Categories
мэдээ улс-төр

Чуулганаар таван асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлж, таван асуудал хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын гадаад бодлогын талаарх Засгийн газрын мэдээллийг сонсох, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны зургаадугаар дүгнэлт болон “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг багтсан байна.

Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” хоёр тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж байна

Өдрөөс эхлэн ихэнх нутгаар агаарын температур 30-аас дээш хэмд хүрэх бөгөөд эх, хүүхдийн баярын өдрүүдэд хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна. Иймээс иргэд та бүхэн нарших, даралт ихсэх, цус харвах, осол гэмтэлд өртөхөөс сэргийлэх, ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнуудын эрүүл мэндэд онцгой анхаарал тавина уу.


Categories
мэдээ нийгэм

Жижиг, дунд үйлдвэрийг чадавхжуулахад төрийн бодлого чиглэнэ

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих түншлэлийн уулзалт” Чингис зочид буудлын хурлын танхимд өнөөдөр (2018.05.29) боллоо. Уулзалтад Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг төлөөлсөн 70 гаруй хүн оролцсон. Тухайлбал, АНУ, ОХУ, Франц, Турк, БНСУ-ын Элчин сайдын яамдын төлөөлөл ирж, байр сууриа илэрхийллээ.

Мөн Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банк /EBRD/-ны Монгол дахь суурин төлөөлөгчид жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулсан. Түүнчлэн Дэлхийн банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын хөгжлийн агентлаг, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /TIKA/ зэрэг 10 гаруй олон улсын байгууллагын төлөөллүүд харилцан санал бодлоо солилцлоо. ХХААХҮЯ-наас зохион байгуулсан уг уулзалтад Сангийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар гэсэн төрийн байгууллагууд, МҮХАҮТ, Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага, Монголын хоршоодын нэгдсэн холбоо оролцож, тодорхой асуудал дэвшүүлсэн.

Уулзалтыг нээж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэлсэн үгэндээ: “Өнөөдрийн түншлэлийн уулзалт чухал ач холбогдолтой. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уулзалтаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлогоо танилцуулж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийг тодорхойлно” гэлээ. Тэрбээр, гадаадын төсөл, хөтөлбөрүүд нь шинэ мэдлэг бүтээдэг, техник технологи, инновацид суурилсан, нэмүү өртөг шингээх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн байдаг учраас нэн өгөөжтэй. Тиймээс ч олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг өөрийн орны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглүүлэх, тэдэнтэй нягт хамтарч ажиллах нь том үйлдвэрлэгч болох үүд хаалгыг нээнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

2017 оны байдлаар бизнес регистрийн санд 155 065 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 78 585 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 77% буюу 60 330 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна. Статистикийн үзүүлэлтээс харахад нийт ажиллах хүчний 57%-ийг (719172 хүн) ЖДҮ-ийнхэн эзэлдэг. ДНБ-ий 18 орчим хувийг бүрдүүлж байна. Эндээс харахад жижиг, дунд үйлдвэрүүд нь борлуулалт болон ашгийн хувьд том компаниудтай харьцуулахад олон хүнийг ажлын байраар хангадгийн хувьд нийгэмд ихээхэн нөлөө үзүүлж байдаг.

Энэ удаагийн уулзалт нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэж байх үеэр болж байгаагаараа онцлог. Энэ ч үүднээс ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах болсон үндэслэл, гол зохицуулалт, нийгэм, эдийн засагт гарах үр нөлөө, цаашид ЖДҮ-ийг дэмжих төрийн бодлогын талаар танилцуулсан. Хуулийн төсөлд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилал, үйлдвэрлэгчдийн эрх үүргийг тодорхой болгох, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын механизмыг тусгаж өгсөн байна. Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрүүд хөл дээр нь босгож, чадавхжин, ашигт ажиллагаа нь нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

Уулзалтад оролцогчдын зүгээс өөрийн орны жижиг, дунд үйлдвэрийн хөгжил, туршлагын талаар хуваалцаж, хуулийн төсөлд саналаа хэллээ. Цаашид төрөөс жижиг, дунд бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хоршоодын бүтцэд тулгуурлан түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, кластераар хөгжүүлэх, эх оронч худалдан авалтыг дэмжих, бизнес инкубатор төвүүд, гарааны бизнесүүдийг тэтгэх бодлого барьж байна.

Уулзалтын үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хийсэн “Монголын ЖДҮ-ийн ажиглалт” судалгааны үр дүнг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа танилцуулсан. Уг судалгааны үр дүнд факторинг ба дискаунтинг буюу төлбөрийн арга хэрэгслийг нэвтрүүлэх, НӨАТ-ын тааламжтай систем бүрдүүлэх, ЖДҮ-д ба том бизнесийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг олон чухал зөвлөмжийг хүргүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зохиогдох баярын хөтөлбөрүүд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд 05 сарын 28-наас 06 сарын 02-ны хооронд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын албан ёсны арга хэмжээ буюу Д.Сүхбаатарын талбайн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа 06 сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.

Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хүндэтгэлийн тоглолтод нийслэлийн сургууль, цэцэрлэг, байгууллагуудын 1500 орчим уран бүтээлчид, авьяаслаг хүүхэд багачууд оролцож, талбайн хойд хэсэгт засагдах үндсэн тайзнаа уран бүтээлээ үзүүлэхээр бэлтгэж байгаа бол, талбайн баруун талд засагдах хүүхдийн байгууллагуудын нэрэмжит тайзан дээр хүүхдийн чиглэлээр үйл ажиллгаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, хууль дүрмийн талаар мэдээлэл хийх юм. Харин талбайн урд талд засагдах үндэсний үйлдвэрлэгчдийн нэрэмжит тайзан дээр Монголын үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийн, худалдаа эрхлэгчид үзэсгэлэн худалдаагаа гаргах юм.

Ингээд та бүхэндээ энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааны болон Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулья.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

05-р сарын 29-нөөс 06-р сарын 04-ний өдрүүдэд “Гайхамшигт долоо хоног” уламжлалт арга хэмжээг 8 дахь удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨТҮГ

05-р сарын 31, 06-р сарын 01-ний өдрүүдэд “Цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдүүд”арга хэмжээг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна.

МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР

05-р сарын 25-наас 06-р сарын 01-ний өдрүүдэд 13:00, 14:00 цагуудад “Гайхамшигт хайрцаг-2” буюу Алтан залаат азарган тахиа, Бүлтэйхэй Дэгдээхэй 2, Долоон дэлбээт цэцэг, Том хамарт одой жүжгүүдийг өөрийн тайзнаа тоглоно.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

06-р сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудад “Хувдай ишигний паян” симфони хөгжимт драмчилсан тоглолт тоглоно.

