Categories
мэдээ спорт

Пёнчан паралимпын тэмцээнүүд эхэллээ

pyeongchang paralympics зурган илэрцүүд

Өвлийн паралимпын түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан наадам /2018.03.09/ Өмнөд Солонгосын Пёнчан тосгонд нээлтээ хийлээ. Дэлхийн 48 улс, дээр нь Олон улсын паралимпын хорооны тугийн дор өрсөлдөх Оросын баг гээд нийт 567 тамирчин есөн өдрийн турш спортын зургаан төрөлд нийт 50 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол Улсаас пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд12 дахь удаагийн паралимпад эх орноо төлөөлж байгаа. Тэрбээр 2017 онд Германы Финстрау хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд есдүгээр байр эзэлж, Пёнчанд өрсөлдөх эрхээ авсан, паралимпын цасан замд цанын гурван төрөлд уралдана. Тодруулбал,Гуравдугаар сарын 12-нд цанын 20 км-ын уралдаанд, гуравдугаар сарын 14-нд цанын 10 км-ын уралдаанд, гуравдугаар сарын 17-нд цанын 1 км-ын уралдаанд тус тус хүч, хурд сорино. Б.Ганболд Олон улсын паралимпийн хорооноос гаргасан сүүлийн чансаагаар (2018.02.26) LW-6 ангилалд 55 тамирчнаас 23 дугаарт эрэмбэлэгдээд байна.

Паралимпын нээлтийн ёслол 106 сая ам.долларын өртөгтэй, 36 мянган хүний суудалтай Пёнчаны олимпийн цэнгэлдэхэд болсон. Цэнгэлдэх бүрэн дүүрсэнгүй, нийт суудлын гуравны хоёр орчим хувь нь эзэнтэй байв. Нээлтийн ёслолд солонгос үндэсний бүжиг, орчин цагийн хөгжим, гэрлийн шоу давамгайлжээ. Өнгөрсөн сард хаалтаа хийсэн олимпийн наадмаас ялгаатай нь Өмнөд ба Хойд Солонгосын тамирчид тус тусын улсын далбаан дор жагссан юм. Хойд Солонгосын талаас 18 хүний бүрэлдэхүүнтэй баг жагссан, гэхдээ тэдний хоёр нь л тамирчин ажээ. Тэд хоёул цанын гүйлтийн төрөлд өрсөлдөнө.

Тэмцээний хуваарь ёсоор /2018.03.10/ уулын цана, биатлон, тэргэнцэртэй кёрлинг, пара хоккейн тэмцээнүүд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Хатгааны вакцинд хүүхдээ сайн хамруулахыг анхааруулж байна

Зураг

Нийслэлийн бүх дүүргийн хоёр сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулж эхлээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтанд нийт 520 нярай хамрагджээ. Эхний тунг хоёр сартай, хоёр дахь тунг дөрвөн сартай, гурав дахь тунг есөн сартай хүүхдэд тус тус хийж байна.

Энэ онд 38,000 хүүхдийг гурван удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110,000 хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35,000 хүн/тунг хүлээж авсан, үлдэгдэл 75,000 хүн/тун вакциныг 2 дугаар улиралд багтаан авна. Вакцины зах зээлийн үнэ 1 хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар худалдан авч байна. Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтоно.

2019 онд улсын хэмжээнд 74,300 хүүхдийг 3 удаа дархлаажуулахад 202,700 хүн/ тун вакцин, дагалдах хэрэгсэл, тээврийн зардалд 2,069,000,000 төгрөг шаардлагатай байгаа гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

“Аюулгүй байдлын заавар буюу дарангуйлалд бэлдэх заавар”

Э.БАТ-ҮҮЛ БИЧИЖ БАЙНА

Э.Бат-Үү зурган илэрцүүд

Манай сонин Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Аюулгүй байдлын заавар буюу дарангуйлалд бэлдэх заавар” нийтлэлийн үргэлжлэлийг уншигч танд хүргэж байна.

Төрөлхийн хүчирхийллийн донтой хүмүүсийн онцлох шинж нь хүчирхийлэл үйлдэж таашаал авдаг. Ийм хүнийг “садист” хэмээн нэрлэдэг.

Энэ нь ямар нэгэн сэтгэцийн эмгэг өвчин бус. Жирийн хүн хөгжим сонсох, тэмцээн үзэх зэргээр таашаал авдаг бол харин садист этгээд бусдыг зовоох, тарчлаах зэргээр таашаал авна.

Хөвсгөлийн Мөрөнгийн хүрээ байсан газрын хажуухнаас 1000 гаруй лам нарын шарил, мөн Улаанбаатарын Тасганы овооны орчмоос бөөнөөр нь булсан лам нарын булш олдсон. Тэднийг хүнд юмаар цохих, хүзүүг нь мушгих зэргээр яргалан алж устгасан ул мөртэй байсан. Зүгээр буудчихаагүй.

Малталтаар гарч ирсэн орчны байдлыг шинжихэд “хөнөөж буй олон хүнийхээ цусанд согтсон аллагын найр” гэмээр явдал болсон мэт байлаа хэмээн түүхч М.Ринчин гуай ярьж билээ. Олон мянган хүнийг гардан “бой” хийж чадаж буй хүмүүс бол садистуудаас өөр хэн байх билээ.

Нацист Германы Аушвиц (польш нэр нь Освенцим) хэмээх хорих лагерьт 1,4 сая хүнийг хорт хийгээр хордуулах, галд шатаах зэргээр бөөнөөр устгасан. Устгалд хамгийн эхний ээлжинд өвчтэй хүн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд, хижээл эмэгтэйчүүд, сул жижиг биетэй эрчүүдийг хамруулдаг байж.

Хорих лагерийн комендант Рудолф Гёсс (Ru­dolf Hoess)-ийн дурссанаар, утаанд хордож, галд шатаж байгаа хүмүүсийн байр байдлыг СС-ийн цэргүүдтэй хамт “цонхоор, нүд цавчилгүй хардаг” байжээ. Садистууд л ингэж чадна.

Ардчилсан нийгэмд хүчирхийллийг гэмт хэрэг гэж тооцно. Ардчилсан нийгэмд хүчирхийлэгчид, садистууд гэмт хэрэгтний суудалд сууж хуулийн хариуцлагаа хүлээж ялтан болдог.

Гэтэл, аливаа дарангуйлсан нийгэмд хүчирхийлэл нь дарангуйллыг тогтоон барих үндсэн хэрэгсэл болдог тул садистуудын үйлдэл нь зүй ёсны болоод зогсохгүй тийм хүмүүс бүр “баатар” болдог.

Дарангуйлагч этгээд нь хувь хүн, бүлэглэл, эсхүл нэг нам хэн ч байлаа, өөрсдөө гардаж хүнийг хүчиндэж, тамлаж, тарчлааж явахгүй.

