Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын тусгай илтгэгч Лео Хеллер “Жорлонгоо өөрчилье” сургалттай танилцлаа

НҮБ-ын хүний эрх ба аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Лео Хеллер өчигдөр Улаанбаатарт “Жорлонгоо өөрчилье” сургалттай танилцлаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын урилгаар дөрөвдүгээр сарын 9-20-ны хооронд Монголд ажиллаж байгаа юм. Хүндэт зочин “Нутгийн шийдэл” сангаас зохион байгуулдаг “Жорлонгоо өөрчилье” сургалт болж байсан танхимд хүрэлцсэн ирсэн юм. “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл түүнд сургалтынхаа тухай товч танилцууллаа.

Тусгай илтгэгч Лео Хеллер сургалтанд оролцсон хоёр хүнд асуулт тавьж, “шалгалт” авч амжив. Тэрбээр эмэгтэй оролцогчоос “Жорлон эмэгтэйчүүдийн хувьд илүү чухал байдаг. Хувийн нууц, нэр төртэй холбоотой асуудал байдаг. Жорлон ямар байвал эмэгтэй хүний нэр төрийг хамгаалах вэ” гэсэн юм.

Харин өөр нэг эрэгтэй оролцогчоос “Жорлонгоо байгуулахдаа хөрсний бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ” хэмээн лавласан.

Лео Хеллер сургалтанд оролцогчдод хандан хэлэхдээ “Ариун цэврийн байгууламж буюу жорлон гэрээс холгүй, хүн болгонд хүртээмжтэй байх учиртай. Хүн болгонд гэдэг маань хүүхэд багачууд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, настай хүмүүст хүртээмжтэй, ээлтэй байх тухай ярьж байгаа юм шүү. Мэдээж ариун цэврийн хувьд зүй зохистой байх учиртай. Үндэстэн ястны зан заншил, соёлыг дэмжсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь үнэ хямд байх учиртай. Жорлон үнэтэй бол хүн болгон хэрэглэж чадахгүй. Энэ бол хүн байх эрхээ хэрэгжүүлэх, физиологийнхоо хэрэгцээг хангахад чухал. Сэтгэлийнхээ дуудлагаар энэ сургалтанд оролцож байгаа та бүхэн зохистой ариун цэврийн байгууламжийг дэмжигчид, шинэ санааг түгээгчид болж байна. Амжилт хүсч, баяр хүргэж байна” гэсэн юм.

“Нутгийн шийдэл” сангаас 28 дахь сургалтаа зохион байгуулжээ. Нийслэлийн бүх дүүрэгт “Жорлонгоо өөрчилье” сургалт болсон бол “Жорлонгоо өөрчилье” багийнхан өдгөө орон нутагт ажиллаж буй. Харин энэ удаагийн сургалтыг “Шунхлай” компанийн захиалгаар Улаанбаатарт хийжээ.

Уг сургалтанд “Шунхлай” компанийн 40 ажилтнаас гадна Азийн хөгжлийн банкны “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл”-ийн багийнхан, сошиалаар сургалт болох гэж байгаа тухай олж мэдсэн иргэд оролцсон юм.

Шунхлай компанийн байгаль орчин, галын аюулгүй байдал хариуцсан инженерГ.Солонго ярихдаа “Шунхлай компани 21 аймагт салбартай. Бүх шатахуун түгээх станцад жорлон байдаг.Бид жорлонгоо байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөхөөр Улаанбаатарын салбаруудаас эхэлж байгаа. Жорлонгоо өөрчилье сургалтанд хамт олноороо хамрагдаж байна” гэсэн юм.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн үдээс хойш Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга (Парламентын дарга) Ли Жаньшуд бараалхаж, Монгол-Хятадын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын халуун дотно мэндчилгээг Байнгын Хорооны дарга Ли Жаньшуд уламжилж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын хувиар БНХАУ-д анхны айлчлал хийж буйд баяртай байгаа бөгөөд энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн энэхүү айлчлал нь хоёр талын улс төрийн илтгэлцлийг бэхжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ амжилттай болж, олон чухал тохиролцоонд хүрсэнд Байнгын Хорооны дарга Ли Жаньшу баяр хүргэв.