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд “Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Улсын Их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулна. Гадаа асаруудад Бүс болон Импорт салбарын гадаа талбайн худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана. Арга хэмжээнд Найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Бүжигчид, Мотив хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд, Хөгжөөнт тэмцээн, Зарласан уралдаанаа дүгнэж, шагнал гардуулах зэрэг ажлууд болно.

УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-ний өдрийн 12:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг гадна талбай, Үзэсгэлэнгийн танхим, 4-р танхим зэрэгт тус тус зохион байгуулж хөгжөөнт тэмцээн, Facebook уралдааны ялагч тодруулах, урлагийн тоглолт, театрчилсан тоглолт зэргийг үзүүлнэ.

НАРАН ИХ ДЭЛГҮҮР

06-р сарын 01-ний өдрийн 12:00-13:00 цагийн хооронд Наран молл худалдааны төвийн гадна талбай, 14:00-15:30 цагийн хооронд Энхтайваны гүүрний хажуу талын Наран плаза худалдааны төв, 15:00-16:30 цагийн хооронд 13-р хорооллын дунд замын Наран плэйс худалдааны төв зэрэг газруудад “Наран шилтгээн” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

ТЭНГИС КИНО ТЕАТР

06-р сарын 01-ний өдрийн 12:00-15:00 цагийн хооронд кино театрын гадна талбайд “Ээжийн дайсан-2, Такси-2” киноны уран бүтээлчид ирж талархлын өдөрлөг зохион байгуулж, ирсэн хүүхэд, багачуудтай хамт зураг авахуулж, гарын үсэг зурна.

ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ

06-р сарын 01, 02, 03-ны өдрүүдэд 14:00, 16:00, 18:00 цагуудад “Гайхамшигт Сафари Нууц Тайлагдсан нь” хүүхдэд зориулсан жүжиг тоглоно.

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ

05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд “Монгол хүү“ хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг Хүй долоо худагт зохион байгуулна.

МОНГОЛЫН ГУРВЫН ЭСРЭГ ГУРАВ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО

06-р сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд FIBA 3×3 Ulaanbaatar Challenger 2018 тэмцээний хүрээнд Д.Сүхбаатарын талбайд хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 27-нд 11:00-16:00 цагийн хооронд “Хөх Монголын хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг УБ палас гадна талбайд зохион байгуулна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 14:00-16:00 цагийн хооронд Зорилтод бүлгийн өрхийн 1000 хүүхдийг БЗД-ийн соёлын ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг БХД-ийн ЗДТГ-ын талбайд зохион байгуулна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 31-нд 10:00-14:00 цагийн хооронд Төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

05-р сарын 30-нд 11:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Аса циркт зохион байгуулна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 02-нд 12:00-14:00 цагийн хооронд 500 ээжид зориулсан “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Бичил бизнес эрхлэгчдэд 500 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломж бүрдэнэ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхлээд байна. Та хууль санаачлагчын хувьд ямар нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж байгаа вэ?

-Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль нь 2007 онд УИХ-аар батлагдсан. Гэсэн ч өнөөгийн нөхцөлд уг хуульд тусгагдаагүй асуудлууд жижиг, дунд үйлдвэрийн салбарт ихээхэн гарч байна. Тиймдээ ч энэхүү хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан. Нэн тэргүүнд төрийн дэмжлэгийг тодорхой болгох ёстой болсон. Хууль шинэчлэгдэн гарснаар бизнес хийх сонирхлыг төрөөс дэмжиж өгнө гэсэн үг. Иргэд өрхийн аж ахуй, бичил бизнес, дунд бизнес эхлүүлэх гэж байгаа бол уг хууль хөшүүрэг, дэмжлэг болох учиртай юм. Тодруулбал, та жижиг, дунд бизнес эрхлээд явах юм бол төрөөс таньд ногдуулж байгаа орлогын албан татвар нэг хувь, жилийн тайлан чинь мөн адил нэг хувь байна. Татвараа төл, тайлан балансаа гарга, нягтлан заавал ажиллуул, компьютер тавиач гэх зэргээр шахалт үзүүлэхээс илүү эхлээд урдах ажлыг нь хийлгэх нөхцөл бололцоог гаргаж өгч байгаа хэрэг. Хуулийн гол зорилго бол ердөө л энэ. Төрийн байгууллагад ажиллая, гадагшаа явж хар ажил хийе, дарга цэрэг болъё гэдэг бодлуудыг нь бизнес хийх хүслээр өөрчлөхийг эрмэлзсэн. Угтаа бол хүн хөдөлмөрлөж байж л амьдарна шүү дээ. Гэтэл бид манай салбарыг анхаарсангүй, цалин бага байна, бид өлсөнө, босно гэх юм. Яахав буруу бол биш. Гэхдээ нийгмийн халамж, ачааллыг дааж гарахын тулд хүмүүс хөдөлмөрлөж, татвар төлж, баялаг бүтээх ёстой юм. Тиймдээ ч энэ хуулийн хоёр дахь гол зорилго нь иргэдийг ажлын байраар хангахад оршиж байгаа.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид ямар орлоготой аж, ахуй нэгжийг багтах вэ?

-Хуулиар жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж хэн бэ гэдгийг маш тодорхой болгосон. 2.5 тэрбум төгрөгийн орлоготой, 200 хүртэлх ажилчинтай бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж үзэж байгаа. Түүнээс дээш орлоготой бол уг хуульд хамаарахгүй. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээ дотор нь бичил, жижиг, дунд гэж гурав ангилсан. Эдгээр ЖДҮ эрхлэгчид маань хурдан шат ахиж 1000, 10 мянган хүнийг ажлын байраар хангаасай гэсэн чинхүү хүсэл надад болон төрийн бодлогод байна.

-Гарааны бизнесээ эхлүүлж байгаа иргэдэд ямар боломж, нөхцөл нээгдэж байгаа бол?

-Өмнө нь хүн бүрээс, аж ахуй нэгж болгоноос тайлан баланс, барьцаа хөрөнгө нэхэж зээл олгодог байсан. Ер нь бодоход дөнгөж бизнес эрхлэх гэж байгаа хүнд ямар барьцаа хөрөнгө, тайлан баланс байв гэж дээ. Харин энэ хуулинд бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж тусгаж өгснөөр уг асуудал шийдэгдэж байгаа. Тодруулбал, бичил бизнес эрхлэгчдэд зээл авах нөхцөл шалгуур, дарамтыг багасгах үүднээс зөвлөлөөсөө буюу сангаасаа 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг шууд авах боломжийг энэ хуульд тусгасан. Гэр бүл, найз нөхдөөрөө нийлэн буриад гутал, машин засварын газар эсвэл бэлэг дурсгалын зүйл хийе гэдэг ч юмуу санал, санаачилга гаргаад ирвэл бид зээл олгоно гэсэн үг. Харин 500 саяас 2.5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулж авахаар тусгасан. Банк бол барьцаа хөрөнгө, тайлан балансуудаа нэхнэ. Эргэн төлөгдөх нөхцөлийг нь харна. Бүгдийг банкаар дамжуулах гэхээр маш их шаардлага тавьдаг учир эзнээ олоход хэцүү. Мөн бүгдийг сангаар дамжуулахаар улстөрчдийн нөлөөлөл, танил тал ордог талтай. Иймд уг хууль батлагдан гарснаар хоёроос гурван жилийн дараа гэхэд илүү үр дүнтэй байна гэж итгэж байгаа. Одоогоор хуулийн хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн байна. Хууль санаачлагч миний үүрэг энэ хүрээд дууссан. Одоо Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гараад Я.Содбаатар гишүүн ахлаад явж байгаа. Эцсийн хэлэлцүүлэг хүртэл уг хуульд их өөрчлөлт битгий орчихоосой л гэж миний хувьд хүсэж байна. Хэрэв миний концепциос бүр өөрчлөгдчих юм бол би дуугарахаас өөр арга байхгүй. Хууль санаачилсан гишүүд бидний хувьд жил гаран ажиллаж, маш чамбай хууль өргөн барьсан.

