Categories
мэдээ нийгэм

Дэлхийн дархлаажуулалтын өдрүүд тохиож байна

Дэлхийн дархлаажуулалтын өдрийг “Вакциндаа хамрагдъя, хамтдаа сэргийлье!” уриан дор 2018 оны дөрөвдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол Улс Дархлаажуулалтын үйлчилгээг 1961 оноос эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн ба 1993 оноос эхлэн үндэсний хэмжээний хөтөлбөр болгон өргөжүүлж улмаар 2002, 2011 онд шинэчлэн боловсруулж хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн нэгдүгээр зорилтод дархлаажуулалтын үйл ажиллагааг тусгасан нь хүүхэд, нялхасын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл эндэгдлийг бууруулахад дархлаажуулалтын ач холбогдлыг тодорхой тусгасан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор дэлхий дахинд жил бүр вакцинжуулалтад хамрагдаагүй 1.5 сая хүүхэд халдварт өвчний улмаас нас бардаг байна. Дархлаажуулалтын хамралт улс орон бүрт харилцан адилгүй байгаа учраас вакцины хамралт бага улс орны хүн амын дунд вакцинаар урьдчилан сэргийлж болох халдварт өвчнүүд тухайлбал улаанбурхан, улаанууд, татран, хөхүүл ханиад зэрэг халдварт өвчний дэгдэлтүүд бүртгэгдсээр байна.

Манай улс дархлаажуулалтын хөтөлбөрт багтдаг вакциныг товлолын дагуу өндөр хамралттай, нэмэлт вакциныг нотолгоонд тулгуурлан оновчтой үр дүнтэй зохион байгуулсанаар цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчинг устгаж, сахуу, хөхүүл ханиад бараг бүртгэгдэхээ больж, В хепатит, улаанбурхан өвчний тархалтыг хяналтандаа авсан амжилтанд хүрч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг ханган ажиллаж байгаа билээ. Эрүүл мэндийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 494 дүгээр тушаалаар Дэлхийн эрүүл мэндийн нийт 15 тэмдэглэлт өдрийн нэг болох “Дэлхийн дархлаажуулалтын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар заасан.Монгол Улс 1993 оны 10 сараас эхлэн өнөөдрийг хүртэл 48 удаагийн дархлаажуулалтын 10 хоногийг тухайн цаг үеийн онцлогт тохирсон уриатайгаар зохион байгуулж ирсэн. Тус өдрүүдээр нэмэлт, нөхөн дархлаажуулалтыг компаничлан зохион байгуулснаар хамралт нэмэгдэж, хүн амын дунд ач холбогдлыг таниулсанаар олон нийтийн оролцоо дээшилсэн. 2018 онд Дэлхий даяар вакцин үр дүнтэй, дархлаажуулалтын хамралт өндөр байх тусам урьдчилан сэргийлэлт өндөр байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Монгол Улсад “Дэлхийн дархлаажуулалтын өдөр”-ийг ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, Аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүд дархлаажуулалтын чиглэлээр ДЭМБ-ын Бүсээс дэвшүүлсэн зорилтуудыг хангах, эрүүл мэндийн шийдвэр гаргагчид, бодлого төлөвлөгчид, эрүүл мэндийн ажилтнууд, хувь хүмүүст дархлаажуулалтын зөвлөмж, мэдээллийг түгээх, вакцины ач холбогдлын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Монгол Улс 2018 онд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Нийслэлийн хэмжээнд нэвтрүүлсэн ба дархлаажуулалтын цахим бүртгэлийг Хан-Уул дүүрэг, Ховд аймагт туршилтаар нэвтрүүлэх үйл ажиллагааг амжилттай эхлүүлээд байна.
Тэмдэглэлт өдрийн хүрээнд үндэсний түвшинд хүн амд эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам, эрүүл дадал, зан үйлийг хэвшүүлэх, дархлаажуулалтын талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгаа явуулах эрүүл мэндийн байгууллагуудын туршлага, ур чадварыг бэхжүүлэх, шийдвэр гаргагчдад ухуулга, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Техник, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах зөвлөн туслах үйлчилгээ боллоо

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилга, дэд бүтцийн чиглэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудад техникийн болон, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, холбогдох хууль, стандарт, тушаал шийдвэр, норм, дүрмийн талаар зөвлөгөө өгөх, мэргэжлийн туслалцаа үзуулэх замаар эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор зөвлөн туслах үйлчилгээ зохион байгууллаа.

Өнгөрөгч онуудад гарсан барилгын ослуудын ихэнх нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажиллаагүй, дотоотын хяналтыг хангалтгүй хийсэн, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөөгүй, барилгын техник хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангаагүй зэрэг шалтгаанаас болж гарчээ. Иймд барилга угсралтын үйл ажиллагаа эхэлсэн энэ үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, барилгын талбайн болон орчин дахь нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг хангах, дотоод хяналтаа сайжруулах, ажилтныг ажилд гаргахдаа өдрийн ажлын чиг үүргийг тодорхойлж, гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллаж байхыг зөвлөв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Оюу толгойн гэрээ тоглоом биш

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.


-Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг гарчихсан шалгаж байна. Энэ ажлын хэсгийн дүгнэлт ямар байдлаар гарах бол гэж бодож байгаа вэ. Оюу толгойн гэрээг цуцлах гэж байна гэж шуугиад байгаа л даа. Уг гэрээтэй холбоотойгоор С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын улстөрчдийг хорьж шалгаж байна?

-Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Уг ажлын хэсгийг дүгнэлтийг эхлээд МАН, АН-ын бүлгүүд сонсох ёстой. Үүгээрээ дамжуулан УИХ, Засгийн газар ямар шийдвэр гаргах вэ гэдгийг ярилцах учиртай. Энэ жишгээр ажлын хэсгийн шалгалт явагдаж байхад нь Оюу толгойн гэрээг цуцлах гэж байна, энэ луйврын гэрээ гэх мэтээр цаас хараагүй байж улстөрчид олон нийтэд байр сууриа илэрхийлнэ гэдэг нь нэг талдаа хариуцлагагүй үйлдэл. С.Баярцогт, С.Баяр, Ч.Сайханбилэг нартай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Оюу толгойн гэрээг хийхэд авлига өгч, авсан уу гэдэг нь тусдаа асуудал. Үнэхээр авлига авсан бол хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Тийм зүйл болоогүй бол ард түмэнд үнэн зөвийг хэлэх нь зөв.

Оюу толгойн гэрээг шууд цуцалж, улс төржүүлбэл өнөөгийн эдийн засаг болоод олон улсад бид ямар харагдах вэ гэдгээ бодох ёстой. Оюу толгойн гэрээ тоглоом биш. Олон талаас нь нухацтай хандах хэрэгтэй. Янз бүрийн мэдээлэлтэй байгаа улстөрчид цээжний пангаар юу ч хамаагүй ярьдаг энэ бүхэндээ дүгнэлт хийх цаг болсон. Цаасаар баримт болж баталгаажсан зүйлийг л ярих болохоос өглөө өрөөндөө кофе ууж байхад нь нэг хүн “Тэгсэн байна” гэж хэлэнгүүт үүнийг нь дагаж дарцаг шиг дэрвээд байж болохгүй. Төрийн түшээ гэдэг албан тушаалдаа хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгийг хэлье.

Миний хувьд ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж байна. Ажлын хэсгийн дүгнэлт бөөрөнхий биш оновчтой, хэт нэг талыг барьсан биш, үндэслэлтэй дүгнэлт гарах ёстой. Үүний дараа Авлигын эсрэг парламентын бүлгийн зүгээс анализ хийж, хэвлэлийнхэнд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлнэ.

-Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнийг барьж хорин шалгаж байгааг буруутгах хүмүүс олон байна. Ялангуяа гадаад талдаа хөрөнгө оруулагчдад эргэлзээ бий болчихож байгаа юм биш үү. Улстөржөөд байгаа гэх юм?

-Оюу толгойн гэрээг хийхэд тэр дунд авлига байсан бол гэж түрүүн яриандаа би тодотгосон доо. Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хэрэв тийм бол хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээх л ёстой. Мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулна гэдэг үүднээс барьж хорьсон бол үүнийг буруутгах арга байхгүй. Улс төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд жирийн иргэн хүртлээ хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг жишиг тогтох нь буруу биш. Өнөөдөр өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс ч гэсэн ирээдүйд ийм зүйл болж магадгүй гэдгийг бодож ажиллах ёстой болж байна. Гэтэл манайхан буруу зүйл хийсэн ч гэсэн биднийг яах ч үгүй гэдэг итгэл үнэмшилтэй яваад байж болохгүй. Монголын эдийн засагт хохиролтой зүйл хийсэн бол тэр хүмүүс яллагдах нь буруу биш. Гэхдээ ардчилсан Үндсэн хуулиар бидэнд нэг зарчим бий болсон. Тэр нь шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутан гэж шууд үзэж болохгүй гэж бий. Одоо мөрдөн байцаах ажиллагаа явж байна.

-Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг улс төрийн зорилгоор намнаж байж болох уу?

-Цаг хугацаа харуулах байх. Миний хувьд хоёр зарчим л барьж байна. Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээтэй холбоотой нийгэмд үүссэн хардлагыг нэг мөр цэгцлэх. Ингэхдээ авлига авсан бол хариуцлага хүлээх ёстой гээд байгаа л даа. Ямар ч сайн гэрээ хийсэн хариуцлага хүлээх ёстой. Ямар ч муу гэрээ хийсэн тэр хүмүүс авлига аваагүй байхад нь яллана гэдэг байж болохгүй зүйл. Эцэслэн шүүх тогтоогоогүй байхад нь гэм буруутан мэтээр зарлах нь өөрөө хэлмэгдүүлэлт.

