Categories
мэдээ улс-төр

Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажил ирэх сараас эхэлнэ

Засгийн газрын хуралдаан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр болж малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар шийдвэрлэв.

Үүнийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий аймаг, нийслэлийн Ажлын хэсгийг сайд нар болон Улсын онцгой комиссын гишүүд ахлах юм байна.

Гоц халдварт, халдварт болон паразитах өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж, хяналт тавих сум, дүүрэг хариуцсан Ажлын хэсэг ч байгуулахаар боллоо.

Засгийн газар иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар хүнс экспортлох орон болох зорилт тавьсан. Үүний тул мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малаа эрүүлжүүлэх, мал үржүүлэг, технологийн ажлыг орон даяар зохион байгуулах шаардлагатай гэж үзлээ.

Өнгөрсөн оноос хойш өнөөг хүртэл 13 аймгийн 44 сум, нийслэлийн дүүрэгт гарсан шүлхий өвчний улмаас гэхэд л 15 мянга гаруй толгой малыг зориудаар устгасан байна. Нөхөн олговорт улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулжээ. Одоогоор Архангай аймгийн гурав, Өвөрхангай аймгийн хоёр, Төв аймгийн нэг суманд хорио цээр тогтоогоод байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд агентлагтай болно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан агентлагийг орон тоо, зардал нэмэхгүйгээр байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Орон тооны бус зөвлөлийн хурлын үеэр бие даасан агентлагтай болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив гэхээсээ илүү тэднийг хөгжүүлэх, ажилтай болгох зэрэг хүсэлт олон гарч байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна

Зураг

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна.

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг товтой. Өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар нийт 10 гаруй асуудал хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан.

Өнөөдрийн хувьд зарим Элчин сайдуудын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны шалгалтыг цахимаар хянаж, мэргэшил арга зүйн зөвлөгөөгөөр хангадаг боллоо

Image result for ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫГ ЦАХИМААР ХЯНАДАГ БОЛОВ

Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт явагдаж байгаа төрийн албаны шалгалтыг цахимаар хянаж, мэргэшил арга зүйн зөвлөгөөгөөр хангадаг боллоо.

Тодруулбал, шалгалтын танхимыг камержуулж, төв сервертэй холбосноор шалгалтын явц болон шалгуулагчид, хөндлөнгийн ажиглагчдын үйлдлийг бүрэн хянаж, шалгалтыг гадны нөлөөллөөс ангид, ил тод, нээлттэй болгож, мөн оролцогчдод тэгш боломж, ижил нөхцлийг олгох болжээ. Ингэснээр шалгалт маргаан будилаангүй, шударга явагдах нэг алхам болсон байна.

Хамгийн сүүлд Баян-Өлгий аймагт зохион байгуулсан төрийн жинхэнэ албанд анх орох иргэдийн мэргэшлийн шалгалтыг цахим хяналтын дор явуулсан аж. Шалгалтад нийт 100 иргэн бүртгэгдсэнээс ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 хувь нь тэнцжээ.

Categories
мэдээ спорт

Ази тивийн аварга шалгаруулах 3х3 сагсанбөмбөгийн тэмцээнийг чансааргаараа манай улсын шигшээ баг тэргүүлж байна

ЗурагФИБА-гийн Олон улсын 3х3 сагсанбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-ноос тавдугаар сарын 1-нд БНХАУ-н Шинжэн хотод болно.

ФИБА 3х3 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болж манай эрэгтэй шигшээ баг аваргалсан бол эмэгтэйчүүдийн аварга багаар Австрали улсын баг тодорсон билээ. Мөн тус тэмцээнээс эхэлж Авсрали, Шинэ Зеланд зэрэг далайн орнууд оролцох болсон нь энэ тэмцээний чансааг улам ахиулсан.

