Categories
мэдээ нийгэм

Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ үргэлжилж байна

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ хийгдэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тус илрүүлэг, шинжилгээнд хамрагдаж амжаагүй болон хамрагдах хүсэлтэй 40-65 насны иргэд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандана уу.


Categories
мэдээ спорт

Ичиножёо Точиношиныг давлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн Харү башёгийн хоёрдахь өдрийн барилдаанууд өндөрлөлөө.

Энэ сарын башёг тэргүүлэн барилдаж буй ёкозүна Какүрюү М.Ананд энэ өдөр маэгашира цолтон Эндотой барилдажшилдэж татаад хоёрдахь даваагаа авлаа. Түүний дараагийн өрсөлдөгчнь нутаг нэгтТамаваши Мөнх-Оргил байх юм.

Сүүлийн хоёр башёд сайн барилдаж буй Ичиножо нэгдүгээр сарын тэмцээний үрүү бөх Точиношинтой барилдаж мөн л шилдэж татаад давлаа. А.Ичиноров тэмцээнийг унаагүйгээр үргэлжлүүлж байгаа юм.

Мөн Араваши Э.Дөлгөөн озеки Гоэйдотой тулж ерикери мэхэээр ялагджээ. Харин Японы өөр нэг озеки Такаясүг маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил шилдэж татаад тохойлдуулчихав.

Өнөөдөр сэкиваке Митакеуми Такарафүжиг даван хоёрдахь даваагаа авсан бол Чиёошома Г.Мөнхсайхан Ютакаяамад өвдөг шороодсон байна. Чиёошома Г.Мөнхсайхан маргааш Кагаякитэй хүч үзнэ.

О.Дашням

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэс-Таван толгой” уурхайн эрдэнэ болсон бүсгүйчүүд

2018 оны 3 дугаар сарын 8. 12:30 цаг

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баярыг тохиолдуулан жилийн дөрвөн улиралд өдөр, шөнө ялгалгүй мөнхийн хөдөлгүүр шиг ажиллаж нүүрс олборлодог “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайд очиж эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа эмэгтэй уурхайчдын ажлыг сонирхлоо.

Март дөхөхөөр бүсгүйчүүд даашинз, гоёл зүүлтээ битүүхэндээ зэхээд хайртай хань, үр хүүхэд, хамт олон маань яаж баярлуулах бол хэмээн тэсэн ядан хүлээдэг шүү дээ. Уурхайн Ачилт, экспортын албаны ажиллаж байгаа хэсэгт очлоо. Энэ бол нүүрс ачсан машинуудыг жинлэж, холбогдох гааль, хяналтын бичгийг нь үйлдэж хяналт тавьдаг чухал алба. Уртаас урт цуваа үүсгэсэн ачааны том тэрэгнүүд уурхай руу орохдоо, шалгуулж гарахдаа ч бас нарийн хяналтаар орно. 24 цагаар ажилладаг болохоор энд ажил зогсоо зайгүй үргэлжилнэ. Хоорондоо ч ярих сөгөөгүй ажиллацгаах уурхайчдын дунд бүсгүйчүүд байна. Ээлж солигдож шөнийн ээлжийнхэндээ ажлаа хүлээлгэж кээмп буюу “Цанхи хотхон” руугаа явах автобусаа хүлээх зуураа л ойр зуурын сонин хачинаа ярьж харагдана. Маргааш Марттай ч эмэгтэй уурхайчид баяр, Мартын 8 болох гэж байгааг анзаарч байгаа шинж ер алга, ажил төрөл л ярих. Очсон газар, зочилсон айлынхаа сайн сайхныг түрүүлж асуудаг монгол заншлаар Уурхайн дарга Д.Чинбат, Ачилт экспортын албаны дарга Ц.Баярмагнай нараас уурхайнх нь ажлыг лавлалаа. Эдний хамт олон өнгөрсөн онд амжилттай ажилласан тухай Монголын ард түмэн хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонсож байснаас биш ингэж уурхайн гүн, ажлын талбар дээрээс нь гар бие, сэтгэлээ зориулан яваа мэргэжлийн хүмүүсийнх нь амнаас сонсох завшаан тэр бүр тохиодоггүй шүү дээ. “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд тэргүүтэй удирдлагын баг уг уурхайн ажлыг авснаас хойш дорвитой өөрчлөлтүүд гарч, борлуулалт нь 2.5 дахин өсөж улсад төлөх татвар нь нэмэгдсэн аж.

Өглөөний нарядын үеэр. 06:50 цаг

Уурхайн дарга Д.Чинбатын ярьснаар “Эрдэнэс-Таван толгой” ХК 2016 онтой харьцуулахад борлуулалтын хэмжээ 13 хувь өссөн бол борлуулалтын орлого 2.5 дахин буюу 153 хувь өссөн байна. Өмнөх дөрвөн жилд дарааллан алдагдалтай ажилласан тус компани өнгөрсөн онд анх удаа өндөр ашигтай ажиллаж цэвэр ашгийн хэмжээг 636 тэрбум төгрөгөөр өсгөж, улсад төвлөрүүлсэн татвар, хураамжийн дүн 3.4 дахин өсжээ. Нүүрсний зах зээлийн үнийн өсөлт болон “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн экспортод гаргасан нүүрсний хэмжээ өссөнөөс ийнхүү орлого нь нэмэгджээ.

Уг компанийг дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн сэргэлтийг сэргэг анхаарч компани зөв менежменттэй ажилласантай шууд холбоотой л доо. Үүнээс гадна “Эрдэнэс-Таван толгой” компани өр дарсан тухай мэдээлэл их гардаг. Эдний компани үндсэндээ “Чалько”-гийн 100 сая ам.доллар, олборлогч компанийн 60 сая ам.долларын өрийг бүрэн дарсан. Мөн Хөгжлийн банкны 200 сая ам.долларын 100 сая ам.долларыг оны өмнө дарж, энэ сарын эхээр 50 сая ам.долларыг нь дарчихаад байгаа билээ. Одоо тэгэхээр “ЭрдэнэсТаван толгой” ХК-ийн дотооддоо Хөгжлийн банкинд 50 сая ам.долларын өрөөс бусад нь цэгцэрсэн гэж ойлгож болно. Үүнийг хоёр сарын хугацаанд төлж дуусгахаар уурхайн хамт олон ажиллаж байна.

Ачилт, экспортын алба 120 ажилтантайгаас 35 нь эмэгтэй. Гаалийн хяналтын бүсийн эрхлэгч Ц.Оюунчимэгээс “Хоногт хичнээн машин гарч байна вэ. Танай албаар сонин сайхан ихтэй юу” хэмээн сонирхвол “Хоногт 600-гаад машин гарч байна” гэлээ. Энэ уурхайн бусад уурхайгаас ялгагддаг олон давуу талын нэг нь ажиллах хоног. 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Энэ нь уурхайчдын хувьд маш таатай нөхцөл юм. Гэхдээ 14 хоног ажиллахдаа өдөр, шөнийн ээлжиндээ долоо, долоо хоногоор ажиллана. Өдөрт 12 цаг ажиллана. Өглөө 07 цагт ажилд гараад орой 19 цагт бууна. Харин шөнийн ээлжнийхэн нь орой 19 цагт ажилдаа гараад өглөө 07 цагт бууж амарна.

Н.Удвал 60 тоннын даацтай даампныхаа дэргэд.

Уурхайн тусгай дүрэм үйлчилдэг, хүнд нөхцөлд эрчүүдтэй хамт ажиллана гэдэг зарим талаараа хүндрэлтэй. Гэхдээ эмэгтэй уурхайчдын амнаас ажлаа хүнд хэцүү гэж ярих нь үгүй юм. Ц.Оюунчимэг эрхлэгч “14 хоногийн турш гэр орноо ардаа үлдээгээд ирснээс хойш эндээ тууштай сэтгэлээр ажилладаг юм. Өглөө 05 цагт босоод өглөөний цайндаа орчихоод 07 цагт ажлынхаа байран дээр бэлэн байх ёстой. Тэгээд орой 19 цаг хүртэл 12 цаг ажиллана. Энэ хугацаанд өөрийгөө ажилдаа бүрэн зориулж чаддаг” хэмээв. Уурхайчин Ц.Оюунчимэгийн гэр Улаанбаатар хотод бий. Энд ажиллаад гурван жил болж байгаа бөгөөд ажилдаа ирэх, гэртээ харих хоёр яг ижилхэн аз жаргалыг мэдрүүлдэг гээд “Ажлаасаа буухад гоё. Нэг их том ажил амжуулчихсан юм шиг сэтгэл хөнгөрөөд сайхан болно. Энд интернэт, сүлжээ бүгд байдаг болохоор гэрийнхэнтэйгээ хүссэн үедээ холбогддог. Би гурван хүүхэдтэй. Отгон нь найман настай. Миний ирж очих хоногийг цаглабар дээр зурж тэмдэглээд намайг хүлээж суудаг юм. Ар гэрийн асуудлаа сайхан жигдэлчихээд ирэхээр ажлаа тайван хийдэг шүү. Үндэсний хэмжээний компанид уурхайчин болсондоо маш их баярладаг. Түүнээс биш ажлын бэрхшээлийн талаар бодох зав байдаггүй юм. Анх мэдээж бэрхшээл байсан ч тэр бүгдийг аль хэдийнээ даван туулаад гарчихсан л даа” гэж ярив. Оройн ээлжинд ажиллахаар ирсэн мэргэжилтэн Э.Золжаргал “Манайх Даланзадгадад байдаг. Ажиллах, амрах хугацаа нь бусад уурхайтай харьцуулбал харьцангуй сайн учраас хол гэртэй уурхайчдад айхавтар хүндрэл гараад байдаггүй шүү. Хүүхэд ханиад хүрч халуурлаа гэдэг ч юм уу ямар нэгэн асуудал гарвал ард үлдсэн ар гэрийнхэн, аав, ээж маань тэр бүхнийг зохицуулна. Бүр болохоо байлаа, хэцүүдлээ гэсэн тохиолдолд л ажлаасаа чөлөө аваад явах нь бий. Эндээ сандарч ийш тийш бөмбөгнөж гүйхээс өөр яах вэ дээ. Хол, ойр гэртэй ч бай, эрэгтэй, эмэгтэй ч бай үр хүүхэд нь өвдөнө гэдэг хэнд нь ч ялгаагүй хүнд тусдаг юм. Миний эргэн тойронд, найз нөхөд дунд уурхайд ажилладаг хүмүүс их байдаг болохоор намайг их зөвөөр хүлээж аваад сурчихсан. Би энэ уурхайдаа ажиллаад долоон жил болж байна. Би нэг хүүхэдтэй. Одоо дөрөвдүгээр ангид сурч байгаа. Энэ Ачилт, экспортын алба анх байгуулагдахад л анхных нь ажилтан болж ирж байлаа. Одоо ч уурхайдаа дасчихлаа даа. Эндээ байхдаа гэртээ байгаа юм шиг л байдаг болсон. Удах тусмаа аливаа юманд эмзэг хандахаа больчихдог юм билээ” хэмээн ажил мэргэжлийнхээ тухай ярив.

