Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА
Улсын филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатартай ярилцлаа.
-Та хотын унаган хүүхэд үү. Хаана төрсөн бэ?
-Миний төрсөн нутаг Баянхонгор аймаг. Дунд ангид байхдаа хотод орж ирсэн.
-Жазз хөгжим, жаззын ертөнцөд нэвтрэхэд мэдээж эргэн тойрны хүмүүс, орчин тань нөлөөлсөн байх?
-Миний аав Соёлын төвийн захирал байсан. Аав минь хөгжимчин, аймагтаа нэртэй, улсын том том уралдаануудад өндөр амжилт гаргадаг байсан хамтлагтай байсан юм. Жазз хөгжмийг хотын, урбан гэж хэлэх нь бий. Гэтэл энэ хөгжим хар арьст, ядуу боолчуудаас гаралтай. Зовлон, зүдгүүр, уй гашуугаас ч энэ хөгжим үүссэн гэж ярьцгаадаг.
Энэ хөгжим түүхэнд тэмдэглэгдээд 140 гаруй жил болж байгаа. Би энэ хөгжмийн урсгалд дуртай, дунд ангид байхаасаа л сонсч эхэлсэн болохоор жазз хөгжим бол миний салшгүй нэг хэсэг л дээ. Монголд жазз хөгжим өндөр хөгжиж байна. Тэр хөгжил дотор нь жаахан ч атугай нэг хэсэг нь байхсан даа гэж бодож хичээдэг чармайж явдаг шүү.
-Та Элвис Пресли, Майкл Бубле, Франк Синатра нарыг шүтэн биширдэг. Таныг жазз ертөнцөд эргэлт буцалтгүй оруулсан, танд нөлөөлсөн дуу, кино гэвэл?
-Бидний багад хүүхдүүд “The Backstreet boys, “Камертон” хамтлаг, поп хатагтай Б.Сарантуяа, Т.Ариунаа, Элтон Жон гээд дуучин, хамтлагуудын дууг сонсдог байсан. Франк Синатрагийн “When I was seventeen” дууг нь анх сонсч байлаа. Мөн түүний “My way” дууг сонсоод өөрийн эрхгүй жаззад татагдаж эхэлсэн. Тэр үед сонгодог дуучин болохсон гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдөл минь намайг хөтлөөд л яваад байгаа байх л даа.
-Жазз хөгжим дуугарч байгаа газар цаанаа л хөгтэй, хөөртэй, хөгжөөнтэй. Өмсч зүүснээс нь эхлүүлээд жазз дуучдын тайзан дээр биеэ авч яваа байдал цаана л анги шүү?
-Дотроо маш олон төрөлтэй. Энэ сарын 14-нд болох “Come fly with me” тоглолт маань swing концерт байх юм. Энэ нь жаззын бас нэгэн том хэлбэр юм гэдгийг ирсэн хүмүүс мэдрэх байх. Жазз концерт гэсэнгүй. Яагаад swing гэж нэрлэв ээ гэхээр тоглолт маань өгсөлттэй, уналттай, өгсөлттэй. “Come fly with me” дуу бол Франк Синатрагийн бас л алдартай дуу. Хүмүүс намайг яагаад гадаад дуу дуулаад байдаг юм гэх нь бий. Ковер дуу ч гэдэг. Энэ дууг үүссэн цагаас нь хойш энэ жанраар дуулдаг бүхий л дуучин дуулсан. Гадны тоглолтуудад дандаа л гадны бүтээлүүдийг дуулдаг. Тэрийг ковер гэдэггүй. Тийм учраас үүнийг тэгж хэлж болохгүй. Бидний өөрсдийн оюунаа шингээж байж найруулгыг нь хийсэн бүтээлүүд байна. Өөрсдийн гэсэн бүтээлүүд ч байна. Монголын гоё гоё дуунуудыг swing болгоход ямар сонсогддог юм бэ гэдгийг харуулахыг хичээж байна.