Нийгэм өөрөө авлигыг үл тэвчих сэтгэл зүйтэй болсоор байна. Үүнд бид талархах ёстой. Өнөөдрийн үг, үйлдэл маргааш гэж өдөр хянагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс гаргаж буй шийдвэр бүхнээ олон талаас нь нухацтай харж, авлигаас ангид байх ёстой юм. Тухайн үед ийм болгоомжлол байсан бол илүү нээлттэй хууль хяналтын хамтарсан ажлын хэсэг байгуулаад явж болох байсан. Дараагийн том гэрээг хийх хүмүүс үүнийг бодох ёстой. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал УИХ-аар ороогүйн л алдаа шүү дээ. Цаашид УИХ-аар оруулахгүй бол ийм зүйл болж хоригддог юм байна гэдгийг ойлгож авч байгаа нь монголчуудын үнэ цэнэ. Одоогийн Ерөнхий сайд томоохон орд газартай холбоотой асуудлыг Үндсэн хуулиа зөрчин хэлэлцэхгүй байх соёл. Энэ огт буруу биш.

Бид авлигын эсрэг тэмцэх нь чухал гэж үздэг мөртлөө буцаад туйлын амархан хүмүүсээ өрөвддөг. Бүх зүйл хоёр тал болж явж байгаад бүдгэрээд алга болдог. Тиймээс дараагийн хүмүүс нь “Тэртээ тэргүй манайд энэ асуудал шийдэгддэггүй юм чинь” гээд давардаг. Ингэснээр муу засаглалын үзүүлэлт рүү явж, системээрээ авлигад идэгдсэн гэдэг нэр зүүдэг л дээ. Үүндээ бид цэг тавих ёстой. Үндсэн хууль зөрчөөд явбал өнөөдрийн өндөр албан тушаалтнууд мөн л баригдаад явна гэдгээ ойлгох хэрэгтэй. Дэлхийн аль ч орны жишигт байдаг. Өмнөд Солонгосыг хар л даа. Өнөөдөр шийдвэр гаргахдаа хуулийн байгууллагатайгаа сайн ажилла, хууль бүү зөрч, юуг ч битгий нуу. Нууж байгаа зүйл ингэж ил болдог. Үүнтэй холбогдуулан хэлэхэд Стандарт банктай холбоотойгоор тэр зээлийг авах шаардлага байсан юм бол түүнийг ил тод ярьж болох байсан. Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан явах нь Монголын эдийн засагт ийм үр өгөөжтэй гээд яриад парламентаар хэлэлцдэг ч юм уу, хамтын шийдвэр болгож болох байлаа. Тийм болохоор хардахаас аргагүй шүү дээ.

-Дубайн гэрээ болон хөрөнгө оруулалтын, хамтран ажиллах гэрээ яагаад өнөөдрийг хүртэл ил болохгүй байгаа юм бэ. Бизнесийн нууц гээд ил болгодоггүй юм уу?

-Дубайн гэрээтэй холбоотойгоор бид Ерөнхий сайдад асуулт тавьсан байгаа. Удахгүй ил тод болно.

Манай өндөр албан тушаалтнууд өнөөдрийн эрх мэдлээ мөнхийн юм шиг түүндээ бялуурч, хууль хяналтын байгууллагатайгаа үгсэн хуйвалдаж, хувийн компаниудтай нийгмийн өмчийг хувааж идэх замаар төрд болон ард түмэнд хохирол учруулбал хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээдэг жишиг рүү явах цаг болсон. Өнөөдөр сошиал хөгжиж хүмүүсийн мэдээлэл авах боломж ч улам нэмэгдсэн. 20 жилийн өмнөхөөс монголчууд тэс өөр болсон шүү.

Өмнө нь Эрдэнэт үйлд-вэрийн захирал нисдэг тэрэг хөлөглөн хоол идчихээд ирэхэд тэр үед “За, яахав дээ. Байдаг л зүйл” гэж хүлээж авдаг байсан. Өнөөдөр харин нисдэг тэрэг хөлөглөөд өдрийн хоол идээд иржээ гэсэн мэдээ гарвал юу болох вэ. Миний хувьд зөв жишиг рүүгээ явж байна гэж хараад байгаа.

Бид одоо баримттай л ярьж сурах хэрэгтэй. Үүн дээр тодорхой ахиц гарч байна гэж ойлгож байгаа. Тухайлбал, Стандарт банктай холбоотой асуудал гарсны дараа хууль хяналтын байгууллагынхан маань ажиллаж эхэлсэн. Уг нь буруутай л бол ажиллах ёстой л доо. Хэн, яагаад дарж байв. Хэн эс үйлдлээрээ булзааруулсан бэ гэдэг энэ жишиг рүүгээ бага багаар ч гэсэн алхам хийж байна. Цаашдаа улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой жижиг ч гэсэн энэ зүйлсийг бид татаж гаргаж ирэх ёстой.

-Улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой асуудал чинь өөрөө авлига юм биш үү?

-Харин энэ бүхнийгээ л тодорхой болгох ёстой гэж байгаа юм. Өнөөдрийн хуулиар хувь хүн нэг сая, аж ахуйн нэгжүүд 15 сая хүртэл төгрөг өгөх ёстой байтал үүнээс даваад нэг тэрбум төгрөг авчихсан бол яах вэ. Үүнийг авлига гэж үзэх үү. Ямар эрүүгийн хариуцлага хүлээх вэ гэхээр эрүүгийн хариуцлага хүлээхгүй торгуулах хуулийн заалттай. Нэг тэрбум төгрөг өгчихөж байгаа хүн торгуул төлөхөөс цааргалахгүй ээ.

Өнөөдөр бидний яриад байгаа Эрдэнэт үйлдвэр болон Стандарт банкны хэрэг энэ бүхний суурь болсон намын хандив гэдэг нэрээр халхлагдсан байж болзошгүй. Энэ мэтчилэн зүйлсийг Эрүүгийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдэх ёстой. Тиймээс бид нийгэмд хүлээгдэж буй эрх зүйн соёл руу багаас нь эхлээд том руу нь явуулах шаардлагатай.

-Сүүлийн үед манайхан Баялгийн сангийн талаар их ярьж байна. Баялгийн сангаа зөв ашиглаад хөгжиж буй орнуудын жишгийг ч ярих болсон. Манай улс Баялгийн сантай болоход ямар хүндрэлтэй зүйлс байгаа бол?

-Баялгийн сан гэдэг ойлголт өнөөдрийн Эрдэнэс Таван толгой, Оюу толгойгоор юугаараа өөр вэ гэдэг асуулт гарч ирнэ. Баялгийн сан гэдэг нь нэгдүгээрт, менежмент нь улс төрөөс хараат бус байна. Эрдэнэс Таван толгой, Оюу толгойд улстөрчид очиж дураараа дургидаг газар. Үүнээсээ салах ёстой. Хоёрдугаарт, Баялгийн сан төсвийг нөхдөг байгууллага биш.

Энэ сангаа хуримтлал болгоод бизнесийн байдлаар арвижуулдаг. Бид энэ менежмент рүү орох шаардлагатай. Тэгж байж ирээдүйд одоо ашиглаж байгаа баялгаа ашиглана гэсэн үг. Ингэж тэргүүлэх салбаруудыг бий болгодог. Ирээдүйн өв сан, Хөгжлийн банк, Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр байдаг хааяа шахаа хийдэг энэ бүтэцтэйгээ манайхан андуурдаг. Одоо унш, жаахан соён гэгээр л дээ. 25 жил ийм маягаар явлаа шүү дээ. Ялангуяа ах нарт хандаж хэлж байгаа юм. Тэр Норвеги, Казахстанд очоод үз. Юу ч мэдэхгүй, нэг ч удаа гүүглдэж үзээгүй, ганц удаа репортыг нь авч үзээгүй байж цээжний пангаар, уншсан хоёр номынхоо хэмжээнд бүү сэтгэ. Эсхүл Төрийн ордонд хар цай уугаад явсан 25 жилийнхээ хэмжээнд битгий сэтгэ л дээ, ах нар аа. Энэ хүмүүс л өнөөдөр гай болж байна. Үүнээс сонголт, гарц байхгүй. Бид баялгаа ашиглаж чадахгүй байсаар дампуурна. Эсвэл улстөрчдийн гараас гараад мэргэжлийн байгууллага болоод тайланг нь олон нийт, сэтгүүлчид үздэг энэ зарчим руу орох ёстой. Энэ чинь барууны систем. Хятад хүртэл ийм болчихоод байна.

Бид ардчилсан улс, Казахстан дарангуйллын системтэй гэж ярьдаг. Тэр цаг өнгөрсөн. Казахстанд авлига алга, авлигын индексээрээ хамаагүй өмнө байна. Баялагтай холбоотой ил тод байдал нь манайхаас хэд дахин илүү хурдацтай явчихлаа. Бид асуудлыг бодитоор харж явахгүй бол Төрийн ордонд цээжээ дэлдэн маргасаар байтал 25 жилийн өмнө нэг гараанаас гарсан улсуудынхаа тоосон дунд хоцорлоо. Тэр улсууд мэргэжлийн сэлэлтээр урагшаа яваад байхад манайхан дотроо хэрэлдсээр доороо нохой самардаад үлдлээ. Үүний нэг жишээ нь Баялгийн сан байхгүй юу. Илүү ил тод, мэргэжлийн тайлбар өгөх тал дээр нь бид ажиллана.