Шөнийн ээлжинд ажиллах эмэгтэй уурхайчид ажлын байран дээрээ.

Нүүрс ачсан машин пүүн дээр ирж жинлүүлэхэд жолооч нь шурдхийн гүйж ирээд жижиг цонхоор бичиг баримтаа өгч мэргэжилтнүүдээс зөвшөөрөл авч явж болно гэж толгой дохингуут хар хурдаараа эргэж гүйгээд машинаа хөдөлгөөд алга болно. Жолооч нар хоёроос гурав хоног дугаарлаж байж нүүрстэй болоод уурхайн хашаанаас гарч байгаа болохоор баярлахаас аргагүй юм.

Орон нутаг, олон нийт хариуцсан мэргэжилтэн Т.Сугир биднийг, уурхайг дээрээс нь харахад зориулагдсан зочдод зориулсан зориулалтын тавцанд хүргэх зуураа Даланзадгад нэрийн учир, Баруун, Зүүн, Цанхи, Бортээг, Ухаа худаг, уурхайн нөөцийн талаар товч сонирхуулж ярив. Таван толгойгоос коксжсон нүүрс, эрчим хүчний нүүрс гаргаж байгаа. Уурхай 6.7 тэрбум тоннын нөөцтэй бөгөөд одоогоор 30 гаруй саяыг нь олборлоод байгаа аж. Нийт нөөцийн 60 хувь нь коксжсон нүүрс, үлдсэн хувь нь эрчим хүчний нүүрс. Хэрвээ уурхайн нөөцийг зүй зохистой олборловол Таван толгой монголчуудыг 200 жил тэжээх хүчин чадалтай.

Говийн наран жаргахдаа бүдэг улбартан шингэхүйд уурхайн хөрснөөс дэгдсэн их тоос мананд дунд том тэрэг, хүчит машин механизмууд гэрлээ асаав. Түүн дээр нь гэрэлтүүлгийн том чийдэнгүүд хурцаар тусахад уурхай бүхэлдээ гэрлэн чимэглэлээ асаасан гацуур лугаа анивалзан энд тэндгүй хүчит моторын дуу тасралтгүй хүнгэнэнэ. Уурхайн бүсээс гарч “Цанхи хотхон” дээр ирэхэд өдрийн ээлжнээс буусан уурхайчид оройн хоолоо хэдийнээ идчихээд тус тусын гэртээ ороод амарчихсан байлаа. Өглөө 05 цагт босох учраас нойр авах, амрахаас чухал зүйл үгүй шүү дээ, уурхайчдад. Харин оффист нь Уурхайн дарга Д.Чинбат тэргүүтэй уурхайн удирдлагууд маргааш болох Мартын 8-наар эмэгтэй уурхайчдаа хэрхэн баярлуулах талаар ярилцаж төлөвлөгөө гаргаж, хэн хэн ямар ажлыг дааж авах тухай хуваарилцгаагаад тарав.

Удвал цэцгэн гоёлтой, уурхайчин бүсгүйчүүд гэдэг чинь эд нар шүү дээ.

Уурхайн хүний нөөцийн мэргэжилтэн С.Одонцацралттай энэ үеэр уулзлаа. Компанийн удирдлагын багийн зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаарч эхэлсэн гэнэ. Тэрээр “Манай уурхайд 600-гаад уурхайчин байгаагийн 79 нь эмэгтэй. Тэд дөрвөн ээлжээр ажилладаг. Өнөөдрийн байдлаар 30 гаруй нь ажиллаж байна. Улаанбаатар, Өмнөговь, Орхон, Дархан, Дорноговиос ирж ажилладаг бүсгүйчүүд л дээ. Уурхайн бүхий л шат дамжлага, албанд бүсгүйчүүд маань ажиллаж байна. Уурхайн гүн, олборлолтын хэсэгт манай гурван бүсгүй том оврын техник барьж байгаа” хэмээгээд компанийн зүгээс уурхайн ажилчид, тэр дундаа эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн олон арга хэмжээ, ажил зохиохын зэрэгцээ тэтгэмж, туслалцаа ч их үзүүлдэг талаар ярилаа. Үр хүүхэд, хань ижлээ үлдээгээд гэрээсээ хол уурхайд ажиллахад элдэв янзын бэрхшээл гарах нь мэдээж. Хань ижил нь ойлгохгүй байх тохиолдол мэр сэр гарна. Тиймээс уурхайн зүгээс ар гэрийнхнийг нь уурхайн нөхцөл байдал, уурхайчдын аж амьдралыг танилцуулах арга хэмжээ үе үе зохиодог аж. Энэ ажил их үр дүнгээ өгдөг талаар уурхайчид ам сайтай байдаг юм байна. Ирж нүдээр үзэж харсан эрчүүд эхнэр, найз бүсгүйгээ ойлгож “Миний хань ч сайхан хамт олонтой юм. Биеэ бодож сайн ажиллаарай. Хань нь үр хүүхэд, гэр орноо сайн хараад байж байя” гэж урмын үг хэлдэг бол аав ээж, ар гэрийнхэн нь уурхайтай танилцчихаад “Бүсгүй хүнд ахадсан л ажил юм. Гэхдээ бүсгүйчүүд олон болохоор ханьтай, түшигтэй байдаг байлгүй” хэмээдэг аж. Захирлын зөвлөл ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч 2016 оны аравдугаар сард “Компанийн ажилтны үндсэн цалингийн сүлжээ болон цалин хөлсний журмыг шинэчлэн боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан ажиллаж ажилтны цалин хөлсний оновчтой, шударга тогтолцоог бий болгож, албан тушаалын зэрэг, дэвийн тогтолцоог шинээр нэвтрүүлж тухайн ажилтны ажилласан жил, ажлын гүйцэтгэлийг харгалзан цалин хөлсийг олгодог болжээ. Ажилтны цалин хөлс тооцож олгох, зэрэг дэвийг тогтоох, ажлын байрны нөхцөл хүнд ажлын байрны үндсэн цалинг 15 хувиар нэмэгдүүлэх, шагнаж урамшуулах зэрэг нийгмийн асуудалд ихэд анхаарч ажилладаг юм байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс бүх ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмсэн бөгөөд энэ сарын 1-нээс бүх ажилчдадаа үр дүнгийн урамшуулал болгож цалин дээр нь 150 мянган төгрөг нэмж олгож эхэлжээ. Уурхай ашигтай ажиллаж байгаа үед уурхайг хөдөлгөж байгаа ажилчид түүнээс нь хүртэж байх ёстой гэдэг зарчим ийнхүү үйлчилж байгаа нь нөгөө талд ажлын бүтээмж нэмэх, ажилчдын урам зоригийг бадраах, давхар амьдрал ахуйд нь нэмэр болох гэсэн олон талын ач холбогдолтой юм байна. Түүнчлэн уурхайн ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зохиогдсон “Нийгмийн хариуцлага” нээлттэй өдөрлөгийн үеэр Цанхи хотхонд спорт заал барих шавыг тавьж байсан бол уг ажил одоогийн байдлаар 55 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа юм. Өнөө зун гэхэд ашиглалтад орчих аж. Мөн ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс шинэ хотхон барих ажлыг төлөвлөөд байгаа талаар Хүний нөөцийн мэргэжилтэн С.Одонцацралт сонирхууллаа.

Эрчүүд нь ажлынхаа дундуур бүсгүйчүүддээ цэцэг, бэлэг өгчихөөд ажил руугаа гарч одов.

Өглөөний 07 цаг. Энэ уурхайн эмэгтэй уурхайчдын бахархал нь болсон Н.Удвал бүсгүй 60 тоннын даацтай даамп барина. Ээлжийн мастер А.Сүхбаатар “Манай Удвал уурхайн гал тогоонд ажилладаг байсан юм. Том машин барих юмсан, мастер аа. Надад хүнд даацын машин бариад явах хамгийн сайхан санагддаг гэж их ярьдаг байсан. Удвалын маань мөрөөдөл нь биелсэн шүү” гээд биднийг түүнтэй уулзууллаа. Техниктээ үзлэг хийж хүлээж аваад кабиндаа суучихаад тэмдэглэлийн том дэвтэр дээр юм бичнэ. Түүний бүхээг рүү авирч суугаад уурхайн гүн рүү очих замд ийн хөөрөлдлөө.

-Танд Мартын наймны мэнд хүргэе?

-Баярлалаа.

-Та “Эрдэнэс-Таван толгой” ХК-д хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Долоон жил болж байна.

