Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Ардчиллыг нулимахын оронд үр шимийг нь зүй ёсоор үнэлэх ёстой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Таны санаачилсан Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны дэмжлэг авч, хэлэлцэхээр болсон. Гэтэл ардчилсан намынхан өөрсдөдөө зориулж хууль гаргах гэж буй мэтээр ярьж байгаа нэг хэсэг ч байна. Төслийнхөө талаар товчхон сонирхуулахгүй юу?

-Ардчилал шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн бүхэл бүтэн өөрчлөлтийг Монголын төр хүлээн зөвшөөрч байгаагийн нэг хэлбэр болгож энэхүү хуулийн төслийг санаачилсан. Тэрнээс хэсэг бүлэг хүнийг тусгай хангамж эдлүүлэх гээгүй. Ер нь нийгмийн шилжилт хөдөлгөөн, хувьсгалт өөрчлөлт шинэчлэлтийг санаачлан гардан зохион байгуулсан хүмүүст тухайн нийгмээс хүндэтгэл үзүүлдэг, тодорхой төрийн хайр халамж хүртээдэг тогтсон уламжлал байсан. Жишээлбэл, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд оруулсан хувь нэмрийг үнэлж Богд хаан тухайн үед олон ноёд, харц ардуудад хүртэл цол хэргэм болон мөнгөн шагнал олгож байсан түүхтэй. Мөн 1921 оны ардын хувьсгал, дараа нь 1939, 1945 оны чөлөөлөх дайн гээд бүгд л тухайн үеийнхээ нийгмийн өөрчлөлт томоохон хувьсал хөдөлгөөний үр дүнд бий болсон үйл явдлууд шүү дээ. Үүнтэй адил 1989 оны ардчилсан хувьсгал гэдэг бол Монгол оронд том өөрчлөлтийг авчирсан. Гэтэл сүүлийн үед ардчиллын үнэт зүйлийг унагаахыг оролдсон хандлага газар авч байна. Тэртээх 1989-1990 онд монголчууд ямар нийгэмд амьдарч байлаа даа. Хүн үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг байсан юм уу. Юун гадаадад битгий хэл, дотоодод чөлөөтэй зорчиж чаддаг байсан бил үү. Төв аймгийн Эрдэнэсант орохын тулд замын хуудас авч зорчдог байсан. Ер нь хагас колони маягтай байлаа. Иргэдийн амьдрал, цалин хөлс ямар байлаа гээд яг тэр үеийн бодит амьдралыг биеэрээ мэдэрч, нүдээрээ харсан хүмүүс өнөөдөр дундаж болон дунджаас дээш насныхан болсон байна.

Тэд тухайн үеийн нийгмийн бодит байдлыг одоо байгаатай харьцуулах боломж гараагүй. Тэгсэн хэрнээ өнөөдөр хуучнаа санагалзсан коммунистууд, хуучинсаг хүчний явуулга тархи угаалтад хэт автсан, өөрсдөө бодит байдал дээр харсан мэт ардчилал руу улайрч, дайрч довтолж байгаа нь харамсалтай. Аливаа алдаа оноогүй хувьсал өөрчлөлт гэж байдаггүй шүү дээ. Тиймээс өнөөдөр асуудалд авах, гээхийн ухаанаар хандах ёстой. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бол ардчилал юм. Цагаан морин жил ардчилсан хувьсгалаар анх удаа бид хэнээс ч хараат бусаар төрөө байгуулж, үзэл бодлоо илэрхийлж, гуравдагч хөрштэй харилцаж эхэлсэн. НҮБ-ын гишүүн орон гэдэг эрхээ жинхэнэ утгаар нь эдэлж эхэлсэн. Хэн нэгний заавар зөвлөгөөгөөр явахаа больсон. Тиймээс ардчилсан хувьсгалын үнэ цэнийг өнөөдөр Монголын төр үнэлэх ёстой. Ардчилсан хувьсгалын анхдагч нар гэхээр заавал тухайн үеийн Ардчилсан холбоо, АН-ын гишүүд байх юм шиг яриад байна л даа. Тэр дотор чинь нийгмийн хувьсгалын өөрчлөлтийг, ардчиллыг хүлээн зөвшөөрч, шууд болон шууд бусаар дэмжсэн олон мянган хүн байсан. Тэднийг шударгаар тогтоож, судалж, төрөөс хүндэтгэл үзүүлэх ёстой. Тэр утгаараа энэ хуулийг санаачилж өргөн барьсан. Тухайн үеийн ардчилсан хувьсгалын үйл хэргийг зүгээр үл тоосон байдлаар хаях юм бол монголчуудын хувьд хожмоо гэмшээд ч барахгүй алдаа болох юм.

-Ардчилсан хувьсгалд оролцсон хүмүүсийн амьдрал ахуй өнөөдөр ямар байгаа талаар судалгаа бий юу. Тэдэнд төрөөс ямар тусламж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна?

-Урьдчилсан байдлаар судалгаа хийхэд ардчилсан хувьсгалд оролцсон 1500 орчим хүн байна. Хууль батлагдаад, түүнийг дагаж хэрэгжүүлэх журам гараад, ажлын хэсэг байгуулагдахаар мэдээж судалгаа дүгнэлтүүд хийнэ. Тухайн үеийн оролцогч нар хэн байв. Хэн ямар үүрэг гүйцэтгэж байв гэх зэргээр нарийн судалгаануудыг гаргана. Энэ нь хуульд хамрагдах хүмүүсийг судлах гэхээсээ илүү бүхэл бүтэн ардчилсан хувьсгалын үйл хэргийн том судалгааны ажил болно. Үүн дээрээ үндэслээд оролцогч нарыг зүй ёсоор үнэлэх ёстой. Ардчилсан хувьсгалд анх санаачилж оролцсон, судалгаа дүгнэлтээр тодорсон хүмүүстээ нэг удаагийн буцалтгүй тусламж олгоё гэж байгаа. Нэг өрөө байр буюу түүнтэй тэнцэх мөнгөн дэмжлэг үзүүлье. Орон сууцны дундаж хэмжээ нь 40 орчим метр квадрат бүхий талбайтай нэг өрөө байр байна гэж тооцож байгаа. Эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлэгдэх тэтгэмжийг олгоё гэсэн төслийг оруулж ирсэн.

Тэртээх цагаан морин жилийн хувьсгалд оролцсон хүмүүсийн маань ахуй амьдрал янз бүр л байгаа. Зах зээлийн нийгэмд хүн амьдралаа яаж авч явахаас шалтгаална шүү дээ. Үнэхээр амьдрал нь дорой байдалтай нэг хэсэг байна. Боломжийн дундаж түвшинд хүрсэн хүмүүс бий. Бүр баян сайхан амьдралтай цөөнх хэсэг ч байна. Энэ бол ардчилсан хувьсгалын зарчим. Өмнөх социалист нийгэм биш шүү дээ. 28 жилийн өмнөх манай нийгэм эдийн засгийн байдал, өнөөдрийнхтэй харьцуулбал газар, тэнгэр шиг ялгаатай. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд үндсэндээ эдийн засаг хурдтай тэлсэн. Үндэсний баялаг, ДНБ-ий хэмжээ хэд дахин нэмэгдсэн. Статистикийн үзүүлэлтүүдийг аваад үзэх юм бол дандаа өссөн байгаа. Хоёрдугаарт, хүний эрх талаасаа гайхамшигтай өөрчлөлтүүд гарсан. Гэтэл нийгэмд сүүлийн үед ардчиллыг дандаа шүүмжилж, үгүйсгэж, харлуулах хандлага газар авчээ. Ийм байдлаасаа бид татгалзах хэрэгтэй. Нийгэмд болохгүй зүйл байгаа юу гэвэл байна. Өнөөдөр ардчилсан Монгол Улсад аливаа асуудлуудыг засч залруулаад явах олон боломж байна. Харин хар бараан талаас нь харуулах гэж зориод байвал улс орон хөгжихгүй.

-Нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа асуудлуудыг Үндсэн хуультай холбодог болжээ. Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай юу?

-Өнөөдөр бидний алдаж, онож байгаа нь өөрсдийн л хийж байгаа ажил. Тэр алдаа оноог нь дэнсэлж, хэт нэг тийш нь хэлбийлгэчихгүй барьж байгаа зүйл бол Үндсэн хууль. Тэгэхээр Үндсэн хуулиараа хамаагүй оролдож болохгүй. 1992 оны Үндсэн хууль бол дэлхийн жишигт нийцэж чадсан. Мэдээж, нийгэм цаг үеийнхээ байдлыг дагаад өөрчлөх шаардлага байгаа. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай журмын хуулиа баримтлах ёстой. Манай намын хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцээд, дургүйцээд татгалзаад байгаа зүйлгүй. Гэхдээ Үндсэн хуульд Үндэн хуулийн бус аргаар хүрч болохгүй гэдэг зарчмын байр суурин дээрээ зогсож байгаа. Хэрэв Үндсэн хуулиндаа Үндсэн хуулийн бус замаар хүрээд байх юм бол “эцэг” маань хуулийн баталгаа алдагдана. Ардчилсан Үндсэн хуулийн баталгаа алдагдвал улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал олон баталгаа алдагдахын дохио. Тиймээс Үндсэн хуулиар хамаагүй оролдох нь сайн зүйл биш.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл анх орж ирэхдээ Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, Ерөнхий сайд улсаа удирдах хэмжээний байхаар зарчмын асуудлууд тусгасан байснаасаа бага багаар ухарсан. Цаад зорилго нь 65-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар өөрсдийнхөө ноёрхлыг авч үлдэхээр санаархаж байна гэж тайлбарлах хүмүүс байгаа. Харин та ямар бодолтой байна вэ?

