Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлагыг дахин хүргүүлнэ гэв

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлагыг дахин хүргүүлэх болсноо мэдэгдсэн юм. Тэрээр 2018 оны төсвийн тухай хуульд ирэх сарын 14-нөөс өмнө өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг онцоллоо.

Бид анхны шаардлага дээрээ дараачийн алхмаа хийнэ гэдгээ дурдсан. Бидний шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг хөндөхөд бэлэн байгаа. Сэтгүүлчид чөлөөтэй үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тийм байхад салбарын сайд нь сэтгүүлчдийг тагнасан байвал тун зохисгүй хэрэг болно. Энэ асуудал цаашид илүү тодорхой болно байх. Прокурорын байгууллагаас чагнасан гэдгийг нь нэгэнт тогтоосон гэж бид ойлгосон. Дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хувилбар, Засгийн газрын өргөн барьсан төслүүдийг УИХ хамтад нь хэлэлцэхээр боллоо. Үүнийг би хувьдаа зөв гэж харж байгаа. Манай улсад гурван төрлийн зорилтот бүлэг байгаа. Тэдний нэг нь хүүхэд. Тиймээс зорилтот бүлгээ ингэж хувилан хувааж болохгүй. Цаашдаа хүүхдийн талаарх бодлогоо Монгол Улс тодорхой болгох хэрэгтэй.

Бүлгийн хэд хэдэн гишүүн Ч.Сайханбилэгийг эргэсэн. Бид энэ асуудлыг ямар нэгэн улс төржилт хийхгүйгээр хуулийн хүрээнд шийдэгдээсэй гэж харж байгаа.

Categories
мэдээ спорт

Мазала дээд лигийн анхны тоглолт тэнцээгээр өндөрлөлөө

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай “Мазала” үндэсний дээд лигийн нээлтийн тоглолт “Сэлэнгэпресс”, “Хангарьд” багуудын хооронд боллоо.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяраар удирдуулсан “Сэлэнгэпресс” ,Орхон аймгийн нэр төр болсон “Хангарьд”-ын эсрэг тун хянамгай тоглолт үзүүлэв. Тодруулбал тоглолтын үндсэн цаг гоолгүй тэнцээгээр өндөрлөж, шүүгчийн сунгасан нэмэлт найман минутад хоёр гоол орлоо.

Хоёрдугаар үеийн дундуур их хэмжээний цас орж, шүүгч тоглолтын түр зогсоосон учраас найман минутыг сунгасан юм. Шүүгчийн мэдлийн минут эхлээд удаагүй байхад “Хангарьд” багийн ахлагч А.Эрдэнэбаяр торгуулийн талбайн гаднаас алсын цохилт гүйцэтгэн гоол оруулж, 200 сая төгрөгийн шагналын сантай “Мазала” үндэсний дээд лигийн анхны гоолыг өөрийн нэр дээр бичүүлэв.

Гэвч А.Эрдэнэбаярын гоол багтаа гурван оноо авч ирж чадсангүй. Шүүгчийн сунгасан найман минут дуусахтай зэрэгцэн “Сэлэнгэпресс”-ийн 20 дугаартай тоглогч Ч.Отгонбаяр гоол оруулав. Ингэснээр “Мазала” үндэсний дээд лигийн нээлтийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-ын ажлын хэсэг Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, тус аймгуудын бичил уурхай бүхий сумдын иргэд болон бичил уурхай эрхлэгчдийн хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа хийж байна. Ажлын хэсэг томилолтын хугацаанд 2-3 томоохон ажлыг хийх юм. Тухайлбал, Улсын Онцгой байдлын газрын харъяа анги, салбаруудад ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж, НҮБ-ын Хүний амын сангийн дэмжлэгтэйгээр “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, жендэрт суурилсан хүчирхийлэл”-ийн асуудлаар судалгаа, мониторинг явуулж, сургалт зохион байгуулна. Мөн уул уурхайн бүс нутагт хүний эрхийн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийхээр төлөвлөөд байна.