Ер нь сайд дарга нар ЖДҮ-ийг дагавар хүүхэд шигээ үздэг. Хааяа нэг хэдэн төгрөг өгчихдөг. Эсвэл чи хөгжихгүй байна, хөгжиж байна гэж хэдэн үг хэлдэг. Цонхны цаанаас чихэр долоолгодог гэх хэлбэрээр явж ирсэн л дээ. УИХ-д том компаниудын, банк санхүү, төмөр зам, уул уурхайн талаар лобби бүлэг их байдаг. Лобби бүлгүүд нь том хуулийн төслүүдэд нөлөөлдөг, багагүй шахалттай ажилладаг. Муу талаараа биш шүү. Харин ЖДҮ-д ийм зүйл алга. Үеийн үеийн ийм л байж. Зовлонг нь мэдэх хүний хувьд би төрийн бодлогод суулгах талаас нь ажиллана.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн орлогын албан татварыг нэг хувь болгохоор хуульд тусгажээ. Иргэдийн дунд өмнө нь төлж байсан татвараа буцааж авах боломж бүрдэх болов уу гэх эргэлзээ байна?

-Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. 2019 оноос эхлэн ЖДҮ эрхлэгчид нэг хувийн орлогын албан татвар төлж эхэлнэ. Харин өмнө нь төлж байсан татварыг төр буцааж төлнө гэсэн ойлголт байхгүй.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зээлийн хөрөнгийг хаанаас бий болгоно гэж тооцоолсон бэ?

-“Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-д 50-60 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын зардлын 10 хувийг ЖДҮ-рүүгээ оруулъя гэсэн заалтыг бид хуульд оруулсан. Үүнээс ойролцоогоор 100 гаруй тэрбум гаруй төгрөг бүрдэнэ. Гэхдээ бид үргэлж төрийн дэмжлэгийг аваад яваад байхгүй. Цаашдаа өөр, өөрийгөө даагаад явах компани, корпорацийн хэлбэрээр явах бүрэн боломж байгаа. 24, 28 оноос ийм боломж бүрдүүлэх ёстой. Энэ бол Япон, Казакстаны явж буй зарчим.

-Хуулийн нэршлийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болгожээ. Үйлчилгээний салбарыг нэмж оруулах болсон талаараа тодруулаач?

-Засгийн газрын саналаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль гэж орсон. Хоол хүнс, үсчин, гоо сайхан гээд үйлчилгээний салбарын бүхэл бүтэн арми бий.

Тиймдээ ч энэ хүмүүсийг хуульд зайлшгүй хамруулах хэрэгтэй. Энэ нь үйлчилгээний салбарынханд давуу тал болно гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Мөн дээрх хуулиас иргэнийг хассан. Өмнө нь нэг иргэний нэрээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Сум хөгжүүлэх сан” зэрэгээс бүгдээс нь зээл авчихдаг. Гэсэн ч хэн нэгнийг ажлын байраар хангадаггүй сул тал ажиглагддаг байсан. Уг хууль батлагдвал та аж ахуй нэгж байгуулж, ядаж хоёроос гурван хүнийг ажлын байртай болговол төрийн бодлого тань руу харна гэдгийг онцлох нь зүйтэй байх.

-Малчдад ямар боломж бүрдэх бол?

-Малчид хоршоо, нөхөрлөл байгуулаад хуульд хамрагдаад явах бүрэн боломжтой. Урьд нь ЖДҮ-д бүртгэхдээ мөн л тайлан баланс, бусад бичиг баримт нэхэж чирэгдүүлдэг байсан. Үүнийг бид багагүй онцолж харсан байгаа. Одоо бол Х тайлан, аж ахуй нэгжийн гэрчилгээтэйгээ авчирахад л ЖДҮ-ийн хамааралд орж болно.

-Уг хууль ямар салбаруудад хамаарахгүй байхаар болж байгаа вэ?

-Орлого нь 2.5 тэрбумдаа хүрэхгүй байгаа хэдий ч жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй этгээдүүд гэж байгаа. Төрийн байгууллага, гадны хөрөнгө оруулалттай компани, банк санхүүгийн байгууллагууд, барьцаалан зээлдүүлэх, жуулчлалын үйлчилгээ, сүлжээ дэлгүүрүүд, алт, уул уурхай эрхлэгчид тус хуульд хамаарахгүй. Үйлчлэх хүрээний хувьд зөвхөн дотоодын аж ахуй нэгжүүд л байна.

-Та өнгөрсөн долоо хоногт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр МИАТ, Кореан айр компаниудын монополь байдал хэрээс хэтэрч байна. Энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж, холбогдох арга хэмжээ автал нь шахаж, шаардаж ажиллана гэж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-Би жижиг, дунд аж ахуй нэгжүүдийн борлуулалтад нь ихээхэн санаа зовдог. Манай улсад амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдийн тоо их, худалдан авах чадвар буучихсан, эдийн засаг өсөлтгүй энэ үед аядал жуулчлал ЖДҮ-ийн салбарыг тэтгэдэг. Дунджаар нэг хүн 1000-1500 ам.доллар Монголд үлдээдэг. Тиймдээ ч жуулчдын тоо их байх ёстой. Гэтэл “МИАТ”, “Кореан эйр” хоёрын нислэг хааашаа ч явсан үнэтэй. “Кореан эйр”-аар Улаанбаатараас Сөүл нисэхэд 400-500 ам.доллар, Сөүлээс Лос Анжелес руу нисвэл 300-400 ам.доллар байдаг гэхэд болно. Үүнээс харахад Улаанбаатар жуулчин ирэхэд хамгийн үнэтэй газар болж хувирч байгаа юм. “МИАТ”, “Кореан эйр”-ийн үнэтэй байдал олон жил үргэлжиллээ. Одоо энэ монополийг халах цаг болсон. Нислэгийн гадны олон компаниуд Монголд орж ирье гэдэг юм байна. Харин “Кореан эйр” 2020 он хүртэл “МИАТ”-тай давуу эрхийн гэрээ байгуулсан байдаг гэнэ. Би бол бүр тодорхой мэдэхгүй. Гэхдээ би энэ гэрээг цуцлуулахыг хүсэж байгаа. Тэр гэрээ цуцлагдсанаараа олон авиа компаниуд Монголд орж ирэн, нислэгийн үнэ буурна гэж бодож байна. Дэлхий нийтэд ч тийм зарчим бий.

