Categories
мэдээ нийгэм

Эцэг эхийн зөвлөл байгуулагдаж эхэллээ

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.5.8-д Гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллээс татгалзах хандлагыг олон нийтэд төлөвшүүлэх зорилгоор олон нийтэд чиглэсэн гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлэх, тогтвортой гэр бүлийг дэмжих, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн 4.1.2-д Хүүхдийг аливаа эрсдэлд өртөх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр бүх яам агентлаг, харъяа байгууллага, орон нутгийн нэгжүүддээ эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллуулана гэсэн заалтыг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Би хариуцлагатай аав ээж” аяны зохион байгуулж байгаа билээ. Энэ аяны хүрээнд Нийслэлийн харьяа агентлагийн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд гэр бүлийн боловсрол олгох, эцэг эхийн зөвлөл байгуулах арга зүй өгөх сургалт тавдугаар сарын 2-нд зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа 32 агентлагийн Хүний нөөцийн мэргэжилтнүүдэд “Гэр бүлийн зөв харилцаа”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалт, мөн байгууллага дээрээ “Эцэг эхийн зөвлөл” байгуулах талаар арга зүй өгч, албан хаагчдынхаа хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулж хэвшүүлэн хамтран ажиллахаар болсон.

Байгууллагууд дэргэдээ “Эцэг эхийн зөвлөл”-тэй болсноор албан хаагчиддаа хувийн болон байгууллагын стресс менежментийг зөв зохицуулах, гэр бүлийн зөв харилцаа хандлага, хүүхдээ эерэг зөв аргаар хүмүүжүүлэх, гэр бүлдээ хүчирхийллийн аливаа үйлдэл хийхээс зайлсхийх, албан хаагчдын хүүхдүүдийн дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, хүүхдийнхээ оролцох хөгжих эрхийг нь хангах, хамт олон бие биенээ ойлгох, дэмжих байгууллагын эерэг дулаан уур амьсгал сайжрах, албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарах, ар гэртэй нь ойр эргэх холбоотой ажиллах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сургалтад оролцогчдод “Эцэг эхийн зөвлөл”-ийн самбар гардуулан өгсөн ба хүний нөөцийн мэргэжилтнүүд байгууллага дээрээ зөвлөл байгуулан, албан хаагчдынхаа хүүхэд гэр бүл рүү чиглэсэн олон ажлуудыг санаачлан зохион байгуулж, самбартаа тогтмол мэдээлэн ажиллахаа илэрхийлсэн гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Монгол Улс эрүүл мэндийн салбарын хөгжлөөрөө 145 дугаар байрт жагсаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд “Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин, иргэний эрүүл мэндийн эрхийн тухай” сэдэвт хэлэлцүүлэг өрнөж байна.

