Categories
мэдээ улс-төр

Хүүхэд бүрт мөнгө олгох байр сууриа хадгална

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.05.07/ ээлжит хуралдаанаа хийж, үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн эхний асуудал энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар гишүүдийнхээ байр суурийг сонсов.

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банкны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учир Ажлын хэсгийн ахлахч З.Нарантуяагийн мэдээллийг сонслоо. Түүнчлэн Монгол хүүхэд бүхэнд хүүхдийн мөнгөний тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсантай холбоотойгоор тус намын гишүүд байр сууриа солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн хүүхдийн мөнгийг наян хувьд нь олгох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт 100 хувь хүүхдийн мөнгийг олгох тухай тухай тогтоолын төслүүдийг хамтад нь хэлэлцэх асуудлыг дэмжин ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг байгуулагдсантай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох анхны байр сууриа хэвээр хадгална гэдэгт санал нэгдлээ.

Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн асуудлаар санал солилцов

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнгөрсөн 7 хоногт намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооны залуустай уулзаж санал бодлыг нь сонссон бол энэ удаагийн бүлгийн хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөлгчид болон түүний ажлын албанынхантай уулзлаа. Уулзалтаар УИХ –аар хэлэлцэж буй Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор санал солилцов. Уг хуулийн төслийг УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Нийслэлийн Ардчилсан намын бүлэг хамтран хотын хууль эрхзүйн орчноор мэргэшсэн эрдэмтэн судлаачид бусад хүмүүсийн хэлэлцүүлэг уулзалтуудыг зохион байгуулж санал бодлыг нь сонсч байсан. Энэ удаад ч мөн цаашид хотын асуудал, дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдийн тухайд эрхзүйн ямар орчинг тус хуулийн төсөл хэлэлцэгдэж байх үед бүрдүүлэх нь зохимжтой байх талаар хэлэлцлээ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн амуудад мэдээллийн самбар байрлуулна

Нийслэлийн ногоон бүсэд газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөх боломжтой эсэхийг мэдээлэх зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 аманд Зуслангийн ерөнхий төлөвлөгөө болон хамгаалалтын бүсүүдийг давхцуулан харуулж, өмчлөх боломжтой нэгж талбаруудыг иргэдэд ойлгомжтой байдлаар харуулах мэдээллийн самбарыг байршуулахаар бэлтгээд байна.

Тус самбарыг зуслангийн амуудад байршуулснаар иргэд өөрсдийн эзэмшил газраа өмчлөх боломжтой эсэхийг харах боломж бүрдэж байгаа юм гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Увс аймгийн иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсан хүндэтгэн угтав. Уулзалт Улаангом хотын хөгжимт драмын театрт боллоо.

Увс аймгийн Улаангом хотын иргэн, зохиолч, сэтгүүлч Норов

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн үед их ярьж байгаа. Энэ хуулийг хэлэлцүүлэхдээ аймаг орон нутгийн иргэдийн санаа бодлыг тугасан гэж байгаа ч би манай аймагт энэ хэлэлцүүлэг болсон эсэхийг мэдэхгүй байна. Уг нь улс орныхоо, ард түмнийхээ хувь заяаны төлөө үгээ хэлдэг, зөв сэтгэлтэй хүмүүсийг энэ хэлэлцүүлэгт оролцуулах ёстой юм. Би гэхдээ өнөөдрийн боломжийг ашиглаад хэлэхэд УИХ-ыг хоёр танхимтай болгох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол өнөөдрийн УИХ ямар ч хяналтгүй, ард түмнээсээ тасарсан байгаа шүү.

Өнөөдөр Монголын ард түмэн мөнгө гуйхаас илүү шударга ёсыг хүсэж байгаа. Бүр шударга ёсны гүн хямралд орсон. Сүүлийн үед мөн АТГ-ын даргыг солих асуудлыг ярьж байна. Зарим телевизийн сувгаар Ерөнхийлөгчид иргэдээс асуух эрх байхгүй гэнэ. Гэвч, засгийн эрх бүх ард түмний мэдэлд байдаг, тэр утгаараа төрийн үйл хэрэгт шууд оролцож ард түмнээс санал асууж байгааг зөв арга гэж бодож байна. Төр чинь ард түмнийх учраас ард түмнээсээ асуух нь зөв.

Увс аймгийн Улаангом сумын иргэн, өндөр настан

Бидэнд эдийн засгийн өсөлт мэдрэгдэхгүй байна. Цаашид цалин тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Өнөөдөр тэтгэврийн зээлийн хүү жилийн 12, сарын нэг хувийн хүүтэй боллоо гэсэн. Гэтэл энэ шийдвэр нь зөвхөн тэтгэврийн зээлээ тэгэлсэн хүнд л үйлчилж байна. Ямар нэг шалгуургүйгээр энэ зээлийн хүүг адилхан нэг хувь болгомоор байна. Хөгшид бид бүгдээрээ л 24 сараар тэтгэврийн зээлтэй байдаг. 25 дахь сардаа эргээд л зээлээ авдаг юм шүү. Тиймээс хөгшдийн тэтгэврийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэж захимаар байна.

Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн иргэн Батаа

Улстөрчид сүүлийн 28 жил муур, хулгана болж тоглолоо. Сонгуулийн дараа маш олон мэргэжилтнүүдийг хоморголон халж, ажил амьдралгүй болгож байна. Энэ байдал бүр сүүлдээ хууль шиг хэрэгждэг, үйлчилдэг боллоо шүү. Бүр намчирхаж, талцаж байгаа байдал нь дээд цэгтээ хүрсэн. Ажилдаа мэргэшсэн олон жил ажилласан хүмүүсийг улс төрийн шалтгаанаар ажлаас нь халж байгаад төр засаг анхаарлаа сайн хандуулж, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн иргэн Дарамбазар

Таны ярьж байгаа тэтгэвэр нэмнэ гэдэг асуудал их зөв. Бид дэмжиж байгаа. Ер нь бол аль нэг нам сонгуульд ялаад л 20 гаруйхан мянган төгрөгөөр тэтгэвэр нэмэгддэг юм. Бид үүнд нь хууртаад л сууж байдаг. Одоо хөгшид бидний хамгийн их авдаг, мөнгөө үрдэг зүйл нь эм, тариа шүү дээ. Гэтэл авч байгаа тэтгэвэр нь эм тарианыхаа мөнгөнд ч хүрэхгүй байна. Тиймээс бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох асуудлыг бүрэн дэмжиж байгаа шүү. Мөн тэтгэврийн зөрүү арилгахад анхаарч, үе шаттайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Дээхэн үед Засгийн газрын 20-р тогтоол гарч, олон хүнийг нэг өдөрт зэрэг тэтгэвэрт нь гаргасан. Эхлээд тэдний тэтгэврийг ядаж нэмэх хэрэгтэй байна шүү.

Ув аймгийн Давст сумын иргэн С.Пүрэвжав

Манай суманд давсны, Хүдэнгийн хоёр уурхай байдаг юм. Тэр хоёр уурхайг ганц хүн худалдаад авчихсан байдаг. Уурхайн ашиг, орлогоос улсад мөнгө өгдөггүй, сум орон нутагт ч ямар ч ашиггүй байдаг. Уг нь манай сумын удирдлагууд уурхайгаас бага ч гэсэн татвар авч иргэдээ тав, гурван төгрөгтэй болгох гэж үздэг ч чаддаггүй юм. Газрын доорх тэр их баялаг яагаад ганцхан хүний өмчид очдог юм бэ. Газар доорх баялаг ард түмний мэдэлд байна гэдэг биз дээ. Сум, орон нутагт байгаа уурхайг лиценз нэрээр заралгүй нутаг орны иргэдээс нь асуудаг болох хэрэгтэй.

Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн иргэн Болор-Эрдэнэ

Увс аймагт төрийн албаны завхрал маш их байна. Олонх болсон нам анхны хурлаараа Засаг даргаа томилсон. Засаг дарга нь томилогдсоныхоо маргааш намайг ажлаас халсан. Би гэлтгүй олон хүн ажлаасаа халагдсан. Бидний оронд томилогдсон хүмүүс нь төрийн албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй хүмүүс байсан.

Ядаж ажлаас халагдаж байгаа хүний ард өр зээл, үр хүүхэд, ар гэр нь бий. Гэтэл тэднийг юу ч бодолгүй ажил амьдралгүй болгож байна. Нийтдээ 300 гаруй хүн ажлаас чөлөөлөгдсөн шүү. Хуулийн байгууллага дээр очихоор ажилд нь буцааж томил гэдэг. Гэвч, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байна. Төрийн албаны тухай хуулийг эргэж хараад энэ замбараагүй асуудалд анхаарч өгөөч.


Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, аймаг орон нутгийн шинж чанартай асуудлаар аймгийн удирдлагуудаас мэдээлэл авч, зарим асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийг үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Туслах замыг 150 автомашины зогсоол болгожээ

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, зүүн 4 замын уулзвараас “Туул Жин Пан”-ийн уулзвар хүртэлх 950 метр гудамжийг “ЖИШИГ ГУДАМЖ” болгон тохижууллаа. Нийслэл, дүүргийн Газрын албанаас газар чөлөөлөлтийг хийж, нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн чөлөөлж тохижилтын ажил хийгдэх боломжтой болгосон юм. Тохижилтын ажил хийгдсэнээр баруун талаараа явган хүний зам, том оврын 153 шилмүүст мод, троссон хашлага, ургамлан хашлагаар тохижуулав. Зүүн талын туслах замыг бүрэн шинэчилж 150 машины зогсоол бий боллоо.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Гуравхан хуушуурын үнээр Таван толгойгоо татаж унагах уу

Таван толгойн ногдол ашгийг ард түмэнд тараах тухай яригдаж байна. “Эрднэс-Таван толгой” компани өнгөрсөн гуравдугаар сард 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэснээр иргэд ногдол ашиг хүртэх боломж нээгдсэн. Гэвч энэ нь шууд бэлэн мөнгө гар дээр ирнэ гэсэн үг биш. Зөвхөн хувьцаа эзэмшигч гэдгээ баталгаажуулсан хэлбэр юм. Тэгвэл иргэдэд ногдол ашиг тараах асуудал нь хувьцаа эзэмшигчдийн хурал юм уу, Засгийн газрын шийдвэрийг дагах учиртай. Уг нь “Эрдэнэс-Таван толгой”-н хувьцаа эзэмшигчид хуралдаад ногдол ашиг тараахгүй байхаар тогтсон юм билээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга тус компанийг ард түмэнд ногдол ашиг тараа гэж нэлээд шахаж байна. Энэ компани сая “ТОП-100” аж ахуйн нэгжийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Тэд өнгөрсөн онд татвараас гадна 461 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэнэ лээ.

Өнөөдрийн байдлаар 15 тэрбум зарласан хувьцааныхаа 12 тэрбумыг нь гаргасан байна. Үүний 85 хувь нь төрийн мэдэлд байдаг бол 14.6 хувь нь буюу 2.5 сая гаруй хувьцаа иргэдийнх гэсэн. Хэрэв иргэн бүрт ногдол ашиг хүртээвэл нэг өдрийн ч өл залгуулах хэмжээний мөнгө авахгүй. Тооцооллоос харахад нэг хүнд гуравхан мянган төгрөг ногдох юм байна. Энэ бол ердөө гуравхан хуушуурын л мөнгө. Ерөнхийлөгчийн хувьд ногдол ашгийг нэмэгдүүлэх боломжтой гэж “Эрдэнэс-Таван толгой”-н удирдлагуудтай уулзахдаа хэлж байсан. Сонгуулийн үеэр ард түмний өрийг тэглэнэ гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд Таван толгойгоос иргэдэд ногдол ашиг тараах өөрийн хувилбараа ч танилцуулна лээ. Тэрбээр иргэдийн хувьцааг 100 хувь болгож өсгөх хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барина гэдгээ дуулгасан. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга тус компанийн ТУЗ-д өөрийнхөө хувилбарыг цаасан дээр буулгаж ирэхийг тулгав.

“Эрдэнэс-Таван толгойн”-н ногдол ашгийг одоо иргэн бүрт тараавал аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдгийг бүгд мэднэ дээ. Эдийн засагчид, бизнесийнхний гаргасан тооцооллыг энгийн хүн ч уншаад ойлгочихно. Тэр гуравхан мянган төгрөг бидний амьдралд ямар ч баялаг бүтээж чадахгүй. Захын рестораны аяга кофены ч үнэ хүрэхгүй шүү дээ. Ард түмэн өнөөдөр ийм мөнгө авсан ч яалаа, байсан ч ялаа. Авахгүй байлаа гээд амьдрал нь доройтчихгүй нь лав. Харин хүн бүрт өгөх гурван мянган төгрөг нийт дүнгээрээ компанидаа бол асар их мөнгө. Гурван сая иргэнд тэгш хүртээлээ гэхэд арваад тэрбум төгрөг болно. Ийм хэмжээний мөнгийг нэг дор зарлагадвал бизнесийн чадамж нь суларч, үйл ажиллагаанд нь мэдээж нөлөөлнө.

Харин энэ мөнгө компанидаа байвал том утгаараа эргээд Монголын эдийн засагт дэмтэй. Бизнес нь тогворжиж, үйл ажиллагаагаа тэлж, ашиг орлогоо нэмэгдүүлбэл манай улсад орж ирэх валютын урсгал тэр хэрээр нэмэгдэнэ. Ядаж л нүүрсээ угаах үйлдвэр барих, компаниа бэхжүүлэх, хуримтлал үүсгэхэд нь нэмэртэй юм биш үү. Харин тэр мөнгийг луйвардуулчихгүйхэн шиг компанидаа ашигтай хувилбараар авч үлдье гэвэл хяналтаа л чангатгах хэрэгтэй.

Ард түмэн Таван толгойгоосоо гурван хуушуурын мөнгө авахгүйгээр нэг, хоёр жил тэснэ. Өргүй, дээр нь өнөө жил ашигтай ажилласан гэж байгаа “Эрдэнэс-Таван толгой” компанийн чадавхыг харин ч бэхжүүлэх ёстой. Хэрэндээ л зүтгэж явахад нь гуравхан мянган төгрөг нэхээд татаж унагаагаад яахав. Тэрний оронд энэ эрчээр нь гурван жил ажиллуулсны дараа зургаан хуушуурын мөнгөтэй болсон дээргүй юу. Газрын доорх баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульдаа тунхагласан монголчуудын хувьд угаасаа Таван толгойгоос ногдол ашиг хүртэх нь зүй ёсны асуудал. Энэ боломжоо зөв цагт нь ашиглаж чадвал улсдаа ч, ард түмэндээ ч хэрэгтэй.

Гадны улс орнуудын жишгийг харахад иргэд нь уул уурхайгаасаа наад зах нь жилдээ 1000 ам.долларын ногдол ашиг хүртдэг. Ийм улс гэвэл АНУ-ын Аляска байна. Бид тэдэн шиг ногдол ашиг хүртдэг болъё гэвэл эхлээд Таван толгойгоо томруулах хэрэгтэй. Мянгуужингийн үлгэр мэт яригдсаар ирсэн төмөр замын асуудлыг нь юун түрүүнд шийдээд өгчихвөл дараа нь ногдол ашгийн тухай яриахад арай өөр дүн сонсогдоно доо.