-Та ямар төрлөөр нь дуулдаг гэсэн үг вэ?
-Миний дуулдаг төрлийг crooner гэдэг юм. Майкл Бубле, Франк Синатра нар том төлөөлөгчид нь.
-“Донжтой бүсгүй”, “Захиа”, “Энэ хүүхнүүд үү”, “Энэ дурлал гайхамшигтай” гээд та өөрийн гэсэн олон сайхан уран бүтээлтэй. Дуучин Ука, Хулан нартай хамтарч сайхан дуунууд гаргаж байна?
-Баярлалаа. “Чамайг хүлээнэ” дуу хөгжим сонирхогчдын дунд хандалт өндөртэй яваа.
-Хөгжмийн ямар төрөл жанрыг сонсдог вэ гэдэг нь тухайн хүний хувцаслалт, биеэ авч яваа байдлаас нь харагддаг. Таны тоглолтыг үздэг, жазз сонсдог хүмүүс өөр бусад хөгжмийн урсгалыг сонсдог хүмүүсээс юугаараа өөр байдаг вэ?
-Маш гоё байдаг. Өөрийгөө олчихсон. Өөрийнхөө сонсох юмаа мэдчихсэн. Тэрнээсээ ямар таашаал авдгаа мэддэг бие хүмүүс байдаг юм. Манайд жазз сүүлд л хөгжиж байгаа болохоос биш дэлхий дээр 100 гаран жил хөгжчихсөн, Европ, Ази. Японд асар сайн хөгжчихсөн. 1930-аад оноос хойш Шанхайд өндөр хөгжсөн. “Баян Монгол” чуулга маань 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Монголд жазз хөгжимд тавин жилийн өмнө эхлэл, суурь нь тавигдсаар өнөөдөр бидний үед ирээд байна.
-Монголын хамгийн алдартай жазз дуу гэвэл. Ямар дууг мэргэжилтнүүд онцолдог вэ?
-Эхнээс нь жазз дуу гэж зориулж хийгээгүй болохоор тэгж хэлэх хэцүү л дээ. Хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн дуунуудыг жазз болгоход гоё болдог. “Би чамд хайртай”, “Ийм нэгэн сэтгэл” зэрэг дуунуудыг жазз хувилбараар дуулаад цомог гаргасан л даа. Германд жазз дуучнаар суралцаж байгаа миний хуурай дүү Энхжаргал С.Гончигсумлаа гуайн алдартай дуунуудаар мөн цомог гаргасан.
-Жазз хөгжим танд юу өгсөн бэ?
-Амьдралаас авч байгаа аз жаргал, амьдралын цаашдын чиг шугам, бүх зүйлийг тодорхойлж өгсөн хөгжим. Намайг жазз дуучин гээд байдаг юм. Би бол зүгээр л дуучин. Гэхдээ жаззаа ч дуулна, поп дуугаа ч дуулна.
-Дуучин Укатай хамтарч дуулсан “Энэ хүүхнүүд үү” дууны хөгжмийн найруулга маш сайн. Урлагт синкретизм гэх ойлголт байдаг юм. Хоёр өөр он цагт туурвигдсан бүтээлийг нэг дор зангидаж, сүлэлдүүлэхийг хэлдэг. “Энэ хүүхнүүд үү” киноны хөгжмөөс сэдэвлэсэн нь онцгой болсон байна билээ?
-Сонсох хүмүүс нь сонсоно. Зарим нь сонсоход бэлтгэгдээгүй байж магад. Хурцадна гэдэг ч юм уу, сонин сонсогдоод байж мэдэх юм. Энэ юу вэ, энэ дуу юу, дүү нар минь та нар юу л хийгээд байна даа гэсэн. Эсрэгээрээ надад маш гоё санагдсан. Ука бид хоёрт огт өөр, сайхан мэдрэмж өгсөн. Клип нь ч тэр. Маш их таалагдсан. Одоо шүүмжилж байгаа ч хэдэн жилийн дараа сонсоход өөр сонсогдож магад.