Өнөөдөр хэн нэгэн Солонгос руу явах билет авъя гэхэд бэлэн байхгүй л гэж хэлнэ. Ачааллаа дийлэхгүй, үнэтэй байхад яагаад бусад компаниудыг оруулахгүй байна вэ. Энэ бол Монгол Улсыг дэлхийгээс тусгаарлаж байгаа хэрэг. Дэлгүүрт ороод үйлчлүүлэхэд чинь “Энэ ундааг л та 10 мянган төгрөгөөр ав” гэж байгаатай ямар ч ялгаагүй. Ийм л дарангуйлалд бид байна. Бидэнд үр хүүхдээ гадагшаа сургах, эмчилгээ үйлчилгээ авах шаардлага бий. Мөн том, жижиг бизнесүүд бүгд гадаадтай холбогдож байж явж байна. Монголд үйлдвэрлэдэг ус, ундаанууд л гэхэд импортоос 60, 70 хувь нь хамааралтай. Талх, нарийн боов хийж байгаа үйлдвэрүүд ч мөн ялгаагүй. Тэгэхээр бизнест хөшүүрэг болох энэ зүйлийг хөгжүүлж, нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Би энэ сэдвийг анх чуулганд орсон цагаасаа л ярьсан. Хэлээд, сануулаад шийдэгдчих болов уу гэсэн хүлээлт байсан. Харамсалтай нь шийдэгдэхгүй байна. Миний хувьд лобби бүлэг үүсгэж, энэ асуудалд шахалттай ажиллана гэж бодож байгаа.

-Засгийн газраас Таван толгой төслийг хөдөлгөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр тооцоо, судалгаа хийжээ. Таван толгой төслийн 30 хувийг олон улсад IPO гаргах хувилбар ч яригдаж байна. Ерөнхийлөгчийн зүгээс ард түмэнд ногдол ашиг тараах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Харин та ямар бодолтой байгаа вэ?

-Монголын ард түмний хувьцаанд итгэх итгэл их буурчихсан байгаа. Цэнхэр, ягаан тасалбараас эхлээд хувьцаанд итгэх итгэл нь алдарсан. Энэ хоёр тасалбарынхаа үр шимийг нь хүртээд явж байгаа энгийн иргэн бараг л байхгүй. Миний хувьд Таван толгойг хуваасан хувилбар өнөөдөртөө бол дэмий л гэж харж байгаа. Эхлээд энэ аж ахуй нэгж өөрийгөө авч явдаг, төсөвт мөнгө хуримтлуулдаг байх ёстой. Ирээдүй, хойч үедээ үлдээсэн “Баялгийн сан” бий болгох нь л зүйтэй. Норвеги, Араб шиг “Баялгийн сан”-аасаа гадны томоохон хувьцаа худалдаж аваад мөнгөө өсгөх ч боломж бий. Энэ хэлбэрийг яагаад сонгож болохгүй гэж. Энэ компани ашигтай ажиллаад эхэллээ, мөнгийг нь хуваагаад идье гэсэн зарчим байж болохгүй л дээ. Ногдол ашиг тараах нь мундаг шийдвэр гэж үзэхгүй байна.

Миний хувьд хүмүүст хөдөлмөрлөөч ээ гэж л уриалмаар байгаа юм. Хөдөлмөрлөх процесст нь төр дэмжлэг үзүүлж, дарамтлахгүй байх хэрэгтэй. Цалин олгохдоо хүний амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц цалин олгодог болооч ээ л гэж хүсмээр байна. Түүнээс нэг удаа 100, 200 мянган төгрөг өгөх нь миний Монголын ирээдүй биш. Би ийм популизмыг ойлгодоггүй, тийм учраас дэмждэггүй.


Categories
мэдээ цаг-үе

Я.Ариунболд: Ш.Алтантуяагийн амиа алдсан хэргийн зовлонг талийгаачийн ар гэр, үр хүүхэд амсч, үүрч явна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Махатир Мохамадад захидал илгээсэн. Уг захидалд 2006 онд Малайзад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх, гэмт этгээдүүдийг зохих ялаа эдлэхэд анхаарал хандуулж өгөхийг хүссэн билээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын уг захидал олон улсын анхаарал татаж эхлээд байгаа юм. Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболдтой ярилцлаа.


-12 жилийн өмнө Малайз Улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг шийдвэрлэхэд анхаарал хандуулж байгаа гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсоор олон улсад мэдэгдлээ. Хэрэг шударгаар шийдэгдэлгүй өнөөдрийг хүрсэн. Та энэ мэдэгдлийн ач холбогдлын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Махатир Мохамадад баяр хүргэсэн захидалдаа жирийн бүсгүй, хоёр хүүхдийн эх Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэх, гэмт этгээдүүдэд ногдуулсан зохих ял шийтгэлийг эдлүүлэхэд анхаарал хандуулах хүсэлтийг албан ёсоор тавьсан. Энэ нь эрх зүй, харилцаа, хүмүүнлэгийн үүднээс цагаа олсон, оновчтой шийдвэр юм.

Гурван жилийн өмнө одоогийн Ерөнхий сайд Махатир Мохамад өөрийн хөтөлдөг блогтоо “Ерөнхий сайд (асан) Нажиб Разак энэ хэргийн цаана байж болзошгүй, цагдаагийн ажилтан тушаал биелүүлснийхээ төлөө цаазлуулах нь шударга бус, хэн тушаал өгснийг иргэд мэдэхийг хүсч байна” хэмээн бичиж Малайзыг 22 жил удирдсан намыг цочроож байсан. Ерөнхийлөгчийн захидал энэ хэргийг шударгаар шийдвэрлэхийг хүлээж байгаа Монголын ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн юм. Энэ хэргийн шийдвэрлэлт нь Малайзын ард түмний сонгуулийн дараа гарах нэгэн чухал хүлээлт учир Ерөнхий сайд Махатир Мохамад анхаарал хандуулж ажиллана гэж найдаж байна.

-Та тухайн үед Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан хүн тул энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх байх. Ноцтой бөгөөд ярвигтай хэргийн мөрдөн байцаах, шүүх ажиллагаа тухайн үед ямар байв?

