Categories
мэдээ нийгэм

Бөхийн өргөөнд болсон тоглолтын үеэр 66 настай эмэгтэй нас баржээ

Image result for Бөхийн өргөө

Энэ сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд болсон тоглолтын үеэр 66 настай Н гэх эмэгтэй үзэж байгаад нас баржээ. Уг хэргийн тухай дуудлага тус өдрийн 20:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирж, хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. харин бөхийн өргөөний удирдлагууд хүн нас барсан тухай мэдээллийг үгүйсгэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Мөнгөндалай “Алтан Од”-оор шагнуулав

“Хүсэл мөрөөдөлд Хөгжлийн бэрхшээл саад болдоггүй” гэсэн уриатайгаар 285 км замыг 15 хоногийн турш явган туулж, Мөнх Сарьдагийн 3491 км оргилд амжилттай гарсан аялагч Ч.Мөнгөндалайг ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц хүлээн авч уулзаж, сонирхолтой яриа өрнүүллээ.

Ч.Мөнгөндалай дараагийн аяллынхаа төлөвлөгөөг хэдийнээ гаргасан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч ганцаараа аялж чаддагийг дэлхий нийтэд харуулахаар Европын орнуудаар аялах бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Дугуй, уулын спортоор хичээллэдэг аялагч Ч.Мөнгөндалайтай уулзах үеэрээ Ц.Шаравжамц дарга Биеийн тамир, спортын газрын дээд “Алтан Од” шагнал гардуулжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцож үг хэлэв

ЗурагБНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын нээлтэд оролцож үг хэллээ.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ Монгол Улс Азийн орнуудын эдийн засгийн асуудлаарх мэдээлэл солилцоо, харилцан уялдаатай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой энэ уулзалтыг санаачлагч орнуудын нэг бөгөөд төр, засгийн удирдлагын түвшинд олон удаа оролцож байгааг дурдаад, Боаогийн чуулга уулзалт нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломжийг хамтран эрэлхийлэх чухал индэр болохыг онцлов.

Тэрбээр Монгол Улсын бүс нутгийн улс төр, эдийн засгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг нотолж, Азийн орнууд илүү нээлттэй, хүртээмжтэй байдлаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэн, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч байгааг онцолж, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэн эдийн засгаа төрөлжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэв.

БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга нь бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар идэвхтэй ажиллаж байгааг онцлов.
Тус чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Австри, Филиппин, Нидерланд, Пакистан, Сингапур зэрэг улсын төр, засгийн удирдлага, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард нарын өндөр албан тушаалтан болон олон орны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач оролцож байна.
Дашрамд дурдахад, БНХАУ эдийн засгийн тус чуулга уулзалтыг Хайнань мужийн Боао хотноо 2001 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад хэлсэн үгний эшлэлүүд:
• БНХАУ хөгжлийнхөө үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцан, хамтдаа хөгжих бодлого хэрэгжүүлж байгааг Монгол Улс өндөр үнэлдэг. Энэ бодлого, чиглэл нь бидний Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц өгнө гэдэгт итгэж байна.
• БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга нь дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог эрчимжүүлэх замаар бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Монгол Улс энэ санаачилгыг анхнаас нь дэмжиж, өөрийн улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлж байна.
• “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хүрээнд 32 төсөл хэрэгжүүлнэ. Гурван тал нэн тэргүүнд төмөр замыг шинэчлэх, хурдны авто зам, цахилгаан дамжуулах шугам байгуулах төслийг ойрын үед хэрэгжүүлэхээр ярилцаж байна.
• Азийн орнууд эдийн засгийн тогтвортой өсөлтөө цаашид хангах үүднээс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, инновацид тулгуурлах замаар өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч бий болгох шаардлагатай тулгарч байна.
• Манай улс инновацийн чиглэлээр бусад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байна. Энэ айлчлалын үеэр байгуулсан “Үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлдвэрлэлд инноваци ашиглах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэж байна.
• Манай Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийг зорьж байна.
• Зарим бүс нутаг, томоохон орон өөрийн зах зээлээ хамгаалах бодлого барих хандлагатай байна. Иймээс Азийн орнууд худалдаа, эдийн засгаа илүү нээлттэй, хүртээмжтэй хөгжүүлэхээ тодорхой илэрхийлж, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.
• АПЕК, Зүүн Азийн дээд түвшний уулзалт зэрэг механизм болон байгуулахыг зорьж байгаа Номхон далай дамнасан түншлэл, Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүс зэрэг нь бүс нутгийн голлох эдийн засгийг хамарч, хөгжиж байгаа жижиг эдийн засагтай орнууд хамрагдах боломж хязгаарлагдмал байгааг өөрчлөх хэрэгтэй байна.
• Монгол Улс эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох бодлогоо үргэлжлүүлнэ. Энэ чиглэлээр хөрш болон бүс нутгийн орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын босго оноог 480 байхаар тогтоожээ