-Дуучид хойноо бүтэн хамтлаг зогсоогоод өөрөө урд нь гарч тайзан дээр бөгжний шигтгээ шиг л гялалздаг. Гэтэл тэгж зогсохын тулд, тоглолт хийхийн тулд олон сарын өмнөөс бэлтгэдэг юм шиг байгаа юм?
-Тоглолтоо төлөвлөсөн цагаас эхэлж толгой ажиллаж эхэлнэ. Хөгжмийн найруулга, дууны сонголт гээд л ажил их. 2-3 сарын өмнөөс тоглолтын ажилдаа орохгүй бол оройтдог. Амжихгүй. Бүх юм жин тан болоод тоглолтын үндсэн бэлтгэл сарын өмнөөс эхэлдэг.
-Зарим дуучид тоглолтын өмнөх хэдэн өдөр чимээгүй орчинд тайвширч амардаг юм билээ. Харин та тоглолтын өмнө яадаг вэ?
-Тайз, гэрэлтүүлэг яаж байна гээд л дунд нь явна. Уг нь дуучин хүн бясалгаад гэртээ ч юм уу, өөр намуухан газарт төвлөрөөд амраад байж байх хэрэгтэй юм. Тэр тайз, жижиг сажиг эд зүйл, тасалбар гээд бүх асуудлыг хаях хэрэгтэй. Даанч манай өнөөдрийн нөхцөлд тэгэх боломж алга. Гэхдээ миний ард баг ажиллаж байгаа. Тоглолтын үеэр миний сэтгэлд хүрэхгүй нэг л зүйл гарвал тэр чинь надад маш их уналт болно. Тэрнээс болгоомжлоод бэлтгэлийн үеэр дунд нь ганц хоёр удаа явж байвал зүгээр байдаг юм.
-Гурван сарын турш бэлтгээд сүүлийн нэг сард нь шахуу хөдөлмөрлөөд тоглолт болоход тайзан дээр гарлаа. Тоглолт тань хэдэн цаг үргэлжлэх вэ?
-Хоёр цаг гаран болно.
-Хоёр цагийн турш дууллаа. Бүх юм номын журмын дагуу боллоо, тэгээд хөшиг хаагдлаа. Яг тэр агшинд танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Хамгийн аз жаргалтай тэр мэдрэмжийг л би хүлээж байна. Үзэгчид гоё, хөгжимчид маань алдаа мадаггүй, миний зүгээс бүхнээ гаргачихаад хөшиг хаагдсаны дараа тайзны ард авах эхний амьсгаа бол энэ бүх ажлын хамгийн гоё дүгнэлт байх болно.
-Жазз дуучинд ам барина гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл хойно нь хөгжмийн бүхэл бүтэн хамтлаг тоглож байгаа шүү дээ?
-Ямар ч төрөл, жанрт дуучны ур чадварыг шаардана даа. Хойноо оркестр суулгачихаад урд нь зогсоод тэгж хуурна гэж хэзээ ч байхгүй. Оркестртой дуулж байгаад алдаж магадгүй. Тэр мөчид тэр алдаанаас яаж гарах вэ гэдэг асуудал байнга л тохиолдож байдаг. Тэрийгээ яаж эвтэйхэн аргалж гарах вэ гэнэ. Гэхдээ их биш л дээ. Маш том алдаа биш л дээ. Амьд юм гэдэг чинь цаанаасаа амьд байх ёстой.
-Хоолойгоо яаж хамгаалдаг вэ. Тоглолтын өмнө хоолой өвдөж ханиад хүрвэл хэцүүднэ байх даа?