Дарангуйлагчид, эрх мэдэлд шунаснаас үүссэн олдмол хүчирхийлэх донтой. Тэд төрөлхийн хүчирхийлэх донтонгууд шиг хүн тамлаж таашаал авах гээгүй. Гэхдээ тэдэнд хүчирхийлэл хэрэгтэй. Тэгээд тэд, төрөлхийн хүчирхийлэх донтонгууд садистуудыг зорилгодоо ашиглахын тулд олоод, “ногоон малгай”, “СС-ийн хар форм” өмсгөн цол албан тушаал олгон үүрэг даалгавар өгч хөөргөн баадуудсаар “баатар” болгоно.

Чойбалсан, Төв Хорооныхоо гишүүдтэйгээ очоод олон мянган ламын хүзүүг мушгих, сүхдэх зэргээр хөнөөх ажлыг гардан хийж чадахгүй байсан нь мэдээж. Гэхдээ тийм ажил хийж чадах садист “ногоон малгайтан”-уудаар хядлага үйлдүүлэн, одон медалаар хайр найргүй шагнажээ. Жишээ нь, лам нарыг хядах үеэр өдөрт 60 гаруй, долоо хоногт олон зуун лам нарын “асуудлыг шийдсэн” гэгдэх Банзрагч, Баярмагнай зэрэг олон арван “ногоон малгайтан”-ыг, дөнгөж шинээр бий болоод байсан “Алтан гадас” мэтийн одон медалиар шагнаж ихэд алдаршуулж байжээ.

Аушвицийн комендат Рудолф Гёсс дуртгалдаа: “Төв (Берлин)-өөс ирсэн зааварлагчид бидний ажлыг үзээд балмагдан цочирдож, өөрсдөө хэзээ ч ийм ажил (хоригдлуудыг хорт хийгээр хордуулах, шатаахыг хэлж байна) хийж чадахгүй юм байна гэцгээх боловчиг, намайг болон нөхдүүдийг маань ихэд сайшааж бахдана” гэсэн байдаг. Түүний толгойлсон яргалалд 600 гаруй СС-ийн байлдагчид тусалж байсан. Тэд СС-ийхэн дунд маш их алдартай байжээ.

Би, террорын хүчээр дарангуйлал тогтоосон хоёр орны хоёрхон жишээг иш татаж байна. Үнэндээ, шударга төртэй, зөөлөн дарангуйлалтай Сингапурыг эс тооцвол дарангуйлал тогтсон бусад бүх оронд олдмол хүчирхийлэх донтой этгээдүүд нь төрөлхийн хүчирхийлэх донтой хүмүүсээ ашиглаж террор, геноцид, хавчлага явуулдаг нь зүй тогтолт үйл явц болох нь түүхээр нотлогдсон. Садистууд нь садизм явуулах хууль ёсны эрхтэй болж, төрөл нэгт хүмүүнээ үй олноор нь яргалан устгасан жишээг түүхээс ухан тоочвол барагдашгүй.

Ингээд та бүхэндээ доорх хэдэн зөвлөгөөг өгье:

– Хүн; коммунизм, фашизм, нацизм, расизм, национализм зэрэг хүмүүний нэг хэсгийг нөгөөд нь жигших ёсонд чиглэгдсэн суртлын хийрхэлд автваас олдмол хүчирхийлэх донтой болно. Эс бөгөөс популист үг ярианы цаана нуугдаад, яг үнэндээ эд баялаг, эрх мэдэлд улайран шунасан Маркос шиг хувь хүн, нэг бол Сухартогийн бүлгийхэнтэй төс бүхий бизнесийн бүлэг этгээдүүд хүчирхийлэх донтой болдог. Ийм олдмол донтой хүмүүс, нөхцөлт хүчирхийлэх төрөлхийн донтой Хонхэрээдийн Энхбат, Андерс Брейвик (Anders Breivik), Жихад Жон (Jhihad John), садист Р.Тарва, Лук Магнотта ( Luka Magnotta) шиг хүмүүсийг олж, дарангуйлал тогтоох үйл ажиллагаандаа “ногоон малгайтан” болгон ашигладаг нь зүй тогтолт үйл явц гэдгийг эхний ээлжинд заавал мэдвэл зохино!

Дарангуйлал руу шилжих шилжилт тайван замаар бус, огцом явах нөхцөл үүсэж монголчуудын аз харивал, садистуудын эрэлт улам бүр ихсэж Их хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй гэх аргагүй.

-Хүчирхийлэгчид болон садистууд хэлмэгдүүлэх ажлаа хэрэгжүүлж эхлэхдээ өөрийнхөө таньж мэддэг хүрээлэл рүүгээ эхний үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Лам нарын хядлагыг гардан “ламын эрлэг” гэж алдаршсан Хаймчиг, зохион байгуулсан Лувсаншарав, Чойбалсан нар урьд нь аль аль нь лам байсан.

Гестапогийн яргачдын гарт эхлээд “хуучин сайн хөрш”-ийнх нь еврейчүүд өртсөн юм.

Тэгэхээр, хэлмэгдүүлэлт ирэх “зүг чиг”-ийг тогтооё гэвэл ойр орчиндоо байгаа хүчирхийлэх донтой байж болзошгүй улсыг “сэмхэн бүртгэх” хэрэгтэй юм.

-Үнэндээ “сэмхэн бүртгэх” маш амаргүй. Яагаад гэвэл тайван цагт хүчирхийлэх донтой хүмүүс “би хүчирхийлэгч, садист” гээд духан дээрээ бичээд явдаггүй. Садист хүн олны дунд байхдаа маш хэвийн хүн байдаг. Тэд нарнаас нуугдаж харанхуйд гардаг вампир шиг л нуугдмал хүмүүс.

Уг нь цагдаагийнхан интернэт ухвал нүүрээ нуучихсан хүчирхийлэх донтнуудыг тогтоож чадна л даа. Гэхдээ виртуал ертөнцөд эрхээ эдэлж байгаа тэднийг гэмт хэрэг биетээр үйлдсэн Хонхэрээдийн Энхбат шиг, хүчирхийлэгч болохыг нийтэд илчлэх боломжгүй.

Гэхдээ хүчирхийлэгчдийг анхааралдаа аван анзаарах боломж бас бий!

