Categories
мэдээ нийгэм

Солонгос хэлний “тусгай” шалгалт авч байна

БНСУ-д дөрвөн жил, 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутагтаа ирсэн иргэдийн дунд солонгос хэлний “тусгай” шалгалтыг авахаар болсон билээ. Тэгвэл энэхүү шалгалтыг дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд авахаар болжээ. Шалгалтыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт авах бөгөөд бүртгүүлсэн иргэд http://www.monkor.net сайтаас хуваариа харах юм байна.

Монгол, Солонгосын Хөдөлмөрийн яамд хоорондын байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу энэхүү тусгай шалгалтыг нэмэлтээр авахаар болсон билээ.

Солонгос хэлний шалгалт болон бусад бүртгэлийн арга хэмжээтэй холбогдуулан анхааруулга мэдээллийг иргэдэд өглөө.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан анхааруулга гаргалаа. Уг анхааруулгадаа ‘Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичигт зааснаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч, дадлагажигч илгээх үйл ажиллагааг голлон хариуцах Засгийн газрын цорын ганц байгууллага билээ. Манай байгууллага нь дээрх тогтолцоог хэрэгжүүлэх зорилгоор иргэдэд хандаж байгууллагын цахим хаяг /www.hudulmur-halamj.gov.mn/ болон бусад хэлбэр /утас, танхим, мэдээллийн самбар гэх мэт/-ээр шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр ил тод, шуурхай хүргэн ажиллаж байна. Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч байгаа иргэдийг залилан мэхлэх зорилгоор ‘СХТТШ-д тэнцүүлж өгнө. Миний ах, эгч, дүү, найз тэнд ажилладаг, Солонгосын Хөдөлмөрийн биржээс татуулна, Хөдөлмөрийн гэрээгээр виз авахад найдвартай туслана, ажлын байрны санал хурдан хугацаанд авч өгнө” гэх зэргээр иргэдээс янз бүрийн шалтгаанаар зуучлалын хөлс авч буй мэдээллүүд сошиал сувгуудаар явагдах боллоо. Дээрх байдлаар иргэдээс итгүүлэн үнэмшүүлэх арга заль ашиглаж хууль бусаар их хэмжээний мөнгө авч байгааг онцгойлон сэрэмжлүүлж байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж буй зарим нэг иргэд, байгууллагуудыг манай байгууллага хууль хяналтын байгууллагуудтай хамтарч шалгаснаар прокурорын болон шүүхийн шатанд шийдвэрлэгдээд байгаа билээ. Цаашид ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд та бүхэнтэй байнга хамтран ажиллаж байх болно’ гэжээ.

Солонгос хэлний “тусгай” шалгалтын мэдээллийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn, БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газрын www.monkor,net сайтаар дамжуулан хүргэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Уяачдын ёс зүй, хариуцлагын асуудлаар зөвлөлдөнө

Монголын морин спорт уяачдын холбоо жил бүр “Монгол уяач 3000” уяачдын Улсын зөвлөгөөнийг улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай. Уг зөвлөгөөн нь нийслэл дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, иргэд, морь сонирхогчдын санал бодлыг сонсож тэдгээрийн дуу хоолой, санал зөвлөмжийг олон нийтэд хүргэх, холбооны бодлого үйл ажиллагаанд тусгаж ажиллах зорилготой юм.

Тэгвэл ММСУХ ирэх тавдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ММСУХ-ны долдугаар Их хурлын өмнө бүх сум, дүүрэг бүрээс тус тус 10-с доошгүй уяачийн төлөөллийг оролцуулсан уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, уралдаанч хүүхдүүд, морь сонирхогчид, хамтран ажилладаг холбогдох байгууллага, иргэдийн санал бодлыг сонсож хамтран ажиллах ”Уяачдын зөвлөгөөн”-ийг нийслэл хотод болон 21 аймгийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн Уяачдын зөвлөгөөнөөр:

-Монголын үндэсний их өв соёл болсон морины соёлыг иж бүрнээр нь уламжлан авч хадгалах, хамгаалах асуудлууд.