Манай эрэгтэй шигшээ баг энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр чансаатай багаар нэрлэгдэж байгаа бөгөөд “А” зоныг толгойлж Катар болон Тайванийн багуудтай нэг хэсэгт багтжээ. Катарын багийн хувьд 2014 оны ФИБА 3х3 дэлхийн аварга баг. Тэд өмнө нь манай багтай 2017 оны Ашхабатын Азийн танхимын наадмын 4/1, Вьетнамын Дананг хотноо болсон Азийн элсний наадмын аваргын төлөө манай багтай тоглосон. Тайванийн хувьд хурдтай, шидэлт сайн баг 2017 оны АТАШТ-д манай багтай хасагдах шатанд тоглон хожигдсон юм. Манай эрэгтэй баг Азийн аварга болсон бүрэлдэхүүнтэйгээ уг тэмцээнийг зорино.


Харин эмэгтэй багийн хувьд ОУХМ Б.Солонго шинээр нэмэгдсэн. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг урьдчилсан шатанд Узбекстан, Хонконг, Ванату /далайн орон/ улсын багуудтай тоглож хэсгээсээ шалгарвал үндсэн “В” хэсэгт Иордан, Индонезийн багуудтай нэг хэсэгт тоглоно.

Манай эмэгтэй шигшээ баг маргааш Шинжэн хотыг зорих бол эрэгтэй Наньжины дэлхийн Гран при тэмцээнээс Шинжэнд очин бэлтгэлээ хангаж байгаа юм. Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар С.Тулга ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д таваас дээш жил суралцаж авсан зэрэг магистрын зэрэгтэй дүйцнэ

Image result for БСШУСЯБСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан “Боловсролын баримт бичиг эрдмийн зэрэг, эрдмийн цолыг харилцан хүлээн зөвшөөрөх” тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг үндэслэн тушаал гаргав.

Үүнд, Монгол Улсын иргэдийн ОХУ-д тав ба түүнээс дээш жил суралцан авсан мэргэжилтний зэрэг олгосныг гэрчлэх дээд мэргэжлийн боловсролын дипломыг магистрын зэрэгтэй дүйцүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн болзол хангасан иргэдийн хүсэлтийг судлан, магистрын зэрэгтэй дүйцүүлэх эсэх талаар лавлагаа гаргаж, нарийвчилсан бүртгэлд авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргаланд үүрэг болголоо.

Эх сурвалж: БСШУСЯ

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлын явцын талаар чуулганд мэдээлэл хийнэ

Зураг

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын талаарх асуулгын хариултыг өгнө.

Хуралдааны эхэнд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Дараа нь “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Харин үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас “Хөшигийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын барилгын ажлын явц, тус нисэх буудлыг ашиглалтанд оруулахад хөрөнгө оруулалт, боловсон хүчний нөөц болон бусад асуудлын талаар Засгийн газраас баримталж буй бодлогын талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм байна.
Categories
мэдээ улс-төр

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт боллоо

Зураг

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Токио хотноо болов. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт нь бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа, харилцан ашигтай эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал солилцох чухал механизм болж байгаагийн ач холбогдлыг талууд дахин нотлов.

Хөгжлийн замаа бусдын албадлагагүйгээр бие даан сонгох эрхээ нийт улс орнууд нь эдэлж чадах, амар амгалан, хөгжин цэцэглэсэн Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн талаарх өөрсдийн төсөөллөө уулзалтын үеэр Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс тодорхой танилцуулав. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын дагуу Монгол Улстай хоёр талын харилцаагаа өргөжүүлэх эрмэлзлэлээ Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс нотлож, Ази Номхон далайн бүс нутаг даяар хэлхээ холбоо, сайн засаглал, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд суурилсан эмх журмыг хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар гурван улс санал солилцов.

Солонгосын хойгт сүүлийн үед өрнөж буй нааштай үйл явцыг гурван тал сайшаав. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүр мөсөн, хяналттайгаар, эргэлт буцалтгүйгээр ангижруулах асуудлыг баталгаажуулах зорилгоор Умард Солонгост үзүүлж буй дэлхийн нийтийн шахалтыг үргэлжлүүлэх, түүний дотор НҮБ-ын АЗ-ийн холбогдох бүх тогтоолыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэд дахин нотлов. Хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг хүмүүнлэгийн асуудлуудад анхаарал хандуулахын чухлыг гурван улс онцлон тэмдэглэв.