Түүхийн туршлагаас харвал; “ариун үйл хэргийн төлөө хүчирхийлэх хэрэгтэй”, “шударга ёс тогтоохын төлөө аллага ч хийх хэрэгтэй”, “үндэстний дайснуудыг устгах ёстой”, “эх орон, үндэсний эрх ашигт ноцтой аюул занал учирсан тул хувь хүний эрх, эрх чөлөөг золих ёстой”, “ангийн дайсныг үгүй хийх ёстой”, “ардчиллыг устга” гэхчлэн уриаг зохиож, хашгичиж байгаа хүмүүс явж явж олдмол болон төрөлхийн хүчирхийлэгчид байдаг аж. Тэгэхээр, сайны төлөө хамгийн муухай нүгэл үйлдэхэд бэлэн тухай ярьж буй тийм хүмүүсийг орчин тойрондоо бий эсэхийг бүртгэх нь зөв. Тэдний зүгээс л хүчирхийлэл, террор, хэлмэгдүүлэлт ирнэ ээ! Үүнд эргэлзэх хэрэггүй!

Нэгдүгээр заавраа дуусгахаас өмнө Монголд дарангуйлал руу шилжих шилжилт шууд хүчирхийлэл, терророор явагдах үедээ хараахан хүрээгүй байгаа тул уг заавар хойно бичигдэх учиртай байсан гэдгийг дахин сануулан хэлье.

Үргэлжлэл бий…

Categories
мэдээ цаг-үе

Маахуур толгойд мандаж явсан

Баянзүрх дүүргийн 69 дүгээр сургуульд 1978 онд элсэн орж байсан Т.Чинчулуун багшийн ангийнхан өнөөдөр нийгмийн бүхий л салбарт түүчээлэн ажиллаж байгаа ажээ. Тэд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болохын зэрэгцээ улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн төлөө эцэг, эхийнхээ үүргийг нэр төртэй биелүүлж яваа хүмүүс. Социалимзмын үеийн зарчимч, тууштай зан чанарыг өвлөсөн энэ ангийнхан сургуулиа төгссөнөөс хойш өнөөдөр 30 жилийг үджээ. Тэдний хөөр баяртай, инээд цалгисан, гэнэн томоогүй хүүхэд ахуй насны он цагаар аялснаа хуваалцаж байна.

Хуучнаар Найрамдлын раойны Маахуур толгойн орчмын хүүхдүүд нийслэлийн 69 дүгээр сургуульд элсэн суралцдаг байжээ. Кино үйлдвэрийн чанх хойно байрлах энэ сургуульд тэртээ 40 намрын өмнө Т.Чинчулуун багштай 1в ангийнхан бүрэлдсэн байна. Тэдний дурсамжид хамгийн сайхан түүхийг үлдээсэн үйл явдал бол 1981 оны гуравдугаар сард Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн явдал байсан гэж ярьцгаалаа. Тэрбээр намар нь тус сургууль дээр зочилж, сансарт ниссэн сонин сайхнаасаа хүүхдүүдэд хуваалцсан гэнэ. Ж.Гүррагчаа баатарыг ирэх үеэр Найрамдлын районы гудамж талбай цэвэр цэмцгэр, бүх айлын хашааны хаалгыг нэг өнгөөр жигдлэн будаж, хачин их хүндэтгэлтэй угтаж авцгааж байсан тухай тэд яг л өчигдөрхөн болсон үйл явдал шиг тод санан ярив. Эдний үеийнхний ярьдаг нэг сэдэв бол пионер сурагчийн тухай байдаг. Пионер хүн бол тангарагтаа үнэнч, тэрийгээ хууль мэт цээжилнэ. Бас Улс төрийн товчооны томчуудын овог, нэрийг ягштал тогтоодог нь амаргүй байжээ. Бусдаар бол энэ нь хүмүүжил, нөхөрлөлд чухал нөлөөтэй байсан гэж эдний ангийнхан тодотгов. Энэ тухай ангийн онц сурлагатны нэг А.Эрдэнэбаяр ярихдаа “Бид амралтын өдөр бүр субботникт гардаг байлаа. Хэдийгээр сурагч байсан ч гэсэн их хотынхоо тохижилтод гар бие оролцоно. Хавар, намартаа мод тарьж, тэрийгээ усалж, аричилна. Энэ ажилдаа их сэтгэл хангалуун байдаг сан. Жуковоос Найрамдлын район хүртэлх голын талбайд мод тарьж, зүлэгжүүлдэг байв. Социализм бол ингэж бүх нийтээр нь хөдөлгөдөг байсан. Тэр үеийн эх оронч сэтгэхүйгээр хүмүүжсэн болохоор өнөөдөр бид Монгол Улсаа бусдын халдлагаас хамгаалах сэтгэл зүрхтэй байна. Зарим хүмүүс социализм бидэнд юу өгсөн юм бэ гэж шүүмжилдэг. Тэгвэл “Эх орон гэж юу юм”, “Эцэг эхээ хэрхэн хайрлаж, хүндлэн дээдэлэх”, “Эрдэм номд шамдахын амт, амжилт” гээд олон зүйлийг сургаж, хүмүүжүүлсэнд талархдаг” гэв.

Т.Чинчулуун багш тэднийг гуравдугаар анги төгсгөжээ. Залгуулаад орос хэлний багш Р.Сувдаа наймдугаар анги хүртэл нь дааж авсан байна. Анги удирдсан багш нар нь зарчимч, төлөв түвшин, нямбай, чадварлаг байсан болохоор өнөөдөр энэ ангийнхан нийгмийн бүх салбарт хүрч ажиллаж байгаагаараа бахархацгааж сууна лээ. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт хэд хэдэн хүн ажилладаг байна. Ц.Үнэнтуяа, Цэнгэлмаа, Даваадамдин, Батцэнгэл, Одсүрэн, Өнөрмандах нарын нэрийг нөхөд нь хуруу даран тоолов. Тэгвэл нийгэм, улс төрийн салбарт хоёр хүн байгаа бөгөөд Мөнхцэцэг, А.Эрдэнэбаяр нар аж. Тэд хөдөө аж ахуйн салбарт амжилттай яваа хүнээр ангийн хөвгүүн П.Ганзоригийг онцлов. Ард түмнээ эх орных нь хөрсөн дээр ургасан эрүүл, үржил шимт бүх төрлийн хүнсний ногоогоор хангахын төлөө зүтгэж яваа нэгэн гэнэ. Тэрээр 60 га талбайд бүх төрлийн хүнсний ногоо тариалдаг аж. Мөн нийслэл хотод гэрэл, цахилгаан түгээж яваа эрчим хүчний салбарынхан ч энэ ангиас төржээ. С.Ганзориг, Н.Баяраа нар эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон чадварлаг хүмүүс гэнэ. Н.Баяраагийн хувьд Чингэлтэй дүүргийн гэрэлтүүлгийг хариуцдаг. Хаана, аль гэрлийн шон унаж, гэмтэж, хагарна тэр бүгдэд хүрч, бүрэн бүтэн болгодог хүн. Энэ мэтчилэн боловсрол, уул уурхай, төмөр замын салбарт эдний ангийнхан зүтгэж яваа гэсэн.

