Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг 1,5 сая төгрөгөөр шагнана

Өмнөговьчууд боловсролын салбарын үйл ажиллагааг чанаржуулах, багш сурагчдын мэдлэг мэдээлэл, амжилтыг ахиулах зорилгоор “Оюун хурд”, “Англи хэлтэй Өмнөговь”, “Хүүхэд хөгжлийн түлхүүр” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Багш сурагчдын амжилтыг ахиулахаар улсын чанартай олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтад аймагтаа хамгийн өндөр оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн урамшуулал олгож эхэлсэн байна.

Өнгөрсөн оны ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг 1.5, 760-аас дээш оноо авсан сурагчийг нэг сая төгрөгөөр шагнажээ. 2018 онд уг урамшууллын тогтолцоог үргэлжлүүлэх гэнэ. Ингэснээр багш, сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч, хүссэн сургуульдаа элсэх, өмнөх амжилтуудаа бататгахад дэмжлэг болох гэнэ.

Өмнөговь аймгийн багш сурагчид 2017 оны ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр улсад дөрөвдүгээр байрт жагссан амжилтаа 2018 онд ахиулах зорилго тавьжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн цахилгаан хязгаарлалтын хуваарь

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас шугам тоноглолд урсгал засварын ажил хийхтэй холбогдуулан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчийг түр хязгаарладаг. Өнөөдрийн цахилгаан хязгаарлалтын хуваарийг танилцуулж байна.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Сүхбаатар дүүрэг

11:00-16:00 цагт: 4-р хороо 40-50 мянгатын 15, 15А, Б, 18, 20, 21, 28, 36-38, 40, 42, 44-53, 53А, 53Б, 65-69, 77-р байрууд, 45-р сургууль, 149-р цэцэрлэг, Монгол шуудан 44-р салбар, Өндөр буянт холдинг, Меторо трейд, Хаан бууз, Эко констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй дүүрэг
10:30-17:30 цагт: 15, 16-р хороо Хайлаастын эцэс, Согоотын 52-86, Булагийн 21, Хайлаастын 9-11, Жаргалантын 7-16-р гудамжууд, Нийтийн бие засах газар, Гүнтийн тал, Амирлан трейд, Мон кара ХХК-ууд, Ариун гэгээн сүм, Бизнес инкубатор, Хүүхдийн амбулотори болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол дүүрэг
11:00-18:00 цагт: 10, 11-р хороо Цаг уурын станц, Горькийн гудамж, Зүүн Нарангийн задгай, 10-р хорооны задгай Овоот, Хонхорын гудамжууд

Хан-Уул дүүрэг
00:00-01:00 цагт: 8-р хороо Нисэхийн дэнж, Сонсголон орчмоор
01:00-02:00 цагт: 4-р хороо УСУГ-ын худгууд
02:00-03:00 цагт: 8, 10-р Нисэхийн дэнж орчмоор
03:00-04:00 цагт: 7, 8, 10-р хороо Буянт-Ухаа спортын ордон орчмоор
04:00-06:00 цагт: 5, 6-р хороо Яармаг, Нүхтийн орчмоор
05:00-06:00 цагт: 10-р хороо Буянт-Ухаа спортын ордон орчмоор
06:00-07:00 цагт: 8, 10-р Нисэхийн дэнж орчмоор
11:00-17:00 цагт: 3-р хороо Далай буян ХХК, Петростар ШТС-27, ойр орчмоор

Сонгинохайрхан дүүрэг
10.30-16.00 цагт: 20, 32-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж, Монгол машин, Ихэр гурван цохио, Өвөр харзат, Эмээлт зах, Монгол эко мах, Шунхлай трейдинг ХХК-ууд, Таван толгойн ЦА болон эдгээрийн ойр орчмоор

Налайх дүүрэг
10.00-13.00 цагт: 7-р хороо Бадралын 12-19-р гудамжууд
14.00-17.00 цагт: 1-р хороо Уурхайчны 1-4-р гудамжууд, УБЦТС ТӨХК-ийн Налайх ХҮТ, Цэцэрлэг, Баян Налайх төв

Багахангай дүүрэг
10.00-12.00 цагт: Үнэгтэй гэр хороолол
13.00-15.00 цагт: УСУГ-ын газрын контор, Эрчим хүч, ОБГ
15.00-18.00 цагт: Сургууль, Халамж, Караоке

Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Дандаа улстөржсөн, судалгаа муутай амлалтууд Монгол Улсын хөгжилд сайн зүйл авчрахгүй

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Та Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг ахалж ажилласан. Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг сайжруулах ямар арга замууд байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны ажлын тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн. Мэдээж өнөөдөр байгуулагдаад ололттой, амжилттай зүйлүүд байгаа. Ер нь Монголын санхүүгийн зах зээл дээр ажиллаж байгаа банкны бус салбарын мэргэжлийн холбоодоос санхүүгийн зохицуулах хорооны удирдлагатай холбоотой санал гомдол ирсэн байсан. Үүнийг бид олон талаас нь авч үзсэн. Мэдээж алдаа, дутагдлыг нь засах хэрэгтэй. Нэн түрүүнд Санхүүгийн зохицуулах хороонд хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, мэргэжлийн холбоодуудтайгаа хамтарч ажиллах шаардлагатай. Гуравдугаарт, УИХ-аас томилогдсон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдтэйгээ ажил үүргийн хуваарийг тодорхой болгох шаардлага байна. 2020 он хүртэлх Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох энэ төлөвлөгөөнд заагдсаны дагуу ойрын хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны найман хуулийг шинэчилж УИХ-д өргөн барих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Одоо энэ тал дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Нийтдээ 174 журам байгаа. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлж, нийтээр дагаж мөрдөх журмаа өөрчлөх шаардлагатай.

-Санхүүгийн зах зээлд эзэлж байгаа хөрөнгийн зах зээлийн хэмжээ арав хүрэхгүй хувьтай байгаа гэсэн. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо цаашид хэрхэн ажиллах шаардлагатай юм бэ?

-Ер нь Монгол Улсын хөгжлийн гол гарц нь энд байгаа. Санхүүгийн зах зээлд эзэлж байгаа хөрөнгийн зах зээлийн хэмжээ тун бага буюу ердөө 6-7 хувь байна. Тэгэхээр энэ хувь хэмжээ хөгжилтэй орнуудад 30-40 хувьтай байдаг. Тиймээс манайх хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр системтэйгээр тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой. Санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, зөв бизнес явуулах эрсдэлийг бууруулахын тулд даатгалын чиглэлийн үйл ажиллагаа онцгой ач холбогдолтой. Мэдээж бичил банк гэж нэрлэдэг банк санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын эрх зүйн орчинг нь боловсронгуй болгох шаардлагатай. Энэ болгоныг хамарсан ажлаа эрчимжүүлж, сайжруулах, шилдэг арга барилыг нэвтрүүлэх, дэлхийн чиг хандлагатай нийцүүлэх үүрэг даалгавар өгөгдөөд ажилдаа ороод явж байгаа.

-Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх ямар гарц байна вэ?