-Үндсэн хуулийн гол өөрчлөлтийн санаа эхлээд орж ирэхдээ хуучин коммунист хяналтын тогтолцоогоо бий болгохоос өгсүүлээд Ерөнхийлөгч гэлтгүй төрийн институт хоорондын харилцааны үндсэн зарчмуудыг өөрчилж, алдагдуулах гэсэн, одоо байгаа өөрсдийнхөө нөхцөл байдалд нийцүүлэх санаархал зорилго агуулагдаж байна гэж харж байсан. Ер нь Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай асуудлууд байгаа л даа. Түүнийгээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ард нийтийн санал асуулга авч, зохион байгуулах ёстой. Үндсэн хуулийн ямар, ямар зүйл заалт дээр өөрчлөлт оруулах шаардлагатайг ард түмнээсээ асуугаад, олонх нь дэмжсэн асуудлууд дээр ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Бүх ард түмнээсээ санал асуулга явуулж байж Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг баталгаажуулах ёстой.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах сэдвүүдийг өнгөрсөн жил орон даяар явуулсан зөвлөлдөх санал асуулгын үр дүнд тогтсон гэж төсөл санаачлагчид тайлбарладаг байх аа?

-Зөвлөлдөх санал асуулга гэж Үндсэн хуульд байхгүй нэмэлт хууль гаргаж ирчихээд, тэрнийхээ дагуу өөрсдийнхөө томилсон төрийн албан хаагч нар, гишүүүдийн оролцоотой санал асуулга нэрээр хурал зохион байгуулж, “Ард түмэн ийм санал өгч байна” гээд олон нийтийн тархийг угаагаад байх шаардлага байхгүй. Тэнэг хүн ч гэсэн тэрийг хараад ойлгоно шүү дээ.

Цахим бодлогын түр хороо байгуулна гэж яригдаж эхэллээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Түр болон байнгын хороо байгуулах нь УИХ-ын бүрэн эрхэд байгаа. Гол нь түр болон байнгын хороо байгуулах болсон шалтгаанаа сайн тодорхойлох ёстой. Цахим төрлийн үйл ажиллагаа, энэ төрлийн асуудлуудыг зохицуулах эрх үүрэг бүхий түр хороо тодорхой дүгнэлт, анализ хийнэ гэж ойлгож байгаа. Тэгэхээр шаардлага нь байгаа юу гэвэл байна. Өнөөдөр цахим орчин, цахим технологи, тоног төхөөрөмж гээд улс орны нийгэм эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд манайд нэвтэрчихлээ. Тэгэхээр үүн дээр УИХ цахим бодлогын түр хороо цаг үеэ олсон асуудал мөн.

-Нийгэмд тулгамдсан асуудал бол ажилгүйдэл болоод байна. Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр бодитой ажил хийж чадаж байна уу. Сөрөг хүчний намын даргын хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Одоогийн Засгийн газар бол 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилтоосоо нэг ч бодитой алхам хийгээгүй. Өнөөдрийг хүртэл том төслүүдээс нэг нь ч хөдөлсөнгүй. Эдийн засаг өсөлттэй байна гээд л яриад байгаа. Яг үнэндээ бол гадаад зах зээл дээр экспортын суурь бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний үнэ өсч, Монголд орж ирж байгаа мөнгөний урсгал нэмэгдсэн. Үүний үр дүнд эдийн засаг өсөлттэй байгаа. Тэрнээс манайх баялаг бүтээгээд, үйлдвэрлэл өсгөөд, тэнд ажлын орон тоо нэмэгдүүлээд тэндээс орж ирж байгаа эдийн засгийн өсөлт биш.

Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бараа, бүтээгдэхүүний үнэ унавал эдийн засаг дагаад унана. Тэгэхээр өнөөдөр ямар ч тохиолдолд эдийн засгийнхаа өсөлтийг хадгалж байдаг өсөлт бол үйлдвэрлэл байдаг. Тэндээс олж байгаа орлогоос бий болж буй эдийн засгийн өсөлт бодит байна. Хоёрдугаарт, нийгэмд эдийн засаг өсч байгаа боловч нөгөө талдаа инцфляци хурдтай өслөө. 2016 онд инфляци бараг тэг рүү явж, гадаад худалдааны тэнцэл хангагдчихсан байв. Бас ч гэж одоогийн эрх баригчдын яриад байгаа шиг гадаад валютын нөөц хасах руу ороогүй байсан. Яагаад гадаад валютын нөөц хасах руу орсон гээд эд нар ярьсан гэхээр магадгүй Хятадтай байгуулсан юанийн своп хэлэлцээрийн төлбөрийг тухайн жилд төлөхтэй холбоотой байж болох юм. Эсвэл зохион байгуулалттай эдийн засгийн гэмт хэрэг гэж харж байгаа. Зориуд зах зээл дээр хэвийн байсан ам.долларын ханшийг унагаах замаар их хэмжээний ам.долларын зөрүүн дээр ашиг хийх эдийн засгийн зохион байгуулалттай гэмт хэрэг явагдсан байх магадлалтай.

-Яагаад?

-“Манай гадаад валютын нөөц хасах руу орлоо” гэж ямар ч улсын төв банкны тэргүүн хэзээ ч эдийн засгийн чадавхынхаа асуудлаар парламентын зөвшөөрөлгүйгээр, эрх барьж байгаа төрийн зөвшөөрөлгүйгээр зарладаггүй юм аа. Улс оронд эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгоно, инфляцийг хөөргөнө. Үнийн ханш гээд бүх зүйлд сөргөөр нөлөөлнө.

1960 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш оргил үедээ 2700 хүрсэн. Эд нар ам.долларын ханшийг унагааж гарч ирсэн. Дээр нь Сангийн сайд нь дефолт боллоо гэж зарлаад л. Олон “сайн” хөтөлбөрүүдийг зогсоогоод тэрийг дагаад хэвийн үргэлжилж байсан эдийн засаг зогсонги байдалд орсон. Монголын эдийн засгийн зэрэглэл B зэрэглэлд байхад хасах руу оруулсан. Үүний хариуцлагыг хэн ч хүлээхгүй. Тэр үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд нь огцорчихсон. Одоо дараагийн Ерөнхий сайд, Сангийн сайд нь гараад ирсэн. Дараагийн ээлжит тоглоомоо хийгээд явж байна.

-Гэтэл дахиад л Засгийн газрыг огцруулна гэсэн хөдөлгөөн эхэлжээ…

-Энэ Засгийн газар нь гарч ирээд долоо, найман сар боллоо. Ямар ч реформ хийсэнгүй. Юун ажлын байр нэмэгдүүлэх нь битгий хэл 2016 онд ард түмэнд дэвшүүлсэн тэр чихэр бурам шиг амлалтуудаасаа нэг ч зүйл заалтыг хэрэгжүүлээгүй. Өрийг өрөөр дарахгүй гэсэн хаана байна вэ. 2011 онд Сү.Батболдын Засгийн газрын үед авсан евро бондын өрийг бонд босгож дарсан. Чингис бондын эхний ээлжийн өрийг мөн бонд босгож дарсан. Сүүлийн үед эдний Засгийн газрын хийж байгаа ажил нь “Хэн илүү өр тавих уу” гэдэг уралдаан явагдаж байна.Сая Солонгосоос 800 сая ам.доллар, АНУ-аас 350 сая ам.долларын зээл авахаар боллоо гээд тэрийгээ баяр ёслолын байдалтайгаар зарлаад байна. Тэр зээлийг авч болно. Үр дүнгээр нь юу хийх гэж байгаа, ямар бүтээн байгуулалт хийх гэж байгаа. Ямар үр ашигтай хөрөнгө оруулалт Монголд хийх гэж байгаа нь тодорхой биш. Сая Ерөнхий сайд Хятадад айлчлаад өчнөөн тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр хийсэн л гэсэн. Тэрнээс бодитой юу нь хэрэгжих эхэлж байгаа, юу нь хэрэгжихгүй байгаа, улс орны эдийн засагт юу нь эергээр нөлөөлж байгаа, юу нь сөрөг юм бэ гэдэг нь бүрхэг. Өнөөдөр эдийн засаг өслөө л гэж байна. Яг иргэдийн халаасанд, гал тогоонд нь юу нэмэгдсэн юм бэ. Сайд нарын хэрэглээ улам тансаг болж байна. Эхлээд нууж тансагладаг байсан бол одоо ил боллоо. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт нэртэйгээр баахан мөнгө төсөв дээр баталчихсан. Тэр мөнгөн дээрээ хоорондоо зодолдоод, тендерээ булаацалдаад байж байна шүү дээ.

