Categories
мэдээ нийгэм

Отгонтэнгэр ууланд осолдож амиа алдсан уулчид зориулж гэрэлт хөшөө босгожээ

Отгонтэнгэр уулын оргилоос буух замдаа цасан нурангид өртөж осолдсон 17 уулчны дурсгалд зориулсан гэрэлт хөшөө Уулчдын босго гэгддэг Асралт хайрхан явах замд сүндэрлэн бослоо. Талийгаачид 2017.10.21-ний өдөр Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханы оргилд амжилттай авираад, байгалийн гамшигт өртөн амь эрсэдсэн билээ. Хөшөөг босгосон уулчид үе үеийн уулчид, хойч үе минь энд түр зогсож, хүндэтгэл үзүүлж байг хэмээн бодож энэхүү гэрэлт хөшөөг босгосон байна.

Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний Отгонтэнгэр хайрханд оргилд нь гарсан ч бууж явахдаа 17 хүн цасан нурангид даруулсан юм. Эсэн мэнд буусан хүмүүсийн гурав нь эмэгтэй, долоо нь эрэгтэй бол осолдогсдын дөрөв нь эмэгтэй, 13 нь эрэгтэй уулчид байв.

Categories
мэдээ спорт

Паралимпийн гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд 16-д орлоо

Пёнчан хотод болж байгаа өвлийн XII паралимпийн наадамд Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд эх орноо төлөөлөн оролцож байгаа. Тэрбээр өнөөдөр гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16-р байранд орлоо. Энэ зайд нийт 18 тамирчин гараанаас гарснаас Украины тамирчин И.Рептюк 46:44.6 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Францын В.Давет, Норвегийн Хакон Олсруд мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Б.Ганболд 58:27.4 цагийн амжилтыг үзүүлсэн бөгөөд тэргүүлэгчээс +11:13.3 минутын алдагдалтай барианд оржээ. Тэрбээр “Сочи 2014” паралимпийн наадамд анх оролцохдоо 20 км-ын зайд 1:11:08.3 цагийн амжилтаар 20 тамирчнаас 14-р байр эзэлж байжээ. Б.Ганболд гурван зайд уралдах бөгөөд III сарын 14-ний өдөр спринт /1,1 км/, 17-нд 10 км-ын уралдаанаар тэмцээнээ өндөрлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Увс аймгаас мөнгөн ус илэрсэн гурван тохиолдол бүртгэгдэв

мөнгөн ус зурган илэрцүүд

Увс аймагт сар орчмын хугацаанд буудал, орон сууцны хороолол, сургуулийн орчноос мөнгөн ус илэрсэн гурван тохиолдол бүртгэгджээ.

1. Хоёрдугаар сарын эхээр анх Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу гэх хүний эзэмшлийн “Гранд” буудлаас мөнгөн ус илэрсэн байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр тус зочид буудал байрлаж байсан хүнд мөнгөн ус байна гэсэн дуудлагаар газар дээр нь очиж мөнгөн усыг хураан авч, ариутгал саармагжуулалд хийжээ.

2. Улаангом сумын гуравдугаар багийн Галданбошгот хорооллын 17-р байранд оршин суугч иргэний гэрт мөнгөн ус алдсан гэх дуудлагын дагуу аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллан тухайн айлд асгарсан мөнгөн усыг соруулан авч, ариутгал хийсэн байна. Харин тухайн айлын унтлагын өрөөнөөс илэрсэн 1,2 грамм мөнгөн Онцгой байдлын газрын алба хаагчид тусгай зориулалтын хувцас хэрэглэл өмсөж, соруулан авч аймгийн Цагдаагийн хүлээлгэн өгсөн байна. Одоогоор тухайн өрөөнд хэчнээн грамм мөнгөн ус алдагдсан, хэн хаанаас ямар зорилгоор оруулж ирсэн бэ гэдгийг тогтоохоор Цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна.

Тус аймгийн мэргэжлийн хяналтын дарга Ц.Мөнхбаяр хэлэхдээ “Уг айлд мөнгөн ус асгарсан тогтоогдоод, Онцгой байдлын газраас цэвэрлэгээ, ариутгал, мөнгөн усны ууршилтыг саармагжуулах арга хэмжээг удаа дараа авсан. Ингэсний дараагаар 2018 оны гуравдугаар сарын 1-нд тухайн агаар орчинд мөнгөн усны ууршилт үлдэгдэл байгаа эсэхэд баталгаажуулах зорилгоор 17-р байрны нийтийн эзэмшлийн талбайгаас мөн оршин суугчдын орон байрнаас нийт 14 өөр орчноос шинжилгээг хийсэн. Шинжилгээг MNS6183:2010 стандартаар “агаар дахь мөнгөн усны уурыг тодорхойлох” мөнгөн усны аналиторын аргаар үзэхэд тухайн агаар орчинд мөнгөн ус илрээгүй. Шинжилгээний дүн нь мөнгөн ус асгарсан орчинд саармагжуулалтын арга хэмжээг сайн хийснийг харуулж байна.” гэлээ.

3. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд Улаангомын Цогцолбор нэгдүгээр сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны бага ангиас мөнгөн ус илэрчээ. Онцгой байдлын газар болон цагдаа, мэргэжлийн хяналтынхан газар дээр нь ажиллаж, мөнгөн ус илэрсэн ангийг битүүмжилж, цонхыг нь онгойлгоод явжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус ангид сурдаг хүүхэд гэрээсээ мөнгөн ус авч сургууль дээрээ ирсэн аж. Уг мөнгөн ус нь халууны шилний мөнгөн ус байсан бөгөөд 0,16 грамм байсан гэдгийг ч эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Боловсрол, соёл, спортын салбарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг шалгаж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон харьяа агентлагуудад өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй газар дээр нь танилцах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор шалгалтын ажлыг явуулж байна.

