Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын иргэд Уругвай улсад визгүй зорчино

Зураг

Дорнын бүгд найрамдах Уругвай Улсын Гадаад харилцааны дэд сайд Ариель Бергамино Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээр хийж, Санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр дипломат, албан болон энгийн паспорттой Монгол Улсын иргэд Уругвай улсад визгүй зорчих нөхцөл бүрдэж байна

“Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Гадаад худалдааг эдийн засгийн өсөлт, хүн амын эрэлт хэрэгцээг хангахад чиглүүлэн үр ашгийг нь дээшлүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор иргэд зорчих нөхцөлийг сайжруулах, олон улс, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграци болон дэд бүтцийн сүлжээнд хамрагдах үйл явцыг эрчимжүүлж, гадаад худалдааны тааламжтай нөхцлийг бүрдүүлэх юм. Гадаад харилцааны яам Монгол иргэдээ, тухайлан энгийн паспорт эзэмшигч иргэдийг гадаад улсад аль болох хөнгөлөлттэй нөхцлөөр зорчих боломжийг бий болгохоор ажиллаж байгаагийн үр дүнд “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Дорнын бүгд найрамдах Уругвай улс хоорондын хэлэлцээр”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газар баталснаар хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Мөн айлчлалын хүрээнд Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт талууд хоорондын улс төр, эдийн засаг, соёл болон бусад салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, талуудын ашиг сонирхолд нийцсэн бүс нутгийн болон олон улсын асуудлыг хэлэлцэх зорилгоор хоёр жилд нэг удаа зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах асуудлыг тусгажээ.
Categories
мэдээ соёл-урлаг

Сонгодог болон инээдмийн өдрүүдээр зэрэг зочлох боломж олдлоо

Улсын Драмын Эрдмийн Театр энэ сарыг сонгодог жүжгийн сар болгон зарласан. Мөн дөрвөн сарын нэгэн инээдмийн баяр давхцаж байгаа тул хэд хэдэн инээдмийн жүжгийг мөн тавихаар болжээ. УДЭТ-ийн ерөнхий найруулагч

Н.Наранбаатар: Миний найруулсан хэд хэдэн жүжиг энэ сар тайзан дээр тоглогдоно. Үзэгчид жүжиг бүрээс өөр өөр ухаарал авч, өөр өөрийн онцлогийг харж, хэрэг болох зүйл байвал амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Мөн инээдмийн баярыг тохиолдуулан инээдмийн жүжгийн өдрүүд үргэлжилж байгаа. Биднийг үргэлж дэмждэг эрхэм үзэгчид ирж алжаалаа тайлан инээд хөөртэй нэг үдшийг өнгөрүүлэх боломжтой юм.

Жүжигт тоглож байгаа жүжигчид болон тоглолтын талаарх товч танилцуулгийг хүргэе:

-Италийн алдарт зохиолч Нобелийн шагналт Дарио Фо “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжиг

Дүрүүдэд
СТА Ц.Баясгалан /Антония эхнэр/,
СТА Э.Тодгэрэл /Манбретто/,
Г.Дөлгөөн-Аюуш /профессор/ нар тоглоно.

Шекспирийн дайтай үнэлэгддэг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга“Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг

Алдарт зохиолч Н.Себастьяны зохиолоос сэдэвлэсэн Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Нэргүй од” инээдмийн жүжиг.

Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг.

Найруулагч: УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар
Зураач: УДЭТ-ын ерөнхий зураач, Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг
Зохиолыг шинэтгэсэн УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан

Дүрүүдэд:
Дорлиг О.Гэрэлсүх СТА
Дулмаа Н.Баярмаа СТА
Сэржмаа Б.Одончимэг
Жамц Д.Баттөмөр СТА
Дэжид Ц.Баясгалан СТА
Цэвэг Г.Амгаланбаатар СТА
Должин Ж.Оюундарь МУГЖ
Лхамжав Ж.Пүрэвдорж СТА
Цэндмаа Г.Номуун
Батаа Ж.Ирмүүн
Осор Р.Адъяабаатар

Пүрэв Г.Алтангэрэл

Categories
мэдээ нийгэм

Залуучуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг төлөвшүүлнэ гэв

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян нээлт зурган илэрцүүд

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2018” эхэллээ. Манай улс энэхүү аяныг долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх юм.