Улс төрийн очкоов авахын тулд Таван толгойн ногдол ашгийг ард түмэнд тараана гэж байгаа үйлдэл бол Монгол Улсын эдийн засагт үнэхээр хохиролтой. Ийм хорлонтой байж болохгүй ээ. Сонгуулиар ард түмэнд өгсөн амлалтаа гүйцэлдүүлэхдээ улстөрчид эдийн засгаа элгээр нь хэвтүүлэх дайны шийдвэр гаргах нь олон. Бас хүүхдийн мөнгөний асуудал дээр энэ байдал тод харагдаад байх юм. Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүйгээр 100 хувь олгох саналыг Ерөнхийлөгч дэвшүүлж, Их хуралд өргөн барьсан. Харин Засгийн газраас 80 хувьд нь олгох ёстой гэсэн шийдвэр гаргасан. Үнэн хэрэгтээ 20 мянгыг нийт хүүхдэд олгож байх үед 90 хувь нь авдаг байсан гэсэн судалгааг МАН-ын бүлэг танилцуулсан шүү дээ. Нэгэнт тэр арван хувь нь мөнгөө авахгүй гэж байхад нь заавал өгөх гэж намууд талцах хэрэг байгаа юм уу. Эдийн засгийн үзүүлэлтийг харахаар хүүхдүүдийн 80 хувьд нь энэ мөнгийг олговол нэмээд 41 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Энэ бол 60 хувьд олгож байсан мөнгө хорин хувиар өсөхөд нэмэгдэж байгаа дүн. Тэгвэл бүх хүүхдэд ялгаварлалгүйгээр 20 мянгыг нь олгох юм бол 82 тэрбум төгрөг хэрэгтэй болно. Энэ мэтчилэн хүүхдийн мөнгө, Таван толгойн ногдол ашиг зэрэг нийгэм рүү чиглэсэн асуудлууд руу улстөрчид санаа тавин орж, дуугардаг нь ердөө л оноо цуглуулах гэсэн арга. Сонгуулийн амлалт болсон тэр их мөнгө иргэдийн гар дээр очоод дэмий жорлон дүүргээд байна. Үүний оронд төсөвтөө, компанидаа байвал олон баялгийг бүтээхэд зориулагдана.

Ер нь парламентад суудалтай намууд нэгийгээ муухай харагдуулах гэж хоорондоо талцаж, эдийн засагт хорлонтой шийдвэрүүд гаргадгаа болих хэрэгтэй. Эдгээр үйлдэл чинь та нарын хэлдгээр “Жоомоо устгах гээд байшингаа шатаав” гэгч болоод байна. Үүнээс болж Монгол орон тамирдаж дууслаа. Энэ улстөржилт ард түмэнд ашиггүй, улсад ч хохиролтой. Сонгогчид тэнэг биш. Та бүхний юу хийж байгааг нэвт мэднэ. Аль ч нам гарсан ард түмэнд ээлтэй гэхээс илүү ашигтай нь харж сонголтоо өгдөг болсон. Учраа олохгүй, өөрсдөд нь сайн хандаж, хэлсэн болгоныг нь биелүүлнэ гэсэн амлалтад шуурдаг цаг өнгөрсөн шүү дээ.


Categories
гадаад мэдээ

Путиныг эсэргүүцсэн 1600 орчим жагсагчийг баривчилжээ

ОХУ-д өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан В.Путин өнөөдөр дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний тангаргаа өргөх билээ.

Тангараг өргөх ёслол Кремлийн ордонд болох юм.

Тэгвэл тангараг өргөх ёслолын өмнөх өдөр Путины эсэргүүцэгчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный дэмжигчид Москва, Калининград, Санкт-Петербург тэргүүтэй 20 гаруй хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.

Цагдаагийнхан жагсаалын үеэр эсэргүүцэл үзүүлсэн 1600 орчим жагсагчийг баривчилсан талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.

Жагсагчид “’Путин бидний хаан биш, улсын эрх чөлөөг эргүүлэн өг” гэх лоозонгоор жигдэрчээ.

Categories
гадаад мэдээ

В.Путин өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

Энэ оны гуравдугаар сард болсон сонгуульд ялснаар дөрөв дэх удаагаа ОХУ-ын төрийн тэргүүнээр ажиллах болзлыг хангасан Владимир Путин өнөөдөр Москвагийн цагаар 12:00 цагт (Улаанбаатарын цагаар 17:00 цагт) тангараг өргөнө. Энэ тухай “ТАСС” агентлаг мэдээллээ.

В.Путин гуравдугаар сард болсон сонгуульд 76 хувийн саналаар ялсан билээ.

Тагнуулчаас төрийн тэргүүн болсон В.Путины тухай 10 сонирхолтой баримт

1. Владимир Путин бага насаа Ленинград хотын нэгэн нийтийн байранд өнгөрүүлжээ. Тэрбээр байрныхаа шатны хонгилд харх агнадаг байснаа дурсан ярьж байсан удаатай

2. В.Путины өвөө нь В.И.Лениний зусланд тогооч хийдэг байжээ. Мөн дараа нь тэрбээр Сталинд үйлчилж байсан гэдэг.

3. В.Путин нь дэлхийн хамгийн спортлог төрийн тэргүүн нарын нэг юм. Тэрбээр 18 настайдаа жүдогийн хар бүс авсан бөгөөд одоо ч тулааны урлагаар хичээллэдэг. Мөн тэрбээр чөлөөт цагаараа цанаар гулгах, хоккей тоглох, загасчлах дуртай.

4. В.Путин тагнуулчийн түүхийг өгүүлсэн ном зохиол унших дуртай нэгэн. Нэгэн удаа тэрбээр “Бүхэл бүтэн армийн хийж чадаагүйг ганц тагнуулч хийж чаддаг нь гайхамшигтай” гэж хэлж байжээ.

5. В.Путин их сургуулиа төгсмөгцөө ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-д элссэн ба 1980-аад оныг Барууны улс орнуудад тагнуул хийж, мэдээлэл дамжуулах хүмүүсийг олж элсүүлэх үйл хэрэгт зориулсан гэдэг.

6. В.Путин тэжээвэр нохдодоо тун хайртай гэнэ. Тэрбээр заримдаа гадны улс төрчидтэй уулзахдаа ч нохойгоо дагуулж явдаг байна. Үүнийг нь уулзаж байгаа хүнээ айлгаж, нөлөөлөх зорилготой гэж ажиглагчдын зарим нь үздэг байна.

7. В.Путин герман хэлээр чөлөөтэй ярьдаг. Англи хэлээр мөн сайн ярьдаг боловч англиар нэг их яриад байдаггүй.

8. В.Путин, түүний гэргий Людмила нар салж байгаагаа 2013 онд театрт балет үзсэнийхээ дараа сэтгүүлчдэд мэдэгдэж байв.

9. В.Путин нь Мария (1985 онд төрсөн), Катерина (1986 онд төрсөн) гэдэг хоёр охинтой. Охид нь Санкт-Петербургийн их сургуулийг дүүргэжээ. Ерөнхийдөө түүний охидын амьдрал маш нууцлаг. Тэд одоо хаана амьдарч, юу хийдэг нь тодорхойгүй.

10. В.Путин нь жинхэнэ үнэн алдартны шашинтан бөгөөд ижил хүйстнүүдийн харилцааг “чөтгөр шуламтай нөхцөхтэй адил” гэж үздэг аж.

Categories
мэдээ нийгэм

Монголын шувуу хамгаалах төвөөс хар галуутай холбоотойгоор мэдэгдэл гаргалаа

Тураг гогой (хүмүүсийн нэрлэдэгээр Хар галуу) бол бидний санаа зовох зүйл ерөөсөө биш. Манай орны гол, нууруудын экосистемд бүхэлд нь аюулд оруулж байгаа сөрөг хүчин зүйлсийн ихэнх хувийг хүний зүгээс үзүүлж буй шууд болон шууд бус нөлөөлөл эзэлдэг.

Загас битгий хэл гол, нуур нь бүхэлдээ экосистемийн хэмжээнд аюулд орох үзэгдэл ихэссэн. Үүнд голын эхэнд байгаа уурхай, буруу ажиллагаатай усан цахилгаан станц гээд маш олон зүйлсийг дурдаж болно.