-Төрийн мөнгөөр хайгуул хийсэн орд газруудыг хувийн компаниуд авсан гэдгийг Д.Сумъяабазар сайд хэлж байсан. Тухайлбал, Цагаан суваргын ордыг буцааж авна гэж яриад байгаа. Хувьд авсан компани хөрөнгөө оруулсан болохоор тэр хөрөнгийг улсаас өгөх үү. Хүндрэл хэр гарах бол, улс төрөөс эхлээд амаргүй замыг туулах байх…

-Бид зарчмын шийдэлдээ хүрэх ёстой. Үнэхээр Баялгийн сан байгуулъя гээд сонгодог замаар нь явах юм бол лиценз нь төрд байх ёстой юм. Оператор компаниуд нь хувийн хэвшил байна. Оператор компани нь гадны хөрөнгө оруулалттай байж болно. 50 хувь байх уу, 100 хувь байх уу гэдгийг ярилцах ёстой. Ярилцахгүй яваад байж болохгүй. Аль нөлөөтэй, мэдээлэлд ойр байгаа нь лицензүүдийг авдаг, мэдээллээс хол байгаа нь лиценз авдаггүй байж болохгүй л дээ. Эсвэл зарим компанидаа давуу тал олгох нь буруу. Үүнийгээ нэгдсэн байдлаар цэгцлэх цаг болсон.

Учир нь уул уурхайг бид шүүмжилдэг. Хүссэн ч, эс хүссэн дараагийн 25-30 жилийн манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай байна. Та бид хоёрыг амьд байх хугацаанд уул уурхай байсаар байх болно. Тиймээс аль болох зөв менежмент рүү нь эрт оруулах тусам улсад ашигтай. Хэрэв тийм байж чадахгүй бол та бидний үе дараа үедээ хараалгана гэсэн үг. Тэр утгаараа бид хэн нэгнийг бодох уу, дараа үеэ бодох уу, бид зөвөөр хийхийг бодох уу, зөв зүйл хийх үү гэдэг олон зарчмын өмнө ирж байна л даа.

Үнэхээр бид Баялгийн санг хийе л гэж байгаа бол стратегийн ордод улс хөрөнгө зараад хайгуул хийсэн бол төр эзэмшээд явах нь буруу биш. Эрдэнэт дээр гэхэд хэн нэгний мууг үзэх гэсэн асуудал огт биш. Арилжааны банк дахиж ийм том төсөл рүү орж болох юм уу гэдэг зарчмын асуудлыг хөндөөд байгаа юм. Хэрэв тэгвэл уул уурхайн компани гэж байхгүй болно. Учир нь уул уурхайн компани 17 хувийн хүүтэй зээл авч ажиллах гээд байдаг, арилжааны банк хүүгүй хөрөнгө оруулалт хийх гээд байна.

Тэгэхээр өрсөлдөөн байхгүй болно. Цаашдаа уул уурхайгаас олсон мөнгөө эргэлдүүлээд хүүлсэн мөнгөнөөс нь ард түмэн зээлэх гээд байгаа юм.

Хэрэв ингэвэл бидний Үндсэн хуульдаа тунхагласан дундаж давхарга гэдэг зүйл үгүй болно. Үүнд л бухимдаад байгаа юм. Өнөөдөр цаг хугацаа, хувь хүн гэдгээ хойш тавиад ирээдүйд бид юунд хүрэх вэ гээд 1990 онд юуг анх ярьж байснаа санах хэрэгтэй. Анх Үндсэн хууль батлаж байхад үг хэлж байсан хүмүүсийн ихэнх нь өнөөдөр Их хуралд байна. Тэр үед хэлж байсан үг нь өнөөдөр тэс өөр болчихсон явна. Үүнийг удахгүй бид ил болгоно. Улстөрчдийн яриа соронзон хальсанд байж байдаг. Сөрөг хүчин болохоороо заавал муулах ёстой, олонх болохоороо буруу ч байсан зөвтгөх ёстой, манай намын хүн байвал буруу ч байсан хаацайлах ёстой гэдэг зүйлийг эцэс болгох хэрэгтэй. Яахав ээ, өнөөдөр манай цаг үед л ийм зүйл болж байна.

Ерөнхий сайдаар ажиллаж байсан Санжийн Баяр тэр үед юу гэж хэлж байв. “Хэн ч хариуцлага хүлээхгүй тогтолцоо руу бид явж байна” гээд тэр хурлыг орхин гарсан протокол нь байх жишээтэй. Тэгвэл яагаад Ерөнхий сайд байхдаа тэр зүйлийг бодсонгүй вэ. Эсхүл мэдсээр байж Ерөнхий сайд байхдаа яагаад Үндсэн хуулийн өөрчлөлт яриагүй вэ гэдэг эс үйлдэл яригдаж эхэлж байгаа биз. Тэр үед яагаад хурлын ирц хүрэхгүй байсан бэ гээд өнөөдөр бид ямар араг ясан дээр тоглолт хийж байгаа вэ гэдэг нууц ил болно.


Categories
мэдээ цаг-үе

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал Бөхийн өргөө гэсэн ганц барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон юм биш үү гэсэн хар төрөөд байна

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа МҮБХ-ны тэргүүний асуудал, Бөхийн өргөөний маргаантай байдал, бөхчүүдийн талцал тойрсон дуулианы талаар МҮБХ-ны гүйцэтгэх захирал, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Бөхчүүд хоёр хуваагдаад Бөхийн өргөөгөө булаацалдаад уналаа гэсэн шум гадуур хүчтэй байна. Ер нь яг юу болоод байна аа?

-Бөхчүүд яагаад талцаад унав гэдгийг ярихын өмнө хуулийн хүрээнд ямар үйл явдал, процесс өрнөснийг эхлээд тайлбарлая. МҮБХ-ны дүрмийн дагуу Их Эе дөрвөн жилд нэг удаа хуралддаг. Дүрмийн дагуу холбооны тэргүүнийг дөрвөн жилд нэг удаа сонгох учиртай. 1998 онд МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдоржийг сонгосон. 2002 оны сүүлээр дөрөвдүгээр Их эе хуралдаж холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн ажил явагдсан юм. Гэвч тэр үед хуралдааны хүчин төгөлдөр байдал хангагдаагүй. Энэ хурлаар Р.Нямдоржийг холбооны тэргүүнээр сонгоогүй гэсэн үг. Гэтэл Р.Нямдорж гэдэг хүн тэр үеэс өнөөг хүртэл 16 жилийн хугацаанд хууль зөрчиж байна. Энэ хүн өөрийгөө тэргүүнээр сонгогдсон тухай нэхэмжлэлийг шүүхэд 2002 онд өгч байсан юм билээ. Харин Улсын дээд шүүх 2003 оны долдугаар сарын 1-ний 403 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн шүүхийн анхан шатны шийдвэр, Нийслэлийн анхан шатны шүүхийн магадлал зэргийг хэвээр үлдээж, Р.Нямдоржийг холбооны тэргүүнээр сонгосныг батлах нь үндэслэлгүй гэж үзсэн байдаг. МҮБХ-ны дөрөвдүгээр Их эе хууль ёсны дагуу явагдаж чадаагүйг тэр үед тогтоосон юм. Улсын дээд шүүхээс Их эеийг дахин хуралдуулахыг тухайн үед даалгасан ч Р.Нямдорж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

-Тэгвэл Р.Нямдорж хууль бусаар 16 жилийн турш Монголын үндэсний бөхийн холбоог тэргүүлсэн гэсэн үг үү?

-Ерөөсөө л тийм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ үүргийг нь хэрэгжүүлэх боломж олгоогүй өнөөг хүрлээ. 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэтгэлийн албан ёсны гүйцэтгэх ажиллагаа явуулж Их эеийг зарлуулсан. Хуулийн дагуу явагдсан Их эеийн хуралд Р.Нямдорж тэргүүтэй зарим хүмүүс оролцоогүй ч Монголын үндэсний бөхийн холбооны гишүүд төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ дүрэм номынхоо дагуу оролцсон байдаг. Өнгөрсөн оны зургадугаар сард шийдвэр гүйцэтгэлийн 686 дугаар тогтоол гарсан. Энэ дагуу, 2003 оны Улсын дээд шүүхийн 403 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, МҮБХ-ны ээлжит бус Их эеийг хуралдуулж тэргүүнээр нь Н.Чинбат гэдэг хүнийг сонгосон юм. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн энэ ажиллагааг хэрэгжүүлэх боломж бололцоог Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар өгөхгүй байна л даа. Биднийг буюу Н.Чинбат тэргүүтэй албан ёсны Монголын үндэсний бөхийн холбоог шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанаас томилогдсон эрх бүхий хүмүүс, холбооны албан ёсны тамга тэмдгийг эзэмшигч нь мөн гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмчийн улсын бүртгэлийн газраас албан ёсоор тогтоочихсон.

-Тэгэхээр Б.Бат-Эрдэнэ аваргыг тэргүүнээрээ сонгосон МҮБХ-ны наймдугаар Их эе хууль бус явагджээ дээ?

-Тэгсэн. 2010 онд МҮБХ-ноос зургадугаар Их эе гэж хийсэн. Тэр хуралдаанаар МҮБХ-ны тэргүүнээр Р.Нямдорж өөрийгөө дахин сонгосон байдаг юм. Үндсэндээ Р.Нямдорж 2002-2010 он хүртэл холбооны тэргүүнээр хууль зөрчиж ажилласан гэсэн үг. Ингээд зогсоогүй өмнө хэлсэнчлэн холбооны зургадугаар Их эеийг 2010 онд хуралдуулсан байдаг. Энэ арга хэмжээнээс гаргасан бүх шийдвэрийг Улсын дээд шүүхийн 2011 оны долдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор хүчингүй болгосон. Тодруулж хэлбэл Р.Нямдоржийг тэргүүнээр сонгосон нь хууль бус гэдгийг Монгол Улсын шүүх хоёр дахь удаагаа тогтоосон юм. Хуулийн байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх гэхээр энэ хүн Б.Бат-Эрдэнэ аваргыг урдаа барьчихаад цагдаагийн хүчийг ашиглаж саад учруулаад байдаг.

