Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад Банкны тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн инфографик, танилцуулгыг толилуулж байна.
Month: April 2018
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.04.10/ хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн үзэл баримтлалыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.
Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлэн зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр болон гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг бий болгосон байна.
Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа аж. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.
Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй асуудлыг тусгасан байна. Үүнд:
1. Ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хуулийн төсөлд ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг тусгасан байна.
2.Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтыг нарийвчлан оруулжээ.
3.Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах тохиолдлыг тодорхой болгож, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар зохицуулсан аж.
4.Хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгажээ.
5.Цалин хөлсний зохицуулалтын тухайд ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох, түүнчлэн бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тус тус тусгаж өгчээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байгууллага бүрт дотоод журам байдгийг дурдаад тэр журмын дагуу ажилтантай гэрээ байгуулах эсэхийг шийдэхээс гадна цалинг үзэмжээрээ тогтоодог байдал хууль батлагдсанаар шийдэгдэх үү хэмээн лавласан. Мөн адил түвшний ажил хийж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин зөрүүтэй байдаг гажуудлыг засах заалт хуулийн төсөлд бий эсэхийг тодруулж байлаа.
Сайд С.Чинзориг, Хуулийн төсөлд хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөтгөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон үеэс хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож, хөдөлмөрийн хууль тогтоомж үйлчлэхээр төсөлд тусгасан гэлээ. Өөрөөр хэлбэл түр ажиллаж эхэлсэн, дагалдангаар ажиллаж байгаа ч хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох нь.
Мөн цалин хөлстэй холбоотой суурь зохицуулалтыг төсөлд тусгасан аж. Адил ажил хийж байгаа хүмүүсийн авч буй цалин адил байхаар зохицуулжээ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Саранчимэг, Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг нар асууж тодруулсан. Дараа нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ
Мөн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.
Тус зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Чинзориг танилцуулсан.
Танилцуулгын эхэнд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг удирдлага болгож, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан бүрэн эрх болон УИХ-ын Байнгын Хорооноос баталсан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнднийгмийн даатгалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 2017 онд 11 удаа хуралдаж, 25 тогтоол шийдвэрийгбаталж, дүрэм, журам, заавар боловсруулан, нийгмийн даатгалын салбарыг нэгдсэн удирдлагаар ханган ажилласныг дурдсан.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдад 6 хүртэлх сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийг 18 хувийн хүүтэй байсныг 15 хувийн хүүтэй болгож нийт 99163 тэтгэвэр авагч 79.3 тэрбум төгрөгийн зээлийг авч, 1.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын санд 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 1467.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1546.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлж орлогын төлөвлөгөөг 105.3 хувиар биелүүлсэн бөгөөд Нийгмийн даатгалын сангийн зарлагыг 1,907.5 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс тэтгэвэр авагч, даатгуулагчдад нийт 1,893.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн зардал олгож 99.1 хувийн гүйцэтгэлтэй гарч, төсөв 14.0 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэн байна. “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сувиллыг сонгон шалгаруулах журам” болон “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих орны дээд хязгаар, жилд сувилах даатгуулагчийн тоо, нийт ор хоног”-ийг тус тус баталж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих нэг ор хоногийн зардлын хэмжээг 30000 төгрөг байхаар тогтоосон. Ингэснээр сувиллаар үйлчлүүлэх иргэдийн хувиасаа төлөх төлбөрийн хэмжээг багасган, сувиллаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлжээ.
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2017 оны 12 дугаар тогтоолоор нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээс 2017 онд арилжааны банкуудад байршуулах хөрөнгийн хэмжээг 740.0 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулсан мөнгөн хадгаламжийн хүүгийн орлого 15-15.5 хувь болж өссөнөөр 90.1 тэрбум төгрөгийн орлого орсон нь өнгөрсөн онтой харьцуулбал 39.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэлээ.
Томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн өвчний үед ууж, хэрэглэх 10 ерөнхий нэршлийн 30 эм, бэлдмэлийн үнийг 2017 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.Ингэснээр томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмчилгээний үр дүнг сайжруулан, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах талаар ахиц гарсны зэрэгцээ тэдний эцэг, эх, асран халамжлагчдын эм, эмчилгээний чиглэлээр зарцуулдаг зардлыг багасгахад тодорхой дэмжлэг болсон хэмээн тайланд дурдсан.
“Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгуулж, нийт 381.5 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалган баталгаажуулав. Аяны хүрээнд хийсэн шалгалтаар 937 тэтгэвэр авагчид 881.9 сая төгрөгийн тэтгэврийг илүү олгосон, 810 тэтгэвэр авагчид 291.9 сая төгрөгийн тэтгэврийг дутуу олгож, нийт 1,747 тэтгэвэр авагчтай холбоотой 1,173.8 сая төгрөгийн зөрчлийг илрүүлжээ. Мөн улсын байцаагчийн актаар тогтоосон 1,210.5 сая төгрөгийн төлбөр зөрчлөөс 483.1 сая төгрөг үлдэгдэлтэй буюу биелэлт 60.1 хувьтай байгаа аж.
Тус тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асууж тодруулахдаа тэтгэврийн зээл, арилжааны банкинд байрлуулсан Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн биелэлтийг шалгах Байнгын хорооны ажлын хэсгийг байгуулж ажиллуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ахалж ажиллахаар боллоо.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв
Дараа нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Тус зөвлөлийн дэд дарга Д.Дэмбэрэл 2017 оны үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн.
Эрүүл мэндийн даатгалын санд 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 356.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 366.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 102.8 хувиар буюу 10 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.
2017 онд давхардсан тоогоор 6.8 сая даатгуулагчид 290 тэрбум төгрөгийг хууль болон Үндэсний зөвлөлийн шийдвэрийн дагуу хугацаанд нь бүрэн олгож, даатгуулагчдад тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэлээ хэмээн тайлагнасан.
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх, Элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох лабораторийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 22 лабораторитой даатгалын гэрээ байгуулан ажиллажээ. Иргэдийг элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамруулах зорилгоор эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх нэг удаагийн зардлын төлбөрийн дээд хязгаарыг нэг даатгуулагчид 80 000-120 000 төгрөг байхаар тогтоож, 2 хүртэлх шинжилгээний зардлыг даатгалын сангаас хариуцан санхүүжүүлсэн байна.
“Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”-ыг баталж, даатгуулагчдыг насны ангиллаар /40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч/ оношилгооны 3 багцаас өөрсдөөр нь сонгуулах замаар оношилгоонд хамруулсан талаар мөн дурдсан.
Тайлан мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Б.Ундармаа нар байр сууриа илэрхийлсэн. Гишүүд өрхийн эмнэлгүүдэд олгох санхүүжилт бага байдгаас өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх бодлого алдагдаж, иргэд өвчин нь хүндэрсэн хойноо дараагийн шатлалын эмнэлэгт хандаж байгаад анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байгааг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдэд санууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.11) хуралдаан 09 цаг 37 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. 2018 оны хаврын ээлжит чуулганы эхний хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцэн, шийдвэрлэв.
Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө
Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Засгийн газар,Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн юм. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг төслийн талаар танилцуулав.