-ММСУХ-ны бодлого үйл ажиллагаа.

-Хурдан морины уралдааны хөгжлийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлага.

-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, оролцоо, зохион байгуулалтын асуудлууд.

-Уралдаан зохион байгуулагчид буюу төв салбар холбоодын тэргүүлэгч гишүүд, морины уралдааныг зохион байгуулах комиссийн гишүүдийн хариуцлага, үйл ажиллагаа.

-Уяачдын ёс зүй, хариуцлага.

-Эрлийз-Монгол морьдын уралдааны асуудал.

-Хурдан морины уралдааны дүрэм, холбогдох эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах гэх мэт асуудлуудыг өргөнөөр хэлэлцүүлж, тэдний санал бодол , зөвлөмж шийдвэрийг холбооны цаашдын бодлого үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний төвүүдээр дамжуулан олгоно

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 52 байршилд цахимаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, 69836 иргэнд 3491.8 га газрыг өмчлүүлсэн.

Цахим газар өмчлөлийн шийдвэрээ авч чадаагүй иргэдэд үйлчилгээг ойртуулах үүднээс газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан олгохоор болсон. Тиймээс иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ авах гэж алслагдсан дүүргүүд рүү явж цаг заваа гарздах шаардлагагүй боллоо.

Ингэхдээ нийслэлийн төвийн зургаан дүүргийн иргэд Багануур, Налайх, Багахангай дүүрэгт цахим хэлбэрээр газар өмчилсөн бол газар өмчлөлийн шийдвэрээ нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав төвд байрлах Газрын албаны цонхноос авах боломжтой юм. Харин Багануур, Налайх, Багахангай дүүргийн иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ өөрийн харьяа дүүргийнхээ Газрын албанаас авна. Мөн Баянзүрх дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Дүнжингарав, Сонгинохайрхан дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Драгон, Хан-Уул дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Мишээл, Сүхбаатар дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос газар өмчлөлийн шийдвэрээ авч болохоор боллоо.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Газар өмчлөлийн хэлтсийн 319215 дугаарын утсаар авч болох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эерэг хандлагыг эрүүл дадлаас эхлүүлцгээе” урианд мянган залуу нэгдэв

Монгол Улсын хөгжлийн тулгуур болох өсвөр үе, оюутан залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, залуучуудын нийгмийн оролцоо, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, сөрөг зан үйл, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа хэрхэн зөв боловсон өнгөрөөх тухай мэдлэгийг олгох зорилготой “ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ЭРҮҮЛ ДАДЛААС ЭХЛҮҮЛЦГЭЭЕ” сургалтыг өнөөдөрИх засаг “Чингис СООСЭ” Олон Улсын их сургууль дээр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс, СЭМҮТ, Эрдэнэ тав баг ТББ-тай хамтран зохион байгууллаа.

Тус сургалтад Ерөнхий боловсролын 42, 65, 107-р сургуулийн ахлах ангийн сурагчид, “Чингис Соосэ” Олон Улсын Харилцааны сургууль, “Их засаг” Олон улсын их сургууль, “Эдийн засгийн сургууль”, “Чингис Соосэ” Олон Улсын их сургуулийн дэргэдэх МСҮТ-ийн оюутнууд, нийт 1000 гаруй залуучууд хамрагдлаа.