Загас барьдаг хүмүүс тороо гол, нууранд үлдээнэ, тэр олон торонд нь жил бүр байнга олон мянган загас үхэж байгаа гээд тоочвол дуусахгүй их. Гэтэл Тураг гогой байгаль дээрээ загасны популяцид сөрөг нөлөө байдаггүй талаар бүр докторын ажлууд байдаг.

Тураг гогой болон бусад усны шувуудын сангас нь нуурын хурдас, фосфорын эргэлтэнд чухал ач холбогдолтой төдийгүй нуурын ёроолын ургамалын ургалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ нь тухайн нуурын загасны түрс аюулгүй, амжилттай үржих нөхцлийг бүрдүүлдэг байна.

Манай хуучны шувуу судлаачдын 1960-70 оны бүтээл, тэмдэглэлүүдийг үзэж байхад нуурын мандлыг Тураг гогой (хар галуу) хар хөшиг татсан мэт бүрхжээ гэсэн байдаг. Тэд эртнээс л нуурандаа өөрийнхөө идэш тэжээллийг идсээр ирсэн байгалийн тэнцвэрт байддлыг нөхцөлдүүлэх зохилдлогоотой байдаг.

Иймд шувуунаас буруу хайх ямар ч үндэслэл байхгүй. Дэлхий дээр дунджаар 2 сая Тураг гогой байдаг гэсэн үнэлгээ байгаа. Үүнээс гадна загас иддэг өчнөөн зүйлийн хэдэн сая шувуу, махчин амьтад байдаг бөгөөд тэд олон зуун жил загасаа идсээр л ирсэн.

Ийм олон дайсантай болохоор загас мэнд үлдэхийн тулд хэдэн сая түрс шахдаг гээд эволюци талаас нь харвал зөндөө тайлбарыг олж болно. Өөрсдийн хоолыг идэж буй Тураг гогойд санаа зовохоос илүүтэй хүний зүгээс үзүүлж буй бусад зүйлтэй тэмцэх шаардлагатай байна.

2011 онд Өгий болон Тэрхийн цагаан нуураас загасны зуу гаруй хаягдсан тор цуглуулсан баримт байгаа. Түүнд нь хэдэн зуун загас орооцолдон үхсэн байсныг шувуу судлаач баримтжуулсан.

Ийм л байдалтай бид загас агнаж, сөрөг нөлөө үзүүлж тэрийгээ шувуу руу тохсоор иржээ. Мэдэхгүйн гай гэж энэ, хүмүүс бид сайн мэдээлэл, мэдлэггүйгээсээ болж загас, шувуу гэлтгүй олон амьтан, ургамалыг үгүй хийж байгаа Дэлхий дээрх цорын ганц амьтан.

Ямар нэг зүйл амьтдын тоо толгойг зохицуулж болдог. Хамгийн гол нь шинжлэх ухааны судалгааг хийлгэж, нөлөө байгаа эсэхийг тогтоон, түүнд үндэслэсэн зөвлөмжийн дагуу арга хэмжээг авах шаардлагатай байдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Ж.Оджаргал “25 жил: Өнгөрсөн ба ирээдүй”

Монголын залуучуудын холбоо, Залуу удирдагч сан зэрэг байгууллагууд хамтран “Next stop” хүндэтгэлийн наадмаа уламжлал ёсоор шинэ оны өмнө зохион байгуулж, 2017 оны “Бүтээгч улстөрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”, Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”, “Эдийн засаг, бизнес”-ийн шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулсан билээ. 25 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү шалгаруулалтын шилдгүүдээр Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, М-Си-Эс Группийн Захирлуудын зөв­лөлийн дарга Ж.Оджаргал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, “Монгол ТВ”-ийн захирал Ч.Номин нар тодорсон бөгөөд “Оны залуу” лекц өнгөрсөн бямба гарагт Төрийн ордны их танхимд болсон юм.

М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын “Өн­гөр­сөн ба ирээдүй” сэдэвт лекцийг тус Группийн Ерөнхийлөгч Ж.Од та­нил­цуулсныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Мэндчилгээ, талархал

Шилжилтийн 25 жилийн Бизнес, эдийн засгийн шилдэгээр тодруулсанд Монголын Залуучуудын холбоо, “Залуу удирдагч” сангийн хамт олонд юуны өмнө талархал илэрхийлье.

Амралтын өдрөөсөө хугаслан, илтгэл сонсохоор ирсэн эрхэм зочид, залуус та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Шилжилтийн гэж тодорхойлсон 20 гаруй жилд Монголчууд бид эдийн засгаа 10 дахин тэлж, хувийн өмчгүй шахам байсан социалист тогтолцооноос өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 шахам хувийг бүрдүүлж буй хувийн хэвшил гэсэн маш том салбартай болсон байна. Энэ үеийг хамтдаа бүтээлцсэн манай үеийн залуучууд, тэдний үүсгэн байгуулсан үндэсний олон зуун компанийг төлөөлүүлэн надад энэ шагналыг өглөө гэж ойлгож байгаа.

Өнгөрсөн 25 жилд олсон амжилт, гаргасан алдаа оноогоо нэг цэгнээд, ирэх 25 жилд бид юунд анхаарч, ямар зорилго, тэмүүлэлтэй байх вэ гэдэг дээр өөрийн бодлыг хуваалцъя.

I. ӨНГӨРСӨН 25 ЖИЛИЙН ОЛОЛТ АМЖИЛТ, АЛДАА ОНОО

Хүүхэд насны мөрөөдөл, ирээдүйн тухай төсөөлөл

Манай үеийнхэнд одоогийнх шиг Facebook, Instagram байсангүй. Харин дурсгалын дэвтэр аялуулдаг байлаа. Хүүхэд бүр нэг дэвтэр нээгээд, ангийнхнаараа аялуулж, дурсгал үлдээдэг, хүүхдүүд голдуу мөрөөдлөө, ирээдүйн талаарх гоё төсөөллөө энэ дэвтэрт зурдаг байсан.

Би ч бусад хүүхдийн адил мөрөөдөмтгий байсан. Нэгэн дэвтэрт Office гээд өндөр байшин зурсан нь Central Tower ч юм шиг. Өөр нэг дэвтэрт Coca-Cola гэсэн бичигтэй байшин, бас дээрээ бараг л М-Си-Эс-ийн лого шиг харагдах таван хошуутай өндөр байшин зурсан байсан. Бүр сүүлд энэ зургуудыг олж хараад би маш их гайхсан, мөрөөдөж чадвал бүтээж болдог юм байна гэж бодох болсон.

Дурсгалын дэвтэрт 1983 онд буусан мөрөөдөл 2001 онд биеллээ олж, дэлхийн 200 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг Кока-Кола компанитай бид хамтран ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд манай залуучууд дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэл, технологи, маркетингийн шилдэг мэдлэг, туршлагыг Монголдоо нутагшуулж, дэлхийн Кока-Кола-гийн систем дотроо нэр хүндтэй, шилдэг хамт олны нэг болсон нь бидний бахархал.

Бизнесээ эхлүүлэх үед улс орны эдийн засгийн байдал ямар байв?

1990-ээд оны эхэн үе бол шилжилтийн хямрал ид газар авсан, дотоодын нийт бүтээгдэхүүний уналт доод цэгтээ хүрч 1 тэрбум доллараас бага болсон, өөрөөр хэлбэл одоогийнхоос 10 дахин жижиг эдийн засагтай, инфляци жилд 250 хувьд хүрсэн, айл өрхүүд хүнсээ картын хуваарилалтаар авдаг, аж үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц зэрэг эдийн засгийн гол салбарууд бүгд гүнзгий хямралд өртсөн үе байлаа.