Image result for эеш

БСШУС-ын сайдын тушаалаар ЭЕШ-ын босго оноог 480 байхаар тогтоожээ. Яамны зүгээс босго оноог нэмж, тогтоосноор дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ. Боловсролын үнэлгээний төвөөс 2016-2017 онд хийсэн судалгаагаар нийт төгсөгчдийн 85 хувь нь их дээд сургуульд элсч байна. Босго оноог нэмснээр өмнөх жилд дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн тоотой харьцуулахад энэ жил их, дээд сургуульд элсэгчдийн тоо 18 хувь буурч, мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоон нэмэгдэх аж. Харин хөдөө орон нутгийн сургуулиудаа дэмжих бодлого барьж орон нутгийн сургууль болон коллежийн оноог 400 хэвээр нь үлдээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар төмөр замын дарга асан Л.Пүрэвбаатарыг шүүх хурал болно

Image result for Л.Пүрэвбаатар

Өнөөдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Улаанбаатар төмөр замын дарга асан Л.Пүрэвбаатар “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгөөр хувьдаа 1.4 тэрбум төгрөгийн байр авсан гэх хэргийн шүүх хурал болно. Л.Пүрэвбаатар тус газрын даргаар ажиллаж байхдаа албаны мөнгийг хувьдаа завшиж зарцуулсан талаарх баримтууд дэлгэгдэж байсан. Тэрээр албаны мөнгөөр өөртөө гутал, хүрэм, орон сууц авсан гэдэг ба 153 саяар үнэтэй машин худалдаж авсан хэмээх баримтууд дэлгэгдэж байсан юм. Л.Пүрэвбаатарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

АН Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг талаар албан ёсны тайлбар өгчээ

Image result for Сайханбилэг

Ардчилсан Намаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг талаар албан ёсны тайлбар өгсөн байна. Албан тайлбартаа, “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Ардчилсан намаас хөөжээ гэсэн нь ташаа мэдээлэл.

Нэгдүгээрт, Ардчилсан намын Улстөрийн зөвлөл “Сайханбилэгийг баривчилсан асуудлаар хуралдаагүй.

Хоёрдугаарт, түүнийг буруутгаж асуудлыг хууль хяналтын байгуулагаас эцэслэн шалгаж дуусаагүй байхад энэ асуудлаар хуралдаж шийдвэр гаргах нь хэт эртэдсэн алхам болно.

Ардчилсан намын зүгээс хувь хүн тухайн асуудалд буруутай эсэхээ өрөө хүлээн зөвшөөрсөн, эсхүл хуулийн байгууллагаас эцэслэн тогтоосон тохиолдолд улстөрийн ямар нэгэн арга хэмжээ авах эсэхээ шийддэг. С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассан асуудал дээр тухайн хүн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, зохих тайлбараа хуулийн байгууллагад гарган өгч, асуудлаа шийдвэрлүүлэх шатандаа явж буй.

Тиймээс АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж, нэгэнт хувь хүн офшор данстай холбоотой буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул уг асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл АН-ын гишүүнчлэлээс түр хасах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, намаас хөөх, гишүүнчлэлээс хасах нь хоёр өөр утга бүхий асуудал юм. С.Баярцогтод уг асуудлаа шийдвэрлүүлсний дараа гишүүнчлэлээ эргүүлэн сэргээх бүрэн эрх нь бий.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд тэр өөрөө ч, хууль шүүхийн байгууллагаас ч гэм буруутай гэдгийг нь тогтоогоогүй байна. Эдгээр болон бусад асуудал дээр Ардчилсан намын зүгээс Аливаа асуудалд улстөрийн зорилгоор хандаж, гэм буруугийн асуудлыг хөндөхдөө намын харьяаллаар ялгаварлан хандаж буйг эсэргүүцэж байгаа. Тиймээс намын гишүүдээ шаардлагатай тохиолдолд улстөрийн дэмжлэг үзүүлж, асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг зохих байгууллагуудаас шаардах болно” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эртхэн харь лүднүүд минь, миний бүх зүйлийг яриулна гэвэл хол оо хэвтэнэ

Жигжидийн Мөнхбат зурган илэрцүүдМонгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт, үндэсний баяр наадамд зургаан удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа энэ сарын 9нд бурхны оронд заларсан. Өдрийн сонины архиваас Ж.Мөнхбат аваргынд өнжиж байсан тэмдэглэлийг уншигч та бүхэнд товчлон хүргэж байна.


Мөөеө аварга руу өнгөрсөн амралтын өдрийн өглөө эрт гэгч нь утасдлаа. “За сайхан амарсан уу. Би одоо очлоо. Та босч байгаа биз дээ” хэмээн асуулаа. Тэгсэн өөдөөс “Хувхай лүд чинь хар эрт залгаад байхдаа яадаг юм. Тамир та нарыг ирнэ гээд энэ хавиар гүйгээд л байна. Би одоо л босч байна. Чамайг одоо ирэх үгүйг чинь хэн мэддэг юм” гэж хэлээд утсаа салгаж байна. Аварга өөдөөс аашилж ярина гэдгийг мэдэж байсан болохоор 50 мянгатынх нь байр руу явлаа. Их дэлгүүрийн урдхан талд Ерөнхий сайд асан Б.Цэрэндорж гуайн хөшөөний зүүн талын байрны хоёр давхарт их аварга аж төрнө. Ингээд Мөөеө аваргын гэр рүү яваад орлоо. Гэрийн эзэгтэй Тамир хаалгаа онгойлгож өгч байна. Бид ч гэрийн эзэдтэй мэнд усаа мэдэлцээд зочны өрөө рүү нь яваад орлоо.

