Categories
мэдээ цаг-үе

Ханьтайгаа нэгэн жарныг хамтдаа туулж яваа нас, буян нь тогтсон Ц.ДАНДАРЫНХ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ удаагийн “Танайд өнжье” буландаа ханьтайгаа нэгэн жарныг хамтдаа туулж яваа Цэенпилийн Дандар хэмээх нас, буян нь тогтсон айлыг онцлон хүргэе. Өдгөө 90 насыг шүргэж буй буурлууд Хорооллын эцсийн есөн давхарт оршин суудаг. Ц.Дандар гуайнд зорин очиход хэдийн хоол, цай, идээ будаагаар ширээгээ дүүргэчихсэн хүлээж суув. Гэрийн хоймортоо “Бумбат, Сутай хайрханы ургийн сүлжээ”, “Баянсайхан хайрханы Дархан овогтны ургийн сүлжээ” хэмээх хоёр номыг оройдоо залжээ. Эдгээр номуудад өөрийн болоод ханийнхаа нутгийнхны удам, ураг садны хэлхээ холбоог тэмдэглэн үлдээсэн, арав гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн учир ийн хоймортоо залсан хэмээн тайлбарлав. Ц.Дандар гуай Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг бригадын Задгай хэмээх газар 1932 онд мэндэлжээ. Харин түүний хань Л.Чулуунбямба гуай 1936 онд төрсөн, Төв аймгийн уугуул хүн. Хоёр буурал өдгөөгөөс 62 жилийн өмнө буюу 1956 онд гал голомтоо бадраажээ. Нэгэн жарныг хамтдаа туулж яваа энэ хоёр хөгшин долоон сайхан үртэй гэнэ. Хүүхдүүдээс нь төрсөн хүүхдийнхээ хүүхдийг өсгөж, эрхлүүлэн жаргаж суугаа буянтай буурлууд ажээ. Угтаа ач, зээ, жич, гучийнхаа инээд хөөрөнд сэтгэлээ уярааж, хүн бүрт хүндлүүлэн амьдрах насны буян юм аа гэсээр Дандар гуай бидэнтэй хөөрөглөлөө. Тэрбээр “Би ертөнцөд төрөхөөсөө эхлээд хэнзэдсэн хүн. Одоо бол тавин таван настай өвөө, дөчин тавтай эмээ хоёр 11 дэх хүүхдээ төрүүлбэл бөөн шуугиан болох биз. Аз болоход тэр нь 1932 он байсанд хэн ч гайхсангүй. Бас ч болоогүй ээж минь дөчин еснийхөө жилдээ миний дүүг төрүүлээд отгон охиноо эрүүл чийрэг өсгөсөн юм. Би 20 настай хархүү Ховдоос замын машинд дайгдаж, Улаанбаатарт ирээд ажилчин болчих санаатай тэнэж явахдаа тэр үеийн сумаас олгодог бичигтэн болсон гэсэн хоёр хуруу нарийн цагаан цаас ч авч чадаагүй харанхуй амьтан байлаа. Ховдоос Улаанбаатар руу явах зардал 220 төгрөг байлаа шүү дээ. Тухайн үед аавдаа “Би Улаанбаатар явмаар байна” гэж хэлтэл аав “Чи бид хоёрт тийшээ явах зардал хаана байна” гэхэд нь би малын буянаар болох л байлгүй дээ гэж хэлж билээ.

Нэг өдөр манай нутгийн Жанчив ах сум явах замдаа манайхаар дайрлаа. Тэгэхээр нь ахдаа “Би Улаанбаатар явах гэж байна, зардлын мөнгө өгнө үү” гэсэн захиа бичлээ. Удалгүй ах маань 200 төгрөг надад өгсөн юм. Ингээд Улаанбаатар орох зардалтай ч болчихлоо, аав ч нээх их дургүйцсэнгүй. Уг нь айлын отгон хүү гээд голомтоо сахиж үлдэх учиртай гэж аав бодсон байх.

Ингээд Жанчив ахтай сумын төв орж, тэндээсээ тэмээгээр аймаг орлоо. Аймгаасаа тээврийн тэргэнд суугаад хотод анх удаагаа орж ирлээ. 1951 онд шиг санагдаж байна. Хотын төвийн ганц содон газар гэгдэх Улсын их дэлгүүр гэгч хоёр давхар байшингийн өөдөөс харсан хэдэн навтгар барилга нь “Худалдааны техникум” гэсэн хаягтай харагдав. Сонирхоод хаалгаар нь шагайвал, хэдэн хүүхэд зогсч байна. Энэ сургуульд элсэлт авч байгаа, бид шалгалт өгөх гэж байна гэлцэв. Би тэднийг дагаад орчихов. Бүртгэгч багш сургууль төгссөн гэрчилгээгээ өгнө үү гээд гараа сарвайлаа.

Надад тийм юм байхгүй, би ерөөсөө сургуульд сурч үзээгүй хүн” гэсэнд багш түсхийтэл инээснээ, нэр, хаягаа бич гээд цаас харандаа өгөв. Сургуульд яваагүй ч гэлээ багийн бүлгэмээр шинэ үсэг сурсан, дээр нь алдаагүй, цэвэрхэн биччихдэг байсан болохоор нэр, усаа бичихэд асуудал байсангүй.

Багш миний бичсэнийг хараад шалгалтад ороод үз дээ гэв. Цээж бичиг, дөрвөн аргын тоогоор авсан нөгөө шалгалтад нь тэнцчихлээ. Техникум маань гурван жилийн дараа төгсөгчдөдөө анх удаа диплом олгоход гурван улаан диплом авсны нэг нь би боллоо. Техникумаа төгсчихөөд 1962 онд Ленинградын худалдааны дээд сургуульд явснаар үеийнхнээсээ арав гаруй насаар оройтож Худалдааны эдийн засагч гэх дээд боловсрол эзэмшсэн юм. Дөчин насандаа Монгол Улсын их сургуулийн багш болсон. Насаараа Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга, багшийн ажил хийж, 1992 онд тэтгэвэрт суусан хүн дээ” гэж ярив.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт зохолч Ц.Дандар гэр бүлийн хамт

НУТГИЙНХАНДАА ХҮНДЛЭГДСЭН БУЯНТАЙ ХӨГШИН БААВАЙ

Ц.Дандар гуайг нутгийнхан нь Баавай хэмээн авгайлдаг байна. Баавай нутгийнхаа хамгийн өндөр настай буурлуудын нэг юм. “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа” гэдэг. Монголчууд эрт дээр үеэс өөрөөсөө дээш есөн үе, ураг удмын хэлхээ холбоогоо танин мэдэж, чухалчлан тэмдэглэн, угийн бичгийг хөтөлсөөр ирсэн өнө эртний сайхан уламжлалтай билээ. Энэ эртний сайхан соёл, уламжлал өнөө үед мартагдан баларч, угийн бичгийг хөтөлдөг айл өрх ч ховордон цөөрснөөр цус ойртолт гэдэг аюул дэргэд ирж үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхэд хүрсэн гэгдэж байгаа.

Энэхүү аюулаас нутгийнхныгаа аварч, буянтай үйлс хийсэн хүн нь Баавай аж. Монголын үндэсний төв архивд 10 гаруй жил сууж, бичиг цаастай ноцолдсоны дүнд нутгийнхаа “Бумбат, Сутай хайрханы ургийн сүлжээ” хэмээх дөрвөн боть ном хэвлүүлэн гаргажээ. Мөн ханийнхаа нутгийн ургийн сүлжээг тэмдэглэсэн ном зэрэг ураг, удмын тухай нийт долоон цуврал номоо туурвисан ажээ. Угтаа Ховдын Чандмань, Дарви сумынхан, Төв аймгийн зарим сумын иргэд Баавайгийн гаргасан ураг, удмын номыг уншсанаар өөрийнхөө төрөл, саднаа мэдэж, удам судраа олж авах боломжтой болжээ. Бусдын төлөө арав гаруй жилийн нөр их хөдөлмөр, зүтгэл, өөрийн авьяас, билгээрээ ийн ураг, удмын тухай ном гаргасан хүн байхгүй байх хэмээн Баавай хийсэн бүтээсэн буянтай үйлсээрээ бахархан ярьж байлаа. Тийм ч учраас Ц.Дандар гуайг нутгийнхан хүндлэн, биширдэг байх.