Хэлэлцүүлэгт, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа болон ЭМЯ, ХХААХҮЯ, МХЕГ, ЦЕГ, Монголын хуульчдын холбоо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, иргэдийн төлөөлөл оролцож байна.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг Монгол төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримтална. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг баталгаажуулж, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл чийрэг бие бялдартай болгон хөгжүүлэх бодлогод онцгой анхаарч ажиллана” хэмээн заасан. Энэ хүрээнд 2017 онд шүдний эмч, мэргэжилтнүүдийн уулзалт зөвлөгөөн болон тус бүр 4 удаагийн цуврал хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр 9 дүгээр сард “Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган, 10 дугаар сард “Агаарын бохирдлын эсрэг үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, агаарын бохирдолтой “онц байдал” зарлан тэмцэх санаачилга гаргаж ажилласан. Мөн ард иргэдийнхээ санал бодлыг сонсох, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй уулзахад эрүүл мэндтэй холбоотой иргэдийн санал хүсэлт олныг сонсож хүлээж авсан юм. Иргэдээ анхааран сонсож, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газар өнөө жил эрүүл мэндтэй холбоотой олон ажил төлөвлөсний нэг нь өнөөдрийн энэ “Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин, иргэний эрүүл мэндийн эрхийн тухай” сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
Өнөөдөр Монгол Улс маань зарим өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа нь сэтгэл түгшээж, санаа зовоож байна. Төрийн түвшинд бодлого алдагдсан нэг жижиг асуудал ард иргэдийн амьдралд олон зуун том асуудал болж очдог. Ялангуяа төрөөс иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлыг онцгой анхаарч, цаг алдалгүй шуурхай засаж залруулж байх ёстой. Хэлэлцүүлгээр салбарын шинэчлэлийн хууль эрхзүйн орчны гаргалгаа, тулгамдсан олон асуудлын шийдлийг тодорхойлж, санал бодлоо цэгцлэн, нэгдсэн нэг ойлголтод хүрснээр цаашид асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана гэж найдаж байна” гэлээ.
Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, Анагаах ухааны доктор Ж.Амарсанаа: “Монголын эрүүл мэндийн салбар хөгжлөөрөө 200 гаруй улсаас 145-д жагсаж байна. Энэ нь мэдээж цаашид эрүүл мэндийн салбарт сайжруулах, засаж залруулах олон асуудал байгааг илтгэж байна. Эрүүл мэндийн салбарын бас нэг чухал үзүүлэлт нь тухайн улсын иргэдийн дундаж наслалт байдаг. Монгол Улсад дундаж наслалт 69 болсон. Гэтэл хөрш зэргэлдээ улс орнуудын дундаж наслалт 85-86 болж нэмэгдсээр байгаа. Ингэж урт насалж байгаа нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо нь сайн, салбар нь тогтвортой байна гэсэн үг. Мөн бид энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр ихэвчлэн салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах болоод уяалдаа холбоог нь хангах талаас нь асуудлыг хөндөнө. Төрийн болоод төрийн бус олон байгууллага яг энэ сэдвээр судалгаа хийж, илтгэл хэлэлцүүлэхээр бэлтгэсэн. Мөн иргэдийн оролцоог хангаж байгаа нь иргэд өөрсдөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадаж байна уу, тулгамдаж байгаа асуудал нь юу вэ гэдгийг хэлэлцүүлэхэд анхаарч байгаа юм. Ямартай ч нэгдсэн хэлэлцүүлгийн дараагаар санал, дүгнэлт гарч эрх зүйн баримт бичиг болох ёстой. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрөө хэлэлцүүлэгт оролцож байгаа учраас хэлэлцүүлгээс гарч байгаа санал, дүгнэлтийг хүлээж авна гэдэгт бид итгэлтэй байгаа” гэв.
Categories
мэдээ соёл-урлаг

“Бишгүүр- 2018” улсын уралдаан амжилттай болж өндөрлөлөө

“Бишгүүр-2018” улсын уралдаан Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгмийн Бодлогын хорооны ивээл дор өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.

“Хотоо цэвэрхэн байлгая” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн Бишгүүрийн улсын уралдааныг “Жаргалан” цогцолбор сургууль, “Түлхүүр” төрийн бус байгууллага анх санаачлан НИТХ, НБ-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм.

Энэ удаагийн Бишгүүрийн улсын уралдаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг болон хөдөө орон нутгийн 50 гаруй сургуулийн 1500 гаруй хүүхдүүд гоцлол хөгжим, Бишгүүрийн чуулга гэсэн ангиллаар оролцож, авьяастнуудаа тодрууллаа.

Тус уралдааныг нээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Нийгмийн Бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал үг хэлэхдээ, “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийгмийн Бодлогын хороо, НБГ, Түлхүүр ТББ хамтран 2017 онд Нийслэлийн 9 дүүргийн Төрийн ба Төрийн бус өмчийн 400 гаруй хөгжмийн багш нарт зориулсан бишгүүр хөгжим заах арга зүйн сургалтыг зохион байгуулж, Бишгүүрийн сурах бичиг пианако, бишгүүр хөгжмүүдээр үнэ төлбөргүй хангасан. Үүний үр дүнд багш нарын ур чадвар нэмэгдэж, хүүхдүүдийн бишгүүр хөгжимд дурлах, бишгүүр хөгжмөөр хичээллэх сонирхол өсөн нэмэгдэж байгаад баяртай байна.

