Categories
гадаад мэдээ

АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ

ЗурагАНУ болон Өмнөд Солонгос хоорондын жил тутмын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ гэж Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Тус хоёр улсын хамтарсан сургуулилт жил бүрийн хоёр эсвэл гуравдугаар сард эхэлдэг уламжлалтай ч Пёнчаны өвлийн олимп болон паралимпийн наадамтай холбоотойгоор энэ оны сургуулилт хойшлогдон өнөөдөр эхэлж байна.

Хуурай зам, агаар болон тэнгисийн цэргийн хүчнийхнээс гадна тусгай хүчнийхэн хамрагдах “Бүргэдийн зулзага” сургуулилт нь дөрвөн долоо хоногийн турш үргэлжилнэ. Ирэх сарын дунд үеэс хоёр талын “Шийдвэрлэх ажиллагаа” команд-штабын сургуулилт эхлэх аж. Энэ хоёр сургуулилтад АНУ-ын талаас 23700 алба хаагч, Өмнөд Солонгосын талаас 300 мянган цэрэг оролцоно гэж АНУ-ын БХЯ буюу Пентагон мэдэгджээ.

Хоёр талыг хамтарсан цэргийн сургуулилт хийх бүрт Умард Солонгос эрс шүүмжилж, сургуулилтаа нэн даруй зогсоохыг шаардаж, баллистик пуужин харвах мэтээр сүрдүүлдэг байв. Харин энэ оны сургуулилт харьцангүй тайван нөхцөлд болох төлөвтэй байна. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнгөрөгч сард Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ байр сууриа зөөллөж байгаагаа мэдэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Categories
мэдээ спорт

Оюутны дэлхийн аваргад өрсөлдөх бөхчүүд тодорлоо

Зураг

Дэлхийн оюутны 2018 оны аварга шалгаруулах тэмцээнд залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Н.Насанбуян тэргүүтэй 12 бөх хүчээ сорин барилдах эрхтэй болжээ.

Долоо хоногийн өмнө чөлөөт бөхийн 2018 оны оюутны УАШТ-д 200 тамирчин өрсөлдөж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорсон билээ. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид ирэх есдүгээр сарын 4-9-нд Бразилийн Гояна хотод болох оюутны дэлхийн аваргад өрсөлдөх эрхийг авсан байна.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Н.Насанбуян, 65 кг-д Г.Ханбүргэд, 74 кг-д З.Сумъяабазар, 86 кг-д Г.Ганхуяг, 97 кг-д Ч.Алтангэрэл, 125 кг-д Д.Эрдэнэтулга, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Чимгээ, 53 кг-д С.Энхтунгалаг, 57 кг-д Б.Болортуяа, 62 кг-д Д.Түмэнхүслэн, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д П.Номин-Эрдэнэ нар хүч үзэхээр болжээ.

Categories
мэдээ спорт

Рэй Аллен “Алдрын танхим”-д элсэхээр болжээ

Image may contain: one or more people, people playing sports, basketball court and crowd

Рэй Аллен алдрын танхимд нэрээ мөнхлүүлэхээр болоо. Тэрээр NBA-гийн түүхэн дэх хамгийн шилдэг шидэгчдийн нэг юм. Карээртаа нийт 2973-н холын зайн шидэлт амжилттай болгож бүх цаг үеийг тэргүүлдэг. Тэрээр Бостон Сэлтиксийн их гурвалын нэг хэмээгдэж 2008 онд NBA-гийн аварга болж байсан. Мөн Миами Хитийн их гурвалд тусалж 2013 онд тус цолыг хүртэж байлаа.Рэй Аллен карээртаа:

Points 24,505 (18.9 ppg)
Rebounds 5,272 (4.1 rpg)
Assists 4,361 (3.4 apg)

Шагналууд:

