Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудын нутгаар бага зэргийн хур тунадас орно

бага зэргийн хур тунадас орно зурган илэрцүүд

Улаанбаатар хот багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Манай чөлөөт бөхийн шигшээ баг, Kубын шигшээд ялагдлаа

ЗурагАНУ-ын Айова хотноо өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж байгаа Монголын шигшээ баг, Дэлхийн цомын гурван мөнгө, зургаан хүрэл медальт Кубын шигшээ багтай хоёр дахь халз барилдаанаа хийж 7:3-аар хожигдлоо. Энэхүү барилдаанд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Г.Идэрхүү, Н.Золбоо нар өрсөлдөгчөө ялсан байна.

Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 10 дахь удаагаа оролцож байгаа манай эрэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид “В” хэсгийн эхний барилдаанаа Казахстаны шигшээ багтай хийж, 6:4-өөр ялалт байгуулсан юм. Манай бөхчүүдээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ОУХМ Т.Түвшинтулга, О.Үйтүмэн, Ө.Батзул, Н.Золбоо нар ялалт байгуулж, Б.Батмагнай, С.Ганбаяр, Г.Идэрхүү, Л.Төртогтох нар өрсөлдөгчдөө ялагджээ.

Манай баг гурав дахь халз барилдаанаа Азербайжаны шигшээ багтай хийнэ

Categories
мэдээ спорт

Ардчилсан намын 28 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд П.Бүрэнтөгс түрүүлжээ

ЗурагАрдчилсан намын 28 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ.

Энэ барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглохоор бүртгүүлж, уран мэхээ уралдуулан, хүчийг сорин барилдсан юм.

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй улсын арслан П.Бүрэнтөгс, у.арслан Н.Батсуурь, у.ар Х.Мөнхбаатар, у/ар Р.Пүрэвдагва, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, у.з Н.Жаргалбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, у.х Н.Батзаяа, у.х Т.Баасанхүү, у.х Б.Одгэрэл, у.х Б.Бат-Өлзий, у.х М.Бадарч, улсын начин Э.Энхбат, у.н Л.Цэрэнтогтох, у.н Ч.Батчулуун, у/н Л.Гантулга тэргүүтэй бөхчүүд хүчээ сорин барилдсанаас үзүүр түрүүнд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс нар үлдэж арслан, аваргыг давсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүгд Найрамдах Турк Улсын TOKI сард 5000 айлын орон сууц ашиглалтад оруулдаг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым 830 гаруй мянган орон сууц барьсан Нийтийн орон сууцны байгууллагатай, Монгол Улсын холбогдох байгууллага хамтарч иргэдийг орон сууцжуулах чиглэлээр ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн.

Энэхүү айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын “TOKI” (Нийтийноронсууцныбайгууллага) Ерөнхийлөгч Эргүн Туран, зөвлөх Адил Чалишкан нар Төрийн орон сууцны корпорацид зочлон ирлээ.

Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй зочдодТОСК ТӨҮГ-ын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр цаашид хэрэгжүүлэх төслүүдийг танилцуулсан бөгөөд хоёр тал цаашид дээрх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Турк Улсын “TOKI”-гийн Ерөнхийлөгч Эргүн Туран хэлэхдээ: Ах дүүгийн найрамдалтай Монгол Улсад анх удаа айлчлан ирж буйд баяртай байна. Бидний зүгээс танай байгууллагатай нягт уялдаатай хамтран ажиллахыг хүсэж байгаа бөгөөд Монгол Улсадбага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бүтээн байгуулалтыг хамтдаа хийхэд таатай байх болно. Турк улсад хэрэгжүүлж буй барилгын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, барилга угсралтын ажлыг улирлын хамаарлаас гаргах, барилга угсралтын хугацааг багасгах зэрэг олон саналуудыг танилцууллаа.

Бүгд Найрамдах Турк Улсын “TOKI” нь 1984 онд байгуулагдсан бөгөөд 2003 он хүртэл 19 жилийн хугацаанд 40гаруй мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж байсан бөгөөд 2003 оноос БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх байгууллага болсноор өнөөдрийг хүртэлх 15 жилийн хугацаанд 830 гаруй мянган орон сууцыг ашиглалтад оруулсан дэлхийд хүн ам орон сууцжуулах ажлаар тэргүүлдэг байгууллага юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга 3333 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга 3333 сурагчийн хамт "Тусгаар тогтнол" шүлгийг уншлаа

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн сурагчид нийслэлийн төв талбай дээр уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг юм. Ийнхүү жил бүр уншлага зохион байгуулж Д.Пүрэвдорж найрагчийн “Тусгаар тогтнол” шүлгийг үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм байна. Өнөөдөр “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд Монгол Улсын газрын зургийг дүрслэн зогсч, “Тусгаар тогтнол” шүлгийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт уншсан юм.

