Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн татварын газарт компьютер тоног төхөөрөмж гардууллаа

Нийслэлийн татварын газарт компьютер тоног төхөөрөмж гардууллааНийслэлийн татварын газарт компьютер, принтер шаардлагатай тоног төхөөрөмжийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардуулан өглөө. Нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн татварын хэлтэст 1000 орчим татварын байцаагч ажилладаг. Эдгээр албан хаагчдын компьютер тоног төхөөрөмж 2013 оноос шинэчлэгдээгүй байсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэл хотод бизнесийн байгууллагын 90 гаруй хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын ДНБ-ний 64 хувийг Улаанбаатар хот бүрдүүлдэг. Нийслэл болон төр засгийн байгууллагуудын санхүүг бүрдүүлдэг учир нийгмийн асуудлыг шийдэхэд татварын бааз суурь бат бөх, сайн байх ёстой. Улаанбаатар хотын санхүүгийн бие даасан байдлыг хангах нь бидний зорилт. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын зүгээс УИХ-д хууль өргөн барьсан. Энэ хуулийн зорилт Улаанбаатар хот эдийн засгийн санхүүгийн хувьд бие даасан байх ёстой гэсэн үзэл баримтлал юм. Одоогоор нийслэлийн төсвийг хүн амын орлогын албан татвар бүрдүүлж байна. Энэ байдлыг цаашид засах хэрэгтэй. Дэлхийн томоохон хотуудын эдийн засгийн байдал нь өөрсдийн гэсэн татварын системтэй байдагт оршиж байна. Бид нийслэлийн татварын баазыг өргөжүүлэхийн тулд үл хөдлөх хөрөнгө, газрын харилцаа, газрын татварын асуудлыг хөндөх шаардлагатай. Өнгөрсөн онд татварын байгууллага хууль тогтоомж хэрэгжүүлэх, татвар бүрдүүлэхэд нөлөөтэй сайн ажилласан. Төсвийн орлогын төлөвлөгөөг 3 хувиар буюу 20.8 тэрбум төгрөгөөр биелүүлсэн. Үүний 90 орчим хувийг нийслэл, дүүргийн татварын алба бүрдүүлсэн байна. Татварын байгууллага зөвхөн татвар хураадаг биш, татвар төлөгч аж ахуй нэгж, иргэн, бизнесийн байгууллагуудад холбоотой хууль тогтоомжийг сурталчлах хэрэгтэй. Төрийн болон орон нутгийн байгууллагууд, иргэд, бизнесийн байгууллагын үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, улсдаа татвар төлөх боломж бололцоог хангаж өгөх хэрэгтэй” гэлээ.

Өнгөрсөн 2017 онд нийслэлийн татварын газар нийслэлийн татварыг 104.4 хувиар буюу 20 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. 2018 онд 1.2 их наяд төгрөг бүрдүүлэх зорилго тавьжээ. Нийслэлийн орлогыг бүрдүүлдэг татварын байгууллагын ажилтнуудын ажиллах боломж нөхцөлд цаашид анхаарч ажиллана гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд уулзалтын үеэр хэлж байлаа. Албан хаагчдын тоног төхөөрөмж 2013 оноос шинэчлэгдээгүй 5 жил ашиглагдаж байгаа. Өнөөдөр 60 компьютер, 37 принтерийг хүлээлгэн өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдааны эргэлтийн хэмжээг 300 сая ам.долларт хүргэх санал харилцан тавилаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөрш хэмээн тусгагдсан Турк Улстай хөгжүүлж буй иж бүрэн түншлэлийн харилцаанд бид ач холбогдол өгч, бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байдаг гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Хоёр улсын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан айлчлал, арга хэмжээ, Эрхэмсэг ноён Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хоёр орны харилцаа улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хоёр талын хүчин чармайлтын үр дүнд идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.

Цаашид бүх салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв. Тухайлбал эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд Монгол, Туркийн хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохирсон нь ихээхэн ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

2017 оны байдлаар 31 сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийн хэмжээг богино хугацаанд 300 сая ам.долларт хүргэх тодорхой саналыг харилцан тавив.

