Categories
гадаад мэдээ

Сирид цохилт өгснийг зэмлэн буруушаах тухай тогтоолын төслийг НҮБ-ын аюулгүйн зөвлөл баталсангүй

ЗурагАНУ, Франц болон Их Британи Сирид пуужингаар цохилт өгснийг зэмлэн буруушаах тухай Оросын санаачилсан тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүй Зөвлөл баталсангүй гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүний гурав нь л, тодруулбал ОХУ, Боливи болон Хятад улс уг тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна. Харин Эквадорын Гвиней, Этиоп, Казахстан болон Перу улс санал өгөхөөс түдгэлзсэн бол үлдсэн найман гишүүн нь уг тогтоолын төслийг батлахыг эсэргүүцжээ.

АНУ ба түүний холбоотнуудын Сирийн эсрэг явуулсан ажиллагааг “түрэмгийлэл” бөгөөд “олон улсын хууль ба НҮБ-ын дүрэм журмыг зөрчсөн хэрэг” гэж тодорхойлох, цаашид Сирид хүч хэрэглэхгүй байхыг АНУ-аас шаардах зэрэг агуулгыг уг тогтоолын төсөлд тусгасан байжээ.

Өчигдөр болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр уг тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулсны дараа ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Василий Небензиа үг хэлэхдээ “Өнөөдөр дэлхий дахин, НҮБ-ын хувьд гунигт өдөр тохиож байна. АНУ ба түүний холбоотнууд олон улсын хууль, НҮБ-ын дүрэм журмуудыг маш балмадаар зөрчлөө” гэжээ.

Харин Их Британийн төлөөлөгч Карен Пирс хэлэхдээ “Химийн давшилт үйлдэн энгийн номхон иргэдийг хөнөөж, хордуулж буй Сирийн засгийн газрын хүчнийхний эсрэг манай улс АНУ ба Францын хамтаар хүмүүнлэг ёсны үүднээс цэргийн ажиллагаа явуулсан. Бид ямар ч хууль, дүрэм журмыг зөрчөөгүй” гэсэн байна.

Энэ сарын 7-нд Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газар руу химийн зэвсэг ашиглан давшилт үйлдсэн гэх хэргийн хариуд АНУ, Франц болон Их Британи баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө Сирийн засгийн газрын цэргийн байгууламжууд, тухайлбал химийн зэвсгийн агуулахуудад 100 гаруй пуужингаар цохилт өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Eрөнхий сайд дундговь аймагт ажиллалаа

Eрөнхий сайд Дундговь аймагт ажиллалааEрөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүд өчигдөр Дундговь аймагт ажиллалаа.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал дуусч, энэ сарын 12-ноос орон нутагт ажиллаж байгаа юм. Тэрбээр эхлээд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт, Тавантолгойн бүлэг орд, аймгийн төвд ажилласан бол өчигдөр Дундговь аймагт ирээд байна.

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ аймгийн талаар танилцуулга хийлээ. Нийт 15 сум, 67 багтай, 46383 хүн амтай, 14566 өрхтэй тус аймаг ХАА тэр дундаа мал аж ахуйд тулгуурласан эдийн засагтай аж. Өнгөрөгч онд 3.5 сая толгой мал тоолуулсан бөгөөд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тооноос илүү чанарыг сайжруулахаар анхаарч байгааг Засаг дарга хэлэв.

Мөн Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Сахилга хариуцлагыг дээшлүүлэх 11 журам гаргаж, 12 удирдах албан тушаалтан, 66 төрийн албан хаагчид сахилгын хариуцлага оногдуулсан гэв.

Ашигт малтмалын Тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдийн татвараас 1.8 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсан, Орон нутаг хөгжүүлэх сангаас 1.6 тэрбум төгрөгийг аймгаа хөгжүүлэхэд зарцуулсан, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор айраг, адуу, тэмээний баярыг тогтмол зохион байгуулж ирсэн, өнгөрөгч онд 13.4 мянган жуулчин тус аймагт зочилсон зэрэг тоон мэдээллийг өгөв. Гадаад харилцааны хувьд БНСУ, Япон, Швeйцарь, Канад зэрэг улсаас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрт хамтарч ажилладаг аж. Улсын төсвийн хөрөнгөөр Дулааны станц, Төв цэвэрлэх байгууламжийг тус аймагт барих болж ТЭЗҮ-ийг хийж эхэлжээ. Дундговь аймгийг тэмээжүүлэх төсөл мөн хэрэгжиж буй бөгөөд 69.9 сая төгрөгийн өртөг бүхий дулааны алдагдал багатай амины орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа аж.

ӨМӨЗО-ны Хөх хотын Монгол эмнэлгийн хорооны салбарыг Дундговьд байгуулах, Дэлгэрхангай, Өлзийт сумдыг шилэн кабeлиар холбох, Аймгийн төвийн Нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг нурааж, дахин барих хөрөнгийг 2019 оны төсөвт суулгах, Төв халхын дуулалт жүжгийн тeатрын барилгын ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлэх зэрэг хүсэлтийг Засгийн газарт тавьж байв.

ЦЭЦЭРЛЭГ БАРИХ, ХОЁР СУМЫГ ШИЛЭН КАБEЛИАР ХОЛБОХ ШИЙДВЭР ГАРГАВ

Eрөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үр дүнгийн талаар танилцуулж, Засгийн газрын гишүүдийнхээ хамт орон нутагт биeчлэн ажиллан тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр зорьж байгаагаа хэлэв. Засгийн газраас нийгэмд шударга ёсыг цогцлоож, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дэг журмыг чангатгах болон эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг тогтворжуулах гэсэн хоёр том зорилт тавьж ажиллаж байгааг хэлээд эдийн засагт гарч буй эeрэг өөрчлөлтүүдийн үндэс нь сахилга хариуцлагаа дээшлүүлсэнтэй холбоотой хэмээн тодотгосон юм. Мөн төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгаж, ажлын гүйцэтгэлийг шаардах, төрийн бүхий л санхүүгийн зарлага, ажил үйлчилгээг ил тод, шилэн байлгах, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх, төрийн албыг гүйцэтгэхдээ сэтгэл гаргаж ажиллах, төсвийн сахилга батыг баримталж, хэмнэлтийг хийж, ухаалаг зарцуулахыг тус аймгийн удирдлага, ажилчдад үүрэг болголоо. Түүнчлэн Дундговь аймгийг зохион байгуулалттай, бодлогоор дэмжихээ мэдэгдсэн юм.

Аймгаас дэвшүүлсэн санал хүсэлтээс 150 хүүхдийн цэцэрлэгийг нурааж, дахин барих төсвийг 2019 оны төсөвт суулгах, Дэлгэрхангай, Өлзийт хоёр сумыг шилэн кабeлиар холбох асуудлыг ажил хэрэг болгох үүргийг Сангийн сайдад өгөв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт суулгах шийдвэрийг уулзалтын үeэр гаргалаа.

Eрөнхий сайд болон Засгийн газрын гишүүд тус аймгийн зарим бүтээн байгуулалттай танилцаж, нутгийн иргэдтэй уулзалт хийснээр энэ удаагийн томилолт өндөрлөж, Улаанбаатарыг зорих юм.

Categories
мэдээ нийгэм

Олимпын гудамж дахь автозамын хөдөлгөөнийг хязгаарлана

Төмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн урд гүүрэн гарц барих төслийн ажлын хүрээнд 2018 оны дөрөвдүгээр сарын 15 буюу өнөөдрөөс эхлэн Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг “Оддын хотхон” хорооллоос Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзвар хүртэл хязгаарлах аж.

Энэ үеэр хэвтээ тэнхлэгийн буюу Нарны зам дагуу мөн Home plaza төвийн хойд зам, Юнескогийн гудамжаар тээврийн хэрэгсэл зорчих боломжтой юм.

Иймд иргэд та бүхнийг өөрсдийн явах чиглэлийн автозамыг зөв сонгон, хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцохыг ЗЦГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хачигт халдвараас сэргийлэхийг зөвлөж байна

hachig

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна. Урин дулаан, аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан сүүлийн үед хачигт халдварын эрсдэл нэмэгдэж байгаа учир иргэд энгийн аргаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хэрхэн хамгаалах, хачигт хазуулсан үедээ ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүлэв.

Хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоо тунгалагийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиур илэрдэг. Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачигаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх юм. Үүний тулд хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх, ой, хээр, малд явахдаа өөртөө болон бие биендээ үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях, үргээгч бэлдмэл /түрхлэг, тос, аэрозоль гэх мэт/ хэрэглэхийг зөвлөв. Хэрвээ хачиг биед шигдсэн бол зөв авах нь чухал. Үүний тулд хачиг дээр ургамлын тос түрхэж 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна. Арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачигийн ил хэсгийн хоёр талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авах нь зүйтэйг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийн коридорыг шоронгийн коридор гэж андуурчээ

Монгол, Орос, Хятадыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах гэж олон жил ярилаа. Энэ мега төслийн санаачилга гурван улсын төрийн тэргүүний хүрээнд 2013 оноос яригдаж эхэлж билээ. Урд хөршийн зүгээс манайхыг “Төлөвлөгөө, тооцоо, судалгаагаа гарга” гэж нэлээд гуйсан. Манай дарга нар ч бодлого, төлөвлөлтөө танилцуулах нь битгий хэл таг чиг суусаар байв. Ямар сайндаа Си Жиньпин Монголд айлчлахдаа энэ төсөлд ач холбогдол өгч “Эдийн засгийн коридор чинь юу болж байна вэ. Ядахдаа та бүхэн нэр өгсөн үү” гэж ам асууж байхав. Тэгэхэд манай дарга нар “Өгсөн, өгсөн. “Талын зам” гэж нэрлэсэн” гээд л сүйд болцгоож билээ. Энэ тухай урьд нь ганц ч хүн ам ангайж, нэг ч хэвлэлээр бичиж байгаагүй. Ер нь манай дарга нар урд хөршийн Удирдагчийн асуулгад яаран сандран хариулахдаа “Талын зам” гэдэг нэрийг тэрхэн үедээ зохиогоод өгчихсөн байх.

Эдийн засгийн коридор бол Монголын “Талын зам”, БНХАУ-ын “Торгоны зам”, ОХУ-ын “Евроазийн эдийн засгийн холбоо” гэсэн дэд бүтцийн мега төслийн салшгүй хэсэг болж байгаа юм. Манай талаас энэ төслийн хүрээнд хилийн боомт, аж үйлдвэр, экологи, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, анагаах ухаан, тээврийн дэд бүтэц, худалдаа, гааль, мэргэжлийн хяналтын хорио цээрийн чиглэлээр 32 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх учиртай. Манай дарга нар ч Орос, Хятадын дарга нарыг дагаад л хуйлраад гүйлдээд байсан. Гурван улсын төрийн тэргүүн Ташкентад уулзаж, мега төслийн баримт бичигт гарын үсэг зурангуут манай тал “Мянганы үйл явдал боллоо” гэж хөөрцгөөж байв. Ийм том бүтээн байгуулалтыг Эдийн засгийн коридорт байгуулна гэж ард түмэн ч харж, итгэж, хүлээж суусаар олон жилийг үдлээ. Гэтэл энэ хугацаанд төр, бизнесийн бүлэглэлийнхэн “Талын зам” барих биш “Эрдэнэт”-ийг хувааж идэх тактик л боловсруулж байжээ. Тэд манай улсын эдийн засгийн саалийн үнээ болсон энэ том үйлдвэрийг луйвардаж, хулгайлж, зувчуулахаар улайран шунаж ажилласан бололтой. Тиймдээ ч олон жилийн өмнө яригдсан Эдийн засгийн коридорт өдий болтол нэг ч ажил биежээгүй байна шүү дээ.

Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа гишүүдтэй Хятадад айлчилж байна. Тэнд очоод Эдийн засгийн коридорынхоо талаар юугаа ярьж, хуйхаа маажих юм бол доо. Сонгуулийн шоугаар тууз хайчилсан замуудаа нэрлэх үү. Гурван улсын коридорын зураглалаар босоо, хөндлөн чиглэлд авто зам байгуулахаар төлөвлөгдсөн. Энэ зам нь урдаасаа хойш явсаар Дархан-Алтанбулаг-Улаан-Үүд гээд гурван улсыг холбох юм. Одоогоор энд хийгдэж эхэлсэн нэг ч ажил байхгүй. Харин маршрут дотор орон нутгийн чанартай авто замуудыг засч, шинэчлэхээр тууз хайчилсан үйл явдал бол бий. Жишээлбэл, Дарханы чиглэлийн авто зам байна. Эдийн засгийн коридорын хүрээнд энэ ажлыг эхлүүлсэн гээд Ерөнхий сайд маань хөршдөө хэлэх байх даа.

Ер нь манай дарга нар коридор байгуулахын хувьд байгуулсан юм байна. Н.Алтанхуягийн нэр өгснөөр “Шударга бусын коридор” гээчийг байгуулсан бололтой. Улс орныхоо хөгжлийн замыг гэрэлтүүлэх коридор биш “шоронгийн коридор” байгуул гэж ойлгосон юм шиг байна лээ. Тэр нь өөрийнхөө хүнийг хууль шүүхийн байгууллагын даргаар аваачсан. Энэ хүмүүсийнхээ гараар дамжуулан танайх, манайх гэлтгүй олон хүнийг улс төрийн хэргээр шоронд явуулсан. Үүнийгээ тэгээд коридор гэж ойлгоод байгаа юм уу даа. Эндээс Монголын дарга нарын үнэн төрх харагдаж байна. Үнэндээ тэдэнд улс эх орноо хөгжүүлж, ард түмэндээ хэрэгтэй зүйл хийе гэсэн сэтгэл өчүүхэн ч алга. Өөрсдийнхөө сандал, ширээтэй зууралдан албан тушаал, амбицийн төлөө гүйлдэж, төрөөс хулгай хийж, нуухдаа ямар ч сайн ажилладаг юм дээ.

А.ЗОЛБОО

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Шүрхүү: Хятадын зээл тусламж Монголын эдийн засгийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлнэ

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн доктор Д.Шүрхүүтэй ярилцлаа.


-Ерөнхий сайд бНхаУ-д нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй айлчиллаа. Хоёр улсын харилцаанд эерэг уур амьсгал төрүүлсэн айлчлал боллоо гэж тодотгож байна. Харин судлаачийн хувьд айлчлалаас ямар үр дүн хүлээж байв?

-Монгол Хятадын харилцаа өндөр түвшинд хүрсэн л дээ. Харилцан итгэсэн, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай байна. Гэхдээ хөрш орнуудын дунд янз бүрийн шалтгаанаар харилцаа зогсонги байдалд орох тохиолдол байдаг. Ийм үе сүүлийн хоёр жилийн хугацаанд манай хоёр орны харилцаанд тохиосон болов уу гэж бодож байна. Нэг талаас эдийн засгийн хүчин зүйл буюу дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаснаас Хятадын хөрөнгө оруулалт, худалдаа буурсан. Нөгөө талаас улс төрийн үл ойлголцол, үл итгэлцлийн шинжтэй асуудлаас болоод хэсэг хугацаанд Монгол, Хятадын харилцаа, тэр дундаа эдийн засгийн салбарт нэлээд зогсонги байдалд орлоо. Далай ламын айлчлалаас болоод зарим албан айлчлалууд цуцлагдсан. Харилцан мэдэгдлүүд ч хийсэн шүү дээ. Мөн Ганц мод, Гашуунсухайтын боомтуудад нүүрсний тээвэрлэлтэд тодорхой шалтгааны улмаас механик бэрхшээл үүссэн. Улмаар яригдаж байсан зарим зээл, тусламжууд зогссон гээд Монгол, Хятадын харилцаа мухардалд орлоо гэж ярьж байсан. Энэ асуудлыг хоёр орны дотоод улс төр, эдийн засгийн байдалтай холбож үзэж байгаа. Тухайлбал, Монгол Улсад хоёр жил дарааллаад парламент болон Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Хятадын хувьд дотоод улс төрийн байдал, засгийн эрхийг авах, удирдлагын шинэ бүрэлдэхүүнийг солих, ХКНын 19 дүгээр их хурал, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит сонгуулийн анхдугаар чуулган болсон гээд олон үйл явдал давхацсан. Мөн тус улсад авлигатай тэмцэх дуулиан явагдаад дотооддоо илүү анхаарч байсан үе тохиосон. Иймд манай талаас эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, айлын зүгээс “Нэг бүсНэг зам” хөтөлбөрийнхөө хүрээнд хөрш орнуудтайгаа харилцаагаа идэвхжүүлэх хүсэл сонирхол байсан. Монгол Улс бол Хятадын “Нэг бүсНэг зам” төслийг амжилттай хэрэгжих эсэхэд нэлээд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг орон.

Хэрэв гурван улсын Эдийн засгийн коридор амжилттай болбол энэ бүсийн нэг хойд чиглэл амжилттай болох юм.

Си Жиньпинийг дэлхийд том тоглогч болж харагдуулах гол хүчин зүйл нь хөрш орнуудтайгаа түр зогсонги байдалд орсон харилцаагаа урагшлуулах сонирхолтой. Тиймээс Ерөнхий сайдын айлчлал их анхаарал татаж байсан. Энэ айлчлалын өмнө Монгол Улс эдийн засгийн нэг үе дуусч байна. Дараагийн үе маань эдийн засгийн тэлэлт томорно гэж найдаж байхад янз бүрийн шалтгаанаас болоод зогсчихсон. Тиймээс Монгол Улс эдийн засгаа, хөгжлөө түргэсгэж тэлэх шаардлага байгаа бол Хятадтай хэл амаа ололцохоос өөр арга байхгүй. Тэгээд ч ойрын арав, хорин жилд манай улсын эдийн засгийг авч явах гол хөшүүрэг нь уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэнэ. Эдийн засгаа томруулж, хөгжих суурь дэвсгэрээ сайн тавья гэвэл уул уурхайг түшиглэсэн том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Дэд бүтцийн том төслүүдээ хөдөлгөөнд оруулах байх гэсэн хүлээлттэй байлаа.

-Уг нь Ерөнхий сайдын айлчлалаар Таван толгойн багц төслийг Хятадын талтай тохиролцож чадна гэсэн хүлээлт байсан шүү дээ?

-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ажиллахад тодорхой хугацаа шаардах байх. Том төслүүд учраас шийдэх олон асуудал байгаа нь мэдээжийн хэрэг. Тиймээс энэ удаагийн айлчлалаар төмөр зам, Таван толгойн асуудлыг түр хойшлуулаад, магадгүй Хятадын талаас том дарга Монголд айлчлах үед эцэслэн шийдвэрлэх болов уу. Одоогоор хоёр тал тохиролцсон мэдээлэл алга. Гэхдээ хоёр орны Засгийн газар болон холбодох албаны хооронд хэлэлцээ үргэлжилж байгаа байх. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараа “Таван толгойн төслийг цогцоор нь шийднэ. Хятадын талтай ярилцана” гэж ярьж байсан шүү дээ. Тиймээс энэ ажил эрчимтэй явж байгаа байх гэж найдаж байна.

-Хятадын талын амласан зээл, тусламжуудыг урагшлуулах тал дээр ямар ахиц гарав?

-Манай улсад олон асуудал бий. Тэр дундаа түгжрэл, утаа, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх гээд тулгамдсан асуудлууд байгаа. Ерөнхий сайдын айлчлалаар Төв цэвэрлэх байгууламжийг барих хөрөнгийн асуудлыг шийдэж чадлаа. Хятадын тал өмнө манай улсад нэлээд олон тэрбум юаниар яригдах буцалтгүй тусламж, олон зуун саяар тоологдох хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг ярьж байсан. Энэ нь олон шалтгааны улмаас зогсонги байдалд орчихсон байв. Харин Ерөнхий сайдын айлчлалын гол үр дүнд зээл тусламжийг ашиглах, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр болсон нь сайн хэрэг. Улаанбаатар хотод давхар зам, гүүр барилгын ажил, гэр хорооллын дахин төлөвлөлтийн гээд олон чухал ажлууд эрчимжихээр болж байна. Хятадын зээл тусламж, Монголын эдийн засгийн сэргэлтэд эерэг нөлөө үзүүлнэ Энэ үүднээс нь үзвэл Ерөнхий сайдын айлчлал тодорхой үр дүнтэй байлаа.

-Айлчлалын багт бизнес эрхлэгчид түлхүү явах шиг болно лээ. Хоёр улсын бизнесийн салбарынхны форум болж, 4.6 тэрбум ам.долларын санхүүжилттэй 36 гэрээ хэлэлцээрийг байгууллаа гэж мэдээлж байна. Эдгээрээс ойрын хугацаанд үр, өгөөжөө өгөх ямар төслүүд байна вэ?

-Ер нь манай хоёр улс зах зээлийн эдийн засгийг голлосон. Хувийн өмчийн компаниуд үүрэг хариуцлага хүлээгээд бие даагаад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тал руугаа явж байгаа. Энэ үүднээс үзэх юм бол бүх асуудлыг хоёр улсын төр засаг, төрийн өмчит компаниуд гүйцэтгээд байх шаардлагагүй юм. Юм болгонд улсын оролцоо орох нь таатай зүйл биш. Олон тооны гэрээ хэлцлүүд аль зэрэг үр ашигтай, хэр зэрэг бодитой байна вэ гэдгийг цаг хугацаа харуулна. Энэхүү 4.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй, 36 төсөл хэрэгжиж чадах юм бол аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам тээврийг хөгжүүлэхэд чухал төслүүд харагдаж байна лээ. Одоогоор цаасан дээр гарын үсэг зураад явж байна. Удахгүй хэрэгжих байх.

Ер нь улс орныг үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд авч явах ёстой. Монголд олон тооны компани хүчирхэгжээд эдийн засгаа аваад явж байвал улс орон хөгжинө шүү дээ. Жишээлбэл,Солонгост “Hyndai”, “Dewoo” зэрэг том компаниуд аваад явж байна. Ер нь Монгол Улсын Засгийн газар бизнесийн болоод хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх систем рүү орох ёстой. Манай үе, үеийн Засгийн газрын том алдаа нь бүх асуудлыг өөрөө хэрэгжүүлэх гээд оролцоод байдаг. Тэрэнд нь парламентын гишүүд ч ордог. Уг нь Монгол Улсын эдийн засаг хурдтай тэлмээр байна шүү дээ. Жалга довны асуудлыг шийдсэн жижигхэн компаниудын жижигхэн улс төр яваад байвал хэзээ ч хөгжихгүй. Томоохон компаниуд нь гараад том төслүүд нь урагшлаад явах ёстой.

Өнгөрсөн хугацаанд Таван толгойн, Бөөрөлжүүт, Тэвш, Тавдугаар цахилгаан станцууд гээд арав гаруй том төслүүд яригдсан боловч нэг нь ч хэрэгжээгүй байна. Харин сэргээгдэх ганц, хоёр төсөл нь л явлаа. Ойрын үед тун дөхсөн ажил нь Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам байна. Одоо төмөр замаа хурдан бариад нүүрс тээвэрлэлтээ шийдвэрлэх хэрэгтэй.

-Ерөнхий сайд БНХАУ дахь айлчлалаа дуусгангуутаа өчигдөр Гашуунсухайт дээр очсон байна. Ер нь энэ нүүрсний нэвтрэлтийн асуудлыг яаж шийдэх ёстой вэ?

-Тавантолгой бол Оюу толгойн дараа орох хоёр дахь том төсөл. Энэ том төслийн цаана том улсын том эрх ашиг байгаа нь ойлгомжтой. Энэ бол хоёр улсын Таван толгойн яриа хэлэлцээ шийдэлд хүрээгүйн илрэл юм. Тэгэхээр үүнийг Далай лам юм уу, Ерөнхийлөгчийн Орос руу илүү хандлагатай байгаагаар тайлбарлахад өрөөсгөл асуудал. Энэ асар том ордыг Монгол Улс яаж ашиглах гээд байна вэ гэдэг шийдлийг хятадууд хараад хүлээгээд байна л даа.

-Хятад улс нүүрстэй орон. Дэлхийн хүлэмжийн хийг бууруулахын тулд нүүрсний хэрэглээнээс татгалзаад байгаа. Тэгсэн хэрнээ яагаад Монголын нүүрсийг сонирхоод байна вэ?

-Үнэндээ Хятад улсын бодлого гадагшаа хөрөнгө оруулалт хийж, стратегийн чухал ордуудыг хамтран эзэмших, эсвэл нөлөөгөө тогтооход оршиж байна. Нөгөө талаас Хятад нүүрснээс татгалзаж байна уу, Хятадын нүүрс хангалттай байна уу гэдгээс хамаарахгүйгээр “Бүс нутгийн нөлөө бүхий том ордод бид оролцохгүй бол болохгүй” гэсэн стратеги бодлого сонирхол байна. Мөн Хятадын бизнесийн ухаанд Монголын нүүрс хямд, чанартай бүтээгдэхүүн. Ийм нүүрсийг аваад дахин ре-экспорт хийх сонирхол давамгайлж байгаа. Бид нүүрсээ гүн боловсруулаад Хятадын нутгаар дамжуулж Япон, Солонгос руу гаргах юм бол урд хөршид ямар ч хүртээмжгүй. Тэдэнд өөрийнхөө нутаг дэвсгэр дээгүүр нүүрс тээвэрлэх сонирхол байхгүй. Тиймээс бид том төслүүддээ далайцтай бодлогоор хандах ёстой. Жижиг бодлогоор хандвал Монгол Улс ирээдүйд стратегийн том орд дахь хяналтаа алдах эрсдэлтэй. Эргээд улс төрийн том асуудал үүснэ. Тиймээс болгоомжтой хандах ёстой.

-У.Хүрэлсүхийн айлчлалаар Бөөрөлжүүтийн дулааны станцын төслийг урагшлуулах тал дээр гарын үсэг зурсан гэл үү?

-Бөөрөлжүүт дээр миний мэдэхийн хоёр, гурван удаа гарын үсэг зурсан. Тэр төслийг одоохондоо үнэлэх эрт байна. Эндээс нэг зүйл анхаарал татаж байгаа. Манай улс нүүрсний арвин баялагтай. Одоо зөвхөн өрмийг нь л аваад байна. Цаана нь эрчим хүч үйлдвэрлэх хүрэн нүүрс нь үлдээд байдаг. Үүнийг ашиглах хамгийн хялбар арга бол цахилгаан эрчим хүч болгох юм. Ер нь Хятадын тал манайхаас эрчим хүч импортлох сонирхолтой. Бөөрөлжүүтийн тухайд дулааны болон цахилгаан станц гэсэн хоёр хувилбар дээр талууд гарын үсэг зурж байсан. Цахилгаан станц хоёр үүрэгтэй. Нүүрсээ шатаагаад усаа халаагаад уур болгож эрчим хүч үйлдвэрлэдэг. Том хот, хэрэглэгч олонтой газрууд руу тэр халаасан усаа дулаан болгож түгээдэг. Бөөрөлжүүт дээр хот байхгүй учраас шууд эрчим хүч үйлдвэрлэх байх. Тэр хол газраас энэ хүртэл дэд бүтэц татахгүй нь ойлгомжтой. Магадгүй тэр хэсэгтээ өвөл, зунгүй байнгын үйл ажиллагаатай цогцолбор үйлдвэр байгуулж болно.

-Энэ удаагийн айлчлалаар гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд зоогдсон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх тал дээр яриа өрнөв үү?

-Айлчлалын үеэр анхаарал татсан өөр нэг асуудал бол ирэх зургадугаар сард Циндао хотноо болох ШХАБ-ын хурлын үеэр гурван улсын төрийн тэргүүний уулзалтыг хөндсөн явдал байлаа. Эдийн засгийн коридорын хүрээний 32 төслөөс бид төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах дэд бүтцийн асуудалдаа түлхүү анхааръя гэсэн байна. Бодитой нэг төслийг ч хамаагүй дуусгаад үр дүнг нь үзэх ёстой. Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих 32 төсөл дотор боловсруулалтын түвшин болоогүй, хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүй, яригдаж байсан асуудлуудаа ч оруулчихсан байгаа юм. Цөөхөн төслүүдэд хүч, анхаарч төвлөрүүлээд илүү ахисан байдлаар явуулах хэрэгтэй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шунхлайн хамт олон, НҮБ-ын шинжээч, АХБ-ны төслийн баг оролцсон “Жорлонгоо өөрчилье” сургалт Хан-Уулд боллоо

Монгол Улсын хүн амын 72 хувь нь нүхэн жорлонтой. Гэр хорооллын арван өрх тутмын найм нь жорлонгоо солих сонирхолтой байдаг гэсэн судалгааны дүнг “Жорлонгоо өөрчилье” сургалтын сургагч багш, “Нутгийн шийдэл” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цолмонбаяр танилцуулсан юм. Орон сууцанд амьдардаг хүмүүс жорлонгийн асуудалгүй гэсэн үг биш. Орон сууцны оршин суугчдын ялгадас ч бас том жорлон буюу хотын төв цэвэрлэх байгууламжид очдог. Хөрс, усны бохирдол иргэн бүрт хамаатай асуудал болж хувираад буй. “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн, “Жорлонгоо өөрчилье” номын зохиогч Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” сургалтын үеэр том, дунд, бага жорлонгийн тухай ярьдаг. Том жорлон гэдэг нь хотын цэвэрлэх байгууламж, дунд жорлон гэдэг нь байгууллага, гудамж, хороо, хөршүүдийн дундын жорлонгийн хувилбар болох септик танк (манайхан хашаандаа ёмкост булах маягаар септик танкийг орлуулдаг), жижиг жорлон буюу гэр хорооллын өрхийн нүхэн жорлонгийн асуудлыг хөнддөг юм. Тэрбээр “Жорлонгоо өөрчилье” номдоо жорлонгийн 17 технологийг багтаасан ажээ.

Өтгөн, шингэнийг салгадаг жорлон гэхэд л бордоо үйлдвэрлэх зориулалттай. Өрхийн хэмжээнд хар шороо “үйлдвэрлэж”, хашаандаа тарьсан ногоо, мод зүлгээ бордох боломж бий.

Урд хөршийнхөн маань энэ талаар арвин туршлагатай улс. Сургалтын үеэр цухас дурдаад өнгөрдөг ч “Жорлонгоо өөрчилье” номоос энэ талаар дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

БОРДООШУУЛАГЧ ЖОРЛОНГ СОНГОХЫН ТУЛД ОЛОН АСУУДЛЫГ БОДОЛЦОХ УЧИРТАЙ

“Хорьдугаар зууны төгсгөлд олон улсын байгаль хамгаалах байгууллагуудаас дэлхийд цөлжит үүсгэж буй шалтгаануудыг жагсаасан тайлан гаргажээ. Уг жагсаалтаар газрын хөрсийг үхжүүлэгч нэгдүгээр шалтгаан нь хөдөө аж ахуй гэсэн дүн гарч, сонссон хүмүүсийг цочирдуулжээ. Энэ талаар дэлхийн хэвлэлүүд 2000 оноос шуугисан юм. Хариулт нь химийн бордоо байв. Химийн бордоог ихээр хэрэглэдэг газарт хөрсний байгалийн шим алдагдаж, “сарны гадаргуу” мэт болсон тохиолдол олон ажээ. Үүний үр дүнд химийн ганц элемент ноёрхсон бордооноос олон элементийн тэнцвэр хангагдсан байгалийн буюу биологийн бордоо хөрсөнд илүү тустайг тогтоожээ. Энэ нь хөдөө аж ахуйд био бордооны цаг үеийг авчирсан байна. Өдгөө био бордоог халуун оронд ихээр үйлдвэрлэж байна. Жорлонгийн агуулга, малын өтөг бууц, хоолны үлдэгдэл бүгд био бордоо болно. Бордоо үйлдвэрлэгч бизнесийнхэн бордоо үйлдвэрлэхэд тохиромжтой жорлонг үйлчлүүлэгч нартаа санал болгодог.

Сиатл хотын бордооны үйлдвэр гэхэд хотынхоо хүнсний хаягдал, ногооны талбай, модны хатсан навч, малын өтөг бууц, био жорлонгийн агуулгыг цуглуулж, био бордоо үйлдвэрлэдэг. Хотоо цэвэр байлгахад зарцуулж буй тэдний хувь нэмрийг үнэлж, хотоос татаас өгнө.

Харин Монголд өвлийн улиралд ялгадас ялзмагжих боломж муутай учраас био бордооны үйлдвэрлэл хараахан хөгжөөгүй байна. Цаг уурын бэрхшээлийг сөрөн WashAction Mongolia хэмээх байгууллагынхан эко жорлонгийн загвар гаргаж, Сонгинохайрхан дүүргийн 300 айлд суурилуулан, өтгөн ялгадсыг суллах үйлчилгээ үзүүлж, цугларсан лагийг ялзмагжуулах, бордоо үйлдвэрлэх ажлыг Сонгионо хайрхан дахь био бордооны үйлдвэрт эхлүүлсэн жишиг бий. Өвлийн улиралд ялзмагжилт маш удаан хэрнээ явагдсаар байдаг. Гэсэн ч Монголын зах зээлд био бордоог бага хэрэглэж байгаа, цаг агаарын нөхцөл тохиромжгүй зэргээс шалтгаалаад энэ төсөл ашигтай ажиллаж чадахгүй байгаа юм хэмээн “Жорлонгоо өөрчилье” номд өгүүлжээ.

“Жорлонгоо өөрчилье” сургалтанд оролцогчид жорлонгийн технологи сонгох дадлага хийдэг. Ногоо тарьдаг иргэд бордоошуулагч жорлонг таашаадаг юм. Үнэндээ бордоошуулагч жорлонгийн өтгөн, шингэний сав дүүрэхээр султгах үйлчилгээ шаардлагатай. Султгахын тулд жорлонгийн түүхий эдээр бордоо хийдэг үйлдвэр байх учиртай. Үйлдвэрлэл явуулахын тулд түүхий эд хангалттай байх шаардлагатай. Нэг өрх бус гудамж, хот, дүүргээрээ өтгөн, шингэнийг ялгадаг жорлонтой байх учиртай болно. Бас Монгол өвөлдөө хүйтэн учраас ялгадсыг ялзмагжуулахад шаардлагатай дулаан нөхцөл хэрэгтэй. Дэлхий даяар жорлонгийн технологи эрчимтэй хөгжиж байгаа энэ үед хүйтэн нөхцөлд ч бордооны үйлдвэр ажиллах боломжтой болох ирээдүй холгүй биз ээ. Нэгэнт бордоо үйлдвэрлэж эхлэхэд монголчууд био бордоонд “За” гэх хандлагын өөрчлөлт өнөөдөр ч бүрэлдэж буй.

Монголд тохиромжтой бусад жорлонгийн тухай ч “Жорлонгоо өөрчилье” сургалтаар ярьдаг. Нийтээрээ жорлонгоо өөрчлөхийн тулд хууль эрх зүйн орчин бий болгох, жорлонгийн стандартаа шинэчлэх, жорлон бизнес болох нөхцөл бүрдүүлэх, хөршүүд, баг хороо, гудамж, сум, дүүрэг хотоороо нэгдэж шийдвэр гаргах зэрэг олон ажил хийх шаардлагатайг мэдэрцгээдэг билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Р.ЭРДЭНЭБҮРЭН СУРГАЛТЫН ҮЕЭР ОД БОЛДОГ

Жорлонгийн хувьсгал хийхэд иргэдийн хандлага, сэтгэлгээний өөрчлөлт хамгийн чухал гэдгийг УИХ-ын гишүүн байсан Р.Эрдэнэбүрэнгийн ярианаас сургалтанд оролцогчид мэдэрдэг. Тэрбээр 2014 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Нутгийн зөвлөлийн даргаар сонгогдож, сумаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлсэн агаад одоо ч энэ шинэчлэл үргэлжилж буй.

Гурвансайхан 2900 хүнтэй, төвдөө 300-400 өрхтэй говийн жирийн нэг сум. Өдгөө тэднийг зорьж, сумаа хэрхэн шинэчилсэн талаар туршлага судлахаар зочлогчид олширсон. Иргэдийн оролцоотой шинэчлэлийн загвар болсон юм, тэд.

Эхэндээ Р.Эрдэнэбүрэн тэргүүтэй залуус Гурвансайхан сумандаа ирж “Сумаа шинэчилье” хэмээн ярихад ойшоосон нь цөөн. Сумын Соёлын төвд гурав дөрвөн хүн ирж, экс УИХ-ын гишүүний яриаг сонсчээ. Сонссон гэхэд бас хэцүү. Нэг нь босоод Америк, Хятадын харилцааны талаар баахан “буржээ”. Одоо бол энэ суманд “Оффшорчдыг цаазалья” гэх мэт моодны сэдвээр цэц булаацалддаг хүн үгүй. Хийх ажил, зорилго нь тодорхой болоход нам ярьдаг хүн ч байхгүй болсон гэнэ. “Сумын шинэчлэлийн ажлын маань 70 хувь нь сумынхаа бүх хүний саналыг авч, сумын ерөнхий төлөвлөгөөг гаргах байлаа. Дараа нь бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд хийж болдог юм билээ” гэж Р.Эрдэнэбүрэн хэлсэн. Сумын шинэчлэл хийхдээ иргэн бүрийг оролцуулах гэж хичээсэн нь учиртай.

Өмнө нь тэр Дундговийн зүүн хэдэн суманд “Сумын төвийн гэрэлтүүлэг хийх төсөл” хэрэгжүүлсэн юм байж. ТИКА-гийн санхүүжилтээр зургаан сум, аймгийн төвийг гэрэлтүүлэгтэй болгоод алга ташилт горьдсон ч талаар болжээ.

Сарын 50-60 мянган төгрөг гэрэлтүүлэгт зараад байна гээд сумын удирдлагууд мөнөөх гэрлийг нь унтраачихжээ. Дахиад сар өнгөрөхөд ажилладаггүй гэрлийн шонг зарим нь дэлгүүрийнхээ гадаа авчирсан хэрэг ч мандав. “Өөрөө шууд гэрэл аваачиж асаасан нь буруу болжээ. Хүмүүсийн хандлага сэтгэлгээг өөрчлөхийн тулд маш их ярих хэрэгтэй юм байна гэсэн бодолтой үлдсэн” хэмээн Р.Эрдэнэбүрэн тайлбарласан. Гурван сарын турш амралтын өдөр нутгаа зорьж, сумаа ингэж шинэчилнэ гэж ярьж, хаагуур зам тавих, цэвэрлэх байгууламж, шугам хоолой хаагуур явах, хэний хашаа газарт орох, хаана зүлэг тарих гэх мэтээр төлөвлөлтөө иргэн бүртэй зөвшилцөж чаджээ. Сумын шинэчлэлд дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай байв. Сумандаа хөрөнгө оруулагчдын чуулган хийж, шаардлагатай мөнгөө босгож чадсан агаад 400 сая төгрөгийг сумын иргэдээсээ бүрдүүлсэн нь хамгийн чухал амжилт байв. Мөнгөө гаргасан иргэд нутгийн захиргаа болон үйлчилгээ үзүүлсэн компаниудад хяналт тавьж, шаардаж чаддаг.

Энэ ярианы дараа сургалтанд оролцогчид удтал алга ташиж Р.Эрдэнэбүрэнд, сумаа шинэчилж чадсан Гурвансайхан сумын иргэдэд баяр хүргэсэн билээ.

НҮБ-ЫН ШИНЖЭЭЧ ЛЕО ХЕЛЛЕР: ЖОРЛОН ҮНЭТЭЙ БОЛ ХҮН БОЛГОН ХЭРЭГЛЭЖ ЧАДАХГҮЙ

“Жорлонгоо өөрчилье” сургалт долоо хоногийн эхээр Хан-Уул дүүрэгт болсон юм. Ц.Оюунгэрэлийн тэргүүлдэг “Нутгийн шийдэл сан”-гаас зохиодог “Жорлонгоо өөрчилье” сургалт энэ удаа “Шунхлай” компанийн захиалгаар хийгдсэн учраас сургалтын танхимд тус компанийнхан олонхи болов. Тэдэн дээр Азийн хөгжлийн банкны Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийнхөн багаараа нэмэгдсэн. Бас сургалт болох гэж байгаа тухай сошиалаар мэдсэн иргэд ирсэн байлаа. Сургалтын төгсгөлд хүндэт зочин хүрэлцэн ирсэн юм. Монголд дөнгөж хөл тавьсан НҮБ-ын хүний эрх ба аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Лео Хеллер “Жорлонгоо өөрчилье” сургалттай танилцахаар зорьж ирлээ.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын урилгаар дөрөвдүгээр сарын 9-20-ны хооронд Монголд ажиллаж байгаа юм. Хүндэт зочинд “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл сургалтынхаа тухай танилцуулсан.

Тусгай илтгэгч Лео Хеллер сургалтанд оролцсон хоёр хүнд асуулт тавьж, “шалгалт” авч амжив. Тэрбээр эмэгтэй оролцогчоос “Жорлон эмэгтэйчүүдийн хувьд илүү чухал байдаг. Хувийн нууц, нэр төртэй холбоотой асуудал байдаг. Жорлон ямар байвал эмэгтэй хүний нэр төрийг хамгаалах вэ” гэсэн юм.

Харин өөр нэг эрэгтэй оролцогчоос “Жорлонгоо байгуулахдаа хөрсний бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ” хэмээн лавласан. Асуултанд хариулсан хоёрыг “Зөв хариуллаа” хэмээн магтлаа.

Лео Хеллер сургалтанд оролцогчдод хандан хэлэхдээ “Ариун цэврийн байгууламж буюу жорлон гэрээс холгүй, хүн болгонд хүртээмжтэй байх учиртай. Хүн болгонд гэдэг маань хүүхэд багачууд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, настай хүмүүст хүртээмжтэй, ээлтэй байх тухай ярьж байгаа юм шүү. Мэдээж ариун цэврийн хувьд зүй зохистой байх учиртай. Үндэстэн ястны зан заншил, соёлыг дэмжсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь үнэ хямд байх учиртай. Жорлон үнэтэй бол хүн болгон хэрэглэж чадахгүй. Энэ бол хүн байх эрхээ хэрэгжүүлэх, физиологийнхоо хэрэгцээг хангахад чухал. Сэтгэлийнхээ дуудлагаар энэ сургалтанд оролцож байгаа та бүхэн зохистой ариун цэврийн байгууламжийг дэмжигчид, шинэ санааг түгээгчид болж байна. Амжилт хүсч, баяр хүргэе” гэсэн юм.

“Нутгийн шийдэл” сангийн 28 дахь сургалт энэ байлаа. Нийслэлийн бүх дүүрэгт “Жорлонгоо өөрчилье” сургалт болсон бол “Жорлонгоо өөрчилье” багийнхан өдгөө баруун аймагт ажиллаж буй.

“Шунхлай” компанийн байгаль орчин, галын аюулгүй байдал хариуцсан инженер Г.Солонго ярихдаа “Шунхлай компани 21 аймагт салбартай. Бүх шатахуун түгээх станцад жорлон байдаг. Бид жорлонгоо байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөхөөр Улаанбаатарын салбаруудаас эхэлж байгаа. Жорлонгоо өөрчилье сургалтанд хамт олноороо хамрагдаж байна” гэсэн.

АХБ-НЫ ЗӨВЛӨХ Ц.ЦЭНДЖАВ: ЗОРИЛГО НЭГТЭЙ ХҮМҮҮС НЭГДЭЖ БАЙЖ Л АМЖИЛТАНД ХҮРНЭ

Уг сургалтын оролцогчдын нэг АХБ-ны Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийн зөвлөх Ц.Цэнджавтай ярилцлаа.


-Азийн Хөгжлийн банк сайжруулсан жорлонд анхаарч байгаа гэсэн үг үү?

-АХБ гэр хорооллыг сайжруулах, нийслэл болон бусад газрын агаар, хөрсний усны бохирдлын эсрэг нэлээд олон ажлыг санхүүжүүлж байгаа. Тэрний нэг нь манай төсөл. Манай төсөл 2016 оноос эхэлсэн. Нүхэн жорлонг сайжруулах замаар хөрсний бохирдлыг арилгах чиглэлээр энэ төсөл 2020 он хүртэл үргэлжлэх юм. Мэдээллийг зөв өгөөд, хандлагыг зөв хэвшүүлж чадвал манай иргэд хамгийн хүчтэй. Түүнээс биш нэг хэсэг хүн, төр засаг дангаараа ажиллаад, иргэдийн оролцоогүй бол болохгүй гэж харагдаад байгаа юм.

-Нэг хэсэг олон улсын байгууллагууд мөнгөөр “зодож”, том төслүүд хэрэгжүүлж байсан. Гэхдээ зөвхөн мөнгөөр асуудлыг шийдэх учир дутагдалтай байсан?

-Нэг хэсэг гадны зээл тусламж, буцалтгүй тусламж гээд хөрөнгө хаясан, төсөл дуусахад ажил зогсдог. Өнөөдрийн сургалтын ач холбогдол бол иргэдийн оролцоог хангахад чиглэгдэж байна. Манайх ч гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл. Иргэдийн оролцоонд тулгуурлахыг эрмэлзэж байна. Их бага хэмжээгээр мөнгө гаргасан иргэд энэ ажилдаа хяналт тавиад оролцоод явах юм. Гурвансайхны жишээ түрүүн дурдагдсан. Төсөл дууссан ч энэ хүмүүсээс бусад нь жишээ авах юм. Жорлондоо хөрөнгө оруулна гэдэг эрүүл мэнддээ хөрөнгө оруулж байгаа хэрэг гэдгийг өнөөдрийн сургалтаар ч онцолж байна шүү дээ.

-Та бүхэн энэ талаар маш их судалгаа хийсэн, мэдлэгтэй хүмүүс шүү дээ. Чухам яагаад “Жорлонгоо өөрчилье” сургалтанд багаараа хамрагдах болов?

-“Нутгийн шийдэл сан”-гийн үйл ажиллагааг бид хэвлэлээр анхааралтай харж байсан л даа. Угаасаа зорилго нэгтэй хүмүүс нэгдэж байж л амжилтанд хүрэх ёстой. “Нутгийн шийдэл сан”, Азийн хөгжлийн банкны гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийн хамтын ажиллагааны үр дүнг бид жилийн дараа харах байх гэж би найдаж байна.

Сургалтын үеэр жорлонгийн олон технологи яригдлаа. Монгол орны эрс тэс уур амьсгалд энэ нь болж байна гэдгийг тогтоохын тулд судалгаа маш их хэрэгтэй байгаа юм. Хөрс болгон янз бүр. Улаанбаатар Туул голын сав дагууцэвдэгтэй учраас хөрс нь овойгоод ямар ч материалыг хуваачих гээд байдаг эрсдэлтэй. Баянзүрх дүүрэгт нэг технологи таарч байхад Толгойтын энгэр өөд газрын онцлогоос хамаараад өөр технологи шаардлагатай болно. Хөрсний онцлогт тохирсон судалгааны үндсэн дээр жорлонгийн технологийг сонгох нь зөв.

-Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд ариун цэврийн байгууламжийг шинэчлэх зорилт тавигдсан тухай яригдсан. Энэ хүрээнд ямар боломж хүмүүст олдох бол?

-Ц.Оюунгэрэл тэргүүн түрүүн ярьсан. Мянганы хөгжлийн зорилтоос ганц биелүүлээгүй нь Ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажил гээд. Одоо ч бас энэ асуудал Тогтвортой хөгжлийн 27 зорилтын нэг нь гээд ярилаа шүү дээ. Тэгэхээр дэлхий нийт ийм том бодлого дэвшүүлж байхад Монгол эндээс хоцорч болохгүй. Монголын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гээд бодлогын баримт бичиг гаргасан. Түүнээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр ургаж гардаг. Үүнээс ургуулж жил болгон Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэж гардаг. Энэ болгондоо энэ асуудлыг суулгаж, иргэд нь мэддэг, засаг захиргааны нэгж хороон дарга, Засаг даргаасаа нэхдэг, шаарддаг. Тал талаасаа энэ ажилдаа төвлөрч ажиллах нь чухал. Сургууль албан байгууллага ч хуулиар хүлээсэн үүрэг, давуу тал байгаа. Түүн дээрээ дөрөөлөөд сул талаа давуу тал болгох руу явмаар байна. Нэгдэж иргэдийнхээ оролцоон дээр тулгуурлах л хамгийн чухал гэв.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Жаргал: Генетикийн нөөц бол үнэлшгүй түүхий эд

Өчигдөр Генетик нөөцийн тухай хууль боловсруулах ажлын хэсэг ээлжит хурлаа хийв. Генетик нөөцтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг Монголд бий болгохоор Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр БОАЖЯ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран Нагоягийн протоколыг хэрэгжүүлэх төсөл хэрэгжиж байгаа аж. Энэ талаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Нагоягийн протоколыг хэрэгжүүлэх төслийн ахлах зөвлөх Ж.Жаргалтай ярилцлаа.


-Генетик нөөц гэж юу вэ?

-Аливаа амьтан ургамал нь гениэр нөхцөлдөж цаг хугацааны шалгуурыг даван туулсан байдаг. Эдгээрийг судлаад хүнс, эм, гоо сайхны үнэт түүхий эд болгож ашигладаг. Өөрөөр хэлбэл эдгээр биетүүд маш их цаг хугацааг даван туулж өнөөг хүрснээрээ байгалийн цэвэр түүхий эд.

-Манай оронд генетик нөөц хэр их байдаг бол?

-Харамсалтай нь өнөөдрийг хүртэл манай орны генетик нөөцийг тогтоогоогүй байна. Одоо “Генетик нөөцийн тухай” хууль батлагдсанаар энэ ажил хийгдэнэ. Тогтоож, гаргахад маш түвэгтэй асуудал үүснэ.

-Яагаад?

-Био технологи, судалгааны ажлыг маш өргөн хүрээнд хөгжүүлэх хэрэгтэй. Ургамал, амьтан бүрийн генийг судална. Бүртгэлжүүлнэ.

-Өмнө нь энэ чиглэлээр судалгаа хийж байгаагүй юм уу?

-Тэгж үзэж болохгүй. Манай улсад байгаа бүх судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг байгууллагууд өөрсдийн хүрээнд боломжийн хэрээр бараг 50 шахам жил судалгаа хийсэн байдаг. Манай химийн хүрээлэнгийн нэг эрдэмтэн өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдээгүй 100 гаруй биетийг олж тогтоосон байдаг. Хөтөлбөрийн хүрээнд Монгол орны генетикийн нөөц хэр байна, юу байна гэдгийг тодорхойлно.

-Генетик нөөцөд орж болох ямар нэгэн жишээ байна уу?

-Олон сая жилийн байгалийн шалгарал, манай орных шиг эрс тэс уур амьсгалыг даваад өнөөг хүрсэн ургамал, амьтан, бичил биет бол үнэт зүйл. Жишээлбэл, өнгөрсөн жил 2-3 сар бороо ороогүй газрын ургамал бороо оронгуут ургаад сэргээд эхэлсэн. Энэ чинь тэр ургамлын тэсвэрийг баталж байгаа юм. Эрт цагийн гениэ өнөөг хүртэл хадгалж ирсний хүчинд энэ ургамал ийм тэсвэртэй болсон. Зөвхөн бороо биш, зуд, шуурга гэх мэт байгалийн гамшгийг даваад ирсэн.

-Нагоягийн протокол гэж юу вэ?

-1992 онд Бразилийн Рио де Жанейро хотод батлагдсан олон улсын баримт бичиг. Энд дэлхийн 200 гаруй орон оролцсон. Дэлхийн хүмүүс байгалиас хамааралтай амьдардаг. Гэтэл хүн богинохон амьдралынхаа хугацаанд байгалтай зэрлэг харьцаж байна. Эко системээ хайрлахгүй байна. Хэт материаллаг тал руугаа яваад байгаа. Бидний амьдарч байгаа эрин байгаль орчны сүйрлийн эрин болсон. Одоо та бид хоёрыг яриад сууж байхад олон төрөл зүйлийн амьтан ургамал мөхөж байна. Энэ тохиолдолд дээрх протоколоор генетикийн нөөцийг зөв зохистой, шударгаар тэгш хүртэх эрхтэй гэсэн зарчим барина. Гэхдээ энэ хэрэгжихэд нэлээд түвэгтэй асуудал.

-Яагаад?

-Дэлхийн оюуны өмчийн байгууллага эсэргүүцэж байна. Генетикийн нөөц хүнс, эм, гоо сайхны түүхий эд болдог. Гэтэл энэ бүхний технологийн 95 хувийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эзэмшиж байна. Үлдсэн таван хувь нь ядуу буурай орнуудад байдаг. Тэгсэн ч тэр таван хувийг буурай орнуудад байгаа өндөр технологийн компани эзэмшдэг. Гэтэл баялгийн ихэнх хувь нь ядуу буурай орнуудад байна. Тийм учраас тэгш хуваах бодлого хэрэгжихэд хүнд. Эндээс харахад дэлхийн хэмжээнд шударга бус явдал гараад байгаа юм.

-Ийм баялагтай буурай орнуудыг дээрэмдээд байна гэсэн үг үү?

-Шууд тэгж үзэж болохгүй байх. Гэхдээ нарийн хууль эрх зүйн зохицуулалтыг ашиглаад байгаа юм. Нэгэнт буурай орнуудын хууль зүйн зохицуулалт муу учраас тэд өөрсдөө ашиглаж чадахгүй үнэт түүхий эдээ хурдхан баян компаниудад зарж мөнгө болгох бодлого явуулаад байгаа юм.

-Нагоягийн протоколд нэгдсэнээр бидэнд ямар ашигтай вэ?

-Бид баялагаа ашиглах гадагшаа гаргах, гаднаас оруулах, технологи эзэмших гээд олон боломжтой болно. Хууль эрх зүйн орчноо бүрдүүлээд өгчихвөл эдийн засгийн хувьд ч ашигтай.

-Энэ түүхий эд хэр үнэтэй вэ?

-Өндөр хөгжилтэй орнууд энэ чиглэлийн баялагаа үндсэндээ дууссан. Тэд энэ төрлийн түүхий эдэд их хэмжээний хөрөнгө зарж байгаа нь түүхий эд өндөр үнэтэй байх баталгаа. Хүний хүнс, эмийн хэрэгцээ мөнх гэдэг нь ойлгомжтой. Мэдээж урт наслах, залуу харагдах гэдэг хүсэл их бий. Тийм учраас энэ төрлийн түүхий эд мөнхөд үнэтэй байна.

-Энэ түүхий эдийн үнэ цэнэ чухам юунд байгаа юм бэ?

-Олон сая жилийг туулаад ирсэн энэ төрлийн ургамал амьтад одоо өндөр хөгжилтэй орнуудад байхгүй. Тэдний хэрэглэж байгаа зүйлийн ихэнх нь хиймэл. Өвс ногоо гэхэд харахад л сайхан болохоор манай хөдөөгийн өвс шиг сайхан үнэр байхгүй. Энэ сайхан үнэр гэдэг тухайн ургамалд маш олон төрлийн бодис байгаа гэсэн үг. Энэ бүхнээс технологийн тусламжтайгаар ямар ч шинэ, эм, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж болно. Үүгээрээ өндөр ач холбогдолтой. Жишээлбэл манай оронд ургаж байгаа 3000 төрлийн ургамлаас 80 гаруй нь эмийн ургамал гэж судлаачид тогтоосон.

-Тэгээд яагаад энэ үнэт зүйлээ ашиглахгүй байна?

-Одоо янз бүрийн хэмжээгээр ашиглаж байгаа. Зарим гадны эрдэмтэд манайхантай нийлээд судалгаа хийх замаар янз бүрийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэ бүхнийг зохицуулсан хууль байхгүй учраас хэн, хаана, юу хийж байгааг мэдэх арга байхгүй.

-Хууль гарснаар ямар үр дүн гарах бол?

-Тэр хүн чулуу гаргалаа, тэр эрдэмтэн тийм юм хийлээ, тийм өвс гаргалаа гэсэн барих юмгүй юм яриад байгаа байхгүй юу. Энэ бүхэн нь албан ёсны биш, далд байдалд байгаа юм. Хууль батлагдсанаар энэ бүхэн ил болно. Энэ түүхий эдтэй харьцах эрх албан ёсоор нээгдэнэ. Жишээлбэл гадна, дотныхон албан ёсоор судалгаа хийх эрх нээгдэнэ. Манайхан түүхий эдээ авсныхаа тодорхой ашиг өгнө гэх мэт зохицуулалтыг хуульчилна.

-Генетикийн нөөцийн тухай мэдээллийн сан байдаг уу?

-Байхгүй. Одоо НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлнэ. Хууль гараад бүх юм нэг өдөр сайхан болчихгүй шүү дээ. Хууль хэрэгжих нөхцөлийг нь сайн бүрдүүлж өгөх шаардлагатай. Тэр нөхцөлийн нэг нь бидэнд ямар генетик нөөц байгаа тухай мэдээллийн сан хэрэгтэй. Бас уламжлалт генетик мэдлэгийн сан гэж байдаг. Түүнийг бас бүрдүүлнэ.

-Уламжлалт генетик мэдлэгийн сан гэдэг нь…

-Зөвхөн монголчуудад ёс заншлаар дамжиж ирсэн мэдлэг байдаг. Айраг исгэх, өрөм, ааруул. Ямар нэгэн ургамлаар ямар өвчин эмчилдэг гэх хувь хүнд байдаг мэдээлэл бас генетикийн нөөцөд багтдаг.

-Санг хэзээ байгуулах вэ?

-Бид дизайныг гаргаад судлаачдад санал болгосон.

-Энэ мэдээллийн сан нууцад хамаарах уу?

-Үгүй. Гэхдээ тодорхой хязгаартай байх шаардлагатай. Өнөөгийн хүмүүсийн ухамсар янз бүрийн түвшинд байна. Мэдлэггүй хүн ямар нэгэн ургамал дураараа хэрэглээд эрсдэлд орох магадлалтай. Манайхан дам сургаар их үнэтэй ургамал гэж дуулаад нөгөө нөөцийг устгаж мэднэ. Алт руу дайрдаг шиг юм болно. Сургаар нэг ургамлыг ходоодонд сайн гэж сонсоод амь насаа ч алдаж болно. Гэтэл энэ бүхэн чинь мэргэжилтэн хийдэг зүйл байхгүй.


Categories
мэдээ цаг-үе

Ард түмнээ чинээлэг болгосон “Астана”-гийн баялгийн сан

Мянга сонсохоор нэг үз гэсэн үг байдаг даа. Хөгжлөөрөө сүүлийн үед дэлхийд жин дарж яваа Казакстан улсын хөгжлийн нүүр царайг үзэж тольдохоор нийслэл хот нь болох Астана тийш зориод ирсэн аяллын богцноосоо дэлгэе. 1991 онд ОХУ-аас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо олсноос хойших 20 гаруй жилийн хугацаанд Казакстан улсын хөгжил дэлхийн хөгжингүй 30 орны нэг болох зорилтоор хурдацтай хөгжиж явна. Хөгжлийн гол нууц нь улсынхаа дэргэд баялгийн сан байгуулж, баялгийн сангаараа дамжуулж нэн хэрэгцээтэй хөрөнгө оруулалтууд хийхийн зэрэгцээ ирээдүйд хэрэглэгдэж болзошгүй хэмээн мөнгийг авдар авдраар нь нөөцлөн хадгалж чадаж байна.

КАЗАХСТАН УЛСЫН БАЯЛГИЙН САН

Казахстан улсын эдийн засгийн гол салбар нь байгалийн хий, уул уурхайн олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан юм. Газрын тосны нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт ордог мөн чулуун нүүрс, уран, молбидений нөөц, тугалга гэх мэт байгалийн баялаг арвинтай. Ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлж буй тус улсын үндсэн зорилго бол уул уурхайн баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж, үнэт цаасны зах зээлд гаргаж уул уурхайгаас олсон хөрөнгийг баялгийн сандаа хадгалж, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг хийх зорилтоор ажилладаг. Казахстаны хөгжлийн гол нууц гэгдэж буй тус улс хөгжлийн 7-8 төрлийн сан ажиллуулдаг ч Үндэсний хөгжлийн сан, “Самрук-Казына” сан гэх хоёр санг онцлон үзэж болно. Тус хоёр сан нийслэл хот болох Астанад байрладаг. Үндэсний хөгжлийн сан. Тус сандаа ирээдүйд зарцуулагдах мөнгөө хадгалдаг. Эх үүсвэр нь, газрын тос болон хийн орлогоос бүрддэг актив. Энэ сандаа бараг л гар хүрдэггүй. Ирээдүйд хүүхдүүд нь хэрэглэнэ гэж тооцоод, онцгой тохиолдол гарсан үед мөнгө авчихаад эргүүлээд хийчихдэг юм байна. Тухайлбал, дэлхийн зах зээлд нефтийн үнэ буусантай холбоотойгоор 2007-2009 оны үед тус улс эдийн засгийн хямралыг даван туулахад Үндэсний сангийн хөрөнгөнөөсөө 10 тэрбум ам.долларыг авч хэрэглэчихээд эргээд эдийн засаг нь гайгүй болонгуут буцаагаад хийчихсэн гэж байгаа юм. Үр хойчдоо нөөцлөн үлдээж буй мөнгийг яг одоогийн байдлаар барагцаалвал 70-80 миллиард ам.долларын хадгаламж бий гэж үздэг. Энэ мөнгөнийхөө 25 хувийг дотоодын эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үед хэрэглэж болохуйц гэж ангилаад үүн дотроо олон улсын хувьцаанууд, Засгийн газрын бондод ашиглаж болох юм гэж ангилжээ. Үлдсэн 75 хувийг ирээдүй хойч үеийн хуримтлалын сан гэж нэрийдэж гар огт дүрдэггүй. Үндэсний хөгжлийн санг бүрдүүлдэг гол орлогын эх үүсвэр нь шууд татвар, хөрөнгө оруулалтын орлого болон бусад орлогууд багтдаг. Баялгийн нөгөө гол сангийн талаар танилцуулахад “Самрук-Казына” нэртэй. “Самрук-Казына” баялгийн санг хуримтлагдсан активын эргэлтэд оруулдаг. Манайхаар бол Төрийн өмчийн хороо шиг газар. Төрийн өмчийн үйлдвэрүүдийнхээ 51-100 хувийг эзэмшиж, холбогдох санхүүжилтүүдийг нь хийж явдаг сан юм. “Самрук-Казына” санд аж үйлдвэрийн болон санхүүгийн салбарын 404 хараат болон охин компаниуд хамрагддаг. Тус сангаасаа Казахстаны хөрөнгийн биржид хувьцаа гаргадаг бол гадаад, дотоод хөрөнгийн бирж дээр бонд гаргасан орлогыг эргээд сан руугаа хийдэг. Казахстан улс тусгаар тогтнолоо олсон даруйдаа хамгийн түрүүнд эдийн засгийн ардчиллаа түлхүү хөгжүүлээд, араас нь улс төрийн ардчиллаа явуулж буй орон. Ийн дэлхийн улс орнуудад амжилттай хэрэгжиж буй баялагийн сан нь үндсэндээ уул уурхайд түшиглэсэн орнуудын хувьд тус сангаараа дамжуулан ард түмэндээ баялгийн хүртээмжийг хүргэдэн нь “Астана”-гийн жишээнээс тодорхой харагдана. Тус улс баялгийн сан байгуулах туршлагаа Норвегиос амжилттай нэвтрүүлж туршлагыг нь шууд хуулсан гэдэг. Дэлхийн хамгийн чинээлэг иргэдтэй, аз жаргалтай улсын тэргүүн эгнээнд явдаг Норвеги улс баялгийн сан дээрээ дөрөөлөн хамгийн баян орны нэг болж чадсан гэдгээрээ бахархдаг улс. Тус улс уул уурхайн орд газруудаа нэгдсэн зохион байгуулалтад оруулж үүний дараа эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан юм. Норвегийн баялгийн сангийн мөнгөн хуримтлалыг одоогоор 1 триллион ам.доллар гэж үздэг. Одоо энэ их мөнгөнийхөө дөнгөж гуравхан хувийг өнөөдөртөө зарцуулж үлдсэн 97 хувиа хадгаламж байдлаар хадгалдаг. Байгалийн баялагтай улс орнуудын хувьд баялагийг ард түмэндээ эрх тэгш хувааж хүртээх хамгийн сонгодог арга нь баялагийн сан юм гэдгийг дэлхий нийт төдийгүй уул уурхайтай манай улс эхнээсээ хүлээн зөвшөөрөөд эхэллээ.

МОНГОЛ УЛС БАЯЛГИЙН САНТАЙ БОЛОХ БОЛОМЖ

Манай улс нүүрс, алт, зэс, байгалийн хий гэх мэт байгалийн арвин их баялаг нөөцтэй. Газар доорх баялгийн цөөхөн хувийг зөв ашиглаж чадвал улсын нийт хүн ам болох гурван сая хүн амыг баян хангалуун чинээлэг амьдруулчих боломж манайд бүрэн байна гэж үздэг. Дэлхийд баялагийн сангаараа үлгэр жишээ болсон Норвеги улсын үндэсний “Norgest bank”-ны захирлын зөвлөж буйгаар “Баялгийн сантай улс орны ихэнх нь газрын тос олборлодог улс орнууд байна. Дэлхийд өндөр ашигтайд тооцогдох бизнес гэж болохуйц баррель нефтийг олборлоход даруй их ашиг олж байгаа нь харагдаж байна. Гэхдээ Монгол Улсын хувьд алт, зэс нүүрс гэх мэт арвин их баялгийг гуравхан сая иргэндээ тэгш хүртээмжтэйгээр хүргэх нь хангалттай” гэж нэгэнтээ зөвлөсөн байдаг. Баялгийн сангаараа үлгэр жишээ болсон Норвегийн туршлагаас үзэхэд баялгийн сантай улс үндсэн хоёр зарчмыг баримтлах ёстой гэнэ. Эхэнд нь сан нь улс төрөөс хараат бус байх дараа нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн багийг ажиллуулах гэсэн зарчмыг баримтлах. Манай Монгол Улсын хувьд баялгийн сан байгуулж ард түмэндээ уул уурхайн хүртээмжийг хүргэх тухай яриа нэлээн олон жилийн өмнөөс эхлэн яригдсаар л ирсэн. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК байгуулж иргэдэд хувьцаа тараасан нэртэй боловч хэзээ, хэнд, яаж, ямар үр ашиг өгөх нь ерөөсөө ойлгомжгүй тодорхойгүй явж ирсэн. Саяхан манай улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас баялгийн санг жинхэнэ утгаар нь хийх, уул уурхайн баялгийг ард түмэндээ үр өгөөжөөр хүртээх асар том амбицыг өмнөө тавьж буй гэдгээ зарлачихлаа. Юутай ч эхний ээлжинд 1072 ширхэг хувьцааг амилуулах, “Эрдэнэс Таван толгой”-г эргэлтэд оруулах гэх мэт ажлуудаас эхлэх бөгөөд Баялгийн сангийн тухай хуулийн төслийг уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачилж энэ хаврын УИХ-ын чуулганаар өргөн барихаар зэхэж байна. Баялгийн сантай улс орнууд хэрхэн хөгжиж буй тод жишээ бий ч улс улсын хувьд өөрийн онцлог, хуульдаа нийцүүлсэн байх ёстой гэдэг нь тодорхой. Манай улс баялгийн сантай болж ямар байдлаар хэрхэн ажиллах вэ гэдэг барагцаа баримтын талаарх мэдээллээс хуваалцъя. Энэ нь гэхдээ дөнгөж эхэлж буй учраас яг таг хэрэгжих хууль дүрэм биш гэдгийг шүүн тунгаан уншаарай. Манай Монгол Улс баялгийн сантай болох гараагаа эхлүүлэхдээ “Хөгжлийн сан” байгуулна гэж үзэж байгаа. Улсын хэмжээнд 39 стратегийн ордтой гэсэн мэдээллийг ч албан ёсоор гаргажээ. Үүнээс дөрвөн газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн төдий байгаа гэж үздэг. Уул уурхайн ордуудыг эхний удаад төр бүртгэж дансжуулж аваад дараа нь дэлхийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах зэрэг нээлттэй байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах нь сан бий болгох суурь гэж тооцож харж байна. Улс орны эдийн засаг нь бие даасан хүч чадалтай байж улс орон дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгддөг. Үүнд хүрэх алхам бол баялгийн сан. Баялгийн сан байгуулсан тохиолдолд иргэдэд бэлэн мөнгөөр тараах эсвэл төсөв рүү хийх гэх мэт байдлаар шууд зарцуулалтыг урьдчилал болгохгүйгээр юуны өмнө хуримтлал үүсгэх юм байна. Тэгээд ч баялгийн сан бол хэзээ ч бэлэн мөнгийг шууд үрж тараадаггүй, байгаа бэлэн мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулаад түүнээс олсон ашгийнхаа тодорхой хувийг хүртээмжтэйгээр хүргэдэг гэх албан ёсны зөвлөмжтэй байдгийг санацгаая. Манай улсын хувьд гадагшаа экспортод гаргаж буй 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнүүд. Ингэхдээ дахин боловсруулалт хийгдээгүй бараг анхны түүхий эд байдлаараа гадагшаа гарч буй тул үнэ өртөг хямд. Хэрвээ манай улс баялгийн сантай болчих аваас санд хуримтлагдсан хөрөнгөөрөө уул уурхайн салбар, мал аж ахуй, хөдөө аж ахуй гэх мэт салбаруудаа дэмжээд явчихвал хөгжил хаяанд хүрээд ирэх нь баараггүй болох биз ээ. Баялгийн сангаас бий болгосон хуримтлалаар үйлдвэрлэлийг дэмжих хуулийг ч бас давхар хийх ёстой гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар хэлж байна. УИХ-ын гишүүн Л.Болд “Байгалийн баялагтай улсын хувьд манай баялгийн сантай болохоос өөр шилдэг сайн гарц байхгүй” гэж нэгэнтээ хэлсэн нь бий. Манай улсын хувьд мөнгөтэй болоод ирэхийн цагт халамжийн сан болгох эсвэл иргэддээ бэлэн мөнгө тарааж улс төрийн оноо авахад ашиглах гэх мэтээр улс төрийн оролцоог эдийн засгийн харилцаатай хольж хутгах гээд байдаг зовлон өмнө тулгардаг тал бас бий. Жишээ нь, өнөөдрийнх шиг “Таван толгой”-гоос олж буй жаахан орлогоо бид эдийн засаг руу шууд цутгаад байж болохгүй л гэсэн үг. Хуримтлал л бий болгох хэрэгтэй. Норвегийн баялгийн сангийн жишээг татаж авч ирж байгаад Монголын хөрсөнд буулган Их хурлаар хэлэлцүүлэх хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихаар одоо яриа хэлцлийн түвшиндээ явж байна. Ямартаа ч иргэдийн 1072 хувьцаа цаасанд бичсэн тоо төдий байснаа саяхнаас албан ёсоор хувьцаа гэдгээрээ бүртгэгдэхээр болсон байгаа. Үнэ цэнэ оруулахын тулд хувьцаагаа юуны өмнө хөрөнгийн зах зээл дээр гаргах бэлтгэл ажлыг хийх ёстой гэж үзэж байна. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 85 хувь нь төрийн мэдэлд 15 хувь нь иргэдэд 1072 хувьцаа хэлбэрээр бий. Үүнээс төрийн мэдлийн 85 хувийн гуравны нэг хувь буюу 28 хувийг л дэлхийн хөрөнгийн зах зээлд гаргаж болох тооцооллыг ч гаргасан байгаа аж. Ер нь улс орнууд баялгийн сангийнхаа орлогоо үндсэн гурван зүйлээс төвлөрүүлдөг. Тогтвортой орлого буюу Засгийн газрын бондууд, үл хөдлөх хөрөнгө, үндсэн зарцуулалт буюу ашигтай ажиллаж байгаа бизнесийн олон улсын байгууллагуудад хөрөнгө оруулалт хийх гэсэн гурван зарчмыг дагаж буй жишээ байна. Норвеги, Казахстан зэрэг улсын баялгийн сангийн туршлагыг судлан нутагшуулж байгалийн баялагийг жинхэнэ утгаар нь ард түмэндээ хүртээж байж ядуурал, нийгмийн тэгш бус хүртээмжийг арилгана гэсэн чиг хандлага одоо ид хүчтэй яригдаж эхэлж байх шиг байна. Харьцуулалт хийж бичихэд, манай улс чөлөөт зах зээл рүү шилжсэн, Казахстан тусгаар тогтнолоо зарласан цаг хугацаа нь ижил шахам. Үндсэндээ манай хоёр улс нэг гараанаас гарсан. Өнөөдөр эргээд харахад Казахстан улс манайхаас хэд дахин хурдацтай хөгжчихөөд байна. Тус улс Төв Ази дотроо хөгжлөөрөө тэргүүлж байгаа. Ерөнхийлөгч Назарбаев нь 2050 он гэхэд дэлхийн хөгжсөн 30-аад орны тоонд орно гэж том амбицтай төлөвлөгөө гаргаж, үүнийгээ хэрэгжүүлж байгаа. Манай Монгол Улс Казахстан улсын хамтын ажиллагааны хүрээнд болсон Засгийн газрын хоорондын комиссын өнгөрсөн гуравдугаар сард болсон уулзалтын үеэр эдийн засгаа хэрхэн хөгжүүлж буй туршлагаас манай улс суралцах яриа бас яригдсан л байна лээ. Баялгийн сангаараа хөгжсөн Казахстан өдгөө дэлхийн 120 оронтой худалдаагаар түншилж, экспортод газрын тосны бүтээгдэхүүн, хүдрийн түүхий эд, шатахуун, хар болон өнгөт металл гэх мэт эцсийн бүтээгдэхүүн хийж экспортолж байна. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 7427.7 ам.доллар. 2002 оноос хойш гэхэд хүн амын дундаж орлого нь 6 дахин өссөн үзүүлэлттэй. Адилхан байгалийн баялагтай манай улсын хувьд баялгийн сангаа зөв байгуулж эдийн засгийн эргэлтэд оруулаад эхэлчихвэл хөгжлөөрөө бусад улсаас дутах юм ер алга. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар баялгийн сангийн тухай ишлэл үг хэлэхдээ “Монголын төр хэдий хэмжээний баялагтай гэдгээ албан ёсоор бүртгэлжүүлээгүй. Зөвхөн “Эрдэнэс-Таван толгой”, “Багануур”, “Шивээ-Овоо” гэдэг гурван компанийн хөрөнгийг бүртгэхэд 12 их наяд (12,000,000,000) төгрөг гэж гарсан. Харин дээрх гурав тэргүүтэй 12 төрийн өмчит аж ахуйн нэгжийн толгой компани “Эрдэнэс Монгол”-ын нэр дээр ердөө 109 сая төгрөгийн өмч бүртгэлтэй байна. Тиймээс баялгаа тэгш хүртээмжтэйгээр хүргэх ойрын арга зам бол “Эрдэнэс Монгол” компани дээр суурилсан Баялгийн сан байгуулах ёстой гэдгийг олж харсан. “Эрдэнэс Монгол” компанид бүртгэлтэй, ашиглагдаж байгаа дөрвөн ордыг баялгийн сангийнхаа үндсэн суурь болгоно. Цаашид төрийн мөнгөөр хайгуул хийж тогтоосон газруудаа төр өмчлөлдөө авч, үүндээ суурилсан хяналтыг баялгийн сангийн нэгдэл тавиад явна” гэж дурджээ. Манай улс ардчилал ялснаас хойш 27 жилийн хугацаанд уул уурхайн баялгийг хэрхэн хүртээж зарцуулах талаар тодорхой бодлогууд хэрэгжүүлж ирсэн ч эцэстээ 30 гэр бүл, хэсэг бүлэглэлийн гэж яригдах хэмжээнд хүрчихсэн гэж дүгнэж болохоор. Нэг хэсэг гэр бүл л далайн чинадад тансаг амьдраад байж болохгүйг мэдэж байгаа л бол ард түмнээрээ баян хангалуун байх арга замыг өнөөдөр сонгох цаг ирсэн байлтай. Улс, олон нийт хожих ёстой гэдэг дүрмээр бүгд тоглох ёстой. Би биш бид хамтаараа хожих ёстой гэсэн дүрмээр амьдрах цаг яалт ч үгүй өмнө ирчихжээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Цэрэндолгор: “Шинэ үе” сургууль улсын хэмжээнд наймд бичигдэж байна

Шинэ үе бүрэн дунд сургуулийн дэд захирал Н.Цэрэндолгортой уулзаж хөөрөлдлөө.


-Та Монголын боловсролын салбарт хагас зуун жил шахуу ажиллаж. Ажлын гараагаа хаанаас эхлэв?

-Би Завхан аймгийн Сонгино сумын уугуул хүн. Аавыг минь нутгийнхан Баян Ня гэж авгайлдаг Нямаа гэдэг хүн байлаа. Бидний үеийнхэн багаасаа ардын сурган хүмүүжүүлэх ухаанаар л хүн болцгоосон азтай хүмүүс. Аав ээж минь Баян айлын унага даага эрх байдаг. Баян айлын хүүхэд ерөөсөө завгүй байдаг юм. Хоосон айлын хүүхэд гэртээ эрхлээд хийх ажилгүй сууж байдаг гэж хэлдэг байсан. Өнөөдөр сайхан боловсрол мэдлэг олж байгаа, аав ээжийнхээ хөдөлмөрийн үнэ цэнийг мэддэг баян айлын хүүхдүүд байна. Гэхдээ зарим айлын хүүхдүүд ёс суртахууны хувьд доголдож Наймаачдын хүүхэдтэй нэг ангид сурахгүй. Төлбөрөө нэм гэж захирлаа шахлаа ч гэх шиг хачирхалтай зүйл сонсогдож байна. Бидний үед тийм алаг үзэл байсангүй. Ажил анхиатай л хүн болох гэж зүтгэж явснаас хөрөнгө мөнгөөр эрэлхэж дээрэлхэх бодол агуулж явсангүй. Би Сонгино сумын бага сургууль, Цэцэн-Уул сумын дунд сургууль дүүргээд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг 1966 онд дуу хөгжмийн багш мэргэжлээр, УБДС-ийг 1974 онд орос хэл, утга зохиолын багш мэргэжлээр тус тус төгссөн. Хөдөлмөрийн гараагаа Нийслэлийн 23, 32 дугаар сургуулиудад дуу хөгжмийн багшаар ажиллаж эхлэн, 15, 52 дугаар сургуулиудад орос хэлний багшаар ажилласан. Орос хэлний сургалтын чанарыг сайжруулахын тулд түшиц кабинет, сургалтын хэрэглэгдэхүүнийг сэдэвчлэн анги бүрээр хийж, сургалтад чадварлаг, бүтээлчээр ашигласны үр дүнд сурлагын амжилт ахиж, миний хичээл заасан шавь нар орос хэлний олон шатны уралдаан, шалгалт, олимпиадад дүүрэг, хотын хэмжээнд байнга шахуу дэд, тэргүүн байр эзлэх болсон доо.

-Таны шавь нар ч одноос олон болж буй биз?

-Ерөнхий боловсролын сургуульд багшлах хугацаандаа наймдугаар анги гурван удаа, аравдугаар анги хоёр удаа даан төгсгөсөөн. Хариуцсан анги маань 1989, 1991 оны дүүрэг, нийслэлийн шилдэг тэргүүний анги болж л байлаа. Төрсөн дүү Н.Хажидсүрэнгийнхээ үүсгэн байгуулсан Орхон их сургуулийн хичээлийн эрхлэгчээр 1993 оноос арваад жил ажиллалаа. Тэнд ажиллаж байхдаа багш, оюутнуудын дунд танин мэдэхүй, урлаг, спортын төрөл бүрийн тэмцээн, уралдааныг зохион байгуулсанаар манай сургуулийн багш, оюутны баг 1997-1998 онд Центавр, Дэвжээ уралдаант нэвтрүүлгүүдэд түрүүлж, их, дээд сургуулийн оюутнуудын урлагийн наадамд тэргүүн байр эзлэн, есөн оюутан хувийн амжилтаар шагналт болон тэргүүн байруудыг эзэлж байлаа. Надад олон сайхан шавь бий.

-Хүн насан туршдаа суралцаж, бас сургадаг гэдэг дээ?

-Хамт олноо ажил төрлөөрөө тэргүүллээ гэж 1977, 1985 онд ЗХУ-ын Ленинград хотын Герцений нэрэмжит Багшийн их сургуульд, 2002 онд ОХУ-ын Липецк хотын Багшийн их сургуульд тус тус мэргэжил дээшлүүлж боловсролын магистрын зэрэг хамгаалсан. Эрдэм шинжилгээний өгүүлэл арваадыг бичиж, Оросын соёлд нэвтрэх нь, орос хэлний их, дээд сургуулийн оюутны гарын авлага зэрэг хоёр ч ном хэвлүүлжээ.

-Математик-англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Шинэ үе бүрэн дунд сургуулийг хэдэн оноос үүсгэн байгуулав?

-Монгол Улсын ардын болон гавьяат багш, өөрийн хань Маамын хамт 2003 оноос Шинэ үе сургуулийг үүсгэн байгуулалцаж гадаад хэлний сургалт, сурагчдын авьяасыг нээн хөгжүүлэх, хичээлээс гадуурх сургалт зэргийг хариуцан ажиллаж байна. Манай хүнийг Математикийн Маам багш гэхээр хүмүүс андахгүй. Миний хувьд сургуулийнхаа гадаад хэлний сургалтыг сайжруулах талаар ОХУ, Энэтхэг, Филиппин, АНУ-ын тэргүүлэх зэрэгтэй багш нарыг урин гэрээгээр ажиллуулж, Dyned (Online сургалтад суурилсан англи хэлийг заах хосолмол арга) төслийг хэрэгжүүлсэнээр 100 гаруй сурагч хичээлийн бус цагаар англи хэлийг гүнзгийрүүлэн судалж, хэлний мэдлэгээ шаталсан байдлаар дээшлүүлж байна. TOEFL-ын шалгалтын түвшинд хүрч бэлтгэгдсэн сурагчдыг Канадын Green University, Coquitlam College-д элсэн орж тэтгэлэгт сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Манай сургууль Сингапурын SSTC хэлний сургуультай холбоо тогтоож, зуны сургалтад сурагчдын багийг хамруулдаг болсон. Энэ хичээлийн жилээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IB хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Шинэ үе сургууль багш сайтай гэдэг юм билээ?

-Манай сургууль шилэгдмэл тэргүүний багш нартай шүү. Багш нарын 70 хувь нь арга зүйч, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй, сургагч багш нар. Гадаад хэлний багш нарын мэдлэг ур чадвар, сургалтын үр дүнд өндөр ач холбогдол өгч, бие даасан тэнхимийн зохион байгуулалтад оруулан ажилласнаар орос хэлний багш Б.Анар дүүргийн олимпиадаас хүрэл медаль, англи хэлний багш Ч.Нарангэрэл сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд хотод III байр, ур чадварын уралдаанд хотод тэргүүн байр, улсад шилдэг хичээлийн технологийн санд шалгарлаа. Англи хэлний багш Т.Ханджав залуу багш нарын ур чадварын уралдаанд тэргүүн байр, 2015 оны шилдэг илтгэлийн уралдаанд хотод тэргүүлэн, улсад дэд байр тус тус эзэлсэн. Багш Ч.Нарангэрэл 2014 оны ЭЕШ-ийн сэдэв зохиох багийн гишүүнээр ажиллалаа. Энэ туршлагатаа тулгуурлан ЭЕШ-нд бэлтгэх тестийн ном, багш Т.Ханджав бага ангид англи хэл заах сурагчийн болон дадлага ажлын ном, CD бүхий цогц сурах бичиг, багш П.Цэрэндэжидийн бага ангийн англи хэлний сурах бичиг зэргийг хот, улсын хэмжээний сургалтад хэрэглэж байна. Тус тэнхимийг үндэсний сургагч багш О.Ирина удирдан ажилладаг даа.

-Сурагчдынхаа авьяас чадварыг нээх талаар аль хэр санаа тавин ажиллаж байна?

-Сурагчдын авьяас чадварыг илрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, урлаг спортын олон төрлийн дугуйлангуудыг хичээллүүлэн, өндөр мэргэжлийн багш нарыг урин ажиллуулснаар өндөр амжилтад хүрч л байна. Сургуулийн төгөлдөр хуурын дугуйланд 35, морин хуурын дугуйланд 12, бүжгийн дугуйланд 80, найрал дууны дугуйланд 120 орчим, гитар, шатрын дугуйланд 70 гаруй сурагч хичээллэж, сагсан бөмбөг, гар бөмбөг, одон бөмбөг, гимнастикийн секц дугуйлангуудад нийт сурагчдын 40 гаруй хувь нь хамрагдан авьяасаа хөгжүүлэх, алдар цууд хүрэх таатай боломжийг эдэлж байна. Энэ ажлын үр дүнд хот, дүүрэг, улсын урлаг, спортын уралдаан, тэмцээнд манай сурагчид амжилт үзүүлэхийн зэрэгцээ олон улсын хэмжээнд ч өндөр амжилт үзүүлж ирлээ. Сурагч Б.Хулан Татар ажиллагаа киноны гол дүрийг бүтээж, БНСУ-ын Гуанжу хотод болсон бүжгийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс гран при, Гонконгийн бүжгийн тэмцээнээс алтан медаль, сурагч Г.Нямжаргал Францын Монте Холиба хотод болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнээс алтан медаль, Бээжин хотод болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль, сурагч Эгшиглэн Францын Монро-Либон хотод зохиогдсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнээс гран при, сурагч Б.Мөнхнаран тус тэмцээнээс мөнгөн медаль, сурагч Х.Ундрам БНСУ-ын Инчон хотод болсон бүжгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс гран при зэрэг өндөр дээд шагналуудыг тус тус авлаа. Мөн Дархан хотноо жил бүр зохион байгуулагддаг өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдаанаас сүүлийн жилүүдэд алтан медаль дөрөв, мөнгөн медаль гурав, хүрэл медаль гурав, тусгай байрын шагнал наймыг тус тус хүртээд байна. Манай сургуулиас Д.Сайнцэцэг, Б.Тэлмэн нар усан спортоор хот, улсын удаа дараагийн аваргаар шалгарч ДОХА-гийн Азийн их наадам, Бээжингийн олимп зэрэгт амжилттай оролцсон. Теннисний спортоор З.Төрболд, гимнастикийн спортоор З.Намуунбилэг, шатрын спортоор Х.Уртаа нар улсын удаа дараагийн аварга, медальт байрын эздээр шалгарч нийт спортын мастер дөрөв, дэд мастер гурав төрөн гараад байна.

-Монгол Улсын дунд сургуулиудаас наймд бичигдэж байгаа сургууль гэхээр аргагүй амжилтын буухиатай юм аа?

-Хамт олны маань сэтгэл зүтгэлийн л ач буян юм даа. Манай хөгжмийн багшийн заасан хичээл улсын ур чадварын уралдаанд III байрт шалгарсан. Сургуулийн урлагийн наадмаас шалгарсан бүтээлүүдээр Монголын хүүхдийн ордон, Тусгаар тогтнолын ордонд дөрвөн жил дараалан сурагч, эцэг эхчүүдэд урлагийн тайлан тоглолт хийлээ. Бидний авьяас-2014 уралдаанд багш нарын дөрвөл тэргүүн байр, Бидний авьяас-2015 уралдаанд гоцлол дуу III байр, хамтлаг дуу II байр, багш, эцэг эх, сурагчдын хамтарсан бүтээл дэд байр эзэлж сургуулийн нэгдсэн дүнгээр тусгай байр эзлэн өргөмжлөл нэг сая төгрөгөөр шагнагдлаа. 12б ангийн сурагч Ч.Мишээл UBS телевизийн My voise шоу нэвтрүүлгийн шилдгээр, математикийн багш Б.Идэржавхлан UBS телевизийн My voise шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалтын шилдэг, Орос дууны улсын уралдаанд II байр, UNIVERSE BEST SONGS-2016 наадмын шилдэг 12-т шалгарцгаав. Мэргэжил бүрийн багш нарын дунд зохиогдсон Авьяаслаг багш урлагийн наадмын хөгжмийн багш нарын тоглолтод Х.Эрдэнэбаатар найрал дуунд гоцолж, хамтлаг дуу төрлөөр, Ц.Оюун-Эрдэнэ найрал дуу төрлөөр, математикийн багш нарын тоглолтод Б.Идэржавхлан гоцлол дуу, хамтлаг дуу төрлөөр, Г.Батбаяр хамтлаг дуу төрлөөр, нийгмийн ухааны багш нарын тоглолтод З.Ууганбат хамтлаг дуу төрлөөр, монгол хэлний багш нарын тоглолтод Ж.Пүрэвдорж хамтлаг дуу төрлөөр, мэдээлэл зүйн багш нарын тоглолтонд Л.Батгэрэл хамтлаг дуу, хамтлаг хөгжим төрлөөр тус тус амжилттай оролцсон доо.

-Сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд танайх их анхаарал хандуулдаг бололтой?

-Энэ талаар том ахиц гаргаж 2015 оны зун хичээлийн байрандаа өргөтгөл, засвар шинэчлэлийн ажлыг 1.2 тэрбум төгрөгийн өртгөөр хийж гурван давхар болгохын зэрэгцээ хичээлийн анги кабинетуудыг иж бүрэн шинэчлэн тохижуулж сургалтын таатай орчин бүрдүүлсэн. Мөн энэ ажлын үр дүнд дунд ахлах ангиуд нэг ээлжинд хичээллэх болсноор хичээлээс гадуурх сургалт, давтлага, сонгон суралцах хичээлүүд чанар үр дүнтэй явагдах таатай нөхцөл бүрдээд байна.

Шинэ үе сургууль их олон амжилтын эзнээр тодорч байсан биз?

-Манай сургууль 2005 онд Боловсролын гавьяат үйлстэн хамт олноор, 2007 онд СБД-ийн тэргүүний сургуулиар, 2008 онд СБД-ийн Хүндэт өргөмжлөлөөр, 2009 онд Нийслэлийн тэргүүний сургуулиар, 2010 онд Улсын ТОП-20 шилдэг менежменттэй сургуулиар, 2011 онд Нийслэлийн тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар тус тус шалгарлаа. 2012 онд БСШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн хүндэт Өргөмжлөл, мөн онд Боловсролын үнэлгээний төвийн Батламж, цом, 2012 онд Нийслэлийн Даатгалын ерөнхий газрын Шилдэг даатгуулагч байгууллага өргөмжлөл, 2012 онд Нийслэлийн тэргүүний сургууль, 2014 онд БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийн чанарын шалгалтын тэргүүн байрын Батламж-ийг тус тус хүртсэн. Энэ 2018 онд сургууль байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байна. Манай хамт олны зорилго бол Хүүхэд бүрт чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгох явдал юм. Багш хүний хувьд амжилт гэдэг бол сурагч бүрт эзэмшвэл зохих мэдлэг чадвар, төлөвшлийг эзэмшүүлж, сайн сургаж хөгжүүлэх юм даа. Сүүлийн таван жилд математик, хими, физик, англи хэл, нийгмийн ухааны багш нар маань уралдаанд тогтмол оролцож тэргүүн байруудад шалгарч ирлээ. Сурагчдаа олимпиадад бэлдэж, түүнийхээ үр дүнг үзэх нь багш хүний хөгжлийн оргил амжилт юм. Манай багш нар ингэж хамтдаа хөгждөг туршлагаа хот, хөдөөгийн олон багш нартай хуваалцан хамтран ажиллаж байна.

-Хөдөөгийн ямар аймаг, сумтай холбоотой ажиллаж байна?

-Завхан аймгийн хойд, урд бүсийн семинар, ХУД-ийн багш нарын ур чадвар дээшлүүлэх семинаруудыг зохион байгуулж мөн Булган аймгийн Рашаант сум, Хэнтий аймгийн Мөрөн, Баянмөнх, Өмнөдэлгэр сум, дөрөвдүгээр сургууль, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сонгино сумын багш нартай цахимаар харилцан зөвлөн туслах ажлаа явуулж байна. Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтээс манай хамт олонд Багш-судлаач гэсэн өргөмжлөл олгож хамтран ажиллахаар боллоо.

-Сургалтын чанарын хувьд гэвэл?

-Манай сургуулийн сургалтын чанарыг дүүрэг, хот, үнэлгээний төвөөс өндөр үнэлдэг юм. 4, 5 дугаар ангийн Монгол хэл-ний олимпиадад тогтмол тэргүүн байр эзэллээ. Манай сургуулийн сурагчид англи хэл, математик, хими, физик, нийгмийн ухааны хичээлүүдийн олимпиадад дүүрэг хотод амжилт гаргахын зэрэгцээ ОУ-ын ой тогтоолт, түргэн бодолт, мотоспорт буудлага, англи хэлний мэтгэлцээний төрлөөр амжилт гаргаж шагналууд авчирч байна.