Хөгжим бол хүүхдийн хүмүүжилд маш том хөрөнгө оруулалт болж байдгаараа ач холбогдолтой зүйл. Хөгжим нь тархины бүх хэсгийг хамарч хөгжүүлдэг гэдгийг сүүлийн үед эрдэмтэд олж тогтоосон. Математик, хими, физикийн олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн уралдаанд хөгжмийн боловсрол эзэмшсэн хүүхдүүд маш сайн амжилт гаргаж байгаа нь үүний нэгэн тод илрэл юм.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарын судлаачдын зүгээс бишгүүр буюу үлээвэр хөгжим нь хүүхдийн уушгины багтаамжийг сайжруулж, амьсгалын замын эрхтнүүдийн хөгжилд дэмжлэг үзүүлдэг зэрэг эрүүл мэндийн хувьд асар чухал ач холбогдолтой гэдгийг онцлон ярьж байна. Тиймээс хүүхэд бүрийг хөгжмийн боловсролтой болгохын тулд бишгүүрийн сургалтыг төрийн бодлогоор дэмжиж ажиллах нь зүйтэй юм” хэмээн цохон тэмдэглэлээ.

“Бишгүүр – 2018” улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа “Бишгүүр – 2018” улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

“Бишгүүр – 2018” улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа “Бишгүүр – 2018” улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа “Бишгүүр – 2018” улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Categories
мэдээ нийгэм

Мянга гаруй цоохор ирвэсийг хамгаалах таван жилийн хөтөлбөр эхэллээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нэн ховор цоохор ирвэсийг хамгаалах төслөө энэ оны тавдугаар сарын 01-нд албан ёсоор эхлүүллээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн нутагт орших Хасагт хайрхан, Дарвийн нуруу, Баян-Өлгий аймгийн Сайр хайрхан, Хатуугийн нуруу, Увс аймгийн Түргэн, Цагааншувуут ууланд цоохор ирвэс, түүний идэш бологч амьтан, амьдрах орчныг хамгаалах таван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх юм. Тус төслийг өмнө нь Монгол орны баруун хэсэгт буюу зөвхөн Алтай Соёны бүс нутагт орон нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрөөр хэрэгжүүлдэг байсан аж.

Төслийн явцад цоохор ирвэс, түүний идэш бологч зүйлийн хамгаалал, амьдрах орчны хамгаалал, бэлчээрийн зохистой ашиглалт, хуулийн хэрэгжилт, хөдөөгийн хөгжилтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах юм. Дашрамд сонирхуулахад, эдүгээ Монголд 800-1000 цоохор ирвэс байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт популяцын 20 хувь нь юм. Үүний 500-700 нь Алтай Соёны бүс нутагт амьдардаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүдийг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүдийг томилжээ.

Тодруулбал, тус банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга Н.Баярчимэг, Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнай нарыг 3 жилийн хугацаагаар томилсон байна.

МУХБ-ны Төлөөлөн Удирдах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр хуралдаж 2018 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Баярмагнайг сонгожээ.

МУХБ-ны Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 9 гишүүнтэй үүнээс 4 гишүүн хараат бус бөгөөд гишүүдийг хувьцаа эзэмшигчид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон 3 жилийн хугацаагаар томилдог.