Төсөв, санхүү, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, онцгой байдал, барилга, хот байгуулалт, зам, тээвэр, эрчим хүч, уул уурхай, чөлөөт бүс, гадаадын харьяат, шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал зэрэг салбар болон хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг улам бэхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

БНТУ өнгөрсөн 15 жилийн хугацаанд эрүүл мэнд, зам, тээвэр, харилцаа холбооны салбараа үсрэнгүй хөгжүүлсэн. Энэ чиглэлээр олсон ололт, туршлагаа Монгол Улстай хуваалцахад бэлэн байна гэдгээ Ерөнхий сайд Бинали Йылдырым хэллээ.

БНТУ сэргээгдэх эрчим хүчний /салхи, нар, усан цахилгаан станц/ чиглэлээр хамтрах, 700 гаруй мянган орон сууц барьсан Төрийн орон сууцны удирдлагын газар, Монгол Улсын холбогдох байгууллага хамтарч иргэдийг орон сууцжуулах чиглэлээр ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

БНТУ нь 2002 онд Олон улсын хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд 2010 он гэхэд ОУВС-д төлөх өрөө бүрэн барагдуулсан. Тус улсын экспорт одоогоор 160 тэрбум ам.долларт хүрсэн, Европын зургаа дахь том эдийн засагтай орон болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Гантулга гишүүн яллагдагчаар татагджээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгын зурган илэрцүүдУИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх саналыг хэлэлцсэн юм.

Улсын Ерөнхий Прокуророос Д.Гантулга гишүүнийг 48 цагийн дотор бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг өчигдөр УИХ-д хүргүүлсэн. Өнөөдөр 48 цагийн хугацаа дуусч буй тул хуулийн хугацаа дуусахаас өмнө бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлэх ёстой юм байна. Энэ талаар Д.Гантулга гишүүнээс лавлахад “Би энэ хэргийг шалгуулах, олж тогтоохоор идэвхтэй ажиллаж байгаа. Өнөөдөр би яллагдагчаар татагдсан. Ийм учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Categories
мэдээ спорт

Сагсанбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид “Easter Cup 2018” тэмцээнээс хоёр алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

ЗурагХБНГУ-ын Берлин хотноо болсон өсвөрийн сагсанбөмбөгчдийн “Easter Cup 2018” тэмцээнээс 2 алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

Оон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBА/-ны ивээл дор зохион байгуулдаг энэ удаагийн “Easter cup 2018” олон улсын тэмцээнд манай улсын долоон багийн 100 орчим тамирчид оролцсон юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй нийт 17 насны ангилалд гуравдугаар сарын 29-ноос дөрөвдүгээр сарын 2-нд болж, энэ оны шилдгүүдээ тодруулсан.

Энэ удаагийн тэмцээнд Монгол охид, хөвгүүд гайхалтай чадварлаг тоглож хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Тодруулбал, хөвгүүдийн 15 насны ангилалд Ундрах дасгалжуулагчтай Монгол Улсын нэгдүгээр баг ганц ч хожигдолгүйгээр аварга болж Г.Дөлгөөн тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч” болсон.

Харин хөвгүүдийн 13 насны ангилалд Д.Отгонбаатар дасгалжуулагчтай Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ хоёр оноогоор хожигдсон багаа аваргын төлөө хожиж аварга болсон байна. Мөн 13 насны Монгол Улсын шигшээ багийн тоглогч Т.Тэмүүлэн тоглолт бүрд онцгой чадварлаг байж тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор нэрлэгджээ.

анай багуудаас финалд хүрсэн бас нэг баг нь Б.Өлзийбат дасгалжуулагчаар удирдуулсан Монгол Улсын 14 насны хөвгүүдийн шигшээ баг байв. Тэд аваргын төлөө хүндхэн тоглолтыг хийж АНУ-ын шилдэг багт эцсийн мөчид хожигдож мөнгөн медалийн эзэд боллоо.

