Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагссан эмэгтэйчүүдийн төлөөллийг УИХ-ын дарга хүлээн авч уулзлаа

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулсан залуу ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөллийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2018.04.03) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад хүрэлцэн ирсэн О.Анхмаа, А.Амаржаргал, О.Бодьханд нар “Сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдэгдсэн хүчингийн гэмт хэргийн тоо өссөн байна. Түүний дотор хүүхдийн эсрэг хүчингийн гэмт хэрэг 46 хувь эзлэх болсонд ихээхэн сэтгэл эмзэглэж байна” гээд, энэ асуудалд УИХ-ын дарга та анхаарлаа хандуулж, Эрүүгийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах бидний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.

Тэдний зохион байгуулсан тайван жагсаалд Улаанбаатар хотын 20000 орчим иргэн оролцож, Эрүүгийн хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж 15590 хүн гарын үсгээ зурсан байна.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл “Бид цаазын ялыг сэргээхийг дэмжихгүй байгаа. Харин бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих болон өршөөл, уучлалд хамруулдаггүй байхыг хүсэж байна гээд, энэ жагсаалыг зөвхөн төрд дуу хоолойгоо хүргэхээс гадна Монгол Улсын иргэн бүрт хандаж зохион байгуулсан юм, уриалгыг монгол хүн бүр хүлээж аваасай гэж хүсч байна” гэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд тайван жагсаал зохион байгуулж, сэтгэл зовоосон эмзэг асуудлаар чухал санаачилга гаргасныг сайшаагаад, тавьж буй саналуудыг хувь хүнийхээ хувьд дэмжиж байна. Холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хууль, журмын хүрээнд аль болох олон талаас нь судалж, шуурхай шийдвэрлэнэ гэлээ.

Тэд санал болгож буй төсөлдөө Нэгдүгээрт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.4-т “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эхсүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасныг өөрчилж “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэх,

Хоёрдугаарт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14.2-т “Энэ хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй” гэх заалтад бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг гэж нэмэх

Гуравдугаарт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.5-д Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн” гэх заалтын мөнгөн торгуулийг халж, зөвхөн биеэр эдлэх ял болгон өөрчлөх, хохирогчийн насны хязгаарыг олон улсын жишгээр 16-18 нас болгон өөрчлөх саналыг дэвшүүлжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулахад хороодын дарга нар чухал үүрэг гүйцэтгэнэ

Нийслэлийн дүүргүүдийн хорооны Засаг дарга нартай хийх уулзалтаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд Чингэлтэй дүүргээс эхлүүллээ. Уулзалтын эхэнд тэрээр“ Өнгөрсөн онд хотын даргын хувьд 152 хорооны дарга нартайгаа Соёлын төв өргөөнд нэгдсэн уулзалт хийж, үүрэг даалгавар өгсөн. Энэ удаагийн уулзалтыг ч дүүрэг тус бүрээр хийх шийдэлд хүрсэн. Учир нь дүүрэг, хороо бүрт өөр өөрийн гэсэн онцлог, тулгамдсан асуудал, өрнөх бүтээн байгуулалт бий. Тиймээс хотынхоо хойморь, хийморь болсон Чингэлтэй дүүргийн хорооны дарга нартай 2018 оны эхний уулзалтаа хийж байна” гэлээ.