-Уг нь бүтээн байгуулалтууд ч өдийд эхэлсэн байдаг сан…

-Одоо ажил эхэлсэн газар алга. Өдийд жинхэнэ бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байх ёстой. Монголд бүтээн байгуулалтын ажил ердөө зургаахан сар үргэлжилдэг шүү дээ. Гэтэл үр дүн харагдахгүй байна. Ийм байхад яаж ажлын байр нэмэгдэх юм бэ. Дээр нь улстөржсөн төрийн бодлого явж байгаа тохиолдолд шүү. Өнөөдөр 180-аад мянган төрийн албан хаагчтай гэж байна. Ардчилсан намын үед томилогдсон гэдэг шошготой 30-аад мянган хүнийг халчихсан. Оронд нь ямар ч төрийн ажлын дөргүй үүнээсээ давсан тооны хүмүүсийн төрийн албанд авчихсан. Төрийн залгамж чанар алдагдаад, чадавх нь суларч байна. Шулуухан хэлэхэд ардчиллыг нулимахын оронд үр шимийг нь зүй ёсоор үнэлэх ёстой. Саяхан нэг залуу сошиалд “Ардчилал бол тусгаар тогтнолын дэргэд юу юм бэ” гэж бичсэн байна лээ. Тэгвэл ардчилалгүй тусгаар тогтнол гэж хаана байгаа юм бэ. Энэ тусгаар тогтнолын суурь түлхүүр нь ардчилал юм. Хэрэв ардчилал байхгүй болбол Монголд тусгаар тогтнол байхгүй болно. Үнэхээр Монгол Улс тусгаар тогтносон, ардчилсан чөлөөт бие даасан улс байя гэж бодож байгаа юм бол ардчиллын үнэ цэнээ хамгаалах ёстой.

-Төрийн эрхэнд гарахаараа өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсийг барьж хорьж, өс хонзонгоо авч буй мэт намнадаг тогтолцоо бий болчихжээ. Оюу толгойтой холбоотой асуудлаар хоригдсон хүмүүсийн тухайд та юу хэлэх вэ?

-Шаардлагатай тохиолдолд тухайн асуудал дээр шалгагдаж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ улс төрийн зорилгоор, хэн нэгнийг дарамтлах, хэн нэгэнд өөрийнхөө бий болгосон хонгилоор хүчээр явуулах гэж, утсан хүүхэлдэй шиг байлгахын тулд энэ асуудлыг хийж байгаа бол туйлын буруу. Ер нь “Махны машин их ажиллах нь аюултай” гэж ярьдаг даа. Монгол төр өөрөө баталгаатай байх ёстой. Монголын төрд ажиллаж байгаа хүмүүс баталгаатай, шударга зарчмаа барьж ажиллах хэрэгтэй. Монголын төр ч гэсэн тэр хүмүүсийнхээ аюулгүй, эрсдэлгүй байдлын баталгааг хангаж байх учиртай. Сүүлдээ төрд ажилласан хүмүүс эргээд шорон гянданд хоригддог, байцаагддаг, эрүү шүүлтэд ордог болчих юм бол Монгол төрийн төлөө хэн ажиллах юм бэ. Ерөнхий сайд байсан Амарын хэлсэнчлэн “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” байх юм бол Монгол төрийн бат бэхийг хэн бий болгох юм бэ. Үндсэн хуульд зааснаар төрийн бүх шатны байгууллага, түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллах ёстой гэсэн байдаг. Төрийн аль ч байгууллага, ямар ч албан тушаалтан байсан хууль дээдлэх зарчмаа хатуу баримталж ажиллах ёстой. Харамсалтай нь өнөөдөр төрийн хуулийг зөвхөн өөрийнхөө юм уу, өөрийн тойрон хүрээлж байгаа хэсэг бүлэг хүний эрх ашигт нийцүүлэх гэж оролдох нь хэрээс хэтэрчихээд байгаа. Шүүх хуулийн байгууллага нь өнөөдөр аль нэг улстөрчдийн юм уу, намын захиалга дор байгаад байхаар хүмүүс шударгаар шалгаж байна гэж харахгүй. Улс төрийн өнцгөөс нь илүү хараад байгаа юм.

-Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар Хяналтын дэд хороог хуралдуулж, үнэн мөнийг тогтоох ёстой гэж танай бүлэг мэдээлж байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт хуралдсангүй. Энэ асуудлыг орхичихгүй биз дээ?

-Орхихгүй. Үнэхээр ийм асуудал байгаа юм бол шалгаж тогтоох ёстой. Ардчиллын хоёрхон л суурь зарчим байдаг. Нэгдүгээрт, хувь хүний эрх, эрх чөлөө. Хоёрдугаарт, хүн өмчтэй байх ёстой. Хувийн өмч нь баталгаатай байх. Энэ хоёр зүйл рүү хэн ч халдаж болохгүй. Үүний төлөө Арчдилсан нам бүхий л анхаарлаа чиглүүлнэ. Шаардлагатай гэвэл тэмцлийн ямар ч хэлбэрт шилжиж, тэмцэхэд бэлэн. Тиймээс сэтгүүлчдийн эрхэнд халдсан, тагнасан, чагнасан үйлдэл байгаа бол тэрийг заавал илрүүлж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой.

-Хүүхдийн мөнгийг олгох асуудал дээр Ерөнхийлөгч болон Засгийн газар тус тусынхаа саналыг Их хуралд оруулсан. Та бол өмнөх парламентад Хүн ам, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүн. Тэгэхээр хүүхдийн мөнгийг 100 хувь олгох бодит эдийн засгийн чадавх, боломж байгаа юу?

-Хангалттай бий. Жишээлбэл, 2017 оны төсвөөс давсан 55 тэрбум төгрөгийг эрх баригчид хаашаа хийхээ мэдэхгүй л байсан. Аргаа барсандаа энэ мөнгөөр төрийн үйчилгээний албан тушаалтнуудад нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон. Нэг хүнд 300 мянган төгрөг өглөө ч яалаа, байсан ч ялгаагүй. Тэр мөнгө төрийн албан хаагчдад ямар ч тус дэм болоогүй. Адаглаад байр орон сууцны урт хугацааны зээл, цалингийн зээлийнх нь тухайн сарын хүүг төлөх хэмжээнд ч хүрэх мөнгө биш. Ингэж үр дүнгүй зүйлд зарцуулж байхаар хүүхдийнхээ мөнгөнд нэмээд өгчихсөн бол дээр байсан юм. Энэ мэтчилэн хүүхдийн мөнгө олгох олон боломж бий. Төсвийн давсан орлого болох 780 гаруй тэрбум төгрөгөөр юу хийсэн юм бэ. Ямар бүтээн байгуулалт өрнүүлэв. Тэр мөнгөөр хүүхдийн хэдэн ч удаагийн мөнгө тавьж болохоор. Гэтэл ямар ч үр дүнгүй цацаад дууссан.

-Нийгмийн анхаарлын төвд орсон нэг сэдэв бол Оюу толгой байна. Энэ төслийг нэг хэсэг нь гацаая, зогсооё гэх юм. Нөгөө талдаа гэрээнд нь алдаа мадаг байгаа бол засаад төслийг явуулах ёстой гэж байна. Харин та ямар бодолтой байна вэ?

-Манайхан нэг зүйлд хандахаараа хэтэрхий туйлширдаг. Оюу толгойн гэрээг анхнаас нь шүүмжилж байсан цөөн хүний нэг бол би. 2009 онд Их хуралд орж ирчихээд Их хурлын тогтоол шийдвэр гарах гэж байхад нь эсэргүүцэж, тэмцэж байсан цөөн хэдэн гишүүний нэг нь байсан. Тухайн үед Оюу толгойн гэрээг ТЭЗҮ-гүй баталчихсан. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, эргэн төлөх хэмжээ тодорхойгүй байсан. Үүнээс болж өнөөдрийн бүх будлианы эх үүсвэр тавигдсан. Миний санаж байгаагаар анхны хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр орчим тэрбум ам.доллар гэж байсан. Өнөөдөр долоон тэрбум давчихжээ. Цаашид хэд ч болж өсөх юм билээ. Миний авсан мэдээллээр хөрөнгө оруулалтыг тооцохдоо техник, тоног төхөөрөмжийн хэлбэрээр орж ирж байгаа хөрөнгөнд манайх бодит үнэлгээ хийх чадвар дутаад байх шиг. Дээрээс нь мөнгөн хэлбэрээр орж ирж байгаа хөрөнгө оруулалт нь дандаа зээл хэлбэрээр орж ирж байна. Тэрэнд хүү тооцож байна. Тооцсон хүү нь дахиад л анхны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна. Монголын тал хэзээ Оюу толгойгоос хувь ашгаа хүртэх юм бэ. Өнөөдөр тэндээс олборлож байгаа эрдэс баялаг нь хэдэн хувийн агууламжтай алт, мөнгө байгааг хэн ч судалж тогтоож чадахгүй байна. Зүгээр угаагаад, шуудайлаад гаргаж байгаа. Хилийн цаана судалгаа хийдэг гэсэн. Оюу толгойн ашигтай гэрээ үнэхээр үр дүнтэй, ашигтай гэрээ мөн үү. Үүнд авах, гээхийн ухаанаар хандах ёстой. Манайхан хэт туйлшраад зогсооно, хөөнө гэж байна. Миний хувьд төрөөс тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Олборлолт, борлуулалт, татвар дээр тавих хяналтаа сайжруулмаар байна. Бас гэрээнийхээ үр дүнг авч үзмээр байна. Ийм эрх бидэнд бий шүү дээ.

-Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг одоо болтол хуралдаагүй байгаа юм биш үү?

-Санаатай, санаандгүй янз бүрийн нөхцөл байдал үүсээд хуралдахгүй байж байна л даа. Ер нь ганц Оюу толгой ч биш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр, байгууллага дээр тавих төрийн хяналтыг эргэж харах хэрэгтэй. Ингэж чадвал уул уурхайгаас одоо орж ирж байгаа бодит орлогыг 4-5 дахин нэмэгдүүлэх боломжтой. ОУВС-гаас ч зээл авах шаардлагагүй болно. Монгол Улс жинхэнэ утгаараа эдийн засгаа бие даагаад аваад явах чадамжтай. Харамсалтай нь өнөөдөр зүй бус гэрээ хэлцлүүд, хууль зөрчсөн аливаа асуудлууд, төрийн эрх мэдэлтнүүдийн эх орноо хоёрдугаарт тавьж, гадныхныг нэгдүгээрт тавьдаг зусарган зуйварч байдлаас болж байна. Дээр нь нам дамжсан, үндэстэн дамжсан олигарх бүлэглэлүүдийн идэж уудаг байдлыг хазаарлаж, зогсоох ёстой. Тэгж байж Монгол Улс хөгжлийн замдаа орно. Баялгаа хянаж чадахгүй, эзэмшиж чадахгүй, зарцуулж чадахгүй улс яаж хөгжих юм бэ.

-Ард түмэн төрийн эрх барьж байгаа үйл ажиллагаанд бухимдалтай байна. Иргэдийн бухимдал дээр дөрөөлж, бослого тэмцэл, цус асгарсан хувьсгал хийе гэсэн уриалга сошиал сүлжээнд их давалгаалах болжээ. Энэ байдлыг та хэрхэн харж байна?

-Өнөөдөр нийгмийг аливаа тогтворгүй бай-далд уриалагчид бол дотоод, гадаадын зохион байгуулалттай нөхдүүдийн явуулгыг гардан гүйцэтгэж байгаа хүмүүс бөгөөд тэд нийгмийг турхирч байна. Хүчирхийллээс хэзээ ч сайн зүйл гардаггүй. Аливаа асуудлыг ойлголцож, зөвшилцөж, энхтайвны замаар шийддэг болохоос биш, хүчирхийллээр шийднэ гэж ерөөсөө байхгүй. Өнөөдөр хүчирхийллээр шийддэг байсан юм бол Сири асуудлаа яагаад шийдэхгүй байгаа юм. Дундад Азийн олон орон өнөөдөр юу болж хувирав. Дэлхийн улс орнууд зэвсэгт тэмцэл өрнүүлээд сайн үр дүнд хүрч байгаа нь хаана байна. Тэнд хэдэн зуун мянгаараа хүний амь үрэгдэж, хагацлын зовлонд унаж байна. Хөгжил нь хэдэн арван жилээр ухарсаар байгаа. Магадгүй зарим улс орон бусдын хоол болох л зам руугаа явж байна. Украйн, Ливи, Сири, Египет, Латин Америкийн орнууд байна. Тиймээс өнөөдөр зэвсэгт тэмцэлд уриалаад байгаа хүмүүс Монгол Улсын сайн сайхан тусгаар тогтнолын төлөө дуугарч байгаа хүн гэж харахгүй байна. Бид чинь төртэй, хуультай улс шүү дээ. Сонгуулиар төрөө өөрчлөх өчнөөн боломж байгаа. Сонгуулиар аль улс төрийн хүчин, хэнийг дэмжихээ сайн бодох ёстой. Ер нь монголчуудыг тэмцье, цус асгаруулъя гээд бичээд, уриалаад байгаа хүмүүс дандаа хилийн чандаас өдөөн хатгаж байна. Энэ бол нийгмийн амгалан тайван байдал, аюулгүй байдлыг алдагдуулах гэсэн өдөөн хатгалт. Өнөөдөр Монгол дотроо байлдлаа гээд хэн хожих юм бэ. Магадгүй үүнийг хүссэн гадны улс байгаа ч юм бил үү. Бодох л ёстой асуудал.

-Нийгэмд баячуудыг үзэн ядуулж, ард түмнийг турхираад байх шиг?

-Энэ бол хуучин коммунист, социалист онолууд. Тэр үед нударган баячуудыг устга гэдэг байсан уур амьсгал өнөөдөр явж байна.Яахаараа хүн өөрийнхөө хүчээр баялаг бүтээгээд, яагаад баян тансаг амьдарч болдоггүй юм бэ. Хулгай хийсэн байдаг юм бол тэрийг нь нотлоод хуулийн хариуцлага хүлээлгэх л ёстой. Шударгаар хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг буруутгаж болохгүй. Өнөөдөр дундаж давхаргынхныг машин уналаа, байранд амьдарлаа, ганган хувцас өмсч, сайхан хоол идлээ гэж буруутгах юм уу. Хүний амьдралын зорилго шүү дээ. Өнөөдөр ядуу л бол шударга байх юм шиг ойлголтыг нийгэмд өгч талцуулж байна. Үнэн хэрэгтэй ингэж уриалаад байгаа хүмүүс баян тансаг амьдралтай байгаа даа.

-Ингэхэд та өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хурал дээр О.Баасанхүү гишүүнтэй маргалдаад байсан. Яагаад тэгж бухимдахад хүрэв?

-Хүн хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Ямар ч үүрэг хариуцлага хүлээдэггүй, сул гишүүн хэн дуртай руугаа дайрч, довтолж байдаг. Хэн дуртайгаа шүүмжилж байдаг. Нийгэмд дандаа буруу үлгэр дууриалал харуулж байдаг. Тэрийг нь зарим гишүүн өөгшүүлээд, О.Баасанхүү мундаг баатар гээд хөөргөөд байх юм. УИХ-ын гишүүн хүнд хуулиар хүлээж байгаа үүрэг, ноён нуруу, жудаг гэж бий шүү дээ. Тэрийгээ бодож аливаа зүйлийг ярих ёстой. “Парламентад суудалтай хоёр нам руу нулимж байвал би нийгэмд нэмэх оноо авна” гэдэг хандлагаар асуудалд хандаж байгаа юм бол туйлын буруу. Монголын ард түмний сонгоод гаргаж ирсэн парламентын гишүүд рүү хэн дуртай нь дайрдаггүй юм. Тэр бол сонгогчдын сонголт руу нулимж байгаагаас өөрцгүй. Манайхны зарим нь төр рүү нулимж, төрийн албан хаагчдыг гутааж байвал өөрийгөө баатар мэтээр харагддаг гэж боддог. Үгүй шүү дээ. Монгол хүн төрөө дээдэлж, төрөө хүндэлдэг ёс зүйтэй байсан. Тийм ч учраас төрт ёсны уламжлалыг дээдэлдэг. Нэгэнт сонгосон бол хариуцлага нэхэж, тооцох нь ойлгомжтой. Гэхдээ хэн нэгнийг доромжилж, гутаах замаар биш.


Categories
мэдээ нийгэм

Ууртай жолоочийн жолоодох эрхийг хасжээ

Замын хөдөлгөөнд оролцож байхдаа эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан 37-05 УБД дугаартай ‘Приус’ маркын автомашиний жолоочийн бичлэг олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Тэрбээр эл үйлдлээ “эмэгтэй надад шаардлагыг буруу тавьсан, би шаардлагыг зөвөөр хүлээж авч чадаагүй” хэмээн тайлбарлажээ.

Үүнийхээ дараа тэрбээр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо Жуулчины гудамж, Урт цагааны замд хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон байна. Тиймээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч, тавин нэгжээр торгож арга хэмжээ тооцсон талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хур тунадас орно

-Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч хүчтэй шороон шуургатай, нутгийн баруун хагаст сэрүүхэн байхыг онцгойлон анхааруулж байна-

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 17-19 градус дулаан, оройдоо эрс сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.

Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 6-11 градус, Алтайн өвөр говь болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Халх голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутггаар 26-31 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн өдөр

Өнөөдөр Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярын өдөр тохиож байна.

Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо тогтоосон 1921 оны ардын хувьсгалын дараахан буюу 1925 онд хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй билээ. Шинэ үеийн зохиолч, яруу найрагч Д.Нацагдорж энэ байгууллагын анхны удирдагч байсан бөгөөд “Бүхий олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулж улс орныхоо хөгжлийн төлөө эв саналаа нэгтгэн ажиллаж ирсэн түүхэн замнал бий.