Categories
мэдээ нийгэм

Торгуулиа цахим машинаар төлөх боломжтой боллоо

Иргэд, аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийн торгуулийг бүрэн барагдуулсны үндсэн дээр тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх, татвар төлөх, хяналтын үзлэгт орох, албан журмын даатгалд хамрагдах зэрэг бусад үйлчилгээг авдаг билээ.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв нь тээврийн хэрэгслийн зөрчилд ногдуулсан торгуулийн төлбөр төлөх боломжуудыг хялбаршуулах зорилгоор Улаанбаатар банкны бүх салбарт иргэн зөвхөн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хэлснээр торгуулиа хялбар төлөх боломжийг бүрдүүлсэн. Мөн аль ч банкны QPay цэсээр гар утаснаасаар тухайн тээврийн хэрэгслийн торгуулийг төлөх боломжоор хангаж өгсөн.

Харин энэ удаад үйлчилгээгээ нэмэгдүүлж Метатек ХХК болон Улаанбаатар банктай хамтран түргэн үйлчилгээний цахим машиныг нэвтрүүлж, тээврийн хэрэгслийн торгуулийг төлөх, иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй төрийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж эхэлжээ.

Эхний ээлжинд нийт 6 цэгт байршуулан ажиллаж байна.

Үүнд:

1. Дүнжингарав худалдааны төв дэх Нэг цэгийн үйлчилгээ

2. Нийслэлийн төр захиргааны IV байр 1 давхарт буюу Улаанбаатар банкны шилэн барилга

3. Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Да хүрээ” авто худалдаа үйлчилгээний төв

4. АСА цирк дэх Авто тээврийн үндэсний төвийн 1 давхарт

5. Сонгинохайрхан дүүрэг авто худалдааны цогцолборт

6. Баянгол дүүргийн 20-р хороо “Хөсөг трейд” ХХК –ийн байранд тус тус үйлчилгээ үзүүлж байна.

Цаашид Улаанбаатар хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд болон шаардлагатай цэгүүдэд байршуулж үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 6-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллах ажээ.

Тэрбээр ард иргэдтэй уулзалт хийж, улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, хөгжлийн асуудлуудаар санал хүсэлтийг нь сонсох юм. Мөн аймгийн удирдлагуудтай уулзахаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзсаны дараа Увс аймгийг зорих юм.

Categories
мэдээ нийгэм

Боловсролын чанар, үр дүн сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

МУБИС-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ жил “Боловсролын чанар, үр дүн” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болох хуралд Монголоос гадна АНУ, Герман, Итали, ОХУ, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Конго зэрэг есөн орны 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байгаа бөгөөд “Боловсролын үйлчилгээний чанар, үр дүн”, “Боловсролын чанар, үр дүнгийн хэмжилт, үнэлгээ”, “Боловсролын чанар, үр дүнгийн баталгаажуулалт” сэдэвт гурван салбар хуралдаанаар илтгэлээ хэлэлцүүлж байна. Хурлын үеэр гадаад болон дотоодын сургалтын чанар, үр дүнгийн талаар хийгдэж буй судалгаа, туршлагыг хуваалцаж байгаагаараа онцлог юм хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

МУБИС-ийн зүгээс уг хуралд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд хурлаас гарсан судалгааны дүнд тулгуурлан сургалтын үйл ажиллагааг сайжруулах, гадаадын их дээд сургуулиудтай судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавин ажилладаг байна. Уг эрдэм шинжилгээний хурал хоёр өдрийн турш болох бөгөөд маргааш МУБИС дээр үргэлжлэх аж.

“Боловсролын чанар, үр дүн” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.iceee2018.com веб сайтаас авна уу.

Categories
мэдээ улс-төр

Хотын дарга нийслэлийн намын хороог удирдах нь зөв

Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг жинхлэх эсэхийг аймаг, нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурлаар шийдэх ёстой. Энэ хурал өчигдөр зарлагдсан байсан боловч ирэх даваа гариг хүртэл хойшлогдлоо.