Ингэхдээ дээрх аймгуудын зарим суманд үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайн ажлын талбарын нөхцөл байдалтай танилцаж, сумын удирдлага, байгаль орчны улсын байцаагч болон бичил уурхайн асуудал хариуцсан ажилтан, бичил уурхайн нөхөрлөл, төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөлтэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийнэ. Бичил уурхайн үйл ажиллагаанаас тухайн орон нутгийн байгаль орчин, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд тулгамдаж буй асуудал, бичил уурхайн үйл ажиллагааны нөлөөллийг үнэлнэ. Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран төрийн албан хаагчид, бичил уурхай эрхлэгчид, хувиараа ашигт малтмал олборлогч, иргэдэд “Бичил уурхай дахь зөрчил, маргаан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх арга зам” сургалт явуулж, орон нутгийн удирдлагууд болон бичил уурхайн төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрмийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Цөмийн энергийн комисс хуралдан “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэн баталлаа.

Дүрэм нь олборлолт, боловсруулалтын хэвийн үед болон ашиглалттай холбоотой үүсч болзошгүй ослын нөхцөл байдалд цацрагийн шарлага үүсгэх, үйлдвэрлэлийн байгууламж барих, ашиглах болон ашиглалтаас гаргах, ашиглахгүй болсны дараа гарч болох цацрагийн эрсдэлээс хүн ам, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.

Мөн хүн ам, цацрагтай ажилладаг хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор тулгамдсан асуудлыг шийдэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.

Дүрмийн шаардлагыг цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, туршилтын ажил эрхэлдэг байгууллагууд заавал дагаж мөрдөх үүрэгтэй юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар хайгуулын 21, ашиглалтын есөн тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна.

Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд, Цөмийн энергийн комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг болголоо.

Цөмийн энергийн комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдан Ураныг газрын дор хүчлээр уусган олборлох технологийн талаар зөвлөмж гаргасан байна. Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, хаалт, нөхөн сэргээлт болон хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахтай холбоотой дээрх зөвлөмжийг ашиглаж байхыг БОАЖЯ, УУХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” компани болон холбогдох аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентын Доод танхимын дарга Шон О’Фаррел, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нар албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Хүндэт зочин, ноён Шон О’Фаррелийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, “Энэ жил Монгол Улс, Ирланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Манай улс Европын Холбооны гишүүн, уламжлалт найрсаг харилцаатай Ирланд Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй байдаг” гэв.

Тэрбээр хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, Парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ноён Шон О’ Фаррелийн айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ноён Шон О’Фаррел найрсаг дотноор хүлээн авч буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, “Миний айлчлал Парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүх салбарт өргөжүүлэх гэсэн хоёр үндсэн зорилгод чиглэж байгаа юм” гэж тэмдэглэлээ.

Тэрбээр иргэд хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэх замаар найрамдал нөхөрлөлөө бэхжүүлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсролын зэрэг салбарт харилцан ашигтай, өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх бүрэн боломж бий гэдгийг онцоллоо.

-Ирланд бол хөдөө аж ахуйгаа сайн хөгжүүлсэн орон. Манай адуу үржүүлэг, хурдан морины соёл, уралдаан дэлхийд алдартай. Аялал жуулчлал манай гол салбарын нэг. Монгол Улсын адил үзэсгэлэнт байгальтай, түүх, соёлын дурсгалт газар олонтой. Тиймээс эдгээр чиглэлээр хамтран ажиллах нь үр дүнтэй байх болно. Түүнчлэн манай улсад дэлхийн хэмжээний боловсрол олгодог шилдэг их, дээд сургууль цөөнгүй бий. Тиймээс Монголын их, дээд сургуулиудтай хэлхээ холбоо тогтоохоос гадна монгол залуусыг сургахад бид бэлэн байна гэлээ.

Ирланд Улс 5.0 сая хүн амтай, олон жил Их Британийн нөлөөн дор явсан. Монгол Улс хүн ам, хөршүүдийн нөлөө зэргээрээ бидэнтэй олон зүйлээр ижил төстэй. Тиймээс Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Европын холбоог төлөөлсөн маш сайн гуравдагч хөрш нь болохыг бид эрмэлзэж байна гэж ноён Шон О’Фаррел хэлэлцээний үеэр онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс парламентын эртний түүхтэй орон. Парламентын анхны хэв маяг тэртээ 1200-гаад оны эхэн үед оршин тогтнож байсан нь Их хуралдай бөгөөд эндээс Их хаанаа өргөмжилдөг байсан. Өдгөө бид ардчилсан ёс, парламентын засаглалыг сонгож, шинэ түүхээ бичиж байна” хэмээн Хүндэт зочиндоо сонирхууллаа.