Аяны хүрээнд ХАБЭЙ-н үндэсний чуулган болон шилдэг илтгэлийн уралдаан, Нийслэлийн хөдөлмөрийн газар, 9 дүүргийн ХАБЭЙ-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт болох аж. Мөн “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт плакат, богино хэмжээний шторк, уралдаан зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

-2007-2017 ОНЫ ХООРОНД 6414 ХҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД ӨРТСӨН. ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН 50.1 ХУВЬ НЬ 18-35 НАСНЫ ЗАЛУУЧУУД БАЙНА-

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга Б.Нямдэжид “Залуучуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг төлөвшүүлэхэд чиглэсэн санал санаачилгыг улс орнууд гаргаарай гэсэн уриалгыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэвшүүлсэн.

Энэ жилийн аяныг “Ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлцгээе” уриан дор хийж байна.

Сарын аяны хүрээнд хийх ажлуудын нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдлаар мэргэшсэн сэтгүүлчийг бэлтгэнэ. Асуудлаа мэддэг сэтгүүлч ослыг бууруулахад хувь нэмрээ оруулж чадна гэж бодож байна” гэв.

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг дэлхий нийтээрээ Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарлсан бөгөөд манай улс 1999 оноос тэмдэглэж эхэлсэн юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Гүүрэн гарц барихтай холбогдуулж долоон түр зам гаргана

Нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (НХТЕТГ)-ын орлогч дарга Ц.Тулга нар оролцов.

Энэ 2018 онд Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 43.5 км авто зам, 3050 урт метр гүүр барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Түүнчлэн гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Эдгээр ажил нь энэ сарын 5-15-ны хооронд эхлэх юм байна. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх бол Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгах юм байна. Замын цагдаагийн уулзварын өмнөх гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан 7 байршилд түр зам гаргаж байгаа талаар албаныхан мэдээллээ.

“Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төсөл”-ийн ажилтай холбогдуулан дараах 7 түр замыг гаргаж байгаа аж.

1.Махатма Гандигийн гудамжийг нарны замтай холбох 0.41км түр зам



2. Махатма Гандигийн гудамж-нийслэл хүрээ өргөн чөлөө-Хүннү 222 хорооллын хойд талын авто замтай холбох 0.7км түр зам



3. Рапид харш хорооллын авто замыг нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох 15у/м түр зам



4. Махатма Гандигийн гудамж–нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53км түр зам



5.Нийслэл хүрээ өргөн чөлөө-Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32км түр зам



6. Хүннүгийн гудамж–Саруул хотхон–Соёолжийн гүүр 0.32км авто зам

7.Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох 0.14км авто зам

3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажил ирэх сард эхэлнэ

УСУГ-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн “2018 оны манай төлөвлөгөөнд 13 ажил төлөвлөсөн. Автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд бий. Үүнээс онцгойлж хэлвэл 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийгдэнэ.

Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, Сүхбаатар дүүргийн 1, 4, 5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн 3-р хороо буюу баруун Сэлбийн гудамж зэрэг газарт 17-20 хоногийн хугацаанд автозам хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ. Энэ 17-20 хоногийн хугацаанд хэсэгчлэн зам хаана.

Шугам сүлжээ засварын ажлыг хийснээр ундны усны чанарын асуудал өндөр түвшинд очно гэж тооцоолж байгаа. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэр бохир усны төслийн ажил байгаа. Үүний хүрээнд Зуун айлын уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх нэгдүгээр эгнээ түр хэсэгчлэн хаагдана. Уг ажил энэ оны тавдугаар сарын 01-нээс эхлээд есдүгээр сарын 1 гэхэд бүрэн хийгдэж дуусна” гэв.

