Categories
мэдээ нийгэм

Хотын дарга “Ган хийц” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнгөрөгч амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хороонд ажиллаж иргэдтэй уулзсан. Энэ үеэрээ тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ган хийц” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Ган хийц” ХК нь үйл ажиллагаагаа эхлээд 32 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд нийслэл болон хөдөө орон нутагт 250 гаруй барилга байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Компанийн зүгээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар дулааны алдагдалгүй барилгын материал, галд тэсвэртэй хөөсөнцөр хавтан, түлшний хэмнэлттэй, утаа багасгах европ стандартын “Бокра” яндангийн төхөөрөмж, “Ган хийц” бүрэн шаталттай зуух үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх зорилгоор ажиллаж байгаагаа ерөнхий захирал М.Даваасүрэн хотын удирдлагуудад танилцууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Ажиллах хүч мэргэжилтэн авах тухай асуудлуудыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гаригийн 13:00 цагаас хуралддаг байсныг уг өдрийн өглөөний 08:00 цагт хуралдаж байхаар болгож товыг шинэчилсэн байна. Шинэчилсэн товын дагуу яг одоо Засгийн газрын хуралдаан үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээлэгчийн эрх, үүргийг шилжүүлэх тухай, Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай, Ажиллах хүч мэргэжилтэн авах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сумдад статистикчийн орон тоог нэмэх шаардлагагүй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Уг төслөөр сум, хороодод статистикийн мэргэжилтний орон тоо бий болгох, хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор МУИС-д Статитикчийн мэргэжилтний анги нээх асуудлыг тусгажээ. Энэ хүрээнд төсөв, санхүүгийн зардлыг ч гаргах юм байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт тавив.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Статистик тоо мэдээлэл үнэн зөв гардаг байхыг хүсч байна. Засгийн газар, төрийн захиргааны байгууллагуудын ажлын үнэлэлт дандаа 90 гаруй хувьтай гардаг. Орчин үед тоон мэдээллийг хаанаас ч авч болно. Хүн ам, малыг тоолдог. Орон сууцыг тоолох шаардлага байхгүй. Ихэнх нь хувийн өмчид шилжсэн. Үүнийг ҮСГ-аас авах шаардлага байхгүй гэж үзэж байна. Гаргасан тоон мэдээлэл нь эдийн засгийн үр нөлөөтэй шийдвэр гаргахад нөлөөлдөг байх хэрэгтэй. Цаашдаа үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулахгүй бол шаардлага хангахгүй байгаа. ЖДҮ-ийн тухай хуулийг гаргахад ҮСГ-ын тоон мэдээлэл шаардлага хангахгүй байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Бид УИХ-д статистикийн газрын тайланг сонсоод үүрэг чиглэл өгсөн. Ажилгүйдэл нэмэгдсэн үү, төрийн албаны тоо хэдээр нэмсэн гэдэг тоо гаргах гэхээр санхүүжилт дутдаг гэж хэлж байсан. Орон тоо бий болгох гэсэн асуудал тулаад ирсэн байна. Макро эдийн засгийн гол гол үзүүлэлтийг гаргах гаргахад төсөв хэрэгтэй гэсэн. Салбарын мэргэжилтнүүдийн хэлснээр орон тоондоо бус салбарын санхүүжилтийг нь татан буулгасан гэж байсан.

Ийнхүү гишүүд саналаа хэлж байна. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ цаг-үе

Мөнхийн хөршийн мөнхийн гомдол

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Орос явлаа. Монголын асуудал хариуцдаг олон хүнтэй уулзлаа. Оросын Гадаад явдлын яам, Үндэсний аюулгүйн зөвлөл, Стратеги судлалын төв, Үндэсний аюулгүй бодлогын дээд сургууль гэх мэт. Нэгэнт миний бие төрд ажилладаггүй, засгийг төлөөлөх эрхгүй учир цэвэр хөндлөнгийн ажиглагч, бие даасан шинжээчийн хувиар урилгаар очсон юм. Ингэснээр шинэ, хуучин Оросын бодлогыг харьцуулж үзэх бололцоо гарсан. Мөнхийн хөрш, саяхан болтол салшгүй ах дүү гэж явсан нөхөд маань бидний тухай мөн ч мөчид ойлголттой байдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө. Учир нь миний уулзсан хүмүүс чухам Монголын асуудлаар ажиллаж бодлого боловсруулж түүнийхээ төлөө цалинждаг товарищууд шүү дээ. Хэн нь ч ердийн нэг тохиолдлын иргэн биш, юу дуртайгаа ярьдаг сэтгүүлч биш, чөлөөт уран бүтээлч биш, эрдэмтэн судлаач ч биш, яг л хоёр орны харилцааны асуудал хариуцсан мэргэжлийн, нас тогтсон, буурь суурьтай хүмүүс. Тэдний олсон мэдээлэл, ойлголт дээр үндэслэж Орос улсын Монгол руу хандсан бодлого тодорхойлогдоно. Ийм учраас зүгээр нэг тоглоом биш шүү.

Хөршүүд биенээ зөв ойлголцох нь аль алиных нь эрх ашигт сайнаар тусна. Хүчний байр сууринаас хандах, хий хардах, гомдоллох, тулган шаардах, дээрэлхэх зэрэг нь юутай ч эрх тэгш хамтын ажиллагаа биш. Харин ч энэ нь далдуур дайсагнал төрүүлж нийтлэг эрх ашгийг хохирооно. Ийм учраас аль аль тал биендээ мэдээллээ түргэн шуурхай ил тод өгч харилцан итгэлээ бэхжүүлэх нь маш чухал тулгамдсан асуудал болсон юм байна гэж ойлголоо. Үл ойлголцол, үл итгэлцэл ямархуу төвшинд байгааг харуулахын тулд Монголоор мэргэшиж, Монголд хандах бодлогын суурийг боловсруулдаг хүмүүсийн асуулт, гомдлыг сийрүүлж, бодит байдал дээр ямархуу байдалтай байгааг араас нь тайлбарлаад явъя. Эдгээр асуулт бол зөвхөн Монголоор мэргэшиж Монголын асуудлын хариуцсан хариуцлагатай хүмүүсийн бидэнд тавьж гоморхсон “албан ёсны” асуулга ба хариулт шүү.

-Хятад Монголын цэргийн хамтарсан сургууль саяхан болж өнгөрлөө. Энэ хамтарсан сургуулилтын үр дүнг юу гэж үзэж байна.

-Хятад Монголын цэргийн хамтын ажиллагаа тэр дундаа хээрийн сургуулилт огт болж байгаагүй. Харин саяхан Орос Монголын цэргийн хээрийн сургууль дөрөв дэх удаагаа болж өнгөрлөө. Өнгөрсөн жил батлагдсан Оросын үндэсний аюулгүй бодлогын хуульд Оросын эрх ашиг хөндөгдвөл гадаад оронд цэргийн хүч хэрэглэхийг зөвшөөрсөн хууль гаргасан. Эрх ашиг хөндөгдөх нь чухам юугаар хэмжигдэхийг тодорхой заагаагүй.

-Монголд 100 шатахүүн түгээгүүр барих саналыг хүлээж аваагүй. Гэтэл Солонгосын шатахуун түгээгүүр Монголд хэдэн зуу бий.

-Монголд 100 шатахуун түгээх станц барих асуудлыг Оросын Ерөнхийлөгчийн төвшинд санал болгосон нь үнэн. Гэхдээ үүнийг Монголын парламент хүлээж аваагүй. Уг нь үүнд болохгүй юм үгүй. Учир нь Оросоос 100 хувь хамааралтай шатахууны зах зээлд өнгөрсөн хаврынх шиг гэнэтийн хомсдол үүсэх магадлал багасах учиртай. Харин Солонгосын байтугай ерөөс гадаадын түгээх станц Монголд ганц ч байхгүй.

-Хятадууд Хонконгийн дэргэд Шинжин хотыг барьж хөгжүүлээд өөртөө нэгтгэсэн. Жухайг Макаогийн дэргэд байгуулж хөгжүүлээд өөртөө нэгтгэсэн. Одоо Өвөр Монголыг их хөгжүүлж байна. Ингээд Монголыг удахгүй өөртөө нэгтгэнэ.

-Хятадаар айлгах, Орос Монголын харилцаанд Хятад Монголын харилцааг сөргүүлэн тавих, барьцаалах бодлого нь нэлээд урт удаан хугацааны уламжлалтай эд. Жухай, Шинжингүйгээр Хятад улс болно. Харин Өвөр Монголгүйгээр Хятадын өнөөгийн давшингуй хурд бололцоогүй юм. Өвөр Монгол нь Хятадын түүхий эдийн хамгийн том бааз. Бугат хот гэхэд дэлхийн хамгийн том төмөрлөгийн үйлдвэрлэлийн төв. Газрын ховор элементийн дэлхийн нөөцийн 80 хувь Өвөр Монголд бий. Нефть, нүүрс болон өөр эрчим хүчний эх үүсвэрээр Өвөр Монгол асар баян. Иймээс Өвөр Монголын хөгжил нь Монголыг өөртөө нэгтгэх гэхээсээ цаад өөр аргагүй учир шалтгаантай. Тэгээд ч Макао, Хонконг нь гадаадад олон жилээр түрээсэлж хугацаа нь дууссан Хятадын хууль ёсны нутаг болохоос хятадууд булааж авсан юм байхгүй. Монгол улсын тусгаар тогтнол 1946 онд Гоминданы, 1949 онд коммунист Хятадын засгаас бүрнээ хүлээн зөвшөөрөгдсөн ба ХХI зууны өнөөгийн дэлхийн олон улсын харилцаанд эзлэн түрэмгийлэх булаан эзлэх, булааж авах үйлдлийн тухай домог нь хэт туйлширсан үзэлтэн эсвэл нялх хүүхдэд л үнэмшилтэй сонстох болов уу.

-Оюутолгойд Орос улсыг шахан гадуурхаад оруулаагүй.

-Оюутолгойд Орос улс оролцох, хөрөнгө оруулах талаар ямар ч асуудал тавьж байгаагүй. Энэ ордыг Канадын компани нээж, хайгуулын лицензийг эзэмшиж байсан тул олон улсын жишгээр давуу талтай байх бүрэн үндэстэй. Уг ордын талбайн лицензийг Австралийн компани эзэмшиж байгаад буцааж өгсөн ба хэрэв Орос улс сонирхож байсан бол хэсэгтээ бүрнээ чөлөөтэй байсан.

-Шанхайн хамтын нийгэмлэгт Монгол элсэж өгөхгүй байна.

