Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Дашдэлэг: Хилс хэрэгт орсноо нотолно, генерал цолоо ч эргүүлж авна

– МИНИЙ ЦОЛЫГ ХУРААСАНЧ, МОНГОЛЫН ЦЭРЭГ АРМИД ХИЙСЭН АЖИЛ, ГАВЬЯА, ХАМТ ОЛНЫ МИНЬ ХҮНДЭТГЭЛИЙГ ХУРААЖ, БУЛААЖ ЧАДАХГҮЙ –

“Монголын Зэвсэгт хүчин тэр тусмаа Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хүн. 18 настай жаахан хүү цэрэгт татагдаж, Ардын армийн байлдагч болсон цаг мөчөөс өнөөдрийг хүртэл 40 гаруй жил Монгол Улсын төлөө зүтгэсэн. Цаашид ч миний мэдлэг боловсрол туршлагыг Монголын төр, Зэвсэгт хүчин ашиглана гэвэл татгалзахгүй. Би улстөрчдийн үл ойлголцлоос болж хэлмэгдэж шоронд орохдоо ч чимээгүй байсан. Харин цолыг минь хураагаад авч байхад дуугүй хараад суухгүй. Генерал гэдэг цолыг зүгээр нэг аавын хүүд өгчихдөг зүйл биш юм шүү дээ” хэмээн ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг ярьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга цол хураах тухай зарлиг гаргаж, Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг хураах шийдвэр гаргасан билээ.


Бригадын генерал асан Т.Дашдэлэгтэй уншигч та бүхнийг уулзуулж байна.

-Та ярилцлага авмаар байна гэхээр “Цаг нь болоогүй байна. Үнэн зөвийг олоход хэзээ ч оройтохгүй” гэж хэлээд татгалзаад байдаг байсан. Болж өнгөрсөн зүйлс, одоо өрнөж байгаа асуудлын талаар ярих цаг нь болсон гэж бодож байна. Та юу гэж бодож байна вэ?

-Тийм ээ. Одоо цаг нь болсон байна. Чи асуу, би өөрийнхөө чадах чинээгээр хариулна. Гэхдээ Т.Дашдэлэг юу хийсэн болоод агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч болсон талаар ярих нь зөв болов уу гэж бодож байна. Нутаг ус, удам угсаанаас эхлээд цэрэгт татагдаж ирсэн байлдагч болсон талаар эхэлж ярьсан нь зөв байх. Үүний дараа хэрэгт холбогдох болсон асуудлаар ярьмаар байна. Тэгж болно биз дээ.

-Бололгүй яах вэ. Танайхныг гурван үеэрээ цэргийн хүмүүс гэж дуулсан юм байна. Бас таныг ХААИС-иас цэрэгт татагдаж ороод тэр чигтээ энэ салбар руу урвачихсан хүн гэдэг юм байна лээ?

-Би Говь-Алтай аймгийн Халиун сумын хүн. Манай улсад нэгдэлжих хөдөлгөөн ялахаас өмнөхөн байгуулагдсан хамгийн сүүлчийн сум. Миний аав, өвөө цэргийн хүмүүс байсан. Миний өвөө Пунцаг гэдэг хүн Хатанбаатар Магсаржавын цэрэгт орж, Ховд хотыг чөлөөлөх дайнд оролцож явсан ардын хувьсгалын партизан. Харин миний аав П.Тожоон гэдэг хүн 1939 оны Халхын голын дайнд хуягт танкны жолооч байсан. 1945 оны чөлөөлөх дайнд мөн л орсон. Өөрөөр хэлбэл, миний өвөө, аав Монгол Улсын тусгаар тогнолын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэж явсан хүмүүс. Би цэргийн хүн болсон. Ингээд гурван үеэрээ цэргийн хүмүүс юм. Өвөө, аав хоёр миний бахархал, генерал цол миний эрхэмлэж явах эрхэм цол. Цэргийн амьдралд эргэлт буцалтгүй орсон түүх их сонин. ХААИС-д сурч байгаад 1973 онд цэрэгт татагдлаа. Тэр үед оюутнуудыг цэрэгт шууд татчихдаг байсан юм. Ангийн бүх хөвгүүд 18 насандаа цэрэгт татагдаад ардын армийн байлдагч болсон доо. Ардын армийн Радио тагнуулын 124 дүгээр ангид алба хаасан. Цэргийн ангид ирээд л энэ салбартай холбогдсон түүхтэй. Би хорооны радио долгион барих ротын жагсаалын даргын алба хашиж эхэлсэн. Алба хааж байхдаа радио тагнуулын шугамаар маш чухал мэдээлэл олж, цэргийн алдар медалиар шагнуулж байсан. Цэргийн албан хаагч чухал мэдээ олно гэдэг маш ховор зүйл байсан. Ингээд алба хааж байсан анги намайг улирааж, офицерийн албанд ажиллах санал тавьсан. Тэр үед миний бодож байсан зүйл Агрономич болох хүсэлтэй байлаа. Энэ үед цэргийн сургуульд явахаар болж байгаа юм. Цэргээс халагдах гэж байсан хүнд гэнэтийн олон зүйл давхцаад ирсэн. Ингээд л тухайн үеийн ЗХУ-ын Цэргийн сургууль буюу одоогийн Украин УлсынОдесса хотын Агаарын цэргийн команд инженерийн сургуульд суралцсан. 1979 онд сургуулиа төгсөж байгаа юм. Сургуулиа төгсөхдөө Украйны намын хорооны дэргэдэх Улс төрийн дээд сургууль, Орос хэлний орчуулагчийн гэрчилгээ дилом, мэргэжлийн хоёрдугаар зэрэгтэй Монголдоо ирсэн байдаг. Дипломны цуглуулагатай ирсэн. Сургуулиа төгсөөд иртэл Ардын армийн 134 дүгээр ангид Кипс-75В буюу Пуужин шалган турших хөдөлгөөнт станц, Аэродромын холбоо ахлах техникчээр томилсон. Ажлын гараагаа Зенит пуужингийн тусгай 134 дүгээр ангиас ингэж л эхэлж байлаа Армийн сөнөөгч бөмбөгдөгч тусгай хорооны захирагчийн нэгдүгээр орлогч Штабын дарга, Захирагч, Агаарын цэргийн командлагчийн орлогч Штабын дарга, Агаарын цэргийн командлагчаар ажилласан. Миний цэргийн амьдралд орсон түүхийг товчлон ярихад ийм байна.

АГААРЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ
ХАМГААЛАХ БОДЛОГО, ХӨГЖИЛ ДЭВШИЛД ТОМ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ХҮМҮҮСИЙН НЭГ НЬ БИ.
МИНИЙ ХИЙЖ БҮТЭЭЖ, ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗҮЙЛИЙГ ХЭН Ч БАЛЛУУРДАЖ ЧАДАХГҮЙ

-Цэргийн сургууль төгсөөд ирсэн хүн олон ажлыг шинээр санаачилсан байх. Энэ талаараа ярихгүй юу?

-Нэг жил ажиллаж байтал тушаал дэвшиж,пуужин шалган турших хөдөлгөөнт станцынхаа дарга нь болсон. 1980-1983 онд буюу гурван жил ЗХУ-ын Чита мужийн “Телембай” полигонд пуужин харвалтад оролцсон. Монголын зэвсэгт хүчний сүр хүчийг харуулж тэнд пуужин харваж байлаа. Залуухан дэслэгчийг Батлан хамгаалахын жуух бичгээр шагнаж, таван жилд нэг удаа шалгалт өгч онц дүн авч, хугацаанаасаа өмнө ахмад цолоо авсан. Ахмад цол авч байсан цаг үеэрээ дандаа бахархаж явдаг. Цолоо авсны дараа техникийн батарейн захирагч болсон. Би тэр үед ажлаа үнэхээр сайн хийж байсан. Тухайн үед нууцын зэрэглэлд байсан нэг зүйлийг одоо ярихад ЗХУ-ын тэнгэрт би есөн удаа пуужин харвасан хүн. 1985 онд ЗХУ-ын Академид суралцаж төгссөн. Ардын армийн 137 дугаар ангид хорооны штабын нэгдүгээр орлогч дарга буюу захирагч болсон. Энэ албаа зургаан жил хашсан. Сахилга зөрчилгүй хороо, өр авлагагүй хороо, армийн тэргүүний хороо гээд л оролцож болох бүх уралдаанд түрүүлж, шалгарсан. Нисэх тусгай хорооны захирагч, дараа нь ЗХЖШ-ын агаарын хүчний командлагчаар томилогдсон.Эгэл жирийн байлдагчаас генерал болтлоо 40 жил тасралтгүй ажилласан даа. Радио-техник, аэронавигацийн хэрэгсэлүүд техникээр онгоц нисэхээр нь шалгадаг. Холбооны станцыг шалгахын тулд онгоц нисгэдэг. Дараагийн техникийг шалгахын тулд дахиад нисгэнэ. Нэг шалгах болоход тус тусад нь шалгаж үздэг байсныг халж аргачлал гаргасан. Нэг нисэлтээр бүх зүйлээ шалгаж тохируулга хийдэг болгосон. Миний хийсэн аргачлал улсыг ихээхэн хэмжээний шатахуун тос, цаг зав, олон хүний хүч хөдөлмөрийг хөнгөвчилж чадсан. Хоёрдугаарт, удирдлагын системийг автоматжуулсан системд шилжүүлэх ажлыг санаачилж хийсэн. Миний хийсэн дэлгэц төсөл маш амжилттай болсон. Одоо хүртэл энэ зүйлийг ашиглаж байлдааны жижүүрлэлтийн ажиллагаа явагдаж байна шүү дээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, АНУ-ын Жорж Буш зэргийг манай орны агаарын хилээр орж ирэхэд нисэлгийн аюулгүй байдлыг хоёр орны хүмүүстэй хариуцаж ажилласан байдаг. Агаарын замын аюулгүй байдлыг олон жил гардан хийсэн юм.

-Агаарын удирдлагын системийг автоматжуулсан системд шилжүүлэх ажлыг санаачилж хийсэн гэж ярьлаа. Энэ талаараа дэлгэрэнгүй ярих уу?

-Монгол Улсын агаарын хил, орон зайн аюулгүй байдлыг хангахад маш том хөгжил авчирсан зүйл юм. Агаарын зайд нислэг үйлдэж байгаа нисэх хэрэгслүүдийг хянана гэсэн үг. Агаарын хилийн орон зайд гадаад, дотоодын онгоц нисэх, цэргийн, иргэний онгоц нисэх, өндөр хурдтай, хурд багатай онгоц, нисдэг тэрэг гээд бүх төрлийн онгоц нисч байгааг зохицуулсан систем юм. Иргэний нисэх улсын нисэх хоёр нэг байсныг салгасан. Иргэний нисэх хуулиа гаргаад хөгжөөд явсан. Харин агаарын нисэх хаягдаад үлдэж байсан. Энэ цаг үед миний шууд удирдлага дор Монгол Улсын нисэхэд ашиглагдах тухай хууль, Агаарын орон зайн аюулгүй байдлыг хангах хууль, дүрэм журмыг боловсруулсан. Ингээд УИХ болон бусад холбогдох газрууд баталсан. Одоо хүртэл мөрдөгдөөд явж байна. Өөрөөр хэлбэл, улсын нисэх гэж юуг хэлдэг юм, иргэний нисэх гэдэг нь юу вэ гэдгийг томьёолж өгсөн хэрэг. Одоо цэргийн нисэх өөрийн орон зайд, иргэний нисэх өөрийн орон зайд нислэг үйлдэж байна. АНУ-ын хоёр өндөр барилгыг онгоц яагаад мөргөсөн юм бэ гэхээр цэргийн, иргэний хоёр нь өөр журамтай байсан. Хоорондын уялдаа холбоогүй байдлаас болсон асуудал гэж дэлхийн агаарын нислэгийн судлаачид үзсэн байдаг. Харин манай улс агаарын орон зайг ашиглах асуудал маш эмх цэгцтэй болсон юм шүү дээ. Үүнийг би хийсэн гэдгээ хаана, хэдийд ч хэлнэ. Би 1000 гаруй цагийн нислэгийг осол аваар зөрчилгүй зохион байгуулсан түүхтэй.

Бас нэг гоё юм нь цэргийн нисгэгчийн амьдралыг харуулсан “Өдрийн одны зүг” гэсэн нэртэй кино хийсэн. Монголын кино урлаг уналтад ороод байсан цаг мөчид шинэ дэвшилд хүргэсэн кино хийсэн. Салбарын сайд жил бүрийн хавар дадлагажигчийн шалгалт хийдэг. Энэ шалгалт хийх аргачлалыг зохиож өөрчлөөд Монголд анх удаа агаарын байлдаан үзүүлэх шоу хийсэн. Бүх зэвсэглэлд байгаа онгоц, нисдэг тэргийг нэгэн зэрэг агаарт гаргасан. Тэр хүмүүс мэргэжлийн түвшинд яаж бууддаг, хэрхэн нисэлт хийж байгаа зэргийг бодит байдлаар харуулсан. ОХУ-д миний олон найз өндөр албан тушаал хашдаг. Агаарт парад хийдэг групп байдаг. Өөрийнхөө зурваст дээр хоёр удаа буулгасан. Өөрийн биеэр удирдаж хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээний онгоц манай улсад буусан. Дэлхийн агаарын зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа сөнөөгч онгоцноос эхлээд олон онгоц буулгасан. Энэ миний бахархал. Би албандаа нэг ч алдаа гаргаж байгаагүй хүн. Энэ мэт өөрийнхөө хийж хэрэгжүүлсэн ажлыг яриад байвал дуусахгүй олон бий. Бид агаарын аюулгүй байдлыг хамгаалах бодлогод өндөр хөгжилтэй дэлхийн орнуудтай хөл нийлүүлэн алхаж байсан. Зарим зүйл дээр түрүүлж алхаж байсан уу гэхээс хоцорч, ард нь үлдэж байгаагүй гэдгийг ёстой ам бардам хэлнэ. Би үе үеийн төрийн удирдлагуудтай хамтарч ажиллаж байлаа. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд тэр үед хамтарч ажиллаж байсан. Шинэ пуужингийн анги гээд олон улсын нууцад хамаарах олон ажлыг гардан хийсэн. Монгол, ОХУ, БНХАУ-ын хамтарсан нисэхийн эрэн авран туслах групп гэж байдаг. Хамтарсан сургуулилалтыг удирдсан. Тэр үед Х.Баттулга салбарын сайд байсан. Улсынхаа онгоцтой ОХУ-д очиж хээрийн сургуулилалтыг удирдаж байлаа. Агаарын орон зайн аюулгүй байдлаас хамгаалах олон ажилд Х.Баттулга, М.Энхболд, Ц.Элбэгдорж гээд төрийн удирдлагууд тусалж дэмжиж байсанд үргэлж талархаж явдаг юм.

