Categories
мэдээ нийгэм

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа шинэчилсэн үнэлгээний дагуу явагдана

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд болох бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 29 байршлын 134 га газрыг дуудлагаар худалдах юм.

Энэ удаагийн дуудлага худалдаа Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн 15 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан үнэлгээний аргачлалын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны анхны үнийг 2015 онд хэт өндөр тогтоосон байсныг зах зээлийн үнэлгээнд ойртуулсан үнээр худалдахаар болж байгаагаараа онцлогтой.

Дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу, техникийн нөхцөл саадгүй, архитектор төлөвлөлтийн даалгавар нь бэлэн газрыг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл, та тухайн газрыг дуудлага худалдаагаар авснаар байршил бүр дээр хийгдсэн бэлэн зураг төслийн дагуу барилгын ажлаа эхлүүлж, нэмэлт цаг зав, хөрөнгө мөнгө зарцуулалгүй ажлаа эхлүүлэх боломжтой болдгоороо давуу талтай гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Дуудлага худалдааны зарчмаар эзэмшүүлэх 29 байршлын мэдээллийг хүргэж байна.

д/д

Дүүрэг

Хороо

Газрын байршил

Газрын зориулалт

Хэмжээ

/га/

1

Баянзүрх

11

Улаанбаатар-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

Амины сууцны хороолол

3.46

2

Баянзүрх

20

Хадатын аманд

Амралт, аялал жуулчлал

3.32

3

Хан-Уул

8

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Үйлчилгээ

5.0

4

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Амины сууцны хотхон

2.23

5

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Конторын барилга

1.14

6

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Орон сууц

0.7

7

Хан-Уул

10

Төв аймаг чиглэлийн авто зам дагуу

Худалдаа, үйлчилгээ

0.8

8

Хан-Уул

10

Төв аймаг чиглэлийн авто зам дагуу

Үйлчилгээ

1.0

9

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Худалдаа, үйлчилгээ

0.83

10

Хан-Уул

10

Чингис хаан ОУНБ-ын баруун урд

Орон сууц

0.39

11

Хан-Уул

10

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

4.0

12

Хан-Уул

10

Морингийн гэр хорооллын урд

Орон сууц

4.0

13

Хан-Уул

14

Түргэний гол дагуу

Аж ахуй, фермер

3.75

14

Сонгинохайрхан

21

Рашаант өртөөний зүүн талд

Аж ахуйн

8.03

15

Сонгинохайрхан

21

Баруун турууны давааны баруун хойд талд

Аж ахуйн

3.02

16

Сонгинохайрхан

32

Магнай трейд ШТС-ийн баруун урд талд

Хийн түлшээр цэнэглэх станц

0.105

17

Сонгинохайрхан

32

Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 7

Зочид буудал, худалдаа, үйлчилгээ

1.1

18

Сонгинохайрхан

32

Авто худалдааны цогцолборын бүс 6, барилга 8

Зочид буудал, худалдаа, үйлчилгээ

1.1

19

Сонгинохайрхан

21

Тусгалын аманд

Хүлэмжийн аж ахуй

17.0

20

Сонгинохайрхан

21

Нарийны эх, Хөшигт уулын урд

Аялал жуулчлал

32.0

21

Сонгинохайрхан

21

Бөөр толгойн өвөрт

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

7.0

22

Сонгинохайрхан

21

Ар Шижирийн аманд

Хүлэмжийн аж ахуй

24.0

23

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

24

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

25

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

26

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

27

Налайх

5

Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

28

Багахангай

1

Үйлдвэрлэлийн хими 1

Үйлдвэрлэл

5.0

29

Багахангай

2

Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

1.0

НИЙТ

134.98

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым бараалхлаа

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНТУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлалд нь амжилт хүсээд, энэ удаагийн түүний айлчлал нь Монгол Улс болон БНТУ-ын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой болохыг онцлон дурдав.

Тус улстай аялал жуулчлал, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтан ажиллах бүрэн боломжтой талаар уулзалтын үед хоёр тал санал нэгдэн ярилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан Орхоны хөндийг аялал жуулчлалын зориулалтаар тохижуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымын хувьд аялал жуулчлалын салбарт манай улстай хамтран ажилласнаар хоёр улсын нийтлэг соёлыг дэлхий дахинаа таниулах, мөн Турк улсын ард иргэдэд Монгол Улсад байгаа эртний түүх дурсгалуудыг таниулахад чухал ач холбогдолтойг онцлон дурдав.

