Categories
гадаад мэдээ

Дэлхий дахин хоёр солонгосыг магтан сайшааж байна

Түүхэн дээд хэмжээний уулзалт хийн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцсон хоёр Солонгосын удирдагчдыг дэлхийн гол тоглогчид магтан сайшааж байна.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, өчигдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар 1953 оноос хойшхи хоёр Солонгосын түүхэн дэх гурав дахь дээд хэмжээний уулзалтыг хийсний дараа Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Хоёр Солонгос улс төрийн маш чухал шийдвэр гаргасанд Хятад улс баяртай байна. Энэ бол даян дэлхийн энх тайвныг хөхиүлэн дэмжсэн “түүхэн алхам” юм” гэжээ. Хятадын алдартай зохиолч Лү Шүнийн “Ямар ч зовлон амссаны дараа ах дүүсийн нөхөрлөл инээмсэглэлтэйгээр оршдог. Талархал болоод өшөө авалтын аль алиныг нь мартацгаая” гэсэн үгийг Хуа Чуньин иш татаад “Хоёр Солонгосын энэ дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгийн урт хугацааны энх тайван, тогтвортой байдлын эхлэл боллоо” гэсэн байна.

Хоёр Солонгосын удирдагчид амжилттай хэлэлцээ хийснийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер хуудсаараа дамжуулан сайшаагаад “Пуужингийн болон цөмийн туршилттай “галзуу” нэгэн жилийн дараа энэ түүхэн уулзалт боллоо. Сайхан зүйлүүд тохиолдож байна. Гэхдээ зөвхөн цаг хугацаа бүхнийг харуулна” гэжээ. Мөн тэрбээр “Солонгосын дайны төгсгөл ирлээ! Солонгосын хойгт одоо болж буй үйл явдлуудаар АНУ болон Америкийн аугаа ард түмэн бахархах учиртай” гэж “Твиттер”-тээ бичсэн байна.

1950-1953 оны Солонгосын дайныг дуусгасан түр эвлэрлийн гэрээг энэ ондоо багтан “энхийн гэрээ” болгож өөрчлөхөөр хоёр Солонгосын удирдагчид өчигдрийн дээд хэмжээний уулзалтын үеэр мөн тохиролцсон билээ. Солонгосын дайныг энхийн гэрээгээр бус түр эвлэрлийн гэрээгээр дуусгасан учир зарчмын хувьд талууд өнөө хэр нь “дайны байдалтай” байгаа гэсэн үг юм.

Хоёр Солонгос дээд хэмжээний уулзалт хийж, чухал асуудлуудаар тохиролцоонд хүрснийг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мөн сайшаагаад, энэ уулзалтын үеэр хүрсэн тохиролцоогоо ажил хэрэг болгохын төлөө Умард Солонгос дорвитой арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ тэрбээр “Хоёр Солонгосын удирдагчдын гаргасан хамтарсан мэдэгдэлд манай улсын Засгийн газар нухацтай дүн шинжилгээ хийж, цаашид хэрхэхээ шийдэх болно” гэжээ.

Тэгвэл Умард Солонгосын гол холбоотнуудын нэг ОХУ-ын ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд “Умард болон Өмнөд Солонгос хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд туслахад манай улс бэлэн байна” гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хоёр Солонгосын удирдагчдын уулзалтыг “жинхэнэ түүхэн уулзалт” гэж тодорхойлоод “Энэ уулзалт нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайвныг цогцлоох үндэс суурь боллоо” гэсэн байна.

Хоёр улс хоорондын дайсагналыг зогсоох, хоёр улсын хилийг заагладаг Цэрэггүй бүсийг “энхийн бүс” болгож өөрчлөх, АНУ болон БНХАУ-ыг хамруулсан дөрвөн талын хэлэлцээ хийх, Солонгосын дайны улмаас тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулах, хил дамнасан орчин үеийн төмөр зам, авто зам тавих, тив дэлхийн шинжтэй спортын арга хэмжээнүүд, тухайлбал энэ оны Азийн спортын наадамд хамтдаа оролцох зэрэг асуудлаар Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар өчигдрийн уулзалтынхаа үеэр мөн тохиролцоонд хүрсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

