Categories
мэдээ нийгэм

Хятадаас дэлхийн хамгийн том шумуул олджээ

shumuulХятадын эрдэмтэд биеийн өргөн нь 5 см, дэлгэсэн далавчны хэмжээ нь 11,15 см хүрдэг дэлхийн хамгийн том шумуулыг тус улсын баруун өмнөд нутгаас олж илрүүлжээ. Энэхүү шумуулын далавч ердийн шумуулынхаас даруй 10 дахин том талаар өнгөрсөн пүрэв гаригт “South China Morning” сонин мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Өнгөрсөн оны наймдугаар сард Хятадын шавьж судлаач Жао Ли Сычуань мужаас энэхүү “үлэмж биет” шумуулыг олжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр уг шумуулыг дэлхий дээрх хамгийн том шумуул мөн гэдгийг батлахын тулд нарийвчлан судалсан байна.

Хятадын баруун нутгийн Чэндү хотын Шавьжны музейн ажилтан Жао-гийн ярьснаар, үлэмж биет шумуулыг тавдугаар сард болох үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд үзүүлэхээр төлөвлөжээ. Уг музейн цуглуулгад 40 гаруй орноос авчирсан 700 мянга гаруй төрлийн шавьж байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Цагдаа, дотоодын цэргийн генералууддаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад генерал цол бий болсны 74 жилийн ой, “Генералуудын өдөр” маргааш /2018.04.28/ тохионо. Энэхүү түүхт өдрийг угтан өнөөдөр ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн эрхэм хүндэт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын генералууддаа хүндэтгэл үзүүллээ.

Анх 1944 онд манай улсад эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт генерал цолыг олгох журам гарч, үүний дагуу мөн оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарын 11 хүнд анх удаа генерал цол олгосноос хойш энэ эрхэм хүндтэй цолыг нийтдээ 184 хүн хүртээд байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас анх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга, хурандаа Ц.Нансалжавт БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1961 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор хошууч генерал цол олгосноос хойш 1965 онд хошууч генерал Р.Гүнсэн, 1971 онд хошууч генерал С.Бүдрагчаа, 1978 онд хурандаа генерал Ж.Авхиа, 1978 онд хошууч генерал А.Думбурай, 1979 онд хошууч генерал О.Отгонжаргал, 1981 онд хошууч генерал С.Дамдинсүрэн, 1990 онд хошууч генерал Б.Пүрэв, 1996 онд хошууч генерал Ч.Амарболд, 2002 онд хошууч генерал Д.Сандаг-Очир, 2007 онд хошууч генерал М.Ганболд, 2010 онд бригадын генерал А.Дулаанжаргал, Т.Хүрэлбаатар, 2013 онд бригадын генерал Б.Билэгт нарын 12 хүн энэ эрхэм цолыг хүртжээ.

Цагдаа, дотоодын цэргээс төрөн гарсан генералууддаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.Та бүхнийг минь Монгол цагдаагийн суу алдар, сүр хүч, сүлд хийморь мөнхөд ивээж, урт удаан наслах болтугай.

Categories
мэдээ нийгэм

Шүлхийтэй 15 мянга гаруй толгой мал устгажээ

Засгийн газар иргэдээ баталгаатай, чанартай хүнсээр хангаж, улмаар хүнс экспортлодог орон болох зорилт тавьсан. Үүний тулд мал сүргээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, малаа эрүүлжүүлэх, мал үржүүлэг, технологийн ажлыг орон даяар зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлгийн ажлыг жил бүрийн тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 20-ныг хүртэл явуулахаар шийдвэрлэжээ.