-Таныг энэ компанид анх тогоочоор ажилд орж байсан гэж дууллаа?

-Тэгсэн. 2011 онд энэ компанидаа ажилд орсон. Тогоочоор хоёр жил ажиллаад уурхай руу орсон доо. Уурхайдаа ажиллаад таван жил болж байна.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би тогооч мэргэжилтэй. Өмнөговь аймгийн Халамжийн хэлтэст тогооч мэргэжлээ эзэмшсэн. Өмнө нь тогоочоор ажиллаж байсан, мөн “Энержи ресурс”-т даамп барьж байсан.

-Танай гэр бүлийн хүн бас “Эрдэнэс-Таван толгой”-д ажилладаг гэв үү?

-Манай нөхрийг Б.Мөнхбат гэдэг. Эксковаторчин. Гэр бүлээрээ ажиллах чинь их сайхан. Хамт ажилдаа ирнэ, хамт бууна. Амралтаараа гэртээ хамт байна.

-Танайх хаана байдаг вэ?

-Цогтцэций суманд байдаг. Ойрхон учраас кээмп дээр байрладаггүй. Гэртээ харьчихдаг юм.

-Эмэгтэй хүн ийм том техник барьж байна гэхээр бусад хүмүүс анх яаж хүлээж авдаг байв?

-Анх гоё байдаг байлаа. Одоо ч над шиг ингэж том техник барьдаг эмэгтэйчүүд олон болчихоод байна шүү.

-Дээхэн үед таксины эмэгтэй жолоочийг хараад хүмүүс бахархдаг байлаа шүү дээ. Гэтэл одоо уурхайд 60 тоннын хүнд даацын техникийг эмэгтэй хүн хөдөлгөж байна гэхэд гайхахааргүй болжээ?

-Гоё ш дээ. Миний мөрөөдөл байсан. Би чинь багаасаа техникийн хоббитой, дандаа л машин мотоцикль ярьдаг. Багаасаа мотоцикль унасан. Том машинтай таарахаараа л унаж үзэхсэн гэж мөрөөддөг байлаа. Тогоочоор ажиллаж байхдаа том машин барих юмсан гэж өдөр болгон боддог байсан. Би нэг ёсондоо мөрөөдлөө л биелүүлсэн хүн дээ (инээв). Намайг том машин барьж эхлэхэд хань маань “Болгоомжтой яваарай” гэж их захидаг байсан юм.

-Танайх хэдэн хүүхэдтэй айл вэ?

-Гурван хүүхэдтэй. Бага нь гурван настай. Том нь 18 хүрчихсэн. Би долоо хоног өдөр, долоо хоног шөнө гарч ажилладаг. Гэртээ амардаг 14 хоногт их л юм амжуулна даа.

-Танаас өөр ийм техник барьдаг ямар бүсгүй байна вэ?

-Болорцэцэг гэж бүсгүй бий. Нөгөө ээлжинд ажилладаг. Долоо хоногийн дараа ирнэ. Бас Алтанцэцэг гэж эгч бий. Ийм л гурван бүсгүй “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайн гүнд ажиллаж байна. Яг уурхай руугаа орж оператор хийж байна.

-Анх даамп бариад уурхай руу ороход эрчүүд яаж хүлээж авч байв?

-Гал тогоонд байхдаа л хамт олноо мэддэг байсан болохоор уурхай руу орж ирэхэд их сайхан хүлээж авсан. Хоолыг нь хийж өгч байсан юм болохоор халуун дулаан уур амьсгалтай хүлээж авсаан, манайхан чинь гэлээ.

Ингээд түүний даампнаас буухад Таван толгойн нүүрсэн дунд хоёр хөлөөрөө буув шүү дээ. Том, жижиг хоёр эксковаторт хүнд даацын машинууд ээлж ээлжээр нүүрс ачуулна. Зүүн Цанхиас хөдлөөд ажилчдын кээмп дээр буцаж ирэв. Уурхайчин бүсгүйчүүд удвал цэцгийн өнгөний оруулгатай ажлын хувцсаа өмсчихсөн баярын уулзалт, хуралдаа ирээд суучихаж. Хэзээдээ үсээ буржийлгаж, нүүрээ сайхан будсан юм бол. Бүгд баяр ёслолын байдалтай. Уурхайн дарга Д.Чинбат “Уул уурхай бол хүнд нүсэр ажил байдаг. Ихээхэн онцлогтой. Ийм ажилд эмэгтэйчүүд маань шантарч цуцалгүй, эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн сайхан ажиллаж амьдарч, энэ компанийн ирээдүйн хөгжлийн төлөө зүтгэдэг та бүхнээрээ уурхайчин хамт олон, эрчүүд бид чинь бахархаж явдаг шүү. Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд, Мартын 8-ны баярын мэндийг дэвшүүлж байна” гээд Мартын наймны баярын өдөрлөг нээснийг мэдэгдсэн юм.

“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Жендерийн орон тооны бус салбар хорооны нарийн бичгийн дарга Н.Уянга энэ үеэр хорооныхоо талаар товч танилцуулав. Түүний дараа “Жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр тус хорооны гишүүн Н.Оюундэлгэр лекц тавилаа. Жендерийн тэгш байдлын индексүүд, Монголд жендерийн тэгш бус байдал ямар байгааг, уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүд оролцооны талаар мэдээлэл өглөө. Ер нь эрдэс баялгийн салбарт эмэгтэйчүүдийг оролцуулах нь хэд хэдэн давуу талтай байдаг юм байна. Эмэгтэйчүүд их ажиллах нь хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгадаг бөгөөд эмэгтэйчүүд эдийн засгийн чадавхыг орон нутгийн хөгжилд сайнаар тусгаж чаддаг хүмүүс гэнэ. Эмэгтэй уурхайчдыг ажилд авснаар бүтээмж өсөж, эрсдэл багасдаг нь эмэгтэйчүүд дүрэм журмыг маш сайн биелүүлдэгтэй холбоотой аж. Ер нь эмэгтэйчүүд дээшээ гаръя, эрчүүдтэй адилхан карьертай болъё гэвэл хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж, нэг нэгнээ дэмжих хэрэгтэй юм байна. Манай эмэгтэйчүүдийн хувьд нэгнээ дэмжихгүй, хойш нь татах хандлагатай байдаг бол эрчүүд эсрэгээрээ “За миний найз дээшээ гар. Би дэмжье. Дараа нь намайг татаарай” гэдэг зарчмаар ажилладаг аж.

Уурхайн өдрийн ээлжийнхэн ажилдаа гарав.07 цаг 20 мин.

Лекцийн дараа уурхайчин бүсгүйчүүдэд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс илгээсэн гарын бэлгийг удвал цэцгийн хамт бэлэглэлээ. Хөрш зэргэлдээ уурхайнхан эдний уурхайчин бүсгүйчүүдийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн удвал цэцгүүд, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн эрдэнэсүүд гэх мэтээр найр наадам хийж дууддаг гэнэ. Үнэхээр ч удвал цэцэг шиг, эрдэнэ болсон сайхан бүсгүйчүүд олон байна. Хилийн Цэргийн дуу, бүжгийн чуулгын дуучин Э.Дүүриймаа, ая зохиогч, СТА С.Алтаннар уурхайчин бүсгүйчүүдэд эхийн тухай, гэр бүлийн аз жаргалыг магтсан “Миний гэр бүлийн аз жаргал” дуу, амраг сэтгэл, бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг магтсан ая дууны мэндчилгээ дэвшүүлж “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” дуун дээр бүжицгээв.

Энэ зуур уурхайчдын гэрт зочлов. Зүүн Цанхийн уулын диспетчер Б.Болорчимэгтэй уурхайчин бүсгүйчүүдийн өдөр тутмын амьдрал, хүндрэл бэрхшээл, жаргал зовлонг ярилцлаа. Гэхдээ түүний ярианаас бэрхшээл гээд байх юм алга юм даа гэх бодол төрөв. Тэрээр энэ уурхайн анхны ажилчдын нэг, бүр энэ уурхайн анхны эмэгтэй уурхайчин болохоор одоо түүнд бэрхшээл гээд байх зүйл бараг үгүй болсон гэж болно. Ажил нь гарт нь орсон, амьдрал нь жигдэрсэн нэгэн. Гэр нь Даланзадгадад байдаг ч бусадтайгаа адил 14 хоног ажиллаад гэртээ харина. Охин нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд сурч байгаа болохоор Даланзадгадаас илүүтэй хот руу, охин руугаа их очино. Хэдий 14 хоног амраад сайхан байдаг ч хамт олноо жигтэйхэн их саначихсан ирдэг гэнэ. Энэ өдөр хэдий Мартын 8-ны баяр ч гэлээ өдрийн ээлжтэй учир баярын өдөрлөгтөө орчихоод уурхай руу явна гэлээ. Түүнийг ажилдаа гарахынх нь өмнө амжиж ийн ярилцав.

Сайхан дууны хөг аянд хөглөгдөж, ээжийн сайхан дуунд уярсан бүсгүйчүүддээ уурхайн зүгээс хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Ингээд өдрийн ээлжтэй бүсгүйчүүд ажилдаа гарч, шөнийн ээлжтэй уурхайчид нь нойроо авахаар гэр гэрийнхээ зүг одоцгоов.

Хүнд хүчир уурхайн албанд түүртэлгүй зүтгэж яваа уурхайчин бүсгүйчүүдийн нэг өдрийн аж амьдрал ийм. Үнэхээр ч говьд дэлгэрсэн цэцэгс шиг сайхан бүсгүйчүүд уурхайд, “Эрдэнэс-Таван толгой” ХК-д ажиллаж байна. Тэднээс хэцүү байна, ядарч байна гэх үгс дуулсангүй. Удвал цэцгэн гоёлтой уурхайчин бүсгүйчүүдийн Мартын наймны баярыг тохиолдуулан уурхайчдын кээмп дээр өнжсөн тэмдэглэл минь энэ ээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ цаг-үе

Ө.Ганзориг: Улстөрчид, даатгалынхан, бизнесмен, брокер, банкууд хамтарч зээлийн хүүг бууруулах ёстой

Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Монгол Улсад ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Үр дүн хэр гарсан гэж үзэж байгаа вэ?

