Categories
мэдээ спорт

“3х3” сагсанбөмбөгийн шигшээ баг дэлхийд хүч сорино

Ирэх зургаадугаар сард Монгол Улсын “3х3” үндэсний шигшээ баг дэлхийн аваргад анх удаа оролцохоор болсон. Тэгвэл дэлхийн аваргын хэсгийн оноолт гарч манай улсын баг “С” хэсэгт оржээ.

Манай багтай цуг:

1. ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС
2. БРАЗИЛ
3. МОНГОЛ
4. КАНАД
5. ФИЛИППИН зэрэг улсууд хуваарьлагджээ.

Багийн спортын топ гүрнүүдтэй нэг хэсэгт орж хүч үзэх болсон нь манай багийн чансааг харуулж буй хэрэг. Монголчууд цагаан хуудсаар багийн спортын дэлхийн аваргад ордог үе өнгөрч, эр бяр эрэмбээрээ, эрхээ авсан. Ази тивийн номер нэг баг шар тивийн томоохон төлөөлөл үндэсний спорт нь сагсан бөмбөг болсон Филиппин улс манай улсын доор эрэмбэлэгджээ.

“3х3” дэлхийн аваргын тэмцээн зургаадугаар сарын найманд Филиппинд болох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

АХБ: Монголын эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ

Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр “Азийн хөгжлийн төлөв 2018” судалгааны дүнг танилцууллаа. Тус тайланд Монгол Улсын болон Ази-Номхон далайн бүс нутгийн талаарх судалгааны тайланг танилцуулав.

Монголын эдийн засгийн өсөлт 2016 онд 1,2 хувь байсан бол 2017 онд эрчимжиж 5,1 хувьд хүрчээ. Нүүрсний экспортын өсөлт, уул уурхайн хөрөнгө оруулалт, нэн ялангуяа Оюу Толгойн далд уурхайн хөгжүүлэлт нь өсөлтийн гол хөдөлгүүр байжээ. Гэвч тээвэрлэлтийн саад бэрхшээлээс улбаалан нүүрсний экспортын хэмжээ 2017 оны гүйцэтгэлд хүрэхгүй, харин 2019 онд тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ гэж үзэв.

2018 онд инфляци өсөх боловч 2019 онд өсөлт нь бага зэрэг буурах төлөвтэй байна.

Урсгал дансны алдагдал 2018 онд буурна, 2019 онд эргээд нэмэгдэх хандлагатай хэмээн судлагаанд тусгагджээ.

Улсын өр,төв банкны гадаад өр төлбөр ДНБ-ийн 99,1 хувьтай тэнцэж байна

Монгол Улсын төсвийн алдагдал 2017 онд ДНБ-ний 3,9 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд ДНБ-ний 6,4 хувь, 2019 онд 5,1 хувь болно хэмээн тооцоолсон. ДНБ-ний өсөлт 2016 онд 5,9 хувь байсан бол 2017 онд 6,1 хувь болон нэмэгдсэн. 2018 онд 6 хувь, 2019 онд 5,9 хувийн өсөлттэй байхаар таамаглаж байна. 2018, 2019 онуудад Монголын эдийн засгийн өсөлт хүчтэй байх төлөвтэй. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх нь өсөлтийн эрчийг хэвээр хадгалах үндэс болно. Эдийн засгийн гүйцэтгэл Олон улсын валютын сангийн хөтөлбөрт илүү байгаа нь хөрөнгө оруулагчдийн итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад дэмтэй. Уг хөтөлбөрийг Засгийн газар дэмжсэнээр ирээдүйд макро эдийн засгийн нөөц, бодлогын орон зай бүрдүүлэх төдийгүй Монголын мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэллээ.

Монголчуудын ядуурлын хувь 8 нэгжээр нэмэгдэж 29,6 хувь болсон

2017 онд бүс нутгийн хэрэглээний үнийн инфляци 2,2хувь байсан бол 2018,2019 онд 2,9 хувьд хүрнэ гэсэн таамаглал байгаа. Таамаглалд үзүүлэх гол нөлөөлөл нь хэрэглэгчийн эрэлт болон олон улс дээрх бараа таваарын үнэ өсөж байгаатай холбоотой. Инфляци 2018 онд өсч 8,0 хувь болох ба 2019 онд эргэн буурч 7,0 хувь болно гэж таамаглаж байна. Дотоод эрэлт нэмэгдэх, хүнс, шатахууны үнэ өсөх, мөнгөний зөөлөн бодлого зэрэг нь инфляцид нөлөөлөх гол хүчин зүйл. Агаарын бохирдлын зардал ДНБ-ийн 8-13 хувьд хүрч байна. Үүнд хотжилт гол нөлөөтэй. Шилжилт хөдөлгөөнийг шийдвэрлэх хэрэгтэй хэмээн АХБ-ны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий хэллээ.

Мөн эдийн засагч Л. Амар “Богино хугацаандаа гадаад хүчин зүйл манай эдийн засагт нөлөөлөх нь харьцангуй бага байгаа хэмээн харж байгаа” гэлээ.

Тайлангийн төгсгөлд ирэх онуудад эдийн засаг сэргэх хэдий ч эрч нь саарч, 2018 онд 3,8 хувь болно. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт бага зэрэг өсч өсөлтийн голлох хүчин зүйл хэвээр байх боловч тээвэрлэлтийн саад бэрхшээл нүүрсний экспортод сөрөг нөлөө үзүүлнэ. Харин ирэх оноос өсөлт эрчимжих төлөвтэй байгаа гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

АТГ: Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчлан шалгаж байна

С.Баяр, Ч.Сайханбилэг зурган илэрцүүд

Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ спорт

Ливерпүүл хагас шигшээд шалгарлаа

Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтууд өнгөрсөн шөнө ширүүн өрсөлдөөн дунд явагдлаа.

Аваргуудын лигийн таван удаагийн аварга Ливерпүүл энэ шатанд английн премьер лигт түрүүлэх болзлоо хангаад буй Манчестер ситигийн “Этихад” цэнгэлдэхэд зочилж 2:1-ээр илүүрхэж 10 жилийн дараа их шөвөгт шалгарлаа. Эхний тоглолтод Ливерпүүл 3:0-ээр илүүхсэн тул Манчестерийн баг тоглолтын эхнээс л шуургалсан довтолгоон өрнүүлсэн.

Энэ нь ердөө хоёр дахь минутанд үр дүнгээ өгч Рахым Стерлингийн дамжуулалтаар Габриел Жесүс гоолдож багтаа итгэл найдвар авчирсан. Эхний гоолыг оруулсан тэд үргэлжлүүлэн довтолж байсан ч нэмж гоол оруулж чадаагүй. Үейн төгсгөлд Милнерийн дутуу цэвэрлэсэн бөмбөгийг Лорэ Сане гоол болгосон ч хажуугийн шүүгч туг өргөчих нь тэр. Үүнийг эсэргүүцсэн дасгалжуулагч Пеп Гуарделио шүүгчтэй маргалдаж талбайг чөлөөлсөн.

Хоёрдугаар үед Ливерпүүл тэс өөр тоглолт үзүүлж илүү довтолж байсан нь 56 дахь минутанд үр дүнгээ өгч Сайдо Манегийн гоёмсог дамжуулалтыг “Египт Месси” Мухамед Сала гоол болгож багтаа тэнцээ авчирсан юм.

Гоол алдсан Манчестер ситигийн тоглолт эмх замбараагүй болж үүнийг нь Бразил тамирчин Роберто Фирмино овжин ашиглаж багтаа тэргүүлэл бэлэглэсэн юм.

Ингэснээр аваргуудын лигийн “дархан аварга” Английн Ливерпүүл 10 жилийн дараа их шөвөгт шалгарлаа.

Харин Манчестер ситигийн аварга болох мөрөөдөл ахин нэг жилээр хойшилж байна.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ эдийн-засаг

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд махны борлуулалт эхэллээ

Image result for мах

Монгол Улсын Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна. Энэ аяны гол зорилтын хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, хаврын улиралд хүн амыг мах, сүүн бүтээгдэхүүнээр жигд хүртээмжтэй хангах арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, хаврын улиралд хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Мал, мах бэлтгэлийн арга хэмжээний хүрээнд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Хөвсгөл мах маркет” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импэкс” ХК, “ХКҮ” ХХК, “Эй Эн Ди Эм” ХХК, “Сүхбаатар мах” маркет” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Сайнза интернэшнл”, “Боса” ХХК оролцож, орон нутгийн малчдаас мал, мах худалдан авч, нийт 12,8 мянган тн махны нөөц бүрдүүлсэн.

Бүрдүүлсэн махыг Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан тогтоосон үнээр 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс худалдан борлуулж эхэллээ. Нэг килограмм үхрийн ястай махыг 5500 төгрөг, нэг килограмм хонины ястай махыг 5300 төгрөгөөр, нэг килограмм ямааны ястай махыг 4400 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарлалаа

zi

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гаргалаа. Зарлигийн хувийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг гардуулж өгөхдөө “Авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах байдал нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрч, энэ аюул бодитоор оршиж байгаа зэрэг үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарлалаа” гээд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн төлөөллүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих, авлигаас татгалзах үзлийг түгээн дэлгэрүүлэх ажилд нь амжилт хүслээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН 2018 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДӨР ГАРГАСАН 38 ДУГААР ЗАРЛИГ:

Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч,мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай

Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн хэмээн тодорхойлсон Үндсэн хуулийн үзэл санаа алдагдаж, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан хувийн ашиг хонжоо олоход ашигладаг, ашиг сонирхлоор холбогдсон этгээддээ давуу байдал олгодог, иргэн, хуулийн этгээд нь хууль ёсны эрх, ашгаа хамгаалахаас илүүтэй хууль бус давуу байдлыг олж авах эрмэлзэлд хөтлөгдөх болсон зэрэг үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал бодитоор орших болсныг онцлон,

Авлига, хээл хахуультай тэмцэх үйл ажиллагаанд бүх нийтээр анхаарч нэгдэх, аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, шийдвэрлүүлэх, хууль бус хүсэлт, шаардлагыг үл зөвшөөрөх ухамсар, соёл, хандлагыг нийгмийн бүхий л түвшинд дэмжин төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага нэн чухал байгааг зөвшөөрч,

Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж илчилсэн мэдээлэгчийг урамшуулах, хамгаалах, авлига, албан тушаалын гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэрчийг хамгаалах зэрэг асуудалд тусгайлан анхаарч, хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох ёстойг тэмдэглэн,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласугай.
  1. “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил”-ийн хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газарт зөвлөсүгэй:
  1. a) Авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг судлан сайжруулах, авлигыг илрүүлж илчилсэн иргэнийг урамшуулах, хамгаалах, авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэрчийг хамгаалах асуудлын хүрээнд хууль, тогтоомжийн хэрэгжилт, хэрэгцээ шаардлагыг үнэлэн судалж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг цаг алдалгүй авах;

б) Эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлын хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэргийн гэрч, мэдээлэгчийг аюулгүй байдлын болон амьдрах нөхцөл, эдийн засгийн баталгаагаар хангах асуудлыг шийдвэрлэх;

в) Шүүх ажиллагааны аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын чиг үүрэг, тогтолцоог улам боловсронгуй болгох.

  1. Авлигын хор уршиг, хохирлыг ухамсарлах, авлигаас татгалзах, авлигыг үл зөвшөөрөх үзлийг үйл ажиллагаандаа баримталж, түгээн дэлгэрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдэд уриалсугай.
  1. Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд бүх нийтээр авлигыг үл тэвчин, тухай бүр илчилж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө нягт хамтарч, нэгнээ дэмжин ажиллахыг ард иргэддээ уриалсугай.
Categories
мэдээ нийгэм

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран “Сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож байна.

Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр “2015 онд Франц улсын нийслэл Парис хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хурлаас гаргасан дэлхийн 197 улс орныг нэгтгэсэн “Парисын хэлэлцээр” нь дэлхийн дулаарлыг 2°C-аас хэтрүүлэхгүй байлгах зорилтыг хангахад чиглэсэн, Конвенцийн бүх талуудад хамаарах хууль эрх зүйн зохицуулалт бүхий чухал баримт бичиг болсоныг та бүгд мэдэж байгаа. Монгол Улс хөгжиж байгаа орны хувьд дэлхийн бусад 190 улс орны хамт өөрийн улсын Үндэсний зорилтот хувь нэмэр хэмээх бичиг баримтыг боловсруулж Конвенцийн талуудын бага хуралд өргөн барьсан. Үндэсний зорилтот хувь нэмэр хэмээх бичиг баримтанд тусгагдсан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогыг хөхүүлэн дэмжих зарчмыг бид баримтлан ажиллаж байна. Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод “2020 гэхэд сэргээгдэх эрчим хүчийг нийт суурилагдсан хүчин чадлын 20 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх” зорилтуудыг дэвшүүлсэн. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, бодит үр дүнд хүрэхийн тулд бид юун дээр анхаарах ёстой вэ, цаашид олон улсын уур амьсгалын санхүүжилтэнд хандаж санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэхэд бид өөрсдийгөө хэрхэн бэлдэх вэ, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр талуудын хамтын ажиллагааг боловсронгуй болгох, чадавхи бэхжүүлэхэд бид юуг анхаарах вэ зэрэг асуултуудад оролцогчдын анхаарлыг хандуулж хэлэлцүүлэг өрнүүлэхэд өнөөдрийн арга хэмжээний зорилго оршиж байна гэж би ойлгож байна. Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийн мөрөөр БОАЖЯ зохих арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна” хэмээсэн юм. Сүүлийн жилүүдэд Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн болон хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар хувийн хэвшлийг дэмжиж энэ салбарт тодорхой ахиц гарч байгаа юм.

2011 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 50 МВт-ын “Салхитын салхин цахилгаан станц”, Дархан-Уул аймгийн 10 МВт-ын нарны цахилгаан станц, Улаанбаатар хотын ойролцоо 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтанд орж Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчийг тогтвортойгоор нийлүүлж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь 50 МВт-ын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого 2015 онд Улсын их хурлаар батлагдсан бөгөөд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэж заасан байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 120 МВт-д хүрээд байгаа юм. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох нар, салхи, ус, газрын гүний дулааны арвин их нөөцтэй. Энэ боломж нөөцдөө тулгуурлаж сэргээгдэх эрчим хүчний салбараа бодлого, төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх шаардлагатай байна. Хэдийгээр манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих таатай боломж, эерэг үзүүлэлтүүд гарч байгаа ч тулгамдаж буй асуудал болоод бодлогын зохицуулалт, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн “Сэргээгдэх эрчим хүч ба Уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгээр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүх талын хамтын ажиллагаа, оролцоо нэн чухал тул төр засгийн болон шинжилгээ, судалгаа, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан эрчим хүчний хөгжлийн асуудлаар мэдээлэл солилцох, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, туршлага, мэдлэгээсээ хуваалцах, хамтын ажиллагааны арга хэлбэр, олон улсын уур амьсгалын санхүүжилтийн механизмуудыг хэрхэн үр өгөөжтэй ашиглах талаар танилцуулан санал солилцох болно.

Categories
мэдээ спорт

Барселона аваргуудын лигийг орхилоо

Аваргуудын лигийн таван удаагийн аварга Испаний Барселона шөвгийн наймд Италийн Роматай таарч эхний тулаанд 4:1-ээр илүүрхэж их шөвөгт шалгарах болзлоо бараг л хангаад байв.

Рома клубийнхэн тоглолтын эхнээс л довтолж зургаа дахь минутанд эхний гоолыг оруулж чадсан юм. Даниел Де Россигийн талбайн төвөөс дамжуулсан бөмбөгийг дамжуулсан бөмбөгийг Босни довтлогч Эдин Жеко гоол болгов. “Хонгилын үзүүрт” гэрэл харсан тэд уулгалан довтолсоор байсан нь хоёрдугаар үеийн 58 дахь минутанд үр дүнгээ өгч Барсагийн хамгаалагч Фике өөрийн талбайдаа Александр Колоравыг өшиглөж унагасныг шүүгч гярхай ажиглаж 11 метрийн торгуулийн цохилт заасан юм. Үүнийг багийн ахлагч Де Росси гоол болгож нийлбэр дүнг 4:3 болгож ойртуулав. Одоо тэндэнд дараагийн шатанд шалгарахын тулд ганц л гоол шаардлагатай байв. Хэрэгтэй байсан гоолыг 82 дахь минутанд Моналас оруулж Ромаг их шөвөгт оруулсан юм.

Ийнхүү энэ улиралд таарсан өрсөлдөгч бүрээ шүүрдэж байсан Барселонагийн гайхалтай улирал аваргуудын лигийн шөвгийн наймд хүрээд дуусч байна.

Өнөө шөнө эзэн хааны Реал мадрид Испаний нэр төрийг хамгаалахаар Италийн Ювентусын талбайд зочлох бол Севияа Германы Бавариа Мьюнхентэй тоглоно.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Амьтанд идэгдсэн хүйс тодорхойгүй ураг олджээ

СХД-ийн 23-р хороо зурган илэрцүүд

Энэ сарын 10-ны өдөр СХД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэр, Хангайн 30-р гудамжинд дугуй засварын ойролцоо төрөөд удаагүй байдалтай ураг хаясан мэдээлэл иргэнээс цагдаагийн албанд иржээ. Иргэний мэдээллийн дагуу цагдаагийн албаныхан шуурхай ажилласан бөгөөд тус газарт 50 см урт, баруун гар, цээж, хэвлийн хэсэг амьтанд идэгдсэн хүйс тодорхойгүй ураг олдсон байна. Цагдаагийн байгууллагаас ургийг хаясан эцэг эх, холбогдох хүмүүсийн талаарх мэдээллийг нарийвчлан шалгаж, хайж байгаа гэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь Ши Жиньпинд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотолж, Монгол Улсын Засгийн газар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг баримталж буйг тэмдэглэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу мэндчилгээ дэвшүүлж, хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэж ирснийг нотолж, хөрш орнуудтайгаа чин сэтгэлээсээ, элэгсэг дотно харилцах, хөгжлийн үр ашгийг хуваалцах бодлогын хүрээнд Хятад, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэв.

Талууд бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр улс төрийн итгэлцлийг улам бүр бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын төлөө байгаагаа илэрхийлэв. Ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг өргөн хүрээнд хамтран тэмдэглэхээр санал нэгдэв.

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн боломж буйг тэмдэглэж, худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтодхүрэх үүднээс хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Монгол-Хятадын Экспо” зэрэг үзэсгэлэн худалдааны сувгийг үр дүнтэй ашиглах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг бууруулах, ХАА, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн чадавхийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Хятадын талын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэхээр тохиролцов. Цаашид эрчим хүчний хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай баримт бичиг байгуулах, “Төмөр замаар дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах чиглэлээр ажиллахаа хятадын тал илэрхийлэв. Хятадын “Бүс ба Зам” санаачилга нь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ боломжийг нээж буйг санал нэгтэй тэмдэглэж, Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг уг санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх ажиллагааг идэвхжүүлэхээр тогтов.

Соёл, боловсролын хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг тэмдэглэж, Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хүрээнд тохиролцсон арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол-Орос-Хятадын гурван талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Солонгосын хойгийн нөхцөл байдалд нааштай өөрчлөлт ажиглагдаж, бүс нутгийн орнуудын хооронд дээд түвшний яриа хэлэлцээ идэвхжиж буйд талууд баяртай байгаагаа тэмдэглэж, бүс нутгийн байдлыг тогтворжуулах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах чиглэлд гаргаж буй хүч чармайлт, санаачилгыг харилцан дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Хятадын Чиндао хотод болох тус байгууллагын дээд түвшний уулзалтад оролцох, уг арга хэмжээний үеэр Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах асуудлаар цаашид хамтран ажиллахаар тохиров.