Өнгөрсөн онд 13 аймгийн 44 сум, Улаанбаатар хотын дүүрэгт гарсан шүлхий өвчний улмаас 15 мянга гаруй толгой малыг зориудаар устгажээ. Мөн үүний нөхөн олговорт улсын төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулжээ. Одоогоор Архангай аймгийн гурав, Өвөрхангай аймгийн хоёр, Төв аймгийн нэг суманд хорио цээр тогтоогоод байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн нутгаар аялахад үзэх газрууд

1.Сэнхэрийн агуй

Холбоотой Зураг

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 25 километрийн зайд далайн төвшнөөс дээш 2100-2400 метр өндөрт орших агуй юм. Карбонат чулуулаг буюу цагаан саарал өнгийн шохойлог гантиг чулуунаас тогтсон, дотор хананы өндөр нь 15 метр, шалнаас тааз хүртэл 20 метр, таазны байдал нь дотор талаас гадагшаа хонхор маягийн хэлбэртэй, өөрөөр хэлбэл бөмбөгөрдүү оройтой ажээ. Агуйн ханан хад нь галын дөлөнд шатаж харласан байдлыг харвал тус агуйд удаан хугацааны туршид хүн амьдарч байсныг нотолдог. Мөн хананд 40 мянган жилийн тэртээх хадны сүг зураг бүхий түүхэн дурсгал бий.

2.Хар-Ус нуур

Хар-Ус нуур зурган илэрцүүд

Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур бөгөөд Хар нуур, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дотор далайн төвшнөөс дээш 1157 метр өндөрт орших цэнгэг устай, урсгал нуур юм. Хэдийгээр том талбайтай боловч маш гүехэн нуур бөгөөд хамгийн гүн нь 4.4 метр, дундаж гүн нь 2 метр байдаг.

Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 ам километр талбайтай, 30 орчим километр урт, усны мандлаас 272 метр өндөр Агшаб хэмээх арал бөгөөд тэрээр Хар ус нуурыг хойд урд гэсэн том жижиг хоёр хэсэгт хуваана. Хойд урд нуурыг 1-2 метр гүнтэй, 50-100 метр өргөн, 20 гаруй километр урт Лүн Юм гэдэг нэртэй хоолой холбоно. Хойд нуур нь 400 орчим ам километр талбайтай боловч нилдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргүй бага устай болжээ. Хар ус нуур нь 70450 ам километр талбайгаас усжина. Үүний 70% нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтайн нуруунаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2.2 шоо километр ус нийлүүлэх бөгөөд илүүдэл усаа ууршуулахын хамт 40 километр урт 50-75 метрийн өргөн Чоно харайхын голоор Хар ус нуурт өгнө. Хар ус нуурын бүс нутагт 12 мянган хүн ам оршин сууж, 642 мянган мал бэлчдэг учраас усны бохирдол, бэлчээрийн даац хэтрэх асуудал гарч байгаа ажээ. Тийм учраас БОАЖЯ-наас анхаарал тавьж, төрийн захиргааны 12 байгаль хамгаалагчтай хэсэг 2007 оноос ажиллаж эхэлсэн. Хар ус нуурыг хамарсан уг цогцолбор газрын байгалийн тогтоцыг судлаачид гайхамшигтай хэмээн дуу алддаг. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Энд ирсэн гадаадын жуулчид Хар ус нуурыг “газрын диваажин” хэмээн шагшин магтдаг билээ.

3.Мөнххайрхан уул

Мөнххайрхан уул зурган илэрцүүд

Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өндөр уулын өвөрмөц газарзүйн тогтоцыг хамгаалах, байгалийн цэнгэг усны асар их нөөцийг хадгалах, мөнх цас, мөсөн голоор тэжээгддэг Алтайн нурууны ар өвөр хажуугаас эх авч урсдаг их бага олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Хамгаалалтын захиргаа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд байрладаг. Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад ам километр талбайг эзлэн оршино. Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг 2 дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг.