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээ хийгдсэн. Ер нь сүүлийн жилүүдэд банкны салбарыг харлуулах, байр суурийг нь ганхуулах үзэгдэл их болсон. Олон улсын түвшинд Монголын банкууд хүнд өвчилсөн мэт ойлголт төрүүлэх гэж оролдож ирсэн. Үүнд харамсдаг. Банкны сектор бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой тул энэ мэт явдлыг бид зөвшөөрч болохгүй. Харин үнэн юм үнэнээрээ гарч ирж, Европын төв банкны стандартаар хийсэн активын чанарын үнэлгээгээр хангалттай дүн авлаа. Төв банк үүсээд 500 жил, арилжааны банк үүсээд 1000 жил болсон, чөлөөт зах зээлийг 1700 оноос хөгжүүлсэн европын стандартаар улс төрийн байдал нь ороо бусгаа, төр засгийн шийдвэр нь байнга өөрчлөгддөг, төрийн бодлого нь банкны салбартаа сөргөөр нөлөөлдөг, 28-хан жилийн түүхтэй Монголын банкны салбарыг шалгасан. Монголбанкнаас зарласан банкуудын өөрийн хөрөнгийн дутагдал ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэж байна гэдэг үнэхээр сайн тоо. Монголын банкууд энэ тоог нэмчих боломжтой. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, энд дурдсан өөрийн хөрөнгийн дутагдал гэдэг нь Европын стандартаар гаргасан дүн юм шүү.

-Монголбанкнаас боловсруулсан банкны салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахыг Их хурал дэмжсэн. Нэмэлт, өөрчлөлт орсон хуулиудад саналаа тусгаж чадсан уу?

-ОУВС-гийн зүгээс манай секторыг Европын стандарттай болгохоор шахаж байгаа. Үүнийг Монголын банкууд бүгд найрсгаар хүлээн авч, энэ стандартыг нутагшуулахаар ажиллаж байна. Гэхдээ зайлшгүй хэлэх, анхааруулах зүйлс бий. Нэгдүгээрт, бид Европ биш, банкны систем нь 28 жилийн түүхтэй. 500 жилийн түүхтэй стандартыг 28 жилийн түүхтэй секторт нааж болох ч эдийн засагт хохиролтой. Хөгжиж байгаа улсын онцлог, улс төрийн бодлого нь тогтворгүй байдаг зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг гэдгийг бодох хэрэгтэй. Банкны салбарын чанаргүй зээлийн тодорхой хэсэг нь төрийн бодлогын залгамж халаа алдагдсан, нэг сайд, нэг дарга гарч ирээд өмнөх бодлогоо үгүйсгэдэг, зогсоодог зэрэг асуудлаас үүсдэг. Засгийн газрын шийдвэрийг хараад банк зээл өгдөг, иргэд ажлаа эхэлдэг. Ингээд явж байтал засаг төр нь солигдоод тэр явж байсан бүтээн байгуулалтыг нь зогсоочихдог, эсвэл хөрөнгийг нь олгохоо больчихдог. Банк зээлээ буцаан авч чадахгүй, зээл авсан иргэн төлж чадахгүй хүнд байдалд ороод үлддэг. Энэ бүгдэд тааруулж, торомзыг нь татах үедээ татаж, тавих үедээ тавьж явах шаардлагатай. Монголын банкууд маш хүнд нөхцөлд ажилладаг, эдийн засгийн хувьд хоёр хөршөөс хамааралтай улсад ажиллаж байгаа банкны секторт маш уян хатан стандарттай байх ёстой. Хууль тогтоомж, олон улсын стандартыг монголд нутагшуулж болно. Гэхдээ ямар улсад, ямар нөхцөлд оруулж ирж байгаагаа анхаарах ёстой.

-Европын стандартыг нэвтрүүлснээр ямар өөрчлөлт гарах юм бол?

-Энэ бүх дүрэм журам, стандартыг монголд нутагшуулбал банкнаас гарах зээлийн хэмжээ багасаж, зээлийн хүүгийн өртөг нэмэгдэнэ. Монголын банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэж бий. 100 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй банкны хэдэн хувь нь эзний оруулсан хөрөнгө байх ёстой вэ гэдэг. Томоохон банкууд 14 хувьтай байгааг 16 хувь болгох асуудал ярьж байгаа. Гэтэл олон улсад энэ нь 7-8 хувь байдаг. Олон улсаас нэг дахин өндөр шалгууртай байж дахин нэмэх асуудлыг ярьж байгаа нь эдийн засагтаа ямар өртөг нэмэх вэ гэдгийг анхаарах ёстой. Үүн дээр нэмээд Төв банкинд бэлэн мөнгөөр барих заавал байлгах нөөц 10 хувь гэсэн зарчим үйлчилдэг. Гэтэл зарим улс орон заавал байлгах нөөц байдаггүй. Энэ мэт Монголын банкны салбар дэлхийд байхгүй өндөр шалгуур, шаардлагыг хангаж ажилладаг. Дахин нэмж чангатгана гэдэг нь эдийн засагт орох мөнгөний урсгалыг бууруулах эрсдэлтэй.

-Арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байна. Үүнийг буулгах ёстой гэдэг шаардлага тавигддаг. Үүнийг дагаад хадгаламжийн хүү буурна гэдгийг эдийн засагчид хэлдэг. Манайд банкны зээлийн хүүг бууруулах боломж бий юу?

-Монголын банкууд нэлээд эртнээс өндөр хүү зээлдэгч нарт муугаар нөлөөлж байна гэж ярьж ирсэн. Өөрөөр хэлбэл банкны Гүйцэтгэх захирлууд зээлийн хүүг бууруулах нь зөв гэдэгт санал нэгддэг. Гагцхүү энэ талаар хоорондоо ярьж, эдийн засгийн эрдэмтэдтэй зөвшилцдөг болохоос олон нийтэд хэлж, таниулсан нь харьцангуй бага байж магадгүй. Тэгэхээр Банкны холбооны Ерөнхийлөгчийн хувиар олон нийтийн санхүүгийн боловсролд ихээхэн анхаарч, тодорхой ажил хийхээр төлөвлөж байгаа. Монголбанк, Сангийн яам, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч ажиллана.

-Банкууд ч мөн адил зээлийн хүүг бууруулах сонирхолтой байдаг гэж ойлголоо. Гэхдээ иргэдийн хувьд банк өндөр хүүгээс өндөр ашиг олдог гэж боддог…

-Зээлийн хүү өндөр байснаар банкууд их ашигтай ажилладаг гэсэн ойлголт олон нийтэд тарчихсан нь үнэн. Гэтэл бодит байдал дээрээ эсрэгээрээ. Таван хувийн хүүтэй зээл авсан хүн, 20 хувийн хүүтэй зээл авсан хүний хэн нь зээлээ эргүүлэн төлөх чадвартай байх вэ. Өндөр хүүтэй зээл авсан хүн буцаан төлөхөд хүндрэл гарч, эрсдэл үүсэх магадлалтай байх нь ойлгомжтой. Зээл муудна гэдэг нь банкинд хохиролтой. Банкны ашиг бол зээлийн өндөр хүүнээс биш, харин зээлийн хүү болон хадгаламжийн хүүгийн зөрүү буюу маржингаар тооцогддог юм. Хадгаламжийн хүү 15 хувь, зээлийн хүү 18 байлаа гэхэд энэ зөрүү дээр ашиг олно гэсэн үг. 2017 онд Монголын банкны маржингийг АНУ-ын банкныхнтай би харьцуулж судалж байсан. Ингэхэд хоёул адилхан гурван хувьтай байна гэсэн дүгнэлт гарсан. Монголын болон АНУ-ын банкууд адилхан гурван хувийн ашигтай ажилладаг гэсэн үг. Гэхдээ АНУ 2000 гаруй банктай, маш ширүүн өрсөлддөг. Үүнтэй харьцуулахад Монголын банкны өрсөлдөөн харьцангуй эрүүл байна гэсэн дүгнэлтийг би хувьдаа хийсэн. Банкны холбооны урдаа барих, ирэх жилүүдэд хийх гол ажил бол зээлийн хүүг зохистой арга хэрэгслээр бууруулах байх юм.

-Зохистой арга хэрэгслээр гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ. Их хурлын гишүүд зээлийн хүүгийн дээд хэмжээг хуулиар тогтоох ёстой гэсэн байр суурь ч гараад байгаа. Энэ хэр боломжтой вэ?

-Сүүлийн үед нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, макро эдийн засгийн хуулиудын эсрэг байдлаар зээлийн хүүг бууруулах тухай яриа их газар авч байна. Монгол, Орос зэрэг улсууд 70 жил социалист, коммунист нийгэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай явж ирсэн. Энэ нь өөрөө макро эдийн засгийн хууль, чөлөөт зах зээлийн зарчимтай зөрчилддөг, буруу зүйл гэдгийг 70 жилийн дараа ойлгож, эдийн засгийн тогтолцоо нь нуран унасан. Хэдийгээр Орос улс цэргийн хүчээр дэлхийд дээгүүр жагсах боловч эдийн засаг, баялаг, ард түмний баян чинээлэг хэмжээгээр тааруухан үзүүлэлттэй яваа. Монгол Улс ч эдийн засгийн бүх үзүүлэлтээрээ 100-гаас хойш жагсдаг. Яагаад гэвэл бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж амьдралд хэрэгжих боломжгүй нийгмийг 70 жил байгуулах гэж оролдсон учраас дөнгөж 1990 оноос хөрөнгийн бирж, хувийн банкны тогтолцоотой болсон. Бид хоцорчихоод байгаа юм. Гэтэл анхнаасаа чөлөөт зах зээл, ардчилсан нийгмийн зарчмаар явсан Англи, АНУ, Швейцарь зэрэг орнууд ямар түвшинд хөгжил нь хүрснийг бид харж байна. 1960 онд чөлөөт зах зээлийн тогтолцоог сонгосон Өмнөд Солонгос, Сингапур ч яаж хөгжиж байгааг бид харж байгаа.