“Хамарын хийд” явахаасаа өмнө мэдэх ёстой зүйлс

ЭНЕРГИЙН ТӨВ БУЮУ ШАМБАЛЫН ОРОН

Шамбал гэдэг нь мунхаг харанхуй, аминч үзлийн үндсийг тасалаж сэтгэлийн гэгээрэлд хүрэх оюуны орон гэсэн утгатай бөгөөд зөвхөн сүнс, оюун санаагаараа очиж чадах ажээ. Шамбалын орныг 2007 онд сэргээж 108 суварга тойруулан босгож, Гаадамбын 77 боть судрыг залсан байдаг. Энергийн төвд нар мандахтай зэрэгцэн очвол сайн хэмээн итгэдэг. Суварган хүрээний дотор баруун хойно орших тойрог нь энергийн төвийн хүйс цэг гэгдэх ба тэнд мөргөлчид завилан сууж бясалгах, хэвтэж хөрвөөх гэх мэтээр энерги авах үйлдэл хийдэг.

Данзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсанаас хойш 166 жил өнгөрчээ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар буюу Сучандра хэмээх бөгөөд Сучандра нь МЭ Х зууны үед Шагжамуни Буддагаас Цагийн хүрдний авшиг хүртсэн гэж үздэг. Эдүгээ Хамарын хийд нь Шамбалын орны эзэн болон Дүйнхорын 35 хаадад зориулан жил бүр тахилга үйлдэж ном уншдаг.

Николай Рерих анх эхнэрийн хамт Шамбалын орон буюу Амгалан жаргалангийн орныг хайн 1924-1928 оны хооронд Төв Азиар аялжээ. XYIII зуунд Унгарын нэгэн судлаач Монголын Хамар гэдэг газарт энерги байна хэмээн тодорхойлж байсан тухай баримтыг саяхан Хамарын хийдийнхэн олж мэджээ.

ЭНЕРГИЙН ТӨВД
ХИЙХ ЗАН ҮЙЛ

Эхлээд “Шамбалын орны үүд” хэмээн нэрлэгддэг бурханы мэлмийг дүрсэлсэн хананы өмнө очно. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээдэг. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгадаг. Аливаа хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог хэмээнэ. Бодлоо төвлөрүүлж мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагираг эргэх мэт, нүд ирмэж байгаа мэт, хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох гэх мэт мэдрэмж төрдөг байна. Тийм мэдрэмж өөрт төрж байвал энерги сайтай байна гэсэн үг ажээ. Хэрвээ хөдөлгөөн мэдрэхгүй бол энэхүү Шамбалын орноос сайн энерги хуримтлуулах хэрэгтэй хэмээн айлддаг. Мэлмийнээс холгүй “мангасын ходоод” гэх нэртэй чулуун овоолго байх бөгөөд өөрийн үйлдсэн гэм нүглийг цаасан дээр бичиж хойшоо харсан онгорхой нүхэнд хийж шатаах ёстой ажээ. Дараа нь гурван чулуун тойрог бүхий газарт архи, сүү, будаа өргөх ба тэдгээр нь Хүслийн хар уулын зүгт цуварсан байрлалтай байдаг. Энергийн төвийн хойд дэнж дээр байх овоонд гурван удаа залбирч өмнөх тахилын ширээн дээрх цөгцнүүдэд идээ будаа өргөөд өмнө зүгт байх “Үлэмжийн чанар” дууны үг бүхий суварганы дэргэд ирж таван бадгийг бүтнээр нь дуулаад Шамбалын орны мөнгөн хаалгаар гарснаар эргэл мөргөлийн үйл ажиллагаа дуусна. Хийдийн эргэн тойронд энергийн хүчтэй урсгал буй, газрын доор амин судал бий хэмээн үзэж, Шамбалын орон байгаа газрыг тодорхойлжээ.

Хамарын хийдээс 1.5 км зайд, хойноос урагш 2 га талбай хамран орших Луутын цав хэмээх газарт улаан, шар, хөх шавар бүхий дов толгодууд бий. Эндээс иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн яс, өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтдын болон ургамлын үлдэгдэл зэргийг судлаачид олсон байна.
.

САКУРА ЦЭЦГИЙН
ХӨНДИЙ

Ноён хутагт Монголоос гадна Манж, Түвд зэрэг газраар аялан ном хаялцаж, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Зөвхөн ном эрдмээс гадна одоогийнхоор нинжа нарын од хэлбэрт зэвсгийг гаргууд эзэмшсэн байжээ. Нэгэн удаа модны мөчрийг од шидэн тасар татахыг харсан нэг самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил Шамбалын оронд шавилан суусан ч энэхүү эрдмийг нь сурч чадаагүй ажээ. Нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон сакура тарьж өгсөн ажээ. Хутагтын музейд тэр самурайн сэлэм нь хадгалагдан үлдсэн байдаг.

