Categories
мэдээ соёл-урлаг

Чита хотын Драмын театрынхан УДЭТ-н тайзнаа уран бүтээлээ толилуулна

ОХУ-ын Чита хотын Драмын театрын уран бүтээлчид Монгол Улсад хүрэлцэн иржээ. Тэд өнөөдөр /2018.04.09/ УДЭТ-т сэтгүүлчидтэй уулзалт хийлээ.

Чита хотын Драмын театрын уран бүтээлчид манай УДЭТ-н тайзнаа энэ сарын 9, 10-ны өдрүүдэд хүүхдийн болон инээдмийн мюзикл жүжгээ толилуулах юм. Тухайлбал УДЭТ-т тоглогдох гэж буй “Русский секрет” буюу “Оросын гайхамшиг” жүжиг нь оросын зохиолч Н.С.Лесковын 1881 онд бичсэн “Левша” – “Солгой” хэмээх туужаас сэдэвлэн орчин үеийн мюзикл хэлбэрээр хийсэн бүтээл ажээ. Энэ зохиол нь орос дарханы ур чадварыг өгүүлдэг байна. Мөн бяцхан үзэгчдэд зориулсан “Аладдины шидэт дэнлүү” үлгэрийн жүжгийг тоглох юм.

Энэхүү жүжгүүдийг орос хэлээр тоглох ажээ.

Аялан тоглолтын хүрээнд:

4-р сарын 9,10-нд 19:00 цагт “Русский секрет” /Оросын гайхамшиг/ мюзикл инээдмийн жүжиг, ТАСАЛБАРЫН ҮНЭ: 20.000₮

4-р сарын 10-нд 11:00, 15:00 цагт “Волшебная лампа Аладдина” /Аладины шидэт дэнлүү/ хүүхдийн жүжиг, ТАСАЛБАРЫН ҮНЭ: 10.000₮

ТАСАЛБАРЫГ: УДЭТ-ЫН КАСС, WWW.TICKET.MN, ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ: 1900-1800, 99025027, 99026929

Categories
мэдээ нийгэм

45 мянга орчим хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орно

элсэлтийн ерөнхий шалгалт зурган илэрцүүд

Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ бүртгэл дуусахад долоо хоног үлдлээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 05-ны өдөр орон даяар эхэлж, энэ сарын 16-ны өдөр дуусах шалгалтын бүртгэл ажил хангагдаж байгаа аж. Энэ жил 12 дугаар ангийг 42 мянга орчим хүүхэд төгсөх юм. Өнгөрсөн жилийн төгссөн, дахин шалгалт өгөхийг зорьж байгаа хүүхдүүдтэй нийлээд 45 мянга орчим хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орох байх гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Бэлтгэл ажил хангагдсан, бүртгэлийн явц ойролцоогоор 70 хувьтай явагдаж байгаа юм.

Дашрамд сануулахад, өнгөрсөн жилийн ЭЕШ-ийн материал задарч, асуудал болж байсан учраас энэ жил ийм асуудал гаргахгүй байх талаар анхаарч ажиллахаар болжээ.

Categories
мэдээ спорт

Ардчиллын ойн барилдаанд арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Ойрын хугацаанд улс, аймгийн цолтнуудын барилдаан зохиогдоогүй болоод ч тэр үү улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс, Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва гээд том цолтнууд олноор цугларчээ. Харин Ц.Содномдорж, Э.Оюунболд нарын арслангууд харагдсангүй. Мөн өнгөрсөн барилдааны түрүү бөх улсын харцага О.Хангай барилдааныг өнжсөн байв.

Бөхийн барилдааны нэгийн даваанд Баян-Өлгий аймгийн харьяат улсын начин Б.Баатарцол Орхон аймгийн харьяат бөхийн чөлөөт барилдааны спортын мастер Д.Төгс-Эрдэнэтэй оноолт таарч зүүн хөлдөө алдаж тахим өгсөн. Үүний дараахан Архангайн “аралтай” начин Э.Ванданцэрэн Говь-Алтай аймгийн харьяат сумын заан М.Балжиннямыг нарийн ууцаар тэвэрч мордож дайрсан ч дэгээ ороож эргэхэд нь доор нь орчихов.