Тэрбээр “Би 2005 онд нутгийнхаа 80 жилийн ойн тухай баримт цуглуулахаар Үндэсний төв архивт очсоноос хойш 10 жилийн дараа 90 жилийн ойд зориулсан номоо хэвлүүлж зорилгоо биелүүлсэн. Манай нутгийн хүн зоны талаар архивт тэмдэглэгдсэн хэдэн мянган хуудастай зузаан цаасыг баргийн эр хүн даахааргүй тийм хүнд ном байдаг юм. Тэр олон мянган хуудсыг эргүүлж, өөрийн хайсан баримтаа олж авч, нэг бүрчлэн тэмдэглэнэ гэдэг их хугацаа шаардсан ажил юм билээ. Манай нутгийн иргэдийн бүртгэл гэхэд 300 гаруй хуудас байсан. Хуучин монгол бичгээр биччихсэн тэрхүү баримтыг кирилл үсгээр сийрүүлж бичээд, ном болгоно гэдэг амаргүй. Гэхдээ арав гаруй жил энэ л ажлыг хийж, долоон боть номоо гаргаснаараа бахархдаг юм аа. Энэ насны минь нэгэн буян болог л гэж боддог” гэлээ.

Нас ная гарсан ч энэхүү номын ажлаа орхихгүй, ямар нэгэн баримт, материалын хойноос үргэлж хөөцөлдөн явдаг” хэмээн түүний том охин, аавынхаа нарийн бичгийн дарга болсон Тунгалаг гуай хэлж байлаа.

Сүүлд Баавай сумынхаа 90 жилийн ойд зориулж “Чандмань сумын түүхэн онцлог, нутгийн олны ургийн сүлжээ” хэмээх номоо гаргасан байна. Тэрбээр 1992 онд тэтгэвэрт гарснаас хойш цаас цоохорлож утга зохиолын болоод орчуулгын хэд хэдэн номоо гаргажээ. Нийтдээ 20 орчим ном хэвлүүлснээ бидэнд харуулж, дурсгал болгон өгсөн юм. Түүний уран бүтээлийн анхны ном нь “Хайрын жигүүртэй орчлон” хэмээх эротик туужууд гэнэ. Энэхүү ном нь өдгөө гурав дахь удаагаа хэвлэгдэн гарчээ.

Баавай “Би 1980-аад оноос сонин сэтгүүлд хэдэн шүлэг, өгүүллэг нийтлүүлсэн. 1993 онд “Ертөнц” сонинд “Номгоны савдаг” өгүүллэг өгсөнд төрийн шагналт зохиолч Д.Гармаа сүрхий үнэлж, ном бүтээхийг зөвлөж, урам хайрласан юм. Хэдэн өгүүллэг бичээд Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Нямаа гуайд толилуулсанд сайшааснаар 1994 онд “Сарны сүү” гэдэг жижигхэн ном гаргасан билээ. Ч.Зориг шүүн тунгаасан тэр ном минь уншигчдаас мундахгүй сайшаал сонсгосон. Олон жил сэтгэлдээ даршлан аагшуулж, олон удаа ноороглон зассаар бичсэн “Хайрын жигүүртэй орчлон” туужаа 2002 онд ном болгон хэвлүүлсэн.

Үүний дараа 2009 онд “Өнчин зэрэглээ” өгүүллэгийн ном туурвисан. Шинэ ном гаргах бүртээ сэтгэл уужирч, хийх бүтээхийн өрнүүн их хүсэл, эрмэлзэл улам дэвэрдэг бололтойдог” гэсээр инээмсэглэлээ. Баавай утга зохиолын ном туурвихаас гадна орчуулгын хэд хэдэн номтой. Тэртээ 1963 онд Ленинградад хоёр жил суралцахдаа орос хэлийг эзэмшсэн нь хожим орчуулгын ном бүтээх эхлэл нь болжээ.

Тэрбээр анх 2005 онд Оросын нэрт зохиолч Борис Воробьевийн “Ойн савдаг өлөгчин” хэмээх Орос, Америкийн онцгой сонин үйл явдалт зохиолуудыг орчуулан гаргасан нь олонд хүрч, чамгүй амжилт олсон байна. Тэрхүү олны сайшаалаас урам авч хоёр дахь орчуулгын номынхоо ажилд орсноор 2006 онд “Илбэчин” хэмээх Америкийн гоц явдалт сод романуудыг орчуулжээ. Түүний орчуулгын бүтээлүүдээс хамгийн алдартай нь Оросын алдарт зохиолч сэтгүүлч В.А.Гиляровскийн “Москва, Москвачууд” баримтат уран зохилын ном нь аж. Энэхүү 450 хуудас номыг тэрбээр 2017 онд орчуулан хэвлүүлсэн байна.

Тэрээр “Энэ ном бол 1800-1935 оныг хүртэлх 100 гаруй жилийн Москвагийн баримтат түүхийг уран зохиолоор найруулсан эссэ роман юм. Тэгэхдээ нийслэл хотын гудамж талбай, байшин барилгууд, бохир усны суваг, хоолой, хүнс худалдааны захууд, оронгүйчүүдийн хонуурууд, ус түгээх худгууд, дэлгүүр, гуанз, халуун усны газрууд, театрууд, олон нийтийн захууд зэргийн үүсэл хөгжил, хэн хэний мэдэлд байгаад хэрхэн устсан, орон зайд нь юу барьж босгосон зэргийг цаг хугацаа, баримтаар нь нотолжээ. “Москва, Москвачууд” нь хотын хүн амын амьдрал ахуйг нууж нэрэлхэж, гоёж чимэглэлгүй яг байгаагаар нь бичсэнээрээ амьд сонирхолтой ном болсон гэж нэрт зохиолч, уншигчид маань дүгнэж хэлдэг” гэв.

Харин тэрээр хамгийн сүүлд Английн эмч, уламжлалт анагаах ухааны салбарын нэртэй төлөөлөгч Майкл Ван Стратены орос хэлээр 1997 онд доктор Н.Мухинагийн орчуулж олны хүртээл болгосон “The good sleep guide” буюу “Нойр залахуй” хэмээх орчуулгын номоо гаргаж, уншигчдадаа бэлэг барьжээ.

Үндэсний төв архив дахь 6000 гаруй хуудастай хүн амын бүртгэлийн ном

Орчуулагч Ц.Дандар гуай өдгөө ерэн насыг шүргэж яваа ч дахин нэг орчуулгын бүтээл гаргахаар хэвлэлтэд өгсөн гэв. Тэр нь Австрийн алдарт зохиолч Стефан Цвейгийн “Магелланы гавьяа” хэмээх баримтад роман. Энэхүү романыг бичсэн зохиолчийг “Танихгүй эмэгтэйн захидал” өгүүллэгээр нь хүмүүс сайн мэдэх биз. Нэртэй зохиолчдын бүтээлийг орос хэлнээс орчуулан хүргэж, уншигчдын мэдлэгийн цангааг тайлж яваа ахмад зохиолч Ц.Дандар гуайн хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор” шагнасан байна. Ц.Дандар гуайн хань Л.Чулуунбямба нь хэдхэн хоногийн өмнө автобуснаас буух гэж байгаад гараа гэмтээж, эмнэлэгт хэвтсэн гэв. Хөгшин маань эмнэлэгт байгаа болохоор аяга цай ууж суухад ганцаардаад эвгүй золиг юм хэмээн ярих энэхүү буурал өдийг хүртэл ханьтайгаа хатуу үг чулуудаж үзээгүй өтөлсөн гэлээ.

Хүн хүнээ хайрлах, хүндэтгэх ухааныг хамгийн түрүүнд хүүхдүүддээ сургадаг хэмээн Баавай ярив. Энэ айлын долоон хүүхдийн хамгийн том нь Д.Батмөнх гуай өдгөө жар хүрч яваа хүн. Удаах охин Д.Тунгалаг нь хэдийн тэтгэвэртээ гарч аавынхаа бичиг, цаасны ажилд тусалдаг гол хүн нь болжээ.

Аав, ээжтэйгээ хамт өтөлж, өнөр бүлээрээ, элэг бүтэн аж төрнө гэдэг хорвоогийн нэгэн жаргал юм санж. Өнгөрсөн амьдралдаа үзэж, туулсан зовлон, жаргал, улс, эх орны нэгэн зууны түүхийг бүтээл туурвилаараа бусдад хүргэж яваа буянтай буурлуудын насны буян нь дэлгэрэх болтугай.


Categories
мэдээ цаг-үе

Н.Наранбат: Монголчууд мэдээллийн технологиор Ази Номхон далайн бүсэд тэргүүлж байгаа

Монголын анхны төрөлжсөн суваг болох SPS спортын телевизийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Монголын Триатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Насанбатын Наранбаттай ярилцлаа. Тэрбээр Intel Mongolia Захирал, Mi­crosoft Mongolia-гийн бизнес хөгжлийн захирлаар ажиллаж байсан ба Юнивишн, Skymedia-г үүсгэн байгуулах төслийн багт ахлан ажиллаж IPTV-г монголчуудад танилцуулсан харилцаа холбооны тэргүүлэх менежерүүдийн нэг билээ. Н.Наранбат усан сэлэлтийн улсын олон удаагийн аварга, триатлоны анхны тамирчдын нэг юм.


-Та мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн чиглэлээр нэлээд олон ажил хийжээ. Юуны өмнө өөрийгөө манай сонины уншигчдад танилцуулахгүй юу. Хаана боловсрол эзэмшив?

-Би 1997 онд МУИС-ийн эдийн засгийн мэдээлэл боловсруулалтын ангийг төгссөн. Хоёр жил “MCS Электроникс” компанид ажиллаад, Нидерланд улсад бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. Ингээд Хүнс, хөдөө аж ахуйн яамны гадаад харилцааны хэлтэст нэг жил ажиллахдаа, голдуу орчуулга хийсэн. Төрийн байгууллагад ажиллах нь миний сонирхол, амьдралын хэв маягт нийцэхгүй юм байна гэж үзээд хувийн салбарт ажиллаж ирлээ. “Скайтел”-ийн маркетингийн хэлтсийн захирлаар 2004 он хүртэл ажиллаж, байгаад 2004-2016 он хүртэл Америкийн “Интел”-ийн Монгол дахь захирлаар ажилласан. 2016-2017 онуудад “Microsoft”-д ажилласан. Нийтдээ 20 гаруй жил мэдээлийн технологийн олон төсөл дээр, хэд хэдэн байгууллагын хариуцсан захирлаар ажиллажээ. Харин одоо өөрийн хувийн бизнес дээрээ түлхүү анхаарч, төлөвлөсөн хэд хэдэн ажил хийхээр шийдвэрлэчихсэн байна. Ер нь манай улс мэдээллийн технологийн нэвтрэлтээрээ Ази Номхон далайн бүсэд тэргүүлэх орнуудын нэг болсон. Нэг хүнд ногдох интернетийн хурдаараа дээгүүрт орж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хүн ам цөөнтэй жижиг зах зээлийн давуу тал юм.

-Мэдээлэл технологийн чиг хандлага ойрын ирээдүйд ямар төлөвтэй байна. Ямар технологи илүү хөгжих вэ?

-Чиг хандлагууд бол харагдаж байна. Тухайлбал, хиймэл оюун ухаан болон роботууд бидний амьдралд нэвтэрч орох нь тодорхой болчихлоо. Бүх л зүйл хиймэл оюун ухаантай холбогдож эхэлнэ. Энэ хэрээр мэдээллийн аюулгүй байдал чухлаар тавигдах болно. Хувь хүний, улс эх орны мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах гэх мэт асуудал үүснэ. Манай улсад мэдээллийн технологи хурдацтай нэвтэрсэн. Маш хурдан хугацаанд улс орныг хамрсан 4G сүлжээтэй болчихлоо, интернет биднийг өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон, тэр хэрээр бид эрх чөлөөтэй болчихсон. Гэтэл энэ салбарын нийгэмд үзүүлэх, үзүүлж байгаа нөлөөллийг тооцох механизмууд дутмаг байгаа болов уу? Хиймэл оюун ухаан, роботууд болон бусад технологиуд ирээдүйд ямар нөлөөлөл авчрах вэ гэдгийг дэлхийн том судалгааны байгууллагууд илүү тодорхой хэлэх байх. Гар утас ингэж хурдацтай нэвтрээд, бидний амьдралд утас ингэтлээ нөлөөлнө гэдгийг бид таван жилийн өмнө ч төсөөлөөгүй байсан шүү дээ. Тэгэхээр ирээдүйд юу болохыг урьдчилан таашгүй. Лэнд.мн гээд санхүүгийн апликейшн гарчихсан байна. Энэ бол нэлээд сонирхолтой технологи. Банкууд энэ чиглэл рүү орох байх. Медтех буюу эрүүл мэндийн технологиуд сүүлийн үед хүчтэй нэвтэрч байна. Боловсролын систем тэр чигээрээ өөрчлөгдөх нь бол тодорхой. Яагаад гэхээр, өнөөдрийг хүртэл аль 1630 онд Ян Амос Комэниусын бий болгосон багш, сурагч гэдэг системээрээ яваад ирсэн. Энэ өөрчлөгдөнө.

-Боловсролын систем хэрхэн өөрчлөгдөх бол. Хүний хийх ажлыг роботууд булаан эзэлнэ гэж байгаа үед хүүхэд, хойч үе юунд бэлэн байх ёстой вэ гэх мэт асуулт бидэнд сонин байна?

-Ямар ч хүн алдаа гаргадаг. Багш гэдэг хүн тэдний адил. Хүн бүр л үргэлж суралцаж байдаг. Дөрвөн жил сураад багш болчихлоо, бүх зүйлийг мэддэг гэдэг чинь өрөөсгөл ойлголт болов уу. Тэгэхээр ганцхан багш бүгдийг заах нь хамгийн зөв аргачлал биш болж байна. Бидний үед хэн нэгнээс илүү их номын санд суугаад, их мэдээлэл олж аваад, мэдээллээ зөвхөн өөрийнхөө тархиндаа хадгалдаг байсан. Хэн их зүйл уншиж мэдсэнээрээ чи надаас, би чамаас илүү гэдэг тогтолцоо байсан. Ингээд мэдсэн зүйлээ зөвхөн өөртөө ашигладаг. Харин одоо болохоор тархийг хэрэгтэй, хэрэггүй олон янзын мэдээллээр дүүргэх шаардлага байна уу, үгүй юу гэдэг асуудал тулгарч байна. Яагаад гэвэл наад захын мэдэхгүй зүйлээ компьютер дээр гүүглдээд мэдчихэж болж байна. Орчин үед өөрт байгаа мэдлэгээ бусадтай хуваалцах ёстой гэдэг тогтолцоо түлхүү орж ирж байна. Би олсон мэдээллээ чамтай, чи олсон мэдээллээ надтай хуваалцаж байж бид зөв шийдвэр гаргана, тэгж байж багаар ажиллана. Ийм систем нэвтэрч байна. Мөн үүнээс гадна өмнө нь мэргэжил эзэмшихийн тулд зөвхөн бичиг үсэг тайлагдсан байх ёстой, байсан хандлага өөрчлөгдөж байна. Ирээдүйд IT-гийн суурь боловсрол дээр нэмэх нь мэргэжил гэх чиг хандлагаар явах нь тодорхой болсон. Чи ямар ч мэргэжилтэй байж болно. Заавал техник, технологийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Жишээлбэл, эмч нар чагнуур бариад л чагнадаг, өглөө 09.00 цагт ирж шинжилгээ өг гэдэг үе өнгөрнө. Мөдхөн хүний биед хэдэн сенсорууд тавиад хооронд нь холбочихно. Чипүдээрээ дамжуулаад, хүний бие эрхтний бүх мэдээллийг 24 цагийн дотор тасралтгүй хянаж байж авчихна. Ингэснээр маш зөв онош гарна. Энэ мэтчилэн аливаа мэргэжилд суурь нь айти, техник технологийн мэдлэг мэдээлэл зайлшгүй хэрэгтэй болж байна. Шинжлэх ухаан технологи, математикийн хичээлүүдийг нэгдүгээр ангиас нь орох хэрэгтэй байх. Мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед дэлхий нийтэд хүүхдэд нэгдүгээр ангиас нь эхлэн заах зайлшгүй долоон хичээл нэмэгдэн орж ирж байна. Тухайлбал, роботын, кодчиллын, вэб хөгжүүлэлт, компютерийн шинжлэх ухаан, инженерингийн гэх мэт. Хүүхдүүд маань маш өрсөлдөөнтэй, шинэлэг мэдлэг, чадвартай нийгэм хүлээж байна даа. Иймд бид ч гэсэн, шинэлэг бодлого гаргаж дээрх хичээлүүдийг ордог болох зэрэгт анхаарвал зүйтэй л байх. Нэг хүн хоёроос гурван мэргэжил эзэмших, хос мэргэжилтэй байх, нэг мэргэжлээрээ олон жил ажиллахгүй байх шаардлага үүсэх зэрэг асуудал бас гарна.

-Манай улс ийм өөрчлөлтөд өнөөдөр хэр бэлэн байна вэ. Технологийн хөгжилтэй нийцэж амьдрахын тулд хамгийн түрүүнд юунаас суралцах хэрэгтэй вэ?

-Шуудхан хэлэхэд бид бэлэн биш байна. Наад зах нь бид төлөвшсөн байна уу гэдгээ дүгнэх хэрэгтэй. Сошиал медиа хэрэглэхдээ хуурамч хаягны араас юу дуртайгаа бичиж байгаа хэрнээ сошиалд бичиж байгаагаасаа шал өөр хэв маягтай хүн байх жишээтэй. Энэ бол төлөвшөөгүй байна гэсэн үг. Тухайлбал, Америкийн Засгийн газраас виз мэдүүлэхийн тулд сүүлийн таван жилийн хугацаан дахь фэйсбүүк хаягийг нь авна гэсэн журам гаргачихсан байна. Хүн сошиал дээрээ өөрийнхөө байгаа байдал, төлөвшлөө, эмоцоо харуулж, өөрийгөө илэрхийлж байдаг. Тогтвортой байдал, төлөвшилт хамгийн чухал. Бид аливааг дөрөвхөн жилээр төлөвлөх биш, ядаж 10,20, 30 жилээр төлөвлөж, хэрэгжүүлж ажилладаг баймаар санагдах юм. Боловсрол гэлтгүй бүх салбарт судалгаа шинжилгээг хөгжүүлж, дэлхий нийт хаашаа явж байна судлах. Энэ дунд бид өөрсдийгөө хэрхэн авч үлдэх вэ гэх мэт асуудлыг бодолцож байх нь зүйтэй юм болов уу гэж боддог. Товч дүгнэхэд, Монгол Улсын язгуур тусгаар тогтнол нь боловсрол, соёл, шинжлэх ухаан болон мэдээллийн технологи дээр тогтох нь нэн тодорхой.

-Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжилтэй, нийгэм өөрчлөгдөж байгаа энэ цаг үед мэдлэг мэдээллээс гадна өөр юуг чухалчлан үзэх ёстой вэ. Хүн гэдэг байгалийн амьтан учраас технологийг авчихсанаар бүх зүйл бас сайн болчихгүй байх?

-Аль ч ажил мэргэжилд хамгийн чухал нь суурь хүмүүжил, тухайн хүний мөн чанар байдаг. Роботоос бид өөр нь зүрх сэтгэлтэй, эмоци мэдрэмжтэй гэдгээрээ ялгардаг. Тэгэхээр төлөвшихийн тулд хувь хүний хүмүүжил маш чухал. Энэ нь тухайн хүний урт хугацаандаа оршин тогтнох суурь, хоолоо олж идэх гол зүйлийн нэг болно. Хувь хүний зөв хүмүүжил, сайн зан чанарууд нэмэх нь мэргэжлээ сайн эзэмшсэн байх. Энэ хоёр дээр сайн боловсон хүчин гэж үнэлэгдэнэ. Хэрвээ гол суурь нь байхгүй бол хичнээн сайн мэргэжилтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгаад ч зан чанар, хүмүүжлийн хувьд бэлтгэгдээгүй бол оршин тогтнож чадахгүй. Манай компани дээр тавигддаг гол шаардлага бол хувь хүний хүмүүжлийг чухалчлан үздэг. Хувь хүний судалгаа явуулдаг, сул тал байвал бид сургалт явуулж засдаг. Тухайлбал, сэтгүүлч мэргэжилтэй хүн олон сэдвийн хүрээнд сайн бичиж болно. Хамгийн гол нь нээлттэй, ёс зүйтэй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх нь чухал. Үнэндээ монгол орон мэдээллийн илүүдэлд орчихоод байна. Уншигчид аль нь үнэн бодит, аль нь худал гэдгийг ялгаж, салгахгүй болчихоод байна. Мэдээллийг түгээх амархан сайт, сошиал олон нийтийн сүлжээгээр шэйрлэчихнэ. Түүний цаана маш том бодит хариуцлага байх ёстой.

-Таны одоо эрхэлж буй ажил болох SPS спортын суваг ямар цар хүрээнд ажиллаж байна. Бас та хувийн ямар салбарт ажиллана гэж байгаа чинь сонирхол татаж байна?

-Манай телевиз Английн Премьер Лиг, Аваргуудын Лиги, NBA зэрэг дэлхийн томоохон лигүүдийг Монголд албан ёсны эрхтэй гаргаж, оюуны өмчийг дээдэлж ёс зүйтэй ажиллахыг эрмэлзэж байна. Удахгүй Монголын өөрсдийн контент хийхэд анхаарна. Монгол бөхийн барилдааны дамжуулалтыг маш орчин үеийн аргаар гаргаж спортын холбоодыг хөгжүүлэх ажлуудыг хийж байна. Ойрын үед хийхээр зорьсон нэг ажил бол хотоос 60-90 км зайтай спортын сургалттай, академик боловсрол олгох ахлах ангийн цогц сургуулийн төсөл дээр ажиллаж байна. Хүүхэд сургууль дээрээ долоо хоногийн таван өдөр байрлаж, гэрээсээ хол байснаар наад зах нь гэр бүлийн үнэ цэнийг ойлгож эхэлнэ. Бие даах чадвар, хүмүүстэй харилцах, найз нөхөдтэйгөө харилцах зэрэг чадварт суралцана. Спортоос гадна, академик боловсрол, урлагийн хүмүүжлийг олгоно.

-Таныг спортын улаан хорхойтон гэж хэлж болохоор. Та олон жил спортоор хичээллэж байгаагийн ач холбогдлыг хэрхэн хардаг вэ?

-Би 1986 оноос хойш усан спортоор хичээллэж эхэлсэн. 1994 онд усан спортоор Монголын анхны спортын мастерийн болзлыг хангасан. 1997 онд сургуулиа төгсөөд спортоосоо хэсэг хөндийрч, 2001 оноос дахин хичээллэж, 2004 оноос триатлоны холбоонд орж хичээллэж байна. Усан спорт, дугуй, гүйлтийг хослуулсан триатлоны уриа үг надад маш их таалагддаг. Бие махбодь, ухаан, зүрх гурвын нэгдэл бол триатлон юм гэсэн үг. Бид өдөр тутам стресс бухимдалтай нийгэмд амьдарч байна. Энэ бол нэг талаараа миний стрессээ тайлах аргын нэг. Заримдаа шийдвэрлэж чадахгүй асуудлууд тулгарлаа гэхэд ганц, хоёр цаг спортоороо хичээллээд л нөгөө шийдвэрлэж чадахгүй байсан асуудлын хариултууд тодроод гараад ирдэг. Өдөрт би өглөө нэг цаг, орой хоёр цагийг спортод тогтмол зарцуулж байна. Өдөр бүр гурван цаг спортоор хичээллэж байгаа учраас их зүйлийг унших, мэдэх шаардлагатай байдаг. Ядаж зөв хооллолт, амьдралын зөв хэв маяг гэх мэт талаар унших хэрэгтэй. Би өөрөө дөрвөн хүүтэй. Хөвгүүдээ ч спортоор дамжуулан хүмүүжүүлж байна. Спорт махан бие, тархи, сэтгэлгээг хөгжүүлдэг. Спортоор хичээллэснээр ирээдүйд амьдралын олон асуудлыг зөв даван туулах тэсвэртэй болдог гэх мэт маш олон давуу талтай.


Categories
мэдээ цаг-үе

Д.Алтанхуяг: Бие минь харьд байгаа ч сэтгэл минь Монголдоо шүү

Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягтай цахимаар холбогдож ярилцлаа.


-Та одоо хаана, ямар ажлаар явж байна вэ?

-Би хэд хоногийн өмнө Японы Токио хотоос Нью-Йоркт ирчихээд байна.

Тэнд Олон улсын тэмцээний шүүгчээр ажилласан юм. Тэр тэмцээнд 220 гаруй оролцогчидтой есөн орны бүжигчид, залуу, өсвөр үеийн балетчид цугласан.

-Та АНУ-д ер нь суурин байгаад байх шиг байна. Хамгийн сүүлд Монголд хэзээ ирсэн бэ?

-Манай гэр бүл Нью-Йоркт суурин байгаа. Сүүлд Монголд өнгөрсөн арванхоёрдугаар сард “Цөмөөхэй” балетаа тоглож дараа нь хоёрдугаар сард Олон улсын тэмцээнийхээ бэлтгэл ажлаар Монголдоо очсон. Ер нь байнга тасралтгүй холбоотой ажилладаг болохоор бие минь харьд байгаа ч сэтгэл минь Монголдоо шүү дээ .

-АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа хэвээрээ байх нь ээ?

-“Бостон балет”-д үндсэн бүжигчнээр ажиллахгүй байгаа. Харин олон улсад аялан тоглох менежментийн тал дээр бол харилцаатай ажилладаг.

Одоо Нью-Йоркт “Сирио Коллектив” гээд өөрсдийн байгуулсан компанидаа их цаг зарцуулж байна. Яваандаа олон улс, тэр дундаа Ази тивтэй ойрхон ажиллах төлөвлөгөө байгаа. Мэдээж Америкийн талтай байнга ажил, амьдралын холбоотой явна л даа.

-Та сая олон улсын тэмцээний бэлтгэл гэж ярилаа. Хэзээ болох тэмцээн юм. Бэлтгэл ажил нь хэр яваа вэ?

-Энэ тэмцээн маш өргөн утга агуулгатай. Том тэмцээн манай эх оронд болох гээд байна. Манайд дэлхийн урлаг болох балетын урлаг хөгжөөд 60 гаруй жил болохдоо олон сайхан уран бүтээлчид энэ урлагт бие, сэтгэлээ зориулан, зориулсаар байгаа билээ.

Иймд манай улс нэгэнт хөгжчихсөн энэ сайхан урлагаараа дамжуулан эх орноо олон нийтэд сурталчилах, мэргэжлийн үүднээс асар олон давуу тал олж авах гээд энэ тэмцээний ач холбогдлыг яривал их урт жагсаалт болно шүү. Ирэх сарын 30-наас зургадугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотод уг тэмцээн маань болно.

-Одоогоор хичнээн орны балетчид оролцохоо илэрхийлээд байна вэ?

-Эл тэмцээн маш чухал өнцгөөс бидний ирээдүйн үнэлэмжийг дэлхий дахинд харуулна гэдгийг л маш сайн ойлгож дор бүрнээ хариуцлагатай гүйцэтгэл сайтай ажиллах нь тэмцээний зохион байгуулагчид болон манай хамт олноос хамаарч байна.

Тэмцээн болно гэснээс хойш олон улсын балетын ирээдүй болсон залуу уран бүтээлчид сонирхох, гайхах зэрэгцэн хүлээн авч байна. Зарим монголчууд ч ийм том тэмцээн эх оронд нь зохиогдох гэж байгааг дуулаад гайхаж байна шүү. Одоогоор Хятад, Орос, Солонгос, Куба, Сингапур, Япон, Казахстан, Герман, Филиппин зэрэг орны балетчид оролцохоо илэрхийлээд байна. Оролцогчдыг дагаад энэ урлагт дуртай сонирхдог үзэгчдээс эхлүүлээд мэргэжлийн олон хүн ирэх хандлагатай байгаа. Жишээлэхэд, Сингапураас 7-9 оролцогч орох байх, түүнийг дагалдан 14 хүн хамгийн багадаа ирнэ. Тэдэн дунд эх орондоо их зүйл бүтээсэн хүндтэй алдартай хүмүүс багтаж байгаа гэхээр та бүхэнд бас энэ тэмцээний ач холбогдол эхнээсээ харагдаж байгаа байх. Мөн Хятад улсаас их сургууль, Шанхайн Балетын төв, Урлагийн яамны өндөр албан тушаалтнууд ирнэ. Энэ мэтээр маш олон ажил бидний хэлдгээр хөшигний ард өдөр шөнөгүй үргэлжилж байна даа.

Бид тэмцээнийхээ бэлтгэлийг эртнээс базаасан. Энд нэг зүйл дурдахад, манайд болох олон улсын балетын тэмцээний өмнө БСШУ-ы сайдын ивээл дор хоёр дахь удаагаа зохиогдох гэж буй өсвөр, залуучуудын 6-18 насны хооронд болох балетын тэмцээн бий. Түүнд оролцоод хоёрдугаар шатандаа тэнцсэн 12 наснаас дээш оролцогчид маань олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм. Олон улсын тэмцээнд оролцсон Монголын шилдэг оролцогчдоос дараа дараагийн олон улсын тэмцээнд оролцох урилга хүлээн авна гээд шаталсан боломжууд нээгдэнэ гэсэн үг л дээ. Шанхайд ирэх наймдугаар сард Олон улсын балетын тэмцээн болно. Тэр тэмцээнд оролцоход зардлыг нь 100 хувь даах юм. Ингэхээр энэ тэмцээн маань дэлхийд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн байгаа.

-Өмнө нь манайд ийм том хэмжээний, өргөн цар хүрээтэй балетын уралдаан болж байсан уу?

-Үгүй, анх удаа болно. Манай агентлагийн Эрдэнэбат захиралтай анх энэ тэмцээний талаар ярьж эхэлснээс хойш олон хүн сайхан хүлээн авсан. Харьяа яамны сайд Цогзолмаа дэмжиж, бүр Ерөнхий сайдад уламжлан танилцуулсан. Энэ удаад Олон улсын тэмцээнийхээ Удирдах зөвлөлийг байгуулан, тэмцээний хороо гэж шинээр гаргах юм. Мөн Монгол Улсад Балетын сургууль жинхэнэ утгаараа асар өндөр зэрэглэлд байх талаар хэлэлцэх арга хэмжээнүүд ч болно.