Хэзээ нэгэн цагтболсон бүхзүйлийг ил гаргаж өөрийнхөө нэр хүндийг сэргээнэ

-Та 2010 онд бригадын генерал цол авч байсан. Генералын эгнээнд багтаж байсан талаараа эргэн дурсаж яривал?

-Цэргийн цол гэдэг нь ямар нэгэн гавьяа шагнал, урамшуулал биш. Үүнийг энд онцгойлон хэлмээр байна. Цэргийн албан хаагчийн албан тушаалын илэрхийлэл. Командлагч гэдэг хүн тийм мэргэжил эзэмшсэн, тийм албан тушаалтай гээд заачихсан байдаг. Би үеийнхээ нөхдүүдээс ажил хөдөлмөр, хийсэн зүйлээрээ манлайлж гараад л энэ албанд ном журмаараа очсон. Бригадын генерал цолыг авсны дараа олон хүн болох юм болдог журмаараа болоод л генерал цолоо авчээ, баяр хүргэе гэж хэлж байлаа. Нисэх хүчинд Ж.Гүррагчаа, Санжмятав гээд цөөхөн хэдэн генерал бий. Би шагналаар энэ цолыг аваагүй. Одоогийнхоор генерал байх албан тушаал дээр зургаан жил ажилласан. Тодорхой хэлбэл, би хийдгээ хийчихээд авах ёстой цолоо авсан.

-Таныг чинь нэг хэсэг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Улс дамнасан зэвсэгийн наймаа хийх гэж байхад нь илрүүллээ. Т.Дашдэлэг гэдэг хүний дансанд их хэмжээний мөнгө орсон байна гээд л бөөн дуулиан шуугиан болсон. Та юу ч ярилгүй чимээгүй байсаар байгаад хэрэг нь шүүхээр таслагдаад шоронд орчихсон шүү дээ. Шууд асууя, та зэвсгийн наймаа үнэхээр хийчихсэн юм уу?

-Би энэ асуудалд уужуу тайван ухаанаар хандаж ирсэн. Чи шууд асууж байгаа бол би ч гэсэн шуудхан бөгөөд товч хэлэхэд зэвсгийн наймааг Дашдэлэг хийчихдэг юм биш. Монгол Улс ч зэвсгийн наймаа хийж чадахгүй. Өндөр хөгжилтэй орнуудын хийдэг зүйл. Онгоцны мотор зарсан гэх асуудлын талаар ярих хэрэгтэй. 1960 онд үйлдвэрлэсэн онгоц байсан. Би эгэл жирийн хөдөөний борог амьдрал дунд өссөн. Монгол хүн хэзээ ч унаж байсан морио муу хэлдэггүй. Би ч гэсэн 1960 онд үйлдвэрлэгдсэн онгоцоо муу хэлж чадахгүй. Гэхдээ цагийн эрхээр элэгдэж, тэтгэвэртээ гарах болсон. 2000 онд зэвсэглэлээс хууль журмын дагуу хасагдсан. Олон жил ашиглагдаад онгоцны мотор үүрэг гүйцэтгэж чадахгүй байна гэдгийг инженер техникийн бүрэлдэхүүн тодорхойлдог. Үүнийгээ ЗХЖШ-т мэдүүлдэг. Үүнийг хянаад Батлан хамгаалахын яаманд өгдөг. Яам Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгдөг. ҮАБЗ Засгийн газрын хуралдаанд оруулдаг. Засгийн газрын тогтоол гардаг. Тогтоол гарсны дараа Батлан хамгаалахын сайд задалж худалдах тушаал гаргадаг. Ингэж л явагдсаар ирсэн. Одоо ч ийм байдлаар техник актлагдаж гардаг. 2000 онд цаг үе ямар байлаа. Хулгайч нар тонож эхэлсэн. Дэлхийд хэн ч тоногдсон зүйлийг худалдаж авахгүй. Зэвсэглэл ашиглагдаж байсан онгоц гэх мэт бусад техник хэрэгслийг командлагч орлогчийн хувьд төсөл боловсруулж задалж метал болгоод худалдан борлуулах эрхтэй байдаг. Ийм л үйл явдал өрнөсөн. Тэр үед би хурандаа цолтой байсан. ТЕГ-аас энэ хэргийн талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй. Улсын нууцад хамаарах хэрэг гээд би баталгаа өгөөд гарын үсэг зурчихсан. Тиймээс хэргийн талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд би Монгол Улсад нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй. Нэг ч гай тариагүй. Генерал цолны нэр сүрийг гутаах зүйл хийгээгүй. Дээрээс өгсөн тушаалын дагуу хууль журмын дагуу актлагдсан зүйлийг зарж борлуулах зүйлийг хариуцаж ажилласан. Улстөрчдийн хэлмэгдүүлэлтэд өртсөндөө одоо ч гэсэн харамсаж явдаг. Хийгээгүй хэргийнхээ төлөө шоронгийн өрөөнд тарчилж суух надад сайхан байгаагүй. Шоронд янз бүрийн явуулга хийж, намайг олон аргаар дарамтлах зүйлс хийгдэж байлаа. Би 60 нас хүрэх гэж байхдаа шоронд орсон хүн шүү дээ. Монгол Улсын төлөө өөртөө байх бүх оюун ухаан, хүч чадлаа хоёргүй сэтгэлээр зориулж явсныхаа төлөө шийтгүүлсэн. Үүнд би гомдож явдаг. Би дуугүй л байсан шүү, энэ бүхэнд. Өөрийнхөө буруу биш хэлмэгдсэн гэдгийг нотлох олон баримт бий. Би үнэн хэзээд ялна гэдэгт итгэж найдаж яваа. Аливаа зүйлд цаг хугацаа, орон зай гэж байдаг. Би бодож байгаа. Хэзээ нэгэн цагт болсон бүх зүйлийг ил гаргаж өөрийнхөө нэр хүндийг сэргээнэ. Хэн буруутай байсан, хөшигний ард юу өрнөсөн. Яагаад би ганцаараа шоронд тарчилж хэвтэх болсон гэдгээ ч ил болгоно.

-Таны бригадын генерал цолыг хураагаад авчихлаа. Энэ тухай анх сонсоод та юу гэж бодсон бэ?

-Би анх сонсоод итгээгүй. Ёстой санаанд багтамгүй л зүйл болж өрнөлөө. Х.Баттулга намайг танихгүй биш танина. Энэ салбарт юу хийж байсныг мэдэх хүмүүсийн нэг. Эх орны дайны үед Власов генерал эх орноосоо урваад бууж өгсөн байдаг. Сталин дуудаж ирээд энэ нөхрийг буудаж хороосон байдаг. Түүнийг буудах гэж байхад цолыг нь хурааж авах асуудал яригдсан гэдэг. Сталин тэр үед“Цолыг нь хураагаад хэрэггүй, Эх орноосоо урвасанд шийтгүүлнэ. Харин армийн генерал болсон нь энэ хүний өөрийнх нь туулж өнгөрүүлсэн өмнөх амьдралын түүх. Энэ хүний өмнө нь хийсэн гавьяаг баллуурдаж болохгүй. Түүхэнд энэ хүн армийн генерал гэсэн нэртэйгээр үлдэх ёстой. Харин энэ хийсэн хэргийнх нь ялыг өгнө” гэж хэлсэн байдаг. Бидний харгис гэж ойлгодог байсан хүн Власов генералын цолыг ингээд үлдээж байсан байдаг. Цэргийн цол гэдэг ийм л эрхэм зүйл. Генерал цол миний гоёо биш. Миний цолыг хурааж авснаараа хэдэн зуун агаарын хүчний хүмүүсийг яллаж байгаа зүйл юм. Хэдэн зуун хүний зүрх сэтгэлийг шимшрүүлж яллаж байгаа юм. Намайг хаана ч очсон “Чи цолоо авахуулсан, цаашаа” гэж хэлэхгүй. Ард түмэнд генералаа гэж дуудуулсан хэвээрээ л байна. Энэ мөнхийн үнэн. Өнөөдөр генерал цолтны баяр болж байхад ингэж байгааг ойлгохгүй байна. Ойлгомжгүй асуудал их байна. Би генерал хүн гэдгийг хаана хэдийд ч хэлнэ. Өнөөдөр өр нимгэн найз нөхөд минь надтай уйлаад л уулзаж байна. Би ийм зүйлд гудайдаг эр хүн биш. Туулаад л гарна. Хилс хэрэгт орсон гэдгээ ч нотолно. Цолоо ч эргүүлж авна. Цэргийн дүрэм журам байна. Ажлаа хийж байгаад алдаа гаргасан бол цолыг нь хурааж авдаг. Жилийн дараа гэхэд гаргасан алдаагаа засчихсан бол рапорт бичиж өгөөд цолоо эргүүлээд авдаг. Гэтэл би хэдийнэ тэтгэвэртээ гарчихсан хүн. Ажлаа өгөөд арван жил болж байгаа генералын цолыг хураана гэдэг юу гэсэн үг юм бэ. Би ойлгохгүй байна. Үүнийг ард түмэнтэйгээ нийлж ойлгомоор байна. Би гурван удаа шийтгүүлчихлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа мэдээ гаргаж миний нэр хүндийг унагаж шийтгэсэн. Дараа нь шоронд оруулсан, одоо цол хураалаа. Гэхдээ хэн нэгэн миний цолыг хураасан ч, Монголын цэрэг армид хийсэн ажил, гавьяа, хамт олны минь хүндэтгэлийг хурааж, булааж чадахгүй л дээ.

Гэрэл зургийг Г.Базаррагчаа

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад генерал цол бий болсны 74 жилийн ойн өдөр тохиож байна

Одоогоос 74 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй билээ.

Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгай чиг үүрэгтэй байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ.

Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр 11:00 цагаас Чингисийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлнэ.

Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хүчний байгууллагууд энэ өдрийг ээлжлэн зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас зохион байгуулах юм.

Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, хошууч генерал Г.Махбариад, О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал О.Үржин, хошууч генерал Т.Бадрал, бригадын генерал Г.Ариунбуян нарын алтан мөрдөст генерал цолтнууд төрөн гарсан юм.

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 74 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс алтан мөрдөст генералууддаа болон тэдний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Бурхан багшийг Монгол дахь Энэтхэг Улсын анхны Элчин сайд гэж боддог” хэмээн Бакула ринбүчи хэлж байжээ

СУШМА СВАРАЖ: АМАРГҮЙ ЭНЭ ЦАГ ҮЕД ЭНХ АМГАЛАН, ХҮЛЦЭЛ ТЭВЧЛИЙГ НОМЛОСОН ГҮН УХААН ШААРДАГДАЖ БАЙНА

“Элчин багш” хэмээн олноохүндлэгдсэн Бакула ринбүчийн мэлмий гийсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал “Корпорейт конвеншн төв”-ийн концертын танхимд боллоо. Хүндэтгэлийн хурал эхлэхээр товлогдсон цагаас хамаагүй өмнө танхим дүүрэн хүн цугласан байлаа. Элчин багшийн зургийг сэнтийд залж, түүний байгуулсан Бэтүб хийдийн лам хуврагууд мандал өргөн, ерөөл айлдсан. Хүндэтгэлийн хурлын үеэр мөн Гандантэгчэнлин хийдийн лам нар цамын бүжиг толилуулж, Морин хуурын чуулгынхан “Цагаан суварга”, “Сэрсэн тал”-ыг эгшиглүүлэв.

Үндсэн илтгэлийг энэ өдрүүдэд эх оронд маань айлчилж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж тавилаа.

Бакула ринбүчи Энэтхэгийн Парламентын эрхэм гишүүн, дипломатч байсан агаад тус улсын Жамму Кашмир мужийн Засгийн газрын сайдын албыг хашиж байжээ. Умард Энэтхэг дэх Ладакх нутгийн хүн гэнэ. Кушок Бакулагийн хийж бүтээсэнийг Энэтхэг улс өндрөөр үнэлж, төрийн дээд шагналуудын нэг болох Падма Бхушан одонгоо 1988 онд хүртээсэн байна. Харин тэрбээр 1989 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Монголд суух Элчин сайдаар хүрэлцсэн ирсэн билээ. Бакула ринбүчи манай улсад 10 гаруй жил Элчин сайдаар ажилласан түүхтэй.

“Эрхэм Кушок Бакула энэтхэгчүүд өнө эртнээс дээдэлж ирсэн Буддын шашны уламжлалт ёс заншлыг бахархал дүүрэн илтгэн харуулж, даян дэлхийн энх тайван, эв найрамдал, хүмүүнлэг үзлийн уриаг түгээн дэлгэрүүлэгч байсан. Олон зууны тэртээ Буддын шашин үүсч хөгжсөн Энэтхэг орныг төлөөлж байгаадаа миний бие баярлан бахархдаг” хэмээн илтгэгч хэллээ.

