Categories
мэдээ нийгэм

Швейцарын холбооны улсын гадаад хэргийн сайд Игнацио Кассис манай улсад айлчилж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис 2018 оны 4 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна.

Швейцарын Холбооны Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжиж буй энэхүү анхны айлчлал нь Монгол, Швейцарын найрсаг харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, соёл, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм.

Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийж, хоёр орны улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов. Мөн хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурав.

Гадаад хэргийн сайд И.Кассис айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ дахь Монгол, Швейцарын парламентын бүлгийн гишүүдтэй тус тус уулзан хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Хоёр орны хамтын ажиллагааны чухал хэсгийг бүрдүүлж буй Швейцарын хөгжлийн хамтын ажиллагаа нь анх 2001 онд зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах зорилгоор хүмүүнлэгийн тусламжаар эхэлж, улмаар 2004 оноос хойш хөгжлийн хөтөлбөр болон өргөжиж, 2016 он хүртэл хугацаанд нийт 100 сая швейцар франкийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглалын шинэтгэл, нутгийн удирдлага, иргэний оролцоо гэсэн чиглэлүүдийг хамран амжилттай хэрэгжиж ирсэн Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны олон төслүүд манай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж байна. Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар 2004-2016 онд нийт 100 сая швейцар франкийн төсөл хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд энэхүү тусламжийг 2018-2021 онд үргэлжлүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 34 сургууль, цэцэрлэг баригдана

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 34 сургууль, цэцэрлэг баригдана зурган илэрцүүд

Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Засгийн газар хамтран Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар ба хүртээмжийг тогтвортой байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий нийт 205 сая ам.долларын санхүүжилттэй гурван зээл, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд шинээр баригдах болон өргөтгөх 34 сургууль, цэцэрлэгт элсэн суралцах 15,000 гаруй хүүхэд тус төслийн үр шимийг шууд хүртэж, боловсролын чанар, хүртээмж сайжрах юм.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагаас “хүүхдээ хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна

Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэн байх бөгөөд үүнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948 гэмт хэрэг байгаа нь нийт гэмт хэргийн 2.9 хувийг, хүүхэд хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг тус тус эзэлж байна.

Энэ оны эхний 1 дүгээр улирлын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн нийт 140 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 416 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирчээ.

Хүүхдүүд эрх зүйн мэдлэг, мэдээлэл хангалтгүйн улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөж хохирох явдал байсаар байгаа нь дээрх тоон үзүүлэлтээс харагдаж байна.

Иймээс цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, гаралтыг саармагжуулах зорилгоор “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг энэ оны 04 дүгээр сарын 01-нээс сарын хугацаатай улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.

Арга хэмжээний үеэр алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, таслан зогсоох, илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах, хараа хяналтгүй, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгааг хийж, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг ажиллагааг улсын хэмжээнд хийж, хэрэгжүүлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг удирдах, жолоодох “НТ-18” сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/119 дүгээр тушаалаар Гамшгийн шуурхай удирдлагын газар, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, “Робо Ийгл” ХХК -тай хамтран зохион байгуулж буй нисгэгчгүй нисэх төхөөрөмж удирдах, жолоодох, видео бичлэг хийх “НТ-18” сургалт өнөөдөр ОБЕГ-т эхэллээ.Онцгой байдлын байгууллагын инженер техникийн ажилтан, алба хаагчдад нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах талаар мэдлэг, чадвар олгох, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагаанд тус төхөөрөмжийн тусламжтай мэдээ мэдээллийг боловсруулж, ашиглаж сургах зорилготой тус сургалтанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 20 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Сургалтыг “Робо Ийгл” ХХК-ийн захирал С.Манас удирдан явуулах бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглаж сурах, ой хээрийн түймрийг эрт илрүүлэх, тандан судлах зэрэг онолын болон дадлага сургуулийг хийх юм.

Мөн сургалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд ой, хээрийн түймэр гарах эрсдэл бүхий Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 106 иргэний амь насыг авран хамгаалжээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн өнөөдөр энэ оны нэгдүгээр улирлын ажлаа дүгнэлээ. Ажил дүгнэх арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон удирдах бүрэлдэхүүн оролцож, нийт бие бүрэлдэхүүнд ажлын үр дүн, сахилга хариуцлага, дэг журмыг дээшлүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгсөн байна.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар 829 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага ирсэн байна. Үүнээс 87.9%-ийг объектын гал түймэр, 12,1%-ийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага тус тус эзэлж байгаа юм. Дээрх аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 106 иргэний амь насыг хамгаалж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 1,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Гарсан объектын гал түймрийн тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12,3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Объектын гал түймрийн дийлэнх буюу 42,7 хувийг ил задгай хог, хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлага эзэлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Монгол орны генетик нөөцийн мэдээллийн санг бий болгоно