-Б.Бат-Эрдэнэ аварга, Р.Нямдорж нарын бариад байгаа тамга гэрчилгээг тэгвэл юу гэж ойлгох вэ?

-Оюуны өмч улсын бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 670 гэдэг дүгнэлтээр тэдний бариад, үзүүлж харуулаад байгаа Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг нь хүчингүй болгосон.

-Ямар шийдвэр, хуулийг үндэслэж гаргасан юм бол. Зүгээр л нэг байцаагч хүчингүй болгох дүгнэлт гаргачихсан юм биш үү гэсэн хардлага төрж мэдэхээр юм байна?

-Тийм биш л дээ. 2011 оны Улсын дээд шүүхийн 715 дугаар тогтоол гэж бий. Энэ тогтоолыг үндэслэж гарсан дүгнэлт. 2010 оны зургадугаар Их эеийн хуралдаанаар тэргүүнийг сонгосон нь хууль бус гэсэн шийдвэр гарсан талаар би түрүүн танд ярьсан даа. Зургадугаар Их эеийн хуралдаанаар нийтдээ нэгээс арван тогтоол гарсан байдаг юм. Оюуны өмч, улсын бүртгэлийн газар (тухайн үед Улсын бүртгэлийн газар) гэсэн нэртэй байсан. Тэр газарт Б.Бат-Эрдэнэ аваргын бариад байгаа тамга тэмдэг, гэрчилгээг бүртгэсэн байдаг. Энэ бүртгэлийн үйл ажиллагааг Улсын дээд шүүх 2011 оны арваннэгдүгээр сард гаргасан 715 тоот тогтоолоор хүчингүй болохыг нь тогтоосон. Ийм шийдвэр гарчихаад байхад Б.Бат-Эрдэнэ аварга, Р.Нямдорж тэргүүтэй нөхөд 2011-2018 он хүртэл буюу бүхэл бүтэн долоон жилийн хугацаанд хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаад үйл ажиллагаа явуулж байна.

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Бөхийн өргөөнд болсон үйл явдал руу оръё. Яг ямар үйл явдал болсон юм бэ?

-МҮБХ-ны ганц өмч бол Бөхийн өргөөний барилга байгууламж. Ард түмний итгэл сэтгэл, хандив өглөгөөр боссон гэдгийг Монгол даяараа мэднэ. Гэтэл өнөөдөр Р.Нямдорж гэдэг хүн ийм утга учиртай барилга байгууламжийг хуулиар хүлээн зөвшөөрсөн МҮБХ-нд нь өгөхгүй 16 жил болчихлоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа хийх гээд мэдэгдэл өгөх гэхээр авдаггүй, Н.Чинбат тэргүүнтэй албан ёсны холбооныхон нь очоод суух гэхээр оруулдаггүй нөхцөл байдал үүсгэсэн. Ийм шалтгаанаар бид Иргэний хуулийн дагуу өөртөө туслах арга хэмжээг авахаас аргагүйд хүрсэн. Энэ дагуу Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүсийн Бөхийн өргөөг хууль бусаар ашиглаад байгаа үйлдлийг зогсооё, албан ёсны МҮБХ нь ашиглая гэсэн утгатай шаардлага хүргүүлсэн юм. Энэ шаардлагыг мөн л биелүүлээгүй. Очихоор Одхүү ч юм уу, Б.Бат-Эрдэнэ аваргын туслахууд, хамгаалагчид, “Аварга” дээд сургуулийн оюутнууд нь хааж зогсчихоод оруулдаггүй. Иргэний хуульд заасны дагуу бид өмчөө ашиглах эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу Бөхийн өргөөний эзэмшлээ өөрсдөө авъя, ажилчдаа оруулъя гэдэг үндэслэлээр Бөхийн өргөөнд нэвтрэх шаардлагыг хүргүүлсэн ч цагдаагийн байгууллага хүч түрэн орж ирсэн. Бүр тодруулж хэлбэл цагдаагийн байгууллага хэт нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулж байна.

-Шүүхийн шийдвэр гарчихсан байхад Цагдаагийн байгууллага нөгөө талд үйлчилж байна гэхээр нэг л санаанд бууж өгөхгүй юм. Хууль зөрчиж байна гэсэн үг үү?

-Цагдаагийн байгууллага яагаад оролцоод байгаа нь ойлгомжгүй байна. Уг нь энэ үйл явдалд оролцох ямар ч шаардлагагүй. Та бод доо. Та өөрийн эзэмшлийн, өмчийн ажлын байрныхаа хаалгыг цагдаагаас асууж түлхүүрдэж орох уу. Бид эмх замбараагүй байдал үүсгэх гээгүй. Өөрсдийнхөө өмчийн барилга руу л орох гэж байгаа хэрэг шүү дээ.

-Хаанахын цагдаагийнхан юм бол?

-Нийслэлийн цагдаа, хэв журмын цагдаа, тусгайгийнхан бүрэлдэхүүнээрээ байна.

-Цагдаагийн байгууллагаас ямар үндэслэлээр үйл ажиллагаа явуулаад байгааг нь тодруулсан уу?

-Тодруулж асуухаар тайлбарладаггүй. Гэмт хэрэг, зөрчил үүсэх гээд байгаа учраас урьдчилан сэргийлж байна л гэдэг. Бидний хувьд цагдаагийн байгууллагын энэ ажиллагааг ямар ч үндэслэлгүй, хэсэг бүлэг хүмүүсийн захиалгаар эрх ашгийг нь хамгаалаад зогсч байна гэж үзэж байгаа. Уг нь цагдаагийн байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны тогтоол, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын бүртгэлийн үйл ажиллагааг бүгдийг нь үгүйсгэсэн ажиллагааг хийгээд буй нь гайхал төрүүлж байна.

-Цагдаагийнхан яагаад ийм үйл ажиллагаа явуулаад байна гэдгийн цаана өөр ноцтой шалтгаан байгаа юм биш үү, танил тал, нөлөөлөл, мөнгөний сонирхол ч юм уу?

-Албан ёсны тамга гэрчилгээтэй хүмүүс нь Бөхийн өргөө рүүгээ орох гэхээр цагдаагийнхан хамгаалаад оруулахгүй байна гэдэг нь гайхмаар хэрэг. Орсон хүмүүсийг нь баривчилж хориод, зодож нүдээд байгаа нь цагдаа, бөх нийлсэн бүлэглэл үүссэн үү гэж хардахаар байгаа юм.

-Цагдаагийнханд албан ёсны гэрчилгээ, тушаал захирамжуудаа харуулсан уу?

-Бүгдийг нь үзүүлээд байхад л “Та нарыг оруулахгүй. Дээрээс битгий оруул гэсэн тушаал ирсэн” гэж байгаа юм. Дээр нь байгаа тэр хүн яагаад төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд халдаж эзэмшдэг объект руу нь оруулахгүй байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Ард түмний татварын мөнгийг урсгаж хэдэн зуун цагдаа зогсоож байгаа юм бол тушаалт шийдвэр удирдамжаа ядаж харуулах ёстой.

-Дахиад асууя. Яг тэр үед өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт юу болсон юм бэ. А.Сүхбат аваргыг Б.Одхүү начин зодож гэмтээсэн гэсэн шум яваад байна л даа?

-Би яг тэр үед эмнэлэгт хэвтэж байсан болохоор сонссоноо ярья. А.Сүхбат аварга хууль ёсны холбоо нь үйл ажиллагаа явуулъя гэсэн асуудлыг тавьж Б.Бат-Эрдэнэ аваргад шаардлага тавьсан. Сайнбаяр, Б.Одхүү, Магалжав нарын хүмүүстэй уулзсан юм. Албан ёсны МҮБХ буюу манай талаас Х.Баянмөнх аварга, А.Сүхбат аварга, Батсуурь, Бүрэнтөгс, Амгаланбаатар заан гэх мэт хүмүүс байсан. Хууль ёсны холбооны төлөөллийг оруулахгүй гээд байгаа бол хэлэлцээр хийе, хууль ёсны гэрчилгээгээ гаргаад ир, хууль эрх зүйн ямар үндэслэлтэй юм бэ гэх мэт асуудлыг яриад хоёр талаас тав таван хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаад асуудлыг эцэслэж шийдье гэсэн. Сүүлдээ ямар ч шийдэлд хүрэлгүй нөгөө талаас оролцсон хүмүүс уулзалтыг орхиод гарч явсан юм билээ. А.Сүхбат аварга тэр үед хуралдаж байсан өрөөндөө үлдээд “Эндээс асуудлыг шийдэх хүртэл гарахгүй. Би Монгол бөхийн хууль бус ажиллагаануудыг таслан зогсоох зорилгоор тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцэнэ. Хорин жил тэмцсэн юм чинь хоёр хоног хэвтэж чадна. Та нар ирж асуудлаа шийд” гээд хэвтээд өгч. Тэр үед Одхүү начин согтуугаар, арав гаруй хамгаалагчтай орж ирээд УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын биед халдсан юм билээ.

-Одхүү начин А.Сүхбат аваргыг зодоогүй, өргөөд гаргасан гэсэн мэдээлэл цацагдсан. Биед нь гэмтэл учруулсан уу?

-Биед нь гэмтэл учруулсан. Миний сонссоноор бол А.Сүхбат аваргыг хэвтэж байхад хаалгыг нь цөм өшиглөж орж ирээд гэрэл асаалгүйгээр хүч хэрэглэн барьж авч хоолойг нь боож, толгой руу нь цохисон гэсэн. Тэгээд хамт орж ирсэн залуустайгаа дөрвөн мөчнөөс нь өргөж гадагш нь гарган шидсэн юм билээ. Энэ үед цагдаагийн байгууллага Бөхийн өргөөг хамгаалалтад авсан хэрнээ УИХ-ын гишүүний биед халдаж байхад нэг нь ч хөдлөөгүй нь гайхмаар явдал. А.Сүхбат аварга Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэгт гомдол гаргасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр шинжээчийн дүгнэлт гаргуулаад байна. Одоо энэ маргаан Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэгт шалгагдаж байгаа. Монгол бөхөд аваргаа хүндлэх жудаг гэж айхавтар ёс бий. Улсын начин хүн Дархан аваргад халдаж байгаа нь монгол бөхийн жудаг яав ч биш. Ийм юм хийлгэж буй хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэйг хүн бүр мэдэж байгаа. Ийм юм хийж байгаа, хийлгэж байгаа нь ч ялгаагүй хууль шүүхийг уландаа гишгэхээс гадна бөхийн жудгаа гээжээ л гэж хэлмээр байна.

-Н.Чинбат гэж хүнийг Бөхийн өргөөнд шунасандаа ингээд байна гэсэн мессэж хүчтэй ажиглагдаад байна л даа. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-МҮБХ тойрсон хууль бус явдал дийлдэхээ байсан. Наад зах нь начины найраа, шударга бус шүүлт байна. Адаглаад л камерын шүүлт хийдэггүй. Найраа бол бөх үзэх сонирхолгүй болтол яригддаг. Доппинг байна. Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс Бөхийн өргөөг, МҮБХ-ны нэрийг ашиглаад ашиг олоод суугаад байгаа нь харамсалтай. Бөхчүүдийн нийгмийн асуудлыг бол огт хайхардаггүй. МҮБХ-ны дүрэмд бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаална гэсэн заалт бий. Энэ тал дээр ажилладаггүй. Ийм байж хүчний байгууллагаар далайлгаад суугаа нь таатай санагдахгүй байгаа. Н.Чинбат гэдэг хүн өөрийнхөө хүслээр холбооны тэргүүн болоогүй гэдгийг мөн л Монгол даяараа мэднэ. Монгол Улсын аваргууд МҮБХ-ны байдал эвгүйдсэнийг мэдэж, мэдрээд хүсэлт тавьж гарсан шийдвэр. Найраа хэрээс хэтэрсэн, бөхчүүдээ анхаарахгүй байна, доппингийн бизнес газар авлаа гэх мэт асуудлуудыг хөндөж гаргаж ирсэн хүмүүс нь аваргууд. Сумъяабазар, Өсөхбаяр, Сүхбат гэсэн гурван аварга анх Н.Чинбат гэдэг хүнд санал тавьсан юм. Түүнээс биш асуудал байшиндаа байхгүй.

-Нээрээ Аваргуудын зөвлөл гэж байгуулагдаад Н.Чинбатад холбооныхоо тэргүүн болооч гэсэн хүсэлт тавьсан гэдэг байх аа?

-Монгол Улсын арван аваргын зургаа нь гарын үсэг зураад санал тавьсан гэхээр асуудал хэр хурцадсаныг харуулж байгаа хэрэг л дээ. МҮБХ-ны энэ их хууль бус үйл ажиллагааг зохицуулах хүн нь та гэсэн агуулгатай бичиг хүртэл бий. Их эеийн хурлаар Н.Чинбат гэдэг хүний нэрийг дэвшүүлээд сонгосон түүхтэй юм. Хурлыг Н.Чинбат болон Н.Чинбатын талынхан зохион байгуулаагүй. Увсынхан ч зохион байгуулаагүй. Би түрүүн хэлсэн шүү дээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2002-2003 оны гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Өөр ямар ч зүйлт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хурлыг нь хийлгүүлж Н.Чинбат гэдэг хүн МҮБХ-ны тэргүүнээр өнгөрсөн оны тавдугаар сард сонгогдсон ч жил орчмын хугацаанд Р.Нямдорж мөн л шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

-Б.Бат-Эрдэнэ аваргад хууль зөрчиж байгааг нь бөхчүүдийн зүгээс хэлсэн удаа бий юу?

-Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж байна. 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдөр гарсан юм. МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2017 оны зургадугаар сарын 22-ны өдрийн Их эеийн хурал зарласан тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдох тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг МҮБХ-нд даалгасан. Өөрөөр хэлбэл наймдугаар Их эеийн хуралдааныг явуулж болохгүй гэдэг дээр шүүхийн захирамж гарчихсан. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аварга энэ захирамжийг зөрчөөд Их эе зарлаж тэргүүн нь болсон. Эндээс харахаар Бат-Эрдэнэ аварга өмнө дурдсан зургаан удаагийн шүүхийн шийдвэрийг зөрчсөний зэрэгцээ дахиад шүүхийн захирамжийг зөрчсөн болж таарч байна. 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр бас л Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс захирамж гарсан. МҮБХ-ны ашиглаад байгаа тамга тэмдэг, гэрчилгээг ашиглахгүй байхыг МҮБХ-нд даалгасан юм. УИХ-ын гишүүн хүн нийт ард түмний эрх ашгийг хамгаалж хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллах ёстой. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аварга хуулиа дагахгүй байна л даа. Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан гурван шатны шүүхийн нийтдээ зургаан удаагийн шийдвэр, шүүхийн хоёр удаагийн захирамжуудыг уландаа гишгэж байна. Бөхчүүд очоод “Аварга аа та болиоч” гэхээр “Шүүгчээ аваад ир” гэдэг юм. “Шүүгч хүн яахаараа тантай ирж уулзах ёстой юм бэ” гэхээр “Тэгвэл өргөөд гаргачихаач” гэдэг. Хуулийн дор, шүүхийн шийдвэрийн дор амьдрахгүй л бол энэ нийгэмд эмх замбараагүй байдал бий болно шүү дээ. Дуртай нэгэн нь өөрийгөө тэргүүн, дарга гэж өргөмжлөөд явбал дэг журам гэдэг юм утгаа алдана.

-Бөхийн өргөөний удирдлагатай гэрээ байгуулж арга хэмжээ зохион байгуулах гэсэн хүмүүсийн эрх ашиг хүртэл зөрчигдөж байна. Энэ хүмүүс хаана хандаж гомдлоо барагдуулах ёстой вэ?

-Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хүмүүс хүчингүй болсон тамга тэмдэг, гэрчилгээ ашиглаад тэр хүмүүстэй гэрээ хийгээд байгаа нь буруу. Хүчингүй болчихсон тамга тэмдгээр гэрээ байгуулж төлбөр мөнгө аваад байгаа үйл ажиллагаа нь өөрөө хууль бус шүү дээ. Тэдэнд гомдол гаргаж хохирлоо барагдуулах хэрэгтэй.

-Та Монголын ард түмний хүндэлдэг бөхчүүдийн нэг. Монгол бөхтэй хамаатай асуудал бүр сэтгэлийг чинь зовоодог байх. Түрүүн таны дурдсанчлан начины найраа, допингийн бизнес хэрээс хэтэрсэн гэж бөхчүүд өөр зуураа санаа зовон ярьцгаадаг юм билээ. Үнэн бол асар их мөнгөний асуудал Бөхийн өргөө гэсэн халхавчны цаана байгаа юм биш үү?

-Допингийн үндэсний төвийн дарга нь “Аварга” дээд сургуулийн орлогч захирал Сүхбат гэж хүн бий. Энхсанаа гэж хүн энэ төвийн эмчээр ажилладаг. Сүхбат гэдэг хүний шавь. Энхсанаагийн нөхөр Энх-Амгалангийн төрсөн дүү Хайдавдорж гэдэг хүн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Яагаад заавал Бат-Эрдэнэ аваргын “Аварга” дээд сургуулийн ажилтан, удирдлагууд ах дүү нараараа допингийн асуудлыг бариад байна вэ. Энэ бол эргэлзэж, хардахаас аргагүй асуудал. Цаана нь асар их мөнгө эргэлддэг гэж л сонссон доо.

-Энэ асуудал цаашдаа ер нь яаж шийдэгдэх бол?

-Албан ёсны холбоо нь албаны ёсны байрандаа үйл ажиллагаа явуулах л болно. Цагдаагийн байгууллага хууль бус энэ үйл ажиллагаагаа зогсооно гэж найдаж байна.


Categories
мэдээ нийгэм

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

07.30 цагт МҮХАҮТ-д “Өглөөний цай” уулзалтад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцоно.

08.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Залилах гэмт хэргийн өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх арга замууд” зөвлөгөөн болно.

08.30 цагт Туушин зочид буудалд “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан” болно.

10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл Экспо” салбарт Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авна.

12.00 цагт “Peace Tower”-т Иргэний нийгмийн байгууллагууд хамтран “ИХ ЦААЗ”-ын төсөл боловсруулсан талаар мэдээлэл хийнэ. Утас: 99772722, 99049323

12.00 цагт Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд энэ оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны дүнг танилцуулна.

12.00 цагт Монголын уран зургийн галерейд найруулагч Б.Баярын “Хаданд мөнхөрсөн урлаг: Монголын сая өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны байранд энэ оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны дүнг танилцуулна.

16.00 цагт “Holiday Inn” зочид буудалд хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтэд зөв ойлголт, мэдээлэл өгөх сургагч багш бэлтгэх зорилго бүхий “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал”-ын сургалтын хаалтын ажиллагаа болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “В” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

12.00 цагт Иргэний танхимд Ерөнхийлөгчийн Соёл Шашны бодлогын зөвлөх Ц.Хулан Монгол Улсын соёлын хосгүй үнэт өвийг улсын хилээр гаргахгүй байх талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Иргэд зарим шүүгчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Морин уралдааны уламжлал, шинэчлэл хөдөлгөөн”-өөс Монгол уяачдын улсын чуулганыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс олон улсад зөвшөөрөгдөөгүй хүүхдийн вакцины туршилтыг Монгол Улсад явуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос чанаргүй шатахуун импортлогчдын талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Байтаг Богдын тулаанд оролцсон түрүүч Чойжингийн охин Оюунгэрэл: Шуудангийн онгоц очоогүй бол тэр тулаанаас амьд хүн нэг ч үлдэхгүй байсан

Ч.Оюунгэрэл “Маш нууц” кинонд өвөөгийнхөө дүрийг бүтээсэн хүү Төгөлдөрийн хамт. 2018.04.12-нд

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

1948 оны долдугаар сарын 8-ны өглөө Дамжигийн II сумангийн дарга Мадригаас үүрэг авч авч гарсан заставын хилийн манаанд улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар удирдуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа хүн хүчээр 13 дахин их дайсантай тулалдсан баатарлаг хилчдийн түүх домог болон үлдсэн билээ. Дайсантай баатарлагаар тулалдан амь үрэгдсэн Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Бэгзийн Гиваан, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Баянбалын Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат Лхүнровын Даваадорж нарт БНМАУ-ын баатар цолыг нэхэн олгосон бөгөөд Булган аймгийн Хутаг сумын харьяат ахлах дэслэгч Гомбожавын Хаянхирваа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Найдангийн Дандархайдав, мөн аймгийн Сонгино сумын харьяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Түвшингийн Баян нарыг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор, Баянхонгор аймгийн Мандал сумын харьяат хилчин Доржийн Чойжин, мөн аймгийн Богд сумын харьяат Лувсангийн Гончигзэгвэ нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Сумандаа богино хугацаанд хэл хүргэсэн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат хилчин Чойжилсүрэнгийн Пэлжээг Байлдааны медалиар тус тус нэхэн шагнажээ.

Байтаг Богдын арван баатрын нэг түрүүч Доржийн Чойжингийн охин Ч.Оюунгэрэлтэй уулзаж ярилцлаа.


-Байтагийн арван баатрын алдарт тулааны тухай Монгол Улсын түүхэнд тодорхой дурдсан байдаг. Аав тань энэ тулалдааны талаар юу ярьдаг байсан бол?

-Миний аав Доржийн Чойжин хуучнаар Сайн ноён хан аймгийн Дашдоо гүний хошуу Чин сүжигт Номун ханы шавь, Дархан гүний хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын дөрөвдүгээр багийн нутаг Өвөр тээл гэдэг газар 1925 онд төрсөн хүн байлаа. Аав маань 1946 онд ардын цэрэгт татагдаж Зүүн хязгаарт Монгол Улсын баатар Чогдон гуайн удирдлагад 24 дүгээр отрядад цэргийн алба хааж эхэлсэн. Энд бага даргын курст сууж, түрүүч цолтой болоод байж байтал Баруун хил хязгаарын байдал түгшүүртэй болсон гэсэн тушаал ирсэн учир Дамжиг усны заставт алба хаахаар хэсэг нөхдийн хамт очсон.

Тэнд Мадриг, Зонров, Ванчин, Хаянхирваа гэх мэт дарга нарын удирдлага дор албаа хааж байж. 1947 онд хилийн манаанд гарахдаа дайсны амьд хэл барьж “Онц хилчин” цол хүртсэн байдаг. 1948 оны долдугаар сарын тэр тулгаралт чинь Ардын хувьсгалын 27 жилийн ой болох гэж байсан үеэр гарсан. Тэр үеэр хилийн зөрчил гарч магадгүй гэсэн болгоомжлол байсан учраас отрядаас хүч нэмэгдүүлж арван хүнийг долдугаар сарын 5-ны өдөр гаргасан юм билээ. Тэрнээс өмнө нь цөөхөн хүн гаргадаг байж. Тавны өдөр гарсан манай гурав хоног хилээ манасан. 8-ны өглөө үүр хаяарч байтал Байтаг Богдын Бүдүүн харгайтын голоос ус авч котелдоо цай чанаж байж. Хоёр нь харуулд гараад байснаа дайсан ирлээ гэж дохио өгснөөр юун цай уухтай манатай юм болж. Бүдүүн харгайтын голын усанд адууны нойтон хомоол урсаж ирж байсан нь дайсан этгээд ойрхон ирсэн байх магадлалтайг харуулж байж л дээ.

-Тэгээд цай цүй ч ууж амжилгүй л тулалдаж эхэлсэн юм байх даа?

-Улс төрийн орлогч Хаянхирваа байлдагчдаа гурав гурваар нь хуваан байрлуулаад Пэлжээ гуайг Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан холбоо бариулахаар явуулсан юм билээ. Би хожим Хаянхирваа гуайтай зөндөө уулзаж байсан. Аав тэдний яриагаар өглөөний 08 цагт тулаан эхэлсэн байдаг. Хаянхирваа гуайд цаг байсан юм билээ. Бүтэн гурван цаг тулалдсан байдаг. Эхлээд дайсны тоо толгойг тоолтол 135-140 хүргээд тоогоо алдаж. Нөгөөдүүл нь байраа эзлээд давшаад байсан учир тоолохоо байхаас ч аргагүй болж. Аав эдэнд миномёт гэдэг буу ганцхан ширхэг байсан.

Тэгэхэд нөгөө талд их олон байсан гэдэг. Жамьян генералаас 1998 оны дөрөвдүгээр сард бичиж авсан дуртатгалд “Дайсны хүч тэнцвэргүй тулаанд гурван цаг барьж, зургаан хилчин газар дээрээ амь үрэгдэж, нэг нь холбоо барихаар явж, үлдсэн гурав нь байлдах чадваргүй болтлоо амь тэмцэн тулалдсан” гэсэн байгаа. Яагаад амь нь тэмцсэн гэхээр винтовных нь сум нь дуусан, тэр өдрийн нарны халууныг хэлэх үү, дарийн утааны тоос тортог хоолой ам руу нь ороод маш хэцүү байдалд орсон байдаг. Дайсны хамгийн гол зорилго нь амьд хэл барих зорилготой байж. Тухайн үед улсын хил тогтоогоогүй байсан юм билээ. Тиймээс наашаа болж л өгвөл хилийн постыг сунгах сонирхолтой байсан.

-Бүх сумаа буудаад дуусчихсан байж гэнэ үү?

-Бүх сум нь дуусаад ганц гранат л үлдсэн юм билээ. Хаянхирваа гуай, Гончигзэгвэ хилчин, аав гурав дайснууд шаваад ирвэл тэсэлье гээд аваад үлдсэн гэдэг. Дайснууд ч сум дууссаныг мэдээд барихаар дөхөж ирж. Хаянхирваа гуай “Өндөрлөг дээрээс харахад манайхан ирж явах шиг тоос татаж байсан. Бидэнд ч тийм горьдлого төрж байсан. Гэтэл нөгөө бараа алга болсон. Харин азаар манай нэг онгоц нисэж ирсэн. Тэр онгоц нисээд ирэхэд дайснууд цэргийн цогцос, буу зэвсгээ аваад зугтаасан” гэсэн. Хэрвээ тэр онгоц нисээгүй бол өнөөдөр би ч гэсэн ингээд ярьж суухгүй, тэр арван хүн юу болсныг ч мэдэхгүй өнгөрөх л байсан байх. Тэр ч бүү хэл дайснууд бүр наашаа орж ирээд Байтаг Богд гэдэг уул хилийн цаана үлдчихсэн ч байж магадгүй байсан юм билээ. Отряд дээр очсон шуудангийн онгоцыг л эргүүлээр нисгэсэн нь тэр. Отряд дээр гэхэд байлдааны бэлэн байдалд байгаагүй байсан юм шиг байгаа юм. Давхиад очиход бэлэн биш байсан учраас юу ч гэсэн онгоц нисгэсэн юм байна гэж ойлгогдсон.

Д.Чойжингийн гэр бүл. 1971 он

-Тийм аюултай тулгарсан танай аав болон Хаянхирваа, Гончигзэгвэ нарыг эх орноосоо бараг урвасан гэх хэрэгт далаад онд буруутгаж байсан гэл үү?

-Тэр байлдаан болсны дараа хамгийн анх очсон Жамьян генералын үгийг голтой юм байна гэж боддог. Жамьян генерал гурав хоногийн дараа сургагч оростойгоо очсон. Тэр орос нь зураг аваад үнэхээр хүч тэнцвэргүй тулгаралт болсон юм байна гэж дүгнэсэн юм билээ. Зонров нарын отрядын дарга нар нь маргааш нь очсон байдаг. Азаар л тэр онгоц очсоноор дайснууд зугтсан болохоос биш бүгд л амь үрэгдэх байж дээ. Бид чинь ааваас есүүлээ. Бидний энэ хорвоод ирэх хувь ерөөл л аавыг минь амьд мэнд үлдээж гэж боддог юм. Нөгөө үлдсэн ганц гранат нь ч дэлбэрээгүй юм гэсэн.

-Ёстой л ус уух хувь байж дээ?

