Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаад “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын тухай хуулийн инфографик, танилцуулгыг толилуулж байна.
Month: April 2018
Энэ сарын 6-наас 7-ны өдрүүдэд Кувейт улсад Кёокүшин каратэгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөжээ. Тус тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахлагч М.Алтангэрэл оролцсон байна. Тэрбээр тус тэмцээний 90 кг-ын жинд өрсөлдөж, Азийн аварга болжээ. Энэ удаагийн тэмцээнд 13 орны 70 гаруй тамирчин жин тус бүрийн ангилалд өрсөлдсөн байна.
УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглээд, “Энэхүү хамтын ажиллагаанд хил орчмын бүс нутгийн, түүний дотор Буриад Улстай тогтоосон харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байна” гэлээ.
Тэрбээр 2016 онд Новосибирскт, 2017 онд Улаанбаатарт зохион байгуулагдсан “Монгол-Оросын хамтын ажиллагаа” чуулга уулзалт, саяхан Москва хотноо болсон Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан зэрэг арга хэмжээ бүх салбарын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, зарим бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, хөнгөвчлөхөд чухал ач холбогдолтой болсон. Хил орчмын худалдаа, эдийн засгийн харилцаанд буй саад бэрхшээлийг арилгах талаар хоёр талаас санаачилга гаргаж, зөвшилцөн ойлголцох, үр дүнд хүргэх нь бидний үүрэг юм хэмээн онцоллоо.Түүнчлэн Монгол, ОХУ-ын парламентын хамтын ажиллагаа, түүний дотор Улсын Их Хурал, Буриадын Ардын Хурал хоорондын харилцаа сүүлийн үед илүү идэвхжиж байгаад талархалтай байгаагаа тэмдэглэв.
Ноён Ц.Э.Доржиев “Ах, дүү Буриад, Монголын ард түмний нөхөрлөл, найрсаг хамтын ажиллагааны үнэ цэнийг бид онцгой эрхэмлэдэг. Энэ оны эхээр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Тэр үеэр хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулсан. Тэдгээрийг амжилттай хэрэгжүүлэх талаар УИХ-аас дэмжлэг үзүүлэхийг хүсье” хэмээлээ.
Тэрбээр 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр улсын хоорондох гадаад худалдааны эргэлт 26 хувь нэмэгдсэнийг тэмдэглээд, хамтын ажиллагааны тодорхой саналууд дэвшүүлэв. Тухайлбал, Монголоос мах, махан бүтээгдэхүүн авах, Буриадаас бүс нутгийн байгаль, цаг агаарын нөхцөлд тохирсон, сайн чанарын үрийн буудай экспортлох, Улаан-Үдийн галт тэрэгний засварын төвд УБТЗ-ын зүтгүүр, хөдөлгүүр, хөдлөх бүрэлдэхүүнийг засварлах, Нисэх онгоцны үйлдвэрээс ирэх онд гаргахаар төлөвлөж буй шинэ загварын АН-2 онгоцыг Монголд нийлүүлэх, Улаан-Үд-Улаанбаатар-Эрээний хооронд аялал жуулчлалын шинэ маршрут нээх, Байгаль нуур, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг түшиглэсэн аялал жуулчлалын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, түүнд Буриад, Монголын хамтарсан хөрөнгө оруулалтыг татах, боловсрол, соёл урлагийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж, Буриадын район, Монголын аймгуудын хооронд шууд хэлхээ холбоо тогтоох зэрэг асуудлуудыг хөндөж ярив.
Түүний санал болгосон эдгээр төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Монгол Улсын парламентын зүгээс онцгой анхаарч, бүрэн дэмжих болно гэдгээ УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлээд “Таны айлчлал хоёр орны харилцаа үр дүнтэй гүнзгийрэн хөгжихөд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэлээ”.
Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь нарын зэрэг албаны хүмүүс байлцав.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс. 2018.04.12
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хуралдаан болж байгаа билээ. Тэгвэл шүүхээс Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцээд, 30 хоног хорих шийдвэр гаргалаа. Мөн одоо Ерөнхий сайд асан С.Баярыг хорих эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал М.Цукерберг өнгөрсөн мягмар гаригт Конгрессын сонсголд оролцож, анх удаа сенатчдын өмнө мэдүүлэг өглөө. Хар хөх хослол өмссөн тэрбээр Фэйсбүүкийн хөх өнгө бүхий зангиагаар гоёсон байв. Тэрбээр хоёр тэрбум гаруй хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хэрхэн хадгалж, хамгаалдаг талаараа тайлбар өгсөн нь энэ. Сонсгол таван цаг орчим үргэлжилсэн агаад түүний мэдүүлгийг сенатын хууль зүй, худалдаа, шинжлэх ухаан, дэд бүтцийн байнгын хороод хамтран сонсчээ. М.Цукерберг сонсголын өмнө хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид хувь хүний мэдээлэл, аюулгүй байдал, ардчилалтай холбоотой олон асуудлын өмнө ирээд байна. Фэйсбүүк идеалист агаад бүхнийг өөдрөгөөр хардаг компани юм. Компани байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг хооронд нь холбоход бүх анхаарлаа хандуулж, илүү сайжруулах гэж ажилласан. Гэвч өнөөдөр бид олон сайн зүйл хийхэд ашиглагдаж буй зүйлсийг хүмүүс буруугаар ашиглахаас сэргийлж чадаагүйг харж байна. Бид өөрсдийн үүрэг, хариуцлагыг бүрэн ухаараагүй байсан нь маш том алдаа. Энэ бүхэн миний алдаа юм. Би Фэйсбүүкийг үүсгэж, үйл ажиллагааг нь хариуцаж байгаа учраас болж буй бүхий л үйл явдалд хариуцлага хүлээнэ” гэжээ.
Өмнөд Дакотагийн Бүгд Найрамдах Намын сенатч, худалдааны байнгын хорооны дарга Жон Дюн сонсголыг нээж үг хэлэв. Тэрбээр “Өнөөдрийн сонсгол бол онцгой үйл явдал. Хороод хамтарч сонсгол хийх нь онцгой ховор тохиолдол. Бас ганц гүйцэтгэх захирал АНУ-ын сенатын гишүүдийн өмнө мэдүүлэг өгөх нь онцгой үйл явдал. Гэхдээ Фэйсбүүк өөрөө онцгой компани. Сар бүр тус нийгмийн сүлжээг хоёр тэрбум гаруй хүн хэрэглэдэг. Энэ бол миний сонгогдсон муж болох Өмнөд Дакотагийн хүн амаас 1500 гаруй дахин их тоо” гэв. Тэрээр М.Цукербергт хандан “Таны түүх бол Америк мөрөөдлийн жишээ. Гэхдээ нөгөө талаас танд хариуцлага байх ёстой. Мөрөөдөл тань бусдын хувийн мэдээлэлд аюул учруулж байгаа эсэхийг хянах нь таны үүрэг. Бид таныг сонсож байна, Америк орон сонсож байна, магадгүй дэлхий сонсож байгаа байх” гэсэн юм.
Сонсголын үеэр М.Цукербергээс бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээ хэрхэн явагддагаас эхлээд маш олон асуултыг сенатчид тавьж байлаа. Тэрбээр “Компанийнхаа үнэ цэнийг хамгаалж, гарсан алдаануудыг залруулна” гэдгээ амласан юм. М.Цукерберг “Бид Фэйсбүүкийг буруу зорилгод ашиглахаас сэргийлж чадаагүй. “Кэмбриж Аналитик” компанийг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг устгасан гэж итгэн, шалгаагүй орхисон нь бидний том алдаа байсан” гэв. Тэрээр мөн Фэйсбүүкийн одоогийн үнэ төлбөргүй хувилбар цаашид ч үргэлж хэвээрээ байна хэмээн мэдэгдсэн ч зар сурталчилгаагүй, төлбөртэй нийгмийн сүлжээ болгох боломжийг нээлттэй үлдээсэн байна. Харин АНУ-ын сенатчид түүнийг хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангах амлалтаа олон жилийн турш биелүүлж чадаагүй, цаашид биелүүлж чадах эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ. М.Цукерберг хариулахдаа “Бид үүрэг хариуцлагаа хангалттай сайн биелүүлж чадаагүй нь том алдаа. Энэ миний алдаа, намайг өршөөнө үү. Миний бие Фэйсбүүкийг үүсгэн байгуулсан, компаниа удирддаг. Энэ компанид юу ч тохиолдсон үүрэг хариуцлагыг нь би хүлээх ёстой. Хүмүүсийг зөвхөн хооронд нь холбоно гэдэг нь хангалтгүй. Энэ холболтыг зөв зохистой түвшинд нь хийх ёстой. Хүмүүст санал бодлоо илэрхийлэх боломжийг нь олгохоос гадна, бусдыг хохироох, буруу мэдээлэл тараахаас сэрэмжлэх шаардлагатай. Бид хийх ёстой өөрчлөлтүүдийг хийхэд цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ би үүнийг зөв зохистойгоор хийхээ амлаж байна. Үүнд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах үндсэн үүрэг маань багтаж байгаа. “Кэмбриж Аналитик” дээр үүнийг бид хийж чадаагүй” гэжээ.
Асуулт, хариулт хэлбэрээр явагдсан тус сонсголыг нээлттэй явуулсан юм. Энэ үеэр хамгийн их хөндөгдсөн сэдэв нь нийгмийн сүлжээний компаниудыг хянах, зохицуулах тухай асуудал байв. 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш аливаа улс орны сонгууль, улс төрийн үйл явцад нийгмийн сүлжээг ашиглаад нөлөөлөх эрсдэл их өндөр байсан гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд буй. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар фэйсбүүк дахь хуурамч аккаунт, хуурамч мэдээллийг ашиглаад америкийн нийгэмд тулгамдсан зарим хурц асуудлыг дэвэргэх, иргэд сонгогчдыг талцуулах үйлдэл хийгдэж байсан гэж АНУ-ын Засгийн газар үзэх болсон. Үүнтэй холбогдуулан хоёр сарын өмнө ОХУ-ын 19 иргэний эсрэг хориг тавьж буйгаа зарлаж байсан билээ.
2000 оноос хойш ямар нэгэн төрийн хяналтгүйгээр дээр нь асар их хэмжээний ашиг олж, баяжсан нийгмийн сүлжээний компаниудыг удирдан зохицуулах, хянах, тэр байтугай санхүүгийн утгаараа татвар ногдуулах тухай асуудал маш хүчтэй хөндөгдөх болсон билээ. Фэйсбүүк компанийг үндэслэгч М.Цукербергийг Конгрессын байнгын хороо дуудаж мэдүүлэг авах тухай асуудал урьд нь яригдаж байсан бол өчигдөр ийнхүү тэрбээр өөрөө Конгрессын гишүүдэд тайлбар өгсөн нь энэ. Нэг талаар үүнийг мэдүүлэг гэж хэлж болох юм. Учир нь М.Цукербергийн хувьд Фэйсбүүк компани өнгөрсөн хугацаанд хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах, нийгмийн сүлжээ, улс төрийн зорилгоор фэйсбүүкийг ашиглан улс төрийн янз бүрийн худал хуурамч мэдээлэл цацахаас сэргийлэх ёстой байсан юм. Тэрбээр “Бид үүнийгээ чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Уучлал гуйж байна. Нийгмийн сүлжээг аливаа улс орны засгийн газар, компаниуд, хувь хүмүүс улс төрийн зорилгоор ашиглахын эсрэг илүү хяналттай байх ёстой. Манай компанийн хувьд аль эрт энэ чиглэлээр технологи боловсруулж ирсэн. Тухайлбал, хуурамч аккаунттай хүнийг яаж таних уу, үнэхээр тэр хүний аккаунт, профайл мөн эсэхийг шалгадаг тусгай аппликэйшн программуудыг удахгүй нэвтрүүлнэ” гэсэн байна. М.Цукербергийн хувьд Фэйсбүүк компанийг анх үндэслэн байгуулж байх үедээ хэдэн жилийн дараа байгууллагыг нь Засгийн газраас зайлшгүй хянах шаардлагатай болно гэдгийг мэдэж байсан” гэжээ. Тэрбээр Фэйсбүүк компаниа байгуулах тухай санаагаа анх 2004 онд оюутны дотуур байранд байхдаа олсноо дурдахдаа “Би Фэйсбүүкийн тусламжтайгаар хүмүүс найз, нөхөд, гэр бүлтэйгээ болон мөн дэлхийн хүн амтай мэдээлэл солилцох боломж олгосон. Гэхдээ энэ маань эргээд эрсдлийг дагуулдаг болохыг сайн ойлгож байна. Тийм учраас манай компанийн зүгээс хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах төдийгүй улс төрийн зорилгоор олон аккаунт энд тэнд үүсгэж, түүгээрээ дамжуулан хуурамч мэдээллийг олон нийтийн дунд цацсанаар хэрэглэгчид болон иргэд хоорондоо байр суур нь зөрчилддөг, муудалцдаг, хагалан бутаргадаг зүйлээс би сэргийлэх шаардлагатай гэдгийг мөн ойлгосон” гэжээ. Тэрээр мөн “Оросуудын зүгээс Фэйсбүүк компани болон нийгмийн сүлжээг ашиглан хүчтэй дайралт ирж байдаг. Энэ нь бас нэг талаар зэвсгийн өрсөлдөөн маягийн зүйл өрнөж буйг харуулж буй” гэсэн байна. Энэ нь юуны өмнө Америкийн улс төрд Оросын нөлөө бий гэсэн байр суурьтай Конгрессын гишүүдэд тусгайлан зориулж хийсэн тайлбар гэж үзэх хүн байгаа аж. Нөгөө талаас ирэх арваннэгдүгээр сард АНУ-д Конгрессын сонгууль болно. Энэхүү сонгуулиас урьтаж ямар нэгэн байдлаар нийгмийн сүлжээнээс дайралтууд орж ирж болзошгүй гэсэн анхааруулга гэж ойлгож болох аж.
Ингээд сонсголын үеэр анхаарал татсан зарим сенатчдын асуултад М.Цукерберг хэрхэн хариулсныг товчлон хүргэе.
Сенатч Дик Дюрбин: Та өнгөрсөн шөнө хоносон буудлынхаа нэрийг бидэнтэй хуваалцахдаа таатай байх уу?
М.Цукерберг: Үгүй.
Д.Дюрбин: Энэ долоо хоногт та бусадтай мессэж солилцсон бол хэнтэй бичсэнээ бидэнд хэлэхгүй юу?
М.Цукерберг хариулах гэж тэвджээ.
Д.Дюрбин: Миний бодлоор эндээс бүх юм харагдаж байна. Хувийн мэдээлэлд хандах эрх, хэм хэмжээ, дэлхий даяар амьдарч байгаа хүмүүсийг хооронд нь холбох нэрийн дор хэр их мэдээлэлд халдсан нь эндээс харагдаж байна.
М.Цукерберг: Би таны дүгнэлттэй санал нийлж байна. Хүн бүр өөрийнхөө мэдээллийг хэрхэн ашиглагдаж байгааг мэдэх эрхтэй гэж би бодож байна.
Сенатч Д.Сулливан: Та өөрийгөө дэндүү их хүчтэй болсон гэж бодохгүй байна уу?
М.Цукерберг: -Таны асуултын гол санаа нь Америкчуудын бахархлыг төрүүлэх байх.
Сенатч О.Хатч: Фэйсбүүк үргэлж үнэгүй хэвээр байх уу?
М.Цукерберг: Тийм ээ, Фэйсбүүкийн үнэгүй хувилбар байсаар байх болно.
Сенатч О.Хатч: Тэгвэл хэрэглэгч төлбөр төлдөггүй үйлчилгээг үргэлжлүүлэн авч явахын тулд яах ёстой вэ?
М.Цукерберг: Сенатчид аа, бид сурталчилгаа явуулна.
Сенатч Л.Грахам: Фэйсбүүк нь монополь компани мөн үү?
М.Цукерберг: Үгүй ээ, би тэгж бодохгүй байна. Бидэнд Apple, Google, Amazon зэрэг олон өрсөлдөгч бий.
Сенатч Л.Грахам: Сая дурдсан компаниуд Фэйсбүүктэй ижил үйл ажиллагаа явуулдаг уу?
М.Цукерберг: Үгүй ээ, өөр зарчмаар ажилладаг.
Сенатч Б.Нельсон: Миний ойлгосноор хэрэв би хувийн мэдээлэлд минь үндэслэсэн сурталчилгаа харахыг хүсэхгүй бол Фэйсбүүкт төлбөр төлөх ёстой гэсэн үг үү?
М.Цукерберг: Тийм ээ, тэр үнэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар ийм сонголт байхгүй. Харин зар сурталчилгаанд суурилсан бизнес загварын ачаар бид дэлхийг тэр чигт холбож, хүн бүрт бусадтай харилцах эрхийг нь үнэгүй олгох боломж бий.
Сенатч Д.Фейнштейн: Фэйсбүүк цаашид АНУ–ын сонгуульд гаднаас хэн нэгэн этгээд нөлөөлөхгүй байх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
М.Цукерберг: 2018 оны хамгийн чухал ажлуудын маань нэг бол энэ юм. Түүнчлэн компаниа үүсгэсэн цагаас хойш 2016 оны сонгуулийн үеэр ОХУ хэрхэн нөлөөлж буйг түргэн мэдэж чадаагүйдээ хамгийн их харамсч байгаа. Энэ жилийн хувьд зөвхөн АНУ гэлтгүй Энэтхэг, Бразил, Мексик, Пакистан, Унгар зэрэг олон оронд сонгууль болно. Тиймээс эдгээр сонгуульд хэн нэгэн этгээд нөлөөлөхөөс хамгаалахын тулд бид бүх чадлаараа ажиллах болно.
Д.ЦЭРЭНДОЛГОР
Энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн банкинд хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн тохиолдол гарчээ. Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух хаягтай иргэн С “хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд орлоо” гэж дуудлага өгсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хуурамч 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн нь тогтоогдсон байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах
1.Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн НЗДТГ, НБГ, НӨХГ, ШУТИС-тай хамтран 239 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, бага ангийн сурагчдын хоол хүнсний чанар, аюулгүй байдал, сургалтын орчин, сургуулийн цайны газруудад хэрэглэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтад нийслэлийн төрийн өмчийн 134, төрийн бус өмчийн 105 сургууль хамрагдлаа. Ерөнхий боловсролын сургуулийн цайны газруудын үйл ажиллагааг “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах” хяналтын хуудас, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг “Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгч ажилласан байна.
Шалгалтын явцад сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрөөр тухайн өдөр түгээгдсэн хоолноос дээж авч НМХГ-ын төв лабораторит илчлэг, шимт бодисын хэмжээг тодорхойлуулахаар нийт 44 дээж, цэвэрлэгээ, халдваргүйтгэл шалгах зорилгоор арчдас 166, ундны усны 35 дээж авч шинжлүүлж, дүгнэлт гаргажээ. Шалгалтаар илэрсэн зөрчилд нийт 8.600.000 төгрөгний шийтгэвэр ногдуулж барагдуулж ажиллалаа. Хяналт шалгалтын дүн нэгтгэгдэж байна гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Философи болон физикийн ухааны доктор С.Молор-Эрдэнэ “Тэгш эрх, тэгш боломж” шинэ номоо гаргалаа. “Санаа, сэтгэл, зохиол”, “Ертөнц, бодол, мэдлэг”, “Ухаан, ухамсар, эрдэм” цуврал гурван ном, “Монголчуудын хар хайрцагны бодлого”, “Монголын гэрээ”, “Чингисийн этик хэрэгтэй” зэрэг олон номоороо орчин үеийн танин мэдэхүйн асуудлыг хөндөж, “Хайрлах урлаг”, “Би хэн бэ”, “Байх ба хугацаа”, “Бий эсвэл байх”, “Бээжин хотоор гүйсээр” гэх мэт орчуулгын номуудаа шил дараалан гаргасаар байгаа.
Харин энэ удаад тэрээр тэгш эрх болон тэгш боломж гэж юу болох талаар философидож, Монголын өнөөгийн нөхцөлд тэгш эрх гэж юуг хэлж болох, хэрхэн тэгш эрхтэй байх талаар уг номондоо бичжээ. Зохиолч өөрийн шинэ номын талаар “Аливаа нийгэм үнэхээр л нийгэм шиг байх гэвэл зөвхөн улстөр ярих ганцхан сэдэв байж боломгүй. Улстөртэй яг адил чухал эдийн засаг яах вэ, боловсрол яах вэ, эрүүл мэнд яах вэ? Энэ бүгд ямар ч ялгаа байхгүй тэгш эрхтэй чухал сэдвүүд биш үү.
Ердөө л улстөржсөн аж байдал ноёлох гэж үү? Тэгш эрх гэдэг бүгдийг тэгшлэх эсвэл адилтгах биш харин эрхийг адилтгах нэг үгээр хэлэхэд эрх чөлөөг адилтгах. Тэгш эрх улс орны үнэт зүйл болох ёстой атал бүгдээрээ адилхан боломжоор хангагдах ёстой байтал яагаад дээдэс, ноён, шадар гэх мэт хоцрогдсон ойлголтууд өнөөдөр хүртэл устсангүй вэ? Нийгэмд ялгаa байлгүй яах вэ. Гэхдээ энэ ялгаа нийгмийн тусын тулд үүссэн ялгаа байх л чухал. Эрх тэгш үгүй гэвэл эрх чөлөө үгүй. Хэсэг хүмүүс хэтэрхий их боломжтой харин олон хүмүүс хэтэрхий бага боломжтой байж болох уу? Яагаад?” гэжээ.
Номын нээлт дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 18:30 цагт “Улаанбаатар зочид буудал”-ын зургадугаар давхарт болно. Нээлтийн үеэр “Шинэ цагийн үеийн шаардлага” сэдэвт лекц болох бөгөөд тасалбарыг шинэ ном дагалдах аж.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд яг одоо Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан болж байна.
Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат энэ сарын есний өдөр өвчний улмаас таалал төгссөн.
Ж.Мөнхбат агсанд зориулан түүний төрөлх нутаг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, “Эх нутгийн иргэд” ТББ, “Говь хангай мебель” компани, Данцагдоржчойлон хийд, Дашчойнхорлон хийдээс 1080 зул өргөж, Дүнчүүр маань хөгжөөж, ерөөл өргөн, буян хишгийн даллага авахуулсан байна. Өчигдөр болсон уг арга хэмжээнд 1400 гаруй иргэн хүрэлцэн иржээ.
Түүнийг маргааш сүүлчийн замд нь үднэ.