Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн “Мазала” үндэсний дээд лиг эхэллээ


“Мазала” үндэсний дээд лигийн нээлтийн тоглолт “Сэлэнгэпресс”, “Хангарьд” багуудын хооронд бямба гарагт болж харилцан нэг нэг гоол хийснээр тэнцээгээр өндөрлөв.

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээний эхний тоглолтод үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяраар удирдуулсан “Сэлэнгэпресс” баг, Орхон аймгийн нэр төр болсон “Хангарьд”багийн эсрэг тун хянамгай тоглолт үзүүлж эн тэнцлээ.
Тодруулбал тоглолтын үндсэн цагт гоолгүй тэнцээгээр өндөрлөж, харин шүүгчийн сунгасан нэмэлт 8 минутад хоёр гоол орлоо. Хоёрдугаар үеийн дундуур цас орж, шүүгч тоглолтыг түр зогсоосон учраас ийнхүү найман минут сунгасан юм. Шүүгчийн мэдлийн минут эхлээд удаагүй байхад “Хангарьд” багийн ахлагч А.Эрдэнэбаяр торгуулийн талбайн гаднаас алсын цохилт гүйцэтгэн гоол оруулж, 200 сая төгрөгийн шагналын сантай “Мазала” үндэсний дээд лигийн анхны гоолыг өөрийн нэр дээр бичүүлэв.

Харин А.Эрдэнэбаярын гоол багтаа гурван оноо авч ирж чадаагүй юм. Учир нь шүүгчийн сунгасан найман минут дуусахтай зэрэгцэн “Сэлэнгэпресс”-ийн 20 дугаартай тоглогч Ч.Отгонбаяр гоол оруулснаар “Мазала” үндэсний дээд лигийн нээлтийн тоглолт ийнхүү 1:1-ээр өндөрлөсөн байна.

Categories
гадаад мэдээ

Ирэх оноос Бээжин, Жанчхүү өндөр хурдны төмөр замаар холбогдоно

Зураг

Хятад улсын нийслэл Бээжин хот болон 2022 оны өвлийн олимпийн наадмыг хамтран зохион байгуулах Жанчхүү хотыг холбосон өндөр хурдны төмөр замыг ирэх оны наймдугаар сараас туршиж эхэлнэ гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв.

174 км урт өндөр хурдны төмөр замыг ирэх оны эцсээс албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. Ингэснээр зорчигчид 180 орчим км зайтай орших энэ хоёр хотын хооронд явахад ердөө 50 минут зарцуулах юм байна. Жанчхүү хот нь 2022 оны өвлийн олимпийн наадмын цанын тэмцээнийг зохион байгуулах билээ.

Бээжин-Жанчхүүгийн төмөр замын чиглэл нь түүхэн чухал ач холбогдолтой гэнэ. Энэ хоёр хотыг холбосон төмөр зам нь Хятадын бие даан тавьсан анхны төмөр зам бөгөөд 1909 онд нээгдэж байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орно

Ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орно зурган илэрцүүд

Дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 20 цагаас дөрөвдүгээр сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи өдөртөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар бороо, хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 0-5 градус хүйтэн, зүүн хэсгээр 0-5 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАРТ: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

2018 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 30-нд нутгийн төв хэсгээр, ирэх сарын 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи ирэх сарын 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд зарим газраар, 3-нд ихэнх нутгаар секундэд түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Энэ сарын 30-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгаар сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

“Автомат Робот 2018” хаврын тэмцээний ялагчид тодорлоо

Зураг

Оюутан залуус, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий “Автомат Робот 2018” хаврын тэмцээний ялагчид өчигдөр тодорлоо.

Тус тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль, КТМС, Батлан Хамгаалахын Их Сургууль гэсэн таван сургуулийн 13 баг оролцож, Ерөнхий боловсрол, Их, дээд сургууль болон Хөл бөмбөг гэсэн гурван төрлөөр шилдгүүдээ тодруулав.

Энэ удаагийн тэмцээний Ерөнхий боловсролын сурагчийн ангилалын тэргүүн байрыг Braintimeробот, электроникийн сургалтын төвийн Б.Батхишиг ахлагчтай BRAINTIME-2 баг, дэд байрыг Б.Жадамбаа ахлагчтай BRAINTIME-4 баг эзэллээ. Их дээд сургуулийн ангилалд тэргүүн байрыг Тээврийн дээд сургуулийн А.Бат-Өлзий ахлагчтай ХОЛБОО-2 баг, дэд байрыг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн С.Тэмүүлэн ахлагчтай CANNIBAL ROBOTIC баг тус тус эзэлсэн. Мөн Увс аймгийн 1-р сургуулийн Ц.Одонхүү ахлагчтай SPEED багийн роботыг “Шилдэг дизайн”, Тээврийн дээд сургуулийн Б.Энхжин ахлагчтай ОБГОН багийн роботыг “Найдвартай ажиллагаа”-тай роботоор шалгарууллаа.

Хөл бөмбөгийн тэмцээнд гуравдугаар байранд 23-р сургуулийн С.Мөнхболд ахлагчтай нэгдүгээр баг,
дэд байрт ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн Г.Эрдэнэбат ахлагчтай TELECOM баг шалгарав. Харин тэргүүн байранд Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн Г.Энхболд ахлагчтай TTF баг баг тус тус шалгарлаа.
Categories
мэдээ нийгэм

Таны машины дугаар 4, 9 тоогоор төгссөн бол энэ сардаа татвараа төлөөрэй

Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой.

Иргэн та ч гэсэн цаг заваа хэмнэж www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар,

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийнМэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Иргэн та Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Categories
гадаад мэдээ

Ли Сяньлун: Уулзалтыг Сингапурт зохион байгуулах асуудлаар аль нь ч албан ёсны хүсэлт тавиагүй байна

Зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт болох магадлалтай гэгдэж буй газруудаас Монгол болон Сингапур тунаж үлдээж байгаа тухай мэдээлэл саяхан гарсан билээ. Тэгвэл Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлун өнөөдөр Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбоо буюу АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид ч мөн АНУ-Умард Солонгосын уулзалт болох магадлалтай гэгдэж буй газруудын талаарх мэдээллийг та бүхний нэгэн адил хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олж харсан. Бидэнд холбогдох талуудын аль нь ч энэ уулзалтыг Сингапурт зохион байгуулах асуудлаар албан ёсны хүсэлт тавиагүй байна” гэжээ. Энэ тухай Сингапурын “Channel News Asia” агентлаг мэлээлэв.

Ли Сяньлун цааш нь ярихдаа “Энэ уулзалтыг хаана зохион байгуулах нь Умард Солонгос болон АНУ-ын харилцан зөвшилцөж байж шийдвэрлэх ёстой асуудал” гэсэн байна.

Ким-Трампын уулзалт болох магадлалтай гэгдэж буй газруудаас Монгол болон Сингапур тунаж үлдээд байна гэж Өмнөд Солонгосын өдөр тутмын нэгэн сонин энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн билээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй түүхэн дээд хэмжээний уулзалт хийсэнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ “Миний бие болон Умард Солонгосын удирдагч хоорондын уулзалтыг зохион байгуулж магадгүй гэгдэж байсан газруудаас хоёр газар шигшигдэж үлдээд байгаа” гэж хэлсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНАСАУ-ын Удирдагч Ким Жөн Ынд баяр хүргэсэн захидал илгээлээ

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт амжилттай болж өнгөрсөнд баяр хүргэхээр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Ким Жөн Ынд захидал илгээлээ.

Захидалд:

Умард, Өмнөд Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Панмүнжөмд амжилттай болсонд Эрхэмсэг ноён дарга Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ уулзалт нь Умард, Өмнөд Солонгос, түүний дотор БНАСАУ-ын зоримог, шийдэмгий алхмын үр дүн юм.

Энэхүү түүхэн уулзалтаар Солонгос хоорондын харилцааг сайжруулан хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, тус хойгт энхийг тогтоох чиглэлд хоёр тал эрчимтэй хамтран ажиллахаар тохиролцсон нь Солонгосын хойг төдийгүй, Зүүн хойд Азийн бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой алхам боллоо.

Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагчдын бат бэх үндэс суурийг нь тавьсан 70 жилийн түүхтэй манай хоёр орны найрсаг харилцаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэж байна. Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийн төлөө Умард, Өмнөд Солонгостой цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Эрхэмсэг ноён дарга Танд ард түмнийхээ сайн сайхан амьдралыг цогцлоох, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, мөн Солонгосын хойгт түүхэн шинэ хуудсыг нээх эрхэм бөгөөд хариуцлагатай үйлсэд тань амжилт ерөөе.

Эрхэмсэг ноён дарга Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуучууд сэлбэ голыг цэвэрлэх аян өрнүүллээ

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын даргын захирамжаар ‘Их Цэвэрлэгээ-90 минут’ арга хэмжээг зохион байгуулж, нийслэл хотын албан байгууллагууд их цэвэрлэгээнд нэгдсэн. Гэсэн хэдий ч тус арга хэмжээний үеэр цэвэрлэгдээгүй үлдсэн хэсгийг Улаанбаатар Централ Ротари клуб СЭЗИС-ийн Ротаракт болон Улаанбаатар Ротаракт клубын залуучуудтай хамтран Сэлбэ голын 100 айлын гүүрнээс хойших гэр хороолол руу чиглэсэн хэсгийн ойр орчмын хог хаягдлыг өчигдөр /2018.04.28/ цэвэрлэсэн байна.

Улаанбаатар Централ Ротари клуб нь байгуулагдаад хоёр жил болж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн ”Ногоон буухиа’ эко аяныг санаачлан, нийслэл хотын хог хаягдлыг цэвэрлэх, ногоон байгууламжийг сэргээх сайн дурын ажлыг эхлүүлээд байна. Мэдээж, ганц клуб энэ их ажлыг хийхэд хүчин мөхөсдөж байгааг клубын залуучууд онцолж байв. Учир нь, Сэлбэ голын 100 айлын гүүрнээс хойших гэр хороолол руу чиглэсэн хэсэг нь маш их хур хогонд дарагдсан, хогийн ихэнх хэсэг нь голын гүнд шингэсэн байсан тул экскаватор хөлсөлж, голын гүний хөрсийг цэвэрлэжээ. Голын гүнд байсан хог хаягдлын ихэнх нь согтууруулах ундааны шил, хуванцар сав, шатсан цахилгаан бараа, автомашины дугуй, гялгар уут зэрэг ахуйн хог хаягдал байв.

‘Ногоон буухиа’ эко аянд нийт 50 гаруй залуучууд оролцож, 200 орчим шуудай хог хаягдлыг цэвэрлэжээ

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна

Засгийн газраас санаачлан Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Амралтын энэ өдөр тус хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх уулзалт Удирдлагын академид болж, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, МУИС, Хууль сахиулахын дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо. “Төрийн албан хаагчийн ёс зүйн тогтолцоо, эрх зүйн зохицуулалт”, “Монгол Улсын төрийн албан дахь ёс зүйн зохицуулалт, өнөөгийн байдал”, Төрийн албан хаагчдад хүлээлгэж буй хариуцлага, түүний эрх зүйн зохицуулалт”, “Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлал”, “ХБНГУ-ын Сахилга хариуцлагын тухай хууль” зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнөлөө.

Ёс зүйн хариуцлага бүх шатанд шаардлагатай байна. Мөнгө хөрөнгө шаардахгүй хийж болох ажил бол бүх шатанд хариуцлагыг чангатгах юм гэдгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлээд энэ хуулийг боловсруулан батлуулах нь зөв гэлээ.

Засгийн газар байгуулагдсан цагаасаа төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж шударга, ёс зүйтэй тогтвортой төрийн албыг бэхжүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс ч Засгийн газар 2018 оныг сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Манай улсын хөгжихгүй байгаа шалтгаан сахилга хариуцлагагүйгээс болж буй. Энэ хариуцлага шат шатанд алдагдсан учир эрх зүйн зохицуулалт шаардлагатай болжээ. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хуулийн хүрээнд аваачих цаг нь ирсэн гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэллээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн үзэл баримтлалаа тогтлоо. Дараагийн хэлэлцүүлгээр хуулийн төслөө боловсруулан танилцуулах үүргийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд баяр хүргэсэн захидал илгээлээ

Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт амжилттай болж өнгөрсөнд баяр хүргэхээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд захидал илгээжээ.

Захидалд:

Өмнөд, Умард Солонгосын тэргүүн нарын дээд түвшний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Панмүнжөмд амжилттай болсонд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Энэ уулзалт нь Өмнөд, Умард Солонгос түүний дотор БНСУ-ын зоримог, шийдэмгий алхмын үр дүн юм.

Энэхүү түүхэн уулзалтаар Солонгос хоорондын харилцааг сайжруулан хөгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, тус хойгт энхийг тогтоох чиглэлд хоёр тал эрчимтэй хамтран ажиллахаар тохиролцсон нь Солонгосын хойг төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой алхам боллоо.

Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарыг хамран амжилттай хөгжиж байна. Энэ харилцааг цаашид шат ахиулан хөгжүүлэхийн төлөө Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Тантай нягт хамтран ажиллахын төлөө байна. Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийн төлөө Өмнөд, Умард Солонгостой цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах болно.

Зүүн хойд Азид энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлооход чиглэсэн Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны санаачилга биеллээ олж, Солонгосын хойгт энх тайвны шинэ эрин үеийг тогтоох эрхэм бөгөөд хариуцлагатай үйлсэд тань амжилт ерөөе.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга” гэжээ.