-Шанхайн хамтын нийгэмлэгт Монгол улс ажиглагчаар оролцдог. Энэ нийгэмлэгт Монгол улс шууд нэгдэн орохгүй байх хэд хэдэн шалтгаан бий. Юун түрүүн энэ байгууллага анх байгуулагдахдаа Орос, Хятадын хооронд шинээр буй болсон орнуудын хилийн асуудлыг зохицуулах явдлыг эн тэргүүнд тавьсан. Монгол нь 1997 оноос бүрэн хилийн диморкацитай болсон ба хөрш зэргэлдээ болон ер нь аль ч оронтой хилийн ямар ч маргаан байхгүй бүс нутаг дахь цорын ганц орон юм. Шанхайн хамтын нийгэмлэгийн өөр нэг голлон анхаарч байгаа асуудал нь лалын хэт даврагсад болон алан хядагчидтай тэмцэх чиглэл. Монгол нь иймэрхүү маргаанаас ангид оршдог. Уг нийгэмлэг сүүлийн үед цэргийн холбоотны шинжийг улам бүр олж байгаа. Монгол нь цэргийн аливаа эвсэл нэгдэлд үл нийлэн төвийг сахих бодлогыг албан ёсоор баримтлаад 20 гаруй жил болж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээнд энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоноор батлан хамгаалах, аюулгүй байдлаа хангах ил тод бодлоготой.

-Нармай Монголын үзэл Монголд их дэвэрч хөрш орнууддаа газар нутгийн маргаан үүсгэж магадгүй байна.

-Нармай Монгол хэмээх асуудал угаасаа Орос дахь буриад халимаг нараас үүдэлтэй. Энэ талаарх Оросын хардлага гомдол бараг 100 жил үргэлжилж байна. Гэтэл монголчуудын дунд энэ талаарх ойлголт ч байдаггүй, ийм бодлого явуулах нь байтугай ийм бодлого байдгийг ч ихэнх монголчууд дуулаагүй. 1919 онд Дагуурт болсон нармай Монголын их хуралд Гадаад Монгол хүнээ ч явуулаагүй, ийм бодлогыг эхнээсээ дуустал хэзээ ч дэмжиж байгаагүй. Сүүлийн үед Монгол туургатны, Дэлхийн монголчуудын, эсгий туургатны, алтай угсаатны зэрэг нэрээр янз бүрийн урлаг соёлын арга хэмжээ болж байгаад ямар ч улс төрийн, геополитикийн утга агуулга байхгүй. Аль ч үндэстэн иймэрхүү соёлын арга хэмжээ зохиодгийг хэн ч ингэж томруулан улс төрийн утга оруулан харддаггүй.

-Цөмийн хаягдал өөртөө агуулж хөрш орнууддаа хохирол учруулж байна.

-Цөмийн хаягдлыг Монголд булшлах гэж байгаа талаар сүүлийн үед их шуугих болсон нь юун түрүүн Монголын дотоод улс төрийн тэмцлээс үүдэлтэй. Цөмийн хаягдал Монголд булшлах, дамжуулан тээвэрлэх нь хэд хэдэн хуулиар хориотой. Улс төрийн шинэ хуваагдлаар буй болж байгаа бүлэглэлүүд биенээ буруутгаж яллахын тулд энэ талаар гарсан батлагдаагүй мэдээллийг өргөнөөр ашиглаж байгаа. Тэр байтугай зарим нь гадаад орнуудад хамаатан саднаараа элдэв эсэргүүцлийн жагсаал зохион байгуулуулж буй нь эргээд дотоодын улс төрийн тэмцэлд ашиглах зорилготой болно. Харин Монгол улс цөмийн технологийг хөгжүүлэх, ураан боловсруулах талаар хуулийн дагуу хөтөлбөр боловсруулж үүнд эхний ээлжинд жилд хоёр сая доллар зарцуулж байгаа нь Монголын өөрийнх нь асуудал юм. Арабын орнуудад шинээр баригдах гэж байгаа цөмийн станцуудад Монгол улс түлш бэлдэж нийлүүлэх талаар анхдагч яриа болсон нь өрсөлдөгч орнуудад нэлээд хардлага төрүүлж, Монголын дотоод улс төрийн тэмцлээс үүдэлтэй маргааныг улам дэвэргэж байгаа болно. Дэлхийн урааны нөөцийн хоёр хувийг агуулж байгаа, цаашдын судалгаагаар магадгүй 20 хувь хүрч болох том нөөцтэй учраас энэ бүхнийг олон улсын хараа хяналтын дор бусад орнуудтай хамтран ашиглах нь Монгол улсын эрх ашиг мөн. Цөмийн шаар булшлах маш ашигтай бизнест шинэ өрсөлдөгч гарч ирэхээс болгоомжилсон Оросын бодлого ч энд яваа. Учир нь оросууд Монголын хилээс холгүй шаар булшлах нэлээд том төвтэй. Монгол улс ураан боловсруулах, алив оронтой хамтран байгаа ураан дээрээ түшиглэн энх тайвны зорилгоор цөмийн станцын түлш бэлдэх, энэ талын өндөр технологи оруулж ирэх бүрэн эрхтэй. Саяхан Монгол улсын ерөнхийлөгч цөмийн хаягдал булшлах ямар ч асуудал байхгүйг нотлохын зэрэгцээ ирээдүйд Монголд үйлдвэрлэгдэх цөмийн станцын түлшийг гадаадад нийлүүлсэн тохиолдолд шаар хаягдлыг нь эргүүлж авахгүй гэдгээ илэрхийллээ. Монгол улс нутаг дэвсгэртээ цөмийн шаар булшлах ямар ч бодолгүй, энэ нь хуулиар маш тодорхой хориглогдсон болно.

-Монголын хүн амын 80 хувь нь орос кино үзэж, орос ном зохиол үзэх хүсэлтэй байдаг. Гэвч энэ бололцоог Монголын удирдлага олгодоггүй. Тэнд Оросын талыг баримтлагч улс төрч олдохоо больсон.

-Магадгүй энэ нь 1990 оноос өмнөх статистик байж болох юм. Сүүлийн хорин жилд Монголын гадаад харилцаа идэвхитэй хөгжиж дэлхийн хандлагатай нэлээд ойртлоо. Оросууд Монголыг мартаад хорь орчим жил болох хооронд ялангуяа залуучууд орос хэл, орос соёл урлагийг мэдэхгүй болсон. Одоо англи хэл суралцаж байгаа хүний тоо саяд хүрч байгаа ба, зөвхөн солонгос хэлээр ойлгох хүний тоо 100 мянгад хүрчээ. Гэвч монголчуудын Оросын хэл, утга зохиол, соёл, түүхийг сонирхох хандлага огт үгүй болчихоогүй. Бүх дэлхийн соёлын хандлага өрнөдийг чиглэсэн байдаг ба энэ хандлага Орост ч өөрт нь хүчтэй учир тэнд ялангуяа залуучуудын дунд өөрийн соёлд татах үзүүлэлт ч ийм өндөр хувь гарахгүй биз. Өрнөдийн соёлын нөлөө Монголд улам их өсч буй нь огтоос гажиг зүйл биш, дэлхий нийтээр тэдний соёл технологид татагдах үзэгдэл хавтгай байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд, аль улсын хөрөнгө оруулалтыг илүү таашаах вэ гэсэн асуултад 15 жилийн өмнө судалгаагаар хүн амын 70 хувь нь Оросынхыг илүүд үзэж байсан бол одоо Орос, АНУ, Япон гурав ижлээр тус болгондоо 30 хувьтай байна. Харин Оросын соёлыг боож хаах, нийтийн хүртээл болгохоос татгалзах явдал Монголд хэзээ ч гарч байгаагүй. Тэр дундаа өнөөгийн нийгмийн удирдлага нь Орос Зөвлөлтийн соёлын нөлөөнд төрж өссөн учир санагалзах дэмжих дэлгэрүүлэх илүү сонирхолтой байдаг. Оросын байтугай өөр ямар ч орны талыг баримталсан улс төрч байхыг Монголд төдийлөн сайшаахгүй болов уу. Монголын улс төрчид юун түрүүн Монголын талыг баримталдаг байх ёстой. Чухам тэр өнцгөөсөө бүх орнуудтай түүний дотор ялангуяа хоёр хөрштэйгээ дотно хамтын ажиллагаа, ойлголцлын төлөө байх ёстой. Монголд аль нэг орны талыг баримтлагч гэхээсээ мөнгөний талыг баримтлагч улс төрчид улам олширч буй нь харин тусдаа асуудал юм.

-Монгол Хятадын гаалийн жишиг тун тааламжтай байдаг, гэтэл Оростой ижил нөхцөл тавьдаггүй учир хоёр орны худалдаа жилээс жилд муудаж байна.

-Хорин жилийн өмнө Монголын гадаад худалдааны 97 хувь нь ЗХУ-д ноогддог байсан. Одоо гадаад худалдааны 46 хувь нь Хятадад ноогдож байгаа ба экспортын хувьд Орос нэлээд хойгуур байр эзлэх боллоо. 1.3 тэрбум долларын бүтээгдэхүүн худалдаж авч байгаа нь асар том хэмжээ, харин дөнгөж 100 сая долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлж чадаж байгаа нь худалдааны балансыг асар их алдагдуулж байна.

Зүүн Сибирь нь сүүлийн 100 гаруй жил Монголын махыг авдаг байснаа гааль тарифийн элдэв хясаа боолтоос болж бараг таг зогссон нь Монголын малын түүхий эдийн борлуултын зах зээлд хүчтэй цохилт өгсөн. Аль аль талдаа гаалийн хөнгөлөлт хялбарчлал хүссэн Монголын талын хорин жилийн хүчин чармайлт талаар өнгөрч байгаа. Энэ нь зөвхөн Оросын талаас хамаарч байгаа бэрхшээл юм. Монголчууд Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэх саналыг хөрш орны хувьд дэмжсэн. Харин оросууд Монголыг өөрийн шинээр бодож олсон гаалийн холбоонд орохыг шахан үүгээрээ барьцаалж хил гаалийн асуудлыг шийдэхээс татгалзаж байгаа. Энэхүү Оросоор толгойлуулсан гаалийн холбоонд Беларусь, Казахстан элссэнээр ямархуу бэрхшээл учирсан нь нүдэнд ил байна. Одоо энэ холбоонд шахалтаар элсэхээс өөр аргагүй болсон Украины байдал хоёр муугийн аль гайгүйг нь сонгохоос өөр аргагүй шахалтанд ороод байгаа.

-Гурав дахь хөршийн бодлого нь хоёр хөршдөө заналхийлсэн шинжийг агуулж байна.