Түүнчлэн “Нийслэлийн ажил гэдэг зөвхөн хотын дарга гэдэг хүнээс хамаарахгүй. Энэ дүүрэг хороод гээд бүх шатны Засаг дарга нараас хамааралтай. Тэгэхээр та бид амь нэгтэй юм. Гаргасан шийдвэрийн хэрэгжилт иргэдэд хэрхэн хүрсэн болон шийдвэрлэлт ямар төвшинд байна вэ гэдэг хороодын Засаг дарга нараас хамаарна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр нэг мөр хэрэгжих эсэх нь мөн та бүгдээс хамааралтай. Бид бүгдээрээ Монгол Улсын төрийн төлөөлөгч болж ажилладаг. Монгол Улсын төр, Засгийн газрын гаргасан шийдвэрийг бид хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс. Тиймээс төрийн анхан шатны нэгжид ажиллаж байгаа хороодын дарга нарын ажлыг сайжруулах, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс нийслэлийн агентлаг, хэлтэс , газрын дарга нар хороодод ажиллаж байна. Ингэснээр ч бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Төрийн төлөөлөгчийн чиг үүргийг хүлээж байгаа албан тушаалтаны хувьд УИХ, Засгийн газар, Нийслэлээс гаргасан бодлого шийдвэр, хуулийг та бүхэн ягштал хэрэгжүүлэх нь чухал юм. Тухайлбал Монгол Улсын УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тогтоол гарсан. Засгийн газраас шийдвэрээ гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд хорооны Засаг дарга нар манлайлан оролцож, түүхий нүүрсний хэрэглээг багасгах, сайжруулсан түлшээр хангах, шинэ технологи нэвтрүүлэхэд иргэндээ дэм болж зөвлөмж өгч, хамтын хүчээр агаарын бохирдолыг бууруулах учиртай. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр хэрэгжинэ. Хэрэгжилтийг хангахын тулд хяналтыг сайжруулах нь та бидний хамтын ажиллагаанаас хамаарна. Дэлхийн томоохон хотуудын агаарын бохирдлоос салсан түүх нь хяналтын тогтолцоо юм. Маш сайн хяналт, иргэдэд өгөх мэдээлэл, ухуулга явуулж байх шаардлагатай. Хэрвээ түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон өдрөөс хойш зөрчсөн аж ахуй нэгж, иргэн албан байгууллагуудад хариуцлага тооцно. Тэгэхээр хяналтаа сайжруулахад бид хамтарч ажиллана. Тиймээс энэ ажилд та бүхний оролцоо үүрэг нэн чухал. Бид нэг баг болж ажиллах хэрэгтэй” гэлээ.

Монгол Улсын засгийн газраас энэ оны “ Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан төрийн анхан шатны нэгжид сахилга, хариуцлагыг чангатгах талаар болон Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, гэр хороололд баригдах “Сервис центр” төслийн талаар , агаарын бохирдолыг бууруулахад хорооны даргын үүрэг оролцооны тухай мэргэжлийн агентлагууд , Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл өгч, сургалт хийлээ. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон холбогдох агентлагийн удирдлага оролцлоо.

Чингэлтэй дүүрэг засаг захиргааны 19 нэгж хороотой. Үүний зургаан хороо төвийн, 16 хороо гэр хорооллыг хамаардаг байна. Нийслэлд нийт гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бол ялгарч байгаа утаа агаарын бохирдлыг 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм. Түүхий нүүрсний оронд хэрэглэх шахмал түлшний хэрэгцээг 600 мянган тонн байхаар бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Түүхий нүүрсийг шахмал түлшээр орлуулснаар агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Хотын дарга бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр есөн дүүргийн Засаг даргын орлогч, хот тохижилт нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтэн болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 21 тохижилт үйлчилгээний компанийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар энэ сарын 14-нд нийслэлийн хэмжээнд өрнөх “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах талаар ярилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өгөв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хотоо өнгө үзэмжтэй байлгахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо маш чухал. Хотыг цэвэрлэх нь хот тохижилтын газар хийдэг ажил гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй. Нийслэлд ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, оршин суугч иргэн бүхэн хотынхоо өнгө үзэмжийн төлөө өөрийнхөө амьдрах орчныг сайжруулхын тулд хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй. Энэ жилийн их цэвэрлэгээний гол зорилго үүнд чиглэх байх гэдэгт найдаж байна. “Би энд хог тарих ёстой хэн нэгэн хүн ирээд үүнийг цэвэрлэж байх ёстой” гэсэн сэтгэлгээгээр хандаж болохгүй. Нийслэлчүүдийн дунд эерэг хандлагыг бий болгох үүднээс мэдээлэл сурталчилгааны зүйлийг сайн хийж байгаа. Иргэд ялангуяа хотын соёлыг нэвтрүүлэх, нийслэл хотод амьдрахын тулд ямар байх хэрэгтэй вэ гэдэг ухагдахууныг мэдсэн байх шаардлагатай шүү дээ. Ядаж л иргэд гудамжинд шүлсээ, хогоо хаяхгүй байх энгийн зуршлыг өөртөө бий болгох нь зүйтэй юм. Энэ жилийн их цэвэрлэгээний ажилд бүх аж ахуйн нэгж байгууллага өөрийнхөө орчин тойрныг өнгө үзэмжтэй, хаяг аадарсыг солих, цонх хаалгаа угаах зэрэг энгийн зүйлээс эхэлж хамтран оролцоосой гэж бид хүсч байгаа юм. Мэдээж хот тохижилтын газрууд өөрийн гэсэн үүрэг даалгаврын дагуу ажиллана. Хотын тохижилт хог хаягдлын менежментийн хүрээнд хувийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгийг хог хаягдлыг зөөх тээвэрлэх, устгах, хот тохижилтыгн ажилд зориулдаг. Энэ жилийн хот тохижилтын ажлын хүрээнд бичил цэцэрлэгүүдийг бий болгох талд гол анхаарлаа хандуулж байна. 12 байршилд бичил цэцэрлэг бий болгох төлөвлөгөөтэй байгаа. Энэ зун цаг агаарын хуурайшилттай холбогдуулан усан оргилууруудыг бүрэн хүчээр нь ажиллуулах болно. Хотын гудамжуудыг чийгшүүлэх зорилготойгоор усаар цэвэрлэх тоног төхөөрөмж ажиллуулахаар төлөвлөж байна. Ногоон байгууламжийн хувьд өнгөрсөн жилд Энхтайваны өргөн чөлөөг бүхэлд нь тохижуулсан. Энэ жил Бага тойрууд илүү анхаарлаа хандуулж ажиллана” хэмээн онцоллоо.