-2006 оны аравдугаар сарын 19-нд иргэн Ш.Алтантуяа сураггүй болсон талаар мэдээлэл анх ирсэн. Малайзын талаас тодруулахад Ш.Алтантуяа хилээр нэвтрээгүй гэсэн хариу өгч, түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг хаасан байв. Талийгаачтай хамт явсан хоёр найз, талийгаачийн ааваас бодитой мэдээлэл авч ажиллаж эхэлсэн. Хэрэг гарснаас нэг сарын дараа Малайзын цагдаагийн ажилтан Азила Хадри, Сирул Азхар Умар нарыг гүйцэтгэгчээр, улс төр судлаач Абдул Разак Багиндаг захиалагчаар сэжиглэн баривчилсан. Үүнээс хойш энэ хэргийн шүүгч, прокурорыг солих, сэжигтний хэргээ хүлээсэн баримтыг хүчингүй болгох зэргээр хэргийн шийдвэрлэлт удааширсан. 2009 оны наймдугаар сарын 9-нд Абдул Разак Багиндаг чөлөөлж, 2013 оны наймдугаар сарын 23-нд Малайзын Холбооны Улсын давж заалдах шатны шүүхээс цагдаагийн хоёр ажилтныг суллаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдээ ирсэн. Хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах хугацаанд Сирул Азхар Умар Австралид гарсан, гэхдээ цагдаагийн хоёр ажилтны ялыг сэргээж чадсан юм.

Гадаад харилцааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан. Гадаад харилцааны яам, Бангкок дахь Элчин сайдын яам, манай төрийн бус байгууллага, хэвлэлийн төлөөлөгчид, талийгаачийн аав Малайзад очиж шүүх хуралд оролцсон. Малайзын Гадаад харилцааны яам, шүүх, прокурорын байгууллагатай уулзалт хийж, хүний эрхийн болон олон улсын байгууллагад хандсан. Шүүхийн бие даасан байдлыг хангаж, хэргийг шударгаар шийдвэрлэх талаар 2007, 2008 онд Монгол Улсын Ерөнхий сайдаас Малайзын Ерөнхий сайдад, 2008 онд Гадаад харилцааны сайдаас Малайзын Парламентын бүх гишүүдэд, Малайзын Гадаад харилцааны сайдад, Ерөнхий прокуророос Малайзын Ерөнхий прокурорт, Хүний эрхийн комиссоос Малайзын Хүний эрхийн комисст захидал хүргүүлж байсан юм.

Ш.Алтантуяагийн амиа алдсан хэргийн хохирол зовлонг талийгаачийн ар гэр, үр хүүхэд амсч, үүрч явна. Талийгаачийн аав С.Шаарийбуу 12 жил хэргийн араас бүх боломжоороо, тасралтгүй хөөцөлдөж байна. С.Шаарийбуу энэ хэргийг шударгаар, хууль ёсоор, хүмүүнлэгээр шийдвэрлүүлэх үүднээс Малайзын Холбооны Улсын Хаан, Ерөнхий сайд, Шадар сайд нарт хандаж охиных нь амь насыг бүрэлгэсэн хоёр цагдаагийн цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар сольж хөнгөрүүлэх, талийгаачийн хоёр хүүхдийн хохирлыг барагдуулах өргөдлийг 2009 онд бичсэн ч хариу өгөөгүй юм.

-Энэ хэрэг олон жилийн дараа дахин сөхөгдөж байгаа болохоор нааштай хариу ирэх болов уу?

-Би хувьдаа энэ хэргийг нааштай шийдэгдэх таатай нөхцөл бүрдэж байна гэж харж байна. Эрүүгийн хэрэгт шүүхээс ногдуулсан ялыг эдлүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэн авах, шүүхээс сулласан шийдвэрийг эргэн харах, давж заалдах зэрэг асуудлаар Малайзын шүүх, прокурор, С.Шаарийбуугийн өмгөөлөгч нартай холбогдож ажиллана. Иргэний нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал долдугаар сард болно гэсэн тов гарсан. Энэ шүүх хуралд ажиглагч оролцуулахаар төлөвлөж байна.

-Амиа алдсан иргэнийхээ араас Монгол Улсын Ерөнхийлөгч санаа тавьж, ийнхүү асуудлыг сөхөж байгаа нь иргэнээ хамгаалдаг улс гэсэн дохиог олон улсад өгсөн байна. Гэхдээ цаашид энэ мэтчилэн иргэдийн асуудлуудад Ерөнхийлөгч оролцох нь зөв үү?

-Би ярианыхаа эхэнд хэлсэн. Малайзын өнөөгийн Ерөнхий сайд гурван жилийн өмнө Засгийн газрын тэргүүнээ хүн амины энэ ноцтой хэргийн цаана байж болзошгүй талаар мэдэгдэж байсан. Гадаад улсын нөлөө бүхий улстөрчийн нэр холбогдсон, хоёр улсын харилцааны түвшинд хүрсэн, Монгол иргэн, жирийн эмэгтэйг хөнөөсөн ноцтой гэмт хэргийг олон жил шүүхээр шударгаар шийдээгүй энэ нөхцөлд Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлөх Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдад захидал бичсэн.


Categories
мэдээ нийгэм

Цэвэр усны хэрэглээ чанарт анхаарах цаг болов

“УНММ МоМо төслийг дүгнэх дараагийн шатанд хүлээлгэн өгөх” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Red Rock” амралт, аялал жуулчлалын газарт болсон юм.