-Гуравдахь хөршийн бодлого нь Монголын хувьд шинэ зүйл биш юм. Монголын анхны Ерөнхий сайд Намнансүрэн, Гадаад явдлын яамны сайд Ханддорж нар Санкт Петрбургт шөнө дөлөөр нуугдан зүс буруулж гуравдахь хөршийн эрэлд гүйж байсан өрөвдөлтэй төрх ч байдаг. МАХН-ын дарга Дамбадорж гурав дахь хөршийн эрэлд мордон энд тэнд холбоо тогтоосон хэрэгтээ Москвад дуудагдаад сураггүй болсон түүх ч бий. АНУ-тай дипломат харилцаа тогтоох гэсэн 1946, 1961, 1972 оны оролдлогууд Молотов, Громыко нарын эсэргүүцэлтэй тулан тас цохигдсон намтар ч бий. 1987 онд ЗХУ-ын ГЯЯ-ы сайд Шеверднадзе Улаанбаатарт ирж АНУ-тай дипломат харилцаатай болохыг зөвшөөрснөөр энэхүү дэлхийн хамгийн хүчирхэг гүрэнтэй холбоо тогтоох анхны бололцоо нээгдсэн. 1990 онд Монголд хамгийн түрүүн гарсан бодлогын шинжтэй өөрчлөлт нь Гадаад бодлого байлаа. Үүгээр дэлхийн бүх оронтой эрх тэгш харилцахын зэрэгцээ мөнхийн хоёр хөрштэйгээ нийтлэг эрх ашиг харилцан ашигтай байх нөхөрсөг хамтын ажиллагаатай харилцааг хөгжүүлнэ гэж заасан. Хоёр хөршөөр хүрээлэгдэж цаг үеийн байдлаас хамааран нутагт нь гарсан иргэний дайны халианд өртөх, аль нэгэнтэй нь дайсагнах, вассалийн харилцаанд орох зэрэг сүүлийн 300 жилийн гашуун туршлага дээр үндэслэн Гурав дахь хөршийн бодлого гэсэн шинэ зарчим тунхагласан. Нөлөөлөл, хөрөнгө оруулалт, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, худалдаа зэрэгт хоёр хөрштэй харилцах харилцаанд хүчний тэнцвэр буй болгох утгатай юм. Ийм тэнцвэр барих нь Монгол улсын цаашдын тусгаар тогтнол, аюулгүй байдалд амин чухал ач холбогдолтой баталгаа гэж үзсэн. Томоохон стратегийн хөрөнгө оруулалтад тэнцвэртэй байдал буй болгох, аль нэг орны давамгайллыг тогтоолгүй 30 хувь хүртэл барих хууль батлагдсан. Гурав дахь хөрш хэн бэ гэдэгт яг таг нэрлэсэн газар байхгүй ч, хөрөнгө оруулалтыг нь сонирхож байгаа арав орчим улсыг Монголын парламентаас саяхан нэрлэсэн болно. Монгол улсын Гурав дахь хөршийн бодлого нь аль ч улсын, тэр дундаа хоёр хөршийн эсрэг хандсан ямар ч утга агуулга байхгүй төдийгүй Монгол нь олон улсын харилцаанд төвийг сахих ба алив орны эсрэг хэн нэгэнтэй нийлж бодлого явуулж болохгүйг үндсэн хууль болон бусад хуульд тусгаж өгсөн.

Categories
мэдээ нийгэм

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлнэ.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд ГХЯ-наас “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээ” олон улсын хурал зохион байгуулна.

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд Үндэсний хөгжлийн газраас “Бүсчилсэн хөгжил” онол, практикийн бага хурал зохион байгуулна.

09.30 цагт НЗТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин хөлсийг царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг түр зогсоох тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

10.00 цагт Барилгын хөгжлийн төвд барилгын салбарын жендэрийн тэгш байдлын бодлогыг танилцуулах арга хэмжээ болно.

10.00 цагт “ECO car wash” авто угаалгын газарт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто угаалгын газруудын удирдлагууд саарал ус ашиглах дэвшилтэт технологитой танилцана. Утас:99057029

10.00 цагт МҮЭСТО-нд Хан-Уул дүүргээс “Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” чуулган зохион байгуулна.

10.00 цагт ШУА-ийн байранд эрдэмтэн, судлаачдын номыг борлуулах “Номын цахим дэлгүүр”-ийн нээлт болно.

11.00 цагт МУЗН, Дэлхийн мал амьтныг хамгаалах байгууллагаас хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад малын эрдэс тэжээлийн багц хүргэх цуваа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 61-ийн гарамнаас хөдөлнө. Утас: 80111774, 99006602

11.00 цагт “Монгол Шуудан” компанийн жишиг салбарт “Авлигын эсрэг ил тод байдал” хичээлийг ерөнхий боловсролын 700 гаруй сургуульд үнэ төлбөргүй түгээх чиглэлд “Монгол Шуудан” компани, “Ил тод байдал залуусын нүдээр” төсөл хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна. Утас : 99101149

11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт Замын цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт АТГ-ын Олон нийтийн төвд АТГ-аас сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурлаа зохион байгуулна.

12.00 цагт ЭМЯ-нд “Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног”-ийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагаас Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Богд Жавзандамба хутагтын амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн “Өндөр Гэгээн” дуулалт жүжгийн талаар УДЭТ, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

13.00 цагт МҮЭХ-ноос ирэх сарын 01-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсон талаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

14.00 цагт Нийслэлийн 84 дүгээр сургуульд НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газраас “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем” хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд МУБИС-ийн үйл ажиллагаатай танилцана.

16.30 “Корпорейт конвеншн төв”-д Элчин багш Бакула Ринбүчэгийн мэлмий гийсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал болно.

17.00 цагт “Бест Арт Галерей”-д Реалист зураач Х.Баярын “Уяхан замбуу тивийн наран” бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт JCI Монгол байгууллагаас “2018 JCI International Business Fair” олон улсын үзэсгэлэн худалдааг анх удаа Монгол Улсад зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Ч.Сайханбилэгийн зарчмыг буруутгаж эрүүгийн хуулиар шалгаж байгаа нь харамсалтай

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд асан Лувсаннямын Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны өмнө толгойлж байсан боловсролын салбараас яриагаа эхэлье. Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байна. Шалгалттай холбоотой материал задардаг гэх асуудал сүүлийн жилүүдэд их яригдах болсон. Энэ талаар болоод одоо салбар толгойлж яваа сайдын бодлого чиглэлийн талаар ярихгүй юу?

-Боловсролын хууль өөрчлөгдөхгүй байна. Хууль тогтвортой байгаа учраас энэ салбарын бодлого хэвийн байгаа болов уу гэж хардаг. Алдаатай, харамсалтай үйл явдлууд өмнө цөөнгүй тохиолдсон. Батсуурь сайд байхдаа их сургуулиудын удирдах зөвлөлийг хараат бус болгосон байдлыг алга болгож, төрийн захиргааны хүмүүсээр удирдах зөвлөлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл яамны хараат байхаар хуулийн өөрчлөлт хийсэн. Энэ их харамсалтай зүйл. Угтаа их сургуулиуд бие даагаад ажиллах нь зөв чиглэл рүүгээ шуурхай дүн шинжилгээ хийж, гарцыг хурдан олдог боломжтой байв. Энэ боломжийг үгүй хийснээрээ энэ салбарын том ухралт гэж ойлгож болно. Мөн дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж байгаа хүүхдийг дэмжих, тэтгэлэг олгох боломжийг зогсоосон. Ирээдүй болсон хүүхдүүдэд хамгийн өндөр боловсрол, мэдлэгийг олгож байж, энэ улс орны хөгжил урагшаа явна шүү дээ. Би энэ асуудалд их анхааралтай ажилласан. Түүхээ харвал Герман, Орос гэх мэт улсуудад боловсрол эзэмшсэн хүн улсынхаа хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ жишгээр өнөө цагт дэлхийн хамгийн шилдэг мэргэжилтэн бэлтгэн гаргадаг сургуулиудад монгол хүүхэд суралцах боломжтой байсан зүйлийг зогсоочихсон нь том алдаа. Цаашид алдаагаа түргэн засч, энэ бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай. Боловсролын салбарын удирдах түвшний хүрээнд сандал, суудлын төлөө гүйсэн, хөлөө олохгүй байдал анзаарагдаж байгаа. Үүнээс болоод багш нарын итгэл алдарч байна.

Тийм учраас Ш.Цогзолмаа сайдын хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол багш нартаа итгэл өгөх юм. Дээр нь хуулиа сайн унших хэрэгтэй байна. Төрийн бодлогоо сайн унш. Төрийн бодлогод Монголын боловсролын бодлого ямар байх вэ гэдгийг тусгачихсан байгаа. Боловсролын салбар тогтвортой байна гээд унтаа байж болохгүй. Улам л дээшээ давшиж, дэвших ёстой. Тэр тест задардаг асуудал бараг байхгүй. Энэ бол цагдаа, тагнуулын хяналтан дор хийгддэг ажил. Задарсан гэх янз бүрийн нотлогддоггүй ярианууд гардаг. Хэрэв энэ тест задарсан байвал эрүүгийн хэрэг болно.

-Тэгэхээр задрах ямар ч боломжгүй гэж ойлгож болох нь, тийм үү?

-Мэдээж боломжгүй байлгахын төлөө л ажилладаг. Гэхдээ ямар зальт этгээдүүд явж байгааг хэлж мэдэхгүй. Үүнийг олон нийтэд задарсан мэтээр харагдуулж, улс төр хийдэг зүйл бий.

-Таныг сайд байх үед танхимын тэргүүн нь Ч.Сайханбилэг байсан. Одоо энэ хүнийг болоод танай намын угшилтай бусад хүмүүсийг АТГ-аас шалгаж байгаа. Энэ шалгах, хорих асуудлаар таны байр суурь ямар байна вэ?

