Categories
мэдээ нийгэм

Монгол, Германы засгийн газар хоорондын хуралдаан боллоо

“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит 6 дугаар хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо болов.

Засгийн газар хоорондын энэхүү Ажлын хэсгийн хуралдааныг монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, германы талаас Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Оливер Виттке нар тэргүүлэн хийв.

Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны гол зорилго нь хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, ялангуяа уул уурхай, эрдэс баялгийн салбарт төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломж бололцоог бүрдүүлэх юм.

Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн дэргэдэх Эдийн засгийн хорооноос санал болгож буй төсөл, хөтөлбөртэй танилцаж, Берлин хотноо болсон 5 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлтийг дүгнэж, хоёр орны хооронд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Categories
мэдээ спорт

3×3 сагсан бөмбөгийн дэлхийн Гран при тэмцээн Улаанбаатарт болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIВA/-ны 3×3 сагсан бөмбөгийн дэлхийн Гран при тэмцээн Улаанбаатар хотод зургадугаар сарын 2-3-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Азийн орнуудад ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд хамгийн сүүлд БНХАУ-н Ченгду хотноо болж шилдгүүдээ тодруулсан. Улаанбаатар Гран при тэмцээнд оролцох ОХУ-ын Москвагийн баг тамирчид өчигдөр Монголд ирлээ.

ОХУ-ын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний шигшээ багийн дарга Олег Ушакова тэргүүтэй багийн бүрэлдэхүүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд МҮСБХ-ныхон угтан авсан байна. “Улаанбаатар Гран при” тэмцээнд долоон улсын Үндэсний шигшээ баг оролцох юм. Энэхүү тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

Categories
мэдээ нийгэм

“Би ирээдүйн энтрепренер” үзэсгэлэн худалдаа болно

Голомт банкнаас “Би ирээдүйн Энтрепренер” үзэсгэлэн худалдааг 2018.05.31-06.1-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулна.

Энэхүү үзэсгэлэн худалдаа нь Хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхэд бүрт санхүүгийн боловсрол олгох, энтрепренер сэтгэлгээг нь хөгжүүлж, авъяас чадвар, шинэ санал санаачилгыг нь дэмжих зорилготой аж. Харин тус үзэсгэлэн худалдаанд өөрийн бүтээлээрээ оролцож, бизнесээ танилцуулах хүсэлтэй Ирээдүйн энтрепренер хүүхдүүд тодорлоо.

Энэ өдрүүдэд 63 дугаар тусгай сургуулийн сурагчдын хамтарсан бүтээлүүд болон хүүхэд багачуудын өөрсдийн гараар урласан бүтээлээ дэлгэн сонирхуулж, худалдан борлуулах юм.

Энтрепренер гэж өөрийн зорилгоо тодорхойлчихсон, амжилтын оргилд ямар замаар хүрэхээ мэддэг хүнийг хэлдэг байна. Иймд хүүхдийн баярын дээр дурдсан өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд нээгдэх “Голомт хотхон”-оор зочилж, ирээдүйн энтрепренерүүдийн үзэсгэлэнг таалан сонирхохын зэрэгцээ тэдэнд урам хайрлан, бяцхан бизнесийг нь дэмжиж хөрөнгө оруулахыг Голомт банкны хамт олон уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

“БИ МОНГОЛ ХҮН” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ эзэд тодорлоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Нийслэлийн Боловсролын газар, “Наад” брэнд хамтран “Би Монгол хүн” гар зургийн уралдааныг нийслэл болон орон нутгийн сургууль, цэцэрлэгийн бага насны /3-10 нас/ хүүхдийн дунд зарлаж амжилттай зохион байгууллаа.

Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг Монгол хүн болж төлөвшихөд туслах, Монгол хүний үнэ цэнийг хэрхэн ойлгож байгаа талаарх төсөөллийг нь олон нийтэд хүргэх зорилготой энэхүү уралдаанд Увс, Дорноговь, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Төв, Нийслэлийн 9 дүүргийн ЕБС, цэцэрлэгийн нийт 980 хүүхэд багачууд бүтээлээ илгээжээ. Хоёр шатны шалгаруулалтын дүнд шилдэг 50 хүүхдийг шагналт байранд шалгарснаас нийт 9 хүүхэд эхний гурван байр эзлэв.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд “Наад” брэндийн захирал С.Сайханбаяр, ”Оливка” хүүхдийн асаргаа сувилгааны төвийн захирал П.Ганчимэг, оюуны өмчийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Ай Пи Консалтинг” компанийн захирал Д.Дэлгэрцоо, ”Арти кор” галерейн уран бүтээлч зураач Г.Жааханхүү, “Чингис хаан” анимейшн киног бүтээсэн “Ocean Pictures” студийн захирал Б.Тэнгис нар ажилласан юм.