“Бид бүхэн Буддын гүн ухаанд сүслэн биширдэг хүмүүсийг дахин нэгтгэн нөхөрлүүлж, тэртээх эрт цагийн адил Бурханы сургааль номлолыг сэргээн хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Тиймийн учир хөрш зэргэлдээх болон бусад улсын, түүний дотор Монголын мөргөлчдийг Энэтхэг орон дахь Буддын шашны ариун дагшин газруудаар аялуулах зам маршрут гаргахаар чармайн ажиллаж байна” гэлээ.

“Бурханы шашны ёс заншилд үндэслэсэн оюун санааны хэлхээ холбоог сэргээн идэвхжүүлэхээр эртний Энэтхэгийн эрдэм мэдлэг, билэг оюуны ундарга болж сургалт боловсрол, гүн ухааны гарамгай ололтуудаараа гайхагддаг байсан, олон зууны арвин түүхтэй Наландагийн их сургуулийг сэргээсэн” гэв.

Эртний түүхийн бичгүүдэд Монголын эрдэмтэй лам нар Наландад очиж ном үздэг байсан тухай өгүүлдэг.

“Энэтхэг, Монгол хоёр улс өвөрмөц онцгой түншүүд билээ. Бид стратегийн түншүүд төдийгүй оюун санааны хөршүүд. Бурханы шашнаар дамжин уламжлагдсан оюун санааны энэхүү холбоо та бидний харилцааг улам бүр бат бэх болгодог” хэмээн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд тодорхойлсон.

“Хүчирхийлэл,сүсэг биширлээр нэрийдсэн хэт үзэл газар авч буй өдгөө цагт амар амгалан, хүлцэл тэвчлийг дээдэлсэн Буддын шашны зам мөрийг дагаж мөрдөх эрэлт шаардлага өсөн нэмэгдэж байна” хэмээн онцолсон нь анхаарал татав.

“Дэлхий ертөнц урьд үзэгдээгүй хурдацтайгаар даяаршин нэгдэж байгаа нь шинэ сорилтуудыг бий болгож байна. Нүргээн ихтэй шилжилтийн үе шатыг туулж байгаа дэлхий ертөнцөд Кушок Бакула агсаны амьдрал хийгээд сургааль нь бидний өмнө тулгарч байгаа орчин үеийн дэлхий дахины оюун санааны олон асуултад хариулт өгч байна. Амаргүй энэ цаг үед энх амгалан, хүлцэл тэвчлийг номлосон гүн ухаан шаардагдаж байна. Энэ бол өнөөгийн ертөнцөд үзэл ядалт, дайсагналцлыг даван туулахад чухамхүү цаг үеэ олсон нь тодорхой харагдаж байна” гэсэн шүү.

“Тодорхой бус энэхүү цаг үед хүмүүс эд баялагийн араас шохоорхож буй боловч оюун санааны таашаалыг улам бүр эрэлхийлдэг боллоо” хэмээн эрхэмсэг хатагтай хэлсэн. Бурханы шашны сургааль, гүн ухаан биднийг энэхүү тодорхой бус цаг үеийг даван туулж, оюун санааны гэгээрэлд хүрэх аянаа тууштай үргэлжлүүлэх чиг баримжаа болж байна.

Дэлхий дахинд найрамдал, энх тайвны эл нийтлэг уриа дуудлагыг Энэтхэг, Монгол хоёр улс хамтдаа түгээж чадна. Энэ бол Кушок Бакулагийн насан үүрдийн өв уламжлал билээ” хэмээн илтгэгч дүгнэсэн.

“Буддын гүн ухаан дотоод сэтгэлийн амар амгалан, цэвэр ариун ухамсрыг онцлон чухалчилдаг” хэмээн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд онцлоод Бурхан Буддагийн сургаалиас иш татлаа.

“Та биднийг бодол сэтгэл маань илтгэн харуулдаг. Оюун бодол маань бидний хэн болохыг төлөөлдөг. Санаа бодол цэвэр ариун байх аваас энэүү бие махбодийг салшгүй дагалдах сүүдэр лүгээ баяр баясгалан биднийг ямагт дагана” хэмээн Бурхан багш сургасан бөлгөө.


“БАКУЛА БАГШ МААНЬ НАМАЙГ ХАМРЫН
ТАМХИНААС ГАРГАСАН”

Хурлын танхимд суугаа сүсэгтнүүдийн дунд настай лам нар ч үзэгдэв. Тэдний нэг өдгөө 80 нас зооглож буй С.Зундуйчулуунбат лам Бакула Ринбүчитэй уулзсан түүхээ надад ийнхүү хуучлав.

-1989 онд Баянхошууны Ловон Бадамжунайн хурлыг Монголд анх нээхэд багшдаа бараа болон тусалж байлаа. Шинэ Гэмтлийн зүүн талын дэнжид гэр бариад хурлаа нээж билээ. Тэр хурлын гэсгүй ламаар 25 жил байгаад, наймдугаар Богд хурж байсан Гунгаа чойлингийн хурлыг долоон өвгөн лам нээхэд хамгийн залуу лам нь болсон. Бакула ринбүчи багш 1989 онд Элчингээр ирэхэд миний багш намайг мөргүүлэхээр дагуулж очсон юм. Багш маань Инлай гэж олонд алдаршсан лам байв. Гандангийн зочдыг хүлээж авдаг том гэрт Бакула багш маань биднийг хүлээж авсан. Багш минь хэлж байсан. Бакула ринбүчи гэдэг энэ лам урьд нь Богдод “Би хойд төрөлдөө Монголд бурхны шашныг дэлгэрүүлье” гэж ерөөл тавиад урьдын ерөөлөөрөө Монголд Элчингээр ирж, бурхан шашныг маань дэлгэрүүлэх гэж байгаа юм шүү дээ” гэсэн. Бакула багш энгийн найрсаг, өөрөө монгол хэл мэдэхгүй орчуулагчтай байсан ч зорьж ирсэн хүмүүсийг халуун дотно хүлээж авдаг байв. Бакула багш дээр явж очиход гадаа нь олон хүн оочерлосон байдаг сан. Ловон Бадамжунайг яаж бүтээх талаар, Баянхошууны хуралд нэр өгөх, нарийн нандин юмнуудыг асуухаар Бакула ринбүчи багшийгаа залаад ир гэж багш маань хэлнэ. Багш маань өдөр судар харж байгаад “За төдийд ир” гэдэг байлаа. Нэг удаа Зүүнхүрээн дээр Бакула багш арав хоногийн ламрин уншсан. Олон янзын хилэнц нүгэлийн тухай, амны тамхи, хамрын тамхи, архины тухай сургааль айлдсан. Хамрын тамхийг нэг их нүгэл хилэнцгүй л юм боддог байлаа, тэр үед. Хүмүүсийг дуурайж, хамрын тамхи татсаар байгаад шар энгэртэй лам явлаа. “Хамрын тамхи их татах нүгэлтэй юм шүү. Хамрын тамхи их татаж байгаад нас барахад тэр хүний цогцсыг идсэн хорхой шавьж хорддог, газар лус хилэгнэж хорддог юм шүү. Ийм учраас хамрын тамхи нэг их сайн эд биш ээ” гэж багш айлдсан юм. Гэтэл нэг удаа Бакула ринбүчи багш дээр очихдоо алдаа гаргачихлаа. Миний нэг багш маань 100 номын бартай хүн юм л даа. Тэр номынхоо дээжийг хувилаад, надад тав зургаан ном өгсөн. “Үүнийг багшид очоод барьчих” гэсэн. Номыг нь үүрээд очлоо. Номыг нь өгөнгүүтээ хамрын тамхи татаж сурч байсан болохоор өөрийн мэдэлгүй багштайгаа тамхилчихсан байдаг байгаа. Шавь нь багшдаа тамхи барьдаггүй ёстой, бас ламринд суугаад тамхины хорын тухай сонссоныг хэлэх үү, яая даа гээд зовж суув. Харин багш маань мэлмийгээ аньж, хөөргийг маань барьж хэсэг сууснаа буцаагаад өгөхөөр нь багшаас адис аваад, хөөргөө бушуухан өвөртөлчихлөө. Хариад муухай юм боллоо гээд бодоод байлаа. Тэгээд тамхи татсан чинь үнэрлэхийн тоолонгоор найтаалгаад, дургүй хүрсэн. Багш маань намайг хамрын тамхинаас гаргасан юм шүү дээ” хэмээн тэрбээр хуучлав.

Г.МЭНД-ООЁО: МЭГЖИД
ЖАНРАЙСАГ БУРХАНД МЭЛМИЙ НЭЭХ ИХ УВИДАС БИЙ ГЭЖ АЙЛДСАН

Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо бас ийнхүү дурслаа.

-1990-1996 онд Монголын Соёлын сангаас санаачлаад Монголын төр түмэн нийт даяараа хандив өргөж, Мэгжид Жанрайсаг их шүтээнийг сэргээн бүтээсэн. 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртсөн 1000 гаруй сүм хийд, бурхан шүтээн, соёлын дурсгалыг энэ цагт сэргээн мандуулах билгэдлээр бүтээсэн юм. Яг тэр үед Бакула ринбүүчи Элчин сайд байсан учраас түүнтэй уулзаж, нарийн ширийн юмаа асууж, зөвлөдөг байсан. 26 метр өндөр бурхан бүтээж байна. Мэдэхгүй чадахгүй юм өдөр болгон тохиолдож байна. Та зөвлөгөө өгөөч гээд Бакула ринбүчид эх загварын гэрэл зургийг үзүүлсэн юм. “Мэгжид Жанрайсаг бурханд мэлмий нээх их увидас бий. Монголын ард түмэн та бүхний билэг оюуны мэлмийг нээх увдистай бурхан юм. Маш сайн бүтээх хэрэгтэй, алдаа гаргаж болохгүй, шашны зан үйл нарийн гээд зөвлөгөө өгсөн. Далай багштай холбож өгье, хамгийн сайн зөвлөгөө тусламж үзүүлнэ гэсэн. 1993 оны намар Гандан хийдийн лам Буянбат бид хоёр Дарамсалад очсон. Бакула ринбүчи бидний аялалын хөтөлбөрийг зохицуулж, зочид буудалд хүлээж аваад, Далай багштай уулзах цаг тогтсон байна. Бакула ринбүчи “Далай багшийн уулзалтын хөтөлбөр бүтэн жилээр гарчихсан байгаа. Гэхдээ та бүхнийг хүлээж авах цаг гаргана” гэж хэлсэн. Ингээд Далай ламтай уулзаж, Мэгжид Жанрайсаг шүтээнийг бүтээж байгаа тухайгаа ярихад, олон сайхан үнэтэй зөвлөгөө, ном судар, нарийн нандин зүйлсийг бидэнд өгсөн юм. Мэгжид Жанрайсаг шүтээнийг бүтээн байгуулах их ажил эрчимтэй өрнөж, давхардсан тоогоор Монголын хоёр сая гаруй ард түмэн, айл гэр болгон хувь хандив өргөж, төр засаг дэмжиж, түмэн олноороо эрвийх дэрвийхээрээ хөдөлж, Мэгжид Жанрайсаг их шүтээнийг 1996 оны аравдугаар сарын 27-ны өдөр ард түмэндээ хүлээлгэж өгсөн. Энэ ёслолын хүндтэй зочин Бакула ринбүчи байх ёстой байв. ЭСЯ-наас асуухад “Энэтхэгт ажлаар яваа” гэсэн. Жанрайсагийн дуганы өмнө монголчууд хуран чууллаа. Монгол телевиз гайхамшигтай үйл явдлыг шууд дамжуулж байв. Нээлтийн үг хэлээд тавцангаас буухад Бакула ринбүчи онгоцноос буугаад шууд ирсэн байлаа хэмээн хуучиллаа.

Д.ЧОЙЖАМЦ: БУРХАНЫ ШАШИН АНХ ТОРГОНЫ ЗАМААР ДАМЖИН, МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРТ НЭН ЭРТ ҮЕД ДЭЛГЭРСЭН

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц үг хэлэхдээ түүх сөхлөө.

-Монголын их эрдэмтэн Лувсандаян түүхийн “Алтан дэвтэр”-тээ Монгол оронд дэлгэрсэн бурхны шашныг гурав ангилж үзсэн байдаг. Түүний судалгаагаар эртний Энэтхэгийн билэг оюуны гуу сан болсон бурханы шашин анх Торгоны замаар дамжин, Монголын нутаг дэвсгэрт нэн эрт үед дэлгэрсэн гэсэн. Археологийн малтлага болон түүхэн бичвэрүүдээс үзэхэд нэн эртний дэлгэрэлтийн талаар хангалттай баримт нотолгоо бий болоод байна. 2017 онд хийсэн Монгол, Японы хамтарсан судалгаагаар одоогийн Булган аймгийн нутаг дэвсгэрээс бурхан багшийн дүрийн үлдэгдэл олдоод байгаа нь хамгийн сүүүлийн жишээ юм. Түүхийн эх сурвалжид өгүүлсэнээр Чингис хаан Түвдийн Саж ламд хандан “Би хэдийгээр лам таныг залах хүсэлтэй боловч төрийн ажил хараахан цэгцрээгүй байна. Иймд та тэндээс залбирмуй, би эндээс даатгамуй” хэмээн захиал илгээж байсан гэдэг. Энэ бодлогыг залгамжлан дараагийн их хаад бурханы шашныг тэтгэн, улс орондоо сүм суварга олныг босгож байжээ. Бакула ринбүчи Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон нь бурхны шашинтнуудын хувьд урьдын сайн ерөөлийн биелэл болсон юм. Хэдийгээр тус улсыг төлөөлсөн дипломат байсан ч монголчууд түүнийг Бурхан багшаас шашин ном тэтгэх ам авсан 16 архадын нэг хэмээн бишрэн хүндэлж байв” хэмээн онцоллоо.

Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав илтгэлдээ “Бакула Ринбүчи Монгол төрийн тэргүүнд итгэмжлэх жуух бичиг барихдаа “Сургаал номлол нь тал нутагт дэлгэрсэн Бурхан багшийг Монгол дахь Энэтхэг Улсын анхны Элчин сайд гэж боддог” гэж хэлснийг нь онцолсон билээ. “Монголын Засгийн газрын хүсэлтээр 1993 онд бурхан багшийн ариун чандрыг Энэтхэг улсаас Монголд түр залахад Бакула ринбүүчийн нэр хүнд, хичээл зүтгэл бүх боломжийг бүрдүүлсэн юм. Энэ бол урт хугацаанд шүтэн бишрэх эрхээ хасуулсан ард түмний хувьд олдошгүй завшаан байсан” хэмээн да лам онцлон тэмдэглэсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Ахлах ахлагч Л.Будсүрэн Параглайдингийн цэгэн буултын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Л.Будсүрэн Тайланд улсад зохион байгуулагдсан Ази далайн орнуудын Параглайдингийн цэгт онолтын буултын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож наймдугаар байр эзлэлээ.

Тэрээр энэхүү амжилтаараа 2018 оны 05 сарын 03-06-ны өдрүүдэд Казкастан улсын Талдыкаргон хотод зохион байгуулагдах “Цэгт онолтын буулт”-ын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Намайг мөрдөж, мөшгиж байгаа хүмүүст “Сайн ажиллаарай” гээд хэлчихье

УИХын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар амжуулж батална гэж танай намын бүлэг мэдээлсэн. Хуульд оруулж байгаа зарчмын өөрчлөлтүүдийг зарим хуульч, Үндсэн хуулийг батлалцсан хүмүүс шүүмжлэх юм билээ. Харин таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүн танилцуулга хийсэн. Өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилго бол Д.Лүндээжанцан гишүүний танилцуулж байгаагаар өмнө орсон долоон нэмэлт өөрчлөлтийг буцааж, анхны батлагдсан түвшинд нь аваачих юм гэсэн. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдох насны босгыг дээшлүүлэх, хүний өмнөөс санал өгөх асуудлыг цэгцлэх, шүүх засаглалтай холбоотой шинэчлэлийн гурван үндсэн хэсгийн хүрээнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж, судалгаа хийгдсэн гэж танилцуулсан. Үүнийг бусад гишүүн болоод миний байр суурь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

-Яагаад?

-Бид хөгжил хүсч байна. Тиймээс улс орны хөгжлийг түүчээлж явах Үндсэн хуулийг бий болгоосой гэж хүсч байна. Өнөөдөр дэлхий дээр манайх шиг ийм Үндсэн хуулийн загвартай, ийм засаглалын хэлбэртэй улс байхгүй. Тиймээс өнгөрсөн хугацаанд туулж ирсэн замналдаа дүн шинжилгээ хийх ёстой. Бид хөгжих үү, энэ суурин дээрээ эргэлдсээр байх уу. Судалгаанаас харахад Монголын ард түмэн 65 суудалтай МАН-аас шинэчлэлийг хүсч байгаа юм байна. Эдийн засгийн хямралыг зогсоож эерэг үзүүлэлт рүү авчирч буй энэ засаг төрийн үйл ажиллагааг магтан сайшаахаасаа илүү том төслүүдээ хөдөлгөж, ард түмний амьдрал ахуй сайжирсан хөгжлийг хүсч байгаа. Иймд өнөөдөр Үндсэн хуульд косметик биш, том өөрчлөлт оруулж, энэ улсыг эзэнтэй болгоосой. Өнөөдөр макро эдийн засгийн алдаатай бодлого явуулаад иргэдийн хөрөнгө, мөнгөн хадгаламжийг 40 хувиар үнэгүйдүүлсэн хүмүүс сонгуульд ялагдах төдийхнөөр харицлага хүлээдэг.

Эцэс сүүлдээ нам дамнасан бизнесийн болон хууль хяналтын бүлэглэлүүдэд төрийн тогтолцоо оршин тогтнодог загвараар явж байна. Засаглалуудаа бизнесийн бүлэглэлүүд хувааж авч, тэргүүнийг нь томилдог. Тэдгээрийн гаргасан шийдвэрүүд өөр хоорондоо зөрчилддөг. Хэн ч энэ тогтолцоонд хариуцлага хүлээдэггүй загвараар яваад байна. 1992 оны Үндсэн хууль бидэнд түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж боддог. Бид тотилатар дэглэмийг орхиж, ардчилал, хүний эрхийг дээдэлсэн, өмчийн олон төрөл хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг тогтоцоо руу шилжсэн. Харамсалтай нь энэ шилжилтийн явцад бүх шатандаа авлигад идэгдсэн төрийн түшмэдийн тогтолцоо руу орж байгаа. Үүнийгээ дагаад бүх индексээрээ хойшоо ухарч байна шүү дээ.

-Аливаа улсын хөгжил нь хүндээ суурилдаг. Хөгжлийн бодлоготой уялдуулж Үндсэн хуульдаа ямар өөрчлөлт оруулах санал байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж тунхагласан. Тиймийн тулд бид урагшаа хөгжье гэвэл дэлхий нийтийн хөгжлийн засаглалын загвар руу шилжихээс өөр аргагүй. Иймээс ард түмнээсээ ард нийтийн санал асуулга явуулж, засаглалын хэлбэрийг сонгох ёстой. Үе үеийн Ерөнхийлөгч нэр дэвшиж гарч ирэхдээ олон зүйлийг амладаг. Эргээд энэ хүн амласан амлалтаа хэрэгжүүлэх төсвийн болон аппаратын бүтэцгүй. Тэгсэн хэрнээ хууль санаачлах, хориг тавих, ҮАБЗ-ийг ахлах, Засгийн газарт чиглэл өгөх, шүүх засаглалыг бүрдүүлэх зэрэг олон эрх мэдэл эдэлдэг. Нөгөө талдаа Засгийн газар нь шууд УИХ-аасаа хамааралтай байдалтай өнгөрсөн 20 гаруй жил явж ирлээ. Үүний үр дүнд 1.6 жилийн насжилттай төрийн ой санамжтай Засгийн газруудтай амьдарч ирлээ. Засгийн газар нь УИХ-тайгаа шууд хамааралтайгаас гадна УИХ улс төрийн бодлого шийдвэрүүдийг нь дэмждэггүй. Энд хувийн ашиг сонирхолын болон эрх мэдлийн зөрчилдөөн байнга явагддаг. Дээр нь нэмээд Ерөнхийлөгчийн институци үе үеийн Засгийн газартай байнга зөрчилддөг тогтолцоогоор явж ирлээ. Тиймээс бид бүхэн хамгийн түрүүнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв үү, буруу юу гэдгийг ард нийтээсээ асуух хэрэгтэй. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар шийдлээ гэхэд Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай явах юм уу гэдгээ ч асуух ёстой. Дээрээс нь шударга ёсны илэрхийлэл, бэлгэ тэмдэг болсон шүүх засаглалын өнөөгийн тогтолцоог өөрчилж, шударга ёсны илүү бат найдвартай хана хэрмийг үүсгэх үү, үгүй юу гэдгээ ч ард түмнээсээ асуух ёстой.

-“Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг хэн ч биш болгож, Засгийн газрын эрх мэдлийг дөвийлгөж байна. МАН-ын 65-ын бүлэг өөрсдийнхөө ноёрхлыг тогтоохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар шуурхайлж байна” гэсэн шүүмжлэл нийгэмд бий. Таны ярьж байгаа хөгжлийн бодлоготой уялдуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд дахин төсөл боловсруулж, өргөн барих уу. Одоо хэлэлцэж байгаа төсөл дээрээ засвар оруулаад явах уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал, энэ Их хурлын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжихгүй. Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах тухай асуудал ч яригдахгүй. Хоёрдугаарт, хөгжлийг нэг хүн түүчээлж авч явах ёстой. Гэтэл 1.6 жилийн настай Засгийн газраас та бид юу хүлээх вэ. Мега төсөл хэрэгжүүлэх гээд УИХ-д оруулж ирвал шууд маргааш нь 19 хүн гарын үсэг зураад “Энэ идэж, уух гэж байна” гэдэг үндэслэлээр огцруулна.

-Гэтэл энэ Засгийн газрыг огцруулъя гэж яриад эхэлээ?

-Бид тамын тогооны үлгэрээр амьдраад байна. Хэн нэг хүнийг огцруулах, дараагийнх нь хүнийг сонгуульд ялуулах асуудал чухал уу, гурван сая хоёр зуун мянгуулаа сайхан амьдрах нь чухал уу гэдгийг одоо энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө тодорхойлж шийдэх ёстой. Гэтэл дотооддоо хэрэлдсээр л байна. Цаана нь айлын хүүхдүүд өсч, томроод, төсөв нь данхайгаад л байдаг. Манай олдог орлого бахь байдгаараа. Газрын баялаг бол шавхагддаг нөөц шүү дээ. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахаар яаж хямардгийг бүх өрх айл мэдэрсэн. Одоо харьцангуй гадаад эдийн засаг таатай байна. Макро эдийн засгийн хатуу бодлогыг Төв банк, Сангийн яамнаас явуулж байна. Энэ болгоны үр дүнд дотоод валютын нөөц нэмэгдэж, ханш нь тогтворжиж байгаа. Тэгвэл үүлэн чөлөөний нар бүрхэнгүүт бид яах вэ гэдгээ бодох ёстой. Тиймээс ирээдүйдээ тэгш шударга, хүнд сурталгүй, авлигагүй, хөгжсөн нийгмийг бий болгохын төлөө одоо намчирхдаг бүлэглэдэг байдлаа хойш нь тавьж байгаад Үндсэн хуулийн өөрчлөлтөд зоригтой, нухацтай шийдэл гаргаж, ард түмнээсээ асуух ёстой.

2020 онд одоогийн тогтолцоогоор явах юм бол ямар ч ахиц дэвшил байхгүй. Энэ хооронд хүн ам өсөөд л байна. Хэрэгцээ шаардлага нэмэгдэнэ. Олдог хэдэн төгрөг нь хаа, хаанаа хүрэлцэхгүй. Өнгөрсөн 20 гаруй жилд үе үеийн улстөрчид ямар замнал туулж ирсэнийг бүгд мэдэж байгаа. Хэрэлдсэн, талцсан, зодолдсон, нэг нэгнийхээ аминд хүрсэн, бие биеэ шорон гянданд хийсэн энэ дүр зураг дараачийн 20 жилд үргэлжилнэ. Заавал ийм замаар Их хуралд сонгогдоод явах хэрэг байна уу гэдгийг бодох л ёстой. Тэгэхээр тогтолцооны гажгийг өөрчлөхгүйгээр цааш явж чадахгүй. Тогтолцоог өөрчлөх гол зам нь Үндсэн хууль юм. Миний хувьд сонгодог парламнетын тогтолцоо руу шилжвэл манайд илүү тохиромжтой. Яагаад гэвэл бид геополитикийн хувьд хоёр том гүрний дунд оршиж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих нь ямар эрсдэл дагуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй.

-МАХН-аас шинэ Үндсэн хууль боловсруулсан гэж мэдээлээд байгаа. Та тэр төслийг анзаарав уу?

-Бид уг нь хуультай улс. Хуулиар Үндсэн хуулийг өөрчлөх асуудал ард нийтийн санал асуулга юмуу Их хурлаар хэлэлцэгдэнэ. Гэтэл хууль бус зүйл ярьж байгаа бол гэмт хэрэг. Энэ бол ард түмэн их бухимдалтай байгаагийн дохио юм. Энэ бухимдал хоёр зүйлд хүргэнэ. Нэг бол саяын хэлж байгаагаар ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт хийх байдлаар бухимдлыг тайлах зам бий. Хоёр дахь нь маш хор хөнөөлтэй арга буюу хувьсгалын асуудал. Бослого үймээнээс болж зарим улс орнуудын хөгжил 20, 30 жилээр ухарч байгаа гэдгийг бид нүдээрээ хараад чихээрээ сонсоод сууж байна. Бид ийм хор хөнөөлтэй замыг сонгох ёсгүй. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмний санал асуулгаар шийдэх ёстой.

-Та шүүгчидтэй нэлээд маргаантай байгаа. Энэ асуудал юу болж байна вэ?