Талууд Парламент хоорондын байнгын уулзалтын механизмыг үр дүнтэй ашиглан хоёр орны харилцааг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа санал нэгтэй илэрхийлэв. Мөн хоёр талын стратегийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны механизмуудыг бүтээлчээр ашиглах, улс төрийн намуудын харилцааг идэвхжүүлэх нь хоёр улсын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал гэж үзэв.

2019 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан талууд олон чухал арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Талууд Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулан хөгжүүлэх хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах, хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Том оврын шилмүүст моддыг угаах, хаврын цэнэг усалгааны ажил эхэллээ

Том оврын шилмүүст модны хаврын цэнэг усалгааг энэ сарын 1-нээс эхлүүлээд байгаа бөгөөд мэргэжлийн 8 байгууллага хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу гүйцэтгэж байна. Хотын төвийн гудамжуудын модонд хэлбэржүүлэлт, залуужуулах огтлол болон шохойдох ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 1100 модыг шохойдож, 710 модонд хэлбэржүүлэлт хийгээд байна. Хаврын цэнэг усалгаа энэ сарын 15-нд дуусч хөрсний чийгшлээс хамаарсан байнгын усалгаа хуваарийн дагуу тогтмол үргэлжлэх юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016, 2017 онуудад хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор 4083 ш том оврын шилмүүст модыг шилжүүлэн тарьсан бөгөөд арчилгааг агротехнологийн дагуу хийснээр 99.6 хувийн ургалттай байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” эмхэтгэлд Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн байна

Эмхэтгэлийн шинэ дугаарт Дүрэм батлах тухай, Шүүгчийг сонгон шалгаруулах журам шинэчлэн батлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн байна.

Дүрэм батлах тухай зарлигаар “Прокурорын сахилгын дүрэм”-ийг баталсан бөгөөд Прокурорт хууль, хуулийг хэрэгжүүлэх талаар Улсын Ерөнхий прокуророос гаргасан тушаал, заавар, журмыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн, прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн, байгууллагын дотоод журмыг зөрчсөн, хуульд заасан албаны чиг үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, прокурорын мэргэжлийн дүрмийг зөрчсөн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулахаар заажээ. Уг дүрэмд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгах, шалгалт явуулж дууссаны дараа явуулах үйл ажиллагаа, сахилгын шийтгэл оногдуулах талаар тусгасан байна.

Мөн бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчээс шалгалт авах, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулах ажиллагааг зохицуулах Шүүгчийг сонгон шалгаруулах журмыг эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлсэн байна.
Сонгон шалгаруулалт нь Шүүхийн мэргэшлийн хороо шалгалтын үнэлгээ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх санал хураалтаас бүрдэх бөгөөд Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг жилд хоёроос доошгүй удаа, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтыг сул орон тоо зарлагдах бүрд зохион байгуулах юм байна.

Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлалыг Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулах бөгөөд уг аргачлалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраар хянуулж, энэ журамд нийцсэн эсэх тухай дүгнэлт гаргуулна. Шалгалтын даалгаврын агуулга, нууцлалыг Мэргэшлийн хороо хариуцна хэмээн дээрх журамд заажээ. Түүнчлэн Журам батлах тухай, Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн С.Жавхлан ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, хүч хэрэгсэл, тохиолдож байгаа гамшиг ослын нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр танилцуулсан юм. Онцгой байдлын байгууллага нь он гарсаар 245 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 15,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 340,2 сая төгрөг зарцуулаад байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд Хүүхдийн мөнгө олгох тухай тусгасан байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалаар “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр Хүүхдийн мөнгө олгох босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 554 болон түүнээс доош оноогоор тогтоосугай” гэж заасныг үндэслэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684 мянган хүүхдэд олгохоор 164.2 тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт суулгажээ.

Монгол Улсын нэг өрхийн дундаж орлого 1.000.000 төг, нийт өрхийн 72.3 хувь нь үүнээс доош орлоготой байна. Нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж нэмэгджээ.