Зохион байгуулагч “Наад” брэндийн зүгээс 1 сая 350 мянган төгрөгийн мөнгөн шагнал болон, 1 сая 50 мянган төгрөгийн үнийн дүн бүхий МиМо гэр бүтээгдэхүүн, өргөмжлөлөөр урамшуулав. Уралдаанд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэхээр “Moon Dance’ хамтлаг ирж уран бүтээлийнхээ дээжээс толилууллаа. Уралдааныг “Хүүхдийн авьяасыг дэмжье” уриатайгаар “IceMark”, “Оливка” компани гарын бэлэг өөрийн бүтээгдэхүүнээрээ ивээн тэтгэсэн байна. Эцсийн шатны шалгаруулалтыг “UB art gallery”-д шилдэг 50 бүтээлийн дунд шууд зуруулах байдлаар явуулсан нь оролцогчид болон эцэг эхчүүд, үзэгчдийн таалалд нийцсэн шалгуур болсныг тэд хэлж байв. “Наад” брэндийн зүгээс энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар баяр наадмын төсөв хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит 23 дугаар хуралдаан Төрийн ордонд болж, 30 асуудал хэлэлцэж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Баяр наадмын төсөв, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаад харилцааны сайдын айлчлал, Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлт, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт зэргийг хэлэлцэж байгаа аж.

Мөн Унгар, Литва, Польш улстай автотээврийн харилцааны хэлэлцээ хийх талаар хэлэлцэх бөгөөд Монгол Улсын Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга сонсохоор төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Дараах компаниуд хувьчлалд хамрагдана

“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийн зорилго нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн мэдлийн хувьцаа, хөрөнгийг хувьчлах замаар хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, улмаар хувьчлалаас олох орлогоор хуулийн этгээдийн техник технологийг шинэчлэн, компанийн засаглалыг хөгжүүлэхэд оршиж байгаа аж.

Төрийн өмчийг хувьчлахдаа:

1.Олон нийтийн оролцоог хангах, компанийн засаглалыг хөгжүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих, төрийн өмчит хуулийн этгээдийн үнэ цэнийг өсгөх, техник технологийг шинэчлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлэх, төрийн мэдлийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгийн биржээр арилжаалах;

2.Хувийн хэвшилд суурилсан зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих бодлого баримталж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дахь төрийн оролцоог бууруулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор төрийн өмчит зарим хуулийн этгээдийг хөрөнгийн биржээр болон нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах;

3.Хувьчлалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах зарчмыг баримтлах ажээ.

2018-2020 онд хувьчлагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад нийтдээ 27 байгууллага тусгагджээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих санал тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжихаар Засгийн газар шийдвэрлэжээ.

Харин “Төрийн банк” ХХК-ийн үйл ажиллагааг нь өөрчлөхгүй байх нөхцөлөөр хуульд заасны дагуу Монголбанктай хамтран төрийн эзэмшлийн нийт хувьцааны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн хувийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжиж,“Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг худалдахаар төлөвлөж байгаа юм байна.

Түүнчлэн “Хархорин АЗЗА”, “Булган АЗЗА”, “Дорноговь АЗЗА”, “Харгуй”, “Талын зам”, “Эрдэнэсант АЗЗА”, “Багануур АЗЗА”, “Налайх АЗЗА”,“Төв АЗЗА”, “Дархан АЗЗА”, “Сэлэнгэ АЗЗА”, “Орхон АЗЗА”, “Баянчандмань АЗЗА”, “Архангай АЗЗА”, “Өвөрхангай АЗЗА”, “Хөвсгөл АЗЗА”, “Говь-Алтай АЗЗА”, “Ховд АЗЗА”, “Завхан АЗЗА”, “Увс АЗЗА” төрийн өмчит хувьцаат компаниудыг бүрэн хувьчлах буюу нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана.

Мөн “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 49 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож Хөрөнгийн биржээр арилжаалах;

“Монгол шуудан” ХК-ийн төрийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувийг авч үлдэж, үлдэх хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалах;

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах;

“МИАТ” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, үлдсэн хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, төрийн өмчийн хувь хэмжээг бууруулахаар УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан байна.


Categories
мэдээ улс-төр

Белорусийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь улсын Элчин сайд Станислав Чепурнойг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд беларусийн талаас манай оронд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын ээлжит хуралдаан, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд С.Чепурной хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ хүрээнд онцгой байдал, зам засвар, хөдөө аж ахуйн салбарт Беларусийн машин, техник нийлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулах тухай беларусийн талын санал, тэдгээрийн явц, авч байгаа арга хэмжээний талаар мэдээлсэн байна.