Балетын сургууль бол бидний ирээдүй хойч үед үгүйлэгдээд байгаа зүйл. Би олон улсын тэмцээнд оролцох гээд зардал хайгаад бөөн юм болдог байлаа. Зардлаа олж очоод өрсөлдөж байхдаа гадны бүжигчдийг хараад “Энэ тэмцээн эх оронд минь болж байсан бол ямар гоё угтан авч байх байсан бол доо” ч гэж бодогдоно. Өвдөж байхад ганцаараа байх хэцүү, шүүгчдийг хараад би Монгол гэсэн шиг бүхнийг тэвчээд тайзан дээр гардаг байлаа. За тэгээд хамт олон, гэр бүл, ах эгч нар хажууд байх шиг сайхан зүйл хаа байх вэ дээ. Дэмжигчидтэйгээ ямар хамт гадагшаа бөөнөөрөө явж чадах биш. Энэ үүднээсээ манайд болох олон улсын тэмцээнийг боломж гэж би харж байгаа.

-Та хэзээ эх орондоо ирэх вэ?

-Тэмцээнийхээ ажлаа бодвол одоо ч яваад очмоор байна. Гэхдээ энд төлөвлөсөн ажлуудаа дуусгаад тэмцээн болохоос хэд хоногийн өмнө очно. ДБЭТ, болон Яамны газрын дарга Сэргэлэн, Нийслэлийн Соёл урлагийн газрын хамт олон, Соёл урлагийн агентлаг, Монголын Балетын Хөгжил сан, Монгол Улсын консерватор, Соёл урлагийн их Сургууль, Засгийн газар гээд холбогдох хүмүүс, ажлын хэсгийн хамт олон, мөн сайн дурын ажилтан залуус гээд бид олон улсын тэмцээнийг анх удаа хийхэд бэлэн болсон байгаа. Мэдээж эхнийх алдаа оноо, боломж, ойлгох, ойлгохгүй зүйл их л гарч байгаа ч бид үүнийг хийснээрээ дараа дараагийн ажилдаа туршлага хуримтлуулна гэж найдаж байна.

-Монгол сонгодог урлагийн театртай гэхээр гайхдаг цаг хэдийнtэ өнгөрсөн. Монголд дэлхийн шилдэг найман балетчины нэг байдаг гэхээр зарим үзэгч итгэдэггүй?

-Би бол ардын авьяастны өлгий Ховд аймгаас төрсөн Ардын биелээч Дугараагийн хүү Алтанхуяг. Дотооддоо балетаар бэлтгэгдэн гарсан анхны ангийн төгсөгч. Багаасаа аавыгаа даган урлагт дуртай болсон хүүхэд. Хэрвээ балетчин болоогүй бол ардын бүжигчин байх байсан. Балет дэлхийн өнцөг булан бүрт хөгжиж байна. Бүжгээр бол балет нь дэлхийн хэл гэж ойлгож болно. Бид хэлгүй бол хөлгүй гэдэг. Бүжиг бол бидний амьдралын баяр баясал гунигаа илэрхийлдэг сэтгэлийн хэллэг, үүнийг дэлхий дахинаар, урлагаар дамжуулан хоорондоо холбогдож байгаа илэрхийлэл гэж ойлгоцгоодог. Иймээс бид дэлхийн энэ хэлийг мэдэж, шинэ үг бүрийг нь үр хүүхдүүддээ сургаж байх юмсан. Энэ их урлагийг зөв хурдацтай хөгжүүлэх л хэрэгтэй байна даа.

Би мундаг биш ээ, бас л сурах гээд мэдэхгүй зүйл ихтэй хүн энд байна.

-Хүн өнгөрсөн үеийн үргэлжлэл. Энэ урлагт хөтөлсөн эрхэм хүмүүс, багш нарынхаа тухай дурсвал?

-Энэ урлагт хөтөлсөн аав маань, сурах гэж тэвдэж явахад минь тусалсан ах, дүү төрөл төрөгсөд, анд найзууд, ачит багш нар, сургууль, театрын хамт олон, гадна дотны гэлтгүй сэтгэл гаргасан хүмүүсийн ачийг хийж буй үйлээрээ хариулж хойч үеийнхэндээ мөн тэдэнтэй адил тус хүргэж ухаан зарж явах юмсан гэж дотроо бясалган явдгаа илэрхийлье. Их урлагийг анх эх оронд минь хөгжүүлэхэд зориулсан тэр их сэтгэлд нь бишрэн Монголд болох гэж буй Олон Улсын Балетын анхдугаар уралдааныг ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва гуайн нэрэмжит болгож байгаад баяртай байна. Та бүхэн бултаараа дэмжин оролцоорой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “С.Баяр, Ч.Сайханбилэг шиг зориглох Ерөнхий сайд ойрын үед төрөхгүй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” буланд Монголын анхны хурандаа гэр бүлд зочиллоо хэмээн өгүүлсэн байна.

“Улс төр” нүүрт С.Баяр, Ч.Сайханбилэг шиг зориглох Ерөнхий сайд нар ойрын үед төрөхгүй хэмээн өгүүлжээ.

Ж.Мөнхбат: Хууль зөрчсөн, алдаа гаргасан бол сайдуудтай хариуцлага ярих ёстой хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

Өдрийн сонины “Энэ тухай” буланд Су.Батболд “Аз жаргалтай хот” байгуулахгүй бол Ардын нам 2020 онд сөнөнөхэмээн ярьжээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Ажил олгогчдын эрх ашгийг хамгаалсан тодорхой заалтуудыг нэмэх шаардлагатай байна хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Цаг үе” нүүрт Ю.Үнэнбүрэн: Энэ байдлаараа арван жилийн дараа хурдан морь унах хүүхэдгүй болно байх хэмээн ярьжээ.

МҮБХ-ны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр: Ойлголцохгүй байсан хүмүүс нь ажлаа өгөөд явчихсан байхад дахин асуудал үүсгээд байгаа нь тэр хүмүүст өөр ашиг сонирхол байна хэмээн ярьсныг “Баримт үйл явдал” нүүрээс хүлээн авч уншаарай

“Өдрийн сонин”-ы “Спорт” буланд Доржсүрэнгийн Сумъяа долоо дахь удаагаа улсын аварга боллоо хэмээн өгүүлжээ.

Л.Уранчимэг: Бүсгүйчүүд Эрдэст ийлдсийг хэрэглээд арьсаа 5-10 насаар залуужуулж байна хэмээн ярьсныг“Энэ тухай” нүүрээс уншаарай.

“Дэлхий мэдээ” нүүртАНУ ба түүний холбоотнууд Сирид цохилт өглөө хэмээн өгүүлжээ

Д.Цэцэнбилэг: Төрийн хяналт шалгалтыг цомхон болгох нь бизнес эрхлэгч нарт тустай юм хэмээн “Цаг үе, үйл явдал” нүүрт ярьжээ

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Маргаашаас эхлэн өрийн албан хаагчдын ажил 8 цагт эхэлнэ

улаанбаатар хот зурган илэрцүүд

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Маргааш буюу энэ сарын 16-наас эхлэн төр захиргааны байгууллагуудын ажлын цаг 30 минутаар урагшилж, 08.00 цагт эхлэхээр болсон. Тарах цаг нь ч мөн адил урагшилж 17.00 цагт ажлын цаг дуусах юм.

Шинэчилсэн ажлын цагийн хуваарьт нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн 32 мянган албан хаагч хамрагдах юм байна. Энэ шийдвэр нь нийслэлийн түгжрэлийг сааруулах зорилгоор хавар, зуны бүтээн байгуулалтыг өрнүүлэх хугацаанд хэрэгжих юм.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлана

zamТөмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн урд гүүрэн гарц барих төслийн ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг “Оддын хотхон” хорооллоос Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзвар хүртэл хязгаарлана.

Энэ үеэр хэвтээ тэнхлэгийн буюу Нарны зам дагуу мөн Home plaza төвийн хойд зам, Юнескогийн гудамжаар тээврийн хэрэгсэл зорчих боломжтой юм. Иймд иргэд та бүхэн өөрсдийн явах чиглэлийн автозамыг зөв сонгон, хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцохыг Замын Цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэнэ

borooДөрөвдүгээр сард Монгол орны нутгаар цаг агаарын байдал тогтворгүй. Хоног хоорондын температурын хэлбэлзэл зарим өдрүүдэд 10-15 градусаар хэлбэлзэхээр байна. Олон жилийн дунджаар сарын дундаж хэм Хөвсгөл, Алтай, хангай, Хэнтийн нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байх бол бусад нутгаар 3-8 хэмийн дулаан байх төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн нийт нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна гэж мэдээлжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд баруун болон төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын зарим газраа бага зэрэг бороо, хур тунадас орно. Мөн дөрөвдүгээр сарын 19-нд нийт төвийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна.

Салхи 16, 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-19-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэжээ.

Categories
мэдээ спорт

Америкийн үндэсний сагсанбөмбөгийн лигийн “ПЛЭЙ-ОФФ”-ын тоглолтууд эхэллээ

Холбоотой Зураг

NBA-гийн плэ-оффын эхний шатны тоглолт өнөөдөр эхэллээ. Өрнөд бүсийн хоёрдугаар байраар гарсан аваргаа хамгаалагч Голдэн стэйт Варриорс, Сан-антониа Спүрстэй эхний тоглолтоо хийж 113-92-ын харьцаатай буулган авч цуварлыг тэргүүлж эхэллээтус тоглолтод дайчдын хамгаалагч Клэй Томпсон 27 оноог 84 хувийн гүйцэтгэлтэй үзүүлж багаа ялалтад хөтлөв.

Мөн тус бүсийн зургаагаар гарсан Нью Орлэанс Пэликансчууд гурваар гарсан Портланд Трэй Блэйзэрсчуудыг талбайд нь 97-95-аар яллаа. Болжморуудын лидэр Энтони Дэвис 35 оноо, 14 самбараас бөмбөг авалтаар багаа тэргүүлсэн бол хамгаалагч Жрү Холидэй тоглолтын сүүлийн мөчид гайхалтай тоглолт үзүүлсэн юм.

Харин Дорнод бүсийн тэргүүн баг Торонто Рэпторсчууд Вашингтон Визардсыг талбай дээрээ 114-106-ийн харьцаатай буулган авлаа. Тэд багаараа гайхалтай байж зургаан тоглогч 10-аас дээш оноо түүж эхний ялалтаа хүрсэн юм. Харин гурваар гарсан Филидэлфа 76-чууд багийн лидэр Жоэл Эмбийдийн эзгүйд Миами Хитийг130-103-ийн харьцаатай бут ниргэв. Шинэ тоглогч Бэн Симмонс 17 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 14 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн нутгаар аялахад үзэх газрууд

Хужиртын рашаан зурган илэрцүүд1.Арц богд

Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй. Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул.

Уулын өвөр тал нь нилээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. Ийнхүү Арц богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг.

2.Хужиртын рашаан


Хужирт рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 390 км хатуу хучилттай замаар явж очдог бөгөөд нуруу, үе мөчний архаг өвчнүүд, шохойжилт, ясны сийрэгжилт, ясны гэмтэл, хугарлын үлдэц, мэдрэл, цус харвалтын дараах саажилт, эмэгтэйчүүдийн үргүйдэл, өндгөвчний болон бөөр давсгийн архаг үрэвсэл, хүүхдийн түнхний дутуу хөгжил, мултрал, арьсны өвчнүүдэд маш сайн бөгөөд анагаах увдистай. Мөн рашааны эрдэс бодис, бичил элементүүд арьсанд нэвчсэнээр арьсыг зөөлрүүлж, үрчлээг тэнийлгэн залуужуулах шидтэй. Эмчилгээний гол хүчин зүйл нь тослог хар өнгийн лаг шавар, газрын гүнээс оргилох 56 хэмийн халуун рашаан бөгөөд бариа засал, зүү төөнүүр, физик эмчилгээ болон хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх биеийн тамир, хийн дасгал, энергийн эмчилгээ хийж үйлчилнэ. Хордлого тайлах, ясны сийрэгжилт тодорхойлох, цахилгаан массажны орчин үеийн аппаратуудаар таныг оношилж эмчилнэ. Мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, уламжлалт эмчилгээний эмч нар ажиллаж, тусламж зөвлөгөө өгдөг байна.

3.Монгол түмний морины их шүтээн

Монгол түмний морины их шүтээн зурган илэрцүүд

Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор юм. 2007 оны 8 дугаар сард ард олноо нээн хүртээл болгосон. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. 1709 онд ламын гэгээнийг 5 настай хоёрдугаар дүрд тодруулан ширээнд залж их даншиг наадам хийхэд 1000 гаруй хурдан хүлгээс Аравгар хээр морь түрүүлэн ирж мөнхөрсөн ажээ. Их шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь 5 метр өндөртэй бөгөөд түүн дээр их шүтээнийг босгоход хувь нэмэр, хандив туслалцаа өргөсөн байгууллага хүмүүсийн нэрсийг мөнхжүүлэн бичжээ.

Хагас тойрог хэсэгт 12 багана босгож, хойморт нь 3 метр өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулжээ. Төв дунд нь газар газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт аравгар хээрийн хөшөөг босгож, хүрд ба сангийн бойпор байрлуулжээ. 12 багана хооронд 10 дурсгалын самбар байрлуулж ивээн тэтгэсэн компаний нэрийг бичиж мөнхжүүлсэн байна. Төв хэсгийн гадна талаар 25 метрийн диаметртай тойрог бүхий хашаа барьж, дотор талаар нь мод тарьж, орох талдаа 3 метр өргөн явган хүний замтайгаар бүтээжээ. Гадуурхи 108 суварга нь 2008 оны 5 дугаар сараас эхлэн баригдсан бөгөөд түүний 96 суварга нь 2.6 метр өндөр бол үлдсэн 12 суварга нь 3 метр өндөр юм. Суварга болгоны сууринд жаргалын найман морийг хоёр хоёроор нь дөрвөн талд нь гадагш харуулан бүтээж, суурины дотор талд нь найман тахилыг хоёр хоёроор нь дөрвөн талд нь тус тус товойлгосон байна. Эдгээр нь бурхадад байнгын өргөл өргөж байгааг илтгэхийн зэрэгцээ ард түмэн маань жаргалын найман морь шиг үргэлжийн аз жаргал, цог хийморьтой байхыг бэлгэджээ.

4.Хархорум хот

Холбоотой ЗурагМонгол улсын түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн залгаа байрлана. /Хархорин хот нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарйн 13-ны өдрийн өдрийн 256 дугаар тогтоолоор үр тарийны чиглэлийн “Хархорин” нэртэй сангийн аж ахуй байгуулагдсан./

1957 оны12 дугаар сард Хархорин сумын АДХГЗ байгуулагдаж, Архангай аймгийн харъяаллаас Өвөрхангай аймгийн харъяалалд шилжүүлсэн байна. 1956 онд худалдааны аг?нт, бага эмчийн салбар, 1857 онд худалдаа бэлтгэл анги, бага сургууль байгуулагдаж улмаар холбоо банкны салбар, ясли, цэцэрлэг байгуулагдан өргөжин хөгжижээ.

Вангийн овоо, Ганган-Орхон, Эрдэнэ толгой, Нарийн хүр, Онгоцон-Ухаа, Жалбаа, Шанх, Орхон гэсэн 8 багийн 3628 өрхийн 12601 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 2-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог.

Байршил:

Хархорин сум нь монгол орны төв хэсэг Хангайн бүсэд нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт 343 км,аймгийн төв Арвайхээрээс 138 км-ийн зайтай оршдог. Сумын нутаг дэвсгэрийн баруунаар Архангай аймгийн Хотонт, хойд талаараа мөн аймгийн Хашаант, зүүн урдуур өөрийн аймгийн Бүрд,Зүйл, урд талаараа Хужирт сумуудтай тус тус хиллэдэг.

Газар зүйн онцлог:

Сумын төвийн байрлал хойд өргөрөгийн 47,11, зүүн уртрагийн 102, 48 солбилцолд далайн түвшнээс дээш 1460-1500м өндөрт оршдог. Мөн улсын хөгжлийн гол тэнхлэг-Мянганы замаас 114 км, бүсийн хөгжлийг тэтгэх босоо тэнхлэгээс 20 км, сумаас бүсийн хойд хилийн гарц Бага Илэнхи хүртэл 516 км8 Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн боомт 512 км-т тус тус байрладаг. Баянхонгор аймгаас 338 км, Булган аймгаас 235 км, Орхон аймгаас 278 км, Архангайгаас 128 км, Мөрөн хотоос 541 км-т оршдог. Хархорин сум нь Хангай Хэнтий уулст их мужийн Хангайн дэд мужийн зүүн хэсэгт хамрагддаг учир гадаога нь ?рөнхийдөө нам уулсын байдлаас голын хөндий рү шилжих элэгдэл хуримтлалын хэв шинж зрнхилсон голын болон голын хурдаст талархаг гадаргад байрладаг.

5.Эрдэнэ зуу хийд

Холбоотой ЗурагЭнэхүү хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт гуравдугаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.

6.Тэвш уул

Тэвш уул зурган илэрцүүд

Өвөрхангай аймгийн Богд сумын зүүн хойд талд салбарлан тогтсон хар уулыг Тэвш уул гэдэг. Эргэн тойронд нь олон тооны булш, хадны сүг зураг байхаас гадна хиргисүүрүүд нилээн бий. Тэвш уулын хадны сүг зурагт янз бүрийн ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн амьдрал ахуйг харуулсан зургууд голлоно.

Буга, янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлон зурсан зураг, үхрээр ямар нэгэн зүйлийг чирүүлсэн, үхэрт ачаа бараа ачсан, морь хөтөлсөн хүн, морьтой болон явган хүмүүс адуу мал тууж байгаа зэрэг дүрслэлүүд байдаг байна. Судлаачдын анхаарлыг татдаг зураглал гэвэл дөрвөн дугуйтай, ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөллөсөн, мөн хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганц аралтай дөрвөн морь хөллөх зориулалт бүхий тэрэг зэргийг дүрсэлсэн байдаг. Энэ нь тэрэгний хувьсал хөгжлийн түүхийг харуулсан гэж үздэг. Дөрвөн дугуйтай тэргийг гэр тэрэг гэдэг дээр эрдэмтэд санал нийлдэг байна. Монголд өнөөг хүртэл эртний морин тэрэгний 100 гаруй дүрслэл байдаг байдгийн дийлэнх нь хоёр дугуйтай дугуй тавцан бүхий ганц гуятай тэргийг эгц дээрээс нь харж дүрсэлсэн байдаг. Тэвш уулын тэрэг болон тэрэг хөллөсөн хүний дүрслэл бүхий зурагны судалгаа одоо ч хүртэл хийгдсээр байгаа ажээ.

7.Төвхөн хийд

Төвхөн хийд зурган илэрцүүд

Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог. Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна.

Төвхөн хийд нь хурлын дуган, Очирдарь, Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, хүрдний саравч бүхий 14 сүм дугантай байв. Тус хийд нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий хадан ууланд оршдог. Хийдийн арын 20-иод метр өндөр эгц хадны дээд талд “Эхийн хэвлий” нэртэй гулсаж ороод эргэж буцаж гардаг жижиг агуй бий. Энэ агуйд нэг удаа мөлхөж ороод дотор нь эрэгтэй хүн бол баруун тийш эмэгтэй хүн бол зүүн тийш эргэн буцаад толгойгоороо мөлхөн гарахад тэр хүн ариусан сая эхээс төрсөн мэт болдог гэнэ. Түүний баруун гар талд “Өлгий” хэмээх босоо хүн зогсоогоороо таардаг ухмал хад бий. Дээш авиран гарахад нэг овоо байх бөгөөд эрэгтэй хүн тэр овоог эргэнэ. Эмэгтэй хүн зүүн талын овоог нь эргэн тойрдог ёстой ажээ. Түүнээс гадна хийдийн эргэн тойронд Өндөр гэгээний амарч суудаг байсан суудал, морины нь уяа гэгдэх холбоо хоёр мод, нүдний рашаан зэрэг дурсгалууд байдаг. 1967 онд хийдийн барилгад судалгаа, хэмжилт, зураглал хийж, өмнө талын нурсан чулууг засаж цэгцлэн явган хүн явах хуучин гарцыг сэргээжээ.

Энэ хийдийн барилгыг Монгол мужааны аргаар углуургадан оньсны олон төрлийг ашиглан хийсэн угсармал барилгууд гэдгээрээ онцлог юм. Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтанд авч, хурал номын ажлыг нь сэргээжээ. 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн Жаргалант суманд шарил чандарлах газар байгуулна

Зураг

Орхон аймагт хоёр газарт шарил чандарлах газрын зөвшөөрөл олгожээ. Нэг нь Баян-Өндөр сумын Говил баг, нөгөө нь Жаргалант суманд гэнэ. Энэ нь Орхон аймгийн зүүн талд гэсэн үг юм. Үүнээс Жаргалант суманд барих шарил чандарлах газрын дэд бүтэц нь шийдэгдэж, энэ хавраас ажил нь эхлэх гэж байна.

Харин Говил багт баригдах газрын төсөл сонгон шалгаруулалтын явцдаа байна. Дээрх газруудад нийт хэдий хэмжээний талбайд шарил чандарлах байгууламж барих вэ гэдэг нь удахгүй тодорхой болох ажээ. Одоогоор АЗДТГ, БОАЖГ-ын хамтарсан “Ажлын хэсэг” судалгаа, мэдээлэл цуглуулахаар ажиллаж байна.

Орхон аймаг 1976 онд байгуулагдсан. Үүнээс хойш 16 га газрыг “чимээгүй хотод” зарцуулсан байдаг. Энэ нь аль хэдийн Булган аймгийн хилийн дээсийг давсан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Орхон аймаг талийгаачдаа Булган аймгийн Бугат суманд оршуулж байна. Газар зүйн байрлалаараа Орхон аймгийн баруун талд буюу салхины урсгал талдаа байгаа нь иргэдийн эрүүл мэндэд нэн хортой байгаа юм. Тэр ч бүү хэл оршуулгын газартай хаяа дэрлэх айлууд ч олширчээ. Иймд Орхон аймагт шарил чандарлах газрыг зүүн талдаа барихаар шийдвэрлэсэн байна.
Арван жилийн өмнө аймгийн удирдлагууд хогийн цэгийн зүүн хойд хэсэгт буюу “Ястын хөндий” гэдэг газарт оршуулгын газрын зөвшөөрөл олгосон байдаг ч иргэд талийгаачдаа энд тэндгүй дур мэдэн тавьсаар байгаа юм. Талийгаачийг газар булах болон ил тавихад агаар, орчинд асар хортой хий ялгаруулдаг байна. Тодруулбал, хүний яс газрын хөрсөнд 40-50 жилийн хугацаанд задарч энэ хоорондоо 70 орчим төрлийн хорт хий ялгаруулдаг гэнэ. Түүнчлэн нэг талийгаачийг хөдөөлүүлэхэд 7 м.кв талбай шаардагддаг байна. Харин чандарлахад ердөө нэг кг үнс гардаг ажээ. Иймд оршуулах зан үйлийн соёлыг нэвтрүүлж иргэдэд ойлгуулах нь чухал байгаа юм.