Монгол Улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд гишүүнээр элсэж, 2006 оноос зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болсон. Өнгөрсөн хугацаанд манай улс тус банкнаас 1.5 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг авч нийт 96 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулсан байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь үйл ажиллагаа нь өнөөг хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бол2017 онд баталсан тус банкнаас Монгол Улсад баримтлах стратегийн баримт бичгийн дагуу Монгол Улсын Засгийн газартай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдсэн болохыг танилцуулгад дурдлаа. Ийнхүү Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхэд 5 сая ам.долларын буцалтгүй тусламж, 9.7 сая ам. долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тохиролцоод байна. Зээлийн хугацаа 15 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил болохыг С.Чинзориг сайд танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Д.Дамба-Очир нар асуулт асууж, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нараас хариулт авлаа. Нийслэлийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зорилго, зорилт бүхий олон санамж бичиг байгуулж байсан, тэдгээр нь яагаад ажил хэрэг болдоггүй талаар Ж.Ганбаатар гишүүн тодруулсан. Монгол Улс санхүү болон засаглалын нэгдмэл тогтолцоотой учир нийслэл нь эдийн засгийн бие даасан бодлого, шийдвэр гаргах эрх зүйн боломжгүй. Томоохон бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас зөвшөөрөл авах, Улсын Их Хурлаас соёрхон батлуулж байж санхүүжилтийн асуудлуудыг шийдвэрлэдэг. Мөн Засийн газрын 2016 оны 37, 38 дугаар тогтоолуудын хүрээнд нийслэл дэх бүтээн байгуулалтын ажлуудыг зогссон. Иймээс аливаа төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихгүй явсаар өнөөдрийг хүрсэн хэмээн Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү тайлбарлалаа. Нийслэлийн хэмжээнд жилд 116-120 мянган тонн барилгын хог хаягдал гардаг бөгөөд сүүлийн жилүүдэд ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгуудыг буулгаж, дахин барилгажуулж байгаатай холбоотой. Одоогоор энэ төрлийн хог хаягдлыг Туул голын хөндий, Дунд голын ай саваар зөвшөөрөлгүйгээр хаядаг, түүнийг нь нийслэлийн харъяа байгууллагуудаас зардал гарган цэвэрлээд явж байна. Төсөл хэрэгжиж үйлдвэр баригдсанаар жилд 100 мянган тонн барилгын хог хаягдлыг боловсруулан авто замын асфальтад ордог материалууд, замын хучилтын материалууд, цемент, хавтан, брдюр хийдэг материалуудыг үйлдвэрлэх аж. Эдгээрийг худалдан борлуулснаар зээлийн эргэн төлөлтийг 15 жилийн хугацаанд нөхөн төлөх эдийн засгийн үр ашгийн тооцооллыг хийжээ. Зээлийн нөхцөлийн талаар Сангийн дэд сайд дэлгэрэнгүй тайлбар хийж “Бүхэлд нь тооцож үзвэл зээлийн хөнгөлөлтийн хэмжээ 43.06 хувь байгаа. Өрийн удирдлагын тухай хуульд 35 болон түүнээс дээш хувийн хөнгөлөлтийн түвшинтэй зээлийг нэн хөнгөлөлттэй хэмээн ангилсан байдаг бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банкаас авч буй энэхүү зээл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй” гэв.
Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хороо улсын хэмжээнд зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй нийт төсөл хөтөлбөрүүдийн талаархи мэдээллийг нэгтгэн сонсох, ахуйн хог хаягдлыг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэн эрчим, хүч дулааны дутагдалтай байгаа хороодод хүргэх чиглэлээр ажиллах, нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нийслэлийн удирдлагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох зэрэг саналыг гишүүд хэлж, зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн ба Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээ болов.
Ажлын хэсгүүд байгууллаа
Хуралдаанаар үргэлжлүүлэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дөрвөн Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулан байгуулсан.
Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайханаар ахлуулан байгуулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан Монголбанкны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооноос гарах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар хоёр жил орчим ажилласан Л.Пүрэвбаатар нь үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа УБТЗ-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаус захиалан бариулж эзэмшиж байсан. “УБТЗ ХНН” нь Л.Пүрэвбаатарын энэхүү Иргэний хууль, Компанийн тухай хууль, Авлигын эсрэг хууль Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор холбогдох шүүхийн байгууллагад хандсан билээ. Өнөөдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн бөгөөд “УБТЗ” ХНН өөрийн эд хөрөнгөө эргүүлэн авах шүүхийн шийдвэр гарлаа.
Энэ сарын 13-нд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг зохионо. Тус хөдөлмөрийн яармаг нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай мэргэжлийн ажилтнаа олоход нь туслах зорилготой.
Нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан ажилд шалгаруулах юм. Энэ үеэр “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудын бүртгэлийг явуулна.
Өнгөрөсөн онд зохионсон “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагт нийт 2500 гаруй ажлын байр зарлагдаж 194 хүн байнгын болон түр ажлын байртай болжээ. Зарлагдсан ажлын байрнаас хөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч, бармен, зөөгч, угаагч, мужааны ажлын байр хамгийн их эрэлттэй байдаг аж.
Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, эрүүл аж төрөх, хөдөлгөөнийн дутагдлаас сэргийлэх зорилго бүхий “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийг 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар-Марафон-2018” цомыг нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургууль, коллежууд байгууллагуудаар 2 сарын хугацаатай аялуулах юм. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар тус цомыг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас хүлээн авч, “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийн заавар журмыг албан хаагчиддаа танилцуулж, байгууллага, хамт олноороо марафонд нэгдэх уриалгад нэгдлээ.
Шилжин явах цомыг НМТГ-ын спорт хамтлагийн ахлагч, МСТХХ-ийн дарга Б.Түмэнбаяр өнөөдөр нийслэлийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Аpple компани албан ёсоор (PRODUCT)RED загварын iPhone 8 болон 8 Plus-г худалдаанд гаргалаа. Тус загварууд нь улаан өнгийн шилэн гадаргуутай, урд нүүр хэсэг нь хар өнгөтэйгөөр гарсан байна. Албан ёсоор тусгай загварууд IV сарын 10-наас худалдаанд гарчээ. Apple компани худалдаанд гаргадаг (PRODUCT)RED загвар бүхий бүтээгдэхүүнүүд ДОХ өвчний эсрэг хийдэг компанит ажилдаа анх удаа гар утсыг оруулсан юм. Зөвхөн (PRODUCT)RED загваруудын худалдан авалтаас ДОХ-той тэмцэх санд тодорхой хувийг хандив болгодог. Мөн тусгай загвар бүхий арьсан гэр гарч байгаа бөгөөд 99$ үнэтэйгээр худалдаанд гарч байгаа юм. Тус загварууд нь 64GB, 256GB багтаамжийн сонголттойгоор худалдаалж байгаа ба 699$-с эхлэх гэнэ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн нийгмийн бодлогын хорооны төлөөлөгчид, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нар нийслэлд хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан.
Үүнд:
- Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ
- Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төв
- Хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн 108 төв
- Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай танилцсан бөгөөд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сонсож санал солилцлоо гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
2017-2018 оны Монголын сагсанбөмбөгийн улирлын тоглолтууд үргэжилсээр байгаа. Энэ улирлын “Бүх одод”-ын тоглолтод О.Ууганбаяр ахлагчтай баг Ш.Сэдбазар ахлагчтай багийн эсрэг хүч сорьсон. Спортын төв ордонд цугласан сагсанбөмбөг сонирхогчдын уухайн дуу, алга ташилт тасартгүй үргэлжилсэн энэ үдэш “Цагаанууд” илүүрхэн 104:101 харьцаатай хожсон юм.
О.Ууганбаяр ахлагчтай баг “Цагаан”, Ш.Сэдбазар ахлагчтай баг “Хар” өмсгөлөөр гоёсон байв. Багийн бүрэлдхүүнд “хар”-ууд: Ш.Сэдбазар, Т.Санчир, Reid, О.Очирбат, Д.Мөнхтүвшин, Maxwell, О.Сэргэлэн, Г.Баттөр, П.Болортулга, Wright Acx, О.Эрдэнэцогт, Ц.Ганболд нар багтсан бол “Цагаан”-уудад: О.Ууганбаяр, Б.Билгүүн, Т.Mannasa, Б.Болдбаатар, С.Өрнүүнбилэг, А.Энхтүвшин, Б.Батжавхлан, Г.Насанжаргал, Ц.Азбаяр, М.Wilson, Ц.Сэргэлэнбаатар, M.J.Hammonds нар байлаа.
Тоглолтын салхийг Б.Билгүүн хагалж анхны оноог авсан. Тоглолт эхнээсээ маш сонирхолтой үргэлжилж СТО-д цугласан үзэгчид тасралтгүй хоёр багийг дэмжиж байв. Нэгдүгээр үе 24:27-ийн харьцаатай “Хар”-уудын давамгайллаар өндөрлөлөө. Эхний хагаст нэлээдгүй үзэгчдийг хөөргөсөн довтолгоо, Slam dunk-ийн үзүүлбэрийг харуулсан сонирхолтой довтолгоо их өрнөсөн. Хоёрдугаар үе 52:46-аар “Цагаан”-уудын давамгайлал дор өндөрлөв. Сүүлийн хагасын эхний үед багууд самбарт довтлох, тохох үзүүлбэрээр олныг гайхуулсан үе байлаа. Самбарын довтолгоо бүр амжилттай болж үзэгчид ч алга ташилтаа таслаагүй. Харин тоглолтын төгсгөлийн үед багууд эрчимтэй довтолгоо өрнүүлж, онооны давамгайллыг ээлжилж авсаар цаг дуусахаас 14.02 секунтын өмнө 102:101 харьцаатай болж, О.Ууганбаярын дасгалжуулагч Д.Эрдэнэбаатар завсарлага авч сүүлийн довтлогоогоо боловсруулан заавар өгсөн. Тоглогчид дамгалжуулагчийнхаа итгэлийг алдалгүй амжилттай болгож чадсан. Сүүлийн довтолгоог Ш.Сэдбазар цаг дуусахаас 0,04 доль дутуу байхад гурвын зайнаас шидсэн ч амжилтгүй болж 104:101 оноогоор О.Ууганбаярын баг болох “Цагаан”-ууд хожсон юм.
С.ОТГОНБАЯР
Тайланд улсын Чанмай хотод Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон зургаан настай М.Ялгуун алтан медаль хүртжээ. Тэрбээр тэмцээний рапид төрөлд алтан медаль, стандарт төрөлд алтан медаль хүртсэн байна. Мөн блиц төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.
Энэхүү тэмцээнд Ази тивийн 26 орны 600 орчим өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулсан байна. Монгол Улсаас Өсвөрийн улсын аварга Ховд аймгийн тамирчин М.Ялгуун, Хос мастер академийн тамирчин Н.Цэндмаа, Сэлэнгэ аймаг Таванхан клубын тамирчин Б.Содбаатар, Т.Түвшинтулга, Оюун клубын шатарчин О.Энхжин, О.Мөнхжин нар оролцжээ.
Тэмцээний Рапид болон блиц төрөрлд Монголын тамирчид дараах амжилтыг гаргасан байна.
Рапид төрөл:
1. G6 М.Ялгуун Алтан медаль (Ховд аймаг)
2. U6 Т.Түвшинтулга Aлтан медаль (Сэлэнгэ аймаг Таванхан клуб)
3. U6 Б.Содбаатар Мөнгөн медаль (Сэлэнгэ аймаг Таванхан клуб)
4. G6 O.Мөнхжин Хүрэл медаль (Оюун клуб)
5. G16 ДШХ-ны ДМ T.Номиндалай Мөнгөн медаль (Сэлэнгэ аймаг Таванхан клуб),
6. G10 Г.Энх-Уянга Хүрэл медаль (БНД Төр Монгол клуб)
7. Багийн Мөнгөн медаль U8 Г.Энх-Уянга, Д.Цэлмүүн, Б.Энэрэл
Шагналт байранд
• G6 O.Энхжин (Оюун клуб)
• G6 Н.Цэндмаа (Хос мастер академи)
• U10 Б.Ананд (1-р сургууль)
• U8 ДШХ-ны ДМЭ Д.Цэлмүүн (Сэлэнгэ аймаг Таванхан клуб),
• U8 ДШХ-ны ДМ Б.Ерөөлтэй
• U14 Н.Цогзолмаа (Хос мастер академи )
Блиц төрөл:
1. G6 М.Ялгуун Мөнгөн медаль (Ховд аймаг)
2. U6 Т.Түвшинтулга Aлтан медаль (Сэлэнгэ аймаг Таванхан клуб)
3. U6 Б.Содбаатар Хүрэл медаль (Сэлэнгэ аймаг Таванхан клуб)
4. G6 O.Энхжин Хүрэл медаль (Оюун клуб)
5. U8 Г.Зэв Мөнгөн медаль (БНД Төр Монгол хөгжлийн төв )
Шагналт байранд
• G6 O.Мөнхжин (Оюун клуб)
• G6 Н.Цэндмаа (Хос мастер академи)
• G8 Т.Хүслэнбаяр (Хос мастер академи)
• G16 Т.Хүслэн (Дорнод аймаг)
• U10 Б.Ананд (1-р сургууль)
• G14 Н.Цогзолмаа (Хос мастер академи)