Ийм л үед найзуудтайгаа нийлж хувийн бизнес эхлүүлж байлаа. Анхны оффис маань Уртцагааны урдхан талд байсан хуучин цэцэрлэгийн байшинд түрээсэлсэн жижиг өрөө байсан юм. Саяхан тийшээ очиж үзэх гэсэн, буулгаад оронд нь өндөр байшин барьсан байна билээ.

Дээд сургууль төгсөж ирээд Төвийн эрчим хүчний системд ажиллаж байхдаа Эгийн голын усан цахилгаан станцын төслийн судалгаагаар Швейцарийн Электроватт компанид 2 сарын хугацаатай ажилласан юм. Усан цахилгаан станц барих юмсан гэсэн мөрөөдөл тээсэн залуухан инженер явахдаа зөвлөгөө өгөх бизнес гэж асуудалд шийдэл эрж хайдаг, эргэлтийн хөрөнгө шаардахгүй, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой оюуны гоё бизнес байдаг юм байна, ийм компанитай болох юмсан гэсэн бодол анх орж ирсэн.

Бизнесийн гарааны хөрөнгө оруулалт

Компани байгуулахад эхлэлийн хөрөнгө гэх юм бидэнд байсангүй. Түрээсийн оффистоо 1 ширээ, 4 сандал, 1 бичгийн машин тавиад л бизнесээ эхэлсэн. Гэхдээ шилжилтийн эхэн үед бид мөнгөгүй ч гэсэн мөрөөдөлтэй, мөрөөдлийнхөө төлөө ажиллах эрх чөлөөтэй болсон байлаа. Хоногийн 24 цагаас 15-16 цагийг ажилдаа зориулдаг, заримдаа хонож ажиллах тохиолдол гардаг байлаа. Дээд рекорд нь тасралтгүй 36 цаг ажиллаж байсан. Одоогийнх шиг интернэт байхгүй болохоор мэдээлэл хомс, их цаг зарж тооцоо судалгаа хийдэг байлаа. Ингээд бодохоор бизнестээ оруулсан бидний анхны хөрөнгө оруулалт бол залуу нас, цаг хугацаа юм даа.

Ажлын гараагаа эхлүүлсэн эрчим хүчний салбартаа хийсэн ажлууд

Булган-Мөрөн, Арвайхээр-Баянхонгор, Мандалговь-Тавантолгойг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамууд барьж, төвийн эрчим хүчний системд холбогдоогүй байсан аймгуудыг байнгын цахилгаантай болгож байлаа. Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд ажиллаж байхаас тээж явсан цахилгаан станц барих мөрөөдлөө Ухаа худагийн цахилгаан станцыг барьснаар биелүүлсэн. Энэ бол говийн нөхцөлд тохирсон, хуурай хөргөлттэй, ус бага хэрэглэдэг технологитой, орчин үеийн шийдэлтэй цахилгаан станц юм.

Сүүлийн үед манай залуучууд нар, салхины цахилгаан станц гээд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтад амжилттай оролцож байна.

Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд хамгийн чухал салбар бол мэдээлэл, харилцаа холбооны салбар

Өнгөрсөн 25 жилд харилцаа холбооны салбарт төрөөс зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд, хувийн компаниудын хөрөнгө оруулалтаар өнөөдөр Монголчууд бид дэлхийн аль ч улс орноос дутахгүй, зарим хөгжсөн улс орнуудаас ч түрүүлж алхаж байна.

М-Си-Эс Групп энэ салбарт харьцангуй сүүлд буюу 10 гаруйхан жилийн өмнө орсон ч маш хурдацтай ахиж Юнител маань 4G, Гэр интернэт, IPTV, Look TV зэрэг нийтийг хамарсан олон шинэ үйлчилгээг анх түрүүн орон даяар хэрэглэгчдэд хүргэлээ.

Монгол Улс 4G сүлжээг улс орон даяар нэвтрүүлсэн дэлхийн 25 дахь улс, мөн IPTV-г нэвтрүүлсэн дэлхийн 26 дахь улс орон болсон. Өдгөө орон даяар 170 мянган айл өрхөд Юнивишний үйлчилгээ хүрчээ. Гэр хороолол, хөдөө орон нутгийн айл өрхүүдэд интернэтэд холбогдох боломжийг Гэр интернэт үйлчилгээ бүрдүүлж, одоогоор 70 мянган өрх холбогдоод байна. Зурагтын сувгууд, кино, контентийг хаанаас ч, хэзээ ч үзэж болдог Look TV үйлчилгээг хэрэглэж байгаа хүний тоо 100 мянга хүрсэн байна.

Юнител бол харилцаа, холбооны салбарт үндэсний мэргэжилтнүүд, Монгол инженерүүд бие даан хөгжүүлсэн төсөл. Үүнийг гадны мэргэжилтнүүд ирж үзээд Монгол залуучуудын ур чадварыг үнэлж байгаагаа нуудаггүй юм.

Ухаа худаг бол Монголчууд бие даан хэрэгжүүлсэн уул уурхай, дэд бүтцийн том төсөл

Орчин үеийн дэлхийн жишгийн уул уурхайн том төслийг Монголчууд бид өөрсдөө хэрэгжүүлж чадна, Монголоороо овоглосон нүүрсний брэндийг бий болгож, дэлхийд гаргана гэсэн зорилго тэмүүлэл, итгэл үнэмшилдээ хөтлөгдөн, дэд бүтэц огт хөгжөөгүй, хов хоосон Ухаа худагийн талд бүхнийг “0”-ээс эхлүүлж байлаа. Энэ бол үндэсний хувийн хэвшил манлайлан, бие даан хэрэгжүүлсэн анхны том төсөл юм.

Ухаа худаг төслийн нийт хөрөнгө оруулалт нь 1.2 тэрбум америк доллар давсан. Олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон энэ хөрөнгөөр бид Австралийн дэвшилтэт технологийг нутагшуулан, Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр байгуулж, ус болон цахилгаан хангамж зэрэг уурхайн дагалдах дэд бүтцийг, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн дэд бүтцийн хамт барьж, төслийн бүтээн байгуулалтыг говь нутгийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулж хийсэн. Ингэснээр өмнө нь түүхийгээр нь гадагш зөөдөг байсан Монгол нүүрсийг дотооддоо нэмүү өртөг шингээн боловсруулж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр экспортлох боломжийг бүрдүүлсэн юм.

Гэхдээ энэ бүхнийг М-Си-Эс, Энержи Ресурс дангаараа хийгээгүй, энэ бол Монгол компаниуд, Монгол инженерүүдийн хамтын бүтээл. 4-5 жил үргэлжилсэн Ухаа худагийн бүтээн байгуулалтад давхардсан тоогоор дотоодын 3,000 гаруй аж ахуйн нэгж оролцсон гэхээр хэр том далайцтай төсөл болох нь ойлгогдох болов уу.

Ухаа худаг төслийн гол үнэ цэнэ нь Монгол хүнд хийсэн хөрөнгө оруулалт

Үйлдвэр, уурхайн бүтээн байгуулалттай зэрэгцүүлж Монгол хүнээ сургаж, бэлтгэх шаардлагатай байлаа. Уурхайн төлөвлөлт, нүүрс баяжуулалт, орчин үеийн техник технологи, машин механизмын засвар үйлчилгээ гээд уул уурхай, хүнд үйлдвэрийн нарийн мэргэжлээр 4,000 гаруй Монгол залуучуудыг бид бэлтгэсэн. Эдний дундаас Монголд өмнө нь байгаагүй, цоо шинэ, асар үнэ цэнэтэй инженер, мэргэжилтнүүд бэлтгэгдэн гарсан нь манай үндэсний оюуны том баялаг юм.

IPO хийнэ гэдэг бизнесмэн бүрийн мөрөөдөл

Үндэсний компаниудаас анхлан олон улсын санхүүгийн зах зээлд хувьцаагаа арилжаалах, бонд гаргах хэлбэрээр бид төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай 1.2 тэрбум долларын хөрөнгийг босгож чадсан.