Барилдааны хоёрын даваанд Сүхбаатар аймгийн харьяат аймгийн харцага Н.Өсөхбаяр улсын өсөх идэр начин Ч.Батчулууныг төвөггүйхэн орхиод туг тойрно лээ. Өнөө жил 20 нас хүрч байгаа үндэсний бөхийн залуучуудын улсын аварга энэ залууг бөхийн хүрээнийхэн ирээдүйд тун сайн барилдана гэж үнэлэх юм билээ.

Н.ЖАРГАЛБАЯР ЗААНЫ БЭРТЭЛ БҮРЭН ЭДГЭРЧЭЭ

Дөрвийн даваанд аварга Ч.Санжаадамба аймгийн харцага Т.Төгсдөлгөөнийг баруун талд нь хонгодоод давсан бол арслан П.Бүрэнтөгс аймгийн заан М.Даваасүрэнг шуудагны барьцнаас голлож түрж дайраад туг тойров. Харин улсын арслан Н.Батсуурь бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга Д.Хүдэрбулгыг дан золгооноос хөмрүүлж тэнгэр харуулна лээ. Тэрээр өнгөрсөн барилдааны нэгийн даваанд сумын заан Б.Сосорбарамд тахим буулгасан юм. Мөн тохойны бэртлийн улмаас сар шинийн барилдааныг өнжсөн улсын заан Н.Жаргалбаяр “Ирээдүйн аварга” шагналын эзэн аймгийн арслан Т.Бэгзсүрэнг барьцгүй хавсарч давсан нь энэ өдрийн онцлох уран мэх байв. Үүнээс үзэхэд залуу зааны бэртэл бүрэн илааршсан нь харагдаж байсан юм.

ТАМИР НАЧИН “ТАМИР”-ТАЙ БАЙНА

Бөхийн барилдааны тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба цол амжилтын эрэмбээр гоц мөргөхөд шүүмжлэлтэй хандах бөх сонирхогчид цөөнгүй харагдсан. Энэ нь урд өдөр нь цахимаар бүртгүүлсэн бөхчүүд бүгд ирж барилдахгүй байгаатай холбоотой талаар гарын даа мэдэгдсэн юм.

Энэ зуур өнгөрсөн жилийн наадмаар улсын арслангуудыг “нурааж” улсын цолны босго алхсан Булганы Д.Тамир уран барилдаант харцага Т.Баасанхүүг өхийлдөхөд нь өшиглөж унагачихаад тугны зүг гүйж харагдав. Улсын цол хүртсэнээс хойш төдийлөн сайн барилдаагүй энэ залуугийн бэлтгэл сургуулилт жигдэрсэн нь анзаарагдаж байна лээ. Удахгүй болох ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар дахиад ч “гялалзаж” мэдэх л бөх.

Энэ даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нутгийн бөх улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтохыг амлаж барилдаад дархан хонгодоо мэхээрээ давна лээ. Харин Алтай нутгийн хүчитнүүд тахим өгөлцөж авалцахдаа бие бие дээ хүндэтгэлгүй хандсан нь бөхийн өргөөнд цугласан олны бухимдлыг багагүй төрүүлсэн шүү.

Нохой жилийн сар шинийн барилдаанаар “улсын цолд ойрхон” бөхийн шагнал гардсан Хөсгөлийн Б.Даваа-Очир арслан энэ даваанд улсын арслан Р.Пүрэвдагвыг сугадаж хашиж мордоод тун төвөггүйхэн даваа авав. Бие жижигтэй ч эрэмгий, дайчин барилдаантай энэ залууд Хөвсгөл нутгийн зон олон тун ч их найдвар хүлээлгэдэг юм байна лээ. Тэрээр энэ өдөр олон шилдэг хүчитнүүдийг давж их шөвөгт шалгарсан юм.