Иймд ядуурлын шугамд ойролцоо байгаа дундаж бүлгийн өрхөд чиглэсэн бодлого хөтөлбөрийг нэмэгдүүлснээр тэднийг ядууралд өртөхөөс хамгаалах боломжтой гэж Тогтоолын төслийн танилцуулгад дурдсан байна.

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход хүүхдийн тоо 228 мянга орчмоор нэмэгдэх бөгөөд 41.0 тэрбум төгрөг нэмж шаардагдахыг 2018 оны төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар

Categories
мэдээ спорт

Гурван сарын шилдэг тамирчныг тодруулна

Монголын Үндэсний Олимпийн хорооноос өнгөрсөн сард амжилт арвин, эх орныхоо нэрийг дэлхийн давцанд гаргасан тамирчдыг сар бүр тодруулдаг уламжлал тогтоод нэлээдгүй хугацааг үджээ. Үүнийгээ тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчдын дунд спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулдаг.

Тэгвэл гуравдугаар сарын шилдэг тамирчинд Кыргызстаны нийслэл Бишкект болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн, гавьяат тамирчин П.Орхон, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд аваргалсан гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Японы Такасаки хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд хүрэл медаль хүртсэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ удаад нэр дэвшжээ. Монголын үндэсний олимпийн хорооноос тус шалгаруулалтад анх шилдэг тамирчнаар нэрлэгдэж байсан П.Орхон дөрөв дэх удаагаа нэр дэвшлээ. Мөн жүдогийн Екатеринбургийн “Их дуулга”-д алтан медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар, мэргэжлийн сүмогийн Харү башёд түрүүлсэн их аварга Какүрюү М.Ананд нар нэр дэвшжээ.

Сарын шилдэг тамирчинг тодруулах санал хураалт дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл үргэлжлэнэ.

Санал өгөх – https://mnoc5.typeform.com/to/giA6PA

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Үндэсний компаниуд нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжиж, газраа чөлөөллөө

Нийслэлийн 2018 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас 90 бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг 90 бүтээн байгуулалтын ажлын трасст 1902 нэгж талбарын 216 га газар өртсөн бөгөөд суурин болон хээрийн судалгааг бүрэн гаргасан.

Энэ онд хэрэгжүүлэх улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг 2017 онд эхлүүлсэн бөгөөд үүнээс Замын цагдаагийн уулзвар орчмын олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарц болон Гачууртын уулзвараас Налайх Чойр чиглэлийн 20.9 км авто замын ажлыг дурдаж болно.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэх Замын цагдаагийн уулзвар орчмын олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажлын трасст нийт 22 нэгж талбар өртсөн. Уг замын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдүүдээс “Шунхлай” болон “Жаст” групп ХХК-ийн шатахуун түгээх станц, “Оддын хотхон” СӨХ зэрэг 20 иргэн, аж ахуйн нэгж газраа чөлөөлж авто замын байгууламж болон инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн ажлуудыг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангажээ.

Харин Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар (ТҮЦ, павильон, чингэлэг, хашаа хайс), 60 гаруй самбар өртөж байснаас зөвшөөрөлгүй 38 нэгж талбар 60 сурталчилгааны самбарыг албадан чөлөөлж, газрын эзэмших болон өмчлөх эрхтэй 82 нэгж талбараас иргэдийн оролцоо, идэвх санаачлагын дэмжлэгтэйгээр 53 нэгж талбарыг нөхөн олговоргүй чөлөөлөөд байна.

Нийслэлийн Газрын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Д.Энхтөр “2018 онд улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар 90 ажил хийгдэнэ. Иргэдийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг маш их дэмжиж байгаа. Жишээлбэл, Налайх дүүргийн 20.9 км замд нийт 181 иргэн аж ахуйн нэгж өртсөнөөс одоогийн байдлаар 100 хувь газраа чөлөөлсөн. Дээрх иргэдийн 29-т нь нөхөн олговор олгосон бөгөөд бусад нь сайн дураараа газраа чөлөөлж өгсөн.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэх Замын цагдаа орчмын олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын нөлөөлөлд нийт 22 нэгж талбар өртсөн. Үүнээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 17, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 3 нэгж талбар өртсөн. Нийт 20 нэгж талбар нь газраа чөлөөлж автозамын байгууламж болон инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн асуудлыг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангасан. Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-тай зөвшөлцөх шатандаа явж байгаа. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэддээ талархал илэрхийлье” гэлээ.