Categories
мэдээ спорт

Монголын Футзалын дээд лиг хөшгөө татлаа

Image may contain: 3 people, people smilingС.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай “Унаганууд” клуб футзалын дээд лигт дөрөв дараалан түрүүллээ. Тэд лигт нэг ч ялагдаагүй гэсэн үнэмлэхүй амжилтаа энэ удиралд мөн давтсан юм. Мөнгөн медалийг “Атлетик 220” баг хүртэж, П.Мөнхбат дасгалжуулагчийн залуус футзалын дээд лигээс анхны медалиа зүүлээ. Тэгвэл өнгөрсөн улирлын хүрэл медальт “Хоромхон” энэ улиралд ч мөн адил медалийн тавцанд гарахын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлж, футзалын дээд лигээс хошой хүрэл медаль хүртэв.

“Унаганууд” багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир болон довтлогч Э.Пүрэвдорж нар 18-р тойрогт гуравдугаар сарын шилдгүүдийн шагналаа гардан аваад байсан. Түүгээр ч зогсохгүй хаалтын үйл ажиллагааны үеэр лигийн шилдгүүдийг тодруулахад “Унаганууд”-ын М.Чанцал шилдэг хаалгач, Э.Пүрэвдорж 55 гоол оруулан шилдэг довтлогчоор шалгарлаа. Харин “Хоромхон” багийн ахлагч Х.Цэнд-Аюуш хамгаалалт, довтолгоонд жигд тоглон, багийн ноён нуруу байснаараа футзалын дээд лигийн шилдэг тэгш тоглогчийн шагналын эзэн боллоо.

2017 оны 12 сарын 03-аас эхэлсэн футзалын дээд лигийн өрсөлдөөн дуусан дуусталаа сонирхолтой өрнөж, 18-р тойрогт хүрэл медалийг хүртэх, дээд лигийг орхих багууд, лигийн мэргэн буучийн нэр тодорхой болсон юм. МХБХ энэ жил анх удаа футзалын нэгдүгээр лигийг зохион байгуулсан билээ. “Футзалын нэгдүгээр лиг”-т аваргалсан “Улаанбаатар сити”, мөнгөн медаль хүртсэн Дархан-Уул аймгийн багууд ирэх улиралд футзалын дээд лигт нэмэгдэх юм.

Categories
мэдээ спорт

Монгол Улсад Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн болно

Image may contain: indoorМХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны 9 дүгээр конгресс болон Гүйцэтгэх хорооны 55, 56 дахь их хуралд оролцжээ.

Зүүн азийн ХБХ-ны Ерөнхийлөгчөөр БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Мон Гю Чун сонгогдож 2018-2020 онд Зүүн Азийн хөлбөмбөгийг тэргүүлэн ажиллахаар болов.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Зүүн Азийн ХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдсон юм. Зvvн Азийн ХБХ цаашид бүс нутгийн нягт хамтын ажиллагаа, хөгжилд ихээхэн анхаарч ажиллахаар санал нэгдэж, үүнд чухал ач холбогдолтой Е 1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээн, өсвөрийн U15 насны тэмцээнүүдийн 2018 оны хуваарийг баталжээ.

Е 1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар өгсөн саналуудыг хэлэлцэхэд Монгол улс олонхийн санал авч тэмцээний нэгдүгээр шатны тоглолтуудыг эх орондоо хийхээр шалгарсан байна. МХБХолбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар 2018 оны 9 сард уг тэмцээнийг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, зочин тамирчдыг дээд зэргээр хүлээн авахаа илэрхийлсэн юм.

Categories
гадаад мэдээ

Арнольд Шварценеггер зүрхний мэс засалд оржээ

ЗурагАвстри гаралтай америк жүжигчин, АНУ-ын Калифорни муж улсын захирагч асан Арнольд Шварценеггер саяхан зүрхний мэс засалд оржээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, өдгөө 70 настай А.Шварценеггер энэ долоо хоногийн пүрэв гарагт зүрхний хавхлаг солиулах мэс засалд орсон байна.