Мөнххайрхан уулын газар нутагт аргаль угалз, янгир, буга, ирвэс, Алтайн хойлог, ятуу, чоно, мануул, үен суусар, голын халиу, минж зэрэг ан амьтан нутаглахаас гадна хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутгийн нэг юм. Монгол улсын Улаан номонд орсон Тойрмын хонин гүрвэл ганцхан Мөнххайрхан уулын дэд мужид бий. Мөн ховорт тооцогддог ногоон бах, үхэрдэй, жунгаарын загас зөвхөн Булган голд бий.

Энэ нутагт Сибирийн ой, Төв Азийн цөлийн ургамал оршихоос гадна баруун талаас Казакстан-Тураны, зүүнээс Дорнод Азийн ургамлын аймгийн төлөөлөл нэвтрэн орж иржээ. Ховд аймгийн Булган сумын нутаг дахь Залаа уул, Магнай уул, Баяндаваа орчмын Их онгог зэрэг газруудад дэлхийд ховордсон, зөвхөн Ази тив, Монголд байдаг нэн ховор ургамал болох “залаархаг хавраг буюу чийр” ургадаг. Вансэмбэрүү, таван салаа, хонин арц, алтан зул, жамъяанмядаг, алтан гагнуур, юмдүүжин зэрэг эмийн ургамал ургана. Мөн шинэсэн ойн зурвастай бөгөөд нийт талбай нь 198 га хүрнэ. Голуудын татам дагуу шинэс, улаан хус, улиас, бургас, заган ой, харгана, чацаргана, сөөгөн шугуй, хайлаас, балгана ургасан байдаг.

Мөнххайрхан уулын орчимд Алтайн урианхайчууд оршин суудаг. Мөнхайрхан уулын орчимд түүх соёл угсаатны байгалийн аялал, эрдэм шинжилгээ судалгааны аялал, уулын спортын аялал, Усан спортын аялал, ердийн хөсгийн болон явган аялал, спорт ан агнуурын аялал зохион байгуулахад тохиромжтой.

4.Баянзүрхийн буган хөшөө

Ховд аймгийн Мөст сумын нутагт Бодончийн хавцал уруудах замд байдаг Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал юм. Энд 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг.

Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн байдаг. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг. Мөн одоогоор түүхчид тайлж уншиж чадаагүй тэмдэгт дүрсүүд бас байдаг.

5. Алтан Хөхий уул

Алтан Хөхий уул зурган илэрцүүд

Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан орших үзэсгэлэнт сайхан байгальтай, бие даасан томоохон нуруу юм. Алтанхөхий уул Алтны эх хэмээх газар Алтанхөхий хайрханы баруун энгэр, Ховд голын хөндийд оршдог байна.

Төрийн тахилга тайлахаас бусад үед гадаад, дотоодын иргэд төдийлөн очоод байдаггүй байжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн улирлыг дамнан нүүдэллэх нутгийн малчдаас өөр хүний хөл хүрээгүй газар гэж хэлж болно. Нутгийн ардууд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм. 2005 оны 3 дугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийг гаргуулан Алтан Хөхий уулыг төрийн тахилгатай уул болгожээ.

Алтны эхийн ойролцоо мөөг, сонгино зэрэг хүнсэнд хэрэглэдэг ургамлаас гадна хүний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй жамъянмядаг, вансэмбэрүү, алтангагнуур, гишүү балчирган зэрэг ховор төрлийн ургамал ургадаг. Ууландаа гөрөөс, янгир, аргаль гэх мэтийн ховор амьтад идээшилдэг. Алтанхөхий уулыг төрийн тахилгатай болгосноос хойш хэдэн жил өнгөрчээ. Нутгийн иргэд Алтанхөхий уулыг эрт дээр үеэс шүтэн биширч, өглөө бүр сүүнийхээ дээжийг өргөсөөр иржээ. Тэд сайн сайхан амьдарч яваагаа хайрхантай холбон тайлбарладаг. Мөн Алтанхөхий уулын эзэн савдгийг хилэгнүүлэх вий хэмээн идээний дээжээ байнга өргөдөг. Алтанхөхий уул алс холоос сүр бараатай харагдана. Нохой гаслам халуунд ч Ханхөхий уулын орой цагаан малгай “өмссөн” мэт байх нь гайхалтай. Уг нутаг хөрсөн дороо үнэт эрдэнэ нуусан гэдгийг нутгийн ард мэддэг байсан тул Алтны эх хэмээн нэрлэсэн талаар нутгийн хөгшид ярьдаг байна. Мөн хайрхныг Алтанхөхий хэмээн нэрлэсэн нь санаандгүй тохиолдол биш байж болох юм.