-Нэг л зүйлийг хэлье. Өнөөдөр “social court” гэдэг ойлголт бий болчихлоо. Өөрөөр хэлбэл, нийгмээрээ буруу зөвийг шүүх тогтолцоо руу орчихлоо. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ороод гуравхан минут ярьсан яриаг маань нийгэм даяар дэмжиж, давалгаалж байгааг та бид харсан. Би бүх шүүгчийг энэ мэдээлэлдээ оруулж байгаа юм биш. Өнөөдөр 515 шүүгч шүүн таслах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Энэ дотор тодорхой тооны хүмүүс хууль бус шийдвэр гаргасан. Иргэд олон түмнийг хохироосон, өмч хөрөнгөнөөс нь салгаж хагацаасан. Эрх чөлөөг нь хохироосон зүйлүүд их байгаа учраас нийгэм өөрөө ингэж давалгаалж байгаа. Нөгөөтэйгүүр шүүхийн захиргааны байгууллага буюу Шүүхийн ерөнхий зөвлөл хэт явцуу байна. Шүүгчийг сонгон шалгаруулдаг тогтолцоо өөрөө шударга биш байгаа гэдгийг хүн болгон шүүн тунгааж ярьж байна. Дээрээс нь шүүгч нарт хариуцлага хүлээлгэх хариуцлагын механизм өнөөдөр Монгол Улсад байхгүй. 1990 оноос хойш хэн гэдэг шүүгчийг шүүхээр хариуцлага хүлээлгэснийг гаргаад ир гэвэл олдохгүй. Нэг ч шүүгч шүүхээс ял авч хариуцлага хүлээгээгүй. Гэтэл цаад талд нь нийгэм шүүгч нарыг шударга бус байна, мөнгө авч хэрэг маргаан шийддэг болсон гэдэг асуудал яригдаж байгаа. Үнэндээ шүүгч нарыг хэрэг түвэгт холбогдсон асуудлыг шалгагдаад ирэхээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай ойлголт алга. Бид шударга ёсыг хүсэмжилж байгаа юм бол эхлээд шүүхээ шударга болгох хэрэгтэй. Английн Хатан хаан шударга шүүхийн тогтолцоог бий болгосон учраас өнөөдөр тус улсад хэмжээт эрхт хаант засаглал оршин тогтнож байна. Түүнчлэн шүүгч нарыг чадавхжуулж хөгжүүлэх шаардлага их байна. Анхан шатны шийдвэрүүд алдаа мадагтай гарч байна шүү дээ. Тиймээс шүүгч нарыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ мэтчилэн шударга шүүхийн тогтолцоог бий болгоход олон хүчин зүйл хэрэгтэй. Тэгэхээр Үндсэн хуулиар хэлэлцэх ёстой нэг чухал асуудал бол шүүгч нарыг хугацаатай томилдог болох эсэхийг ард түмнээсээ асуух ёстой. Тэгэхгүй бол шүүгч нар бүх насаараа хариуцлага хүлээх механизмгүй байна. Тухайн хүн хичнээн шударга байсан ч шударга бусын эргүүлэгт хуйлраад л орчихож байна шүү дээ.

-Шүүх засаглалын асуудлыг хөндөнгүүт шүүгч нартай холбоотой санал, гомдол танд ирж байна уу?

-Маш их ирж байна. Миний фэйсбүүк, пэйж хуудсаар иргэдээс уулзах санал хүсэлт тавьж байгаа. Би үнэндээ бүгдтэй нь уулзаж амжихгүй байна. Миний хувьд тэдгээр ирүүлсэн гомдол саналыг нь хүлээж аваад, уншиж танилцаад, холбогдох байгууллагууд руу шилжүүлэх эрх хэмжээ байгаа шүү дээ. Жишээлбэл, нэг компани шүүхээр яваад тусгай зөвшөөрлөө бусдаас шилжүүлж авах хэлцэл хийгдсэн байна. Гэтэл итгэмжлэл нь хуурамч байна гэдэг хэрэг маргаан үүссэн байгаа юм. “Итгэмжлэл нь үнэн байна” гээд хэргийг нь дөрөв, таван удаа эрүүгийн хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болгосон. Нөгөө хүн 12 жил төрийн буруутай үйл ажиллагаанаас болж ашигт малтмал олборлох эрхээ эдэлж чадаагүй. Зөвхөн нэг байгууллага хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хууль шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас 12 жил хохироод явж байна. Уг нь бид ийм тогтолцоо байгуулаагүй. 1990 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарилгаар хоёр хууль батлагдан гарсан байдаг. “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор шүүхийн хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан гэм хорыг арилгах журмын тухай хууль”, “Төрийн захиргааны байгууллагыг хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан гэм хорыг арилгах журмын хууль” гэж Монголын төр анх удаа иргэнийхээ өмнө хариуцлага хүлээдэг хуулийн механизмыг бий болгож бид эрхзүйт төр рүү алхаж орсон. Гэтэл энэ эрхзүйт төрийн тогтолцоо гуйвжээ.

-Та нэгэн шүүгчийн хадгаламжид их хэмжээний мөнгө байсан гэж хэлсэн. Гэтэл өөр нэг шүүгч дансандаа байсан мөнгийг эмчилгээний зардалд зориулахаар байршуулсан гэж тайлбар өгсөн. Таныг нийгэмд попорсон юм шиг ойлголт төрсөн?

-Хэргийг хууль бусаар шийдсэн байж болзошгүй 22 шүүгчийн тухай болоод тэдний хамаарал бүхий хүмүүсийн дансыг шалгуулахаар АТГ, УЕПГ-т өгсөн. Би хуулийн байгууллагын шалгаж байгаа асуудлыг ярих боломжгүй. Гэхдээ эргээд хаагдчих вий дээ гэхээс санаа зовж байна. Хэрэв тэр хүний дансаар хоёр тэрбум төгрөг орж гарсан бол тайлбарлах л ёстой. Тайлбарлаж чадахгүй бол хууль бусаар хөрөнгөжсөн гэдгээр эрүүгийн хэргээр шийтгэгдэнэ. Дансан дахь мөнгөө тайлбарлалаа гэхэд татвар төлсөн байх ёстой. Татвар төлөөгүй бол татвар төлөхөөс зайлсхийсэн гээд эрүүгийн хэрэг бас үүсгэгдэнэ. Энэ хоёр гарцаар шалгаасай гэж хүсч байгаа. Дараагийн нэг асуудал гэвэл би тэр дансандаа нэг сая ам.доллартай шүүгчийн тухай яриагүй юм. Өөр шүүгч байсан хүний тухай ярьсан. Тэр бол одоогийн шүүгч байгаа хүний асуудал. Тэрийгээ өөрсдөө тайлбарлаг.

-Шүүгчидтэй холбоотой мэдээлэл цацангуут танд ямар нэг дарамт, шахалт ирж байна уу?

-Мэдээжийн хэрэг надад заналхийлэл, дарамт зөндөө байгаа. Над руу ирүүлсэн мессэжүүд бий. Би тэр болгоныг гоншигонож нэг ч удаа, ямар ч хэвлэлээр яриагүй. Нэгэнт та асууж байгаа учраас хэлчихье. Зарим хүн миний тухай мэдээлэл цуглуулах судалгааны баг гаргачихсан явж байгаа гэсэн. Төрснөөсөө хойш ямар ажил хийж, дүүрэг, орон нутагт ямар шийдвэр гаргаж байсныг хүртэл судалж байгаа юм билээ. Тэр багаа сайн ажиллуулаарай гээд хэлчихье. Надад бол тийм баг гаргах хөрөнгө санхүүгийн боломж байхгүй. Харин иргэдээс ирсэн баримтууд байгаа. Би цуглуулж байна. Бас намайг мөрдөж, мөшгих баг томилсон гэж дуулсан. Сайн мөрдөөрэй гээд хэлье. Гэхдээ миний халдашгүй эрхэнд халдаж байгаа гэдгээ бодоорой. Түүнчлэн нэр бүхий хүн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж, намайг харлуулах даалгавар өгсөн байна лээ. Энэ бол шүүгчийн ажлын чиг үүрэгт байх ёсгүй шүү. Би өмнө нэг ч сурвалжлагчид “Миний амь насанд заналхийлж байна” гэж хэлж байгаагүй.

-Та хэн гэдгийг нь мэдэж байгаа л юм байна шүү дээ. Тэр хүнээ хуулийн байгууллагад өгөөд шалгуулж болдоггүй юм уу?

-Монгол бол жижигхэн, мэдээлэл хурдан дамждаг. Би ямар мөрдөж мөшгиж байгаа хүнээ О.Баасанхүү гишүүн шиг “Надад хүн гаргаж, өг, миний амь насанд заналхийлээд байна” гээд байлтай биш дээ. Ажил гэр хоёрынхоо хооронд яваад л байна. Цаашид ч явах болно. Би хэн нэгэн хувь хүний эрх ашгийг хөндөж яриагүй. Гэтэл өөрсдөө миний эсрэг тайлбар хийж эхэлсэн. Шүүмжийг хүлээж авахын оронд өөрсдөө сошиалаар шүүхдэж байгаа.

-МАН-д “Дэвшилтэд холбоо” гэсэн жигүүр ургасан. Сүүлийн үед Их хуралд орж ирсэн залуус зоригтой дуугарч, нам дотроо жигүүр ургууллаа гэж ард түмэн та бүхэнд итгэл хүлээлгэж байна. Жигүүрийн үйл ажиллагаа цаашид хэрхэн явах вэ?

-Өнгөрсөн гуравдугаар сард бидний хэдэн Их хурлын гишүүн ярилцаж байгаад олон улсад байдаг “Progressive alliance” гэдэг байгууллагын салбарыг Монгол Улсад байгуулсан. Ингээд намын дэргэд байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Цаашид ямар, ямар ажил хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгнө. Бид шударга ёсны салхийг салхилуулж эхэлсэн гэж бодож байна. Тэрнээс нам дотроо бүлэг фракц үүсгэж, Засгийн газарт суудал авахын төлөө ажиллахгүй. Судалгааны дүнгээс харахад биднээс ард иргэд их зүйл хүлээж байгаа юм билээ. Тэгэхээр бидний дэвшүүлж байгаа зорилт бол Монгол Улсын хөгжлийн төлөө юм. Тэрнээс хэн нэгэн хүнийг шорон гянданд хийж, хэн нэг хүн рүү субьектийн дайралт хийх тухай ярихгүй. Мэдээж, шударга бусын хажуугаар чимээгүй өнгөрөхгүй.

-Эрх баригчид өмнөх засгийг удирдаж байсан хүмүүсээ намнадаг тогтолцоо нэгэнт тогточихжээ. Урьд нь сайд, дарга байсан хүмүүсийг хорьчихлоо. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Энэ тогтоцоо бол буруу. Хөгжиж байгаа орнуудад тохиолддог загвар. Тэгэхээр тийм ч сайн загвар биш. Хариуцлага хүлээлгэх механизм байлгүй яахав. Гэхдээ улс төрийн зорилгоор нэг нэгийгээ намнаж болохгүй. Нам дамнасан бүлэглэлүүд өнөөдөр байгаа гэдгийг бүгд мэднэ. Тэгээд хууль шүүхийнхээ засаглалыг гартаа оруулж ирдэг. Дараа нь улс төрийнхөө өрсөлдөгчөө намнаж, хорьж, шийтгэдэг. Шүүх хараат бус хууль шүүхийн тогтолцоог бүрдүүлж чадахгүй бол бие биеэ намнадаг тогтолцоо цаашид улам боловсронгуй болж, үргэлжлэх зураглалтай. С.Баяр даргын тухайд улстөрчийнх нь хувьд үнэлдэг. Энэ хүнтэй ойр ажиллаж үзээгүй. Ер нь Монголын төр зүтгэсэндээ халтай гэдгийн үлгэр болж байх шиг байна. Манайхан нэг туйлшрахаараа хэцүү. Тавантолгойн бүлэг ордууд бүгд хувийнх байсан. Үүний 97 хувийг төрд авчрах шийдвэрийг гаргасан хүн бол С.Баяр дарга. Хоёрдугаарт, алдаатай, оноотой ч бай Оюу толгойг хөдөлгөсөн хүн бол С.Баяр дарга. Өнөөдөр Оюутолгой, Тавантолгойгоос Монголын эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөөллийг хүн бүр мэднэ. Хардах эрх хүн болгонд бий. Үнэхээр нэр дээр нь долоон байр байдаг юм бол шалгаад асуудлыг нэг талд шийдээсэй гэж бодож байна. Сая АНУ руу АТГ-ын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар очиж, хууль хяналтын байгууллагуудтай харилцан туслалцаа үзүүлэх гэрээ хэлэлцээр байгуулсан гэж сонссон. Тиймээс олны эргэлзээг тайлах хэрэгтэй. Ер нь С.Баяр дарга өөрөө шалгуулъя гэдэг асуудлыг тавьсан гэж ойлгосон. Өнөөдөр байцаан шийтгэх ажиллагаа шуурхай явах ёстой. Гэтэл энэ хэрэгтэй холбоотой хүмүүсээс 20 гаруй хонож байхад нэг ч байцаалт аваагүй байна гэсэн. Үнэхээр эрүүл мэндийн хувьд асуудал байгаа юм бол эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай үзүүлэх ёстой. Харин бусад хүмүүсийн тухайд хэлж мэдэхгүй байна. С.Баяр дарга шиг том төслүүдийг хөдөлгөсөн Ерөнхий сайд үнэндээ байсангүй. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх дуугарч эхэллээ. Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн асуудал яригдсан байна. Мөн нефть боловсруулах үйлдвэрийг эхлүүлье гээд дуугарчихлаа. Бидний хүсээд байгаа зүйл бол том төсөл хөтөлбөрүүдийг явуулах. Гэтэл үүнийг шүүмжлээд байвал улс орон хөгжихгүй.


Categories
мэдээ цаг-үе

Гавьяат жүжигчин Т.Чойжилсүрэн: “Гарьд магнай” киноны Дондогдулам хатны дүрдээ би их хайртай

“Гарьд магнай” киноны Улсын эх дагина Дондогдулам хатны дүрийг амилуулав. 1983 он.

Монгол Улсын гавьяат жүжигчин Тогтохын Чойжилсүрэнтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр “Гарьд магнай” кинон дээр “Миний бөхийг унагасан энэ наадмыг би үзэхгүй ээ” гэж ширэв татдаг Богд хааны хатан, улсын эх дагина Дондогдуламын дүрийг бүтээснийг олон түмэн сайтар мэдэх биз ээ.


-Та зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хүйлэн огторгуйн заадас” номын баярт ардын уран зохиолч Шагдарын Дулмаа гуайтай оччихсон үг хэлж зогссон доо?