Бага насны дурсамж бүр гэгээхэн байдаг. Хүүхэд болсон хойно нэгнийгээ шоглож, цаашлуулах явдал бишгүй л байж таарна. Гэхдээ тэр бүгдэд нэг нэгэндээ өс санаж, гомдож, туниад байдаггүй нь хамгийн сайхан. Энэ ангийнхан нэгнийгээ их л өхөөрдөж хочилдог байжээ. Жишээлбэл, А.Эрдэнэбаярыг Бамбарууш гэж одоо хүртэл дууддаг гэнэ. Үүнд мань эр огт эмзэглэсэн юмгүй инээд алдахад охид нь “Чи их царайлаг байсан болохоор ингэж дууддаг байсан юм” гээд хөхрөлдөв. Ц.Үнэнтуяа энэ ангид дөрөвдүгээр ангидаа 45 дугаар сургуулиас шилжиж иржээ. Хотын төвийн сургуулийн хүүхэд захын хороололд ирэхэд нь хөвгүүд нууцхан нүд унагадаг байсан бололтой. Даанч тэрийгээ хэн нь ч илэрхийлж зүрхлээгүй байна. Учир нь шинэ охин ариун цэвэр шалгадаг айхавтар зарчимч нэгэн байжээ. Хөвгүүдийн цамцны заханд өлөн хир үзэгдэх юм бол шууд гахай тавина. Тийм болохоор түүнд хэн ойртож чадах билээ. Ц.Үнэнтуяа энэ тухайгаа ярихдаа “Тэр үед сурагчдын хумс хуруу, үс гэзэг, хувцас хунар гээд бүгдийг шалгаж дүгнэдэг байлаа. Хагас сайн өдөр болгон ангийн багш шалгана. Тэр өдөр охид цагаан фарчик, лент зүүж ирэх ёстой. Ганц нэг нь өөр өнгө алаглуулбал надад хариуцлага тооцдог байв. Заримдаа илүү фарчкаа хүртэл цүнхэлж явдаг байлаа шүү дээ” гээд инээв. Тэр үеийн хүүхдүүд эцэг, эх, ахмад хүнээ хүндлэх ухамсар өнөөгийн нийгэмтэй харьцуулашгүй өндөр байсныг тэд тодотгож байлаа. Анги танхимдаа ноцолдож, дэггүйтэх юм бол сарвайтлаа сандал өргөн зогсож шийтгүүлэх тохиолдол цөөнгүй байсан тухай хөвгүүд эргэн дурслаа.

Маахуур толгойд мандаж явсан эдний үеийнхний балчир насны дэггүй явдал зөндөө. Өвөлдөө чаргаар гулгаж, зундаа том машины дугуйнд нэгнийгээ хийгээд өнхөрүүлж тоглоно. Маахуур толгойн оройгоос эрчээрээ уруудсан дугуй айлын хашаа цөм мөргөж, дотор нь эргэлдэж явсан хүүхдийн тархи толгой доргиж байсан явдал бишгүй гэнэ. Өвөл болохоор хуучин орон сууцны паарыг чарга болгож дээрээс уруудна. Эсвэл орон сууцны шатны бариул хэсгийн хаймрыг сэмхэн авч гулгахдаа ашигладаг байжээ. Бас эсгий гуталныхаа уланд тэшүүр сайтар бэхэлж уяад гулгаж тоглоно. Юм ховор байсан үе болохоор юмхнаар юм хийж нааддаг байжээ. Харин орос хүүхдүүдийн тоглоом ховрын бараа байв. Тэд өвөл болохоор жинхэнэ чаргаар гулгана. Тэрийг нь гуйхаар харамлах гэж жигтэйхэн. Тэгэнгүүт чарган дээр нь ганц суугаад үзчихийн тулд булаагаад тоглох нь энүүхэнд байж. Нэг гэм нь орос ээжүүдээс зугтаах гэж л нэлээд хурдалдаг байсан тухай хөгжилтэй явдлаа ярилаа. 1980-аад оны дундуур Маахуур толгойн орчим сэлүүхэн, өвс ногоо тэгширсэн, цэнгэг агаартай, сайхан орчинтой байжээ. Тэр хавьдаа 69 дүгээр сургууль хамгийн өндөр барилга нь байсан гэнэ. Кино үйлдвэртэй залгаа шахам болохоор урлагийн мундгуудыг ойроос их хардаг байжээ. Заримдаа тэр луугарууд сурагчдад түүх, танин мэдэхүйн талаар лекц уншдаг байсан аж. Бүр тэдний сургуулийн сурагчид кинонд тоглох явдал ч цөөнгүй байжээ. “Намар нахиалсан мод” киноны зураг авалтад хөвгүүдийг шалгаруулж авахад Н.Баяраа хар хурдаараа зугтсандаа одоо ч харамсдаг тухай аяар өгүүлэв. Учир нь хөвгүүдийн үсийг хусна гэсэн болохоор татгалзаж л дээ. Харин бусад хөвгүүд нь хожим киногоо үзэхээрээ сайхан дурсамжтай байдаг гэлцэв.

Хавар болж, шалгалт шүүлэг эхлэхээр Маахуур толгой болзоотын бор толгой болдог байжээ. Өглөө эртлэн боссон сурагчид тэнд уулзацгааж, хичээлээ уншиж, цээжлэхэд анхаарал нь их төвлөрдөг байсан гэнэ. Бас болоогүй дөрвөлжин дэвтрийн цаасан дээр дөрвөн мөрт холбож, хайрын захиа зөөдөг байсан үеийг тэд жинхэнэ дайраад гарсан. Захиа зөөгчдийн хувьд таалагдсан үгтэй захианых нь нэрийг солиод л нэг нэгэндээ дамжуулдаг байсан сайхан дурсамжуудаа ийн уудалсан юм. Энэ мэтчилэн 60 мөнгөний гөөхий, улаан ус ууж өссөн эдний үеийнхний туулсан он цагийг тоочоод байвал тун сонирхолтой. “Анги удирдаж байсан Т.Чинчулуун, Р.Сувдаа багш нар маань бидэнд хүмүүжлийн дээдийг олгосон болохоор манай ангийнхан нийгэмд сайхан зүйлийг дэлгэрүүлэхэд сэтгэл зүрхээ зориулцгааж байгаа. Жишээлбэл, ангийн маань анд Бамбарууш буюу А.Эрдэнэбаяр “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн” байгуулж, эх орныхоо төлөө цогтой тэмцэж явна. Бид эх орноо хайрлах школоор хүмүүжсэн улс. Гол нь эцэг, эхийн хүмүүжлээс гадна багшийн хүмүүжил асар их нөлөөтэй байдаг юм байна. Ямар сайндаа манай ангийн охид ангийн багш шигээ намбалаг, зарчимч гэж жигтэйхэн. Манай анги аливаа баяр ёслолоор уулзахдаа заавал хоёр багшийгаа урьдаг. Сурагч насандаа буцаад очсон мэт олон сайхан дурсамжуудаа хувцаалдаг юм” гэж Н.Баяраа ярив. Ер нь эдний ангийнхан эргэх холбоо сайтай хамт олон ажээ. Орчин цагт онлайнаар тогтмол уулзаж, сонин сайхнаа хуваалцдаг юм билээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбаатар: Эмэгтэй хүнд өгөх хамгийн том бэлэг бол чин сэтгэлийн хайр халамж

“Ариусахуйн ертөнц” сэтгэл зүйн эмнэлгийн сэтгэл засалч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-Эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Эмэгтэй хүнийг яаж баярлуулах ёстой байдаг вэ. Эмэгтэй хүн юунд илүү баярладаг юм бэ?