Энэхүү үйл ажиллагааны үеэр “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эерэг хандлагыг эрүүл дадлаас эхлүүлцгээе” сэдвээр СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга”, Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадал” сэдвээр “Эрдэнэ тав” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар нар мэдээлэл хийв.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Аливаа улс орны залуучууд гэгээн мөрөөдөлтэй, зөв зорилготой байж улс орон хөгждөг. Тиймээс манай газар нийслэлийн Иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг хэвшүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгохоор ажиллаж байна. Эл аяны хүрээнд зохион байгуулах цуврал сургалтад нийслэлийн бүх дүүргийн иргэд, оюутан залуусыг өргөнөөр хамруулна. Зөв 10 дадлын тухайд, Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг иргэн, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог иргэн, Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг иргэн, Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн, Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан иргэн, Санаачилгатай, оролцоотой иргэн, Эрүүл мэнд, эрүүл амьдралын хэвшилд анхаардаг хэрэгжүүлдэг иргэн, Бусдын төлөө сэтгэл гаргадаг иргэн, Ногоон орчин бүтээдэг иргэн, Цаг баримталдаг иргэн байх зорилтыг залуучуудтайгаа хамтран дэвшүүлсэн. “Эерэг хандлагыг эрүүл дадлаас эхлүүлцгээе” урианд нэгдэхийг залуучуудаасаа хүсье. хэмээлээ. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 513.2 мянган га талбайд тариалалт хийнэ

2018 онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийнэ.

Ингэснээр 538.4 мянган тонн үр тариа, үүнээс 518.7 мянган тонн улаанбуудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилтыг ХХААХҮЯ-наас дэвшүүлсэн.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтад 14 аймгийн 1480 гаруй аж ахуйн нэгж иргэн ажиллах бол төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 470 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байна. Хаврын тариалалтад зориулж, ХХААХҮЯ-ны харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үрийн буудай, үр ариутгалын болон ургамал хамгааллын бодис, техник, тоног төхөөрөмж, шатахуун зэргийг хөнгөлөлттэй үнээр олгож, тариаланчдад дэмжлэг үзүүлжээ.

Тухайлбал, өнгөрсөн жилийн нөөцөөс 11327 тонн дотоод үр, 7154 тонн импортын үрийн буудайг 305 аж ахуйн нэгж, иргэнд олгоод байна. Энэ нь нийт 18481 тонн үрийн буудайг дотоодын нөөцөөс олгосон гэсэн үг юм.

Энэ жил гурван сортын 7950 тонн элит үрийг ОХУ-аас худалдан авах гэрээ хийсэн. Үүнээс 4581 тонныг импортлон, 66 аж ахуйн нэгж, иргэнд олгоод байна. Түүнчлэн 50 хувийн урьдчилгаа төлбөр, хөнгөлөлттэй үнээр шатахуун олгож эхэлжээ. Энэ дэмжлэгийг 1375 аж ахуйн нэгж, иргэнд үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 1 литр дизель түлшний үнэ дунджаар 1890 төгрөгийн үнэтэй байна.

Тус сангаас 31 аж ахуйн нэгжид 49050 литр үр ариутгах болон ургамал хамгаалах бодисын дэмжлэг үзүүлж, ОХУ-аас оруулж ирсэн 9 нэр төрлийн 45техник, тоног төхөөрөмжийг 17 аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй үнээр олгоод байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Барилгын салбарын 300 аан бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Барилгын салбарын ханган нийлүүлэгчид болоод хэрэглэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэх, уг салбарын бодлого, зорилтыг олон нийтэд танилцулах, гадны хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “BARILGA EXPO- 2018” олон улсын үзэсгэлэн Мишээл экспо төвд үргэлжилж байна.

Энэ сарын 27-нд эхэлсэн уг үзэсгэлэнд Монгол, ОХУ, БНХАУ, Чех, Итали, Польш, Турк, Япон, Солонгос зэрэг орны барилгын салбарт дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нийлүүлэгч, цахилгаан болон сантехникийн хэрэгсэл үйлдвэрлэгч 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тухайлбал, Францын алдарт Легранд брэндийн албан ёсны түнш “Топологи” компани бүтээгдэхүүндээ 10 хувь, Түүнчлэн ОХУ, ХБНГУ, Норвеги, Белги, Англи, Тайвань зэрэг орноос цахилгааны төрөл бүрийн залгуур болон халаагуур зэрэг бүтээгдэхүүнээ 10-20 хувийн хямдралтай үнээр борлуулж байна. Мөн “Хараа сүмбэр” компанийн Жоби барилгын материалын дэлгүүр бүх бүтээгдэхүүндээ 10 хувийн хямдрал зарлав.

