Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт “Ирээдүйн эзэд-2018” аяны нээлт боллоо

Өнөөдөр “Чингис СООСЭ” их сургуулийн номын санд Ерөнхий боловсролын 12, 62-р дунд сургуулийн 800 орчим ахлах ангийн сурагчдын оролцоотойгоор Сонгонохайрхан дүүрэгт болох “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Аян нийслэлийн бусад дүүргүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууссан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн ЗДТГ, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран уг аяныг Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн 5300 гаруй ахлах ангийн сурагчийг хамруулан энэ сарын 9-23 хүртэл зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Аяны үйл ажиллагааг СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нээж, УИХ-ын гишүүн Н.Учрал ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар, хувь хүний хөгжлийн тухай Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр оролцогчдод тус тус мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Мэргэжил сонголтын аяныг хоёр дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг 40,841 сурагч төгсөж байна.

Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаанаас үзэхэд эдгээр сурагчдын 82,2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй байна гэж хариулсан байгаагаас үзэхэд мэргэжил сонголтын талаарх мэдээлэл сурагчдад нэн шаардлагатай байгааг нотолж байгаа юм. Мэргэжил сонголтын талаар ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтат зочлон сонирхоорой. Мөн 7013-8004 дугаарт холбогдон тодруулж болно. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын эрэг дагуу барилга байшин барьж буй 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцаллаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.04.10) Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг удирдаж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Солтан, А.Сүхбат, Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ц.Гарамжав, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн ЗДТГ, түүний харьяа газруудын удирдах албан тушаалтнууд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.
Өргөдлийн байнгын хороонд 2016 оноос хойш Туул голын бохирдол, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар иргэдээс 5846 өргөдөл, гомдол ирүүлсний дагуу газар дээр нь танилцаж, дүгнэлт гарган хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн хурлыг гурван удаа, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг хоёр, хэлэлцүүлгийг хоёр удаа тус тус зохион байгуулж, 2016 оны 03 дугаар тогтоолоор 13 заалт бүхий, 2017 оны 02 дугаар тогтоолоор 7 заалт бүхий үүрэг чиглэлийг Засгийн газарт өгч ажилласан талаар УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийн эхэнд танилцуулав.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар Туул голын орчим газрын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын талаар, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун Туул голын эргийн дагуу газар ашиглах зөвшөөрөл олгосон асуудлаар, Нийслэлийн ЗДТГ-ын Байгаль орчны газрын дарга Э.Баттулга Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 7/2657 тоот албан бичгээр өгсөн үүргийн биелэлтийн талаар тус тус мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан өгсөн мэдээлэлдээ, барилгажилт, олборлолт гэдэг хоёр зүйл Туул голын хувь заяанд сөргөөр нөлөөлж байна гээд, Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд үе үеийн нийслэл, дүүргийн удирдлагуудаас нийтдээ 14 мянга гаруй нэгж талбарын зөвшөөрөл олгосон байдаг. Үүнээс онцгой хамгаалалтын бүсэд 894 объект, энгийн хамгаалалтын бүсэд 500 орчим барилгын асуудал байна гэсэн юм. Энэ асуудлыг цэгцэлж шийдвэрлэхээр Өргөдлийн байнын хорооноос удаа дараагийн хэлэлцүүлэг зохион байгуулсаны үр дүнд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу барилга байшин барьж буй 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэрвэрийг БОАЖЯ гаргаад байгааг таницууллаа.
Туул голын дагуух замбараагүй газар олголт, барилга байгууламжийг цэгцлэх асуудал хөндөгдсөний дараа УИХ-ын гишүүн М.Билэгт хэлсэн үгэндээ, бид сүүлийн 30 шахам жил энд тэнд гарсан бүхий л зөрчилд аж ахуйн нэгжүүдийг буруутгаж ирсэн. Одоо энэ хандлагаа өөрчилье. Тэдэнд тусгай зөвшөөрлийг төрийн нэрийн өмнөөс олгосон этгээдүүдэд, тухайн үед хяналтаа тавьж ажиллаагүй хууль хяналтын байгууллагуудад хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай болсныг онцлов. Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат Туул голыг тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага байгааг, УИХ-ын гишүүн Г.Солтан Туул голын урсацыг сааруулсан шалтгааныг олж, тэр шалтгааныг арилгахад анхаарлаа хандуулахыг чухалчиллаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Сэлбэ, Туул голын бүсэд Улаанбаатар хотын иргэдэд зориулсан амралт, аялал зугаалгын нийтийн эзэмшлийн газар бий болгох ажлыг хууль хэрэгжүүлэгч байгууллагууд хуваарилж аваад, эзэнжүүлэх хэрэгтэй, дахин уулзахад ахиц гаргаагүй байж болохгүй. Саад болж байгаа асуудлыг яаралтай шийдээд явах хэрэгтэй. Ажил хийхэд саад болсон болон газар олголтыг зохион байгуулалтгүй хийсэн улс төрийн бөгөөд төрийн албан тушаалтныг шалгуулах асуудлыг Байнгын хорооноос Авлигатай тэмцэх газарт тавих нь зүйтэй гэлээ.
Энэ хэлэлцүүлэг нэг удаа болоод өнгөрөхгүй, тодорхой үр дүн нэхэж үргэлжилнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав онцлоод, Туул голын дагуух асуудлыг цэгцлэхдээ мэргэжлийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хавтгайруулж, хохироохгүй байхыг хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад анхааруулав.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Туул голын асуудлаарх ээлжит хэлэлцүүлгийг зургадугаар сарын эхний долоо хоногт хийхээр товлож байгааг мэдэгдээд, Баянзүрхийн гүүрээс Яармагийн гүүр хүртэлх газрыг чөлөөлж, иргэдийн амарч, зугаалах аятай таатай орчин болгох зорилтын хүрээнд ажил хариуцсан байгууллага бүр хийсэн ажлын үр дүнтэй, хийх ажлын тодорхой төсөв, төлөвлөгөөтэй орж ирэхийг санууллаа. Тухайлбал, Туул голыг тусгай хамгаалалтад авах асуудлыг түргэвчлэх, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг тавдугаар сард багтаан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс оруулж ирэх, 60 гаруй аж ахуйн нэгжийн газар эзэмших зөвшөөрлийг цуцлах, тэдний зарим барилга байгууламжийг нураах ажлыг холбогдох байгууллагууд хуулийн дагуу зохион байгуулахыг даалгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймаг хүчирхийлэлд өртөгсдөд зориулж “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулна

Зураг

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулахаар болжээ.

Уг ажилд НҮБ-ын Хүн амын сангаас дэмжлэг үзүүлэхээр болж, холбогдох хүмүүс саяхан тус аймагт ирж ажилласан байна. Уг байгууллагын зүгээс “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн доторх эд хогшил, тоног төхөөрөмж авахад шаардагдах санхүүжилтийг гаргахаа илэрхийлжээ. Харин төвийн барилгын асуудлыг шийдэх зорилгоор аймгийн ИТХ-аас 100 сая төгрөг төсөвлөөд байгаа юм.

“Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулагдсанаар хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах, эрүүл мэнд, халамжийн тусламж үзүүлэх, хууль болон сэтгэл зүйн талаас зөвлөгөө өгөх боломж бүрдэнэ гэдгийг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Ө.Хуралай мэдэгдээд байна.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр дээрх ажлыг 2018 онд багтаан хийж дуусгах ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хөдөлмөрийн яармагийг дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар чуулгын 2 дугаар давхрын танхимд зохион байгуулна. Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэхэд тус яармагийн зорилго оршиж байна. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан ажилд шалгаруулж авна.

2017 онд зохион байгуулагдсан “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагт нийт 2500 гаруй ажлын байр зарлагдаж 194 хүн байнгын болон түр ажлын байртай болсон байна. Зарлагдсан ажлын байрнаас хөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч, бармен, зөөгч, угаагч, мужааны ажлын байр хамгийн их эрэлттэй байдаг байна. Мөн тус арга хэмжээний үеэр “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудын бүртгэлийг явуулна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2018.04.10) 09 цаг38 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааныг Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир даргалж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр тогтлоо.

Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалындэд сайд Ц.Батбаяр танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, эко системд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. ЯлангуяаНийслэл Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болоод байгаа талаар дурдлаа.

Хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан, Б.Саранчимэг, Ж.Энхбаяр, А.Сүхбат, Д.Мурат нарын гишүүд Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хууль хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс хэдэн төгрөг төвлөрүүлэх, ус болон байгалийн нөөц ашигласны төлбөрийг эргүүлэн нөхөн сэргээлтэд зарцуулахад салбарын яамны зүгээс барьж байгаа бодлогын талаар илүүтэй тодруулж байлаа.