Бөхийн удамт монголчуудын бахархал болсон Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мехикогийн олимпийн мөнгөн медальт, Жигжидийн Мөнхбатынд өнжсөн юм. Гэрийн эзэгтэй “Манайд та нар орой болтол байх юм уу. За та нар урдаа байгаа цайгаа уугаарай. Би одоохон шөл хийлээ” гээд гал тогооны өрөө рүүгээ яваад орлоо. Харин гэрийн эзэн бурхан тахилынхаа өөдөөс харсан буйдан дээр суучихаад надтай хуучилж гарлаа. Ж.Мөнхбат аваргынх 50 мянгатын гурван өрөө байрандаа олон жил амьдарч байгаа гэнэ. Том өрөөний ханаар жаазтай зураг дүүрэн өлгөөтэй. Аваргын засуулынхаа мөрийг түшээд бага зэрэг ярвайчихсан дэвж байгаа зурагнаас эхлээд зодог шуудгаа бүсэлчихсэн зураг гээд ёстой ид барилдаж, олныг шуугиулж явсан цэл залуухан үеийн зураг олон байна. Мөн аваргын отгон хүү Япон улсын мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын зургууд өлгөөтэй байх. Мөн Японы эзэн хааны өгсөн сэлэм бурхны хоёр талын хананд байршжээ.

Булчин шөрмөс нь зангирсан бие дээрээ Олимпийн анхны мөнгөн медаль, ДАШТ-ээс Монголоос анх удаагаа хүрэл медаль зүүж авахуулсан зургаа ихэд нандигнадаг бололтой. Томоо гэгч нь жаазанд хийгээд хоёр медалиа хажууд нь тавьсан харагдана.

ЖИГЖИДИЙН НҮДНИЙ БУЛАЙ ИХ АВАРГА БОЛСОН ТҮҮХ

Мөөеө аваргын төрсөн нутгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Улаанбаатар хотоос баруун тийш 200 гаруй километр давхиад хүрэх Төв аймгийн Эрдэнэсант сум. 1941 онд онд тус сумын Хадан хошуу хэмээх газар Д.Чанцал гэх хүний арав дахь хүүхэд болон мэндэлсэн гэдэг. 11 хүүхэдтэй айлын долоон хүүгийн отгон хүү. Аваргыг төрүүлэхдээ түүний ээж Д.Хажид их ядруу байж, хүүхдээ ч хөхүүлэх тэнхэлгүй байсан гэнэ. Тэгтэл ээжийнх нь гурав дахь ах Жигжид дүүгээ төрөөд ядруу байна гэдгийг дуулаад давхиж ирсэн гэнэ. Гэр орны байдал, ахуй амьдрал, нярайлаад удаагүй байгаа дүүгийнх нь байдал хүндхэн байсан учир дөнгөж төрсөн хүүг өвөртлөөд явчихсан байна. Тэр үед аваргын ээж ахдаа хандан “Ах минь ядарсан цагтаа хүүгээр минь морио ойртуулж байгаарай” гэж захиад үхрийн эврэн угж өгөөд явуулсан гэдэг. Үүнээс эхлэн ээжийнхээ ахынд өргүүлсэн Мөнхбат айлын эрх танхил ганц хүү болсон түүхтэй гэнэ. Хүүхэд насныхаа талаар аварга ингэж ярьж байна. “Би дөрөв, таван настай байсан юм шиг байгаа юм. Үнээ тугалж байсан юм. Өргөмөл ээж үнээгээ сааж дуусаад тугалыг нь тавиад хөхүүлж байхад нь нөгөө үнээнийх нь хөхийг хөхөх гэж байгаад чацга алдатлаа мөргүүлж байсан санаанаас ер гардаггүй юм. Азаар тэр үнээ мухар байсан болохоор би амьд гарахгүй юу. Эвэртэй үнээ байж таараад эврээрээ сэжсэн бол гэдсээ хүү татуу-лахгүй юу” хэмээн ярьж байна. Тэгэхээр нь таныг чинь “Жигжидийн нүдний булай хүн болохгүй” гэдэг байсан гээ биз дээ гэтэл өөдөөс “Хэн тэгж байгаа юм. Чи мэдэх юм уу” гээд инээд алдаж байна. Тэгснээ “Миний аав надад ерөөсөө үг хэлдэггүй. их эрхлүүлдэг хүн байсан юм. Ямар сайндаа авдрын араар байсан архийг арван нас хүрээгүй байхдаа ууж согтоод бууцан дээр өнхөрч ойчоод байхад юу ч хэлэхгүй хараад зогсож байдаг байсан юм. Би хүүхэд байхдаа нүгэлтэй амьтан байсан юм. Унаж яваа морио өдөрт хэдээр нь эцээгээд хаячихна. Морь унасан үедээ алхана гэж байхгүй. Улаан тоостойгоо л давхиж явна. Хонины бэлчээр дээр яваа айлын хүүхдүүдийг шоглоно. Ах нартай байнга барилдана. Үүнийг харсан нутгийнхан “Энэ Жигжидийн нүдний булай хүн болохгүй’ гэнэ. Харин аав маань намайг өмөөрөөд “Хүн болоогүй, юу болчихсон байгаа юм” гэдэг байсан юм билээ” гэж хуучлав.

Жигжидийн Мөнхбат зурган илэрцүүдЦЭЭЖ ЭНХТАЙВНЫ ГҮҮР ДАВЖ, БӨГС НЬ АР ТАЛД НЬ ҮЛДЧИХЭЭД БАЙГАА ЮМ, ТА НАР УНАХАА МЭД, УНАНА ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ

Мөөеө аварга 1960 онд Эрдэнэсант сумандаа түрүүлж, сумын заан цол хүртсэн байдаг. Тэр үед 18 настай байж. Харин түүний дараа жил буюу 1961 онд Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадын үндэсний бөхийн тойргийн барилдаанд босоо түрүүлж 19 насандаа Монгол Улсын заан хэмээх цолыг хүртсэн билээ. Харин 1963 он түүний хувьд үндэсний бөх төдийгүй чөлөөт бөхөд амжилт гаргасан жил байв. Цагаан сарын барилдаанд түрүүлж тэр зундаа Ардын хувьсгалын 42 жилийн ойн их баяр наадамд босоо түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Тэр жил Төв аймаг байгуулагдсаны 40 жилийн ойд мөн л түрүүлж байсан үе. Төв аймагт түрүүлчихээд бөхчүүдтэй тойрч суугаад айраг ууж байхдаа “Богдхан уулын ард нь ч, өвөрт нь ч түрүүллээ. Намайг унагах амьтан гарч ирээсэй, сүүлийн үед унаж үзсэнгүй унаж үзэх юмсан. Унана гэж яадаг юм бэ” хэмээн аархаж байсан гэдэг. Аваргын ааг, омог амжилт, ухаарал авчирсан зүйл байсан гэдгийг дурсч байна лээ. Ж.Мөнхбат аварга улсын цол хүртсэний дараа нэг үе дээлээ хөөргөчихөөд ханхалзаж явдаг байсан гэнэ. Түүнийг хараад дургүйцсэн бөхчүүд “Чи наад дээлээ жаахан учиртай өмсөөч” гэдэг байж. Харин хариуд нь “Та нарын бяр их сайндаа атга атгаар ордог бол минийх хормой хормойгоор орж байгаагаас цээж Энхтайвны гүүр давж, бөгс нь ар талд нь үлдчихээд байгаа юм. Та нар унахаа мэд, унана гэж юу байдаг юм бэ” гээд л аархах. Засуулчид хажууд нь зогсох тээртэй санагдаад “Малгай тэгшхэн шиг бариад туг руу дөхөж бай. Энэ мууг нутгийнх нь зүг шидчихээд очлоо” гэх. Түүний бяр амтагдсан аархаж явсан үе дундаас Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Дархан аварга Д.Дамдинд хэлсэн үг содон. Ардын хувьсгалын 45 жилийн ойн баяраар Туул гол үерлээд наадам хэд хоног хойшилж, Спортын төв ордонд бөхийн барилдааныг үргэлжлүүлж дуусгасан гэнэ. Аварга дөрвийн давааны ам авчихаад хэзээ барилдахыг хүлээж байж. Сүхбаатар аймгийн харьяат аймгийн арслан С.Бат-Өлзийг амлаж аваад дагуулаад яваад байсан гэнэ. Өөрт нь “Чамайг авсан” гэж хэлээгүй энд тэнд хүмүүстэй уулзаад яваад байж. Тэгсэн Мөөеө аваргаас болж дөрвийн даваа эхлэхгүй их хүлээлгэсэн юм байх. Бөх, дарга цэрэггүй ууртай байж. Д.Дамдин аварга ч хүртэл уурлаж байжээ. Тэгэхээр Д.Дамдин аваргын өмнөөс “Хаях би яараагүй байхад унах чи юундаа яардаг юм” гэж аархжээ. Аварга аархсан үгэндээ хүрч үерийн жилийн баяр наадмын үзүүр, түрүүг Д.Дамдин аваргатай булаацалдаж дөрөв дэх удаагаа түрүүлж “Монгол Улсын дархан аварга гэх эрхэм цолыг хүртэж байсан түүхтэй. Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр үе үеийн аваргууд эгнээд суучихсан байх үед “За муусайн борог өвснүүд юу байна даа. Ургаж яваа ногоог амлаад унагачих чадал байна уу. Сачий чинь хүрвэл амлаад хаячих” гэж хэлснээс авахуулаад ид барилдаж явах үедээ ам хэлээрээ төдийгүй барилдаанаараа аархаж явсан үе түүнд олон бий. Түүний ааг омогтой үгнүүдийн талаар бичээд байвал барагдахгүй олон. Гурван удаа түрүүлж байж Аварга хэмээх цолыг гуйж биш гуядаж авсан. Таван жил засваргүй түрүүлсэн их аваргын ид барилдаж явсан талаар бид хөөрөлдсөөр байсан юм.

