Categories
мэдээ нийгэм

Азийн сангийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот, Азийн сан хооронд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Юуны өмнө Улаанбаатар хотод айлчилж байгаад талархалтай байна. Таныг Монгол Улсад зочилж байгаа нь бидэнд тохиох азтай явдал гэж үзэж байна. Учир нь Азийн сан Монгол Улсад өрнөсөн ардчиллын үйл явцыг дэмжиж энэ чиглэлээр бид хамтран ажилласаар ирсэн. Азийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 10 жилийн ойгоор бид Үндсэн хуулийн талаар онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулсан. Тиймээс миний зүгээс Азийн сангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг. Бид Азийн сантай хамтран орон нутаг дахь ардчиллыг бэхжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр олон төслийг хамтран хэрэгжүүлсэн. Азийн сан нийслэлийн ЗДТГ-тай 2012 оноос хамтран ажиллаж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, хотын засаглал, хог хаягдал, төрийн албаны ил тод байдлын талаар төслүүдэд амжилттай хамтран ажиллалаа. Цаашдаа олон төсөл дээр хамтран ажиллана гэж найдаж байна” гэдгийг онцлон хэллээ.

Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд “ Бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай олон чиглэлээр хамтарч ажиллаж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Энэхүү төвийн үйл ажиллагаа өргөжиж нийслэлийн эдийн засагт үр өгөөжөө өгөх байх гэж найдаж байна. Азийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 25 жил болж. Цаашдаа улам нягт хамтран ажиллах хүсэлтэй байна. Биднийг биечлэн хүлээн авч уулзсан танд баярлалаа” гэлээ.

АНУ-ын Азийн сан 1993 оны аравдугаар сарын нэгэнд суурин төлөөлөгчийн газраа Монгол Улсад нээж байсан. Түүнээс хойш сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах, нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих зэрэг олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хамтран ажиллаж ирсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.04.18) хуралдаан 15 цаг 21 минутад 52.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.

Энэхүү хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9 дэх хэсгийн заалтуудад Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгасан байсан ч 2010 онд уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн 6.9.2-т заасан “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд” гэсэн заалтыг хүчингүй болгосноор 6.9.1 дэх заалт буюу зөвхөн “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан” гэсэн заалт үлдсэн байна. Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас тус заалт нь Монгол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон.

Иймээс Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өнөөдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар, уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринесдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэх юм гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлов.

Уг хуулийн төсөл нь 4 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “судалж” гэсний дараа “санал, дүгнэлт гарган” гэж нэмэх, 2 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг “6.9.Доор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11, 6.12, 6.15 дахь хэсгийн“6.9.1-д” гэснийг “6.9.1, 6.9.2-т” гэж тус тус өөрчлөхөөр тусгажээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Л.Болд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн цэц хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосны дагуу хуульд өөрчлөлт оруулаагүйгээс Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтгүй байгаа талаар гишүүдэд нэмэлт тайлбар мэдээлэл өгсөн юм.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Ш.Раднаасэд нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Үг хэлсэн гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд гэхдээ монгол төрийн дархлаатай холбоотой ийм асуудалд ихээхэн нухацтай, ултай суурьтай хандах учиртай тул Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж нухацтай хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Түүнчлэн гишүүний хариуцлага, ёс зүйн асуудлыг сайжруулах чиглэлээр өргөн баригдсан хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх шаардлагатай гэдгийг зарим гишүүн хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулахаар тогтов.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэц энэ сарын 06-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Оюун-Эрдэнэ нар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Харин Хууль зүйн байнгын хороо үдээс өмнө хуралдаж, цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн. Иймээс дэгийн хуульд “Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл нэгдсэн хуралдаан дээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээр эхэлж санал хураалгах бөгөөд энэ санал эс дэмжигдвэл холбогдох Байнгын хорооны санал дэмжигдсэн гэж үзнэ” гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэхээр болж байгаа юм.

Ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг нухацтай ярилцахаар тогтов

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэв. Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг асуудлын талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар хийсэн юм.

Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2016 оны 121 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Засгийн газрын 2016-2020 оныүйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны эцсийн байдлаар 44.6 хувьтай гарлаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлогоор нь авч үзвэл: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53.9, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8, Нийгмийн бодлого 46.0, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 41.2, Засаглалын бодлого 47.2 хувьтай байгааг сайд танилцуулгадаа дурдлаа.

Тэрбээр цааш нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг бодлого тус бүрээр нь товч танилцуулсан юм. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд гэхэдУлсын Их Хурал 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганаар Эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталсны дагуу Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаар тогтоолоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгийг тогтворжуулж, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хамрагдах хэлэлцээрийг амжилттай хийж хамрагдлаа. Энэ злрилтын хүрээнд Хөгжлийн банкны 2012 онд гаргасан 580 ам.долларын бондын 82.07 хувь буюу 475 сая.долларыг Засгийн газрын бондоор солих, үлдсэн хэсгийг хөрөнгө оруулагчдад төлөх зорилгоор 600 сая ам.долларын жилийн 8.750 хувийн хүүтэй “Хуралдай” бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжаалав. Мөн 800 сая ам.долларын 5.5 жилийн хугацаатай, 5.625 хувийн хүүтэй “Гэрэгэ” бондоор 2018 оны 1 дүгээр сард төлөгдөх 500 сая ам.долларын “Чингис” бондын 74.5 хувь, 2018 оны 6 дугаар сард төлөгдөх 1.0 тэрбум юанийн Дим сам бондын 9.5 хувийг тус тус буцаан худалдан авсан бөгөөд Чингис бонд, Дим сам бондын үлдэгдэл хэсгийг Гэрэгэ бондын эх үүсвэрээр хугацаанд нь төлнө. Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр 2017-2018 онд хугацаа нь дуусч байгаа Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондуудыг хугацаанд нь дахин санхүүжүүлсэн бөгөөд их хэмжээний гадаад төлбөрөөс үүдэн улсын төсөв, эдийн засагт учирч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж чадлаа гэдгийг сайд дурдлаа.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хэрэгжилт харьцангуй сайн гарлаа. Тухайлбал, 2017 онц эцсийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.1 хувь; Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.4 хувь; гадаад валютын албан нөөц 3 тэрбум доллар; ажилгүйдлийн түвшин 7.3 хувь; гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.3 тэрбум долларт хүрч, төгрөгт итгэх итгэл сэргэн төгрөгийн хадгаламж 41.2 хувиар өссөн; Засгийн газрын үнэт цаасны дундаж хүү 11.8 хувь болж буурсан; Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч эхэлсэн; түүнчлэн гадаад валютын ханш тогтворжсон гэдгийг тэрбээр онцлов.

Харин Нийгмийн бодлогын хүрээнд инфляцын түвшинтэй уялдуулан Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 394.2 мянган хүний тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 119.5 тэрбум төгрөг, 62 мянган хүний нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийт 17.4 тэрбум төгрөгийг тус тус 2018 оны төсөвт тусгаж батлууллаа. Ингэснээр нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр дунджаар 8,8 хувиар буюу 27,5 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 5100 болон 11200 төгрөгөөр нэмэгдэв. Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад ажлын үр дүнгээр 2017 оны 12 дугаар сард 55.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгож, 2018 онд улсын төсвөөс 56.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор батлагдсан.

Ахмад настны тухай хуулийг батлан гаргаж, ахмадууддаа жилд 2 удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгож эхэллээ. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож 3 хувиар буурууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Төрийн банк, ХААН банктай цалингийн зээлийн хүүг 3 пунктээр бууруулж, зээлийн шимтгэлийн зардлыг тэглэх тухай гэрээ байгуулан 2017 оны 5 дугаар сараас эхлэн төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа багш, эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулж байна. “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгож байгааг дурдав.

Цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хэрэгжилт нь удааширч байгаа зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах саналтай байгаагаа сайд хэлсэн юм.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, О.Баасанхүү, С.Бямбацогт нар Байнгын хорооны хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Ш.Раднаасэд, Д.Лүндээжанцан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлж бодит ажил хэрэг болгох асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтээс шууд шалтгаалах учраас Засгийн газрын гишүүн бүр, холбогдох агентлагийн удирдлага, албан тушаалтан бүр хариуцсан ажилдаа эзэн болж, шуурхай, бүтээлчээр хандах учиртай. Энэ үндсэн дээр асуудалд ажил хэрэгчээр хандаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг зөвхөн холбогдох Байнгын хороогоор хязгаарлахгүй чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, болж бүтэхгүй, дутуу дулимаг байгаа асуудалдаа анхаарлаа хандуулж тавьсан зорилт, амласан амлалтаа бодит ажил хэрэг болгох үүднээс тал талаас нь сайн ярилцаж нухацтай хандах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байв. Иймээс бусад Байнгын хороодоос гишүүд оролцуулан Засгийн газрын 2018-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого, зорилт нэг бүрээр нь нарийвчлан гаргаж, цаашдын чиглэлийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж нухацтай ярилцахаар тогтлоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 10 гишүүнээс энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал эдгээр хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан юм.

Манай улс 1985 онд нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын “Аж үйлдвэрийн өмчийн асуудал эрхлэх үндэсний тусгай алба” гэсэн 12 дугаар зүйлд Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах үүрэг хүлээхээр заажээ. Тиймээс Монгол Улс нь аж үйлдвэр /оюун/-ийн өмчийн асуудлыг бие даан эрхэлдэг буюу патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн мэдээллийг нийтэд танилцуулдаг тусдаа байгууллага байгуулах үүргийг уг конвенцид нэгдэх үедээ хүлээсэн байна. Гэвч Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн зохион байгуулахаар болсон нь Парисийн конвенцын дээрх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгоод зогсохгүй оюуны өмчийн хамгаалалтын ач холбогдол дэлхий дахинаа улам өссөөр байгаа энэ цаг үед дэлхийн хөгжлөөс хоцроход хүргэх сөрөг үр дагавартай юм.

Улсын бүртгэлийн байгууллага нь гуравдагч этгээдээс хамаарахгүйгээр бүртгэл хийх, уг бүртгэлээ хувь этгээдийн эрх ашгийг хүндэтгэх үүднээс нууцлах чиг үүрэгтэй. Харин оюуны өмчийн байгууллага нь 3-18 хүртэлх сарын хугацаанд хайлт, шүүлт хийх, дараа нь бүртгэгдэх гэж байгаа объект /шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт болон зохиогчийн эрхийн бүтээлүүд/-ын талаар олон нийтэд тодорхой хугацаанд мэдээлэл өгч, гомдол, хүсэлт ирэх эсэхийг нягтлан шалгадаг байна. Ийм хоёр өөр чиг үүрэгтэй байгууллагуудыг нэгтгэснээр оюуны өмчийн улсын хяналтын тогтолцоо нь ойлгомжгүй, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг дордуулсан, орон тоо бүтцийн хувьд хязгаарлагдмал байдалд хүрээд байна. Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг чиг үүргийн хувьд хоёр салган зохион байгуулж оюуны үйлдвэрлэл, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн оюуны өмчийн эрхийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлагыг харгалзан хууль тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад “-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;” гэсэн агуулгатай хэсгийг нэмэх, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар 5 дахь хэсгийн 7 дахь заалтын “-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал;”, мөн хэсгийн 10 дахь заалтын “-өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;” гэснийг хасахаар тусгажээ. Харин Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд “1.1 Оюуны өмч, инновацийн газар” гэсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг нэмэх, тогтоолын хавсралтын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх “5. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “5. Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж өөрчлөхөөр тусгасан байна.

Хууль тогтоомжийн төслийн үзэлт баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Засгийн газрын хуралдаанаар энэ хоёр агентлагийг салгаж, хуучнаар нь Оюуны өмчийн газар, Бүртгэлийн ерөнхий газар байгуулахыг дэмжсэн, холбогдох хууль тогтоомжийн төслийг удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх байх гэдгийг гишүүдэд дуулгасан юм. Энэ асуудалтай холбогдуулан төсөл санаачлагч гишүүн Н.Уярал хэрэв Засгийн газраас хуулийн төсөл өргөн баригдсан нөхцөлд хууль тогтоомжийн төслүүдийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь нэр бүхий гишүүдийн санаачилсан хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Алсдагдсан дүүргүүдийн хороодын засаг дарга нартай уулзалт хийлээ

Нийслэлийн удирдлагууд алслагдсан Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн хороодын дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ЗДТГ-ын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон харьяа агентлагийн хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хорооны Засаг дарга бол тухайн нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн юм. Тиймээс бид амь нэгтэй байх учиртай. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг. Тиймээс бид амь нэгтэй байж нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хорооны Засаг дарга иргэдтэйгээ ойр байж ажиллах ёстой. Иргэдтэйгээ уулзаж тэдний асуудлыг сонсож, ярилцаж төрийн үйлчилгээг хүргэдэг хүн байх хэрэгтэй” гэж хэллээ.

Нийслэлээс зохион байгуулж байгаа ажил, хуулийн хэрэгжилтийг хороодоор дамжуулж иргэдэд хүргэх үүднээс Засаг даргын захирамжаар нийслэлийн 152 хороодод нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, хэлтэс нэгжийн дарга нарыг томилж ажил үүргийг холбосон юм. Нийслэлийн хороодын үйл ажиллагааны талаар нэгдсэн үйлчилгээний төвүүдээр дамжуулан иргэдээс санал авсан. Иргэдийн саналын 31,3 хувь нь хорооны үйл ажиллагаатай холбоотой байна. Тухайлбал хорооноос иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ муу, иргэдэд мэдээллийг бүрэн өгдөггүй, албан хаагчид ажлын байрандаа байдаггүй, харилцаа хандлага муу зэрэг гомдлууд иржээ. Тиймээс хороодын дарга нар болон, хороодын ажилтнууд ажилдаа сэтгэлээсээ, иргэдийн төлөө ажиллах хэрэгтэйг анхаарууллаа

МЭДЭЭНИЙ АНГИЛАЛ

Categories
мэдээ нийгэм

Оюутны спортын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Оюутан, залуу судлаачдын олон улсын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний наймдугаар хурал энэ сарын 20-21-нд болно. Хуралд оролцохоор 37 их, дээд сургуулийн 70 гаруй залуу судлаач, эрдэмтэд ирээд байна.

Мөн Олон улсын спортын их, дээд сургуулийн холбооны тэргүүн, Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) гүйцэтгэх хорооны гишүүн, академич, доктор (Sc.D), профессор К.К.Закирьянов, ОХУ-ын Москва мужийн Биеийн тамирын их сургуулийн ректор, ОХУ-ын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, доктор (Sc.D), профессор С.С.Сейранов нар оролцоно. Тэрчлэн Казахстаны Биеийн тамирын их сургуулийн тэргүүн дэд ректор доктор, профессор.Махаганов, Украины Биеийн тамирын их сургуулийн профессор, доктор (Sc.D), академич В. Н. Платонов, Тажикстаны Биеийн тамир, спортын дээд сургуулийн ректор, доктор, профессор Ш.А. Сафаров зэрэг дэлхийн спортыг тэргүүлэх онолч, эрдэмтэд энэхүү хурлын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхээр болжээ.

Хурлыг Олон улсын спортын их, дээд сургуулийн холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Үндэсний биеийн тамирын дээд сургуулиас (ҮБТДС) зохион байгуулж байна. Хурлын үйл ажиллагаа Тусгаар тогтнолын ордны гурван давхрын бага танхимд маргааш 09.00 цагт эхлэж, нэгдсэн хуралдаан болох бол үдээс хойш нь салбар хуралдаан таван хэсэгт хуваагдан МУИС-ийн шинэ номын санд үргэлжлэн явагдана.

Хуралд 319 судлаач, эрдэмтэд, биечлэн болон онлайнаар оролцох бөгөөд тэдний 240 нь гадаадын, 79 нь Монгол Улсын залуу судлаач нар байх юм. Олон улсын хуралд хэлэлцүүлэхээр бие даасан болон хамтарсан 148 илтгэл ирснээс гадаадын 119 илтгэл, дотоодын 29 илтгэл байна. Эдгээр залуу судлаач, оюутан, магистр, докторантын илтгэлүүдийг багтаасан 502 хуудас бүхий эрдэм шинжилгээ, судалгааны эмхэтгэл гаргаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад болсон спортын хамгийн том цар хүрээтэй эрдмийн хурал болж буйг илтгэж байна.

Энэхүү олон улсын нэр хүндтэй томоохон их хурлын нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ, их, дээд сургуулиудын захирлууд, биеийн тамир, спортын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгч, оюутан залуучууд урилгаар оролцоно.

Хурлын нээлтийн ёслолын үеэр гадаад дотоодын эрдэмтэн нарт “Үндэсний БТДС-ийн хүндэт доктор” болон “Дэд профессор” цол олгох ёслол, зочид төлөөлөгчдөд зориулсан оюутны урлагийн тоглолт болох юм. Нээлтийн ёслолтой хамтатган хурлын нэгдсэн хуралдаан болж ҮБТДС-ийн захирал, хурлын Зохион байгуулах хорооны дарга, доктор (Sc.D)профессор Л.Алтанцэцэг “Дээд боловсролын байгууллага дах биеийн тамир, спортын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан “Оюутны спортын хөгжлийн өнөөгийн байдал, дүгнэлт, хийх ажил” сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлнэ.

Эрдэм шинжилгээний их хурал нь оюутны биеийн тамир, спортын боловсрол, спортын хөдөлгөөний туршлага, асуудал, хэтийн төлөв; БТС-ын анагаах ухаан, биологийн асуудлууд; БТС-ын онол арга зүй ба сэтгэл судлалын асуудал; БТС, аялал жуучлал, спортын үйлчилгээ, эдийн засаг, хүмүүнлэгийн асуудал; оюутны спортын удирдлага, зохион байгуулалтын асуудлууд гэсэн таван дэд сэдвийн хүрээнд салбар хуралдаан явагдаж, санал дүгнэлт гарган, спортын гурван залуу судлаачыг шалгаруулан урамшуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

Зураг

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан 10.05 цагт эхэллээ.

Чуулганы хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Уг дүгнэлтэд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг хуулийн шаардлага хангаагүй байхад нь томилсон Ерөнхий сайдын захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзсэн юм. Тодруулбал, “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалтыг энэ сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлээд байгаа юм.

Үндсэн хуулийн цэцийн уг 04 дүгээр дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцэж, хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Одоо хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдлын үзүүлэх сургалтыг барилгын талбайд хийлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жил бүрийн дөрөвдүгээр сарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян болгон зарладаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт “Номин констракшн деволопмент” группийн Гарден Сити барилга угсралтын талбайд үзүүлэх сургалтыг зохиолоо.

Сургалтын үндсэн зорилго нь барилгын ажил эрхлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа сайн туршлагыг сургалтад оролцогч байгууллагуудад барилгын талбайд үзүүлэн таниулах, харилцан туршлага солилцох явдал байлаа.

Улаанбаатар хотод 2012-2017 онуудад гарсан үйлдвэрлэлийн осол, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас, Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх тухай, өргөх, зөөх механизмын аюулгүй ажиллагаа, NCD группийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг сэдвээр оролцогч байгууллагуудад мэдээлэл өглөө.

Нийслэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа барилга угсралтын 226 байгууллагын 367 ажил олгогч, барилгын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнууд хамрагдлаа.

Categories
мэдээ спорт

Нэг тэрбумын гэрээ байгууллаа

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Андууд сити, клуб” ХХК, “Нисдэг мазала” ХХК-тай 2018-2022 оныг хүртэл нэг тэрбум төгрөгийн гэрээ байгууллаа.

Гэрээнд зааснаар үндэсний дээд лиг жилд 200 саяын шагналын сантайгаар зохиогдохоор боллоо. Энэ нь Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай гэрээ гэдгээрээ рекорд болж байна.

Үндэсний лигүүд “Андууд, сити клуб” ХХК, “Нисдэг мазала” ХХК-ий “Мазала” брэндийн нэрээр овоглож, урьд өмнө байгаагүй өндөр шагналын сантайгаар зохион байгуулагдана. МХБХ 2015 онд “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гэрээ байгуулж, дээд лигийнхээ шагналын санг 100 сая төгрөг болгосон нь Монголын спортын түүхэнд байгаагүй өндөр дүн байсан бөгөөд өнөөдөр “Арвайн үндэс” ХХК-тай байгуулсан гэрээг амжилттай дүгнэлээ. Тэгвэл гурван жилийн дараа шагналын сангаа дахин 100 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хөлбөмбөгийн спортын хөгжил хурдацтай урагшилж байгааг харуулж байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Андууд, сити клуб” ХХК, “Нисдэг мазала” ХХК “Мазала” брэндтэй хамтран ажилласанаар хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болохоос гадна дээд лигийн тоглолтуудын тоглолт бүрийн тасалбар бүрээс 100 төгрөг, мөн “Мазала” брэндийн борлуулсан ширхэг бүрийн 10 төгрөг нь “Мазаалай хамгаалах сан”-д дэмжлэг болж очно.

“Мазала” дээд лиг дөрөвдүгээр сарын 28-аас эхлэн Атлетик 220, Арвис, Гоёо Эф Си, Дэрэн, Сэлэнгэпресс, Улаанбаатар сити, Хангарьд, Жипро, Эф Си Улаанбаатар, Эрчим гэсэн 10 багийн ширүүн өрсөлдөөн дунд өрнөнө. Харин тавдугаар сард эхлэх “Мазала” нэгдүгээр лигт энэ улиралд анх удаа 12 баг тоглох учраас өмнөх жилүүдээс сонирхолтой явагдах нь дамжиггүй.

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Оюу толгойн гэрээг олон талаас нь шалгах ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Та Оюу толгойн ажлын хэсэгт багтсан ганц хуульч гишүүн. ТУЗ-өөс мэдээлэл авч чадаж байна уу. Ерөнхийлөгч асан Н.Багабандийг ТУЗ-өөс чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад хаягласан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан. Хариугаа авсан уу?

-Ажлын хэсэг гурван удаа хуралдсан. Эхний хоёр дахь уулзалтад Оюу толгойн ТУЗ-ийн хүмүүс ирж мэдээлэл өгсөн. Харамсалтай нь Н.Багабанди гуай ирээгүй. Монгол Төрийн тэргүүн байсан хүнийг “Тэг, ингэ” гээд байх нь нэг талаасаа ёс зүйд нийцэхгүй. Нөгөө талаас Оюу толгойн ТУЗ том үүрэгтэй байх ёстой. Улстөрчид “Оюу толгойн 34 хувийг бид ядаж үнэгүй авах ёстой” гэж хэлдэг шүү дээ. Үнэндээ бол 66 хувь нь ч үнэгүй. Хамгийн гол нь анхны төслөө хэрэгжүүлэхдээ нийлээд гэрээ хийчихсэн байгаа юм. Тэгэхээр тэр гэрээнд 34 хувьтай холбоотой ямар асуудал орсон юм, энэ нь Дубайн гэрээнд яаж орсон юм гэдэг нь тун хариуцлагатай асуудал. Гэтэл Төрийн тэргүүн байсан хүн гадаадын хамтарсан компанид ТУЗ-ийн гишүүн хийх нь зохимжгүй юм. Түүний оронд мэдлэг боловсролтой, ур чадвартай мундаг залуусыг оруулаад тууштай ажиллах хэрэгтэй гэдэг хүсэлтээ Ерөнхий сайдад уламжилсан. Засгийн газар ТУЗ томилох асуудлыг шийддэг. Оюу толгойн гэрээг олон талаас нь шалгах ёстой.

-Зарим хүмүүс Оюу толгойг хааж, бооно, татан буулгана гээд байх юм. Хэрэв төслийг зогсоохдоо тулбал манай улс бүтээн байгуулалтад зориулсан тэр их хөрөнгийг төлөх болно. Тиймээс гэрээнд засвар оруулаад цааш явуулах ёстой биз дээ?

-Бид нэг зүйлийг бодох ёстой. 2012 онд намайг УИХ-ын гишүүн болоход тухайн үеийн манай намын гишүүн байсан Сангийн сайд Ч.Улаан, Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг гэсэн гурван сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилогдсон байдаг. Тэд тухайн үедээ санхүүгийн зөрчил зэргийг шалгаад илрүүлсэн. Тэгэхэд Дубайн гэрээг хийсэнтэй холбоотойгоор санхүүгийн маргаанаа нэг талдаа гаргаад баталъя гээд шийдчихсэн. Тэр үед би С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн барьсан шүү дээ. Бас Ч.Сайханбилэгийг мэтгэлцээнд дуудсан. Тэр үед асуултад хариулт өгөхдөө “Та нарын наадах чинь нэг өдөр хүчингүй болоход магадгүй арбитрын шүүхэд дуудагдах вий дээ” гэж хэлж байсан. “Яагаад гэвэл та нар өөрсдөө гүйж очоод санхүүгийн ямар нэг зөрчилгүй байна.

Энийг ярихгүй байя. Үүнээс цаашаа явъя” гэсэн маягтайгаар шийдсэн байсан учраас том асуудал болсон. Энэ парламент байгуулагдаж Засгийн газар нь ажлаа авангуутаа “100 гаруй сая ам.долларын татварын зөрчлийг ойлголцлоороо шийддэг гэдэг юу гэсэн үг вэ. Энэ бол албан тушаал хэтрүүлсэн юм биш үү” гэдэг асуудал одоо тавиад явж байна. Иймд нэгдүгээрт, Оюу толгойтой холбоотой санхүүгийн асудлыг ярих ёстой. Хоёрдугаарт, Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг тав хуваагдаж байгаа. Миний хувьд ажилчдын нөхцөл байдал, цалин мөнгө, нийгмийн даатгал зэрэг асуудлыг шалгах дэд ажлын хэсгийг ахалж хариуцаж байгаа. Зарим хүн “Оюу толгой бол гурван сая хүний эрх ашиг болохоос тэнд ажиллаж байгаа 14 мянган хүн ямар хамаатай юм бэ” гэж дураараа яриад байгаа. Би хувьдаа үүнийг буруу гэж үзэж байна. Ямартай ч Оюу толгойн ажилчдын нөхцөл байдлын талаар ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаж, Байнгын хороонд оруулна. Ер нь Рио тинто гэрээгээ засах ёстой.

-Оюу толгойгоос гадна оффшор бүстэй холбоотой ноцтой асуудлууд байгаа гэж та ярьж байсан. Тэр нь юу юм бэ?

-Саяхан би Швейцарь яваад ирсэн. Тэгэхдээ тэнд манай 72 сая ам.доллар байж магадгүй гэсэн мэдээлэл ирсэн. Яалт ч үгүй “Альфа энержи” гэсэн компанийн нэр хэлээд байсан болохоор энэ асуудлыг шалгуулахаар АТГ, УЕПГ-т бичиг өгсөн. Одоо хариугаа нэхнэ. Швейцарийн Гадаад хэргийн сайд саяхан Монголд айлчилсан. Тэрбээр “Манайхыг битгий оффшор гэж хэлээч ээ. Оффшор гэдэг чинь татвараас чөлөөлдөг бүс. Манай улс бол оффшор биш. Манайх 2013 оноос өмнө хуулиндаа аль нэг улсын иргэнтэй холбоотой мэдээллийг нэхвэл “Танай улсын дотоод асуудалд орохгүй. Төвийг сахисан учраас мэдээлэл өгөхгүй” гэдэг байсан. Одоо бол тэгэхээ больсон. Швейцарийн иргэний асуудлыг өгөхгүй. Харин өөр улстай холбоотой мэдээллийг өгнө” гэсэн. Тэдний хуулиар гэм буруутай нь тогтоогдчих юм бол манайх өөрийнхөө иргэнийг “Авлига авсан байж” гээд шоронд хийчихнэ. Харин тэр мөнгийг нь Швейцарь 15 жил хадгалсны дараа манайх орлого болгож авах юм билээ. Тэгэхээр 72 ам.доллар гэдэг бол их мөнгө. Хүүхдийн мөнгийг 100 хувь өгөхөөр хэмжээний хөрөнгө шүү дээ. Тиймээс хуулийн байгууллагынхныг энэ мөнгийг очиж шалга гээд байгаа юм.

-Ер нь та Үндсэн хуулийн цэцийг шүүмжилдэг хүний нэг. Яагаад шүүмжлэлтэй ханддаг юм бэ?

-Үндсэн хуулийн цэц дандаа шүүмжилдэг. Одоо Цэц чадамжгүй болчихсон байна. Өнөөдөр есөн гишүүн байх ёстой. Гэтэл Цэцийн дарга байсан Ж.Амарсанаагийн оронд хэн очив. Дараа нь Д.Наранчимэг, Н.Жанцан гээд тэтгэвэрт гарчихсан хүмүүс байна. Ирэх тавдугаар сард Д.Сугарын хугацаа дуусна. Бас Н.Чинбат гуайн нас 60 гарчихсан. Энэ мэтчилэн Үндсэн хуулийн цэц чадамжгүй болчихсон. Тиймээс гишүүдээ солих хэрэгтэй.

Өмнө нэг гишүүн сайдыг огцруулах өргөдөл өгч болдог байсан. Тэгээд “нэг гишүүн” гэдгийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд хүчээр болиулчихсан. Гэтэл одоо огцрох ёстой өчнөөн л сайд байна. Жишээлбэл, гэмт хэргийн гаралт 75 хувиар өссөн байна. Хүчингийн хэрэг өдөр бүр гарч байна. Орон нутагт алга болсон охиныг олохгүй байна. Том хүмүүсийн тухай л яриад байдаг. С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар том л юм байгаа биз. Харин ядарсан ард түмнээ яах вэ. Өдөр болгон гэр бүлийн хүчирхийлэл, хар тамхи, гэмт хэрэг цахиур хагалж байна. Дээрээс нь манай зарим нэг ордыг Солонгосын төрийн өмчит компани болгочихсон юм билээ. Энэ асуудлыг шалгаад явж байгаа ноцтой асуудлууд бий. Тиймээс сайдуудад хяналт тавих ёстой. Эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбаруудаа анхаарах хэрэгтэй. Ерөнхий сайд одоо попорхоо болиод улс орноо бодмоор юм. Шийдэх өчнөөн асуудал байна. Монгол Улс дундаж давхаргатай, ажлын байртай болмоор байна шүү дээ. Энэ болгоныг яриад, бодлогын асуудал тавья гэхээр хяналт тавих хууль нь байхгүй болчихсон. Тэгэхээр иймэрхүү улс төрийн байгууллага байх хэрэгтэй ч юм уу. Өнөөдөр ард түмэн төр засгаас татвар, тэтгэвэр, Эрүүгийн хуулийн асуудал гээд их зүйлийг харж байна. Үндсэн хуулиа өөрчлөөд ч хамаагүй Монгол Улсаа сайхан болгохыг хүссэн.

-Цаазын ялыг сэргээх асуудлыг нийгэм янз бүрээр хүлээж авч байгаа. Харин та хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгч ажлаа хийгээсэй гэж хүсч байна. Цаазын ял яагаад зөв юм бэ гэдгээ өөрөө гарч ирээд ард түмэндээ ярих ёстой. Улс орноо хөгжүүлье гэж байгаа бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр сонгуулийн штабаа буулгаач ээ. Бодлого гаргаж, ширээнийхээ ард суугаад хуулиа батлаад ажлаа хийх хэрэгтэй. Ард түмэнд буруу зөрүү ойлголт төрүүлсэн мэдээллийг пиарын баг нь цацаад л байх юм. Одоо бүр Г.Баасан АТГ-ын дарга болно гэж байх юм. Нийгэмд үүссэн нэг асуудлыг дарахын тулд зохиомлоор мэдээлэл цацаад байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр одоо пиарын багаа буулгаад ажлаа хиймээр юм. Дээрээс нь Ардын намын залуу гишүүд өдөр бүр нэг юм ярьдаг. Тэд ямар ч шийдэлгүй, шүүмжилдэг. Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэтийн асуудлыг шүүмжилж болно. Шийдлээ гаргаад ир.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрдөө авч болно. Гэхдээ бид 450 сая ам.долларыг төлөхгүй. Яагаад гэвэл “Хууль бусаар авсан” гэж байгаа юм бол яагаад мөнгө төлөх ёстой гэж. Тэгтэл Цэц мөнгийг нь өгөөрэй гэж шийдвэрлэсэн. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь адилхан. Одоо бидэнд хоёр зам байгаа. “Эрдэнэт” дээр менежментийн баг очиж суугаад ашгаас нь хүртэх. Эсвэл 450 сая ам.доллараа аваад явах. Хууль бус юм бол тэгж болно гэж үү. Харин “Эрдэнэт”-ийн 51 хувь дээр Стандарт банкинд барьцаалсан гарын үсэг хуурамч гэж байна. Хуурамч юм бол банк ядаж өмчөө очиж харах ёстой юм байгаа биз дээ. Өнөөдөр Ш.Батхүү шоронд байгаа. Түүнийг гаргаж ирээд бусдыг нь шалгах хэрэгтэй. Хуурамч гэж үзэж байгаа бол Стандарт банкийг, жинхэнэ гэвэл Ганзориг нарыг шалгах ёстой.

Адилхан хуйвалдаан шүү дээ. Шалгаж байгаа тохиолдолд арбитор руу хандвал түдгэлзчихнэ. Яаралтай цааш нь хандахгүй бол зээлийн хүү өссөөр байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Т.Тамир: Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн байгаа

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамиртай ярилцлаа.


-Таныг ажлаа өгсөн гэсэн мэдээлэл дуулдаж байгаа. Та яг одоо ажлаа хийж байна уу, эсвэл чөлөөлөгдсөн үү?

-Өнгөрсөн даваа гаригт би Төрийн өмчийн хороонд болон ТУЗ-д хандаж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Би тус компанийн захирлаар сүүлийн хоёр жил гаруй ажиллах хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хавсаргаж өглөө. ТӨХ хуралдаж шийдвэр гаргана байх. Тийм болохоор яг одоогоор бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй, ажлаа хийж байгаа гэсэн үг болж таарч байна.

-Таныг ажлаа өг гэж салбарын сайдаас чинь шахалт ирэв үү. Таны хувьд сарын дараагаар дуусах үүрэгт хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөх сонирхол байсан л байлгүй?

-Надад хэн нэгэн шахалт үзүүлсэн зүйл байхгүй. ТӨХ-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ би энэ талаар тодорхой дурдсан байгаа. Манай салбарын сайд агаарын тээврийн салбарт шинэчлэл, либералчлалыг явуулна гэж ярьж байгаа. Миний хувьд либералчлал явуулахыг нь дэмжиж буй ч салбарын сайдтайгаа зарим нэг асуудал дээр бодлогын зарчмын хувьд зөрүүтэй байгаа тул ажлаа өгөх шийдвэрийг гаргасан. Үүний өмнөхөн сайд ч өөрчлөх тухай асуудлыг хөндсөн байсныг нь бас харгалзан үзсэн. Тиймээс салбарын сайд бодлого явуулж хэрэгжүүлэхийн тулд санал нийлэх өөрийн хүнээ тавьж ажиллах нь зүйтэй болов уу гэдэгтэй миний хувьд санал нэг байна.

-Таны хувьд ямар асуудалд сайдтайгаа зарчмын зөрүүтэй байгаа гэж?

-Агаарын тээврийн салбарт либералчлалыг тодорхой үе шаттайгаар явуулах нь зүйтэй гэж компанийн зүгээс үзэж байгаа. Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын бичиг баримтад үнэлэлт дүгнэлт хийж байж үүний дараагаар үнийг чөлөөлөх гэх мэт ажлуудыг хийх ёстой болов уу. Тухайлахад, агаарын тээврийн салбарт барих бодлогын бичиг баримтын 3.8 буюу Үндэсний агаарын тээвэрлэгчтэй байна. Түүнийгээ улс бодлогын хэмжээнд хамгаална гэсэн утга бүхий заалт, 3.9 дэх заалт буюу Бээжин, Сөүл чиглэлд нэг шугам, нэг агаарын тээвэрлэгч байна гэсэн заалтыг яг одоо шууд хасаад явчихад “МИАТ” бэлэн биш байна гэж бид үзэж байна. Салбарын сайд болохоороо дээрх хоёр заалтыг хасч, чөлөөлнө гэж үзэж байгаа юм билээ.

-2013 он буюу А.Гансүх сайдын үед Төрөөс иргэний агаарын тээвэрт баримтлах 2020 он хүртэлх бичиг баримтад Сөүл, Бээжин рүү ганцхан тээвэрлэгч ниснэ гэдэг заалтыг УИХ-аас баталсан нь “МИАТ”-ийн монополийн хэлбэр мөн гэж салбарын сайд чинь ярилцлагадаа дурдсан байсан. Та үүний эсрэг саналтай байна уу?

-Хятадын талаас ч гэсэн нэг чиглэл, нэг тээвэрлэгч гэсэн бодлоготой байгаа. Бид эндээсээ чөлөөлөөд явуулчихлаа гэхэд Хятад, Солонгосын тал нэг чиг шугамаа баримтлахаар энэ асуудал өөрөө мухардалд орох л хэрэг байхгүй юу. Энэ бол улсын бодлого. Яагаад тухайн үед ийм шийдвэр гарах болов гэдгийг би тухайн үед “МИАТ”-ийн захирлаар ажиллаж байгаагүй ч тайлбарлая. Олон улсад сайн нэртэй биш гадны тээвэрлэгч нар орж ирж болзошгүй асуудал сөхөгдөж байсан учраас үндэсний агаарын тээвэрлэгчээ хамгаалж уг бодлогын бичиг баримтыг гаргаж УИХ-аас баталсан байдаг. 2020 он хүртэлх бичиг баримтыг одоо жил гаруй хугацааны өмнө заавал өөрчлөх шаардлага бас байна уу. Магадгүй 2020-2030 он хүртэлх бодлогын бичиг баримтдаа тусгах ёстой заалтуудаа оруулж ирж болох юм. Яагаад вэ гэвэл агаарын тээврийн салбарт хэрэгжих бодлого, хөгжил тодорхой хугацаа шаарддаг, бас тогтвортой бодлогыг чухалчилдаг. “МИАТ” компанийн менежментийг сайжруулах, либералчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг ярьж байгаатай миний хувьд санал нэг байна. Гол зарчмын ялгаа нь яг одоо биш, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Аялал жуулчлал зөвхөн агаарын тээврээс шалтгаалж байгаа гэдэгтэй би санал нийлдэггүй. Агаарын тээвэр аялал жуулчлалын салбарын ердөө нэгхэн хэсэг нь.

-Тийзний үнэ өндөр байгаагаас шалтгаалж жуулчид тэр болгон Монголыг зорьж ирдэггүй гэх яриа байдаг. Бас жуулчлалын улирлын үед тийз олдоц ховор болчихдог?

-“МИАТ”-ийн тийзний үнийг 2011 оноос хойш нэг ч хөдөлгөөгүй. Ханшийн зөрүүгээс үүдэж буй алдагдлыг компани өөрөө үүрээд явж байгаа. Нөгөөтэйгүүр “МИАТ”-ийн Европын зах зээл хамгийн их алдагдалтай чиглэл. Сүүлийн 10 жилийн хугацаанд 130 орчим сая ам.долларыг Берлиний чиглэлээс бид алдсан байдаг. Гэтэл 130 сая орчим ам.доллар нь өөрөө бүхэл бүтэн нэг онгоцны үнэ. Гэтэл бид энэ мөнгийг алдаад л байсан. Учир шалтгаан нь Монгол Улс заавал Европын холбоо руу буюу гуравдагч хөрш рүү шууд нислэгтэй байх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс энэ чиглэлийн нислэгийг алдагдалтай ч үйлдсээр байна. Зөвхөн өнөөдрөөр харах биш шүү дээ. Агаарын тээврийн бизнес өөрөө эдийн засгийн уналт, өсөлттэй шууд холбоотой. Эдийн засаг өсч байх үед дагаж өсдөг, буухаар нь буурдаг. Төрөөс эдийн засгийг сайжруулах алхмуудыг хийгээд ирвэл дагаад сайжрах ч тийм бодит дэмжлэг тэр болгон гарч ирж чадахгүй байна. Ийм нөхцөлд “МИАТ” хэрэндээ сайн ажиллаж ирсэн дээ.

-“МИАТ” компани ямар орлого, зарлагаар тооцогддог компани вэ. “МИАТ”-ийг гаднаас нь харахад монопольдсон, нислэгийн тийзийн үнийг бууруулдаггүй, эрх мэдэлтнүүдийн тендер, шахааны үүр болсон гэх мэт байдлаар өнгөцхөн дүгнэсэн ойлголт бий. Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд энэ бүх асуудалд та ямар хариулт хэлэх вэ?

-Манай компанийн зах зээлд эзэлж буй байр суурийг шууд харвал монополь гэж үзэхийг үгүйсгэхгүй. Гэвч нөгөөтэйгүүр үндэсний агаарын тээвэрлэгчээр Монголынхоо өөр компаниудыг оруулж ирүүлэхийг шахаж хавчсан зүйл нэг ч байхгүй. Тухайн компанийн бодлого, цар хүрээ, тухайн Засгийн газрын барьж буй бодлого, буруу шийдвэр зэргээс хамааралтайгаар хувийн секторынхон агаарын тээвэрт шууд орж ирж чадахгүй байгаа тал бий. Гэхдээ зах зээл бол хэзээд нээлттэй бий шүү дээ. Шинэ чиглэлд нисэх боломж нээлттэй. “МИАТ” бол төрөөс ямар нэгэн татаас, дэмжлэг авдаггүй. Төрд дарамт учруулдаггүй. Компанийн өөрийн үйл ажиллагаанаас буюу бизнесийн үйл ажиллагаа явуулж ашгийн төлөө явдаг Төрийн өмчит компанийн нэг. Магадгүй Төрийн өмчийн хорооноос ч юм уу ашигтай ажиллахыг урьтал болгохгүйгээр иргэдэд хямд үнээр үйлчил гэсэн шаардлагыг анхнаас нь тавиад эхэлбэл тэрэнд нийцүүлж бас ажиллаж болох л доо. Бидний барьж буй үндсэн зарчим бол татвар ногдлоо төлөх ёстой, улсад ашигтай ажиллах ёстой гэсэн зарчмаар ханддаг. Манайх өнгөрсөн 2011 онд Засгийн газрын дэмжлэг шийдвэртэйгээр гэрээ хийж АНУ-аас зээлээр худалдаж авсан “Боинг-767” онгоц нь төлбөрийг гэхэд улсад ямар нэгэн дарамт учруулахгүйгээр өөрийн үйл ажиллагаанаас хугацаанд нь төлөөд явж байх жишээтэй. Нэг ч төгрөгийн зээл авалгүй өр төлбөрөө барагдуулж, ашигтай ажиллаж байна. Манай компанийн санхүүгийн удирдлагын газар, эдийн засагчид эдийн засгийн орчны чиг хандлагыг судалж, таамаг дэвшүүлж, үйл ажиллагаагаа төлөвлөж ажилладаг. 2020 оноос хойш “МИАТ” биеэ бүрэн дааж, үнэ чөлөөлөх гэх мэт асуудалд бэлэн байх болов уу гэж харж байна.

-“МИАТ” компанийн захирлаар ажиллахдаа таны хувьд ямар бодлогыг баримталж, ямар шинэчлэлийг явуулж ажиллав?

-Парк шинэчлэл хийлээ. 30 жил шинэчлэгдээгүй системийг шинэчиллээ. Шинэ чиглэлүүдийг нээж өглөө. “МИАТ” системээ шинэчилж гадныхантай дүйцэхүйц хэмжээнд ажиллаж байна. Энэ жил шинэ нисэх буудал ашиглалтад орно. Тийм ч учраас бид цаашдын парк шинэчлэлийн асуудлыг хэд хэдэн хувилбараар ярьж хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд бидний явуулж байгаа бодлого шийдвэр зөв байна гэдэг нь компанийн ашиг орлогын хэмжээ эрс нэмэгдсэнээс нь харж болно. Хэдхэн жилийн өмнө алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны байдлаар 48 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. МИАТ компаниас 2014-2017 онд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөг гаргасан байдаг. Энэхүү төлөвлөгөө үр дүнгээ өгч, компани зардлаа бууруулж, алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдсэн. Бидний баримталж ажилласан бизнес төлөвлөгөөний гол зорилго нь байгаа өгөгдөхүүн дээрээ илүү өндөр ашигтай ажиллах, боломжуудыг эрэлхийлэх, тэвчиж болох зардлыг танах, онгоцны түрээс, шатахуун гэх мэт холбогдох бүх зардал дээр нарийвчилсан дахин хэлэлцээрүүдийг хийж үнийг нь буулгаж чадсан. Импортоор авч байгаа түлшээ дэлхийн зах зээл дээрх биржийн үнээр худалдан авах гэрээ хэлэлцээр холбогдох байгууллагуудтай хийсэн. 2014 оны арваннэгдүгээр сараас хойш газрын тосыг зах зээлийн үнээр худалдаж авч, түүн дээрээ үйлчилгээний зардлаа нэмж авч байна. Өнөөдрийн байдлаар “МИАТ” компани түрээсийн тав, “Боинг” компаниас шууд худалдан авсан нэг, нийт зургаан онгоцтой үйл ажиллагаа явуулж байна. Түрээсийн онгоцнууд бүгдээрээ өөр өөр түрээслүүлэгч компанийнх. 2014 онд эдгээр компаниудтай маш шаргуу ажиллаж, өмнө хийсэн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулж, онгоцны түрээсийн төлбөрийг 20-30 хувиар буулгасан. Үүний үр дүнд нь зөвхөн нэг жилийн хугацаанд хоёр сая ам.долларын хэмнэлт гарч байгаа. Бид хоёр ширхэг “Б737 NG” онгоцыг Боингоос өмнөх “Боинг767”-ийн адил шууд худалдан авах байсныг өөрчилж, түрээсийн компаниар дамжуулан түрээслэхээр болсон. “Боинг”-ийн анхны хэлж байсан үнийг бид агаарын хөлөг тус бүрээр дөрвөн удаагийн хэлцлийн дараа бараг 10 сая ам.доллараар буулгаж чадсан ч “МИАТ” компанийн хувьд үнэтэй хэвээр л байсан. Тиймээс дахин ярилцаад түрээслэх гэсэн хувилбарт оруулсан юм. Онлайн борлуулалтыг олон улсын жишигт хүргэлээ. Миний олж харснаар зорчигч тээврээс дан ганц хэт их хамааралтай байж болохгүй юм гэдгийг тооцоолоод аль болох хамаарлыг бууруулж, солонгоруулж ажиллахыг зорьсон. Энэ дашрамд, нэг баг болж сэтгэл, зүтгэл гарган ажиллаж, “МИАТ”-д шинэчлэл, ахиц дэвшлийг авчран эдийн засгийн тэлэлтийг хийж чадсан хамт олноороо бахархаж бас талархаж явдаг гэдгээ хэлье.

-Нислэгийн сүлжээг өргөжүүлэхэд манайх томоохон ахиц гаргасан гэв үү?

-Манай компани цэгээс цэгт нисдэг мухар нислэгтэй. Улаанбаатараас Сөүл хүртэл нисээд цаашаа задарч нисч чаддаггүй. Миний бие ажлаа хүлээж аваад хамгийн гол анхаарч ажилласан зүйл бол Ази, Европын нислэгийн сүлжээг өргөжүүлэх бодлогыг баримталж ажилласан. Энэ бодлогын хүрээнд эхнээсээ гэрээ хэлэлцээр хийгдэж, үр дүн гарч байна.

-“МИАТ”-ийн 51 хувийг төрд үлдээж 49 хувийг хувьчлах тухай салбарын сайд зөвлөгөөний үеэр хөндсөн байсан. “МИАТ” хувьчлалд яг одоо ороход бэлэн үү. Эрсдэл бий юу?

-“МИАТ” ТӨХК ТӨХ-ны хувьчлагдах ёстой жагсаалтад хэдэн жилийн өмнөөс л орсон яваа. Хэзээ, хэнд,ямар хэлбэрээр яаж хувьчлагдахыг ТӨХ, салбарын яам, Засгийн газраас шийдвэрийг нь гаргах байх. “МИАТ”-ийг хувьчлах нь зах зээлийн жам ёсны зарчим, хөгжлийнх нь цаашдын хэлбэр мөн. Миний хувийн байр суурь бол “МИАТ”-ийн 51-ээс дээших хувийг худалдаж авч буй тал эзэмших нь зохистой. Хувьцааны дийлэнх нь төрд байх юм бол одоогийн байгаа нийгмийн хандлага хэвээрээ л байна. Шийдвэр гаргах түвшинг хувийн секторт түлхүү өгч байж зах зээлийн зарчмаараа, өрсөлдөөнд хошуучлах болов уу. Ер нь далайд гарцгүй улс орны хувьд зайлшгүй үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх ёстой юу, үгүй юу гэдгийг шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс нь мэдэж шийдвэрээ гаргана байх.

-”Туркиш Эйрлайнз”нислэг үйлдэх саналыг удаа дараа тавиад байгаа. Одоо энэ санал ид хүчтэй яригдаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Цөөнгүй жил ярилцаж л байгаа л даа. Үнэндээ алдагдал хүлээгээд ч 25 жил бойжуулж ирсэн Европын чиглэлийг маань хааж болзошгүй гэж болгоомжлон үздэг. Үндэсний агаарын тээвэрт эрсдэлтэй гэж үзэхийн зэрэгцээгээр тухайн компанийн нэр хүндийн тухай асуудал бас яригддаг. Миний хувьд үүнээс өөр хэлэх зүйл алга аа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбулган: Хөхний эрүүл мэндийн төв бүхий л оношилгоо, шинжилгээг хийж байна

Хөхний эрүүл мэндийн төвийн төслийн удирдагч, анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.


-Нийгэмд маш их хэрэгтэй төв үүдээ нээжээ?

-Миний хувьд 2010 оноос хойш хэд хэдэн төсөл дээр ажиллалаа. Хөхний эрүүл мэндийн төв бол хийж байгаа төслүүдийн минь нэг л дээ. Гурван жилийн өмнө энэ төслийг боловсруулж бичээд, судалгааг нь хийсэн. Монгол Улсын хэмжээнд хөхний эрүүл мэндийн асуудал орхигдчихоод байгаа салбар. Хөхөөр дагнасан, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг байхгүй. Зөвхөн Хавдар судлалын эмнэлэг дээр хөхний асуудалтай хүмүүс хандаж ирдэг. Хортой хавдрын асуудлыг уг эмнэлэгт шийдчихэж байгаа юм. Гэтэл хөхний хувьд ганц хавдраас гадна өөр олон асуудал гардаг. Буглаа, бэрсүү, хоргүй хавдрууд, гормоны өөрчлөлтүүд, шалтгаангүй өвдөөд байдаг гэх мэт маш олон төрлийн эмгэг байдаг. Ингэж өвдөж байгаа хүмүүс хаана хандах вэ гэхээр очих, хандах газар байдаггүй. Боломжтой нэг нь гадагшаа явж үзүүлнэ. Гэтэл хүн болгон тэгж явж чадахгүй. Тийм учраас энэ асуудлыг шийдэх гарц нь юу байх вэ гээд эхлээд төрд санал тавьсан юм. Төр үүнийг тодорхой хэмжээнд ач холбогдол өгч хүлээж аваагүй. Ингээд 2015 оноос хойш Солонгос, Япон гээд гадна, дотны хөрөнгө оруулагчидтай холбогдож явсаар эцэст нь монголчуудтайгаа хамтраад энэ эмнэлгийнхээ үйл ажиллагааг эхлүүлчихээд байна. Үйл ажиллагааг нь эхлүүлээд сар орчим болж байна.

-Одоогоор ямар үйлчилгээнүүд үзүүлж байна вэ?

-Манай төв оношилгоо болон зөвлөгөө өгөх түвшинд ажиллаж байна. Хөхний оношилгоонд өвөрмөц шинжилгээнүүд бий. Маммограф бол хамгийн чухал шинжилгээ. Хоёрдугаарт, хоёр төрлийн хэт авиа буюу эхо аппараттай. Эход харна, дараа нь маммографийн шинжилгээ хийнэ. Тэгээд эмчийн үзлэг, зөвлөгөө бий. Өдрийн эмчилгээ, туяаны хордлогыг тайлах эмчилгээ хийлгэх тохь тухтай орчинг бүрдүүлчихээд байна. Мөн хөхнөөс эд авдаг шинжилгээ, цусны бүх төрлийн шинжилгээг хийж байгаа. Хөхний толгойноос гардаг шингэнийг шинжилдэг цитологи буюу эсийн шинжилгээ бас авдаг. Хөхний эмгэгийн бүх оношлогоог хийж байна гэсэн үг. Манай төвийн хажууд “Бонавита” лаборатори бий. Тэнд бүхий л шинжилгээгээ хийлгэдэг.

-Үйлчлүүлэгч хэр их ирж байна?

-Хандалт байна. Түвэгтэй хэцүү нэг зүйл байна. Боловсон хүчний асуудал хүнд байна. Хөхний салбар Монголд хөгжөөгүй. Тэрнийгээ дагаад хөхний чиглэлийн эмч мэргэжилтнүүдийг боловсруулаагүй. Үүнийг цаашид бодлогоор хөгжүүлэх ёстой юм байна. Зөвхөн Хөхний эрүүл мэндийн төвд биш бусад эмнэлэгт хөхний чиглэлээр ажиллах шаардлагатай боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх хэрэгтэй байна.

Монголд хөхний чиглэлээр ажилладаг гарын таван хуруунд багтах цөөхөн хүний хоёр нь болох Монгол Улсын хүний гавьяат эмч Р.Асай, тэргүүлэх зэргийн эмч П.Төгсжаргал нар Хөхний эрүүл мэндийн төвийн зөвлөх эмчээр ажиллаж байгаа. Энэ хоёр хүн улсын хэмжээн дэх хөхний өвчний асуудлыг шийдэж чадахгүй учир цаашид энэ чиглэлийн эмч нарыг гадаадад сургая гэсэн бодол байдаг юм. Миний хувьд тус төвийн менежмент, удирдлагын багт нь ажиллаж байгаа.

-Хөхний эрүүл мэндийн төв байгуулагджээ гэх мэдээг дуулсан хүмүүс оношилгооны төлбөрийг нь ихэд сонирхож байна?

-Багцын үзлэг гэж тариф гаргачихсан байгаа. Эмч үзээд, зөвлөгөө өгөөд, маммограф, эхо оношилгоо хийлгэхэд багцаараа 50 мянган төгрөг. Энэ бол боломжийн үнэ. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ ашиг олохгүйгээр хувийн байгууллага оршин тогтноход бэрх гэдгийг бодолцсон. Гэхдээ ашиг гэхээсээ илүүтэй энэ салбарт тулгараад байгаа асуудлыг шийдэхэд ямар гарц байна вэ гэдэгт анхаарч байгаа л даа. Түүнээс биш айхавтар өндөр өртөгтэй шинжилгээ авна гэвэл энэ салбар маань хөгжихгүй, урагш явахгүй. Аль болохоор хүртээмжтэй, хяналтыг олон удаа хийх зэргээр үйлчлүүлэгчдэдээ ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна.

-Одоогоор ачаалал хэр байгаа вэ. Өдөрт хичнээн хүнийг оношилж байна вэ?

-Хоёр зөвлөх эмч маань шаардлагатай үед очиж зөвлөгөө өгч байгаа. Үндсэн нэг эмч маань хамаг сэтгэл зүрхээ зориулан их л ачаалалтай ажиллаж байна даа. Өдөрт 8-10 орчим хүн үзэж байгаа. Нэг хүнд зарцуулах хугацаа урт шүү дээ, 30-40 гаруй минут.

-Танай төвтэй ямар утсаар холбогдох вэ?

-77550007, 70009096 дугаарын утсуудаар холбогдож болно.

-Хөхөө тэмтрэхэд ямар нэгэн юм гарт мэдрэгддэг ч тэр нь хүүхэд төрүүлэхээр алга болчихдог гээд тоохгүй байх нь бий. Бас горьдоно, эрнэ гэж бий. Горьдсон үед бариа хийлгэх, элдэв юмаар илж маажих, домнох зэргээр аргалцгаадаг. Энэ мэт ардын арга засал хэр зөв бэ?

-Хөх нь өвдөж зангирахад хаашаа очих вэ гээд арга нь мухардаад л хүмүүсийн сайн гэж хэлдэг бариач, домч дээр очоод байдаг. Үүнтэй би зарим талаар санал нийлдэг, зарим талаар нийлдэггүй. Хөхүүл эмэгтэйчүүд горьдчихлоо гэдэг. Хөхний сүү үйлдвэрлэдэг булчирхайнаас хөхний толгой хүртэл суваг бий. Тэр сувгаар сүү дамждаг. Тэр нь бөглөрчихдөг.

-Юунаас болж?

-Энгийн үгээр сүү нь гашилна гэсэн үг. Ээдмэг шиг болчихоор нарийхан сувгаараа гарч чаддаггүй. Сүүний булчирхай сүү үйлдвэрлээд байдаг. Суваг нь бөглөрчихсөн байвал сүү нь нэмэгдээд тэлэгдээд томроод зангирчихдаг. Зарим илээч, бариач хүмүүс бариад тэр бөглөрсөн сувгийг нь нээчихдэг. Тэгэхээр дотор нь байсан сүү нь гадагшилчихаар эдгэчихлээ гэж ярьдаг. Гэхдээ хөхний бүх асуудал дээр бариа, иллэг байх ёстой гэж ойлгож болохгүй. Жирэмсэн биш, хөхүүл биш эмэгтэйчүүдийн хөхөн дээр юм гарлаа гэхэд бариулаад зүгээр болно гэж байхгүй.

-Хөхөө юманд цохиулахад үед хөндүүрлэх, хатуу юм тэмтрэгдэх, бэрсүүтэх зэрэг шинж тэмдэг илрэхэд “Хүүхэд төрүүлэхээр алга болчихдог” гээд байдаг. Энэ нь ямар учиртай юм?

-Жирэмсэлсэн үед төрөхөд бэлтгэгдээд сүүний булчирхайнууд хөгжөөд эхэлдэг. Тэр үед заримдаа гормон, шүүрэл ялгардаг. Шүүрэл ялгарлын явцад зарим нэг бэрсүү хайлаад урсаад алга болох тохиолдол байдаг. Гэхдээ бүх бэрсүү тэгж алга болохгүй шүү. Сүүний булчирхайны эсийн гаралтай, холбогч эсийн гаралтай гээд бэрсүүнүүд маш олон янз.

-Ямар төрлийн бэрсүү байна вэ гэдгийг дээр дурдсан оношилгоонуудаар гаргаад ирнэ биз дээ?

-Зангилаа, бэрсүү байвал заавал мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ өгөх ёстой. Шинжилгээ нь ч шат дараалалтай. Шууд хатгаж эдийн шинжилгээ авна гэж байхгүй. Эхлээд хөхний зураг авахуулаад эход оношилно. Эхний хоёроор оношлогдохгүй бол эдийн шинжилгээ авна.

-Сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдрын тохиолдол ихсээд байгаа. Энэ нь юутай холбоотой вэ?

-Ихсээд байгаа шалтгаан нь хөгжингүй орнуудын соёл орж ирсэнтэй холбоотой. Европын холбооны улс ялангуяа Герман, Австри, Белгид эмэгтэйчүүдийн хувьд номер нэг өвчин нь хөхний хавдар болоод байна. Хөхний хавдрыг эмчилж дийлэхгүй байна шүү дээ. Би саяхан Европын холбооны улсад болсон олон улсын хуралд оролцоод ирлээ. Тэр хурал дээр хөхний хорт хавдрын тухай л ярьсан. Монголд элэгний хорт хавдар, элэгний өвчлөлийг хамгийн их ярьж тэмцэж байгаа бол тэнд хөхний хавдартай тэмцэхийн төлөө зүтгэж байна.

Яагаад энэ өвчин газар аваад байна вэ гэхээр тэнд төрөлт байхгүй болсон. Төрөлт орой болсон. Хөхний хавдрын гол шалтгаан бол хэт орой төрөх, сарын тэмдэг орой ирэх. Хоёрдугаар том шалтгаан бол хүүхдээ хөхөөр хооллохоо больсон. Сүү үйлдвэрлэдэг булчирхайнууд сүү үйлдвэрлэлээ ч тэрийгээ гадагшлуулахгүй болохоор дотроо буглаад, эсүүдийн бүтэц алдагдаад эхэлдэг. Зориулалт нь сүү үйлдвэрлэхээ болиод эхэлдэг. Тэр нь явсаар хавдар болчихдог.

-Тэгэхээр хугацаандаа төрөх ёстой, хүүхдээ аль болох хөхөөрөө удаан хооллох ёстой байх нь?

-Тийм. Аль болох хугацаандаа төрөх ёстой. Хүүхэд төрүүлэх идэвхтэй нас гэж байдаг шүү дээ. Тэр хугацаандаа төрөх хэрэгтэй. Хүүхдээ хөхөөр хооллож байх ёстой.

-Ээжүүд хүүхдээ аль болох эрт хөхнөөс нь гаргаад бор хоолонд оруулах гээд байдаг болчихсон?

-Дээхнэ үед ээжүүд хүүхдээ гурав, дөрвөн нас хүртэл нь хөхүүлдэг байсан. Тэр нь муу юм биш байжээ. Хэт эрт хүүхдээ хөхнөөс нь гаргах нь нэг талаар ээжид өөрт нь, хөхөнд нь сөрөг нөлөөтэй. Тийм учраас үүнд хүмүүс мэдээлэл сайтай байх хэрэгтэй.

-Ямар давтамжтайгаар хөхний үзлэгт орох ёстой юм бэ?

-Олон улсын жишгээр 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа заавал хөхний урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх ёстой гэж заадаг. Харин 40 хүртэл насны эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа үзлэгт орж байх ёстой. Энэ бол бүр тогтчихсон хугацаа. 40 нас хүрсэн л бол “Би эрсдэлтэй бүлэг рүү орлоо” гэж үзээд жил бүр хөхний үзлэгт орно.

-Эцэг эхчүүд охиныхоо хөх ургаж эхэлсэн үеэс л хөхний үзлэгт оруулж хэвших хэрэгтэй юм байна?

-Ер нь бол тийм шүү. Эхнээсээ л хөхний эрүүл ахуйн зөвлөгөө авах ёстой. Төрсөн эх тодорхой хугацааны дараа шалгуулж байх ёстой. Манай программд үйлчлүүлэгчийн мэдээлэл суучихдаг. 40 хүртэл насны үйлчлүүлэгч өнөөдөр манай төвөөр үйлчлүүллээ гэхэд гурван жилийн дараа энэ өдрөөс долоо хоногийн өмнө программ автоматаар тухайн үйлчлүүлэгчийн мэдээллийг гаргаж ирж сануулна. Тэр дагуу манай ажилтнууд үйлчлүүлэгч рүү утсаар холбогдож “Хөхний үзлэгт орох хугацаа тань болсон байна” гэж сануулна. Үүнтэй адил 40-өөс дээш насны үйлчлүүлэгч рүү яг жилийн дараа программын сануулсны дагуу холбогдож үзлэгтээ орохыг сануулах юм.

Мөн ажил дээрээ эсвэл гэртээ хүүхдээ хараад гарч чадахгүй байгаа үйлчлүүлэгч рүү төвийнхөө зориулалтын эмнэлгийн машиныг илгээж очиж авна. Төв дээрээ авчраад шинжилгээг нь хийлгэж эмчид үзүүлчихээд буцаагаад гэрт нь хүргэх delivery үйлчилгээг нэвтрүүлээд байна. Бусад оронд үйлчилгээний ийм соёл байна аа гэдгийг монголчууддаа тодорхой хэмжээгээр ойлгуулахсан гэхдээ л ийм ажлуудыг хийгээд байна.

-Танай төвөөр үйлчлүүлж шинжилгээ хийлгэсэн хүмүүс дунд хорт хавдар илэрсэн тохиолдол гарсан уу?

-Гурав, дөрвөн хортой хавдрыг илрүүлсэн. Энэ бол тохиолдлын хувьд өндөр үзүүлэлт. Ер нь нийгмээ дагаад хортой хавдар зөвхөн хөх гэлтгүй ихсээд байгаа. Дээрээс нь янз бүрийн сүлжээний бүтээгдэхүүн, гормон агуулсан бүтээгдэхүүнүүд булчирхайлаг эд эрхтэнийг гэмтээгээд байдаг. Нойр булчирхай хамгийн өртөмтгий, бөөрний дээд булчирхай, хөх зэрэг булчирхайлаг эрхтнүүд өртөж байна. Би одоо Хавдар судлалын эмнэлэгт эмчээр ажилладаг. 2010-2014 оны хооронд АҮШУИС-ийн Хавдар судлалын тэнхимд багшилж байсан болохоор энэ бүхнийг онолын талаас маш сайн мэдээд байна.

Цаашид бид 40-өөс дээш насны 100 бүлэг хүнийг урьдчилсан үзлэгт оруулаад явлаа гэхэд ямар нэг муу юм болоход эрт оношилно гэсэн үг шүү дээ. Эрт оношлох нь амьдралын чанарыг уртасгаж өгдөг. Хавдар судлалын зарчим гэж бий. Эрт оношилгоо бол урт наслалт. Энэ хоёр бол шууд хамааралтай. Орой оношилгоо-богино наслалт гэсэн урвуу хамааралтай байдаг.