IPO хийнэ гэдэг асар том хариуцлага, олон зуун мянган хувь нийлүүлэгчдийн сэтгэлийг татаж, итгэлийг нь олж, хөрөнгө босгож бизнес хийнэ гэдэг компанийн засаглалын хувьд хүрч болох хамгийн дээд эрэмбэ юм.

Уул уурхайн төсөл нь урт хугацаа шаардсан, эрсдэл өндөр гэдэг нь манай Энержи Ресурсын замналаас харагддаг. Дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнийн уналтаас шалтгаалж компани маш хүнд байдалд орсон ч “Монголчууд итгэл дааж чадна, энэ том төслөө өөрсдөө амжилттай удирдах чадвартай” гэдгийг дэлхийд таниулахын төлөө зориглон зүтгэсэн менежментийн багийн шантаршгүй хүчин чармайлт, мянга мянган ажилчдын маань хичээл зүтгэлийн үр дүнд бид тулгарсан бэрхшээлийг даван туулж чадсан.

Мөрөөдсөн бүхэн биелээгүй

Гэхдээ мөрөөдөл бүхэн маань биелсэн үү гэвэл, үгүй. Тухайлбал, улс орныхоо бензин, түлшний хараат байдлыг нүүрс шингэрүүлэх технологиор шийдчих юмсан гэж энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх Герман, Японы компаниудтай хамтарч, судалгаа хийж, 4-5 жилийн хугацаа зарцуулж, нэлээд хэдэн тэрбум төгрөгийн зардал гаргаж зүтгэлээ. Гэвч дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалаад энэ мөрөөдөл минь биелээгүй л явна.

Өнгөрсөн 25 жилд бидний амжилтын үндэс юу байв?

Ер нь аливаа бизнесийг амжилттай авч явахад удирдлагын зүгээс тэнцвэртэй анхаарч байх хоёр үндсэн асуудал байдаг:

– Нэгд, бизнесээ хараатай, оновчтой удирдах

– Хоёрт, тэр бизнесийг хийх сэтгэлтэй, урам зоригтой, мэдлэг чадвартай, тасралтгүй хөгжиж чаддаг хамт олныг бий болгох

Бизнесийн алсаа харааны тухайд бид юм хийвэл аль болох дэлхийн шилдэгүүдтэй нь хамтарч ажиллах, тэдний арга, туршлагаас суралцах, тэдний түвшинд алсыг харж, сэтгэдэг байхыг зорьж ирсэн. Тийм ч учраас Кока-Кола, Проктер энд Гэмбл, Шангри-Ла гэх зэрэг дэлхийд тэргүүлэгч брэнд, компаниудтай хамтарч ажиллах болсон.

Хамт олноо бүрдүүлэх тухайд бол ерөнхий потенциал сайтай, зөв хандлагатай, сурах, хөгжих тэмүүлэлтэй, аливаад сэтгэлээсээ ханддаг залуучуудыг ажилд авахыг эрмэлздэг.

Бүх л компанид байх ёстой эдгээр зүйлсээс гадна М-Си-Эс-ийн амжилтанд нөлөөлсөн хамгийн чухал хүчин зүйл бол бидний хоорондын харилцаа юм. Бид анхнаасаа байгууллагын соёлоо бүрдүүлэхдээ хамт олны уур амьсгал, хоорондын харилцаагаа элэгсэг дулаан байлгахад чухал ач холбогдол өгч ирсэн нь өнөөдрийн бидний амжилтын үндэс байсан юм байна.

Амьдралаараа туулж ойлгосон зүйлийг маань Харвардын эрдэмтэд ч бас нотолжээ

Эрүүл энх, аз жаргалтай амьдрахад юу хэрэгтэй вэ гэдгийг Харвардын эрдэмтэд 1940-өөд оноос эхэлж судалжээ. Судалгаандаа тухайн үед дөнгөж арван хэдэн настай байсан 724 залууг сонгон авч, 75 жилийн турш тасралтгүй судалсан байна.

Уг судалгаагаар мөнгө, алдар нэрийн аль нь ч эрүүл, жаргалтай амьдралыг авчирч чаддаггүй, харин гэр бүл, найз нөхөд, хамт олны халуун дулаан харилцаа л хүнийг урт насалж, удаан жаргахад хамгийн чухал гэдгийг тогтоожээ.

Өнгөрсөн 25 жилийг эргэн харахад, бид мөрөөдөлдөө хөтлөгдөн, хийж бүтээхийн төлөө зав чөлөөгүй явахдаа гэр бүл, хамт олон, найз нөхдийнхөө эерэг дулаан харилцаа, сэтгэлийн дэмээр л тулгарсан сорилтуудыг ажралгүй давж, зорьсон хэргээ хамтын хүчээр бүтээж ирж дээ гэж бодогддог.

II. ИРЭХ 25 ЖИЛИЙН ЗОРИЛГО, ТЭМҮҮЛЭЛ

Дараагийн 25 жилд биднийг юу хүлээж байна вэ?

Бид түүхийн огцом өөрчлөлтийн үед тулж ирээд байна. Технологийн хөгжил хүн төрөлхтний түүхэнд урд өмнө нь байгаагүй том хувьсал өөрчлөлтийг авчирч байна. Өнгөрсөн 300 жилийн түүхэнд бий болсон өөрчлөлттэй тэнцэхүйц хэмжээний өөрчлөлт зөвхөн ирэх 20 гаруй жилийн дотор болно гэж ярьж байна.

Технологийн хувьсгалууд хүн төрөлхтний түүхэнд асар том хувьсал дэвшлүүдийг авчирсан. 18-р зуунд уурын хөдөлгүүр зохиогдсоноор аж үйлдвэр хөгжиж, 19-р зуунд цахилгаан хөдөлгүүр бүтээгдсэнээр масс үйлдвэрлэлийн эрин эхэлж, 20-р зуунд компьютерийн ачаар үйлдвэрлэл автоматжсан бол одоо 21-р зуунд дижитал технологиор бүхий л эд юмс хоорондоо сүлжээгээр холбогдох болж, хязгааргүй их боломжууд нээгдэж байна.

Бид өдөр тутамд IoT буюу Internet of Things, Big Data, AI буюу Аrtificial Intelligence, Cloud Technology гэх үгсийг сонсох боллоо. Өнөөдөр сонсож байгаа эдгээр үгс тун удахгүй бидний өдөр тутмын хэрэглээ болно. Хэдэн зуунаар хэмжигддэг байсан хувьсал өөрчлөлт өнөөдөр бараг өдөр тутмын ердийн зүйл болж байна.

Өөрчлөлт бидний төсөөлснөөс асар илүү хурдтай байна

21-р зууныг мэдээллийн технологийн зуун болно гэдгийг 20-р зуунд мэдэж байсан ч ийм хурдацтай хөгжлийг хэн ч таамаглаагүй. 1980 онд алдарт МакКэнзи компанийн хийсэн судалгаагаар 2000 он гэхэд дэлхийн хэмжээнд ердөө 900 мянган үүрэн телефон хэрэглэгчтэй болно гэж таамаглаж байжээ. Гэтэл бодит байдалд энэ тоо 1 тэрбум дөхсөн, 2019 он гэхэд 5 тэрбум хүрэхээр байгаа ба үүнээс бараг 3 тэрбум нь ухаалаг гар утасны хэрэглэгчид байх юм байна.

Дижитал технологи дэлхийг улам бүр “хавтгай” болгож байна

Энэ бүх технологийн хөгжил нь даяаршлыг дараагийн шатанд аваачиж, дэлхий даяар хүмүүс хил хязгаар, газарзүйн байршил үл хамааран гар утаснаасаа дуртай цагтаа, хүссэн зүйлээ, хаанаас ч худалдан авах боломжтой болж байна.