Мөн үзэсгэлэнгийн үеэр “VISION Групп” компанийн захирал Э.Энхбат “Брэндийн үнэ цэнэ сэдвээр сургалт явуулахаас гадна “Барилгачин групп”-ээс амины орон сууц барих гэж буй иргэдэд зориулан барилгын материалын чанар, үнийн талаар зөвлөгөө өгөх юм. Түүнчлэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас энэ онд хийх томоохон бүтээн байгуулалтын талаар нээлттэй мэдээлэл өгнө.
Үзэсгэлэн маргааш буюу энэ сарын 29-ны 19.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Categories
мэдээ нийгэм

​Дугуй сонирхогчдын нэгдсэн Туул голын цэвэрлэгээ болно

Хатан туул голоо хайрлан хамгаалцгаая уриалгын дор зургаа дах жилдээ зохиогдож буй унадаг дугуй сонирхогчдын туул голын цэвэрлэгээ энэ сарын 29-ны өдөр буюу маргааш болно. Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд залуучуудын оролцоо их билээ.
Зохион байгуулагчдын зүгээс цэвэрлэгээ хийхэд шаардлагатай бүх зүйлсээр хангах юм. Оролцогч өдрийн хоол, унадаг дугуйтайгаа ирэхэд болох аж.

Categories
мэдээ нийгэм

2002 оны цэцдийн зөвлөлийг хуралдуулна

Монголын Үндэсний бөхийн холбооны асуудал маргаантай хэвээр байна. Холбооны эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэхээр өчигдөр “Эвлэрэлийн комисс” болон 21 аймгийн төлөөлөл болсон бөхчүүд хуралдлаа. Хурал “Нэгдэлчин” зочид буудлын “Өгэйдэй” ресторанд болжээ.

Хуралд дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав болон аймгуудын төлөөлөл оролцлоо.

Бөхийн холбооны дүрмээр аль нэг Цэцдийн зөвлөл хуралдаж, “Их Эе” зарлаж хуралдуулах дүрэмтэй аж. Тиймээс өчигдрийн хуралд Цэцдийн зөвлөлийг бүрэлдүүлж, талууд шийдвэр гаргахыг хүсчээ. Хуралд Дорноговь, Өмнөговь аймгаас бусад аймгийн төлөөлөл оролцсон байна.

Хурлаар дараах асуудлыг шийдвэрлэжээ.

Үүнд:

  1. МҮБХ-ны дүрмийн дагуу 2002 оны 4-р “Их Эе”-эс сонгогдсон Цэцдийн зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, ээлжит бус “Их Эе”-ийн товыг зарлах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар тус цэцдийн зөвлөлийг хуралдуулахыг дэмжлээ.
  2. 2002 оны 4-р “Их Эе”-эс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх буюу 2/3-ыг бүрдүүлэх үүргийг хуралд оролцогсод авч, 2018 оны 05-р сарын 03-ны өдөр тус Цэцдийн зөвлөлийн хурлыг хуралдуулах асуудлаар санал хурааж, хуралд оролцогсдын 95.2 хувийн саналаар дэмжлээ.
  3. Х. Баянмөнх аваргын саналаар 2002 оны Цэцдийн зөвлөлийг хүчин төгөлдөр эсэх талаар Улсын дээд шүүхээс тайлбар хүсэх тухай ажлын хэсэг (ажлын хэсэгт Х.Баянмөнх, Д.Манх-Эрдэнэ, Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар багтав) гаргаж ажиллах талаар санал хурааж, 100 хувийн саналаар дэмжигдэв.

Өчигдрийн хуралд дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, Ц.Магалжав болон аймгуудын дараах төлөөлөл оролцлоо.