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Нагояагийн протоколыг хэрэгжүүлэх хүний нөөц, эрх зүйн орчин, байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төслийн санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Монголын генетик нөөцийн мэдээллийн нэгдсэн сан болон мэдээлэл солилцох нэгдсэн систем бий болгох ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ ажлыг 2018 онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Манай улс асар их генетик нөөцтэй, түүнийг ашиглаж ирсэн арвин баялаг уламжлалт мэдлэгтэй ч судлаач эрдэмтэдийн хэвлүүлсэн бүтээл, судар шастирт бичигдэн үлдсэн цөөн мэдээллийг эс тооцвол өнөөдрийг хүртэл генетик нөөцийн мэдээлийн нэгдсэн сан байхгүй, үүний улмаас генетик нөөцөөс олох асар их үр шимийг гадаад улс орон руу алдаж байна. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр дэх амьтан, ургамал, бичил биетний гарвалтай үнэ цэнэ бүхий генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэх мэдээллийн санг бий болгох ажлыг эхлүүлсэн юм.

Мэдээллийн сангийн бүтэц, агуулгыг хэлэлцэх ажлын хэсгийн хурал 2018 оны 03-р сарын 27-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд болж мэдээллийн сангийн хөгжүүлэлтийг хийж буй “Нью Мэдиа” групп хөгжүүлэлтийн ажлын явцыг танилцуулан хэлэлцүүллээ.

Ажлын хэсгийн уулзалтыг нээж БОАЖЯ-ны газрын дарга Т.Булган хэлсэн үгэндээ “Генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн талаарх эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр Байгаль орчин аялал жуулчлалын яам хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг онцлоод хуулийг хэрэгжүүлэх үндэс суурь болох генетик нөөц, уламжлалт мэдлэгийн мэдээллийн санг бий болгох ажлыг эхлүүлэн ажиллаж байна” гээд мэдээллийн сан нь Монгол орны нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтойг тэмдэглэн хэлллээ.

Мэдээлийн сангийн хэрэглэгчид нь жирийн иргэд, эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн байгууллага, шийдвэр гаргагчид байх бөгөөд хандаж мэдээлэл олж авах эрх нь өөр хоорондоо ялгаатай байх юм. Тухайлбал энэ мэдээллийн сангаас иргэд манай орны нутаг дэвсгэр дэх амьтан, ургамал, бичил биетний гарвалтай генетик нөөцийн суурь мэдээлэл,түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгүүд, энэ мэдлэгт суурилж гаргаж авсан бүтээгдэхүүний жагсаалтыг харах боломжтой болох юм.

Мэдээллийн сангийн хөгжүүлэлтийн ажлын зэрэгцээ НҮБХХ-ийн төслийн санхүүжилгийн дэмжлэгээр тус сангийн агуулгыг буюу Монгол оронд байгаа амьтан, ургамал, бичил биетний гарвалтай генетик нөөцийн мэдээллийг нэгтгэж бэлэн болгох мэргэжлийн баг ажиллаж эхэллээ. Ийнхүү Монгол Улс анх удаагаа генетик нөөцийн нэгдсэн мэдээллийн сантай болох гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нартай уулзлаа

Нийслэлийн удирдлагууд дүүргүүдийн хороодын Засаг дарга нартай уулзалт хийж байгаа билээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нартай уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон харьяа агентлагийн хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 28 хороотой, хүн амын нягтаршил ихтэй гээд Улаанбаатар хотын чухал дүүргийн нэг юм. Тиймээс төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, гарсан шийдвэрийг хороодын Засаг дарга нарт танилцуулах, нэгдсэн нэг чиглэлтэй болох зорилгоор төр захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудыг хороодын засаг дарга нартай нягт хамтран ажиллуулж байгаа юм. Хороодын Засаг дарга нарын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоог сайжруулах зорилгоор хийгдэж байгаа энэ ажил өндөр үр дүнтэй байна гэж дүгнэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэдтэй хамгийн ойр харьцдаг хорооны Засаг дарга бол ажилдаа хамгийн хариуцлагатай ханддаг хүн байх ёстой. Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан. Тэгэхээр бүх шатанд хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай. Энэ зорилтыг бид хэрэгжүүлж ажиллах болно. Тэгэхээр хороодын Засаг дарга нар ажлын байран дээрх хариуцлагаа ухамсарлаж төрийн байгууллагатай уялдаа холбоогоо сайжруулж хариуцлага гэдгийг ажилдаа хэвшүүлж, хэрэгжүүлж ажиллаарай” гэж хэллээ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Дүнжингарав төв, Чингэлтэй дүүрэгт Оргил худалдааны төв, Хан-уул дүүрэгт Мишээл төв, Сонгинохайрхан дүүрэгт Драгон гэсэн нэгдсэн төвүүдээр иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч байгаа. Эдгээр төвүүдэд ирсэн өргөдөл гомдлын 55.2 хувь нь хороо болон хорооны Засаг дарга нарын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл эзэлж байна. Тухайлбал 31.3 хувь нь хорооны үйл ажиллагаа муу, төрийн албан хаагчид иргэдэд мэдээлэл дутуу өгөх, ажлын цагаар ажлын байран дээр байдаггүй, иргэдтэй харилцах харилцаа муу, хорооны үйл ажиллагаа жигд түргэн шуурхай биш зэрэг гомдлууд эзэлжээ. Харин хорооны Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой гомдол 23.9 хувь байна.