-Нэгдүгээрт, бид эрүүгийн хуулиа олигтой хийж чадаагүй юм болов уу гэж харж байгаа. Мөн хуульчид нь хэтэрхий хууль сахиулах байр сууринаас хандаж байна гэж бодож байна. Улс төр тодорхой хэмжээгээр хаалттай байна. Харин эсрэгээрээ ард түмэн нээлттэй байхыг хүсдэг. Аль ч газар адилхан. Жишээлбэл, С.Баярцогт хэнээс мөнгө авснаа хэлэхгүй болохоор Оюу толгойгоос мөнгө авсан байна гэсэн хардлага явж байна. Энэ хардлагыг дэмжиж байгаа нэг хэсэг хүмүүс бий. Энэ хэсэг хүмүүсийн санаа бодлыг хуулийн байгууллагууд дагаж орж ирж байна. Миний хувьд энэ хүмүүсийг Оюу толгойгоос авлига авсан гэдэгт огт итгэхгүй байгаа. Миний мэдээллээр энэ шалгаж байгаа хэрэгт холбогдуулж авлигын хэрэг нээгээгүй байна лээ. Албан тушаал хэтрүүлсэн л гэж байгаа. Тухайн орд газар дээр хийгдэж байгаа гэрээ хэлэлцээрийн хувьд албан тушаал хэтрүүлэх ч юм уу, ямар нэгэн байдлаар улс орондоо хохирол учруулах боломжгүй. Төсөл хэрэгжүүлж буй компани нь өөрөө олон нийтийн компани. Нөгөө талдаа уурхай бол Монголд байгаа. Тэнд болж байгаа бүх үйл ажиллагаа нээлттэй. Харин Оюу толгой гэдэг улстөржчих дуртай хүмүүсийн мөлждөг яс. Үүнийг ярьж л тодорно. Энэ тодролтод эрүүгийн хууль үйлчилж байгаа нь надад харамсалтай санагдаж байна. Тухайлбал, шүүх рүү Улсын Их Хурлын гишүүд дайрч байгаа нь тун харалган харагдаж байгаа юм. Хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, хууль сахиулах, шүүх засаглал л байгаа шүү дээ. Энэ гурван засаглалаас төр ард түмнийхээ талд байхын тулд шүүх засаглал нь толгойд нь байх ёстой. Гэтэл хууль тогтоох нь шүүх засаглал руугаа дайраад эхэллээ. Энэ дайралт юуг илэрхийлж байна вэ гэхээр хуулийн үг үсгээр амьдрахаас илүү энэ их улстөржилтийг дааж гарах дарамтыг хуулийн байгууллагад бий болгож байгаа юм. Ч.Сайханбилэгийн танхимд ирсэн үүрэг бол энэ улс орныг хөгжүүлэх юм. Хуулиар олгогдсон энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд Оюу толгойн олборлолт явах ёстой гэсэн зарчмыг Ч.Сайханбилэг барьсан. Үүнийг өнөөдөр буруу байна гээд эрүүгийн хуулиар шалгаж байгаа нь харамсалтай. Үүнийг л би шүүмжлээд байгаа юм.

-Энэ асуудал гарч эхлэх үед С.Баярцогтыг танай нам намаасаа хассан. Зарим хүмүүс намаасаа хөөлөө гэж яриад байгаа. Түүнийг намаас хассан шийдвэр зөв байсан уу?

-Оффшорын эсрэг том тэмцэл өрнөчихсөн гээд улс төрчид ойлгочихсон. Хэн нэгнийг муулж л байвал тэр хүн тодордог. Түрүү нь хэлсэн шиг улстөрчид хаалттай байгаа учраас түүний талаар муулж хэлсэн хүний үгийг ард түмэн нууц асуудлыг нь хэлж өгөөд байна гэж ойл-гоод байдаг. Жишээлбэл, нэг нөхөр С.Баярцогт гэдэг чинь оффшорчин байхгүй юу гээд хэллээ. Үүнийг нь ард түмэн хаалттай зүйлийг нээж өглөө гэж ойлгоод алга ташдаг. Ингээд муулсан хүний оноо, олны дэмжлэг нэмэгдээд байдаг. Энэ дэмжлэг дээр л Ардчилсан нам өөрөө орж байгаа гэж харагдсан. Олон түмэн С.Баярцогтыг шоронд хийхийг дэмжиж байна, тийм учраас Ардчилсан нам оноогоо цуглуулах л дүр төрх яваад байна уу даа гэж. Түүнийг намаас хасдаг нь улстөржсөн л шийдвэр. Нөгөө уснаас хуурай гарах үлгэр л явж байна. Гэтэл С.Баярцогтын авсан мөнгө, тэр Швейцарьт байсан хөрөнгө хэнийх юм. Энэ асуудал удахгүй олон түмэнд ил болно. Ямар учиртай мөнгө байсан нь ил болсны дараа Ардчилсан нам дахиад улстөрийн ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь надад сонин санагдаж байгаа юм. Манай нам хүний эрхийн төлөө нам. С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ариунсан, Бямбасайхан хэн ч бай буруу нь нотлогдоогүй байхад урьдчилж буруутайд тооцно гэдэг бол өөрсдийнхөө үзэл санаанаас ухарч байгаа хэрэг. Үнэхээр буруу нь нотлогдвол намынхаа дүрмээр л явах учиртай. Тэр байтугай буруу зүйл хийсэн хүмүүс явж л байгаа шүү дээ. Ер нь намын гишүүнчлэлийн асуудал цаашид яаж тавигдах юм гэсэн асуудал гарч ирнэ. Юутай ч манай нам монгол хүний төлөө байдаг. Зүгээр С.Баярцогт хэнээс мөнгө авсан бэ гэдэг нь мэдэгдэхгүй учраас хардалт өөрөө шийдвэр болж гарч ирээд байна. Энэ бол бидний үеийнхний боловсролгүйн л шинж. Бид хөгжөөгүй байна. Ер нь цаг хугацаа явах тусам өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр буруу болдог. Учир нь хүн хором өнгөрөх тусам л хөгжиж байдаг. Шинэ зүйл үзэж, харж, ойлгож байдаг. Гэхдээ өнгөрсөнд гарсан бүх шийдвэрийг буруутгахгүй. Эрүүгийн хэрэг шалгаж байгаа нөхцөл байдалд бид тайван хандах хэрэгтэй. Үнэхээр авлигын асуудал байгаа бол шалгах ёстой. Шалгаж л байг. Энэ өөрөө гаж, буруу зүйл биш. Харин улстөрийн өнгө аясад хууль хөтлөгдөнө гэдэг бол гаж зүйл. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг муулсаар ардын дайсан болгочихоод түүндээ хууль ашиглаж байгааг гаж зүйл гэж ойлгох юм. Тэгэхээр бид хуулиа дахиж нэг харах ёстой. Улстөржилтөөс хуулиа яаж хамгаалах юм. Хууль сахиулагчаасаа хуулиа яаж хамгаалах юм гэсэн шинэ даалгавар гарч ирж байна.

-Та Оюу толгой, Дубайн гэрээнүүд хэр сайн болсон гэж үзэж байна?

-Оюу толгойн гэрээг нийтэд муухай харагдуулах компанит ажил олон жил явлаа. Тэр утгаараа Оюу толгой гэдэг улстөрд сондгойрч гарч ирэх улстөрчдийн гол зэвсэг болж. Нөгөө талаасаа эдийн засгийн ойлголтгүй хүмүүс өөртөө итгэлтэйгээр энэ гэрээг шүүмжилж байна. Тэр хүмүүс үүнийг гэрийнхээ аж ахуйгаар төсөөлж, асуудлыг тавьж байна. Өөрөөр хэлбэл тэр аж ахуйн даргын байр сууринаас хандсан төсөөллөөр үзэл бодлоо илэрхийлдэг. Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа хүмүүс Оюу толгойн компанийн захирал юм шигээр өөрийгөө бодож болохгүй. Хүн бүрийн айлгаад байгаа асуудал бол Оюу толгойн өөрийг бид төлж чадахгүй юм биш үү гэсэн ойлголт. Нөгөө талдаа Оюу толгойгоос бид ашиг хүртэхгүй юм биш үү гэж хардаг. Ийм хоёр асуудал нийгэмд байнга явж байна. Яг бодит эдийн засгийн тоо яривал, Оюу толгой маш их өгөөжөө өгч байгаа. Мөн Оюу толгой дээр авсан зээлээ тус компани төлөх нарийн графиктай. Энэ зээл төлөгдөхөөргүй дүр зураг байгаа бол рио Тинто гэх компанийн хувьцаа өдөр болгон унах ёстой. Оюу толгой ашигтай ажиллах юм байна, авсан зээлээ төлчих юм байна, ирээдүйд үнэ цэнэ нь нэмэгдэх юм байна гэж байгаа учраас рио Тинто компанийн хувьцааны үнэ унахгүй байна. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Оюу толгой гэх компани тухайн үеийн хуулиараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Хамгийн чухал нь компанитай Монгол Улсын Засгийн газар хэлэлцээр хийсэн гэдгээ бид мартах учиргүй юм. Үүнийг эсрэгээрээ мартчихаад байна. Энэ гэрээг засч, залруулъя гэдэг бол Оюу толгойг эсэргүүцсэн хүмүүст л зориулж хэлж байгаа үг гэж ойлгодог. Яг үнэндээ өнөөдөр шинээр гэрээнд оръё гэж бодъё. Тэр хүмүүс С.Баяраас ухаантай байна гэж хэн нотлох юм. Бямбасайханаас илүү Монголын талд ашигтай байхаар гэрээг батална гэж хэн батлах юм. Ер нь энэ улс хөгжих ёстой. Тэр хөгжилд нь садаа болчих вий дээ л гэж бодох юм. Энд улстөржилт орсон нь тодорхой. Цаашид улам улстөржих нь тодорхой. Энэ төсөлд гай болох улстөрчид маш их байгаа. Тэгэхээр хатуухан хэлэхэд баялгийн хараал гэж үүнийг л хэлэх байх. Нөгөө талдаа нээлттэй байхыг ард түмэн хүсээд байна гэдгийг Оюу толгой ТУЗ-ийн гишүүд байнга санж явах хэрэгтэй. Олон улсын бизнес хийхэд монголчууд жулдаж байна гэдгийг энэ Оюу толгойтой холбоотой асуудлууд харуулаад байгаа юм. Дэлхийн хэмжээнд хийх боловсрол, туршлага дутаж байна.

-Нөгөө талаараа томоохон төслүүдийг эхлүүлсэн хүмүүс буруутан болж, цаашид том төсөл эхлүүлэх хүнгүй болчих вий гэсэн прогнозыг зарим улстөр судлаачид ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Үүнтэй санал нэг байна. Цаашид бүтээн байгуулалт хийсэн хүн бүр дахиад Ч.Сайханбилэг, С.Баяр шиг буруутан болох уу. Энэ бол аюул. Улс орны хөгжилд хэрэгтэй, томоохон түлхэц өгөх төслүүдийг хийх хүн гарч ирэхгүй. Н.Энхбаяр, С.Баяр, Ч.Сайханбилэг гэх мэт хүмүүсээ шоронд хийлээ. Дараагийн Ерөнхий сайд бас л шоронд орох уу. Өөрөөр хэлбэл өмнө хийсэн ямар ч ажил хожим харахад алдаа, оноо байж л байдаг. Яг зөв шийдвэр гарчихлаа гэсэн шийдвэрийг сүүлд нь харахад буруу л байдаг байхгүй юу. Ер нь алдаа олох их амархан. Үнэхээр Оюу толгой гэрээг хийсэн хүмүүст буруу байдаг юм бол Монголд дараа нь гэрээ хийсэн бүх хүмүүс буруутна. Ийм л логик байна.