Харин Д.Тунгалаг, У.Гэрэлт-Од, Б.Саранцэцэг дасгалжуулагчидтай манай охидын 14 насны баг хожигдох эрхгүй чухал тоглолтод өрсөлдөгчөө илт илүүрхснээр хүрэл медаль хүртсэн билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Гэгээн муза 14 дэх удаагийн олон улсын театрын наадам болно

Гэгээн муза 14 дэх удаагийн олон улсын театрын наадам зурган илэрцүүд

Гэгээн муза 14 дэх удаагийн олон улсын театрын наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжиг”, “Хөгжимт жүжиг”, “Нэг хүний жүжиг” төрлөөр ирэх сарын 13-ны өдөр болно. Наадамд Монгол, ОХУ, Коссова, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украйн улсын уранбүтээлчид болон зочин шүүгчид оролцох юм байна. Энэ удаагийн наадмын “Нэр дэвшүүлэх комисс”-ийн нэгдүгээр шатны үзлэгт гадаад, дотоодын нийт 50 гаруй уран бүтээл бүртгэгдэж, 26 бүтээл шалгаран, хоёрдугаар шатны цомын төлөө өрсөлдөх аж. Шалгаруулалтанд оролцох 26 бүтээлд ойролцоогоор 500 гаруй уран бүтээлчид оролцох ба түүнээс 90 гаруй уран бүтээлчид дээрх 4 төрөлд нэр дэвшиж байгаа юм байна. Шалгаруулалтын тоглолт 2018.05.07-12-ны өдрүүдэд болох аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга ИБУИНВУ-ын худалдааны элч Жулиан Найтыг хүлээн авч уулзав

ЗурагМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Монгол Улстай харилцах Худалдааны элч, Парламентын гишүүн ноён Жулиан Найтыг хүлээн авч уулзлаа.

Жулиан Найт Монгол Улстай харилцах Худалдааны элчээр 2018 оны нэгдүгээр сард томилогдсон байна. Британийн Засгийн газар хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор гадаад улстай Ерөнхий сайдын нэрийн өмнөөс харилцах эрх, үүрэг бүхий “Худалдааны элч” томилдог уламжлалтай юм. Одоогоор нийт Худалдааны 30 элч 59 оронтой харилцаж байгаа юм байна.

Худалдааны элч Жулиан Найт Монгол Улсад энэ сарын 10-ны өдрийг хүртэл ажиллах бөгөөд энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан юм.

Ноён Жулиан Найтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, “Юуны өмнө Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн шийдвэрээр Монгол Улстай харилцах Худалдааны элчээр томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол Улстай харилцах “Худалдааны элч”-ийг томилсон нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

Худалдааны элч Жулиан Найт:

“Эрхэм Ерөнхийлөгч намайг хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Манай улсын Ерөнхий сайд Тереза Мэй Монгол Улс Их Британитай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд их ач холбогдол өгч, намайг Монголд Худалдааны элч, төлөөлөгчөөр ажиллах санал тавьсан. Би саналыг нь дуртайяа хүлээн авч, танай улсад өчигдөр орой ирлээ. Манай улс Худалдааны элч томилохдоо ихэвчлэн хоёроос гурван улсыг хавсран хариуцуулдаг. Гэхдээ би Монгол гэсэн ганцхан улсыг хариуцаж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Би цаашид хоёр орны худалдаа, эдийн засгийг өргөжүүлэхэд хүчэн зүтгэл гаргаж ажиллах болно. Өнөөдөр өглөө уул, уурхайн салбарт хамтран ажиллах асуудлаар салбарын сайдтай уулзсан. Учир нь, энэ салбар манай хоёр улсын харилцаанд томоохон байр, суурь эзэлдэг. Мөн би таныг Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, солонгоруулах талаар санаачилга гаргаж, олон ажил хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Тэр тал дээр манай хоёр улс хамтран ажиллах боломжтой” гээд хоёр орны худалдаа, эдийн засгийг хэрхэн өргөжүүлж болох талаар Ерөнхийлөгчийн үгийг сонсохыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга

“Мэдээж, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжтой. Гэхдээ хэт онцгойлон уул, уурхай гэж ярих нь зөв зүйл биш. Баян, хоосны ялгаа гарч, үндсэндээ “баялгийн хараал” Монгол оронд нүүрлэсэн. Энэ асуудлаас гарахын тулд аялал жуулчлал, хөдөө аж ахуй гэсэн томоохон салбарууддаа анхаарч байна. Монгол Улс 60 гаруй сая толгой малтай, жилдээ бид 10 мянга орчим тонн ноолуурыг “олборлож” байна. Энэ бол дэлхийн ноолуурын зах зээлийн 60 хувь. Энэ салбарт хамтран ажиллах юм бол түүхий эд нь бэлэн байгаа. Хэрвээ бид ноолуураа боловсруулаад зарж чадах юм бол Оюутолгойтой зэрэгцэхүйц салбар юм. Бидэнд энэ салбарт өрсөлдөгч байхгүй. Энэ бол бидэнд байгаа давуу тал учраас энэ салбарт түлхүү анхаарлаа хандуулаарай” гэлээ.