Жигжидийн Мөнхбат зурган илэрцүүдУЛСЫН АРСЛАН Л.СОСОРБАРАМ, ИРАНЫ БӨХ, ДЭЛХИЙН АВАРГА МАХТИЗИДЭГЭЭС ҮХТЛЭЭ АЙСАН

Таны айж бэргэж байсан ямар бөхчүүд байдаг вэ. Х.Баянмөнх аваргаас айж байсан уу гэж асуусан чинь “Үхсэн нохой Баянмөнхөөс хэзээ ч айж үзээгүй. Би тэрнээс айна гэвэл хол оо хэвтэнэ. Харин яаж унагах вэ гэж л бодож байлаа” гэв. Аваргын ид барилдаж байхдаа айж байсан хоёр л бөх байдаг гэнэ. Үндэсний бөхөөс Улсын арслан Л.Сосорбарамаас учиргүй их айж байсан аж. Харин чөлөөт бөхөөр бол Ираны бөх, дэлхийн аварга Махтизидэгээс жийрхсэн аж. Сооёо арслан Мөөёө аваргатай Ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадамд таарч барилдсан гэж байгаа. Барилдах гээд өртөл аваргын зүрх дэлсээд хөх мах нь чичрээд болж өгдөггүй бэргээд байж. Түүнийгээ Сооёо арсланд мэдэгдэхгүй гээд л хоёр гуяа гөвдрүү гартал алгадаад тойрч алхаад байж. Тэгж байж арай гэж унагаж авсан гэнэ. Харин Ираны бөх, дэлхийн аварга Махтизидэгээс 1966 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-д болох үед учиргүй их айсан гэнэ. Эхний тойрогтоо сугалаа таарч барилдах болжээ. Ингээд барилдаж гарсан байна. Хар хөлс нь цуваад ёстой айж байгаагүйгээрээ айсан гэнэ.

Ийн ярилцаад Ж.Мөнхбат аварга 12:00 цагийн алдад биднийг дагуулаад гэрээсээ гарлаа. Нартай дулаахан өдөр болж байв. Аварга энэ хавийн орон сууцнуудын манаач нартай их найз юм. Тэд нартай өдрийг өнгөрөөдөг болжээ. Хөл тааруу болсноос хойш энэ хавиар эргэлдэх болсон гэнэ. Булганы Могод сумын 50 гаруй насны жижигхэн биетэй ах байна. Түүний манаачийн өрөөнд ороод суулаа. “Энэ муу манай Түшээт хааны хошууных. Бид хэд сайхан найзална. Миний утсыг цэнэглэж өгдөг юм” гэж танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар олимп дэлхийн медальтай тамирчдад сар бүр мөнгөн тэтгэлэг өгдөг болсноос хойш бага охиных нь хүүхэд Мөнх-Идэртээ энэ мөнгөө зарцуулдаг гэж ярив. Харин үлдсэн мөнгөө гэргий Ө.Тамиртаа хадгалуулчихдаг байна. Тэр хавийнхан манаачийн жижигхэн өрөөгөөр орж ирээд гарахдаа “Та яасан орой гарч ирдэг юм бэ” гэх. Даваажаргал өнгөрсөн хавар эх орондоо ирээд байж байхдаа энэ хавийн хүмүүст “аавд хань болж байгаарай” гэж захиад явсан гэнэ. Өдөрт гэртээ хийх ажилгүй болохоор энэ хавийн хүмүүстэй уулзаж, элдвийг ярьсаар өдрийг өнгөрөөдөг болжээ. Өвлийн цагт бүрэнхий болтол гэртээ ордоггүй гэж байгаа. Харин зуны цагт Төв аймгийн бөхчүүдтэй бэлтгэлд хамт гарах, нутаг руугаа явах зэргээр өдрийг өнгөрөөдөг гэсэн. Түүний гар утас дуугарлаа. Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр багш руугаа залгаж мэнд мэдэж байна. Мань эр шавьтайгаа ингэж ярьж байна. “Чи тэгээд бэлтгэлээ хийгээд л байна уу. Үхсэн тэр яадаг юм. За за тэгж байгаад ярина биз. Би завгүй байна” гээд утсаа салгав. Тэгснээ “Сэлэнгийнхэн хөвөөнийхөө морьдыг хурдан гэнэ. Боохой Данзангаа аварга гэнэ. Чи олигтойхон л байгаарай. Аварга гэдэг цол чинь тийм амар олддог эд биш” гэж Эрхэмбаярт хэлсэн хэмээн ярьж байна. Үүний дараа мөн л Монгол Улсын далай аварга Г.Өсөхбаяр залгаж байх жишээтэй. Ийн байтал өнжиж байгаа айлын эзэгтэй над руу залгаж байна. “Та нар ороод ир” гэж. Ингээд буцаад гэр рүү нь орлоо.

