Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн талаар өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман мэдээллээ. С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг “Оюутолгой” төслийн хүрээнд 2009 оны 10 дугаар сарын 06-нд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэйшнл Холдингс Лимитед” компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны V дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн АТГ-аас өчигдөр буюу энэ сарын 10-нд баривчилсан байна. Улмаар АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт дээрх хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлжээ. Нийслэлийн прокурорын газар уг саналыг хүлээн авч, өнөөдөр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлжээ.
Month: April 2018
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагуудад биеийн тамир, чийрэгжүүлэлтийн ажлыг тогтмолжуулан ажилтан, албан хаагчдын бие бялдрын боловсрол, соёлыг дээшлүүлж хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, тэднийг биеийн тамир, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээнд идэвхтэй оролцуулах, амьдралын эрүүл хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор “БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХАМТЛАГ”-ийг байгууллага бүрт байгуулан ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын биеийн тамир, спортын хамтлагийн ахлагч, арга зүйчдэд зориулсан сургалт, семинарыг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж 70 байгууллагын 85 албан хаагчид хамрагдаж, сертификат гардан авлаа.
Сургалт, семинарын үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газраас улсын хэмжээнд 2017 онд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан Ус сувгийн удирдах газар, Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 192 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны биеийн тамир, спортын хамтлагуудад өргөмжлөл гардууллаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин санаачлагаар “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, “Мерси кор” олон улсын байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран зохион байгуулж байна
Зөвлөлдөх уулзалтад Шадар сайдын Ажлын алба, ХХААХҮЯ, ОБЕГ, УОК, МЭҮГ, МХЕГ, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн сургууль, мал эмнэлгийн холбоод болон төсөл, хөтөлбөрийн байгууллагууд, аймгуудын Мал эмнэлгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, малчдын төлөөлөл оролцож байгаа юм.
УИХ-аас баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль ирэх зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан уг зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Уулзалтаар мал, амьтны гоц халдварт өвчний бодит нөхцөл байдал, хийж байгаа ажил, арга хэмжээг хэлэлцэхээс гадна олон улсын байгууллагаас мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоо, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шаардлага, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон хариуцлагын тогтолцоо, эдийн засагт үзүүлж буй хор хохирол, цаашид шаардлагатай арга хэмжээний талаар талууд зөвлөлдөнө.
Мал, амьтны гоц халдварт өвчнүүдээс дэлхий дахинд хамгийн их анхаарал хандуулдаг өвчнүүдийн нэгд шүлхий бөгөөд сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн бүсийн орнуудад шүлхий өвчин бүртгэгдсээр байна.
Монгол Улсын хувьд он гарсаар шүлхий өвчин 13 аймгийн 41 суманд бүртгэгдсэн бөгөөд Засгийн газар, ХХААХҮЯ, ОБЕГ, МЭҮГ, аймаг орон нутгийн удирдах болон мэргэжлийн байгууллагуудаас онцгой анхаарал хандуулан ажиллаж, шүлхийн тохиолдол бүрт шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Сүүлийн хоёр жилд ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн хүрээлэнгээс шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг тусламжаар болон арилжааны хэлбэрээр авч эрсдэл бүхий аймаг, сумдын мэдрэмтгий малыг хамруулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ онд нийт 7,2 сая тун вакцин худалдан авахаас хоёрдугаар сарын 25-нд эхний 500,0 мянган тун вакцин ирж эрсдэлтэй, хамгаалалтын бүсийн 700,0 мянга орчим малыг вакцинжуулаад байна. Дээрх арга хэмжээний дүнд өнөөдрийн байдлаар шүлхий өвчний дэгдэлт буурч, хорио цээрийн дэглэм 4 аймгийн 6 суманд хэрэгжиж, уг өвчнийг хяналтад оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ирэх зургаадугаар
сард ОХУ-д болох “Хөлбөмбөг Нөхөрлөлийн Төлөө”, 210 орны хүүхдийн фестивальд
залуу сэтгүүлчийн хуваарь оролцох Ш.Эрхэс “Реал Мадрид”, “Атлетико Мадрид”
багуудын тоглолтыг дэргэдээс нь үзжээ.
Өнгөрсөн ням гаригт Испани төдийгүй дэлхийд хамгийн алдартай Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд “Реал Мадрид”, “Атлетико Мадрид” багууд тоглож үндсэн цагт 1:1-ээр тэнцсэн билээ. Тус тоглолтыг зорин үзсэн Ш.Эрхэсийн шүтэн биширдэг Криштиано Роналдо, Антуан Гризманн нар гоол оруулсан юм.
Зургаан жил төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэсэн Ш.Эрхэс Испанид олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд орж, тусгай байр эзэлснийхээ дараа Мадрид хотын дербиг үзсэн байна. Залуу сэтгүүлч Ш.Эрхэс, авьяаслаг тоглогч Э.Даринчулууны хамтаар “Хөлбөмбөг Нөхөрлөлийн Төлөө” олон улсын фестиваль болон Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн үйл ажиллагаанд өөрсдийн биеэр оролцох юм.
УИХ-ын Хаврын чуулган энэ сарын 5-нд нээлтээ хийсэн. Энэ удаагийн чуулганаар олон чухал асуудал, сэдвийг хөндөн хэлэлцэнэ. Үүгээрээ уг чуулганы нээлт хэн бүхний анхаарлыг татаж байсан юм. Яагаад вэ гэвэл гацсан, гаргалгаа шаардлагатай болоод байгаа асуудал, хууль, хуулийн төслүүд батлагдаж шийдвэрээ олбол улс эх орны хөгжил нэг алхам ч болтугай урагшлах учиртай. Гэтэл манай улс төрийн хүрээнийхэн, том, жижиг намууд, улс төрөөр хийрхэгчид, иргэний элдэв хөдөлгөөнийхөн ямар нэг шоу хүлээж байгаа мэт чуулганы нээлтэд хэн бүхнээс илүү чих тавин “шүлсээ залгицгаасан” . Эгээтэй л “The Voice of Mongolia” шоуны эхлэх цагийг хүлээгээд хамаг ажлаа орхиод буйдандаа шигддэг шиг л тэд хамаг анхаарлаа Хаврын чуулган руу чиглүүлж хоногийг нь хуруу даран тоолж, амьсгал даран хүлээцгээсэн. УИХ-ын чуулган чинь чухал сэдвээр хуралдаж, хэрэгтэй шийдвэр гаргадаг газар гэхээсээ шоуны ордон, шоу үзүүлдэг “мухар” мэтээр харагдаж байгаа нь харамсалтай. Гэхдээ парламентыг шоу шиг харж байгааг нь эрс буруутгах аргагүй. Чуулган нь өөрөө шоу шиг болчихсон. Дуулдаг шоунд хэн түрүүлэх вэ, хэнийг хасах вэ, хэн хэн юу гэж ярих вэ, хэнээр ямар дуу дуулуулах вэ гэдэг нь урьдаар төлөвлөсний дагуу өрнөдөг шиг чуулганы хуралдаанууд ч тавилттай, зохиолтой.
Сөрөг нам нь эсрэг дүр үзүүлж шүүмжилж гарна. Тэгсэн хэрнээ цаагуураа гар гараа бариастай. Намын гишүүд нь дотроо талцана. 32, 33-ын бүлэг гэж нэг нэгэн рүүгээ дайрна, нэгнээ өмгөөлсөн үг шиднэ. Тэгснээ гэнэт л Засгийн газраа, Ерөнхий сайдаа огцруулцгаая гэж ил, далд гарын үсэг цуглуулж Засгийн газрын ажлыг ганхуулах гэж мэрийнэ. “Учиртай гурван толгой” гэдэг бол чуулган хэмээх тавилттай жүжигт гурав байтугай, 30, 40, 70 толгой гарч ирж Хоролмаа, Нансалмаа, Балганы дүрээрээ “тодрох” гээд “уралцана”. Нэг нэгнээ идсэн ууснаар нь дуудалцаж, сүүлдээ авгай хүүхний асуудал, үр хүүхдийнх нь ажил амьдралыг сөхөлцөж “Чамайг ална тална, шоронд хатаана” гэж шоронжсон үгсээр бие биеэ булдаг. Детектив, action маягийн иймэрхүү юм ярьцгааж улс төрийн скандал ар араасаа цувардаг. Ийм л эхлэл, өрнөл, зангилаа, тайлалтай улс төрийн ээлжит скандал эхлэхэд хоёр хоног үлдэж байгаа болохоор цаг тоолон суугаа нь аргагүй юм.
Ард түмэн ч “Чуулган эхлэх нь” гэсэн хүлээлттэй ч тэдгээр 76 гишүүн, УИХ-аараа бах таваа хангах гэж догдлоостой. “Манай тэнэг гишүүдийг хар даа” гэж ирээд л ярьсан, хэлсэн болгоныг нь мушгин, буруушааж амнаасаа олигтой үг унагахгүй, гишүүдийн талаар. Гишүүд нь ч гэж гишүүд “Өвөл болохоор даардаг даа, өвсөн доогуур шургадаг даа” гэдэг хүүхдийн дуу шиг л “гэнэн” тэнэг юм ярихаас эхлүүлээд хэл амны бай болох юмаа өөрсдөө хэлж доог тохуу болно. “Одоо ингээд хавар болохоор дулаарна. Утаа багасна” эсвэл “Одоо өвөл боллоо, хүйтэрнэ” гэх мэтийн мэдээжийн юм ярих буюу гэнэт л олны хараанд өртөх гэхдээ үнэн үг хэлсэн болж харагдах гээд иргэдээ нутаг усаар нь доромжлохоос эхлүүлээд жендерийн асуудлыг хөндсөн ч юм яриад шүүмжлүүлж, нийгмийг хагаралдуулаад авсан үйл явдал ч болсон. Тийм ч болохоор ард түмэнд 76 гишүүн шиг тэнэг хүмүүс үгүй. Хэн нэгнийг муулчлахаар болвол 76 гишүүнтэй зүйрлэж “Үхэр шиг тэнэг мулгуу гишүүд шиг” гэх.
Тэгтэл тэр УИХ-ыг бүрэлдэхэд, тэр хүмүүсийг сонгогдоход саналаа өгч, дээшээ гаргасан нь ард түмэн өөрсдөө байдаг. Өөрсдийнхөө сонголтыг өөрсдөө ингэж үгүйсгэж харлуулах нь уг нь ёс зүйгүй үйлдэл дээ. Сонголтынх нь л хариу шүү дээ. УИХ-ыг ингэж олны хэл амны бай болгож, тохуу бүхний цэг болгож байгаа зүйл нь УИХ-ын чуулганыг телевизээр шууд дамжуулж буйтай холбоотой. Телевизээр гарч байгаагаа далимдуулаад, ард түмэн, гурван сая иргэний өмнө үг хэлэхдээ шоудаж, жүжиглэнэ. Зурагтын камер өөр рүү нь чиглэхийг сайн ч мэдэрнэ. Үзгээ аваад, хөмсөгөө зангидаад чухал зүйл бодож байгаа мэт харагдахыг хичээгээд үг хэлэх гэж уралдацгаадаг.
Гишүүд болоод ард түмний энэ явцгүй байдал явж явж энэ улсын хувь заяа, хүн бүрийн цаашдын амьдралтай нягт холбоотой. Хараалгуулсан, хараалгасан юм хэзээ юм болж байлаа, хэзээ ажил нь бүтэмжтэй байлаа. Иргэд нь өөрсдийн сонголтоор гаргаж ирсэн УИХ-аараа бах таваа ханган байж дооглох нь, томрон томорсоор Монгол Улсын хувь заяанд ч толбо болж мэдэх юм гэдгийг ухаарах хэрэгтэй. Доог тохуу нь явсаар “Ерөөсөө Ерөнхийлөгчийн засаглалтай болъё. Тэрэн шиг, үүн шиг удирдагч хэрэгтэй. УИХ-аар яадаг юм бүр тараая. Парламентын засаглалаас татгалзъя” гэдэгт тулж ирдэг. Үүн шиг буруу үг, өгүүлбэр үгүй шүү. Ёстой тийм юм байдаггүй юм. Монгол Улс парламентийн засаглалтай байх ёстой.
Манай хоёр хөршийг хар л даа. Хоёулаа авторитар дэглэмтэй. Өөр өөрийн гэсэн удирдагчтай болчихлоо. Парламентийн засаглалаас татгалзах ёстой гэж зүтгэдэг хэсэг бүлэг нөхөд “Авторитар байх нь тоталитар байхаас дээр хувилбар нь. Манайх шиг ардчилсан дэглэмтэй улсад авторитар дэглэм яг тохирно” ч гэж мэдэмхийрдэг. Нэг буюу хэсэг хүмүүсийн захиран дарангуйлах улстөрийн дэглэм манайд ёстой хэрэггүй. Харин авторитар дэглэмтэй хоёр хөршийнхөө дунд Азидаа Ардчиллын баян бүрд болно гэж олон жилийн өмнөөс ярьж байснаа бодит ажил болгох боломж бүрдэж байгааг ард түмэн ухаарч парламентын засаглалтай байхыг дэмжиж Ардчиллаа хамгаалах ёстой. Энэ бол Монгол Улсын хувь заяаг хамгаалж байна гэсэн үг.
УИХ-ын чуулганы хуралдааныг телевизээр шууд дамжуулж болохгүй гэдгийг манай “Өдрийн сонин” удаа дараа бичдэг. Парламентын хуралдааныг телевизээр дамжуулахаар чуулган чинь сонгуулийн шоуны үргэлжлэл болчихоод байгаа юм.
УИХ-ын зарим гишүүн ч үүнийг дэмжиж эхний ээлжинд Байнгын хорооны хуралдааны үеэр зурагтын зураглаачдыг хурлын танхимд орж ирэхгүй байвал зүгээр байна. Камер харангуутаа л гишүүд маань хэлэлцэж байсан асуудлаа мартаад зангиагаа засч, үсээ илээд сэдвээс өөр юм яриад байна гэсэн санал гаргаж тэр нь ч хэрэгжсэн. Үүн шиг УИХ-ын чуулганыг зурагтаар шууд дамжуулахгүй байвал маш сайн байна. Гишүүд зурагтын камер харахаараа “Даллуур харсан тарвага шиг хошгороод босоод ирдэг”-ээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн. “Хошгорчих”-оороо зурагтаар худал худал юм яриад, худал мэдэгдэл хийгээд гэнэт л тойргоо яриад эхэлдэг. Эсвэл ямар нэг шоунд оролцож байгаа юм шиг сенсаци дэгдээмээр, олны дургүйцлийг төрүүлмээр, хэн нэгнийг үзэн ядмаар юм яриад ард түмэн, нийгмийн сэтгэл санааг үймүүлээд эхэлдэг. Нийгмийг худал зүйлд турхирч байсан тохиолдолд ч олон шүү дээ. Ард түмэн УИХ-ын чуулганыг тусгай зохиол, олон “найруулагч”-ийн тавилттай явдаг шоу гэдгийг төдийлөн анзаардаггүй учир УИХ-ын гишүүдийн тэрхүү айхавтар мэдэгдэл, мэдээлэлд итгээд төөрөөд бужигначихдаг. Гишүүдийн зурагтаар гарахдаа ард түмэн, сонгогчдод таалагдах гэсэн тэр их хийрхлээс бол Монгол Улсад хэрэгтэй ганц ч шийдвэр УИХ-аас гарч чадахгүй байна.
Татварын тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг хуулийн төслүүдийг заавал ард түмний нүдэн дээр зурагтаар хэлэлцээд байх шаардлага байдаг юм уу. Үүнийг дагасан элдэв зүйлс нь эргээд улс эх орны хувь заяанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байдаг болохоор манай сонин парламентын чуулганыг телевизээр дамжуулахгүй байх шаардлага тавьдаг. Өнөөдөр ч тавьж байна.
УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд нөлөөлж дорвитой шийдвэр гарах замыг хааж байгаа бас нэг гажуудал байгаа юм. Чуулган дээр хэлэлцэж буй асуудлаар хэн нэгэн гишүүний ярьсан анхаарал татахуйц үг тэр өдөртөө, бүр тэр долоо хоногтоо сенсаци дэгдээж тухайн үгийг нь мушгиж, тэр үгэнд холбогдсон үйл явдал ар араасаа хөвөрч хэлэлцэж байсан хуулийн төсөл, тогтоол шийдвэр нь салхинд замхарчихдаг. Тийм учраас УИХ-ын гишүүний хэлсэн үгийг архивлаад дараагийн сонгууль хүртэл нууцалж, хаалттай байлгах хэрэгтэй байна. Дараагийн сонгууль болж УИХ-ын танхим шинээр бүрэлдэж гишүүд тангаргаа өргөсний дараа өмнөх УИХ-ын гишүүдийн чуулган дээр хэлсэн үгийг ил болгодог байх ёстой.
Энэ бүхний нөгөө талд “УИХ-ын чуулганаар юу хэлэлцсэн, гишүүд, нам, эсвэл ямар байр суурьтай байсныг яаж мэдэх болж байна аа” гэсэн асуулт ургана. Чуулганы дараа намын бүлгүүд гарч ирээд ямар хуулийн төслийг хэрхэн хэлэлцсэн. Эх баригч нам болоод сөрөг хүчин ямар байр суурьтай байсан. Ямар шийдвэрт хүрсэн зэргийг багцлаад мэдээлчихээд байхад болж байгаа юм.
Тэгэхгүй бол та бүхэн хар л даа. Чуулганаар нэг асуудал хэлэлцдэг. Чуулганы хуралдаан дуусангуут гишүүд танхимаас “бууж” ирээд дор бүрнээ хэлэлцсэн асуудлаар өөрсдийн бодол, хүний бодол, гадны захиалгатай бодлоо хавчуулаад солиорцгоогоод, тэрийг нь нийгэм нь ямар нэг шүүлтүүргүйгээр хүлээд авчихдаг. УИХ-ын гишүүд нийгмийг ингэж самардаг. Үүнээс нь үүдээд нийгэм даяар нэгнээ үгүйсгэсэн, буруутгасан, хэнийхээ ч үгийг тоохоо байсан, монгол нь монголоо зөвшөөрдөггүй байдал улам даамжирч хэрээс хэтрээд байна.
Энэ удаагийн чуулганаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувь, “Стандарт” банкны асуудал, С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэрэг, уул уурхай, нүүрсний салбар гээд хүлээлт үүсгээд буй олон асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлуудаа УИХ-ын чуулган дотроо, зөвхөн парламентаараа ном журмынх нь дагуу, “хошгорч” элдэв янз болохгүйгээр шийдвэрлэх нь нэн тэргүүнд хийх ажил. УИХ-ын чуулганыг телевизээр дамжуулахгүй, гишүүдийн хэлсэн үгийг гадагшаа задлахгүйгээр гол асуудалдаа анхаарлаа хандуулж ажиллах нь УИХ-ын 76-д хамгийн чухал л даа. Ховч авгайн үлгэрээр төрийн ажилд хандаж, шоуны хэлбэрээр яваад байвал төрийн ажил ч, улсын хувь заяа ч уруудна. Парламент “The Voice of Mongolia” шоу биш шүү.
Сая долларын хадгаламжтай шүүгчийн сэдэв олны анхаарлыг татсаар байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийтэд ил болгосон Монгол Улсын бүх шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үзэхэд тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай шүүгч нэг байгаа юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбумаас дээш төгрөгтэй хадгаламж мэдүүлсэн Н.Хангал шүүгчтэй ярилцлаа.
-Шүүгч болоод удаагүй хүн хадгаламждаа тэрбум гаруй төгрөгтэй байгаа талаар олон нийтийн ярианы сэдэв болж байна. Хэзээний, ямар учиртай хадгаламж вэ. Энэ талаараа тодорхой хариулт өгөхгүй юу?
-Шүүгчийн албан тушаалд томилогдоход хуулийн дагуу тодорхой шаардлага хангадаг, томилогдсоны дараа өндөр хариуцлага хүлээдэг. Хуулиар хүлээсэн энэ үүргийнхээ дагуу миний бие хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн болон хамаарал бүхий этгээдтэй холбоотой хөрөнгө орлогыг дэлгэрэнгүй мэдүүлсэн. Зарим хүний яриад байгаа хадгаламжийг тайлбарлахын тулд амьдралаа ярихаас аргагүй болж байх шиг байна.
-Шүүгч хүний хувийн амьдрал руу өнгийх эвгүй байгаа ч нийгмийн зүгээс ирж буй хяналт гэдэг талаас миний асуулт танд чиглэж байгааг ойлгоорой.
-2008 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байхад миний охин төрсөн. Охиноо төрсний дараахан Улсын Дээд шүүхэд шүүгчийн туслахаар дэвшин ажиллаж эхэлсэн. Охин маань долоон сартай дутуу төрсөн бөгөөд хүндрэлээс шалтгаалж хараагүй төрсөн болохыг нь сүүлд мэдсэн юм. Үр хүүхэд нь өвчтэй байхад ямар ч эцэг, эх эмчлүүлэхийн төлөө бүх аргаа хэрэглэнэ. Бид ч банкнаас зээл аваад Энэтхэг, Тайланд гэх зэргээр эмчилж магадгүй гэсэн бүх улсын аль гайгүй эмнэлгүүд рүү оношийг нь явуулж, эрэл сурал болсон. Эмчилгээ хийлгэхээр явахад банкнаас зээл авсан ч хүрэлцэхгүй үе байсан. Гэр бүлийнхэн, найз нөхөд ч тусалж байлаа. Солонгос, Япон, Орос гээд маш олон улс руу өвчний түүхийг нь явуулсан. Гэвч очсон, өвчний түүхийг нь судлуулсан бүх эмнэлэг мэс засал хийхгүй, найдваргүй гэдэг хариу өгсөн.
Миний хоёр эгч Америкт амьдардаг. Америк руу өвчний түүхийг явуултал “Мэс засал хийнэ. 30 хувийн магадлалтай. Гэрэл мэдэрдэг болно” гэсэн хариу ирсэн нь цорын ганц найдвар төрүүлсэн. Үр хүүхдэдээ ядаж гэрэл мэдрүүлье гээд Америк явахаар хөөцөлдөж эхэлсэн. Ингээд эхнэр, охин хоёр маань Америкт очсон. Охины минь мэс засал амжилттай болж гэрэл мэдэрдэг болсон тухай сайхан мэдээ дуулдсан. Гэхдээ “30 хувийн гэрэл мэдэрдэг болсноо хамгаалахын тулд байнгын эмчилгээ хэрэгтэй” гэсэн. Өөрөөр хэлбэл, охиныхоо төлөө гэр бүлээрээ Америк руу байнга явах зайлшгүй шаардлагын үүднээс тэндээ багагүй хугацаанд суурьшихаас аргагүй болсон. Яг эндээс нөгөө хадгаламж эхлэлтэй. Америкийн визэнд ороход банкны баталгаа, буцаж эргэж ирэх баталгаа шаарддаг шүү дээ. Төрийн албан хаагч надад банкны баталгаа үнэндээ байгаагүй. Энэ үед хадам эгч “Миний хадгаламж дээр хамтран эзэмшигч болоод банкны баталгаагаа гаргуул” гэсэн. Ингэж л одоогийн дуулиан болоод байгаа хадгаламжийн эхлэл тавигдсан. Энэ бол 2011 он буюу одоогоос долоон жилийн өмнөх үйл явдал. Нэг сая долларын хадгаламжийн хамтран эзэмшигч, Дээд шүүхэд шүүгчийн туслах хийж байсан болохоор АНУ-ын виз түвэггүй гарсан. Америкт охин байнгын эмчилгээтэй учраас байн байн нисэж, ирж очоод байх зардал мөнгө хэцүү байсан. Тиймээс би тэнд сурч, гэр бүлээрээ амьдарсан. Америкт сурахын хажуугаар ажил хийгээд, олсноороо охиноо эмчлүүлээд гадаадад байгаа монголчууд яаж амьдардаг билээ, тэр л жишгээр дөрвөн жил амьдарсан. Хуулийн чиглэлээр суралцаж төгсөөд 2015 оны дөрөвдүгээр сард Монголдоо ирсэн. Америкт байхад бага хүү маань төрсөн. Эхнэр охин хоёр тэнд, хүү бид хоёр Монголдоо ирсэн.
-Буцаад шүүхдээ ажилласан уу?
-Нэгэнт мэргэжлээрээ суралцаад төгссөн учраас шүүхийн байгууллагадаа ажиллах, цаашлаад шүүгч болох хүсэл байсан. Улсын Дээд шүүхэд очтол ажилдаа эргэж орохыг зөвшөөрсөн. Ингээд шүүхдээ дахин ажиллаж эхэлсэн.
-Хадам эгчийнхээ хадгаламжаас нэрээ чөлөөлөөгүй юу?
-Эхнэр, охин хоёр маань Америкт үлдсэн. Учир нь манай охин Америкт хараагүй хүүхдийн тусгай сургуульд явж байсан. Охины сургууль дуусаагүй, мөн гэр бүлийн хүн сургуульд сурч байсан зэрэг шалтгаануудаас болоод дахиж визэнд орох шаардлагатай байсан. Тиймээс хадгаламжийн хамтран эзэмших эрхийг цуцлуулаагүй. Ажилдаа ороод байтал шүүгчийн сонгон шалгаруулалт зарлагдсан. Шалгалт өгөөд тэнцсэн. Ингээд Ерөнхийлөгчийн зарлиг гарахыг хүлээж, Америк явахаа хойшлуулсан. Шүүгч болсныхоо дараа ажлаасаа чөлөө авч, АНУ яваад ирсэн.
-Шүүгч болохоос өмнөх, хамтран эзэмшигчтэй хадгаламж гэсэн үг үү?
-Шүүгч болохоос өмнөх асуудал. Тэр хадгаламжид байгаа мөнгө минийх биш. Тусдаа бизнестэй, тусдаа амьдралтай хүнийх болохоор тэр бүр санаад байдаггүй. Хадам эгч надад хадгаламжийнхаа баталгааг л өгсөн болохоос тэр мөнгөө хуваахгүй нь ойлгомжтой. Хадгаламжид нь орлого, зарлага хийгдсэн л байх. Түүнийг би мэдэхгүй. Шалгаад үзвэл миний гарын үсгээр хийгдсэн нэг ч гүйлгээ байхгүй.
-Та тэр хадгаламжид орлого нэмэх, зарлага гаргах эрхтэй юү?
-Ямар ч боломж байхгүй. Гүйлгээ хийх эрх зөвхөн хадгаламжийн эзэнд бий.
-Гэр бүлийнхнийгээ Америкаас авчирсныхаа дараа хадгаламжаас нь нэрээ хасуулчихаж болоогүй юм уу. Шүүгч хүний хувьд ийм хэл ам гарна гэх болгоомжлол төрөөгүй юү?
-Хасуулах гэж банкинд очсон. Заавал үндсэн эзэмшигчтэйгээ хамт очих ёстой юм билээ. Тэр үед эгч эзгүй байсан. Тэгээд л орхисон. Нэгэнт миний мөнгө биш болохоор ямар нэгэн болгоомжлол, айдас үнэндээ байсангүй. Хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бол бүртгүүлэх ёстой.
-Бизнес эрхэлдэг хадам эгчийнхээ тухай ярих боломж бий юу?
-Тэр хүнд бизнесийн нэр хүнд гэж бий. Тиймээс дэлгэрэнгүй ярих боломж алга. Шалгаж, тодруулах бол эрх бүхий байгууллагад нэр усыг нь хэлээд тайлбарлахад бэлэн.
-Их хэмжээний хөрөнгө, орлоготой шүүгчийг орлогоо нотолж чадахгүй бол огцруулж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Танд болгоомжлол байна уу?
-Хуулийн дагуу шалгуулахад бэлэн байна.Хөрөнгө, орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүй дээр бүх тайлбар нь байгаа. Хуульч хүний хувьд шүүгч болох нь миний мөрөөдөл байсан. Би мөрөөдөлдөө хүрэхийн тулд шүүхийн жижүүр, бичиг хүргэгч, архивч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах зэрэг байж болох бүх шат дамжлагыг дамжсан. МУИС-ийн Хууль зүйн сургууль төгсөөд, Хан-Уул дүүргийн шүүх, Нийслэлийн шүүх, Улсын Дээд шүүхэд ажиллаж байгаад шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцээд, шүүгч болсон. Шүүгч хүн байж яагаад ийм байгаа юм гэх байдлаар ажил мэргэжлийн минь нэр төр сэвтэж байгаад хамгийн их харамсаж байна.
-Нууц биш бол гэр бүлийн чинь хүн ямар ажил хийдэг вэ. Гэр бүлийнхнийхээ хөрөнгийг мэдүүлдэг учраас тодруулж байгаа юм?
-Намайг шүүгч болохоос ч өмнө Хан-Уул дүүрэгт фитнесс клуб ажиллуулдаг байсан. Тэр нь үл хөдлөх хөрөнгөтэй. Ээжийнхээ гурван өрөө байрыг зарж банкны урьдчилгаанд өгөөд зээлээр орон сууц авсан. Байр зараад, дахин байр авсан нь хөрөнгө орлогын мэдүүлгийн их хэмжээний өөрчлөлт гэдэгт ордог. Энэ мэтчилэн бүх тайлбар хөрөнгө, орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүй хэсэгт бий.
-Энэ асуудлаарх иргэдийн сөрөг хандлага, шүүмжийг та мэдэрч байгаа байх.
-Шүүгч хүн тангараг өргөсөн. Хэрэг хүлээж аваад шийдэх үүрэгтэй. Хэргийн оролцогчид хардаж байгаа бол татгалзах, шүүгчийг шалгуулах бүрэн эрхтэй. Энэ бүхнийг яриад, шуугиан болгоод байгаа хүн тун цөөн байх. Өдөр тутмын ажлаа хийгээд явж байгаа, завгүй хүмүүс ийм юм ярихгүй.Ажлаас гадна амьдрал бий. Гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хүн амын ахуй үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр, Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр батлах, “Сити тур” төсөл хэрэгжүүлэх, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Сити тур” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг танилцууллаа. “Сити-тур” төслийн хүрээнд хот болон хот орчмын автобустай аялалаар Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж болох юм. Түүнчлэн гадаад, дотоодын жуулчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус аялалд түлхүү хамруулах зорилго тавьж ажиллах аж. Төслийг тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлхээр төлөвлөж байна. “Сити-тур” аялалд АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авч байсан хэрэглэгдэхгүй байгаа шинэ автобуснуудаас үйлчилгээнд явуулах юм.
Хурлын төгсгөлд НИТХ-ын дарга С.Амарсайхан Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аялалын бүтээгдэхүүн шинэлэг үйлчилгээг бий болгох, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түүх соёл, аялал жуулчлалын үзмэрүүд, хотын өнөөгийн хөгжлийг танилцуулах зорилгоор “Сити тур” төслийг хэрэгжүүлхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод үүрэг болголоо.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компаниудыг уг төсөлд татан оролцуулах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгох хөтөлбөрийг боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах, хэрэгжүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын албаны даргад даалгав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын нэр хүндийг навс унагаж байгаа “Дугуйн зам” нэртэй төсөл иргэдийн бухимдлыг дээд цэгт нь тулгаж байна. Төсөлд зарцуулах мөнгөний хэмжээ тийм бага биш. Гэвч хийж бүтээсэн дугуйн зам ямар ч тооцоо судалгаагүй, дээр нь өнгө үзэмжгүй, заасан стандартгүй хэрэгжиж байгаад иргэд дургүйцэж байгаа юм.
Нийслэл Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2017 онд “Дугуйн зам” дэд хөтөлбөрийг “Сэлбэ гол, Хотын төвийн хэсэгт байгуулна хэмээн зааж тендер зарлан хэрэгжүүлсэн. Таван зуун сая төгрөгийн өртөгтэй энэ тендерт Б.Дэлгэрсайхан захиралтай “ОДНД” компани 428 сая төгрөгийн санал өгч ялсан ч одоогоор дугуйн замыг ашиглалтад хүлээлгэн өгч амжаагүй яваа. Энэ онд Бага тойруу дотор, Нарны замын урд талаар, Аравдугаар хорооллын уулзвараас Баянзүрх дүүргийн Арслантай хөшөө хүртэлх замд дугуйн замын төсөл хэрэгжүүлэхээр болж, зургийн ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хийж байгаа гэнэ.
Олон улсын стандартад дугуйн замыг ногоон байгууламж, орон сууцны хороолол болон зай талбай гайгүй авто замыг дагуулан дугуйн замаа тавьдаг бол Улаанбаатарт төв замын трасс дагуулж бас явган хүний зам дээр, тэдний явах боломжийг хязгаарлан зарим газар нь зүгээр л явган хүний замыг будсан болгоод түүнийгээ “дугуйн зам” гээд нэрлэхэд бэлэн, ийм ажлууд хийгдэж байна.
Нүглийн нүдийг гурилаар хуурч босгож байгаа энэ замыг, дугуйн зам нэртэй тэрхүү төслийг Нийслэлийн засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахалж байгаа юм байна. Зөвхөн зургийн ажилд 300 сая төгрөг, гүйцэтгэх ажилд 427 сая төгрөг төсөвлүүлж чадсан зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ энэ онд 15 км дугуйн зам барина гэчихсэн гүйж явна. Энэ төслийн зургийн ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар хийж байгаа юм байна. Гэвч Ерөнхий төлөвлөгөөний газарт замын зураг гаргах эрх байхгүй.
Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан байгаа. Гэвч нийслэлийн иргэдэд хамгийн хэрэгтэй дугуйн замын хөтөлбөрийг зөвлөх нэртэй хүн удирдаад явж болж байна уу?. Мэргэжлийн байгууллагуудын нөмөр нөөлөг, оролцоог энэ зөвлөх яагаад хязгаарлаад байна вэ гэдэг асуулт эндээс гарч ирж байна.
Д.Мөнх-Эрдэнэ Нийслэлийн Засаг даргын зөвлөхийн албан тушаалыг эрхэлдэг гэдгийг дээр хэлсэн. Гэвч энэ зөвлөхийн ажил зөвлөх гэсэн үгнээс халин нийслэлийн харьяа газар, хэлтсийн дарга нарын ажилд хутгалдан, аль хэдийн шийдвэр гаргах түвшинд оччихсон явна.
Нийслэлийн Засаг дарга аа Та! зөвлөхийнхөө хийж байгаа халтуурны ажлыг өнгийж нэг харна уу. Тэр хүний гараас хийх ёсгүй ажлуудыг салгаж, алдаа оноог нь засч авахгүй юм уу. Эс бол энэ зөвлөх үүрэгтэй хүн таны хийж бүтээсэн бүгдийг хараар будахад ойрхон байна.
Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гаргажээ.
Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.
ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлах юм. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэх боломжтой.
“Атлетик 220” клуб Япон улсын легионер тамирчин Хашигүчи Норито (Hashiguchi Norito)-той гэрээ байгууллаа. Жигүүрийн хагас хамгаалагч болон довтлогчийн байрлалд тоглодог түүний хувьд анх удаагаа өөр улсын лигт тоглох гэж байгаа юм. Энэ жил 22 нас хүрч байгаа түүний хувьд Атлетик 220 клубт дөрөв дугаартай тоглохоор боллоо.