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсгүүд Засгийн газрын яам, агентлагуудад ажиллах явцдаа шалган туслахаас гадна илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, хариуцлага тооцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна зурган илэрцүүд

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарах тул хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас анхааруулж байна.

Монгол орны нийт газар нутгийн 42% нь цастай ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км байна. Жишээлбэл: Сэлэнгэ, Орхон, Туул голуудын савын 70-75% нь цастай ба цасан дахь усны нөөц нь 0.96 шоо.км бол Хараа, Ерөө, Хэрлэн , Улз, Халх голын савын 90% цастай, цасны усны нөөц нь 0.40 шоо.км байна. Харин Увс нуур, Тэс голын савын 85% нь цастай, цасан дахь усны нөөц нь 1.36 шоо.км байна.

Дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөв.

Categories
мэдээ улс-төр

Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болно

Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах зурган илэрцүүдХовд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14 цагт Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох гэж байна. Хоёр талын өмгөөлөгч Улаанбаатар хотод байгаа тул Ховд аймагт болох шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байгаа гэнэ. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд тус шүүх хурлыг цахимаар явуулахаар болжээ. Сонгууль бүрээр л мөнгө тараасан, санал худалдан авсан, хүн зөөсөн гэх мэт ээлжит сонгуулийн паянг дэнслэх шүүх хурал ийнхүү товлогджээ.

Categories
мэдээ улс-төр

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 34.5 хувиар буурсан гэв

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23460 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3.3 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1082 үйлдэл бүртгэгдсэн нь 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж, цаг хэтрүүлж ажилладаг цахим тоглоомын газар, дэн болон зочид буудал, гар дээрээс согтууруулах ундаа худалдаалдаг иргэдэд хяналт тавих зорилгоор “Эмзэг цэг-хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээ явууллаа. Дүүргийн цагдаагийн хэлтсүүдээс хоёрдугаар сарын 26-наас энэ сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 183 офицер, 232 цагдаа үүрэг гүйцэтгэж, 3158 аж ахуйн нэгж, 1356 иргэнийг шалгаж, 92 зөрчил илрүүлж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч ажилласан” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс 2472 дуудлага мэдээлэл хүлээн авч 870 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 102 осол бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. 2017 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 513 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 336 бүртгэгдсэн нь 34.5 хувиар буурсан дүн гарсан байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор шөнөдөө 07-09 хэм хүйтэн, өдөртөө тэгээс +02 хэм дулаан байх урьдчилсан төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 78 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 70, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 8 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 2 иргэнийг аварч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 184 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 07-ны өдрөөс эхлэн, нийслэлийн 8 байршилд буюу Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун туруун, Налайх дүүргийн Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоодод дүүргийн мэргэжлийн албадын нийт 108 ажилтан, албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж, товчоодоор нэвтэрч байгаа авто тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт, хяналт шалгалт хийн ажиллаж байна” гэж танилцуулав.

“Нийслэлийн хэмжээнд олон жил цэвэрлэгээ хийгээгүй хур хог үүссэн байдалд тандалт судалгаа хийхэд төвийн 3 дүүргийн 9 хороодын нутаг дэвсгэрт ил задгай, үүсмэл, хур хог үүссэн байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 230 ШТС үйл ажиллагаа явуулдаг ба үүнээс 2017 онд их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн, мөн шинээр баригдсан 25 ШТС-д хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Шалгалтаар “Петростар”, “Горгаз”, “Содмонгол групп”, “Тэс петролиум”, “Петровис”, “М-ойл групп”, “Юнигаз”, “Синчи ойл”, “Дашваанжил”, “Ойн бирж” гэсэн компанийн 6 ШТС, 4 АХЦС зөвшөөрөлгүй үйл ажилллагаа явуулж байсан. Уг зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу ААН тус бүр 1000 нэгж, нийт 9 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна. Мөн шалгалтаар Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газраар хянуулж, батлуулаагүй зураг төслөөр ШТС, АХЦС барьсан, улсын комисст хүлээлгэн өгөөгүй зөрчил илэрсэн” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Шар усны үерээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэх, малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх пост, товчоодын талаарх дүүргийн Засаг дарга нараас гаргасан саналыг нэгтгэн яаралтай арга хэмжээ авах тухай санал боловсруулан нэн даруй танилцуулах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн Газрын алба хөрөнгө оруулалт төсөл, арга хэмжээний газрын байршлыг шийдвэрлэж, барилга барихаар төлөвлөсөн газрыг яаралтай чөлөөлөх ажлыг хийх, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагатай байгуулсан гэрээний биелэлтийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Categories
мэдээ нийгэм

Монголын Археологийн судалгааны өнөөгийн байдлын талаар сургалт явуулав

Монголын Археологийн судалгааны өнөөгийн байдлын талаар сургалт явуулавУул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбатыг урин, яамны ажилтнуудад зориулсан мэдээлэл, сургалтыг энэ сарын есөнд зохион байгууллаа. Тус сургалтын үеэр Монголын Архелогийн судалгааны өнөөгийн байдлын талаар танилцуулж, асуулт, хариулт авсан юм.