-Тэгэх юм бол дууслаа гэсэн үг. Хоолойнд хэтэрхий ачаалал өгөөд, бие ядарсан байвал үрэвсэх магадлал өндөр. Тийм учраас хоолойгоо гамнах хэрэгтэй. Дуучин хүний гол зүйл чинь хоолой. Дээр нь сэтгэл гэж том юм бий. Сэтгэл, хоолой хоёроороо бүхнээ хүмүүст илэрхийлдэг. Хоолойны эмч дээр хааяа очиж үзүүлнэ. Шинэ жилийн үеэр бид маш өндөр ачаалал авдаг. Өвлийн ид хүйтнээр тоглолтын лакан гуталтайгаа л гүйнэ. Тэр үед хоолой өвдвөл үнэхээр хүнд. Оргил хэсгээр нь хоолой цуцаад өвдөж эхэлнэ. Фитнесс хийгээд гэдэсний булчинтай болдог шүү дээ. Тэрэнтэй адилхан хүн дуулаад дасгал хийгээд байвал юу ч тохиолдсон даваад гарах хэмжээнд хоолойныхоо булчинг хөгжүүлчихсэн байдаг. Би ч гэсэн хоолойныхоо булчинг хөгжүүлэх гээд хичээж л байна. Бие өвдөж байсан ч хоолой хэвийн гарах ёстой.
-Нэг дууг хэд дахин давтаж өөрийн болгодог юм бэ?
-Яг төд дуулж өөрийн болгоно гэж хэлэхэд хэцүү. Маш олон дуулна. Дуулах тусам өөрийн болдог. Жижиг нугалаа, жижиг амьсгааг яаж зөв гаргах вэ гээд л нэг дууг хэдэн мянган удаа дуулж байж биеийн маань нэг хэсэг шиг болж байгаа юм. Хэдэн сар, жил дуулсны дараа тэр дууг зохиогч нь анх зохиохдоо яг юу бодож бүтээсэн бэ гэдгийг ойлгож байх жишээний.
-Энэ сарын 14-нд болох тоглолтынхоо тухай сонирхуулаач. Уран бүтээлчид заавал баяр ёслол тохиолдуулж дуулдаг болж. Дөрөвдүгээр сарын 14 гэдэг нь ямар нэг утга агуулж байна уу. Хоёрдугаар сарын 14, гуравдугаар сарын 14 гээд сар болгоны 14-нийг хайр сэтгэлтэй холбоод байдаг тал бий дээ?
-(Инээв). Гэхдээ та гоё талаас нь харсан байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд анхны тоглолтоо хийж байсан юм. Тэр тоглолт миний хувьд маш том гараа байсан л даа. Амжилттай ч болсон. Тэр үеэс миний урлагийн замнал эхэлсэн. Тийм болохоор бэлгэдлээ бодоод дөрөвдүгээр сарыг сонгосон юм. Өдрөө сонгохдоо бямба гаригийг онцлоод 14-нийг товлосон. Баяр ёслолоор тоглолт хийх нь зөв ч яагаад заавал баярын өдөр гэж. Баярын өдрөөр бол дуртай, дургүй хүмүүс л албадлагаар шахуу тоглолт үзнэ шүү дээ. Баярын бус өдөр хийхээр яг тэр хөгжмийг сонсъё гэсэн хүмүүс ирдэг. Хүмүүст тасалбар шахна гэдэг асуудалд би дургүй. Тайзан дээрх дуучин, үзэгчид нь сэтгэлээрээ холбогдож байж л тэр тоглолт жинхэнэ тоглолт болж дуусна уу гэхээс биш хэн хэнийгээ үл ойлгосон байдал байж болохгүй байх аа.
-Жазз төрлөөр амжилттай дуулж яваа цөөн дуучны нэг нь та. Танд урилга хэр ирдэг вэ?
-Манай арга хэмжээн дээр жазз, сонгодог дуу дуулах хэрэгтэй байна гэсэн урилга их ирнэ. Сүүлийн жилүүдэд ийм урилга их ирэх болсон. Одоо бол шинэ дуучид, хөгжимчид гарч ирж байна. Том төсөл ч хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Шинэ дуучид, шинэ уран бүтээлчид гарч ирэх тусмаа энэ урлаг хөгжинө. Олон жазз дуучин гарч ирээсэй гэж их боддог юм.