6.Харуул овоо

Харуул овоо зурган илэрцүүд

Ховд аймгийн Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км зайд Жаргалан уулын орой дээр байх сүрлэг чулуун байгууламжийг “Харуул овоо” гэдэг. Овооны өндөр нь 25 метр, суурийн диаметр нь 50 метр орчим ажээ. Судлаачид эл овоог XYII-XYIII зууны үед хамааруулан үздэг бөгөөд нутгийн хил хязгаарын тэмдэг, ямар нэгэн дохио дамжуулах тэмдэг болгон байгуулсан болов уу хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, харуулын цамхаг бөгөөд ямар нэгэн довтолгоо, аюулыг урьдчилан алсаас ажиглан харж мэдээд сэргийлэх, гал, утаа, дуут сум, зэрэг хэрэгслээр дохио өгөх, дайн тулааныг ажиглах зориулалттай байсан хэмээдэг.

Булган голын хөндийд нутаглах торгуудуудын босгосон 13 овооны нэг юм. Харуул овоо нь гурван үеэс бүтнэ. Доогуураа өргөн цүлхэгэр, дээшээ нэгэн жигд нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон. Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж, дундуур нь модон шургаагаар бэхэлгээ хийж зангидсан байдаг.

7.Ямаан усны хадны зураг

Ямаан усны хадны зураг зурган илэрцүүд

Ховд аймгийн Үенч, Алтай сумын зааг нутагт Ямаан усны хавцал оршдог. Уг хавцал хоёр талаасаа эгц цавчим ханан хясаагаар хашигдсан давчуу хавцал бөгөөд түүний зүүн талын ханан хаданд хүн төрөлхтний өв соёлд үнэтэй байр суурь эзлэх хэдэн зуун хадны сүг зургууд байдаг.

Янгир, буга, зээр, бөхөн, өлөгчин чоно, болон анчид, нум сум харваж буй хүн болон дайн тулааны байдлыг ч дүрслэн харуулсан байдаг ажээ. Ханан хадны баруун дээд буланд гурван морь хөлөглөсөн найман хэгээстэй сүйх тэрэгтэй ноён түүний урд болон ар талд нь бараа болон яваа хоёр хүний дүрс бүхий сүг зураг судлаачдын анхаарлыг ихэд татдаг.

8.Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар

Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар зурган илэрцүүд

Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц , Баяннуур сумдын заагт орших Цамбагарав уулын 110960га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан юм. Мөс судлалын ач холбогдолтой, ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилготойгоор хамгаалагдсан.

Цаст уул далайн түвшнээс дээш 4208 метрт өргөгдсөн, алсаас сүрлэг сайхан харагддаг мөнх цаст уулстай. Энд дэлхийд болон монголд ховордсон амьтад байхаас гадна уулсынхаа араар армаг тармаг шинэсэн төгөл ойтой, тошлой, хад зэрэг жимс элбэгтэй байдаг. Үзэсгэлэнт тогтоц бүхий уулын ам, хавцал элбэг тааралдана.