Энэ өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөнө. Мөн энэ түүхт ойн хүрээнд хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлэх бол, “Би хариуцлагатай аав, ээж” зөвлөгөөнийг Монголын хүүхдийн ордны Их танхимд тус тус зохион байгуулна.
Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй юм.

Монголын хүүхдийн байгууллага нь,

  • 1925-1940 онуудад Монголын пионерийн байгууллагын төв товчоо
  • 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл
  • 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар
  • 2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр ажиллаж байгаа юм
Categories
мэдээ цаг-үе

Н.Энхжаргал: Төрөх эхчүүд сэтгэл зүйгээ л сайн бэлдэх хэрэгтэй

21 настай Н.Буянхишигийн хүүг Н.Энхжаргал эмч эх барьж авлаа. 2018.04.30

Ирэх тавдугаар сарын 05-ны өдөр Олон улсын эх баригчдын өдөр тохиож буй юм. Энэ жил 12 дахь удаагаа зохиогдох гэж буй уг өдрийг манай улс “Эх баригчид тусламжийн чанараараа бусдыг дагуулна” уриатайгаар тэмдэглэх гэж байна. Тиймээс Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа. Нялх хүүхдийн дуу цангинасан энэхүү тасагт хоногт дунджаар 30-40 эх амаржиж буй бөгөөд үдийн 12.00 цагийн үед биднийг очиход дөнгөж төрсөн зургаан нярай, хэдхэн минутын дараа төрлөө гэх тав, зургаан ч эх дуншиж байв. 18 настай анхны төрөлтөөс эхлээд 40 гаруй настай дөрөв дэх төрөлт гэх мэт эхчүүд байх аж.

Анхны төрөлт ихэвчлэн олон цаг өвдөж, савны амсар аажмаар нээгддэг бол, давтан төрөлтүүд арай бага зовиуртай байдаг бөгөөд төрөх явц нь илүү хурдан явагдах талтай гэнэ. Мөн хөдөө орон нутгийн харьяат эмэгтэйчүүд болон улсын хэмжээний бүх хүндрэлтэй, эмгэгтэй төрөлтүүдийг энэ тасаг хариуцан ажилладаг байна. Тиймээс ихэнх нь хийсвэр хагалгаагаар төрсөн гэх мэт асуудалтай эх нярай байх аж. Өөрөөр хэлбэл, хүнээс хүн төрөх хамгийн чухал үеийн хүнд төрөлтүүдийг улсын хэмжээнд энэ тасгийн эх баригч нар хариуцаж байна. Биднийг сурвалжлагаа бэлтгэж байхад 21 настай Н.Буянхишиг амаржихаар, төрөх орон дээр гарлаа. Тус тасгийн ахлах эх баригч Н.Энхжаргалаар ахлуулсан нярайн эмч, сувилагч, асрагч гэх мэт бүрэлдэхүүнтэй баг ажиллаж эхлэв. Эх баригч төрөлтийг ерөнхийд нь удирдаж, эхийн амьсгал, дүлэлт зэргийг удирдан зааж, сэтгэл санааг нь дэмжиж, аль болох урамшуулан зааварлаж, бүх оюун санаа, ур чадвараа төвлөрүүлэн эх барих ажилдаа шамдах аж. Хүндрэлтэй төрөлтийн үед бол үүнээс ч олон баг бүрэлдэхүүнтэйгээр эх барьдаг гэнэ. Н.Буянхишиг анхны төрөлт гэхэд эмч нарынхаа үгэнд сайн орж, зөв дүлж, амьсгалж байсан бөгөөд бие нь харьцангуй эрүүл байсан болоод ч тэр үү дүлэлт өгч эхэлснээс хойш бараг л таваас, зургаан минутын дараа төрж, нуган хүү дуугаа хадаан мэндэллээ.

Эх баригч эмч ямар мундаг хүү вэ, ямар мундаг ээж вэ, яасан мундаг юм бэ, гэх мэтээр урамшуулсаар байгаад л хүүг эх барин авч, эхийнх нь хэвлий дээр тавьж байгаад хүйг нь хайчлаад, даавуугаар зунгагийг нь арчаад, малгай өмсүүлэн, нимгэн даавуугаар хөнгөн ороогоод авах аж.

Эх хүүгээ амлуулчихаад төрөх орон дээр цаг 30 минутын турш хүүтэйгээ хамт байгаад, дараагийн 30 минутад нь цай шөлөө уучихаад, хоёр цаг болсны дараагаар төрсний дараахь тасагт шилждэг байна. Төрсний дараахь тасагт 24 цаг болоод хүүхэд зохих вакциндаа хамрагдаад гэртээ гардаг байна. Эмнэлгийн салбарын хамгийн хариуцлагатай, хүнд салбарт хүчин зүтгэж буй энэ эмч нарын сарын цалин ердөө 500-600 мянган төгрөг л байдаг ажээ. Үдийн 13:24 цагт төрсөн Б.Буянхишигийн хүүг эх барьж авсан ахлах эх баригч Н.Энхжаргал энэ тасгийн хамгийн туршлагатай, олон жил ажиллаж байгаа бөгөөд бусдын хүндэтгэлийг хүлээсэн нэртэй эмч аж. Н.Энхжаргал эх баригч 1971 онд Улаанбаатар хотод төржээ. Түүний аавыг Нямбуу, ээжийг нь Дуламсүрэн гэдэг байна. Н.Энхжаргал 1987 онд наймдугаар ангиа төгсөөд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд элсэн орж 1991 онд эх баригч бага эмчээр төгсчээ. Тэрбээр эх баригч хэмээх онцгой сайхан мэргэжлийг эзэмшсэн гэдгээрээ бахархдаг. Эмчийн мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ дурлаж ажилладаг гэж байв. Хүүхэд төрөөд уйлах чимээ, шинэ хүнээ хүлээн авсан эх хүний сэтгэл гэдэг ямар сайхан болохыг үгээр илэрхийлэхийн аргагүй гэж байлаа. Хүнээс хүн төрнө гэдэг хүний амьдралын хамгийн агуу зүйл учраас эрчүүд маань эмэгтэйчүүдээ хайрлах ёстой шүү гэж хэлмээр байна гэж байв.

Төрөх тасгийн өдрийн ээлжнийхэн

Тэрбээр ярихдаа “1991 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд жаахан охин эмч болон очиж байлаа. Ажиллах хугацаандаа эхчүүдээ төрүүлнэ, дуудлагадаа явна, амбулаторио ч үзнэ цаг наргүй ажилладаг байлаа. Хоёр хүүхдээ цоожлоод нөхөртэйгөө дуудлагад ч явдаг үе байсан. 2000 онд Улаанбаатар хотод шилжин ирж ЭНЭШТ гэж байхад хүлээн авах, дутуу төрөлтийн тасагт эх баригчаар, 2010 оноос одоог хүртэл төрөх тасагт эх баригчаар ажиллаж байна. Одоогоор 6200 орчим хүүхэд эсэн мэнд эх барьж авсан. ЭХЭМҮТ-ийнхэн маань маш чадварлаг хамт олон. Улсын хэмжээний бүх л хүндрэлтэй төрөлтүүдийг хүлээн авч III шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Төрөх тасаг нийт 34 ажилтантай. Үүнээс таван эмч, нэг ахлах эх баригч, 18 эх баригч, 10 асрагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа, ахлах эх баригч Д.Насантогтох бусад мэргэжил нэгт эх баригч, сувилагч мөн асрагч нартаа маш их баярлаж явдаг. Жил болгоны тавдугаар сарын 05-ны олон улсын эх баригч нарын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Монгол Улсын мэргэжил нэгт бүх эх баригч нартаа олон улсын Эх баригч нарын баярын мэнд хүргэе. Ажлын амжилт, эрүүл энхийг хүсье” гэлээ. Тэрбээр 2003 онд байгууллагын аварга, ЭМЯ жуух, 2012 онд эмнэлгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнуулжээ. Эх баригчийн ажил нэг хүний ажил бус багийн ажил учраас эх барихын эмч, нярайн эмч, сувилагч, асрагч бүгд оролцдог гэдгийг мөн яриандаа онцолж байлаа.

Эх баригч Н.Энхжаргалаас дараахь зүйлсийг тодруулж ярилцлаа.


-Таныг ахлах анги төгсч байхад эмчийн сургууль авах амаргүй ажил байсан уу?