Уулзалтын төгсгөлд хотын дарга нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн гаднах хаяг рекламыг солих, хотын гудамжны гэрэлтүүлгийг 98 хувьд хүргэх, нийтийн эзэмшлийн зам талбайн хашаа, хайс, сандал, хогийн савны өнгө үзэмж, тоо хэмжээг нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Хэрэв үүрэг даалгаврыг биелүүлээгүй аж ахуйн нэгж, хамтран ажиллагч байгууллага гарвал гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын албан ёсны нээлт Сонгинохайрхан дүүрэгт боллоо

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар дунд сургууль дээр өнөөдөр “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын албан ёсны нээлт боллоо.

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилготой “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын нээлтэнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Өнгөрөгч нэгдүгээр сард зохион байгуулагдсан тус сургалтанд Чингэлтэй дүүргийн 50, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирал, сургалтын арга зүйч, нийгмийн ажилтан, багш зэрэг нийт 120 хүнийг хамруулсан байна.

Өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалт энэ сарын 5-ныг дуустал үргэлжлэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 700 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч хамрагдах ажээ. Сургалтын хүрээнд бага ангийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Амны хөндийн эрүүл мэнд“ гарын авлагыг танилцуулж, багш нарын мэдлэг туршлагыг сайжруулахаас гадна тэднээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл зөвлөмж хүргэхээр зорьжээ. Цаашид энэхүү сургалт бусад дүүргийн хэмжээнд ч мөн үргэлжлэх юм байна.

Дашрамд дуулгахад, манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч буй бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтанд Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байна. Мөн нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ЕБС-ийн бага ангийн хүүхдийн дунд шүд цоорох өвчин, цоорлын эрчмийн үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо) нь ДЭМБ-ын гаргасан шалгуураар “МАШ ӨНДӨР” ангилалд хүртлээ өсчээ.

ЭМЯ-аас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургуультай хамтран хүн амын, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаархи сургалт сурталчилгааг насны онцлогт тохируулан тасралтгүй, цэгцтэй явуулах, амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” гарын авлагыг хэвлүүлж, багш нараар дамжуулан сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт үе шаттайгаар сургалт хийсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасан бөгөөд уг ажлын хүрээнд бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах асуудалд ихээхэн анхаарч, сургалт сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.

Түүнчлэн АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургуулиас ЕБС-ийн бага ангийн багш нарт зориулсан гарын авлагыг боловсруулж, “Гүүд нейборс” ТББ-ын дэмжлэгтэйгээр 4000 ширхэгийг хэвлүүлж тараажээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхбаяр: Бүх насаар нь хорих ял үнэндээ амьдын там юм шүү дээ

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.