ЭХИЙН УМАЙ

Хамарын хийдээс зүүн хойш 2 км орчим газарт лам нар сууж бясалгал үйлдэж байсан олон агуйнууд байдгаас гадна эхийн умай хад, өвчин гэм арилгагч хад гэх мэтээр шүтэж биширч ирсэн хаднууд бий. Эхийн умай хаданд ороод гарахад дахин төрсөн мэт сэтгэгдэл авч шинэ төрсөн хүүхэд шиг ариуслыг олж авдаг байна. Эхийн умай агуйгаас холгүй орших өөр нэгэн хаданд очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг ажээ.

ХҮСЛИЙН ХАР
УУЛ

Хийдийн дэргэд говийнхон эртнээс нааш тахиж ирсэн Хүслийн Хар уул бий. Уулын оргил өөд гарахад зориулж 300 метр урт, 2.6 метр өргөн зам, түр амрах хоёр цэг байгуулсан. Уулын бэлд 300 мянган жилийн настай байгалийн боржин чулуугаар хийсэн 4 метр өндөр бурхан багшийн хөшөөг босгожээ. Эмэгтэйчүүд, хүүхэд ба настангууд уулын бэлээс 100 орчим метр өгсөж дунд хэрд байх нэг жижиг сүмд хүрч, эл хайрханд зориулсан зан үйлээ хийдэг. Эрэгтэйчүүд нь уулын тахилгатай оргилд гарч, овоог тойрч авч очсон сархадынхаа талыг өргөн, гуйх зүйлээ хүсэж шивнээд үлдсэн тал сархадыг шид оруулан буцааж авч явдаг уламжлалтай. Очсон хүн бүхэн өөрсдийн хүслээ цаасан дээр бичиж зориулалтын газар нь шатаах ёстой байдаг ба шатааж байхдаа ч хүслээ шивнэж залбирдаг учиртай гэнэ. Эл уул Ханбаянзүрх хэмээх албан ёсны нэртэй ажээ. Нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж оройд нь байх овоог эртнээс нааш аравнайлсан сүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэж иржээ. 1930 оноос өмнө овооны орой нь хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэгтэй титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь эл ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд хан, богд, гүн, бээл, бэйс, зайсан гэх мэт цол өргөмжилсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг.

Домгоор бол, нэгэн ядуу хүн ганц морьтойгоо энэхүү уулын бэлд амьдардаг байжээ. Гэтэл нэгэн өдөр ганц морийг нь хээрийн араатан амьтад идчихжээ. Өнөөх ядуу хүн ууланд мөргөж ганц ширхэг морио буцааж өгөхийг гуйн залбирчээ. Харин маргааш өглөө нь хүсэл нь биелж ганц морь дэргэд нь ирсэн байсан гэнэ. Эдүгээ Хүслийн ууланд хүзүүгээрээ хадагтай долоон ямаа байнга бэлчдэг гэнэ.

Ноён хутагтын өмнөх нэгэн дүр эцгийнхээ хийсэн нүглийн үрээр Эрлэгт дуудагдан шүүгдээд эргэж иртэл цогцсыг нь занданшуулсан байжээ. Ингээд биегүй хоцорсон сүнс хамаг амьтны хүслийг биелүүлэх тангараг тавиад энэ уулнаа шингэсэн гэх домогтой. Мөн говь нутагтаа өндөр газарт тооцогддог, шажигнасан хар чулуутай тус хайрханы хормойд хутагтыг оршуулсан учир “Шарилын уул” хэмээх болсон хэмээн ярьдаг.

Энерги гэдэг нь амьдралын хөдөлгөөнийг хөдөлгөгч хүч юм.Орчлон хорвоо ба түүнд орших бүхий л зүйл энергитэй байна..Амьд бүхэн амьсгалж, хооллож, хөдлөж, гаднах ертөнцтэй болон байгалтай шууд харьцдаг бол амьгүй буюу хөдөлгөөнгүй орших бүхэн нь өөрийн гэсэн дотоод бодисын энергээр байгалтай харьцаж байдаг.