Ер нь нийслэлд ялалт байгуулсан нам нь хотын дарга болон намын хорооныхоо даргын албыг хавсарч хийдэг байсан. Хамгийн ойрын жишээ гэхэд өмнөх парламентын үед Э.Бат-Үүл хотын дарга байхдаа нийслэлийн АН-ын даргын албыг хамтад нь аваад явж байв. Энэ жишиг 1992 оноос хойш тасралтгүй явж ирсэнийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. Дунд нь Улаанбаатар хотын дарга намын хороогоо удирдах нь тохиромжгүй гээд тусад нь байлгах гэж үзсэн. Хотын дарга бол зөвхөн аж ахуйн ажилдаа анхаарч, намын хорооны дарга улс төрийн үйл хэрэгтээ төвлөрнө гээд салгаж байлаа. Харамсалтай нь хоёр толгойтой могойн үлгэрээр энэ байдал амжилт авчраагүй. Хотын ажил цалгардах, хэл ам, хэрүүл тэмцэл ундрах бүр цаашлаад ээлжит сонгуульд ялагдах угтвар шалтгаан болж байв.

МАН бол хүчтэй, сахилга баттай, намын даргынхаа үгнээс гардаггүй сайн чанартай. Хотын дарга хүн нийслэлийн намын хорооны даргаа хавсарвал том зургаараа улаанбаатарчуудад л ашигтай. Наад зах нь хотын гудамж цэвэр цэмцгэр, зам талбай сэлүүхэн, өвөл нь дулаахан, зундаа өмхийгүй, бүтээн байгуулалт өрнөж байвал нийслэлийн иргэд стрессгүй, амар тайван байна. Аж ахуйн чанартай энэ бүх ажлыг хотын дарга л гардан зохион байгуулж, хийдэг. Харин нийслэлийн намын хороо гэдэг бол улс төрийн байгууллага. Энэ албан тушаалыг нийслэлийн Засаг даргаас өөр хүн хаших юм бол улс төр ороод хотын ажил явдаггүй. Тод жишээ нь Ц.Сандуй байна. Түүнийг НИТХ-ын болон нийслэлийн МАН-ын хорооны дарга байх үед хотын ажил одоогийнх шиг хурдаа аваагүй. НИТХ бол хоёр намын суудалтай, улс төрийн шийдвэр гаргадаг. Нэг, нэгнийхээ ажлыг гацаах нь энгийн үзэгдэл. Тэдний энэ улс төр хотын даргын ажлыг ч унагаадаг сул талтай. Нуугаад яахав, монголчууд ерөөсөө таарамжтай байсан түүх байхгүй. Хэрэв одоо Засаг дарга нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхад шинэ хүн тавьчих юм бол мэдээж эрх ашгийн зөрчил үүснэ. Тогтолцооны хувьд хотын дарга нь нийслэлийн намын хорооны даргаа аваад явах нь зөв юм.

С.Батболд хотын даргаар томилогдоод хоёр жил болох гэж байна. Нийслэлчүүд одоо л түүнд дасч байгаа. Тиймээс огцруулна гэдэг бол бүтэшгүй биз. Элдвээр хэлүүлсэн ч гэсэн зүгээр суухгүй байгааг бүгд харж байна. С.Батболд хотын дарга болоод хэд хэдэн том ажлуудыг барьж авсны нэг нь Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болов. Үе, үеийн Засгийн газар дамнан яригдаж ирсэн цэвэрлэх байгууламжийн асуудал С.Батболдыг хотын дарга байх үед шийдэгдэх өнгөндөө ороод байгаа. Түүний хийсэн өөр нэг том амжилт бол Улаанбаатар хотыг өргүй болгосон. Одоо гүүрэн зам, авто замын бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Нийслэлийн хөрсний бохирдлыг арилгахын тулд хэд хэдэн газар “Сервис центр” байгуулахаар тооцоо судалгаа хийсэн юм билээ. Эдгээр нь бүгд биелэгдэх боломжтой. Мөн С.Батболд мөрийн хөтөлбөрөө НИТХ-аар батлуулчихсан. Тиймээс түүний төлөвлөсөн бүх ажил хэрэгжинэ. Ард түмний амьдралд шууд эерэг үр дүнгээ өгөх юм.