-Дулмаа найрагч бид хоёр үе тэнгийн хоёр. Нас чацуу, бие чацуу. “Оргил” рашаан сувилалд нэг өрөөнд хүртэл хамт амарч байсан.

-Та жүжигчин болсон талаараа яриач. Алтан үеийнхэнтэй нэг үед ажиллаж, дүр бүтээж явсан хүн биз?

-Гурван театр нэг дор байхад яг л алтан үеийнхний дотор бужигнаж явлаа. Би Завхан аймгийн Идэр сумын хүн. Нутагтаа аав ээжийнхээ гар дээр өсөж торниод Идэр сумын сургуульд нэг жил сурчихаад, манайх аймаг шилжихэд Элдэв-Очирын нэрэмжит сургуульд долоодугаар ангиа төгстөл суралцлаа. Тэгтэл аав маань бурхан болоод ээжийгээ тэжээх боллоо. Ээжтэйгээ амьдраад байж байтал аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсийн дарга нагац ах маань “Энэ хоёр хүнийг яадаг шүү юм билээ” гээд аймгийн Эвлэлийн хороонд галч хийлгэх юм боллоо. Том хар пийшингүүдийг галлах гээд чаддаггүй. Нойтон модыг нь ч даахгүй юм. Эвлэлийн хорооны дарга Дашзэгвэ гуай “Энэ хүүхдийг ямар хүн аваад ирсэн юм бэ. Биднийг хөлдөөж алах нь. Болиул” гэснээр халагдлаа.

-Хар нялхаараа амьтан чинь хар бор ажил яаж хийж чадахав дээ?

-Эвлэлийн хороо дуудаж байна гэхээр нь очсон чинь “Бичээч хий” гэж байна. Бичээчийг харин хийчих юм билээ. Бичгийн машиныг нь будаа тоншиж байгаа шувуу шиг хоёр хуруугаараа тоншсоор овоо сурлаа. Сүүлдээ ч цагааширлаа. Би багаасаа л дуу хуурт дуртай, хөлөөв (клуб) рүү л гүйчих гээд байдаг хүүхэд байсан. Аав маань ч сайхан дуулдаг хүн байлаа. Машины бичээч хийж байсан ч чихэнд аймгийн хөлөөв(клуб)-ийн дуу хуур сонсогдоод л байна. Хурлын тогтоол, аливаа бичих юмыг нь дор нь л гаргаад өгчихнө. Тэгж байгаад цэцэрлэгийн багшаар ажиллах юм боллоо. Тэнд ажиллаж байхдаа аймгийн хөлөөвт сайн дураараа гүйсээр байгаад хөгжимчин, дуучин гээд хийхгүй юм байхгүй навсганаад яваад байлаа. Сүүлдээ бүр нугарч ч үзсэн. Хотоос алиа Содном гуай, солгой Баяр гэдэг хүн хоёр очоод нугаралт энэ тэрийг хийлгэдэг байв. Хятад ажилчны хөлөөв, аймгийн хөлөөв хоёр нэгдлээ. Ингэж орон тооны арван хэдэн жүжигчнийх нь нэг болсон доо. Гурван сайхан хүүхдийнхээ аав Ховд аймгийн эмч нөхрөө даган нутагт нь очиж Хөгжимт жүжгийн театрт нь жүжигчнээр ажиллалаа. Миний амьдрал, уран бүтээл Ховдын театртай ингэж салшгүй холбоотой болсон доо. Тэнд 1952-1960 он хүртэл “Урагшлах замд”-ын Тогтохмаа, “Тожоо жолооч”-ийн Бадам, “Учиртай гурван толгой”-д Нансалмаа, Хоролмаа, “Далан худалч” жүжгийн Алимаад гээд гол гол жүжгийн голлох дүрд тоглож, бас дуулна. Ховдын театрт байхад найруулагч Э.Оюун багш очлоо. Дуурийн театр Хятад улс руу аялан тоглох болоод Ховд, Дорнодын театраас хүн шалгаруулж авч явахаар очсон юм билээ.

Бээжинд. 1957 он.

-Тэгээд Бээжин явав уу?

-Хоёр гурван өдөр шалгаад Тоодог гэдэг бүсгүй бид хоёр үлдлээ. Тэрэнтэйгээ ахин дахин өрсөлдсөөр 1957 онд Хятад явах боллоо. Баян-Өлгийгөөс хоёр гурван бүжигчин явсан. Хятадын долоон хотод дөчин таван хоног тоглолт хийлээ. Норовоо (ардын жүжигчин, алдарт уртын дуучин Норовбанзад) бид хоёр хоор дуунд зэрэгцэн зогсоно. Дуулахдаа би өөрийн эрхгүй хурууг нь өвдтөл атгачихсан байдаг сан. Сүүлд Дагвын Лувсаншарав багш маань “Хөх дээлтэй хөдөөний хоёр юм хоорондоо хэлхэлдчихээд салдаггүй явдаг сан” гэж дурссан удаатай. Хаа ч явсан л хоёулаа явдаг сан. Нямын багш маань (Нямын Цэгмид) биднийг ахалж явж байлаа.

-Хятадад очоод олон сайхан зүйл үзэв үү?

-Бид олон сайхан зүйл үзсээн. Урлагийнхныг энд тэнд явахад сайхнаар хүлээж авдаг нь хүн төрөлхтөний ёс. Тэр үед Хятадын Ерөнхий сайд Жоу Эньлай байсан. Биднийг хүлээж авах үеийн гэрэл зурагт бид хоёрын гар барьж байгаа агшин цааснаа буусан нь гудамжинд хүртэл плакат маягтай наагдсан байлаа. Тэр зургаа олж авах гээд чадаагүй шүү. Одоо архив, музей энэ тэрд байдаг л байх.

-Хотод орж ирээд Драмын театрт жүжигчин болов уу?

-Жаран онд хотод орж ирэхэд Соёлын яамнаас намайг Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр томиллоо. “Өгөр толгой Гүрсэд” Дугарсанжаа багш маань намайг анх хүлээж авсан. Энэ ягаан ордонд Дуурь, Драм, Хүүхэд залуучуудын гурван театр чинь нэг тайзан дээр ээлжилж тоглодог байлаа. Алтан үеийнхэнтэйгээ нэг тоглолтонд орно. Энд би Итгэлт баяны дүрээр мөнхөрсөн ардын жүжигчин Очирбат, Хишигт хоёрын зохиол “Хүү” жүжгийн аравдугаар ангийн охин Норжмаагийн дүрд тоглосон. Мөн “Улаан бүч”, “Ялалтын жигүүр” зэрэг жүжигт тоглож байлаа.

-Таны бүтээсэн “Гарьд магнай” киноны эх дагина Дондогдулам олон түмний сэтгэлд нэлээд хоногшсон дүр шүү?

-Би тэр дүрд тэнцэнэ гэж ердөө бодоогүй. Ж.Бунтар найруулагч “Би ийм кино хийж байгаа. Байдыг Богдоор, чамайг Богдын хатны дүрд авна” гэсэн. Байды гуай бид хоёр “Үүрийн цолмон” кинонд Доной баян, түүний авгай хоёрт тоглосон байсан. Энэ кино Бунтар гуайн бүтээл л дээ. Би Дондогдулам хатны дүрд тоглоно гэдгийг сонсоод эхлээд бүр муужирчих шахсан. Тэгсэн “Олон таван үггүй тогло” л гэсэн. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Хишигт нарын зохиол, Бунтар, Чимэддорж нарын найруулсан кинонд наян гурван онд тоглосноос хойш ард түмэн намайг хаа ч явсан л “Богдын хатан, Эх дагина” гэж хүндэлж байдагт баярлаж явдаг даа. Ямар сайндаа рашаан сувилалд сувилуулж байхад нэг хүүхэн намайг дандаа л “Дондогдулам аа, нааш ир, чамд оочер авчихсан” гэх мэтээр дуудна. Сүүлд өрөөнд нь ороод “Намайг битгий тэгж дуудаад бай л даа” гэсэн чинь “Энэ хүмүүс л чамайг Дондогдулам гээд байсан. Жинхэнэ нэр чинь биш киноны дүрийн чинь алдар байсан юм уу” гэж бөөн инээдэм болох вэ дээ. (инээв. сур) Нэг бодлын сайхан л юм. Нэг удаа зам дээр цагаан машин зогсоод хэсэг залуус “Эмээ та Дондогдулам хатан мөн, тийм ээ” гэхээр нь ичээд дуугарч ч чадахгүй толгой дохитол “Бид таныг мөн, биш гэж мөрийцөж байсан юм. Би тэгвэл мөрийгөө авчихлаа” гэж байсан. Жүжигчин хүн чинь дүрээ их судлах ёстой байдаг. Тэгэхэд би Дондогдулам хатны амьдрал ахуйг ер судлаагүй шахуу л тоглочихсон юм билээ. Би хорь шахуу кинонд тоглосон ч энэ дүрдээ их хайртай. Дондогдулам хатан чинь их эрдэмтэй гайхамшигтай хүн байсан юм билээ.

-Та сүүлд хүмүүсээс асууж судалж мэдэв үү?

-Лам нар жасаа уншиж байх үед Эх хатан чинь уншлаганд нь ороод ном цээжээр уншчихдаг, түвд, манж, хятад хэлтэй, шүлэг дуу зохиодог ер бишийн хүн байсан юм билээ. Богд хааныг гаминд баригдан шоронд хоригдож байхад нэг дуу зохиож дуулсан түүхтэй.

“Дөрвөн уулын дундаасаа

Усны тунгалаг урсана аа хө

Төр улс маань төвшин бол

Түмэн олон амгалан сан

Хадны завсар хавчуулагдсан

Халиуны зулзага хөөрхий

Харийн дайсанд баригдсан

Хаан эзэн минь хөөрхий

Бутны завсар бултайсан

Булганы зулзага хөөрхий

Бултын өмнөөс баригдсан

Богд эзэн маань хөөрхий даа” гэж дуулсан байдаг юм билээ.

“Үүрийн цолмон” киноны Доной баяны эхнэр Дэнсмаагийн дүрд…

-“Говь Хянганд тулалдсан нь” кинонд та бас тоглож байжээ?

-Би чинь “Говь Хянганд тулалдсан нь”-д гэрээ шатаалгасан малчин ардын гэргий, “Зарлаагүй дайны оршил”-д худгийн сахиулд зэргээр жижигхэн дүрүүд бүтээсэн.

-Өөр хориод кинонд тоглосон гэлээ?

-Золбаярын “Ээждээ л үнсүүлэх юм сан” кинонд төрийн шагналт жүжигчин Цагааны Төмөрбаатарын ээжийн дүрд тоглосон доо. Хошин урлагийн Одончимэг, гавьяат жүжигчин Дэлгэржаргал, Итгэлт-Очирбат бид тоглосон кино шүү дээ. “Зугтаарай” гээд инээдмийн киноны нэг авгайн дүр байна. “Хойт эх”-эд тоглосон.

-Таны жүжиглэхүйн урлагийн багш гэвэл хэн байна?

-Хоёр Цэгмид, ардын жүжигчин Ленин Дамдиа буюу Дамдинсүрэн гуай, Ичинхорлоо гуай, Хандсүрэн, Цэрэндулам, Гэндэн багш гээд алтан үеийн бүх жүжигчид бидний багш байсан даа. Рэнцэнноров гуай гэхэд манай театрын дарга байлаа. Хүүхэд залуучуудын театр туурга тусгаарлаж Эмнэлэг гэгээрлийн ордонд очиход “Эвий, энэ муусайн хүүхдүүдийг явуулж яах нь вэ” гэж нөгөө хэд маань уйлсан гэж байгаа. Ичинхорлоо гуайг Ийеэ багш гэж авгайлна. Үйлдвэрийн зориулалттай байж байгаад Хүүхэд залуучуудын театр болсон тэр сайхан байрыг чинь И.Нямгаваа зараад сүүлд бид хог дээр гардаг байгаа. Харин урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэнсамбуу, ардын жүжигчин Н.Сувд хоёр чинь ухаантай улс болохоор “Хүүхэд залуучуудын театрын хэдэн хөгшчүүлээ театртаа авъя” гэж эцэг театрт минь авсан. Тэгээд эндээ эрхлээд, шинэ тоглолт бүрт уригдаад байж байна даа. Хүүхэд залуучуудын театрт Ягаан Гажид дүрээрээ алдаршсан гавьяат жүжигчин Цэнд-Аюуш, Равсал панз Магсаржав, Рэнцэнханд нартайгаа сайхан л байсан.

-Алдарт жүжигчин Сэдэд гуайтай жүжигт хамтран тоглож байсан гэдэг дээ?

-“Хүний бодол өөр болжээ” жүжигт хамт тоглосон.

-Зургуудыг чинь харахад “Ромео, Жульетта”-д хүртэл дүр бүтээж дээ?

-Капулетын хатны дүрд тоглож байлаа.

-Таны үр хүүхдүүдээс авьяасыг тань өвлөсөн хүн байна уу?

-Эмээ нь дөрвөн хүүхэдтэй. Ууган охин Хүүхдийн хувцасны үйлдвэрийн нормчин Оюун гэж ажилсаг мастер хүн болсон. Хүү Эрдэнэбаатар маань ЗХУ-ын Краснядор хотод Барилгын инженерийн сургууль төгссөн аварга барилгачин, хөлбөмбөгийн мастер олон алт, мөнгө, хүрэл медаль цомын эзэн болсон хүн байна. Хүү Эрдэнэтийн ГОК-ийн барилгуудыг, хотод “Бүжинхэн” цэцэрлэг, “Чингис” зочид буудлуудыг барилцсан даа. Охин Алтанцэцэг маань Хөгжим, бүжгийн дунд сургуулийн бүжгийн анги төгсөн Эрдэнэтэд ажиллаж байгаад Ленинградын Соёлын дээд сургуульд суран төгсөж ирсэн. Улсын ардын дуу, бүжгийн чуулгад хуваарилагдсан байсан ч “Эх орныхоо хэрэгцээт газар очно” гээд Эрдэнэтийг дөнгөж байгуулагдаж байхад Нямын Цэгмид багштай хэдэн хүүхэд явсны нэг нь миний охин. Ленинградад дээд сургууль төгсөж ирээд Эрдэнэт хотын Соёлын хэлтэстээ ажилласан. Отгон охин Шийтэрийн Алтаннавч маань нэгдүгээр сургууль дүүргэж, “Бэрс” дээд сургуулийг “ТВ-8”-ын Алтаа, сэтгүүлч Д.Болдхуяг нартай хамт төгссөн сэтгүүлч мэргэжилтэй хүн. Алтаннавч маань Үйлдвэрчний төв зөвлөлд “Хөдөлмөр” сонины эрхлэгчээр олон жил ажиллаж байгаад АНУ-д суралцан, арваад жил ажиллаж, амьдарч байгаад саяхан ирсэн дээ. Одоо барилгын байгууллагад хүний нөөцийн менежерээр ажиллаж байна. Эмээ нь танай сониноор нэг талархал уламжилж болох уу?

-Бололгүй яах вэ?

-Цагаан сараас өмнө бие өвдлөө. Хоёр гурван өдөр л өөрийгөө оношилж аргалах гэж үзээд сүүлдээ Клиникийн хоёрдугаар эмнэлэгтээ очиж үзүүллээ. Олгой хүндэрчээ. Ерөнхий эмч Нармандах “Яаралтай хагалгаанд ор” гэлээ. Тэгэх нь ээ өмнө нь надад цөсний хагалгаа хийж миний амийг хоёр удаа аварсан алтан гартан байна лээ. Мэс заслын тасгийн хамт олон их эмч Нармандах, Анхбаяр нартаа, бүх сувилагч, асрагч нарт баярласнаа илэрхийлье. Нармандах эмчийн хувьд Дундговь аймгийн эмнэлэгт ажиллаж байхдаа гурван мянга, Хоёрдугаар эмнэлэгт мэс заслын эмчээр ирснээсээ хойш 17 мянган хүнд мэс ажилбар хийж хориод мянган алтан амийг аварсан гэж байгаа. Тиймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд уламжлахад ийм сайхан гавьяатай мэргэжилтнүүдээ хайрлаж харж хандаасай гэж чин сэтгэлээсээ хүсэх байна даа.

Categories
мэдээ нийгэм

Хөх хотын ногоон байгууламж, тохижилтын ажилтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотын ногоон байгууламж, тохижилттой танилцлаа.

Хөх хот нь ӨМӨЗО-ны төв томоохон хот бөгөөд ногоон байгууламж, гудамж талбайн тохижилтыг иргэдийнхээ амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан хийдэг аж.

Хөх хотын ногоон байгууламжийн газар нь арчилгаа, барилга, хортон, арчилгаа төлөвлөлт зэрэг 14 хэсгээс бүрдэх бөгөөд нийт 1000 гаруй орон тооны болон гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хөх хотын ногоон байгууламжийн газар ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч, жил бүр 1000 га талбайг цэцэрлэгжүүлэх, иргэдээс газрын чөлөөлөн авч, орон сууцжуулах, тэдэнд ажлын байр бий болгох зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөжээ.

Тус хот нь цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн стандартад хүрсэн ногоон хот болох зорилтоо биелүүлэхийн тулд шинээр орон сууцны хороолол, хотхон байгуулахдаа 30-аас доошгүй хувь нь ногоон байгууламж байхаар хуульчилсан байна. Түүнчлэн хуучин хогийн цэг байсан газрыг сэргээн засварлан Чингис хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулсан аж. Уг хүрээлэнд 44 төрлийн мод бут, сөөг, бутлаг ургамал ургадаг бөгөөд иргэдийн ирэх дуртай газруудын нэг гэнэ.

Мөн тус хотын томоохон бүтээн байгуулалт болох Хөх хотын 70 жилийн ойд зориулан босгосон бүх ард түмний үндэстний соёл спортын цогцолбор

ирэх сараас бүрэн ашиглалтад орж иргэдийг хүлээн авч эхлэх юм байна. Уг төв 3 давхраас бүрдэх бөгөөд морин спортын олон улсын болон дотоодын тэмцээн уралдааныг зохион явуулах боломжтой. Чингис хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн нийт 1.2 сая ам.доллараар бүтжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэцгийн толгой тастдаггүй…

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Нийгэмд цөөн хувь эзэлдэг боловсролтой хэсэг бол улс гүрнийг залж авч явах тархи юм.

“ХАМААРАЛТАЙ” АРДУУД

Саяхан нэгэн уралдаанч хүн “Монголд хурдан мориноос хамааралтай хүн 400 мянга гаруй байгаа” гэж сонинд бичжээ. Тэр үнэн байх аа, илүү олон ч байж магадгүй. Лавтай архаг архичид, хар тамхинаас хамааралтай донтонгууд яавч энэ тоонд хүрэхгүй, тамхичид л илүү гарах байх. Өнөөдөр нүүдлийн мал аж ахуйгаар амьдарч байгаа иргэд хүүхэд хөгшдөө оруулаад 15 хувь байгаа гээд бодохоор ийм тоо гарах ч, хамааралгүй ихэнх эмэгтэйчүүд, нялхсыг хасахаар тал нь болно. Үүн дээр нүүдлийн мал аж ахуйгаас хол, хот хүрээнд суудаг хамааралтангуудыг нэмэхээр мань уралдаанч барагцаатай тоо хэлж.

Бөхийн барилдаанаас хамааралтай хүн үүнээс лав хоёр дахин их гээд гөрдөхөд нэг их хол зөрөхгүй болов уу. Дуу хуураас хамааралтайчууд дахиад хоёр дахин олон ч байж болох. Мянга мянган жил үргэлжилсэн нүүдэлчин ард түмний соёл, үүнийг эгдүүцэх жигших муулах ямар ч шалтгаан байхгүй. Яагаад ийм болчихсон, нүүдлийн нийгмээс хэдийнээ холдсон ч энэ хобби яагаад тасардаггүй талаар яривал урт лекц болохоос гадна зөвхөн таамаглаж болохоос яг таг учрыг нь тас мэргэн хэлэх цэцэн бараг олдохгүй. Тэгээд ч тэрийг нь тодотгох гэж мэрийх нь тухайн асуудлаар мэргэшсэн хүнд хамаатай болохоос нийт ард түмэн үүнд хамааралгүй.

Хотжил, иргэншил, үйлдвэржилт Монголд нэвтрээд ердөө хүний хоёр үе л өнгөрч байна. Иймээс мянганы түүхтэй сэтгэлгээ, соёл, уламжлал шинэ ертөнцөө даган орчин үежих процесс удаан үргэлжилнэ, дахиад хоёр үе өнгөрсөн ч байж л байх болов уу. Барилдах, дуулах, уралдах, шүлэглэх соёл аль ч ард түмэнд байсан ба хөгжлийн явцад өнгө төрх нь өөрчлөгдөж орчин үежих процесс үргэлж цагийн аяс, хөгжлийн хурдацаас хамаарч байсан. Үүнд захиргааны албадлага гэхээсээ цаг хугацаа л нөлөөлдөг байх.

БОЛОВСРОЛТОЙ АРДЫН ХЭРЭГЦЭЭ

Атом цөмийг задалж, удамшлын кодыг тайлж, нанометрийн хэмжээнд инжинерийн ажил үйлдэж, хүний сэтгэлгээний хурдаас давсан хиймэл оюун бүтээж, өөр гариг руу нисэн очдог болсон өдгөөгийн цаг үед бүх нийтэд хүртээлтэй болтлоо хавтгайрсан ертөнцөд хөл нийлүүлэн алхах нь аль ч ард түмний хүсэл. Хэдхэн зууны өмнө тэргүүний орноос мянганаар хоцорсон ч үл ажиглагддаг байсан бол өдгөө хэдэн жилээр хоцроход хойш шидэгдэх, магадгүй маргааш хэдхэн сараар хоцроход тэртээд хаягдан хорвоогоос тасран холдох болов уу. Ингэхийг аль ч ард түмэн хүсэхгүй, гэхдээ ард түмэн болгон хоцрохгүй явж бас бардаггүй. Иймээс л аль ч ард түмэнд орчин үеийн боловсролтой мянга мянган иргэн ус агаар мэт хэрэгтэй байдаг.

Боловсрол бол мэргэжлээс өөр зүйл. Боловсрол бол орчныхоо тухай шинжлэх ухааны үндэстэй онол практикийн зөв ойлголттой байхыг хэлнэ. Маш сайн дуулдаг мөртлөө урлагийн боловсролгүй байж болно. Мундаг мэс засалч байж мэргэжлээсээ өөр юу ч сонирхдоггүй байж болно. Ямар ч мэргэжил эзэмшээгүй мөртлөө нэвтэрхий толь шиг өргөн мэдлэгтэй, гэхдээ тэрийгээ хэзээ ч ашигладаггүй паразит амьдралаар насыг бардаг нэгэн ч бий. Дээд сургуулийн болон доктор профессорын үнэмлэх бол тодорхой мэргэжлийн сургуульд явсныг нь л хүлээн зөвшөөрсөн батламж. Гэхдээ ямар ч мэргэжлийн сургуульд явалгүйгээр хавтастай үнэмлэх хэд хэдийг худалдаж аваад улс орноо, нам төрөө удирдаад явж болж байна. Ийм том орныг ингэж удирдахгүй ээ хөө!

Судлаачдын үзэж буйгаар тухайн нийгэм дахь боловсролтой хүмүүсийн эзлэх хувь 5-40 хувь дотор эргэлддэг аж. Таван хувь боловсролтонтой орны хувьд энэ нь гол баялаг нь. 40 хувь боловсролтонтой бол асар их нөөцтэй гэсэн үг. Нийгэм өөрийн боловсролтой оюунлаг иргэдтэй болохын тулд асар их өртөг төлдөг. Бага дунд сургуулиас нь бэлдэн суурийг нь тавьдаг ба эндээс боловсролтой болох цөөн хэсэг нь аяндаа ялгаран тодроод ирнэ. Нэгэнт сайн суурьтай иргэн амьдралын практикаас асар ихийг олж мэдэн системчилж ойлгосоор нас явах тусам улам боловсронгуй болно. Боловсролтой болоход тухайн хүний байгалийн өгөгдөхүүн маш чухал нөлөөтэй. Боловсрол гэдэг бол мэдээллийн цуглуулга, уншсан номын овоолго ч биш. Системчлэгдээгүй мэдлэг хэнд ч хэрэггүй, ердөө л овоолсон тоосго. Энэ тоосгоор ордон барьж чадаж байж боловсрол нийгэмд ач тусаа өгнө.

ОЮУНТНЫГ ҮЗЭН ЯДАХУЙ

Нийгэмд цөөн хувь эзэлдэг боловсролтой хэсэг бол улс гүрнийг залж авч явах тархи юм. Харанхуй бүдүүлэг олонх энэ тархиндаа дургүй, болбол үгүй хийх хандлагатай байдаг нь хүний түүхийн нэг сонин оньсого. Хаант төрийн нэг давуу тал нь нийгмийг жолоодох хүмүүсээ багаас нь бэлддэг. Харин ардчилсан төрд ард түмний тухайн үеийн үзэмжээр ямар ч бэлтгэлгүй тохиолдлын хүнд нийгмийн жолоог атгуулдаг нь тун таагүй үзэгдэл юм. Нийгэмд эзлэх харанхуй массын хувь процент их байх тусам үүн дээр зальт этгээдүүд манипуляц хийн популизмаар гул барин нийгмийн орой дээр амархан гарч ирнэ. Өөрөө харанхуй мунхаг олны төлөөлөл байсны хувьд нийгмийнхээ сор болсон цэцэгсийг дэвсэн устгасан тохиолдол хүний түүхэнд тун элбэг. Хамгийн ойрын жишээ гэхэд оросын бүдүүлэг тариачдыг мэхлэн төрийн эрхэнд гарсан Ленин тэр даруйдаа Орос орны үе уламжилсан хамаг оюуны сорыг хэдэн арван мянгаар нь эх орноос нь хөөн гаргасан. Үлдсэнийг нь Сталин буудаад дуусгасан.

Дундад зууны үед Эсэн тайш бүх Монголыг эзэлснийхээ дараа алтан ургийн бүх эрчүүдийг алж дуусгажээ. Тэд бол удам судраасаа төр улсыг жолоодоход бэлтгэгдсэн тухайн нийгмийнхээ сор хэсэг шүү дээ. Баянмөнх жонон ганцаар амь зулбан зугтахдаа ширээ залгамжлах ганц хүүгээ харц айлд нуусан аж. Нуугдсан тэр хүүг Батмөнх гэнэ, түүхэнд Даян хаан гэх.

Хятадын гамин цэргээс улс орноо чөлөөлөх гэсэн Богд хаан нийгмийнхээ аль ухамсартай хэсгийг цуглуулан тал тал тийш нь гаднаас тусламж гуйлгуулахаар илгээжээ. Түүхийн ээдрээт үйл явцын буянаар ч юмуу, гайгаар ч юмуу нэг түрэмгийлэгч нөгөөгөөр солигдсон. Тусгаар тогтнолын төлөө тэмцсэн тэр хэсэг бол тухайн үеийнхээ нийгмийн сор байсан. Бүгдийг нь алсан даа. Хачирхалтай нь тэднийг төр, ард түмний дайснаар зарлахад нийгмийн “хамааралтай” хэсэг үнэмшсэн.

Зуун мянган ламтай байсан гэх авч тэдэн дундаа боловсролтой оюунлаг хэсэг нь их бодож арван мянга л байсан байх. Тэднийг толгой дараалан устгасан. Алтан ургийнхан болон ноёд тайж, язгууртан, сурвалж угсаатнууд бол мөн л тухайн нийгмийнхээ хамгийн боловсорсон сэхээтнүүд, оюунтнууд байлаа. Тэднийг гучаад оны эхнээс нэг бүрчлэн бүртгэж аваад дараа нь ганцыг нь ч үлдээлгүй буудан хороосон. Нам төрийн ажилтан мянга гаруй хүнийг буудан хороосон, харин тэд тухайн үеийнхээ орчин үеийн төрийн мэнэжмэнтэд дөнгөж суралцан гаршиж эхэлж байсан шинэ боловсон хүчний хамгийн авьяаслаг хэсэг нь байлаа. Тэднийг шоглоомтой юм шиг эх орноосоо уравсан, худалдсан, дайсанд барьцаалагдсан гэж зарлажээ. Ингээд ХХ зууны дунд гэхэд монголчууд мөнөөх дээр өгүүлсэн “хамааралтай” ардуутай нүцгэн хоцорч билээ. Хачирхалтай нь нийгмийн “хамааралтай” хэсэг айсандаа хүлцэнгүйгээр дуугаа хураан зөвшөөрсөн.

Дөнгөж иргэншиж, хотжиж эхэлж байсан тавиад оны үед хоосорсон талбай дээр анхны сэхээтэн буй болж дөнгөж соёолж эхэлж байлаа. Мянган жилийн хоцрогдолтой энэ үндэстэн нийгмийг жолоодох оюунтнаар цангаж байсан тул хурдан төлжиж эхэлсэн. Харин нийгмийн сороо хяхан гадуурхдаг хууч өвчин нь хөдөлж “сэхээтний төөрөгдөл” гэгч кампанит ажлаар бүгдийг нь нэг мөсөн айлгаад авчээ. Гэвч хоцрогдлоо аль болох хурдан нөхөх гэж тэмүүлэх нь улс орны амин шаардлага байсан. Үзэл суртлын хүлээс, гадны шахалт тулгалтаас болоод янз бүрийн сайн дунд муу мэргэжилтнийг олноор бэлтгэж байсан боловч боловсролтой хэсгээс үргэлж болгоомжилж явсаар бараг шинэ зуунтай золгосон билээ. Нийгмийн оюунлаг хэсгийг бүлэг бүлгээр нь тодруулан шившиглэж, тэднийг үзэн ядах хамт олны цуглаан тогтмол зохиож, “хамааралтай” ардуудаар жигшүүлэн нулимуулдаг нэг ёсны наадам цэнгээн тогтмолжсон. Хачирхалтай нь “хамааралтай” хэсэг энэ цэнгээнд идэвхтэй оролцон дуу хоолойгоо нэмэрлээд бүүр дасчихсан.

ӨӨР ГАРИГТ ХӨЛ ТАВЬСАН ХАМААРАЛГҮЙ ХҮМҮҮСИЙН ЗОВЛОН

Шинэ зуун эхлэхийн өмнөхөн Монголын нийгэм нээлттэй болж, хүний нийгмийн ердийн харилцаа болох зах зээлийн тогтолцоонд дахин хөл тавилаа. Хүмүүс ч баяжив, төр ч цүдийв. Бүх нийтээр өнөөгийн хорвоотой танилцлаа. Атаархал, хорсол, шунал тэр л хэрээр нэмэгдэв. Биеэ даахгүй болтлоо мяраалсан хамааралтай хамааралгүйчүүд байгаагаа голж хэрүүлийн илд зөрүүлэх болов. Түр зуурын бүлэглэлүүд үүсэн биендээ элдэв нэр хоч өгөхөөс өгсүүлээд, гүтгэж гүжирдэх, шорон гяндангаар айлгах нь нийгмийн ердийн хэмнэл болж нэг ёсны үүрэгт ажил нь боллоо. Бүлэглэл хоорондын тэмцэл гэж хэн нэг нь сонинд бичсэн, тэр нь ч үнэн байх. Үүнд хамаарагсад болон хөгжөөн дэмжигчид нийт үндэстнийг “хамааралтай” болгожээ. Ийм том улсыг ингэж удирдахгүй ээ, хөө!

Өнгөрсөн зууны дунд үе хүртэлх сэхээтнүүд гол төлөв шашны боловсролтой хүмүүс байлаа. Зууны сүүлийн хагасын сэхээтнүүд хаалттай нийгмийнхээ зөвшөөрөгдсөн хүрээнд өндөр боловсрол олсон хүмүүс байв. Аль аль тохиолдолд хүрээнээсээ хальсан цөөн сэхээтэн байсан нь байнгын дарамтанд амьдарч байсан. Тэгвэл шинэ зууны оюунтнууд хорио цээргүйгээр энэ ертөнцтэй танилцаж, өнөөгийн орчин үеийн дэлхийтэй танилцсан хүмүүс. Манайдаа л өөр гариг дээр анхлан хөл тавьсан сэхээтнүүд. Тэдний өвөг дээдэст хэзээ ч ийм боломж бололцоо олдоогүй юм.

Казахстаныг оруулаад өнөөдөр 160 мянга орчим Монгол Улсын иргэд дэлхийн өнцөг булан бүрд байнга амьдарч байна. Хүн амын гуравны нэг нь жил бүр хилийн дээс алхаж байна. Монголчуудын өмнө дэлхий нээлттэй болжээ. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирэх нь мөрөөдөл биш бодит зүйл болжээ. Эдэн дунд орчин үеийн дэлхий ертөнцийн тухай зөв ойлголттой анхны монгол боловсролтой хүмүүс төрөн гарсаар.

Харин Монголын нийгэм, түүнийгээ дагаад “хамааралтай” Монгол төр уламжлал ёсоороо боловсролтой шинэ боловсон хүчнээ хялайх, үл тоох, хажиглах, ялгаварлах тэгээд болохгүй бол нэр хоч өгөхөөс эхлээд ял зэмд унагах сонирхлоор дүүрэн. Зуун зууны хоцрогдлоо арилгахаар Япон, Солонгос, Хятад, Тайвань зэрэг орнууд орчин үеийн ертөнцтэй танилцуулахаар мянган мянган залуусыг Өрнөд рүү илгээсэн, тэд нар нь ч эргэж ирээд улс орноо гүн хоцрогдлоос чирэн гаргаж тэргүүлэх хөгжлийг буй болгосон. Монгол залуус ч хөгжингүй орнуудад эрдэм өвөрлөн өнөөгийн ертөнцийн тухай зөв ойлголттой болж, дээрх орнуудын жишээгээр эх орноо өөд татах эрмэлзэлтэй. Харин тэднийг эргээд ирэхэд нь аймшгийн сюрреалист ертөнц угтаж байгаа юм даа. Хачирхалтай нь “хамааралтай” ардууд үүнийгээ огт хачирхахгүй.

Монголын төр тэднийг хамгийн амжилттай ашиглаж буй хэлбэр нь гадаад хэлийг нь ашиглахын тулд аль нэг феодал хулгайчийн цүнхийг бариулчихна. Баруунд очиж гахай шувууны мах идэнгээ ямар нэг хавтас өвөртлөөд ирсэн болгон боловсролтой нэгэн гэсэн үг биш шүү дээ. Цөөнгүй тийм хэсэг буй нь орчин үеийн иргэншил соёл боловсролын нэрийг гутаан цүнхчингээс төрийн жолоо хүртэл дэвшин хамааралтай бүлгийн ахлагч болдог. Дээр үед цэрэгт яваад ирсэн гэх сагсуу залуучууд “ну”, “и”, “хоршоо” гэсэн хэдэн гадаад үг тогтоочихсон халимаг үс сэгсэлзүүлэн хөдөөгийн уул талаар соёлын үр тарьж байна хэмээн хөгийг нь хутгаж явсантай яг адилхан. Монголын 800 шахам сүм хийдийг өөрийн биеэр гардан галдаж устгасан улс чинь яг тэд нар шүү дээ. Ийм том улсыг ингэж удирдахгүй ээ, хөө!

Гэвч олон олон залуу орчин үеийн ертөнцийг зөвөөр ойлгоод, үнэхээр эрдмийг өвөрлөн эх орноо өөд татах ариун хүсэлдээ хөтлөгдөн ирсэн ч тэднийг хүлээж авах хамааралгүй нийгэм угтсангүй. Тэдний ихэнх нь ой нь гутаад эргээд “нутаг” буцсан. Юм үзэж нүд тайлж боловсрол олсон тэдэнд дундад зууны ёс дэглэм ноёрхсон газар амьдрах орон зай олсонгүй. Тэдэнтэй хэн ч хүн ёсоор шударга харилцсанүй, сурсан мэдсэнийг нь үнэлж үзэх байтугай хэн ч сонирхсонгүй. Цүнх бариад, гадаадаар худлаа яриад, бүлэгт элсээд бөгс долоогоод өөдлөх замаа бод, эсвэл зайл. Эх оронд нь баримталдаг дэг журам ердөө л энэ.

Бямбасайхан гээд залууг баривчлаад шоронд хийчихжээ. Тэр бол жолоочийн хүүхэд. XXI зууны монголчуудын хамгийн холдсон нь л гэхэд гурван үе хүргэж тоолоход XIII зууны нүүдэлчин малчин. Тэрээр МУИС төгсөгчдийн зөвлөлийн тэргүүн. Энэ сургууль бол Монголд анх удаа орчин үеийн сэхээтэн бэлдэж эхэлсэн газар. Тэрээр Америкт өндөр боловсрол эзэмшсэн. Тэрээр бизнес худалдааны харилцааг өнөөгийн олон улсын түвшинд ойлгож, цаадах тогтсон дэг жаягийг нь мэдэн харилцаж чадах цөөхөн монгол хүний нэг.

Тэрээр орчин үеийн боловсрол эзэмшсэн анхдагч цөөн монголчуудын нэг. Монголын төр ийм хүмүүс бэлдэж хараахан амжаагүй ба бэлтгэгдсэн нэг нь ой нь гутаад харьд гараад явчихсан. Өнөөгийн иргэншиж боловсронгуйжсан дэлхий нэг дэг журам, нэг хэл, нэг ойлголцлоор харилцан стандартчилагдсан. Өөр гаригаас ирсэн бид үүнд дөнгөж суралцаж эхэлж байна. Дэлхийн хэлээр нэгдсэн ойлголцлоор харилцаж эхэлсэн түүнийг шоронд хорьж шонд дүүжлэхийг нийтээр шаардана. Хачирхалтай нь энэхүү нийтийг хамарсан хийрхэл дайрлагад нийгмийг тэр чигээр нь бүрдүүлсэн “хамааралтай” ардууд албадах байтугай гуйгаагүй байхад өөрийн хүсэл тачъяалаар шумбан орж дуу нийлүүлэн “цаазалъя, цаазалъя” хэмээн улаан хоолойгоо сөөнгөттөл орилолдоно.

2018.4.13

Categories
гадаад мэдээ нийгэм

Хоёр солонгосын удирдагчдын түүхэн уулзалт эхэллээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөдийн талд харьяалагдах хэсэгт гар барьснаар тэдний түүхэн уулзалт эхэллээ.
Панмүнжом тосгонд Мүн Жэ Ин эхлээд очсон бөгөөд удалгүй Ким Жөн Ун хүрэлцэн ирсэн байна.

Ким Жөн Ун Өмнөд Солонгосын хилийг автомашинаар бус, явган давж орж иржээ. Тэрбээр 1950-1953 оны Солонгосын дайнаас хойш Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хөл тавьсан Умард Солонгосын анхны удирдагч болж байна. Хоёр Солонгос түүхэндээ гурав дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийж байгаа нь энэ юм. Мөн хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Өмнөд Солонгост анх удаагаа болж байгаа нь энэ юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хотын захиргаа 100 айлаас гадна Тэди төв, Скайтел, Монтелийг бас нүүлгэх хэрэгтэй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг “Хилс хэрэгт орсноо нотолно, генерал цолоо ч эргүүлж авна” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн О.Батнасан “Өмнө нь шийдэгдээгүй байсан олон төслүүд хөдөлж байгаа” хэмээн ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Хотын захиргаа 100 айлаас гадна Тэди төв, Скайтел, Монтелийг бас нүүлгэх хэрэгтэй” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Өдрийн сонин”-д иргэний нисэхийн салбарын тулгамдсан асуудлын талаар Доктор С.Батмөнхтэй ярилцжээ. Тэрээр “Цаг үе” нүүрт “Чөлөөт өрсөлдөөнд Монголын иргэний нисэхийн салбар бэлэн биш байна” хэмээн ярьсан байна.

Самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин Г.Жамсран “Бөхийн буянаар сайхан амьдарч явна” хэмээн “Дэвжээ” нүүрт ярьжээ.

“Нийгэм” нүүрт “Бурхан багшийг Монгол дахь Энэтхэг Улсын анхны Элчин сайд гэж боддог” хэмээн Бакула ринбүчи хэлж байжээ хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы “Спорт” нүүрт Пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер Э.Зоригтбаатар “Аливаа нэг зүйлийн төлөө дөрвөн жил тууштай хөдөлмөрлөхөд амжилт заавал ирдэг” хэмээн ярьсан байна. Тэрээр WPC холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд суулт, шахалт, таталтын нийлбэр 875 кг-ыг өргөж дээд амжилт тогтоосон юм.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