-Төрийн тэргүүн цаазын ялыг сэргээх асуудлаар дөрвөн сарын өмнө бусад оронд хэрэгжиж буй хуулийн жишгийг харгалзан Хууль зүй, дотоод хэргийн яаманд саналаа хүргүүлсэн. Гэсэн ч яамны зүгээс албан ёсоор хариу ирүүлээгүй гэж мэдэгдсэн. Цаазын ялыг сэргээх тал дээр танай яамны барьж буй бодлого ямар байгаа бол?

-Цаазаар авах ялыг сэргээх асуудал яригдвал Үндсэн хуульд заагдсан хууль санаачилах онцгой бүрэн эрхтэй Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар гэсэн гурван этгээдийн хүрээнд хөндөгдөнө. Албан ёсоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хууль санаачилах хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор санал ирээгүй.

-Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид гэж хаяглаад санал илгээж байсныг нь санаж байна л даа…

-Монгол Улсын Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газрын санал дүгнэлт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж нэгдсэн байр сууриар илэрхийлэгддэг.

-Ерөнхийлөгчөөс ирүүлсэн бичиг нь ямар утга агуулгатай байсан юм бол?

-Засгийн газрын нэг гишүүнд “Энэ асуудлыг судалж үзээч ээ” гэдэг санал ирсэн. Үүний дагуу манай яаманд сайдын тушаалаар миний бие ахалж ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлтээ гаргасан.

-Ажлын хэсэг ямар дүгнэлтэд хүрсэн бэ. Цаазын ялыг сэргээх нь зөв гэсэн үү, буруу гэсэн үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор санал ирүүлсэн учраас Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Гадаад харилцааны яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, МУИС-ийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн хүрээ хязгаар өмнө нь буюу манай улс цаазаар авах ялын тухайд ямар ямар эрх зүйн зохицуулалттай байсан. Цаазаар авах ялыг халсан асуудал хууль эрх зүйн хүрээнд ямар дэг процессыг дамжиж шийдвэрлэгдсэн, Олон улсын гэрээ эрх зүйн талаасаа манай улсын нэгдэн орсон, соёрхон баталсан иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын хоёрдугаар нэмэлт протколоос Монгол Улс гарах хууль эрх зүйн боломж байна уу гэдэг дээр эрх зүйн дүгнэлт өгсөн.

Түүнээс биш цаазаар авах ял зөв, буруу эсэх, байх ёстой болон байх ёсгүй талаар улс төрийн ямарваа нэгэн дүгнэлт гаргаагүй. Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр гарсан дүгнэлт бол Олон улсын нэгдэн орсон гэрээнээс гарч болох уу, үгүй юу, гарах тохиолдол болон гарахгүй байх тохиолдолд олон улсын пактын ямар хүрээнд байна вэ гэдэгт эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгсөн.

-Дүгнэлт нь юу гэж гарсан юм бэ. Цаазаар авах ялыг сэргээхийн тулд энэ гэрээ конвенциос гарах шаардлага гарч таарах байх. Тийм боломж байгаа юм уу?