Би дотроо Мөнхбатыг боддог хэрнээ дургүй дүр эсгэж гүйлгэдэг байж. Эмэгтэй хүн бардам байх нь бас ч буруу биш. Би чинь их муухай ааштай, тэгээд ер нь царай өгдөггүй болохоор эргүүлэх санаатай залуус тэгсхийгээд цөхөрдөг байсан биз. Мөнхбатыг бас цөхөрвөл цөхрөхөөр гүйлгэсэн. Үнэн сэтгэлгүй бол цөхрөлтгүй тэгж хөөцөлдөхгүй шүү дээ. Өөртөө дасгаж, өөрийгөө дасгуулж байж суухыг хүсдэг байсан юм болов уу. Сэтгэлээсээ хайрласан хүний хайр харцнаас нь хүртэл мэдрэгддэг. Тэгж гүйсээр намайг ч өөртөө дасгасаар, өөрөө ч надад улам дассаар суучихсан хоёр. Хувь тавилангийн эрх жамаар учирсан юм даа” хэмээн ярив. Харин Мөөеө аварга “Наадах чинь аварга хүн эргүүлж байхад мэдэж байгаа юм алга. Араасаа их гүйлгэсэн. Сайхан л амьтан байсан. Одоо чавганц болчихоод байгаа юм” гээд инээх ажээ. Тэднийх таван хүүхэдтэй. Ууган хүү Батхуяг нь 1969 онд том охин Батцэрэн нь 1971 онд, дунд охин Батгэрэл нь 1977 онд, бага охин Баасанжаргал нь 1982 онд, отгон хүү Даваажаргал нь 1985 онд төрсөн. Одоо харин үр хүүхдүүд нийлээд 20 гараад явчихсан өнөр өтгөн айл болжээ. Даваажаргал, Баасанжаргал хоёрынх гурав гурван хүүхэдтэй гэнэ. Эндээс Даваажаргалын талаарх яриа эхэлж байгаа юм. Япон бэрдээ хэр байна даа гэж асуулаа. Тэгсэн хоёр хөгшин миний өөдөөс их том харж байна шүү. Тэгсэн аварга “Ямар байх нь чамд ямар хамаатай юм” гээд ундууцаж байна. Манай зурагчин миний өөдөөс том хараад гэрийн эздийг уурлуулчихав гэж байгаа бололтой байна шүү. Ер нь Мөөеө аваргын занг мэдэхгүй хүнд бол их сонин ааштай хүн шиг санагдана. Харин түүний ойр тойрны хүмүүс гаднаа хатуу боловч зөөлөн буулттай хүн гэдгийг мэднэ.

Жигжидийн Мөнхбат зурган илэрцүүдЭнэ айлын амьдрал шулуун дардан замаар туулж өнгөрөөгүй тухай бас хуучлаад амжив. 1990 оноос 2000 он хүртэл амьдрал хүнд байсан үе бий гэнэ. Аварга тогтсон ажилгүй. Цалин байхгүй, хүүхдүүд нь эхнээсээ оюутан болж сургалтын төлбөрийг нь төлөх гээд л олон асуудал тулгарч байжээ. Тамир эгч Мөнхбат аваргыг барилдахаас өөр зүйл огт анхаарал хандуулахгүй өдий хүрч байгааг хэлж байна лээ. Мөөеө аваргад ямар нэгэн эдийн шунал огт байхгүй гэнэ.

Мөнхбат аварга “Би олж долоохдоо тааруу. Наймаа ч хийж үзээгүй. Тамир л наана цаана гэж явсаар хэдэн хүүхдээ өсгөсөн хүн” гэж байна. Үнэхээр л түүнийг ямар нэгэн эдийн шуналгүй гэдгийг гэрт байгаа эд зүйлс хэлээд өгөх шиг. Харин бөхийн өмсгөл, дээл, малгай гээд бүгдийг нандигнан хадгалдаг юм билээ. Цэрэн аварга Мөөеө аваргын зодог шуудгийг ширж өгдөг байжээ. Хөлс үнэртсэн улаан өнгийн дугуй хээтэй зодог, шуудаг байна. Ид барилдаж явах үедээ мөн ч олон зодог шуудаг сольж байсан гэсэн.

Ингээд гэрийн эзэгтэй бидэнд зургийн цомог авчирч өглөө. Ж.Мөнхбат аварга гэрийн эзэгтэй хоёрын залуухан байхдаа морьтой авахуулсан сайхан зураг байна. Мөн гэр бүлээрээ авахуулсан зураг ч байх. Тэр дундаас Монгол Улсын аварга Д.Хадбаатарын цэл залуухан байхдаа авахуулсан зураг дурайтал гараад ирэх. Хадаа аварга Мөөеө аваргад шавиар орж тэднийд байдаг байсан гэнэ. Тамир эгчийг ажилдаа яваад ирэх үед гэр орныг нь цэмбийтэл цэвэрлээд хоол, цай хийчихсэн сууж байдаг байсан гэнэ. Тамир гуай Мөөеө аваргын араас хөөцөлдөхөөс гадна Хадаа аваргын эхнэр нь юм шиг хаана явааг нь цагдаж “Хамаагүй хүүхэнтэй уулзаж болохгүй шүү” гэж хүртэл загнаж явсан байна. “Ёстой л нэг хүүхэд шиг гэнэн цайлган явсан даа. Сайрга хөлтэй, өндөр цагаан хүүхэд шавь болж ирснээс хойш Монгол бөхийн дэвжээн дээр багш шавь болсон түүх бий. Хад айхтар газраас гарч ирчихээд хэсэг манайд байсан. Тэр үед Хулгаруудын уудаг цай гээд баавар цай их чанаж өгнө” хэмээн гэрийн эзэгтэй ярьж байна лээ.