-Эхлээд хууль дүрмээ боловсронгуй болгож, сайн санаачилга гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулах ёстой. Бас банкны зээлийн болон хадгаламжийн хүүг бууруулах шаардлагатай. Өнөөдөр иргэд хөрөнгийн зах зээлд зарцуулах мөнгөө банкинд аваачиж хадгалуулчихаад байгаа. Банк өндөр хүүтэй хадгаламж амлаад байгаа болохоор тэр шүү дээ. Нэг талаараа хувь хүнд өндөр хүүтэй хадгаламж авч байгаа нь сайн боловч нөгөөтэйгүүр хөрөнгийн зах зээлийнхээ хөгжлийг боомилоод байна. Банк өндөр хүү амлаж хадгаламж авчихаар гаргаж байгаа зээлийн хүү нь өндөр байгаа юм. Банкны зээлийн хүү гэдэг бол олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Иймд Монгол Улсын эдийн засгийн чадавхыг дээшлүүлж, өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх ёстой. Бэлэн мөнгөний гүйлгээ, өр зээлийн болон бүх эдийн засгийн тэнцвэрийн харилцааг зохистой болгох шаардлагууд байгаа. Үүний үндсэн дээр банкны зээлийн хүү буурна. Хоёрдугаарт, хадгаламжийн хүү буурах ёстой. Банкууд өнөөдөр хүүгээрээ уралдаж харилцагчдаа татдаг байдлыг болих хэрэгтэй. Гуравдугаарт, банкны өөрийнх нь дотоод үйл ажиллагаа, зардлыг бууруулах шаардлага байгаа. Гаднаас ирсэн хоёр хувийн хүүтэй зээлэн дээр дөрвөн хувь гээд банкны өөрийнх нь зардал нэмэгдчихэж байна. Монгол шиг хязгаарлагдмал, чадавх муутай эдийн засагтай улсын хувьд банкны өөрийн дотоод зардал нь дөрвөн хувь гэдэг бол өндөр байгаа юм. Тийм учраас дотоод зардлаа бууруулах шаардлагатай. Ер нь Монгол Улсын иргэн аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулмаар байгаа юм. Иймд хөрөнгө оруулалтын сангууд дотроо ялангуяа мөнгөний зах зээлийн сангуудыг сайн хөгжүүлэх шаардлагатай. Хууль тог-тоомжоо боловсронгуй болгоод иргэд аж ахуйн нэгжүүддээ энэ талаар тодорхой мэдээллийг өгөхөд цаашаа явах боломжууд нь бүрдэнэ.

-Монголын санхүүгийн зах зээлийг яаж идэвхтэй болгох вэ?

-Нэг үе Засгийн газрын бонд худалдаж амьдарсан. Одоо Засгийн газрын орлого давж биелж байгаа. Оны эхнээс 600 орчим тэрбум төгрөгөөр даваад явж байна. Энэ тохиолдолд Засгийн газар бонд гаргахгүй гэж байгаа нь зөв. Засгийн газар бонд гаргахгүй болохоор манай санхүүгийн зах зээл унтаа байдалтай байгаа. Хоёр, гурван компанийн хувьцаа худалдагдаж байна. Уг нь их идэвхтэй, өдөр бүр бужигнаж байх ёстой газар шүү дээ. Гэтэл үхмэл байна.Тиймээс санхүүгийн зах зээлийг идэвхтэй болгоход хамгийн түрүүнд 1072 хувьцааг амь оруулах шаардлага байна. Цаашлаад том, том нэг эзэнтэй банк, компаниудыг хувьцаат компани болгох хэрэгтэй. Эргэлтийн хөрөнгө дутагдаж байгаа компаниудыг IPO гаргадаг орлогоор дэмждэг болох зэрэг олон ажлууд хийх шаардлагатай байна.

Бас эрх зүйн орчин бүрдэж өгөхгүй байна. Монголын төрийн бодлого ард иргэдийнхээ хүлээлтээс хоцорчихоод байгаа юм. Тийм учраас төрийн бодлогоо тодорхой болгож, ард иргэдийнхээ хүлээлтэд нийцүүлж ажилладаг болох нь чухал. Мөн Монголын санхүүгийн зах зээлийн 2018-2025 он хүртэлх баримтлах бодлогоо тодорхой болгоод ил тод зарлах ёстой. Тэрийг дагаж хүлээлтүүд бий болдог. Иймээс эрэлтэд нийцсэн бодлого явуулж чадвал Монголын санхүүгийн зах зээл хүчтэй болж хөгжинө. Ингэснээр өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн засагт өсөлт бий болно. Гадны хөрөнгө оруулалт орж ирнэ. Ажлын байр нэмэгдэж, компаниудын чадавх дээшилнэ. Их олон талын ач холбогдолтой. Тиймээс бид бүхэн төсөв тойрсон тоо ярих биш, санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, идэвхтэй болгох, дэлхийн жишигт нийцүүлэх шаардлагууд үүсч байгаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс Баялгийн засаглал, Засгийн газар Баялгийн сангийн тухай ярьж эхэлсэн. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Баялгийн сан бол уул уурхайгаас тодорхой хязгаар тавиад, тэр хязгаараас дээш орж ирсэн орлогыг баялгийн сандаа хуримтлуулж байдаг. Жишээлбэл, зэсийн ханш өнөө жил 5800 ам.доллар байна гэхэд 6500 ам.доллар болвол тэр хоорондох 700 ам.долларын зөрүүг баялгийн сандаа хуримтлуулж байдаг. Уул уурхайн чиглэлээр бүх баялгаасаа тодорхой хязгаар тогтоож байгаа тэр нөөц ашигласны төлбөрөөсөө хуримтлал бий болгодог. Энэ нь ямар нэгэн ялсан нам, Засгийн газраас ангид байдаг. Хэнд ч захирагдаж, хэнээс ч үг сонсохгүй. Зөвхөн тэр баялгийн санг л аривжуулах үүрэгтэй. Норвегийн баялгийн сан ийм байдаг. Тэгэхээр баялгийн сангийн санаа зөв. Бид олсноо тараачихаад, идчихээд байж болохгүй шүү дээ. Өнөөдөр 20 мянган төгрөг авах уу, ирээдүйд 200 мянган төгрөг авах бааз сууриа бэлтгэх үү.