-Үүнийг ярихын тулд өмнө нь нэлээд хэдэн олон улсын гэрээтэй холбоотой зохицуулалтыг ярих ёстой. Манай улс хүний эрхийн чиглэлийн олон улсын есөн гэрээ конвенцид нэгдэн орсон байдаг. Мөн энэхүү есөн гэрээний есөн нэмэлт протоколд нэгдэн орсон л доо. Манай улс хүний эрхийн чиглэлд олон улсын нийт 18 гэрээ, конвенцид нэгдэн орох буюу соёрхон баталсан. Цаазаар авах ялыг халахтай холбоотойгоор НҮБ иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколыг 1989 онд батлаад, 1991 онд уг протокол хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэхүү нэмэлт протоколд өнөөдрийн байдлаар дэлхийн 85 улс орон нэгдэн орсон бол 38 улс гарын үсгээ зурсан. Манай улс үүнд нэгдэн орсон 72 дахь улс. Уг асуудал 2012 оны нэгдүгээр сард УИХ-аар иргэний болон улс төрийн олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколийг соёрхон батлах тухай хууль батлан гаргасан. Ингэж байж Монгол Улс албан ёсоор нэгдэн орсон. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг халж, хуулиа баталсан. Ингэснээр дефакто буюу бодит байдал дээрээ цаазын ялыг хууль тогтоомжоосоо бүрэн халсан улсын бүртгэлд орсон. Олон улсын гэрээнд нэгдэх болон гарахтай холбоотой асуудлыг Венийн конвенциор зохицуулсан байдаг. Манай улс Венийн конвецид нэгдэн орсон. Энэ конвенцийн 54 дүгээр зүйлд гэрээг зогсоох буюу гарах асуудлыг зохицуулсан байдаг. Мөн Венийн конвенцийн 54 дүгээр зүйлийн Б-д нэгдэн орсон гэрээний конвенциос гарах вэ гэдгийг зохицуулсан. Уг зохицуулалтаар тухайн нэгдэн орсон протоколд тусгайлан заасан бол зохицуулахаар шийдвэрлэсэн.

Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколд тухайн нэгдэн орсон улс уг гэрээ конвенциос гарах тухай заалт байдаггүй. Өөрөөр хэлбэл, нэгдэн орсон гэрээнээсээ гарах тохиолдолд яах вэ гэдэг харилцаа бүхэлдээ байдаггүй гэсэн үг. Тэр утгаараа ажлын хэсгийн хүрээнд бусад орны тухайд ийм нөхцөл байдал үүсвэл хэрхэн шийдвэрлэдэг юм бол гэдэг асуудлыг судалж үзсэн. Ийм тохиолдолд гарах асуудлыг зохицуулсан гэрээ конвенци байдаггүй учраас хууль баталж юм уу, дангаараа гарах боломжгүй. Монгол Улс дангаараа уг гэрээнээс гарах, цуцлах, соёрхон батлах гэрээнд нэгдэн орсон олон улсын гэрээг хүчингүй болгох, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээсээ татгалзах, гарах боломжгүй гэдэг дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан.

Монгол Улс Үндсэн хуулиараа цаазаар авах ялыг хууль тогтоомжоороо зохицуулж болно гэсэн заалттай. Нөгөө талаараа манай улс олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ, олон улсын гэрээ манай хууль хоёр зөрчилдсөн тохиолдолд олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэсэн Үндсэн хуулийн зохицуулалт байдаг. Тэр утгаараа Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг тусгах нөхцөлд олон улсын нэгдэн орсон гэрээ үндэсний хууль тогтоомжоос давж үйлчилнэ гэдэг дүгнэлт гарсан.

Цаазаар авах ялыг сэргээх нь манай улсын олон улсад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс няцсан, хүний эрхийг хамгаалах чиглэлд гаргасан дэвшлээсээ ухарсан алхам болох бөгөөд Монгол Улсын олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлж, дотоод болон гадаад бодлого тогтворгүй гэдэг ойлголтыг баталгаажуулж, Монгол Улсад итгэх итгэл буурахаас гадна, НҮБ, Европын холбоо зэрэг байгууллагаас эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаанд нөлөөлөх хориг арга хэмжээг авах сөрөг үр дагавартай гэдэг дүгнэлтийг гаргасан.

Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүний 2016-2018 оны сонгуульд амжилттай оролцсон. 2015 оны арванхоёрдугаар сард болсон сонгуульд НҮБ-ын байгууллагын гишүүн 174 орон манай улсад саналаа өгч энэхүү нэр хүндтэй хариуцлагатай үүргийг хүлээсэн. Монгол Улсын нэр хүнд НҮБ, олон улсын байгууллагын хүрээнд сонгуульт үүрэг хүлээсэн үүргийн бодлого, чиглэлд сөргөөр нөлөөлж эдгээр байгууллагаас анхааруулах шахалт ихээр ирж хүний эрхийн гэрээний хэрэгжилтэд шүүмжлэл авч манай улсын үнэлгээ буурахаар байна гэж мөн дүгнэсэн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1-т эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж ялын зорилгыг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх үндсэн зорилготой. Алах ялын тухайд энэ гурван зорилго ялынхаа үндсэн зорилгыг бүрэн хангаж чадах боломжгүй гэж ойлгож байгаа. Нэгэнт амь насыг нь тасдаж буй хүнийг хүмүүжүүлэх асуудал яригдахгүй нь ойлгомжтой. Урьдчилан сэргийлэх утга ч мөн яригдахгүй. Цаазаар авах ял байснаар тухайн төрлийн гэмт хэргийн үзүүлэлт буурдаг гэх ойлголт олон улсад ч манай улсад ч байдаггүй.

Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн улмаас амь насаа алдсан бол одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар бүх насаар нь хорих ял шийтгэлтэй. Бүх насаар нь хорих ял шийтгэл бол тухайн хүндээ маш хатуу ял шийтгэл байдаг. Өнгөрсөн хугацаанд ийм байдлаар хорих ял шийтгэгдсэн хүмүүсээс амьд гарч ирсэн хүн байдаггүй. Бүх насаар нь хорих ял үнэндээ амьдын там юм шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачилах онцгой бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж байгаа. Албан ёсоор хуулийн төсөл хэлбэрээр орж ирвэл Засгийн газар албан ёсны дүгнэлтээ гаргаж өгөх байх.

-Ерөнхийлөгчийн зөвлөх мэдээлэл хийхдээ Үндсэн хуулийн 10.4-т Монгол Улс “Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж заасны дагуу цаазаар авах ялыг сэргээх хуулийн төсөл санаачилж байна гэсэн л дээ. Цаазын ялыг сэргээлээ гэхэд Европын холбооноос Монгол Улсад үзүүлэх хориг арга хэмжээ яг юу байх бол?

-Ерөнхийлөгч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цаазаар авах ялыг халах тухай саналыг манай яаманд хүргүүлсний дараа Европын холбоо энэ асуудлаар тусгайлсан мэдэгдэл гаргаж Монгол Улсад ирүүлсэн. Уг мэдэгдэлд цаазын ялыг халах аливаа санаачилгыг дэмжихгүй. Монгол Улсыг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүрэгтэйг сануулаад хэрэв энэ асуудлыг яривал Монгол Улстай байгуулсан гэрээнүүдийг эргэж харахаа албан ёсоор мэдэгдсэн. Тухайлбал, татварын хөнгөлөлтэй нөхцөлийн гэрээ юм. Энэ гэрээний үр шимийг хамгийн эхээр хүртэж буй хүмүүс манай малчид байгаа. Манай Үндэсний томоохон үйлдвэрлэгч Говь компани Европын холбооны зах зээлд татварын хөнгөлөлттэй нөхцөлийн дагуу үндэсний бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Ашиг орлого нь нэмэгдэж байна. Тэр утгаараа ноолуурын үнийн өсөлт тогтвортой, өсөлттэй, эрэлттэй байгаа нь үүнтэй холбоотой. Цаазын ялыг сэргээх асуудал нь улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн үр дагавартай гэдгийг шууд хэлмээр байна.

-Олон улсын гэрээ конвенци манай улсын дотоодын яг ямар хуулиудтай зөрчилдөж байгаа юм бол?

-Хууль зүйн хүчин чадлын эрэмбэ дараа гэж байдаг. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хууль хамгийн хүчтэй үйлчилнэ. Ямар ч олон улсын гэрээнээс илүү давж үйлчилнэ. Хэрэв давж үйлчлэхгүй бол тусгаар тогтносон улс гэдэг шинж үгүйсгэгдэнэ. Үндсэн хуультай байна гэдэг нь бие даасан тусгаар тогтносон, бие даасан улс гэдгээ нотолж буй хамгийн дээд улс төрийн эрх зүйн бичиг баримт. Үндсэн хуульд цаазаар авах ялын тухайд онц хүнд гэмт хэрэг дээр хуулиар хэрэглэж болно гэдэг эрхийг нээж өгсөн. Заавал хуулиар байна гээгүй, болно гэдэг сонголтыг зааж өгсөн байна. Хуульдаа байлгах эсэх нь хууль тогтоогчийн эрх мэдлийн асуудал. Манайх 2015 онд Эрүүгийн хууль тогтоомжоороо цаазаар авах ялыг халсан байна. Монгол Улс Үндсэн хуульд харшилсан гэрээг дагаж мөрдөхгүй гэдэг заалт байдаг. Сая хэлсэнчлэн иргэний болон олон улсын пактын нэмэлт протокол бол манай Үндсэн хуульд харшлаагүй гэдэг дүгнэлт гараад үүнийг соёрхон баталсан. Олон улсын гэрээ үндэсний хууль тогтоомжийн заалттай зөрчилдвөл олон улсын гэрээг дагаж мөрдөнө гээд Үндсэн хуульд мөн байгаа. Хүчин чадлын хувьд нэгдүгээрт, Үндсэн хууль, хоёрдугаарт, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, гуравдугаарт, үндэсний хууль тогтоомж гэдэг эрэмбэ бий.