-Шалгалт өгөөд, 80 хэдэн хүүхдээс эхний зургаад ороод л Анагаахын дундад сурч байсан. Хичээл номоо сайн судалдаг, хичээнгүй хүүхэд байлаа. Сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд томилогдон ажлын гараагаа эхэлсэн. 1991 оноос хойш тасралтгүй эмчээрээ ажиллаж байна. Намайг сумын эмч болоод очиж байхад мэргэжлийн эх баригч эмч байхгүй, бүгдийг нэг эмч л гардаж хийдэг байлаа. Тиймдээ ч нэлээд, туршлагажиж, дадлагажиж байсан юм. Нэг дуудлагаас, нөгөө дуудлагад явна. Тэр үедээ хүнд хэцүү байна гэж бодож байгаагүй, залуу насныхаа эрч хүчээр л давсан даа. Нэг бол айх шиг, нэг бол өөрөөрөө бахархах шиг болдог. Одоо бол цаг өөр болсон, мэргэжлийн их эмчгүй газар хүн төрүүлэхээ больсон.

-Тухайн үед цаг үе ямар байв. Эхийн эндэгдэл гарч байсан уу?

-Тухайн үед хөдөө тайван амгалан, нийгэм эрүүл байлаа. Намайг есөн жил ажиллаж байх хугацаанд эхийн эндэгдэл гарч байгаагүй. Эх, нярайн эндэгдэл гарвал улсын хэмжээний маш том асуудал үүсдэг байсан үе. Их эмчгүй газар эх баригч хийж байхдаа эндэгдэл гаргаж байгаагүйдээ их баярладаг. Тухайн үед хүмүүс стрессгүй, эмч хүнийг ихэд хүндэтгэдэг, сайхан харилцаа хандлагатай байлаа.

Одоо бол зарим эхчүүд бухимдаж, эмчээ загнана. Гэхдээ хичнээн бухимдаж төрсөн ч хүүхэд төрөөд л чарлахад бид нарын стресс ч арилна, ээжүүдийн бухимдал ор мөргүй болно. Хүүхэд төрсний дараа бүгд өөрийн эрхгүй тайвширцгаадаг. Тэгээд л ээжүүд, та нар чинь ямар агуу ажил хийдэг гоё хүмүүс вэ, ёстой их баярлалаа уучлаарай гэнэ. Төрөх эхчүүд хамгийн түрүүнд төрөхийн өвдөлтийг тооцоолсон, сэтгэл зүйгээ бэлдсэн байх хэрэгтэй. Сэтгэл зүй хамгийн чухал. Төрөх гэдэг бол өвчин биш, биологийн процесс учраас хүүхэд төрөөд л өргөс авсан юм шиг болдог юм шүү дээ.

-Та гадаад явж гурван жил болоод ирсэн гэв үү?

-Амьдралын шаардлагаар гэр бүлээрээ Чехэд нэг жил, Шведэд хоёр жил болчихоод ирсэн. Цалингаараа байр орон авах боломжгүй цаг үе хэцүү байсан болохоор байр оронтой болохын тулд гадаад руу явж ажил хийгээд ирсэн. Гэхдээ Монголоо, хамт олноо, үр хүүхдээ их санасан. Хичнээн өндөр хөгжилтэй оронд байлаа ч гэсэн Улаанбаатараа санадаг юм байна лээ. 1997 онд яваад 2000 онд ирэхэд манай улс гуравхан жилд маш их хөгжөөд өөр болчихсон санагдаж байлаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 08-нд болох үйл явдал

08.30 цагт ШУТИС-ийн төв байранд “Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц-2018” чуулган болно.

09.00 цагт МҮЭСТО-нд “Боловсролын салбарын төсвийн өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт МҮОХ-нд “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн шүүгчдэд зориулсан сургалтын нээлт болно.

09.00 цагт СЗХ-нд “Хувь хүний санхүүгийн мэдлэг олгох сургагч багш”-ийн сургалтын нээлт болно.

09.30 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн” болно.

10.00 цагт Офицерүүдийн ордонд БХЯ-наас зэвсэгт хүчний салбарт зохион байгуулж буй Монгол бичгийн уралдааны нээлт болно. Утас: 99197672

10.30 цагт Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр дэх Модлог ургамлын цэцэрлэгт Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслол болно. Утас : 99052512

11.00 цагт Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд ОХУ, Беларусь болон БНКазУ-ын Элчин сайдууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Граунд Гольфийн тэмцээн”-ий нээлт болно.

11.00 цагт “Моннис” цамхагт иргэний нийгмийн байгууллагууд Оюу толгойн 51 хувийг Монголын талд өгөх шаардах бичгийг тус компанийн удирдлагуудад хүргүүлнэ. Утас:881171757, 99191388

12.00 цагт Анкор төвд “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 88006971

12.00 цагт МУЗН-ийн байранд Дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ёслол болно.

12.00 цагт УДЭТ-ын гадна талбайд сувилагч, эмнэлгийн ажилтнууд жагсаал зохион байгуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “B” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид тавих зорилт” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн хүрээнд

10.00 цагт Хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

11.30 цагт Монголын хүүхдийн ордонд Хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөн болно.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Орчин цагийн түүхэнд улс төрийн шийдвэр гаргасны төлөө Ерөнхий сайд аснуудаа хорьж байсан түүх байхгүй

Саяхан Монгол Улсын 2017 оны ТОП 100 ААН-ийг тодрууллаа. Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 5.3 хувиар өсөв. 2016 онтой харьцуулахад 2017 онд ТОП 100 ААН-ийн улсад төлсөн татварын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 2.6 их наяд төгрөгт хүрчээ. Тэдний төлсөн татвар улсын төсвийн 40 хувийг бүрдүүлсэн байна. Энэ талаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.


-ТОП 100 ААН-ийн шалгаруулалтыг та Баялгийн баяр гэж нэрлэсэн байна.

-ТОП 100 ААН-ийг шалгаруулах ажиллагаа сүүлийн гурван жил цэвэр статистик үзүүлэлтээр шалгарч байгаа. Сүүлийн жилүүдэд Төрийн ордонд хийдэг болсон нь төрөөс бизнесмэнүүддээ үзүүлж байгаа хүндэтгэл гэж ойлгож болно. Манай баялаг бүтээгчид өнгөрсөн жил үнэхээр амжилттай ажилласан. Энэ утгаараа ТОП 100 шалгаруулах ажиллагаа бол “Баялгийн баяр” мөн л дөө.

-ТОП 100 ДНБ-ий 93 хувийг үйлдвэрлэдэг юм уу?

-Тийм. Энэ компаниудын орлого нэмэгдэхээр тэр хэрээр бусад жижиг компаниудын нийлүүлэлт нэмэгдэнэ. Тэр хэрээр ажлын байр, цалин баталгаатай хадгалагдаад зогсохгүй, нэмэгдэнэ.

-Гурван жилийн өмнөхөөс энэ жил ТОП 100-гийн бүтэц өөрчлөгдсөн үү?

-Энэ жил уул уурхай сэргэсэнтэй холбоотойгоор хэд хэдэн уул уурхайн компани шинээр орж ирсэн. Хямралын жилүүдэд бол уул уурхайн компаниудын олонх нь сураггүй болж байсан. Тэр үед үйлчилгээ, хөдөө аж ахуй гэх мэт бусад салбаруудаас түлхүү орж байсан. Өмнөх жилүүдэд арван сая тонн нүүрс олборлож байсан бол өнгөрсөн жил 30 гаруй сая тонн нүүрс олборлосон. Ингэхээр уул уурхайн компаниуд олноор орж байгаа юм.

-ТОП 100-гаас олон юм харж болох байх. Эдийн засаг солонгорох шинж тэмдэг харагдана уу?

-Байна. Тогтмол шалгардаг арван хэдэн компани байдаг. Тэд маань, худалдаа, үйлчилгээ, хүнсний компаниуд байгаа. Ийм компаниудын ашиг, алдагдал савлагаа багатай байдаг. Жишээлбэл, Энержи ресурс нэг хэсэг сураггүй байж байгаад сая орж байх жишээтэй. Зөвхөн татварт гурав гаруй их наяд төгрөг өгсөн чинь цаанаа бас тодорхой ашиг үлдэж байгаа. Тэр мөнгөө хөдөө аж ахуй, газар тариалан гэх мэт өөрийгөө нөхдөг салбар луу оруулах байх. Ер нь бол жил бүр шинээр 15-18 компани ТОП 100-д орж ирдэг. Энэ хөдөлгөөнөөс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг харж болно.

-Олон жил тэргүүлсэн компани хэр их байна?

-Ер нь тогтмол ТОП 100-д шалгардаг 60-аад компани байдаг. Энэ компаниуд эдийн засагт хамгийн нөлөө бүхий, татварын бааз суурь нь найдвартай компаниуд гэж харагдаж байгаа юм. Мөнгө, санхүү муутай үед банкууд тэргүүлдэг байсан бол өнөөдөр үйлдвэрлэлийн компаниуд хүчтэй түрж орж байна. 2017 оны ТОП 100-д уул уурхай, банк санхүүгийн 30 компани л байна. Энэ бас эдийн засгийн бүтэц нааштай өөрчлөгдөж байгаа нэг үзүүлэлт.

Эрдэнэс Таван толгой ХК, Таван толгой ХК, Энержи ресурс компаниудын эзэмшиж байгаа хөрөнгө ялгаатай боловч ашиг, орлого хол зөрүүтэй байна. Саяхан Энержи ресурс-ын захирал Г.Батцэнгэл намайг захирлын ажлыг арван жил хийж байхад Эрдэнэс Таван толгой-н захирал арван удаа өөрчлөгдсөн гэсэн ярилцлага өгсөн байна.