Цамбагарав уул нь Монгол Алтайн нурууны нэг салшгүй хэсэг бөгөөд ноён оргил Цаст уул нь далайн түвшнээс дээш 4298.4 м өргөгдсөн мөнх цаст уул юм. Цамбагаравын нуруу нь Их Нууруудын хотгорын баруун хойд захад эргэн тойрон хотгор газар, голуудаар хүрээлэгдсэн Монгол Алтайн нурууны зэрэгцээ нуруудад багтдаг. Хур цас, мөс нь уулсын дээд хэсэгт ялгардаг ландшафтын онцгой хэв шинж бөгөөд судлаачдын тооцоолсноор тус орны нутаг дэвсгэрт 187 тооны хур цас, мөс байгаагаас 98% буюу 185 нь Монгол Алтай болон салбар нуруунд төвлөрчээ. Эдгээрээс хамгийн их нь Таван богд, Цаст уул, Мөнххайрханд төвлөрсөн бөгөөд Цамбагаравын нурууны мөнх цастай оргилууд нь 130 кв.км талбайг эзэлдэг.

9.Ишгэн толгойн хадны зураг

Ишгэн толгойн хадны зураг зурган илэрцүүд

Ховд аймгийн Манхан сумын төвөөс 7 километр газарт, хойд Цэнхэрийн гол орчимд байдаг толгой хад юм. Тэр хаданд хүн, мал, амьтны 150 гаруй дүрсийг биеийн ерөнхий тэгийг хүрээлэн цохиж хонхойлгон сийлжээ. Хүний дүрс 1, адууны 18, үхрийн 13, буга хандгай, гөрөөсний 19, тэмээний 1, янгирын 17, аргалын 11, могойн 5, барын 3, янз бүрийн тэмдэгний дүрслэл 9, ямар амьтан болох нь тодорхойгүй 53 дүрс дүрслэл байдаг. Хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны сүг зураг Монгол оронд 5 бүртгэгдсэн байдгийн 3 нь Ховд аймгийн нутагт байдаг бөгөөд түүний нэг нь энэхүү Ишгэн толгойн хадны зураг дүрслэл юм.

Categories
мэдээ нийгэм

Ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Тухайлбал дүүргийн мал бүхий иргэд, малтай хороодоор явж шүлхий өвчний тандалт судалгааны ажлыг хийж байна. Түүнчлэн мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малын хашаа, хороо, бэлчээрт ариутгалын ажлыг тогтмол хийж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Топ 100 аж ахуйн нэгж

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП 100 ААН –ийг өргөмжлөн шалгаруулдаг 17 дахь жилийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаажээ.

Монгол Улсын ТОП 100 ААН-ийг Эрдэнэт Үйлдвэр ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Оюу Толгой ХХК, Хаан банк, Энержи Ресурс ХХК тэргүүллээ. Харин групп компаниудаар нь авч үзвэл М Си Эс, Петровис, Номин, Шунхлай группууд тэргүүлжээ.

ikon.mn Монгол Улсын ТОП 100 ААН-ийг үзүүлэлт тус бүрээр хэддүгээр байрт эрэмблэгдсэнийг дэлгэрэнгүй танилцуулж байна.

Мэдээллийн эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим


График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

2017 оны ТОП 100 ААН-ийн 65 нь сүүлийн 3 жил дараалан багтсан бол 17 нь шинээр орж ирсэн компани байна. Уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн – 9, Худалдаа үйлчилгээний – 5, Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн – 2, Хүнд үйлдвэрлэлийн – 1 ААН шинээр орж ирсэн. Үүнд:

  • Эрдэнэс Таван Толгой ХК, Энержи Ресурс ХХК, Саусгоби Сэндс ХХК, Шинь Шинь ХХК, Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК,
  • МоЭнКо ХХК, Си Өү Эй Эл ХХК, Жэйкобс Инженеринг ХХК, Баян Айраг Эксплорэйшн ХХК, Алтайн Хүдэр ХХК, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК,
  • Премиум Конкрит ХХК, Эко Алтан Заамар ХХК, Бласт ХХК, Монос Улаанбаатар ХХК, Шангрила Улаанбаатар Хотел ХХК, Таван Богд Фүүдс ХХК