-Таван толгойн ногдол ашгийг иргэн бүрт хүртээхийг Ерөнхийлөгч шахаж байна. Гэтэл нэг хүнд гурван мянган төгрөг л ногдоно гэж компанийн зүгээс тооцоолсон байна лээ. Ногдол ашиг хүртээх асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Таван толгойн хувьд өнгөрсөн жил Чалкогийн өрийг төлсөн. Өр төлөөд байсан мөртлөө татварын өмнөх ашиг нь 730 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээс татварт 250-иад тэрбум төгрөгийг өгсөн. Цаана нь үлдэж байгаа 500 орчим тэрбум төгрөг цэвэр ашиг. Өнөөдөр Тавантолгойн дансанд 120 тэрбум төгрөг байгаа. Таван толгой дээр хэд хэдэн ажил хийх шаардлагатай. Нэгдүгээрт, Таван толгой-Гашуунсухайтыг чиглэсэн 230-аад км төмөр замыг барих хэрэгтэй. Өмнө энд алдаа гарсан. Өөрөөр хэлбэл, түвшингийн тооцоо алдчихсан. Үүнийгээ засаад төмөр замаа тавихын тулд 730-аад сая ам.доллар шаардлагатай юм билээ. Урьд нь суурь бүтцийн 60, 70-аад хувь нь хийгдчихсэн. Хоёрдугаарт, Таван толгойд цахилгаан станц барих шаардлага бий. Үүнийг Таван толгойгоос гадна, Оюу толгой ашиглана. Дараа нь хос авто зам тавих хэрэгтэй. Энд 500-гаад тэрбум төгрөг зарцуулагдана. Энэ ажлыг концессоор ч юм уу, Таван толгойгоос мөнгийг нь гаргаад хийх боломжууд байгаа. Мөн хөрс хуулалтыг конверийн системээр дамжуулан есөн км дамжуулах тооцоо байдаг. Гэх мэтчилэн хөрөнгө оруулалтуудыг олж байгаа үр ашгаараа шийдэх юм бол 1-2 жилийн дараа монголчууд өгөөжөө хүртэнэ. Өнөөдөр нэг хувьцаанаас 3000 төгрөгийн нодол ашиг авах уу, хоёр, гурван жилийн дараа 30 мянган төгрөг авах уу гэдгээ бодох ёстой. Таван толгой өр төлөөд байгаа хэрнээ 700 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Таван толгойн хувьд өнөө жил ямар ч өргүй, нүүрсний үнэ харьцангуй өндөр байгаа болохоор нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллах боломжтой. Энэ төслийг сайн дэмжиж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийвэл монголчуудын амьдралд ахиц гарах юм. Цаашдаа Таван толгой дээр тээвэр ложистикийн асуудлыг шийдэх ёстой. Бид хил дээр хилийнх нь үнээр хүргэж өгье л дөө. Өнөөдөр даанч тэгж чадахгүй байна. Хувь хүн болон Хятадын тээврээр явж байна. Нүүрсээ 61-67 ам.доллараар худалдаж байна. Өөрсдөө хүргэж өгөх юм бол 100 гаруй ам.доллараар худалдах боломж байна. Одоо иргэдэд ногдол ашиг тараахын оронд 300-400 тэрбум төгрөгийн үр ашгаар тээвэр ложистикийн асуудлыг шийдэж болно. Энэ мэтчилэн олж байгаа орлогынхоо менежмэнтийг зөв шийдэх хэрэгтэй.

-Таван толгойн хувьцааг 100 хувь иргэдэд өгөх хуулийн төслийг Ерөнхийлөгч Их хуралд оруулна гэж мэдэгдсэн. Хэрэв хууль батлагдвал нэг хүн гурван мянга биш, 300 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэнэ гэх юм. Тийм боломж бий юу?

-Аливаа зүйлийг хийхэд эдийн засгийн тооцоо чухал. Улс төрийн очков авах гэсэн явцгүй арга барилаар 30 жил явлаа. Монголчуудын амьдрал биднээр дуусахгүй. Тиймээс ирээдүйд үр ашигтай зүйлд зарцуулах ёстой. Манай улстөрчид эдийн засгийн мэдлэг тааруу. Тиймээс эдийн засгийн чадавхдаа улс төрийн шийдвэрээ хослуулж зөв гаргадаг баймаар байна. Сонгууль дөхөхөөр эх орон, ард түмэндээ хайртай хүн болсон баахан амлалтууд улс орон, эдийн засагтаа л хохиролтой.

-Хүүхдийн мөнгийг 80 юм уу ,100 хувьд нь олгоно гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Та ямар саналтай байгаа вэ?

-Өнөөдөр монголчуудын 80 хувь нь ядуу бол 20 хувь нь боломжийн амьдарч байна шүү дээ. Тэдний арваад хувь нь тансаг амьдралтай байна. Үлдсэн арван хувь нь боломжийн амьдралтай. Тэгэхээр тэдний хүүхдүүд 20 мянган төгрөг авах гээд байх шаардлагагүй. Заавал тэдэнд өгөх гэсэн улс төрийн өнгө аястай тоглолтууд ч хэрэггүй. Тэдэнд өгч байгаа мөнгийг нь ирээдүйд хэрэгтэй хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх юм уу, эдийн засгийн чадавхыг нь дээшлүүлэх зүйл зарцуулах хэрэгтэй. Тэрнээс дандаа улстөржсөн, тооцоо судалгаа муутай амлалтууд цаашдаа Монгол Улсын хөгжилд саад болохоос биш, сайн зүйл авчрахгүй.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Хөрөнгө оруулалтын банкнаас болгоомжлох хүмүүс байна. Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны эрх зүйн орчныг хангахад юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулин дээр ажиллаж байна. Их сайн хууль гарах шаардлагатай. Манайхан Хөрөнгө оруулалтын банк гэхээр ганц нэг улсыг заагаад болгоомжлоод байдаг. Тэгэх шаардлага байхгүй. Бид XXI зуунд амьдарч байна. Хөрөнгө оруулалтын банк гэдэг бол арилжааны банкуудтай уралдаж өндөр хүүтэй хадгаламж авахгүй, зээл олгохгүй. Монголын томоохон төслүүд дээр ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм. Тухайлбал, Таван толгойн төмөр зам, цахилгаан станц, салаа зам, зэс хайлуулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр, Эгийн голын, Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станц гэх мэт том том төслүүдэд ажиллана. Тэрнээс ашигт малтмалын лиценз барьцаалж аваад, газраар дамжуулж Монгол Улс тусгаар тогтнолоо алдчихна гэж жижиг зүйл ярьж болохгүй. Дэлхийтэй хөл нийлүүлж алхъя гэвэл дэлхийн тоглоомоор тоглох ёстой. Хөрөнгө оруулалтын банкийг Монголд байгуулах зайлшгүй шаардлагатай.


Categories
мэдээ нийгэм

Жолоочийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэнэ

  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн урагмлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 10-нд болох үйл явдал

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт ШУТИС-ийн Төв номын санд Монгол Улсад шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэх зорилго бүхий “ICIED-2018 International conference on innovation & Entreprenuership development” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт “Бишрэлт” зочид буудалл ШӨХТГ-ын удирдлагууд нийслэлийн долоон дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзана.

10.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Олон улсын сувилагчдын өдөр”-т зориулсан “Сувилахуйн тусламж үйлчилгээнд үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалъя” арга хэмжээ болно. Утас: 99179899, 90082028, 99970071

10.00 цагт НЗДТГ-т 2018 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт хийх бүтээн байгуулалтыг танилцуулна.

11.00 цагт Шангри-Ла зочид буудлын “Парис” танхимд “Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:99178373

11.00 цагт НДЕГ-т Солонгосын визний нөхцөлийн талаар БНСУ-ын Элчин сайдын яам, ЦЕГ, НДЕГ-аас мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “Гэр хороолол” хөдөлгөөнөөс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдийг үрэглжлүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулна. Утас:99043049

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монголын шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шангри-Ла зочид буудалд БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбооноос 2018 оныг “Жуулчны жил” болгон зарлах ёслолын ажиллагаа болно. Утас: 99994192

14.00 цагт МУБИС-ийн төв байранд Сургуулийн өмнөх боловсролын сургуулиас 2018 оны эхний хагаст боловсруулсан сурах бичиг, ном, гарын авлагыг танилцуулах “Номын нээлт” арга хэмжээ болно.

14.30 цагт Багшийн хөгжлийн ордонд БОАЖЯ-наас “Ногоон паспорт” санаачлагын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын дунд 2018-2019 онд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулна

Categories
мэдээ цаг-үе

Чулуундоржийн Мөнхбаяр: Мерилин Монрод дурласан минь зохиолч хүний чинадын их хайр

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, модернист зохиолч Чулуундоржийн Мөнхбаяртай уулзаж хөөрөлдлөө.


