бол онцгой шавь нар мэддэг зүйлийг нь хэлж байгаа мэт хүлээн авч, харилцан ярилцаж, мэдлэгийг бүтээлч байдлаар эзэмшдэг. Гэхдээ ийм оюутнууд ховор байдаг. Анги болгонд нэг хоёр онцгой хүүхэд байна. Миний дээр үеийн ийм шавь нарын нэг бол Энхболд. Одоо өөд болсон. Мөн УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж мөн л маш бүтээлч байдлаар мэдлэгийг хүлээн авдаг, онцгой хүүхэд байсан. Мөн Ёндон, Дэнсмаа гэж нэг ангийн хоёр байлаа. Ренчинбазар, Хадхүү хоёр байна. Миний хамгийн дотны шавь Далайжамц мөн л тийм онцгой оюутан байсан. Их сургуульдаа олон жил багшилсан. Миний шавь нарын ихэнх нь тэтгэвэртэй гарсан байна.

Одоо болох миний нэрэмжит математикийн олимпиадыг зохион байгуулах талаар Далайжамц улсын олимпиадын хороотой нэлээд ярилцаж, зохицуулалтууд хийж байгаа байх. Мөн Жадамбаа, Дашдорж гэж хоёр онцгой шавь байлаа. Дашдорж мөн л гавьяат багш болсон. Жадамбаа одоо багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллаж байгаа. Үүнээс гадна миний найз, хамгийн дотны хүмүүсийн маань нэг бол Хандын Гэндэнжамц. Бид хоёр бага дунд сургуульд нэг анги, их сургуульд нэг анги, мөн МУИС-д насаараа хамт багшилсан хүмүүс. Хамгийн сайн найз минь байлаа. Бид хүүхэд байхаасаа нөхөрлөж, дуулж хуурддаг. Янз бүрийн хөгжмийн зэмсгийг өөрсдийн гараар бүтээчихдэг. Молоконы лаазаар хүртэл хуучир хийж явлаа.

-Таны хүүхдүүдээс таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?

-Манайх таван охин, нэг хүүтэй. Бага охин маань математикийн мэргэжилтэй. Одоо олон улсын байгууллагад ажилладаг. Харин том охины хүү АНУ-д сураад, тэндээ ажиллаад, АНУ-ын дотоод яаманд мэргэжилтэн болсон, тэндээ албан тушаал дэвшээд олон жил ажиллаж байна. Гадны хүнийг чухал яамандаа ажиллуулж байдаг ямар сонин улс вэ гээд гайхаж байлаа. Нэг талаараа АНУ үнэхээр ардчилсан эх орон юм байна гэж бодсон шүү. Мөн хар арьстан Барак Обама Ерөнхийлөгч болоход ардчилсан орон ийм байдаг юм байна гэж бодож байлаа.