П.БҮРЭНТӨГС АРСЛАН АМЖИЛТТАЙ “ДААГАА НЭХЛЭЭ”

Энэ давааны онцлох барилдаан улсын арслан П.Бүрэнтөгс улсын харцага Б.Бат-Өлзий нарын хооронд болж ах цолтон нь бариа зөрүүн дээр гар таллаж далавчилж гуд татаад төвөггүйхэн өвдөглүүлэв. Өнгөрсөн намраас хойш дөрвөн ч барилдаанд түрүүлж чансааг тэргүүлж буй Б.Бат-Өлзий харцагын барилдааны арга барилыг хашир арслан анхааралтай ажиглаж өөрийн барилдаандаа дүгнэлт хийсэн нь харагдаж байлаа. Энэ хоёр хүчтэн нохой жилийн сар шинийн барилдааны түрүү үзүүрт шалгарч Б.Бат-Өлзий дотуур өхийлдөж давж байсан билээ.

Нөгөө талд Н.Жаргалбаяр заан улсын начин Д.Тамирыг амлаж барилдаад тахимдаад даваа авсан юм. Тоолбол насаар чацуу, төөлбөл биеэр ойролцоо энэ хоёр хүчтэн олон ч наадамд таарч барилдаж бөх сонирхогчдыг баясгах биз ээ.

Их шөвөгт Ч.Санжаадамба аварга аймгийн арслан Б.Даваа-Очирыг гар ачихад нь зөрүүлж мушгиад доороо хийчихэв. Энэ өдөр аваргыг үзүүрт шалгарах хүртэл “гарыг нь нугалах” хүчтэн ховор байсныг дурдья. Тунасан арслан П.Бүрэнтөгс заан Н.Жаргалбаяр нарын барилдаанд арслан илүүрхэж сугадаж тахимдаад туг тойров. Түрүү байрын төлөөх тулаан төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Аварга Ч.Санжаадамба сугадаж дайрахад нь П.Бүрэнтөгс баруун талдаа тосгуулж өшиглөөд 30 насны төрсөн өдрөөрөө ардчиллын ойн барилдааны тэргүүн бөхөөр шалгарав.

Түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгс таван сая төгрөгөөр байлуулсан бол үзүүр бөх аварга Ч.Санжаадамба гурван сая, их шөвөгт шалгарсан улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн арслан Б.Даваа-Очир нар нэг сая төгрөгөөр тус тус шагнуулсан юм.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурын чуулгын ээлжит “Novel Melody” тоглолт болно

Морин хуурын чуулгын жил бүр тоглодог уламжлалт тоглолтуудын нэг болох “Novel Melody” 5 дах жилдээ тоглогдох гэж байна. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг харуулсан шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц тоглолт болдог. Харин энэ жилийн тоглолт өнгөрсөн 4 жилийн “Novel Melody” тоглолтоос үзэгчдийн таашаалыг хүртсэн шилмэл бүтээлүүдээс түүвэрлэн хүргэхээр боллоо. Мөн энэ удаагийн тоглолтыг Морин хуурын чуулгын залуу удирдаач Н.Жигжиддорж удирдан явуулах ба хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюитийг анх удаа морин хуурын чуулгад тоглож үзэгчдийн хүртээл болгох гэж байна.Тоглолт 2018 оны 04-р сарын 16-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхим болно.

Categories
мэдээ нийгэм

Хачигт халдвараас сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлнэ үү?

Хачигт халдвар зурган илэрцүүд

Дулааны улирал эхэлж агаар салхинд гарах, ууланд алхах иргэдийн тоо нэмэгдэж байгаа тул хачгийн идэвхитэй үе эхэлсэн энэ үед хачигт халдвараас хамгаалахыг сануулж байна. Монгол Улсын 21 аймаг есөн дүүрэг, бүх сумдад халдварын голомттой учраас ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг байдаг. Монголд 43 зүйлийн хачигт халдвар байдгаас өнөөдрийн байдлаар, манай улсад хачигнаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байна.

Хачиг нь эзэн амьтан руугаа мөлхөж очдоггүй бөгөөд тэсвэртэй нь аргагүй хүлээж байдаг. Жишээлбэл, ойн хачиг хүн явдаг жим дагаад өвсний үзүүрт байж байдаг. Тандалт судалгаагаар, ойн гүнд хачгийн нягтаршил бага. Ойн жимээр их, метр хэрийн өндөрт ч эзнээ хүлээгээд байж байдаг.