ҮЗҮҮЛЭЛТ ТУС БҮРТ ТЭРГҮҮЛСЭН 10 ААН


БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО

Ранк Нэр
1 Оюу Толгой ХХК
2 Эрдэнэт Үйлдвэр ХХК
3 Энержи Ресурс ХХК
4 Эрдэнэс -Таван толгой ХК
5 Хаан банк
6 Худалдаа Хөгжлийн банк
7 Улаанбаатар Төмөр Зам ХНН
8 Тийсс Монгол ХХК
9 НИК ХХК
10 Голомт банк

ТАТВАР

Ранк Нэр
1 Эрдэнэт Үйлдвэр ХХК
2 Оюу Толгой ХХК
3 Эрдэнэс -Таван толгой ХК
4 АПУ ХК
5 Тавантолгой ХК
6 Тийсс Монгол ХХК
7 Монголын Алт (Мак) ХХК
8 НИК ХХК
9 Цайрт Минериал ХХК
10 Магнай Трейд ХХК

АЖИЛЛАГСДЫН ТОО

Ранк Нэр
1 Эрдэнэт Үйлдвэр ХХК
2 Хаан банк
3 Төрийн банк
4 Оюу Толгой ХХК
5 Голомт банк
6 Говь ХК
7 Дулааны 4-р Цах.Станц ТӨХК
8 Энержи Ресурс ХХК
9 Худалдаа Хөгжлийн банк
10 Номин Тав Трейд ХХК

АШГИЙН ХЭМЖЭЭ

Ранк Нэр
1 Эрдэнэс -Таван толгой ХК
2 Энержи Ресурс ХХК
3 Эрдэнэт Үйлдвэр ХХК
4 Монголын Алт (Мак) ХХК
5 Тавантолгой ХК
6 Хаан банк
7 Тийсс Монгол ХХК
8 Ти Ти Жи Ви Си Өү ХХК
9 Цайрт Минериал ХХК
10 Саусгоби Сэндс ХХК

ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ

Ранк Нэр
1 Эрдэнэс -Таван толгой ХК
2 Оюу Толгой ХХК
3 Эрдэнэт Үйлдвэр ХХК
4 Монгол Улсын Хөгжлийн Банк
5 Монголын Алт (Мак) ХХК
6 Худалдаа Хөгжлийн банк
7 Хаан банк
8 Улаанбаатар Төмөр Зам ХНН
9 Болдтємєр Ерєє гол ХХК
10 АПУ ХК

ТОП 100 -Г САЛБАРААР АНГИЛБАЛ

Салбар Тоо
Худалдаа үйлчилгээ 25
Уул уурхай олборлох үйлдвэр 22
Газрын тосны хангамж 12
Хүнсний үйлдвэрлэл 9
Банк санхүү 8
Цах, дулаан үйлдвэрлэл, усан хангамж 7
Харилцаа холбоо 6
Барилга, зам 3
Хүнд үйлдвэр 3
Бусад 5

ТОП 100 ААН-ийг Макро ЭЗ-ийн гол үзүүлэлтүүдтэй харьцуулж харвал

Үзүүлэлтүүд 2015 2016 2017
ДНБ (их наяд.төг) 23.1 23.9 27.2
ТОП100 борлуулалтын орлого (их наяд.төг) 16.6 17.7 25.5
Топ100 ААН-ын орлогын ДНБ-д эзлэх хувь, % 72.1% 74.2% 93.9%
Монгол улсын нийт татварын орлого (их наяд.төг) 5.1 5.0 6.3
ТОП100 татвар (их наяд.төг) 2.5 2.0 3.2
Топ100 ААН-ын татварын Монгол улсын нийт татварын орлогод эзлэх хувь, % 48.1% 39.8% 50.5%
Нийт ажиллагчдын тоо (мян.хүн) 1,151 1,147 1,240
ТОП100 ажиллагчдын тоо (мян.хүн) 65 67 76
Топ100 ААН-ын ажиллагчдын тоо ДНБ-д эзлэх хувь, % 5.7% 5.8% 6.2%