2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ

“Нийслэлийн хэмжээнд 2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ. Үүнээс дулааны шугамын 32 ажил, ус хангамжийн 15, ариутгах татуургын 11, харилцаа холбооны 41, үерийн далан суваг ус зайлуулах системийн 19 ажил хийгдэх юм. Эдгээр ажил хийгдэх үеэр автозамын зорчих хэсгүүд хэсэгчлэн түр хугацаагаар хаагдана. Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд төмөр зам дээгүүр 13 байршил дээр гүүрэн болон нүхэн гарц хийхээр төлөвлөсөн байдаг. Мөн олон давхар зам гүүрийн 17 ажил төлөвлөгөөнд тусгагдсан. Үүний эхний ажил нь Зүүн дөрвөн зам болон Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил байгаа” хэмээн НХТЕТГ-ын орлогч дарга Ц.Тулга ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, дөрвөн хүн гэмтжээ

Зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас зурган илэрцүүд

Замын цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 286 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 14 хүн гэмтэж бэртсэний найм нь бага насны хүүхэд, тэр дундаа тав нь автомашинд зорчиж байх үедээ осолд өртсөн байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагч нар автомашин доторх хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй өөрөөр хэлбэл хамгаалалтын зориулалтын суудал, хамгаалах бүс огт хэрэглэдэггүй, үл хайхардагтай шууд холбоотой юм. Мөн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн мэдээлэл ирсэн байна.

Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын замд H.CR-V маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч гурван хүн гэмтсэний хоёр нь бага насны хүүхдүүд байжээ. Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн дөрвөн осол, мөргөлдөх хэлбэрээр 21 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн дөрвөн осол, онхолдох хэлбэрээр нэг осол тус тус бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гурван осол гарсан бөгөөд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослыг Замын цагдаагийн алба шалгаж байна. Мөн эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчлийг ирүүлж хариуцлага тооцсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Mongolia Mining-2018”-д 20 орны 130 орчим аж ахуйн нэгж оролцоно

Mongolia Mining-2018 зурган илэрцүүд

Уул уурхайн салбарт баримталж байгаа Монгол Улсын бодлогыг олон улсад таниулах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг эх орондоо нутагшуулах, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Mongolia Mining-2018” Олон улсын үзэсгэлэн энэ сарын 04-06-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Энэ үзэсгэлэн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга мэдээлэл хийлээ. УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, МҮХАҮТ болон “Оюу Толгой”, “Майнэкс Монгол”, “Эрдэнэс Монгол” компани хамтран 8 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, БНХАУ, Канад, Чех, АНУ, ХБНГУ зэрэг 20 орны 130 орчим аж ахуйн нэгж оролцох аж. Мөн гадаад болон дотоодын уул уурхайн салбарын 2000 гаруй төлөөлөгч үзэсгэлэнг үзэж сонирхохоор мандат авсан гэдгийг Т.Баттулга дарга онцлов.

Тэрбээр, “Үзэсгэлэнгийн үеэр тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцох ханган нийлүүлэгч компаниудын тоо нэмэгдсэн. Тухайлбал, Канад, Финланд, Англи, Итали, Украйнаас ханган нийлүүлэгчид оролцоно. “Mongolia Mining”-т оролцогчдын тоо өссөн үзүүлэлтээс харж болно. “Mongolia Mining-2017”-д 120 аж ахуйн нэгж оролцож байсан бол энэ жил 130 болж нэмэгдсэн. Ингэснээр Буянт-Ухаа спорт цогцолборт үзэсгэлэнгийн талбай хоёр сарын өмнө дүүрсэн. Гэсэн хэдий ч энэ удаагийн үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдээс талбай худалдан авах санал ирсээр байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Жагсаалын үеэр дөрвөн хүүхэд төөрснийг асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгчээ

хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” тайван жагсаал зурган илэрцүүдIII сарын 31-нд Сүхбаатарын талбайд хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” тайван жагсаал болсон. Жагсаалын үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жагсаалд оролцогчдын хүүхдүүдийг түр хамгаалан байрлуулах нэг цэгийн үйлчилгээг Соёлын төв өргөөнд байгуулжээ. Тус жагсаалын үеэр дөрвөн хүүхэд төөрснийг бүртгэн, эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэгийг АТГ-аас дууджээ

Холбоотой Зураг

Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр сэжигтнээр баривчилсан талаар АТГ-аас мэдээллээ. Тэднийг “Оюутолгой”-н гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдалд олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж буй бөгөөд одоогоор сэжигтнээр татсан байгаа аж. Цаашид яллагдагчаар татах шаардлагатай хэмээн үзсэн учраас АТГ яллагдагчаар татан шалгах саналаа Нийслэлийн прокурорт хүргүүлсэн байна. Мөн яллагдагчаар цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлэх юм байна.

Түүнээс гадна Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт прокурорын байгууллагаас дуудах хуудас хүргүүлсэн байна. Тэрбээр гадаадад байгаа бөгөөд эх орондоо ирэхэд нь Оюутолгойн гэрээтэй холбогдуулан хуулийн байгууллага байцаалт авах ажээ. Мөн Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан, “Жаст” компани “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх асуудалтай холбогдуулан тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгаж байгаа гэж АТГ-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох саналыг Ерөнхийлөгч гаргаж, санал асуулга явуулна

гнйиай

Цаазын ялыг сэргээхтэй холбоотой асуудлаар Иргэний танхимд мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга ярихдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлт гаргасан. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох, эсвэл хөнгөлөх зэрэг өөр арга хэмжээг авч, судлах үүрэг өгсөн боловч одоо болтол хариу өгөөгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүй дотоод хэргийн яамнаас цаазын ялыг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тухай хэвлэлээс олж мэдлээ. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн бол олон улсын конвенцид нэгдэн орохгүй. Тиймээс цаазын ялыг сэргээх шаардлага үүсч байна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох саналыг Ерөнхийлөгч гаргаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, өнөөдрөөс санал асуулга явуулж эхэлж байна. Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг бага насны хүүхдийг хүчиндсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт оноохоор төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулна. Монгол Улс цаазаар авах ялыг хоёр ч удаа халж, харамсалтай нь буцааж хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орж байсан юм билээ. Ерөнхийлөгч тодорхой гэмт хэргүүд дээр энэ ялыг хэрэглэх гэж байгаа. Бага насны хүүхдийг хүчирхийлнэ, амь насыг нь хорооно гэдэг тодорхой, тодруулж болдог хэрэг. Тийм учраас улс төрийн хэрэгтэнд хамаарахгүй. Ямар ч хэлмэгдэх боломжгүй нөхцлөөр энэ ялыг оруулж байгаа” гэв. Энэ хуулийг батлах эсэх нь парламентын асуудал. Ерөнхийлөгч саналаа явуулж байгаа. Ийм олноороо бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа, бага насны хүүхэд амиа алдаж болохгүй гэсэн санал оруулсан. Цаазын ялын асуудлаар иргэдээсээ санал асууж байгаа” гэлээ.

bulgamaa

Хуулийн зөвлөх Р.Булгамаа “Бага насны хүүхдийг хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, улам харгис хэрцгий болж байна. Хөл дээрээ зогсож чадахгүй, ээжийнхээ хөхнөөс гараагүй бяцхан үрсийг хүчиндэж, амь насыг нь хороох үйлдлийг бид хараад байж хэрхэвч болохгүй. Хэдийгээр цаазаар авах ял хүмүүнлэг бус шинжтэй ч бид бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэнд, амьд явах эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс хууль зүйн хариуцлагыг чангатгахын тулд энэ төслийг өргөн барихаар болж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Муу сурдаг тэрбумтан эрхэм