-Хаянхирваа гуайн дурсамжинд энэ тухай тодорхой байгаа. Дайснуудынх нь шидсэн гранат ч бас дэлбэрээгүй гэсэн. Жамьян генерал шинжилгээ хийхээр ирээд “Энэ гранат дэлбэрсэн бол тулаанд орсон хүнээс нэг нь ч амьд үлдэхгүй байж” гэсэн байдаг. Онгоц, гранат хоёр дээр цэргийн шинжээчид их маргадаг. Далаад онд Цэдэн-Иш генерал нэг ном гаргаснаас хойш улам их маргалдах болсон. Байтаг Богдын тулгаралтын тавин жилийн ой 1998 онд боллоо. Тэр үед Хаянхирваа гуайн өргөмөл охин Алтанцэцэг бид хоёр Гончигзэгвэ гуайн цахилгаан станцт ажилладаг нэг хүүг олж аваад Ерөнхийлөгчид захидал бичсэн. 1988 онд Байтагт арван баатрын хөшөө босгосон тухай “Эх орны манаа” сонин дээр гарсан чинь л Цэдэн-Иш гуай чинь “Баатар цол горьдоод хэрэггүй” энэ тэр гээд янз бүрийн юм бичээд эхэлсэн. Хаянхирваа гуай чинь тэр үед хоолой нь хяхатнаад ярьж чадахаа больчихсон байсан учир надад хамаг юмаа бичиж өгсөн нь энд байна. (Жамьян генерал, Хаянхирваа нарын гар бичмэл баахан баримт үзүүлэв. сур)

-Дайнд орсон хүний сэтгэл санааны байдал их хэцүү байдаг гэдэг. Аав чинь тэр байлдаанаас биедээ шарх сорви авсан байв уу?

-Аав тухайн үедээ зүүн мөрнийхөө булчинг сэт буудуулсан шархтай байсан. Сумны сэтэрхий байдаг байлаа. Хамгийн гол нь улаан хоолойн түлэгдэлт. Жамьян генералын бичсэн зүйл энд байна. “Анх Батын Дулмааг хүмүүсээ аваад туслах хүчээр очиход амьд үлдсэн Хаянхирваа, Чойжин, Гончигзэгвэ гурав ярьж чадахгүй, ус балгаад залгиж чадахгүй хамраар нь гараад байсан. Энэ бол дарийн утаанд улаан хоолой нь түлэгдчихсэн байсан гэсэн үг. Нэг ёсондоо манай аав болон тэд бүгд улаан хоолойн хавдраар өнгөрч буйн учир энэ. Одоо ганц үлдсэн Хаянхирваа ярьж чадахгүй байгаа. Бүдүүн Харгайт гол дээр тэднийг авч очиж усанд толгойг нь дүрж баймааж ус залгисан” гэж бичиж үлдээсэн. Байдал ийм л байсан юм билээ. Амьд үлдсэн гурван хүн чинь гурвуулаа улаан хоолойн хавдраар өнгөрсөн. Отрядын штаб холбоочноос мэдээ аваад Бодончийн отрядын агаарт нисэх онгоц хөөргөсөн гэдэг. Энэ онгоцыг хөөргөсөн, хөөргөөгүй гээд одоо хүртэл маргаад байдаг юм билээ.

Жамьян генерал “Онгоц хөөргөхөд манай гурвыг барих гэж улайрч байсан дайснууд айн сандарч ухран зугтааснаар гурван хилчин амьд үлджээ” гэж бичсэн байгаа. “Дотоод яамны цэргийн хэрэг эрхэлсэн орлогч сайд бөгөөд Хязгаарын ба дотоодын цэргийн удирдах газрын дарга Жамьян миний бие өөрийн сургагч Сметанин болон бусад мэргэжилтэн офицеруудын хамт очиход алагдсан хилчдийн цус ч хатаагүй байсан юм шүү. Хоёр өдөр шинжлэн судлаад 43 цуст цэг илрүүлэн, чулуу босгон тэмдэг байсан юм” гэж гараар бичиж өгсөн нь энэ байна. Сургагч Сметянин зургийг авч, альбом хийн дарга нарт танилцуулж байсан гэнэ ээ. “Мөн Зонров, Жамьян нарын тус Хязгаарын газраас тус отрядад ажиллаж байсан мэргэжлийн олон офицер, бага дарга нарын хамт очсон. Тэгтэл энэ тулааны талаар Базарын Цэдэн-Ишийн ойлголт хачирхалтай. Холын холоос сурвалжтай мэт ойлгогддог гэж комиссын дарга Самбуу гуай хэлж байсан юм шүү” гэж асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг олныг тавин цохон тэмдэглэсэн байгаа биз.

Хилийн цэргийн штабт ажиллаж байгаад Гадаад яамны консулын даргаар очиж, улмаар Хятадад Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад ирснийхээ дараа Байтагийн энэхүү тулгаралт мөргөлдөөнийг онцгойлон анхаарч, үйл явдлаас хорин жилийн дараа газар дээр нь очин амь эрсдэгсдийг нь гавьяатан, амьд үлдэгсдийг нь урвагч хохирогч болгосон. Энэ бол гүтгэлэг. Үүнийг ард түмэн олон баримтаар нотолсон. Одоо та нарын гол зорилго бол Ерөнхийлөгчид захидал бичих” гэж бидэнд ерэн найман онд бичиж өгч байсан. Жамьян гуайнх Мэргэжилтний хорь буюу “Мөнгөн завьяа” дэлгүүртэй байрны хоёрдугаар давхарт байлаа. Арвай генерал эдэнтэй уулзаад бид их хөөцөлдсөөн. “Танай аавууд баатрууд шүү” л гэдэг байсан. Хэзээ нэг цагт цагаадна шүү гэж байлаа.

-Эх орныхоо төлөө тулалдчихаад урвагч гэж хэлүүлэхээр ч хэнд ч гунигтай л түүх юм даа?

-Үнэхээр хэлмэгдсэн. Аав маань цэргээс халагдаж ирээд ээжтэй 1950 онд суугаад арван нэгэн хүүхэд төрүүлсэн. Хоёр нь багадаа бурхан болж, есөн хүүхэд нь хүн болсон.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголчууд уул, уснаасаа зугтааж амьдардаг

Дэлхийн хамгийн сэтгэл татам, үзэсгэлэнтэй, жуулчдыг ихээр татдаг суурин газруудыг хараад байхад бүгд уул, усандаа ойрхон төвлөрсөн байдаг. Хаана сайхан байгаль байна, тэнд хүн ард нь суурьшин тогтножээ. Нэг ёсондоо ийм байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт амьдрахад таатайн дээр эрүүл орчинтой болохоор сонгож амьдардаг. Харин монголчууд аль болох уул уснаасаа зугтааж, сум суурингаа байгуулсан байгаа юм. Нүүдэлчин түмний хувьд мал аж ахуй эрхэлж ирсэн уламжлалтай учир цэлгэр уудам талыг сорчилж төвхнөдөг. Энэ нь ч тэгээд бэлчээр, адуу малаа аргамжих талбай, малынхаа хойноос байнгын хараа гүйлгэх боломж, жилийн дөрвөн улиралд нүүж, суух зэргээ бодолцдогтой холбоотой юм.

Ингэж явсаар байгаад уул, ус, ой модноосоо дэндүү хөндийрсөн. Юун уул модондоо амьдрах нь битгий хэл “Лус савдагтай” гээд айж, зугтдаг шүү дээ. “Ойн савдаг догшин. Хамаагүй ойртох юм бол мал хунар, хүүхэд, хөгшидийг авдаг” гэсэн айдас, цээр монголчуудын ухамсарт гүн бат шингэжээ. “Мод огтолж, газар сэндийчиж, гол горхио сэвтүүлбэл уул, усны эзэн савдгууд хилэгнэнэ” гэсэн мухар сүсэг хүн ардыг байгалийн сайхнаас холдуулсаар ирсэн юм. Энэ мунхаглал явсаар байгаад уул ус руугаа хүн, амьтныг ч хавьтуулахаа байлаа. Үүний тод жишээ бол “Дархан цаазат”, “Төрийн тахилгат” гэсэн нэрийн дор уул, овоод руугаа ойртохыг хориглосон шийдвэрүүдээр илэрч байна. Дээрээс нь иргэний хөдөлгөөнүүдийн “Байгаль экологио хайрлан, хамгаална” гэсэн хийрхэл ч эсрэгээрээ ард иргэдийг уул уснаас улам зааглаж байгаа юм. Тэд энэ үйлдлээ зөвтгөж, одоо бүр Туул голын хөвөөнд хүн амьдарч болохгүй, Богд ууланд мал, амьтны хөл хүргэхгүй гэж туйлширцгаах боллоо.

Туулын хөвөөнд орон сууцны хороолол боссоноос болж улаан голыг нь тасдаж байгаа мэт шуугьж байна. Үнэндээ хавар цагийн ус татралт тэдгээр хорооллуудаас болно гэж юу байхав. Гачууртаас доош хоёр, гуравхан жижиг булаг, зүүн баруун Сэлбийн гол Туул руу нийлдэг. Одоо эдгээр гол бүгд л урсч байгаа. Өдийд ямар зунтай адил шаагьтал бороо орж, голын түвшин нэмэгдэнэ гэх биш. Туулын ус багассан нь хаврын улирал болон түүн рүү нийлж байгаа гол, горхины урсацтай л холбоотой байдаг. Дээрээс нь томоохон голууд тасарч, шургахдаа тулдаг нь тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдал, ган гачигаас үүдэлтэйг бүгд мэднэ. Шинжлэх ухаанчаар харах юм бол энэ зэрэг олон хүчин зүйл голын урсацад нөлөөлж байна. Ийм байхад Туулын хөвөөнд амьдарч байгаа айлуудыг буруутгах ямар ч боломжгүй шүү дээ. Тэнд гэр хороолол гэж байхгүй. Харин дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдсэн орон сууц, хотхонууд сүндэрлэсэн. Бохир нь газар доогуурх хоолойгоор гүйсээр шууд Төв цэвэрлэх байгууламж руу очдог. Туул гол руу цутгаж, бохирдуулах асуудал огт байхгүй.