НҮБ-ын энхийг сахиулах болон дэлхийн мөргөлдөөнт бүсүүдэд тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс өндрөөр үнэлэв. Гурван тал болон олон талын хүрээнд аюулгүй байдал, энхийг сахиулах чиглэлээрх хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа оролцогчид дахин нотлов. Мөн олон талт хамтын ажиллагааны бүтэц, байгууллага, эвсэл, тухайлбал АОХН, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд нийтлэг үнэт зүйлс, олон улсын эрх зүйн хэм хэмжээг дэмжих үүднээс өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээ талууд батлав.

Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа нь гурван талын харилцаанд чухал байр суурь эзэлсэн хэвээр байна. Талууд худалдааг нэмэгдүүлэх, Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улсын аж ахуйн нэгжүүдэд илүү таатай болгох, ялангуяа ил тод, тогтвортой байдлыг сайжруулах боломжийн талаар санал солилцов.

ОУВС-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрөөр дамжуулан санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Япон Улс дахин нотолж, төсвийн хариуцлагыг сайжруулах талаар авч буй хүчин чармайлтаа Монгол Улс цаашид тогтвортой хадгална хэмээн итгэж байгаагаа илэрхийлэв. Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны билэг тэмдэг болохуйц бөгөөд Монгол Улс болон олон улс хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыг японы тал дахин тэмдэглэв. Монгол, Япон хоёр улс Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг аль болох ойрын хугацаанд ашиглалтад оруулах явцыг шуурхайлах талаар хамтын хүч чармайлт гаргахаар тохиролцов.

АНУ нь Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх тухай Мянганы сорилтын корпораци, Монгол Улсын Засгийн газрын хооронд Хоёр дахь компакт гэрээг байгуулах эрмэлзэлтэй байгаагаа нотлов. АНУ нь Олон улсын тусламжийн агентлагийн санхүүжилтээр “REACH” хөтөлбөрийн хүрээнд Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зээлийн боломжийг нээж, “LEAD” хөтөлбөрийн хүрээнд Монголын шинэ үеийн ардчиллын манлайлагчдын хөгжлийг дэмжсэнээ тус тус тэмдэглэв.

Түүнчлэн мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр Ази Номхон далайн бүсийн бүлгээс өгсөн зөвлөмжийг Монгол Улс бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэн энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар оролцогч талууд санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Э.Болорчулуун: Зуслангийн газар өмчлөх ажил үргэлжилнэ

Image result for Зуслангийн газар өмчлөх ажил үргэлжилнэ

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунтай газар өмчлөлийн талаар ярилцлаа.

