Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Хятадад суралцах эмч нартай уулзлаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд тус улсын Худалдааны яамнаас Монгол эмч мэргэжилтнүүдэд зориулсан халдварт өвчин, элэг цөсний эмгэг судлалын чиглэлээрх богино хугацааны сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 4-нөөс 24-ний өдрүүдэд Хунань мужийн Цан Са хотод зохион байгуулах гэж байна.

Тус яамнаас сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэл дээр явуулах хүсэлт гаргасны дагуу энэ удаагийн сургалт монгол хэл дээр зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог давуу талтай юм.

Энэ удаагийн сургалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн эрхийн эрүүл мэндийн төв болон нийт 18 аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдварт болон элэг цөсний эмгэг судлалаар мэргэшсэн дотрын эмч нар хамрагдаж байна.

Эдгээр эмч мэргэжилтнүүд маань өөрийн байгууллагадаа нэр хүндтэй, олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа, энэхүү сургалтад хамрагдах чин хүсэл эрмэлзэлтэй манай чадварлаг эмч нар гэдгийг онцлон хэлмээр байна.

Сургалтад оролцохтой холбогдон гарах бүхий зардлыг Хятадын талаас бүрэн дааж байна.

Сургалтад хамрагдсан эмч нар маань өөрийн мэдлэг, туршлагыг улам батжуулж, шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг олж авах, сайн туршлагаас харилцан суралцаж, бусдад түгээн, өөрийн байгууллага дээр тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын иргэдийн цахилгааны хөнгөлөлт эдлэх хугацаа дуусчээ

Гэр хорооллын иргэдийн цахилгааны хөнгөлөлт зурган илэрцүүд

Өнгөрсөн өвөл “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх” шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлсөн.

Цахилгааны шөнийн тарифийн энэхүү хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилсэн юм. Дээрх журмын дагуу гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд 21:00-06:00 цагийн хооронд хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэж байсан бол хоёр хоногийн өмнөөс эхлэн хөнгөлөлт эдлэхээ больж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Шүлхийтэй мал оруулж ирсэн иргэн, албан тушаалтанд хариуцлага тооцно

Нийслэлийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрханы 10-202 тоотод оршин суугч н.Төмөрбаатарын суурьт малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүн, нийслэлийн Мал эмнэлгийн газрын гуравдугаар сарын 28-ны зөвлөмж, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Засаг даргын хорио цээрийн дэглэм тогтоох тухай захирамж гарган ажиллаж байна. Тус бүсэд 40 гаруй өрхийн 133 иргэн амьдардаг. Нийтдээ 5 үхэрт шүлхийн ерөнхий шинж тэмдэг илэрсэн учраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал болон бусад холбогдох албаныхныг байлцуулан устгалд оруулсан. Тухайн бүсээс мал амьтан гаргахгүйгээр хорио цээрийн дэглэм тогтоож, шаардагдах төсвийг дүүргийн Засаг даргын зүгээс шийдвэрлэн одоогийн байдлаар 69 хүн 45 техниктэйгээр ажиллаж байна. Иргэн н.Төмөрбаатар нь өнгөрсөн жил хийсэн вакцинд хамрагдсан 9 үхрийг Төв аймаг руу шилжүүлэн тэндээс 9 үхэр авчирсан нь шүлхий өвчний голомттой байсан бөгөөд үүнийгээ нуун дарагдуулсан хэргээр холбогдох байгууллагад шалгагдаж байгаа” хэмээлээ.

Нийслэлийн Онцгой комиссын гишүүн нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш “Тухайн голомтын буюу сэжигтэй болоод хязгаарлалтын бүсэд байгаа бүх малыг вакцинжуулсан. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд ариутгал халдваргүйтлын арга хэмжээ аваад байна. Хорио цээрийн дэглэмтэй хугацаанд тус газарт 3 удаагийн ариутгал халдваргүйтгэл угаалгын арга хэмжээ авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтын түвшинг өсгөх товлолт вакцин ирэх сарын 1-нээс хийгдэж эхэлнэ.
Энэ сарын 17-нд ОХУ-аас вакцин ирнэ. Вакцинжуулалтыг хугацаанд нь эхлүүлэхээр ажиллаж байна” гэв.

ШҮЛХИЙТЭЙ МАЛ ОРУУЛЖ ИРСЭН ИРГЭН,
АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг өглөө.