-Тэр хүн өөрийн ажлын туршлагаас ярьж байгаа байх. Би харин “Эрдэнэс Таван толгой”-н захирал өөрчлөгдөж байгаа бол шинэ Ерөнхий сайдтай болжээ гэж ойлгодог. “Таван толгой” ХК орон нутгийн болон хувийн өмчит компани. “Энержи ресурс” бол 100 хувь хувийн өмч. Харин “Эрдэнэс Таван толгой” ХК 100 хувь төрийн өмч. “Энержи ресурс” нүүрсээ олборлоод, боловсруулаад, тээвэрлээд зах зээлийн үнээр зарж байхад “Эрдэнэс Таван толгой” нүүрсээ уурхайн аман дээрээс маш хямдхан зараад сууж байгаа юм.

-ТОП 100-д төрийн өмчийн компаниуд байна уу?

-16 компани бий.

-Тэд хэр татвар төлсөн бол?

-1.8 их наяд буюу 60 орчим хувийг төлсөн. Энэ компаниуд манай эдийн засагт маш их нөлөөтэй компаниуд. Энэ компаниудын менежмэнтийг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл бүр орлого нэмэгдэнэ. Гэхдээ одоо зүгээр суугаагүй байх. Эрх мэдэл бүхий албан тушаалтны ярьснаар төрийн өмчит компаниудыг хувьчлах, хувьцаат компани болгох талаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ ажлаа түргэвчилбэл улс орны эрх ашигт улам л сайнаар нөлөөлнө.

-Хөрөнгө оруулалтаа нөхсөн Эрдэнэт-ийн татвар нэг төгрөгийн ашигтай ажиллаагүй Оюу толгой-той харьцуулахад арай л бага биш үү?

-“Оюу толгой”-н нөөц “Эрдэнэт”-ийнхээс хоёр дахин том л доо. Та статистикийн таван үзүүлэлтийн нэг болох ашгийн хэмжээний үзүүлэлтийг ярьж байх шиг байна. Үнэхээр энэ үзүүлэлтээр “Оюу толгой” хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн. Учир нь “Оюу толгой” ашиг олох нь бүү хэл, хөрөнгө оруулалтаа нөхөөгүй. Гэхдээ ажилласан өдрөөсөө эхлээд бүх татвар хураамжаа төлөөд явж байгаа. Арван жилийн дараа “Эрдэнэт”-ийн нөөц бас л асуудалтай болно.

Оюу толгой-н гэрээ байгуулсан сайд нар асуудалд ороод байна. Үүнийг юу гэж харж байна?

-1997 оноос өмнөх ашигт малтмалын хуулиар бид “Бороо гоулд”-д чадуулчихсан. Тодорхой хугацаанд татваргүй байх гэрээ байгуулсан. Гэтэл нөгөөдүүл чинь татваргүй байх хугацаандаа бүх алтаа гаргачихсан. Үүнээс үүдээд иргэний хөдөлгөөнүүд тэмцэл өрнүүлсний хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийн ачаар өнөөдөр “Оюу толгой”-гоос бүх татвараа авч байна. “Оюу толгой”-н гэрээ байгуулах үе бол маш хүнд, хямралтай үе. Гэрээ байгуулах эрхийг УИХ сайд нарт олгосон. Гэрээ байгуулсан нь улс төрийн маш том зориг. Энэ гэрээг байгуулсан асуудалд сайд нарыг буруутгаж болохгүй. Гэрээ байгуулахдаа цаана, наана нь буруу юм хийсэн байдаг юм бол тэр нь тусдаа асуудал. Гэрээ бол улс төрийн шийдвэр. Тэр тусмаа өнөөдөр ашигтай гэдэг нь олон зүйлээр батлагдчихаад байхад.

-Хуулиар Оюу толгой-н хөрөнгө оруулалтыг хэн шийдсэн бэ?

-Тухайн үеийн хуулиар стратегийн хөрөнгө оруулалт 300 сая ам.доллараас дээш бол УИХ, 100 сая ам.доллараас дээш бол Засгийн газар шийддэг байсан.

-Дубайн гэрээнд хэн нэг нь буруутай юу?

-2013 онд эдийн засаг дахиад л хүндэрсэн. Өмнө нь дөрөв гаруй тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт байсан бол тухайн үед хасах 200 болтлоо буурсан. Нэгэнт хөрөнгө оруулалт буурахаар эдийн засаг хямарна. Хөрөнгө оруулалт татахын тулд өмнө нь УИХ шийддэг байсан асуудлыг Засгийн газарт олгосон. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхээ Засгийн газар эдэлсэн. Энэ гэрээ бас л хүнд үед аминд орсон. Улс төрийн шийдвэрийг буруутгахаас өмнө тухайн үеийн нөхцөлийг сайтар судлах хэрэгтэй.

-Ерөнхий сайдуудыг олон юманд буруутгадаг. Энэ удаагийнх шиг цагдан хорьж байсан тохиолдол байна уу?

-Хамгийн сүүлд Ж.Батмөнх даргыг албан тушаалаас нь буулгаж байсан. Түүнээс өмнөхүүдтэй нэлээд хатуу үздэг байсан. Гэхдээ манай Ерөнхий сайдуудын улс төрийн шийдвэртэй оросууд л хатуу хариуцлага тооцдог байсан. Орчин цагийн түүхэнд Н.Энхбаяртай хариуцлага тооцож байсан. Гэхдээ улс төрийн хэргээр бус эрүүгийн хэргээр. Орчин цагийн түүхэнд улс төрийн шийдвэр гаргасны төлөө Ерөнхий сайд аснуудаа хорьж байсан түүх байхгүй. Тухайн үедээ буруу гэж байсан шийдвэр хожмоо маш зөв шийдвэр байсан тохиолдолд цөөнгүй бий.

-Жишээлбэл?

-Д.Бямбасүрэн гуайн XX тогтоол. Иргэд маш их буруутгаж байсан боловч картын бараанаас ганц жилийн дотор ангижруулсан. М.Энхсайханы гаалийн татварыг тэглэсэн, татварыг бууруулсан шийдвэр хүн бүрт ганзагын наймаанд явж, анхны хөрөнгийн хуримтлалтай болж, өнөөгийн том компаниудын суурийг тавьсан. Тухайн үед Азийг хямарсан том хямрал болж байсан. Монголчууд тэр хямралыг мэдрэхгүй өнгөрсөн. Н.Энхбаяр эгзэгтэй үед их өрийг тэглэх асуудлыг шийдсэн. Их хэмжээний өртэй улсад хэн ч хөрөнгө оруулахгүй. М.Энхболд дөрвөн аравтын татварын бодлогыг хэрэгжүүлсэн. С.Баяр “Оюу толгой”-н гэрээг байгуулсан. Энэ бүхний үр дүнд 2009 оны дэлхийн хямралыг бид ажрахгүй давсан. Орчин цагийн түүхэнд манайд тохиолдсон хамгийн хүнд үед Ерөнхий сайд нар тухайн үедээ шаардлагатай улс төрийн зоримог шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ шийдвэрүүдээс Монголд нэг их гай тарьсан шийдвэр байхгүй гэж бодож байна. Ерөнхий сайд өөрийн цаг үеийн хамгийн хүнд асуудлыг шийдэхийг эрмэлзэж алдаа гаргах тохиолдол байдаг. Жишээлбэл, П.Жасрай гуайн үед дэд бүтцийн асуудал хамгийн хүнд байсан. Түүн дотроо холбоо, харилцааны асуудал. Аргаа ядаад манай Ерөнхий сайд “Айбекс”, “Молам” нэртэй гадны компаниудад агаарын орон зайгаа 99 жилээр түрээслэх шийдвэр гаргаад, цуцалж байсан.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Өдгөө дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг угтан олон улсын Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллага улс орнуудад Хэвлэлийн эрх чөлөө ямархуу хэмжээнд байгаа талаарх судалгааг гаргадаг. 2016 онд Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийн 180 орноос 54 дүгээрт жагсаж байв. Өнгөрсөн он буюу “Хэвлэлийн эрх чөлөөний индекс-2017” тайлангаас харахад Монгол Улс 180 орноос 69 дүгээрт бичигджээ. Энэ нь өмнөх оноос есөн байраар ухарсан үзүүлэлт юм. Өнөө жилийн хувьд мөн л хоёр байраар ухарч 71 дүгээрт эрэмбэлэгдэж. Мөн Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтсан хэвээрээ байна. 1990 онтой харьцуулахад дээрх үзүүлэлт хавьгүй өндөр боловч Хэвлэлийн эрх чөлөөтэй байдал жил бүр муудаж байна. Учир нь Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад улс төрөөс хараат байдал нэмэгдэж байна гэж судлаачид холбон тайлбарлажээ.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн гол зорилго нь чөлөөт хэвлэлийн үзэл санаа, зарчмыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд оршдог. Мөн энэ өдөр албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай юм. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр ЮНЕСКО-гийн захирал дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж илгээлт гаргадаг. Мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжийг одоогоос 250 жилийн өмнө, өнөөгийн Швед, Финланд улсын газар нутагт анх албан ёсоор баталсан байдаг. Харин одоогоос 27 жилийн өмнө Намиби улсад олон улсын сэтгүүлчид өөрсдийн дуу хоолойг нэгтгэхээр цуглан Виндхукийн тунхаглалыг баталсан нь НҮБ-аас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх эхлэлийг тавьсан гэдэг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан үндсэн зарчмуудыг хамгаалах зорилгоор батлагдсанаараа Виндхукийн зарчмууд алдартай юм.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй байдлаар жил бүр ухарч байгааг хэвлэл мэдээллийн байгууллагад улс төрийн нөлөөлөл ихэсч байгаатай холбон тайлбарласныг дээр өгүүлсэн. Үнэхээр манай эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр энэ салбарынханд өвөрмөц содон бэлэг барьдаг муу заншилтай. Тухайлбал, хоёр жилийн өмнө УИХ-аар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байх явцад сэтгүүлчдийг их хэмжээний мөнгөөр торгох, эсвэл баривчлах тухай заалт оруулж байсан нь яг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн өмнөхөн болсон үйл явдал. Мөн одоогоос хэдэн жилийн өмнө яг л Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр кабелийн долоон сувгийг хаасан. Сэтгүүл зүйн 100 жилийн ой буюу 2013 оны гуравдугаар сарын 11-нд Засгийн газраас кабелийн телевизийн есөн сувгийг хааж байлаа. 2008 онд Өвөрхангай аймгийн “Өвөрхангайн сонин” сонины эрхлэгч Б.Жавзансүрэн “Үдийн цай” хөтөлбөр Өвөрхангай аймагт хэрхэн хэрэгжиж буй талаар үнэнийг дэлгэн бичсэнийхээ төлөө тавдугаар сарын 3-нд шүүхээс ял сонсож байв.