ӨВГӨН СУВАРГА

Хамарын хийдийн дэргэд Монголын хамгийн том суваргыг бүтээн залж 2011 оны 9-р сарын 10-нд 108 цам харайлган олон түмэнд нээжээ. Монгол гэрийн хэлбэртэй, 32 метр өндөр, таван талд нь Бурхан багшийн таван дүр буюу язгуурын таван бурхан заларч, оройд нь соёмбо байрлуулжээ. Сүншигт нь олон боть цай, 7 тонн арц, иж бүрэн тавилгатай таван ханатай гэр хоёрыг, бурхан шүтээн, улааны урсгалын номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг хийж тарнийн хүч шингээжээ. Оройн хэсгийн бунхан дотор ноён хутагт Данзанравжаагийн номлосон сургаалийн дагуу сүншиг бүтээж битүүмжилсэн байна. Гол амин мод буюу сорогшинг Төв аймгийн Батсүмбэр сумын Минжийн хангай уулнаас авчирч, эргэн тойронд нь олон суваргын чуулбар хийжээ. Доод танхимын хойморт Бурхан багш, Гүридава Ренбүчэгийн хөргийг ширээн дээр залсан байна. Эл суваргыг 1823 онд Данзанравжаа Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй байлгах үүднээс бүтээлгэж байсан гэдэг.

Categories
мэдээ нийгэм

Жигжиджавын гудамжны авто замыг түр хаана

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Жигжиджавын гудамжны авто замыг түр хаахаар болжээ.

Учир нь тус замыг сэтэлж, цахилгааны шугам татахаар болсон байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 28-ны 23:00 цагаас 29-ний өглөө 07:00 цаг хүртэл тус замын хөдөлгөөнийг түр хязгаарлах аж.

Дээрх хугацаанд жолооч нар өөр зам сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тасалгааны цэцэг арчлах, тарих арга

Цэцэг тарьж ургуулах гэдэг нь өнгө үзэмжтэй төдийгүй эрүүл ахуйд онцгой чухал ач холбогдолтой. Тоос шороо ихтэй , утаа униартай газарт алаг цэцэгс, ногоон ургамлын үүрэг их байдаг.

Өөрийн амьдарч буй орчноо цэцэрлэгжүүлэх, арчлан хамгаалах талаар хүн бүр тодорхой зөв, үндсэн мэдлэгтэй байж, түүнийгээ өөрсдөө гардан хийж, зохих журмын дагуу чанартай гүйцэтгэснээр бид бүхний орчноо чимж тохижуулах, мөн өөрсдийнхөө эрүүл мэндэд хийх хөрөнгө оруулалт бодитой үр дүнд хүрнэ.

Үрээр ил хөрсөнд тарих

  1. Хөрсийг 20-22 см гүн хагалж чулуу, хог ургамлын үндсийг нь цэвэрлээд, бордоог хольж усалж чийглэн тэгшилж тарих дэвсгийг бэлдэнэ. Ямар ч бордоог ашиглаж болно. Жишээ нь : бууц, сангас, үнс, дэлгүүрээр зарагддаг биоялзмаг гэх мэт.
  2. Үрийг тарихдаа эхлээд хагалж бэлдсэн талбайгаа тэгшлээд элдэв хэлбэр дүрс гаргахын тулд олс, эсвэл утсаар татаж гадаслана.
  3. Үр суулгах хугацаа 5 сарын сүүлийн 10 хоногоос 6 сарын эхний 5 хоногын дотор байна.
  4. Үрийг суулгахдаа үрийн том жижгээс шалтгаалан 1-1,5 см хүртэл шороогоор хучиж, сайн нягтруулан усална.
  5. Үр тарьсан талбайг усалж өдөр бүр чийгийг нь үзэж байна.
  6. Тарьсан хугацаа, сортын нэр, үрийн танилцуулгыг бичиж аваад түүнийгээ дараа жил харьцуулан ашиглана.
  7. Хэрэв шөнө дулааны хэм 5-аас доош буух буюу цочир хүйтрэхээр байвал хөрсийг хучиж хамгаалалт хийнэ.
  8. Хөрс дулаан байвал үр хурдан, жигд соёолно.
  9. Энэ бүхэн нь хөрсөнд шууд тарих аргаар суулгасан үрийн ургалтанд таатай нөхцлийг бүрдүүлж цэцгийн үзэмж сайжирч, хэмжээ томорч, тод өнгөтэй өсөж бутжих нь түргэсэхийн зэрэгцээ цэцэгтэйгээ удаан байдаг байна.