Шүлхийтэй мал тээвэрлэн оруулж ирсэн, хариуцлага алдсан иргэн, албан тушаалтнуудыг тогтоохоор нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байгаа. Шалгалтын хариуг ажлын тав хоногт гарган танилцуулж, хариуцлага алдсан иргэн болон албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд олон иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр мал болон гахайн аж ахуй эрхэлж байгаа аж. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг цэгцлэхийг тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд үүрэг болгов. Бусад дүүргийн удирдлагуудад ч өөрсдийн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй мал болон гахайн аж ахуй эрхлэгчдэд тавих хяналтаа сайжруулахыг энэ үеэр мөн анхаарууллаа.

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх захирамжийг хотын дарга өнгөрсөн онд гаргасан. Уг захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс мал бүхий иргэдийг суурьшуулах газар, худаг ус, цахилгаанд холбоход шаардагдах хөрөнгийг Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн сард бүрэн шийдвэрлэсэн байна. Тиймээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа малыг энэ оны тавдугаар сарын 1-н гэхэд нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо.

“Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд албан тушаал, эрх мэдэл, унаа тэрэг бүгд бэлэн байгаа. Тиймээс шүлхий гарсны дараа сандрахаас өмнө урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ бол 1.3 сая гаруй иргэний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тиймээс энэ оны тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн хориглосон бүсэд байгаа малыг нүүлгэн шилжүүлээгүй бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн МХГ, Мал эмнэлгийн газар, ОБГ-ын удирдлагууд бүгд хариуцлага хүлээх болно” гэдгийг хотын дарга онцгойлон анхаарууллаа.

“ХҮЧИТ ШОНХОР” ЗАХЫГ ЭНЭ ОНД БАГТААН ХААХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

Түүнчлэн хотын дарга нийслэлд малын гаралтай бүтээгдэхүүн ил задгай борлуулдаг захуудыг цэгцлэх, “Хүчит шонхор” захыг хаах ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг үүрэг болгов. Нийслэлийнхээ хойморт малын гаралтай бүтээгдэхүүн ил задгай борлуулаад сууж болохгүй. Бид хэдий болтол иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлаар дэнчин тавьж суух вэ. Цаашид Улаанбаатар хотын хоёр захад мал, малын гаралтай бүтээгдэхүүн борлуулах орчин үеийн стандартын шаардлага хангасан зах байгуулах болно гэв. Үйлдвэрийн бус аргаар боловсруулсан махыг цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн зэрэг байгууллагад нийлүүлэхгүй байх, улмаар 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулаагүй махыг боловсрол, эрүүл мэндийн байгууллага, нийтийн хоолны газар нийлүүлэхийг хориглох аж.

Түүнчлэн аймгуудаас Улаанбаатар хотод нэвтэрдэг албан бус буюу хулгайн замыг хаах, байнгын эргүүл, пост ажиллуулах санал боловсруулах, энэ оны наймдугаар сарын 1-н гэхэд орчин үеийн стандартын шаардлага хангасан ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулахыг мөн үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт” үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Амарбатыг сэжигтнээр баривчилсан

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өчигдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг бичиг баримттай холбогдох хэрэгт, Оюутолгойн гэрээ болон эрхзүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр татаж, хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаа явагдсан. Дээрх хэргүүд дээр АТГ-аас цаашид үргэлжлүүлэн яллагдагчаар татах шаардлагатай гэж прокурорт яллагдагчаар татах санал ирүүлээд байна. Үүнээс гадна Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэгт холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Амарбатыг мөн сэжигтнээр баривчилсан. АТГ-аас мөн л цаашид яллагдагчаар татаж шалгах саналаа Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн. Прокуророос хэргийн материалтай танилцаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох тухай нэмэлтийг Эрүүгийн хуульд оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийв

Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох тухай нэмэлтийг Эрүүгийн хуульд оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж, энэ сард эхлэх УИХ-ын Хаврын чуулганд өргөн барихаар болсон юм.

Энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ХҮНИЙ ЭРХИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Г.УЯНГА:

Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг газар авч байгаатай холбогдуулан олон нийтийн шаардлага, эсэргүүцэл маш өндөр байна. Зөвхөн өнгөрсөн оны статистик мэдээллийг дурдахад, 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэд өртсөн байна. 1 нас 4 сартай, 1 нас 8 сартай хүүхэд хүчирхийлэлд өртсөн зэрэг сэтгэл сэртхийлгэм, аймшигт хэргүүд нийгмийг цочроож байна. Тиймээс иргэд дорвитой арга хэмжээ авахыг төр, засгаас шаардаж байна.

Өмнө нь буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн яам руу албан бичиг явуулж, үүндээ бага насны хүүхдийг хүчирхийлэх, энэ төрлийн гэмт хэрэгт оноох ялын асуудлаар байр, сууриа илэрхийлж саналаа явуулсан байдаг. Нийгмийг сэртхийлгэсэн, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргүүд газар авч байгаа тул хууль санаачлах эрхийнхээ хүрээнд асуудлыг судалж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд гэмт хэрэгтэнд цаазаар авах ял оноох хуулийн төслийг УИХ-д оруулж, батлуул гэдэг саналыг Засгийн газарт өгсөн. Гэвч, Хууль зүй, дотоод хэргийн яам Ерөнхийлөгчийн саналд албан ёсоор ямар нэг хариу ирүүлээгүй байна. Харин өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс олж харсан. Дүгнэлтээр цаазын ялыг сэргээх боломжгүй гэсэн юм шиг байна.

Монгол Улс 2010 оноос өмнө Эрүүгийн хуульдаа цаазаар авах ялыг зургаан төрлийн гэмт хэрэгт хэрэглэдэг байсан байна. 2010 оны нэгдүгээр сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, “Монгол Улс цаазын ялыг гүйцэтгэхгүй” гэсэн утгатай мэдэгдэл хийж, Монгол Улс “Иргэний болон улс төрийн эрхийн тухай” олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II Протоколд нэгдэн орсны улмаас энэ төрлийн ялыг хэрэглэхгүй байхаар зарласан.

Гэвч, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “…онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;” гэж заасан байгаа. Мөн Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулчихвал, олон улсын гэрээг Үндсэн хуульд заасанчлан дагаж, мөрдөхгүй байх боломжтой болох юм.

Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн гэмт хэргүүдэд хэрэглэх саналыг оруулах гэж байна. Өнөөдрөөс эхлээд санал асуулга явагдана.

Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хуулийн төслүүдэд олон нийтийн саналыг нэг сарын турш авч байхаар заасан. Олон нийтийг энэ санал асуулгад идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙН БОДЛОГЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХ Р.БУЛГАМАА:

Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд нийгмийн аливаа тулгамдсан асуудлын хүрээнд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж байдаг. Ялангуяа, бага насны, насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаагаас гадна энэ үйлдэл маш их харгис болж байна.

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус шинжтэй хэдий ч бид бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, амьд явах эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Тэдгээр хүүхдүүдэд ч гэсэн Хүний эрхийн тухай ойлголт зүй ёсоор хамаарах ёстой. Тийм учраас хүчиндэх гэмт хэргийн санкцыг чангатгах, бүх насаар нь хорих арга хэмжээг хуульд нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэмж тусгуулах нь зөв гэдэг саналыг тавьж байгаа.

Гэхдээ цаазын ялыг сэргээхдээ зөвхөн нэг төрлөөр буюу монгол хүний зан заншил, ёс суртахуунд нийцэмгүй жигшүүрт үйлдэл гаргаж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэж, амь насыг нь хороож байгаа үйлдэлд нь хууль зүйн хариуцлагыг нь чангатгах үүднээс энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа.

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“SBN” телевиз Д.Мягмартогтох: Монгол Улс цаазын ялгүй оронд тооцогдож байна. Энэ асуудлаа олон улсад зарласан бөгөөд аливаа тусламж дэмжлэг авахад энэ статус шалгуур болдог. Хоёрдугаарт, цаазын ялыг буцаах боломжгүй байдаг. Хэн нэгнийг гүтгээд цаазаар авах вий гэх болгоомжлол мөн нийгэмд байна. Эдгээр эрсдэлийг хэрхэн тооцож байгаа вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга: Цаазын ялыг тодорхой гэмт хэргүүд дээр хэрэглэхээр зүйлчилж байгаа. Бага насны хүүхэд хүчирхийлсэн болон амь насыг нь хохироосон гэдэг бол тодорхой баримттайгаар нотлогдох хэрэг. Түүнээс улс төрийн хэрэгтэнд энэ ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, цаазын ялгүй гэсэн статусаас хамаарч зээл, тусламж олгодог, цаазын ялыг сэргээвэл олон улсын байгууллагууд зээл, тусламж өгөхөө зогсооно гэсэн тодорхой баримт надад алга. Энэ талаар би мэдэхгүй байна. Гэхдээ зээл, тусламж нь монголчуудын амьдралыг шийдэх үндсэн асуудал биш. Бид эх орондоо айдасгүй, аюулгүй амьдрах нь чухал. Зээл, тусламжийн асуудлыг бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хөнөөх асуудалтай шууд холбож ойлгож болохгүй байх.

-“ЕTV телевиз Д.Алтанхүү: Парламент хуулийн төслийг дэмжихгүй бол дараагийн алхам юу байх вэ. Хоёрдугаарт, цаазын ялтай байлаа гээд энэ төрлийн гэмт хэрэг буурах суудалгаа байгаа юу?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга: Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа оруулж, түүнийг нь УИХ-ын олонх дэмжвэл батлагдана. Ерөнхийлөгч арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яам руу явуулсан бичигтээ хэд, хэдэн хувилбаруудыг судалж, УИХ-д оруулах санал хүргүүлсэн. Ийм олноороо бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж, амь нас нь хохирч байгаа үйлдлийг зүгээр хараад сууж болохгүй, ямар нэгэн шийдэл гарц хэрэгтэй гэж үзсэн хэрэг. Харамсалтай нь, дөрвөн сарын хугацаанд Засгийн газраас ямар нэг арга хэмжээ авсангүй. Ер нь бол бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа, тэр нь улам олширч байгаа асуудлыг шийдэх, бууруулах нь төрийн үүрэг мөн. Ерөнхийлөгчийн саналд цаазаар авах ялыг хэрэглэх, эсвэл Европын зарим оронд хэрэглэдэг шиг хөнгөлөх ялыг хэрэглэж болох юм гэдэг хэд, хэдэн хувилбар тусгагдсан.

Өмнө нь Монгол Улс цаазаар авах ялыг хоёр удаа халж байсан. Харамсалтай аль, аль тохиолдолд нь цаазын ялыг сэргээн хэрэглэхээс өөр аргагүй болж байсан байна. Жишээ нь, 1953 оны наймдугаар сарын 5-нд Ардын Их хурал “Алах ялыг өөрчлөх тухай” 96-р зарлиг гаргаж, энх тайван цагт алах ялыг хойшид хэрэглэхгүй гэж үзсэн ч эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, онц хүнд, ноцтой, харгис гэмт хэрэг нэмэгдсэн байна. Ингээд ердөө 10 сарын дараа буюу 1954 оны зургадугаар сарын 9-ний өдөр Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 67-р зарлигаар Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай егүүтгэсэн гэмт хэрэгт буудан алах ял хэрэглэж байхаар тогтон, цаазын ялыг сэргээж байсан байна. Ер нь бол эрүүгийн нөхцөл байдал эрс хүндэрсэн ийм үед, тэр тусмаа бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тоо нэмэгдэж тул төр гарцаагүй арга хэмжээ авах ёстой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ-ын бүртгэл дуусахад 15 хоног үлдлээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ны оройн 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө. Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.

ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

Categories
мэдээ спорт

“Чингис мастер кросс” уралдааны аваргаар Л.Ариунболд тодорчээ

Монголын Авто Мастеруудын Холбооны “Чингис мастер кросс-2018” уралдаан Дархан хотын уугуул УИХ-ын гишүүн асан Мишигийн Чимэдцэрэнгийн нэрэмжит болон 20 дахь удаагаа амжилттай зохиогдлоо. Дархан хотноо болсон уг уралдаанд Монголын мастер кросс ангиллын 45 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцсон байна.

\Тамирчид урьдчилсан дөрвөн гараанд өрсөлдөж түрүүлсэн тамирчид нь хагас шигшээгийн хоёр гараанд уралдсан. Улмаар хагас шигшээд тэргүүлсэн тамирчид шигшээ уралдаанд хурд самбаагаа сорьж “Чингис мастер кросс-2018” уралдааны аваргаар Спортын мастер Л.Ариунболд тодорчээ. Дэд байрт Олон Улсын Хэмжээний Мастер Д.Болдбаатар, гуравдугаар байрт Спортын мастер Х.Улам-Өрнөх орсон.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Дэлхийн банкны Хөгжлийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын ерөнхий захирал Дипак Мишра Монгол Улсыг хариуцан шинээр томилогдсонтойгоо холбогдуулан эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох, санал солилцох зорилгоор уулзах хүсэлт гаргасан байна.

Уулзалтын үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал болон барьж буй бодлого, цаашдын чиг баримжааны талаар өргөн хүрээтэй мэдээлэл өгсөн. Тухайлбал, УИХ-аас эдийн засгийг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар өгсөн мэдээлэлдээ 2018 оны төсвийн алдагдлыг найман хувьтай баталсан, 2017 оны төсвийн орлого давж биелсэн, эдийн засаг өсөлттэй гарсан, банкны салбарын суурь хуулиудыг шинэчлэн баталсан хийгээд ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар танилцууллаа.

Мөн урт хугацаатай, хүү багатай хөгжлийн зээлээр санхүүжих төсөл, хөтөлбөр болон эдийн засагт хувь нэмрээ оруулах томоохон төслүүдийн санхүүжилтийн талаар мэдээлэл өгч, мэдээлэлтэй холбогдуулан Дэлхийн банкны Хөгжлийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын ерөнхий захирал Дипак Мишрагийн тавьсан асуултад хариулан, санал солилцсон юм.

Энэ үеэр ноён Дипак Мишра Дэлхийн банкнаас улс орнуудад зээл, санхүүжилт олгохдоо дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хэмжээг чухалчлан үздэгийг тэмдэглэж, өрийн хэмжээг зохистой түвшинд барих талаар саналаа хэлэв.

Уулзалтын төгсгөлд Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Жэймс Андерсон ирэх дөрвөн жилийн стратегийн баримт бичгээ боловсруулж буйтайгаа холбогдуулан аль салбарт дэмжлэг шаардлагатайг тодруулсны дагуу Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч, хувийн хэвшлийн сайн төслүүдийг дэмжиж хөрөнгө оруулах хүсэлт тавилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авна гэв

ЗурагХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 50-р өргөрөгөөс урагш зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах ажлын хэсэг байгуулахыг аймгийн Засаг дарга Л.Ганболдод үүрэг болголоо.

Тус аймаг 50 дугаар өргөрөгөөс хойш газар нутгийг аймгийн ИТХ-ын 2009 оны хуралдаанаар орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилээр авч, 2014 онд үргэлжлүүлэн 25 жилийн хугацаатай сунгасан байна. Цаашид эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50-р өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авахаар төлөвлөж байна.
50 дугаар өргөрөгөөс өмнөх аймгийн газар нутгийн байгалийн өвөрмөц тогтоц, ховор амьтан, ургамлын экологийн хувьд чухал ач холбогдол бүхий судалгааг ажлын хэсэг байгуулан, үр дүнг тооцон орон нутгийн хамгаалалтад авах саналаа энэ сарын 20-нд болох ээлжит бус VII хуралдаанд өргөн мэдүүлэх ажээ.
Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхдийн номын ертөнцөөр аялцгаая

Монголд “Хүүхдийн төв номын сан” үүссэний арван таван жилийн ой, дэлхийн хүүхдийн зохиолч Х.К.Андерсений мэндэлсний 203 жил олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. Энэ жил “Хүүхдийн төв номын сан” Монгол өв соёлоо таниулан суртчлах зорилгоор биет болон биет бус өвийн уламжлал болох морин хуур хөгжим, ардын аман зохиолоос дээжлэн хүргэх юм. Үүнд:

-Морин хуур хөгжмийн тухай “Хөхөө Намжилын домог”-ийг “Домог” хамтлагийн ахлагч СТА Б.Бат-Орших хуурдаж сонирхуулна.

-Монголын радиогийн хүүхэд залуучуудын редакцийн редактор Л.Мэндээхүү Монголын радиогийн “Үлгэрийн цаг”-ийг хэрхэн хөтлөн явуулдаг, үлгэрийн соёл, зан заншил, танин мэдэх, уламжлан хөгжүүлэх болон хүмүүжил, түүх, хэлзүйн зэрэг олон ач холбогдлыг тайлбарлан таниулна.

-“Шинэ Монгол” сургуулийн драмын дугуйлангийн багш, жүжигчин Б.Баттогтох хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад “Могжоохон даагатай Жогжоохон хүү” үлгэрийг уншиж сонирхуулна.

-Хүүхдийн зохиолчид хүрэлцэн ирж шүлэг, уран бүтээлийн дээжээсээ уншиж өгнө.

-“Маамуу” зохион бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийн шагналыг гардуулах юм байна.