Тэгэхээр Туулын эрэг орчмын хорооллуудаас болж гол ширгэсэн гэдэг нь худлаа юм. Агаарын бохирдол багатай энэ бүсэд мэдээж орон сууц илүү үнэтэй байдаг. Боломжтой, мөнгөтэй хүмүүс ихэвчлэн ийм л газарт амьдрахыг хүснэ. Гэтэл нийгмээрээ баячуудыг үзэн яддаг давлагааг иргэний хөдөлгөөнийнхөн өдөөж, Туул голыг иргэдээсээ харамлах юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд том, том хотууд голынхоо эргийг дагаж боссон байдаг. Ойрын жишээ гэхэд Москва хот байна. Европ тив дэх хамгийн томд тооцогддог энэ хот Москва голын эрэгт байршсан болохоор ингэж нэрлэсэн түүхтэй. Мөн Германы Некар голын хөндийд сунаж тогтсон Хайдэлбэрг хот байна. Аглаг ногоон ой модоор хүрээлүүлсэн энэ хотын дундуур Некар гол намуухан урсдаг нь амар амгалангийн орон мэт. Уулын энгэрт болоод голын эрэг дагуу баригдсан байшин барилгууд байгалийн үзэсгэлэнтэй өнгө хосолж, үлгэрийн ертөнцийг санагдуулдаг сан. Бас Белгийн Льеж хот байна. Модтой уулан дунд баригдсан барилга байгууламж дундуур төмөр зам, авто зам сүлжилдэн цогцлоосон байдаг. Энэ мэтчилэн уулын модон дотроо, голын эрэг дагаж суурьшин хөгжсөн дэлхийн том том хотуудыг дурдвал олон бий. Азийн улс орнууд тэр дундаа Солонгос, Хятадын хот, тосгод эрт цагаас ууландаа суурьшин амьдарч ирсэн түүхэн уламжлал ч бий. Тухайн он цагийнхаа дайн байлдаант нөхцөл байдал зэргээс шалтгаалж, хадархаг газар, өндөр ууланд төвхнөсөн тосгод ч байгаа. Одоо тэдгээр газрууд нь жуулчдын хөлд дарагддаг бүс нутаг болон хөгжиж байна.

Дэлхийн жишгээр бид Туул голоо дагаж хөгжихөөс гадна Богд уулынхаа ам болгонд суурьшлын бүс байгуулах хэрэгтэй. Хөндийнүүдээр нь хотууд сүндэрлэж, хүн ардынхаа амар тайван амьдрах бүс болгож яагаад болохгүй гэж. Энэ хотуудаа төвлөрсөн шугам сүлжээ, зам гүүр гээд дэд бүтцээр холбож хөгжүүлье. Ууландаа дугуйн болон явган хүний зам тойруулан барьж, тэр дагуу төвлөрсөн бие засах газар, үзвэр үйлчилгээний төвүүдийг байгуулах юм бол ард түмэн байгаль дэлхийтэйгээ улам ойртож чадна. Ингэж амьдарч байж бид уул, усаа хамгаалж, онгон дагшиныг нь хүртэл мэдэрнэ. Ер нь хүн хэрэглэж байгаа зүйлдээ гамтай ханддаг шүү дээ. Үүнтэй адил бид байгальдаа ойр амьдрах тусам хайрлан хамгаалах сэтгэлтэй болно. Гэтэл манайхан уул, усаа зураг мэт хөндлөнгөөс харж байх ёстой юм шиг хавьтуулдаггүй. Бид өргөн уудам нутагтай, байгалийн үзэсгэлэн цогцолсон оронд амьдарч байгаа гэж цээжээ дэлдээд байдаг хэрнээ тэр сайхныг нь үнэндээ мэдэрч, хүртэж, очиж чадахгүй байгаа нь эмгэнэл юм. Яг л ил захидал уншиж байгаагаас өөрцгүй байна. Ил захидлыг хүн эхнээс нь дуустал уншчихаад ураад л хаячихдаг шүү дээ. Үүнтэй адил уул, уснаасаа зугтаах тусам хэн нэгэн газрыг нь ухаж төнхөчсөн ч үхэн хатан тэмцэж чадахгүй. Ирээдүй хойчдоо “Тэр уулыг ухаад дууссан юм гэсэн. Энэ гол нь ширгэчихсэн байна лээ” гэж ярихаас цаашгүй. Харин уул, устай ойр амьдарснаар ядаж л эзэн суухаас гадна ан амьтад нь хүртэл хүнд дасдаг.

Дэлхий дахин байгаль экологитойгоо түшилцэн хөгжиж байна. Тэгвэл бид ой модоо эзэнгүйтүүлж, хар буруу санаатнууд хөндийлөх үүр болгож хувиргаад байгаа юм. Тийм болохоор байгальдаа ханддаг нүүдэлчин сэтгэлгээнээсээ салж, Богд ууландаа шигдэн амьдарч, Туул голоо дагуулж хотоо хөгжүүлмээр байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Монголчууд архийг мөнгөнөөс илүү үнэт зүйл гэж үздэг үү” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ымягмар гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы Баримт үйл явдал нүүрт “Монголчууд архийг мөнгөнөөс илүү үнэт зүйл гэж үздэг үү” хэмээн өгүүлжээ

Л.Гантөмөр: Ч.Сайханбилэгийн зарчмыг буруутгаж эрүүгийн хуулиар шалгаж байгаа нь харамсалтай хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна

Улс төр нүүрт Д.Цогтбаатар: Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавилаа хэмээн өгүүлжээ.

“Өдрийг сонин”-ы “Баримт үйл явдал” нүүрт Н.Чулуунжав: Сонгинохайрхан дүүрэгт хүн амины болон хүчингийн хэрэг зонхилж байна хэмээн ярьжээ.

Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг Засгийн газрын гишүүнээс огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Улс төр” нүүрт Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан намын гишүүдийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхийг зөвшөөрөхгүй” хэмээн өгүүлжээ

Өмнөд Солонгос ухуулга, сурталчилгаагаа түр зогсоожээ хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ

“Эмч” буланд Б.Мөнхжаргал: Аутизмын эмгэгийг засах сэтгэц заслын аргууд бий хэмээн ярьсан байна

С.Дарамсүрэн: Монгол бөхийн дархан аваргууд маань маргаанд оролцож тэмцэлдэж байгаа нь харамсалтай хэмээн “Дэвжээ” буланд өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы “Үйл явдал” нүүрт Хөлбөмбөгийн дэлхийн аваргын “Алтан цом” анх удаагаа Монголд ирлээ хэмээн өгүүлсэн байна

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит “Эрдэнэс алт ресурс” компани байгуулагдав

“Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Алт 2” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн 100%-ийн эзэмшил дор “Эрдэнэс алт ресурс” компанийг байгууллаа. Шинээр байгуулагдсан тус компанийн Гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилсон байна.

“Эрдэнэс алт ресурс” компани нь Монгол улсын нутаг дэвсгэрт үнэт метал эрэл, хайгуул, олборлолт, цэвэршүүлэх, борлуулах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.

Өөрөөр хэлбэл, геологи хайгуулын ажил гүйцэтгэж улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлж, олборлолтын хэмжээг өсгөх, үнэт металыг олон улсын стандартын дагуу дотооддоо цэвэршүүлж, эрдсийн санг арвижуулан, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлснээр Монгол улсын зээлжих зэрэглэлийг өсгөх томоохон зорилтын хүрээнд “Эрдэнэс алт ресурс” компанийг байгуулжээ.

Categories
мэдээ спорт

Жюү жицүгийн дэлхийн хүүхдийн их наадамд манай тамирчид амжилттай оролцож байна

Жюү жицүгийн дэлхийн хүүхдийн их наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчдаас зургаан настай А.Хүслэн хамгийн залуу дэлхийн аварга болжээ.

Тэрбээр Kids-2 ангиллын 23 кг-д алтан медаль хүртжээ. Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон уг тэмцээнд дэлхийн 1000 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Манай улсаас 30 тамирчин оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар 17 алт, 7 мөнгө, 8 хүрэл медаль хүртээд байна.

Тухайлбал, “Garuda” клубын тамирчид болох төрсөн ах дүү Б.Алтан-Эрдэнэ, Б.Ган-Эрдэнэ нар алт, мөнгөн медаль, “MONDE BJJ” клубын тамирчин Ж.Цэгмид мөнгөн медаль, Сэлэнгэ аймгийн “Шинэ Бадрах” дэвжээний тамирчин З.Содбилэг алт, цагаан бүсний ангилалд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний М2 ангиллын 77 кг-д Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний 62 кг-д Хилчин спорт хороо, Гаруда клубын тамирчин Г.Монголжин хүрэл, охидын шар бүсний Т.Ариунзаяа алтан медаль, Х.Нандин-Эрдэнэ алт, С.Энхбулаг мөнгөн медаль хүртжээ.

Одоогийн байдлаар өсвөрийн ДАШТ явагдаж бол 24-ний өдрөөс насанд хүрэгчдийн буюу мэргэжлийн тамирчдын тэмцээн эхлэх юм.