Хачгууд нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал амьтны цусыг сорж хүн, амьтанд дамжуулдаг. Халдвартай хачигт хазуулах, хачгийг няцлах үед цусаар нь халдвар дамждаг. Хачигт хазуулахад төрлөөсөө шалтгаалж хэд хэдэн шинж тэмдэг илэрнэ.

Хачигт энцефалитыг үүсгэдэг хачиг ихэвчлэн ойт хээрийн бүсэд байдаг бөгөөд халдвар авч хүндэрвэл хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Хүний мэдрэлийн эд эсийг сонгож гэмтээдэг гэсэн үг. Хачигт хазуулсны дараа ихэвчлэн нууц үе 3-21 хоногт бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж ч унадаг.

Хачигт боррелиоз нь бэлчээрийн хачгаар дамждаг бөгөөд хүний мэдрэлийн тогтолцоо, арьс, зүрх судас, үе мөч, тулгуур зэрэг эрхтэн системийг сонгомлоор гэмтээдэг хор хөнөөл ихтэй. Хачигт хазуулсны дараа бие сулрах, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, зүрх, үе мөчөөр өвдөх, арьсаар цагирган хэлбэрийн том, цөөн тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хачигт энцефалитаас яаж сэргийлэх вэ?

Хачигт хазуулсан тохиолдолд авах анхны арга хэмжээ:

  • Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг болгоомжтой ганхуулж, сугалан авч, битүү саванд хийгээд шинжилгээнд хамруулах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандах
  • Хачигны тос түрхэх
  • Хачиг хазсан хэсгийн газрыг спирт эсвэл марганцийн сул уусмалаар угаах
  • Хүйтэн жин тавих
  • Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээний дараа дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

-Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр

-Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-БНХАУ-ын Засгийн газраас олгохоо илэрхийлсэн 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр

-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай Монгол Улсыг төлөөлж Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр

-Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

-Монгол Улсын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

-Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө

-Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал

-“Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг баримт бичигт Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын талаас Худалдааны сайд Жун Шань, Боловсролын сайд Чэнь Бао Шэн, Эксим банкны Ерөнхийлөгч Лю Лянь Гө, Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэфэн, Зах зээлийн хяналтын удирдах хорооны дарга Жан Мао нар гарын үсэг зурлаа. Баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БНХАУ-ын Ардын их хурлын ордонд боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Голден стэйт Уарриос” багийн тоглолтын үеэр Монголын уран нугаралтын охид үзүүлбэрээ толилуулжээ


Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/- ны талбайд Монголын уран нугаралтын охид үзүүлбэрээ толилуулж, Монголын циркийн урлагийн жүжигчдийн гайхамшигт ур чадварыг америкчуудад таниуллаа.

Монголын уран нугараач охид өнгөрсөн бямба гарагт болсон “Голден стэйт Уарриос” болон “Нью Орлеанс Пеликанс” багийн тоглолтын хагас завсарлагааны үеэр энэ гайхалтай үзүүлбэрийг сагсанбөмбөгийн талбайн төвд хийж сонирхуулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Номтойбаяр: Сайд нар ажлаа хийж чадахгүй бол солино шүү дээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай ярилцлаа.


-Оюу толгойтой холбоотойгоор С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг хорьж шалгаж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг тойрсон Стандарт банктай холбоотой асуудлуудыг та анзаарч харж байгаа байх. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа бол?

-Оюу толгой, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал үнэхээр олны анхаарлын төвд орсон асуудлыг нэг болчихоод байна. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал талаасаа хамгийн чухал хоёр томоохон төсөл хөтөлбөр. Энэ төсөл хөтөлбөрүүдэд тухайн үедээ албан тушаал хашиж байсан улстөрчид албан тушаалаа урвуулан болон хэтрүүлсэн, эрүүгийн шинж чанартай асуудлууд сонсогдож байгаа. Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлын хүрээнд УИХ-аас ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг намын бүлэг дээрээ сонсъё гэдэг зарчмын байр суурийг ирэх даваа гаригийн бүлгийн хуралдаандаа тавих болно.