Миний яриад байгаа дүгнэлт зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн яамны дүгнэлт гэж ойлгож болохгүй. Уг дүгнэлтийг гаргахад дээр хэлсэнчлэн Монгол Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, Гадаад харилцааны яам, Хуульчдын холбоо, эрдэмтэд гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 100 хувийн саналаар дүгнэлтээ гаргасан. Уг ажлын хэсэгт орсон байгууллагуудын төлөөлөл нь тухайн байгууллагынхаа байр суурийг илэрхийлж байгаа юм. Эдгээр байгууллагууд нэгдсэн байр суурьтайгаар нэгдсэн дүгнэлтийг гаргасан.


Categories
мэдээ улс-төр

Уругвай улсын гадаад хэргийн дэд сайд айлчлав

Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Бергамино тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 4 дүгээр сарын 1-3-нд Монгол Улсад айлчлав. Тэрбээр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.

Талууд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой 2017 онд тохиосныг онцлон тэмдэглээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, спорт, аялал жуулчлал зэрэг салбарт түлхүү хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов. Уругвайн тал хөдөө аж ахуйн салбар, ялангуяа экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүнийг дэмжих бодлого, эрх зүйн орчныг бий болгосон туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уругвайн төлөөлөгчдийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хүлээн авч уулзах үеэр айлын тал хөдөө аж ахуйн чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтарсан төлөөллийг Монгол руу ойрын хугацаанд ирүүлэхээ мэдэгдэхийн зэрэгцээ манай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг Уругвай Улсад айлчилж, тус улсад болох хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэн яармагт оролцохыг урив.

Уругвай Улс нь улс төрийн хувьд тогтвортой, эдийн засаг нь өндөр өсөлттэй байгаагийн зэрэгцээ хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбар өндөр хөгжсөн, төр, хувийн хэвшлийн түншлэлийн амжилттай хөгжүүлсэн зэрэг сайн туршлагатай орон юм. Тухайлбал, тус улс 12 сая үхэртэй, 7,7 сая хоньтой, дэлхийн үхрийн махны экспортын 4.8 хувийг эзэлдэг, 8 дахь том мах экспортлогч орон. Хөдөө аж ахуйн салбар Уругвайн нийт экспортын 60 гаруй хувийг эзэлдэг ба үхрийн махныхаа 70 хувийг хагас боловсруулсан ба хөлдөөсөн хэлбэрээр дэлхийн 100 гаруй оронд нийлүүлдэг аж. Уругвай нь малын гоц халдварт шүлхий өвчнөөс бүрэн ангижирсан, үхэр сүргийг 100% бүртгэлжүүлжээ. Бэлчээрийн мал аж ахуй, мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн экспортлох, экспортыг дэмжих нэгдсэн бодлогыг амжилттай хэрэгжүүлж иржээ.

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилан сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж чадсан Уругвай Улс эдүгээ нийт цахилгаан хэрэглээний 95 хувь, эрчим хүчний хэрэглээний 55 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс, тэр дундаа салхины эрчим хүчнээс гарган авч байна.

Айлчлалын үеэр Талууд хоёр орны ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрт тус тус гарын үсэг зурав. Ийнхүү манай улс Өмнөд Америкийн орнуудаас Аргентин, Бразил, Венесуэл, Колумби, Куба, Парагвай зэрэг улстай улс төрийн зөвлөлдөх уулзалт хийх байнгын механизмтай болж байгаа юм. Мөн манай улсын иргэд Бразил, Куба, Аргентин, Эквадор, Уругвай зэрэг улсад визгүй зорчих нөхцөлөөр хангагдаж байна.

Дэд Сайд А.Бергаминог Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч уулзаж, талууд энхийг сахиулах чиглэлд хамтран ажиллах хүрээнд хамтарсан цэргийн хээрийн сургууль хийх, батлан хамгаалах салбарын албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх, “Хааны эрэлд” олон улсын сургуулилтад уругвайн талыг оролцуулах, харилцан төлөөлөгч солилцох зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.

Уругвайн Гадаад хэргийн дэд сайдын Монголд хийж буй айлчлал нь манай хоёр орны найрсаг харилцааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байгаагаа хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.

Монгол, Уругвайн хооронд 1997 оны 10 дугаар сарын 7-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Уругвай нь 3,5 сая хүн амтай, томоохон хүнсний үйлдвэрлэгч орон төдийгүй сайн засаглал, эдийн засгийн эрх чөлөө, цахим засаглал, цахим оролцоогоор бүс нутаг болон дэлхийд тэргүүлэгч орны нэг болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн банкнаас 51.5 тэрбумыг нэхэмжилсэн Эдуард Сүрэнгийн шүүх хурал хойшлов

Холбоотой Зураг

“Алтжин” группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэхтэй Төрийн банкинд холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч түр хойшлуулав. Учир нь, уг хэрэгт холбогдсон “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ өмгөөлөгчөөр дамжуулж гаргасан тул шүүх хурлыг хойшлууллаа.

Шүүх хуралд Төрийн банкнаас 51.5 нэхэмжилж буй Эдуард Сүрэнгийн бие төлөөлөгч ирсэн бол хариуцагч талаас Төрийн банкны захирал Д.Баярсайхан ирсэн байлаа. Шүүх хурлыг Баянзкүрх дүүргийн ерөнхий шүүгч Амардэлгэр даргалсан юм.

Categories
мэдээ нийгэм

Экс ерөнхийлөгч Н.Багабандийн газар эзэмших эрхийг чөлөөлнө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх” тогтоолын дагуу экс ерөнхийлөгч Н.Багабандийн Залаатын ам дахь 0.4 га газар эзэмших эрхийг чөлөөлөхөөр болжээ. Өнгөрсөн сарын 29-нд гарсан уг тогтоолын дагуу Зайсангийн аманд гэрчилгээтэй 28 газрыг чөлөөлж, унаган төрхийг сэргээх үүргийг Богдхан уулын Дархан цаазат газар хүлээсэн байна.

Албан ёсны тоон мэдээллээр Зайсангийн аманд одоогоор 2170 газар эзэмших гэрчилгээ олгосон байгаа аж. Эдгээрээс төлбөрөө хийгээгүй 28 газрыг энэ сарын 15-наас 90 хоногийн дотор газраа чөлөөлөх тушаал хүргүүлжээ.

Салбарын сайдын тушаалаар 90 хоногийн хугацаанд газраа чөлөөлөх үүрэгтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн жагсаалтад Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн эзэмшлийн Богдхан уулын Залаатын аманд 0.4 га газар багтаж буйаж. Экс ерөнхийлөгч маань өөрийн эзэмшлийн газартаа үл хөдлөх хөрөнгө бариагүй, 2017, 2018 оны газрын төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр газраа чөлөөлөх жагсаалтанд орж буй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг тус бүр нэг сарын хугацаагаар цагдан хорихоор боллоо

С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан зурган илэрцүүд

2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр С.Баярцогт, Б.Ариунсан Б.Бямбасайхан нарыг тус бүр нэг сарын хугацаагаар цагдан хорихоор боллоо.
Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна

АН-н бүлэг зурган илэрцүүд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэхээс гадна цаг үеийн асуудлыг хэлэлцэх аж. Хаврын чуулганаар Хүн амын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 22 хуулийн төслийг хэлэлцэх тов гараад байгаа билээ.