Ажлын хэсгийнхэн, хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс нэг тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөг, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гаргасан. Төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт, шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна. Түүнчлэн орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар тусгасан гэж хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нөөц шавхагдана гэсэн судалгаа бий. Иймд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уурхайн салбараас ус бохирдуулсны төлбөр авч, торгууль, шийтгэлийг нь чангалахыг дэмжиж байна. Харинуламжлалт мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн салбарт байгалийн нөөц ашигласны төлбөр тогтоох асуудалд болгоомжтой хандахыг анхааруулмаар байна” гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Ус болон байгалийн нөөц ашигласны төлбөр авч байгааг дэмжиж байна. Гэхдээ Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн энэхүү орлогоо эргээд зориулалтын дагуу ашиглахад салбарын яам цаашдаа анхаарч, ажиллах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан “Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ ус бохирдуулсны төлбөр, татварыг нь авсан бол хиймэл нуур байгуулах зэргээр усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах шаардлагатай” гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн.

Ингээд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

З.Түмэнжаргал агсны 65 насны ойн хүндэтгэлийн тоглолт болно

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргал агсан мэндэлсний 65 насны ойд зориулсан “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 18-нд Соёлын төв өргөөнд болно.

Тоглолтын талаар зохион байгуулагчид өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

МУСТА, дуучин Б.Мягмарсүрэн “Миний хань жил бүр “Ижийгээ баярлуулж яваарай” тоглолтыг зохион байгуулдаг байсан нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн байдаг. Энэхүү тоглолтод дуулагддаг дуунуудаас гадна олон сюрприз үзэгчдийг хүлээж байна. Миний ханийн уран бүтээлийг найман настай балчраас 80 настай буурлууд хүртэл дуулдаг. Тиймээс тоглолтод бага ангийн хүүхдүүд “Бага насаа хайрлаж явна”, 10 жилийн хүүхдүүд “Салаа хархан гэзгэн дээр чинь”, ахлах ангийн сурагчид “Урьхан цэнхэр хавар” зэрэг дууг дуулна. Мөн дууг нь дуулж Франц хүмүүст таниулдаг хамтлаг хоёр хоногийн дараа хүрэлцэн ирнэ. Миний хань “Үгнээс аялгуу ургадаг. Дууны шүлгийн цэг, таслал, мөр бүгд сэтгэлээс гардаг, амьтай” гэдэг байсан. Мөн дууг нь дуулж байгаа дуучид үгийг нь өөрчилж дуулахыг тэвчдэггүй байлаа. Бид өнөөдөр түүнийхээ мэндэлсний ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт хийж байгаадаа баяртай байна” гэв.

Тоглолтод “Харанга”, “Өргөө”, “Нюанс” хамтлаг, Улсын Филармонийн Симфони оркестр, Монголын Хүүхдийн ордны найрал дуучид, Францын “Migga&Co”хамтлаг, Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Ц.Түвшинтөгс, Б.Сарантуяа, Ц.Чулуунбат, Ч.Насантогтох, Б.Дашдондог, Ө.Уянга, Ц.Өлзий-Орших, Ц.Чулуунцэцэг, МУСТА Б.Мягмарсүрэн, Н.Гантулга, С.Баттулга, Л.Тайванбат, Л.Ган-Эрдэнэ, Д.Отгонжаргал нарын нийт 100 гаруй уран бүтээлч оролцох юм байна.

Тоглолтын өмнө түүний гэр бүлийн архиваас гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж олон нийтэд дэлгэн үзүүлэх аж. Энэ үдэш нутгийн олон ах дүү, найз нөхөд нь цуглан, сэтгэгдэл, дурсамжаа хуваалцах боломжтой. Тиймээс үзэгчдийг тоглолтоос нэг цагийн өмнө ирж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрөөхийг зохион байгуулагчид урьж байна.

Монголын нийтийн дууны урлагт түүний бүтээсэн “Дэгдээхэй нас” киноны дуу, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бага насаа би хайрлаж явна”, “Бөөн баяр”, “Арван найман нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйрлэл”, “Хайрын дууль”, “Очоод золгоно доо”, “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо”, “Алсын алсын даваа”, “Ус мөрөн олон чиг”, “Урьхан цэнхэр хавар”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Халтар манан хөөрөг”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг 200 гаруй бүтээл нь мөнхрөн үлджээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбогдсон хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны хаврын ээлжит чуулганы эхний хуралдаан өнөөдөр (2018.04.10) 09 цаг 29 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж төсөл санаачлагч гишүүн чухал шалтгаанаар чөлөө авсан байгаа тул Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулах санал танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлын талаархи Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг танилцуулах саналаа Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж дуулгасан юм. Ингээд өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэхээр тогтов.

Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 02 тоот дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцууллаа. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулах шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн бөгөөд санал хураалт явуулсан. Хуулийн төслийг хэлэлцсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Ж.Батзандан, Н.Учрал нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Тухайлбал, ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагаас манай улсад ирүүлсэн зөвлөмжтэй албан ёсоор танилцах, төсөл дэх зохицуулалтууд нь эдгээр зөвлөмжид бүрэн нийцэж, ФАТФ-ын шаардлагыг хангаж буй эсэхийг, 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд үүсэх эрсдлийн талаар тодруулав.

Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 20 дахь удаагийн жилийн ээлжит хурлаар батлагдсан ФАТФ-ын 40 зөвлөмжийг гишүүдэд танилцуулахад бэлэн болсон талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун хэллээ. Түүнчлэн хэлэлцэж буй төсөлд дээрх зөвлөмжийн олонхийг тусган, холбогдох зохицуулалтыг тусгасан, төрийн бус байгууллагын санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг салбар хуулийн хүрээнд шийдэх боломжтой учир тусгаагүй гэв. Манай улс зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсхүл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын “зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсхүл “зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”- д орох эрсдэлтэй төдийгүй үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсэх юм байна.


Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэж, ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ажиллахаар боллоо.

Хуралдааны үеэр гишүүдийн тодруулсны дагуу Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд зарим мэдээллийг танилцуулав. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлуудыг нягтлах Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хороотой хамтран байгуулахаар төлөвлөөд байгаа гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн асан С.Зоригийн амь насыг бүрлэгсэнтэй холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаархи асуудлыг эхлээд Хүний эрхийн дэд хороо хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Тус асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Л.Болд, Ц.Мөнх-Оргил, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийлж, саналаа хэлсэн юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор ОУПХ-ноос гаргасан дүгнэлтийг нэн тэргүүнд Улсын Их Хурлын гишүүдэд албан ёсоор хүргүүлж, тус дүгнэлтийн хүрээнд нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэдгийг гишүүд хэлж байв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүд дээрх асуудлыг нягтлан, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн юм.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаЦ.Нямдорж танилцууллаа.Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг дагнан хариуцаж, энэ хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар ажилладаг бөгөөд дэд хорооны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд оролцоогүй байна.


Улсын Ерөнхий прокуророос Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ирүүлсэн байсан бөгөөд холбогдох хуулийн дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцжээ. Хуралдааны үеэр Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн санал, одоо мөрдөж буй хуулийн заалтыг харьцуулж үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх үндэслэлийг заасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон. ОдоогоорМонгол Улсын Их Хурлын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт ороогүй байгаа юм байна. Тиймээс дээрх хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаархи Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл үүссэн гэлээ. Иймд хуралдаанд оролцсон дэд хорооны гишүүд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалтай холбогдсон хууль, эрх зүйн орчныг нэн даруй тодорхой болгож, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна.


Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 02 дугаар тогтоолыг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын Тамгын газрын зүгээс мэдээлэл өгсөн. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Батнасан, Ж.Батзандан нар байр сууриа илэрхийлж, санал хэлснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэ төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд 20 мянган метр квадрат газарт 14990 мянган метр квадрат барилга, байгууламж барьж байгаа юм. Төв нь 250 ортой, өдөрт энэ хэмжээний өвчтөн хүлээн авах хүчин чадалтай, хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасаг, нөхөн сэргээлтийн сургалтын төв зэргээс бүрдэх юм байна.