-Эмэгтэй хүнд хамгийн их сэтгэлийн таашаал өгдөг бэлэг бол өөрт нь таалагддаг бэлэг. Бэлэг заавал материаллаг байх албагүй. Гоё хоол хийж өгөх, хамт салхинд гарахыг бүсгүй нь хүсэж байгаа бол хамгийн том бэлэг болж ч чадна. Гэхдээ эмэгтэй хүн гэдэг утгаар нь сарнай цэцэг өгвөл сэтгэлд нь ихэд нийцтэй. Хайртай эмэгтэйнхээ сэтгэлд хүртэл харилцаж чаддаггүй, хайрлаж халамжилдаггүй бол хичнээн үнэтэй, эд материаллаг бэлэг өгсөн ч сэтгэлд нь хүрэхгүй. Ямар ч хүнд өгөх хамгийн том бэлэг бол чин сэтгэлийн бэлэг байдаг. Магадгүй тэр нь үнсэлт, хайраар дүүрэн харц ч байж болно. Эсвэл өөрийнх нь авахыг маш ихээр хүссэн бэлгийг өгч болно. Бэлэг гэдэг бол хязгааргүй. Хамгийн үнэтэй булган шуб бэлэглэсэн ч эмэгтэй хүн сэтгэлийн ханамж авахгүй байж магадгүй шүү дээ. Хамгийн том бэлэг бол чин сэтгэлийн хайр халамж, бусад нь бол дагалдах хүчин зүйл гэж ойлгож болно. Хайртай хүндээ хайрлуулж буйгаа мэдрэх л хамгийн том бэлэг болж чаддаг.

-Баяр гэлтгүй бусад үед ч хайртай эмэгтэйгээ эхнэрээ, ээжийгээ, охиноо аз жаргалтай байлгахын тулд эрчүүд яах ёстой?

-Хүн жаргах эрхтэй, бусдыг жаргуулах үүрэгтэй төрдөг. Жаргал гэж сэтгэл санааны амар амгалан байдал, тайван сайхан амьдрал, сэтгэл хангалуун байдлыг хэлдэг. Тиймээс монгол эр хүн бүр хайртай бүсгүйгээ өдөр бүр аз жаргалтай байлгах нөхцөлийг бүрдүүлэх юм бол тэр эмэгтэй үнэхээр жаргалтай байж чадна. Энэ нь түүнд өгч буй насан туршийнх нь хамгийн том бэлэг. Энэ бэлэг нь эмэгтэйчүүдэд юугаарч үнэлж, юугаар ч сольж болшгүй бэлэг болж чаддаг. Өглөө, өдөр, орой, шөнө ч гэсэн ямар ч тохиолдолд эмэгтэй хүнийг аз жаргалтай, сэтгэл хангалуун байлгах хэрэгтэй. Эмээ, ээж, эхнэр, охин, найз бүсгүйгээ, ач зээ нар гэх мэт бүх л эмэгтэйчүүдийг аз жаргалтай байлгаж чадах юм бол Монгол Улс амар тайван, аз жаргалтай, хөгжил дэвшилтэй орон байж чадна. Жинхэнэ эр хүн бол хайртай эмэгтэйгээ юунд дуртайг сайн мэдэж байх ёстой.

-Сүүлийн үед зөвлөгөө авч буй хүмүүсийн байдлаас ажиглахад монгол эмэгтэйчүүд яаж амьдарч байна вэ?

-Аз жаргалтай эмэгтэйчүүд бий. Ажил мэргэжлийн хүрээнд би маш олон хүнтэй уулзаж, харилцдаг. Зовж байгаа нь бий. Эмэгтэйчүүд ихэвчлэн нөхөр, найз залуугаасаа болж зовлонтой тулгардаг. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдийн зовлон гунигийн асуудал их ирдэг гэсэн үг. Эрчүүдэд үнэхээр хатуу үг хэлмээр санагддаг. Хатуухан хэлэхэд эмэгтэйчүүдийг зовоож буй тэр эрчүүд арчаагүй, өөдгүй, амиа бодсон бэртэгчингүүд байна. Гэхдээ аз болоход ийм эрчүүд цөөхөн байгаа гэдэгт итгэдэг.

-Ирээдүйд яаж ийм амиа бодсон эрчүүдийн тоог цөөлөх вэ?

-Энэ бол маш чухал асуудал. Монголын ирээдүйг тодорхойлох зүйл. Энэ жилээс эрүүл мэндийн хичээл Ерөнхий боловсролын сургуульд орох гэж байх шиг байна. Үүнээс гадна хүүхдүүдэд сэтгэлзүйн боловсролыг багаас нь олгох шаардлагатай. Харилцаа гэж юу юм, хайр гэж юу вэ. Үнэт зүйл гэж юу юм. Хүн юуны тулд, хэний төлөө амьдардаг юм гэдгийг ухамсарлуулж бусдыг хайрлах чадварыг эзэмшүүлэх шаардлагтай байгаа юм. Хүүхдийн хүмүүжлийн сэтгэл судлал бол дунд, дээд сургуульд ч орох ёстой. Гэхдээ юу ч мэдэхгүй, юу ярьж байгаагаа ч ойлгохгүй хүмүүсээр энэ хичээлийг заалгаж болохгүй. Жинхэнэ мэргэжлийн хүмүүс л заах ёстой.

-Яагаад зарим эрчүүд ийм амиа бодсон болов. Юу нөлөөлөв?