-Хоёр орны хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжих боломжийг бүрдүүлэхэд хууль эрх зүйн аятай таатай орчин нэн чухал. Тиймээс энэ чиглэлээр илүү их хүчин чармайлт гаргах ёстой гэж бодож байна. Таны хэлсэнчлэн боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт амжилттай хамтран ажиллах өргөн боломж бий. Түүнчлэн батлан хамгаалах, терроризмтай тэмцэх салбарт харилцаагаа хөгжүүлэх хүсэлтэй байна хэмээн УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэлээ.

Тэрбээр татвар, санхүүгийн удирдлага, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг Ирландад сургаж бэлтгэх, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, туршлага судлах, хөдөө аж ахуйд дадлагажигч ажилчин илгээх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь иргэд хоорондын харилцаа байдгийг онцлоод Ирланд Улсад ажиллаж амьдарч буй 1000 орчим монгол иргэдэд оршин суух, хөдөлмөрлөх таатай нөхцөл боломж бүрдүүлэхэд анхаарлаа хандуулахыг ноён Шон О’Фаррелээс хүслээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Манай улсын эдийн засгийн гол салбар нь уул уурхай. Нийт экспортын 90 орчим хувийг энэ салбарын бүтээгдэхүүн, түүхий эд эзэлдэг. Бид энэ байдлаа өөрчилж, эдийн засгаа төрөлжүүлэх, 70 орчим сая малын нөөцөө түшиглэн хөдөө аж ахуйгаа эрчимтэй хөгжүүлэх, хүнсний экспортыг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа. Үүнд Ирландтай тогтоосон хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн яамд хооронд ойрын үед хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулагдана гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр энэ салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжих үндэс суурь тавигдах болно” гэж тэмдэглэлээ.
Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид хадгалах, 2020 онд болох НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Ирланд Улсыг дэмжихээ нотоллоо. Тэрбээр Ирландад Монгол Улсын Өргөмжит консулаар ноён Марк Шерри 2015 оноос хойш амжилттай ажиллаж буйг дурдаад, Ирланд Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулыг томилоход анхаарлаа хандуулахыг хүслээ.

Ноён Шон О’Фаррел хоёр орны хооронд бодит хамтын ажиллагаа өрнүүлэх УИХ-ын дарга М.Энхболдын санал, санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, батлан хамгаалах, терроризмтай тэмцэх салбарт хамтран ажиллах талаар Монгол Улсын салбар хариуцсан сайд нартай уулзах үеэрээ хөндөж ярилцах болно гэв.

Түүнчлэн дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд хоёр улсын соёл, түүхийг сурталчилсан арга хэмжээг Улаанбаатар, Дублин хотын аль нэгэнд зохион байгуулах УИХ-ын дарга М.Энхболдын саналыг дэмжиж байгаагаа тэмдэглээд, энэ оны 9-р сард Дублинд болох эмэгтэй парламентчдын уулзалтад Монголын парламентын эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулахыг УИХ-ын даргаас хүссэн юм. Энэхүү хүсэлтийг анхааралдаа авч байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлэв.

Ноён Шон О’Фаррел УИХ-ын дарга М.Энхболдыг Ирланд Улсад боломжтой цагтаа албан ёсоор айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа.

Хэлэлцээнд УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Г.Тэмүүлэн, БНИУ-аас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Оуэн О’Лири нарын зэрэг албаны хүмүүс байлцав.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ спорт

Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид 48 медаль хүртлээ

БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотноо энэ сарын 21-26-нд даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж манай даамчид 6 насны ангилалд өрсөлдөж 13 алт, 19 мөнгө, 16 хүрэл, нийт 48 медаль хүртжээ.

Зуун буудалт даамын үндсэн, рапид, блиц төрлүүдээр зохион байгуулсан тус тэмцээнд Монгол, БНХАУ, Казахстан, Киргизстан, Узбекстан, Туркменстан, Пакистан, Сингапур, Япон, Тайланд зэрэг 10 улсын тамирчид 36 багц медалийн төлөө ухаанаа уралдуулсан юм. Манай улсаас нийт 67 тамирчин оролцсон бөгөөд багийн дүнгээр зохион байгуулагч орны дараа хоёрдугаар байрт шалгарсан байна.

Тэмцээний төрөл тус бүрээр ангилж үзвэл, үндсэн төрөлд 17 медаль /4 алт + 6 мөнгө + 7 хүрэл/, рапид буюу түргэн тоглолтын төрөлд 16 медаль /6 алт + 6 мөнгө + 4 хүрэл/, блиц буюу түргэвчилсэн тоглолтод 15 медаль /3 алт + 7 мөнгө + 5 хүрэл/ авчээ. Манай даамчдаас 28 тамирчин медаль хүртсэн бөгөөд Б.Мөнхжин, Б.Мишээл, Г.Дүүрэнбилэг, С.Мөнх-Оргил, Г.Буяндэлгэр, Б.Энхрийлэн нар оролцсон төрөл болгоноос медаль зүүжээ.

Тэмцээний эрэгчтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд Ц.Отгонбилэг хоёрдугаар байр эзэллээ. Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн нээлттэй ангилалд гуравдугаар байрыг залуучуудын алтан медалийн хамт хүртсэн 12 настай Э.Хүслэн Дэлхийн даамын холбооны мастер цолны болзол хангажээ. Энэ тамирчид 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхийг авсан байна.

Categories
мэдээ спорт

Манай сагсчид хасагдах шатны тоглолтоо Иорданы эсрэг хийнэ

БНХАУ-ын Шеньжен хотноо 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 18 баг тус бүр дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж буй юм.

Тус тэмцээнд өрсөлдөж буй манай эрэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо Тайваний багтай хийж 16:15-аар хожоод байсан. Тэгвэл манай сагсчид өчигдөр/04.29/ хэсгийн хоёр дахь тоглолтоо дэлхийн аварга, Азийн тоглолтын хошой аварга Катартай хийж 19:21 оноогоор хожигджээ.

Ингэснээр тэд “А” хэсгээс хоёрдугаар байраар шалгарч, Иорданы багтай учраа таарлаа. Өнөөдөр манай багийн хувьд тоглолт байхгүй бөгөөд маргааш 16:20 минутаас хасагдах шатны тоглолтоо Иорданы багийн эсрэг хийнэ.

Categories
мэдээ нийгэм

649 жолоочид торгуулийн арга хэмжээ аваад байна

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад дүрэм зөрчин зогсч байгаа зөрчлийг таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн хурдан шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалтыг тогтмол явуулж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 11.5.в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) автобусны зогсоолд зогсч хөдөлгөөнд нь саад болсон тохиолдолд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн 43.2-д заасныг үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээ /24000 төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулдаг.

Шалгалтын хүрээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд автомашинаа байршуулж саад учруулсан 649 жолоочид 12.980.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг тооцож Замын хөдөлгөөний Удирдлагын төв рүү шилжүүлэн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэх арга хэмжээг аваад байна.

Иймд жолооч та бүхэн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна гэжнийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Алтантуяа: Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах хууль батлагдвал Лхагвасүмбэрэлийнх шиг хэрэг давтагдахгүй гэж найдаж байна

Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хуулийн төслийн талаар ярилцлаа.


-Хүний эрхийг хамгаалагчдад зориулсан хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна. Энэ хууль ямар шатандаа яваа вэ?

-НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн хамгаалагчийн тухай тунхаглал батлагдсаны 20 жилийн ой тохиож буй энэ цаг үед Хүний Эрхийн Үндэсний Комиссоос санаачилан хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл, хуульч, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулан “Хүний эрх хамгаалагчийнэрх зүйн байдал” хуулийн төслийг боловсруулсан. 2017 оноос энэ ажлыг эхлүүлсэн юм. Иргэний нийгмийн байгууллагуудын дунд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийж, саналыг тусгаад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болон бусад гурван гишүүнд хүлээлгэн өгсөн. Тэд үргэлжлүүлэн судлаж, шинжлээд УИХ-д удахгүй өргөн барих байх аа.

-Хүний эрхийг хамгаалагчид гэж хэн бэ, тэднийг энэ хуулиар хэрхэн хамгаалах вэ?

-Хүний эрх хамгаалагч гэдэг өргөн хүрээтэй ойлголт. Ажил мэргэжлээсээ үл хамааран хэн ч хүний эрхийн хамгаалагч байж болно. Оюутан, сэтгүүлч, байгаль орчныг хамгаалагч, хуульч, хүний эрхийн зөрчлийн хохирогч болоод тэдний гэр бүлийнхэн, эмч, багш, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, шүгэл үлээгч, захиргааны ажилтан, цагдаа гэх мэтээр. Одоогийн боловсруулсан хуулийн төслийн хүрээнд “хүний эрх хамгаалагч” гэж дангаараа эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, тайван замаар, хүчирхийллийн бус аргаар хүний эрхэм чанарыг үндэсний болон олон улсын түвшинд хүндэтгэн хамгаалж байгаа хүнийг хэлнэ гэж тусгасан. Хүний эрх хамгаалагчиднийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг. Тэд эрх мэдэл, байр сууриа буруугаар ашиглагчдыг нэрлэж, булайг нь илчилдэг. Тэд хүний эрхийн зөрчлийг илрүүлж, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг шаарддаг. Тэд хүмүүсийг ядуурал, айдаст автуулж буй ямар ч улс төр, нийгэм эдийн засгийн бодлогыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл хүн бүр адилхан үнэ цэнэтэй бөгөөд хүн бүртэй ялгаваргүйгээр адил тэгш хандаж, айдасгүй эрх чөлөөтэй амьдрах нийгмийг цогцлоохын төлөө ажилладаг, үгээ хэлдэг зоригтой хүмүүс юм. Тэд хүмүүсийг хүн болж төрснийхөө хувьд эдлэх ёстой үндсэн эрхээ шаардахыг уриалж, зоригжуулдаг юм. Гэвч үүнийхээ төлөө тэд наад зах нь үг хэлээр доромжлуулахаас эхлээд амь насаа алдах хүртэл элдэв, дайралт халдлагад өртөж байна. Бараг бүх оронд хүний эрхийн хамгаалагчид руу янз бүрээр халдсан тохиолдлыг Эмнести Интернэшнл байгууллагын хийсэн судалгаа харуулсан.

Тийм ч учраас хүний эрхийг хамгаалах эрхийг баталгаажуулах, хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах хууль байх хэрэгтэй гэж үзсэн юм. Энэ хуулиар бид хүний эрхийн хамгаалагчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсний зэрэгцээ, хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, хүний эрхийн хамгаалагч үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, хүний эрхийн хамагаалагчид руу цахим болон цахим бус аливаа хэлбэрээр халдахгүй байх зэргээр төрийн байгууллага, албан тушаалтан, ТББ, аж ахуйн нэгжийн хүлээх нийтлэг үүргийг тусгаж өгсөн.

Ерөнхийдөө бол хүний эрхийн хамгаалагч аюулгүй, эрсдэлгүй тайван орчинд өөрийн болон бусдын эрхийн төлөө ажиллах боломж бий болно

-Хүний эрхийг хамгаалагчдад тусгайлан хууль гаргах ямар шаардлага байсан бэ. Одоо байгаа хуулиудад хүний эрхийн талаар хангалттай заасан гэдэг үзэл бодолтой хүмүүс ч бий?

-Бид айдас, талцал, өөрөөсөө бусдыг ад зэтгэр гэж үзэх, улс төрийн бүтэлгүйтэлдээ нэг хэсэг бүлэг хүмүүсийг буруутган “Бид тэдний эсрэг” гэх хандлага давамгайлсан үед амьдарч байна. Хүний төлөө зогссон тэр зоригт хүмүүс хаагүй сайгүй төрийн болон томоохон корпорациуд, гэмт хэргийн бүлэглэлүүдийн зүгээс халдлага, дарамт шахалт, гүтгэлэг, зүй бус харьцаанд өртөж, амь насаа алдах боллоо. Монгол Улсад ч мөн хүний эрх, эрх чөлөөний талаар дуугарсан сэтгүүлчид, өмгөөлөгч, байгаль орчны хамгаалагч нарт халдсан, айлган сүрдүүлсэн тохиолдлууд гарсан. Харамсалтай нь эдгээр хэргийг хохирогч нь хүний эрх хамгаалагч байсан гэдгээр нь авч үзээгүй, үр дүнтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэхгүй байсаар байна. Ийм болохоор хүний эрх хамгаалагч нарыг хамгаалах хууль эрх зүйн орчин бидэнд зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ хамгаалалт хуулиудад ганц нэг заалт орсноор бий болохгүй тул иж бүрнээр шийдвэрлэх үүднээс бие даасан хууль байх нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн дунд хэлэлцүүлж байх үед ажлаас халахаас авахуулаад, элдвээр цоллох, биед болон цахим мэдээлэлд нь халдах, гутаан доромжлох, гүтгэх, шүүхэд өгөх, заналхийлэх зэргээр хүнийг хамгаалахад нь саад учруулдаг талаар маш олон хүмүүс өөрсдийн жишээн дээр ярьж, энэ хууль шаардлагатай, цагаа олсныг онцолж байсан.

-Монголд хүний эрх хэр хамгаалагдсан гэж та үзэж байна вэ?

-Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин дутмаг гэх зэргээр зайлшгүй сайжруулах шаардлагатай зүйлүүд байгаа ч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд бүрэн хэрэгждэг бол Монголд хүний эрх гайгүй сайн хамгаалагдаж болохоор байна.

Харамсалтай нь хуулиудыг хэрэгжүүлэхгүй, оромдох, процессийн алдаа ихээр гаргаж, хуулийн дагуу хариуцлага тооцохгүй байгаагаас хүний эрх алхам тутамдаа зөрчигдөж байна. Ялангуяа энэ үзэгдэл хавтгайрах хандлагатай болж, зарим улс төрч улайм цайм хүний эрхэм чанар, хүний эрх рүү халдсан мэдэгдлийг ичгүүр сонжуургүйгээр хийж, өөрсдийн буруу шийдэл бодлогоо ямар ч үнэ цэнээр хамаагүй хадгалж үлдэхийн тулд хүний эрхийг уландаа гишгэж, улмаар хүний эрхийг хамгаалж баталгаажуулсан тогтолцоо руу дайрч байна. Үүний нэг жишээ бол эрүүдэн шүүж, зүй бус харьцсан гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгадаг өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн хүчирхийллээс иргэдийг хамгаалдаг байсан тогтолцоо болох Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан. Үүнээс болоод өнөөдөр эрүү шүүлт, зүй бус харьцсан хэргийн хохирогчид шударга үнэнийг тогтоолгож чадахгүй тэнгэр хол, газар хатуу хаачихаа мэдэхгүй эрхээ зөрчүүлсэн хэвээр байна. Эдгээр хохирогчдыг Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн бусад байгууллагад хандсаных нь төлөө элдвээр дарамталж, зүй бус харьцсан тохиолдол нэг биш гарч байна. Өөрөөр хэлбэл эрх нь хамгаалагдах нь бүү хэл давхар хохирдог болчихсон.

Хот дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийн эрхийг ихээр зөрчиж, өмч хөрөнгөгүй, орон гэргүй болгосон цөөнгүй тохиолдлыг бид баримтжуулсан. Хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэгч нийслэлийн захиргааны байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг боловсрол, хариуцлагагүй байдал, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлээгүй удирдлагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэд гомдлоо Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид гаргаад ч тусыг эс олж байна. Гэтэл энэ онд шинээр 79 хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа нь ахиад олон иргэдийн эрх зөрчигдөх эрсдэлд оруулж байна. Учир нь албадан нүүлгэхийг хориглосон, иргэдийг орон гэргүй болгохоос хамгаалсан эрх зүйн орчин өнөөдөр хангалтгүй байгаа юм.

Орон гэр өмчөө хамгаалж үнэн зөв мэдээлэл хүссэнийхээ төлөө, өмч хөрөнгийг нь шударгаар үнэлэхийг шаардсаныхаа төлөө, орон гэр, гал голомтоо үгүй хийлгүүлэхгүйн төлөө үгээ хэлсэн, эрх баригчдын үүдийг сахисан эдгээр хүмүүс элдэв гүтгэлэг, доромжлолын бай болж бүр айлган сүрдүүлэлт, заналхийлэлд өртөж байна.

-“Манайд шүгэл үлээх соёл муу хөгжсөн” гэж зарим хүн ярьдаг. Хууль батлагдсанаар илүү олон хүн шүгэл үлээх зоригтой болно гэж та найдаж байна уу?

-Шүгэл үлээгчид ч мөн хүний эрхийн хамгаалагч байж болно. Дарамт, шахалт, айлган сүрдүүлэлт, хамгийн наад зах нь ажлаасаа халагдана гэсэн айдас байгаа учраас өнөөдөр Монголд шүгэл үлээгчид тийм ч олон биш байгаа байх. Хуулийн төсөлд шүгэл үлээгч гэж хэн бэ гэдэг тодорхой нэр томъёо оруулж өгөөгүй ч шүгэл үлээгч нь өөрөө хүний эрхийн хамгаалагч байж болох учраас энэ хуулиар мөн хамгаалагдах боломжтой. Зоригтой байж үгээ хэлснийхээ төлөө, шударга үнэнийг хамгаалсныхаа төлөө, өөрийн болон бусдын, улмаар ирээдүй хойчийн эрхийг хамгаалж зогссон хэн ч эрсдэлд орох ёсгүй. Энэ хууль батлагдсанаар Лхагвасүмбэрэлийнх шиг хэрэг давтагдахгүй гэж найдаж байна.

-Хүний эрхийг хамгаалагчдад зориулсан бие даасан хуультай хэр олон улс байдаг вэ. Ямар орнууд ийм хуультай байдаг вэ?

-Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах бие даасан хуультай болон хуулиуддаа энэ хамгаалалтыг зохих ёсоор суулгаж өгсөн орнууд цөөнгүй бий. 2016 онд нийтдээ 45 улсын хүний эрх хамгаалагчийн тухай хуулиудыг судлаж байгаад “Хүний эрхийн хамгаалагчдыг хүлээн зөвшөөрөх, хамгаалах загвар хууль”-ийг гаргасан байдаг. Энэ загвар хууль хүний эрхийн хамгаалагчдын ажлыг дэмжих, заналхийлэл, халдлагаас хамгаалах хууль, бодлого, институцыг бий болгох талаар техникийн зөвлөгөө өгөх замаар улс орнуудыг удирдамжаар хангадаг. Загвар хуулийг бүс нутаг бүрийг төлөөлсөн 500 гаруй хуульч боловсруулсан бөгөөд хүний эрхийн шилдэг өмгөөлөгчид, түүний дотор хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч нар санал нэгдэн баталсан байдаг.

-“Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэж заасан, хүнээ мартсан” гэж зарим хүн шүүмжилдэг. Энэ талаар та бодлоо хэлээч?

-1992 оны Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг хангалттай баталгаажуулж өгсөн. Харамсалтай нь дагалдаж гарах хуулиуддаа хангалттай тусгаж өгөөгүй, тусгасан зарим нэг хууль цаасан дээр үлдэж, амьдралд хэрэгжихгүй байгаа нь асуудал болоод байна. Үндсэн хуулинд бүхэл бүтэн нэг бүлэг нь хүний тухай буюу хүний эрхийн тухай байгаа. Малын тухай бүхэл бүтэн бүлэг байдаггүй биз дээ. Энэ утгаараа энэ шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна.

-Харилцаа холбооны эсрэг халдлагын тухай энэ хуульд тусгаж байгаа юм билээ. Хүний эрхийг хамгаалагчдыг онлайнд хянах оролдлого хэр их байна вэ?

-Технологи хөгжихийн хирээр цахим цагдан хяналт өргөн тархсан. Дээр нь троллууд ч байна.

Эмнести Интернэшнлээс гаргасан “Ганцхан чи уншдаг гэж үү” судалгааны тайланд харилцаа холбооны компаниуд хэрэглэгчдийн өдөр тутмын харилцаандаа ашигладаг цахим зурвас, захидлын нууцыг хамгаалах шифрлэлтийг бүрэн хангаагүй талаар дурдсан. Шифрлэлт нь бидний хувийн мэдээллийг хулгайлахаас сэргийлэхэд тусалдаг. Уг судалгаанд Аппле, Фэйсбүүк, Гүүгле, Снапчат зэрэг 11 технологийн компаниудыг хамруулсан ба зарим компаниуд хэрэглэгчдийнхээ хувийн харилцааг том эрсдэлд оруулж, хувийн нууцтай байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг олж тогтоосон.

АНУ-ын иргэн Эдуард Сноудены хэргийг дэлхий дахин мэднэ. АНУ-ын Тагнуулын алба иргэдийнхээ утсан харилцаа холбоог ямар ч зөвшөөрөлгүйгээр цагдан хянаж байгааг дэлхий дахинаа ил болгосныхоо төлөө шүгэл үлээгч Эдуард Сноуден мөрдөн мөшгигдөж байгаа.

Цахим цагдан хяналтаас гадна мөн хүний эрхийн хамгаалагчид ялангуяа эмэгтэй хүний эрхийн хамгаалагчдын эсрэг цахим орчинд үг хэлээр дайрч, доромжлох, сүрдүүлэх, нэр төрийг гутаах үйлдлүүд ихээр гарах болсон.

Тиймээс энэ хуулинд ямар үйлдлийг хүний эрхэд хамгаалагчид халдсан бэ гэдгийг тодорхой зааж өгсөн бөгөөд үүний дотор цахим мэдээлэлд халдах гэж томъёолсон.

-Хүний эрхийг хамгаалагчдад халдсан этгээдүүд ямар хариуцлага хүлээхээр тусгаж байгаа вэ?

-Эрх зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухайд бол холбогдох хуулиуд Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудад тусгаж өгөхөөр оруулсан. Энэ хуулиар ХЭХ-ийн эрх зүйн байдлыг л тодорхой болгохыг зорьсон.

Categories
мэдээ нийгэм

Төрийн үйлчилгээг гэрт нь хүргэж байгаад иргэд баяртай байна

Төрийн үйлчилгээг гэрт нь хүргэж байгаад иргэд баяртай байна

Хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал зэрэг шаардлагатай төрийн үйлчилгээг авахад хүндрэл гардаг. Заавал хэн нэгний туслалцаа авч өөрийн биеэр очих, эсвэл үр хүүхэд, ах дүү, хамаатан садандаа итгэмжлэл олгох, зарим талаар итгэмжлэгчээр дамжуулсан төрийн үйлчилгээ, халамжийн мөнгө эзэндээ хүрэхгүй байх, дараалал, бухимдал үүсэх асуудал, бэрхшээл багагүй тулгардаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд л гэхэд гудамж, зам талбайгаар явах, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх зориулалтын орчин нөхцөл байхгүй зэрэг асуудал хамгийн наад захын жишээ юм.

Тэгвэл энэ асуудлыг Налайх дүүрэг төрийн бодлого зохицуулалтаар шийдэж чадсан байна. Нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай эдгээр хүмүүст төрийн хайр хишгийг гэрт нь хүргэж үзүүлэх зорилтыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэвшүүлж, бодит ажил хэрэг болгож чаджээ.

Налайх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Хэвтрийн болон байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал, банк болон боловсролын үйлчилгээг гэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлдэг тогтолцоог бий болгоно” гэсэн чухал зорилтыг дэвшүүлсэн нь биеллээ олж, олон иргэдийн талархлыг хүлээгээд байна.

Нэг сарын өмнө “Гэрт хүргэх үйлчилгээг” дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран хэрэгжүүлж нарийн мэргэжлийн 3 эмч, 2 сувилагчтайгаа хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрээр очиж эхо, зүрхний цахилгаан бичлэг, бариа засал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол энэ удаад халамж, тэтгэврийн мөнгийг нь гэрээр нь олголоо.

Гэрт хүргэх төрийн үйлчилгээний үр дүнг хүртэгч, дүүргийн 3 дугаар хорооны иргэн Ц.С хэлэхдээ: “Миний бие тал харвалтын улмаас хөдөлмөрийн чадвараа алдан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг болсон. Харж хандах хүнгүйн улмаас группийн тэтгэвэр, эм тарианы хөнгөлөлт зэргээ он гарсаар нэг ч удаа авч чадаагүй. Харин энэ үйлчилгээний буянаар эм тариагаа авах боломжтой боллоо. Төр шударга байдаг юм байна, төр иргэдээ харж ханддаг юм байна гэдгийг мэдэрч сууна. Тиймээс төрийн хайр энэрэл хамгийн их шаардлагатай хэсэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд энэ үйлчилгээ маш том дэмжлэг юм” гэв.

Энэ удаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Төрийн банкны Налайх дүүрэг дэх салбартай хамтран тэтгэвэр, тэтгэмжээ ирж авах боломжгүй, хуримтлал үүссэн 10 иргэний группын тэтгэвэр, эм тарианы хөнгөлөлт, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж зэрэг төрийн дэмжлэгийг гэрт хүргэсэн бол цаашид Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран суурь боловсролын үйлчилгээг гэрээр үзүүлэх, Хаан банктай хамтран нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийг хүргэх зорилт дэвшүүлсэн гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.