-Шалгагдаж байгаа хүмүүсийн хэрэгтэй холбоотой асуудлаар шүүх ямар шийдвэр гаргах бол. Танд ямар нэгэн төсөөлөл байна уу. Олон нийтийн дунд янз бүрийн таамаглал байна л даа. Зарим нь энэ хүмүүсийг хэргээс мултрахгүй дээ гэх юм. Харин зарим нь улстөрийн хэлмэгдүүлэлт явах вий гэж болгоомжилж байна…

-Миний хувьд тэр хүмүүсийг шууд буруутай гэж харахгүй байгаа. Хардаж байгаа, сэрдэж байгаа. Татвар нэхэж байсныг хөнгөлсөн гэдгээр ял өгөхийг оролдох байх. Хэрэв энэ асуудлаар ял авах юм бол татварын хөнгөлөлт хийсэн Их хурал болгон ял авна. Хөнгөлөлт, чөлөөлөлт болгон улсын төсөвт орох мөнгийг хаасан байдаг. Түүнд хэмжээ хамаагүй. Өөрөөр хэлбэл цахилгаан автомашиныг татвараас чөлөөлсөн хууль гаргасан хүмүүсийг таван жилийн дараа шүүхэд өгнө шүү дээ. Ингэхээр ажил хийж байгаа хүмүүсийн хэн нь ч шийдвэр гаргаж чадахгүй гэж бодож байна. Гэхдээ энэ асуудал шийдэгдэнэ. Шийдэгдэхдээ авлига аваагүй л бол бусдаар яллах үндэслэл байхгүй л гэж үзэж байгаа. Яллаагүйн төлөө хуульчдыг бас буруутгаж болохгүй. Ерөөсөө хуулиа барьдаг л байх хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Дөнгөтийн Цоодол: Ринчен гуай, Дамдинсүрэн гуай хоёрын тухай би ярина гэвэл ертөнцийн доог болно

Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолтой ярилцлаа.


Талынбулагийн вант улс ном хэвлэгдэн гарлаа. Мэдээж нутгийнхаа тухай бичсэн ном байж таарна. Шар тэмээний нутаг, Хонины боол, Хөеө, Нулимс холоос харагдахгүй гээд олон бүтээлдээ та ерөөсөө нутгаа л бичсэн хүн?

-Талынбулагаа би “Холбооны бүгд найрамдах улс” ч гэж хэлж болох юм. Өдий насанд хэнээсээ би үгээ бултагануулах билээ. Хэн надад сургах билээ. Мэргэн цэцэн хүмүүн, үзэсгэлэн төгөлдөр нутаг усыг холоос хайхын хэрэг алга. Энэ бүхэн миний хувьд явж явж Талынбулаг маань байж. Хурганы хүүхэд зүүрмэглээд бүсээ гээчихсэн юм шиг нарийхан булаг. Тэнд л нутагладаг харчууд улам мэргэн цэцэн болсон байх юм. Булгуудын хяр, Сарваацуцахын хөндий, Баянтөхөмийн нуур, Талынбулагтаа үе дамжин бууриа тамгалж яваа тэднийхээ тухай юухан хээхэн олныг бичсээн. Би сүрхий газруудаар тэр бүр яваагүй. Манай Зохиолчдын хорооноос намайг Америк яв гэсэн. Сэтгүүлчдийн холбооноос Шанхай орооч, хөгжлийн охь манлай л гэсэн. Алинд нь ч зөвшөөрөөгүй. Том охин Германд багшилдаг. Хоёр гурван удаа урилга ирүүлсэн, би очоогүй. Би бол ийм хоцрогдсон хүн. Үнэнийг хэлэхэд над шиг хоцрогдсон хүн энэ ертөнцөд маш их хэрэгтэй байгаа юм. Бие биенээсээ өрсөж идэх гээд, өрсөж сайрхаж, өрсөж тодрох гээд байх болж. Манай Бүрэн бол Богд хаант Монгол Улс гэж байхад Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, зовхи нь өөдөө хүмүүс байжээ. Тэр хэмнэлээ алдаагүй өдий хүрсэн. Олон сум барьц алдаж зарим нь дэдгэр дадгар болоход Бүрэн улам л том болсон. Энэ номонд нэг ч зохиомол хүн байхгүй. Булгийн харчуудын өвөг дээдэс гэж ямар лут хүмүүс байсныг би мэднэ. Миний олон зохиолын дүр болсон. “Тэнэг” шүлгээ та тэнэг Зундуйн тухай бичсэн үү гэж хүмүүс асуудаг. Түүний хольц байлгүй л яахав. Гэхдээ энэ удаад Зундуйгаа бичлээ. “Төрийн тэргүүний анд” хэмээн тодотгосон нь учиртай. Самбуу гуайн найз байсан.

-Жамсрангийн Самбуу гуай юу?

-Тэгэлгүй яахав. Бүрэнд болохоор тэнэг Зундуй гээд тэр бүр хүн тоохгүй. Самбуу гуайн 70 насны ойд манай сумын хэдэн хүн очжээ. Тэр том хүн чухам юу асуудаг юм бол гээд сүрхий бэлдэж очсон байгаа юм. Самбуу гуай Сталин, Молотов нарын бэлэглэсэн хоёр алтан аягаар зочдоо дайлаад, нижгэр дайллага болжээ. Юу асуудаг юм бол гэж бэлдсэн хүмүүсээс ердөө гуравхан асуулт асуусан байна. “Манай нутгаар бороо, ногоо сайн уу, газрын гарц гайгүй юу” гээд сүүлд нь “Өнөө муу Зундуй сайн явдаг уу” гэж асуужээ. Сүүлийнх нь асуултад балмагдахдаа “Сайн байлгүй яахав. Нэгдлийн малаа маллаад л” гэчихэж. Нутагтаа ирээд “Арай тэнэг Зундуйг асуумгүй юм” гэхэд Мятавын Туваан, Пунцагийн Баяр гээд луугар өвгөд “Зундуй, Самбуу хоёр чинь тэмээн дээр бамбай тохчихоод Арвин бор толгойгоор гөрөөс эргүүлж явсан хоёр. Өндөрт гарсан хойноо багын нөхрийгөө мартаагүй байна. Самбуу ч мартах хүн биш ээ” гэлцэж байсан гэдэг. Бүрэнгийнхэн ийм л хүмүүс. Их толгой Чимиддорж гэж байлаа. Зээ хүү нь Шинжлэх ухааны их сургуулийн багш Дамдинсүрэн гээд байж л байна. Их толгой гэдэг нь том толгойтой гэсэн үг биш юм. Хүний үгэнд тэр бүр ороод байдаггүй, залуучуудын хэлдгээр пээдгэр өвгөн байж л дээ. Түүний тухай “Буваа” гэж бичсэн. Манайхан тэгж нэрийддэг байлаа. Тэр жил Бүрэнд урд зүгээс жигтэйхэн мэргэн лам иржээ. Улс амьтад мөнгө цаас, хадаг самбай байдаг бүхнээ барьж сөгдөн мөргөөд, биширч үлджээ. Ганцхан хүн манай Талынбулагаас очоогүй нь Чимиддорж байж л дээ. “Цөмөөрөө сангаа тавиуллаа. Манай Буваа л ирсэнгүй дээ” гэж нэг нь хэл дуулгасан юм биз. “Бүх хүн ирсэн байтал тэр ер нь ямар амьтан байна” гээд өнөө лам чинь Буваагийнд буужээ. “Та надаас юу хүсмээр байна” гэхэд нь “Надад хүсэх юм байхгүй. Манайх ганц хүүтэй юм. Өнөөх маань сайн явдгийн, хөгшний бие сайн, таргаа бүрээд цайгаа чанаад байж байна. Саалийн үнээ, хэдэн морьтой юм. Тэгэхээр юу алзах вэ дээ” гэсэн хариу өгч. Лам буцаж явахдаа нутгийн хүмүүст “Танайхан сүрхий улс байна. Хамгийн сүрхий нь их толгой Чимиддорж гэж лут хүн байна. Өөрийгөө олсон хүн юм. Тамин минь хүний орчлонд өөрийгөө олох чухал. Тэгвэл хэнийг ч зовоодоггүй, өөрийгөө ч зовоодоггүй” гэсэн юм гэнэ лээ.

-Танаас Ринчен гуай, Дамдинсүрэн гуайн тухай асуух гэсэн юм. Нэгэнтээ та Явуу багшийнхаа тухай бичихдээ Ринчен гуайтай таарснаа дурссан байдаг?

-Ринчен гуай, Дамдинсүрэн гуай хоёрын тухай би ярина гэвэл ертөнцийн доог болно. Баянхонгорт болсон уран үгсийн чуулганд Бадарчийг явъя гэж гуйхад нь Явуу “Чи одоохондоо багадна” гэж билээ. Түүн шиг би багадна. Би харьцангуй сүүлд хотод орж ирсэн хүн. Сүрхий хүн болох гээд худлаа ярилтай нь биш дээ. Намайг хотын айл болоход Сүрэнжав, Бадарч хоёр чинь Явуугийн мөрийг алгадах нь холгүй, Пүрэвдоржоо гэж зиндаархах нь холгүй аваргууд байлаа.

Ринчен гуайтай уулзаж, бараа дүрийг нь харж байсан. Харна гэдэг нэг хэрэг, тэр хүнийг мэдэрч ойр дотно явна гэдэг өөр. Харахын тухайд бол Явуу багштай цуг Холбооны яамны урдуур гараад Сүхбаатарын талбай руу иртэл Ринчен гуай талбайн зүүн хойноос ирж явна. Хэлхгэр ханцуйтай хүрэн тэрмэн дээлэн дээр аралтай суран бүс бүсэлсэн зохиолчийн урт буурал үс салхинд хийсч, зөрөн өнгөрөх хүн зонтой мэнд усаа мэдсэн шиг намбайтал алхалж явна. Явуу тэр хоёр цөөн хором ярилцахыг нь дэргэдээс нь сонсч байсан. Далан зургаан онд манайх хотын айл боллоо. Бадарч, Сүрэнжав энэ хэд чинь тавиад оны сүүлээр Зохиолчдын хороогоор гүйчихсэн, зохиолчидтойгоо хэдийнээ танил болчихсон байв. Анхны номын уралдаанд “Уулсын цаана уулс” номоороо Жамцын Шагдар түрүүлж, Сүрэнжавын “Шөнө ургасан цэцэг”, Пүрэвсүрэнгийн “Хүний тухай дуун” бүтээлүүд хоёр, гуравдугаарт шалгарчихсан, ид жаалж явахад нь би гэдэг хүн Төв аймгийн төвд эгээтэй л нусаа хацартаа наалгүй шахам юм явж байсан нь үнэн юм аа.