Түүний хэвлэлийн төлөөлөгч Дэниел Кетчелл хэлэхдээ “А.Шварценеггерын биеийн байдал сайжирч байна” гэжээ.

А.Шварценеггер нь “Терминатор”, “Зэрлэг Конан” зэрэг киногоороо дэлхий дахинд алдаршсан нэгэн билээ. Тэрбээр 2003 оноос 2011 оны хооронд Калифорнийн амбан захирагчаар хоёр удаа сонгогдон ажилласан юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол оюутан Дэлхийн ур чадварын уралдаанд оролцоно

ЗурагЗавханы Политехникийн коллежийн багш Г.Пүрэв,
мужааны ангийн оюутан О.Наранбаатар нар ОХУ-ын Казань хотод 2019 онд
болох болох дэлхийн ур чадвар уралдааны мужааны төрөлд оролцох эрх авчээ.

ОХУ-ын Казань хотод болох дэлхийн ур чадвар
уралдааны мужааны төрөлд оролцох эрхийг олгох “Монгол ур чадвар-2018” улсын
уралдаан болж нийт 19 сургуулийн 27 суралцагч өрсөлдсөн байна.

Уралдааныг Абу-Дабид болсон дэлхийн ур чадвар 2017 экспертээр оролцсон шүүгчид
шүүсэн бөгөөд уралдааны оноог мянганы нарийвчлалаар хэмжжээ. О.Наранбаатар
улсын уралдаанд дэлхийн жишигт нийцсэн 3D шат ванданг 9 цагт амжуулах даалгавар
авч хугацаандаа амжилттай гүйцэтгэжээ. Тэрээр өмнө нь “Монгол ур чадвар-2017”
улсын уралдаанд хоёрдугаар байранд орж байсан туршлагатай юм байна.
Дашрамд дуулгахад Завханы Политехникийн коллежийн мужааны ангид 21 хүүхэд
суралцаж байгаа бөгөөд мэргэжлийн ур чадварт маш сайн туршлагажиж суралцаж
байгаа талаарх мэдээллийг Завханы Политехникийн коллежийн багш Г.Пүрэв өглөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхнүүд нь улам гоё болоод байвал тэр үндэстэн сэргэж байгаагийн шинж

… гэж л ухаантнууд яриад байгаа юм даа. Охидын даашинз нимгэрч, очкины шил зузаардаг онцгой сайхан урин цаг ирж байна. Охид бүсгүйчүүдэд зориулсан сонгодог бүтээлүүд, үгүй бүр төр засгаас эмэгтэйчүүддээ зориулсан том ажлуудын сэдэл санаа ч энэ улиралд төрдөг байх. Эр шинж гэж ийм адын юм л даа. Үүнлүгээ бидний монгол эрчүүд эмэгтэйчүүдийнхээ мэдлэг боловсролтой болж буйг, гоо сайхан, тунгалаг гэрэлтэй, ялдам сайхан ааш зантай болж буйг… ерөөсөө монголын бүх эмэгтэйчүүд өнгөлөг гэгээн байгааг өдөр тутам, гэрт гадаа, гэргий хүүхдүүдээсээ хүртэл харж, мэдэрч байна. Энэ бол дээдийн жаргалын нэг юм. Улс орны хөгжилтэй шууд холбоотой. Охид бүсгүйчүүд нь гундуу гунигтай, тийм нэг царайлаг бус харагдаад эхлэхээр л тэр улс үндэстний хөгжил цэцэглэлт явахгүй байгаа нь мэдрэгддэг.