Уг хурлыг “МоМо” төслийн баг, ШУА-ийн харьяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэн хамтран зохиов. ХБНГУ-ын Боловсрол судалгааны яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол-Германы хамтарсан “Төв Азийн Усны нөөцийн нэгдсэн менежмент загвар бүс нутаг Монгол /УННМ-МоМо/” эрдэм шинжилгээ, судалгааны төсөл нь 2006 оноос хэрэгжиж байгаа юм. Хурлаар энэхүү төслийн 12 жилийн эрдэм шинжилгээ,судалгааны ажлын үр дүнг танилцуулснаас гадна олж авсан мэдлэг, туршлагаа цаашид хэрхэн ашиглах талаар усны салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид хэлэлцсэн юм.
ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авидын хэлэхдээ, “Монгол орны хэмжээнд жилд 520 сая орчим м3 ус хэрэглэж байгаа ба энэ хэрэглээний 20 орчим хувь нь гадаргын, үлдсэн 80 орчим хувийг газрын доорх усны нөөцөөс хангаж байна. Монгол Улсын усны нөөцийн 90 хувь нь гадаргын ус, багахан хэсэгт газрын доорх ус байдгийг бид мэднэ. Нөгөө талаас дэлхий нийтийг хамарсан цаг уурын өөрчлөлтөөс улбаатай дулаарал, хуурайшил, хүний үйл ажиллагааны, тухайлбал хотжилт, үйлдвэрлэл, уул уурхайн эрчимтэй хөгжлийн улмаас манай орны цэвэр усны нөөц эрс багасч байгааг ус судлаач эрдэмтэд судлан тогтоосон. Дэлхийн цэвэр усны нөөцийн зэрэглэлээр манай улс цэнгэг усны багавтар нөөцтэй ангилалд багтаж, 104 дүгээрт жагсаж байгаа нь цаашид цэвэр усны хэрэглээ, чанарт анхаарах цаг болсныг илэрхийлж буй юм.
Мянганы хөгжлийн зорилт, Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодогын хүрээнд усны нөөцийн нэгдсэн менежментийн үзэл баримтлалыг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан амьдралд хэрэгжүүлэх нь өнөөдөр амин чухал асуудал болж байна. Энэхүү асуудлыг ХБНГУ-ын Боловсрол, Судалгааны Яамны санхүүжилтээр Төв Азийн эрс тэс уур амьсгалтай хуурай, гандуу бүс нутгийн төлөөлөл болгож манай улсад амжилттай хэрэгжүүлсэн нь Монголчууд бидний хувьд аз завшаантай хэрэг, оюуны өндөр хөрөнгө оруулалт болж буйг тэмдэглэхэд таатай байна.
Монгол-Герман эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааны баг “МоМо” төслийн гурван үе шатны 12 жилийн хугацаанд нэг голын сав газрын хэмжээнд усны иж бүрэн судалгааны ажлыг анх удаа гүйцэтгэсний дүнд шинжлэх ухаан болон практик хэрэглээнд үнэ цэнэтэй суурь мэдээллийн сан хөмрөг бий болгоод байна. Энэхүү хамтын ажиллагааны хамгийн сүүлийн үеийн бодит үр дүн бол “Хараа-Ерөө голын сав газрын атлас”-ыг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнтэй хамтран туурвисан явдал юм. Цаашид энэ бүх оюуны үнэт баялгийг бодит хөрсөнд хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, байгалийн нөөцийн менежментийн чиглэлд цаашид хэрэгжүүлж болох чиглэлүүдийг тодорхойлох, шинжлэх ухаан, технологи-инновацийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх, нэн ялангуяа боловсон хүчний чадавхийг хөгжүүлэх, бэхжүүлэхэд бидний хамтын ажиллагаа урт хугацаанд үргэлжилнэ гэж итгэж байна” гэв.
Уг хуралд ХБНГУ-ын Холбооны Боловсрол, Судалгааны яамны албан тушаалтнууд болон ШУА-ийн харьяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцов.

Categories
мэдээ цаг-үе

Архийг 17 наснаас доош хэрэглэвэл 50 хувь нь донтох магадлалтай болдог

ӨНГӨРСӨН ОНД 18 ХҮҮХЭД АРХИНААС БОЛЖ АМЬ НАСАА АЛДСАН

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгээс тархи, мэдрэлийн системд архи хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа, мэдээллийг гаргажээ.Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн 12-17 насны 7000 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу олны хэлж сурснаар “Тасартлаа ууж үзсэн” гэж хариулжээ. Мөн ихэнх хувь нь “11 насандаа архийг анх хэрэглэж үзсэн” гэсэн байна.Тэгвэл судлаачид архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдгийг баталжээ. Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг аж. Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг нь судалгаагаар батлагджээ. Өсвөр насны хүүхдүүдийн дунд архиныхэрэглээ ямар байгаа талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.


-Хүүхдүүдийн дунд архидах явдал хэр байна вэ?

-Согтууруулах ундааг хэрэглэдэг хүний гэр бүлийнхний эрүүл мэндэд архи хэрхэн нөлөөлдөг талаар үнэхээр сэтгэл эмзэглэмээр тоо баримтууд байна. Архинаас хордох, хордлогоор нас барах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 87,000 иргэн архидан согтуурсан үедээ зөрчил гаргаж, эрүүлжүүлэх байранд хоносон байна.Үүний 1100 нь 21-ээс доош насны хүүхэд, залуучууд байжээ. Түүнчлэн улсын хэмжээнд өнгөрсөн жил 32000 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4000 орчим нь согтуугаар үйлдэгдсэн байна. Хүүхдүүд согтуугаар 550 орчим гэмт хэрэг үйлдэж , гэмт хэрэгт холбогдсон байгаа нь ахлах ангийн сурагчдын дунд согтууруулах ундааны хэрэглээ далд хэлбэрт их байгааг харуулж байна.

-Өсвөр насны хүүхдүүд архины хамааралтай болж байгаа нь санаа зовоож байна?

-Архи байнга уудаг хүмүүсийг харахад нүд нь гөлийсөн, харц нь нэг талдаа тулчихсан, сонирхлын хүрээ нь хумигдсан, сэтгэн бодох чадвар нь илт суларсан байдаг. Онцлон хэлэхэд, өсвөр үе, эмэгтэйчүүдийн архидалтыг маш богино хугацаанд таслан зогсоохгүй бол аюултай. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол 5 дахин хурдан архинд ордог. Байгаль, бие организмын онцлог, уян налархай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, маш эмзэг учраас 38-43 градусын архинд амархан хордож, түүний эрхшээлд шууд ордог. Иймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллага хуулийн хэрэгжилтийг хангаж ажил үйлчилгээгээ явуулах шаардлагатай байна.

-Ямар шалтгааны улмаас хүүхдүүд архи хэрэглээд байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд 12500 архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллага байдаг. Энэ байгууллагууд бүгд ашгийн төлөө. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Цагдаагийн байгууллага болон бусад төрийн байгууллагатай хамтран хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулхад согтууруулах ундаагаар үйлчилдэг газрын зөрчил, гэмт хэргийн гаралт буурдаг. Цагдаагийн байгууллага ганц согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг бус, эрүүгийн хуульд заасан 240 гаруй гэмт хэрэгтэй тэмцдэг. Ингээд өөр төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахад бусад төрлийн гэмт хэргийн гаралт өсч байдаг. Үүнээс дүгнэн үзэхэд гэмт хэрэгтэй тэмцэх нь дан ганц цагдаагийн байгууллагын үүрэг биш юм. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үүрэг юм гэдгийг ойлгох хэрэгтэй.

Согтууруулах ундаагаар үйлчилдэг 1700 орчим аж ахуйн нэгж байгууллагуудад цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд 160 сая төгрөгний торгууль хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр 2500 мэдэгдэл өгч урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулсан байдаг. Гэтэл зарим нэг согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын захирал, эзэд хайхрамжгүй хандаж хүүхдэд согтууруулах ундаа худалдсаар байна. Хүүхдийг буруу дадал хэвшил, хорт зуршлаас ангид байлгах хэрэгтэй.