-Өнгөрөгч зууны ерээд оны уран бүтээлчдийг Монголын мөнгөн үеийн яруу найрагч, зохиолчид гэж тодорхойлдог. Сэтгэлгээний галт уулын дэлбэрэлтийн гол цөмд байсан хүний хувьд ярих зүйл ч их байгаа даа?

-Алтан үеийнхэн гэгддэг тэр хүмүүсээ бид сайн мэднэ. “Мөнгөн үе”-ийнхэн гэж уран бүтээлчид тэгж өөрсдийгөө нэрийдсэн юм уу, уншигчид маань тийм алдар олгосон юм уу, тэрийг би мэдэхгүй. Алтан үеийнхнээсээ давах гэж л лав тэгж нэрлээгүй ч мөнгөн үе гэдэг нэр ямар ч байсан төлөвшчихсөн юм шүү. Социализмын үед шүлгийн ганц үгийг ч өөнтөглөдөг, шүүмжилдэг сэтгэлгээний боогдмол эрин байлаа даа. Төрийн шагналт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн шүлгийг гэхэд “Бул хар хад” гэж Бал даргыг хэлээд байна уу ч гэж байсан зовлонтой үе шүү дээ.

-Явуухулан найрагчийн хайрын шүлгийг хүртэл хөнжлийн шүлэг гэж шүүмжилж байсан гэдэг биз?

-Харин тийм зовлонтой үе байхгүй юу. Харин бидний үед оюун санааны эрх чөлөө харьцангуй нээгдчихсэн байсан. Өөрчлөн байгуулалтын үеэс оюун санааны задаргаа явагдаж эхэлсэн. Тэр үед оюун санааны задрал, их тэсрэлт хоёр л зэрэг явагдсан бол уу.

-Өөрөө хотын унаган хүүхэд. Утга зохиолын ямар бүлгэм дугуйланд хамрагдаж байв?

-Би хотод төрж, өссөн. Хүмүүс “Төрсөн нутаг хаанах вэ” гэхэд л “Октябрийн район” гэсэн айхтар орос үг хэлнэ. (инээв.сур) Төмөр замын 51 дүгээр сургуулийн сурагч байхдаа шүлэг зохиол бичиж эхэлсэн. Наймдугаар ангид байхад яруу найрагч Тоомойн Очирхүү, судлаач, шүүмжлэгч Данзанноровын Хүү гэдэг хоёр хүн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны дэргэдэх утга зохиолын дугуйланг байгуулж сургууль сургуулиас авьяастай хүүхдүүдийг авч байлаа. Энэ чинь наян гурав, дөрвөн он юм уу даа. Би ч эхэндээ их эмээлээ. Тэр үед Эвлэлд элссэн хүүхдээс “Чи хаана зогсож байна” гэхэд “Ангидаа” гэсэн чинь “Чи буруу ярьж байна. Үзэл суртлын фронтын тэргүүн эгнээнд зогсож байна гэж бодох хэрэгтэй” гэсэн тухай сонсож байсан болохоор “Яадаг билээ дээ, бурхан минь” гээд очиж байсан юм. Очих ч юу байхав уран зохиолын багш маань дагуулаад аваачихгүй юу. Очирхүү гуай дипломат маягийн, Засгийн газарт реферэнтээр ажилладаг, Хүү багш маань гэхэд Багшийн сургуулийн профессор мундаг хоёр хүн л сууж байсан. Ямар ч байсан яруу найрагч хүнээс өөр дарга хэмээх хэв шинжит дүрүүд байсан. Нэг хүү босоод “Нам засаг, найрамдал минь агуу билээ” гээд уншсан чинь Очирхүү багш “Боль, чи сонин хэвлэлээр гардаг юмыг толгой холбоод биччихсэн байна шүү дээ” гэж байсан. Бас нэг хөвүүн хайрын шүлэг хэлсэн чинь “Чи дунд сургуулийн сурагч хайр майр гэж мэдэхгүй байж худлаа юм бичээд. Та нар амьдралыг чагна, ажигла. Модны сэрчигнээн, болжморын жиргээ, салхины илбээний тухай бич. Одоо иргэний яруу найраг бичих цаг болсон” гэж байлаа. Дугуйлангийн нэрээ өгье гэхэд би “Ирээдүй” гэвэл “Ямар аймаар том юм боддог хүү вэ” гэж инээлдээд эцэст “Нахиа” дээр тогтож билээ. Очирхүү багш “Манайд чинь яруу найраг жинхэнэ утгаараа хөгжөөгүй. Зөвлөлтийн яруу найраг их унш. Евгений Евтушенко юу гэж бичиж байгааг хар” гэж байсан нь санаанд тодхон байна.

-Дунд сургуулиа төгсөөд шууд сонин хэвлэлд ажилласан гэл үү?

-МУИС-ийн сэтгүүлчийн анги ирээгүй болохоор цэргийн “Улаан-Од” сонинд ачигчаар ажилд ороод сүүлд хянагч болж дэвшсэн. Эрхлэгч нь Баярмагнай гээд монгол ёс заншлаа сайн мэддэг мундаг хүн байсан. Ачигч мөртлөө шүлгээ хэвлүүлчих санаатай. Уран бүтээлч сайхан хүмүүстэй энд танилцсан. Эндээсээ Уралын Улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид очлоо. Манай сургуульд чөлөөт суулт гэж хичээлийн хуваарьт захирагдахгүй нэг юм байлаа. Удирдлагууд санаачилсан ч багш нар үүнд нь дургүй. Шалгалтаа л амжилттай өгвөл болчихно. Свердловск тэр үед манай нийслэлээс хөгжил маш муутай. Миний амьдардаг “Чапаевын 16” гэдэг байр бол дөч тавиад оны байдалтай, жорлон нь гэхэд хоорондын панеран хаалт нь уначихсан. Эхэндээ хэнтэй ч хамаагүй зэрэгцээд суухаар ичих гэж жигтэйхэн. Олзуурхууштай нь жорлонд нь ном сонин овоолгоостой. Сүүлдээ тэндээ ном сонин уншаад ичгүүр ч арилсан. Оросын хамаг эсэргүү зохиолчдын бүтээл тэр үед хэвлэгдэн гарна. И.Бунин, Э.Лимонов, Витов, Саша Соколов нарын тэр диседент зохиолчдыг их уншиж “Уран зохиол гэдэг ийм юм байсан юм уу” гэх бодол төрж юм бичихэд хөл маань өөрөө бүжиглээд гэдэг шиг үзэг маань аяндаа бүжиглэж өгдөг байсан даа. Тэр үед бичсэн юмнуудаа одоо ч би гайхдаг. Ороолдуулж, зангируулж, зодолдуулж, дэлбэрүүлж их хачин л юмнууд бичсэн их ноорог надад бий. Эмх замбараагүй их гар бичмэлүүдээсээ цэгцлээд Мэрилин Монрогийн тухай 33 хэсгээс бүтсэн юм бичснээс дөрвийг нь гаргасан.

-Монголоос олуул байв уу?

-Намайг хоёрдугаар курст байхад яруу найрагч Рагваагийн Гэрэл ирсэн. “Тань руу нүүж явна” киноны Цэрэнгийн гэргий нөгөө сайхан жүжигчин бүсгүй шүү дээ. Надтай нэг өрөөнд Х.Сампилдэндэв шүүмжлэгчийн хүү Надмид байлаа. Бид богино хоромд өгүүллэг бичиж хүртэл хоорондоо өрсөлдөнө. Тэр үед би “Юу ч биш” гэж өгүүллэг бичсэн. Ардчилсан холбооны гадаад дэмжигч гэж явлаа тэр үедээ. Миний үеэл дүү Шараагийн Одонтөр гэж сайхан орчуулагч ардчиллын үйл явдалд эхнээс нь оролцож надад их халуун үгтэй хувьсгалч захианууд бичнэ. Би ч санаа оноогоо илгээж, гишүүнээр нь эчнээгээр элсэж байлаа. Монголд Төв хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход би “Манайх ЗХУ-аас өмнө ардчилалд хөл тавилаа. Тиймээс бид диалектик материализм, орчин цагийн орос хэл үзэхгүй” гэж сургуульдаа өргөх бичиг барилаа. Үүнээс болж декан “Төлбөрөө доллараар төлөөд торгуулийн батольонд явах уу, эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн бичигтэйгээр нутаг буцах уу” гэж хөөсөн. Ирээд Чой.Лувсанжав багшийн ятгаснаар МУИС-ийн монгол хэлний ангид орлоо. Нямаагийн Төмөрхуяг багш маань их сайхан хүлээж авсан. “Юу ч биш” өгүүллэгийг маань уншчихаад “Гайхамшигтай” гэж надад урам өгч зохиолч Готовын Нямаа ахтай уулзуулж өгсөн хүн дээ.

-Ерэн онд ямаршуухан байдалтай яваад орчихов?

-Ш.Одонтөр дүүтэйгээ “Шинэ үе” гэдэг сонин гаргалаа. “Насаагийн сүүлчийн рокн ролл” гэдэг кино зохиолыг хамтран бичиж байлаа. Тэр үед хэн ч ойлгоогүй. Бид хоёрыг “Монголын залуучууд” сонинд Сүхбаатарын Батмөнх эрхлэгч авах үед “алмас” хэмээн алдаршсан сэтгүүлч Ц.Батбаяр, Тогмидын Даваадорж, зохиолч Д.Чинзориг ах нар маань ажилласан даа. Тэр үед Залуучуудын холбооны дарга Ч.Сайханбилэг байсан. Бид өмнө нь сайхан найзууд байсан байхгүй юу.

-Ямар учиртай найзууд билээ?

-“Найрамдал” зусланд нэг өрөөнд хорин нэг хоног хамт амарч явсан хоёр. “Нахиа” дугуйлангийн хаалтын ажиллагаанд биднийг шүлэг уншихад Сайханбилэг, Зоригтбаатар хоёр “Арван жилээ үдэхүй” гэдэг дуу дуулж ард нь охид эргэлдэн бүждэг номер үзүүлж байсан юм. Тэгсэн дарга болчихоод намайг танихгүй царайлахаар би ч омог бардам хүн юм чинь мэндэлсэнгүй. Монгол хэлний ангидаа онц сурсан учраас ардын багш С.Дулам “Чамайг Энэтхэг явуулна. Чи миний гарын шавь бол” гэхэд би халуунаас нь бэрхшээгээд яваагүй юм. Тэгэхэд явсан Ширэндэв одоо “Шри Випашанагийн төв” байгуулчихаад мундаг явж байна.

-Оюутан байхдаа Мерилин Монрод дурласнаасаа хойш эхнэр авдаггүй гэсэн яриа байдаг даа. Та хоёр чинь он цагийн хувьд ч ондоо үеийн хүмүүс биз дээ?

-Ер нь би тийм юм байж болдог байх гэж боддог. Би тэр үед зохиол бүтээл бичих гэж донтох, сонсож байгаа хөгжим зэргээсээ болоод хүмүүсээс нэлээд хөндийрчихсөн байсан юм. Нийгмийг ойлгох үзэл бодлоороо ч өөр болчихсон үедээ “Зарим нь халуухан дурладаг” гэдэг киног үзээд дурлачихсан юм. Оросоор “Зөвхөн бүсгүйчүүдийн жааз” нэртэй кино л доо. Зохиолч хүн чинадын юмыг чагнадаг. Тэртээх чинадаас надтай ярилцаад, харилцаад зовлон тоочоод байгааг би сэтгэл зүрхэндээ сонссон. Тэр киног дараалан таван удаа үзээд түүнтэйгээ ярилцсан. Хожим намтар түүхийг нь уншаад над шиг хүнийг эрэлхийлж хайж байж дээ гэдгийг ойлгосон. Зохиолч болох хүсэлтэй, харааны шилтэй, туранхай тэр л залууг Мерилин Монро хайж байсан. Яг над шиг хүнийг эрэн хайсаар байгаад Артур Миллер гэдэг АНУ-ын жүжгийн томоохон зохиолчтой суусан. Түүний ганцаардал, гансрал тэр бүхнийг би мэдэрсэн. Киноны явцад сэтгэлийн харилцан ярилцаа явж байсан. Сэтгэлийн дотнын харилцаа, гүн ойлголцол үүссэн дээ. Гэхдээ энэ бол жирийн амьдралын хайр дурлал биш шүү дээ.

-Оюун санааны хайр гэж ойлгомоор юм уу. Оросын зохиолч Иван Бунины ч бас иймэрхүү хайрын түүх байдаг юм билээ?

-Чухам юу ч гэмээр юм бэ дээ. Ямар ч байсан чинадын л юм. Найз нөхөд маань харин хошин шог болгоод байдаг нь гунигтай. Харин зохиолч Б.Ойдов анд маань гүнээ ойлгоод бид хоёрт зориулж найраг биччихсэн байна лээ шүү. Энэ чинадын зүйл бол зарим хүн булшинд дурлаад ухаж барьдаг шиг юм биш шүү дээ. Би түүнийг сонссон, ойлгосон, бичсэн. Тэр бүхэн маань буусан. Зохиол бүтээл гэдэг бол сэтгэлийн ундрал, асгарал, охь. Түүнээс биш өөр юм байхад хэцүү. Ухаандаа чиний цасны тухай шүлгийн “Гэрэлт мөчрүүдийн дээгүүр гэгээ цацруулан бүжиглэнэ” гэсэн мөр байна. Зохиол энэ маягаар л төрнө. Энэ бол сэтгэлийн охь. Зохиолч хүн өөртөө зориулж бичдэг гээд ярьдаг. Энэ үгүй байх. Өөртөө таалагдсан хүнд зориулж бичдэг, тэрийгээ хуваалцах юм сан гэж боддог байх. Ер бусын харилцаа байсан даа.

-Үнэхээр уран бүтээлч хүний сэтгэлийн ертөнц ч агуу шүү. Улаанбаатар сонинд очоод Галсансүх, С.Анударь нартайгаа танилцав уу?