Нийслэлийн төр захиргааны удирдах албан тушаалтнууд хороодын Засаг дарга нартай хамтран ажиллах нь иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ сайжрах үр дүнтэй гэж үзэж байна. Хороонд гарсан ямарваа нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, иргэдийн цаг завыг алдагдуулж дүүрэг нийслэл гэж цаг алдахгүй байх боломжтой болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн “Хүүхдийн эмнэлэг” ирэх сард нээлтээ хийнэ

Орхон аймгийн  “Хүүхдийн эмнэлэг” ирэх сард нээлтээ хийнэИрэх тавдугаар сард Орхон аймаг “Хүүхдийн эмнэлэг”-ийн барилгаа ашиглалтад хүлээн авна. Нийт гурван тэрбум 758 сая төгрөгөөр барьж буй 30 ортой хүүхдийн эмнэлгийн барилга 2016 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Зоорийн давхартайгаа нийлээд таван давхар барилгыг улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын “Цомбон тоосго” ХХК барьж байна.

Орхон аймгийн БОЭТ нь Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тул ачаалалтай ажилладаг. Иймд хүүхдийн эмнэлэгийг БОЭТ-ийн өргөтгөл болгон барьж байна. Өрөө тус бүр нь хүүхэд болон сахиурт зориулсан ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зарим нь хүчилтөрөгчийн аппаратаар тоноглогдсон ажээ. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, дээд давхартаа техникийн хэсэг, хоёр давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй гэнэ. Уг эмнэлэг 30 ортой ч нэгэн зэрэг 40 хүүхэд хэвтэн эмчлүүлэх бүрэн боломжтой юм.

Барилгын ажилтай танилцсан Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Ажлаа цаг хугацаанд дуусгах, үйл ажиллагаагаа яаралтай жигдэлж БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ачааллыг бууруулах, хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хийж эхлэх хэрэгтэй” гэж холбогдох байгууллагуудад нь хэллээ.

Дашрамд дурдахад, “Цомбон тоосго” ХХК орон нутгаас 50 ажилчин авч ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон малчин эсэн мэнд олджээ

ЗурагБаянхонгор аймгийн нийт нутгаар ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай байгаа. Тэгвэл өчигдөр Галуут сумын залуу малчин малдаа гараад сураггүй болсныг үүрээр Баян-Овоо сумаас эсэн мэнд олсон байна.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн “Балгант” гэдэг газар хаваржиж буй малчин М/19 настай, эрэгтэй/ өчигдөр буюу дөрөвдүгээр сарын дөрвөний өдрийн 18:00 цагийн үед малдаа яваад сураггүй болжээ. Тухайн газар нь сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т оршдог байна. Дуудлага мэдээллийг тэр шөнөдөө буюу дөрөвдүгээр сарын тавны өдрийн 02:30 цагт хүлээн өгснөөр орон нутгийн есөн иргэн, хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Ийнхүү эрлийн баг өглөөний 07.40 минут орчимд шуурганд уруудаж, төөрч явсаар Баян-Овоо сумын нутагт хүрсэн байсныг эсэн мэнд олжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

ЗурагНийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн шийдвэр гаргалаа.

Авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг энэ сарын 15-наас 08 цаг 00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоов.

Одоо мөрдөгдөж байгаа захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид 08 цаг 30 минутад ажлаа эхэлж, 17 цаг 30 минутад дуусгавар болгодог. Энэхүү захирамжаар нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн 32 мянган албан хаагч хамрагдах юм.