Нийслэлийн МАН-ын даргад хэд хэдэн хүний нэр дуулдлаа. С.Амарсайхан НИТХ-ын дарга болсон эрчиндээ нийслэлийн намын хорооны дарга болохоор өрсөлдөж, биеэ бэлдэж байгаа сурагтай байна. НИТХ бол улс төрийн шийдвэр их гаргадаг. Олонх, цөөнхийн мэтгэлцээн эрүүл шийдвэр гарахад дэмтэй. Гэтэл үүн дээр намын бодлого орчихвол нийгмийн амьдралд сөрөг нөлөөтэй.

НИТХ-ын даргад Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэр явж байгаа гэх юм. Арай ч үгүй байх. Бөхийн холбооны тэргүүнд зүтгэж байсан Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын хэлснээр зүдэрлээ, зүдэрлээ гэхэд арай ч Д.Сумъяабазар НИТХ-д санаархахгүй байлгүй дээ.

Намаа хорлох гээгүй л юм бол нийслэлийн Засаг даргыг намын хорооны даргаас салгах хэрэггүй. Зориуд нийслэлд МАН-ыг хорлож, хүчгүйдүүлэх гэсэн садан төрөл болон найз нөхдийн холбоотой, өөр намын угшилтай, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын захиалга ч байж болох юм даа.


Categories
мэдээ нийгэм

Таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Энэ долоо хоногт буюу дөрөв дүгээр 30-наас тавдугаар сарын 4-ний хооронд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1204 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 834 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнд осол хэргийн улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 16 нь бага насны хүүхэд тэр дундаа 13 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ. Нэгдүгээрт эцэг эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулдаг, насанд хүрээгүй хүнд даатгадаг,хүүхдүүд гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, түүнчлэн жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй зэрэг томчууд бидний буруутай үйлдлээс шалтгаалан осолд өртөх нөхцлийг бүрдүүлж байгаа талаар албаныхан дуулгалаа.

Тухайлбал, өчигдөр 5 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг “Да хүрээ” гудамж, Эрдэнэ толгойн замд “Grace” маркийн автомашин явган хүний гарцаар гарч байсан 6 ангийн сурагч 12 настай Б-г мөргөж гэмтээсэн. Хан-Ууул дүүргийн нутаг 75-р сургуулийн баруун замд “Harrier” маркийн автомашин 6 настай, 9 настай 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.

Дорнод аймгийн “Хавирга өртөө” гэх газар шороон замд “Libero” маркийн автомашины жолооч 2 настай Т-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Урин дулааны цаг эхэлж найз нөхөд, хамт олон, гэр бүлээрээ амралт зугаалгаар явах, төгсөлтийн баяраа тэмдэглэх зэргээр хөдөө, орон нутгийн замд зорчихдоо гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, хурд хэтрүүлсний улмаас зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг байдлаас шалтгаалан мөргөлдөх, онхолдох хэлбэрээр дийлэнх осол бүртгэгджээ.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 155 жолоочийг илрүүлэн саатуулж, 20 жолоочид шүүхээр баривчлах шийтгэл ногдуулан ажиллалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 23 осол, мөргөлдөх хэлбэрээр 19 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол, хэрэг тус тусбүртгэгдсэн нь өнөх 7 хоногтой харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10 хувиар, гэмтсэн хүний тоо 14 хувиар, орон нутагт амь нас нь хохирсон хүний тоо 1,5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн Замын цагдаагийн албанаас замын хяналтын төхөөрөмж ашиглан хянаж, зохицуулах боломжтой уулзваруудад биет зохицуулалт хийж хөдөлгөөн зохицуулахгүй байгаа бөгөөд харин уулзварт дэглэм тогтоох, хяналт шалгалт хийх чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж.