Categories
мэдээ нийгэм

Монгол иргэдийг H-2 визийн хөтөлбөрт хамруулах зорилгоор Америкийн зарим мужийн холбогдох байгууллага, ажил олгогч нартай уулзалт хийнэ

Зураг

Вашингтон дахь Монголын ЭСЯ Монгол иргэдийг H-2 визийн хөтөлбөрт хамруулах зорилгоор Америкийн зарим мужийн холбогдох байгууллага, ажил олгогч нартай уулзалт зохион байгуулах, сурталчилгаа хийх зэрэг ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна.

Н-2 хөтөлбөрийн хүрээнд гадаадын иргэнд эхний удаа 1 жил хүртэл хөдөлмөрлөх виз олгодог бөгөөд зөрчил гаргахгүй хуулийн дагуу ажилласан тохиолдолд 3 жил хүртэл сунгах боломжтой. Монгол Улсын энэхүү хөтөлбөрт хамрах хугацааг иргэд нь хуулийн дагуу ажиллаж байгааг үндэслэн сунгах боломжтой аж.
АНУ-ын ажил олгогч нартай гэрээ байгуулсан дотоодын хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, эрх авсан хуулийн этгээдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдээс барьцаа, илүү хураамж авахгүй байх, иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажиллах зөвшөөрлийн үнэн бодит эсэхийг шалгах механизмын талаар мөн ярилцсан байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Идэржавхлан: “Энэ насны хайр” тоглолт дээрээ эхнэртэйгээ хамтарч дуулна

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгож “Ижий энтэй эгч”, “Аавыгаа санахаар”, “Дорнын бүсгүй” зэрэг олон сайхан дуугаар нь хүмүүс мэдэх болсон. МУСТА, Дуучин П.Идэржавхлан уран бүтээлийн гурав дах тоглолтоо энэ сарын 20-нд хийх байсан юм. Монгол Бөхийн Өргөөг тойрсон асуудлын улмаас тоглолт хойшлогдсон. “Энэ насны хайр” тоглолтын талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.

-“Энэ насны хайр” тоглолт энэ сарын 20-нд болох байлаа? Яагаад хойшлогдсон талаар тодруулаач?

-Миний “Энэ насны хайр” уран бүтээлийн тоглолт энэ сарын 20-нд Монгол Бөхийн өргөөнд зарлагдсан байсан боловч бөхчүүдийн маргаанаас болж хувь уран бүтээлч миний болон олон мянган үзэгчдийн эрх ашгийг хөндөгдсөн юм. Монгол бөхийн өргөө тоглолт хийхэд маш тохиромжтой. Үзэгчдэд нийцтэй, тайзаа тойрсон байдаг.Монгол гэрийн зохион байгуулалттай учраас халуун дулаан уур амьсгалтай тоглолт болдог. Төлөвлөгөөний дагуу бүх маркетингээ хийгээд явж байсан боловч гэнэтийн шалтгаанаас болоод тоглолт хойшлогдон энэ сарын 24,25-нд МҮЭСТО-нд хоёр удаа тоглогдохоор болсон.

-“Энэ насны хайр” таны бие даасан гурав дах уран бүтээлийн тоглолт. Урьдны тоглолтуудаас ямар онцлогтой вэ?

Миний тоглолт бүр онцлогтой болдог.Амьд хөгжмийн хамтлаг тоглодог. Энэ тоглолтонд ханьтайгаа дуулна. Тоглолтоо амьд хөгжимтэй хийнэ. Үзэгчиддээ үдшийг хамгийн сайхнаар өнгөрүүлэх бүхий л зүйлсийг хийх гэж хичээж байна. Тайз өөрчлөгдсөн учраас төлөвлөгөө 100 хувь өөрчлөгдөж байгаа. Тайз засалт, зохиомж найруулгаараа үзэгч түмэндээ олон сайхан ухаарал хайрласан мессэж өгөхөөр ажиллаж байгаа.

-Билет хэр борлогдсон байв?

1000 гаруй билет борлогдсон байсан. МҮЭСТО 1000 суудалтай учраас тоглолтоо хоёр өдөр хийхээр болсон.

-Тоглолт хойшлогдсоноор таньд хэр хохирол учрав?

Тоглолтыг жилийн өмнөөс төлөвлөж байж хийдэг. Бөхийн өргөөтэй уран бүтээлч бид аман гэрээ хийдэг. Өдөр хоногоо товлоод, тухайн өдрөө тоглолтоо хийдэг. Гэтэл гэнэтийн асуудлаас болоод бидний тоглолт хойшлогдсон нь харамсалтай. Үйл ажиллагааг нь жигд явуулах хэрэгтэй байх гэж бодож байна. Хэдэн хүний эрх ашиг, сонирхол, хүч түрэмгийлсэн байдлаас болж олон хүний ажил нурж байна.

-Үзэгчид хэрхэн хүлээн авч байна?

Янз бүрээр хүлээж авч байна. Зарим нь билетээ буцаах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ажил төлөвлөсөн байсан, хөдөө орон нутгаас ах дүү нараа дуудсан байсан гэнэ. Үзэгчид маань тоглолт хойшлогдсон шалтгааныг ойлгож, хүлээцтэй хандаж байгаад баярлаж байгаа.

-Шинэ цомог гаргах төлөвлөгөө бий юу?

“Энэ насны хайр” нэртэй цомгийн эх бэлтгэл бэлэн болсон. Тоглолтын дараа цомгоо хэвлэлтэнд явуулна.

-Тоглолтондоо зориулж шинэ дуу гаргасан уу?

“Хайранд минь итгээрэй” гэсэн дуу гаргасан. Энэ тоглолтонд хайрын тухай дуу голчлон дуулагдана. “Хайранд минь итгээрэй” дуугаа хоёр жилийн өмнө дуулж байсан. Саяхан урын сангаасаа авч шинэчилж дууллаа. Клипэнд миний ханийн анх тоглож байсан “Учиртай гурав” киноны Юндэн, Нансалмаагийн дүрийг бүтээсэн Амраа, Сайнаа хоёр тоглосон.

-“Ижий энтэй эгч” дуугаар тань хүмүүс мэддэг болсон байх?

“Ижий энтэй эгч” дуу надтай салшгүй холбоотой.Энэ дууг дуулахгүй байя гэвч үзэгчид хүсээд байдаг. Урт настай дуу хэмээн бэлэгшээдэг. Энэ дуу төрөн гараад арваад жил болчихлоо. Одоог хүртэл хүмүүсийн зүрх сэтгэлд байна гэхээр сайхан санагддаг.

-Хөдөө орон нутгаар тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна уу?

Ирэх сарын 1-нээс хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийнэ. Өвөрхангай нутгаасаа эхлээд Монгол орноо нар зөв тойрч уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэх төлөвлөгөөтэй байна.

Б.НОМИН-ЭРДЭНЭ


Categories
мэдээ нийгэм

“Найрамдал” олон улсын хүүхдийн цогцолбор орчимд хачигт халдваржилтын хувь өндөр гарчээ

Зураг

ЗӨСҮТ-өөс “Найрамдал” олон улсын хүүхдийн цогцолбор орчимд хачигт халдварын тандалт судалгаа хийж гүйцэтгэжээ.

Хачгаар дамжих халдварт өвчний улирал эхэлсэнтэй холбогдуулан хүүхдэд чиглэсэн олон нийтийн арга хэмжээ олноор зохион байгуулдаг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Найрамдал зуслангийн орчимд хачгийн тандалт судалгаа хийж, байгалийн голомтыг тогтоох, хүн амын дунд мэдлэг, хандлагыг тодорхойлох асуумж судалгаа хийжээ. Тус газарт хачгийн нягтшил нь бага байгаа хэдий ч цуглуулсан хачигт лабораторийн шинжилгээ хийхэд хачигт риккетсиозын халдваржилтын хувь 88 хувь буюу байгалийн голомтын идэвхжил өндөр байгааг тогтоосон байна. Найрамдал орчимд амьдардаг иргэдээс асуумж судалгаа авахад 8 хувь нь хачигт хазуулж байсан, хачигт халдварын талаар сонсч байсан гэх мэдээлэл өгсөн боловч эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой мэдлэггүй байжээ.

Иймд иргэд амарч зугаалах үедээ хачигт хазуулахаас сэргийлэх, хүүхдүүдэд хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэх тухай мэдлэг олгохыг ЗӨСҮТ-өөс мэргэжлийн байгууллагууд болон олон нийтэд анхаарууллаа

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.04.18) хуралдаан 15 цаг 21 минутад 52.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм.

Энэхүү хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9 дэх хэсгийн заалтуудад Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгасан байсан ч 2010 онд уг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн 6.9.2-т заасан “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд” гэсэн заалтыг хүчингүй болгосноор 6.9.1 дэх заалт буюу зөвхөн “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан” гэсэн заалт үлдсэн байна. Харин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас тус заалт нь Монгол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон.

Иймээс Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өнөөдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар, уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринесдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэх юм гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлов.

Уг хуулийн төсөл нь 4 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “судалж” гэсний дараа “санал, дүгнэлт гарган” гэж нэмэх, 2 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг “6.9.Доор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:

6.9.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

6.9.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11, 6.12, 6.15 дахь хэсгийн “6.9.1-д” гэснийг “6.9.1, 6.9.2-т” гэж тус тус өөрчлөхөөр тусгажээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Л.Болд нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж Үндсэн хуулийн цэц хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгосны дагуу хуульд өөрчлөлт оруулаагүйгээс Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтгүй байгаа талаар гишүүдэд нэмэлт тайлбар мэдээлэл өгсөн юм.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Ш.Раднаасэд нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Үг хэлсэн гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд гэхдээ монгол төрийн дархлаатай холбоотой ийм асуудалд ихээхэн нухацтай, ултай суурьтай хандах учиртай тул Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж нухацтай хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Түүнчлэн гишүүний хариуцлага, ёс зүйн асуудлыг сайжруулах чиглэлээр өргөн баригдсан хуулийн төслийг хамтад нь хэлэлцэх шаардлагатай гэдгийг зарим гишүүн хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулахаар тогтов.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэц энэ сарын 06-ний өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Оюун-Эрдэнэ нар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Харин Хууль зүйн байнгын хороо үдээс өмнө хуралдаж, цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн. Иймээс дэгийн хуульд “Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл нэгдсэн хуралдаан дээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээр эхэлж санал хураалгах бөгөөд энэ санал эс дэмжигдвэл холбогдох Байнгын хорооны санал дэмжигдсэн гэж үзнэ” гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэхээр болж байгаа юм.

Ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг нухацтай ярилцахаар тогтов

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэв. Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг асуудлын талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар хийсэн юм.

Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2016 оны 121 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны эцсийн байдлаар 44.6 хувьтай гарлаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлогоор нь авч үзвэл: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53.9, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8, Нийгмийн бодлого 46.0, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 41.2, Засаглалын бодлого 47.2 хувьтай байгааг сайд танилцуулгадаа дурдлаа.

Тэрбээр цааш нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг бодлого тус бүрээр нь товч танилцуулсан юм. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд гэхэд Улсын Их Хурал 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганаар Эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталсны дагуу Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаар тогтоолоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгийг тогтворжуулж, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хамрагдах хэлэлцээрийг амжилттай хийж хамрагдлаа. Энэ злрилтын хүрээнд Хөгжлийн банкны 2012 онд гаргасан 580 ам.долларын бондын 82.07 хувь буюу 475 сая.долларыг Засгийн газрын бондоор солих, үлдсэн хэсгийг хөрөнгө оруулагчдад төлөх зорилгоор 600 сая ам.долларын жилийн 8.750 хувийн хүүтэй “Хуралдай” бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжаалав. Мөн 800 сая ам.долларын 5.5 жилийн хугацаатай, 5.625 хувийн хүүтэй “Гэрэгэ” бондоор 2018 оны 1 дүгээр сард төлөгдөх 500 сая ам.долларын “Чингис” бондын 74.5 хувь, 2018 оны 6 дугаар сард төлөгдөх 1.0 тэрбум юанийн Дим сам бондын 9.5 хувийг тус тус буцаан худалдан авсан бөгөөд Чингис бонд, Дим сам бондын үлдэгдэл хэсгийг Гэрэгэ бондын эх үүсвэрээр хугацаанд нь төлнө. Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр 2017-2018 онд хугацаа нь дуусч байгаа Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондуудыг хугацаанд нь дахин санхүүжүүлсэн бөгөөд их хэмжээний гадаад төлбөрөөс үүдэн улсын төсөв, эдийн засагт учирч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж чадлаа гэдгийг сайд дурдлаа.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хэрэгжилт харьцангуй сайн гарлаа. Тухайлбал, 2017 онц эцсийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.1 хувь; Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.4 хувь; гадаад валютын албан нөөц 3 тэрбум доллар; ажилгүйдлийн түвшин 7.3 хувь; гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.3 тэрбум долларт хүрч, төгрөгт итгэх итгэл сэргэн төгрөгийн хадгаламж 41.2 хувиар өссөн; Засгийн газрын үнэт цаасны дундаж хүү 11.8 хувь болж буурсан; Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч эхэлсэн; түүнчлэн гадаад валютын ханш тогтворжсон гэдгийг тэрбээр онцлов.

Харин Нийгмийн бодлогын хүрээнд инфляцын түвшинтэй уялдуулан Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 394.2 мянган хүний тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 119.5 тэрбум төгрөг, 62 мянган хүний нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийт 17.4 тэрбум төгрөгийг тус тус 2018 оны төсөвт тусгаж батлууллаа. Ингэснээр нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр дунджаар 8,8 хувиар буюу 27,5 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 5100 болон 11200 төгрөгөөр нэмэгдэв. Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагчдад ажлын үр дүнгээр 2017 оны 12 дугаар сард 55.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгож, 2018 онд улсын төсвөөс 56.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор батлагдсан.

Ахмад настны тухай хуулийг батлан гаргаж, ахмадууддаа жилд 2 удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгож эхэллээ. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож 3 хувиар буурууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Төрийн банк, ХААН банктай цалингийн зээлийн хүүг 3 пунктээр бууруулж, зээлийн шимтгэлийн зардлыг тэглэх тухай гэрээ байгуулан 2017 оны 5 дугаар сараас эхлэн төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа багш, эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулж байна. “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж, 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянга, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгож байгааг дурдав.

Цаашид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хэрэгжилт нь удааширч байгаа зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авчажиллахыг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах саналтай байгаагаа сайд хэлсэн юм.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, О.Баасанхүү, С.Бямбацогт нар Байнгын хорооны хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Ш.Раднаасэд, Д.Лүндээжанцан нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд сонгуулийн амлалтаа хэрэгжүүлж бодит ажил хэрэг болгох асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтээс шууд шалтгаалах учраас Засгийн газрын гишүүн бүр, холбогдох агентлагийн удирдлага, албан тушаалтан бүр хариуцсан ажилдаа эзэн болж, шуурхай, бүтээлчээр хандах учиртай. Энэ үндсэн дээр асуудалд ажил хэрэгчээр хандаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг зөвхөн холбогдох Байнгын хороогоор хязгаарлахгүй чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, болж бүтэхгүй, дутуу дулимаг байгаа асуудалдаа анхаарлаа хандуулж тавьсан зорилт, амласан амлалтаа бодит ажил хэрэг болгох үүднээс тал талаас нь сайн ярилцаж нухацтай хандах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байв. Иймээс бусад Байнгын хороодоос гишүүд оролцуулан Засгийн газрын 2018-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого, зорилт нэг бүрээр нь нарийвчлан гаргаж, цаашдын чиглэлийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж нухацтай ярилцахаар тогтлоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын нэр бүхий 10 гишүүнээс энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал эдгээр хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан юм.

Манай улс 1985 онд нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын “Аж үйлдвэрийн өмчийн асуудал эрхлэх үндэсний тусгай алба” гэсэн 12 дугаар зүйлд Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах үүрэг хүлээхээр заажээ. Тиймээс Монгол Улс нь аж үйлдвэр /оюун/-ийн өмчийн асуудлыг бие даан эрхэлдэг буюу патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн мэдээллийг нийтэд танилцуулдаг тусдаа байгууллага байгуулах үүргийг уг конвенцид нэгдэх үедээ хүлээсэн байна. Гэвч Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн зохион байгуулахаар болсон нь Парисийн конвенцын дээрх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгоод зогсохгүй оюуны өмчийн хамгаалалтын ач холбогдол дэлхий дахинаа улам өссөөр байгаа энэ цаг үед дэлхийн хөгжлөөс хоцроход хүргэх сөрөг үр дагавартай юм.

Улсын бүртгэлийн байгууллага нь гуравдагч этгээдээс хамаарахгүйгээр бүртгэл хийх, уг бүртгэлээ хувь этгээдийн эрх ашгийг хүндэтгэх үүднээс нууцлах чиг үүрэгтэй. Харин оюуны өмчийн байгууллага нь 3-18 хүртэлх сарын хугацаанд хайлт, шүүлт хийх, дараа нь бүртгэгдэх гэж байгаа объект /шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт болон зохиогчийн эрхийн бүтээлүүд/-ын талаар олон нийтэд тодорхой хугацаанд мэдээлэл өгч, гомдол, хүсэлт ирэх эсэхийг нягтлан шалгадаг байна. Ийм хоёр өөр чиг үүрэгтэй байгууллагуудыг нэгтгэснээр оюуны өмчийн улсын хяналтын тогтолцоо нь ойлгомжгүй, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг дордуулсан, орон тоо бүтцийн хувьд хязгаарлагдмал байдалд хүрээд байна. Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг чиг үүргийн хувьд хоёр салган зохион байгуулж оюуны үйлдвэрлэл, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн оюуны өмчийн эрхийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлагыг харгалзан хууль тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад “-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;” гэсэн агуулгатай хэсгийг нэмэх, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар 5 дахь хэсгийн 7 дахь заалтын “-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал;”, мөн хэсгийн 10 дахь заалтын “-өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;” гэснийг хасахаар тусгажээ. Харин Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд “1.1 Оюуны өмч, инновацийн газар” гэсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг нэмэх, тогтоолын хавсралтын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх “5. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “5. Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж өөрчлөхөөр тусгасан байна.

Хууль тогтоомжийн төслийн үзэлт баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Засгийн газрын хуралдаанаар энэ хоёр агентлагийг салгаж, хуучнаар нь Оюуны өмчийн газар, Бүртгэлийн ерөнхий газар байгуулахыг дэмжсэн, холбогдох хууль тогтоомжийн төслийг удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх байх гэдгийг гишүүдэд дуулгасан юм. Энэ асуудалтай холбогдуулан төсөл санаачлагч гишүүн Н.Уярал хэрэв Засгийн газраас хуулийн төсөл өргөн баригдсан нөхцөлд хууль тогтоомжийн төслүүдийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь нэр бүхий гишүүдийн санаачилсан хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

чуулган зурган илэрцүүд

УИХ-ын пүрэв гарагийн чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад хариуллаа. Тэрээр “Засгийн газраас энэ асуудлыг нийт иргэдэд хамааралтай байдлаар хуулийн төслийн бичэлтийг хийгээгүй. Алт үнэт эдлэлийн үйлдвэрлэл тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэгддэг. Уг тусгай зөвшөөрөл алт үнэт эдлэлийн худалдаа, арилжаа хийж байгаа этгээдэд хамаарна. Худалдаа эрхэлж байгаа хүмүүс орон нутгийн засаг захиргааны байгууллагад гэрээтэйгээр энэ ажиллагааг эрхэлдэг. Яг энэ гэрээг байгуулсан тогтвортой этгээдүүдийг мэдээллэх үүрэгтэй этгээдэд хамааруулахаар гэж ойлгосон. Гэхдээ хуулийн бичэлтийн хувьд яг ингэж ойгогдхооргүй өргөн агуулгатай байж болох юм байна гэдгийг эцсийн хэлэлцүүлгийн шатанд саяны хэлсэн хоёр агуулгаар тодорхой ойлгогдох байдлаар бичэлтийг нь илүү томьёолно гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ манай улс биелүүлэх хэрэгтэй. Жишээ нь өнгөрсөн парламентийн үед терроризмтой холбоотой эрүүгийн хуульд байсан хоёр зүйл анги байдаг. Нэг нь зандачлах, нөгөө нь терроризм үйлдэх. Зандачлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг түрүүчийн парламент өршөөлийн хуульд хамруулсан. Үүнээс улбаалан Олон улсын байгууллагаас манай улсыг терроризмын зүйл ангиа өршөөлийн хуульд хамруулсан байна гэдэг үндэслэлээр үнэлгээ доошлох шалтгаан болсон” гэв.

Categories
мэдээ цаг-үе

“Жаст”-ын Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан: Хадгаламж банкийг хууль бусаар төрийн мэдэлд шилжүүлсэн

“Жаст”-ын Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Төрийн банк Эдуард Сүрэнд 51,1 тэрбум төгрөг өгөхгүй гэж шүүхэд хандаад дахин ялагдлаа. Харин үүний хариуд Төрийн банкны удирдлагууд энэ мөнгийг төлөх ёсгүй гэж мэдэгдлээ. Та өмгөөлөгчийн хувьд үүнд тайлбар өгөөч?

-Өчигдрийн Төрийн банкны мэдэгдэл хүмүүст зөв ойлголт өгөх шиг боллоо. Ер нь Төрийн банкнаас мөнгө авах гээд байгаа мэт ойлголтыг нийгэмд тэд өөрсдөө төрүүлсэн. Шүүхийн шийдвэрт “Жаст” групп үүргээ биелүүлэхгүй бол баталгаа гаргасан Төрийн банк хариуцах агуулга бүхий заалт байгаа. Тэгэхээр “Жаст” групп үүргээ биелүүлж чадах эсэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллага эхлээд бүрэн тогтоох ёстой. Тэдний ажиллах боломжийг Төрийн банк хангах ёстой. Хөрөнгөтэй хөрөнгөгүйг нь мэдэх учиртай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдөр хүртэл эхлээгүй гэж би ойлгож байна. Түүний дараа Ш.Батхүүгийн хөрөнгө болох Хадгаламж банкны активыг шилжүүлэн авсан Төрийн банк мөнгө өгөх эсэх асуудал нь яригдана. “Жаст” групп нь тухайн үед Монголын томоохон компаниудын нэг байсантай хэн ч маргахгүй. “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн хөрөнгийг хууль бусаар авсан асуудал ч өнөөдөр яригдаж байгаа.

-Хууль бусаар хөрөнгийг нь авсан гэдгээ тодруулахгүй юу. Ямар хөрөнгөний тухай ярьж байна вэ?

-Ш.Батхүү гэдэг хүний бизнесийн цар хүрээ, тухайн үед бий болгосон хөрөнгө, түүний үнэлгээг би ярих нь зохимжгүй. Өмгөөлөгчийн хувьд эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа хүрээндээ ярья гэж бодож байна. Би энэ удаа Хадгаламж банкийг онцолж яримаар байна. Юуны өмнө Хадгаламж банк Ш.Батхүүгийн өмчлөлд шилжиж ирсэн талаар товч дурдах нь зүйтэй байх. Хадгаламж банкийг 2006 онд өмч хувьчлалаар “Чингис хаан банк, Монгол даатгал компани болон ОХУ-ын Народный братский банк”-уудын консорцуим аваад дараа нь ОХУ-ын Коалка группт зарчихсан байсан. Коалка групп нь Хадгаламж банкийг буцааж зарах сонирхлоо ОХУ-ын Россельхоз банкаар дамжуулан Жаст группт 2008 оны эцсээр ирүүлсэн байдаг. Хадгаламж банкны тухайн үеийн нөхцөл байдлыг судалж үзэхэд 87 тэрбум төгрөгийн активтай, нийт зээлийн багцын 13,5 хувь нь чанаргүй ангилалд орсон, дөрвөн тэрбум төгрөгийн алдагдалтай, ердөө долоон тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан. Гадны эзэмшилд байсан ийм банкийг Монголдоо оруулж ирэх боломжийг ашиглан 2009 оны дөрөвдүгээр сард 39 сая ам.доллараар худалдаж авсан юм байна лээ.

-Маш их хөрөнгө оруулалт хийсэн гэж Ш.Батхүү захирал ярилцлагадаа дурдсан байсан…

-Нэгэнт Монгол Улсынхаа эзэмшилд Хадгаламж гэдэг банкийг оруулаад ирсэн, цааш нь хөгжүүлэх, өргөжүүлэх сонирхол эрмэлзэл байсан. Яг энэ үетэй давхцан Монголшуудан банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн байдаг. Монгол шуудан банкны зүгээс Ш.Батхүүд хөрөнгө оруулалт хийх, худалдан авах санал тавьсан байна лээ.

Тэр үед Монголшуудан банк Монгол Улсын Хөгжлийн сангаас 16 тэрбум төгрөгийн зээлтэй, иргэд байгууллагын 260 орчим тэрбум төгрөгийн харилцах, хадгаламж эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн байсан. Монголшуудан банкны давуу тал нь орон нутагт өргөн салбар сүлжээтэй байсан нь Монголшуудан банкийг Хадгаламж банкинд нэгтгэх гол хүчин зүйл болсон. Харин Монголшуудан банкинд бий болсон 58 тэрбум төгрөгийн чанаргүй зээл болон Хадгаламж банкинд байсан бусад чанаргүй зээлийг барагдуулах талаар Монголбанктай тохиролцон Хяналт шалгалтын дунд хугацааны хөтөлбөрийг 2011 оноос хамтран хэрэгжүүлж, графикийн дагуу тодорхой хугацааны туршид барагдуулж байсан.

Ш.Батхүү захирал өөрийн бизнесийн урсгал болон зээлийн хөрөнгөөр банкны дүрмийн санд хөрөнгө оруулалт байнга хийж, Хадгаламж банкны дүрмийн санг 84 тэрбум төгрөгт хүргэсэн байдаг. Банкны хэвийн үйл ажиллагаа цар хүрээг нэмэгдүүлэн 2010-2013 онд банкны өөрийн хөрөнгө болон түүнд тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж ирсэн. 2013 он гэхэд Хадгаламж банк нь Монгол Улсын банкны зах зээлд бүрэн танигдаж, үйл ажиллагаа, үйлчилгээний өргөн сүлжээтэй Монгол Улсын томоохон тэргүүлэх банкны нэг болж чадсан. Тухайлбал, 1.1 их наяд төгрөгийн активтай, 503 салбар нэгжтэй, 3300 гаруй ажилтантай, 2,7 сая харилцагчтай, 550 тэрбум орчим төгрөгийн хадгаламжтай, 400 мянга гаруй хадгаламж эзэмшигчтэй болсон байсан.

-Тэгвэл хэвийн үйл ажиллагаатай байсан банкийг яагаад төр мэдэлдээ авах шийдвэр гаргасан юм бэ?

– Гол шалтгаан нь тухайн үед Стандарт банкнаас “Жаст” группийн авсан зээлийн асуудал юм. Тухайн үед Ш.Батхүүгээс авах гол хөрөнгө нь Хадгаламж банк байсан. Миний санаж байгаагаар энэ зээлийг хариуцах эзэн, барагдуулах хөрөнгөний хойноос л төрийн механизм хөдөлж эхэлсэн.

Ш.Батхүүгийн хувьд Хадгаламж банкинд олон улсын болон дотоодын аудитын байгууллагаар үнэлгээ хийлгэхэд тухайн үед Хадгаламж банк нь 200-300 сая ам.доллараар үнэлэгдэж байсан. Тэрээр банкны хувьцааныхаа тодорхой хувийг бусдад худалдах тохиролцоог хэд хэдэн этгээдтэй хийж байсан бөгөөд тохиролцсон саналаа Монголбанкинд хүргүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар зөвшөөрөл өгөөгүй байдаг.

Хадгаламж банк тухай бүр Монголбанкинд үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа өгч ирсэн. Монголбанкны зүгээс 2013 оны дөрөвдүгээр сараас 2014 он хүртэл Хяналт шалгалтын дунд хугацааны хөтөлбөрөө сунгасан байснаа 2013 оны долдугаар сарын 18-нд гэнэт зогсоосон. Товчхондоо бол Хадгаламж банкийг доголдуулах үйл ажиллагаа 2013 оны долдугаар сарын дундаас эхэлсэн. Тухайлбал, 2013 оны долдугаар сарын 14-17-ний өдрүүдэд Хадгаламж банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын дутагдалд оруулахын тулд Хадгаламж банкинд хадгалагдаж байсан Хөгжлийн банкны 35 тэрбум төгрөгийн хадгаламж, Өргөн хэрэглэгээний барааны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилтэд зориулж Монголбанкнаас Хадгаламж банкинд байршуулж байсан 54 тэрбум зээлийг тус тус хугацаанаас нь өмнө татан авсан.

-Гэнэт л ингээд бужигнуулаад эхэлсэн юм уу. Монголдоо томдоо ордог байсан банк ийм амархан үйл ажиллагаа нь доголдох уу?

-Би дээр хэлсэн. Өөрөөр хэлбэл 90 орчим тэрбум төгрөгийн бэлэн мөнгийг Хадгаламж банкнаас татсан ч Хадгаламж банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 2013 оны долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар сайн хэвээрээ байсан. Хадгаламж банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын дутагдалд орсон гэж хэлэх боломжгүй байсан тул улсын байцаагчийн 18-ны өдрийн актаар 23 төлбөр хариуцагчийн зээлийг муу ангилалд оруулж, Ш.Батхүүд хамаатуулан банкны эрсдлийн санг 146 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тогтоосон. Энэ 23 харилцагчийн зээлэнд Ш.Батхүүд хамааралгүй зээлүүд ч байдаг. Мөн зарим зээлийн хугацаа нь дуусаа ч үгүй байдаг. Энэхүү тавигдсан актад мөн Монголбанктай харилцан тохирч хэрэгжүүлж байсан дунд хугацааны хөтөлбөрт хамрагдаж байсан зээлүүдийг хугацаанаас өмнө гэнэт ангилж оруулсан.

146 тэрбум төгрөгийн эрсдлийн санг хууль бусаар бий болгосноор банкны үйл ажиллагаанд доголдол үүсгэсэн. Ингэснээр банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа алдагдаж нийт өөрийн хөрөнгө нь байвал зохих зохистой харьцаанаас хэд дахин дутах нөхцөл үүсгэсэн. Ингээд Хадгаламж банкийг өөрийн хөрөнгийн шаардлага хангаагүй гэж үзэн эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авсан.

-Банкны үйл ажиллагаанд алдаа дутагдал гарчээ гэж Монголбанк дүгнэхэд заавал албадлагын арга хэмжээ авдаг уу. Үйл ажиллагааг нь сайжруулах, засч залруулах ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

-Өмгөөлөгчийн хувьд Хадгаламж банкинд хууль бусаар албадлагын арга хэмжээ авсан гэж үзэх хэд хэдэн асуудал байгаа. Төрийн өмчийн хорооны даргын 2013 оны долдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр “Жаст” групп Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэхүү ажлын хэсгийн хурлын протоколд зарим төрийн албан хаагч ноцтой асуудал ярьсан байдаг. Тухайлбал,“… Энэ нөхцөл байдалтай холбогдуулаад Монголбанк болон Засгийн газрын түвшинд 2013 оны долдугаар сарын дунд үеэс тухайн асуудал яригдаж байгаа юм байна лээ. …Жаст групп ХХК-ийн мэдэлд “Хадгаламж” банк байдаг.“ …Хадгаламж банк ерөнхийдөө унаад сайн активыг Төрийн банкинд шилжүүлээд…”, “Шилжүүлнэ гэхээр яах юм бэ. Худалдаж авах юм уу. Юу гэсэн үг вэ. Хувийн банкийг тэгж болж байгаа юм уу?. “Тэгж болж байна. Танайх БЭТ томилох юм байна лээ” … “ Төрийн банк бол цөөхөн салбартай, 200-300 ажилтантай байсан. Одоо 3000 гаруй ажилтантай болж байна. Тэгэхээр одоо ядаж л виза-гийн гишүүнээр элсээгүй байсан банк тэр том банкийг авч байгаа байхгүй юу ….” гэх зэрэг яриа тэмдэглэлд тусгагдсан байдаг. Эндээс үзвэл төрийн эрх бүхий албан тушаалтнууд Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлэхээр урьдчилан тохирсон гэж үзэх эргэлзээ төрж байна. Энэхүү үйлдлүүд нь бодит нөхцөл байдал дээр биелэлээ олж эхэлсэн. Монголбанкнаас 2013 оны долдугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш томилогдох шийдвэр нь албажсан банкны эрх хүлээн авагч нь мөн өдрийнхөө 14 цагийн орчим тамга тэмдгээ захиалан хийлгэж авсан байдаг.

Хадгаламж банкинд хуульд заасны дагуу тодорхой хугацааны дотор үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээг авах ёстой. Гэтэл Эрх хүлээн авагч нь хуулийн хугацаа тоологдож эхлээгүй байхад шууд 22-ны өдрөө банкийг албадан татан буулгах саналаа Монголбанкинд хүргүүлсэн байдаг.

Банкны эрх хүлээн авагчийн саналд нэгэн анхаарал татаж байгаа асуудал нь “банкны олон нийтэд хандсан үндсэн суурь бүтээгдэхүүн үйлчилгээ, зах зээлд эзлэх байр суурь, банкны салбар, нэгжийн өргөн сүлжээ, хүний нөөцийн чадавх, техникийн болон үйл ажиллагааны технологи зэрэг нь салбартаа өрсөлдөхүйц хэмжээнд хэвээр хадгалагдаж байгааг үндэслэн банкны эрх хүлээн авах арга хэмжээний санал боловсрууллаа.” гэж, мөн “ … нөлөө бүхий гурван банкинд шилжүүлэх боломжтой байсан боловч эдгээр банкууд нь тус банкны хөрөнгө шилжүүлэн авах санал ирүүлээгүйгээс…” гэж дүгнэсэнээс үзвэл Хадгаламж банкинд эцсийн шатны арга хэмжээг авах хууль зүйн нөхцөл бүрдээгүй. Харин Стандарт банкны зээлээр далимдуулан хүний бий болгосон хөрөнгөөр Төрийн банкийг томруулах сонирхол шууд харагдаж байна. 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр буюу тэр өдрөө Төрийн банктай Хадгаламж банкны эрх хүлээн авагч Хадгаламж банкны актив хөрөнгийг шилжүүлэх гэрээг байгуулсан нь эргэлзээ төрүүлж байна. Нэг өдрийн дотор банкны эрх хүлээн авагч томилогдоод, банкийг албадан татан буулгах саналаа бэлтгээд, Монголбанкинд хүргүүлээд, Төрийн банкинд актив хөрөнгийг шилжүүлэх гэрээ байгуулсан нь цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй байна.

-Хадгаламж банкийг хууль бусаар төрийн мэдэлд шилжүүлсэн гэж үзэж байгаа бол үүний эсрэг та бүхэн ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

-Хадгаламж банкийг албадан төрд авснаар “Жаст” групп нь Хадгаламж банкинд оруулсан нийт хөрөнгө оруулалт болох 100 орчим сая ам.долларын эрсдэл хүлээсэн.

Банкны эрх хүлээн авагч нь Төрийн банкинд сайн актив шилжүүлээд муу активыг авч үлдсэн. Гэтэл банкны эрх хүлээн авагчийн зардалд Хадгаламж банкнаас бэлнээр авсан долоон тэрбум төгрөг, Ш.Батхүүгийн Хадгаламж банкны дүрмийн санд оруулсан 84 тэрбум төгрөг, зээлийн барьцаанд байсан хөрөнгүүдийг юунд, яаж зарцуулсан нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байна.

Энэ бүхнээс үзэхэд тухайн үед Хадгаламж банкинд зөв менежмент хийсэн бол Стандарт банкнаас авсан зээлийг бүрэн төлж барагдуулах боломж байсан. Энэ боломж одоо ч байгаа гэж би үздэг. Ер нь Хадгаламж банкинд албадлагын арга хэмжээ авах хууль зүйн шаардлага байсан уу гэдэгт өмгөөлөгчийн хувьд өнөөдрийг хүртэл эргэлзэж байна. Монгол Улсдаа хөрөнгө оруулалт татан, томоохон бизнес эрхэлж байсныхаа төлөө өнөөдөр Хадгаламж банкаа хууль бусаар төрд хураалгасан асуудлыг шалгуулахаар өмгөөлөгчийн хувьд би хууль хяналтын байгууллагад хандсан байгаа.

Categories
мэдээ нийгэм

Мөрөөдөлдөө хайртай хүн бүхнийг урьж байна

Нийгмийн хөгжил цэцэглэлтэд чухал үүрэг гүйцэтгэх эрч хүч, нөөц бололцоог өөртөө агуулж байдаг хэсэг бол яах аргагүй залуус. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон залуус маань тэгвэл өнөөдөр юу мөрөөдөж байна вэ? Энэ цагийн залуусын хүсэл мөрөөдөл хаана явна вэ? Тэд юу сонирхдог, юу мэдэхийг хүсдэг, юуг хамгийн сайн хийж чаддаг, бас мэддэг вэ?

Залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгэмд зөв байр сууриа олоход туслах, хэрэгтэй мэдээ мэдээллийг өгөх зорилготой “Бид мөрөөдөлдөө хайртай-3” цуврал лекц маргааш буюу энэ сарын 20-ны 17.00 цагт “Чингис хаан” зочид буудлын хурлын зааланд болно. Өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хүн бүхэнд зориулсан энэхүү лекцийг Шихихутуг их сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч П.Баянбаатар болон Шихихутуг их сургуулийн багш, хуульч Ц.Амарсанаа нар хамтран гуравдахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү лекцийн үеэр П.Баянбаатар болон Ц.Амарсанааны нарын хамтын бүтээл болох “Илтгэх, мэтгэлцэх ур чадвар” сурах бичиг уншигчдын гарт очно. “Илтгэх, мэтгэлцэх ур чадвар” сурах бичгийн онцлог нь илтгэх ур чадварт хэрхэн суралцах тухай энгийн ойлгомжтой түвшинд бичигдсэн байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Транзит Монгол -2018” форум боллоо

Транзит тээвэрийн үйлчилгээгээ олон улсад сурталчлан танилцуулдаг “Транзит Монгол -2018” форум TransRussia Олон улсын тээвэр, логистикийн үйлчилгээ технологийн XXIII үзэсгэлэнгийн хүрээнд Москва хотноо амжилттай боллоо.

Тус форумын нээлтэд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, МТЗ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл, Хятадын олон улсын тээвэр зуучлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Лин Бейжан, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич зэрэг албаны хүмүүс үг хэлэв.

Түүнчлэн ЗТХЯ-ны Сайд Ж.Бат-Эрдэнэ “Транзит Монгол- 2018” форумын нээлтэд амжилт хүсч, мэндчилгээ илгээснийг тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур уншиж танилцуулав.

Монголын төмөр зам, УБТЗ, Зам тээврийн хөгжлийн яам хамтран 2017 оноос “Транзит Монгол” цуврал форум зохион байгуулж байгаа билээ. Гол зорилго нь Ази Европыг холбосон тээврийн системд Монгол Улс хямд, чанартай транзит тээврийн үйлчилгээ үзүүлэх боломжоо танилцуулахад оршиж байгаа юм. “Транзит Монгол- 2017″ анхдугаар форум өнгөрөгч оны 4 дүгээр сард Бээжин хотноо болж Монгол Улсын транзит тээврийн салбарт багагүй үр өгөөж өгснийг УБТЗ-ын дарга Б.Жигжиднямаа энэ үеэр онцлов.

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд хөрш орнууд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын тээврийн салбарын асуудлыг эрчимтэй хэлэлцэж, томоохон төслүүд хэрэгжихээр болсон нь төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэх таатай боломж бүрдэж байна. Цаашид төмөр замын хөгжлийг “Бүс ба зам” санаачилгын хүрээнд илүү өргөтгөх боломжтой. УБТЗ 2019 онд нэг зөрлөг шинээр нээж, 16 зөрлөгт галт тэрэг хүлээн авах замын тоог нэмэгдүүлнэ. Үүний үр дүнд тээх чадварын хэмжээ 28 сая тонн-д хүрэх тооцоо бий.

2018 онд замын их засварын ажлын хэмжээг 1,6 дахин нэмэгдүүлсэн. Цаашид ачаа эргэлт нэмэгдэхийн хэрээр төмөр замын суурь бүтцэд шинэчлэн сайжруулалтын чиглэлээр хийх шаардлагатай төсөл хөтөлбөрийг хөршүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэх болно. Монгол улсын нутгаар дамжин өнгөрч буй Транс – Монголын коридор буюу УБТЗ нь Европ-Азийг холбосон тээврийн коридорын хамгийн өрсөлдөх чадвар бүхий Транс – Сибирийн тээврийн коридорын гол тэтгэгч шугам юм” хэмээн онцлоод Монголын хоёр талаар явж байгаа тээврийн коридор ачаалал ихтэй, харин Монголоор дамжих коридор илүү дөт бөгөөд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэйг тэмдэглэв.

Монгол улсын төмөр замын гол шугам буюу ОХУ-ыг БНХАУ-тай холбож буй төмөр замын урт нь 1110 км бөгөөд жилдээ 22 сая тонн ачаа тээвэрлэдэг аж. Уг коридор нь Казахстан улсаар дамжин өнгөрөх коридороос 513 км, Транс Манжуурын коридороос 748 км-ээр тус тус дөт юм.


Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “Тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх салбарын хамтын ажиллагаа өргөжиж, Ази-Европын ачаа тээврийн дамжин өнгөрөх урсгал нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд Москва хотноо “Транзит Монгол- 2018” олон улсын форум зохион байгуулж буй нь цагаа олсон, чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.Тээврийн салбар нь манай орны хөгжлийн болон гадаад орнуудтай өрнүүлэх хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг мөн. Эдийн засгийг хөгжүүлэн, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд үр дүнтэй, аюулгүй бөгөөд найдвартай тээвэрлэлт хийх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд бид дамжин өнгөрөх тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд таатай эрх зүйн орчинг бий болгоход анхаарч байна” хэмээн онцлов.

“Транзит Монгол”- 2018 форум хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэгт “Төмөр замын хөгжлийн бодлого, Монгол, Орос, Хятадын төмөр замын хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд ЗТХЯ, УБТЗ, МТЗ ТӨХК, Хятадын олон улсын тээвэр зуучлалын холбоо, Монгол Улсын далайн захиргааны газар, Нортерн Рейлвейс ХХК-ийн төлөөлөл илтгэл хэлэлцүүлсэн.

Монгол Улсын Далайн захиргааны дарга С.Түвшинтөр “Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн хүрээнд Монгол Улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг 2003 онд Бүгд Найрамдах Сингапур Улсад эхлүүлсэн. Олон улсын хөлөг онгоцны бүртгэлд өссөн дүнгээр 30-аад улсын 3000 гаруй хөлөг онгоц бүртгэгдсэн бөгөөд 300 орчим хөлөг онгоц байнгын бүртгэлтэй байна. Манай улс хэдийгээр далайд гарцгүй ч, Монголын хѳлѳг онгоцны бүртгэл нь зарим далайд гарцтай орнуудтай харьцуулахад бүртгэсэн онгоцны нийт даац болон тоогоор илүү байгаа нь ѳнгѳрсѳн хугацаанд тухайн салбартаа тодорхой хэмжээний орон зайг эзэлж чадсаны илрэл юм” хэмээв.


БНХАУ-ын Олон Улсын тээвэр зуучлалын холбооны Нарийн бичгийн дарга Лин Бэйжан форумын үеэр тавьсан илтгэлдээ “Нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай байх нь “Бүс ба зам” хөтөлбөрийн хамтын ажиллагааны үндсэн зарчим юм. Хятад, Монгол, Орос, Европыг холбосон коридор байгуулахын сацуу ачааны хэмжээг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг зохицуулах механизмыг бий болгоно. Мөн гурван улсын практик хэрэглээ, хамтын ажиллагааг үндэслэн зах зээлийн боломжийг судалж, “Бүс ба Зам”-ын инженерийн загварыг бий болгох нь нэн чухал” хэмээн тэмдэглэв.

Форумын төгсгөлд Британийн стандартын институтээс УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвд “Чанарын удирдлагын стандарт ISO 9001:2015” гэрчилгээг гардуулсан юм. Мөн үеэр Мосгипротранс ХК болон МТЗ ТӨХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

“Транзит Монгол- 2019” форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.

Categories
гадаад мэдээ

Хятад улс олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагтай болов

Хятад улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн нээлтийн ёслол лхагва гарагт буюу өчигдөр болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Энэ шинэ агентлаг нь гадаад улс орнуудад тусламж үзүүлэх асуудлаарх бодлогыг боловсруулах, гадаадад тусламж үзүүлэх стратегийг шинэчлэх, тусламж үзүүлэх төлөвлөгөө гаргах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлыг хариуцах ажээ.

Хятадын Коммунист намын /ХКН/ Улс төрийн товчооны гишүүн бөгөөд ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын захирал Ян Зечи тус агентлагийн нээлтийн ёслолын үеэр үг хэлэхдээ “Манай энэ агентлаг нь дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтаараа хөгжихийг хөхиүлэн дэмжих болно. Мөн энэ агентлаг нь Хятадын дипломат харилцаа ба “Бүс ба Зам” санаачлагыг сурталчлан таниулах, хэрэгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэнэ” гэжээ.

Түүний хэлснээр, Хятад улс нь хөгжиж буй улс орнуудад 60 гаруй жилийн тэртээгээс ямар нэгэн улс төрийн нөхцөл болзолгүйгээр тусламж үзүүлсээр ирсэн байна. Тус улс хөгжиж буй улс орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, улс орнууд, ялангуяа буурай хөгжилтэй улсуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.

Өчигдөр болсон тус агентлагийн нээлтийн ёслолд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И мөн оролцжээ.

Categories
мэдээ спорт

“Оддын хөлбөмбөг” удахгүй болно

Монголын хөлбөмбөгийн холбооноос “Оддын хөлбөмбөг” тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Хөлбөмбөгийн ДАШТ-ий цом Монголд анх удаа ирэх өдрийн хүрээнд тус тэмцээнийг энэ сарын 23-нд зохиох юм.

Хоёр багийн ахлагчаар олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, ерөнхий дасгалжуулагчаар жүжигчин Г.Золбоот, Н.Онон нар ажиллана. Улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба тэргүүтэй урлаг спортын олны танил эрхмүүд ногоон талбайд хөлбөмбөгөөр өрсөлдөнө.