Хоёр улсын худалдааны эргэлт жилд 30 орчим сая доллар байгааг бодит байдалтай харьцуулахад хангалттай биш хэмээн талууд үзэж, цаашид олон салбарт хамтын ажиллагаагаа үр дүнтэй хөгжүүлэх талаар санал нэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж, шийдвэрлэв

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.04.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухайн маргааныг хянан хэлэлцэж, уг тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Уг шийдвэрийн үндэслэлд “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2004, 2009 онд тус тус соёрхон баталжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтад зааснаар Улсын Их Хурал Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэдэг. Түүнчлэн холбогдох хуульд Засгийн газар соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ёстойг заасан.Мөн Монгол Улсын Их Хурлаас нэгэнт соёрхон баталсан Олон Улсын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэлгүй, өөрчилж, зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бүрэн эрхэд Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолоороо халдаж Үндсэн хуулийн холбогдох заалт болон бусад хуулийн заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж заасны дагуу Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоороо Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.” гэж заасан байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос асуулт асууж, хариулт авав.

Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Дараа нь Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, тус яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нар оролцсон.

Тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.

Тогтоолын танилцуулгад, Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай. Цаашид Киргизээр дамжин энэ бүс нутгийн улсуудын хамарсан тив дамнасан эдийн засгийн том төслүүд болох газрын тос, хийн хоолой, дэд бүтцийн төслүүдэд манай улс оролцох, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Туркменистан, Иранд манай үндэсний бүтээгдэхүүнийг экспортлох, эдгээр улсаас газрын тос, байгалийн хий зэргийг импортлох томоохон гарц суваг болох боломжтой. Бишкек хотод 40 гаруй улсын Элчин сайдын яам байдаг бөгөөд зөвхөн манай улс л Ерөнхий консулын газартай байна. Ерөнхий консулын газар дөрвөн хүний орон тоотой ажиллаж байгаа бөгөөд цаашид тус газрыг Элчин сайдын яам болгосноор аливаа нэмэлт зардал гаргахгүйг дурджээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, батлах нь зүйтэй гэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, О.Батнасан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах шаардлага, улс төр, эдийн засгийн ач холбогдол болон тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийн талаар илүүтэй тодруулж байлаа.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Монгол Улс нэгдэн орсон Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн дагуу Элчин сайдын яамаа нээхээр зэхэж байгаа. Элчин сайдын яам нээснээр Монгол Улсаа суугаа улсдаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх, тус улстай Засгийн газартай хэлэлцээ хийх, эдийн засгийн найрсаг харилцааг хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын харилцааг хөгжүүлэх зэрэг консулын газрын чиг үүргээс илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн Ерөнхий консулын газар дөрвөн хүний орон тоотой ажиллаж байгаа бөгөөд Элчин сайдын яам болгосноор аливаа нэмэлт зардал гаргахгүй гэж хариулав. Түүнчлэн тэрбээр хариултдаа, Одоогийн байдлаар тус улсад 45 монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд хоёр орны хоорондын худалдааны эргэлт 600000 орчим ам.доллар байгааг онцлов.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Ганбаатар, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлсэн.

Ингээд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахыг батлая гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг , Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрх бүхий субьектыг тодорхой болгох, улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль- байлдааны, шалгалт-туршилтын нислэг болон Агаарын цэргийн командлалын хуулиар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тусгасныг С.Чинзориг сайд танилцуулгадаа онцлов.

Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор улсын агаарын хөлгийн ашиглалтын үед осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, нислэгийн ангилал, төрөл тодорхой болох, Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын болон Агаарын цэргийн командлалын энэ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, боломж, уялдаа холбоо сайжрах зэрэг эерэг үр дүн гарна гэж хууль санаачлагчид үзжээ.

Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй болно. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжин, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, Б.Баттөмөр нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан.

Ингээд Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Ой тогтоолтын дэлхийн аварга Монгол тамирчид “Гиннесийн ном”-д бүртгэгдлээ

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын оюун ухаанаа дайчлан гаргасан амжилт “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэгдсэн байна. Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тогтоог алдаагүй санасан бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж дэлхийн дээд амжилт болон Гиннесийн амжилтыг тогтоожээ.