-Социализмын үед нийгэм харьцангуй тогтвортой байсан. 1990-ээд оноос нийгэм тогтворгүй болсон. Зах зээлийн нийгэмд хүн чанар гэдэг зүйл бараг үгүй болдог. Үүнтэй ч холбоотой. Тогтворгүй үед хүмүүс наймаанд явж, гадагшаа гарч салж сарниж өвөө, эмээ аав, ээж, ах дүү танил айлдаа хүүхдээ орхиод явдаг байсан. Аз болоход сайн өвөө, эмээ дээрээ өссөн хүүхдүүд байдаг. Гэхдээ хайр халамжаар дутуу өссөн тавиул хүүхдүүд хэзээ ч бусдыг хайрлана гэж байхгүй. Тухайн үеийн хүүхдүүд одоо гэр бүл зохиогоод алдаа их гаргах байдал ч ажиглагдаж байна. Тиймээс төр засгийн бодлого, ирээдүйн монгол гэр бүл рүү чиглэж хүчтэй ажиллах ёстой.

-Хайрлуулж өссөн хүн л хүнийг хайрладаг уу?

-Хайрлуулсан хүүхэд хүнийг хайрлана. Гэхдээ хүүхдээ буруу хайрлаад, хүссэн болгоныг нь авч өгөөд бүх зүйлийг бэлдээд, өмнөөс нь асуудлыг нь шийдээд байгаа бол хүлэмжийн хүмүүжил олгож байна гэдэг. Ийм хүлэмжийн хүмүүжилтэй өссөн хүүхэд ирээдүйд өөрийгөө авч явах чадвар муу, өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцах чадваргүй, оновтой зөв шийдвэр гаргах чадваргүй, бусдын гарыг харсан хүн болж хувирдаг. Бусдыг хайрлах чадваргүй мөртлөө бусдаас хэт их хайрыг шаарддаг нэгэн болчихдог. Өгөө аваатай, энергийн солилцоотой байж, эхлээд бусдыг хайрлаж байж бусдаар хайрлуулах хэрэгтэйг ойлгодоггүй.

-Эсрэгээрээ эмэгтэй хүмүүс бусдыг энэрэх сэтгэлгүй болсон тохиолдол хэр гардаг вэ?

-Багадаа харшилсан хүмүүжлээр өссөн, гадуурхагддаг, архи уудаг агсан тавьдаг, загнадаг, зоддог гэр бүлд өссөн эмэгтэй хүүхдийн энэрэнгүй зөөлөн сэтгэл тун бага. Хүнийг хайрлах чадваргүй болчихсон, үзэн ядалтаар өссөн эмэгтэйчүүд эр нөхрөө үл ойшоодог, тэгэх ёстой гэдэг байр сууринаас ханддаг. Өөрсдөө хайрыг өгч чаддаггүй. Хүүхдүүддээ ч хэт туйлширсан байдлаар ханддаг. Хүүхдүүдийнхээ ирээдүйг сүйрүүлдэг эмэгтэйчүүд байна. Гэхдээ харьцангуй бага. Залуу гэр бүлүүдэд сайн эцэг эхчүүд байгаа ч хүүхдийн хүмүүжлийн тухай анхаардаггүй, биологийнхоо хэрэгцээг хангачихаад л явж байдаг залуус ч олширсон байна. Тиймээс гэр бүлийн хүмүүжил боловсролын талаар төрөөс цогц бодлого баримтлах шаардлага тулгарчээ.

-Хэдэн наснаас гэр бүл зохиох нь зохимжтой юм бэ?

-Бусдыг таних гэж үерхэлгүй яахав. Гэхдээ хамгийн түрүүнд би хэн бэ, би зорилгодоо хэр тэмүүлж чадаж байна. Би эхнэр, нөхөр болоход төлөвшсөн байна уу, асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хэрхэн биеэ авч явж чадаж байна гэх мэтээр өөрийгөө таних хэрэгтэй. Ингээд өөрийгөө таньчихаад, эсрэг хүйстнийхээ сэтгэл зүйг таних чадвартай болно. Сүүлийн үед залуучууд би ийм хүнтэй үерхэж байгаа, бид хоёр таарах болов уу гэж зөвлөгөө авдаг болсон байна. Энэ их зөв шүү дээ. Монголчууд удам судрыг нь харна гэдэг нь харьцангуй оновчтой шийдвэр байдаг. Буруу сонголт хийснээсээ болоод насан туршдаа зовж, амь насаараа хохирох ч тохиолдол байна. Сөрөг орчинд өссөн хүүхэд ирээдүйн гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрах чадвар тун бага байдаг. Бага насныхаа уур гомдлыг гэр бүлийнхээ гишүүдэд өөрийн мэдэлгүй гаргах тохиолдол их байдаг юм. Тиймээс өссөн орчин, удам судрыг нь харах хэрэгтэй.

-Дурлал, хайр гэж ялгаатай. Гэр бүлүүдэд мөн мөчлөг байдаг гэсэн. Энэ талаар сонирхуулаач?

-Гэр бүлийн хямралын үе гэж бий. Эхний үе нь таван жилийн мөчлөгтэй. Үерхсэн эхний зургаан сард бие биенийхээ сайн чанаруудыг хардаг бол нэг гэрт ороод ирэхээр асуудал их тулгарна. Хүүхэд, гэр бүлийн асуудал, санхүү, амьдралыг авч явах чадвар зэрэг олон асуудалтай тулна. Энэ асуудлуудыг зөв туулж чадвал цаашид сайхан амьдрах боломжтой. Эхэн үеийн мөчлөгийг давж чадахгүй ганхаж буй бол цаашид хэцүү, хүүхдийнх нь ирээдүй маш хүнд болж байгаа гэсэн үг. Тиймээс гэр бүл зохиоход нухацтай хандах хэрэгтэй.

Монгол хүний наслалт, монголын нөхцөлд бол 22-27 насанд буюу боловсрол эзэмшсэн, ажил эрхэлж буй өөрөө, өөрийнхөө санхүүг хангахуйц хэмжээнд хүрсэн үедээ гэр бүл болчихвол сайн. Хэт оройтох дэмий. Ижил түвшний хүмүүс сайн зохицдог. Хотын тансаг хороололд өссөн хүүхэд, хөдөөгийн багийн хүүхэд хоёр нэг гэр бүл болоод сайн амьдарч болно, гэхдээ сайхан амьдрах магадлал тун бага. Ижил түвшний боловсрол, хүмүүжилтэй хүмүүс л сайн зохицно. Хүний төлөвшлийн 80 хувь нь тав хүртэлх насанд бүрддэг. Энэ насанд аз жаргалтай хайран дунд өссөн бол бусдыг хайрлах чадвартай болсон байдаг. Нэгэнт зөв сайхан гэр бүлд өссөн, хариуцлагаа ухамсарлах чадвартай, хүнийг хайрлаж сурсан хүн бол галав юүлж байсан ч амьдралаа аваад явах чадвартай байдаг.


Categories
мэдээ спорт

Европа лигийн сонин сайхнаас…

Улс улсын хөлбөмбөгийн шилдэг клубууд хүч үздэгЕвропа лигийн тэмцээний шөвгийн 16 багийн эхний тоглолтууд явагдлаа. Сүүлийн 15 тоглолтод ялагдал амсаагүй байсан аваргуудын лигийн долоон удаагийн аварга АЦ Милан “Сан серо” цэнгэлдэхэдээ Английн Арсенал клубийг хүлээн авч тоглов. Арсенал сүүлийн дөрвөн тоглолтод дараалж ялагдаж дасгалжуулагч Арсен Уэнгерийг халах талаар хэлэлцэхэд хүрээд байсан тул хөлбөмбөгийн хорхойтнууд Миланыг хожих магадлал өндөр гэж үзэж байсан юм.Гэсэн “бөмбөг бөөрөнхий” гэдгийг харуулж Английн “Их буучид” АЦ Миланыг талбайд нь 2:0-ээр итгэл төгс буулгаж авав. Тоглолтын нэгдүгээр үеийн 15 дахь минутанд Герман хагас хамгаалагч Месүт Өзилийн дамжуулалтаар Армен тамирчин Хенрих Мехитриан гоолджээ. Эхний үеийн нэмэлт цаг Уэлсийн шилдэг хагас хамгаалагч Арон Рамси гоол оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулсан. Хоёр гоол оруулсан Арсенал шийдвэрлэх үед алдаа гаргалгүй үр дүнгээ амжилттай хамгаалж хоёр долоо хоногийн дарааявагдах хариу тоглолтод бэлтгэхээр болж байна. Харин Жинаро Гатуззогийн цэргүүд хатуу ширүүн “Эймрайтс” цэнгэлдэхэд гурван гоол оруулах хүн даалгавартай нүүр тулж байна.

Энэ шатанд Германы шилдэг багуудын нэг Бориусса Дортмунд Астрийн даруухан баг Зальцбургийг “Сигнал Эдуна парк”-даа хүлээн авсан ч 2:1-ээр ялагдчих нь тэр.Дортмундын хаалганд Австрийн багаас Белан Бериша гэх залуу хоёр гоол оруулж гялалзсан бол Анре Шурле нэр төрийн гоол оруулжээ. Германы баг хариу тоглолтод өрсөлдөгчөө хоёроос дээш гоолын зөрүүгээр хожиж байж дараагийн шатанд шалгарах юм.

Манай хойд хөршийн багууд энэ шатанд тааруухан тоглож байна. Армийн ЦСКА талбайдаа Францын Лион клубийг хүлээн авч 1:0-ээр ялагдсан бол Санкпетербургийн Зенит Германы Лайпцигтай тулж 2:1-ээр мөн л хожигджээ. Үүнээс гадна Мовквагийн Локомотив Атлетико Мадридад 3:0-ээр “бут ниргүүлж”тэмцээнээс хасагдах болзлоо “амжилттай” хангасан юм.

Бусад тоглолтын үр дүн

Уикториа 0:2 Спортинг

Атлетик Билбао 1:3 Олимпик Марсел

Динамо Киев 2:2 Лацио

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийнхээ өөрийгөө илэрхийлэх, бичих чадварыг нэмэгдүүлэх аргачлал

Хүүхдийнхээ өөрийгөө илэрхийлэх, бичих чадварыг нэмэгдүүлэх аргачлал зурган илэрцүүд

Хүүхдийнхээ өөрийгөө илэрхийлэх чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд хамгийн түрүүнд өөрт нь таалагдаж байгаа зүйлийн тухай болон өөрт тохиолдсон зүйлсийн тухай цэгцтэй дүрслэн яриулах, түүнийг нь бичүүлэх нь хамгийн чухал байдаг.

  • Бичүүл. Тэгээд магт

Хүүхдийнхээ бичсэн зүйлийг уншаад эхлээд сайн талыг нь олж магт. Мэдээж засч залруулах зүйл зөндөө байгаа. Гэхдээ та тэр зөндөө зүйлийг урсгахаа тэвчээд, нэг л зөвлөгөө өгөөрэй. Зөвхөн нэгийг. Бичих чадвар, авъяас нь давтамж, туршлагаар бий болдог зүйл тул жижиг гэлтгүй сэтгэгдлийг нь бичүүлж байх. Тухайлбал авсан бэлгэндээ талархсан сэтгэгдэл бичүүлэх гэх мэт. Бичих үйлдлийг дахин дахин давтуулаарай. Мөн тэмдэглэл хөтлөх нь чухал гэсэн сэтгэгдэл үлдээхийн тулд, олон зүйл ярьж, зааж, чичлэлгүй сайн магтаж урамшуулж байгаарай.

  • Үг үсгийн алдааг өөрөөр нь олуулах

Хамгийн энгийн арга бол бичсэн зүйлийг нь чангаар уншуулах юм. Ихэнх тохиолдолд дуу гарган чангаар уншсанаар алдаагаа олж анхаардаг бөгөөд хэрэв алдаагаа анзаарахгүй бол та өөрөө чангаар уншиж өгч алдааг нь хэлж анхааруулаарай.

  • Юу бичихээ шийдэж чадахгүй байвал яах вэ?

Аливаа зүйлийг маш сайн бодуулж, тунгаалгах. Тэдгээрийн дунд хамгийн хөгжилтэй нь юу вэ гэх зэргээр асуулт тавьж тухайн өгөгдсөн сэдэвт хамаарагдах зүйлсээс хүүхдийнхээ хувьд хамгийн хамгийнийг нь олж нээж, анзаарахад нь туслана уу. Тэгээд яагаад гэсэн асуулт тавин учир шалтгааныг нь бодуулах, дараа нь юу вэ эсвэл сүүлд нь яасан гэх зэргээр дэс дарааллыг нь асууна. Ингэж тухайн сэдвийнхээ дэс дарааллыг нь олж нээнэ.

  • Өдрийн тэмдэглэл хөтлүүлэх

Өдрийн тэмдэглэл хөтлүүлэх нь дурсамж үлдээх төдий бус, өдрийн хийсэн зүйлээ эргэн дурсах, эргэцүүлэх, тэдгээрийгээ өгүүлбэрээр илэрхийлэн бичих, зураглаж дүрслэх зэргээр хүүхдийн оюун санааны хөгжилд маш чухал нөлөөтэй, өндөр үр дүнтэй зүйл юм.
Хүүхэд хийж хэвшээгүй эхэн үед эцэг эх нь хамт суун, харилцан ярилцаж, өдрийн хийсэн зүйлийг нь зөв цэгцтэй, эрэмблэн бичүүлээрэй. Бичих чадвар муутай хүүхдийг хүчлэх шаардлагагүй бөгөөд зүгээр л өөрт нь туссан, бодсоноор нь зурж илэрхийлүүлээрэй.

Categories
мэдээ нийгэм

WeChat сүлжээний хэрэглэгчийн тоо НЭГ ТЭРБУМ хүрснийг мэдэгджээ

Холбоотой Зураг

Хятадын хамгийн том сошиал сүлжээнд тооцогддог WeChat өнгөрсөн сар шинийн баяраар нэг тэрбум хэрэглэгчтэй болсныг Tencent компанийн гүйцэтгэх захирал Ма Хуатэн өнөөдөр зарлажээ.

2017 оны сүүлийн улирлын тайланг танилцуулахдаа тус компани 980 сая хэрэглэгчтэй болсныг мэдэгдэж байсан юм. Сар шинийн баяраар улаан дугтуйтай мөнгө бэлгэнд солилцдог уламжлалтай Хятадад өнгөрсөн сард 688 сая WeChat хэрэглэгч дижитал дугтуй солилцсон нь хэрэглэгчийн тоог өсгөхөд нөлөөлсөн байна.

Хятад хэлээр Вэйшин гэдэг WeChat бол зөвхөн мессэнжэр биш, сошиал сүлжээ, мобайл төлбөр, такси дуудлага, хоол хүргэлт зэрэг олон үйлчилгээг нэг дор багтаасан платформ юм.

Өнөөдөр дэлхий дээр хамгийн олон хэрэглэгчтэй сошиал сүлжээ нь 2.13 тэрбум хэрэглэгчтэй Фэйсбүүк болж байна. Тус компанийн эзэмшдэг WhatsApp мессэнжэр аппликэшнийг 1.5 тэрбум хүн хэрэглэдэг гэдэг. Эдгээрийн араас тэрбумын босгыг давсан хэрэглэгчтэй гурав дах платформ нь WeChat болж байна.

Categories
мэдээ нийгэм

Оросын холбооны улсын Роснефть компанийн тэтгэлгээр суралцуулна

Оросын холбооны улсын Роснефть компанийн тэтгэлгээр суралцуулна зурган илэрцүүд

ОХУ-ын “Роснефть” компанийн тэтгэлгэт хөтөлбөрийн хүрээнд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг шалгаруулж, суралцуулна.

Нэг. Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага

  1. М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 6 оюутан;
  2. Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 4 оюутан тус тус суралцуулна.

Тавигдах шаардлага

Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;
  • Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа.

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид болон ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа суралцагчид:
  • Цахим өргөдөл;
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэх болон нотариатаар баталгаажуулсан хуулбар /Иргэний үнэмлэхгүй ирсэн тохиолдолд шалгалтанд оруулахгүй болно/;
  • Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн баримт.
  1. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид:
  • Цахим өргөдөл;
  • Суралцаж буй сургуулийн албан бичиг;
  • Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн баримт.
  1. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:
  • Цахим өргөдөл;
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Бүртгэлийн хураамж 20000 төгрөг төлсөн баримт;

Бүртгэл

2018 оны 3 дугаар сарын 09-нөөс 3 сарын 16-ны өдрийн 12.00 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100900016001 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (ОХУ, Роснефтийн тэтгэлэг) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Гурав. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:

  1. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд
  • Орос хэл – дүрэм, орчуулга, сонсгол, эссэ (бүх бүртгүүлэгч);
  • Нийгмийн тухай мэдлэгийн тест (орос хэлний шалгалтад тэнцсэн тохиолдолд);
  • Ярилцлага (нийгмийн тухай мэдлэгийн шалгалтад тэнцсэн тохиолдолд).
  1. М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд
  • Орос хэл – дүрэм, орчуулга, сонсгол, эссэ (бүх бүртгүүлэгч);
  • Хими, Математик (орос хэлний шалгалтад тэнцсэн тохиолдолд);
  • Ярилцлага (хими, математикийн шалгалтад тэнцсэн тохиолдолд)

Орос хэлний суурь шалгалт 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт Гадаад харилцааны яаманд болно.

Орос хэлнйи шалгалтад тэнцсэн иргэдийн дараах шалгалтын тов, газрыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Гадаад харилцааны яамны цахим хуудсаар мэдээлнэ.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51 267131, Гадаад харилцааны яамны +51 261832 утсаар авч болно.

Categories
мэдээ нийгэм

Үнийн санал ирүүлэхийг урьж байна

УЛААНБААТАР-ЦЭВЭР АГААР зурган илэрцүүд2017 онд “Улаанбаатар- Цэвэр агаар” төслийн санаачлан хэрэгжүүлсэн “Дулаалга аян” туршилтын хөтөлбөр нь гэр хорооллын айл өрхийн байшин сууцны дулаан алдагдлыг бууруулж, нүүрсний хэрэглээг 50% багасгаж, иргэд болон Засгийн газраас сайшаагдсан арга хэмжээ болсон юм.

Энэхүү хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлэх, үр шимийг илүү олон айлд хүргэх хүсэлт ирсний дагуу “Дулаалга аян-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөр нь нэг талаас дулаан тусгаарлалтын материал үйлдвэрлэгч мэргэжлийн байгууллагууд нөгөө талаас орон байраа дулаалах сонирхолтой айл өрхийн хүсэл сонирхол, оролцоонд тулгуурлан зохион байгуулагддаг бөгөөд байшин сууцны эздийг дулаалга хийх арга техникт сургаж өөрсдөөр нь дулаалгыг хийлгэдэг онцлогтой юм.

Барилга байшингийн дулаан тусгаарлалтын материал үйлдвэрлэдэг, гэр хороолол дахь сууцнуудын нөхцөл, дулаалах арга барилын талаар мэдлэг туршлагатай,айл өрх бүрийн онцлог, нөхцөлд тохируулан материал нийлүүлэх, дулаалах явцад зөвлөгөө өгөх боломжтой, үйлдвэрийн болон хүн хүчний нөөцтэй “Дулаалга аян-2” хөтөлбөрт бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгууллагыг урьж байна.

Сонирхсон байгууллагыг 1м2-д ногдох дулаалгын материалын үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. Үнийн саналд угсралт, суурилуулалтын үнэ орохгүй бөгөөд тухайн дулаалгын материалыг айлын хашаанд хүргэх үнэ, гүйцэтгэлийн технологид шаардагдах ажилбаруудтай холбоотой зардлыг тооцон ирүүлнэ. Тухайлбал:

Үнийн саналыг 2018 оны 3-р сарын 16-ны 14:00 цагт “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг удирдах нэгжид ирүүлнэ.

Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Азмон төвийн 6 давхарт 602 тоот

Холбоо барих утас: 312194, 318124;

Цахим:to_pmu@usip.mn

“Улаанбаатар-Цэвэр агаар төслийг удирдах нэгж”