Өнөөдөр дэлхий дээр 3 тэрбум хүн интернэтэд холбогдоод байна. Интернэтийн ачаар жижиг, том бүх компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхий даяар зарах боломжтой болж байна. E-commerce буюу интернэт худалдааг хөгжүүлэхэд интернэт холболт, хүргэлт, төлбөрийн систем гэсэн үндсэн 3 асуудлыг шийдэх хэрэгтэй байдаг. Бид хамгийн чухал буюу интернэт холболтын асуудлаа шийдвэрлэсэн. Дараагийн асуудлуудыг шийдчихвэл бид даяаршлын дараагийн шатанд нэгдэж, зах зээлээ Монголынхоо 3 сая хүнээр хязгаарлах бус, 3 тэрбум хүн, улмаар дэлхийн нийт хүн ам гэж хардаг болно.

Нээгдэж буй боломжуудыг ашиглахад нээлттэй байдал чухал

Далай лам хэлэхдээ: “Монголчууд 20-р зууны эхэнд маш зөв сонголт хийсэн. Түвд, Монгол хоёр 20-р зууны эхэнд ижил нөхцөлд, Манжийн эзэнт гүрний хараат байсан. Монголчууд нээлттэй бодлого явуулж, дэлхий ертөнцтэй холбогдож, улмаар тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан. Харин Түвдүүд өөрсдийн хэл, соёлоо авч үлдэнэ гээд хилээ хаасан. Тэгээд өнөөдөр, 100 жилийн дараа, 21-р зууны эхэнд эргээд хартал Түвдүүд том гүрний алслагдсан муж, харин Монголчууд та нар тусгаар улс болж, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлээд алхаж явна. Тэгэхээр нээлттэй байж, бусдыг хүлээн зөвшөөрч, бусдад өөрийгөө таниулж, шинэ мэдээлэл авч, дэлхийтэй нээлттэй харилцана гэдэг бол жижиг улс орнуудын “амьд үлдэх”, хэл соёл, эдийн засаг, тусгаар тогтнолоо хамгаалах ганц арга юм байна” гэсэн гэдэг.

Тиймээс Монголчууд бид 21-р зууны эхэнд тохиож буй боломжуудаа зөв ашиглахын тулд гадаадын хөрөнгө оруулалт, технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлэхэд илүү нээлттэй хандаж, харилцан ойлголцож, хамтран ажиллаж байж, 20-р зуунд сэргээсэн улс төрийн тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор баталгаажуулж чадна.

Ирээдүй бидэнд ямар боломжуудыг нээж өгч байна вэ?

1. Уул уурхай улс орны эдийн засгийн гол хөдөлгүүр байсаар байх болно

Өнөөдөр интернэтэд холбогдсон нэг хүн гэхэд гар утас, iPad, компьютер гээд хэд хэдэн цахим төхөөрөмж хэрэглэдэг болжээ. Цаашлаад юмс интернэтэд холбогдохын хэрээр эдгээр төхөөөрөмжийн тоо 2020 он гэхэд 50 тэрбум, 2050 он гэхэд 500 тэрбум хүрнэ гэсэн тооцоо байна. Хүний хэрэглэж байгаа бүх юм,тэр ч бүү хэл хүн өөрөө сүлжээнд холбогддог болох цаг ойртож байна. Юмс цахимжиж, интернэт сүлжээнд холбогдохын хэрээр цахим төхөөрөмжийн үйлдвэрлэл өсч алт, зэс, цахиур, газрын ховор элементүүд гээд эрдэс бодисын эрэлт өсөх нь дамжиггүй. Хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг Энэтхэг, Хятадад хотжилт мөддөө саарах төлөвгүй байгаа нь дэлхийн зах зээлд коксжих нүүрс эрэлттэй байхыг илтгэж байна. Ингээд бодохоор ойрын ирээдүйд уул уурхайн салбар улс орны эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр байсаар байх юм байна.

2. Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй

Технологийн ачаар дэлхий даяар хүмүүс бага ажиллаж, их аялах боломжтой болж байна. Бид хөрсөн доорх баялагаа ашиглахаас гадна, хөрсөн дээрх шавхагдашгүй баялаг болох онгон байгаль, нүүдлийн соёлоо түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, улмаар улсынхаа эдийн засгийн нэг том тулгуур баганыг босгох хэрэгтэй. Жилдээ 1 сая биш, бүр 5 сая, 10 сая жуулчин хүлээн авах мөрөөдөлтэй байцгаая. Сая сая жуулчид Монголыг зориод ирэхэд нь тосч аваад үйлчлэхэд бэлэн байх маш том салбарыг бид хүн хүчнийх нь хамт хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Жуулчид ирэх боломжтой зуны богинохон улиралд залуучууд та бүхэн завгүй хөдөлмөрлөж байж байгалийн үзэсгэлэн, түүхийн дурсгал, өв уламжлал гэсэн шавхагдашгүй баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулж чадна.

3. Эрүүл, органик хүнс экспортлогч орон болох баялаг өгөгдөл Монголд бий

Бүх юм цахимжихын хэрээр хүн төрөлхтөн эргээд байгальдаа ойртохыг эрмэлзэж, органик хэрэглээг эрхэмлэх болжээ. Өнөөдөр хүмүүс органик хүнсний төлөө хэд дахин илүү мөнгө төлөх сэтгэлзүйн бэлтгэлтэй болж, эрэлт нь бодитой нэмэгдэж байна. Монголын хөрсөнд бордоо хэрэглэлгүй ургуулсан хүнсний ногоо, үр тариа, тал нутагтаа тааваараа бэлчсэн малын мах, сүү, арьс шир, ноос, ноолуур гэх зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ бид зөв менежмент, маркетинг хийж чадвал дэлхийн зах зээлд өндөр үнээр нийлүүлэх бүрэн боломжтой. Дэлхийн аль ч улсаас илүүтэй эрүүл, органик хүнс үйлдвэрлэгч орон гэсэн имиж бүрдүүлэх баялаг өгөгдөл Монголд бий.

Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг дагасан эдийн засгийн дэд бүтэц хөгжсөнөөр хотод биш хөдөөд ажлын байрууд олноор бий болж, улмаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.

Бид хойч үеэ дижитал эринд хэрхэн бэлтгэх вэ?

2045 он гэхэд хиймэл оюун ухааны чадвар нь хүнийхээс давна гэж эрдэмтэд таамаглаж байна. Японы эрдэмтдийн таамаглалаар 2030 он гэхэд тус улсын нийт ажиллах хүчний бараг тал хувь нь хиймэл оюунаар солигдох ажээ.

Технологи өндөр хөгжсөн Японд л ийм болно биз гэж бид бодож болохгүй. Хиймэл оюун ухаан, роботчлол гэх зүйлс улс орны хил хязгаарыг үл хамааран нэвтрэх болно. Үйлдвэрлэлийн салбарт хүний ажлын байр буурах хэдий ч нөгөө талдаа үйлчилгээний салбарт олон шинэ ажлын байрууд бий болно гэж үзэж байгаа. 2025 онд шинээр ажилд орох залуучуудын 60 хувь нь өнөөдөр байхгүй цоо шинэ ажил мэргэжлээр ажиллах болно гэсэн таамаглал байна.

Ийнхүү машин хүнээс илүү ухаалаг болж, алдаагүй ажиллаж байхад хүүхдүүддээ бид ямар боловсрол олгож, аль ур чадварыг нь хөгжүүлэх вэ гэдгийг нэн даруй, нухацтай авч үзэх шаардлагатай. Ирээдүйн ажлын байрууд хүнээс бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадварыг илүүтэй шаардах нь байна.

Гадаад хэл, тэр дундаа Англи хэлийг сайн эзэмшиж, дэлхий ертөнцтэй харилцан холбогдож, интернэтийн далай мэт их мэдээллээс чухам хэрэгтэй мэдлэгээ шүүж, тунгааж авч сурснаар хойч үе маань дэлхийн хөгжлөөс хоцрохгүй, хөл нийлүүлэн алхах болно. Гадаад хэл сурахын хэрээр хүн эх хэл, уламжлалт соёлоо улам илүү хайрлаж, хамгаалдаг гэдэг.