Categories
мэдээ спорт

Крис Полын бэртлээс болж манай баг мултарсан гэв

Image result for eric gordon chris paulХьюстен Рокетс багийн холбон тоглогч Крис Пол тэрээр бэртлийн улмаас өрнөд бүсийн финалын хамгийн чухал гэгдэх сүүлийн хоёр тоглолтонд оролцоогүй билээ. Түүнийг гэмтснээс хойш Хьюстон Рокетс давуутай байсан 3-2 илүүрхлээ алдаж финалдах боломжоо алдсан билээ. Тэгвэл багийн түлхүүр тоглогчдын нэг Эрик Гордон багийн ахлагч Крис Полын талаар мэдэгдэл гаргасан байна. Эрик Гордон “сүүлийн хоёр тоглолтод Крис Пол тоглосон бол манай баг финалд шалгарах байсан” гэжээ.

Хьюстен Рокетс баг өчигдөр болсон өрнөд бүсийн шигшээ цувралын шийдвэрлэх 7 дах тоглолтонд 101 – 92 харьцаатай хожигдсон юм.

Сүүлийн хоёр тоглолтонд яг нэг ижил дүр зураг харагдсан. Рокетс эхлэлийг сайн тавьсан хэдий ч төгсгөлөө хийж чадаагүй нь ахмад туршлагатай тоглогч, багийн найруулагчийн орон зай дутагдаж буйн нэг баталгаа болсон. 2018 оны НБЭ-ийн финал орон нутгийн цагаар ирэх Пүрэв гарагт эхэлнэ. Голден Стэйт Уорриорс, Кливленд Кавальерс багууд 4 дэх жилдээ дарааллан НБЭ-ийн финалд өрсөлдөхөөр болоод байна.

Categories
мэдээ улс-төр

Хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Элчин сайдтай уулзлаа

Монгол Улсын гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчилж буй Шведийн Гадаад хэргийн яамны Хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, ноён П.Сунэссоныг өнөөдөр (2018.05.29) Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь хүлээн авч уулзлаа.

Ноён П.Сунэссон эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай Палермогийн протоколыг хэрэгжилтийг сайжруулах, манай улсын Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, энэ хүрээнд Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Хүн худалдаалахтай тэмцэх дэд зөвлөл, Эрүүгийн цагдаагийн алба, энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, холбогдох судалгаа, мэдээллийг авахаар ирснээ танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь сэтгэл зовоосон нэн чухал асуудлаар манай улсад ажиллаж буйд нь элчин сайдад талархал илэрхийлээд Монгол Улсын иргэд хар тамхи, хүн худалдаалах зэрэг хил дамнасан гэмт хэрэгт өртөх тохиолдол нэмэгдэж байгааг харгалзан монголчууд олноор оршин суудаг, дамжин өнгөрдөг улсууд болон олон улсын байгууллагуудтай хамтран энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч болсон иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд анхааран ажиллаж байна гэлээ.

Шведийн Гадаад хэргийн яамны Хүн худалдаалахтай тэмцэх асуудал эрхэлсэн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, ноён П.Сунэссоны айлчлалын бүрэлдэхүүнд Стокольмийн Цагдаагийн байгууллагын Биеэ үнэлэх асуудал хариуцсан нэгжийн мөрдөгч, шинжээчид болон хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод дэмжлэг үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөлөл багтсан байна гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

30 мянган тоннын багтаамжтай цогцолбор байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын III аян”-ыг үргэлжлүүлнэ гэж заасан. Уг аяны хүрээнд төмс, хүнсний ногооны агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлж, хадгалалт, борлуулалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэхээр ХХААХҮЯ зорин ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын төв байгуулахаар хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар өнөөдөр (2018.05.29) үзэглэсэн юм.

Талууд санамж бичигт гарын үсэг зурснаар уг цогцолборыг байгуулах газрын асуудал шийдэгдлээ. СХД-ийн 20 дугаар хороонд байгуулах, 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн цогцолбор төмс, хүнсний ногооны 30 мянган тоннын багтаамжтай механикжсан зоорьтой байна. Мөн бөөний худалдааны танхим, оффисын байр, тээврийн тусгай зориулалтын автомашин, автомашинаас худалдах тусгай зогсоол, цэвэр, бохирны усны татуургын сүлжээ, дулаан хангамж, цахилгаан эрчим хүчний дэд өртөө, ногоон байгууламжаас бүрдэх юм.

Ийнхүү төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор ашиглалтад орсноор 200 ажлын байр шинээр бий болж, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг дундын дамжлагагүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх боломжтой болно.