Categories
мэдээ улс-төр

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 21 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын гурван гишүүний 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир танилцуулав.

Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонх дэмжсэн юм. Дээрх төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан энэ оны нэгдүгээр сарын 25-нд байгуулсан. Энэ хугацаанд Ажлын хэсэг гурван удаа, дэд ажлын хэсэг зургаан удаа хуралдсан бөгөөд төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх, найруулга нэр томъёо, үг хэллэг жигдлэх зэргээр гүйцээн боловсруулж зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн гишүүд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд хүнсний зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан талаар Л.Элдэв-Очир гишүүн дурдлаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нар асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Иргэдийн эрүүл мэндтэй хамааралтай учраас хүнсний асуудалд нухацтай хандах нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат илэрхийлээд баяжуулсан хүнсийг нарийвчлан шинжлэх боломжтой олон улсад итгэмжлэгдсэн лаборатори манай улсад бий эсэхийг тодруулсан юм.

2000-2007 онд Монгол Улсад гурил баяжуулах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ хугацаанд зөвхөн хүнсний баяжуулагч бэлдмэлийг илрүүлэн таних хэмжээнд шинжилгээ хийж байсан талаар ажлын дэд хэсгийн гишүүн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж. Туяацэцэг мэдээлэл өгөв. Одоо бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори,ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төвийн лабораториуд, ЭМШУИС-ийн дэргэдэх лабораториуд орчин үеийн шинжилгээний аргыг нэвтрүүлсэн байгаагаас ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төвийн лаборатори олон улсын магадлан итгэмжлэл авсан гэв. Хүнс баяжуулалтын талаарх олон улсын туршлагын талаар лавласан Х.Болорчулуун гишүүний асуултад хариулт өглөө. Улс орнууд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах бодлого баримталдаг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улсад албан журмаар давсыг, 85 улс оронд гурилыг, 14 улс тос, будааг баяжуулах зохицуулалттай байдаг аж. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах нь иргэдэд нэмэлт амин дэмийн бэлдмэлийг хүргэхээс хэд дахин өртөг багатай болохыг холбогдох судалгаа, мэдээллээс авч болох юм байна. Ажлын хэсгийн гишүүн Л.Элдэв-Очир төслийг боловсруулах болсон үндэслэл шалтгааны талаар тайлбарлахдаа “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг судалж, үнэлгээ өгөх зорилгоор Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 2016-2017 онд 21 аймгийн 94 сум, нийслэлийн 8 дүүргийн 30 хороонд хийсэн судалгаагаар иргэдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн судалгааны үр дүнд тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, өндөр тунт А, Д аминдэмээр тасралтгүй хангах, тогтмол хэрэглээг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүнийг аминдэм, эрдсээр баяжуулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлэх шаардлагатай болохыг тусгасан байгаа” хэмээлээ. Д амин дэмийн дутагдал монголчуудын эрүүл мэндэд тулгамдаад буй асуудлын нэг гэсэн сүүлийн үед яригдаж буй мэдээлэл нь бодит эсэхийг тодруулсан Ж.Энхбаяр гишүүний асуултад Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба 1992 оноос эхэлж дээрх төрлийн судалгааг хийж эхэлсэн бөгөөд тухайн үед зөвхөн эмнэлзүйн шинжээр тодорхойлж байсныг холбогдох албаны мэргэжилтэн тайлбарлалаа. 2010 оноос цусан дахь Д амин дэмийг тодорхойлж эхэлсэн бөгөөд үе үеийн дүн мэдээнээс бүх насны иргэд энэ төрлийн амин дэмийн дутагдалтай байсныг харж болох аж. Хүнсийг баяжуулах замаар бүх нийтийн эрүүл мэндийг тэтгэх асуудал физилогийн, химийн, биохимийн түвшний чухал ойлголт гэдгийг холбогдох мэргэжилтнүүд тайлбарласан юм.


Ийнхүү төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг буюу хуулийн зорилтыг өөрчлөн найруулах, хүнс баяжуулах үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт бүхий 5 дугаар зүйлийг шинээр нэмэх, баяжуулсан хүнс үйлдвэрлэгчийн эрх, үүргийн талаарх зохицуулалт бүхий холбогдох зүйл, заалтыг өөрчлөн найруулах, баяжуулагч бэлдмэл импортлогчийн эрх, үүргийг зохицуулах 8 дугаар зүйлийг шинээр нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн хуралдаанд оролцсон гишүүдээс төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ

Дараа нь Ажлын хэсэг байгуулах асуудлыг шийдвэрлэв. Хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцээд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан байгуулсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Сөүл хотод сувилахуйн чиглэлээр мэргэжилтнүүийг чадавхжуулна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын “Самюк” эрүүл мэндийн их сургууль \ЭМИС\-ийн Ерөнхийлөгч Ду Хан Пак болон бусад албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уулзалтын үеэр “82 жилийн түүхтэй дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг, эрүүл мэндийн сургуулийн төлөөлөгч та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай улсаас 20 гаруй их дээд сургуулийн захиралд зориулж мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах сургалт зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байгаа. Цаашид ч эрүүл мэнд, боловсролын салбарт харилцаа хамтын ажиллагааны цар хүрээгээ тэлж хамтран ажиллах боломжтой юм. Энэ хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байна” гэлээ.

“Самюк” \ЭМИС\-ийн Ерөнхийлөгч Ду Хан Пак, “Биднийг хүлээн авах цаг зав гаргасан танд гүнээ талархал илэрхийлье. Манай хоёр орны хувьд ижил төсөөтэй олон зүйл бий. Эрүүл мэнд болон боловсролын салбарт ахиц гаргах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сувилахуйн чиглэлээр мэргэшүүлэхэд бид дэмжлэг үзүүлэхдээ таатай байх болно. Манай сургууль бага, дунд, ахлах, их дээд гэсэн 27 салбар сургуультай. Боловсрол болон эрүүл мэндийн салбарт арвин туршлагатай тул бид Улаанбаатар хоттой хамтран ажиллах, туршлага хуваалцах, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах, сувилахуйн чиглэлээр оюутан бэлтгэх зэрэг хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх боломж бүрдсэнд бид баяртай байна” гэв.

Санамж бичиг байгуулснаар эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа сувилагчдыг чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулах, хамгийн сүүлийн үеийн сувилахуйн арга барилд суралцуулах зэрэг өргөн боломжууд бий болж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бөхийн өргөөнд тоглолт хийх байсан уран бүтээлчид хэвлэлийн хурал хийнэ

МУСТА, дуучин П.Идэржавхлан IV сарын 20-нд Монгол бөхийн өргөөнд “Энэ насны хайр” нэртэй тоглолт хийх товтой байсан. Харин Монгол бөхийн өргөө тоглолтын заал гаргаж өгөх боломжгүй болсон талаар мэдэгджээ. Иймд дуучин П.Идэржавхлан болон бусад тоглолт, арга хэмжээгээ хийхээр товлосон байсан уран бүтээлчид IV сарын 18-ны 14:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Түвшинбаяр: Мэссэнжэр чатаар найзуудаас нь мөнгө гуйхад 4 хүн тутмын нэг нь өгдөг

Х.ТҮВШИНБАЯР :  МЭССЭНЖЭР ЧАТААР НАЙЗУУДААС НЬ МӨНГӨ ГУЙХАД 4 ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ӨГДӨГ Arslan.mn

“Фэйсбүүкээ хакердууллаа. Фэйсбүүк хаягаар нэвтэрч, чатаар найзуудаас минь мөнгө зээлсэн байна” гэх иргэдийн мэдээлэл сүүлийн үед цахим орчинд нэлээд харагдах болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэр олон бүртгэгддэг, шалгах, шийдвэрлэх байдал ямар үр дүнтэй байдаг. Ийм гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд юуг анхаарах ёстой талаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч, ахмад Х.Түвшинбаяртай ярилцлаа.


-Ер нь иргэд бид Залилангийн гэмт гэж яг ямар үйлдлийг ойлгох ёстой вэ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Залилан гэдэг нь зохиомол байдлыг зориуд бий болгох, сүсэг бишрэлийг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэх, урьдын бий болсон харилцаа, итгэлийг урвуулан ашиглах замаар хуурч, мэхлэх гэмт хэргийг хэлнэ. Энэ төрлийн гэмт хэргийн хамгийн гол аюул нь иргэд, олон нийтэд хуурамч сэдэл төрүүлэх, донтуулах шинжтэй байдаг. Манай улсын хувьд залилантай холбоотой маш олон төрлийн гэмт хэргүүд гарч байна.

Тухайлбал, өргөн тархсан интернэт сүлжээг ашиглан гадаадын гэмт этгээдүүд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг залилах, тэдний итгэлийг олж аван хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь өөрийн болгох, дансаар мөнгийг нь шилжүүлэн авах зэрэг гэмт хэргийн олон төрлүүд бүртгэгдэж байна. Залилан мэхлэх гэмт хэрэгт бага насны хүүхдээс эхлээд ахмадууд хүртэл бүх насныхан өртөж байна. Хэн ч хохирогч болохыг үгүйсгэхгүй ийм орчин үүссэн байна.

-Цахимаар залилуулсан гэсэн иргэдийн гомдол нэлээн гарах боллоо. Цахим залилангийн гэмт хэргийн нийтлэг төрх ямар шинжтэй байдаг вэ. Энэ талаар иргэдэд тодорхой хэмжээний ойлголт өгөх цаг болсон юм шиг санагдаж байна?

-Хотжил, хүн амын хэт төвлөрөл, хүмүүсийн сэтгэхүйг дагаад сүүлийн жилүүдэд гэмт хэргийн шинж нарийсч байгаа нь үнэн. Сүүлийн үед цахим залилангийн төрлийн гэмт хэргүүд иргэдийг ихээр хохироож байна. Үүнд:

Нэгт. Романс залилан. Энэ төрлийн гэмт хэрэг нь иргэдийн сошиал хаягуудыг судлан ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоодог. Ихэнх тохиолдолд гэмт этгээд нь өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг нь олж авч, улмаар Монгол Улсад очно, хамт амьдарна гэж итгүүлдэг. Энэ тохиолдолд гэмт этгээд нь аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байна. Хамгийн багадаа 1000, 2000 аажмаар ихсээд 8000, 9000 ам.доллар хүртэл шилжүүлэн авсан тохиолдлууд байна.

Хоёрт. Цахим хаягт хууль бусаар нэвтэрч буй залилан. Энэ төрлийн гэмт хэрэг нь худалдаа, бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад их тохиолдож байна. Учир нь ААН, байгууллагууд гадаадаас бараа материал оруулж ирж худалдана гэсэн санал тавин гэрээ байгуулж хамтран ажилладаг. Гэмт этгээдүүд тухайн байгууллагын цахим шуудангийн мэдээллийг хуулж аваад тусгай програм ашиглан, цахим хаягт бага зэрэг өөрчлөлт бий болгоно. Дараа нь материал, бараа явуулахаар тохиролцож, тодорхой дансанд мөнгө шилжүүлэн авдаг. Энэ төрлийн залилангийн хэрэг цагдаагийн байгууллагад маш их бүртгэгддэг. Хохиролын хувьд 7000-аас 100 гаруй мянган ам.долларыг залилж байсан тохиолдол байна.

Гуравт. Сугалааны залилан. Энэ төрлийн гэмт хэрэг нь харьцангуй бага үйлдэгддэг. Учир нь сугалааны залилангийн талаар иргэд харьцангуй сайн ойлголт, мэдээлэлтэй болсон. Энэ төрлийн гэмт хэрэг нь жишээ нь, и-майл хаяг ашиглан 50 доллар хожлоо гэрийн хаяг, утас, регистрийн дугаараа явуулна уу гэсэн мессеж ирдэг. Сонирхсон хүн бол мэдээллээ шууд явуулдаг. Дараа нь утас руу ярина. Та мөнгө хожсон байна. Та карт захиалах хэрэгтэй. Карт захилах бол тэдэн төгрөг. Анхандаа картыг захиалаад мөнгө шилжүүлж итгэл төрүүлж эхэлдэг. Тэгээд бага багаар хураамж татвар гээд 2000-8000 ам.доллар гэж нэхэн залилан хийдэг.

Дээрх гурван тохиолдол бол гадаадын иргэд монгол улсын иргэдийг залилж байгаа тохиолдол.

Дөрөвт. Монгол хүмүүс бие биенээ цахим орчныг ашиглан залилан хийж байна. Жишээ нь гэмт этгээд таны фэйсбүүк руу код хуулах програм явуулж, энэ линк руу ороод лайк дараад дэмжээд өгөөрэй гэсэн хэлбэрээр илэрдэг. Сонирхож байгаа хүн ороод лайк дарангууд таны код шууд тусгайлан бэлдсэн програмаар хуулагддаг. Дараа нь таны фэйсбүүк хаягны кодыг чинь өөрчлөөд мессенжэр чатыг шалгаж байгаад хэнтэй их харилцдаг байгааг судлан мэссэж бичиж найз 200 мянга төгрөг зээлэх үү долоо хоногийн дараа өгнө гэх хэлбэрээр 10-20 хүн руу бичнэ. Энэ хүмүүсээс дөрвөн хүн тутмын нэг нь заавал мөнгө өгч байгаа нь шалгалтын явцад харагдсан.

Х.ТҮВШИНБАЯР :  МЭССЭНЖЭР ЧАТААР НАЙЗУУДААС НЬ МӨНГӨ ГУЙХАД 4 ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ӨГДӨГ Arslan.mn

-Иргэд, олон нийт залилангийн гэмт хэргээс өөрсдийгөө хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Залилангийн гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх, гэрээгээр халхавчлах, хуурамч бичиг баримт ашиглах, хүний шуналыг хөдөлгөх, донтуулах зэрэг шинж тэмдэг дээр тулгуурладаг. Тиймээс иргэд, олон нийт маань таны мөнгийг хэд дахин өсгөөд өгье гэсэн сүлжээний бизнесд хууртахгүй байх, судлаагүй таньж мэдээгүй хүмүүстэй гэрээ хийхдээ мэргэжлийн хуулийн байгууллагаас зөвлөгөө мэдээлэл авах зэргээр судлаж үзэн, шалгахыг хэрэгтэй. Ер нь зах зээлийн эдийн засгийн нийгэмд богино хугацаанд ямар нэгэн тодорхой эдийн засгийн эргэлтгүйгээр таны мөнгө хэд дахин үржих, эсвэл гэнэт баяжих боломжгүй гэдгийг иргэд маань ухаармаар байна. Иргэн таны хөдөлмөрөөрөө олсон мөнгийг хэн нэгэн худал дүр эсгэн, богино хугацаанд өсгөж өгнө, баян болгоно гэдэг үгэнд нь автсанаар амь, амьдралаараа хохироод зогсохгүй, тухайн гэмт этгээд цааш олон хүнийг мэхлэх тэр боломжийг бий болгож өгч байгаа гэдгийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй юм.

Нэг жишээ дурдахад, мөнгөө богино хугацаанд өсгүүлэх, үржүүлэх зорилготой залилуулсан хүмүүсийн 70 хувь нь өөрийнхөө мөнгөөр биш, хүнээс зээлж авсан мөнгөө өгч залилуулсан байдаг. Өөрөөр хэлбэл нэг хохирогч хохироод өнгөрөх биш зээлсэн, зээлүүлсэн хүмүүс давхар залинлангийн гэмт хэрэгт хохирсон байдаг. Дээр дурдсан хохирогчид нь ихэнх тохиолдолд өөрөө мөнгөгүй байсан ч хүнээс авч зээлэн богино хугацаанд өсгүүлээд, дундаас нь ашиг олно хэмээн бодож залилуулсан байдаг.

Залилангийн мэхлэх гэмт хэрэг нь иргэд хоорондын эд хөрөнгийн маргаанаас ялгаж, зүйрлэхэд хүндрэлтэй байдаг. Иргэний нэхэмжлэлтэй маргааныг иргэний шүүх шийддэг. Харин залилангийн гэмт хэргийг Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн дагуу залилангийн гэмт хэргийн шинжтэй байна уу үгүй юу гэдгийг шалгаж шийддэг. Энэ ялгааг бас хүмүүс сайн ойлгох хэрэгтэй юм.

-ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас залилангийн гэмт хэргийн эсрэг ямар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна вэ?

ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, бусад харьяа алба, хэлтсүүд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх олон ажлыг тогтмол зохион байгуулж хэрэгжүүлдэг. Гэхдээ залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн том ажил бол иргэд, олон нийтэд энэ төрлийн гэмт хэргийг ойлгуулах, анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх тал дээр мэдээ, мэдээлэл өгч, учирч болох аюулыг ойлгуулах явдал. Мөн залилангийн гэмт хэрэг нь нэг хүнийг залилаад зогсохгүй, дам дам хохирогчдыг давхар бий болгож байдаг.

Зөвхөн цахим гэмт хэргийн улмаас гэхэд л сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 197 иргэн, хуулийн этгээд 3.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байгаа.

Цагдаагийн байгууллагаас олон шалгалт хийгдэж, маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Ийм нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж гэмт хэрэгтэй тэмцэх, гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Иргэд, олон нийтийг ч гэсэн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байгаа юм.

-Бага насны хүүхдийг залилах гэмт хэргүүд цөөнгүй гардаг. Иргэд олон нийтэд хүүхдээ гэмт хэргийн золиос болгохоос сэргийлэх, залилан луйварт өртүүлж хүүхдийн сэтгэлийг хиртүүлэхгүй байх, айдасгүй байлгах тал дээр мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тасралтгүй өгч байх ёстой санагддаг. Энэ талаар?

-ЕБС-ын ойр орчимд залилангийн гэмт хэргүүд цөөн биш тоогоор гардаг. Сүүлийн жилүүдэд бага ангийн хүүхдүүд эцэг, эхтэйгээ холбоо барих зорилгоор, гар утас хэрэглэх нь олширсон. Үүнийг далимдуулан хүүхдүүдийн гар утсаар эгч нь нэг яриад өгье гэх зэргээр залилах гэмт хэрэг гараад байдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүддээ үнэтэй гар утас хэрэглүүлэхээс татгалзах, танихгүй хүнтэй болгоомжтой харьцахыг захиж, ойлгуулах, багш, эцэг эхийн хоорондын уялдаа холбоог улам сайжруулах тал дээр л томчууд анхаарч ажиллах хэрэгтэй.

Бага насны хүүхдүүдийг залилах гэмт хэрэг нь ихэвчлэн эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сулрах, анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байдаг. Эргэн тойронд нь өртөж байгаа гэмт хэргийн талаар томчууд хүүхдүүдэд хэлж өгөөгүй, ойлгуулж өгөөгүй, хүүхэддээ маш бага цаг гаргаж байгаа гэх мэт асуудлаас болоод бага насны хүүхэд гэмт хэргийн золиос болоод байдаг. Энэ байдлаас л ямагт сэргийлж, хүүхдүүддээ өртөж болзошгүй гэмт хэргийн хор хохирлыг ойлгуулж өгч байх ёстой.

-Иргэдийг залилангийн гэмт хэрэгт өртөхгүй байх, үүнээс урьдчилан сэргийлэх тал дээр Цагдаагийн байгууллага ямар зөвлөмжийг өгөх вэ?

-Сүүлийн үед цахим орчинд фэйсбүүк хаяг ашиглан залилан мэхлэх хэргүүд давамгайлж байна. Ийм хэрэг ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ гэхээр ихэнх тохиолдолд мэдээллийн урсгал фэйсбүүкээр дамжиж байна. Энэ бол фэйсбүүкийн хэрэглээ маш өндөр болсонтой холбоотой. Иргэддээ, хэрвээ фэйсбүүк аккаунтаа ашиглан мэдээлэл авах гэж байгаа бол заавал албан ёсны веб сайт, албан ёсны аппликейшнээр хандах хэрэгтэй. Фэйсбүүк дотор урсаад явж байгаа ямар ч хамаагүй линкийг нээх нь таныг эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг анхааруулъя.

Хэрвээ цахим орчин, фэйсбүүкийг өдөр тутам ашигладаг бол нууц үгээ долоо хоногт, арав хоногт зэргээр тодорхой хугацаанд заавал сольж байхыг зөвлөж байна. Ингэснээр, та хуурамч сайтаар фэйсбүүкийнхээ нууц үгийг алдсан ч тухайн гэмт этгээд таны нууц үгийг ашиглаж амжаагүй байхад сольж, өөрийгөө гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна.

Х.ТҮВШИНБАЯР :  МЭССЭНЖЭР ЧАТААР НАЙЗУУДААС НЬ МӨНГӨ ГУЙХАД 4 ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ӨГДӨГ Arslan.mn

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол олон улсын гэрээ дуусгавар болно

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр:

-2018 оны төсвийн жилд хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 60 орчим хувь буюу 684 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Статистик судалгаанаас үзэхэд нийт өрхийн 72.3 хувь нь сард нэг сая төгрөгөөс доош орлоготой, нийт хүн амын тоонд ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын эзлэх хувь 2014 онд 20 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж 10 пунктээр нэмэгдсэн. Цаашид 2017 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2018 оны төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр эдийн засаг сэргэх төлөв харагдаж байгаа тул хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 орчим хувьд олгох боломж бий болж байна. Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228 мянган хүүхэд нэмэгдэж, 41 тэрбум төгрөг нэмж шаардагдана. Үүнийг 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдэх боломжтой гэж мэдээллээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ийнхүү асуув:

-Одоо 0-18 насны 1,042 сая хүүхэд байгаа. Үүнийг 80 хувьд нь биш 100 хувь болгох боломж ерөөсөө байхгүй юу. Энэ бол хүүхдийн мөнгө биш хүн амаа өсгөх бодлого гэж хараад байгаа. ОУВС-гийнханд хүн амаа өсгөх бодлого гэж ярихаар хүлээн зөвшөөрөхгүй юу. Хэрвээ 100 хувь болгосон хэдэн тэрбум төгрөг шаардлагатай вэ? Үүн дээр чин сэтгэлээсээ хандаж байгаад хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгөөр амьдардаг маш олон гэр бүл байна. Хүнсний талоны судалгаа байнга өөрчлөгдөж байдаг. Хүнийрхүү байдлаар судалгаа хийдэг. Гэнэт хасагдчихдаг. Үүгээр чинь амьдардаг өрх маш их байна. Явж байгаа зүйлийг сайжруулах биш муужруулаад байхаар бодлого нь ард түмэнд ойлгогдохгүй, шүүмжлүүлээд байгаа юм. Хойшоо ухарсан байдлаар яваад байна. Өнөөдрийн байгаа түвшингээ хадгалахад анхаарах хэрэгтэй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнд хариулахдаа:

-Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн жилүүдийн буруу бодлогоос хамааралтайгаар хямарсан, төгрөгийн ханш унасан, валютын нөөц шавхагдсан. Тиймээс ОУВС-тай хамтарснаар эерэг үр дүн нь гарсан. ОУВС-тай хамтрахдаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь олгоно гэж тохирсон. Олон улсын донор байгууллагатай давхар тохирсон. АХБ-тай хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгоно гэж тохирсон юм билээ. Одоо эдийн засаг тогворжиж байгаа. Хүнд үеэс гарах шинжтэй болохоороо тусалсан хүмүүсээ түлхэж болохгүй. Гэхдээ ОУВС-гаас гадна бусад улстай хамтарч ажиллахын тулд тохирсон зорилтот бүлэг гэдэг дээрээ хатуу явахаас өөр аргагүй байна. Хүүхдийн мөнгийг 2017 оны нэг сарын нэгнээс өмнө зээлээр олгож байсан. Өнөөдөр хүүхдийн мөнгөний зээлийн үлдэгдэл 875 тэрбум төгрөгийг бид одоо болтол төлж байгаа. Эдийн засаг дөнгөж тогтвожиж байгаа, Энэ үед амьдралын боломжтой хүмүүс хүүхдийн мөнгө авна гэж дайраад байхгүй болов уу.

Ядуурлын хэмжээ 20-29.6 хувьд нэмж өссөн. Тиймээс 60-80 хувийг зорилтот бүлэг хамруулж олгох нь байгаа. Хэрвээ хүүхдийн мөнгийг 100 хувьд олговол олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хийсэн гэрээ дуусгавар болно. Ингэвэл төгрөгийн ханш унах, валютын нөөц багасах олон эрсдэл бий. Энэ бүгдийг харгалзан оруулж ирж байгаа.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, санал хэлсний дараагаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаарх арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Categories
мэдээ нийгэм

“Нью-Йорк Таймс” Пулитцерын шагналыг хүртжээ

Продюсер Харви Вайнштейнтай холбоотой бэлгийн дарамт болон бэлгийн хүчирхийллийн хэргийг олон нийтэд дэлгэсэн “Нью-Йорк Таймс” сонин, “Нью-Йоркер” сэтгүүл Америкийн сэтгүүлзүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцерын шагналыг хүртжээ. Эдгээр хэвлэлүүд Вайнштейний бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргийн талаар мэдээлснээр АНУ-д олон эмэгтэй, тэдгээрийн дотор Холливудын жүжигчин бүсгүйчүүд түүний дарамт шахалт, хүчирхийлэлд өртөж байснаа зоригтойгоор нийтэд дэлгэж, бэлгийн хүчирхийлэлттэй тэмцэхийг уриалах болсон билээ. Мөн “Ройтерс” гэрэл зургийн сурвалжлагын төрөлд Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудын хямралын талаарх сурвалжлагаараа Пулитцерын шагнал хүртжээ.

Categories
мэдээ нийгэм

Онлайн төлбөр тооцооны хөгжил

Цаг хугацаатай уралдан алхам алхмаар хөгжин буй мэдээллийн системийн шинэ эрин үед дэлхийн дийлэнх иргэд онлайн төлбөр тооцооны хэрэгслийг хэрэглэж байна. Европын улс орнуудад цаасан мөнгө авч явах нь ховордож ихэнхи нь мөнгөө цахим хэлбэрт шилжүүлэн онлайнаар төлбөр тооцоогоо хийдэг болжээ. Энэ амьдралын хэвшил нь тэдний хувьд аюулгүй, баталгаатай бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг нь илүү хялбарчилж байна.

Монголчуудын хувьд ч тэр бэлэн мөнгө авч явах нь багасч, хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэх, мөнгө авах арга хэрэгсэл нь гараас гарт бус, данснаас данс руу шилжих урсгал бий болж байгааг та өдөр тутмын амьдралаасаа анзаарсан л биз дээ. Энэ бүхнийг дурдсаны учир нь бид энэ удаагийн нийтлэлээрээ онлайн төлбөр тооцооны хөгжлийн үе шатууд болон ирээдүйн чиг хандлагын талаар дурдах ба онлайн төлбөр тооцооны хөгжлийн түүхэн үе шатыг ерөнхийд нь 4 хувааж болно. Хүн болгоны л ойлгох гэж хичээгээд байгаа энэ онлайн төлбөр тооцоо гэдэг чинь юу юм бэ? Цаашид яах юм бэ? гэдэг дээр багахан эргэцүүлэл хийв.

ЭХЭН ҮЕ БУЮУ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Мэдээж онлайн төлбөр тооцоо нь анх интернет үүссэн үеэс л хөгжиж эхэлсэн. Хамгийн анх 1969 онд Вьетнамын дайны эрин үед холбооны сүлжээ болох ARPANET-тэй байгуулагдсан. Үүний дараагаар Англи улсын инженер, эрдэмтэн Тим Бернерс Ли нь тухайн сүлжээг улам хөгжүүлж 1989 онд интернетэд “вэб сайт”-ээр дамжуулан нийтлэх, мэдээллийг хялбар авах боломжтой шийдлийг гаргажээ. 1994 онд Стэнфордын Холбооны Зээлийн газар хамгийн анхны онлайн интернет банкны үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгож байсан. Гэсэн хэдий ч анхны онлайн төлбөр тооцооны систем нь хэрэглэгчид ашиглахад хүндрэлтэй байсан бөгөөд тухайн онлайн үйлчилгээг ашиглахын тулд заавал шифрлэх, эсвэл өгөгдөл дамжуулах протоколын тухай мэргэжлийн мэдлэгтэй байх шаардлагатай байв. Цаашлаад 1995 онд онлайнаар төлбөр төлөх үйлчилгээ, 1996 онд цахим мөнгө зэрэг ар араасаа шинээр нээлтээ хийж ашиглаж эхэлсэн ч анхны хувилбаруудыг ашиглахад мэргэжлийн мэдлэг чадвар шаарддаг, цаг их бардаг гэх мэтчилэн олон сул талуудтай байжээ.

1998 оны Чаки Чаны тоглосон “Who Am I” гээд гайхалтай кинон дээр зэвсгийн наймаачдын мөнгийг хоромхон зуур хандивладаг зураглал тухайн үедээ үнэхээр гайхмаар санагдаж байж билээ.

ХӨГЖЛИЙН ДУНД ҮЕ

Цахим төлбөр тооцооны системийг ганц банк бус, бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн. Бидний мэдэх “Pizza Hut” анх 1994 онд онлайн хоолны захиалгын үйлчилгээг ашиглаж эхэлсэн бөгөөд түүний дараагаар бусад байгууллагууд онлайнаар төлбөрөө төлөн захиалах үйлчилгээг ашиглаж эхэлжээ. Амазон 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр хэрэглэгчид онлайн сүлжээг түлхүү ашиглаж эхлэх үндсийг тавьсан. Одоо Амазон хамгийн үнэ цэнэтэй брэндийн 6-рт, 54%-ийн өсөлттэйгөөр орж ирж байх жишээний. Хөгжлийн дунд үед цахим төлбөр тооцоо хийхийн тулд мэргэжлийн мэдлэг шаардахгүй ч, Васко гэх мэт тусгай программ, төхөөрөмж худалдаж авч байж ашигладаг байжээ.

ОДОО ҮЕ

10-н хэдхэн жилийн түүхтэй ч онлайн төлбөр тооцоо болон интернет сүлжээ нь асар хурдацтайгаар хөгжиж дэвшиж чадсан нь гайхалтай юм. Одоо хэрэглэгчид онлайнаар төлбөр тооцоо хийхдээ интернеттэй газраас шууд, интернэтгүй бол утасны сим картан дээрээ төлбөр тооцоо хийх зориулалтын меню суулгаад л гүйлгээ хийх боломжтой болжээ. “Алибаба” зах зээлийн үнэлгээгээрээ 2017 онд Азийн хамгийн том компани болсон ба энэ үзүүлэлт нь 2018 онд дахин 49% өсөлт үзүүлэх төлөвтэй байна. Бид пластик карт болох visa, master, credit картуудыг түлхүү ашигладаг байсан бол хэдхэн жилийн өмнөөс утсанд суурилсан онлайн төлбөр тооцооны систем нэвтэрснээр бидний амьдралын хэв маяг бүрэн өөрчлөгдөж байна.

ЦААШДЫН ЧИГ
ХАНДЛАГА

Та өдөр тутамдаа бэлэн мөнгө болон пластик картыг заавал авч явах шаардлагагүй болж, танд зөвхөн гар утас байхад л бүхий л төлбөр тооцоо, бүртгэл гэх мэтээ хийдэг болох юм. Сонирхуулахад Японд “Аюул осол тохиолдвол та хамгийн түрүүнд юу авах вэ?” гэсэн асуултад дийлэнх нь гар утас гэсэн юм гэдэг. АНУ-ын судлаачид ойрын 5 жилдээ багтаад хүмүүс цаасан мөнгөний хэрэглээг багасгасан шигээ пластик картыг хэрэглэхээ больж зөвхөн утсаараа төлбөр тооцоо хийдэг болно гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ухнатын даваанд түймэр гарчээ

Зураг

Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасгүй хуурайшилттай байгаа учраас ой хээрийн түймэр гарсаар байна. Тус аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваанд энэ сарын 15-ны 20 цагийн үед гарсан ойн түймэрийг унтрааж чадаагүй гурав дахь өдрөө асч байна.
Түймрийн голомтонд аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 хүн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ажээ. Хөвсгөл аймгийн нийт нутгаар цасгүй байгаа бөгөөд түймрийн IV-р зэрэглэл буюу түймрийн эрсдэл нэн аюултай зэрэгт Хөвсгөл аймгийн Мөрөн, орчмын бүс нутаг хамрагдаж байгаа бол Түймрийн III-р зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баянзүрх сум хамрагдаж байна. Дөрөвдүгээр сар гарснаас хойш тус аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр 5 удаа гараад байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдэд “цалин өндөртэй мэргэжил сонго” гэж тулгах нь алдаа болдог

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Жаргалант тосгоны 74, 121 дүгээр сургуулийн 125 ахлах ангийн сурагчийг “Ирээдүйн эзэд-2018” мэргэжил сонголтын аяны ээлжилт сургалтад хамруулав.

Аян нийслэлийн бусад дүүргүүдэд амжилттай хэрэгжсэн бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн ЗДТГ, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран уг аяныг Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн 5300 гаруй ахлах ангийн сурагчийг хамруулан энэ сарын 9-23 хүртэл зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Тус үйл ажиллагааны үеэр сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтэн мэдээлэл, зөвлөгөө өглөө. Тухайлбал сурагчид мэргэжил сонгохдоо дараах алдаануудыг гаргадаг байна.

Өөрийгөө дутуу үнэлэх. Өөртөө итгэлгүй байдал нь залуучуудад мэргэжлээ сонгохдоо гаргадаг хамгийн том нийтлэг алдаа юм. Мөн өөрийн чадавх боломжоо бодитой үнэлж чадахгүй тохиолдол ч байдаг. Хэрэв өөрийгөө бүрэн дайчилж чадна гэвэл ямар ч мэргэжилд өөрийг сорьж үзэх нь чухал ажээ.

Мөнгөнд үндэслэж сонголт хийх. Тухайн мэргэжлээр дамжуулан хэдий хэмжээний мөнгө олохдоо биш, харин өөрийн сонирхолдоо, мөн чадавхад үндэслэн сонгох хэрэгтэй. Зөвхөн тухайн үеийн нэр хүнд, цалин хангамжийг бодож сонголт хийх нь буруу зүйл юм.

Урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийн төлөвлөгөөгүй байх. Ер нь богино хугацааны ахархан бодлоор аливаа төлөвлөгөөг хийж болохгүй. Мэргэжлээ сонгохдоо хэзээ ч сольж болно гэсэн бодлоор хандах нь буруу юм. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр төсөөлж, төлөвлөж байгаа ирээдүйдээ хүрч чадна гэдэгтээ илтгэлтэй байна уу? гэх зэрэг ирээдүйн төлөвлөгөөгөө бодох хэрэгтэй.

Эцэг, эхийн сонголтоор шийдвэр гаргадаг. Бусдын нөлөөнд автаж сонголт хийх нь алдаатай сонголт болох магадлал өндөр. Мэдээж эцэг эх, ахмад хүмүүс, багш, мэргэжлийн зөвлөхүүдтэй санал бодлоо солилцож шийдвэр гаргах нь зөв боловч эцэг, эх нь хүүхдэдээ сонголт хийх боломж олголгүй “Миний хүү, охин ерөөсөө л эмч бол манайхан бүгд эмч мэргэжилтэй”.

Эсвэл “Цалин өндөртэй мэргэжил сонго” гэж тулгах нь бас алдаа болдог талтай. Хамгийн гол нь мэргэжлээ сонгох гэж буй хүн өөрийгөө зөв таних, мөн сонгох гэж байгаа мэргэжлээ сайн судалсан байх хэрэгтэй.

Өмнөх ажлын туршлагад суурилж шийдвэр гаргах. Урьд нь хийж байсан ажлаас олж авсан туршлага хүнд хэрэгтэй боловч урт удаан хугацаанд хийх ажил, мэргэжлийг сонгоход тийм ч чухал биш юм. Ажил мэргэжлийг сайтар судлахгүйгээр сонголт хийх нь буруу. Зуны амралтаар нэг удаа хийж үзсэн ажлаа би чадах юм байна гэж бодох нь өрөөсгөл зүйл.

Хичээлийг мэргэжилтэй адилтган сонгох. Хичээлийн сонголт хийж байгаатай адил мэргэжлээ сонгох нь эрсдэлтэй. Жишээ нь химийн хичээлд сайн байлаа гээд эмч мэргэжил сонгох нь учир дутагдалтай гэдгийг сургалтаар мэргэжилтнүүд зөвлөлөө.

Мэргэжил сонголтын талаар ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтат зочлох боломжтой. Мөн 7013-8004 дугаарт холбогдон тодруулж болно хэмээн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Туваан: Асуудлыг Ардчилсан нам руу чиглүүлж, харлуулбал бид өөрөөр ярина

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан Ардчилсан намын 28 жилийн ой болж өнгөрлөө. Энэ өдрүүдэд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа, оноогоо дүгнэн ярилцсан байх. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Ардчилсан нам үүсэн байгуулагдаж, Монгол Улс олон намын тогтолцоотой болсны 28 жилийн ойн арга хэмжээнүүдийг энэ сарын 7-ны өдөр орон даяар тэмдэглэж өнгөрүүллээ. Энэ өдрүүдэд ойн баярын хурал, намын нэрэмжит уламжлалт барилдааныг зохион байгуулав. Мөн Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг баталж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан хуралдаан боллоо. Ирэх жилийн арванхоёрдугаар сарын 10-нд Монгол Улсад ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяр, түүний дараа буюу 2020 онд Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ойн тэмдэглэлт өдрүүд тохиож байгаа. Эдгээр арга хэмжээнүүд манай ардчилагчдын хувьд том баярт ой юм. Тийм болохоор бид одоогоос бэлтгэх ажилдаа орж байгаа.

-Сүүлийн үед Ардчилсан намын угшилтай гишүүдийг хэд, хэдээр нь баривчлан шалгаж байгаа. Тэр дундаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг баривчилсан. Энэхүү шалгалт, баривчилгаатай холбоотой асуудлаар танай нам ямар байр суурьтай байна вэ?

-Хууль, хүчний байгууллагуудаас явуулж байгаа үйл ажиллагааг бид хөндлөнгийн байр сууринаас л харж байна. Учир нь Ардчилсан нам хуулийг дээдэлдэг нам. Хэн нэгэн дарга, цэрэг асуудлыг шийддэг юм биш, ямар нэгэн нам шийддэг юм биш. Хууль бүхний дээр байх ёстой гэдэг зарчимтай учраас бид хууль дээдэлдэг нам юм. Тэр ч утгаараа хуулийн байгууллагуудын явуулж буй ажилд хөндлөнгөөс оролцох хүсэл байхгүй. Харин болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа. Үндэслэл болгон яригдаж байгаа асуудлыг хүн хийж байгаа учраас ямар нэгэн алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Хүний алдаатай оноотой байдлыг шүүхийн байгууллагаар эцэслэн тогтоодог. Ингэж тогтоогдсон үед нь л бид дуугарч үгээ хэлнэ. Түүнээс өмнө бид зөв, буруу гэж асуудалт хандахгүй. Сүүлийн үед явуулж буй баривчилгааг харж байхад Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн хүмүүс ч байна. Урьд нь намын нэрийн өмнөөс Төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс ч байгаа. Манай намын хүмүүсийг онцгойлж, асуудлыг Ардчилсан нам руу чиглэсэн байдалтай харлуулж явах юм бол бид өөрөөр ярина. Өөрөөр хэлбэл энэ асуудал хэтэрхий улстөржсөн өнгө аястай болоод ирвэл бид намын хувьд дуугарч эхэлнэ. Яригдаад байгаа Оюу толгой, Дубайн гэрээтэй холбоотой асуудлууд дээр хоёр нам хамтарч засаг барьж байх үедээ ч гаргасан шийдвэр бий.

Өмнө нь Ардын нам дангаараа Засаг барьж байхдаа ч гаргасан шийдвэр байдаг. Энэ бүх зүйл тэнцвэртэй, үнэн зөвийг олох тал руугаа явж байна уу гэдгийг бид анхааралтай хараад сууж байна.

-Ардчилсан нам Сангийн сайд асан С.Баярцогтоо намаасаа хассан, зарим бүр хөөсөн гэж яриад байгаа. Ингэснээрээ түүнийг гэм буруутай гэж нийгэмд харагдуулах болсон. Намынхаа гишүүнийг иймэрхүү янзаар өмгөөлдөг нам юм уу гэсэн яриа гадуур их явж байна. Энэ талаар тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Энэ асуудал анх өнгөрсөн оны хавар яригдсан. Өөрөөр хэлбэл манай намын партизануудын нэг, АТОЗ-ийн удирдах зөвлөлийн даргын зүгээс өнгөрсөн жил намын Үндэсний дүрмийн хороонд өргөдөл гаргаж, өгсөн байдаг. Тэр өргөдөл дээр Ардчилсан намд оффшортой холбоотой хүн байна. Энэ хүн намын эрх барих дээд байгууллагад байх нь ёс зүйд нийцэхгүй. Иймд энэ асуудлыг шийдэж өгнө үү гэсэн байсан. Ингээд тэрхүү өргөдлийн дагуу манай намын хяналтын дээд байгууллага болох Үндсэн дүрмийн хороо энэ асуудал дээр шийдэл гаргасан. Тэр нь энэ хүнийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр бүртгэх боломжгүй гэсэн шийдэл юм. Иймд өнгөрсөн жил Үндэсний бодлогын хорооны гишүүнд элсэх шатанд нь бид бүртгэж авах боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ үйл явдлаас хойш жилийн дараа энэхүү асуудал дахин хөндөгдөх болсон. Угтаа С.Баярцогт гишүүн Үндсэн дүрмийн хороон дээр өөрийн биеэр ирээд энэ нь ийм, тэр нь тийм гээд тайлбар өгөх эрх нь нээлттэй байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд ямар нэгэн байдлаар энэ хороонд хандаагүй. Энэ жил тэрээр Үндэсний бодлогын хорооны сонгуульд дахин нэрээ дэвшүүлсэн байсан. Энэ асуудал дээр бид мөн өнгөрсөн жилийн Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг үндэслэж, С.Баярцогт гишүүнийг дэвших эрхээс хассан. Үүний дараа манай намын Улс төрийн зөвлөл С.Баярцогт гишүүнтэй холбоотой сүүлийн үеийн асуудал буюу Швейцарийн холбооны улсын Прокурорын газрын мэдэгдлийг үндэслэж, асуудлыг авч хэлэлцэнэ үү гэж Үндсэн дүрмийн хороонд өгсөн. Энэ асуудалтай холбоотойгоор АН-ын Улс төрийн зөвлөлөөс “Ардчилсан нам шударга ёсыг дээдэлдэг нам учраас шударга бус үйлдэл, тэр дундаа оффшор, авлигын хэргүүдтэй холбоотой зүйлийг өмгөөлөхгүй” гэсэн мэдэгдэл гаргасан. Үүнийг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэсэн байдаг. Ингээд энэхүү асуудлыг Үндсэн дүрмийн хороо дахин хэлэлцэж, зарим нэг асуудал гарч ирсэн учраас С.Баярцогтыг намын гишүүнчлэлийн бүртгэлээс хасах даалгаврыг Ардчилсан намын даргад даалгасугай гэсэн тогтоолыг гаргаж өгсөн. Үүний дагуу намын дарга С.Эрдэнэ тушаал гаргаж, гишүүнчлэлийн бүртгэлээс хассан байдаг. Ийм л процесс болсон.

-Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг намаас хасах уу. Энэ асуудал дээр танай нам ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тодорхой тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл С.Сайханбилэгийн асуудал бол зөвхөн Авлигатай тэмцэх газраас асуудалд ямар нэгэн буруутай зүйл байна уу гэдэг үндэслэлээр шалгаж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн хууль, шүүхийн байгууллага асуудлыг эцэслэн тогтоочихсон зүйл байхгүй учраас бид анхааралтай ажиглаж л байгаа. Манай намын хувьд энэ асуудлаар шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа л намаас хасах уу, үгүй юу гэдэг асуудлыг авч үзнэ. Улс төрийн нам гэдэг хүн шалгадаг байгууллага биш. Нам бол үзэл бодлоороо нэгдсэн, хүмүүсийн нэгдэл. Тэгэхээр хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх эрх хэнд ч байхгүй. Тийм учраас одоо тэрийгээ шалгаач, ингэж шалгаач гэсэн зүйлээр асуудалд хандах боломжгүй. Харин шударгаар хэт нэг талыг барилгүй, адилхан л асуудалд хандаасай гэсэн байр сууриндаа байгаа.

-Оюу толгой гэрээг дахин хэлэлцэж, сайжруулах боломж байдаг юм уу?

-Энэ гэрээ бол маш том гэрээ. Олон тэрбум ам.долларын асуудал шийдсэн гэрээ. Мэдээж хэрэг гэрээ учраас энэ асуудал дээр наанатай, цаанатай харж үзэх зүйлүүд байна гэж үзэж байгаа. Би хувьдаа энэхүү гэрээг тийм ч сайн гэрээ гэж боддоггүй. Энд нэг талын буюу гаднын эрх ашиг илүү тусгагдсан юм болов уу гэсэн хувь хүний байр суурьтай байдаг. Ер нь ямар ч гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж болдог. Тэгэхээр энэхүү гэрээ ийм болж, тийм болж гээд засч сайжруулаад явах боломжтой.

-Сөрөг хүчний хувьд Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн харж байгаа вэ?

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш манай нам ард түмний тавьсан үнэлгээнд хүндэтгэлтэй хандсан. Өөрөөр хэлбэл шинэ Засгийн газар байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэнтэй холбоотойгоор хэлж ярих, шүүмжлэх зүйлүүд олон гарч ирсэн ч манай нам тэвчээртэй, хүлээцтэй хандсан. Эхлээд намын дотоод асуудлаа анхаарч, цэгцлэх ёстой гэсэн зарчмаар эрчимтэй ажил эхлүүлсэн. Ингээд тодорхой хугацаа өнгөрсний дараа эрх баригч хүчин тэвчихийн аргагүй шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Тэр бүх шийдвэрүүд нь ард түмэн, улс эх орны язгуур эрх ашигт нийцэхээргүй, ард түмнийхээ амьдралыг доройтуулах шийдвэрүүдийг гаргаж явсан учраас бид тэмцэж эхэлсэн. Тэр хүрээнд эрх баригчдад удаа дараагийн шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Харин эрх баригчид жил гаруй хугацаанд явсан Засгийн газраа дотроосоо болохгүй байна гэсэн дүн тавьж, өөрчилсөн. Өөрчлөгдсөн Засгийн газар одоо үйл ажиллагаагаа явуулаад таван сар орчим хугацаа өнгөрлөө. Гэвч У.Хүрэлсүхийн Засгийн газар нүдэн харагдахаар ажлуудыг хийсэнгүй. Ийм ажил хийсэн гээд хэлчих тийм дорвитой ажил нэг ч алга. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайланг сонсож байхад нэг яамны газрын хийчих, эсвэл нийслэлийн нэг агентлаг хийчих хэмжээний ажлууд тэрхүү хийсэн гээд байгаа 30 ажилд орсон байсан. Засгийн газрыг үнэлэх эхний хугацаа 100 хоног байдаг. Харин дараа нь зургаан сар гээд явдаг. Тэр үед бид дахин дуу хоолойгоо илэрхийлэх болно. Өөрөөр хэлбэл одоогийн Засгийн газар иймэрхүү шийдвэргүй байдлаар удаан ажиллах юм бол үүн дээрээ шийдэл ол, ялангуяа улс орны хөгжлийг урагшлуулах том том бүтээн байгуулалтаа хурдан хий гэсэн сөрөг хүчний байр сууринаас хандсан шахалтуудыг хийж явна. “Үнээг үхэхээр сүүтэйг нь мэддэг” гэсэн ардын зүйр үг байдаг. Үүнтэй зүйрлэж хэлбэл Ардчилсан нам эрх барьж байхдаа олон бодлого, арга хэмжээнүүдийг зоригтой эхлүүлж, хийж байсан. Зээл, бондыг хуулийн хүрээнд хийж байсан. Энэ бүх ажиллагаа ард түмний нүдэнд ил байсан. Эдгээр зүйлийг зоригтойгоор хийсний ард сонгуульд орсон. Харин ард түмэнд эдгээр ажлуудыг дутуу таниулж, ойлгуулж чадаагүй. Үүнийг сөрөг хүчнийхэн системтэйгээр, өөрөөр хэлбэл харлуулах тал дээрээ маш сайн ажилласан. Тийм учраас ард түмэн бидэнд муу дүн тавьсан болов уу гэж боддог. Ингээд МАН 65 суудал авч, эрх баригч нам болсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл юу болов. Бидний үед яригдаж байсан Чингис бондоос даруй тавин хувиар давсан хэмжээний өр буюу 2,5 тэрбум ам.долларын илүү зээл, бондыг босгоод авчихсан байна. Энэ хөрөнгөөр өнөөдөр гарт баригдсан, нүдэнд харагдах нэг ч ажлыг хийгээгүй л байна. Гэтэл тэр мөнгө хаашаа орчихв оо. Тэр мөнгө төрийн данхар бүтэц, төсвийн цоорхой нөхөх зэрэг аахар шаахар зүйлд зарцуулагдсан. Ард түмэн үүнд дүнгээ тавих байх.

-Сүүлийн үед шуугьж байгаа нэг асуудал бол “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавьж, зээл авсан. Тэрхүү зээлийн эргэн төлөлтийг тус үйлдвэр, Засгийн газар төлөх Лодонгийн Арбитрийн шүүхийн шийдвэр гарчихаад байгаа. Энэ асуудлаар та ямар бодолтой байна вэ?

-Энэ үйлдвэрийн 51 хувь улсад байдаг. Монгол Улсыг олон жил тэжээж ирсэн манай ганц “саалийн үнээ” болсон үйлдвэр шүү дээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдлагууд, зарим нэг бизнесмэнүүд нийлж тус үйлдвэрийг гаднын банканд барьцаанд тавьж, зээл авсан. Өнөөдөр энэ зээлийн мөнгө “Эрдэнэт үйлдвэр”-ээс төлөгдөх гэж байна. Хоног болгонд хүү бодогдоод, төлөгдөөд явж байгаа. Энэ бол маш том алдаа. Учир нь улсын төсөв рүү, ард түмний сайн сайхан амьдрал руу орж байх ёстой мөнгө гаднын банкинд хувийн компанийн буруутай үйлдлийн өмнөөс төлөгдөөд явж байгаа нь үндсээрээ маш буруу зүйл юм. Үүнийг манай нам эрс эсэргүүцэж байгаа. Хэдийгээр Ардчилсан нам цөөнхийн бүлэг байгаа ч гэсэн энэ асуудлаар ажлын хэсэг байгуулаад яг үнэн зөв нь юу юм бэ гэдгийг гаргаж тавихаар ажиллаж байгаа. Удахгүй ажлын хэсгийн дүн гарахаар илүү тодорхой зүйлийг ярих байх. Хэзээ ч хэсэг бүлэг хүмүүсийн буруутай үйлдлийг ард түмний сайн сайханд зориулагдах ёстой мөнгөөр төлж болохгүй гэдэг үндсэн зарчим дээрээ манай нам байгаа.