Оюуны өндөр чадамж буюу IQ дээр нь нэмээд EQ буюу сэтгэлийн чадамж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлвэл Монгол хүний бүтээмж, үнэ цэнэ дэлхийд гайхагдах болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Ирэх 25 жилд бид юуг анхаарах вэ?

Өнгөрсөн хугацаанд бид нүдэнд харагдах олон сайхан бүтээн байгуулалтыг өрнүүлжээ. Үүний хажуугаар нүдэнд харагдахгүй хэрнээ бидний өдөр тутмын амьдралд хэвшил болж, бүр улс орноороо урагшлах, хөгжихөд саад болж буй маш том ухралт гарсан байна. Энэ бол Монголчууд бидний хоорондын харилцаа. Өнөөдөр харилцан ойлголцож, хамтран ажиллах гэдэг зүйл манай нийгэмд маш ихээр үгүйлэгдэж байна. Наад зах нь замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаагаас бидний харилцаа, бие биенээ хүндлэх сэтгэл хэчнээн их дор орсныг харж болно.

Дотооддоо төдийгүй гадаад улс орнуудтай харилцахдаа бид ямар алдаа гаргав гэдэгтээ дүгнэлт хийх цаг болсон. Зэс, нүүрсний зах зээлийн үнэ 2017 оноос эхлэн өсч байгаа ч олон улсын бирж дээр бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын хувьд бүгдэд нь нэг ижил, нийтлэг зүйл байгаа нь хувьцааны ханш нь өсөхгүй, 2010-11 оны түвшингээс хэд дахин доогуур байсаар байна. Энэ бол манай улсын байр байдалд олон улсын хөрөнгө оруулагчид ямар дүн тавьж байгааг илтгэх ерөнхий индикатор. Юунаас болж бид өнөөдөр ийм байдалд оров. Монголчууд бид яагаад хөрөнгө оруулагчдыг хашрааж, үргээх болов. Үүнийгээ засаж залруулахын төлөө хэрхэн хамтдаа хичээн зүтгэх вэ гээд олон асуултад бид зөв хариулт олж байж цаашид хөгжинө. Дэлхийн жишигт хүрсэн уул уурхайн том төслүүдийг бид гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийн ачаар зөв хөдөлгөх ёстой. Эс тэгвээс, хоцрогдсон арга техник, хортой технологийн уршгаар газар дэлхийгээ шархлуулж, хойч үедээ хоосон ирээдүй үлдээх аюултай.

Хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед өөрчлөлтийг цаг алдалгүй мэдэрч, “хайрцаглагдахгүйгээр” бүтээлчээр сэтгэж чадсан хувь хүн, компани, улс орон хожиж, хөгжих нь тодорхой байна. Хэдийгээр зэс, нүүрс ирээдүйтэй гэж харагдаж байгаа ч хэний ч санаанд оромгүй технологийн нээлт гарч, эдгээр эрдэс баялаг эрэлт, хэрэгцээгүй болохыг хэн ч үгүйсгэж чадахгүй.

Ирээдүйд Монгол хүн, Монгол Улс даяараа эрүүл, жаргалтай аж төрөхөд мөнгөнөөс илүү харилцан хүндлэл, энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэдэг болох нь чухал байна. “Бизнес бол өгөхийн ухаан болохоос авахын ухаан биш юм” гэж “Нээлттэй нийгэм” хүрээлэнгийн Д.Энхбатын хэлсэн нь их оносон тодорхойлолт гэж боддог. Бизнесмэн хүн амжилт бүтээлийнхээ амтанд шимтэж, улам ихийг хийх урам зориг орж, дараа дараагийн даваа, нугачааг давах эрч хүчийг олж авдаг болохоос зөвхөн мөнгөний төлөө улайран зүтгэсэндээ энэ бүх ажлыг хийдэггүй юм шүү.

Шилжилтийн 25 жилийн дотор манай хувийн хэвшлийнхэн улс орныхоо эдийн засгийн ачааны хүндийг үүрэх тэнхээтэй болж, хүнээр бол ид гялалзах 25 насан дээрээ явна. Өнгөрсөн хугацаанд ажлын байр бий болгож, татвар шимтгэлээр улсын төсвийг бүрдүүлэхэд компаниудын нийгмийн үүрэг чиглэгдэж байсан бол одооноос нийгэмд тулгамдаад байгаа боловсрол, эрүүл мэнд гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхэд нийгмийн хариуцлагаа чиглүүлэх цаг болсон гэж бодож байна.

Ирээдүйд өсөн нэмэгдэх уул уурхай, аялал жуулчлал, органик бүтээгдэхүүний эрэлтийг хангах боломж Монголд байна. Боломжоо зөв ашиглаж чадвал олон шинэ ажлын байрууд нээгдэж, орлоготой, ашигтай бизнесүүд бий болсноор эдийн засгийн өсөлтийг иргэн болгонд, айл өрх бүрт хүртээмжтэй болгох нөхцөл бүрдэнэ.

Дүгнэлт

Дүгнэж хэлвэл, дижитал эрин үе даяаршлыг дараагийн шатанд гаргаж, интернэт сүлжээ бидний өмнө 3 сая биш олон тэрбум хүнтэй асар том зах зээлийг нээж өгч байна. Улам бүр хурдасч буй хувьсал, өөрчлөлтөд хэн нээлттэй, бүтээлчээр хандаж чадна, түүнд боломж нээгдэх болно. Өөрчлөлтийн үр шимийг эдийн засагтаа шингээхийн төлөө уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, ажлын байр бий болгож, гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлж чадвал өнгөрсөн 25 жилд эдийн засгаа 10 дахин өсгөж чадсан шигээ ирэх 25 жилд мөн дахиад 10 дахин өсгөх бүрэн боломж бидэнд бий. Ингэхийн тулд бид ирж яваа цагийг бүтээх ирээдүй хойч үеэ зөв чиглүүлж сургаж, боловсруулах хэрэгтэй байна.

Төгсгөл

Ингээд, надад олгосон цөөн хоромд багтаан өнгөрсөн 25 жилд өчүүхэн мөрөөдлүүдээ хэрхэн биелүүлсэн өөрийн туршлага, онож, алдаж байж ойлгосон ухаарлаа залуус та нартай хуваалцлаа.

Гартаа атгасан гар утсанд чинь дэлхий багтаж байгаа эрин үеийг эзэгнэж төрсөн залуус та бүхэн мэдээллийн их далайгаас мэдлэг хуримтлуулан, биднээс илүү том мөрөөдөж, мөрөөдлийнхөө төлөө шантралгүй зүтгэвэл хүрэхгүй газар, гарахгүй оргил гэж үгүй шүү гэдгийг захиж хэлье.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн настай хүүд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмч нар 48 дахь хагалгаагаа өнөөдөр амжилттай дуусгажээ. Амьд донороос элэг шилжүүлэн суулгах 48-дах удаагийн тус хагалгаа дөрвөн настай хүүд хийгдсэн байна. Ш.Энхтөр даргатай Эх нялхсын хамт олон эмчилгээ, сувилгаанд хамтран ажилласан аж. Ийнхүү тус эмнэлэгт он гарснаас хойш хийгдсэн дөрөв дэх удаагийн элэг шилжүүлэн суулгасан хагалгаа болж буй юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь БНСУ-ын Асан төвийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран ажиллаж, 2011 оны есдүгээр сард анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэж байсан аж. Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж мэс засалд орж чадахгүй байжээ. Харин элэг бөөр шилжүүлэн суулгах зардлыг төр хариуцдаг болсноор иргэдийн нуруунаас нэг ачааг авч, төр иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаагийн нэг илрэл болохыг эмч нар онцолсон аж.