Үнээ саалгадаггүй хоёр Мөнх гэх хоч хүртэл авч монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр уран мэхийг уралдуулан хийж барилддаг байсан түүний өрсөлдөгч нь их аварга Н.Баянмөнх. Баянаа аварга нэгэнтээ “Миний хөлстэй нүцгэн биеэрээ уулзсан хоёр хүний нэг нь Мөнхбат аварга” хэмээн хэлсэн байдаг. Харин аварга маань Баянаа аваргын талаар “Манай Баянаа ерөөсөө агуу л даа. Агуу бөх хүн” гэж л хэлж байна лээ. Баянаа аваргын талаар өөр зүйл асуусангүй. Тэрээр Ж.Мөнхбат аваргынд ирэлгүй удаж байгаа гэнэ лээ. Харин хааяа утсаар ярьдаг гэсэн шүү.

Нар баруун тийш хэвийжээ. Цонхны цаана бүрэнхий болж байгаа харагдана. Цагийг эзлэн төрсөн домогт их аварга бидэнтэй хуучилсаар суув.

Өнөөгийн бөхчүүд их хүнд жинтэй, мэх муутай, хувхай төлөгнүүд болж. Барилдаж байгаа бөхчүүдийг харахаар хааяа уур хүрэх юм. Нэг л их зантай, өөхөн бөмбөгнүүд болж. Би ид барилдаж явах үед 73 килограмм л байсан шүү” хэмээн ярив. Гадаа ч бүрэнхий болжээ. Бид ч явах цаг болж хоёр хөгшин биднийг үдэн гаргаж өгсөн юм. Монгол бөхийн оноо дансанд “Аат” хэмээн олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн Ж.Мөнхбат аваргын бүтээсэн олон амжилт тодоос тод үлджээ. Тэр яах аргагүй бөхийн спортын анхдагчдын нэг.

Жигжидийн Мөнхбат зурган илэрцүүдБиднийг гарах үед “Аварга хүнээс аварга хүү төрлөө. Энэ бол төр түмний минь хишиг буян юм даа. Миний хүүхдүүдийн алба Туулын ус шиг тунгалаг, урт байг” гэж ерөөсөөр үдсэн юм. Даяар дуурсагдах, далай даян, дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбатынхаас гарч явахдаа “Аварга хүн аваргаараа төрдөг” гэсэн үг санаанд буух. Түүний “Эртхэн харь лүднүүд минь. Миний бүх зүйлийг яриулна гэвэл хол оо хэвтэнэ” гэж инээж суусан дотно дүр нүдэнд харагдана.


Categories
мэдээ улс-төр

Гурван талт хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2018.04.10) үдээс хойш 52.6 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Гурван талт хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийсэн юм.

Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Киргиз, Беларусь, Латви улстай байгуулж, олон улсын хэмжээнд авто тээврийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн хоёр жилийн тээвэрлэлтийн статистик үзүүлэлтээс харахад нийт тээвэрлэсэн зорчигчийн 98 орчим хувийг, тээсэн ачааны 47 хувийг авто тээврээр гүйцэтгэсэн бөгөөд тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардпага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсч байна.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хавсралтад “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тусгагдсаны дагуу гурван улсын төлөөлөл ОХУ-ын Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Уг хэлэлцээр нь 20 зүйл, 3 хавсралтаас бүрдэх бөгөөд уг хэлэлцээрийн хамрах хүрээ, нэр томьёоны тайлбар, талуудын эрх, үүрэг, тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл, ерөнхий шаардлагууд, тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээ, тээвэрлэгчийн үүрэг, хариуцлага, татвар, даатгалын асуудал, тээвэрлэгч, жолоочийн хүлээх хариуцлага, хамтарсан хороо байгуулах, хорооны ажлын удирдамж, чиг үүрэг зэрэг тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалт, баримтлах шаардлага, нөхцөлүүдийг зохицуулсан.

Хэлэлцээрийн үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, авто тээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг хоёр тал нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх явдал юм гэдгийг сайд танилцуулгадаа дурдлаа.

Засгийн газар хоорондын энэхүү гурван талт хэлэлцээр соёрхон батлагдсанаар:

Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэнэ.

Монгол Улсын гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэгээр нөлөөлнө.

Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө.

Авто замын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэхтэй холбогдуулан Азийн авто замын сүлжээний АНЗ болон АН4 авто замд орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах системийг нэвтрүүлэх, олон улсын авто замын дагуу жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төвүүдийг байгуулах боломж бүрдэх юм байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Ц.Мөнх-Оргил нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улсын тухайд олон улсын дамжин өнгөрөх авто тээвэрлэлтэд замын эвдрэл, гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ, камержуулалт, жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгал гээд олон асуудлыг олон улсын жишиг шаардлагад нийцүүлж сайжруулах асуудал тулгарч байгаа. Азийн хөгжлийн банкны зээлээр Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн олон улсын авто замын шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсон. Энэ хүрээнд хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлд тодорхой асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байгаа гэлээ.

Харин Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд Монгол, Орос, Хятад гурван улсын санаачилсан энэ хэлэлцээрт бусад улс орнууд ч нэгдэх эрмэлзлээ илэрхийлж байгаа. Зөвхөн хөрш хоёр улсын тодорхой боомтуудаас гадна Казахстан, Киргизстан улстай авто замын тээвэрлэлт хийх, бусад орны хил дамнасан чөлөөт бүстэй холбогдох боломжийг судалж байгаа. Түүнчлэн Оросын нутгаар дамжиж Европын орнууд руу тээвэрлэлт хийх талаар яриа хэлцэл өрнүүлж байгаа, одоогоор 7 улсаас 4-тэй нь хэлэлцээр байгуулахаар үндсэндээ тохироод байгаа. Үүний зэрэгцээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахад анхаарч дотоодын аж ахуйн нэгж, жолооч нараа сургалтад хамруулах зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа гэдгээ хэллээ.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхэр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан Улсын нисэхийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлагаар хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрх бүхий субьектыг тодорхой болгох, улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгох, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт-туршилтын нислэг болон Агаарын цэргийн командлалын хуулиар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийг томилох эрх бүхий албан тушаалтан,түүний албан үүргийн харьяалал тодорхой болж, улсын агаарын хөлгийн технологийн баримт бичиг, ашиглалтын гарын авлагыг ямар хэл дээр ашиглах, улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны, шалгалт, туршилтын нислэг явуулах эрх зүйн үндэслэл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар улсын төсөвт шинээр ямар нэг нэмэлт ачаалал үүсэхгүй юм байна.




Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гарсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, А.Ундраа, Н.Оюундарь нараас хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хэмжээнд амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2018”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Азид хоккейн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүй бөгөөд зэрэглэл тогтоох цомын тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг юм байна.

Манай улсын хоккейн тамирчид энэ тэмцээнд сүүлийн найман жил оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авч байсан бол энэ жил алтан медаль авч, цаашдаа дэлхийн аваргын тоглолтуудад оролцох эрхээ өвөртөлсөн байна.

Амжилт гаргасан тэдгээр тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, юун түрүүнд Азийн цомын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад халуун баяр хүргэлээ. Мөн салбарт нь тулгамдаж байгаа зарим асуудлаар Монголын хоккейн холбооны төлөөллүүдтэй болон тамирчидтай ярилцаж, санал солилцов.

Тухайлбал, энэ жил тамирчид хөрөнгө мөнгөний асуудлаас болж тэмцээн болох газруудад урьдчилан очиж мөсний бэлтгэл хийж чадаагүй хэдий ч амжилт гаргасан байна. Мөн Монголд хоккейн шигшээ баг байхгүй тул тамирчид ажлаа хийж, хажуугаар нь тэмцээн уралдаандаа оролцдог гэлээ. Гэсэн ч хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь Монголд битүү ордон байдаггүй, энэ нь Олон улсын хоккейн холбооны техникийн шаардлагад багтдаг зэрэг асуудал юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний санал, сэтгэгдлийг сонссоны дараа бэлтгэлгүй, заалгүй мөртлөө багийн спортын төрлөөр өндөр амжилт гаргасанд маш их баяртай байгаагаа хэлж, олимпод оролцох өндөр зорилго өмнөө тавихыг хүслээ. Мөн хоккейн шигшээ багтай болж, түүндээ легонер тоглогч авахад нь өөрийн зүгээс дэмжлэг үзүүлэхээ хэлсэн юм. Монгол Улсад битүү дээвэртэй заалтай болоход ч анхаарч, энэ төрлөөр бэлэн болж байгаа төслүүдийг ажил хэрэг болгохын тулд Элчин сайд нартай хамтран ажиллаж байгаа, цаашид анхаарал хандуулахаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд, тамирчид болоод Монголын хоккейн холбооныхон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтын хүсэлтийг өдөрт нь хүлээн авч уулзсанд талархаад, тамирчдын мөрөөдөж явдаг битүү ордон барих асуудалд анхаарал хандуулж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ОУВС сэтгэл хангалуун байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Боаогийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал Кристин Лагардтай уулзав.

Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн дүнд эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн тэнцэл сайжирч буйг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн эдийн засаг хүнд байх үед дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ОУВС-д талархал илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулах, зарлагыг багасгах замаар төсвийн алдагдлыг бууруулах, түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж байна гэлээ.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад ОУВС сэтгэл хангалуун байгаа бөгөөд Монгол Улс холбогдох арга хэмжээг үргэлжлүүлэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Кристин Лагард илэрхийлэв. Тэрээр ОУВС-гийн баг ирэх зургаадугаар сард Монголд ажиллан, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монголын холбогдох байгууллагуудтай ярилцахаар төлөвлөж буйг мэдээлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.