Тус хуралд:

1. Архангай аймгаас улсын гарьд Д.Рагчаа,
2. Баян-Өлгий аймгаас у.х О.Бахытыг төлөөлж, аймгийн арслан Х.Айдос,
3. Баянхонгор аймгаас у.х Д.Батболдыг төлөөлж аймгийн арслан Д.Энхбат,
4. Булган аймгаас улсын заан Д.Баасандорж,
5. Говь-Алтай аймгаас улсын гарьд Н.Ганбаатар,
6. Говьсүмбэр аймгаас у.а Д.Азжаргалыг төлөөлж, аймгийн арслан Т.Пүрэвсүрэн,
7. Дорнод аймгаас улсын начин Д.Цогзолдорж,
8. Дундговь аймгаас улсын харцага Л.Пүрэвжав,
9. Завхан аймгаас улсын гарьд Б.Гончигдамбыг төлөөлж, у.х Ш. Уламбаяр,
10. Өвөрхангай аймгаас улсын арслан Д.Ганхуяг,
11. Сүхбаатар аймгаас улсын харцага Ч.Өвгөнхүү,
12. Сэлэнгэ аймгаас улсын харцага Т. Өсөх-Ирээдүй,
13. Төв аймгаас улсын заан Д.Амгаланбаатар,
14. Увс аймгаас улсын гарьд Б.Гантогтох,
15.Ховд аймгаас улсын заан Ц.Мягмарсүрэнг төлөөлж, Ховд дэвжээний захирал Ш.Батхишиг,
16. Хөвсгөл аймгаас улсын харцага Г.Элбэг,
17. Хэнтий аймгаас улсын начин Б. Одхүү нар оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол болон казах хэлний боловсролын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ

Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа юм. Ирэх оноос төслийн дөрөв дэх шат хэрэгжих аж. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас төслийн дараагийн шатанд бага ангийн хүүхдүүдийн монгол хэл болон казах хэлний боловсролын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх саналыг төсөл хэрэгжүүлэгчдэд тавьсан байна.

“Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр” нэрээр хэрэгжсэн төслийн эхний гурван шатанд тус аймгийн 42 сургуульд 211 сая төгрөгийн үнэ бүхий хөгжмийн зэмсэг, дугуйлангийн хэрэгслүүд, физик, хими, математикийн сургалт явуулах лабораторийн хэрэглэгдэхүүн, номын шүүгээ, тавиур, 36 сургуульд STEM сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлж байжээ.

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн удирдагч Рабиа Али тэргүүтэй ажлын хэсэг энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа юм. Тэрээр аймгийн Засаг дарга А.Гылымхантай уулзан санал солилцож, сургуулийн удирдлагуудыг хамруулан зөвлөлгөөн зохион байгуулсан байна. “Энэ удаагийн зөвлөлгөөнөөр төслийн хэрэгжилтийн тайланг сонсож, дөрөв дэх шатны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдвал ямар зорилтот бүлэгт чиглэсэн төсөл хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлаар зөвлөлдсөн” гэдэг мэдээллийг аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Б.Аяужан өглөө.

Тус газрын хувьд сурагчдын монгол хэл болон казах хэлний боловсролын түвшинг дээшлүүлэх замаар аймгийн боловсролын чанарыг сайжруулах боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд энэ саналаа төсөл хэрэгжүүлэгчдэд уламжлаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлийн цусны салбар төв улсад тэргүүлжээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв цусны аюулгүй байдлыг хангах, донорын эгнээг өргөжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, зохистой хэрэглээг хэвшүүлэх үйлст улсдаа ажил үйлсээрээ манлайлж тэргүүн байр эзэлжээ.

Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төвийн барилгын засвар үйлчилгээ хийж, 59 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангажээ. Жишиг цусны салбар төв болсноор хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймгийн иргэд аюулгүй эмчилгээ, үр дүнтэй цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хүрэлцээтэй, хэмжээтэйгээр бэлтгэж нөөцлөх боломж бүрдсэн байна.

Орон нутагтаа 4 төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол үйл ажиллагаагаа өргөжүүлэн үндэсний төвд үйлдвэрлэдэг 8 төрлийн цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагт хийх боломж бүрджээ. Ингэснээр жилд 350 литр цус цусан бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэх боломжтой болсон ажээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 1300 гаруй донор байдаг бөгөөд 40 хувь нь идэвхтэй донор бол 60 орчим хувь нь шинэ донорууд гэнэ.