Ажлыг хэсгийн гишүүдийг ямар шалгуураар яаж бүрдүүлснийг ойлгохгүй байгаа. Ямартаа ч Д.Дамба-Очир гишүүн ахалж байгаа юм билээ. Ажлын хэсгийг бүрдүүлэхдээ өмнө нь тооцоо судалгаа хийж байсан, олон улсын гэрээ эрх зүйн хувьд мэдлэгтэй, мэргэшсэн байхаас гадна УИХ-ын гишүүд болон ажлын хэсгийг дэмжиж ажиллах мэргэжлийн хүмүүс байх хэрэгтэй. Ажлын хэсгийг явцын мэдээ цаг тухай бүртээ ард түмэнд ил болж байх ёстой.

-“Монголын зэс” корпорацийнхан их хэмжээний урамшуулал олгосон гэдэг мэдээлэл гараад байна. Үүнийг дагасан төрийн албаныхны тансаглал хэрээс хэтэрлээ гэсэн шүүмжлэл байгаа?

-Төрийн албаны тансаглал үеийн үед байсаар ирсэн шүүмжлэлийн нэг сэдэв. 2012-2016 оны хооронд цөөнхийн бүлгийн дэд даргаар ажиллаж байхдаа уг асуудалд голлон анхаарч байсан. Ний нуугүй хэлэхэд өнөөдрийн Их хурлын түвшинд засагдсан зүйл алга. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ болон Засгийн газрын гишүүд гадаад улсад айлчилсан. Гагцхүү тэндээс юу сурав, Монголын хөрсөн дээр яаж хөгжил болж ирэв, бодит ажил хэрэг болсон уу гэдэг бодит тайланг сонсоогүй. Үүнийг онцгойлон анхаарч үзэх ёстой. Эцсийн дүндээ татвар төлөгчдийн мөнгөөр л явж байгаа. Айлчлалаар яваад Монголын эдийн засаг, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт гараагүй бол гишүүд амралт зугаалгаар явж иржээ гэж харна. Тиймээс энэ тал дээр шүүмжлэлтэй ханддаг.

Миний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Япон улсад дадлагажигч оюутан залуусыг гаргах хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан явж байсан. Мөн НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн байнгын хороон дээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж 55 дугаар хурал дээр Засгийн газрын хүлээсэн ажлын тайлан болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээлэл өгсөн. Ийм хоёр айлчлалд л явсан. Тодорхой үр дүнгүүд гарсан. Энэ мэтчилэн хүмүүс өөрсдийн тайланг тавих ёстой.

-АТГ сүүлийн үед эрчимтэй ажиллаж байна гэж харагдахаар байгаа. Өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг ч шалгаад эхэллээ. Гэхдээ улс төрийн бүлэглэл хоорондоо тохироод энэ хүмүүсээ үлдээчих боломжтой гэх юм. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Шалгагдах ганцхан нөхцөл бий. Хуулийн хэрэгжилтийг тогтвортой хангах, холбогдох этгээдийн гэм буруутай нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээнэ. Энэ нь улс төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтнаас хол байх л эрх.

-Бүлэглэлүүд хоорондоо тохироод ганц нэг хүнийг сор залж магадгүй гэх юм?

-Бүлэглэл гэж яг юу хэлээд байгаа юм. Би ямар нэгэн бүлэглэлийн гишүүн биш. Улс төрийн болон бизнесийн хувьд гадуур шуугиад байгаа энэ асуудлуудад ямар нэгэн холбоо байхгүй. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа бол улс төрөөс л ангид байх ёстой.

-Өнгөрөгч намар Булган аймгийн Хутаг-Өндөр суманд таны зорчиж явсан автомашин осол хийсэн гэж шуугьсан. Энэ асуудал шийдэгдсэн үү. Прокуророос энэ талаар мэдээлэл өгөхгүй байна гээд байна л даа?

-Тийм зүйл болсон. Энэ талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авах нь зөв байх. Миний хувьд хоёр удаа гэрчийн мэдүүлэг өгсөн.

-Та ар гэрийнхэнтэй нь холбогдож тусламж дэмжлэг үзүүлсэн үү?

-Би холбогдох субъект нь биш л дээ. Ямар нэгэн буруутай зүйл байхгүй. Би зорчиж байсан. Би прокурорын өмнөөс юу ярих вэ дээ.

-Мэдээлэл нь хаалттай байгаа юм биш үү?

-Миний нэр холбогдсон болохоор тэгээд байгаа юм уу. Цаашид миний нэр хүндэд халдаж, гүтгэж байгаа бол холбогдох хуулийнх нь дагуу явах болно.

-МАК-тай холбоотой Цагаан суваргын ордын концессийн асуудал яригдаж байсан. Энэ юу болсон бэ. Концессийн мөнгө нь царцаагдсан гэдэг мэдээлэл байх юм?

-Таван Засгийн газар дамжсан асуудал. Бүх зүйл хууль ёсных. Харин тэр концессийн мөнгийг нь өгөхгүй гэж байгаа бол 110-ынхаа шугамыг өмчлөлийн дагуу шилжүүлээд өгчих ёстой асуудал байхгүй юу. Энэ чинь 2004 оны асуудал.

-Засгийн газрын үйл ажиллагаан дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны 47 дугаар тогтоол батлагдсан. Үүний хэрэгжилтийг тайлагнахгүй байна. Хаврын чуулган нээлтээ хийчихлээ. Энэ чуулганаар тайлагнах ёстой. Яг юу юу нь хэрэгжээд явж байна вэ. Өмнөх Засгийн газрын гишүүд ч гэсэн тайлангаа тавих хэрэгтэй. Сүүлд байгуулагдсан Засгийн газар нь үргэлжлүүлээд ямар ямар ажлыг нь явуулж байгаа вэ гэдгээ ч тайлагнах цаг болсон. Тэгж ажил хэрэгч байдлаар дүгнээд чадаж байна уу, үгүй гэдгийг нь ярих хэрэгтэй.

-Засгийн газрын дөрвөн сайдыг солих асуудал яригдаад эхэлсэн байна. Та энэ талаар дуулсан зүйл байна уу?

-Сайд нар ажлаа хийж чадахгүй бол солино шүү дээ. Чуулган дөнгөж эхэлж байна. Удирдах зөвлөл, бүлэг ирэх даваа гаригаас хуралдаж эхэлнэ. Эрдэнэт, Оюу толгойтой холбоотой асуудлуудаас эхлээд ярина. Улс төрд үүсээд буй олон асуудлууд байна. Хамгийн гол нь УИХ-ын 47 дугаар тогтоолыг хэрхэн хангаж байна вэ. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг Их хурал баталсан. УИХ-аас баталдаг цаас л болж хувираад байна. Үүнийг хэрхэн хангаж ажиллаж байна вэ гэдгийг нэг бүрчлэн үзмээр байна шүү дээ. Дараа нь дүгнэлтээ хийнэ.

-Засгийн газрын гишүүний ажлаа өгөөд юу хийж байна вэ. Хэвлэлд ярилцлага ч өгөөгүй юм байна…

-Тойрогтоо л ажиллана шүү дээ. Би тойрогтоо маш их ажил хийж байгаа. Үндсэндээ сайн гэсэн болгоныг хийж байгаа л даа. Даанч мэдээ болж гардаггүй. Намайг Монголд байхгүй байгаа юм шиг бичих юм. Гүтгэлэг, ховын чанартай зүйл гарахаар тэр нь хэвлэлээр шуугиад бөөн юм болчихдог. Муу юм болохоор л Монголд байгаа юм шиг бичдэг. Үнэндээ ийм л байна. Чуулганы завсарлагааны хугацаанд тойргоороо гурван удаа тойрч, Хэнтий аймагт ч ажилласан.

-УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх албан бичгээ Их хурлын даргад өгсөн гэж байна. Адилхан залуу гишүүний хувьд та ямар бодолтой яваа бол?

-Алдсан, оносон гэхэд хэцүү байна. Хүчингийн хэрэг гээд байгаа асуудал нь шүүхээр тогтоогдоогүй байх. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тойргийнхоо иргэдийг УИХ-д төлөөлж иргэдийн ажил, амьдралд ямар бэрхшээл байна түүнийг шийдэх үндсэн үүрэгтэй. Үүнийгээ хэр сайн биелүүлсэн юм. Тойргийн иргэд нь юу гэж үзэж байгаа юм, бүү мэд. Д.Гантулга нэгэнт өөрөө албан бланк дээрээ хүсэлтээ өгсөн бол хүслийг нь ёсоор биелүүлсэн нь дээр.

-Чуулганы хуралдааны нээлтэн дээр Ерөнхийлөгч хариуцлагын асуудал хөндсөн. Тэгэхдээ шүүгчид хөрөнгөө тайлбарлаж чадахгүй бол хууль бусаар хөрөнгөжсөн гээд хариуцлага тооцно гэдгээ хэлсэн…

-Хариуцлага тооцох ёстой. Хөрөнгийн эх үүсвэрээ тооцож чадахгүй шүүгчид бүү хэл улстөрчид ч их байна. Хаанаасаа яаж баяждаг юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ шударгаар бичсэн хүн бий. Тэгсэн хэрнээ хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй олон хүн байгаа.

-Албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэхээр нам нь хамгаалдаг тийм зүйл байдаг. Олон жил хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаад хариуцлага тооцсон зүйл алга…

-Хэн нь хэнийгээ хамгаалчихаад байгаа юм.

-Бүлэглэл нь бүлэглэлээ хамгаалаад байгаа юм биш үү?

-Түрүүнээс хойш ямар бүлэглэл яриад байна аа. Би ямар нэгэн бүлэглэл, даргын өнгөн доор явдаг хүн биш. Надаас асуугаад яахав дээ.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс 10 цэгээр гадаад паспортын үйлчилгээ үзүүлж эхэллээ

гадаад паспорт зурган илэрцүүд

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор өнөөдрөөс гадаад паспортын үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтсээс үзүүлж эхэллээ.

Тодруулбал, иргэд харьяалал харгалзахгүйгээр дээрх 10 цэгт гадаад паспортаа энгийн, яаралтайгаар захиалах боломжтой. Энгийнээр захиалсан тохиодолд ажлын 10 хоногт гарна. Үнийн хувьд 32500 төгрөг, яаралтайгаар бол ажлын 3 хоногт гарна. Үнэ нь 42500 төгрөг. Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм.

Categories
мэдээ улс-төр

Д.Хаянхярваа: Д.Гантулга гишүүний өргөдлийг УИХ-аар авч хэлэлцвэл УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно

Холбоотой Зураг

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа. “Бүлгийн хурлаар хэд хэдэн асуудал яригдлаа. Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үүнийг судлах ажлын хэсэг гаргахаар болсон. Мөн төвлөрлийг сааруулах асуудал нэлээд яригдаж байна. Ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар төвлөрлийг сааруулах тодорхой төлөвлөгөөтэй орж ирэхийг Засгийн газраас хүссэн. Ингээд Д.Тогтохсүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, аймаг орон нутгаас санал авах талаар ярилцлаа. Мөн Д.Гантулга гишүүний өргөдлийг хэлэлцлээ. Өмнө нь ямар нэгэн байдлаар Д.Гантулгыг авч үлдэх тухай асуудал яригдаагүй. Өнгөрсөн долоо хоногт прокуророос ялын тогтоол ирүүлж, гишүүний өөрийнх нь өгсөн өргөдөлтэй холбогдуулаад Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах ёстойгоос Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан. Ингэхэд прокурор Улсын их хурлын тухай хуулийн 6.9.1 дүгээр заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түтгэлзэх заалтыг Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хурлаар хэлэлцээд, хүчингүй болгосон учраас энэ асуудлыг дахиж шинээр шийдэх шаардлага гарч байна. Тиймээс Улсын их хурлын тухай хуулийн төсөлд нэн яаралтай нэмэлт өөрчлөлт оруулаад, энэ асуудлыг шийдэх ёстой гэдэг зарчим барьж байна. Түүнээс биш Д.Гантулга гишүүнийг хамгаалах тухай асуудал байхгүй. Хэрэв Д.Гантулга гишүүний өргөдлийг УИХ-аар авч хэлэлцвэл УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно” гэв.