Ихэр охид нэгдүгээр сард БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон билээ. Тэд ой тогтоолтын спортоор хичээллээд дөнгөж нэг жил гаруй болж байгаа ч ийнхүү дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа юм

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монголд айлчилна

shoigu

Москвагийн Олон улсын аюулгүй байдлын VII бага хурлын үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хүлээн авч уулзжээ. Тус уулзалтаар талууд хоёр улсын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцээд, Монгол Улсын БХЯ, ОХУ-ын Холбооны Цэрэг-техникийн хамтын ажиллагааны алба хамтран гурав дахь дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийг эхлүүлэхээр ажиллаж буйг сайшаасан байна.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод Москвагийн Олон улсын аюулгүй байдлын VII бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, энэ оны есдүгээр сард Монгол Улсад ажлын айлчлал хийх сонирхолтой буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Бид өмнө нь Улаан армийн 100 жилийн ойн баярын үеэр уулзсан нь ОХУ, Монголын харилцаа зөв чиглэлд хөгжиж, урьдын адил нөхөрсөг, ах дүүсийн найрамдалт харилцаа хэвээр буйг харуулсан. Таныг Москвад хүрэлцэн ирсэнд баяртай байна. Бидэнд цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд ярилцаж шийдвэрлэх олон ажил бий” хэмээн онцолсон байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Монгол Улсад цэрэг техник, боловсон хүчин бэлтгэхэд туслалцаа үзүүлдэгт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгуд талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн Газар ОХУ-тай харилцах харилцаанд үргэлж чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэсэн байна. Түүнчлэн тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгуг Монгол Улсад албан ёсоор айлчлахыг уриад, цаашдаа батлан хамгаалахын салбарт хоёр талдаа ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа онцолжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Анхны бүтээл”-ийн эздийг найм дахь жилдээ шалгаруулна

ЗурагСУИС-ийн Радио Телевиз Медиа урлагийн сургуулийг үүсгэн байгуулагч, анхны захирал Бадраагийн Бадар-Ууганы нэрэмжит “Анхны бүтээл VIII” наадам энэ сарын 17-20-нд болно.

Тус наадмыг 2008 онд МУУГЗ, кино найруулагч Д.Хишигтийн санаачилгаар зохион байгуулж эхэлжээ. Үүнээс хойш жил бүр дотоодын их дээд сургуулиудын дунд Телевизийн шилдэг бүтээл, Радиогийн шилдэг бүтээл, Шилдэг богино хэмжээний кино бүтээл төрлөөр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бол 2012 оноос “Анхны бүтээл” наадам олон улсын наадам болон хүрээгээ тэлжээ. Түүнээс хойш Япон, Солонгос, Польш, Хятад зэрэг олон улсын уран бүтээлч бүтээлээ илгээдэг болсон.

Тус наадамд медиа урлагийн чиглэлээр суралцаж буй оюутнууд оролцох боломжтой.

Наадмын зохион байгуулах хорооны тэргүүлэгчээр СУИС-ийн захирал Э.Сонинтогос, бүрэлдэхүүнд “World” Телевизийн захирал “Пентатоник” наадмын тэргүүн Б.Долгион, “UBS” телевизийн дэд захирал Ж.Баяр, МУУГЗ кино найруулагч Д.Хишигт, МҮОНТ-ийн сэтгүүлч, СГЗ Г.Золжаргал, Урлаг судлаач Б.Наранзун нараас гадна гадаадын шүүгч багтжээ.

Тус наадмын Шилдгийн шилдэг бүтээл хоёр сая, Телевизийн шилдэг бүтээл, Радиогийн шилдэг бүтээл, Шилдэг богино хэмжээний кино бүтээл, Шилдэг гэрэл зургийн мультимедиа бүтээл, Шилдэг анимейшн, компьютер графикийн бүтээл тус бүр нэг сая төгрөгийн шагналтай байх аж.