-Монголын театр урлагийн өрлөг ижий Эрдэнэбатын Оюун гуайн 100 жилийн ой энэ онд тохиож байна. Оюун гуайн тухай та эрхбиш ярина биз дээ?

-Ерэн таван оны хавар. Миний ажилладаг “Ардын эрх” сонин саарал ордонд байрладаг байлаа. Гурван давхрын хонгилоор явж байтал нэг намхан авгай өрөө бүрийн өмнө очин, хаалган дээрх хаягийг нь өлийн харж байв. Тэр хүн ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун гуай. Монголын шинэ цагийн тайзны урлагийн өрлөг ижий, манай зохиолчдын байгууллагыг ч ялгаагүй хөлийг нь дөрөөнд хүргэлцсэн ахмад зохиолчдын нэг, нэрт орчуулагч түүнийг таньж мэдэхгүй хэн байх билээ. Гэвч тэр их хүндтэн тухайн үед нэг л зутруу, хүүхдийнх шиг жаалхан гартаа өврийн алчуураа тас атгачихаад хөлсөө байн байн арчаад л. “Хамгийн том даргатай нь уулзмаар байна. Театр тараад дууслаа. Хайрхан сайхан жүжигчид, хайран сайхан хүүхдүүд. Юу гэнэ вэ, гахай нохой ч гэнэ үү, сав үүрээд наймаа хийнэ гээд яваад яваад өглөө. Төв театргүй улс гэж байх уу даа, ер” гэв. Гарынхаа ганган хөлийнхөө хөнгөнд гүйж явна гэж билээ. Засгаас мөнгөө гуйна аа, халдавч хар халзандаа гэдэг. Жасрай дээр нь оръё гэж билээ. Оюун гуайтай би уулзаж ярилцаж байсаан. Ихэвчлэн завгүй гэсэн хариу өгнө. Виктор Анотонович түүнд, чи оросоос монгол руу, монголоос орос руу хийж чадах болсон. Ингэж нэг дороо дэвхцэхгүй шүү. Вегагийн “Хонины булаг”-ийг бушуу орчуул, тайзанд тавихад нь туслах найруулагчаар нь ажилла” гэсэн үүрэг даалгавар өгчээ. Энэ тухайгаа “Ээ бурхан минь, яаж ч болж байсан юм. Цагаан Цэгмид, Нямын Цэгмид, Гомбодорж, Бат-Очир, Ичинхорлоо, Цэрэндэндэв, Гомбосүрэн гээд аваргууд тулдаа болгож байсан биз” гэж хариулж байсныг санах юм. Насан өөд болохынх нь өмнө Төрбат бид хоёр гэрт нь очсон. Чойномын номонд, “Араб охины хөрөг шиг торомгор нүдтэй бүсгүй” гэж гардаг охин нь өнгөрчихсөн, өөртэй нь хамт амьдардаг гол хүн унаж хэцүү үе байлаа. Турж эцээд жаалхан дээрээ бүр жаалхан болчихсон. “Тэгэхэд Оюун гуай улсын төв театрт Тэргэл сар шиг сайхан бүсгүй байлаа” хэмээн найрагчийн шүлгэнд мандаж байсан хүнээс иймхэн юм үлдэх гэж дээ хэмээн эрхгүй бодож байсан сан.

-Бабийн Ахтаны 100 жилийн ойд зориулж та шүлэг бичсэн. Тэр тухай миний бие Алтай Таван Богдын алтан бэлээс тэмдэглэлдээ оруулсан учир түр азная. Харин Удвал гуайн тухай асууя. Түүний дурсгалд зориулсан Удвал Удвалаараа л байлаа хэмээх шүлэг тань олон хүний сэтгэлд явдгийг мэдэх юм?

-Тэртээ жараад оны дундуур Төв аймгийн Зуунмодны голын сэрүүн дэнж дээгүүр тэмээ туйлж тараагаад хаячихсан ачаа бараа шиг хэдэн байшин байлаа. Аймгийн төв хүн цөөтэй. Хол ойроос яваа хүн нүдэн дээр ил. Хаврын нэг өдөр Төв саад хэмээх хэдэн бургас тарьж додомдсон талбайд бидний хэдэн хүн байв. “Үнэн” сонины сурвалжлагч байсан сэтгүүлч И.Гүрринчен, хожим морь судлаач эрдэмтэн болсон А.Баярмагнай бид хэд дээр нэгэн эрхэм хүн байсан нь нэгэн үе сайн тэмээчин гэгдэж Ардын их хурлын орлогч даргаар хүртэл сонгогдож явсан Баян сумын тэмээчин “Орхоодой” хэмээх Балдан өвгөн. “Эмгэн, охин хоёр нутаг дээр хоцорсон. Зочид буудалд нойр хүрэхгүй цай нь уусан болохгүй юм, харих сан” гэж үглэн унаа тэрэг харуулдана.Тээр орой болсон хойно аймгийн урдаас нэг машин давхиад ирлээ. Суудлын шинэхэн хар тэрэг биднээс холгүйхэн зогслоо. Дотроос нь нэг эмэгтэй бууж ирсэн нь Сономын Удвал гуай байсан. Ингэж л би тэр эрхэм сайхан хүний барааг анх харсан юм. Далан есөн оны хавар Удвал гуайг Баянхонгорт ажлаар явахад нь таарч уулзав. Аймгийн театрт олон хүн цуглачихсан яриа хийж байсан. “Та нар найрамдлыг зөвхөн том дарга нар бэхжүүлдэг гэж бодно уу, тэгдэггүй юм. Саяхан зөвлөлтийн баахан цэрэг урд хил дээр сургууль хийхээр танай аймгаар дайрч өнгөрчээ. Өлзийт сумын нэг эмээ халуун савтай цай, цагаан сараас үлдсэн хэвийн боовоо бариад зам дээр нь тосч, цэргийн хүүхдүүд баярлуулсан байна” гээд тэр эмээд өгөөрэй хэмээн цаасанд боолттой бэлэг сумын даргаар нь дамжуулж байсныг санаж байна. Хүнд хайртай ахмад буурайдаа элэгтэй, юмыг бага гэлтгүй хүн ёсны харилцааны тухай тунгааж боддог хүн байсан.

Баянхонгороос буцахад нь цуг сууж Өвөрхангайд ирж билээ. Удвал гуайн яриаг сонссоор Арвайн тал орж ирэхэд сая нэг, юм асуух далим гарч “Та манай Самбуу гуайнхыг сайн мэднэ гэсэн байх аа. Би өвгөний сумын хүн шүү дээ” гэсэнд нүдээ цавчлан бодлогошроод “Би олон ээжийн хоолоор хүн болсон. Булган, Өмнөговь, Төв аймагт хаа сайгүй ээжүүд. Тэр дотроо Нямаа ээжийн гарын хоолыг бүр ч их хүртсэн. Самбуу гуайг Өмнөговийн дарга байхад нь бүр сүүлд хойно сурч байхдаа ч тогоог нь амраагаагүй. Дайны цаг. Москва харанхуй, өлөн хоосон. Оросууд гэдэг чинь долоон голтой амьтад шүү дээ. Элчингийнхээ гэрийн хоолыг би бүтэн сайнд нэг удаа буудна. Түүгээрээ долоо хоногоо даана. Оюутнууд цэргийн эмнэлэгт очиж шарх боосоор оройтно, ядарна. Байрны гэрэл гэнэт унтарч ховор шар төмсөө буцалгаж чадахгүй болно. Өлсөөд шөнө орой ч гэсэн гүйж ирэхэд Самбуу гуай дээлээ нөмөрчихсөн хаалга тайлж өгч, үг ч дуугаралгүй гал тогоондоо дагуулж оруулаад монгол дархны зэс шанаганд гурилтай хоол халаангаа миний муу нойтон гутлыг пааран доогуур хийж харагддаг сан” гэж өгүүлэхдээ хоолой нь бөжигнөж байсан. Удвал гуай Монголд их юм өгсөн. Үүнд нь Хатанбаатар Магсаржав, Одгэрэл, Ундрам, “Үер”-ийн Болд өвгөн, “Хүргэн хүү”-гийн Жамц баян, Должин, Дэмбэрэл гээд зохиолын баатрууд нь хариу өгнө. Ер нь тэгээд сайн охины сэтгэлээр эх орондоо өгсөн ном бүтээлийнх нь баатруудад шингэсэн монгол ухааны дайтай үнэт бэлэг гэж юу ч билээ.

-Лодонгийн Түдэв гуайд зориулж та шүлэг бичсэн. Түдэв гуай ч хариу шүлэг бичсэн. Тэр тухай асуумаар санагдаад явдаг юм.

-Монгол минь мундаг харагдаад байгаа юм уу, Монголын баялаг сайхан харагдаад байгаа юм уу, бүү мэд. Одоо бол гаднынхан Монголыг их л магтаж байна. Харин манайхан өөрсдийгөө доош хийгээд байдаг. Түдэв гуай Нобель авахгүй байх л даа. Уул нь авах ёстой хүн нь гарцаагүй. Цагаасаа хамаагүй эрт түрүүлчихсэн хүн л дээ. Гэвч энэ цаг үе Түдэвийгээ хайрласангүй. Төр засаг гэж байдаг юм бол Түдэвийг аль болохоор наслуулах, оюуных нь нөөцийг авч үлдэх, монгол хүний оюун юу бүтээж, юуг мэдэж болдгийг уул нь гайхуулмаар. Тэгж өгөхгүй юм. Түдэв гуайн гэрт би орж үзээгүй. Өрөөнд нь очсон юм. “Үнэн” сонины уйтан ганц өрөөнд сууж байсан. Өрөнд орчихсон хэзээ мөдгүй дампуурах гэж байгаа компанийн захирал ч түүнээс арай дээр өрөөнд суух байх л даа. Гэвч Монголын тэргүүн сэхээтэн тийм л харанхуй өрөөнд сууж байсан.