Шүлэг уншиж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Сайн байцгаана уу. Та бүхэнд халуун баяр хүргэе. Маш сайхан сэтгэгдэл төрж байна. “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар “Тусгаар тогтнол” шүлгийг уншдаг болсон юм байна. Намайг үүндээ урьж оролцуулсанд талархаж байна. Сурагчид та бүхнээр их бахархлаа. Энэ үйл ажиллагааг уламжлал болгож, цаашдаа нийслэлийн есөн дүүрэг болон 21 аймгийн сургуулийн сурагчид энэ шүлгийг уншиж байх юм байна. Та бүхний энэ саналыг би дэмжиж ажиллана гэдгээ хэлмээр байна. Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд монгол хүн бүр хүч хөдөлмөрөө зориулж, эдийн засгаар баталгаажуулж байж, өнөд мөнх орших болно. Монгол хүн бүр эв саналаа нэгтгэж байж тусгаар тогтнолоо тордон, өнгөжүүлж байх болно. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг бага насандаа цээжилж өссөн түм түмэн монгол хүүхдүүдийн нэг нь би билээ.

…Нүүдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол Улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ, би… хэмээх энэ шүлэг үнэхээр сайхан шүлэг.

Эх хэл, эх соёлдоо хүндэтгэлтэй хандаж, сэтгэл зүрхээрээ энэ арга хэмжээнд оролцож байгаа хүүхдүүддээ, багш нартаа дахин баярлалаа гэж хэлмээр байна.

Мөнх тэнгэр биднийг ивээж, тусгаар тогтнол минь бат орших болтугай.

Тусгаар тогтнол чамайг тунхаглаж бид бичнэ ээ” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга 3333 сурагчийн хамт "Тусгаар тогтнол" шүлгийг уншлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа шилжин явах цомыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн хамт олонд гардуулж өглөө. Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн энэхүү шилжин явах цом нь Монгол Улсын газрын зураг бүхий суурьтай, дөрвөн талт зэс цом юм байна. Цомон дээр “Тусгаар тогтнол” гэж бичсэнээс гадна, шүлгийг унших 3333 хүүхдийг бэлэгдэн энэхүү тоог сийлжээ. Цом есөн дүүрэг, 21 аймгийн 1000 сургуулиар аялах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

П.Чойсүрэн: Робот бүтээх хүүхдүүдийн сэтгэл зүйг зөв бэлдэх ёстой

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн механикийн тэнхимийн ахлах багш П.Чойсүрэнтэй ярилцлаа. ШУТИС-ийн салбар сургуулиудын робокон тэмцээнд эдний баг түрүүлээд байгаа юм.

-Сургуулийнхаа Робоконы багийг хэзээнээс удирдаж байна вэ?

-Ази номхон далайн бүсийн орнуудын дунд жил бүр робокон тэмцээн зохион байгуулагддаг. Одоо 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургууль дөрвөн удаа түрүүлсэн байдаг. Мөн Индонез, Тайландад болсон тэмцээнүүдэд амжилттай оролцоод ирсэн. Би энэ сургуулийн робокон багийг 2010 оноос хойш удирдаж байна. Манай сургуулийн оюутны клуб маш олон төрлийн тэмцээнүүдэд оролцдог болсон. Тэмцээнүүд ч хүрээгээ тэлсээр байна. Энэ жил олон улсын Робокон тэмцээн Вьетнам улсад наймдугаар сарын 25-26-нд зохион байгуулагдана. Тус улсын үндэсний соёлд тулгуурласан дүрмийн дагуу бид энэ жил ШУТИС-ынхаа аварга шалгаруулах тэмцээнийг хийсэн. Дараагийн тэмцээн болтол роботуудаа турших, сайжруулах бэлтгэл ажилдаа орно.

-Ирэх жил олон улсын Робокон тэмцээн манай улсад болно гэл үү?

-Ирэх 2019 онд “Робокон” тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдана гэсэн ерөнхий төлөвтэй байгаа. Ази номхон далайн бүсийн орны 17-19 баг ирж оролцоно гэсэн үг. Энэ үйл ажиллагааг угтаад ШУТИС энэ удаа салбар сургуулиудынхаа дунд Роботын аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа. Нийтдээ таван сургуулийн долоон баг оролцсоноос манай Механик тээврийн сургуулийн баг маань тэргүүн байр эзэллээ. ШУТИС энэхүү үйл ажиллагааг дэмжиж 20 гаруй сая төгрөгөөр баг тамирчдаа шагнасан. Энэ бол инженерээр сурч байгаа оюутан залуусын хөдөлмөрийг үнэлж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгож байгаа. Нэгдүгээр байр эзэлсэн баг гурван сая төгрөгийн шагнал хүртсэн. Дүрмийн дагуу хоёр робот зохион бүтээх ёстой байсан юм. Нэг нь автомат удирдлагатай, нөгөөх нь гар удирдлагатай робот байсан. Мөн алсын болон утсаар удирддаг байж болдог. Өөрийн гэсэн оюун ухаантай, ухаалаг систем дээр тулгуурласан Робот гэсэн үг. Тэмцээний дүрмийн хувьд бөмбөлгийг гар удирдлагатай робот нь сагснаас аваад, автомат удирдлагатай роботод дамжуулж өгөх ёстой. Дамжуулах явцдаа хүрч болно. Ингээд цагирагт гоол оруулж эхний оноог авна. Талбайн дунд байрлах гурван гоол оруулаад, дараагийн алхмыг хийгээд цэвэр ялалтыг хийх боломжтой болж байгаа юм.

-Энэ төрлийн багийг удирдаж ажиллахад хамгийн тулгамдсан асуудал нь юу байна вэ?

-Инженерийн чиглэлээр суралцаж байгаа залуусын нэг тулгамдсан асуудал гэвэл сургалтын материаллаг бааз байдаг. Сүүлийн үед ашиглагдаж байгаа техник тоног төхөөрөмж харьцангуй өндөр үнэтэй болж байна. Тиймээс сүүлийн үеийн цахилгаан мотор хөгжиж байна. Хөгжлөө дагаад үнэ өртөг нь өндөр болсоор байна. Аравдугаар сард Робот сумогийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагддаг. Үндэсний аварга болсон баг нь Япон улсад болдог олон улсын тэмцээний эрхээ авдаг юм. Манай клубээс энэхүү уралдаанд оролцож 130 гаруй тамирчдаас дээгүүр эрэмбэлэгдсэн Батзаяа, Шинэ-Од гэж тамирчид бий. Мөн автомат Роботуудын тэмцээнд оролцож эрх авахын төлөө монголын багууд өрсөлдөж байгаа. Уг тэмцээн дөрөвдүгээр сард болох төлөвтэй. Түрүүлбэл Бээжин хотод болох олон улсын тэмцээний эрхээ авах юм.

ШУТИС-ийн “Робокон 2018”-д түрүүлсэн хоёр робот

-Олон улсын тэмцээнүүдийн шагнал өндөр байдаг уу. Ямар ач холбогдолтой болдог вэ?

-Шагнал бол өндөр биш. Роботын багууд Монголдоо хоорондоо өрсөлдөөд, хөгжөөд болоод байгаа юм шиг боловч техник өндөр хөгжиж байгаа улс орнуудтай харьцуулахад тааруухан түвшинд байгаа. Бид муу, чадахгүй гэх сэтгэлгээнээсээ гарч өрсөлдөх боломжтой зүйл бол ОУ-ын тэмцээн. Олон улсын багуудтай өрсөлдөж, тэдэнтэй өөрсдийгөө харьцуулж, алдаа оноогоо мэдрэх нь чухал. Улс дотроо түрүүлчихээд цээжээ дэлдэж болохгүй. Олон тэмцээнд оролцох тусам суралцах, алдаагаа мэдрэх боломжтой гэж боддог. Хятадын, Японы, Солонгосын роботууд ямар байна, яах амар арга замаар өрсөлдөх ёстой гэх мэт туршлагуудыг суралцах нь чухал.

-Технологи өндөр хөгжсөн орнуудын хэмжээнд хүрэх боломж бий юу?

-Боломж бий. Миний хувьд Япон улсад болсон роботын тэмцээнд робот зохион бүтээж оролцсон. Тэгэхэд манай робот олон улсын жишигт хүрсэн харагдсан. Гэхдээ бидэнд олон удаагийн туршлага, тэмцээний туршилтууд хэрэгтэй байна. Монголдоо хэдхэн багууд хоорондоо тоглодог тул дадлага, туршлага, судалгаа дутмаг байдаг.

-Залуучууд ихэвчлэн бөх дуу сонирхоод, технологийн чиглэлд суралцаж өгөхгүй байна гэх шүүмжлэл байдаг. Танай сургуулийн хувьд ийм асуудал мэдрэгдэж байна уу?

-Манай механик тээврийн сургуулийн хувьд техникийн чиглэлийг сонирхож байгаа хүүхдүүдийн тоо өндөр байгаа. Харин бусад сургуулийн хувьд робот, технологийг сонирхох хүүхэд залуус бага байна гэж багш нар нь ярьдаг. Манай хоёр баг нийтдээ 10 гишүүнтэй. Нэг баг нь таван гишүүнтэй байгаа. Хамгийн бэрхшээлтэй нь тэднийг байрлуулаад туршилт хийх талбай, материаллаг байдал дутмаг байдаг. Дуу спорт, урлаг бол хүнийг нийгэмшүүлдэг учир байх ёстой зүйл гэж би боддог.

-Технологийн чиглэлээр суралцсан хүүхдүүдийн давуу тал ямар байдаг вэ. Багаас нь сургах нь илүү үр дүнтэй биз?

-Миний хувьд залуу зохион бүтээгч тэмцээний хөндлөнгийн шүүгч хийдэг байсан. Тэндээс харж байхад хүүхдүүдийг клубтээ аваад ажиллуулмаар харагддаг. Тиймээс хүүхдийг 10 жилээс нь энэ чиглэлээр сургаж, технологид сонирхолтой бол энэ төрлийн тэмцээнүүдэд оролцуулж байвал амжилт гаргах боломж илүү өндөр байдаг. Робот хийлгэж сургахаас илүү, хүүхдүүдийн сэтгэл зүйг зөв бэлдэх ёстой. Тэгэхгүй чи үүнийг хий, энийг бүтээ гээд хөрөө хайч өгөөд, хөрөөдүүлэх, алх өгөөд хадуулах нь нэг өөр. Тэр хүүхэд өөрөө сэтгэлгүй бол мянга хадаж, зүлгээд наагаад амжилт үзүүлэх боломж хомс. Харин эсрэгээрээ хүүхэд “Багш аа би ийм юм хиймээр байна, надад нэг дугуй өгөөч, мотор олоод өгөөч, надад туслаач” гэж сэтгэл гаргаж байгаа хүүхдүүдийн бүтээл маш сайн болдог. Мөн хүүхдүүд энэ чиглэлээр судалгаа сайн хийх зайлшгүй шаардлагатай байна. Өмнөх жил хийсэн бүтээлийг давтах биш, дараа дараагийн алхмуудыг хийх ёстой.

-Танай багт ивээн тэтгэгч бий юу?

-2011-2013 онуудад манай багийн ивээн тэтгэгч нь “Танан импекс” компани байсан. Сүүлдээ эдийн засгийн асуудалтай холбоотойгоор ивээн тэтгэхээ больсон. Одоогоор ивээн тэтгэх байгууллага олдохгүй байгаа. Сургуулиас жил бүр 2-3 сая төгрөг гаргаж өгч, энэ үйл ажиллагааг дэмжиж байна. Өмнө нь бид бүтээсэн роботуудаа хадгалаад, жил жилээр нь үзэсгэлэн гаргана гэж мөрөөдөж байсан. Гэвч тоног төхөөрөмжгүй болоод хуучин роботуудаа эвдэж, задалж дараагийн бүтээлдээ ашиглаж эхэлсэн. Энэ бол харамсалтай зүйл. Уг нь эхнийхээ бүтээлүүдийг хадгалаад, дараагийн шавь нар маань улам сайжруулаад, өөр бүтээл хийх зэрэг чухал ач холбогдолтой байсан юм.


Categories
мэдээ нийгэм

Сувилагч нар цалингаа нэмүүлэхийг шаардлаа

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос сувилагчдыг “Улаан ном”-д орох дөхснийг зарлалаа. Сувилагчдын нийгмийн асуудлыг хурцаар хөндөж УИХ, Засгийн газарт хандан шаардлага хүргүүлжээ. Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлвэрчний эвлэл 21 аймаг, нийслэлийн бүх шатлал бүрийн эрүүл мэндийн байгууллагын үйлвэрчний эвлэлийн хороодын дарга, идэвхтэн сонгуультан 120 орчим хүн Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төвд хуралдан батлан гаргасан шаардлагаа албан ёсоор хүргүүллээ.

Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлвэрчний эвлэлийн дэд дарга Ч.Нарантуяатай ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбарын ажиллах орчин нөхцөл ямар байна?

-Би эдийн засагч мэргэжилтэй хүн. Эрүүл мэндийн салбарын тогоонд 2000 оноос чанагдаж эхэлсэн. Дотор нь хамт буцалж байгаа болохоор энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө анхан шатнаас нь эхлэн одоо үйлдвэрчний эвлэлийн холбоонд ажиллаж байна. Маш хүнд нөхцөлд ажилладаг гэж хэлмээр байна. Энэ салбарыг би онцлог салбар гэж боддог, яагаад гэвэл дандаа зовсон зүдэрсэн уйлсан дуулсан сөрөг энергитэй хүмүүстэй харьцдаг. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байж ажлын орчин нөхцөл нь маш муу. Нэг өрөөнд бөөнөөрөө суудаг. Хажуудах хүмүүсийн яриа сонсогддог. Гэвч эмч сувилагч нар зохицуулаад л ард иргэддээ тусламж үйлчилгээгээ үзүүлдэг. Жаахан алдаа гаргахад л үйлчлүүлж байгаа хүмүүс нь янз бүрийн гомдол ярьж дарамтладаг, шахалт үзүүлдэг, сүүлдээ бүр цохидог зоддог болсон байх жишээтэй.

-Эмч нар цалингаа нэмүүлэх хүсэлт гарган жагсаал хийхэд дагаад сувилагч нарын цалинг нэмсэн үү?

-Ер нь бол улс орны эдийн засгийн байдал хүнд гэдэг шалтгаанаар 2014 оноос хойш цалин нэмээгүй. Оны өмнө гал унтраах маягаар төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тараасан. Тэр нь яг 300 мянгаараа ирээгүй. Суутгалууд хийж явсаар яг гар дээр хоёр зуу гаран мянган төгрөг л ирсэн. Энэ бол цалин нэмсэн хэрэг биш нэг удаагийн мөнгөн тэтгэмж маягаар өгсөн. Эрүүл мэндийн салбарын хүмүүс зүрх сэтгэлээрээ л ажиллаж байгаа даа.

-Сувилагч нарыг яагаад “Улаан ном”-д орохоор болж гэж тодорхойлов?

-Цалин бага болохоор гадагшаа гарж ажиллах урсгал нэмэгдэх болсон. Нэг эмчид олон улсын жишгээр гурван сувилагч ногдох ёстой бол Монголд нэг сувилагч хоёр хүний ажлыг хийж байна. Гадаадад амьдралаа дээшлүүлж, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олохоор тэтгэвэртээ гарахад хоёр гуравхан жил дутуу байгаа хүн хүртэл гурван сарын визээр солонгос явж байна. Монголд сувилагч олдхоо больсон нь ингэж тодорхойлоход хүргээд байна. Жилд олон зуун эмч мэргэжилтэй залуус төгсөж байгаа ч сувилагч гэсэн мэргэжлээр нэг жилд 200-300 залуу төгсдөг. Мэргэжлээрээ ажилладаг нь маш цөөн.

-Сувилагч нарын дундаж цалин хэд байдаг вэ? Цалингаас гадна бусад нэмэгдэл илүү цагийн мөнгө гэж авдаг уу?

-Янз бүрийн суутгалууд аваад “аваанз” гэж гар дээр 200 гаран мянга, сүүлийн мөнгө гэж бас 200 мянга орчим ингээд 400 хүрэхтэй үгүйтэй цалин л авж байгаа. Нэг хүн хоёр хүний ажлыг хийгээд 24:48 гарч байхад мэдээж илүү цагийн мөнгө гарна. Илүү цагийн мөнгө өгдөг газар ховор. Тэгээд бодоод өгдөг ганц нэг байгууллагууд дээр аудитын газраас хяналт шалгалт хийгээд та нар илүү цагийн мөнгө яасан их олгодог юм, ямар их мөнгө өгдөг юм гээд торгууль тавиад байдаг. Энэ нь хүмүүсийн ажиллах эрч хүчийг мохоож сонирхлыг бууруулдаг. Тэгээд л гадаадыг зорих сонирхол үүсдэг. Нэг эмнэлгээс хорь гучаараа визэнд орох хүсэлт гаргаж материалаа бүрдүүлээд явж байна.

-Хэрвээ та бүхний тавьсан шаардлагын хугацаа дуусвал цаашдаа яаж тэмцэх вэ?

-Тавпугаар сарын 12-ны сувилагч нарын баяраас өмнө дорвитой хариу өгөхгүй бол суулт зарлана. Бид хатуу шаардаад тулгах зүйл байхгүй. Тухайн өдрөөс өмнө хэлэлцээрийн ширээнд сууя, ярья, тохирьё гэсэн болзол тавьж байна. Хэрвээ бидний тавьсан цалин 50 хувиар нэмж чадахгүй юм гэхэд бусад шаардлагуудыг хүлээн аваад шийдвэрлэж өгөх юм бол бид заавал ажил хаях гээд зүтгээд байх шаардлага байхгүй. Ажиллах орчин нөхцлөө л сайжруулмаар байна. Ер нь бол зөвшилцлийн замаар л асуудлаа шийдэхийг бодож энэ хүсэлтүүдийг гаргасан. Бидэнд 2018 онд энэ асуудлыг шийднэ 2019 онд энэ шийдлийг олно гэсэн гарц гаргалгааг хэлээд зөвшөөд өгвөл заавал ажил хаяхгүй. Улсын хэмжээнд цалин хөлсийг нэмэх биш эрүүл мэндийн салбараар нь нэмэх хэрэгтэй. Цаашид энэ асуудлыг яам нь шийддэг болох, бид эрүүл мэндийн яамтай ярьж асуудлаа шийддэг байх тийм шийдлийг олох хэрэгтэй л байна.

Монголын эрүүл мэндийн ажилчны үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан шаарлага нь:

-УИХ-ын 2017 оны 29-р тогтоолын тав зургаа дах заалтыг хүчингүй болгох (хүний нөөцийн хомсдол үүссэн тул төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн шатлал ахиулахыг 2017-2018 онд түр зогсоох болон тэтгэвэрт гарсан хоёр ажилтан тутмын нэг орон тоонд ажилтан авахгүй байх тухай заалт)

-Сувилагчийг төрөөс бодлогоор дэмжих, хүний нөөцийг бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож, бодлогын шуурхай арга хэмжээ авч, цалин, урамшууллалыг нэмэх, хүний нөөцийн дутагдалтай ажиллаж байгаа ажилтнуудад 40 хувийн нэмэгдэл олгох, сувилагчийн орон тоог 9000-аар нэмэгдүүлэх

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт нэмэлт хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоог шинэчлэх ажлыг эрчимжүүлж ангилал зэрэглэл доод жишгийг шинэчлэх ажлыг 2018 оны дөрөвдүгээр сард багтаан эхлүүлж шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх

-Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрийн хэрэгжилтыг хангуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 26.2 дах заалтыг хэрэгжүүлж, ХАБЭА-н зардлыг нэмэгдүүлэх

-Засгийн газрын 151 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж шаардлагатай хөрөнгийг төсөвт шийдвэрлэх, илүү цагийн хөлсийг олгох

-Засгийн газрын 150-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, үр дүнгийн урамшууллалыг 60 хувьд хүргэж, нэмэгдлүүдийн журамд шаардлагатай өөрчлөлтийг 2018 оны дөрөвдүгээр сард багтаан оруулах

-Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дутагдалтай байдлыг арилгаж, эрүүл мэндийн байгууллагын орон тоог стандартад нийцүүлэн төсөвт тусгаж салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлж, хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын гурван талт нэмэлт хэлэлцээрийг дөрөвдүгээр сарын 15-ны дотор эхлүүлэх

-Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгаж, эрүүл мэндийн байгууллагын дарга нарын сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй болгож, чадварлаг удирдлагуудыг томилж ажиллахад үйлдвэрчний эвлэлийн оролцоог хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зэрэг болно.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ спорт

“Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн өчигдөр болж өнгөрлөө. Тэмцээнд Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрууд зэрэг 22 багийн тамирчид оролцсон юм.

Тэмцээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “”Happy Ulaanbaatar” тэмцээнд Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд гээд олон байгууллага оролцож байна. Эдгээр газрууд, нийслэл хотын уялдаа холбоо, хоорондын үйл ажиллагааг уялдуулах, Улаанбаатар хотын гадаад харилцааг хөгжүүлэх үүднээс энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Өнгөрсөн жирийнхээс энэ жил оролцож байгаа баг, тамирчдын тоо өссөн. Цаашид эдгээр байгууллагын хооронд болдог урлагийн болон спорт тэмцээний төрлийг өргөжүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн улс, байгууллага хоорондын гадаад харилцаа өргөжих сайн талтай юм” гэж ярилаа.

Энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд АНУ, Австрали, Их Британи, Ирланд, Канад, Араб, Энэтхэг зэрэг 10 гаруй улсын дипломат консулын газар, Гадаад хэргийн яам, НИТХ, НЗДТГ-ын 22 баг тамирчид өрсөлдөж аваргуудаа тодруулах юм гэж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран зохион байгуулж буй “Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдааны нээлт Баасан гарагт боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцсон юм. Тэрбээр нээлтэд хэлсэн үгэндээ “Үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэдэг нь иргэдийн амьжиргааг дэмжиж байна гэсэн үг. Нийслэлд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэж байдаг. Энэ нь үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр дэмжих сан юм. Мөн дүүргүүдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих инкубатор төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Бизнес эрхэлж байгаа иргэдэд шинээр ажлын байр бий болоход туслах уг төвүүдээр олон иргэд дамжиж үйлдвэрлэл эрхэлж байна. Нийслэлд инновацийн төвийг бий болгохоор ажиллаж байна. Энэ нь залуучуудад ажлын байр бий болгох, мэдээллийн технологи өндөр технологийн чиглэлээр ажлын байр бий болгох зорилготой юм. Залуучууд тухайн төвд очиж түрээс төлөхгүй ажлын байраа бий болгох боломжтой юм” гэж ярилаа.

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа жил бүр уламжлал болгох зохион байгуулагддаг. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан “Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа энэ жил онцлогтой болж байна. Иргэдийн ая тухтай үзэсгэлэнд оролцох боломжийг бий болгож үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнийг борлуулж байна. Мөн үйлдвэрлэл эрхлэгчид, бараа бүтээгдэхүүнээ борлуулагчид талбайн түрээсгүй үзэсгэлэнд оролцож байна. Үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж иргэд ирж худалдан авалт хийж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэнээр үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдэж иргэдийн амьжиргаа дээшилнэ” гэлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний гээд дотоодын үйлдвэрлэл эрхлэгч 165 аж ахуй нэгж оролцож байна. Үзэсгэлэн энэ сарын 6, 7, 8-ны өдрүүдэд Мишээл экспо төвд үргэлжилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

​“Despacito”

Пуэрто-Рикогийн поп дуучин Луис Фонсигийн “Despacito” дуу youtube-ийн хамгийн өндөр хандалттай дуугаар шалгараад байна. Өчигдрийн 18 цагийн байдлаар “Despacito” 4971026718 буюу 4.9 тэрбум гаруй хандалттай явж байлаа. “Gangnam style” дуугаараа шуугиан дэгдээж К-поп урсгалыг дэлхий даяар сурталчилж чадсан БНСУ-ын дуучин PSY ч мөн адил 2012 онд ингэж шуугиан дэгдээж Канадын алдарт дуучин Жастин Биберыг ардаа орхиж байсныг хөгжим сонирхогчид мэднэ. “Gangnam style” дуу одоогоор 3.1 тэрбум хандалттайгаар youtube-ийн жагсаалтын дөрөвдүгээр байрт явж байгаа юм.

“Despacito” дуу өнгөрсөн оны нэгдүгээр сард youtube-т байршсан цагаасаа дэлхий нийтийг байлдан байгуулж, энэ дуу цангинаагүй газар, тосгон, гацаа, сонсоогүй хүн гэж бараг үлдээгүй байх.

Дуучин Луис Фонси реппер Дэдди Янкитай хамтран энэ дууг анх дуулахдаа ингэж дэлхийг байлдан дагуулна чинээ мөрөөдөх байтугай төсөөлөөгүй аж. Гарсан даруйдаа Латин Америкийг байлдан дагуулж бусад орны хөгжим сонирхогчдын анхааралд өртжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Жастин Бибер “Despacito”-г Луис Фонси, Дэдди Янки нартай хамтран ремикс хувилбарыг нь дуулсан нь энэ бүтээлийг англи хэлээр ярьдаг орнуудад түгэхэд маш их хувь нэмэр оруулсан байна.

“Despacito” гэх латин үгийг англиар “Slowly” буюу “Удаан” хэмээн орчуулдаг юм байна. Дууны шүлэг нь янаг тачаангуй, эрэгтэй, эмэгтэй хүний нэгнээ хүсэмжилсэн өнгө аясыг илэрхийлсэн бөгөөд романтикаар, зөөлнөөр, удаанаар тэмүүлэх гэсэн өнгө аясыг илэрхийлэхдээ эмэгтэй хүний гоо сайхныг магтан дуулсан утга агуулгыг гаргажээ.

Удаанаар…

Анхилхан хүзүүг чинь амьсгалаараа төөнөе

Амраг минь зөөлнөөр шивнээч

Чи надгүйгээр байж чадахгүй

Удаанаар…

Би чамайгаа удаанаар зөөлхөн үнсье

Хана, хэрмийг түшээд

Гоо сайхан биеийг чинь илбэхийг хүсэж байна

Дээш, дээшээ

Дээш, дээшээ

Чамайг үсээрээ наадан бүжихийг харахыг хүсэж байна

Аядуу зөөлөн хөдөлгөөн, хэмнэлийг чинь мэдрэхийг хүсэж байна

Хонгор минь чамайгаа дуу алдахад

Би нэрээ мартталаа мансуурсан байдаг

Удаанаар…

1996 онд “Макарена” дуу Billboard-ийн шилдэг 100 дууг тэргүүлснээс хойш уг жагсаалтад латин дуу багтаагүй байсан юм. Харин 21 жилийн дараа “Despac­ito” Billboard-д тэргүүлсэн нь латин дууны амжилтын буухиаг үргэлжүүлснээрээ онцлог.

Жил гаруйхан хугацааны дотор энэ дууны уран бүтээлчид олон шагналын эзэн болоод байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Америкийн хөгжмийн авардст гурван номинацид нэр дэвшиж хоёрт нь шагнал хүртсэн бол Грэмми авардс, Латин Америкийн хөгжмийн авардст тус тус гурван номинацид нэр дэвшиж, “Latin Gram­my Awards”-ийн дөрвөн гол номинацийн шагналыг хүртсэн. Ингэснээр тус дууны уран бүтээлчид Америкийн дуу бичлэгийн холбооны “Di­amond” шагналыг хүртсэн анхны Латин Америк хүмүүс болжээ.

Луис Фонси 2015 оноос хойш дорвитой бүтээл гаргахгүй, уран бүтээлийн ажил нь зогсонги болоод байв. Ингээд хамтран ажилладаг дуу бичлэгийн студийнхэндээ “Хүмүүс сонсоод л өөрийн эрхгүй даган дуулдаг тийм гоё дуутай болмоор байна. Их эвтэйхэн, эвлэгхэн хөдөлгөчихөөр аядуухан хэрнээ хэмнэлтэй хөгжилтэй дуу хийцгээе” гэж санал гаргажээ.

Панамын дуучин, ая зохиогч Эрика Эндэр яг түүний сэтгэлд нийцэх бүтээлийн санаагаа гаргаад, хөгжмийг нь сонсгохоор Майами дахь Луис Фонсигийн гэрт очжээ. Луис сонсонгуутаа “Үүнийг далайн эрэг дээр хийцгээе” гэжээ. Ингээд Фонси дууны дундуур реппер дуулуулах шаардлагатай гэж үзээд Дэдди Янкид интернэтээр санал тавьжээ. Ингэж “Despacito” дуу бүтэж Пуэрто-Рикод төдийгүй Латин америкчуудын сонсох дуртай дуу болжээ. Удалгүй дуугаа дүрсжүүлж улмаар youtube-т байршуулсан нь энэ дууг бүтээсэн уран бүтээлчдийг хагас жил хүрэхгүй хугацааны дотор алдартай хүмүүс болгосон байна. Луис Фонси “Энэ дуу латин хүмүүсийг аз жаргалтай гэдгийг дэлхий нийтэд харуулж чадсан. “Despacito” дуунаас латин америкчуудын аз жаргал, эрч хүч, бас дур булаам тачаангуй, эрх чөлөөтэй байдал мэдрэгддэг” гэж тодорхойлжээ.

“Despacito” дуу 45 гаруй орны хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд дэлхийн олон оронд уг дууг янз бүрийн арга техник, хөгжмийн зэмсгээр амилуулсан. Монголчууд хүртэл ятга, морин хуураар “Despacito”-г тоглож интернэтэд байршуулаад байгаа билээ.

Youtube-ийн хамгийн их хандалттай клипүүд