Өнөөдөр нийгэм маань хэрүүл уруултай л байна. Гэвч хүүхнүүд маань улам гоё болж байгаа нь Монгол Улс яах аргагүй сэргэн мандаж буйн илрэл юм. Тийм болохоор Монголынхоо ирээдүй өөд итгэлтэй алхацгаая. Т.Содномнамжилын маань нэгэн гоё шүлэг байдаг юм. “Гуниггүй амьдрах ч хүүхнүүд хаана байна, би хармаар байна. Гуних нь гутрал мөн, бас гэгээрэл ч мөн” гэж.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Архангай аймгийн нутгаар тойрон аялахад үзэх газрууд

1.Чулуутын гол

Чулуутын гол зурган илэрцүүд

Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.

Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км, усны уналт нь 2000 м, гулдралын өргөн нь 80 м, гүн нь 3 м, урсгалын хурд нь 2 м/с ,усны жилийн урсан өнгөрөлт нь 25 шоо м хүрнэ. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 40-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана.

2. Хоргын тогоо

Холбоотой ЗурагХорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын төвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхүү үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ. Одоогоос 9 мянга орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зүйн эрдэмтэд тогтоожээ. Өөрөөр хэлбэл энэ нь манай орны унтарсан галт уулуудын дотроос хамгийн сүүлд унтарсан галт уул юм. Хорго уул нь далайн төвшинөөс дээш 2240 метрийн өндөр бөгөөд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зүүн тийшээ Суман, Чулуут голын хөндийгөөр зуугаад километр урссан байдаг. Энэ замаар барагцаалбал 10-20 километр өргөн хөндийгөөр урссан магма нь 40-50 метр зузаан хүрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг. Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гүнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хүрмэн чулуу ундуй сундуй хөглөрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зөвхөн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зүүн гар талд Тариат сумын төвөөс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой үзмэр бий.

3.Тэрхийн цагаан нуур

Тэрхийн цагаан нуур зурган илэрцүүд

Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүссэн цэнгэг уст нуур юм. Урт нь 16 км, өргөн нь 4-10 км, 61 ам дөр.км талбайтай, Гүн нь 20 гаруй метр, д.т.д 2060 м өндөрт оршино. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг. Дундуур нь гол урсдаг бөгөөд Суман гол гэсэн нэртэй

4.Суварга хайрхан уул

Суварга хайрхан уул зурган илэрцүүд

Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд хангайн уулархаг мужийн савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт сүрлэг уул юм. Энэ уулыг галт уулын гаралтай гэж үздэг. Энэ хайрхан нь Завхан аймагт байдаг Отгонтэнгэр хайрхантай өөд өөдөөсөө харсан байдаг. Хайрханы суга бэлээр адуу мал бэлчиж, өвс ногоо сайхан ургадгийн дээр суга бүхэн нь алт мөнгө зэрэг эрдэс баялгаар арвин байдаг. Тийм учраас бусдын гарт эвдүүлэхгүйн тулд Төрийн тахилгат хайрхан болгосон. Нөгөө талаас энэ хайрхан усны ундарга, усны эцэг болсон хайрхан ажээ. Тамирын гол, Цэнхэрийн гол, Орхон голын эх болсон уул хэмээн нутгийн иргэд ярьдаг. Хэрвээ байгалийн зүй тогтоцыг алдагдуулбал баруун зүгийн амйгууд нь усгүй болох аюул нүүрлэнэ гэж үздэг. Уулын ноён оргилоос доош энгэр талд тунгалаг устай нуур бий. Энэ нууранд сүсэгтэн олон сүүгээ өргөж, алт мөнгө шидэн ирээдүйн амьдралаа даатгадаг байна. Нууранд хүрэхийн тулд зөвхөн мориор 8 километрийн бартаатай зам туулдаг. Нууранд нь хүрэх амаргүй боловч зорьж очсон хүний хэрэг зориг бүтдэг хэмээх домог бий.