Энэ оны хаврын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртсөн үндэсний компаниуд Улаанбаатар хотын хаврын бүтээн байгуулалтыг дэмжиж, газраа чөлөөлж буйд холбогдох албанаас талархал илэрхийлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар дараах баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

-Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр

-Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-БНХАУ-ын Засгийн газраас олгохоо илэрхийлсэн буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр

-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай Монгол УлсынСангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр

-Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

-Монгол Улсын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг

-Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө

-Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал

-“Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг баримт бичигт Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын талаас Худалдааны сайд Жун Шань, Боловсролын сайд Чэнь Бао Шэн, Эксим банкны Ерөнхийлөгч Лю Лянь Гө, Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэфэн, Зах зээлийн хяналтын удирдах хорооны дарга Жан Мао нар гарын үсэг зурлаа. Баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БНХАУ-ын Ардын их хурлын ордонд боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Улсын Гуравдугаар төв эмнэлэг 2018 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Эрүүл мэндийг хүн бүрт” уриан дор өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус эмнэлэг энэхүү өдрийг угтан БГД-ийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн бага ангийн багш нарт “Чихрийн шижин өвчний тухай ойлголт ба түүнээс сэргийлэх нь” сэдэвт эрүүл мэндийн мэдээлэл боловсрол олгох сургалт зохион байгуулж, бага бүлгийн нийт 30 багшид биеийн жин, өндөр, бүсэлхийн тойрог, цусны даралт хэмжин чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээ хийж, захын цусанд глюкоз тодорхойлон дотоод шүүрлийн эмч зөвлөгөө өгөв. Мөн “Чихрийн шижин өвчний үеийн эмчилгээний хоол”, “Цусанд сахар багасах”, “Цусанд сахар ихсэх”, “Таргалалт”, “Хөлний хүндрэлээс урьдчилан сэргийлэх“ сэдэвт гарын авлагыг бэлтгэн түгээсэн юм. Түүнчлэн Япон монголын хамтарсан “Номт наран” ерөнхий боловсролын тавдугаар ангийн сурагчдад “Амны хөндийн эрүүл ахуй” сэдвээр сургалт хийж, “Хүүхдийн шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлт” номыг сургуульд нь бэлэглэв.
Энэ өдөр эмнэлгийн төв үүднээс иргэд, үйлчлүүлэгч, эмч, ажилчдаа угтан Дэлхийн эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаанд идэвхитэй нэгдэхийг уриалан, Зөвлөх Поликлиникт “Эрүүл мэндийг хүн бүрт” өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж, “Тархины харвалтаас сэргийлье”, “Зохистой хооллолт” сэдэвт сургалт хичээл, харвалт, чихрийн шижин, цусны даралт ихсэлтийн эрсдлийн үнэлгээг хийж, хүн бүрт эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Тус эмнэлгийн эмчилгээний хоолонд хэрэглэж буй хүнсний 15 зүйлийн нарийн ногоо, тэдгээрийн боловсруулалт, хэрэглэх арга, хоол эмчилгээнд хэрхэн бэлтгэх зэргийг харуулсан үзэсгэлэн гаргаж иргэд үйлчлүүлэгчдэд тайлбарлан танилцуулж, “Хүнсний ногооны ашиг тус”, “Хүрэн манжингийн шүүс бэлтгэх”, “Нарийн ногоонууд” гэсэн зөвлөмжийг хүргэв.
Дэлхийн эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаанд нийт 500 гаруй үйлчлүүлэгч иргэд, эмч, ажилчид, сурагч, багш нар оролцож, зургаан төрлийн гарын авлага материалыг түгээн сурталчиллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.