-МУИС-ийн сэтгүүлчийн ангид Зулькафиль багшийнхаа урилгаар орлоо. Тэр ангид Мархаахүүгийн Буянбадрах, Б.Бат-Амгалан, Онон гэж “Улаанбаатар” сониноос ирсэн гурван мундаг залуу байна шүү. Оросоор надаас ч илүү уншсан юм шиг. Тэд л намайг Ү.Хүрэлбаатар эрхлэгчтэй танилцуулж тэр сонинд оруулсан. Тэнд Б.Галсансүхтэйгээ танилцаж “Юу ч биш” өгүүллэгээ хэвлүүлж, модернист зохиолч гэж цоллуулж, олонхид нь хараалгаж явлаа. Н.Төмөрхуяг багш маань “В одно утро проснулся знаменитым” (“Нэгэн өглөө алдартай сэрлээ дээ”) гэж баяр хүргэж байлаа. Галсаа маань дараа нь хэвлэлд ярихдаа “Монголын хүүрнэл зохиолын ирээдүйд модернист зохиолч Ч.Мөнхбаяраас өөр хүн алга” гэж бичээд модернист гэдэг нэрийг надад өгчихсөн хүн дээ. (инээв) Дараа нь Галсансүх Анударьтай танилцуулж бид бүгдээрээ зохиолоороо хамтын сонин хэвлүүлж байлаа. Түүнээс хойш “Монгол Омен” номоо хэвлүүлсэн. Одоо хэвлүүлбэл ч олон л ном байна. Хүн ойлгоо ч уу, үгүй ч үү гээд олны хүртээл болгохгүй л явна.

Хөөрөлдөөнөө энэ хүргээд өндөрлөе дөө. Түүний санасан олон сайхан санаа бодлыг хожмын өдөр номын гэрэлт үсгээр сийлэн үлдээхээс аргагүй болов.


Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат багш З.ЦЭВЭЭНРАВДАН: Дундговийн багш нарын тал хувь нь миний шавь нар юм

Монгол Улсын гавьяат багш, Дундговь аймгийн Сайнцагаан сумын зөвлөх багш З.Цэвээнравдантай ярилцлаа. Тэрээр 1965 онд УБДС-ийг онц төгссөнөөс хойш 50 гаруй жил Монголын боловсролын салбарт ажиллаж, багш, сурган хүмүүжүүлэгчдийн авьяас билгийг хөгжүүлэх талаар 20-оод ном сурах бичиг, 500 гаруй өгүүлэл бичсэн бахдам түүхтэй ахмад багш юм.


-Монголын 30 гаруй мянган багш ажил хаяна хэмээн мэдэгдэж, жагсаал хүртэл зохион байгуулсан. Энэ асуудлаар ямар байр суурьтай байсныг тань юун түрүүнд сонирхмоор байна?

-Ер ажил хаяна гэдэг аль ч улсад байдаг үзэгдэл биз. Гэхдээ монгол хүний сэтгэхүйн хөрсөнд яасан ч сайн зүйл биш болов уу. Тэр дундаа хүүхэд залуу, үеэ хойноосоо дагуулж хүн болсон, хүн байх замд хөтөлдөг багш хүн ажил хаяад байвал сурагч шавь нар маань том болоод ажил, малаа орхиод байвал ямар олиг байхав. Гэхдээ ажил хаяхгүйгээр зохицуулж болох ухаан, ухамсар багш нарт байх л учиртай. Нийгмийн ба төрийн ухаан, төрийг барьж буй хүмүүсийн тэр дундаа боловсролын төрийн бодлогын толгойд байгаа хүмүүсийн мэргэн ухаан, эдийн засгийн тэнцвэртэй шийдэл, алсыг харсан хараа, авч хэрэгжүүлэх тухай бүрийн арга хэмжээ орхигдсоноос нэг ийм юм болов уу даа. Төр засаг маань сайжирч, түмэн олон маань тогтворжиж, тохижиж чадвал ажил хаялт аяндаа хэрэггүй болох биз. Төрийн мэргэн бодлого, түмэн олны тэсвэр тэвчээр, эдийн засгийн эргэлт сэргэлт энэ бүхэнд хариу өгнө байх. Багш нар маань дэлхийн жишгийн цалин хөлс, урамшуулал шаардаж байна л даа.

-Багш нарын унасан нэр хүндийг өсгөх гол түлхүүр нь эдийн засгийн хөшүүрэг гэж үзэж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Хөгжсөн, хүчирхэгжсэн гадаад улсыг дуурайх нь юу л бол. Монгол орны, монгол хүний онцлог тэр дундаа эрдэм боловсролтой, ихийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүмүүжил, соёлтой үнэхээр чамбай сайн мэргэжилтэнд өндөр цалин пүнлүү олгох нь шударга явдал. Их сургуулиа онц төгссөн ч сайн багш болох баталгаа бас биш. Гагцхүү “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэгчээр санаж, сэдэж, өөрийгөө хөгжүүлж, өрөөлийг ч хурцалж, бэрхшээлийг давж, ухаан хүч гаргаж байж л сайн багш болдог юм шүү дээ. Мэдлэг мэргэжлээ ажилдаа бүрэн дүүрэн ашиглаж, зүрх сэтгэлээрээ ажилласнаар л багш хүн үнэлэгдэх учиртай. Цалин цуух ч энэ журмаар л өндөр байдаг журам бий болгох нь мэдээж зүйтэй. Хавтгайрсан цалин, хавтгайрсан халамж л дундчуулыг бий болгоод байгаа нь нууц бус. Энэ талаар өөрчлөлт гарах байлгүй дээ.

-Өнөөгийн боловсролын тогтолцоо аль хэр зөв явна гэж ахмад багшийн хувьд үздэг вэ?

-Ер нь манай боловсролын тогтолцоо буруу явж байгаа гэж бодохгүй байна. Эдүгээ дэлхийн боловсролын тогтолцоотой “айлсах” гээд байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Монгол орон, монгол хүний онцлог шинж тэр дундаа монгол сэтгэхүйг голлон анхаарч, монгол ахуй амьдралынхаа хөрсөн дээр хүмүүжлийн талыг барьсан сургалтын тогтолцоо нэн чухал юм шиг санагддаг. Бүр 20, 30-аад оноос эхлээд л Зөвлөлтийн маягийн тогтолцоо сургалт явсаар, 90-ээд оноос барууны маягийн гэх тогтолцоо сургалт явж байна шүү дээ. Үүнд эерэг, сөрөг тал байсаар байгаа. Эерэг тал нь, тал талын мэдлэг боловсролтой болгох, танин мэдэхүйн мэдээлэл өгөх. Сөрөг тал нь бүхнийг бүгдэд сургах, тэр нь үр дүн муутай, цаг хүч тарамдсан, сургалт нь голлоод хүмүүжил нь орхигдоод байна.

-Биднийг хүүхэд байхад Багш сонгон гэж байлаа. Ер нь тэр хаанахын санаачилга байв. Үр дүнгийн талаар ярина уу?