Юу хэлэх гээд байна гэвэл, зээлийн хүүг бууруулах боломжтой. Улстөрчид, даатгал, бизнесмен, брокер, макро эдийн засгийн эрдэмтэд, банкууд хамтарч бууруулах ёстой. Гэхдээ чөлөөт зах зээлийн зарчмаар, макро эдийн засгийн хуулийн дагуу бууруулах бүрэн боломжтой. Гэтэл энэ аргыг сонгохын оронд 1960, 1970 он шиг хүчээр хийх гэж оролдох юм бол энэ нь эргээд бидэнд маш том хохирол учруулна.

-Та зээлийн хүүг бууруулах Үндэсний стратегийг та боловсруулсан гэж байсан. Гол зарчим нь юу вэ?

-Энэ стратегид 2020 онд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахаар тусгасан. Гэтэл өнөөдөр бид огт буруу газраас юм хайгаад байна. УИХ дээр энэ асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Макро эдийн засгийн хуулийн дагуу зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой. Үүнийг хэрэгжүүлэх аргачлалыг Зээлийн хүүг бууруулах Үндэсний стратегид тусгасан. Төгрөгийн ханш дандаа сулардаг учраас төгрөгийн хүүг зориуд өндөр тавихаас өөр аргагүй гэдгийг нь оношилсон. Чөлөөт зах зээлийн зарчмаа баримтлахад толгой өвтгөсөн, эдийн засгийн ном унших, сахилга бат, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаа шаардсан ажил болно. Гэхдээ энэ бүгдээс зайлсхийж, амар хялбар аргаар шийдэхийг оролдоод байгаа нь буруу. Өнгөрсөн 27 жил гаргасан бидний гол алдаа бол энэ. Ардчилал, чөлөөт зах зээлийн ололт амжилт, оюун ухааныг ашиглахын оронд социалист, коммунист аргаараа хүчээр шийдэж, товчлох гэсэн аргыг сонгож, төрөөс хуваарилалт хийж, бэлэн мөнгө тараадаг байдлаар явж ирсэн учраас монголчууд эдийн засгийн үзүүлэлтээрээ 100-аас хойш дугаарт бичигдсээр байна. Одоо бид сургамж авч, макро эдийн засгийн хуулийн дагуу эдийн засгаа удирдаж, толгойгоо дайчлах хэрэгтэй. Гараа хөдөлгөхгүй, хөлсөө гаргахгүйгээр, эцэж цуцахгүйгээр хөгжилд хүрсэн улс орон гэж байхгүй. Эдийн засгийн зузаан ном уншихаас битгий залхуур л гэж хэлмээр байна. Бизнесийг тодорхойгүй, тогтворгүй, эрсдэлтэй болгоод байгаа бүх зүйлээ арилгах ёстой. Авлигыг устгахгүй бол зээлийн хүү буурахгүй. Яагаад гэвэл авлига өртөгт нь шингээд, бизнесийг дампууруулах хүчин зүйл болж байна. Өнөөдөр улстөрчид 28 жил хийгээгүй зүйлээ хийх ёстой.

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж маш их ярьсан. Үр дүн гараагүй. Даатгалын талаар ч гэсэн иргэд ам муутай л байх юм…

-Эдийн засгийг санхүүгийн гурван багана тулж байх ёстой. Банк, даатгал, хөрөнгийн зах эдийн засгийг жигд 30, 30 хувиар тулж байхад ачаалал жигд хуваарилагддаг. Гэтэл Монголд банкны салбар ганцаар 95 хувийн ачааллыг үүрч, нөгөө хоёр нь хөгжиж чадаагүй ирсэн. Эдийн засгийн энэ ачааллыг үүрч байгаа салбараа мөнгө хүүлэгч дээрэмчид мэтээр ярих нь үнэхээр бүдүүлэг. Үүний оронд даатгал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх юм бол банкны салбарын нуруун дээрх ачаа хөнгөрч, зээлийн хүү буурах үндэс суурь болно. Энэ хоёр салбарыг хөгжүүлэх боломж өнгөрсөн 28 жилийн турш байсан. Ганцхан сэтгэл дутсан. Бид хамтраад энэ хоёр салбарыг олон улсын макро эдийн засгийн стандартаар нь хөгжүүлэх ёстой. Бид энд шинэ зүйл зохиогоод, зээлийн хүүг хүчээр тогтоох хэрэггүй.

-Төв банкны танилцуулгыг сонсож байхад арилжааны банкуудаас олгосон нийт зээлийн 8.8 хувь нь чанаргүй ангилалд байна, үүний 20 хувь нь уул уурхайн салбарт олгосон зээл гэж байсан. Чанаргүй зээлийн хэмжээ ямар түвшинд хүрвэл банкны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх вэ?

-Чанаргүй зээлийн хэмжээ 20-25 хувь хүртэл өсөх эрсдэл 2016 онд харагдаж байсан юм. Секторын хэмжээнд 20 хувиас дээш гарвал байдал эвгүйцэх нь гэж бодож байсан. Өнөөдөр 10 хувиас дотогш орж буурлаа. Цаашдаа ч буурна. 2012 оноос хойш эдийн засгийн уналттай байсан тэр үед ингэж сайн дааж чадсан нь бизнесмэнүүд, иргэд зээлээ сайн төлсөнтэй л холбоотой. Бид тийм сахилга баттай байсан учраас эдийн засаг сэргэж байгаа юм. Үүнээс гадна уул уурхайн зээл гэдэгт зөвхөн техник, тоног төхөөрөмж биш. Тэнд ажиллаж байгаа мянга мянган ажилчдын цалингийн зээл, лизинг ч орно. Бид уул уурхайн орон гэгддэг байж энэ салбартаа зээл олгож болохгүй гэж ярих нь зохимжгүй. Энэ салбарт зээл өгөхөөс өөр аргагүй. Нүүрсний салбар уналтад орж, олон компани зогсонги байдалд орсон үед бид ажилчдад нь цалингийн зээл өгчихсөн л байсан. Тэгэхээр улс орны эдийн засгийг том тавцанд харж, олон улсын зөвлөх байгууллагуудын зөвлөгөөг учир начиртай хүлээн авч байх нь зөв.

-Гадны банк Монголд орж ирэхийг хамгийн их эсэргүүцдэг нь Банкуудын холбоо гэж зарим эдийн засагчид, улстөрчид тайлбарладаг. Та Банкны холбооны Ерөнхийлөгчийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би мэргэжлийн хүний хувьд гадаадын банк орж ирэхийг хоёр гараа өргөөд дэмжинэ. Монголын банкууд гадаадын өрсөлдөөн орж ирнэ гэсэн утгаар нь эсэргүүцсэн зүйл байхгүй гэж ойлгож байна. Харин үндэсний аюулгүй байдлын түвшинд энэ асуудлыг анхаарч үзэх ёстой гэдэг асуудлыг тавьж ирсэн. Өнөөдөр ч гэсэн холбооны нийт гишүүд, Удирдах зөвлөл надтай санал нэг байгаа. Гадаадын банк оруулж ирэхийг эсэргүүцэхгүй ч үндэсний эрх ашгийн хувьд, аюулгүй байдлын хувьд яаж авч үзэх вэ гэдэгт болгоомжтой хандах ёстой. Тодорхой зохицуулалтуудыг хийх ёстой. Ер нь бол Монголд гадаадын банк бий. Жишээлбэл, банкны системийн 90 хувийг бүрдүүлдэг топ таван банкны хоёр нь гадаадын хөрөнгө оруулалттай. 51-ээс дээш буюу дийлэнх хувийг нь гадаадууд бүрдүүлдэг. Ийм банк байж л байгаа.

-БНХАУ-ын томоохон банкны салбар нээх зөвшөөрлийг Монголбанк өгсөн байгаа. Салбар нээх, банк байгуулахын ялгаа нь юу юм?

-Гадаадын банкны салбар орж ирээд, Монголын банкны сектор өрсөлдөөнийг нь дийлэхгүй уналаа гэж бодъё. Тэгвэл ирээдүйд Монголын эдийн засгийн хамгийн гол салбар болох банкийг хэн удирдах вэ гэдэг асуудал яригдана. Банкны аливаа шийдвэрийг тухайн банкны төв оффис буюу Гүйцэтгэх захирал гаргадаг. Тэгэхээр энэ ялгаатай. Монголд гадаадын банк салбараа нээх, Монголд Улсад бүртгэлтэй банк байгуулах гэсэн хоёр асуудлын ялгааг өмнө нь хүмүүс огт ярьж байсангүй. Үүнийг өнөөдөр ярьж, тодорхой мэдээлэл өгмөөр байна. Монгол Улсын банкны үйлчилгээний дийлэнх хэсгийг Монголд төв оффистой, Гүйцэтгэх захирал нь суудаг банкууд үзүүлэх ёстой. Түүнээс аль нэг банкны салбар оффис үйлчилгээ үзүүлбэл юу болох вэ. Ганцхан жишээ хэлэхэд, орон нутагт салбартай банкны захирал тэр орон нутгийн сайн сайханд нөлөөлөх шийдвэр гаргаж чадах уу, эсвэл зөвхөн төвөөс өгсөн банкны бодлогыг хэрэгжүүлэх үү. Ийм ялгаа гардаг. Өнөөдөр Монгол Улсын хувьд улс төр, стратеги, геополитикийн түвшинд шийдвэр гаргах гэж байгаа бол “Монголын банкны системд гадаадын банкууд байгаа, нэмж орж ирж болно. Гэхдээ энэ салбарын дийлэнх хувийг Монголд “толгой” төв оффистой, Гүйцэтгэх захиралтай банкууд бүрдүүлэх ёстой” гэсэн шалгуур тавих нь зүйтэй. Энэ миний мэргэжлийн хүний байр суурь. Түүнээс Лондонд эсвэл Хонконгд төв оффистой, дэлхийн 100 гаруй оронд ажилладаг, монголд нэг их сонирхолтой биш, зүгээр нэг жижигхэн салбар байгуулаад, шийдвэр гаргах эрх мэдэлгүй захирал тавьчихсан ийм банкууд манай секторын 75 хувийг эзэлж, үйлчилгээ үзүүлбэл юу болох вэ.


Categories
мэдээ цаг-үе

Л.Цогбадрах: Нөхөр бид хоёр таван хүү өсгөхдөө нэг ч удаа ширүүн үг хэлж, зэмлэж үзээгүй

“Орчлонгийн сайхан ээж” булангийн зочноор Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны иргэн алдарт эхийн нэгдүгээр одонт, Алтан гадас одонт Лувсан-Ишийн Цогбадрахыг урьж ярилцлаа.


-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Та залуудаа ямар ажил эрхэлж байв?

-Би Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны одонт эх Л.Цогбадрах гэж хүн байна. Би 10 жилийн 18 дугаар дунд сургуулийг төгсөөд Хүнсний техникумыг төгсөж архи, пивоны үйлдвэрт насаараа ажиллаж тэтгэвэртээ гарсан. Насаараа хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлийг маань үнэлж Засгийн газрын хүндэт тэмдэг, Сүхбаатар дүүргийн хүндэт тэмдэг, Алтан гадас одонгоор шагнасан. Манайх гэдэг айл таван сайхан хүү төрүүлж гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Хүүхдүүд маань өнөөдөр багш, жолооч гэх мэргэжлүүд эзэмшээд олны дунд ажиллаж хөдөлмөрлөөд явж байна. Бага хоёр хүү маань урлаг спортын мөр хөөсөн. Отгон хүү одонгийн эзэн Б.Ганбат маань хөлбөмбөгийн спортоор дагнан хичээллэж, Монгол Улсын шигшээ баг болон дээд лигийн “Улаанбаатар Унага”-ууд багт тоглож байгаа. Бага хүү маань аав ээжийгээ олон удаа баярлуулж байсан даа.

-Банди нар хөдөлгөөнтэй шүү дээ. Өсгөж хүмүүжүүлэхэд амар байгаагүй болов уу?

-Бусад эцэг эхчүүдийн л адил, цэцэрлэгт нь өгч, завсар зайгаар нь ажил хөдөлмөрөө эрхлээд л хүний зэрэгт хүргэсэн дээ. Арай томхоныг нь хөтлөөд, хөлд орж амжаагүйг нь тэврээд, тортой юмаа хажуудаа бариад л явдаг байсан үе. Ийм л энгийн амьдралд хүмүүжиж, өсөж торнисон хөвгүүд маань өнөөдөр Бэхбатынх гэдэг нэрийг өндөрт өргөж, эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж явааг нь хараад бахархаж баярладаг шүү. Би таван хүү төрүүлж өсгөж хүмүүжүүлснийхээ ач буянаар дархан бэр болж алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор шагнуулсан.

-1990-ээд онд хувьчлал явагдаж манай улсын эдийн засаг хүндэрч дийлэнх иргэд наймаа хийж аж төрж байсан. Энэ үед хүүхдүүдээ хэрхэн өсгөж байв?

-Тэр хүнд үед заримыг нь цэцэрлэгт өгөөд, заримыг нь аав ээж дээрээ үлдээгээд ажилдаа явж амьжиргаа залгуулдаг байсан. Аз болоход хүүхдүүдийг маань өвчин зовлон ороож, зовоож байсан нь ховор юм даа. Миний нөхөр Бэхбат бид хоёр ажил хөдөлмөр эрхэлж байсан ч нэг их түүртэлгүй хүүхдүүдээ өсгөсөн дөө.

-Таван хүүхдээ хэрхэн хүмүүжүүлсэн бэ?

-Би хүүхдүүдээ их зөөлөн гараар хүмүүжүүлсэн. Эрэгтэй хүүхдүүдийг уурлаж, зэм хүртээж, захиргаадаж өсгөөгүй гэж хэлэхэд хүмүүс гайхах л байх. Гэсэн ч хөвгүүд маань бүгд сайхан төлөвшилтэй болж хүмүүжсэн. Би өөрөө аав, ээжийнхээ хайранд өлгийдүүлж аз жаргалтай өссөн. Хадам аав, ээж минь ч намайг халамж, хайраар дутааж байсан удаа нэгээхэн ч үгүй. Ийм л халуун дулаан хайр, энхр ийлэл дунд өссөн болохоор хүүхдүүддээ тийм таатай уур амьсгал мэдрүүлэхийг хүссэн хэрэг л дээ. Аз тохиоход би бурхан шиг сайн хадам, аав ээжтэй учирсан. Аав минь “Миний дархан бэр охин” гэж хайрладаг байж билээ. Миний хадам ээж Янжингийн Хоролоо гэж тогооч мэргэжилтэй хүн байсан. Тогооч ээжийнхээ буянд ажил алба ихтэй завгүй үедээ гал тогооны ажилд оролцож байсан удаа байхгүй дээ. Тэгж л миний ажил хөдөлмөрийг дэмждэг, намайг ойлгодог бурхан шиг буурлууд. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан нь сэтгэлд тод үлдсэн байна. Энэ баяр ойртоход сайхан аав, ээжийгээ илүү их үгүйлэх юм даа. Таван сайхан хүүхдийг минь өсгөлцөж хөлийг нь дөрөөнд хүргэсэн улс.

-Хүүхдүүдийнхээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд нь хүргэсэн хойноо өөрөө ачлуулах сайхан биз?

-Сайхан байлгүй яах вэ. Миний хүүхдүүд өсвөр насандаа санаа зовоож, хэрэг тарьж, чих халууцуулж байсан удаа байхгүй. Харин хөвгүүдийнхээ том болсон хойно нь ардаас нь санаа зовж, нойр дутуу хоносон удаа байгаа. Тэднийгээ ирэхийг хүлээсэн цаг байхад, бахархаж баярласан мөчүүд ч олон бий. Өтөлсөн хойноо үрийнхээ үрийг үзэх чинь том аз жаргал юм даа. Хамгийн бага ач маань энэ жил цэцэрлэгээ төгсөж сургуульд орж байна. Үр ач нарынхаа буянд л өдий зэрэгтэй явна.

-Дээр үед ихэнх гэр бүлүүд таваас дээш хүүхэдтэй өнөр өтгөн байсан. Харин залуу гэр бүлүүд маань хүүхэд төрүүлж өсгөхөөс бага зэрэг халшираад байгаа тал ажиглагдаад байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Өнөөдөр зарим хүний амьдрал элбэг хангалуун харагдаж байгаа ч гэр бүлийн гишүүдийн нэг нь л ажил хийхгүй гэртээ хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд санхүүгийн хүндрэл тулгарч байгаа. Залуу гэр бүлүүд хүүхэд төрүүлэхэд хүүхдийн мөнгө нэг юм уу, хоёр хүүхдэд л оногдож байна. Өнөөдөр гурваас дөрвөн хүүхэдтэй гэр бүл байлаа гэж үзэхэд зөвхөн нэг хүүхдэд л “Цалинтай ээж хөтөлбөр”-т хамрагдаж байх жишээтэй. Эх хүүхдүүддээ анхаарал тавьж, энэ харалган шийдвэрээ эргээд нэг авч хэлэлцээсэй гэж нам засагт хэлмээр байна даа.

-Залуу ээжүүд хүүхдээ хэтэрхий эрхлүүлж буруу хүмүүжилтэй болгож байна гэсэн ойлголт нийгэмд байдаг. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хүүхдийг загнаж зандрахаа урьтал болгож хэрхэвч болохгүй юм шиг санагддаг. Өсвөр насны хүүхэд хэрэг хийгээд бага хэмжээний шийтгэл хүлээснээс хойш л худал ярьж хүн хуурч эхэлдэг. Хүүхэд болохгүй зүйл хийхэд нь тайлбарлаж, ухааруулж өгөх нь чухал. Мөн залуу хосууд хүүхдээ халуун дулаан уур амьсгал дунд өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж, муудалцаж хэрхэвч болохгүй. Дээрээс нэг зүйлийг зөвлөхөд охид эмэгтэйчүүд минь насны ханиа сонгохдоо битгий алдаа хийгээсэй. Эхнээсээ зөв сонгоод явахад үр хүүхдүүд нь сайн сайхан явна шүү дээ.

-Гэр бүлийн суурь хүмүүжил хүнд чухал нөлөө үзүүдэг шүү дээ?

-Бага насны хүүхэд аав, ээжийнхээ хийж буй үйлдлийг яг дуурайдаг. Хүний суурь хүмүүжлийг засаж залруулахад хэцүү байдаг л даа. Тиймээс залуу ээжүүд үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь хамгийн чухал. Дунд сургуулиа төгсөөд ажил мэргэжлээ сонгоход нь эцэг эхчүүд хөндлөнгөөс оролцоод байгаа нь ажиглагддаг. Хүүхэд юунд дур сонирхолтой байна тэр чиглэлийнх нь мэргэжлийг эзэмшихэд нь дэмжиж өгөх хэрэгтэй. Хүн сонирхролтой зүйлдээ амжилт гаргах магадлал өндөр байдаг.

-Та одоо хувиараа ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа юу?

-Гавьяаны амралтаа аваад гэртээ зүгээр суугаад байхыг хүсээгүй. Байрны оршин суугчдынхаа хүсэлтээр “Цоглог нэг” сууц өмчлөгчдийн холбооны даргаар ажиллаж байна даа. Ажлаа авснаас хойш амьдарч буй байрныхаа орчин тойронд анхаарал тавьж ажилласаар шилдэг сууц өмчлөгчийн холбоогоор шалгарсан. Миний хувьд ид ажиллаж хөдөлмөрлөж ирсэн үеийн төлөөлөл учраас гэрт суугаад байж чадахгүй юм байна лээ. Хороондоо, орцондоо ч гэсэн хоггүй цэвэр, цэмцгэр байхыг үлгэр дуурайлал болгоод ажиллаад явж байна.

О.ДАШНЯМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганбилэг: Насанд хүрэгчдийн дунд ч хэл ярианы бэрхшээлтэй хүн олон байгаа

Нийслэлийн 55 дугаар тусгай сургуулийн захирал, хэл засалч Ч.Ганбилэгтэй ярилцлаа.


-Зарим хүүхдүүд хэт оройтож хэлд орох болжээ. Энэ нь ямар шалтгаантай байна вэ?

-Жирэмсэн үеийн хүндрэлүүд, хүчилтөрөгчийн дутагдалтай төрөх, удамшил, хоол ундны зохисгүй хэрэглээ, ахуйн байдал зэрэг маш олон шалтгаантай. Хүүхэд 0-3 насанд бага багаар хэл ярианд сурч, ярьж дадсаар гурван насандаа монгол хэлний бүх авиаг сурсан байх ёстой. Гэтэл сүүлийн үед гурван насандаа бараг ярихгүй байх, хэл ярианы бэрхшээл үүсэх магадлал их болжээ. Үүнд удмын хүчин зүйл ч нөлөөлж байгаа. Мөн хэл ярианы хөгжлийн орчин гэж чухал зүйл бий. Орчин бүрдээгүй үед хэл яриа хөгжихгүй байх шалтгаан болдог. Ярианы бэрхшээлтэй хүүхдүүд бага ангид их бий. Дунд ангид орчихсон ч хэл яриа нь хөгжөөгүй хүүхдүүд ч олон байх болжээ. Бүр насанд хүрэгчдийн дунд ч гэсэн хэл ярианы бэрхшээлтэй хүн олон байгаа. Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн ярихад бэлтгэж, сургах ёстой. Гурван нас хүрээд хүүхэд шууд зөв яриад эхлэхгүй шүү дээ. Бүр багаасаа хүний ярихыг нүдээрээ хардаг, дуурайхыг оролддог. Гэхдээ зарим хүүхдүүд үг хэлж чадахгүй, төрөлхийн эмгэгтэй төрсөн байх ч тохиолдол бий. Огт ярьдаггүй, ярьсан ч ганц хоёрхон үг хэлж, тав, зургаан нас хүрсэн хүүхэд ч олон байна. Эртхэн засаж, эмчлүүлж байх шаардлагатай. Хэдий эрт хэл засалчид хандана, төдий чинээ засрах магадлал өндөр. Хүүхдийн хэл яриа биеийн өсөлт хөгжилтөнд хүртэл нөлөөлдөг.

-Хэлний бэрхшээлтэй хүүхдүүдийг хаана хандаж эмчлүүлэх вэ?

-Хэл засалч гэдэг мэргэжилтэй хүн манайд бараг байхгүй болж байна. Маш цөөхөн хэдэн хүн байдаг нь тэтгэвэртээ гарсан. Социализмын үед Орос, Унгар зэрэг улсуудад хэл заслын мэргэжилтнүүдийг бодлогоор бэлддэг байсан юм. Би тэднийг нэг байгаа юм. 1990-ээд оноос хойш энэ бодлого алдагдаад, тухайн үед төгсөж ирсэн хүмүүс одоо тэтгэвэртээ гараад байгаа юм. Хүүхэд нь хэл ярианы бэрхшээлтэй үед эцэг эхчүүд нь хаана хандахаа мэдэхгүй байна. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлчих хүн маш ховор байна. Хэлний бэрхшээл унших бичихэд хүртэл нөлөөлнө. Үүнээс болоод үсэг сольж бичдэг, маш их үг үсгийн алдаа гаргадаг, буруу ярьдаг хүмүүс бий болж байна.

-Хүүхдүүд дэлгэцэнд хэт донтоод хүнтэй ярих дургүй болсон юм шиг байна. Эрүүл саруул хэрнээ ярих чадвар маш сул хүүхдүүд их байх юм?

-Сошиал орчин хүний амьд харилцааг хязгаарладаг. Энэ шалтгааныг л арилгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүхдээ гар утастай л харьцуулахгүй л байх хэрэгтэй. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхэдтэйгээ ярилцаж, аливааг тайлбарлахаасаа төвөгшөөгөөд, хүүхэлдэйн киноны сувгуудыг тавиад өгчихдөг. Ингээд гадаад хүүхэлдэй үзсээр байгаад, монгол хэлээрээ ярихгүй, монголоор ойлгодоггүй ч юм шиг. Хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс бий болоод байна. Гадаад хэл дээрх сувгуудыг үзүүлчихдэг. Тэгчихээд манай хүүхэд хэлд ороогүй гэдэг. Гар утас, гадаад хэлтэй телевизийн кино сайн зүйл биш.

-Хэдэн наснаас хүүхдийн хэлний бэрхшээлийг засвал сайн засрах вэ?

– Гурван нас гэхэд хүүхэд төрөлх хэлнийхээ бүх авиаг хэлж сурсан байх ёстой. Эсрэгээрээ асуултанд цөөхөн үгээр хариулдаг. Үсэг сольж хэлдэг, зарим үгийг хэлдэггүй бол хэл ярианы бэрхшээлтэй гэж үзнэ. Аяндаа гайгүй болчихно гэж хүлээж ер болохгүй. Бага байх тусам засрах нь хурдан явагдана. Нас нэмэгдэх тусам ярианы бэрхшээл удаан засагдана. Цэцэрлэгийн насанд багш нар нь хэл яриаг нь бүрэн дүүрэн хөгжүүлж сургуульд оруулах хэрэгтэй байна. Цэцэрлэгийн багш нарт хэл яриа засах мэдлэгийг давхар олгодог болмоор байна. Гэтэл хэл нь зүгшрээгүй сургуульд орж байна. Хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийг бэлтгэх төрийн бус байгууллагыг бид ажиллуулдаг. Бидэнд хандаж буй хэлний бэрхшээлтэй хүмүүсийн тоо маш их нэмэгдэж байна.

-Хэрхэн яаж хэл яриа заслыг эмчилж байна вэ?

-Хэл ярианы гажигийг засаж байна. Гэхдээ ээрүү мэдрэлийн гаралтай байдаг учраас амархан засагдахгүй. Хэл яриаг засахад нарийн дүрэм, техниктэй. Нэг авиаг дангаар нь хэлүүлж сургана. Дараа нь үг, үе өгүүлбэр хэлүүлнэ гэх мэт. Мөн ямар авиаг хэзээ яаж хэлүүлэх гэх мэт дасгалууд бий. Авиагаа хэлж сураагүй байхад нь үг хэл гэж болохгүй. Сураагүй байхад нь дараалсан гийгүүлэгчтэй үг хэлүүлэхгүй, аажим аажмаар засна. Гэхдээ хүүхэд хүүхдийн онцлогоос шалтгаалж, яаж сургах арга барил нь өөр өөр байна. Хөдөө орон нутгаас хүүхдүүд их ирж байна. Гэртээ засах боломжтой байвал ямар авиаг яаж хэлүүлэх зэрэг дасгалууд зааж өгөөд буцаадаг.

-Хэл ярианы хөгжил ямар ямар сөрөг нөлөөтэй байна вэ?

-Нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Энд тэндгүй тультраа хүмүүс яваад байвал юу болох билээ. Үүнээсээ болоод сурагч, тэр байтугай багш нарын бичиг үсгийн алдаа их байна.

-Индиго хүүхэд оройтож хэлд ордог гэх яриа байдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Хүүхэд болгон өөр өөрийн онцлогтой. Зарим эрдэмтэд багадаа хэл ярианы бэрхшээлтэй байсан байдаг юм билээ. Тухайн хүүхдээс л шалтгаална. Ямартай ч аль болох эрт хэл засалчид хандах хэрэгтэй.

Э.БОЛОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт”-ийн луйвар бол хувалзнуудаас салах боломж юм

– “ЭРДЭНЭТ”-ИЙН ЛУЙВАРТ УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД, ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ХОЁРООС БУСАД НЬ ОРОЛЦСОН ЮМ БИШ ҮҮ –

МАН дахь 65-ын бүлэг үзэл бодол, байр сууриараа хоёр хуваагдсан. У.Хүрэлсүхийг дагагч “33-ын бүлэг”, Ж.Эрдэнэбатын “32-ын бүлэг”-ийнхэн хоорондоо ил цагаан талцаж байна. Энэ хоёр бүлэглэлийн бие биеэ унагаах гэсэн тэмцлээр “Стандарт” банкинд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан асуудал илэрлээ. Зүйрлэвэл, босгоод тавьсан даалуу яг л нурж байгаа аятай үйл явдал өрнөж байна. Хэдэн метр урт босгож өрсөн даалууны нэгд нь дөнгөж хүрэх төдийд тэр чигээрээ ханаран нурдаг. Үүн шиг МАН-ын бүлэглэлүүд нэгийгээ унагаж байна. Тэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйврын аргаар хувьчилсныг ч бас дэлгэсэн. Төрийн томчууд нэг нэгийгээ намнахдаа хонин холбоос хөвөрдөж байгаа мэт зохион байгуулсан хэргүүдээ түмэнд зарлаж байна. “Эрдэнэт”-ийн 51 хувийг банкинд барьцаалж мөнгө босгосон арга бол хуучин технологи. Эндээс манай төрийн дээд удирдлагуудын зохион байгуулдаг танил технологи шууд харагдаж байгаа юм. Тэд гадаадын банкнаас зээл авдаг. Тэрийгээ төрийн өмчит том компаниар батлан даалгадаг. Авсан зээлээ зориудаар төлөхгүй луу унждаг. Ингэхээр цаад газар нь Арбитр буюу олон улсын шүүхэд ханддаг. Арбитр хамгийн барьцтайгаар нь батлан даасан төрийн том компаниас мөнгөө дайчлан гаргуулдаг. Эндээс нөгөө луйварчид л завшиж баяждаг. Учир нь тэдний өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг юм. Яг энэ замаар “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж, луйвар хийсэн бололтой байна. Ийм хэргүүд урьд нь манайд өчнөөн л гарч байсан.

Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэгт тухайн үеийн том эрх баригчид болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан байгаа хүмүүс, тагнуулынхан оролцсон гэж МАН үздэг. 49 хувийг авсан үйлдэл бол төрийн мөнгөөр тус үйлдвэрийг хувьдаа худалдаж авсан гэж УИХ үзсэн. Тэд тайлбарлахдаа төрийг удирдаж байсан хүмүүс Эрдэнэтийн худалдан авалтын порцедурыг мэдэхийн дээдээр мэдэж байсан ч хориглоогүй, бас зарим нь эс үйлдлээрээ улам дэмжсэн урхагтай гэдэг. Тиймээс “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйварт төр оролцсон хэмээн тухайн үеийн эрх баригчдыг хамаатуулан хэлээд байдаг. Харин 51 хувийн луйврын үйл ажиллагаа явагдаж эхлэхэд тэр үеийн Ерөнхий сайд нь мэдэж байсан ч зориудаар өр тавьсан гэдэг юм билээ. “Эрдэнэт” үйлдвэр бол Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч саалийн үнээ. Ийм том хөрөнгө дээр эзэн суухыг хэн бүхэн хүсэх нь мэдээжийн хэрэг. Тэр тусмаа төрд гарсан хүмүүс “Эрдэнэт”-ийг хамгийн түрүүнд онилдог юм байна. Эдгээр он цагуудад Ерөнхийлөгч байсан, байгаа, Ерөнхий сайд байсан, байгаа, УИХ-ын дарга байсан, байгаа бүх хүн “Эрдэнэт”-ийг бүрэн луйвардсан хэрэгт холбогдох төлөвтэй байна.

Гэхдээ энэ том луйварын сүлжээнд сайн тал бас байна. Сүүлийн арваад жил Монголыг удирдаж байсан, байгаа, одоо төр засгийг залж яваа дээрх эрх мэдэлтнүүдээс энэ хоёр нам салах бололцоо нээгдэж байгаа юм биш үү. “Эрдэнэт” үйлдвэр дээр элээ шиг эргэлдсэн эрх мэдэлтнүүдийн хулгайн хэрэгт ердөө УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёроос бусад нь оролцсон гэхэд хилсдэхгүй байна. Одоо тэд баяжаад Монголын том хувалзнууд болсон. Арваад жилийн өмнө эдгээр хувалз хачиг төдий байхдаа “Эрдэнэт”-ийн хүзүүнд зүүгдээстэй улс төрд орж иржээ. Тэр үед мэдэгдэж, анзаарагдаагүй байсан хачиг өнөөдөр бөндийсөн том цагаан хувалз болж, хүн бүхэнд ил харагдах боллоо. Энд жижиг тайлбар хэлэхэд, хувалз бол мал, амьтны биед шимэгчлэн амьдардаг цус сорогч юм. шигдэж орсон амьтныхаа цусыг хэдий чинээ удаан сорно тэр хэрээр томорно гээч. Хэмжээгээрээ 0.1-5 мм хачиг мал, амьтны биед нэг наалдвал арав дахин том болдог юм. Ингэж таргалахаараа хувалз болж гэдэс нь цүндийгээд хөл нь ч мэдэгдэхээ байдаг. Залгих амнаас өөр юмгүй болсон ийм хувалзнаас салах амархан. Тэгвэл төрд шигдсэн дээрх хувалзнуудаас салах хэрэгтэй байна. Хоёр намын дэвшилтэт залуус энэ тал дээр зоримог шийдэмгий ажиллаж намаа цэвэрлэх ёстой. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Л.Энхболд, Х.Нямбаатар нарын залуус МАН-ын “дэвшилтэт холбоо” байгуулж, “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлаар зоригтой дуугарч эхлэв. Мөн тэд 100 жилийн түүхтэй намынхаа өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг ч ярьдаг. Тэд хэлэхдээ “Манай намын 25 жилийн нэг мөчлөг дуусаж шинэ мөчлөг эхэлж байна. бид энэ үе рүү шинэ бодлоготой намтай орох ёстой” гэж тодотгож байсан. Энэ бол үнэн. МАН-ын дэвшилтэт залуус намынхаа удирдлагын хуучинсаг, явуургүй арга барилыг шүүмжилж, залуучуудын эрин үе ирснийг сануулж байна. АН-д бас тэдэн шиг дэвшилтэд залуус бий. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.батзандан, б.Пүрэвдорж, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нарыг дурдаж болно. Нийгмийн төлөө зоригтой дуугарч байгаа та бүхэн төрд хөвөрсөн гогцооноос татаж, энэ хүсэл зорилгодоо тууштай бодлогоор явж намаа цэвэрлэх хэрэгтэй байна. Нам дотроо хүчээ авчихвал жинхэнэ хувьсгал гэгч нь тэр болж чадна. Эдгээр шинээр гарч ирж байгаа дэвшилтэт залуус энэ хоёр нам, мөн Монголын улс төрийг цэвэрлэхгүй бол ард түмний итгэл алдарч, хүмүүсийн уриалаад байгаа бослого тэмцэл бий болоход ойртжээ.

“Эрдэнэт”-ийн асуудал бол Монголын үндэсний аюулгүй байдал, тэр дундаа эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой. Энэ үйлдвэрийн 49, 51 хувь дээр нэр нь холбогдсон намуудын удирдагч нар ямар өлөн, шуналтай, увайгүй хүмүүс гэдгээ харуулж байна. Монголын сэтгүүл зүйн салбарынхны бичээд байдаг хоорондоо түрүүвчээрээ сүлбэлдсэн асар том бүлэглэл гэгч нь энэ лав мөн биз ээ. Луйврын хулгайн асуудал нь шүүхээр яваад шийдэгдчих байх. Харин улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН “Эрдэнэт”-ийн хэрэг дээр дөрөөлж, өөр өөрийн намын удирдлагын дээд хэсэгт байсан төр засгийн өндөр дээд албан тушаал удаа дараа хашдаг нэр бүхий нөхдөөсөө салах сайхан боломж байна. Олон жил Монголын төрийг мөлжиж ирсэн хувалзнуудаас салж, улс төр өөр өнгөтэй болох хэрэгтэй.


Categories
мэдээ улс-төр

Ш.Батхүүг баривчлан, цагдан хорьжээ

АТГ-аас Ш.Батхүүг баривчлан, хорьсон байна. Түүний хэрэгт холбогдуулан С.Анхбаяр гэгчийн гэрт нэгжлэг хийж, шаардлагатай эд зүйлийг хурааж битүүмжилжээ. “Эрдэнэт” үйлдвэр болон УБТЗ нийгэмлэгийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 110 сая ам.долларыг зээлсэн асуудлаар Монголын Засгийн газрыг 51 сая ам.долларын өрөнд унагасан том сэдэв болсон. Тэгвэл өчигдөр 20.00 цагийн орчимд Ш.Батхүүг баривчилан, 461-ээр ангид хорьжээ.

Categories
мэдээ нийгэм

Яруу эгшигт одтой, хөх луу өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 13, Ангараг гариг. Билгийн тооллын 26, Яруу эгшигт одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 7:10 цагт мандан, 18:51 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Гансаруулын “Архинд гарсан ээжий минь та…?!?” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцсаныг тэргүүн нүүрнээс хүлээн аваарай. Тэрээр “Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг намаас хөөж, хассан зүйл байхгүй” гэжээ.

“Өдрийн сонин”-ы дэргэдэх “DNN.mn” сайтын орлогч эрхлэгч Я.Баярбаатартай ярилцсаныг нэгдүгээр нүүрнээс хараарай. Тэрээр “Манай сонины цахим хувилбар уншихад маш ойлгомжтой, хялбархан” гэсэн байна.

“Солонгос руу хамгийн хямдаар яаж явах вэ?” сурвалжилга тэргүүн нүүрэнд хэвлэгджээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд Д.Гансаруулын “Архинд гарсан ээжий минь та…?!?” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас хариу захидал иржээ”, “Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхлоо Турк Улс илэрхийлж байна” зэрэг сурвалжилгуудыг улс төрийн дөрөвдүгээр нүүрнээс үзэх боломжтой.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцсаныг тавдугаар нүүрнээс хараарай. Тэрээр “Нам гэж улс төржихгүйгээр өнөөдрийн булхай луйвартай шударгаар тэмцэх ёстой болжээ” хэмээсэн байна.

Эмч буланд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ш.Батдэлгэр уригдан орсныг хүлээн аваарай.

“Дурсахуй” нүүрнээс Монголын цэрэг армийн домогт генерал Батын Доржийн талаар өгүүлжээ.

“Жаазтай сонин”-гийн түүх” сурвалжилгыг танин мэдэхүй нүүрнээс хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