-Хүүхдийг архинаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Анагаах ухааны салбар эмчлэхээс түрүүлэн урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх хэрэгтэй. Үүнийг л нөлөөллийн ажил гээд байгаа юм. Энэ бодисыг хэрэглэхээр бие махбодь, сэтгэл санаа, зан үйлд нь ийм муу өөрчлөлт үзүүлдэг юм байна. Иймээс та нар үүнийг хэрэглэж болохгүй гэх мэтээр урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхаарч ажилладаг. Хүүхдүүд даган дуурайж хэрэглэдэг учир төдийлөн хор нөлөөг нь сайн мэддэггүй. Анх сонирхож хэрэглэнэ, цаашлаад давтан хэрэглэсээр насанд хүрсэн хойноо хамаарлын болсон байх жишээний. Иймээс бага насанд нь урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж чадвал донтолтоос сэргийлж чадна. Мөн эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдийнхээ дэргэд архидан согтуурах, мөн архи хэрэглэдэг хүүхдүүд уруу татагдах гэх хүчин зүйлүүд бий.

-“Очир” төвд өсвөр насны охин амиа алдсан хэрэг гарсан. Иймэрхүү архинаас болж хүүхэд хохирсон гэмт хэргээс дурдвал?

-Хонхны баяр, тэмдэглэлт өдрийг тохиолдуулан архидан согтуурсны улмаас өнгөрсөн онд 18 хүүхэд амь насаа алдсан байдаг.

АРХИ ХУДАЛДАХ ЦЭГ ИХ БАЙГАА НЬ АРХИНД ДОНТОХ ЭРСДЭЛИЙГ НЭМЖ БАЙНА

Архинд донтох эмгэгийн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиникийн үзлэгийн эмч Л. Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-Өсвөр насны хүүхэд архи хэрэглэх нь сүүлийн үед ихэсээд байгаа. Энэ нь хүүхдийн ирээдүйд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Өсвөр нас гэдэг маш эмзэг үе. Энэ насныхны сэтгэл зүйн онцлог нь их сониуч, бусдыг даган дуурайх шинжтэй байдаг. Үүнтэй холбоотой хүүхдүүд архи, тамхийг эхлээд сонирхож хэрэглэдэг. Мөн насныхаа онцлогоор хэрэглэж үздэг. Гэр бүлийн хүмүүжлийн асуудал үүнд нөлөөлж байдаг. Хүүхэд багаасаа архи ууж хэрэглэвэл нас биед хүрсэнийхээ дараа архинд донтох эмгэгээр өвчлөх эрсдэл нь өндөр болдог. Тодруулбал, 14-өөс доош насанд хэрэглэвэл 80 хувь, 17-оос доош насанд хэрэглэвэл 50 хувь нь архинд донтох эмгэгээр өвчлөх магадлалтай. Хүүхдийн бие махбодь бүрэн гүйцэд төлөвшөөгүй, уураг тархины хөгжил гүйцээгүй үед архи, мансууруулах бодисын мэдрэмж авдаг. Энэ нь цаашид сэтгэл зүйн мэдрэмж авах, бусдад нээлттэй болох байдлаар тухайн бодисыг давтан хэрэглэж донтох эмгэг үүсэх эрсдэл бий болдог.

-Архинд донтох эмгэг ямар замаар үүсэх вэ?

-Архинд донтох эмгэг нь архагшин, даамжрах явцтай сэтгэцийн эмгэг буюу өвчин юм. Архийг давтамжтайгаар тодорхой хугацааны турш хэрэглэвэл биеийн болон сэтгэцийн хараат байдал үүсдэг. Энэ байдал нь эхний ээлжинд баяр ёслол, найз нөхдийн төрсөн өдөр, гэх мэт шалтгаануудад байнга архи хэрэглэх ялимгүй зовлонт дур бий болдог. Энэ нь даамжирч албадмал эмгэг дур үүснэ. Өөрөөр хэлбэл ямар нэг шалтгаангүйгээр архи уух дур хүсэл гэнэт төрдөг болно гэсэн үг. Үүний дараа биеийн хараат байдал нь үүсдэг. Биеийн хараат байдал гэдэг нь архийг хэтрүүлэн хэрэглэсний дараа бие махбодид зовиур илэрдэг. Харин архи хэрэглэсэн үед уг зовиур багасдаг.. Ингээд тухайн хүн олон хоногоор архи хэрэглэж гүн хэлбэрийн хордлогод орж, амь насны эрсдэл бий болдог.

-Архи нь хүний зан араншинд яаж нөлөөлдөг бол?

-Архины шалтгаант зан төрхийн өөрчлөлт гэж бий. Энэ нь архинд донтох өвчний ид үед болон төгсгөлийн шатанд илэрдэг өвчний шалтгаан юм. Архи нь хүний төв мэдрэлийн системийг маш ихээр гэмтээдэг. Иймээс тухайн хүнд тархины гэмтлийн шалтгаант төст зан төрхийн өөрчлөлт илэрдэг. Мөн ямар нэгэн зүйлд идэвх сонирхолгүй болдог. Түүнчлэн архи хэрэглэх сэдэл нь бусад бүх сэдлийг дарангуйлдаг. Бусад зүйлээс таашаал, мэдрэмж авах чадваргүй болж улмаар уур, бухимдалтай, бүхнийг үгүйсгэсэн байдалтай болдог.

-Архинд донтох эмгэг нь эмчлэгдэх боломжтой юу?

-Архинд донтох эмгэг нь архагшин даамжрах явцтай эмгэг хэдий ч эмчлэгддэггүй өвчин биш юм. Уг эмчилгээ нь тухайн хүнд тохирсон, урт хугацааны, цогц эмчилгээ байх ёстой. Өвчтөн өөрөө эмчлүүлэх чин хүсэлтэй байвал, эмчилгээ маш үр дүнтэй байдаг. Цогц эмчилгээ гэдэг нь эхлээд суурь эмчилгээ буюу тухайн өвчтөний биеийн зовиур шаналлыг арилгах буюу хордлого тайлах эмчилгээ хийнэ. Дараагийн гол эмчилгээ нь сэтгэл зүй, оюун санааны эмчилгээ байдаг. Үүнд олон төрлийн сэтгэл заслын эмчилгээний аргыг хэрэглэдэг. Хамгийн гол нь тухайн хүнд сэдэл нь өсөх буюу сэдэлжүүлэх эмчилгээ чухал. Мөн эмийн эмчилгээний арга гэж бий. Өвчин өөрөө урт удаан хугацааны турш үргэлжилж явагдсан байдаг. Иймээс эмчилгээнд тэр хэмжээний хугацаа шаарддаг. Өөрөөр хэлбэл өвчтөн эмчийн хяналтанд байх. Өөртөө туслах бүлгийн цуглаанд явах хэлбэрээр эмчилгээгээ батжуулж байх нь чухал юм.