Жек Ма зурган илэрцүүдӨдгөө 53 настай, Хятадын тэрбумтан Жек Магийн хувийн хөрөнгө 32,7 тэрбум ам. доллараар үнэлэгдэж байна. Нэгэн цагт сарын 12 ам долларын цалинтай англи хэлний багшаар ажиллаж байсан энэ эрхэм мундаг сурагч байсангүй. Үнэн хэрэгтээ дунд сургуулиа ч төгсөж чадахгүй байж болох байв. Тэрээр “Би бага ангид орох шалгалтад хоёр удаа, дунд ангид орох шалгалтад гурван удаа, коллежид орох шалгалтад хоёр удаа унаж байлаа” гэж байжээ. Коллежид орох математикийн шалгалтад 120 онооноос ганцхан оноо авав. Шалгалтад тэнцэхгүй байна гэдэг нэг хэрэг. Харин нийт авах ёстой онооны нэг хувийг ч авч чадахгүй байна гэдэг өөр асуудал. Хамгийн гол нь шалгалтад хангалттай бэлтгээгүйдээ биш харин математикт муу учраас ийм дүн авсан гэдэг. Тэрээр нэгэнтээ “Би тоонд сайн биш. Менежментийн талаар судалж ч байгаагүй. Одоо ч гэсэн санхүүгийн тайлан хараад ойлгодоггүй” гэжээ. Түүний туулсан амьдрал, бизнесийн замнал тийм ч хүсээд байхаар дардан байсангүй. Дээд сургууль төгссөн хүн бүр л сайхан цалинтай ажилд орохыг хүснэ. Зарим нэг нь хэд хэдэн ажилд орох хүсэлт гаргасан ч амжилт олохгүй тохиолдол бий. Харин Жек Ма бүтэн 30 албан газарт ажилд орох хүсэлт гаргасан ч хэн ч түүнийг ажилд аваагүй билээ. Харвардын их сургуулиас 10 удаа татгалзсан хариу авч төрөлх хотод нь анх удаа KFC нээгдээд 24 хүн ажилд орох хүсэлт гаргахад ганцаараа хасагдаж байжээ. Энэ бүхнийг даван туулж байж тэр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Магадгүй олон хүн шантрах байсан тэр л замналаар Жек Ма гэдэг эрхэм өөрийн өөдрөг үзлээр бүхнийг даван туулжээ. Гэхдээ тэрээр тэрбумтан байхаас илүү сарын 12 ам долларын цалинтай байх нь илүү аз жаргалтай байсан талаар дурдсан байдаг. Түүний “Хамгийн гол нь тэвчээртэй байх хэрэгтэй” гэдэг нь магадгүй түүний амжилтын үндэс байх. Алибабаг байгуулсныхаа дараа ч түүний бүтэлгүйтэл үргэлжилсээр байлаа. Эхний гурван жилдээ ашиг олсонгүй. Бүр 18 сарын дараа дампуурлаа зарлахад бэлэн болсон үе ч тэднийг тойроогүй юм. Жек Ма энэ талаараа “Би энэ үеийгээ Алибаба ба 1001 алдаа гэж нэрлэдэг” гэж байв.Жек Магийн амьдралаасаа олж авсан хамгийн том туршлага нь магадгүй алдаа бүхний ард амжилт байж болно гэдэг итгэл байх. Англи хэлний багшийн ангийг дүүргэсэн Ма Электрон үйлдвэрлэлийн институтэд ажиллах болов. Сарын цалин нь дөнгөж 100 юань учраас амьдралаа залгуулахын тулд Ма ажлын хажуугаар орчуулгын ажил хийнэ. Улмаар түргэн хоолны сүлжээ рестораны менежерийн туслахаар ажилладаг болжээ. 1992 онд Ма найзуудтайгаа нийлж, орчуулгын товчоо ажиллуулж эхэлсэн ч энэ нь бүтэлтэй байсангүй. Орлого олохгүй байсан учраас орчуулгын товчоогоо хааж, наймаа эрхлэв. Хувцас, эм, бэлэг дурсгалын зүйлс гээд юу ч хамаагүй зарж байлаа. Харин энэ удаа Ма өөрийгөө дажгүй наймаачин гэдгээ мэджээ. Ингээд 1995 онд Ма АНУ руу очиж бяцхан интернэт кафе ажиллуулж эхэлсэн нь амьдралынх нь эргэлтийн үе байлаа. Интернэт кафедаа орчуулга хийх зар тавьсанаас хойш ердөө хэдхэн цагийн дотор хэдэн арван ажлын захиалга орж иржээ. Нутагтаа буцаж ирээд Ма “Хятадын шар хуудсууд” нэртэй лавлагааны сайт нээсэн бөгөөд сайт нь сурталчилгаанаас бүрэн санхүүжиж байлаа. Энэ үес Ма жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан худалдааны интернэтийн төвлөрсөн сайт нээх санаа төрж эхэлсэн байна. Хятад улсын аж үйлдвэр өдрөөс өдөрт хөгжиж, Хятадын бараа дэлхийг бүрхэж байгааг хараад үйлдвэрлэгч, худалдан авагч хоёрыг холбох гүүр бий болгохоор зорьжээ. 1998 онд Yahoo-гийн үндэслэгчийн нэг Жерри Янгтай танилцсан нь Ма-гийн амьдралын чухал үе болсон бөгөөд сүүлдээ Yahoo нь Алибаба-гийн томхон хувьцаа эзэмшигчийн нэг болсон билээ. Ингээд жилийн дараа буюу 1999 онд Ма найз нарын хамтаар 60 мянган ам.доллар цуглуулж, alibaba.com сайтаа нээлээ. Ажлын байр болгож орон сууцны нэг өрөөг хөлсөлж байжээ. Төдөлгүй байдал нааштайгаар өөрчлөгдөж, АНУ-ын хөрөнгө оруулалтын Goldman Sachs банк alibaba.com-д таван сая ам.долларын хөрөнгө оруулав. Мөн 2000 онд Японы харилцаа холбооны Softbank Алибабагийн 32 хувийг 20 сая ам.доллараар худалдан авлаа. Нээгдсэнээсээ хойш ердөө жилийн дараа Алибабагийн хөрөнгө 60 сая ам.доллар болон өслөө. Нью Йоркод гаргасан хувьцааны дараагаас Алибаба дахь Softbank-ийн хувьцаа 74.2 тэрбумаар үнэлэгдэж байв. Ингээд гурван жилийн дараагаас буюу 2002 он гэхэд Алибаба ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд Ма Юнь-г хүмүүс барууны маягаар Жек Ма хэмээн дуудах боллоо. Ма бизнесээ өргөжүүлэн хувь хүний мэдээлэлд үндэслэсэн Taobao.com-ийг 2002 онд нээв. Хэрэглэгчдийн тоо нь гэрлийн хурдаар өсч, 2005 онд Yahoo Taobao.com-ийн хувьцааны 44 хувийг нэг тэрбум ам.доллараар худалдан авлаа. Ма бизнесээ цааш улам өргөжүүлж 2010 онд Европын болон АНУ-ын хувцасны брэнд компаниуд Хятадын зах зээлд бараагаа худалдах, мөн хятадын хувцас үйлдвэрлэгчдийн барааг гадаад зах зээлд борлуулах зорилго бүхий aliexpress.com-ийг ажиллуулж эхэллээ. Өнөөдрийн байдлаар Алибаба групп нь Хятадын онлайн худалдааны 80 хувийг гүйцэтгэж байгаа бөгөөд 400 сая хүн эдний сайтуудаар үйлчлүүлж байна. 2013 оны байдлаар Алибабагийн эргэлтийн хөрөнгө 300 тэрбум ам.доллар байж, хувьцаа эзэмшигчдэд ногдсон цэвэр ашиг нь 1.3 тэрбум ам.доллар болжээ. Хятадын жижиг бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбож өгөх зорилготой интернэт худалдааны Алибаба (alibaba.com) сайтыг үүсгэн байгуулахаар 15 жилийн тэртээ Ма өөрийн хэсэг найз нарыг өөрийн гэртээ цуглуулж байсан билээ. Харин өдгөө 600 сая интернэт хэрэглэгчтэй Хятад улсад Алибаба сайт нь интернэт худалдааны хамгийн том сайт болжээ

Хэн нэгэн мөрөөдөлдөө хүрэхийн тулд хэчнээн олон даваа, нугачааг туулж болохыг өөр хэн ч биш харин Жек Ма харуулж чадсан. Тэрээр “Хэрвээ чи бууж өгөхгүй л юм бол чамд боломж байна л гэсэн үг. Бууж өгнө гэдэг хамгийн том алдаа” гэжээ. Түүнийг тэрбумтан болохоос өмнө гэр бүл болсон эхнэр Жан Ин нь сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Ма Юн царайлаг залуу биш. Гэхдээ тэр царайлаг залуусын чадахгүйг чаддаг болохоор би түүнд дурласан юм” гэж хэлжээ. Нийт 35 мянга гаруй ажилтантай, жилийн нийт орлого нь 71 тэрбум юаньтай тэнцдэг Алибаба өнөөдөр Хятадын цахим худалдааны салбарыг ноёлж байна. Нью Йоркийн Хөрөнгийн бирж дээр Хятадын Алибаба группийн анхлан гаргасан хувьцааны үнэ дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн амжилтыг тогтоосон. Алибаба 21 тэрбум ам.долларыг төвлөрүүлнэ гэж тооцож байсан ч худалдаа хаагдахад 25 тэрбум хүрсэн байсан юм. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд Алибабагаас өмнө АНУ-ын Женерал Моторс, Хятадын ICBC банк болон мөн Хятадын ХАА-н банк 20 тэрбум хүртэл ам.долларын хувьцааг арилжаалж байв. Нэг бүр нь 68 ам.доллараар үнэлэгдсэн Алибабагийн хувьцаа арилжааны өдөр 40 хувиар өсч 94 ам.доллар хүрсэнээр тус группийн хөрөнгө 231,4 тэрбум амдоллар болсон нь Алибабагийн гол өрсөлдөгч болох АНУ-ын ebay.com-оос гурав дахин их гэсэн үг юм. Ингэснээр Алибаба хөрөнгийн хэмжээгээр дэлхийн тэргүүлэх хорин компанийн тоонд багтаж, Chevron, Facebook, P&G и GP Morgan компаниудыг ардаа орхилоо. Мөн Алибабагийн хувьцааны 8.8 хувийг эзэмшдэг группийг үүсгэн байгуулагч Ма Юнь Хятадын хамгийн баян хүн болсон юм. Түүний хувийн хөрөнгийг Bloomberg-ийн Тэрбумтнуудын индексээр авч үзвэл 32.7 тэрбум ам.доллар болж байгаа аж. Тэрээр ялангуяа Хятадын хамгийн хүнд асуудал болоод байгаа агаарын бохирдолтой тэмцэж өсвөр үеийн ирээдүйг хамгаалах ажилд Ма идэвхийлэн оролцох болсон байна. “Ундны ус, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлаас болоод арав хорин жилийн дараа гэхэд Хятадад хорт хавдар гэх мэт өвчин түгээмэл болох нь байна. Тиймээс би үүнтэй тэмцэхэд өөрийн хөрөнгө болон цаг хугацааг зарцуулах болно” хэмээн the Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр цохон тэмдэглэжээ.

Г.АМАРСАНАА