Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна

Зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдаан товын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна. Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлэн зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр болон гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг бий болгосон байна.
Тус хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа аж. Иймд уг хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсруулжээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Хилийн боомтуудаа өргөтгөж хүчин чадлыг нь нэмнэ

Холбоотой Зураг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайтын хилийн боомтод хил, гааль, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцан ажиллаж байгаа албан хаагчидтай уулзахдаа “Боомтуудын хүчин чадлыг нэмж, өргөтгөнө. Хүндрэлтэй байгаа асуудлыг яаралтай шийднэ” гэлээ.

“Засгийн газар боомтуудын дэд бүтэц зэргийг цогцоор нь сайжруулж тэнд ажиллагсдын амьдрал, нийгмийн асуудлыг давхар шийдэхийг зорьж байгаа. Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг тус улсын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан” гэжСангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Төрийн албан хаагчид, тэр дундаа хилийн боомтод ажиллаж байгаа хүмүүс сахилга бат, дэг журмыг чанд сахиж, иргэддээ ямар нэгэн хүнд суртал гаргалгүй, түргэн шуурхай үйлчлэх ёстойг Ерөнхий сайд сануулав. Мөн та бүхний хяналт, эх орноо гэсэн сэтгэл, хариуцлага чухал байгааг хэлж ажлын амжилт хүсэв.

Нүүрс, зэсийн баяжмал, алт зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, үүнийг тойрсон гомдол, санал, хүсэлт иргэдээс цөөнгүй ирдэг байна. Иймээс тагнуул, цагдаа, хил хамгаалах байгууллагын хамтарсан Ажлын хэсэг гаргаж боомт бүрт ажиллуулж, дүгнэлтээ танилцуулахыг холбогдох сайдад чиглэл болгов.

Нүүрсний тээвэр хийж байгаа жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгал зэрэгт онцгой анхаарах, хилээр нэвтрэх хугацааг аль болох багасгахын тулд Хятадын холбогдох байгууллагатай байнгын холбоотой ажиллахыг санууллаа.

Нэг хэсэг нүүрс ачсан тээврийн хэрэгслийн цуваа 170 км-т хүрч дараалал үүсч байсан. Засгийн газар энэ асуудлыг шийдэхээр 320 дугаар тогтоол гарган богино зайн тээвэрт шилжүүлж, урт дарааллыг багасгасанд орон нутгийн иргэд, удирдлага, тээвэрлэгч аж ахуйн нэгж сэтгэл хангалуун байгаа тухай албаны хүн хэллээ.

Одоогоор өдөрт нүүрс ачсан 500 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байгаа бөгөөд Хятадын тал таталтаа нэмбэл өмнөхийн адил 1500-д хүрэх боломж байна. Гэхдээ тусгай зөвшөөрлийг хэт олноор нь олгосон нь хүндрэл учруулж байгаа тухай ч хөндөгдлөө. Цаашид жолооч нар амрах газартай, хөдөлмөрийн гэрээтэй, засвар, үйлчилгээ хийх цэгтэй байх зэрэг стандартыг хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл өгч байх нь зүйтэй гэсэн санал гарлаа. Ахуй амьдралынхаа төлөө зүтгэж, олон хоногоор машиндаа хонож өнжин яваа жолооч нарын төлөө гэсэн аливаа санал, санаачилга бүрийг Засгийн газар дэмжинэ гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Гашуунсухайт боомтыг хөгжүүлж, энэ орчмын нутаг дэвсгэрт олон улсын эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, Цагаан хаданд жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээ бүхий автозогсоол бий болгох,шөнийн тээврийг бүрмөсөн хориглох, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос тухайн орон нутагт тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилж хөгжлийг нь дэмжихэд зарцуулдаг байх зэрэг санал гарч байв.

Мөн өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрсний тээвэр хийдэг жолооч нартай уулзаж санал, бодлыг нь сонслоо. Боомтын нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх, хэдийгээр богино зайн тээвэрт шилжсэн ч Хятадын талын нэвтрүүлэх гарц цөөн байгаагаас дараалал төдийлөн буурахгүй, олон өдөр машиндаа өдөр хоног өнгөрөөж байгаад анхаарах зэргийг жолооч нар Ерөнхий сайдаас хүсч байлаа.

Гашуунсухайтын боомтоор өдөрт хилийн худалдааны 150, зэсийн баяжмалын 200, нүүрс тээврийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг гэсэн статистик судалгаа гарсан байна. Энэ оны нэгдүгээр улиралд 138 мянган зорчигч, 18 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ. 12 зам бүрт тусгай кабин барьж ашиглалтад оруулснаар бичиг баримт шалгахад зарцуулдаг байсан гурван минутыг 50 секунд болгон бууруулсан байна. Мөн гаалийн бүрдүүлэлтийн зарим бичиг баримтыг цаасгүй технологид шилжүүлснээр багагүй цаг хугацаа хэмнэдэг болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим нутгаар хүчтэй цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулав

Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 14-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүн байх боловч, бусад хугацаанд бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

Холбоотой ЗурагНийслэлийн Засаг даргын 2018 оны А/305 дугаар захирамжаар 04 сарын 16-ны өдрөөс Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 минут болгосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орж байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/305 дугаар “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай” захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг өглөө 8:00 цаг болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт дараах өөрчлөлт хийгдэж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэл өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг 5-10 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдлээ. Үүнд :

Д/Д

Чиглэлийн нэр

Эцсийн зогсоолын нэр

Эцсээс хөдлөх цаг

1

ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”

Налайх

6:20

2

Ч:3“Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг”

Зүүн салаа

6:37

3

Ч:13“Тахилт-Саппоро-3-рэмнэлэг”

Тахилт

6:40

4

Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол”

Нарангийн гол

6:40

5

Ч:15 “Нисэх -Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг”

Нисэх

6:40

6

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”

Шадвилан

6:38

7

Ч:28 “Сэлх- 7 буудал- Ард кино театр”

Сэлх

6:40

8

Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”

Сэлбэ

6:36

9

Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”

Улиастай

6:39

10

Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”

Гачуурт

6:34

11

Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжигарав худалдааны төв”

Нарангийн гол

6:40

12

Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”

ХМК

6:38

13

ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”

Шарга морьт

6:40

14

ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв”

Гордок

6:30

15

ХО:6 “Өлзийт хороолол-120 мянгат”

Түргэний гол

6:30

16

ХО:7 “Туул тосгон- Биокомбинат- 120 мянгат”

Туул тосгон

6:40

17

ХО:9 “Биокомбинат- Сонсголон – 5 шар”

Биокомбинат

6:40

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 937 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас өглөө 7:00 цагт 298 автобус буюу 32% , 7:30 цагт 730 автобус 78%, 8:00 цагт 897 автобус 96%, 8:30 цагт 925 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар даалгавар төлөвлөгдсөн болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: Хуулийнхан шахалт, дарамтгүй үнэн зөв шийдвэр гаргахад нь монголчууд нэмэр болоосой

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.


-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өгсөн. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаад хууль эрх зүйн хувьд ойлгомжгүй, мухардмал байдал үүссэн гэлээ. Тиймээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон 6.9.1 дэх заалт, 2010 онд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хасагдсан 6.9.2 дахь заалтуудыг эргэж сэргээх төслөө УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Энэ процессууд ямар шатандаа яваа бол. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж амжих уу?

-Д.Гантулга гишүүн түдгэлзэх өргөдлөө өгсөн талаар би хангалттай тайлбараа хэлсэн. Нийгмийн зүгээс янз бүрийн тайлбар хэлж байгаа. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлэг гишүүнээ хамгаалаад үлдэхээр шийдлээ, УИХ-аар шууд хэлэлцээд шийдчих зүйлийг хийхгүй, УИХ арчаагүй байна гэх мэтчилэн ярьж, бичиж байгаа харагдсан. Аливаа асуудал хуулийн хүрээнд л явах ёстой. Д.Гантулга гишүүнтэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг бид хангалттай тайлбарласан. Прокуророос түүнийг түдгэлзүүлэхээр ирүүлсэн албан бичгийн үндэслэл нь өнөөдөр хүчингүй болчихсон хуулийн заалт байсан. Тиймээс бид хуулийн зөв гаргалгаа гаргаж байж энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Хүчингүй болсон хуулийн заалт дээр үндэслээд Их хурал асуудлыг шийдээд ямар нэгэн шийдвэр гаргачихвал УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн болж таарна. Тэр утгаараа асуудлыг яаралтай шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хуулийн төсөлдөө санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн.

Засгийн газар ирэх даваа гаригт хуралдаад УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр саналаа ирүүлнэ гэсэн. Ингээд хуулийн асуудал шийдэгдчихвэл цаашаа асуудал нь өөрөө явчих байх. Түүнээс биш нийгэмд цацагдаад байгаа шиг бид хоорондоо үгсэн тохироод хууль зөрчсөн хүнийг хамгаалаад байгаа юм биш. Тийм зүйл огт байхгүй. УИХ дахь МАН-ын бүлэг бүх асуудал хуулийн хүрээнд явах ёстой гэж үзэж байгаа.

-Танай намын бүлэг Д.Гантулга гишүүнээ явуулах уу, авч үлдэх үү гэж огт яриагүй юм уу?

-Бүлгийн хуралдаанаар Д.Гантулга гишүүнийг авч үлдэх үү, явуулах уу гэдэг асуудлыг огт яриагүй. Нэгдүгээрт, энэ асуудал нь өөрөө хуулийн хүрээнд шалгагдаж байна. Хоёрдугаарт, Д.Гантулга гишүүнийг хууль зөрчсөн гээд тогтоосон хуулийн байгууллагын шийдвэр алга. Манай бүлгийн хуульчид ч гэсэн хуулийн дагуу асуудлаа шийдээд явах ёстой гэж үзэж байгаа.

-Их хурал энэ мэтчилэн асуудлуудаа шийдээд явахгүй бол Монгол төрийн нэр хүнд уналаа, ёс зүй алга боллоо гэж сөрөг хүчин шүүмжилж байна. 65 суудалтай МАн Монголын төрийг цэвэршүүлэхэд хамгийн голлох үүрэгтэй шүү гээд байгаа л даа. Танай бүлэг ёс зүйгүй зүйлсийг хамгаалаад байгаа юм уу…?

-Улс төр хийж байгаа шүү дээ. Дахин хэлье. Ямар ч асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой. Түүнээс Монгол төрийн нэр хүнд унаж байна гээд хууль зөрчин шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Монгол төрийн нэр хүнд унаж байна гэвэл ганц Д.Гантулга гишүүнээс болоод уначихаад байгаа юм биш. Харин бид өөрсдөө Монгол төрийн нэр хүндийг унагаж байгаа юу, өргөж байгаа юу гэдгээ гишүүд бүгдээрээ дор бүрнээ бодох ёстой асуудал. Аль ч намын бүлэг энэ асуудал дээр анхааралтай хандах цаг болсон. Түүнээс улс төрийн хов маягаар, ард түмнээс “коко” авахын тулд ярьж болохгүй. Бидний ажил яаж явж байгаа вэ гэдгийг хаана хаанаа ухаарч ажиллах ёстой.

-Сүүлийн үед улстөрчдийг тойрсон баривчилгаа их явж байна. Монголын төрд олон жил ажилласан С.Баярцогтыг баривчилсан бол уржигдар С.Баяр, Ч.Сайханбилэг гээд Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээ АТГ”Оюу толгой”-н гэрээтэй холбоотойгоор хорьчихлоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Оюу толгой, Дубайн гэрээ, Эрдэнэтийг тойрсон асуудлууд улс төр, нийгмийг бүхэлд нь талцуулж байна. Үүнийг шийдэх талаасаа явж байгаа юм байна гэж би ойлгоод байгаа.

-Шийдэх гэдэг нь…

-Хэн нь хууль зөрчсөн юм, хэн нь хууль зөрчөөгүй вэ, үнэхээр авлига авсан уу, үгүй юу гэдгийг аль нэг талд нь гаргаж хуулийн байгууллагууд шийднэ гэж харж байна. Хууль хяналтынхан энэ хүмүүсийн үнэн мөнийг нь тогтоогоод ард түмэнд хэлчих юм бол зөв голдиролдоо ороод явчих байх. Нөгөө талаасаа Оюу толгойн гэрээтэй холбогдуулан харж байхад цаашид Монгол Улс ийм хэмжээний олон улсын том гэрээг хийх үү гэдэгт эргэлзээ төрж байна л даа. Оюу толгойн гэрээ хийгдсэнээр Монгол Улсын эдийн засаг гурав дахин томорсон байдаг. Ний нуугүй хэлэхэд ийм хэмжээний том төсөл, гэрээ хэлцлийг байгуулах хүн дахин Монголын төрд ойрын үед гарах болов уу хэмээн хувь хүн талаасаа бодож сууна.

Гэрээ хийсэн хүмүүс үнэхээр хууль зөрчөөд Монгол Улсад үлэмж хэмжээний хохирол учруулахаар зүйл хийсэн бол яалтай билээ. Хуулийнхан маань энэ хүмүүс хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг шударга шүүгээд гаргаж ирэх байх гэж найдаж байна. Өөрөөр надад бодох юм алга.

-Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэдэг байх аа. Хуучин таван Ерөнхий сайдаа Орост буудуулсан гэдэг бол одоо өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээ АТг намнадаг болж гэх юм?

-С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэгтэй холбоотойгоор нийгэмд олон янзын байр суурь байгаа байх. Нэг хэсэг нь “Зөв зүйтэй зүйл боллоо. Хулгайч, оффшорчдыг бариад авлаа” гэсэн зүйлийг сошиалаар бичиж байна. Нөгөө хэсэг нь “Оюу толгойн гэрээг хийж эдийн засагтаа их нэмэр болсон хүмүүстээ Монголын төр хатуу хандаж байна” гэж байгааг уншсан. Таны хэлсэнчлэн Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу ч гэдэг юм уу иймэрхүү зүйлсийг их ярьж байна. Үүний эцсийн хариуг хуулийнхан өгнө. Үнэхээр шударга ёс гэж байдаг бол хуулийнхан маань тэр зарчмаараа энэ асуудалд хандаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа юм. АН, МАН нь хамаагүй Монголын төрд хоёргүй сэтгэлээр олон жил зүтгэсэн хүмүүсээ би төрийн ажлын төлөө зүтгэж явсан хүмүүс гэж хардаг. Энэ миний улстөрчийн болоод хувь хүний байр суурь. Монголчууд маань ямар ч асуудалд тэвчээртэй байж, асуудлыг мушгиж савлуулалгүй, хуулийнханд өөрсдийн хийх ёстой ажлаа ямар нэгэн шахалт, дарамтгүй хийн үнэн зөв бодитой шийдвэр гаргахад нь нэмэр болоосой гэж бодож байна даа. Улс төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс энэ их баривчилгаатай холбоотойгоор олон зүйлийг бодож байгаа байх. Ялангуяа мөнгө санхүү, өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргадаг эрх бүхий хүмүүс энэ бүгдийг хараад нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа болов уу. Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийддэг хүмүүс туйлын хянамгай байх ёстой. Яагаад үүнийг хэлэх болов гэхээр би их, бага гэлтгүй санхүүгийн албыг хашиж явсан хүн. Дархан-Уул аймгийн Санхүүгийн хэлтсийн даргаар найман жил, Засаг даргаар найман жил гээд нийт 16 жил хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэг албан тушаалд ажиллаж байсан. Тэр үед санхүүгийн хяналт, аудит ороход би дуртай байсан. Учир нь шалгалт хийгээд алдаа оноог нь гаргаад засч залруулаад явсны дараа нь сэтгэл амардаг. Хийж байсан ажилд алдаа байсан бол үүнийгээ засах боломж олгодог нь эцэстээ хэрэгтэй байдаг. Тиймээс аудит, сан-хүүгийн хяналт шалгалтад бүх зүйлээ үнэн зөвөөр үзүүлж байх нь хожмын өдөр хэрэг болдог.

-Энэ их баривчилгаанаас болоод төрийн өндөр албанд очихоос хүртэл халширмаар болж байгаа болов уу?

-Төрийн албаны дунд, доод шатанд ажиллаж буй төрийн албан хаагчид амаргүй болсон. Хэцүү болсон. Нам, засаг солигдоход халаа сэлгээ болдог. Төрийн албан хаагчдын халаа сэлгээ хэрээс хэтэрсэн. Тиймээс хуулийн хүрээнд ажиллах боломж хомс болоод байна. Өнөөдөр төрийн албан хаагчид даргын заавраар ажиллаж байна шүү дээ. Энэ нь хууль зөрчих нэг үндэслэл болж байгаа гэж боддог. Өөрөөр хэлбэл улс төрийн тогтворгүй байдал чинь төрийн албан хаагчдыг ийм зам руу түлхэж байна.

Төр ингэж тогтворгүй байгаа үед дунд, доод шатан дахь авлига, хээл хахууль газар авсан гэдгийг иргэд хэлдэг. Учир нь төр хүчгүй болох тусам эрх мэдэлтэй болох гэсэн, эрх мэдлээ ашиглах гэсэн хүмүүсийн тоо эрс нэмэгддэг. Бүх шатандаа сахилга, хариуцлага алдагдаад ирэхээр намайг хэн хэлэхэв, нохойг хэн тоохов гэдэг байдлаар асуудалд хандаж, хяналт сулардаг. Монголын төр цаашид энэ тал дээр анхаарах цаг болсон.

Үнэндээ төрийн өндөр дээд албан тушаал хашихад халширмаар байна. Үнэхээр халширмаар байна. Энэ улсыг хөгжүүлэхийн тулд төрийн өндөр дээд албанд ажиллаж байгаа хүмүүс шийдвэр гаргах ёстой байдаг. Уг шийдвэрийг гаргахад тун хүнд болсон. Том төслүүдэд дандаа улс төр орсон. Хичнээн сайхан гэрээ хэлцэл байгаад нэмэргүй. М.Энхболдын Засгийн газрын үед хийсэн Оюу толгойн гэрээ улс төрөөс болоод унасан. Одоогийн гэрээтэй харьцуулахад маш сайн гэрээ байсан байдаг. Гэтэл дараагийн гэрээ дордсон. Гэхдээ энэ том төслийг хөдөлгөхөд маш их эр зориг гаргасан. Тэгж байж явсан. Гэрээний сайн муугийн талаар ярих асуудал их байгаа. Цаашид төрийн өндөр албанд очоод ийм гэрээ хэлцэл хийгээд тийм том шийдвэр гаргаад явъя гэхэд хүнд хэцүү л болж байгаа. Ямар ч асуудалд туйлын үнэн, туйлын зөв, туйлын буруу ч гэж байхгүй. Шийдвэрийг олонхын саналаар дэмжиж гаргадаг. Тодорхой хугацааны дараа үр дүн гардаг. Түүнээс Оюу толгойн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурснаар маргааш шууд үр дүн гарах тухай ойлголт байхгүй. Улс орны хэмжээнд яригдах том төслүүдийг дагасан хэрүүл тэмцэл, улс төр, эдийн засгийн бүлэглэл хоорондын маргаан, улстөрчид, нам эвслүүдийн маргаанаас эхлээд хэцүү зүйлс бий.

Өнөөдөр өрнөж буй энэ бүх процессийг харж байхад 2020 он хүртэл Таван толгойн төсөл хөдлөхгүй юм байна даа гэсэн гунигтай бодолтой сууна.

-Ямар учраас…?

-Оюу толгойг тойрсон энэ бүхнийг харахад ийм бодол төрж байна. Гайгүй ажиллаж байгаа хувийн компани ч хулгайч луйварчдаараа дуудуулж байгаа. Хувийн хэвшлийнхэн хийх гэхээр болдоггүй, төрийн хүмүүс хийчих гэхээр дараа нь шоронд орчих гээд болдоггүй. Тэгэхээр энэ улсын ажлыг хэн авч явах вэ гэдэг үнэхээр асуудалтай байна шүү.

Шударга үнэн байх ёстой гэдэг зарчим бий. Бүх зүйл дээр 65 гишүүн, Засгийн газрын 16 гишүүн 100 хувийн саналаар дэмждэг төсөл хөтөлбөр гэж байхгүй.

-Юу ч хийхгүй байх нь илүү амар болох нь ээ…?

-Арчаагүй хүнийг шүүмжлэл тоодоггүй гэж миний хэлэх дуртай үг байдаг. Шийдвэр гаргадаггүй ажил хийдэггүй хүнийг яаж шүүмжлэл тоох юм бэ. Цаашлаад “Чи ажил хийхгүй байна” гэнэ биз. Тэглээ гээд эцэст нь тэр хүнд ирэх хохирол нь бага байхгүй юу.

-Өнөөдөр хэрвээ Оюу толгойн гэрээг хийгээгүй бол гэж бодож үзсэн үү, та?

-Хэрэв энэ гэрээ хийгдээгүй бол 2008 оноос хойш Монголын эдийн засаг 2-3 дахин тэлэхгүй байсан. Юу үнэн тэр үнэн. Ингээд ярихаар намайг Оюу толгойг улаан хамгаалдаг нөхөр, Оюу толгойгоос мөнгө авсан гээд хэлэх байх л даа. Би ийм том олон улсын гэрээ хэлцэлд орж байгаагүй болохоор энэ талаарх ойлголт тийм ч арвин биш. Гэхдээ хөрөнгө оруулалтын энэ гэрээг дэмжсэн гишүүний нэг нь би. Монголын хөгжлийн нэн шинэ үеийн түүхэнд дэлхийн хэмжээний том хөрөнгөтнүүдтэй энэ том гэрээг Монгол Улс бие даан хийсэн анхны тохиолдол нь Оюу толгойн гэрээ. Тэр дундаа хэдэн сайд нар бий. Дэлхийн олон оронтой гэрээ хэлцэл хийгээд сурчихсан энэ том компанитай гэрээ хэлцэл хийнэ гэдэг амаргүй ажил байсан. Манайхан туршлага, мэдлэг дутсан байж болно. Гэхдээ хийж чадсан. Гэрээг УИХын Байнгын хороод, Их хурлаар бүгдээрээ хэлэлцээд дэмжсэн. Тэр үед үнэхээр энэ гэрээ эргэлзээтэй, болохгүй байсан бол Их хурлын гишүүдийн дийлэнх нь дэмжихгүй байсан байх. Тэр үед Оюу толгойн гэрээг Их хурлаар дэмжихэд “Гишүүд тус бүртээ нэг сая ам.доллар авсан” гэдэг яриа ч гарч байсан.

Энэ мэтчилэнгээр уг гэрээ эхнээсээ л маш хүнд нөхцөлд явж ирсэн л дээ. Гэхдээ энэ гэрээг УИХ шийдвэрлэж чадсан нь Монгол Улс бие даасан, тусгаар улс болсон цагаасаа хойш бие дааж хийсэн дэлхийн хэмжээний эдийн засгийн том төсөл байсныг дахин хэлье. Засч залруулаад явах үүрэг нь дараа дараагийн Их хуралд байсан. Тиймээс уг асуудлыг олон талаас нь бодох ёстой.

-Та УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Их хуралд өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Уг хуулийн төслийг хэзээ хэлэлцэж эхлэх вэ. Их хурлын гишүүдийг хариуцлагатай болгох том алхам гээд байгаа?

УИХын дэгийн тухай хуулийг хэлэлцэх асуудал хаврын чуулганы жагсаалтад орсон. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ажлын хэсэг гараад Дэгийн хуулийн төслийг өөрчлөх асуудал яригдаад явж байгаа. Д.Лүндээжанцан даргатай саналаа солилцсон. УИХ-ын Дэгийн тухай хуулийг бүхэлд нь янзлах нь зөв. Таны саналыг хуульд тусгаад явна гэсэн байр суурьтай байгаа юм билээ. УИХын Дэгийн тухай хуулийг энэ удаагийн хаврын чуулганаар батална.

Categories
мэдээ цаг-үе

Загдын Түмэнжаргалын охин Дөлгөөн: Аав минь хязгаарыг давж сэтгэдэг, ер бусын авьяас билигтэн

З.Түмэнжаргалын гэр бүл

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, дууны шүлгийн нэрт мастер Загдын Түмэнжаргал агсны охин Т.Дөлгөөнтэй ярилцлаа. З.Түмэнжаргал “Дэгдээхэй нас” киноны дуу, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бага насаа би хайрлаж явна”, “Бөөн баяр”, “Арван найман нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйрлэл”, “Хайрын дууль”, “Очоод золгоно доо”, “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо”, “Алсын алсын даваа”, “Ус мөрөн олон чиг”, “Урьхан цэнхэр хавар”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Халтар манан хөөрөг”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг олон бүтээлээрээ ард олондоо мөнхөрсөн хүн. Түүний зохиол бүтээлүүд орос, хятад, япон, солонгос хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байдаг юм. Тэрбээр, багш, захирал, Ардын эрх, Өнөөдөр сонины тусгай сурвалжлагч, “Би Би”, “Ням гариг” сонины ерөнхий редактор, хэвлэл мэдээллийн “Нэр төр” төвийн эрхлэгчээр тус тус ажиллаж байлаа. Мөн Франц улсын Парисын дорно дахины хэл иргэншлийн дээд сургуульд Монгол хэлний багш, Монгол Улсын их хурлын даргын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг төр нийгэм, соёл боловсролын салбарт нийтдээ 40 гаруй жил ажиллажээ. Түүний 65 насны ой энэ онд тохиож байгаа билээ.


-Аавынхаа дурсамжаас бидэнтэй хуваалцаач. Хэзээнээс аавынхаа авьяас билгийг мэдэрч өсөв?

-Аавыгаа жирийн биш, тусгай хүн гэдгийг багаасаа мэдэрч байсан учраас гавьяа шагнал авахад нь гайхдаггүй, миний аав авах ёстой гэж боддог байлаа. Аав минь үгийн урлагийн мастер хүн учраас өдөр тутмын яриа, урамшуулж буй магтаал, шүүмжилж буй нь хүртэл эгэл биш байлаа. Загнахдаа “Чи ямар дугаар хорооны Дугарын хүүхэд биш. Хэний хүүхэд гэдгээ мэдэж байна уу” гэдэг байсан. Аав миний нүдээр бол яруу найрагч биш, философич хүн. Эсвэл яруу найрагч болоогүй бол аавыгаа зөн билэгтэн болох байсан гэж боддог. Цаг үеэсээ түрүүлж, стандартыг давж сэтгэдэг байсан. Аль 30, 40 жилийн өмнө одоогийн энэ нийгмийг харж байгаа юм шиг урьдчилаад яг л биччихсэн байдаг. Аавынхаа зохиол бүтээл, дэвтэр цаасыг ухаад үзэхээр их сонин шүү дээ. Ертөнцийг үзэх үзэл нь бусдаас өөр, түүнийгээ ч өөрсдийнхөө хүүхдүүдэд шингээхийг хүсдэг байсан. Хүүхэд хүмүүжүүлэх арга нь хүртэл ер бусын. Хэнийг ч хориглож, цагдахгүй, өөрөөр нь сэтгүүлж, өөрийнхөөр нь эрх чөлөөтэй хэрнээ их зүйлийг уншиж судлах, эрдэм номд шамдахыг сургадаг байсан. Хүнийг хүндэлдэг, хүүхдүүдээ ч хүндэлнэ. Хэзээ ч хүний хувийн орон зай руу нэвтэрдэггүй зарчимтай. Одоо би хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ аавынхаа аргыг хэрэглэх дуртай. Мөн номоор дамжуулж бидэнд зөвлөгөө өгнө. Чи энэ номыг унш, унших ёстой гэхгүй. Жишээлбэл, “Охидод өгөх 100 зөвлөгөө” гэх мэт номыг аваад, надад ойрхон тавьчихна. Эсвэл шүүгээнд хийчихээд, чи тэр номуудыг цэгцлээд бүгдийг нь сайхан өрчих гэнэ. Би ном цэгцэлж байгаад, сонирхоод аваад уншина. Мэдээж надад зориулж худалдаж аваад өрчихсөн байгаа юм. Гэртээ байдаг ийм дулаан уур амьсгалыг дүү нарынхаа гэрт ч очоод түгээнэ. Аав 10 хүүхэдтэй айлын дээрээс хоёр дахь нь, ах дүү, хамаатан садан дотроо тэднийгээ ээдэг нар нь байсан. Аливаад чин сэтгэлээрээ маш өөриймсөг хандана. Биднийг багад манайхаар хүн их ирнэ. Хөгжмийн зохиолч Шарав ах, Чинзориг ах хоёр бол бүр үргэлж ирдэг. Зураач Ойдов ах, Дүйнхэржав ах гэх мэт бүх урлагийн салбарынхан ирнэ. Тэднээс гадна манай хүүхдийг нэгдүгээр сургуульд оруулаад өгөөч, гадаад паспорт гаргуулаад өгөөч, гадаадад сургуульд явуулаад өгөөч, гэртээ утас тавих гэсэн юм, хүүхдээ цэрэгт явуулмаар байна, нөхөртөө зодуулчихлаа туслаач гэх мэт бүх л төрлийн гуйлт хүссэн янз бүрийн таних танихгүй хүмүүс ирнэ. Аавд яг бэлэн яриад зохицуулаад өгөх тэр чиглэлийн таньдаг хүн байхгүй ч, гуйлт болгоныг бүтээгээд л өгчихсөн байдаг. Хүний гуйлтыг сонсож ярилцаж байгаад л за яахав, ямар ч байсан бүтээнэ гээд л чин сэтгэлээсээ хандана, яаж ийгээд л бүтээнэ.

-Таны аав Төв аймгийн Угтаалцайдамаас гаралттай юм байна лээ. Аав, ээж нь ямар хүмүүс байсан. Ах дүү нар дотор нь зохиолч хүн бий юу?

-Аавын маань ургийн овог бол Боржигон. Хэдэн үе хадгалагдаж ирсэн Боржигон гэсэн тамга манайд байсан. Аавын өвөөгийнх нь өвөг эцэг нь Богд хааны бичээч, эрдэм номтой бичгийн хүн байсан гэдэг. Тэр хүний удам сударт нь дан бичгийн хүмүүс байсан юм билээ. Аавын аав, Загд өвөө цэргийн албанд татагдаж очоод, цэргийн бичээчээр ажиллаж байсан. Харин аавын ээжийнх нь ээж Долгор эмээ намайг таван нас хүртэл амьд сэрүүн байлаа. Долгор эмээ маш цэгцтэй гоё ярина, үлгэр зохиол их уншдаг, уран зохиолд маш сонирхолтой хүн.

Аав багаасаа Угтаал цайдамдаа өссөн, хол явж үзээгүй ч амьдрал, орчлон хорвоог уншсан үлгэрээрээ төсөөлдөг байсан гэдэг. Аавыг мэдээ ороогүй балчир байхаас нь эхлэн эмээ “32 модон хүний үлгэр”-ийг хүртэл уншиж өгдөг байсан гэдэг. Ойлгох, ойлгохгүй хамаагүй, унтах, сэрэх бүрт нь үлгэр уншиж өгдөг байж. Тиймдээ ч аав бага ангид байхдаа цэвэр бичгийн аварга, хурдан уншлагын аварга, хоёр гурван шүлэг биччихсэн нутагтаа тодорчихсон хүүхэд. Гуравдугаар ангид байхдаа “Москвагаас ярьж байна” нэвтрүүлгийг сонсоод, редакц руу нь захидал биччихэж. Гэтэл нэг өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын сургуулийн сурагч З.Түмэнжаргалаас ийм захидал ирлээ гээд радиогоор нэвтрүүлэгч уншсан гэдэг. Хүүхэд байхын л хязгаарт баригддаггүй, хэмжээ хязгааргүй сэтгэдэг чөлөөт сэтгэгч хүн байсан. Өөрийнхөө найман дүүг өсгөлцөж, ээж аавдаа тусална, энэ тухай сонсохоор бүр аав минь супермэн байсан юм шиг санагддаг. Аав багаасаа тодорчихсон болохоор нөгөө хэд нь өөрсдийгөө дараад, шүлэг найраг сонирхоогүй байж магадгүй. Аавын дүү Энхээ эгчийг би Долгор эмээ шигээ гэж төсөөлдөг. Энхээ эгчийн яриа нь шүлэглэж байгаа юм шиг. Мөн хошин, алиа марзан зантай. Ах дүү найз нөхөд, хүргэн бэр гээд л бүх л хүн аавыг минь ихэд хайрлан хүндэтгэдэг. Бурхан болсных нь дараа бэр, хүргэн болж ирсэн хүмүүс хүртэл ихэд хүндэтгэж байгаа нь мэдрэгддэг.

-Аав, ээж хоёр тань хэзээ танилцаж, гэр бүл болж байсан бэ?

-Аав, ээж хоёр маань 17-хон настайдаа танилцсан хоёр. Аав 17 настай, нэгдүгээр сургуульд нэгдүгээр ангийн багш. Ээжийн нэг дүү нь аавын ангийн сурагч. Ээж оюутан. Нэг өдөр ээж дүүгийнхээ эцэг эхийн хуралд суухаар очиход, аав хараад дурлачихаж, гэртээ очоод “Цайдамхан талаасаа чамайгаа хайлаа” гээд шүлэг биччихсэн байгаа юм. Ингээд танилцаж зүрхлэхгүй явсаар, ээжийн гэрийг нь мэдээд авч. Ээжийн аав нь зохион бүтээгч инженер. Монголоос гуравхан хүнийг Оросод инженерээр сургаад, тэр гурав нь суурин утас, радио, телевизийн бүх холболтыг Улаанбаатарт нэвтрүүлсэн байгаа юм. Тэгэхээр өвөөгийнх тухайн үедээ телевиз үздэг байсан тоотой хэдхэн айлын нэг. 50 мянгатын XXIV байр. Орой кино гарах цагаар тэр хавийн бүх хүн өвөөгийнд ороод, том өрөөнд нь чигж зогсч байгаад, кино үзээд гардаг байж. Аав ээжийг харахын тулд орой бүр олон хүний дунд ороод зогсчихдог байж. Ингэж явсаар танилцсан юм билээ. Ээж 50 мянгаттай Цагаан Тунгаа гэдэг нэртэй царайлаг охин. Ээжид эрчүүд дурладаг ч халдаж чаддаггүй байсан, харин хамгийн зоригтой, хоншоортой нь аав байсан болоод ээжийг авч суусан түүхтэй шүү дээ. Ээж маань орос хэлний багш. Аавыг оюутан байхад Орост сургах хүүхдүүдийг шалгаруулахаар бүх хүүхдийг шалгахад аав бүгдэд нь тэнцчихсэн гэсэн. Бүр балетийн ангид хүртэл тэнцсэн.

Шарав ах хөгжмийн зохиолчийн ангид тэнцсэн. Гэтэл аав би яруу найрагч болно гэж эсэргүүцээд яваагүй гэдэг. Харин хөгжмийн зохиолч болохоороо энэ дуунд шүлэг хийгээд өгөөрэй гээд Шарав ахад “Очоод золгоно доо” гэдэг шүлгээ бичиж өгсөн юм билээ. Гэтэл Шарав ах хөгжмийн зохиолч гэж юу байдгийг ч мэдэхгүй автобусанд суугаад Орос явсан гэж байгаа шүү дээ. Тухайн үеийн зохиолчдын хорооноос садар үгтэй гээд зарим шүлгүүдийг хар жагсаалтад оруулахад “Уяхан цэнхэр хавар”, “Очоод золгоно доо”, “Төгсөх сурагчийн уянга” зэрэг дуунуудыг бүгдийг нь хар жагсаалтад оруулчихсан, энэ Түмэнжаргал дандаа нус нулимс бичдэг хаашаа нөхөр вэ гэсэн байгаа юм. Харин 1990-ээд онд ардчилал гарснаас хойш л энэ дуунуудыг чөлөөтэй дуулдаг байсан. Түүнээс өмнө бол энэ дуунууд гитар бариад орцонд дуулдаг хүнд гаруудын дуу гэгддэг байсан. Гэтэл аавын маань жинхэнэ шатаж, явсан хүүхэд ахуй, цэл залуу насных нь үед бичигдсэн дуунууд юм.

-Таны аав хэзээ, ямар үедээ ихэвчлэн бичдэг байв?

-Бүх л амьдрал нь уран бүтээл байлаа. Нэг удаа би муухай зүүд зүүдэллээ гээд уйлчихсан. Аав, ээждээ ярьчих ямар зүүд юм гэж асуугаад, яриулсныхаа дараа над руу харж харж байснаа “Зүгээр зүгээр, миний охин аав нь наадахыг чинь шүлэг болгочихъё гэсэн. Тэгээд л “Эцэг, эхийн хурал гэдэг шүлэг бичсэн. Манайд цаас хийж болох бүх л сав цаасаар дүүрэн байдаг байсан. Аав шөнө 3, 4 цагт гэнэт босоод Тунгаа, Тунгаа үзэг цаас хаана байна гээд л шүүрч аваад, хэдэн мөр биччихээд унтана. Өглөө нь тэрийгээ санахгүй. Халамцуу үедээ бас аягүй шүлэглэж ярина, ууртай агсан тавих үедээ ч шүлэглэж хэлнэ. Байнга хэлдэг үгнүүдийг нь бид нар цээжилчихсэн, аавыг дуурайж тоглоно. Ер бусын авьяас билэгтэй хүн байсан, бурхнаас олон түмнийг дуу яруу найргаар цэнгүүл гэж аавыг минь илгээж дээ гэж боддог. Хөгжмийн зохиолч Галмандах ахын аялгуунууд бас цаг үеэсээ түрүүлсэн гайхалтай байдаг. Энэ хоёр хүн энэ цаг үед амьдрахгүйгээ мэдсэн юм шиг түрүүлээд бүтээлээ туурвичихаж гэж бодогддог.

-Та нар ээж ааваасаа хэдүүлээ билээ?

-Ээжээсээ ахтайгаа хоёулаа. Ааваасаа гурвуулаа. Сүүлд Мягмарсүрэн эгчээс гарсан Тингис гэж дүү маань бий. Ахын хоёр дахь хүү манай том хүү, миний бага дүү гурав хэд, хэдхэн хоногийн зайтай гурван хүү төрсөн. Аав маань гурвууланд нь нэр өгсөн. Аав бага байхаас л ахыг маш мундаг, энэ их мундаг аа энэ томорно оо гээд л үргэлж чин сэтгэлээсээ магтдаг. Ах гурван настай байхдаа нэг удаа “Би хар машин унадаг том дарга болно” гэж ярьсан гэсэн. Тэрийг нь аав 30,40 жил ярьсан. Чи дарга болно гэсэн, энэ их мундаг энэ томорно” гээд л одоо ёстой л хар машин унадаг, дарга болсон. Ах гадаад харилцааны мэргэжил сонгож, би ахыгаа дуурайж гадаад харилцаагаар сураад, сүүлдээ англи, орос хэлний орчуулагч, багш мэргэжилтэй болсон. Тээвэр зуучийн чиглэлээр нэлээд ажилласан. Харин намайг бага байхад аав “Энэ их хөөрхөн, энэ царайлаг, ийм хөөрхөн охин, миний охиныг хар” гэж найзууддаа магтаж байгаад л араас нь намайг дуурайсан гэж хэлдэг байсан. Нэг өдөр хөгжмийн зохиолч Сангидорж ах ороод ирсэн байхад намайг дуудсанаа, “Танай хоёр ихэр мисс охиноос чинь царайлаг байгаа биз дээ миний охин” гэж байж билээ. Сангидорж ах “Тийм байна аа” гэсэн. Хүний амьдралын баярт мөч бүртэй аавын минь дуу хамт байдаг. Хүүхэд нас, оюутан цаг, ээж, нутаг усны тухай дуунууд нь баяр бүрээр дуулагдаж байхыг сонсоод, аав минь олон түмнийг хөглөж байна даа гэж боддог.

-Таны аавын 65 насны ой өнөө жил тохиож байгаа. Ойд нь зориулаад тоглолт хийх гэж байгаа гэсэн. Тоглолт хэзээ, хаана болох тов гарав?

-Аавынхаа 65 наны ойг өнгөрсөн намраас эхлээд тэмдэглэж байгаа. Төрсөн өдөр нь уг нь дөрөвдүгээр сарын 16. Харин тоглолтыг дөрөвдүгээр сарын 18-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулна. Аав мартаар үргэлж тоглолтоо хийдэг байсан. Тухайн үеийн дуунуудыг, аавын тэр тоглолтыг үгүйлэн санадаг хүмүүс олон байдаг байх гэж бодоод, тоглолт хийх нь зөв юм байна гэж бодсон. Өнөөдөр (өчигдөр) Мягмарсүрэн эгч болон хөгжмийн зохиолчид, аавын ах дүү нартай тоглолтын талаар ярилцаж, төлөвлөгөөгөө гаргалаа. Хүмүүс сэтгэлээрээ хандах байх гэсэн аавынхаа бодлоор л явж байна. Би аавын нэг зохиолыг хүүхэлдэйн кино болгоё гэсэн чинь аав их дургүйцсэн. Нэрд гараагүй хүнийг эхнэр хүүхэд нь рекламдаад нэрд гаргах гээд гүйгээд байдаг шиг юм байж болохгүй. Есенинийг, Пушкинийг нас барангуут гэр бүл нь сандчаад гүйхгүй л байгаа биз дээ.

Ард түмэн өөрсдөө л таалаад, өөрсдөө л бүтээлийг нь дуу болгох нь болгоод, кино болгоно. Үнэхээр сор бүтээл юм бол аяндаа сорчлогдоод л гараад ирнэ гэж байсан. Энэ концертыг би бас ийм байр сууринаас хараад байгаа. Хүүхдийн баяр, хонхны баяр гэх мэт бүх л баяраар аавын минь дуу дуулагдаж, ард түмэн дагаад дуулдаг. Надад ч сайхан санагддаг. Бүх ард түмний үеийн үед, үрийн үрд хүүхдүүдийг нь аавын зохиосон дуу хөглөж байна. Энэ дуунуудыг дуулж байсан зарим хүн гадаад, дотоодод байдаг, зарим нь би дуулна гээд сэтгэлээрээ хүрээд ирэх, зарим нь дуулахгүй гэж магад. Аясаараа сайхан тоглолт болох байх гэж догдолж байна.

Categories
мэдээ цаг-үе

Урлаг, спортоор сургуульдаа тэргүүлэгч хамт олон

Амьдралд мартагдахааргүй олон дурсамж байдаг ч сурагч үе, оюутан цагийнх нь хамгийн гэгээнээр сэтгэлд үлдсэн.

Хорвоогийн гайхамшиг нь хүн, хүний гайхамшиг нь оюун ухаан гэдэг шүү дээ. Харин оюун ухааныг гайхамшиг болгодог түлхүүр нь эрдэм боловсролд орших учир үүний төлөө олон залуус тэмүүлж, оюутны ширээгээр дамждаг.

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийн “Сэтгүүл зүйн анги”-ийн зургаа дахь төгсөлтийн хамт олныг урилаа.

Тэртээ 2009 онд сэтгүүл зүйн чиглэлээр дагнаж үйл ажиллагаа явуулдаг “Сэтгүүлч” дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн хаалгыг газар газраас цугларсан 20 гаруй залуус татжээ. Өдөр бүр цэнхэр дэлгэцээр уулздаг телевизийн ур чадвартай сэтгүүлчид шиг болох хүсэл мөрөөдөл тээж байсан ангийнхны жолоог Энхсайхан багш атгасан байна. Сэтгүүлч мэргэжлийн онцлог болохоор ч тэр юм уу, аливаа зүйлийг олон өнцгөөс харж, чөлөөтэй сэтгэдэг байсан гэдэг. Үүнд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь эдний ангийнхан өдрийн ихэнх цагийг номтой нөхөрлөж өнгөрүүлдэг байсанд оршдог талаар багш нар нь ярьдаг юм байна лээ.

Мэргэжлийн хичээлийн багш нь нэг үйл явдал өгөөд мэдээ бэлтгэх даалгавар өгөхөд хүүхэд бүр л өөр өөр өнцөг харж, тус бүртээ онцлогтойгоор бэлтгэдэг байсныг нь багш нь ярьж байв.

Задгай чөлөөтэй сэтгэдэг, сэтгүүл зүйн ангийнхан урлаг спортоороо ч сургуульдаа манлайлдаг байсан гэнэ. Нэгдүгээр курсэд орсон жилээ л сургуулийнхаа сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд ах нарыгаа хожиж түрүүлж шилдэг тоглогчоор нь ангийн дарга Т.Сэдэд шалгарч байжээ. Тэд дараа жил нь ч амжилтаа бататгаж харин шилдэг тоглогчоор нь Учрал шалгарч байсан юм.

Дан ганц спорт ч биш урлагийн үзлэгт тогтмол амжилттай оролцож тэргүүн байр эзэлдэг сэтгүүл зүйн ангийн чөлөөт бүжгийн хамтлаг сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаа болгонд мэндчилгээ дэвшүүлдэг авьяаслаг хамт олон юм.

Нэг үе нийслэлийн оюутан залуус “АСК” тэмцээнд оролцож өөрсдийн сэтгэх чадвараа жүжигчилсэн тоглолтоор үзүүлж өрсөлддөг байсан.

“Сэтгүүлч” дээд сургуулиас ангиа төлөөлж Есөнцагаан, Санчир нар амжилттай оролцож шилдэг багаар шалгарч тусгай шагнал гардаж байсан гэнэ.

Алдаа гаргаж багшдаа загнуулах, амжиттай суралцаж ар гэрийнхэндээ магтуулахын аль аль нь эдний ангийнханд бий. Ангийн дарга Т.Сэдэд “Ангийн багш маань хүүхэд болгонтой тулж ажиллаж, тохиолдож буй бэрхшээлийг сонсож давж гарахад тусалдаг байсан даа. Би гуравдугаар курст байхдаа бага зэрэг “хазгай гишгэж” хоёр сар орчим хугацаанд хичээлдээ яваагүй. Энэ үед ангийн багш араас утасдаж хөөж явсаар байгаад хичээлд явуулж байсан. Багш маань тэр их ажлын хажуугаар сэтгэл гаргаж явалгүй орхичихсон бол би өнөөдөр сэтгүүлч болох байсан юм болов уу даа гэж бодогдох үе байдаг шүү” гэж хэлж байв.

Хамгийн анх нэгдүгээр курст орж ирээд ангийн даргаар сонгогдож байсан, тэрээр ангийнхантайгаа хамт өөдөө явж тэргүүний анги байлгахын тулд хичээдэг байсан талаараа хэлсэн юм.

Мөн сэтгүүлч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд явуулдаг шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд Б.Золзаяа, Т.Сэдэд нар бүтээлээ сойж Б.Золзаяа тэргүүн байр эзэлж 200 мянган төгрөгөөр шагнуулсан бол Т.Сэдэдийн бүтээл тусгай байрт шалгарч 50 мянган төгрөгийн бай гарджээ. Энэ шагнал нь ирээдүйд сайн сэтгүүлч болох урамд нь ташуур нэмж өгсөн гэдэг.

Урлаг, спортын тэмцээнүүдэд идэвхтэй оролцлоо гээд тэд гол ажил хичээлээ хойш тавьж цалгардуулж байсан удаа үгүй. 2013 онд сэтгүүл зүйн ангийн 20 гаруй оюутан дүүргэхэд тэн хагас нь улаан диплом өвөртөсөн байна.

Энэ ангийн онц сурлагатан Б.Золзаяа Дорноговь аймгийн Сайншанд хотод ФМ-ийн хөтлөгч хийж байгаад “Сэтгүүлч” дээд сургуульд суралцаж улаан дипломтой төгсчээ. Тэрээр “Эх орон” телевиз болон “News.mn” сайтад ажиллаж байгаад мэргэжил дээшлүүлэхээр Тайвань улсыг зориод байгаа аж. Дуулах авьяастай тэрээр оюутан ахуйдаа хэд хэдэн тэмцээнд оролцож шагналт байр эзэлж байжээ.

Мөн Монголын үндэсний телевизийн Монголын мэдээ сувгийн эдийн засгийн тоймч Б.Батбаяр энэ ангийг төгсчээ. Тэрээр гадаадад хэлний бэлтгэлд явж байхдаа сэтгүүлч болохоор сэтгэл шулуудаж Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуульд элсч байжээ. Энэ шийдвэр нь ч нүдээ олж өнөөдөр Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль авчээ. Мөн Монголын мэдээ сувагт эдний ангийн төгсөгч Шинэцэцэг сэтгүүлчээр ажиллаж байгаа юм.

Үүнээс гадна “Ганзам” сонины сэтгүүлч Б.Мөрөн 2013 онд энэ хамт олонтой цуг сэтгүүлч мэргэжил эзэмшиж төгсөж байжээ. Тэрээр үргэлжлүүлэн төмөр замын чиглэлээр суралцаж Оросын холбооны улсад мэргэжил дээшлүүлсэн байна. Улмаар “Ган зам” сонины гол сэтгүүлчээр ажиллаж байгаа аж.

“MPA” сайтыг үүсгэн байгуулагч Монголын шилдэг гэрэл зурагчин Б.Бямба-Очир мөн энэ ангийг төгсчээ. Тэрээр өнгөрсөн жил Монголын сэтгүүл зүйн 104 жилийн ойгоор “Алтан дүрмийн эзэн” шагнал хүртсэн байна.

“Сэтгүүлч” дээд сургуулийн 2013 оны төгсөгчдөөс Т.Сэдэд TV8 телевизэд нэвтрүүлийн албаны даргаар, Ууганзаяа, Цолмонсайхан нар Эко телевизэд, Санчир Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт мэдээллийн ажилтнаар тус тус ажиллаж байна. Мөн энэ оны төгсөгч Х.Мөнхзул “О” телевизийн мэдээллийн албанд ажиллаж байгаа юм. Харин Оюунгэрэл, Б.Золзаяа нар Тайваньд, Болорчимэг БНСУд мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа аж.

Энэ хамт олон сэтгүүл зүйн гал тогоонд ороод удаагүй байгаа ч таван сэтгүүлч ган үзэгтэн тэмдгээр энгэрээ мялаагаад байгаа юм.

О.НЯМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зайсангийн зүүн сугыг “гижигдэх” нь гэмт хэрэг мөн

Зайсан толгойн зүүн талд газар ухсан нь Монгол Улсын тусгаар тогтнолд аюул учирсан мэт дуулиан болж байна. Нийгмийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр үүнийг л шуугиад байна. Ер нь бол хамгийн аймаар гэмт хэрэг бололтой. Зайсангийн зүүн талд газар шорооны ажил хийсэн хүмүүс төр засгийн үгэнд орохгүй, тэдэнд хууль үйлчлэхгүй байгаа гэнэ. Том толгойтой нэг нөхөр гарч ирээд Зайсан толгойд их аюул занал учруулж, дайсагнаж байна гэж нийгэм даяараа нэгэнт ойлгов. Ихэд зэвүүцэв. Тэрхүү зэвүүн этгээд хэн гэвэл О.Одсүрэн гэж иргэн юм байна. Нийгэмд цацаад байгаа мэдээллээр бол “Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн зүүн талд, тусгай хамгаалалттай газар нутагт иргэн О.Одсүрэн нь ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын суурийн газар шорооны ажил явуулж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу тус газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/ болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ албан хаагчид ажиллаж байна” гэж байгаа юм. Залгуулаад “Урьд өмнө нь Хатан туул, Богд хан уул, Зайсан толгой руу минь хэн ч ингэж аймшиггүйгээр халдан түрэмгийлж байгаагүй юм” гэж яамны зүгээс мэдээлж магадгүй нь.

Гэтэл өнөөдөр нийслэлчүүд Зайсан толгойгоо харж чадахаа больсон. Хаагаад хачин том уул хяр шиг барилгуудыг Зайсан толгойн хойноос нь жадлан ухаж барьсан. Зайсан толгой дээрээсээ ч Улаанбаатар хотыг харах боломжгүй болсон. Үүнийг өнөөдөр хүн бүхэн мэднэ. Одоо шуугиан болоод байгаа иргэн О.Одсүрэнгийн маажиж буй газрын хэмжээ үнэндээ алга дарам. Ц.Нямдоржийн Нүхт дэх хаусын газраас арай бага юм. 15 мянган га талбайд аялал жуулчлалын бүтээн байгуулалт хийнэ гэж хулхидаж аваад шилэн оффиссууд эгнүүлээд хаячихсан “Оюуны ундраа” группын ерөнхийлөгч асан, одоо нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга С.Амарсайханы газартай харьцуулбал иргэн О.Одсүрэнгийн газар нь түүний албан өрөөний жорлонгийн талбайтай бараг тэнцэх биз. Үүнийг хэн ч очоод харж болно.

Зайсан толгойн зүүн суга бол үндсэндээ байршлаараа урд зүгт орно. Хад асгатай, хүн хүрдэггүй, нийтийн зорчих, алхах зугаалах хэсэгт орох боломжгүй, ач холбогдол багатай хэсэг. Харин хойд тал нь бол нүүрэн хэсэг, хамгийн үнэ цэнтэй, нийслэлээ алган дээрээ тавьсан мэт хардаг, байгалийн алсыг харагч юм. “Оюуны ундраа”-гийнхан олзлон авахаас өмнө нийслэлийн нэг сая иргэн “Зайсан толгой” дээрээ гарч Хатан туулаа, үзэмжит бургасан төглөө, тахилгат дөрвөн уулынхаа оройг харж сэтгэл уужирдаг байлаа. Одоо бол урдаасаа ч, хойноосоо ч нэг их том шилэн хананууд нүүрэнд тулчихаад сэтгэл бухимдуулаад байх боллоо. Зайсан толгой, Соёмбот уул, Туулын бургас орчмын газар орныг хааш хааш нь хэдэн арван км эзлэн авсан “Оюуны ундраа”-гийнханд яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм. Их хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаалтай болохоор нь тэр үү. Энгийн иргэн О.Одсүрэнгийн алгын чинээ газрыг яагаад сүр дуулиан болгож, шүүх цагдаагийнхныг аваачин дарамталж, сошиал орчин, мэдээллийн сувгуудаар өдөр шөнөгүй “Монгол Улсыг сүйрүүлж байгаа” мэт дуулиан болгонов. О.Одсүрэнгийн авсан сөөм газраас хот гоё харагдахгүй, тэр газарт тоож очиж шээх ч хүн байхгүй. Харин “Оюуны ундраа”-гийн овоолсон шилэн хана, цутгасан цемент бол аз жаргал, амралт зугаалга өрнөж, стресс нервиэ тайлдаг газар байлаа. Улаанбаатар хамгийн гоё харагддаг, орой дээрээ сүндэрлэсэн гоё хөшөөтэй, наагуур нь ногоорсон их бургас, голын урсгал сонсогдсон… ер бусын гоо орчин байгаагүй билүү. Түүнд хэн санаа тавьсан юм. БОАЖЯ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, ЦЕГ-аас “Оюуны ундраа”-гийнханд хэзээ шаардлага тавьсан юм. О.Одсүрэн гэж иргэн дээр бол овоорч шаваад. Тэр дор нь хэвлэлийн бага хурлыг яаман дээрээ зарлаад… сүйд болоод байдаг. Өнөөдрийн БОАЖЯ-ны удирдлага, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн нар энэ албанд саяхан ирсэн болохоор мэдэхгүй байж болно. Мэдэж ав. Өмнөх хүмүүс чинь тул биш жараахайгаар оролдож ажил хийсэн дүр эсгэдэг байлаа. Одоо та нар тэр дүрийг давтаж болохгүй. “Оюуны ундраа” ч тэр, Одсүрэн ч тэр, хууль зөрчсөн бол хоёулаа адилхан зөрчсөн. Хариуцлагыг нь адилхан үүрүүл. Тэрнээс хөрөнгөтэй, эрх мэдэлтэйг нь болохоор хараагүй юм шиг дүр эсгэж, энгийн иргэнд болохоор арслан барын дүр эсгэн төрийн сүр, хууль журмын буулга ярьж сүржигнэх хэрэггүй. Нийслэлийн нэг сая иргэнд маш тодорхой харагдаж байгаа зүйл бол Улаанбаатар хот талаас нь Зайсан толгойг ухахад хууль үйлчилдэггүй, Зүүн суганаас жаахан газар тэгшлэхэд хууль үйлчилдэг байдал юм. Хамгийн ач холбогдолтой, аялж амардаг, ая тохьтой алхдаг байсан нүүрний хэсгийг нь байхгүй болгодог чинь бүр хохиролтой биш үү.

Аливаа байгалийн нүүр царай болсон хэсэг бол хамгийн чухал. Зайсан толгой Монголын нийслэлийн нэгэн чимэг гэж үзэж, дархан цаазат газар гэж байгаа бол нүүрийг нь ухаж, бас битүүлж, цемент, шил хоёр овоолсон “Оюуны ундраа” компани хариуцлага хүлээдэггүй юм уу. “Оюуны ундраа”-гийн эздийн нэг нь МАН-ын гишүүн, нийслэлийн ИТХ-ын дарга, нөгөө нэг эзэн нь АН-ын гишүүн, нам нь ялангуут заавал сайд даргын өндөр алба хашдаг нэгэн. Хоёр төрд хоолны сав нь дүүрэн байдаг тэдний өөдөөс том дуугарч чадахгүй, алагчлан үзэж, хууль бус үйлдлийг нь өршөөж байгаа нь шударга ёс мөн үү. “Оюуны ундраа”, Одсүрэн хоёрт ялгавартай хандаж байгаа юм уу. Хууль биелүүлж байгаа нь энэ үү.

Энэ бүгдийг ард түмэн бүр эхнээс нь мэддэг, ярьдаг. Туулын бургасыг хядаж барьсан “Зайсан Скуэр”, Зайсан толгойн нүүрийг эмтэлж босгосон “Зайсан Хилл” нь бүгдээрээ “Оюуны ундраа” компанийнх. Эдгээр том шилэн байгууламжуудын байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэдгийг баталсан баримтыг Улаанбаатар хотын нийт иргэд үзэж, танилцах эрхтэй. Зайсан толгой орчим дахь нэг метр кв газрыг 1320 төгрөгөөр үнэлээд, жилд 19.8 сая төгрөгийг улсад газрын төлбөр хэмээн тушаачих бизнесмэн олон бий. Улс тусгай хамгаалалттай газраа ашиглуулсныхаа төлөө “Оюуны ундраа” группээс 2012-2017 онд нийт 99 сая төгрөгийн л төлбөр авсан. Баргийн аавын хүүд Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутагт 15 мянган га газрыг аялал жуулчлалын бүс болгоно гэж аваад, хоёр ч том худалдааны төв босгох зүрх зориг төрөхгүй. АН, МАН-д нөлөөтэй ах дүүсэд л ийм том ар байгаа байх. “Зайсан Скуэр”, “Зайсан Хилл”-ийг барьсан газар 15 мянган га-д хүрэхгүй учраас дахиад өөр олон байршил тэдний мэдэлд байна гэсэн үг. Гэтэл “Зайсан толгой” орчмын энэ их газар нь тэдэнд багадсан бололтой юм. Алгын чинээ газартай О.Одсүрэн өрсөлдөгч нь гэж харагджээ. Үнэндээ О.Одсүрэнгийн алга дарам газар нь “Оюуны ундраа”-гийн “Зайсан хилл”-ийн хүлээлгийн танхимын хэмжээнд ч бараг хүрэхгүй гэдгийг олон хүн ярьж байна шүү дээ.

Эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй хүмүүстэй юу ч ярихгүй мөртлөө энгийн иргэнтэй хууль дүрэм ярьж, хэвлэлийн хурал зарлаж, цагдаа хүчнийхнийг аваачиж дарамтлуулаад байгаа чинь БОАЖЯ-ыг муухай харагдуулж байна. Бүхэл бүтэн яамны ард нийслэлийн том дарга байна гэсэн хар сэрийг иргэдэд төрүүлж байна.

“Зайсан толгой” байтугай Богд хан уулыг харагдахгүй болтол цемент, шил овоолчихсон хүмүүстэй хуулийн хариуцлага ярихгүй мөртлөө цахим хэрэгсэл, хэвлэл мэдээллээр зогсоо зайгүй “Одсүрэн, Одсүрэн” хэмээн ярьж байгаа БОАЖЯ-ны дарга нарт хэлэх юм байна. “Оюуны ундраа”, Одсүрэн хоёрт хууль адилхан үйлчлэх ёстой, үйлчлэхгүй бол хоёуланд нь хууль үйлчлэх ёсгүй. Төрийн ажлын зарчим бол энэ.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Эрлийз гэж хэлсэн хүний аманд халуун цог хийе” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монгол Улсын 2018 оны гуравдугаар сарын нийгэм эдийн засгийн байдлыг өчиг­дөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Энэ талаар “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Эрүүл мэндийн даатгалын сан өнгөрсөн оноос 45 хувиар өсч, 500 гаруй тэрбум төгрөг болжээ” хэмээн нийтэлсэн байна.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн доктор Д.Шүрхүү “Хятадын зээл тусламж Монголын эдийн засгийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Эрлийз гэж хэлсэн хүний аманд халуун цог хийенийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы “Цаг үе, үйл явдал” нүүрт “Шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 30 хоног хорих шийдвэр гаргав” хэмээн өгүүлсэн байна.

“Уул уурхайн төслүүд удааширвал гадаад, дотоодын эрсдэл учирч болзошгүйг Дэлхийн банк анхааруулав” хэмээн өгүүлснийг “Эдийн засаг” нүүрээс хүлээн авч уншаарай.

“Улаанбаатарын уушги болсон моддыг битгий тайраач” хэмээн “Экологи” нүүрт өгүүлжээ.

“Уран бүтээлч” нүүрээс “Чоно” хамтлагийн ах­лагч, дуучин Д.Дэрмээтэй хийсэн “Чоно” сэрж байна” ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах үзүүлэх сургуулилт боллоо

Зэвсэгт хүчний жанжин штабаас Зэвсэгт хүчний хими, биологи, цацрагийн ангийн сургалтын талбайд цөмийн болон цацрагийн болзошгүй ослын бэлэн байдал, ослын хариу арга хэмжээний үзүүлэх сургуулилт энэ сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Сургуулилтад Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн холбогдох албан хаагчид оролцож, цацрагийн аюулгүй ажиллагааны талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, туршлага судаллаа.

Тус үзүүлэх сургуулилтаар цөмийн болон цацрагийн ослын цагийн байдлыг тагнах, ослын бүсийг тогтоох, гадаад орчны цацрагийн тунг хэмжих, агаар, хөрс, ус, тунадас тоосонцорын дээж авах, мэдээллийг шуурхай дамжуулах, цацрагийн идэвхжил сулруулалт хийх, хариу арга хэмжээ авах, ажиллагаанд оролцож буй албан хаагчдын цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулах, ослын үед ажилласан бие бүрэлдэхүүн болон тоног төхөөрөмж, техник хэрэгслийн цацрагийн бохирдолыг арилгах зэрэг дасгал сургуулилтыг хийж ажиллав.

Энэхүү үзүүлэх сургалт нь цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг боловсруулах, ослын төлөвлөгөөнд тодотгол хийхэд чухал ач холбогдолтой юм гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.