5.Тамирын гол

Тамирын гол зурган илэрцүүд

Хангайн нурууны салбар Гурван ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсдаг. Хойд, урд Тамир голууд нийлж Тамир гол нэртэй болно. Энэ нь заримдаа Гурван тамир гол гэж нэрлэгддэг. Урд Тамир гол 165 километр урт, дээд хэсэгтээ Хошгот, Архошгот голуудыг нийлүүлэн авч урсдаг. Хойд Тамир голын урт 180 километр,нь дээд хэсгээрээ эгц хажуу бүхий нарийн хөндийгөөр, унал ихтэй, хурдтайгаар урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Тамир голын хөндий доошлох тусам өргөснө. Голын өргөн нь 40-70 метр, гүн нь 2-3 метр, урсгалын хурд нь 2 метр секунд байдаг. Хоёр Тамир гол нийлж 52 километр урсаад Орхон голын зүүн гарт цутгадаг. Тамир голын ус цуглуулах талбай нь 13100 хавтгай дөрвөлжин километр. Тамир гол түргэн урсгалтай уулын гол бөгөөд хур борооны үед усны төвшин богино хугацаанд огцом дээшилж, түргэн татардаг. Хоёр Тамир гол нийлсэн бэлчирээс доошхи голын хөндийгөөр улиас, бургасан шугуй шигүү ургасан байдаг. Өвөлдөө ёроолгүй бүрэн хөлддөг.

6.Булган уул

Булган уул зурган илэрцүүд

Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалд шилжүүлсэн. Булган уул нь урсгалт газрын дундуур зүүн хойш чиглэн тогтох бөгөөд хоёр Тамирын голын усны хагалбар болдог.

Булган уул нь ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг бөгөөд тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургадаг. Гүзээлзгэнэ, хад, тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамалтай. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гоньд зэрэг хүнсний ургамалтай. Булган ууланд хангайн бүсэд ургах хар мод, хуш зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модод ургана.

Булган уул нь хүн ам олонтой, хөл хөдөлгөөн ихтэй Цэцэрлэг хотод ойрхон байдаг учир ан амьтад нь дүрвэн зайлсан байдаг. Буга, бор гөрөөс, хүдэр, шилүүс, гахай, мануул, хэрэм, жирх, үен солонго, чоно, туулай зэрэг амьтад мэр сэр үзэгдэнэ. Ятуу хөтүү, бүргэд, ууль, шар шувуу, харцага зэрэг жигүүртэн шувууд бий.

7. Тайхар чулуу

Холбоотой Зураг

Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших, бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII–IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.

Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг. Тайхар чулуу нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж (Хар эрэг)-тэй, харалдаа ард нь Тайхар чулуу руу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай (Улаан толгой) бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь Тайхар чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Гэвч он цагийн аясаар уул элэгдэж, ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдөрийн Тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт нэгэн бүтээл болон үлджээ.

8. Хар балгас

Хар балгас зурган илэрцүүдМЭ YIII-IX зуунд оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду-балык буюу Хар балгас хэмээх Монголын төдийгүй дэлхийн түүх соёлын үнэт өв-их хотын үлдэгдэл нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт Хархориноос зүүн хойш 40 км-т Орхоны хөндийд бий.

Энд Уйгурын хааны төрийн өргөө, төрийн яамд, гар үйлдвэр, худалдааны хороод, шашны сүм бүхий 25 орчим км үргэлжилсэн их хот байсныг судлан тогтоосон байна. Хар балгас хот нь төдийлөн удаан оршин тогтнож чадалгүй 840 онд Киргизүүдийн дайрантанд өртөн түймэрт шатаж,сүйдсэн ажээ.

9. Билгэ хааны цогцолбор

Билгэ хааны цогцолбор зурган илэрцүүдБилгэ хааны цогцолбор Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ.