1-20, 21-40, 41-60, 61-80, 81-100 ДУГААРТ ЭРЭМБЛЭГДСЭН ААН-ҮҮДИЙН НИЙТ ҮЗҮҮЛЭЛТЭД ЭЗЛЭХ ХУВИЙН ЖИНГ ХАРВАЛ

ТОП 100 ААН-ийн нийт Борлуулалтын орлогын 40, Татварын орлогын 50, Ажиллагсдын тооны 29, Ашгийн 62, Хөрөнгийн 64 хувийг Уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын 22 ААН бүрдүүлжээ.

Аж ахуйн нэгжийн салбар Тоо Борлуулалтын орлогын дүн (тэр бум төг) Эзлэх хувь, % Татварын орлогын дүн (тэр бум төг) Эзлэх хувь, % Ажиллагсдын тоо Эзлэх хувь, % Ашгийн дүн (тэр бум төг) Эзлэх хувь, % Хөрөнгийн дүн (тэр бум төг) Эзлэх хувь, %
1 Худалдаа үйлчилгээ 25 3,530 14% 478 15% 9,937 13% 237 11% 261 1%
2 Уул уурхай, олборлох үйлдвэр 22 10,328 40% 1,584 50% 21,957 29% 1,337 62% 14,461 64%
3 Газрын тосны хангамж 12 2,696 11% 410 13% 3,812 5% 17 1% 237 1%
4 Хүнсний үйлдвэрлэл 9 1,364 5% 294 9% 4,834 6% 96 4% 994 4%
5 Банк санхүү 8 3,915 15% 128 4% 15,130 20% 282 13% 3,748 17%
6 Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамж 7 944 4% 96 3% 5,851 8% 27 1% 1,033 5%
7 Харилцаа холбоо 6 700 3% 99 3% 6,259 8% 56 3% 556 2%
8 Барилга, зам 3 385 2% 48 2% 2,068 3% 17 1% 146 1%
9 Хүнд үйлдвэр 3 295 1% 13 0.4% 1,789 2% 29 1% 212 1%
10 Тээвэр ложистик 2 1,104 4% 7 0.2% 2,073 3% 56.23 3% 725 3%
11 Бусад 2 162 1% 9 0.3% 832 1% 143 1%
12 Хөнгөн үйлдвэр 1 127 0.5% 16 1% 1,874 2% 19 1% 104 0.5%
Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аян эхэллээ

Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох Дэлхийн өдөрт зориулсан “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” Үндэсний аяны хэвлэлийн бага хурал өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд боллоо.

Хэвлэлийн бага хуралд, ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх, ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, ДЗМОУБ-ын Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн менежер С.Цэцэгээ, Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Б.Дарьханд нар оролцлоо.

Хэвлэлийн хурлын эхэнд, ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сантай хамтран “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяныг энэ сарын 30-наас эхлэн зохион байгуулах гэж байна. Аян “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан нээлтээ хийж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Оролцогч талуудын зүгээс аянаар дамжуулан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулна. Хүүхдийн эрхийг таван орчинд хамгаалах ёстойг хуульд зааж өгсөн байдаг. Эдгээрээс гэр бүлийн орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах вэ, эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй хэлбэр нь зөв үү, буруу гэх асуудал нэлээд анхаарал татаж байгаа. Бид Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хүүхэд хүмүүжлийн эерэг аргын тухай “Хүүхэд бүрт” нэртэй аппликэйшн гаргаж, Мобикомын бүх хэрэглэгчдэд зурвасаар хүргэхэд ердөө 16 мянган хүн татаж авсан. Тиймээс хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээллийг нийгэмд нэлээд далайцтайгаар хүргэх шаардлагатай гэж үзээд үндэсний хэмжээний аяныг өрнүүлэх гэж байна. Аяны хүрээнд 25 мянган өрхийн гэрээр очиж, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээлэл олгоно” гэв.

Хэвлэлийн хурлын үеэр “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” аянаар дамжуулан эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, практикт хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх, тохиолдол бүрийг мэдээлэх, тусламж үйлчилгээнд хүргэх олон нийтийн санаачлагыг өрнүүлэх, хэвшүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Мөн Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын хөтөлбөхийн менежер С.Цэцэгээ “Хүмүүжлийн эерэг аргын талаар эцэг эх, цэцэрлэг сургуулийн багш нарт мэдээлэл сургалт хэрэгцээтэй байгааг харж болох нэг тоон мэдээг танилцуулъя. “Хүүхэд хамгаалал, өрхийн амжиргаа ба даван туулах чадварыг сайжруулах хөтөлбөрийн суурь судалгаа”-нд хамрагдсан эцэг эхчүүдийн 45 хувь нь хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандах ёстойг мэдэхгүй байгаагаа хэлсэн байсан. Мөн 108 утсанд хандсан хүүхдүүдийн 40 хувь нь гэр бүл, эцэг эхийн харилцаа, хүмүүжлийн аргын тухай болон буруу хэрэг хийж, алдаа гаргасныхаа төлөө бие махбодийн шийтгэл амссанаа яриад, зөвлөгөө тусламж хүссэн байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Хөрсөө хамгаалъя” өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна

“Хөрсөө хамгаалъя” өдөрлөгт 100 орчим ААН оролцож байна зурган илэрцүүдНИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан НИТХ, НЗДТГ, УБЗАА хамтран “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна.

Өдөрлөгийн нээлтэд МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга, Т.Батцогт зэрэг албаны төлөөллүүд, хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 100 орчим байгууллага, эрдэмтэн судлаачид оролцов.

Өдөрлөгийн үеэр төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна. Түүнчлэн хувийн хэвшлийн ААН, эрдэмтэн, судлаачид хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хийгдэж буй шинэлэг ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулах, худалдаалах үйл ажиллагааг явуулж байв.

Зохион байгуулагчдийн зүгээс иргэд олон нийтийг өөрийн амьдарч, ажиллаж буй орчны цэвэр орчны төлөө мэдлэгээ дээшлүүлэх, мэдээлэл ихтэй “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгт өргөнөөр оролцохыг уриалж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өчигдрийн арилжаагаа 787 182 ширхэг хувьцаа арилжжээ

Зураг

Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагааар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 787,182 ширхэг хувьцаа арилжсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Баян-Алдар” VIK+12.07 хувь, “Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл” JLT+4.35 хувиар компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мон-Ит Булигаар” MBG-14.96 хувь, “Их Барилга” IBA-8.33 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.
Ингэснээр “TOP 20” индекс 19,984.21 нэгж болж 0.18 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд 57 тэрбум 866 сая 536,443 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2018-04-26 эндээс авна уу.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол, Оросын бизнес эрхлэгчидтэй уулзлаа

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнод тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутневийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн “ОХУ-ын Алс Дорнод ба Монгол Улс: Хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин уг уулзалтыг нээн, амжилт хүсэж хэлсэн үгэндээ “Миний бие Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд манай хоёр орны бүх түвшний байгууллагуудын дунд хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө та бүхнийг бүхий л талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн” хэмээн хоёр орны бизнес эрхлэгчдэд хандан хэлэв.

Бизнесийнхний уулзалтын үеэр ОХУ, тэр дундаа Алс Дорнодын зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй Монголын аж ахуйн нэгжүүдийн сонирхсон асуултад ОХУ-аас хүрэлцэн ирсэн албаны хүмүүс мэдээлэл өгч хариуллаа.

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор ирэх сард Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар, Хөгжлийн банк болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл дэх хамтын ажиллагаа”, “Монгол, Оросын хил орчмын аймаг мужуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтуудыг зохион байгуулахаар ажиллаж байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин хоёр улсын бизнесийнхэнд энэ үеэр мөн дуулгасан гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.