Үрсэлгээ ургуулах

Үрсэлгээг тодорхой хугацаанд хүлэмж, өрөө тасалгаанд бойжуулна. Чимэглэлийн ихэнхи нэг наст цэцэг нь үрсэлгээр дамжиж ургадаг бөгөөд эдгээрийг жижиг үртэй учраас ингэж тарих ажлыг аль болох эрт 2-р сарын сүүлийн 7 хоног буюу 3-р сарын эхний 7 хоногоос явуулах нь тохиромжтой байдаг. Цэцгийн үрийг модон хайрцаг, ваар, хуванцар, ер нь ямар ч саванд суулгаж болдог.

  1. Саванд хар шороо, элс 6:4 харьцаатай хийж тэгшлээд услана. Ус шингэсний дараа үрээ тарина.
  2. Жижиг үрийг элстэй хольж дээрээс нь зөөлөн дарж , том үрийг бол шигтгэж шороо эсвэл элсээр далд ортол нь хучина.
  3. Үрийн соёололтыг түргэсгэж, хөрсний чийгийг хадгалах зорилгоор дээрээс нь шил буюу хүнсний цаасаар таглан вакуум орчин үүсгэж өгнө.
  4. Үрийн ургах дулаан +18с +20 хэм байвал түргэн соёолдог. Соёололт жигдэрснээс хойш байрны дулааныг +2с +5 хэмээр буулгана. Үрслэгийн 3 дахь навч гарснаас хойш суналт багатай, шилбэ нь бүдүүн, сайн чанарын үрслэг бойжуулахын тулд 5х5, 7х7 см зайтайгаар өөр хайрцаг саванд шилшүүлэн суулгана.Үрслэг ургуулахдаа чийг дулаан, орон зайг нь тохируулж өгвөл сунахгүй ургана.

Арчилгаа

Үр суулгаж дууссанаас хойш талбайгаа байнга цэвэрлэж, үрслэг бойжих хугацаанд усалгаа хийх, хөрс сийрүүлэх, бордох ажлыг тогтмол хийж улмаар 6-р сарын сүүлээр задгай талбай, мандал, тагтанд гаргаж суулгана. Үрийн 2 дахь жинхэнэ навч гарсны дараа, үрслэгийг ил талбайд гаргаснаас хойш 2 долоо хоногт эрдэс бордоогоор бордох ба ийм нэмэлт бордоог 2 долоо хоног тутамд нэг удаа хийж бордоно. Үрслэгийг өдөр бүр услахгүй. Ус ихэдвэл үрслэг сунаж , сунасан үрслэг ил талбайд гараад амьдарч чадахгүй.

Categories
мэдээ нийгэм

Прокуророос бөхийн өргөөг нээх боломжгүй гэжээ

Бөхийн өргөөнд бөхчүүдийг үймээн самуун үүсгэсэн хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагаас болон прокурорын газраас үйл ажиллагааг нь зогсоож, хаалгыг нь “барьсан”. Үүнтэй холбогдуулан бөхийн өргөөнд болох байсан барилдаанууд болон дуучдын тоглолт бүгд цуцлагдсан юм.

Харин МҮБХ-нд үүсээд байгаа асуудалд хоёр талынхан хоорондоо ярилцаж, эв зүйгээ ололцон ойлголцож “Их эеэ” дахин хуралдуулах шийдвэрийг гаргасан юм. Тиймээс Бөхийн өргөөг нээлгэхээр Улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав, Улсын харцага Д.Ганхуяг тэргүүтэй бөхчүүд прокурорт ханджээ.

Тэгвэл Баянзүрх дүүргийн прокурорын газраас ирэх сарын 05-ны өдөр Ээлжит бус Их Эе хуралдаж, асуудлыг шийдвэрлэх хүртэл нээх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн мэтгэлцээний тэмцээн эхэллээ

Хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Шүүхийн мэтгэлцээний тэмцээн” эхэллээ. Тэмцээн эрүү, иргэн, захиргаа гэсэн гурван төрлөөр явагдаж байгаа бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байруудад тус тус болж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Азийн бодибилдинг, фитнессийн холбоог монгол хүн удирдана

Бодибилдингийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотод болж байна. Энэ удаагийн тэмцээнд тивийн 44 орны 400 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээн ‘Корпорейт конвеншн центр’-т өнөөдөр өндөрлөнө. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас дэмжин ажиллаж байгаа аж.