Билгэ хаан болон Культегины эдгээр цогцолбороос шавар сав, төмрөөр хийсэн аж ахуйн болон гоёл чимэглэлийн зүйлс, вааран дээврийн хэсэг, тосгуур зэрэг 2000 орчим эд өлгийн зүйл олджээ. Вааран дээврийн хагархай дээр нүүдэлчид морин давхиан дунд харвалдаж буй дүрс байсан нь судалгааны чухал дурсгал болдог. Чулуун хашлага бүхий дөрвөлжин булшны ор олдсоныг судлаачид жинхэнэ булш биш харин эзний оршуулгыг бэлгэдэн хийсэн зан үйлийн шинжтэй гэж дүгнэжээ. Хүн хөшөөд нь тухайн үеийн хүмүүсийн дүр төрх, хувцас хэрэглэл, гоёл чимгийг бодитойгоор илэрхийлжээ. Хөшөө цайдмын эдгээр дурсгалууд мянга гаруй жилийн түүхэндээ ихээхэн эвдэрч гэмтсэн боловч ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан байна. Монгол улс 20.8 км.кв талбайг 1961 онд улсын хамгаалалтанд авчээ.

Categories
мэдээ цаг-үе

Монголын их туурвигчдын шүүмжлэлт сэтгэлгээг зохиолч Ш.Ванчаарай өвлөн хөгжүүлсэн гэв

Ш.Ванчаарай зурган илэрцүүд

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагжийн Ванчаарайн уран бүтээлд зориулсан “Хорьдугаар зууны хүүрнэл зохиолын шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хүүхдийн төв номын сангийн уншлагын их танхимд өчигдөр боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, хэл бичгийн ухааны доктор Гаадамбын Билгүүдэй нээж удирдсан бол доктор С.Байгалсайхан “XX зууны хүүрнэл зохиолын шинэ хандлага” хэмээх үндсэн илтгэлдээ “Өнгөрөгч зуун Монголын түүхийн нэн сонирхолтой үе.

Их хаадын хагарал, бага хаадын үе, харийн дарлал гэх мэт түүхэн үеэс хойш энэ л зуунд Монгол Улс үндэсний эрх чөлөөний хувьсгал, ардын хувьсгал, баруунтан, зүүнтний нугалаа, Халхын голын болон чөлөөлөх дайн, тусгаар тогтнолоо баталгаажуулсан, социалист нийгмийг байгуулахаар тэмцсэн гээд маш олон үйл явдлыг туулсан. Энэ үед МЗЭ-ийн их хурлуудаас утга зохиолд шинэ хүний дүрийг бий болгох талаар их ярьсан ч Б.Ринчений “Үүрийн туяа”, С.Удвалын “Их хувь заяа”, Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн”, Ш.Нацагдоржийн “Болор толь”, “Мандухай цэцэн хатан” зэрэг түүхэн романуудыг эс тооцвол зохиолч Жигжидийн Бямбын “Үнэний хорвоо”, Ш.Ванчаарайгийн “Хүний мөс” хоёр роман шиг шинэ хүний дүрийг бүтээсэн нь ховор” гэж дүгнэлээ. Ш.Ванчаарай 1933 онд Засагт хан аймаг буюу Завхан аймгийн Яруу-Алдар суманд ард Ядамжавынд төрсөн ч хожим өөр хүнээр овоглож Ванчинпүрэв нэр нь ч солигдон Шагжийн Ванчаарай хэмээх дуудах нэртэй болсон түүхтэй аж.