Төслийг гүйцэтгэгч БНХАУ-ын “Зун Юань Интернэшнл Инженеринг” компанийн мэдээлснээр тэд төслийг гүйцэтгэх явцдаа Монгол Улсын технологийн түвшинг дээшлүүлэх тал дээр анхаарч, орон нутгаас их хэмжээний бараа материал болон бүтээгдэхүүн худалдан авч байгаа гэсэн юм. Мөн төслийн хугацаанд 120 монгол ажилтан тогтмол ажиллаж байгаа бол ачаалал ихтэй үедээ энэ тоог 260 гаруй монгол ажилтан болгон нэмэгдүүлж ажилласан, цаашдаа ачаалал ихтэй үед мөн энэ бодлогоо баримталж ажиллах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явцтай танилцах үеэр Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, “Манай дүүргийн нутаг дэвсгэр дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан энэхүү ордон баригдаж байна. Өмнөх УИХ-ын үед бид энэ барилгын суурийг тавих болоод дэд бүтцэд холбох зэрэг Монголын талаас хариуцаж буй ажлуудыг хугацаанд нь хийлгэж чадсан. Барилга ашиглалтад орсноор Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энд ирж эмчлүүлэх, сувилуулах, амрах зэрэг олон үйлчилгээг цогцоор нь авах боломжтой болно. Дүүргийн удирдлагуудын зүгээс барилгын ажлыг саадгүй явуулах боломжоор нь хангаж байгаа учраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв цаг хугацаандаа ашиглалтад орох байх гэдэгт итгэлтэй байгаа. Мөн бид цаашид энэ төв рүү орох орц, гарц буюу замын ажилд анхаарах шаардлагатай байгаа” гэсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны өгсөн мэдээллээр Монгол Улсад 14 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас тэдний найман мянга орчим нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төржээ. Харин энэ төв ашиглалтад орсноор төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү нарийн үзлэг, шинжилгээ хийдэг болох юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчлүүлэх зардал буурах бодит боломжтой болох юм байна.

Барилгын ажил гүйцэтгэгчид долдугаар сарын 31-нээс өмнө барилгын дээврийн ажлыг дуусгаж, аравдугаар сарын эхээр гол байгууламжийн ажлыг дуусгахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга барилгын ажлын явцтай танилцсаны дараа “Орон нутгийн болон нийслэлийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон хүүхдүүдийн асуудал яригдаж, иргэд энэ асуудалд багагүй шүүмжлэлтэй ханддаг байсан учраас энэ төвийн үйл ажиллагааг ирж үзлээ. Барилгын ажил 2016 онд эхэлсэн юм байна. Барилга ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны төв болох юм байна. Бидний зүгээс энэ төвд ажиллах боловсон хүчнийг сайжруулах, нэмж бэлтгэх шаардлагатай юм байна. Мөн энэ төвийн эргэн тойрон дахь ногоон байгууламж болоод засмал замыг сайжруулах шаардлагатай харагдлаа. Цаашдаа манай улс иймэрхүү асуудлаа өөрсдөө шийдчихэж байвал зүгээр байна” гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусч, 2019 оны нэгдүгээр улиралд багтан ашиглалтад орох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, Хууль сахиулах их сургуулийн Ахисан шатны боловсролын сургууль, Удирдлагын академи, Онцгой байдлын болон Ахлагчийн сургуулийн алба хаагч, сонсогчдын мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлж мэргэшүүлэх сургалтад хамруулах, тэдний ажиллах, суралцах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХСИС-ийн захирал, хурандаа Ө.Энхтөр нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

ОБЕГ, ХСИС-ийн хооронд 2015 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн шинжилгээ, судалгааны ажлын үр нөлөөг дээшлүүлэх, сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, багш-алба хаагчийн мэргэжлийн мэдлэг ур чадварыг сайжруулахад чиглэсэн заалтуудыг тусгалаа.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч, ХСИС-ийн багш, ажилтнуудад хоёр байгууллагын үйл ажиллагааг таниулан сурталчлах, хамтарсан дадлага, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов.

Энэ хугацаанд Онцгой байдлын байгууллагын 1300 орчим алба хаагч Хууль сахиулах их сургуулийн Ахисан шатны боловсролын сургууль, Удирдлагын академи, Онцгой байдлын болон Ахлагчийн сургуулийг төгссөн бол энэ онд 400 орчим сонсогч, алба хаагч дээрхи сургуулиудад мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа юм.

Уулзалтын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны талаархи танилцуулга”, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар “Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн бодлого, сургалтын талаархи танилцуулга”, ХСИС-ийн Онцгой байдлын сургулийн захирал, хурандаа У.Ганхөлөг “Команд-штабын дадлагын танхим”-ын талаар танилцуулга хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал болно

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг ирэх долдугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ыг зохион байгуулах гэж байна.

Энэ хурлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг оролцогч улс орнуудтай хуваалцах, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын хөтөлбөрийг эцэслэх, тус хурлаас гарах баримт бичгүүдийг хэлэлцэж, санал солилцох юм.

Хуралд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам улс, олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 120 гаруй төлөөлөгч оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.