-Багш мэргэжлийг сонгоно, сонгуулна гэдэг нь хамгийн чухал суурь юм. 1979 оноос манай аймаг болоод бусад дөрвөн ч аймагт “Багш сонгон” гэж эхлэн байгуулж их үр дүнтэй ажиллаж байсан. Энэ бол тухайн үедээ манай төр, Яам, Багшийн их сургуулийн бодлого санаачилгаар бий болсон, сургалт хүмүүжлийн ажил байсан. СХУ-ны эрдэмтэд Ц.Няндаг, С.Нэргүй, Л.Цэрэнсодном, С.Чулуундорж, Б.Бор, Отгонсүрэн, Жамц гээд олон хүмүүс ирж их тусалдаг байлаа. Тухайн үедээ би бээр сургуулийнхаа ахлах ангийн хичээлийн эрхлэгч байсан учир надад хариуцуулж 2000 он хүртэл бараг 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан. Сургуулиудаас наймдугаар ангиа сайн, онц дүнтэй төгссөн, цаашид багшийн мэргэжил сонгох хүсэл сонирхолтой, хүүхдийг эцэг эхтэй нь зөвшилцөж тусгай шалгалт авч “Багш сонгон”-д элсүүлж байсан. Багш сонгон төгссөн сурагчдаас яамны дэд сайд Б.Ургамалцэцэг, их дээд сургуулиудын багш нар, С.Батцоож, Б.Одонтуяа, С.Оюунчимэг гэхчлэн яам тусгай агентлагуудын хэлтэс, газрын дарга нар, сэтгүүлч, эрдэмтэд, олон хүмүүс төрж гарсан. Бас зохиолч яруу найрагчид олон бий. “Багш сонгон” төгссөн үр дүн бол, нэгдүгээрт, багшийн ажил мэргэжилд, үнэнхүү зүрх сэтгэлээ өгсөн хүнийг сонгож шалгаруулж авдгаараа, хоёрдугаарт, сэтгэхүйн хурд сайтай, бодох, бичих чадвартай, ярианы дадлагад суралцдагаараа, гуравдугаарт, хүмүүжлийн түвшин, даруу, соёлч байдал, бас ч монгол ёс зан уламжлалаа мэддэг, хүнтэй зөв харилцаж, хүний үгийг сонсож хүлээж авдаг чанараараа, дөрөвдүгээрт, бас ч урлаг уран сайхан, спортын төрөл авьяас, зохион байгуулах анхны арга зүй эзэмшсэнээр бусдаас арай ялгагдаж байсан болов уу. Ер багшийг багаас нь ингэж зүгшрүүлж байж мэргэжлийн их дээд сургууль, коллежид бэлтгэж өгөх нь уламжлал болбол нэн сайн сан.

-Та өөрөө хэдэн онд багш болж байв, хэрхэн энэ мэргэжлийг сонгож байв?

-Биднийг аравдугаар анги төгсөхөд багш, эмч, инженер, эдийн засагч, ХАА-н мэргэжлээр олон хуваарь ирж сургууль багш нар өөрсдөө мэдэж багшийн мэргэжилд хуваарилж байсан. Сурлага, хүмүүжил, төлөвшил их харж байсан байх. Бидний 47 төгсөгчдөөс 11 хүүхэд УБДС-д хуваарилагдаж хотод шалгалт өгөөд бүгд тэнцэж дөрвөн жил суралцаад, 1965 онд төгсөж ес нь төрөлх аймагтаа ирж Төв хөдөөгийнхөө сургуульд багшилсан. Би бээр дөнгөж төгссөн жилээ Дэлгэрцогт сумын дунд сургуулийн хичээл эрхлэгчээр 23-хан настайдаа очиход таних айл, хүн байхгүй, хэцүү л юм шиг санагдаж байсан. Гэрт ганцаар, хэдэн номтой чемодантай л айл гэр болов. Ахмадаасаа асууж, сурч, ажил албаа эхэлж байв шүү дээ. Тэр үеийн ахмадууд ажилч хичээнгүй, хүнлэг сайхан, ахчлах дүүчлэх ёсыг айхтар мэддэг лут хүмүүс байсан нь надад ганцаардахын зовлон олгоогүй. Авдаг цалин пүнлүү ч амьдралд хүрэлцэж, сум сургууль төв удирдлага зааж зөвлөж, хянаж, шахаж, шаардаж, хатуу хэцүү үг ч дуулж, магтаал сайшаал ч хүлээж, нэг ёсондоо, сургуулийн танхим, ахмад багш нарын дунд л багш болсон доо. Мэдээж 50, 60-аад онд багшийн нэр хүнд маш сайн байсан. Бүгд биднээс ахмад хүмүүс хэр нь дандаа “Багш” гэнэ. “Та” гэж хүндэлнэ. Улс төр, соёл боловсрол, гадаад орон, газар дэлхийн янз бүрийн юм багшаас асууна. Энэ бүхэнд барьц алдахгүй, мэдлэг мэдээлэлтэй байх нь бас л нэг нэр хүндийн асуудал. Ерөөс багш хүн зөвхөн мэргэжилд явцуурч болохгүйг тэр л үеэс сайн ойлгосон. Тэгээд ном, хэвлэл, мэдээлэлтэй байнга танилцах, иргэд хөдөлмөрчдөд лекц яриа хийх, бага хурал, семинар зохион байгуулах, соёл спорт, олон нийтийн ажилд оролцох гээд багшийн ажлын хажуугаар олон ажил хийдэг байлаа.

-Ер нь багш хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Бидний өвөг дээдэс, ухаантнууд “Байгуулаагүй төрд баатар жанжин хэрэгтэй, байгуулсан төрд багшлах мэргэд хэрэгтэй” гэж сургасан. Төр нийгэм тогтвортой, түмэн олон амгалан байхад багш хүний ухаан, ухамсар, арга зүй, үг сургаал чухлыг заасаар ирсэн. Тиймээс багш бол хүн судлал нийгэм талаасаа хүнийг хүмүүжүүлж, хүн болгох, хүн байх арга зүйд хөтлөгч, хувь хүн талаасаа хүүхэд залуу үе ард олноо соёлжуулан гэгээрүүлэгч сургагч өртөггүй эрдмийн өглөгчид билээ. Шударга шаардлага, хариуцлага, сахилга бат, хууль дүрмээ ягштал биелүүлэх нь багшийн нэр хүнд юм шүү.

-Та багшлахын зэрэгцээ олон ном бичсэн. Дундговийн сургууль багш нар, Далай эрдмийн 70 жил, Эрдэмд хөтөлсөн эрхэм сургууль минь, Нэгэн жаран, Сайхан овоогийн захирлууд… гэхчлэн хөвөрч байна. Залууст, залуу багш нарт хандаж юуг захимаар санагддаг вэ?

-Юм бичнэ, зохионо гэдэг оюун ухааны хөгжлийг түргэтгэх нэг дасгал юм даа. Сурган хүмүүжүүлэх ажлын зэрэгцээгээр сургууль багш нарынхаа сургалт хүмүүжлийн арга зүй ололт амжилт, санал санаачилгыг бусдад дэлгэрүүлэх, ерөөс хүн хүмүүжих орчин ахуй, хүн болох, хүн байх тэр нөхцөл бололцоог сургууль сургалтын хөрсөнд буулгах чиглэлээр ном сурах бичиг нэлээдийг бичсэн. Эдүгээ хүний мөс чанар мандаж буй нарны туяа адил гийгүүлж байх атал шингэж байгаа нарны гэгээ шиг бүдгэрч буйд багшийн хувьд ч ахмад хүний хувьд ч сэтгэл зовниж, сүүлийн арваад жил энэ сэдвээр ном өгүүлэл, нийтлэл, ярианы сэдэв олныг бичиж, төв ба орон нутгийн хэвлэл мэдээллээр сурталчиллаа. Хүн хүнээсээ сурна, хүмүүжинэ гэж олон шавь нар оюунлаг залуустаа захья даа. Монгол хүмүүн бид оюу толгойгоос хөгжихөөс илүү оюунлаг толгойгоор илүү хөгжинө.

-Академич Домийн Төмөртогоотой хөөрөлдөж суухад Дундговь аймагт З.Цэвээнравдан гэж мундаг багш бий гэж байсан. Үнэхээр Дундговь аймагт танаас номын дуу сонсоогүй хүн ховор байх. Даруу загналгүйгээр, шавь нарынхаа тухай яривал?