Тэрээр “Анхны дурлал” өгүүллэгээ 1958 онд хэвлүүлсэнээс хойш олон арван номын зохиогч болж “Эрүүл мэнд” сэтгүүлийг эрхлэн гучин мянгаас зуун мянган хувь болтол өсгөсөн нэртэй зохиолч, сэтгүүлч хүн юм. Хуралд МУБИС-ийн профессор, доктор Б.Энхээ “Зохиолч Ш.Ванчаарайн “Нарны сургууль” романы туурвил зүйн асуудалд”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор Д.Цэвээндорж “Сэхээтний “төөрөгдөл”-ийн уран сайхны баатрууд буюу Ш.Ванчаарайн тууж, романы дүрүүд”, Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор С.Бадамжав “Зохиолч Ш.Ванчаарайн эрүүл мэндийн сэдэвт бүтээлийн тухайд”, Улаанбаатарын их сургуулийн доктор А.Мөнх-Оргил “Монголын орчин үеийн хүүрнэл зохиолын уламжлал, шинэчлэлийн асуудалд” зэрэг илтгэлүүд тавьснаас ШУА-ийн ХЗХ-гийн доктор Б.Мөнхбаярын “Монголын орчин үеийн уран зохиолын шүүмжлэлт сэтгэлгээний уламжлал, шинэчлэл” сэдэвт илтгэл анхаарал татаж байлаа. Б.Мөнхбаяр “Ямар ч улс үндэстний уран зохиол, утга соёлын хөгжил нь тасралтгүйгээр үргэлжилдэг уран сайхны туурвил зүйн сэтгэлгээний үйл явц байдаг. 1910-аад онд “Үдэш бүхэн асаад байдаг

Өмхий ламп нь унтраа биз ээ

Үеийн үед жанжлаад байдаг

Өнөөх Сандо нь зайлаа биз ээ” гэж Сандо амбаны тухай шоглон дуулж,

“Түшмэл түшмэл, ноён ноён хэмээвч

Түнш иргэн амтат идээ бариваас

Түвшин цаазыг барих судас, шөрмөс

Түмэн мэргэн бодол шороон дор шургамуй” гэж гашуудан байжээ.

Эдгээр дуу шүлгийг өнөө үеийн гоозүйн ухаарлын үүднээс үзвэл уран сайхны чадал чансаа дутуу мэт боловч, нийтлэлийн аяс үнэн бодит баримт, гүн ухааны тодорхой хандлага, шүүмжлэлт чиглэл зэргээрээ тухайн цагийнхаа туурвил зүйн сэтгэлгээний өндөр түвшинд бүтээгдсэн, ур чадлын хувьд егөөдөл, шоглол, далд утгаар илэрхийлэх зэрэг арга барилыг ашиглан шүүмжлэлт утга санаагаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн нийгэм цаг үе, улс төрийн нөхцөл байдал, үйл хэрэг хүсэл зорилгоо тэр бүр ил тод тунхаглах нөхцөл боломжгүй байснаас ийн далд дүр, дүрслэл, ёгтлол, егөөдөл, нууц нэр хэрэглэж ирсэн гэсэн үг юм. Зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Гаадамба, яруу найрагч Р.Чойном нар уран бүтээлээрээ Монголын ард түмэнд гэгээрэл боловсрол юу юунаас илүү чухал гэдгийг, оюуны болоод ахуйн хоцрогдол их байгааг, нийгмийн баялагийг шударга бусаар хүртэж буй явдлыг хурц шүүмжилсэн байдаг.

Тэдний зохиолын баатрууд нь танин мэдэхүй, гэгээрүүлэх үзлийг хамтад нь илэрхийлдэг, өөрийн дэвшилтэт үзэл санаандаа тууштай, бат зогсож чаддаг. Үүнд, Нацагдоржийн “Хуучин хүү”, Ш.Гаадамбын “Чөдөр өвс”, “Элбэг дээл” зэрэг өгүүллэг, Чойномын нийгмийг шүүмжилсэн улс төрийн шүлгүүдийг дурдахад хангалттай. Тэгвэл туурвил зүйн сэтгэлгээний энэ уламжлал буюу нийгэм уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний баялаг өвөөс өнгөрөгч зууны дал наяад онд хэд хэдэн төлөөлөгч төрөн гарсны дотор зохиолч Ш.Ванчаарай, Ж.Бямба нар томоохон байр эзэлнэ. ЗХУ-ын эрдэмтэн Л.Герасимович “Монголын зохиолчдоос нийгмийн тулгамдсан асуудлыг үзүүлэхэд анхаарлын төвд байгаа нэг асуудал бол хотод суурьшигчид элбэгшиж байгаатай холбоотойгоор хүний амьдрал, ахуйд олон жил хэвшсэн зүйлс өөрчлөгдөхөд хүрч байгаа, үүнээс хүмүүсийн харилцаанд илэрч байга зөрчлийг шүүмжлэн гаргахад анхаарч байна” гэсэнчлэн Ш.Ванчаарайн “Балга сүү” өгүүллэгт Улаанбаатар хотын шинэхэн орон сууцанд амьдардаг иргэд хүүхдэдээ сүү халаалгах эхэд хаалгаа онгойлгох дургүй байгаа, тэр тэвдэж сандарсан агшинд уурын зуухны галч тусалж байгаа тухай гардаг.