-Иргэдэд газар өмчлүүлэх хугацаа тавдугаар сарын 1-нд дуусах байсан ч 10 жилээр сунгалаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаад, 2003 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Анх батлагдахдаа таван жилийн хугацаатай иргэнд өрхийн хэрэгцээнд зориулан газар өмчилж байсан ч 2008 оны тавдугаар сарын 1-нээс иргэн бүрт газар өмчлөх болгож өөрчилсөн. Өмчлөх ажлыг 2013 он, 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл тус бүр таван жилээр сунгасан.
Энэ хугацаанд Монгол Улсын хэмжээнд газар өмчлөлийн ажил 18 хувьтай, нийслэлийн иргэдийн 14 хувь нь газраа өмчилж авсан байна. Тиймээс нөхцөл байдлыг авч үзээд бид газар өмчлөх ажлыг сунгах саналаа Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар, болон яаманд хүргүүлсэн. Яам судалгааны үндсэн дээр саналаа Засгийн газарт өргөн барьж, Засгийн газар 10 жилээр сунгах саналыг дэмжиж, УИХ-д оруулахад анхны хэлэлцүүлгээр дэмжсэн, одоо үндсэн хуралдаанаар шийдэх байх гээд харж байна.
-Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийт иргэдийн 18 хувь газраа өмчилж авсан гэдэг нь иргэдийн идэвх муутайнх уу, эсвэл өмчилж авах газар байхгүйтэй холбоотой юу?
-Хэрэгжүүлж эхлэхдээ бид тооцоо судалгаа хийсэн. Одоогийн байдлаар гэр хорооллын иргэдийн эзэмшиж байгаа нэгж талбай 240 мянган ам метр байна. Үүний 86 хувийг өмчилсөн байна. Газар өмчлөлийн тухай хуульд иргэдийн өөрсдийн хүсэл сонирхлоор өмчилнө гэсэн болохоор аажуу хандаж байх шиг. Бид тавдугаар сарын 1-нд хугацаа дуусахтай холбогдуулан оны өмнө гурван сар, он гаргаад таван сарын идэвхжүүлэх аяныг зохион байгуулсан. Үр дүнд нь гэр хорооллын газраа өмчилж авсан иргэдийн тоо 90 хувь болж өссөн.
Гэхдээ нийслэлд амьдарч байгаа 1.3 сая иргэний хувьд 14 хувь гэдэг бага тоо. Улаанбаатар хот газар нутгийн хувьд хязгаарлагдмал, суурьшлын бүсээр нь авч үзвэл шинээр газар өмчлүүлэх боломжгүй.
Өмнөх жилүүдэд явуулсан цахим газар өмчлөлөөр 44 байршилд санал асуулга авч, 69,836 иргэн газар өмчилж авсан байдаг. Гэхдээ эдгээр газар нь дэд бүтэц, ус, цахилгаан байхгүй учраас одоогоор нэг ч айл амьдраагүй байна. Тиймээс оны эхэнд Нийслэлийн засаг дарга агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой захирамж гаргахдаа эхний ээлжинд Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тогтоож, цэгцэлье гэж шийдсэн. Үүний дараа цахимаар олгосон газрынхаа дэд бүтцийг шийдэж эко бүс болгохоор төлөвлөсөн. Тэгэхгүй бол хотын гадна дахиад нэг гэр хороолол үүсэх аюултай.
Ер нь Монгол Улсын иргэн аймаг, сум, хот хаана ч газар өмчлөх эрхтэй, тэр дундаа Улаанбаатар хотод бол 0.07 га газар гэж тогтоож өгсөн. Тиймээс цаашид хот хоорондын замын ойролцоо юм уу, хөгжиж буй аймаг, хотуудад газар олгох ажлыг цэгцэлнэ. Аймгийн төвд 3,500 ам метр, сумын төвд 5,000 ам метр газар олгох юм.
-Эзэмших өмчлөх эрхийн талаар хүмүүс их асуудаг. Өөрсдөө амьдрахгүй эзэмших эрхтэй газраа бусдад худалдан борлуулж болох уу?
-Эзэмшил гэдэг төрийн өмчийн газрыг түр хугацаагаар эзэмшиж байгаа хэлбэр. Өмчилнө гэдэг тухайн иргэний хөрөнгө. Эзэмшлийн газрын эрхийг шилжүүлнэ үү гэхээс өмчийн газар шиг шууд худалдан борлуулах боломжгүй. Харин газар дээрээ үл хөдлөх хөрөнгөтэй, тэр нь гэрчилгээтэй бол зээлэнд барьцаалж болно.
-Зуслангийн газрыг өмчлөх үү. Зуслангийн эмх замбараагүй байдлыг цэгцлэх үү гэсэн асуултыг иргэд их асуудаг?
-Социализмын үед байгууллагуудын ажилчдад зуслангийн байшингууд өгсөн нь одоо хувьд шилжсэн. Энэ газруудыг дундуур нь зааглаад иргэдэд өгөх хэцүү учраас нэгдсэн шийдлээр зогсоол, орц гарцыг шийдэх арга замын талаар ярилцаж байна. Тиймээс “орц гарц” гэсэн арга хэмжээг зохион байгуулна. Иргэд хоорондоо ярилцаад орц, гарцаа шийдээд зохицуулчихвал илүү хялбар болно. Хүн бүхэн л ойд зугаалахыг хүсдэг. Гэтэл ой руу орох гарцыг хааж хашаа, барьсан байна. Үүнийг иргэдтэй ярьж боломжит 2-3 орц гарц гаргах маягаар хамтран зохицуулах юм.
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар зуслангийн ногоон бүсэд байгаа хориглолт хамгаалалтын бүсэд ороогүй айл өрхөд газрыг нь өмчлөх ажил үргэлжилнэ. Тавдугаар сарын 15-наас бид зуслангийн ам бүрт иргэдэд зориулсан мэдээллийн самбар хадна. Иргэд самбар дээрх мэдээллээс өөрсдийнхөө газрыг өмчилж болох, болохгүйг мэдэх боломжтой.
-Хавар болохоор бүтээн байгуулалтын ажлууд эхэлдэг. Зам, барилга орон сууцны асуудлаар газар чөлөөлөлтийн ажлуудыг хийдэг. Энэ жилийн хувьд олон газар чөлөөлөх үү?
-Өнгөрсөн оны хувьд Налайх-Чойрын зам, Хөшигийн хөндийн замыг барихын тулд бусад бүтээн байгуулалтын ажлын дагуу газруудыг бүрэн чөлөөлсөн. Энэ жилийн хувьд сургууль цэцэрлэгийн газруудыг чөлөөлж байна. 34 сургууль, 22 цэцэрлэг барихаас долоо нь газрын асуудалтай байна. Эдгээр газрын иргэдтэй уулзаж мэдэгдлээ өгсөн. Иргэд маань нэг үеэ бодоход бүтээн байгуулалтыг ойлгодог, дэмждэг болжээ.
-Орон сууцны барилгуудын дунд хүүхдийн тоглоомын газаргүй, сургуулиуд биеийн тамирын талбайгүй, цэцэрлэгүүд нар үзэхээ байлаа гэсэн гомдол их байсан?
-Нийслэлийн Засаг дарга хоёр захирамж гарсан. Нэг нь орон сууцны хороолол дотор шинээр контор болон бусад зориулалтаар газар олгохгүй байх. Хоёрт, сургууль цэцэрлэгийн талбайд газар олгохгүй. Хэрэв хууль бусаар газар олгосон байвал хүчингүй болгоно гэсэн. Энэ хүрээнд 2017 онд Нийслэлийн Засаг дарга хараагүй хүүхдүүдийн 29 дүгээр сургууль, 99 дүгээр цэцэрлэг гэх мэт дөрвөн газрын хашаанд олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн цонх хаасан гэх гомдолтой зургаан барилгыг хүчингүй болголоо.
-Иргэдээс СӨХ-той холбоотой гомдол их гардаг. Орон сууцны барилгын эргэн тойрны газар СӨХ, хороо, дүүрэг, нийслэлийн алиных нь мэдэлд байдаг юм бэ?
-Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу “Нийтийн эзэмшил нийгмийн хариуцлага” аян зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын СӨХ-үүдийг тоолоход 1,035 байна лээ. Үүнээс 544 нь баталгаажсан юм билээ. СӨХ-ийн тухай хуульд өөрчлөлт орох байх. Хариуцлага нь өөр л дөө. Бид хуульд байр, орчны газрын тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, СӨХ хариуцна гэдгийг баталгаажуулж өгөх юм. Ингэснээр газар олголт гарахгүй мөн иргэдийн эрүүл аюулгүй байдал хангагдана гэж үзэж байгаа.
Categories
мэдээ нийгэм

Хотын дарга хороодод хүрч ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хотоос гаргасан бодлого, шийдвэр хороонд хэрхэн хэрэгжиж байгаатай газар дээр нь танилцаж, хороодын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгч байгаа. Төрийн анхан шатны нэгж бол хороо. Хорооны дарга бол төр, иргэдийг холбох гүүр нь болдог албан тушаалтан. Энэ утгаараа хотын хөгжил хорооны ажлаас шууд хамаарах бөгөөд иргэдээ ая тухтай, цэвэр цэмцгэр орчинд амьдруулах, төрийн үйлчилгээг иргэнд хүргэх талаар хотын захиргаа хороо хоёр нэг зорилготой, уялдаатай ажиллах учиртай.

Улаанбаатар хотын 9 дүүрэг 152 хороотой. Эдгээр хороонд нэг сая 300 мянган хүн амьдарч байдаг. Өрхийн эмчээс өгсүүлээд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж гээд тулгамдсан бэрхшээл хороодод бий. Асуудал бүрийн араас нягтлан явах, иргэн бүртэй нүүр тулан ажиллах хариуцлагатай бөгөөд хэцүүхэн албыг хорооны дарга нар гүйцэтгэж байдаг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хороодын дарга нарыг жил бүр сургалтад хамруулж, хотын дарга ч нийслэлийн хөгжлийн бодлого, зорилтоо танилцуулж, тэдний санаа бодлыг ажилдаа тусгадаг уламжлал тогтоод байна.

Хаврын бүтээн байгуулалт эхэлсэн. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийтдээ 363 тэрбум төгрөгийн 466 төсөл, арга хэмжээ хэрэгжих юм. Үүнээс боловсролын салбарт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр улсын төсөвт 106 тэрбум төгрөг суусан. Энэ хөрөнгөөр 34 сургууль болон өргөтгөл, 52 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх юм. Үүнээс гадна БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль, Японы улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрөв, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр есөн сургууль, 22 цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөжээ. Ганцхан энэ салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаас харахад нийслэлийн хороо бүрт бүтээн байгуулалт өрнөнө гэсэн үг. Тиймээс ч бүтээн байгуулалтын ажлыг иргэдэд зөв таниулж, аж ахуй нэгж, компаниудтай хамтарч ажиллахыг хотын дарга С.Батболд уулзалтын үеэр тэдэнд захисан.

Хороонд тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэх үүднээс хотын даргын зүгээс нийслэлийн агентлаг, хэлтсийн дарга нарт тус бүр нэг хороо хариуцуулсан. Тэдгээр албан тушаалтнууд хорооноос ирсэн ажил хэрэгч саналыг Нийслэлийн удирдлагуудын хуралд шуурхай танилцуулж, шийдвэрлүүлэхийг эрмэлздэг. Улмаар дээрх шийдвэрүүдийн мөрөөр Нийслэлийн Засаг дарга албаны бусад хүмүүстэй хамт хороодын ажилтай танилцаж буй нь энэ юм.

Сүүлийн өдрүүдэд хотын дарга С.Батболд ажил хариуцсан хүмүүстэй хамт Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн хороодод ажилласан. Чингэлтэй дүүрэгт ажиллахдаа тэрээр Сервис центрийн асуудлыг чухалчилсан. Гэр хорооллыг хөгжүүлэх хотын даргын шинэ бодлого, шинэ төлөвлөлт бол Сервис центр буюу Дэд бүтцийн төв юм. Товчхондоо хашаандаа хаусанд амьдрах энэ төслийг Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд эхлүүлж байна. С.Батболд дарга “Жишиг Дэд бүтцийн төвийг Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд байгуулна. Нийслэлийн төсөвт энэ ажилд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Халуун, хүйтэн усны шугамыг татаж, гэрэлтүүлэг, тохижилт, авто замын ажлыг хот хийнэ. Иргэд байншингаа дулаалж, хашаандаа шугам сүлжээ оруулсанаар Шинэ хотын хэв маягт амьдралын загварыг бий болгох юм” гэлээ. Уг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл нар Сервис центрийн ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд уулзалтад ирсэн иргэд хүйтэн байшингаа дулаан болгож, эзэмшлийн газартаа сайхан амьдрах боломж ойртож буйд талархалтай хандлаа.

Төрийн үйлчилгээ ойртож, хотын захиргаа нүүж ирэх гэж буйд Яармагийнхан баяртай байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарын танилцуулснаар одоогийн байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа агентлагаар өдөрт 5000 гаруй иргэн үйлчлүүлж, 330 нэр төрлийн үйлчилгээ авч байна. Төр, захиргааны байгууллага руу хоногт дунджаар 200 мянга орчим автомашин зорчдог гэсэн судалгаа гарчээ. Энэ их төвлөрлийг сааруулахад УИХ-аар батлагдсан Яармагийн шинэ төвийн ерөнхий төлөвлөгөө чухал үүрэгтэй. Хан-Уул дүүргийн дөрвөөс наймдугаар хороонд нийтдээ 11 мянган иргэн байна. Хотын захиргаа Яармаг руу төвлөрөхөд дагалдаж үйлчилгээний салбарын ажлын байр нэмэгдэхээс гадна дэд бүтцэд холбогдох тул иргэдийн газар, орон байрны эдийн засгийн үнэлгээ өсөх сайн талтайг уулзалтад ирсэн иргэд хэллээ. Улаанбаатар хот шинэ төлөвлөлт, дагуул хот, суурьшлын шинэ бүсийн хөгжлийг чухалчилж байгааг хотын дарга уулзалтын үеэр тодотгосон. Яармагаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд парламентын төвшинд дээрх үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм.

Хүн ам, газар нутаг ихтэй Сонгинохайрхан дүүргийн иргэд болон хорооныхон хотын удирдлагуудаас гэр хорооллын хөгжлийн бодлого болон Дэд бүтцийн төв төслийн хэрэгжилтээс гадна сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, авто замын асуудлыг хөндөж асуусан. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүргийг хуваах асуудлыг иргэд хөндлөө. Иргэд төрийн үйлчилгээ авах гэхээр очерь дараалал нь дуусдаггүй, батлагдсан төсөв нь дүүргийнхээ орчин нөхцөлийг сайжруулахад хүрэлцдэггүй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь хүрэлцдэггүй энэ байдлыг дүүргийг хувааж, ачааллыг тэнцвэржүүлэх байдлаар засах нь зүйтэй гэсэн саналууд гарч байлаа. Уулзалтад ирсэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хотын даргыг хөрсөн дээрээ бууж ажиллаж байгааг сайшаасан. “Нийслэлийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хороонд ажилласанаар нийтийн тээврийн асуудлаа шийдэж, авто зам барих компанид үүсээд байсан газар чөлөөлөлтийн ажлыг шийдвэрлэж, жишиг дүүргийн эмнэлэгтэй болох мэдээллийг иргэдэд өглөө. Хотын маань бодлого хаашаа явж байгааг мэдэж, саналаа хэлж, зовлонгоо ярьж, асуудлаа шийдүүлж чадаж байна. Ингэснээр их хотын хаврын бүтээн байгуулалтын ажлууд илүү их үр дүнтэй, ажил хэрэгч болж чадна” гэж тэрээр хэллээ.

Хотын даргын хороодод хүрч ажилласан уулзалтуудын сүүлийнх нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 170 дугаар сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон 32 жилийн түүхтэй “Ган хийц” үйлдвэр байлаа. 170 дугаар цогцолборт хамгийн олон хүүхэд буюу 802 хүүхэд цэцэрлэгийн 21 бүлэгт хамрагдаж байгаараа онцлог юм. Алслагдсан хороонд цэвэр цэмцгэр, тохилог цэцэрлэг байгуулж болдогийг 2016 оны сүүлээр ашиглалтад орсон уг цогцолбор харуулж байна. “Ган хийц” компани нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түлшний хэмнэлт бүхий евро стандартын “Бокра” яндангийн төхөөрөмж, “Ган хийц” бүрэн шаталтат зуух үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх зорилттой ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгож эхэллээ

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 52 байршилд цахимаар хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, 69836 иргэнд 3491.8 га газрыг өмчлүүлсэн.

Цахим газар өмчлөлийн шийдвэрээ авч чадаагүй иргэдэд үйлчилгээг ойртуулах үүднээс газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр дамжуулан олгохоор болсон. Тиймээс иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ авах гэж алслагдсан дүүргүүд рүү явж цаг заваа гарздах шаардлагагүй боллоо.

Ингэхдээ нийслэлийн төвийн зургаан дүүргийн иргэд Багануур, Налайх, Багахангай дүүрэгт цахим хэлбэрээр газар өмчилсөн бол газар өмчлөлийн шийдвэрээ нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав төвд байрлах Газрын албаны цонхноос авах боломжтой юм. Харин Багануур, Налайх, Багахангай дүүргийн иргэд цахим газар өмчлөлийн шийдвэрээ өөрийн харьяа дүүргийнхээ Газрын албанаас авна. Мөн Баянзүрх дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Дүнжингарав, Сонгинохайрхан дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Драгон, Хан-Уул дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Мишээл, Сүхбаатар дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос газар өмчлөлийн шийдвэрээ авч болохоор боллоо.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Газар өмчлөлийн хэлтсийн 319215 дугаарын утсаар авч болно гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.