Уйтан, харанхуй, намхан, мартагдсан мэт өрөөнд

Ундуй сундуй ном, бичиг цаасан дунд

Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж

Гуу нь багадсан бурхан шиг Лодонгийн Түдэв сууна…

…Цэцэн Равжааг адалж, Нацагдоржийг тамласан

Цэндийн Дамдинсүрэнг хорьж, номыг нь шатаасан

Цэвдэг эх орон дахиад л түүгээр гараа угаав

Авьяас ухааны сүсэгтэнд эхлээд бодогдох нь Түдэв

Атаач мунхагуудын санаанд бол Яасан их мэддэг Лүдэв гээд бичсэн л дээ. Хариуд нь Меньшиковын хөргийг бийрээр Репин зурсан гэдэг

Миний дүү Цоодол үгээр тийм хөрөг бүтээжээ

Өрөөний харанхуйгаас ах чинь ердөө айдаггүй

Өрөөлийн цээжний харанхуйгаас ах чинь бэргэдэг…. хэмээн “Дөнгөтийн Цоодолын шүлгээс төрсөн шүлэг”-тээ өгүүлсэн байдаг.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Зууны манлай дуучин Б.Сарантуяа: Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж гучин жилийн турш бүтээлээ туурвиж яваа минь их аз завшаан

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяатай уулзаж ярилцлаа. Тэрбээр энэ сарын 20-ны өдөр үзэгч, фэнүүдтэйгээ төрсөн өдрөө цуг тэмдэглэдэг уламжлал ёсоор энэ жил төрсөн өдрийн тоглолтоо Сorporate convenion cen­tre hall-д хийх гэж байгаа билээ.


-Таны төрсөн өдрийн тоглолтыг хүлээж суудаг үзэгч, фэнүүд олон бий. энэ удаагийн тоглолтын гол онцлог юу байх вэ?

-Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг үзэл бодол 2011 оноос төрсөн. 2013 онд “Хайрын бурхан”, 2015 оны тоглолтоо “Сэхүүн салхи” нэртэйгээр хийхдээ урьд нь дуулж байсан хуучны нэлээн олон дуунуудаа шинэчилсэн. 2017 онд “Аргагүй амраг” цомгийг манай “On and off” продакшны захирал С.Ононбат дахин шинэчлэн найруулсан. Сүүлийн үеийн шинэлэг аранжрокоор хийхээр залуу үед маш гоё сонсогдож эхэлдэг юм байна. Ер нь жил ирэх бүр миний сонсогч нарын тоонд залуу үе хүчтэй түрж орж ирж байна. Тухайлбал, Чойжоотой хамтран дуулсан “Хаврын ганц улиас” дуугаа шинэчлэн дууллаа. Би энэ дуугаа хорин хэдхэн настайдаа өмнө нь дуулж байсан. Хуучны дуунуудаа яагаад сэргээж дуулаад байна вэ гэхээр нэгэнт идэвхтэй тайзан дээр байгаа нөхцөлд бүх насны сонсогчдод уран бүтээлээ хүргэх хэрэгтэй болчихдог юм байна. Миний хувьд залуу уран бүтээлчдээ аль болох дэмжихийг хичээж ирсэн. Энэ төрсөн өдрөөрөө “Инээмтгий хүн” цомгоо дахин шинэчилж тавина. Найруулагч С.Ононбат маань ажлын ачааллаас болж завгүй байж таарсан. Тэгээд залуучууд бас яаж хийхийг нь үзье гээд “Screen Intertai­ment” продакшн энэ удаагийн тоглолтыг найруулахаар болсон. Энэ тоглолтын маань ерөнхий ивээн тэтгэгчээр “Жигүүр гранд” групп оролцож байгаагийн зэрэгцээ “Гоёо”, “Очир Ундраа”, хэвлэл мэдээллийн олон байгууллагууд дэмжиж ажиллаж байна. Одоогоос 23 жилийн өмнө 25 настай Сараагийн УДБЭТ-ын тайзнаа анх тавигдаж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо одоо “Saraa’s Mu­sic Production” нэртэйгээр дахин сэргээж үзэгчиддээ толилуулах юм. 23 жилийн өмнөх “Инээмтгий хүн” тоглолтод гавьяат дуучин Алтанцэцэг, Эрдэнэцэцэг, “Хар сарнай”, “Хар тас” хамтлаг, дуучин Хэрлэн, “Мөнгөн харандаа” хамтлагийн Сэлэнгэцэцэг гэх мэт олон хүмүүс оролцож байжээ. Эргээд тэр бичлэгээ үзээд сэтгэл их хөдөллөө. Симфони оркестортой Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү гуай дохиод л “Үйлс цагаан монгол” дууг дуулаад л. Одоо болох тоглолтын эхний хэсэгт театрчилсан тоглолт явагдана. Дараагаар нь орчин үеийн дуунуудаа дуулна. “Инээмтгий хүн” цомогт багтсан “Хонгор найз”, “Попури” дууны эвлүүлэгт багтсан “Тэр намайг дурсдаг болов уу”, “Мартъя, “Хайрын бурхан”, “Сэхүүн салхи” гэх мэт дуунууд болон сүүлийн үед моданд ороод буй дуучин Оргилтой хамтарсан “Чам руу над руу урсана” дууг хамтлагийнхаа хоёр залуутай хамтарч дуулна. Мэдээж хэрэг “Хаврын ганц улиас” дуулагдаж таараа. Номын баярын нээлтийн арга хэмжээ дундуур нь бас явна.

Saraa’s Music Pro­duction тоглолтын гол сюрпризийн нэг нь таны тухай бичсэн номын нээлт болж байна. Таны амьдралын тухай өгүүлсэн “Зууны дуу хоолой. Би Сараа” нэртэй номынхоо талаар танилцуулаач. Гадуур номын дэлгүүрт тараагдахгүй байгаа гэв үү?

-Номын дэлгүүрт тавьчихна гэхээр өөрийнхөө хувийн намтар, романыг лангуун дээр өрж тавьж байгаатай ялгаагүй санагдаад байгаа юм. Тэгээд ч номын дэлгүүрт тавихаар 30 хувийн нэмэгдэл нэмэгдэхээр 32 мянган төгрөгөөр зарагдаж буй номны маань өртөг ихэснэ. Яг зорьж унших гэсэн хүмүүст бол хүргэлтээр хүргэж байгаа. Дуучин Б.Сарантуяа гэсэн фэйсбүүк хуудаснаа хүсэлт бичихэд авах бололцоо нь нээгдэнэ. Би өнгөрсөн 2016 оны намар 30 жилийн тоглолтоо хийхээр төлөвлөж жилийн өмнөөс ном бичих тухай санаачилга яригдсан байдаг. Залуу сэтгүүлчдэд хандаж бичих гэсэн боловч цаг хугацааны шалтгаанаас болж амжаагүй л дээ. Тэгээд миний найз болох сэтгүүлч Эмүжин бичихээр болсон. Эмүжин маань гэрийнхэнтэй маань уулзаж, ээжтэй маань ярилцах гэх мэтээр баримтууд нэлээн цуглуулж явсан. Ингээд 2017 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр ном маань хэвлэлтээс шилжсэн. Яг тэр өдөр “Sara’s production” цөөхүүлхнээ ч гэсэн шинэ жилээ тэмдэглэж таарч, ном маань сюрприз болж байлаа. 2013 оноос спонсорлож ирсэн “Хөх монгол принтинг” ХХК номыг маань ивээн тэтгэсэн. Номын баярын албан ёсны арга хэмжээгээ бол оны эхнээс л Дархан-Уул, Орхон, Өмнөговь гэх мэт хөдөө орон нутагт VIP тоглолтоо хийхээс эхэлсэн. Ном маань хүнд хүрч эхэлсэн нь мэдэгдэж байсан шүү. Хөдөө орон нутагт явж байхад Улаанбаатар хотын үзэгч, фэнүүд нь номын нээлтийг хүлээж байна шүү гэдгийг хэлж байсан. Тэгээд төрсөн өдрөөрөө буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хотод номынхоо баярыг нээж таарах нь.

-Та номынхоо анхны уншигч болсон биз ээ. Та өөрийнхөө тухай өгүүлсэн номноос чухам ямар Сарааг олж харав?

-Яагаад энэ дуучин зууны манлай дуучин болсон юм бэ. Мэргэжлийн тайзнаа 30 гаруй жил оршин тогтноод моданаас гарахгүй хит паратад дандаа тэргүүлээд байна вэ гэх зэрэг асуултын хариултыг тухайн уран бүтээлчийн гарал үүсэл, бага нас, хүмүүжилтэй бас холбоотойгоор харах хэрэгтэй болсон. Анхны багш нь ямар хүн байв, ямар гараанаас явав, алдар нэр, авьяас, амьдралын замналыг туулахдаа баяр жаргал, тэр бүү хэл амиа хорлохдоо хүрсэн сэтгэлийн гуниглалыг туулж гарсан тухай өгүүлнэ. Миний хувьд хоёр дахь охиноо гаргаад ухаажиж, харьцангүй намба суусан болов уу. Тэрнээс хойш ч шар сонин, сайтууд дээр Сараагийн тухай тоомжиргүй мэдээлэл гарахаа ч больсон. Энэ номыг уншиж байхдаа би ямар ч их тэвчээртэй байсан юм бэ, заримдаа ямар адгуу байв гэдгээ олж хардаг. Ер нь одоогийнхтой харьцуулахад шийдэмгий бус, их л олон зүйлийг эргэцүүлсэн Сараа бас байсан. Их л даруулгатай хүмүүжилтэй байсан атлаа ганцхан зүйлд маш даруулгагүй явж иржээ. Энэ нь дуу байсан. Гол нь энэ хүн ерөөсөө л дуулах маш дуртай, амьдралын утга учир нь байсан гэдэг нь харагддаг. Намайг дуучин болоход аав, ээж маань анхнаас нь дэмжээгүй ч хориглож садаа болоогүйд би талархдаг. Тийм ч учраас би хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг нь мохоохыг хүсдэггүй, өөрийнхөөр нь хүмүүжүүлэхийг чухалчилдаг. Ээж, аав шигээ ачлалтай байх ёстой гэж боддог.

-Таны ээжийн тухай асууя. ОХУ-ын иргэн Монголд ирж, ирэхдээ бүр Монголын иргэн болж олон сайхан хүүхэд хүмүүжүүлсэн гайхалтай эмэгтэйчүүдийн нэг гэж хардаг?