-Өвчтөн эмчилгээгээ дундаас нь болих, архийг хэрэглэсэн үед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Өвчтөн урт болон богино хугацааны эмчилгээнд ордог. Үүний дараа эмчийн хяналтанд ороогүй, өөртөө туслах бүлгийн цуглаан, батжуулах эмчилгээнд хамрагдаагүйн улмаас халтирах буюу богино хугацаанд архи ууж болдог. Энэ үед өвчтөн болон түүний ар гэр гомдож тунирхах, эмчээс болон хамт олноосоо ичиж нэрэлхэх, айж эмээх байдлаас эмчид хандахгүй уддаг. Энэ нь дахилт буюу анх эмчилгээнд орсон үеийн хэмжээндээ хүрдэг. Ингэснээр эмчилгээ үр дүнгүй болж дахин эхнээс нь эхлэх хэрэгтэй болно. Цаг хугацаа, эдийн засаг, эрүүл мэндийн хувьд хохирч, амь насаа ч алдах эрсдэлтэй байдаг.

-Уг эмгэгээр өвчилөхөд нөлөөлдөг хүчин зүйлүүд юу байна?

-Архинд донтох эмгэгээр өвчилөхөд нөлөөлдөг гурван хүчин зүйл бий. Нэгд, биологийн хүчин зүйл.Спирт болон түүнээс үүсэх хагас задралын бүтээгдэхүүнийг задалж хоргүйжүүлдэг фермент элгэнээс ялгардаг. Энэ фермент нь бусад улс орны хүмүүстэй харьцуулахад монгол хүнд маш бага байдаг. Жишээлбэл, Орос хүнээс гурав дахин, Франц хүнээс хоёр дахин бага. Иймээс монгол хүн архинд донтох эмгэгээр өвчлөх эрсдэл маш өндөр.

Хоёрт, нийгмийн хүчин зүйл. Манай улсад ажилгүйдэл, ядуурал их. Мөн нэг хүнд ногдох спиртийн хэмжээ, түүнчлэн архи худалдан борлуулдаг цэгүүдийн хэмжээ их байгаагаас архинд донтох эмгэг үүсэх эрсдэлийн хүчин зүйл болж байна.

Гуравт, сэтгэл зүйн хүчин зүйл. Архинд донтох өвчнөөр өвчлөх эрсдэлтэй бүлгийн хүмүүс гэж байдаг. Үүнд дотогшоо чиглэсэн, үг дуу цөөнтэй, хүнд өөрийгөө нээж ярилцах чадваргүй хүмүүс орно. Эдгээр хүмүүс нь архийг харилцааны хэрэгсэл болгон ашигладаг. Архи уусан үедээ мэдрэмжээ нээж, бусадтай ярилцдаг гэх мэт. Мөн хэт найзархаг, сэтгэлийн тэнхээгүй хүмүүс нь архинд донтох өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг.

-Уг эмгэгийг эмчилэхэд та нарын хувьд тулгамдаад буй асуудал юу байна?

– Архийг давтамжтайгаар хэрэглээд байвал архинаас хараат болно гэдгийг хүн бүр мэдэх хэрэгтэй. Гэтэл тав дахь өдөр болгон найз нартайгаа стрессээ тайлж байна гээд архийг хэрэглэдэг. Энэ нь хэзээ нэгэн өдөр архинаас хараат болох шалтгаан учраас хэрэглээндээ хяналт тавимаар байна. Мөн өөрчлөгдсөн зан араншинг засахын тулд маш удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай байдаг. Манай төв дээр 10 хоног хордлого тайлах эмчилгээ хийдэг. Дараа нь өдрийн эмчилгээнд явуулдаг.

Харин ОХУ-д эхлээд хордлого тайлах эмчилгээг хийнэ. Энэ нь биеийн талын зовиурыг арилгана гэсэн үг. Ингээд сэдэлжүүлээд 28 хоногийн сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Үүний дараа өвчтөний хүсэлтээр урт хугацааны сэтгэл заслын эмчилгээнд хамруулдаг. Тухайн өвчтөний юу нь болохгүй байна гэдэгтэй тулж ажилладаг. Гэтэл манай улсын хувьд арав хоногийн дотор жоохон сэдэлжүүлээд дараагийн эмчилгээ нь өдрийн эмчилгээнд явуулдаг байгаа. Мөн ОХУ-д бүх эмчилгээ нь улсаас дааж үнэгүй хийдэг юм билээ. Учир нь архинд донтох эмгэгийг их мөнгө зарцуулж эмчилж байгаа ч эмчлэхгүй байх нь нийгэмд илүү их хор хөнөөлтэй байдаг. Иймээс улсаас үнэгүй эмчилдэг байна. Манай улсын хувьд хордлого тайлах эмчилгээ нэг удаа хийхэд 30000 төгрөг байна шүү дээ.

-Архинаас гаргана гээд дураараа эм хэрэглэх хүмүүс их байдаг?

-Архины дуршил дардаг, архи уусан үед харшил гардаг эм гэж бий. Гэвч эмчийн зааваргүйгээр, өөрийн сонссон эмээ хэрэглэж болохгүй. Энэ нь эмийн зохисгүй хэрэглээг бий болгодог. Зөв тунгаар хэдий хэмжээний эм уухав гэдэг нь маш чухал. Эмний гаж нөлөөгөөр хордлогод орсон хүмүүс манайхаар их ирдэг.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ үргэлжилнэ

Украины зүүн-өмнөд хэсэг дэх нөхцөл байдал болон Крымыг Орост нэгтгэсэнтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ Оросын эрх баригчид “Оросын цэргийг” Донбассаас гаргах хийгээд Крымын хойгийг Украины хяналтад эргүүлэн өгөх хүртэл үргэлжилнэ гэж НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли мягмар гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн энэ жил Украины асуудлаар хийсэн анхны хуралдаан дээр мэдэгдсэн тухай РИА Новости агентлаг мэдээлэв.

Өөрсдийгөө зарлан тунхаглаад байгаа бүгд найрамдах улсуудын /Донецк, Луганск/ зэвсэгт отрядууд Оросын цэргийнхэнд захирагддаг төдийгүй тэдэнтэй хамтран тулалдаж байгаа гэсэн АНУ-ын засаг захиргааны байр суурийг Н.Хейли давтан илэрхийлсэн байна.

Донбассын мөргөлдөөнийг зохицуулах үндэс нь Минскийн тохиролцоо боловч түүнийг сөргөлдөгч талууд хэрэгжүүлэхгүй байгаа юм. ОХУ нь мөргөлдөөнд оролцогч тал биш гэж тус улсын эрх баригчид удаа дараа мэдэгдэж байгаа билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Байнгын хороо хуралдаж санал, дүгнэлтээ нэгтгэнэ

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолын төсөл, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Мөн цагт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Улсын бүртгэлийн багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлосон байна.
Харин 11.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан болж, УИХ-ын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийн тайланг сонсох аж. Үүний дараа дээрх хоёр байнгын хороо тус тусдаа хуралдах юм. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.