Categories
мэдээ нийгэм

С.Батболд: Хороо, дүүрэг нийслэлийн Засаг дарга бид бүгд Монгол Улсын төрийн төлөөлөгч юм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн Засаг дарга болон хороодын Засаг дарга нартай өнөөдөр уулзлаа. Уулзалтын эхэнд хотын дарга “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дүүргүүдийн хорооны Засаг дарга нартай сургалт семинар бүхий уулзалт зохион байгуулж байна. Өнөөдөр та бүхэнд агаарын бохирдлыг бууруулах талаар онцолж хэдэн зүйл хэлье. 2019 оны тавдугаар сарын 1-н гэхэд Улаанбаатар хот түүхий нүүрс хориглохтой холбоотой асуудлаар хот нэлээн үүрэг хүлээж байна. Үүнд хорооны Засаг дарга нар чухал үүрэгтэй оролцоно. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодорхой заавар зөвлөгөө, үүрэг даалгавар өгөх байх. Хорооны Засаг дарга нар иргэдтэй хамгийн ойр байдаг. Тиймээс та бүхэн агаарын бохирдол бууруулахад онцгой үүрэгтэй. Хэрэв иргэнээсээ эхлээд хороо, дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар, ИТХ, НИТХ-ын дарга бүгд хариуцлагатай байвал утаанаасаа салах боломжтой. Дэлхийн хотуудын агаарын бохирдлоос салсан туршлагаас харахад маш хатуу хяналт байгаа юм. Чанга хатуу хяналтыг хорооны дарга нар тавих ёстой. Хорооны Засаг дарга нар хяналтаа тавьж чадахгүй бол Мэргэжлийн хяналтын байцаагч нар та бүхэнтэй хариуцлага тооцно. Хороо, дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар амь нэгтэй байх ёстой. Аль намын хэн байх нь хамаагүй. Хэрвээ нийслэл сайн байх юм бол дүүрэг хорооны Засаг дарга нар бүгдээрээ сайн ажиллаж байна гэсэн үг. Муу байвал бүгдээрээ л хариуцлага хүлээнэ. Тиймээс бүгдээрээ нэг зорилго чиглэлтэй хамтарч ажиллана. Хороо, дүүрэг, нийслэлийн Засаг дарга бид бүгд Монгол Улсын төрийн төлөөлөгч юм. Төрийн төлөөлөгч нь Монгол Улсын хууль, тогтоомжийг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэгтэй. Ингээд Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээлээ.

Уулзалтын хүрээнд хороодын Засаг дарга нарт “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн төлөвлөгөө болон 2018 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, “Манай хороо-Миний гудамж” аянтай холбоотой мэдээллийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулга, дүүргийн Засаг дарга нар энэхүү ажилд ямар үүрэг оролцоотой ажиллах талаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн явцын талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг нар мэдээлэл өгсөн.

Хан-Уул дүүрэг нь 16 хороотой, 159.5 мянга гаруй хүн амтай, 45.2 мянган өрхтэй, 11633 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэр, компани, нөхөрлөл, хоршоотой, 38.8 мянга гаруй толгой малтай, 321.3 мянга гаруй тахиа, 50.7 мянга гаруй гахай бүхий эрчимжсэн аж ахуйтай, хүлэмжийн аж ахуй, агро парк бүхий газар тариалан хөгжсөн бүс нутаг юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төв шуудангийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэл замыг түр хугацаанд хаав

Төв шуудангийн уулзвараас Таван шар хүртэлх зам зурган илэрцүүд

Манай улсад айлчилж байгаа БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым өнөөдөр Толгойтод байрлах сүмийг үзэж сонирхоно.

Энэ үйл ажиллагаатай холбогдуулан өнөөдөр /2018.04.06/ 12:00 цагийн орчим Төв шуудангийн уулзвараас Таван шарын уулзвар буюу Энхтайвны өргөн чөлөө зүүнээс баруун чиглэлд мөн 13:00 цагийн орчим баруунаас зүүн чиглэлд тур хугацаагаар хаалаа. Иргэд та бүхнийг Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойруугийн замыг сонгон зорчихыг зөвлөж байна.

11:40 цагийн байдлаар:

  • Олимпийн гудамж
  • Арслантай гүүрээс Төв шуудангийн уулзвар хүртэл
  • Энхтайвны өргөн чөлөө Улаанбаатар их дэлгүүрээс Төв шуудангийн уулзвар хүртэл
  • Зүүн 4 замаас урагш Нарантуул захын уулзвар хүртэл
  • Төрийн ордны зүүн замаас МУИС-ийн уулзвар хүртэл
  • Зайсангийн уулзвараас 120-ын уулзвар хүртэл
  • Их тойруу буюу Баянбүрдээс Өлзий төв хүртэлх автозамуудад тээврийн хэрэгслийн тоо ихтэй, хөдөлгөөн удааширсан байна.

Хөдөлгөөний ачаалал ихтэй үед жолооч та тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зориулалтын талбайд байрлуулах, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ байрлуулахгүй байх, зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцохыг зөвлөж байна.

Замын цагдаагийн албаны алба хаагчдаас хөдөлгөөний эрчмийг сийрэгжүүлэх, удаан хугацаанд зам хаахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Киргизийн нийслэл Бишкек хотод Элчин сайдын яамаа нээхийг зөвшөөрлөө

Зураг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Бүгд найрамдах Киргиз улсад Элчин сайдын яамаа нээх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улс Бүгд найрамдах Киргиз улстай 1992 онд дипломат харилцаа тогтоожээ. Бишкек хотод 40 гаруй Элчин сайдын яам байдаг бөгөөд зөвхөн манай улс л Ерөнхий консулын газартай ажээ. Ерөнхий консулын газар дөрвөн хүний орон тоотой ажиллаж байгаа бөгөөд Элчин сайдын яам болгон өргөтгөхөд нэмэлт зардал гаргахгүй гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн юм.УИХ-ын зарим гишүүнэнэ саналыг дэмжихгүй байв. “Монголчууд олноороо амьдарч байгаа газруудад дипломат төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах нь чухал. Харин Киргиз улсад Ерөнхий консулын газраа ажиллуулж байхад л хангалттай” гэж тэд үзэж байлаа.

Ц.Мөнх-Оргил гишүүн “Киргизэд Цагаадайгийн хаант улсын голомтбайдаг. Түүхээ дэлхийд зөв таниулахад энд ЭСЯ байгуулах нь хэрэгтэй. Эсгий туургатнууд бид нэгнээ дэмжих ёстой. ЭСЯ байгуулахыг дэмжээчээ. Консулыг ЭСЯ болгосноор зардал мөнгө нэмэгдэхгүй” гэсэн юм. Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Бишкект ЭСЯ байшуулахыг зөвшөөрсөн УИХ-ын тогтоол баталсан юм.

УИХ Улсын Нисэхийн тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Машин ачилт смарт хэлбэрт шилжинэ

Машин ачилт зурган илэрцүүдЗогсоол олдохгүйгээс хаа нэгтээ машинаа түр байрлуулаад хоёр хором болоод гараад ирэхэд машин ачигдсан байдаг. Энэ нь нийслэлийн иргэдийн “дайсан” болоод байгаа.

Манай нийслэл хотод замын хөдөлгөөн хааж, дүрэм зөрчсөн машиныг ачиж, тээвэрлэдэг 17 компани байдаг юм байна. Нийслэлд 550 мянган автомашин бий бөгөөд замын ачаалал их бий. Ачилтын компаниуд НИТХ-ын тогтоолоор нэг машин ачиж 60 мянган төгрөг авдаг аж.

Энэ талаар Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра НИТХ-ын тогтоолд наалт наасан машиныг ачна гэсэн байдаг ч наагаагүй машиныг ачиж болохгүй гэсэн зүйл байдаггүй. Энэ нь бидний санаачлан хийсэн ажил. Энэ асуудлыг 100 хувь өөрсдийн хяналт дор хийхийн тулд смарт хэлбэр рүү шилжүүлж байгаа. Ингэснээр “Е” баримтаа төлсөн эсэхийг хянаж, ачилтын компани хууль бус ачилт хийж байгаа эсэхийг Автозамын хөгжлийн газар, Замын цагдаа, татвар зэрэг газар хянах боломжтой. Ачилтын компани ямар нэгэн зөрчил гаргаж, буруу үйлдэл хийх юм бол эрхийг нь шууд цуцлах тухай тусгасан.

Бид энэ смарт руу маш богино хугацаанд шилжихээр төлөвлөсөн. Смарт хэлбэрт шилжихээр тухайн ачилтын компани видео бичлэг хийнэ. Тэр бичлэг Замын цагдаад шууд очно. Замын цагдаа видео үзээд зөрчил байвал ачих зөвшөөрөл олгох юм. Хэрэв иргэн машинаа ачуулсандаа гомдолтой байвал видео бичлэгийг мэдээлэл дээр үндэслэн гар утаснаасаа үзэх, хянах боломж бүрдэх юм” гэв.