Азийн бодибилдинг, фитнессийн холбооны конгрессийн хурал өчигдөр болсон. Хурлаар холбооны удирдлагыг шинээр сонгох сонгууль явагдаж, Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир өрсөлдөж, ялалт байгуулжээ.

Азийн бодибилдинг, фитнессийн холбоог анх удаа монгол хүн тэргүүлэхээр болов.

Монгол Улс бодибилдинг, фитнессийн тивийн болон Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2008 оноос хойш цөөнгүй удаа эх орондоо зохион байгуулж байгаа. Тухайлбал, 2008 оны тавдугаар сард Бодибилдинг, фитнессийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2011 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд Бодибилдинг, фитнессийн мастер залуучуудын ДАШТ, 2016 онд Төв болон Зүүн Азийн Бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод тус тус амжилттай зохион байгуулж байв.

Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан эдгээр тэмцээнүүд бүх спортын тулгуур бодибилдингийн спортыг хүүхэд залууст таниулах, эх орноо сурталчлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан билээ. Үүний үр дүнд өнөөдөр Азийн бодибилдинг, фитнессийн холбоог анх удаа монгол хүн тэргүүлэхээр боллоо.

Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр фитнессийн тэмцээнээр эхэлсэн. Өнөөдөр бодибилдингийн аваргууд тодорно.

Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр

  • IFBB дэлхийн түвшин тогтоох тэмцээн
  • IFBB мэргэжлийн тамирчдын түвшин тогтоох тэмцээн
  • IFBB мэргэжлийн тамирчдын тэмцээн явагдаж, тамирчид хувийн чансаагаа ахиулна.

Тиймээс оролцогч орнууд, тамирчид ихээхэн ач холбогдол өгч байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Одгэрэл азийн спортын наадамд шүүгчээр ажиллана

Азийн спортын 18 дахь удаагийн наадам ирэх наймдугаар сард Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад болох билээ. Тус наадмын спортын төрлүүдэд ажиллах шүүгчдийн нэрс тодорч эхэллээ.

Хүндийг өргөлтийн төрлийг анх удаа монгол эмэгтэй шүүгч дэнслэхээр болжээ. Тодруулбал, олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл юм. Түүний хувьд Монголын анхны эмэгтэй дасгалжуулагч, олон улсын медальтан, өнгөрсөн оны “Бөртэ-Чоно” наадмын эзэн гээд олон анхдагчын нэг билээ.

Сүхбаатар аймгийн БТСГ-т мэргэжилтнээр ажиллаж байснаас гадна өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын Анахeйм хотноо болсон ОУХӨХ-ны комисын гишүүдийг сонгох сонгууль явагдхад нэр дэвшиж, Олон улсын хүндийн өргөлтийн холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон 2017-2020 онд ажиллахаар болсон юм.

Азийн спортын 18 дахь удаагийн наадам нь ирэх наймдугаар сарын 18-аас есдүгээр сарын 2-ны хооронд Индонeз Улсын нийслэл Жакарта хотод болох бөгөөд спортын 40 төрөлд 45 орны тамирчин өрсөлдөнө.

Л.Одгэрэл Азийн спортын наадамд шүүгчээр ажилланаХарин хүндийн өргөлтийн төрөл эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд наймдугаар сарын 20-26-ны өдрүүдэд болох аж.

Энэ жил хоёр чухал наадам зохион байгуулагдана. Түүний нэг нь энэхүү Азийн наадам бол нөгөөх нь “Boenus airus” залуучуудын олимпийн наадам юм.

Л.Одгэрэлийн хувьд үүний дараах зорилго нь мэдээж залуучуудын олимпийн наадамд шүүгчээр дахин сонгогдох билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхэд бүрт “хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өчигдрийн (04.27) үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг сонсов.

Засгийн газраас төсвийн орлогын өсөлттэй холбогдуулан 2017 оны долдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэр гаргасан бөгөөд энэхүү бодлого шийдвэрээ тууштай баримталж, үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж төслийг боловсруулсан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тус тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн, гишүүдийн олонх тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн болохыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Үг хэлсэн гишүүд энэ тогтоолын төсөл нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй агуулга нэг гэдгийг тэмдэглэж байв. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд нааштай үзүүлэлттэй байгаа тул Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байсан.

Ингээд Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих томъёоллоор санал хураахад гишүүдийн 80.4 хувь нь дэмжсэнгүй. Иймд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Нутгийн төв хэсгээр бороотой


Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч 9-11 градус дулаан байна.

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангийн тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.