Судлаачдын хөдөлмөрийн үр дүнд археологийн сүүлийн үеийн нээлтүүдийн заримаас дурдвал, Монгол нутагт хүн амьдарч байсан он цагийг 800 мянган жил хэмээн тогтоосон нь өмнөх судалгааг даруй 300 мянган жилээр урагшлуулжээ. Мөн Монгол нутгаас нэн эртний хүний яны үлдэгдлийг анх удаа илрүүлж, дэлхийн шинжлэх ухаанд “Монголантропус” хэмээн нэрлэгдсэн байна. Түүнчлэн Хүннүгийн үеийн оршуулгын дурсгалт газрын тоог 150-д хүргэн, Ноён уул, Гол мод, Дуурлиг нарсны хүннүгийн язгууртны булшнаас хосгүй үнэт олдворуудыг олсноор маргаан дагуулаад байсан хүннүчүүд бол монголчуудын өвөг мөн болохыг археологийн баримтаар ийнхүү нотолж чаджээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон газруудад заавал археологи, палеонтологийн судалгааг хийдэг байхаар хуульчилсан нь археологийн түүхэн олдвордуудыг авран хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг доктор, профессор Ц.Төрбат хэлж байв. Зөвхөн 2015 оны мэдээгээр л гэхэд археологийн мэргэжлийн байгууллагууд 55 тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай болон шинээр тавигдаж буй авто замын трассын дагууд 2600 орчим дурсгал шинээр илрүүлсэн байна. Археологийн авран хамгаалах судалгаагаар олдсон үзмэрүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

Өөдрөг сайхны жишээ болсон Ц.Буянбатынх

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж энэ удаагийн “Танайд өнжье” буландаа хорь гаруйхан настай ч ихэр дөрвөн хүүхдийн аав, ээж болсон Ц.Буянбат, Б.Наранцацрал нарын гэр бүлийг онцоллоо. Эднийх Таван шарын орчим байрлах хоёр өрөө байранд амьдардаг байна. Хотын утаанаас болж бяцхан ихэр охидууд нь байнга л хамрын ханиад хүрчихдэг учир агаар сайтай газар өвөлждөг гэнэ. Тийм болохоор Улаанбаатар, Ховд аймаг хооронд ирэн, очин амьдардаг ажээ. Биднийг очиход Ц.Буянбатын эхнэр бага ихэрүүдийнхээ живхийг нь сольж, том хоёрынхоо үдийн ундыг бэлтгэн нуруу тэнийх завгүй хүүхдүүдээ асарч байв. Залуу гэр бүл гэхэд дутах зүйлгүй сайхан амьдарч байгаа нь гэр дотроос шууд л харагдав. Хоймортоо бурхан шүтээнээ залж, наагуур нь таван төрлийн идээ будааг дээжлэн тавьжээ. Мөн хурдан морины хусуур, хазаар, түрүү, айраг хүртсэн медаль зэргийг эгнүүлэн өрсөн байна. Ийн гэрийн хойморт залрах хүндтэй эдлэлүүдийн хажуугийн хананд нутгийнхаа уул, гэр бүлийн зургаа өлгөсөн харагдана. Алсад цэнхэртэн харагдах уулын наана мэлтэлзэн мяралзах нууртай энэхүү зургийн дор “Хар-Ус нуур, Хан Жаргалант алтай” хэмээн тайлбар бичжээ. Гэр бүлийн зурагт орон дээр өлгийтэй унтаж буй ихэрүүдийн зураг багтаагүй байна.

Эдний том ихэрүүдийг Б.Хишигзул, Б.Хишигзол гэнэ. Хоёр настай. Харин бага ихэрүүд болох Б.Энх-Энэрэл, Б.Энх-Амгалан нар нь гурван сар гарантай нялхаараа ажээ. Ихэр битгий хэл нэг хүүхэд өсгөх ямар хэцүү болохыг зарим эцэг, эхчүүд дуу алдан ярьдаг. Харин жил дараалсан төрөлтөөр ихэр дөрвөн хүүхэдтэй болсон залуу гэр бүлд бусдаас дөрөв дахин хариуцлагатай байх өдрүүд ийн үргэлжилж буй юм.

Энэхүү өндөр хариуцлагыг үүрч яваа залуу аав, ээж хоёр маань Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид суралцаж төгсжээ. Арван жилээсээ л нэгнийхээ сайн, муу занг мэдэлцэж, гэр бүл болсон болохоор амьдралд тохиолдох бэрхшээл бүрийг давхад хэцүү биш байдгаа түүний эхнэр Б.Наранцацрал ярьж суув. Ц.Буянбат дунд сургуулиа төгсөх жилээ нийгмийн тухай мэдлэг хичээлээр улсын олимпиадад амжилттай оролцож Монгол Улсын их сургуулийн хуулийн ангид үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулсан байна. Улмаар сургуулиа төгсөх жилээ цэрэгт татагдан Ховд аймагт алба хаажээ. Цэргээс халагдаж ирээд сургуулиа амжилттай төгсөж, эхнэртэйгээ нэг гэрт орж, хоёр ихэр хүүхэдтэй болсон гэнэ.

Дөнгөж сургуулиа төгсөөд ажилд ч ороогүй байтал эхнэр, хүүхэдтэй болсон болохоор гэр бүл толгойлон авч явах эхэндээ хэцүү байсан гэдгээ Ц.Буянбат хэллээ. Тэрбээр “Тэр үед хоёр ихэрдээ живх, эхнэртээ сүү оруулах хүнс бэлтгэх, байрны ус, цахилгаан гээд өдөр тутмын хэрэглээнд царцуулагдах мөнгө олох гэж ажил бүрийг голохгүй хийж байлаа. Их сургууль төгсөөд шууд ажлын байртай болно гэдэг амар биш юм билээ. Би хуульч мэргэжлээр төгсөөд олон ч газар очиж ажилд орох материал бөглөн, хөөцөлдөж үзсэн. Гэвч ажил олдоогүй. Тийм болохоор цагийн ажил хийж хажуугаар нь фото зураг дарж, гэртээ хэвлэн хэдэн төгрөг олдог байсан. Аль болох хоёр талын эцэг, эхээсээ юм гуйж шалгаахгүй өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдралаа авч явна гэсэн бодолтой байдаг. Гэхдээ аав, ээж, ах дүүс маань бидэнд байнга л дэм болно. Улаанбаатар хотод хэрэглээ өндөр, утаа, тоос шороо, дуу чимээ ихтэй болохоор Ховд аймагт очиж амьдарсан. Нутагтаа ирээд удаагүй байтал бага ихэрүүд маань төрсөн л дөө. Ингээд хоёрхон жилийн дотор дөрвөн хүүхэдтэй болчихсон. Том хоёр нь гараас гарч амжаагүй байтал дахиад хоёр хүүхдийн даавуу угаана гэдэг хэцүү хэрнээ бөөн аз жаргал юм билээ” гэв. Залуу гэр бүлд заримдаа шантрах зүйл гардаг ч зовлон биш давах л даваа гэж боддог гэнэ. Биднийг ийн ярьж суух зуур гэрийн эзэгтэй хэзээний хоол хийчихсэн ширээнд суухыг урьлаа. Хүүхэд харах том ажлын хажуугаар гэрээ цэвэрлэж, хоол хийнэ гэдэг хэцүү харагдав ч түүний өдөр тутмын үйлдэл аж. Ц.Буянбат саяхнаас Ховд аймгийн Прокурорын газарт мэргэжлээрээ ажиллахаар болжээ. Тэрээр хуульч мэргэжилтэйгээс гадна хурдан морь сонирхон уяж, уралдуулдаг байна. Аймаг, сумын хэд хэдэн түрүү, айраг хүртсэн гэдгээ хэлээд гэрийн хойморьт эгнүүлэн тавьсан хурдан морьдынхоо медаль, өргөмжлөл, зураг хөрөг, хазаар, ногтоо харуулж байв. Монгол хүн тэр дундаа эр хүн морио дээдлэж, өв соёлоо хүндэтгэх нь буян болдог хэмээн бэлгэшээдэг гэнэ. Ийн хурдан морь уяж, уралдуулахаас гадна зүүн аймгуудаас хурдан адуу авч баруун аймгуудын уяачдад худалдаалдаг гэдгээ хэлэв. Үүнээс олсон ашиг амьдрал ахуйд нь ихээхэн дэм болдог ажээ. Ц.Буянбатын өвөө Монгол Улсын сайн малчин Гомбосүрэнгийн Дамдиндорж хэмээх нутаг усандаа хүндтэй буурал байж. Өвөөгийнхөө дэргэд өссөн болохоор багын л хэрсүү ухаантай, малд нүдтэй болсон гэнэ. Тэр ч утгаараа малын буян, ажлын хүчээр амьдралдаа алзахгүй гэдгээ бардам хэлж байв. Эднийх Төрийн орон сууцны корпарацийн байранд түрээс төлж амьдардаг байна. Анх байрандаа орж ирэхэд түрээс нь боломжийн байсан ч хоёр жилийн дотор шат дараатайгаар хэд хэдэн удаа өссөн гэнэ. Энэхүү ТОСК-ийн байрныхан Ц.Буянбатын гэр бүлд их сайн байдаг аж. Залуу хүмүүс хэрнээ бусдад их тусархуу, ажилласаг, найрсаг гэр бүл байдгийг тус байрны оршин суугчид нь ярьж байв. Эднийх гурван давхарт амьдардаг. Ихэр дөрвөн хүүхдээ гадаа салхилуулах гэж авч гарахад хэцүү байдаг аж. Гэхдээ нэг давхарт амьдардаг хөрш өвөөгөө дуудаж, тусламж авдаг гэнэ. Шөнө орой ихэрүүд нь юмнаас айж уйлахад нэг давхрын өвөөг дуудаж, үлээлгэчихээр зүгээр болчихдог гэв. Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэг шиг л дэм дэмэндээ болцгоодог бололтой. Боловсролтой, чадвартай залуу хүмүүс учир хийж болох бүхий л ажлын хойноос хөөцөлддөг гэнэ. Тэд гэртээ ч зүгээр суугаад байдаггүй хүмүүс аж. Гэрийн эзэн Ц.Буянбат ажлынхаа хажуугаар гэртээ аквариумын загас өсгөн үржүүлж, борлуулдаг бол эхнэр Б.Наранцацрал нь ихэрүүдээ өсгөхийн зэрэгцээ юмханаар ээмэг, бөгж, гоёлын зүүлт хийж, интернетээр зардаг байна. Мөн монгол дээл, гутал, хөөрөгний дайлан гэх зэргээр урлаж болох бүхий л зүйлийг оёж, худалдаалдаг гэв. Нөхөр нь адуу, загас, фото зураг зэргээр бизнес хийчихдэг. Эхнэр нь оёдол, эсгүүр, гоё л чимэглэл хийчихнэ. Энэ хоёр үндсэн ажлынхаа хажуугаар ийн ахуйн бизнес эрхэлдэг болохоор гэр бүлийн эдийн засагт хүндрэл учраад байдаггүй гэв. Бүр аав, ээжүүдийнхээ цагаан сарынх нь тавгийн боовийг бэлдчихдэг гэж байна. Үнэхээр л өөдрөг, сайхны жишээ болсон айл гэдэг нь харагдаж байсан юм. Цагаан сарын өмнөхөн эднийд Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Мөнхчулууны Зоригт зочилсон байна. Энэ үеэр тэрээр ажиллсаг, хийж бүтээхийн өрнүүн их хүсэлтэй, ихэр дөрвөн хүүхэдтэй Ц.Буянбатын гэр бүлийг онцолж дээрх үгийг хэлсэн ажээ. Нийгэмд Ц.Буянбатынх шиг жишгээр амьдрал ахуйгаа авч явдаг гэр бүл олширвол улс, эх орны хөгжил нүд эрмэх төдийд л дэвшинэ гэдгийг онцлон ярьж байв. Ц.Буянбат ирээдүйд шүүгч болох зорилготой гэнэ. Тэрээр “Манай улсад хууль хүн бүрт эрх тэгш үйлчилж чадахгүй байгаа. Иргэд үндсэн хуулиар олгогдсон эрхээ бүрэн эдэлж чаддаггүй. Мөн ирээдүй хойч үеийнхээ хүмүүжил, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх төрийн бодлого дутмаг байдаг. Залууст хөгжих боломжийг нь хангалттай нээж өгөх хэрэгтэй. Тэднийг юм бүхнээр дэмжих ёстой. Нөгөө талаараа залуучууд өөрсдийгөө маш сайн дайчлаж сурах хэрэгтэй болов уу. Хэтэрхий эрх байна гэж боддог. Өнөөгийн нийгэмд хүн мэдлэг, хөдөлмөр, мэдээллээр л хөгжинө. Гэр бүлтэй болсон залуучууд маань амьдралынхаа төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Нэг л олдсон амьдрал юм чинь хүн шиг сайхан амьдраад л дуусгах ёстой гэж боддог. Хоёрын хооронд хэн ч биш амьдрах дэндүү уйтгартай шүү дээ. Эхнэртэй болсон бол эхнэрээ насаараа хайрлаж, халамжлах хэрэгтэй. Хүүхэдтэй болсон бол хариуцлагаа ухамсарлаж амьдралаа зөв авч явах ёстой. Ер нь хийж байгаа ажил бүртээ хариуцлагатай л байвал болдог юм шиг санагддаг. Би хэдий залуу ч дөрвөн хүүхдийн эцэг. Тийм болохоор надад өвдөх ч эрх байхгүй” гэлээ. Биднийг ийн ярилцаж байтал эдний удаах охин Б.Хишигзул буюу “дүрсгүй шар” хоол идэж байсан тавгаа ширээн дээрээс унагаад хагалчихлаа. Таваг хагарах чимээнээр хоймрын орон дээр өлгийтэй унтаж байсан ихэрүүд зочин сэрж, уйллаа. “Дүрсгүй шар” дүү нараа сэрээсэн хэргээр ээжээрээ аашлуулж, бас л уйлав. Харин том охин Б.Хишигзол аавынхаа утсаар хүүхэлдэйн кино үзээд чимээгүйхэн буланд сууна. Надтай ярилцаж суусан гэрийн эзэн, цай аягалж зогссон гэрийн эзэгтэй хоёр өлгийтэй ихэрүүдээ нэг нэгээр нь тэвэрч бүүвэйлнэ. Гэр бүлийн аз жаргалын нэгээхэн хэсэг нь энэ биз. Хэдхэн жилийн дараа дэрсхэн өссөн ихэрүүд аав, ээжийнхээ гарын үзүүрт зарагдаж, ирээдүйд эцэг, эх шигээ ажилласаг, ухаантай хүмүүс болон төлөвшиж, энэ улс орноо хөгжүүлэн бадраах нь гарцаагүй юм. Ц.Буянбатынх гурван охин ганц бандитай. Том хоёр охиноо төрөхөд тэрээр “Миний охидууд ямар хүнтэй суух бол” хэмээн анх боджээ. Эцэг хүн охин үрдээ амь гэдэг дээ. Охин үр нь өсөж томроод нэг л мэдэхэд хүний хүн болно. Алсын энэхүү бодлыг эцэг нь төрөхөд л нүдэндээ дүрслэн бодсон байна. Удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Эл өдөр Ц.Буянбат түүний бага хүү Б.Энх-Амгалан нар эгч, ээж нараа баярлуулах гэж одооноос л гэрийн ажлаа хийж эхэлсэн гэнэ. Ямар ч баярын өдөр үнэтэй бэлэг сэлт хэн нэгэнд өгөхөөс илүү бүтэн дулаан гэр бүлтэйгээ хамт халуун хоол идэж, инээлдэн хөхрөх, уйлж, аргадуулахын аз жаргал хаа байх билээ.


Categories
мэдээ цаг-үе

Р.Очирбал: Үндсэн хуулийн Цэц маргааныг шийдвэрлэхдээ Д.Сугар гишүүнийг оролцуулсан нь буруу байлаа

УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмент” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 23 дугаар тогтоол гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголын төр өөрийн мэдэлдээ авах талаар тусгасан уг тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандан мэдээлэл ирүүлсэн “Отгонтэнгэр Их Сургууль”-ийн багш, хуульч Р.Очирбалтай ярилцлаа.


-”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын төр өөрийн мэдэлдээ авах талаар тусгасан 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар та Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа вэ?

-УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг бид “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-ийн энгийн хувьцааны 49 хувьтай холбон тайлбарлаж байгаа. Түүнээс гадна гуравдагч улс буюу Английн Вэльсийн хуулийг хэрэглэн байгуулсан олон улсын гэрээний дагуу үүссэн өмчийн эрхийг УИХ-аас тогтоол гарган үгүйсгэж, дуусгавар болгож болох эсэх, аливаа этгээд хууль тогтоомж зөрчсөн эсэх, түүний гэм буруугийн асуудлыг шүүх эрх мэдлийн байгууллага шийдвэрлэх үү, эсхүл УИХ шийдвэрлэх үү, иргэн болон хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан өмчийн эрхийг УИХ-ын тогтоолоор хязгаарлаж болох уу гэх зэрэг үндэсний эрх зүйн тогтолцоонд шийдвэрлэвэл зохих эрх зүйн маргаантай асуудал байсан учраас Үндсэн хуулийн цэцэд хандан мэдээлэл гаргасан. Ийнхүү мэдээлэл гаргахдаа УИХ-ын хяналтын чиг үүргийг үгүйсгээгүй, 49 хувийн хувьцааны эрхийг олж авсан компанийн эрхийг хамгаалаагүй.

Харин 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах Монгол Улсын давуу эрхийг хэрэгжүүлэхээс татгалзсан Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолыг хүчингүй болгож, төр хувьцааны эрхийг өөртөө хуулиас гадуур, гэрээний бус аргаар шилжүүлэн авч байгаа нь анхаарал татсан асуудал байсан.

Хэрэв Монгол Улс Засгийн газрын хууль бус шийдвэрийн улмаас дээрх хувьцааны эрхийг худалдан давуу эрхээ хэрэгжүүлж чадаагүй хэмээн үзэж байгаа бол уг зөрчигдсөн эрхээ ямар журмаар хамгаалах эсэхийг ул суурьтай бодох хэрэгтэй. Ямартай ч хувьцааг худалдан авах, Монгол Улсын давуу эрх хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан хэмээн үзэж хувьцааны эрхийг шууд төрийн өмчид шилжүүлэн авч байгаа нь хууль бус арга. 2016 оны Засгийн газрын 330 дугаар тогтоол хууль зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. Хувьцааг худалдан авсан өмчлөгчийн эрх хууль бус, шударга бус байж болно. Гэтэл уг асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр УИХ ардчилсан улсад байж боломгүй аргаар өмчийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, хууль зөрчиж болохгүй биз дээ. Хууль ёсны арга замаар уг асуудлыг шийдвэрлэсэн бол хожим бий болох маргаантай асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хэрэг болох байсан болов уу. Хувьцааг хэн өмчлөх нь өөр асуудал, харин өмчийн эрхийг хэрхэн олж авах нь чухал асуудал шүү дээ. Тийм учраас УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, тавдугаар зүйлийн өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно, 16 дугаар зүйлийн хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно, 70 дугаар зүйлийн Үндсэн хуульд төрийн байгууллагын шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж цэцэд хандсан. Төрийн өмч хууль ёсны аргаар хувьцааны эрхийг шилжүүлэн авах ухаалаг хувилбарыг сонгох боломжийг цэцийн шийдвэр олгоно байх хэмээн найдсан. Гэтэл цэцээс дээрх тогтоол нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж шийдвэрлэлээ. Ер нь Цэцийн зарим гишүүдийн мэдлэг, чадвар, хараат бус байдал нь цаашид Үндсэн хуулийг хамгаалах чадамжтай эсэхэд ихээхэн эргэлзэх байдлыг бий болголоо. Улс төрийн ашиг сонирхлын талбарт хууль ёс үнэгүйдэж, Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдал алдагдаж байна.

– Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахаар тусгасан УИХ-ын тогтоолыг “Үндсэн хууль зөрчөөгүй” гэж дүгнэлээ…

– Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэхэд олон асуудал хөндөгдөж байсан. Зарим нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэх эрх хэмжээнээс гадуур асуудал байсныг онцлон хэлж ч байсан. Тухайлбал, Английн хуулийг хэрэглэж байгуулсан гэрээг Монгол Улс үгүйсгэж, хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байхад уг гэрээний дагуу үүссэн өмчлөх эрхийг шударга, шударга бус хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэн. Энэ нь олон улсын хувийн эрх зүйн томоохон зөрчил болсон. Мэдээлэл гаргагч иргэдийн хувьд УИХ-ын 23 дугаар тогтоолоор төр өөртөө хувьцааны эрхийг шилжүүлэн авсан нь хуульд нийцсэн эсэхийг хянуулахаар хандсан болохоос биш, үндэсний компани уг хувьцааны өмчлөх эрхийг шударга аргаар олж авсан эсэхийг тогтоолгох гэж хандаагүй. Ийм асуудлыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх эрх зүйн боломж, чадамж ч байхгүй. Тэгэхээр цэц маргааны зүйлийг буруу тодорхойлж, өмчлөгчийн асуудалд дүгнэлт өгсөн. Харин гол зүйл болох өмчийн эрхийг төр хууль ёсны арга замаар олж авсан эсэхэд дүгнэлт өгсөнгүй. Эрх зүйн маргаантай асуудлын гүн рүү орж, ухаалаг байдлаар асуудлыг шийдвэрлэхийн оронд улс төржлөө. Хожим бий болох эрсдлийг ч үл хайхран Үндсэн хуулийн зөрчлийг зөвтгөлөө. 49 хувийн хувьцааны эрх гэж явцуурахгүйгээр маргааныг нь чухалчлах хэрэгтэй байсан болов уу.

-УИХ онцгой бүрэн эрх болох хуулийг хянан шалгах эрхийн хүрээнд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргасан гэж тайлбарлаж байгаа. Энэ тухайд?

-Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль зөрчсөн тохиолдолд хүчингүй болгох УИХ-ын онцгой бүрэн эрхийг Үндсэн хуульд заасан байдаг. Засгийн газрын 330 дугаар тогтоолыг УИХ хүчингүй болгож болно. Гэхдээ хэрэв Засгийн газрыг 49 хувийн хувьцааг худалдан авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан гэж үзэж байгаа бол уг асуудлыг УИХ онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал уу, эсхүл уг асуудлын талаар Засгийн газар УИХ-тай зөвшилцөх ёстой байсан уу гэх зэрэг олон асуудлыг тодруулах шаардлагатай байсан. Хамгийн гол нь Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хүчингүй болгосон нь гэрээний дагуу хувийн компанид шилжсэн хувьцааны эрхийг төрд шууд шилжүүлэх үндэслэл болох эсэх явдал юм. Хуульд заагаагүй аргаар, гэрээ ч байгуулахгүйгээр өмчийн эрхийг өөртөө олж аваад байгааг л ойлгохгүй байна. Ямар ч шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, ойлгомжтой, тодорхой байх ёстой. Цэцийн шийдвэрийг уншиж сонсгоход дээрх асуудлыг талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Бичгээр гарах дүгнэлтэд тодорхой байдлаар оруулах байх гэж найдаж байна.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн мэдлийн 51 хувийг “Жаст групп” барьцаалан зээл авах үед Төрийн өмчийн хорооны даргын хувиар гарын үсэг зурсан гэгддэг. Гэхдээ тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төр авсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх хуралдаанд Цэцийн гишүүний хувьд оролцож байна. Энэ нь ёс зүйн хувьд байж болох зүйл үү?

-Уг асуудалд шууд болон шууд бусаар холбоотой гэж үзэж байгаа нөхцөлд иргэдийн цэцэд гаргасан мэдээллийг Д.Сугар гишүүнд хуваарилж, итгэгч гишүүнээр ажиллуулж байгаа нь ёс зүйн талаасаа зохимжгүй гэж үзэж байгаа хүмүүстэй ижил байр суурьтай байна. Асуудал Д.Сугар гишүүндээ гэхээс илүү цэцийн дарга яагаад уг гишүүнд хуваарилсан гэдгийг бодолцох хэрэгтэй. Одоогийн үйлчилж байгаа Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд Цэцийн гишүүнийг татгалзан гаргах гуравхан үндэслэлийг хуульчилсан. Ердийн шүүхэд үйлчилдэг маргаантай асуудлыг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал шүүгчийг татгалзан гаргах талаарх зохицуулалт Үндсэн хуулийн цэцэд хамааралгүй. Тэгэхээр цаашид Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг татгалзан гаргах талаарх хуулийн заалтыг эргэн харах шаардлагатай болох нь энэ маргаантай асуудлаар тодорхой болж байна. Эцэст нь дахин хэлэхэд уг маргааныг шийдвэрлэхэд Д.Сугар гишүүнийг оролцуулсан нь ашиг сонирхлын хамаарал, ёс зүйн талаас зөв зүйл болсон гэж бодохгүй байна.

-49, 51 хувийн асуудал хууль зөрчсөн гэж байгаагаас гадна улс төрийн бүлэглэлүүдийн хоорондох үл ойлголцол, тэмцэл яваад байна гэх хүн олон байна. Хуульч хүний хувьд та үүнийг хэрхэн дүгнэж байна?

-Эрдэнэт Үйлдвэрийн асуудал улс төрийн бүлэглэлүүд, тэдгээрийн явцуу ашиг сонирхолтой холбоотой байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа болов уу. Цаашид уг компанийн асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд хамааруулах талаар санал, санаачилга ч яригдаж байна. Удирдлагын ямар ч аргаар асуудлыг шийдвэрлэсэн бай хариуцлага, хяналтын механизмыг оновчтой болгож олон нийтийн бодитой хяналтыг бий болгож ил тод байдлыг бий болгох шаардалагатай байгаа нь уг компанийн 49, 51 хувьцаатай холбоотой маргаанууд харуулж байна. Ер нь ард түмний өмч гэх тодотголоор улс төрчид төрийн өмчийн хөрөнгийг зүй бусаар ашиглаж, элдэв шударга бус ашиг сонирхолоо гүйцэлдүүлэхэд ашиглаж байгааг таслан зогсоохын тулд төрийн болон олон нийтийн өмчийн харилцаанд эрс шинэчлэл хийх шаардлагатай. Түүнчлэн компанийн засаглалыг хөгжүүлж харилцан хяналт бүхий төр, хувийн хэвшлийн түншлэлийг болгох хэрэгтэй. Ард түмний нэр барьж дур зоргоор өмчийн эрхийг хэрэгжүүлж байгааг хувийн хэвшлийн оролцоо шийдвэрлэх боломжтой болохыг үгүйсгэх аргагүй ч хэт улс төржсөн бизнесийн орчинд асуудлыг үр нөлөөтэй шийдвэрлэж чадах эсэх нь эргэлзээтэй.

-23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар та иргэн хүнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэхдээ таны ард ямар нэгэн нөлөөлөл байгаа юм биш биз?

-Тавьж буй асуудлыг нь бус хүнийг нь, агуулгыг бус хэлбэрийг нь чухалчилж болохгүй байх аа. Дээр хэлсэнчлэн компанийн энгийн хувьцааны 49 хувийг ямар арга журмаар төр өөртөө шилжүүлж авсан, олон улсын гэрээг байгуулах талаарх УИХ, Засгийн газрын Үндсэн хуульд заасан бүрэн эрх, олон улсын гэрээг цуцлах, гэрээний чөлөөт байдлыг хангах, өмчийн халдашгүй байдлыг хамгаалах гэх зэрэг эрх зүйн хувьд шийдвэрлэвэл зохих олон асуудал байгаа учир цэцэд хандсан. Нөгөөтэйгүүр гуравдагч улсын хуулийг хэрэглэн байгуулсан олон улсын гэрээгээр хамгаалагдсан өмчийн эрхийг төр өөртөө ийнхүү илт хууль бус арга замаар шилжүүлэн авч байгаа юм бол жирийн иргэний өмчийн эрх ямар түвшинд хамгаалагдах эсэх нь эргэлзээтэй санагдсан. Энэ бол хуульч хүний хувьд хөндөх ёстой асуудал гэж үзэж байгаа. Түүнээс хэн нэгэн миний юу ярих, юу хэлэхийг зааж, зааварласан зүйл байхгүй. Хувь хүнийхээ хувьд Үндсэн хуулийн зөрчил гэж үзсэний үндсэн дээр цэцэд хандсан. Дашрамд дурдахад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг хэн өмчлөх нь надад чухал биш. Харин хувьцааны эрхийг төр өөрийн өмчлөх эрхэд шилжүүлэн авч байгаа арга нь хууль ёсны байсан эсэх нь анхаарал татсан асуудал байсан.

-Одоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь нь хаана явна вэ?

-Төрийн өмчид байгаа гэж итгэж байна. Гэхдээ гуравдагч этгээдийн зээлийн гэрээнд барьцаанд тавигдсан, хэрэв төлбөр төлөгч нь уг төлбөрийн үүргээ гүйцэтгэхгүй бол 51 хувийн хувьцааны эрх хэн гээч, ямар улсын компанид шилжих эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч 49 хувийн хувьцаанаас хамаагүй ноцтой үр дагаварт хүрсэн байна лээ. Харин асуудлыг удаан хугацаанд халхавчилж ийм ноцтой үр дагаварт нь хүргэсэнд Монголын төр иргэдийнхээ өмнө уучлал хүсэж, холбогдох буруутай албан тушаалтнуудад хуулийн хариуцлагыг бодитоор ногдуулж, хувьцааны эрхийг хэрхэн хадгалан авч үлдэх асуудлыг хүчээр бус ухаалаг арга замаар шийдвэрлэх хэрэгтэй. Монголын төрийн түшээдэд дээрх асуудлыг шийдвэрлэх оюуны чадамж байгаа гэж найдахаас өөр сонголт алга даа.

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийн 60 хувь нь Хятадын банкны мэдэлд очсон гэх юм. Тэгэхээр энэ “Эрдэнэт үйлдвэр” чинь Хятадын мэдэлд оччихсон юм биш үү. Та үүнд ямар бодолтой байгаа вэ?

– 51 хувийн энгийн хувьцааг манай улс гуравдагч этгээдийн зээлийн үүрэгт барьцаанд тавьсан, уг барьцаалагч банкны хувьцааны эрх нь БНХАУ-ын компанийн мэдэлд байлаа гээд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 51 хувийн энгийн хувьцааны эрх хятадын мэдэлд шууд очно гэж дүгнэж байгаатай санал нийлэхгүй байна. Харин барьцаагаар хангагдсан үүргийг үүрэг гүйцэтгэгч нь гүйцэтгэхгүй байгаа бол бодит аюул учирна. Тэр үед 51 хувийн хувьцааны эрх хэнд ч шилжиж болно. Уг асуудлыг Монгол Улсын хуулиар зохицуулахгүй, зохицуулж ч чадахгүй.

-Нэг талаасаа харахад 49, 51 хувь чинь нэг ч юм шиг харагдах юм. Учир нь 49 хувийнхан чинь 51 хувийнхаа барьцаан дахь өрийг авчихсан байсан ч гэж зарим судлаачид ярих юм. Энэ ер нь байж болох зүйл үү?

-Хувьцаа эзэмшигчээр нь 49, 51 гэж яриад байгаагаас энэ чинь нэг компанийн л асуудал. 51 хувийн хувьцааны эрхтэй холбоотойгоор 49 хувь ч эрсдэлд орно. 100 хувь төрийн мэдэлд шилжсэн тохиолдолд дээрх эрсдэл улам л нэмэгдэнэ. Тиймээс л асуудлыг хүчээр бус ухаалгаар шийдвэрлэх хэрэгтэй гэж хэлээд байгаа хэрэг. Учрыг үл мэдэх иргэд 49 хувиа бид авч чадлаа гэж хэлбэрийг чухалчлан хөөрцөглөж байгаа хэдий ч үнэндээ монголын ард түмний нуруун дээр 100 хувийн эрсдэл шилжиж байна. Өнөөгийн улс төр, эдийн засгийн тогтворгүй нөхцөлд Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа төрд шилжиж байгаад хуульчид гэхээсээ илүүтэй эдийн засагч нар бодит судалгаанд үндэслэн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй байна.

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас “Монголын зэс” корпораци худалдаж авсан. Тэгвэл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой энэ маргааныг тус компани юу гэж харж байгаа бол. Эргээд ОХУ-ын мэдэлд очих магадлал бий юү?

-Монголын Зэс корпорци ОХУ-ын Ростех улсын корпорацитай байгуулсан гэрээний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан. Тиймээс ОХУ-ын мэдэлд очих эрсдэл байхгүй болов уу. Харин тэдний хооронд байгуулсан гэрээ хууль зүйн хувьд хүчинтэй эсэх талаар маргах нь дээрх магадлалыг нэмэгдүүлнэ. ОХУ ямар шалтгаанаар өөрт ногдох 49 хувийн хувьцааг худалдсан, энэ нь эдийн засаг, хөрөнгө мөнгөний ямар үр ашигтай байсныг судалсан хүмүүс илүү бодитой хариулт өгөх байх. Ямартай ч Ростехтай байгуулсан гэрээ, түүний хүчинтэй эсэх асуудлаар УИХ цэцийн хуралдаанд маргаангүй. Маргах нь манай улсад ашиггүй гэж үзсэн байж болох юм.