Энэ саналыг ноён Жулиан Найт хүлээн авч, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг дэлхий дахинд таниулах бүрэн боломжтой, удахгүй энэ чиглэлээр томоохон чуулга уулзалт болох гэж байгаа талаар хэлж, Их Британид Монгол Улсад үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүнийг худалдаалах боломжтой талаар ярилаа. Мөн тэд АНУ-БНХАУ-ын хооронд болж буй худалдааны хэлэлцээрүүд нь Монгол Улсад хэрхэн нөлөөлөх талаар ярилцаж, санал солилцсон юм.

Худалдааны эргэлт:

Монгол, Британийн худалдааны нийт эргэлт 2017 онд 689,9 сая ам.доллар, үүнээс экспорт 660,5 сая ам.доллар, импорт 29,4 сая ам.доллар байв. Энэ нь 2016 онтой харьцуулахад 24 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. ИБУИНВУ-аас 1990-2014 онд 116.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэнээс нийт гадаадын хөрөнгө оруулалтын 0.82 хувийг эзэлж, ИБУИНВУ хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 112 орноос 14 дүгээрт жагсаж байна.

Categories
мэдээ нийгэм

Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно. Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”гэсэн төрөлтэй байна.

Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлнэ.

Үйлчилгээний салбарын шилдэг инновацийн шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарууд болон дундын ашиглалтын оффис, технологи дамжуулах төв зэрэг инновацийг дэмжих үйлчилгээг нэр дэвшүүлнэ.

Үндэсний инновацийн шагналд шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчнарын хүсэлтийг хүлээн авна.

Та бүхнийг “Үндэсний инновацийн шагнал олгох журам” (277.39 KB) -ын дагуу холбогдох баримт бичгээ бүрдүүлэн “Үндэсний инновацийн шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • зах зээлд сүүлийн 2 жилд нэвтрүүлсэн байх;
  • тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлчилгээг нэвтрүүлэхэд ашигласан техник, технологи, программ хангамж, зураг дизайн нь шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтод тулгуурласан байх;
  • хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй нь судалгаа, туршилтаар нотлогдсон байх;
  • хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг хүн амын бүлгийн онцлог хэрэгцээнд нийцсэн байх;
  • олон нийтэд шинэ мэдлэг, өндөр технологийн ололтыг таниулсан байх;
  • Инновацийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх.
Үндэсний инновацийн шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 118 тоот өрөөнд хүлээн авна.

Холбоо барих утас: 263180

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
Categories
мэдээ нийгэм

“Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт журам”-ын төслийн хэлэлцүүлэг болж байна

“Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт журам”-ын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр (2018.04.06) ХХААХҮЯ-ны хурлын танхимд болж байна.

элэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон, мах махан бүтээгдэхүүний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цэцэгдарь, Нэмүү өртгийн сүлжээ төслийн зөвлөх, зохицуулагчид, зах, худалдааны төвүүд, супермаркет, дэлгүүр зэрэг худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.

Журмын төсөлд мал төхөөрөх, мал ангилж савлах, мах боловсруулах үйлдвэрлэлд тавих шаардлага, мах хөргөх, хөлдөөх, тээвэрлэх үеийн эрүүл ахуйн шаардлага, мах боловсруулах үйлдвэрийн цэцэрлэгээ, халдваргүйтгэлд тавих шаардлага, мал бэлтгэх, төхөөрөх үйл ажиллагаанд мал эмнэлгийн хяналт үйлчилгээ, худалдааны шатанд тавих шаардлага, мах, махан бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдал зэрэг зохицуулалтыг тусгажээ.

“Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт журам” батлагдсанаар мал төхөөрөхөөс эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэл бүх шат дамжлага хяналттай болж, хүн амыг эрүүл, аюулгүй мах, махан бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэх бөгөөд махны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн нийтээр дагаж мөрдөх журам гэдгийг хэлэлцүүлэг зохион байгуулагчид онцолж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрахад төлөвшүүлэх хэрэгтэй гэв

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Peer Counseling” хөтөлбөрийг танилцууллаа.

Европын холбоо, АИФО олон улсын байгууллагын санхүүжилтээр Тэгш нийгэм холбоо ТББ, Монголын бие даан амьдрах төвүүдийн үндэсний холбоо хамтран уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын эрх чөлөө, оролцоо, хөгжлийг дэмжих зорилгоор өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон аж.

Энэ үеэр Монголын бие даан амьдрах төвүүдийн тэргүүн Ч. Ундрахбаяр “Би оюутан байхдаа гэмтэл аваад суугаа болсон. Олдмол гэмтэлтэй. Нэг л өдөр ийм болоод сэтгэл санааны цохилтод орсон. Энэ байдалдаа дасан зохицож, өөрийгөө хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Энэ бүх асуудлыг шийддэг зүйл бол зөвлөлдөх үйлчилгээ. Гэмтсэнийхээ дараа хоёр сургууль төгссөн. Би ганцаараа шийдээд сураагүй. Адилхан нөхцөл байдалд буй залуучуудтайгаа ярилцаж итгэл үнэмшил төрсөн. Бие даан амьдрана гэхээр хүмүүст амархан сонсогддог. Улс бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг яавал дээр вэ гэсэн асуудал бий. Энэхүү асуудлуудыг асрамжийн төвд аваачих, тусгай сургууль цэцэрлэгт байлгах, тусгай хот үүсгээд өгөх гэх мэт янз янзын бодлого санаачилж байсан. Манай улсад эмнэлгийн загварыг хэрэгжүүлж байлаа. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэтгэвэр өгөөд гэрт нь байлгах, гэр бүлийн хүмүүсээр нь асран халамжлуулах юм. Жилээс жилд хөгжил дагаад үүнийг бид өөрчлөх шаардлагатай болж байна. Энэхүү зөвлөлдөх үйлчилгээ нь Монголд шинэ учраас яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байна. Хууль хэрэгжихийн өмнө загвар төсөл хийж харуулах гээд байгаа юм. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудынн нийгмийн оролцоог нэмэгдүүлж чадваржуулах, бие даан амьдрахад бэлтгэнэ. Бид нарын хувьд тулгуур эрхтэн голлосон учраас ажлын байрны хүртээмж бага байдаг. Энэ хөтөлбөрт 30 залуу хамрагдаж байна. 20 нь анх удаа олны дунд орж үзэж байгаа. Гэртээ нуугдаад амьдардаг гэсэн үг. Нуугдах хэрэггүй давах хэрэгтэй. Давахын тулд энэ хөтөлбөр хэрэгжих гэж байна” гэлээ.

Peer Counseling буюу Зөвлөлдөөн гэдэг нь адил нөхцөл байдалд буй ижил бэрхшээлтэй хүмүүсийн хооронд нийгмийн амьдрал, хууль эрхзүйн талаар ярилцлага, зөвлөгөө, зөвлөлдөөн хэлбэрээр явагдаж, бие биедээ дэмжлэг үзүүлэн амьдралын итгэл үнэмшил олгох үйл ажиллагаа ажээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ


Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдийн газрын алба бямба гаригт ажиллана

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байгаатай холбоотойгоор дүүргүүдийн газрын албаны ачаалал эрс нэмэгдсэн. Мөн урин дулаан цаг болж иргэдийн газартай холбоотой хүсэлт нэмэгддэг зэргийг харгалзан дүүргүүдийн Газрын алба энэ сарыг дуустал бямба гаригийн 9.30-16.30 цаг хүртэл ажиллахаар боллоо. Ингэснээр иргэд ажлын өдөр цаг заваа алдалгүй амралтын өдөр харьяа дүүргийнхээ Газрын албанд хандаж, өөрийн газартай холбоотой хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой болж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.