-“Буйраа сахиж үлдэнэ” гэгчээр төрсөн алтан нутаг, төгсгөсөн ачит сургууль багш нарынхаа дэргэд бараг нэгэн жарныг өнгөрүүллээ. Аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль Дэлгэрцогт, Эрдэнэдалай сумдын дунд сургуулиудад багш хичээл эрхлэгч, менежер ажлыг 40 гаруй жил хийсэн байна. Нарийн тооцож гаргаагүй боловч 5500 гаруй шавьтай болжээ. Олон шавь нарынхаа дотроос Хөдөлмөрийн баатар, академич, доктор, профессор эрдэмтэд, гавьяат цолтон, сайд дарга нар, УИХ-ын гишүүд, Элчин сайд, консулууд, цэргийн генерал, хурандаа цолтнууд гээд ажил амжилтаараа Монголынхоо өнгө жавхаа болж буй олон хүмүүсийг тоочоод баршгүй. Бидний багш сэтгэл судлаач доктор, профессор Содовын Баясгалан гуай Монголын бүх багш нарын 50 гаруй хувь нь миний шавь нэр гэж байсан шиг Дундговийн багш нарын тэр орчим хувь нь миний шавь нар болов уу хэмээн бодож байна. Багш хүн алдар гавьяатан төрүүлэх нь яахав. Эх орондоо, элгэн нутагтаа, эцэг эхдээ хань ижил үр хүүхэддээ хайртай, халамжтай, ажилтай анхиатай, ааш зан төлөв даруу, хүнлэг, хүнийг л хүмүүжүүлж сургавал тэр том гавьяа юм.

-Та 2000 онд Монгол Улсын гавьяат цол хүртэхдээ Гавьяат болох сайхан, гавьяат байх хэцүү гэсэн үг хэлж байсан. Одоо харин Ардын багш-аар тодорхойлоод байгаа юм байна. Энэ талаар та дуулсан уу?

-Сайн багш, шавь нарынхаа буянаар гавьяат гэдэг цолыг хүртээд 20-оод жил болж байна. Үнэхээр гавьяат болох сайхан, гавьяатай байх хэцүү. Цол шагнал бол цаашид илүүг хийж, ихийг бүтээгээрэй гэж өгч буй үүрэг даалгавар юм даа. Төр түмний энэ хүндэт үүргийг биелүүлж байна. Тэр сайхан алдар, хайр хишгийн хариуг барина. Тэгэхээр санаж сэдэж ажиллахгүй байж болохгүй. Аймаг, сум, сургууль хамт олон маань “Ардын багш”-аар тодорхойлсон юм билээ. 2013 онд энэ тухай аймгийн удирдлагууд надад хэлж байсан.

Хамгийн гол нь авах алдар цол яахав. “Цол дагаж бяр” гэж байдаг ч, насны нар үд хэдийнээ хэвийж, орой тийш хүүшлэж байгаа энэ цаг хугацааг зөв хожиж, ашиглаж, хүнд зааж сургах, гэгээрүүлэхэд туслах тэр л үүрэг улам нэмэгдсээр байгааг бүр ч илүү ойлгож байна даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоо “Брэнд” хоньчин, Эрдэнэт и тд… хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Тэргүүн” нүүрт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас жилд 200 тэрбум төгрөгийн хохирол гардаг” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Прокурорууд нь ярьж болдог юм бол өмгөөлөгчийг нь яриул гэж байгаа юм” хэмээн ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Брэнд” хоньчин, Эрдэнэт и тд…” нийтлэлийг хүлээн авч үзээрэй. Мөн тус нүүрт “С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ” хэмээн өгүүлсэн байна.

УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзан Батбаяр “Уул уурхай муухайдаа биш, тэгж авч ирсэнд асуудал байна” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч уншаарай.

“Баримт, үйл явдал” нүүрт Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Мөнхсувд “Охидын дийлэнх нь далд хэлбэрийн хүчирхийлэлд удаан хугацаагаар өртсөн байдаг” хэмээн ярьжээ. Мөн тус нүүрт Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн хэлтсийн тасгийн дарга, хошууч Б.Батдорж “Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг бүртгэгддэг газруудад төхөөрөмж хүргүүлсэн” хэмээн ярьсан байна.

“Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллалаа” хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлжээ.

“Лодонгийн Түдэв гуайгаас сонссон “идэвхтэй зарчим”-ын сургааль”-ыг “Ардын цолтон” булангаас хүлээн авч уншаарай.

“Бизнесийн хамгийн том саад тотгор нь төрийн байгууллагын хүнд суртал гэв” хэмээн “Үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Уран бүтээлч” нүүрт дуучин С.Хишигдалай оролцжээ. Тэрээр “Анхны тоглолтоо их нандигнаж байна” хэмээн ярьжээ.

МУБИС-ийн дэд профессор, гавьяат багш Д.Халзан “Миний шавь нар надаас хэд дахин илүү дасгалжуулагч болцгоосон” хэмээн ярьсныг “Багш” нүүрээс хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн шигшээ багт багтсан тамирчдын нэрсийг зарлана

Финалын тоглолтын дундуур Монгол улсын Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багт дуудагдаж буй тамирчдын нэрсийг зарлахад бэлэн боллоо. Өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын есний өдөр Монгол улсын 1,2-р шигшээ багийг бүрдүүлэх болно.

Санчир, Билгүүн, Батжавхлан зэрэг шигшээ багийн тамирчид, АНУ-ын коллеж болон мэргэжлийн бусад лигт тоглосон туршлагатай хоёр легионер тоглогчдоор эгнээгээ зузаатгасан “Хасын хүлэгүүд” баг, нөгөө талаас Европ болон Япон, Тайланд зэрэг азийн мэргэжлийн томоохон лигүүдэд тоглож чамгүй амжилт гаргасан, FIBA-н залуучуудын U-19 ангиллын Дэлхийн аварга цолыг хүртэж байсан, Тайландын мэргэжлийн дээд лигийн MVP тоглогч Деанжело Хамильтон болон Харрис, Ганболд, Мөнхтөр нарын шилдэг тоглогчдыг бүрэлдэхүүндээ багтаасан “Төв Ургац” багууд 2018 оны Дээд Лигийн аваргын цомын төлөө өрсөлдөж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаан номын ховор ангилалд орсон Зантахай загас Онон голоос олджээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгааллалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид энэ сарын 1-8-нд тус газрын “А” хэсэгт судалгаа, эргүүл, хяналт шалгалтаар ажиллажээ. Тус үеэр Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Балжийн голын Тавтын гацаа нэртэй газарт Монгол Улсын Улаан номын ховор ангилалд орсон Зантахай загасыг бүртгэсэн байна. Загасны биеийн урт нь 23 см байсан гэнэ. Мөн энэхүү загас нь 2013 онд тус голын эрэгт үхсэн байсныг нь олж байжээ. Зантахай загас нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансанд “Мэдээлэл дутмаг” гэсэн зүйлд хамаардаг ажээ. Учир нь тархацын хувьд маш сийрэг бөгөөд Амар мөрний сав, Сахалин, Онон гол зэрэг цөөхөн газар байдаг юм байна. 1930 онд Хэнтий аймгийн Биндэр сум орчмын Онон голоос баригдсанаар Монгол Улсад анх бүртгэгдэж байжээ.