Өнөө жил ч гэсэн яаж зүгээр байхав, УИХ-ын чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулахаар хэлэлцэж байна. Ингэснээр нийгмийн сүлжээнд зохицуулалт хийх юм гэнэ. Өөрөөр хэлбэл, хянаж цагдах л гэж байгаа бололтой. Цахим сүлжээ нь нийгэмд бугшиж буй идээ бээрийг шахахад өөрийн хувь нэмрийг тодорхой хэмжээнд оруулсаар байгаа. Нийгмийн сүлжээнд нэр устайгаа тавигдчих вий, бичлэг энэ тэр хийчих вий гээд хүмүүс бүдүүлэг аашлахаас эмээж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн цахим орчинд хариуцлагатай байх гэдэг ойлголт яах аргагүй үгүйлэгдэж байгаа нь үнэн юм. 50 мянган дагагчтай нэгэн өөрийн үзэмжээр хувь хүн, байгууллагын нэр хүндэд халдаж худлаа мэдээлэл цацах, нийгмийг төөрөгдүүлсэн зорилготой мэдээлэл түгээх зэргийг хариуцлагажуулах нь зүйн хэрэг. Гэхдээ өдөр мундсан биш, Монголын төр заавал Хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж боомилох, сэтгүүлчдийн эсрэг хууль гаргах, шүүх цагдах зэрэг үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг нь гайхалтай.

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидтэй холбоотой зүйл биш. Хүний эрхийг, нийт ард түмний эрхийг хамгаалахын тулд л хэвлэлийн эрх чөлөөг онцгойлж үздэг. Мэдээлэлтэй байх хүний язгуур эрх чөлөөг хамгаалахын тулд Хэвлэлийн эрх чөлөөний тухай ярьдаг юм. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол ардчиллын үндэс суурь. Ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Хоёр том гүрний дунд өөрийн эрх ашиг, тусгаар тогтнолоо хамгаалан үлдэх хамгийн зөв бодлого бол ардчилал билээ. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний үр шимийг ард түмэн нийтээрээ хүртдэг юм. Өдөр тутмын мэдээллээс эхлээд хаана шударга бус явдал үүрлэж, хаана хүний эрх зөрчигдөж байгааг хэвлэл мэдээллийн байгууллага л нийгэмд үнэн зөвөөр нь хүргэж байдаг. Монголын түүхэнд хар үсгээр бичигдэх “Долоон сарын 1-ний үймээн”-ээр гэм зэмгүй хэдэн мянган хүн баривчлагдан хоригдсон. Тэднийг хориод эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж эхлэхэд бүгд л “Хэвлэлийнхнийг дуудаач” гэцгээсэн байдаг. Харамсалтай нь, тэр үед бүх хэвлэлийг хаачихсан байлаа. Хэвлэлийн эрх чөлөө гэж ямар үнэ цэнэтай байдгийг тэгэхэд ойлгосон гэж хожмоо тэд ярьсан байдаг.

Долоон сарын 1-ний тэр үетэй харьцуулахад өдгөө цахим, сошиал мэдээлэл хүчтэй хөгжиж байна. Мэдээллийн хурд, хүртээмж зэрэг сайн тал олон бий. Гэхдээ цахим сүлжээ, цахим мэдээлэл хүмүүсийг буруу зүйлд уриалбал ямар хор уршиг дагуулдгийг өнгөт хувьсгалууд харуулж байна. Ийм болохоор сүүлийн үед цахим орчин өөрсдийнхөө нэрийг хугалж эхэллээ. Ямартаа ч цахимаас уншсан мэдээлэлдээ үнэн гэж итгэдэг хүн цөөрч байна. Хүмүүс хэвлэмэл цаасан хэвлэлийг уншиж байж мэдээлэлд бат ноттой итгэдэг гэдэг. Тиймээс цаасан хэвлэл үнэ цэнэтэй, хариуцлагатай байдаг хэмээн судалгаагаар байнга гардаг юм.

Тусгаар тогтнол, ардчилал гэдэг бол ард түмний амин чухал зүйл. Энэхүү амин чухал эрх ашгийг нүд цавчилгүй манадаг манаач нь хэвлэлийн эрх чөлөөг тугаа болгосон хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид юм. Магтуулж, муулуулж есөн өнгөөр хэлүүлсэн ч хүмүүсийн мэдэх эрхийн төлөө гутлаа ханзартал гүйж яваа Та бүхэндээ удахгүй болох дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ядуугаараа их бахархах нь ядуу дорой болохын цондон” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ытэргүүн нүүрт “Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал дэлхийг бүхэлд нь өөрчилнө гэв” хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Ядуугаараа их бахархах нь ядуу дорой болохын цондон” хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Н.Энхболд: Батлан хамгаалахын салбарын хөрөнгө оруулалтыг ДНБ-ий хоёр хувьд хүргэх шаардлагатай хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

М.Линдеманн: Судалгаанд тулгуурласан бүтээлийг Монголын сэтгүүл зүйгээс уншмаар байна хэмээн ярьсныг “Эдийн засаг” нүүрээс хүлээн авч уншаарай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч амралтын өдрүүдээр баруун аймгийн иргэдтэй уулзсан. Энэ талаар “Улс төр” нүүрт “Увс аймгийн иргэд Ерөнхийлөгчид хариуцлага, шударга ёсыг анхаарахыг хүслээ” хэмээн өгүүлсэн байна.

Б.Батдэлгэр: Хэрэгсэхгүй болсон тогтоолоор цагаатгуулж болдоггүй юм уу хэмээн “Энэ тухай” нүүрт өгүүлжээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хорих ангиас захидал бичжээ. Энэ талаар “Баримт үйл явдал” нүүрт Ч.Сайханбилэг: Улс төрийн шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхэлбэл Монголд улс төрийн хоригдлууд л шинээр төрнө хэмээн өгүүлжээ.

Ил задгай худалдаа эрхлэгчдийг хууль ёсны дагуу ажиллахыг сануулав хэмээн “Цаг үе, үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

Ж.Хайрулла: Сувилагч мэргэжилтэн бол агуу их энэрэгчид юм хэмээн ярьсныг “Эмч” булангаас хүлээн авч уншаарай.

“Дэлхий мэдээ” нүүрт В.Путин тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орлоо хэмээн өгүүлжээ

Г.Батчулуун: Бөхийн хорхойтнууд бид барилдаан үзэж стрессээ тайлж, эрч хүчээ авдаг улс хэмээн “Танин мэдэхүй” нүүрт ярьжээ.

“Энэ тухай” нүүрт Л.Уранчимэг: Бүсгүйчүүд Эрдэст ийлдсийг хэрэглээд арьсаа 5-10 насаар залуужуулж байна хэмээн ярьсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн арилжааг түр зогсоолоо

Санхүүгийн Зохицуулах Хорооны хуралдаанаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн нэгж хувьцааг 100 хувааж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан Улсын байцаагчийн өнөөдрийн 34 тоот албан шаардлагаар “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн хувьцааны арилжааг хувьцааны байршуулалт “ҮЦТХТ”-д хийх хүртэлх хугацаанд түр зогсоолоо.