Эндээс хотжилт хүний сайхан сэтгэлийг хэрхэн үгүйсгэж буйг Ш.Ванчаарай тэртээ тавиад онд хөндөн бичиж байж гэж дүгнэж болно. Монголын ХХ зууны уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээ бүхий уран бүтээлийн өвд тодорхой байр эзэлдэг томоохон сэдэв бол гэр бүлийн сэдэв. Гэр бүлийн байдлыг харуулахдаа өрхийн тэргүүлэгч ажлын төлөө бүхнийг зориулдаг ч гэр бүлдээ анхаарал хандуулахгүй байгааг Ш.Ванчаарай “Зүрхний айзам” туужаараа харуулжээ. Туужид нэгэн гэр бүлийн энгийн харилцааны ард нуугдсан ээдрээт байдал, эмэгтэй хүний сэтгэл зүйн асуудлыг нарийн үзүүлсэн. Монголын уран зохиолын шүүмжлэлт сэтгэлгээнд томоохон байр суурь эзлэх зохиол бол зохиолч Ш.Ванчаарайн “Эмч нар”, “Шагнал шийтгэл” хоёр роман юм. Романд дэвшүүлэн тавьсан асуудал өнөөдөр ч гэсэн хуучраагүй, нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байна. Утга зохиол судлалд нэг тогтсон ойлголт байдаг. Нэгэнтээ төлөвшин тогтсон имижийн тухай өгүүлэх нь тэрхүү имижийн хүрээнд багтдаг төлөөлөгчийн хувьд нэн амар байдаг.

Ванчаарай зохиолч анхны нэр нь “Эмч нар” буюу “Хүний мөс” романдаа Монголын эрүүлийг хамгаалах үйл ажиллагааны тухай бус ерөөс нийгмийн зөрчилт асуудлыг үзүүлсэнд оршино. Энэ бол аль ч улс орон, нийгэмд түгээмэл байдаг нийгмийн ялзрал, хуйвалдаан, сөрөг зан суртахуун, хувиа хичээсэн хэдхэн хүний үйл ажиллагаа ямар муухай урхагтай байдаг, хуйвалдаан хийгээд шударга ёс хоорондын зөрчлийг хурцаар үзүүлсэнээрээ өнөө цагт ч үнэ цэнээ алдаагүй зохиол юм. Зохиолч Ш.Ванчаарай ХХ зууны Монголын олон нэрт зохиолч төлөөлөгчдийн уран бүтээл, туурвил зүйн сэтгэлгээний уламжлалыг өвлөн залгамжлахын зэрэгцээ уран сайхны сэтгэлгээний шинэчлэл хийж, улмаар шүүмжлэлт сэтгэлгээний реалист хандлага бүхий шүүмжлэлт реализмын монгол “formula” гэдэг зүйлийг төлөвшүүлсэн зохиолч гэж үзэж болно” гэсэн юм. Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын ардын багш, доктор С.Дулам, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дожоогийн Цэдэв зохиолчийн охин, доктор В.Батмаа, сэтгүүлч В.Батмөнх, кино судлаач Д.Мягмарсүрэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Хүрэлбаатар, М.Баттөмөр нарын олон хүн хүрэлцэн ирсэн юм.