-Аав, ээжийнхээ залуу нас, эмэг эх, өөрийнхөө хүүхэд насыг яруу найрагч, зохиолч Эмүжингийн дүрслэлээр харах бас их өөр юм байна лээ. Надад байдаг сэтгэл миний аавд минь, ээжид, эмээд минь байсан учраас удам гэдэг үе залгамжлагдан ирдэг юм байна. Сайхан хоёр эрдэнэс шиг хүний дундаас төрсөн юм чинь яаж гялтайхгүй байхав дээ. Энэ хоёр сайхан ээжий, аавынхаа буянд өдий зэрэгтэй сайхан амьдарч байна даа гэж хувьдаа залбирдаг, боддог. Манай ээж Якутаас 1976 онд ирээд аавын дүү нарыг нь үр хүүхдийнхээ зэрэгцээгээр цуг өсгөлцөөд явсан. Манай ээж сэтгэлийн тэнхээтэй, хүн чанар сайтай хүн болов уу. Бага байхад зөндөө олон ээж нар Якут руугаа буцаж байгаа тухай би сонсч л байсан. Манай ээжийн найз нар ч нутаг буцаж байсан даа. Ээж маань тэднээс торойгоод үлдсэн. Тэгээд бодохоор их тэвчээртэй, монголчууд гэж анх ярьдаг байсан бол манай монгол гэж ярьдаг тэр чигээрээ л монгол хүн болсон. Монголын иргэншил ч авсан. Ээж маань англи, орос хэл зааж, шавь нараасаа монгол хэлийг анх сурч байсан гэдэг. Ийм сайхан эх оронч ээжтэй хүн чинь адилхан эх оронч л байлгүй яахав. Миний амьдралыг өгүүлсэн номонд хоёр ч дайнд байлдсан мэргэн буудагч Михайлаев өвөөгийн маань тухай дурдагдсан байснаас эхлээд хүн хэнээс, хаанаас гарал үүсэлтэй, ямар хүмүүс байсан талаар, орчин үетэй орж бичсэнийг нь уншаад зөн совинг харуулсан, сүнслэг бичсэнд би хувьдаа зохиолчдоо маш их талархсан.

-Та хувийнхаа амьдралынхаа тухай дэлгэж болох хэмжээнд ярихгүй юу. Таны хүүхдүүд хичээл номдоо шамдацгаагаад л байна уу?

-Сүүлийн нэг жилийн өмнөөс ээж маань хүнд өвдөж, ойрд ээжийгээ асрахад цаг ихээхэн гаргах болсон доо. СТӨ-ний орлогч даргынхаа ажлаас өнгөрсөн долдугаар сараас хойш чөлөөлөгдөж, ээжийгээ асарсан. Тэгэхдээ ганцхан дуунаас л чөлөө авч болдоггүй юм байна. Олны тус оломгүй далай гэдэгчлэн олон сайхан хүний тусаар ээжийгээ тэнхрүүлээд авсандаа их баяртай байгаа. Том хүү Эрхэмээ маань хоёрдугаар курсийн оюутан. Дунд охин маань арванхоёрдугаар ангиа төгсөхөөр хариуцлагатай үе дээрээ байна. Бага охин маань ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Гурван хүүхдээ өсгөж, ээжийгээ асарна, уран бүтээлээ хийнэ гэх мэтээр үнэндээ цаг зав багатай л явна. Сэтгэл тавьж анхаардаг найз нөхөд бас бий. Уран бүтээл, ажил амьдралдаа ихээхэн цагийг авч анхаарал тавьдаг хүмүүст заавал эр нөхөртэй болох ёстой гэсэн үүрэг даалгавар авсан аятай тогтсон ойлголт бас тэр болгон төрдөггүй юм байна.

-Та төрсөн өдрийнхөө дараа Казахстан руу тоглолт хийхээр төлөвлөсөн байгаа гэв үү?

-Хоёр дахиа очиж тоглоно. 2012 оны дөрөвдүгээр сард төрсөн өдрөөрөө Алматы, Астанад тоглож байсан. Яагаад Казахстанд тоглох болсон бэ гэвэл 1993 онд “Азийн дуу хоолой” наадмаас гранпри шагнал хүртэж байсан түүхтэй. Рок попоос одоог хүртэл цорын ганц Гранприг авсан байдаг. Би хүндэтгэл үзүүлж “Зүүдний говь” тоглолтоо Казахстанд тоглож байсан бол удахгүй хоёр дахь удаагаа очиж тоглоно.

Монгол НD телевизээс зохион байгуулж байгаа Voice TV шоунд зохиогчийн эрхийг зөрчиж байгаа талаар та нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Энэ талаар тодруулж асууя?

-Ковер гэдэг нэрийн дор юуг ч хийж болно гэсэн ойлголт байж болохгүй л дээ. “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцсон Гантогоо гэдэг нөхөр гитарчин Өлзий-Орших, дуучин Сарантуяа, яруу найрагч Хүрэлбаатараас зөвшөөрлийг аваагүй байж “Хайрын бурхан” дууг англи хэл дээр орчуулж клип хийлгээд youtube дээр байршуулчихсан байна билээ. Солонгост би тоглолтоор явж байхад миний тоглолт дээр ирж дуулна хэмээн надад хүсэлт тавьж байсан л даа. Би тухайн үед яасан ч эрээ цээргүй юм бэ дээ гэж бодоод өнгөрсөн. Уг нь эхлээд ядаж зохиогчдоос нь зөвшөөрлийг нь авчих нүүртэй байх нь зүйтэй болов уу. Жишээлбэл, би Галсанбат ахын зохиосон Дуламсүрэн эгчийн дуулсан “Миний аз жаргалын дуу”-г Галсанбат ахын зөвшөөрлөөр дуулдаг юм. “Зүүдний говь” дууг хөгжмийн зохиолч Чинзориг, яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай хоёр маш их таалж хүлээж авсан. Чинзориг гуайг нас барж сүүлийн замд нь үдэхэд миний дуулсан “Зүүдний говь”-иор үдсэн юм билээ. Ийм жишиг бий л дээ. Ер нь зохиогчийн эрхийг хамгийн их баримталдаг телевиз гэж ярьдаг “Монгол HD” телевиз цаашдаа үүн дээрээ анхаарлаа тавих байх. Мэдэж байгаа байлгүй. Чойжоо бид хоёрын дуулсан “Өнчин ганц улиас” дууг Хулан гэж охин их гоё дуулсан. Надад бол таалагдсан. Чойжоо бид хоёрын дууг дахиад моданд оруулж чадсан.

-Та уран бүтээлийнхээ зэрэгцээгээр өөр юунд цаг заваа зарцуулж байна вэ. Эрүүл зөв хооллолт, гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Миний үндсэн хобби дуу л даа. Дуугаараа ганцхан амь зууж байгаа хүн. Эрүүл зөв хооллолт, мацаг барих хичээлд сонирхон суудаг. Ер нь ориг монгол хэв маягаар амьдрахыг хичээдэг хүн гэх үү дээ. Сайхан хонины толгой чанах, хуушуур буузандаа монголчууд угийн дуртай. Би сүүлийн үед хөдөлгөөнт иогоор хичээллэх болсон. Хаврын энэ цагт бол цэвэрлэгээний детоксийг өөртөө хэм хэмжээг нь тааруулаад барьчихдаг. Миний насны эмэгтэйчүүд учиргүй хээнцэр ганган байх тухай биш бодит зүйлээр бас онгирч болох л доо. Тухайлбал, ухаанаараа онгирч болно. Эсвэл маш амжилттай хийсэн уран бүтээлээрээ гангарч онгирч болно шүү дээ. Бас бусдын амжилтаар бахархаж, үлгэр жишээ авах ёстой гэж боддог. Манай Монголд хөдөлмөрч, мундаг уран бүтээлчид, хүмүүс олон байна.

-Дуулсан дуу болгон нь хит болдог дуучин ховор. Таны хувьд дуу бүхэн тань хүний сэтгэлд хүрч, дийлэнх нь хит болж чаддаг. Авьяас, чадвараас гадна таны өөрийнхөөрөө баггүй байдаг зан чанарт үзэгч фэнүүд чинь дуртай ханддаг байх гэж бодогддог шүү?

-Би энэ тухай бодох бүртээ “Төрийн минь сүлд өршөө” гэж дотроо хэлдэг. Ийм сайхан эх оронд төрж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж 30 гаруй жилийн турш уран бүтээлээ туурвиж яваа минь их аз завшаан.

Амьдрал бол аялал гэсэн үг байдаг. Та ойрд хэр аялж байна вэ?

-Би аялах маш дуртай. Уран бүтээлч хүний сайхан талын нэг нь олон сайхан хүнтэй уулзаж, олон газраар явж олонтой учирдаг. Би ажил их, ачаалалтай, маш сайн ажил хийснийхээ дараагаар бол бүр ч аялах дуртай. Эх орныхоо үзэсгэлэнтэй газруудад аялах үнэхээрийн дуртай. Энэ жил Өмнөговь аймгаар аялахаар төлөвлөчихсөн сууна. Хүүхдүүддээ говийг үзүүлнэ. Сая Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав продюсероор ажилласан “Говийн домог” нэртэй гайхалтай сайхан кино үзлээ. Яруу эгшиглэнт морин хуурын гайхамшгийг энэ кинонд гайхалтай уран сайхнаар гаргаж өгсөн. Би тэр киног үзээд тоглолтынхоо өмнө ёстой нэг сайхан дотор онгойж, цэнэг авна гэдэг болсон доо.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабар “Мөнхийн хөршийн мөнхийн гомдол” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Тэргүүн” нүүрт “Монголын арилжааны банкуудын зэрэглэлийг олон улсын үнэлгээний байгууллагууд дээшлүүлж эхэллээ” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор буруу зүйл хийгээгүй бол хүн хэлмэгдүүлж болохгүй” хэмээн ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Мөнхийн хөршийн мөнхийн гомдол” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

ЦЕГ-ын Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Буян-Өлзий “Хөдөө орон нутгийн иргэдийг мэдээлэл багатайгаар нь далимдуулж залилж байна” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьсан байна.

МУИС-ийн Социологи Нийгмийн ажлын тэнхмийн багш, доктор профессор О.Мөнхбат “Горьдлого тасарсан ард түмэн далдын хүчинд итгэж, үндэсний баатрын эрэлд гардаг” хэмээн “Нийгэм” нүүрт ярьжээ.

“Эдийн засагт бодит эргэлт авчрах “Замын үүд ложистикийн төв” энэ ондоо багтаж ашиглалтанд орно” хэмээн өгүүлснийг “Энэ тухай” нүүрээс хүлээн авч уншаарай.

Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол “Горькийн сургуульд Дашзэвэгийн Сэнгээгээс би хуулж явлаа” гэж Гамзатов хэлж билээ хэмээн “Өд бэх” нүүрт ярьсан байна.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Өлзий-Орших “Үүлэн цэнхэр хангай”-д дургүй хүн Ар, Өвөр Монголын хаана ч алга хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьжээ.

“Өдрийн сонин”-ы “Спорт” нүүрт Пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер Э.Зоригтбаатар “Аливаа нэг зүйлийн төлөө дөрвөн жил тууштай хөдөлмөрлөхөд амжилт заавал ирдэг” хэмээн ярьсан байна. Тэрээр WPC холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд суулт, шахалт, таталтын нийлбэр 875 кг-ыг өргөж дээд амжилт тогтоосон юм.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч генерал цолыг хасах зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Цол хасах тухай зарлиг гаргалаа.

Зарлигт:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэжээ.