Categories
мэдээ спорт

Уран хөдөлгөөнт гимнастикийн аваргууд тодорлоо

Цэцэрлэгийн хүүхдүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний эвсэл суулгах, СӨБ орчин дахь бие бялдрын сургалт хүмүүжлийг сайжруулах зорилготой Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1973 оноос хойш тасралтгүй 48 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын 2018 оны аварга шалгаруулах Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн хоёр үе шаттай зохион байгуулагдаж эхний шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд есөн дүүргийн 128 цэцэрлэгийн 3840 хүүхэд, багачууд оролцсон бол нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд есөн дүүргийн 27 цэцэрлэгийн 810 хүүхэд, багачууд ур чадвар, авьяасаа сорин өрсөлдөж тэргүүн байрт Баянгол дүүргийн 94-р цэцэрлэг, II байрт Сонгинохайрхан дүүргийн 113-р цэцэрлэг, III байрт Баянгол дүүргийн 85-р цэцэрлэг, IV байрт Сонгинохайрхан дүүргийн 110-р цэцэрлэг тус тус шалгарлаа.

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос цэцэрлэгийн хүүхдүүдийн заавал хийх хөтөлбөрт дасгалыг хоёр жил тутам шинэчлэн боловсруулж, цэцэрлэгийн багш, арга зүйчдэд сургалт явуулан заах арга зүйн ур чадварыг дээшлүүлэх ажлыг тогтмол хийж ирлээ гэж Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим бодлогын түр хороо байгуулахыг дэмжив

УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Дэлхий дахинд мэдээлэл харилцааны технологи ашиглан газар зүйн байршил, хүний амын тоо, эдийн засгийн боломжоос төдийлөн хараат бусаар хөгжлийн шинэ эрэмбэд хүрсэн жишээ, загварыг ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэн баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох санал дүгнэлт боловсруулах зорилго бүхий “Цахим бодлогын түр хороо” байгуулах зайлшгүй шаардлага үүссэн хэмээн үзэж тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, “Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах, цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн салбарын давуу талыг ашиглаж улс орны эдийн засгийг хурдасгах зэрэг өргөн боломж байна. Мэдээллийн технологийн салбар нь бага зардлаар их үр дүнд хүрч болдог салбар. Иймд “Цахим бодлогын түр хороог байгуулж холбогдох санал дүгнэлт боловсруулахын зэрэгцээ салбарын багц хуулиудыг УИХ-д оруулж ирэх болно” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Манай улс интернэт хэрэглээгээрээ дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр. Гэхдээ энэхүү орчны аюулгүй байдал их чухал” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Өнөөдөр сонин уншдаг хүн гэж байхгүй боллоо. Зурагт үздэг хүмүүс ч цөөрч, мэдээллийг цахимаар авдаг болсон байна. Гэтэл Монгол Улсад энэ орчны аюулгүй байдал бүрэн хангагдаагүй байгааг анхаарах хэрэгтэй. Иймд эл асуудлыг анхаарч ажиллаарай. Түүнчлэн цахим орчинд улстөржих явдал хэрээс хэтэрч, зохион байгуулалтад орж байгаа тул үүнээс сэргийлсэн хууль эрх зүйн орчныг чангатгах хэрэгтэй” гэхэд УИХ-ын гишүүн Н.Энхболд, “Түр хороог яагаад байгуулдаг, хэрхэн ажилладаг, хэзээ хугацаа нь дуусгавар болдгийг өмнө нь хэлж зөвлөж байсан. Түр хороонд ажиллах хүмүүс үр дүнтэй ажиллаарай” хэмээн захьлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад “Цахим бодлогын түр хороо” байгуулахыг олонх дэмжив.

Categories
мэдээ нийгэм

Үүрэн телефоны оператор компаниудад мэдэгдэл хүргүүллээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үүрэн телефоны Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл компанид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга дээр харилцаа холбооны цамхаг байгуулахдаа барилгын зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх, коридор, вестибюлд хана өрж тасалгаа гаргах, агааржуулалтын сувгийг өөрчлөн ашигласан зэрэг зөрчил гаргасан тул мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдэлд үүрэн холбооны оператор компаниуд техник, тоног төхөөрөмж, цамхаг, антенийг дээрх барилгуудаас шилжүүлж, “Харилцаа холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу зайлшгүй шаардлагтай тохиолдолд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаас цамхгийн өндрийн 120 хувиас багагүй зайд, мөн сургууль эмнэлгийн байгууллагаас 150м-ээс багагүй зайд цамхаг байгуулж харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээний тасралтгүй найдвартай ажиллагааг хангуулж ажиллахыг дурджээ.

Түүнчлэн барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх, барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй хэрэгжилтийг хангуулах, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах тодорхой арга хэмжээ авч биелэлтийг 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөрт багтаан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлэхийг мэдэгдлээ. Хэрэгжилийг ханган ажиллаагүй, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд “Зөрчлийн тухай” хуулийн 12.1 болон 14.1 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно.

Categories
мэдээ эдийн-засаг

Төв банкны эссэ бичлэгийн уралдаан түрүүлсэн бүтээлүүд

Монголбанкны Тамгын газраас нийт ажилтнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг олон нийтийн арга хэмжээний нэг болох шилдэг эссе шалгаруулах уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаан нь ажилтнуудыг идэвхжүүлэх, карьерийн замналыг хөгжүүлэх, мэдлэгийн хүрээг тэлэх, бичиж сэтгэн бодох ур чадварыг дэмжих зорилготой бөгөөд энэ удаад “Төв банкны ажилтны нийгмийн хариуцлага” сэдвийн хүрээнд эссенүүдийг хүлээж авснаас дараах оролцогчдын бүтээл эхний 3 байрт шалгарлаа. Үүнд:

I байр: Нөөцийн Удирдлага, Санхүүгийн Зах Зээлийн газрын эдийн засагч Х.Саруул

II байр: Мөнгөний бодлогын газар, Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл

III байр: Судалгаа, Статистикийн газрын эдийн засагч Б.Ананд

Та бүхэнд уралдаанд шалгарсан бүтээлүүдийг эх хувиар нь танилцуулж байна.

Нэгдүгээр байр: Х.Саруул /Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газрын эдийн засагч/

Суурь зарчим ба Монгол улсын хөгжил

Анх Монголбанкны өндөр босгыг давж ажилд ороход миний бие эдийн засгийн онолын зах зух ойлголтоос цаашгүй Монгол орныхоо нийгэм, эдийн засгийн онцлог, түүний ирээдүйн талаар А гэх ойлголтгүй нэгэн байлаа. Ажилд орсон анхны жил Монголбанкны ажилчдын дунд зарлагдсан эссе бичлэгийн уралдаанд би “Улс орнуудын мөхлийн шалтгаан” нэртэй хөгжлийн эдийн засгийн номноос улбаалсан “Институци улс орны тогтвортой хөгжлийн үндэс” гэсэн миний хувьд ахадсан том сэдвийг сонгон оролцож байсныг тод санаж байна. Гэтэл чадварлаг хамт олны хүрээлэлд орж, мөр зэрэгцэн ажилласан 3 жилийн хугацаанд тэнгэрт явсан миний ойлголтууд газардаж, асуудлыг илүү амьдралд ойроор харахыг хичээх болсон байна.

Улс орны тогтвортой, хүртээмжтэй хөгжилд институцийн хөгжил чухал гэж үздэг эдийн засагчдын дүгнэлтэд, мөн хууль, дүрэм үйлчилдэг оронд тодорхой бус байдал багасаж, шинэ санаагаа чөлөөтэй хэрэгжүүлэх бизнес эрхлэгчдийн боломж нэмэгдэж, хөрөнгө оруулалт хийх улс орнуудын итгэл өсдөг гэдэгт миний бие одоо хэр эргэлзэхгүй байна. Харин “Хэрхэн институцийг богино хугацаанд хөгжүүлэх вэ?” гэдэг асуултад судлаачид нэгдмэл байр сууринд хүрээгүй байна.

Нэг хүнд ногдох ДНБ нь 320 ам.доллар хүрдэггүй байсан Сингапур улсыг сүүлийн 50 жилийн хугацаанд өндөр хөгжсөн улс орнуудын түвшинд хүрэхэд Ли Куан Ю-гийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэх нийтлэг хандлага байдаг. Гэтэл ганц лидер тус улсын бүх иргэдийг түүхийн харьцангуй богино хугацаанд хууль, дүрмийг чанад сахидаг нийгмийн хариуцлагатай гишүүд болгон төлөвшүүлэх боломжтой юу? Анх 1819 онд Томас Стэмфорд Раффлес Сингапурыг Их Британы колон болгох ажлыг эхлүүлж, 144 жилийн турш тус улс Английн хууль, дүрмээр амьдарсан түүхээс харвал, Сингапурын хөгжил дэвшил Английн колоничлолын үеэс эхлэлтэй гэж хэлж болох юм.

Эндээс шилдэг удирдагч төрдөг үү? эсвэл шилдэг удирдагчийг улс орон төрүүлдэг үү? гэсэн сонирхолтой асуулт урган гарна. Үүнд Карл Маркс Францийн ангийн ялгаа, тэгш бус байдал Наполеоныг төрүүлсэн гэж хэлсэн байдаг. Харин College London их сургуулийн судлаачид гений мэдээлэл тэр дундаа rs4950 ген удирдагчийн чухал шинж чанарыг агуулдаг болохыг тогтоосон ч хүний амьдралын туршлага, хүрээлэн буй орчин удирдагчийн шинж чанараа хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг дурдсан байгаа нь дээрх асуултын хариулт байж болохоор санагдаж байна.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа усан боомтоос өөр баялаггүй байсан Сингапур улсын нөөц шавхагдаж, хөрш зэргэлдээ Малайз, Индонез зэрэг улсын эрхшээлд орох эсэх асуудал яригдаж байв. Тухайн үед Англи улсад боловсрол эзэмшсэн Ли Куан Ю гадны хөрөнгө оруулагчдыг эх орондоо урьж, тогтвортой төр, хууль, эрх зүйн орчинг санал болгох шийдвэрийг гаргасан. Хэрвээ Сингапур өмнө нь Английн колони байгаагүй бол Ли Куан Ю-ийн тогтвортой төр, эрх зүйн орчны талаарх шийдвэрийг олон үндэстний нэгдэл болсон ард түмэн нь ойлгож, хүлээж авах байсан болов уу?

Монгол улс чөлөөт зах зээлийн эдийн засагтай, ардчилсан орон болоод 27 жил болсон байна. Энэ хугацаанд бид өндөр хөгжсөн улс орнуудыг харж, дуурайж, үлгэр жишээ авч ирсэн. Гэтэл сууриа муу тавьсан өндөр барилга лугаа адил бид ганхаж, төөрөлдсөөр байна. Монгол улсад эрх зүйд захирагдах ёсыг хэрхэн нутагшуулах вэ? Агуу удирдагч гарч ирэхийг хүлээх үү? Эсвэл дайн дажин, колоничлол биднийг дүрэм дагадаг хариуцлагатай үндэстэн болгох юм уу? Миний хувьд хариулт нь аль аль нь биш. Бид нэгэнтээ урт хугацаанд туршиж, сурах замыг сонгосон гэж бодож байна.

Сахилга батгүй төр, сахилга баттай ард иргэд зэрэг орших боломжгүй. Гэхдээ институцийн орчинг бүрдүүлэх ажил цор ганц 76 гишүүний үүрэг биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Монгол улсад институцийн орчинг бүрдүүлэхэд Монголбанкны ажилчдын эрх мэдэл, үүрэг хариуцлага чамлахааргүй их гэж би боддог. Бид Монгол улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, санхүүгийн сектор тэр дундаа банкны секторын тоглоомын дүрмийг тодорхойлохын зэрэгцээ тус салбартаа сурган хүмүүжүүлэгчийн үүргийг давхар гүйцэтгэн ажиллаж байна. Салбарынхаа сурган хүмүүжүүлэгчийн хувьд миний бие хэдэн суурь зарчмыг институцийн хөгжлийн түлхүүр гэж үзэн өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгохыг эрмэлзэж ирсэн. Энд би эдгээр зарчмуудыг дэлгэрүүлэн авч үзье.

Нэг. Дүрэм бол дүрэм

Монгол улсыг хүнээр төсөөлбөл 6 настай хүүхэд, хурдацтай хөгжиж буй Хятад, Энэтхэг зэрэг улсыг 16 настай өсвөр насны хүүхэд, харин хөгжлийн өндөр түвшинд нэгэнт хүрсэн Америк, Англи, Японыг нас биед хүрсэн бие хүн гэж үзэж болох юм. 6 настай хүүхдэд болох болохгүйг тогтмол зааж сургаж байдагтай адил монголчуудад дүрэм, журмыг хэвшил болгох асуудал тулгамдаж буй асуудал хэвээр байна. Гэтэл бид нялх балчир Монгол улсыг хөгжингүй орон луугаа адилтгаж зөнд нь орхиж хэрхэвч болохгүй.

Зарим хүмүүс Монголчуудыг арчаагүй, хуулийг гууль болгодог, дүрэм мөрдөж мэддэггүй гэж хэлж байгаа сонсогддог. Гэтэл 6 настай хүүхдэд бид ийм шүүмжлэл хэлэх байсан уу? Мэдээж үгүй. Бид илүү зааж сургах байсан болов уу? Олон улсын валютын сангийн сургалтад сууж байхад Дьюк их сургуулийн профессор Connel Fullenkamp “Муу хууль байж болно. Гэхдээ тэр хуулийг засах хүртэл зүгээр л мөрдүүл” гэж хэлж байсан санаанд орж байна. Өөрөөр хэлбэл, хууль бол хууль түүнийг шүүмжилж болох ч мөрдөхгүй байж болохгүй гэдэг ойлголт хүн бүрт байх ёстой.

Монголбанкны эдийн засагчид энэ асуудалд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой хүмүүс. Өдөр тутам бид Монголбанкны хууль, журмыг банкаар мөрдүүлж ажиллаж байна. Бид хууль, журмыг бусад арилжааны банкуудаар мөрдүүлж ажиллахдаа чухал, чухал биш гэж ялгаж, салгалгүй жигд мөрдүүлэх чиглэлийг баримталж ажиллах ёстой. Жишээ нь, саяхан санаандгүй дүрэм зөрчсөн нэгэн банкинд арга хэмжээ авах шийдвэр гарахад ганц удаа алдаа л биз өршөөгөөд өнгөрөөж болдоггүй юм уу гэсэн үг дуулдаж байсан. Санаатай ч бай, санаандгүй ч бай дүрэм зөрчсөн бол арга хэмжээ авах ёстой.

Би банкуудыг бас л 6 настай хүүхэд гэж хардаг. Тэднээс дүрэм мөрдөхийг шаардана, тэд хэсэг хугацааны дараа мартаж эхэлнэ. Би дахиад л шаардлагаа тавина, харин яваандаа тэд сурч эхэлдэг. Банкинд шинэ ажилтан ороход банк өөрөө сургахгүй юмаа гэхэд бид тэдэнд дүрэм биелүүлж ажиллахыг эхнээс нь сануулж, сургах хэрэгтэй. Учир нь бусдыг дэг журамд сургах ажлыг би өөрийн зүгээс эрх зүйг дээдэлсэн улсыг бий болгоход оруулж буй хувь нэмэр гэж хардаг. Тиймээс Монголбанкны ажилтан бүр өөрөө дүрмийг сахиад зогсохгүй, өөрийгөө багш мэт бодож бусдад шаардлага тавьж ажиллах хэрэгтэй.

Хоёр. Эх оронч үзэл

Эх оронч гэдэг үгийг би цээжээ дэлдсэн, баримт үндэслэлгүй, хэт сэтгэл хөдлөлд автсан үг яриа, үйлдэлтэй хэсэг бүлэг хүмүүсээр төлөөлж ойлгодог байлаа. Гэтэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд эх оронч байх нь миний хувьд илүү гүн утга агуулгатай ойлголт болсон. Эх оронч хүн юуны өмнө амин хувиа бодолгүй, үр хүүхдийнхээ болон энгийн иргэдийн ирээдүйг худалдаж, өнөөдрийн зугаа цэнгэлийг урьтал болгохгүй шударга хөдөлмөрөөр амьдарч буй манай улсын жирийн иргэд, албан хаагчид юм.

Дэлхий нийтийн авилгын хэмжүүр 2007 судалгааны ажлын тайлангаас харахад хөгжиж буй болон хөгжингүй орнуудын авилга, хээл хахуулиас ядуу гэр бүлүүд хамгийн их хохирдог болохыг тогтоосон байдаг. Үүнийг энгийн нэг жишээгээр тайлбарлахыг хичээе. Засгийн газар том компаниудыг дэмжих зорилгоор үр ашиггүй төсвийн бодлого явуулж, их хэмжээний төгрөг зах зээлд нийлүүлснээр ханш сулрах дарамтыг нэмэгдүүлсэн гэе. Ханш суларснаас үүсэх уг дарамт хэнд хамгийн хүнд цохилт болох вэ? Импортын бараанаас хэт хараат манай улсын орлого багатай өрхүүдэд хамгийн хүнд цохилт болно. Үүгээр би том компаниудыг дэмжих бодлого буруу гэж хэлээгүй. Харин бодлого боловсруулагчийн хувьд бодлогын үр ашиг юу вэ? бодлогын зардал юу вэ? гэдгийг үргэлж анхаарах хэрэгтэйг сануулах гэсэн юм. Хэрвээ бодлогын үр шимийг зөвхөн баячууд хүртэж байгаа бол үүнийг би эх оронч бодлогын шийдвэр гэж хэлэхгүй байх байсан.

Эх оронч үзэл институцийн хөгжилд чухал. Учир нь нийгмийн чинээлэг цөөнхийг дэмжих нийгэмд хүртээмжгүй бодлогыг эсэргүүцэх, хууль, дүрмийг сахин биелүүлж, түүнийг гуйвуулахын эсрэг зогсох хүч эх оронч хүнээс л гарна.

Гурав. Шунал ба хувиа хичээсэн үзэл

Эрүүл бус ашиг сонирхол гэж бусдын боломж, чадамжийг дүрмийн бус аргаар дордуулж, ашиг хонжоо эрэлхийлэхийг хэлнэ. Хувиа хичээсэн үйлдлээсээ болж эх оронгүй болсон эрх мэдэлтнүүдийн тоо битгий олшроосой гэж би боддог. Тэдгээр хүмүүс эд хөрөнгийг ямар их үнэ цэнээр олж авснаа ойлгох болов уу?

Монголбанкны ажилчдад шударга бус байдлын эсрэг зогсох эрх мэдэл, боломж хангалттай бий. Бодлогын санал боловсруулах ажил бол бидний хамгийн хариуцлагатай ажил юм. Бид хэдий чинээ бодлогын санал боловсруулахад цаг хүч зарна, төдий чинээ удирдлага зөв шийдвэр гаргах боломжтой болно. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан бодлого, нийгмийн өмнө хүлээсэн ёс суртахууны үүрэг дээрээ хатуу зогсох зориг, сэтгэлийн тэнхээ бидэнд хүрэлцэх ёстой.

Зохиолч, философич Жорж Сантаяана “Өнгөрснөө санадаггүй хүн түүнийг давтах тавилантай” гэж хэлсэн байдаг. Дэлхийн улс орнуудад муу, сайн бодлого хэрэгжүүлсэн түүх олон бий. Аливаа бодлогын зардал, үр ашгийг мөнгөн дүнгээр тооцох боломжгүй байгаа тохиолдолд түүхээс суралцах арга зам бидэнд үргэлж байдаг. Явцуу, хувиа хичээсэн зорилгод чиглэсэн бодлогын шийдвэр эцэстээ ямар үр дүнд хүргэдгийг түүхээс харж болно. Иймд Монголбанкны ажилтны боловсруулсан бодлогын санал эх оронч биш хүнийг эх оронч болтол, хувиа хичээсэн хүнд бусдын төлөө зүтгэх итгэл үнэмшил төрүүлтэл, бодит баримтууд дээр суурилсан, нийгмийн сайн сайхны төлөө байх ёстой.

Төр засаг өөрчлөгдөж, сайн, муу удирдагчид ээлжлэн солигдох болно. Гэхдээ Монголбанкны ажилтны суурь зарчим тэдгээр өөрчлөлтийг даган хувьсах ёсгүй. Нөхцөл байдалд уян хатан хандахын зэрэгцээ суурь зарчмаасаа хазайхгүй ажиллах сонголт бидэнд үргэлж олдоно гэдэгт би итгэлтэй байна.

Хоёрдугаар байр: Б.Түмэнцэнгэл /Мөнгөний бодлогын газар, Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал/

ТӨВ БАНКНЫ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Ѳнѳѳдѳр Монголын томоохон аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын талаар баримтлах тодорхой зарчимтай, хэрэгжүүлсэн бодит ажилтай ч болжээ. Цөөнгүй байгууллага, компаниуд цахим хуудсаараа ч, сошиал хуудсууд эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгмийн хариуцлагатай болохоо сурталчилж буйг Ta хаа нэгтээ анзаарсан болов уу.

Нийгмийн хариуцлагын хүрээнд ихэнх байгууллагууд хуулийг чандлан сахиж буй байдал, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, хүрээлэн буй байгаль орчиндоо ээлтэй байдал, ажиллагсад болон нийгэмдээ ѳгѳх ѳгѳѳж гэх мэт зүйлсийг онцлох нь түгээмэл байна. Тэр дунд мод тарих, сайн дурын ажил хийх, хандив тэтгэлэг ѳгѳхѳѳс эхлээд ажлын байрны таатай орчны бүрдүүлэлт, эко тоног тѳхѳѳрѳмж, технологийн ашиглалт гэх мэт олон тѳрлийн санаа санаачилгуудыг жишээ болгон дурдаж болно. Ялангуяа бизнесийн байгууллагуудын хувьд иймэрхүү хичээл зүтгэл нь эргээд тухайн компанийн нэр хүнд, ажилтнуудын сэтгэл ханамж, үйл ажиллагааны зорилгын биелэлт, дунд урт хугацааны бизнесийн тогтвортой байдалд эерэг нѳлѳѳтэй тул хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд ч үнэ цэнийг бий болгодог нь цөөнгүй судалгаагаар тогтоогдсон байдаг [1]. Иймд сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс орнуудад компанийн нийгмийн хариуцлага (CSR)-ын асуудал чухал сэдэв болж, энэ төрлийн үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүд идэвхжих боллоо.

Харин тѳв банк, тѳв банкны ажилтны нийгмийн хариуцлага юу байх вэ, Монголбанкны хувьд ямар байх вэ гэдэг нь сонирхолтой асуулт юм. Хувийн сектороос ялгаатай нь тѳв банкуудын үйл ажиллагаа өөрөө бизнесийн ашгийн төлөө бус, харин нийгмийн сайн сайхны тулд, нийтийн эрх ашгийн тѳлѳѳ чиглэгддэг. Тѳв банк инфляци болон санхүүгийн системийг тогтвортой байлгах үндсэн зорилгоо сайн биелүүлснээр улс орныхоо эдийн засгийг тогтвортой байлгахад хувь нэмэр оруулж, улмаар нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлнэ гэдэг үзэл өнөөдөр олон улсын жишиг, тогтсон ойлголт болжээ.

Тэгэхээр, Монголбанкны ажилтан бүр ѳѳрт ногдсон ажлаа сайн хийж гүйцэтгэх, ингэснээр Тѳв банк хуулиар зааж ѳгсѳн мандатаа амжилттай биелүүлэх нь Та бидний нийгмийн ѳмнѳ хүлээсэн хамгийн том үүрэг хариуцлага гэж ойлгогдоно. Иймд, хүн бүр “институцийнхээ том зорилгын төлөө урдах ажлаа сайн хийе” гэсэн сэтгэхүй, идэвх зүтгэл чухлаар тавигдана. Яг л Жон Кеннеди NASA-гийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа шал шүүрдэж зогссон нэгэн ажилтнаас “Та юу хийж байна вэ?” гэж асуухад, “Би хүн төрөлхтнийг сар луу нисэхэд тусалж байна” гэж хариулсан шиг тийм сэтгэхүй, хандлага Төв банкны ажилтны нийгмийн хариуцлагын үндэс болно гэсэн үг. Гэхдээ миний бодлоор дан ганц урдах ажлаа сайн хийх нь хангалтгүй юм.

Хэдийгээр Монголбанкны эдийн засагт гүйцэтгэх үүрэг, үүнтэй холбоотой нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага нь хуулиар тодорхой бѳгѳѳд ойлгомжтой ч, хүрээлэн буй орчны асуудлууд, нийгэмд үзүүлэх эерэг нөлөө гэх мэт нийгмийн хариуцлагатай холбоотой бусад зүйлс дээр Төв банкны ажилтнууд их зүйлийг хийх боломжтой. Монголбанкны хувьд, яг “нийгмийн хариуцлага” гэдэг нэр томъёолол хэрэглэдэггүй ч энэ чиглэлээр аль хэдийн хийгдсэн ажлууд олон бий ( жишээ нь мод тарих, малчдад хандив өгөх, оюутан сурагчдад лекц унших г.м.). Тэр дундаас иргэдэд, нийгэмд хандаж Төв банк, Төв банкны ажилтнууд маш их зүйлийг хийж, өндөр хувь нэмэр оруулж чадна гэдгийг Монголбанкны нийгэмтэй огтолцох цэг болсон “олон нийттэй харилцах цонх” дээр ажиллаж үзсэн туршлага дээрээ үндэслээд баттай хэлж чадна.

Нэг талаас Монголбанкны төв болоод орон нутгийн бараг бүх нэгжийн ажилтнуудтай нүүр тулан уулзаж, хамтарч ажиллах үед үргэлж мэдрэгдэж байсан нэг зүйл бол өндөр ур чадвар, арвин их мэдлэг байв. Харин нөгөө талаас төв болон орон нутгийн Монголын голлох хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл (сэтүүлчид), хот хөдөөгийн Монголын нийгмийн олон хүрээллийн зорилтот бүлгүүдэд хандан лекц-сургалтуудыг хийх явцад эдийн засагтай холбоотой үнэн бодит мэдээлэл нийгэмд маань маш их дутагддаг нь тодоор ажиглагдсан юм. Иймд Төв банкинд олон жилийн турш хуримтлагдсан маш их мэдээлэл, суурь мэдлэгийн нөөц болсон Монголбанкны ажилтнууд өөрт байгаа мэдлэг, мэдээллээ нийгмийн тодорхой бүлгүүдэд үр дүнтэй байдлаар хүргэх нь нийгмийн сайн сайхныг дээшлүүлэхэд том хувь нэмэр болох болов уу. Өөрөөр хэлбэл, Төв банкны ажилтан бүр мэдлэгийг түгээх өндөр потенциальтай гүүр байх боломжтой.

Гэхдээ энэ нь тийм ч амар зүйл биш юм. Учир нь “Би жирийн иргэн учраас гэрийнхээ хажуугийн банкаар л үйлчлүүлдэг. Харин Монголбанкаар их мөнгөтэй хүмүүс л очиж үйлчлүүлдэг байх” гэж ярих дутуу мэдээлэлтэй хүмүүс цөөнгүй тааралддаг. Үнэхээр ч иргэдийн дунд түүвэр судалгаа хийгээд үзэхээр олонх нь Монголбанк юу хийдгийг сайн мэддэггүй, ойлгодоггүй, Монголбанкинд сайн итгэдэггүй гэсэн үр дүн гардаг[2] . Түүнчлэн, хэрэв Та Монголбанкны Ерөнхийлөгч байсан бол юу хийх вэ гэдэг асуултад “Эдийн засагт ажлын байр бий болгоно” гэдэг хариултыг хамгийн эхэнд тавьдаг бөгөөд инфляци, санхүүгийн тогтвортой байдалтай холбоотой Төв банкны үндсэн зорилгуудыг хамгийн сүүлд тавих хүн олон байна[3].

Иргэдийн энэхүү ташаа ойлголт, дутуу мэдлэг, үл итгэх байдал нь эргээд нийгмийн зүгээс Монголбанкны хийх ёсгүй зүйлсийг шаардах (энэ нь улстөрийн дарамт болж төв банкин дээр ирэх), хэрэгжүүлж буй бодлогын үр дүнтэй байдалд сөргөөр нөлөөлөх зэрэг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй. Улмаар Монголбанк зорилгоо биелүүлж чадахгүй байх, энэ нь эргээд эдийн засагтаа болоод нийгэмдээ ихээхэн сөрөг үр дагаварыг бий болгох өндөр эрсдэлийг үүсгэдэг. Тийм ч учраас Монголбанкаар овоглогдож буй 500 орчим ажилтан өөрт байгаа мэдлэгээсээ хуваалцах нь нийгмийн өмнө хүлээх хариуцлагаас гадна, NASA-гийн ажилтны хэлдгээр “хүн төрөлхтнийг саран дээр аваачих” институцийн том зорилгодоо хүрэх боломжийг дээшлүүлэх нэг чухал арга зам юм.

Үүнийг мэдээж ямар ч хэлбэр, олон төрөл янзаар хийх боломжтой. Заавал албан ёсны нүсэр хурал цуглаан, лекц сургалт гэлгүйгээр өдөр тутмын амьдрал дундаа ч хамаатны дүү нар, эсвэл хүүхдийнхээ ангийн найзуудад зориулсан энгийн мэдлэг олгох яриа байсан ч багадахгүй. Мөн цахим орчинд эрчимтэй мэдээлэл тархах болсон өнөө үед эдийн засгийн энгийн мэдлэг олгох сошиал постууд байсан ч болно. “Далайд дусал нэмэр” гэдэг үг санамсаргүйгээр зохиогдоогүй болов уу. Ер нь нийгмийг бүрдүүлэгч иргэд нь төв банкаа мэддэг, үйл ажиллагааг нь ойлгодог, итгэдэг, дэмждэг байх нь төв банкуудын зорьж буй зорилт амжилттай биелэх чухал ач холбогдолтой. Тийм ч учраас өнөөдрийн төв банкуудын хувьд шийдвэрээ нийгэмд ойлгуулах үйл ажиллагаа нь бодлогын чухал арга хэрэгсэл болж, харин нийгэмд мэдлэг түгээх үйл ажиллагаа нь нийгмийн хариуцлагын чухал бүрэлдэхүүн хэсэг нь болох чиг хандлага ажиглагдаж байна.

Гуравдугаар байр: Б.Ананд /Эдийн засагч, Судалгаа, Статистикийн газар/

Сүүдрэн бие

Юуны өмнө хариуцлага гэдэг ухагдахууныг томьёолох нь зүйтэй. Энэхүү ойлголт нь шинжлэх ухааныг түлхэх хөшүүрэг болтлоо хөгжсөн байх юм. Миний хувьд хариуцлага гэдэг нь эрхийг эдлэхийн зэрэгцээ үүсэх үүргээ биелүүлэх, нөгөө талаас ямар нэгэн зүйлийг, хэн нэгнээс хүртсэнийхээ хариуд барих бэлэг гэж ойлгодог. Ингээд үзэхээр хариуцлага гэдэг зүйл харьцангуй хийгээд маш энгийн цар хүрээг хамарч байдаг байх нь. Ажил албан дахь хариуцлага, ар гэрийн хариуцлага, анд нөхдийн хариуцлага… Эдгээр ухагдахуун тус бүрийн талаарх бодол бидний тархинд гялс хийх төдийд бие хүн бүрт өөр өөрийн гэсэн бодлын орчил бий болж байдаг нь гайхалтай.

Тэгвэл, Нийгмийн хариуцлага? Төрийн нийгмийн хариуцлага гэдэгт төр иргэнээс татвар авсан бол нийгмийн хамгааллыг үзүүлэх ёстой гэсэн энгийн бөгөөд төгс гэмээр тайлбарыг өгөх хүртлээ хүн төрөлхтөн бидний соёлт нийгмийг цогцлоон байгуулсны дүнд үүсэх хамгийн эрхэм чанаруудын хэлхээ болсоор иржээ. Бид нийгмээс авсныхаа хэрээр өгдөг, үймүүлэн сүйтгэсэн шигээ бүтээн байгуулдаг, хүндлэл хүлээсний хэрээр дээдэлдэг, боловсрон хөгжсөнийхөө үр шимээр залгамжаа бэлддэг зэрэг эргэх холбоонд оршсоор ирсэн учир энэхүү ойлголт марташгүй эрхэмлэх зарчим болтлоо бидний тархинд суусан, суух ч ёстой тунхаг болсон байх!

Хувь хүн бүр сайхныг эдэлж, саарыг туулсныхаа дүнд эргээд хүлээх хариуцлага хэмжигдэж, нийгмийн амьдралд оролцож эхэлсэн тэр хормоос хариуцлага гэх “сүүдрэн бие”-ийг араасаа дагуулдаг. Дагуулж байх нь ч зохилтой юм.

Тэгвэл төв банкны ажилчид бид нийгмээс юуг авсан хийгээд юуг өгөх ёстой вэ? Энэ асуултад хариулахын өмнө бид нэг зүйлийг өөрөөсөө асуух нь зүйтэй. Миний эрхэлж буй ажлын үр өгөөжийг хэдэн хүн хүртдэг вэ? Талхчин талхаа л барина, гуталчин гутлаа л хийнэ, харин төв банкны ажилтан талхчин, гуталчин хийгээд энэ улсын иргэн бүрийн эцсийн зангилаа болох эдийн засгийн залуурыг атгаж суудаг хүн юм. Тэгэхээр төв банкны ажилтан энэ нийгмээс эрх мэдэл гэдэг зүйлийг авсныхаа хариуд эргээд тэднийгээ (эдийн засгийн үүсэх өөрчлөлтүүдийн хувьд) залж, эрсдэл саадыг учирлаж байх нь дээр тавьсан асуултын хариулт болоод зогсохгүй бидний хүлээх хариуцлагын гаргалгаа болох нь дамжиггүй юм.

Тэгвэл бид ямар эрх мэдлийг авсан бэ? Маш энгийнээр, ард олныг он удаан жил тогтвортой, бодит үнээр талхаа худалдаж авах, үндэсний мөнгөн тэмдэгтээ бусад улсын мөнгөн тэмдэгт рүү хөрвүүлэн тухайн улстай өөрийн хүссэн эдийн засгийн харилцаагаа өрнүүлэх зэрэг боломжийг бүрдүүлэхийн тулд бид үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдалд суурилах гадаад болон дотоод хүчин зүйлсийг агуулсан үндсэн зорилго дор мөнгөний бодлогын хэрэгслүүдээ ашиглан улс нийтийн өмнөөс шийдвэр гаргах тэр л эрх мэдлийг хүлээж авсан улс юм. Нэг үгээр бид шийдвэр гаргах эрхийг эдэлж, бодлого хэрэгжүүлэх үүргийг хариуцдаг гэж ойлгох нь зүйтэй.

Бидний хэрэгжүүлж буй бодлогууд нэлээд хугацаа шаардаж, үр дүн шууд илэрдэггүй учир энэ нийгэмд төв банк юу хийдэг, цаашид юу хийх гэж буй, ямар алхмыг юуны учир хийсэн, бусад боломжит хувилбаруудаас чухам яагаад үүнийг сонгосон, бусад нь ямар эрсдэлтэй байсан, энэ нь эргээд дээр дурьдсан зорилготой маань хэрхэн уялдах учиртайг ялган таниулах нь төв банкны ажилтан бидний хийж буй ажлын, хүсч буй үр дүнгийн нэг хэсэг нь байх учиртай.

Эрсдэл, саадыг учирлахын учир юу вэ? Эрсдэл, саад гэж чухам юуг хэлнэ вэ? Эдийн засагчийн цонхоор энэхүү асуудлыг тольдвоос бид дам нөлөө, мэдээллийн төгс бус байдал гэсэн чөлөөт нийгмийн гажуудлын үндсэн хоёр ухагдахууныг зайлшгүй дурьдах нь зүйтэй болов уу. Хэн нэгний хийсэн үйлдэл өөр нэгэнд зардал учруулдаг байхад сайн үйлдлийн дүнд үр ашиг авчирч бас болно. Өөрөөр хэлбэл дам нөлөө нь эерэг эсвэл сөргөөр илэрч болно гэсэн санаа. Харин мэдээллийн төгс бус байдал гэдгийг аливаа үйл ажиллагаанд оролцогч талуудын аль нэг нь дутуу мэдээлэлтэйгээс үүсэх үр ашиггүй тэнцвэр хэмээн ойлгож болох. Тэгвэл төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтдаа бид “Олон улсын, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэсэн зүйлийг тусгаад байгаа.

Өөрөөр хэлбэл бидний ямар бодлого хэрэгжүүлж байгаа, цаашид ямар шийдвэрийг юуны учир гаргах гэж байгааг нийгэм ойлгодог, хянадаг чадварыг эзэмшүүлэх буюу эрсдэл, саад, боломжийг учирлаж буй нэгээхэн хэлбэр юм. Эцсийн дүндээ Төв банкны ажилтан нийгмээс хүлээсэн эрх мэдэл, чадвар туршлагаараа өмнөх ажлаа потенциалт хэмжээндээ гүйцэтгэхийн сацуу энэ улсад ганцхан чи л өгч чадах тэрхүү үр шимийг түгээж байх нь туйлын ач холбогдолтой.

Бид зөвхөн ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэснээр тэрхүү эерэг дам нөлөөг бий болгож, түүгээр дамжуулан бодлого боловсруулагч ба ард иргэд хоорондын мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах гэсэн зорилтын дор дээрх хоёр ойлголтыг үндсэн санаатай зангидахыг хүслээ.

Бидний үндсэн зорилго чиглэл юунд тэмүүлдэг, ирээдүйд эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарч болзошгүй, тэгвэл юун дээр хамтдаа анхаарах ёстой гэхчлэн маш энгийн дадлыг бид нийгэмд түгээснээр иргэдийн мэдээллийн төгс бус байдлаас амсаж болох байсан хохирлыг бууруулах, эргээд бодлогын үр нөлөөг талуудад ашигтай болгож чадах асар их боломж байгаа юм. Нэг үгээр бид ийм зүйл хийдэг, цаашид ийм зүйл хийнэ гэсэн тэнцвэртэй, ил тод мэдээллийг ард нийтэд түгээснээр иргэдийн ташаа уур амьсгалыг эерэг зүгт залж, авч хэрэгжүүлэх бодлогын явцыг илүү хялбар, илүү үр өгөөжтэй болгох юм

Ажил мэргэжлийн хариуцлага хэмээх “сүүдрэн бие” оносон шийдвэрт минь гарын үсгээ надтай хамт үзэглэж, алдсан алдааны минь араас бултганах нь соёлт иийгмээс надад өгсөн өгсөн хамгийн хүлцэнгүй, шударга хэмжүүр гэж төв банкны ажилтан би ойлгодог.

Categories
мэдээ нийгэм

“НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-БИДНИЙ ТУРШЛАГА” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Тус арга хэмжээний нээлтэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон дүүргүүдийн Засаг дарга, ерөнхий боловсролын сургуулийн эрдэмтэн багш, сурагчид оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт боловсролын салбарыг шинэчлэх маш олон заалтуудыг оруулсан. Энэ ажлын хүрээнд “Нийслэлийн боловсрол 2020” бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж байна. Уг баримт бичигт нийслэлийн боловсролын салбарт тулгамдаж буй бүх асуудлын шийдлүүд тусгагдсан. Үндсэндээ энэ 4 жилийн хугацаанд бид бүхэн нийслэлийн боловсролын салбарт маш том ахиц гаргахаар зорин ажиллаж байгаа юм. Хамгийн эхэнд сургуулийн орчин, барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэнэ. Гурван ээлжээр хичээллэж буй сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх, нийслэлийн хэмжээнд байгаа цэцэрлэггүй 26 хороог цэцэрлэгтэй болгох юм. Түүнчлэн ирэх жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 34 сургууль, 52 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор Улаанбаатар хотод баригдана. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 22 цэцэрлэг, 9 сургууль, Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 4, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 7 сургууль баригдах юм. Үүнтэй зэрэгцүүлэн бид бүхэн цаашид нийслэлийн боловсролын салбарын чанар, хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Энэ дашрамд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгагдсан зорилго зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эх хэлний боловсролыг дэмжих “Цээж бичиг” нэгдсэн ажиллагаа, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх “Амжилтын гараа” уралдаан, сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, боловсролын удирдлагын багийг дэмжих, багш нарыг урамшуулах “Индексийн урамшуулал олгох журам”, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих “Эко сургууль, цэцэрлэг” аян, багш нарыг алдаршуулах “Нийслэлийн багш-Бидний бахархал”, сургуулийн өмнөх боловсролын бүртгэлийг чанаржуулах “Цахим элсэлт” ажиллагаа зэрэг олон ажлыг Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, дүүргийн боловсролын хэлтсүүдтэй хамтран зохион байгуулсныг онцлон тэмдэглэхэд таатай байна” хэмээн онцоллоо.

Нийслэлийн хэмжээнд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсролын байгууллагын менежмент, хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан үзүүлэх сургуульд 600 гаруй шилдэг бүтээл танилцуулагдсанаас 24 шилдэг бүтээлийг өнөөлөр шалгаруулан “Батламж” гардуулав. Энэхүү 24 шилдэг ажлын туршлагыг нийслэлийн боловсролын хүрээнд түгээн дэлгэрүүлж, олны хүртээл болгох төдийгүй “Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” мэдээллийн санд оруулах аж. Мөн шилдэг бүтээлийн “Батламж”-ийн эздийн боловсролын салбарт оруулсан гавьяа зүтгэлийг Нийслэлийн Боловсролын газрын “Хүндэт дэвтэр”-т тэмдэглэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үсрэнгүй хөгжлийн суурь тавигдлаа

Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг томоохон салбар юм. Гэвч Худалдааны салбарын харилцааг зохицуулсан хууль батлагдахгүй байгаагаас дэлхий нийтийн хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлэн алхаж, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалт, журам, стандартыг нийцүүлэн өөрчлөх, сайжруулах шаардлага зайлшгүй тулгамдаж байна.

Иймд Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Худалдааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэргэжлийн эрдэмтэн судлаачдын багтай хамтран ажиллаж, нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгаа, шинжилгээний дүнд үндэслэн “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг боловсруулсан.

Хөтөлбөр хэрэгжсэнээр:

  • Худалдаа үйлчилгээний салбарын харилцааг зохицуулах эрх зүйн орчин сайжирч, худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам болон холбогдох стандартуудыг шинэчилж, шаардлагатай зарим стандартыг шинээр боловсруулна.
  • Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжин хөгжүүлснээр салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлнэ
  • Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт дэвшилтэт технологи, инновацийг франчайз хэлбэрээр нутагшуулж, олон улсын жишигт нийцсэн “Үндэсний сүлжээ”-г хөгжүүлснээр инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болж, хүн амыг чанартай, аюулгүй, хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангана. Хэрэглэгчид олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тав тухтай орчинд үйлчлүүлэх, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид аюулгүй, эрүүл орчинд сэтгэл ханамжтай ажил, үйлчилгээ эрхлэх боломж бүрдэнэ.
  • Аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, “UB naadam”, “UB green food”, “UB mice food”, “UB event food” загваруудыг бий болгоно.
  • Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг Нийслэлийн худалдааны салбарт нэвтрүүлж хог хаягдлын менежментийг сайжруулж, эрчим хүчний хэмнэлт, утаагүй хэрэглээг дэмжиж, агаарын бохирдлыг бууруулах нөхцлийг бүрдүүлнэ.
  • Хүн амын хоол хүнсний зохистой хэрэглээний мэдлэг боловсрол дээшилж, хандлага, дадал төлөвшин, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангах нөхцлийг бүрдүүлж, хооллолтоос хамаарсан өвчлөлийн хэмжээ буурна.

Ийнхүү худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг Нийслэлийн хэмжээнд анх удаа боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2018.04.26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулав гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд хамгаалал үндэсний аян”-ы хүрээнд Увс, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас тэмцээн, сургалт зохиолоо

Увс аймаг дахь цагдаагийн газраас ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Хүүхэд хамгаалал” үндэсний аяны хүрээнд олон ажил зохиож байна.

Увс аймгийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлын Салбар Зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлье” уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Увс аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан Улаангом сумын Ерөнхий боловсролын Сургуулийн дунд “ Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” дэвжээ тэмцээн зохиолоо.

Уг тэмцээнд 66 багш сурагчид оролцож, Тэргүүн байранд шалгарсан багт шилжин явах цом, Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнасан юм. Энэ үйл ажиллагаанд Ойрад хөгжимт драмын театр, Аймгийн Прокурорын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран оролцож, өсвөрийн сэргийлэгч 50 сурагч үйл ажиллагааны явцад дэг журам сахиулж ажиллаа.

Мөн Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас хүүхдийн хүмүүжлийг төлөвшүүлэх, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, тодорхой төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох зорилгоор Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Бид ирээдүйн манлайлагчид” сэдэвт зөвлөгөөн аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.

Зөвлөгөөнд Өлгий сумын удирдлагууд болон Шүүх, Прокурор газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Ерөнхий боловсролын бүх сургуулиуд, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Баян-Өлгий аймаг дахь салбар болон төрийн бус байгууллагууд оролцож, холбогдох чиглэлээр мэдээ, мэдээлэл өглөө. Зөвлөгөөнд 500 гаруй сурагч оролцжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Ф. Шопен “Шопениана” балет 25 жилийн дараа дахин тоглогдоно

Энэ сарын 29-ны өдөр Дэлхийн бүжгийн өдөр тохиож байгаа. ЮНЕСКО-ийн шийдвэрээр 1982 оноос эхлэн дэлхийн улс орнуудад бүжгийн өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын хамт олон дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Ф.Шопен “Шопениана” Л.Минкус “Пахита” балетын тоглолтын 25 жилийн ойн тоглолт, мөн 29-ны өдөр “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолт хийх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ф.Шопен “Шопениана” Л.Минкус “Пахита” балет нь 1908.04.06-нд Петербургийн Маринский театрт анх тоглогдож байжээ. Тэгвэл УДБЭТ-ын тайзнаа 1993 онд анх тоглогдож удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, балетмейстер М.Фокин, ерөнхий зураач АЗ Ч.Гунгаасүх нар ажиллаж байсан аж.

Мөн УДБЭТ-ын хамт олон “Аутизм Монголиа” ТББ-тай хамтран “Балетын гала” тоглолтоороо сайн үйлсийг дэмжин ажиллах зорилгоор “Аутизмтай хүүхдүүдийн төлөө хамтдаа” уриаг зорилгоо болгон ажиллаж байна.:

УДБЭТ-ын ерөнхий балетмейстерын үүрэг гүйцэтгэгч Ц.Чинзориг: Бид жилд 40 гаруй дуурь, 40 гаруй балет тоглодог

-УДБЭТ 55 жилийнхээ ойг угтан ямар ажилууд хийж байна вэ?

-Ойгоо угтан сар бүрийг хөгжимчдийн, найруулагчдын, балетмейстерүүдийн, найрал дуучдын сар гэх мэтээр нэрлэн ажлууд хийж байна. Жишээ нь хөгжимчдийн сард хөгжмийн бүтээлүүд гаргаж, ерөнхий боловсролын сургуулиудад хөгжмийг танилцуулах ажил хийсэн. Энэ сарын хувьд дэлхийн бүжигчдийн өдөрт зориулсан хоёр тоглолт гаргаж байгаа. Хоёр хэсгээс бүтсэн тоглолт. Хоёр тоглолт маань нэг үзэгдэлт, үйл явдалгүй бүжгийн жүжиг.

-Дэлхийн бүжгийн өдөрт зориулан яагаад балет тоглохоор болов?

-Францын нэрт жүжигчин балетмейстер Жан-Жорж Новер бол бүжгийн урлагыг бие даасан бүтээл болгосон хүн. Анх урлаг хэлбэрээр байсан. Дуурь, драмын жүжгийн ард, найр цэнгээнээр бүжиглэдэг, ордны ёслол үйл ажиллагаанд бүжиглэх гэх мэт чимэглэлийн маягтай байдаг байсан. Энэ хүн маань бүжгийн жүжиг хэмээх бие даасан урлаг байх ёстой хэмээн үзсэн. Бүхэл бүтэн бүжгийн жүжиг харуулах боломжтой гэдэг онолыг гаргасан. Тэрнийхээ төлөө тууштай явсан. Тухайн үедээ 100 гаруй бүжгийн жүжиг гаргасан байдаг. Харамсалтай нь энэ бүтээлүүд дэлхийн ямарч театрт тоглогддоггүй. Үлдсэн зүйл байхгүй гэсэн үг. Харин түүний бүжгийн тухай захидлууд ном байдаг. Энэ нь хойч үедээ үлдээх гарын авлага болж байна. Европд бүжгийн жүжиг маш өндөр хөгжиж байгаа. Монголд 55 жилээс өмнө бүжгийн жүжгүүд байсан. 90-ээд оны үеэр үзэгчид ховор байсан. Одоо бол балет өндөр түвшинд байгаа гэж хэлж болно. Манай балетын урлаг Азидаа дээгүүрт ордог. Учир нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Амралтын өдрүүдэд бид тоглолт хийдэг. Жилд 40 гаруй дуурь, 40 гаруй балет тоглодог.

-Аутизмтай хүүхдүүдэд туслах аянд УДБЭТ хамтарч ажиллаж байгаа. Урьд нь урлагаар дамжуулан ямар ажлуудад дэмжлэг үзүүлж байв?

-Бид сайн үйлсэд хамтарч ажилладаг. 2018 он гарснаас хойш хүүхдэд зориулсан хоёр дахь ажил болж байна. Эхнийх нь хотын алслагдсан дүүргүүдэд амьдардаг ЕБС-ийн сурагчдад 60 хувийн хөнгөлөлттэйгээр театрт тоглолт үзүүлсэн. Дуурь, балет сурталчилах, мэдээ мэдээлэл өгөх, сонгодог урлагийг танин мэдүүлэх зорилготой. Хоёр дахь ажлаараа бид аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд урам зориг өгөх, тус эмгэгийг уран бүтээлээрээ дамжуулан таниулах үйлсэд нэгдэж байгаа.

-Дуурь, балетыг үзэх үзэгчид хэр байдаг вэ?

-Сүүлийн үед залуу хүмүүс зорин ирэх нь ихэссэн. Залуучууд маань хөгжил дэвшлээ дагаад илүү соёлч боловсронгуй болж байгаа харагддаг. Судалгаанаас харахад 15-30 насныхан ихэнх хувийг эзэлдэг. Тоглолтын хувьд үзэгчид сэтгэл хангалуун байгаа санагддаг. Мөн “Балетын гала” тоглолтонд дэлхийн болон монголын томоохон сонгодог бүтээлүүд болох Игорь ван дуурийн “Кипчакуудийн бүжиг”, “Парисын дөл”, “Уран хас”, “Оддын гялбаа”, “Дон кихот”, “Кармен сюит”, “Спартак” зэрэг балетын хэсгээс тоглогдоно.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ соёл-урлаг

“Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин “Яг түүн шиг”-ийн тайзнаа морилно

“Боловсрол” суваг телевизийн бүтээл “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн энэ улирлын дугаар удахгүй цацагдана. Тус шоунд оролцогчдоор хэн тодрох бол хэмээн олон нийт ихэд хүлээлттэй байгаа.

Тэгвэл олны танил, урлаг соёлын алдартай эрхмүүдээс сонголтоо хийдэг “Яг түүн шиг”-ийнхэн энэ удаад “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжинг онилжээ.

Жүжигчин О.Тэмүүжин энэ талаар хэлэхдээ “Яг түүн шиг” шоуны гол дүр, сэтгэлд хүрсэн дүр бүтээхийн төлөө оролцоно. Үзэгчдэд шал өөр өнцгөөс харагдах Тэмка шоуны тайзнаа бэлэн. Яг тэр хүн шиг байхын тулд жүжигчин хүний мэргэжил илүү давуу талтай гэж би бодож байна.Энэ мэргэжлээр овоглож, уран бүтээл туурвиж байгаа хүний хувьд энэ шоунд өөрийгөө дайчилж, бүх ур чадвараа гаргаж, сонгогдсон бүх дүрүүдээ адилхан дуурайхын төлөө хичээнэ ээ” хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө

Энэтхэгийн Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөөБүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалсан. Мөн айчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг амжилттай зохион байгуулсан юм.

Тус айлчлал нь Монгол, Энэтхэгийн харилцааг бататган гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой боллоо.